Categories
энтертаймент-ертөнц

Жүжигчингүй жүжиг тайзан дээр амиллаа

“Гол дүрд СПИКЕР” гэсэн гарчиг бүхий далд агуулгатай зурагт хуудас УИХ-ын даргыг огцруулах асуудал эрчимтэй хөндөгдөж байхтай зэрэгцэн олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Тэгвэл дээрхи зурагт хуудас улс төрийн ямар нэг агуулгагүй бөгөөд “Амьгүй биет” хэмээх контемпорари жүжгийн сурталчилгаа байжээ. Контемпорари гэж тодотгосон эл жүжигт ямар ч хүн жүжиглэж дүр бүтээхгүй гэдгээрээ шинэлэг бөгөөд үзэгчдэд хэдийнэ дасал болсон уламжлалт театрын арга барилыг эвдэж этгээд уур амьсгалыг бүрдүүлэх гэнэ.

Зохиолч Ө.Үлэмжтөгсийн “Амьгүй биет” зохиолоос сэдэвлэсэн жүжигчингүй жүжгийн найруулагчаар “Ялагчийн цуваа” моно жүжгийн олон улсын наадмын 2016 оны “Үндэсний ялагч” Я.Билгүүнсар ажиллаж, тайзны зураачаар Монголын нэн шинэ үеийн дүрслэх урлагийн гол төлөөлөгчдийн нэг, перформанс артист С.Ганзүг, хөгжмийн зохиолчоор Монголд Хөгжмийн livelooping арга барилийг дэлгэрүүлэгч Ата Боргужин ажиллажээ.

“Амьгүй биет” жүжиг энэ сарын 23, 24-ний өдрүүдэд “Тэди” төвийн чанх урд талд байрлах “Анкор” төвд 15:00, 17:00, 19:00 цагуудаас тоглогдож байгаа юм.

Нэн шинэ үеийн урлагийн бүтээлчид энэхүү жүжгээрээ дуу чимээний бохирдол хэмээх 21-р зууны тахал хүмүүст төдийгүй тэжээвэр болон ан амьтад, байгаль орчинд хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг “урлагийн хэлээр” хүргэхийг зорьсон гэнэ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

461-р хорих ангид саатуулагдаж байсан шүүгч Б амиа хорлож нас баржээ

Image result for 461-р хорих анги

Урьдчилсан хорих 461-р хорих ангид саатуулагдаж байсан шүүгч Б амиа хорлож нас баржээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар талийгаач нь эмэгтэй хүн бөгөөд өөрт байсан өмссөн хувцсаараа өөрийгөө боомилж амиа хорлосон бололтой. АТГ-аас өнгөрсөн долоо хоногт шүүгч нартай холбоотой хэргээр хэд хэдэн хүнийг түр саатуулаад байсны нэг нь шүүгч Б ажээ. Түүнийг 48 цагийн хугацаатай хорьсон байжээ.

Categories
мэдээ нийгэм

Ажлын хэсэг хуралдав

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль нь анх 4 зүйлтэйгээр 1998 онд батлагдсан бөгөөд өөрчлөлт, шинэчлэлт ороогүй өдийг хүрсэн билээ. Тухайн хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулж, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглон, хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээж, төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй байхаар тусгасан.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 5.3.8.1-д “Хэвлэлийн эрх чөлөөг хангах эрх зүйн орчинг сайжруулж, иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл хайх, хүлээн авах эрхийн баталгааг хангана.” гэсэн зорилтын хүрээнд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2018-2020 онд боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр заасан юм.

Иймд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/233 тушаалаар тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан юм. Тус ажлын хэсэг 2019 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр хуралдлаа.

Тус ажлын хэсэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хэвлэл мэдээллийн зөвлөл, “МОНЦАМЭ” мэдээллийн агентлаг, Глоб интернэшнл зэрэг байгууллагын төлөөлөл болон эрдэмтэн, судлаачид орсон байна

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭЕШ-ын монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэлийн хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй

Энэ өдрүүдэд орон даяар явагдаж байгаа Монгол хэл, бичгийн шалгалтын шалгуулагчдын онлайн бүртгэл Улаанбаатар хотын цагаар 2019 оны гуравдугаар сарын 04-ний 18:00 цагт дуусна.

2019 онд ЕБС төгсөж байгаа шалгуулагчдын мэдээллийг “Боловсролын удирдлагын мэдээллийн сан”-гаас татан авч бүртгэлд хамруулах тул тусгайлан бүртгүүлэх шаардлагагүй. Харин өмнөх онуудад Монгол хэл, бичгийн шалгалтыг өгөөгүй болон 2017, 2018 онуудад уг шалгалтад хамрагдаж 399 ба түүнээс бага оноо авсан, их, дээд сургуульд элсэн суралцах хүсэлтэй иргэн дээрх цахим хаяг, хугацаанд бүртгүүлсэн байх шаардлагатай.

Бүртгэлийн хугацааг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй гэдгийг албаныхан мэдэгдэж байгаа. Монгол хэл, бичгийн шалгалтад шалгуулагчид суудлын хуваариа өөрийн регистрийн дугаарыг ашиглан 2019 оны гуравдугаар сарын 11-23-ны хооронд www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-гаас хэвлэн авах юм.

Монгол хэл, бичгийн шалгалтын дүн оноог 2019 оны дөрөвдүгээр сарын 01-ний дотор www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-д байршуулах ба батламж хуудсыг 2019 оны тавдугаар сарын 06-аас эхлэн тараана.


Categories
мэдээ нийгэм

Татварын байцаагчид үйлчилгээндээ ПОС машин ашиглах боломжтой боллоо

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг оны эхнээс тавдугаар сарын 31 хүртэл зохион байгуулдаг билээ. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрөө ННҮТ-үүд дээр биечлэн очиж төлдөг иргэдийн хувьд нэг цонхны үйлчилгээ дараалалгүй ч, банкин дээр ачаалалтай байдаг.

Тиймээс иргэдэд банкинд дугаарлах шаардлагагүйгээр үйлчилгээ авч цаг заваа хэмнэх боломжийг бүрдүүлэх зорилгоор төлбөр хураалтад ПОС машин ашиглах, үйлчилгээнд нэвтрүүлэх талаарх сургалтыг НҮНТ-ийн Дүнжингарав салбар дахь Татварын байцаагчдад явууллаа. Энэхүү ажлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Монголбанк, Татварын ерөнхий газар, Төрийн банк зэрэг байгууллагууд хамтран хэрэгжүүлж байгаа юм байна.

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын төлбөр хураалтыг НҮНТ-ийн Дүнжингарав дахь салбарын татварын байцаагчид тун удахгүй ПОС машин ашиглан авч эхлэх аж. Үүнээс гадна тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд та бүхэн ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон компьютерээс https://smartcar.mn/ цахим хуудсанд хандаж, орон зайнаас үл хамааран цаг заваа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөрийг төлөх боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Гар, хөл, амны өвчнөөс сэрэмжлүүлж байна

Эрт сэрэмжлүүлэх хам шинжийн 7 хоногийн мэдээгээр цочмог халууралт, цэврүүт тууралтат өвчний хамшинж 309 бүртгэгдэж, нийт хам шинжийн 43 хувийг эзэлж, өссөн үзүүлэлттэй байна.

Үүнийг өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 120 тохиолдлоор өссөн мөн сүүлийн 5 жилийн дунджаас 145 тохиолдлоор өссөн байна. Цочмог халууралт, цэврүүт тууралтат хам шинж бүхий өвчний нэг нь гар, хөл, амны өвчин юм. Энэ өвчлөл 1-5 насныхан дунд өндөр байна.

Гар, хөл, амны өвчнөөс сэрэмжлүүлж байна

Categories
мэдээ спорт

Универсиад 2019 наадмын тамирчдын тосгон нээгдлээ

Дэлхийн оюутны өвлийн универсиад 29 дүгээр наадам ОХУ-ын Красноярск хотод ирэх сарын 2-12-нд болно. Уг наадамд спортын 11 төрөлд болж 60 орчим орны 3000 гаруй төлөөлөгчид оролцох юм. Тэгвэл ОХУ-д анх удаа өвлийн Универсиад наадам эхэллээ.

Өвлийн Универсиад 2019 наадмын тамирчдын тосгон нээгдлээ

Дэлхийн оюутны Универсиад 2019 наадмын тамирчдын тосгон энэ сарын 23-нд буюу өчигдөр нээгдэж, Канад, Япон, Их британи, АНУ, ОХУ, Австри улсын баг тамирчид хамгийн түрүүнд байрандаа оржээ.

Тосгоны нээлтийн ажиллагаанд ОУ-ын оюутны спортын холбооны Ерөнхийлөгч О. В. Матыцин, наадмын захиргааны дарга М. Уразов нарын зочид оролцон үг хэллээ.
Мөн ОУОСХ-ны сүлд дуулал “Гаудеамус” эгшиглэн, ОХУ-ын төрийн дуулал тоглогдон далбааг өргөсөн байна.

Өвлийн Универсиад 2019 наадмын тамирчдын тосгон нээгдлээ

Энэхүү наадамд 58 орны 3000 гаруй төлөөлөгчид оролцон спортын 11 төрөлд 76 багц медалийн төлөө өрсөлдөнө. Өвлийн Универсиад наадам ОХУ-д анх удаагаа явагдаж байгаа ба зуны наадам 1973, 2013 онуудад болж байжээ.

Өвлийн Универсиад 2019 наадмын тамирчдын тосгон нээгдлээ

Categories
мэдээ эдийн-засаг

​Үндэсний статистикийн хорооноос гаргасан махны үнийн дундаж

Үндэсний статистикийн хорооноос гаргасан энэ сарын 20-ны байдлаарх судалгаагаар үхрийн цул мах 1 кг нь 11 мянган төгрөгт хүрчээ.

Махны дундаж үнийг сонирхуулбал, 1 кг хонины ястай мах дунджаар 7368 төгрөг, үхрийн ястай мах 8911 төгрөг, үхрийн цул мах 11022 төгрөг, адууны ястай мах 6745 төгрөг, ямааны ястай мах 6000 төгрөгийн үнэтэй байна.

Хонины ястай махны үнэ өмнөх сараас 4.1 хувь, үхрийн ястай махны үнэ 0.6 хувь, үхрийн цул махны үнэ 2.1 хувь, ямааны ястай махны үнэ 3.3 хувь, адууны ястай махны үнэ 0.7 хувиар өссөн байна.

Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 0.7 хувиар өссөн бол, үхрийн ястай махны үнэ 0.6 хувь, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар буурч, адууны ястай махны үнэ 0.1 хувиар буурч, ямааны ястай махны үнэ өөрчлөлтгүй гарчээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Энхтуяа: 35 жилийн хугацаанд гурван тэрбум кВт/ц цахилгаан үйлдвэрлэсэн

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан болсон “ДЦС-4” ТӨХК-ийн Турбин цехийн турбины машинч Ч.Энхтуяатай ярилцлаа.


-Юуны түрүүнд Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол тэмдгээр шагнуулсанд тань баяр хүргэе.

-Баярлалаа. Маш гэнэтийн мэдээ байсан. Би 35 жилийн хугацаанд гурван тэрбум 598 сая 860 мянган кВт/ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн байна лээ. Улсын хэмжээнд “Хамгийн их цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн” ажилтнаар тодруулж, ажил мэргэжлийг минь үнэлж төр засаг хишгээ хүртээсэнд маш их баяртай байна. Манай ДЦС-4 ТӨХК нь Монгол Улсын төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 65 гаруй хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 55 гаруй хувийг дангаараа хангадаг.

-Станцдаа анх орохдоо ямар ажил хийж байв?

-Би 1983 онд хуучнаар Түлш эрчим хүчний яамны томилолтоор “ДЦС-4” ТӨХК-нд томилолтоор ирсэн. Турбин цехийн төв насос станцын машинч, бойлерын машинч, туслах машинч, турбины машинчаар тасралтгүй 35 жил эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллалаа. Турбины машинч нь цахилгаан эрчим хүч, дулааны эрчим хүчийг үйлдвэрлэдэг хамгийн гол тоног төхөөрөмж болох турбины агрегатыг удирддаг, хариуцлага, мэдлэг мэргэжил, ур чадвар шаардсан ажил л даа. Бид чинь социализмын үеийн хүүхдүүд шүү дээ. Тухайн үед Дархан хотын политехникумыг дулааны техникч мэргэжлээр төгсөж байсан юм. Биднийг “ДЦС-4” ТӨХК-д томилогдож ирэхэд Станцын ажилчдын тэн хагас нь Зөвлөлтийн мэргэжилтнүүд байсан. Бид чинь орос дарга, инженертэй байсан шүү дээ. Би гэхэд л нэг орос мэргэжилтэн дагалдаад л ажилладаг байлаа. Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ гэдэг маш олон хүний хүч хөдөлмөрөөс бүтдэг. Хамтын хөдөлмөр юм даа. Дан ганц би бүхнийг бүтээж явна гэж байхгүй. Тухайн үед станцад дийлэнх нь эрчүүд байсан. Тэдгээр хүмүүстээ татагдаж чирэгдээд л өдий хүрсэн дээ.

-Турбины цех гэхээр яг ямар ажлыг нь нугалдаг вэ?

-Турбины машинч гэдэг маань дулааны инженер, техникийн ажилтан мэргэжилтэй хүмүүсийн ажил. Манай станцын хувьд Багануурын нүүрсээр ажилладаг. Энгийнээр хэлбэл нүүрсийг шатааж зуухандаа уур болгон, уураараа турбин машиныг олон удаа эргүүлдэг юм. Хэд хэдэн шат дамжлагатай. Уурын потенциал энергийг генетик энерги болгон, дараа нь механик энерги үүсгэж тэндээсээ цахилгаан энерги болгодог юм. Энерги хувирах энэ процессууд ердөө тэр машин дотор л явагддаг. Өндөр даралттай уураар ажилладаг учраас уурын даралт температур нь тохирч байгаа эсэх хэдэн кВт гаргах зэргийг хянадаг гэсэн үг. Манайх долоон машинтай. Зөвхөн цахилгаан үйлдвэрлэх бус дулааны шугам сүлжээнд халуун ус өгдөг.

-Таны ажлыг хүнд нөхцөл гэж сонссон. Шантрах үе гарч байв уу?

-Хүнд нөхцөлд тооцогддог хэдий ч ажлаа хийж байхдаа анхаардаггүй болчихдог юм билээ. Анх ажлаа хийж эхлээд миний ч хийчихдэг зүйл биш байна даа гэж боддог байлаа. Сүүлдээ зах зээлд шилжиж оросууд нутаг буцахад бидний толгой дээр бүх ажил ирж байгаа юм. Сандал дээр ч суух завгүй ажилладаг байлаа. Ажлаа хийхээс аргагүй болсон л доо. Орос ах эгч нарын туршлага заавар зөвлөгөөгөөр л явсан даа.

-Өнгөрсөн жил танай станц тэг зогсолт хийсэн. Өвлийн үед байсан бол бүх шугам сүлжээ хөлдөхөөр байлаа. Ийм ослыг та 35 жил ажиллаж байхдаа үзэж байсан уу?

-Маш олон зүйлээс шалтгаалсан байх л даа. Яахав, энэ олон жилийн хугацаанд олон л жижиг сажиг осол гэмтэл гарч байсан. Хамгийн хүнд осол гэвэл шугам хоолой хуучраад уурын шугам хагарч сайхан залуу маань түлэгдэж амь насаа алдсан явдал. Энэ яалт ч үгүй осол байсан л даа. 140 даралттай, 550 градусын уураар үлээчихээр ямар ч амьтан амьд гарах боломжгүй. Тэрнээс зугтах арга байхгүй. Ямар нэгэн дуу чимээ гарахад л бид тэр дор нь очиж үзээд устгадаг зарчимтай. Тэр журмаараа яг ойртох үед нь цаанаас хүчтэй уур дахиад үлээчихсэн юм билээ.

-Мэргэжлийн тань сайхан нь юу вэ?

-Инженерийн хөдөлмөр бол эрэгтэй л хүний мэргэжил шүү дээ. Одоо үед охид голдуу энэ мэргэжлээр суралцан ажиллаж байна. Би гайхаад байдаг юм. Уул нь эрчим хүч эрэгтэй хүнийг илүү үнэлдэг байхгүй юу. Энэ мэргэжлээрээ насаараа ажиллалаа. Хамт олон хамгаас чухал санагддаг. Ямар нэгэн ажлыг хийж байхад хамт олон сайхан байхаар өөрийн эрхгүй урам зоригтой ажиллана шүү дээ. Хамт олон гэдэг хүнийг нэг талаараа авч явдаг гэж боддог. Бидний ажил маш их тэвчээр шаарддаг. Байнгын сонор сэрэмжтэй ажиллах ёстой. Харин нэгэнтээ хожигдсон бол буцаана гэсэн ойлголт байхгүй. Осол гарчихсан л бол буцаах зүйл огт байдаггүй. Цаг, минут тутам л нүд цавчихгүй ажиллана шүү дээ. Мэргэжлээрээ ажиллаж цалин урамшуулал авч явсан ч улс орныхоо хөгжил цэцэглэлтэд бага ч болов хувь нэмэр оруулаад явж байжээ гэж боддог. Бидний ажил хүний амьдралыг л дагаж байгаа юм л даа. Өглөө хүмүүс босохоос эхлээд л цахилгааны хэрэглээ ихэсдэг. Үдшийн арван цаг хүртэл үргэлжилнэ. Өдөртөө маш бага хэмжээгээр буурч эхэлдэг. Цахилгаан хэрэглээний хамгийн бага цаг нь шөнийн нэг цагаас үүрийн дөрвөн цаг хүртэл байдаг.

-Та аль нутгийн хүн бэ?

-Би Улаанбаатарынх. Аав маань Өвөрхангайн Баян-Өндөрийнх. Ээж мааньТөв аймгийн Баян-Өнжүүлийн хүн л дээ. Би Гандангийн дэнжид төрсөн. 1968 онд манайх гэр бүлээрээ Дархан нүүсэн юм. Аав маань Дарханы Политехникумын коллежэд деканаар ажиллаж байсан юм.

-Таны гэр бүлийн хүний аав Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Найдан агсан юм билээ?

-Манай гэр бүлийн хүн бид хоёр адилхан мэргэжилтэй л дээ. Нөхрийн тал наймуулаа. Манай гэр бүлийн хүнийг төрөхөөс өмнө аав нь гавьяат цол авсан гэдэг. Би чинь хадмуудтайгаа гурван жил хамт амьдарч байлаа. Манай хадмууд хоёр биенээ танихгүй байхдаа гэрлэсэн гэдэг. Ивээл жилтэй гээд авга, нагацууд нь хоорондоо яриад эхнэрийг нь богтлоод аваад ирсэн гэж хуучилдаг байсан. Тэр үед хуримаа хийгээд гурав хоног найрладаг байж л дээ. Хадам ээж гурав хоног толгойныхоо бүтээлгийг авалгүй суухад аав хүмүүсийн нүд хариулж байгаад харж байсан гэдэг. Тэд маань 50 гаруй жил хамт амьдарсан. 2017 онд Драмын театр аавын маань 100 жилийн ойг тэмдэглэсэн. Манай хадам аав “Хүргэн хүү” киноны Жамц баяны дүрийг бүтээсэн хүн шүү дээ.

-Дэлхий нийтээр цаг агаарын дулаарал гэж яриад хэдэн жил болж байна. “Цахилгааны хэрэглээгээ багасгая” гэж уриалсаар байгаа. Цахилгааны хэрэглээгээ хумих боломж бидэнд бий юу?

-Хумих боломж бий. Бага хэрэглэх тусмаа бага нүүрc түлж, ус бага зарцуулна. Энэ хоёр маань багасна гэсэн үг. Манайх 50 герцийн давтамжаа барьж чаддаггүй. Яг үүнийгээ барьж ажиллах гэж хичээдэг. Манай станц Буриадын Галуут нууртай холбоотой ажилладаг. Нийслэл цахилгааны ачааллаа дийлэхгүй байлаа гэхэд Оросоос авчихдаг. Оросууд ч бас манайхаас авах үе бий шүү дээ. Харин манайхаас худалдаж авдаг үгүйг нь сайн мэдэхгүй байна. Цахилгаан бол нүүрс, ус хоёрын бүтээгдэхүүн. Эх орны хишиг гээд тараадаг үед гайхдаг байлаа. Нүүрс ч, ус ч гэсэн эх орны хишиг биз дээ. Сүүлийн үед манайх тултал ачаалладаг болсон. Хуучин зургаан машин ажиллаж байхад нэгийг нь бэлтгэл маягаар бэлэн байдалд хадгалдаг байсан бол сүүлийн жилүүдэд манай цехийн эргэдэг бүхий л техникүүд ажиллаж байна. Ганц станц гэхгүйгээр нар, салхины эрчим хүчийг ашиглах нөөцийг хармаар санагддаг юм.


Categories
мэдээ цаг-үе

АНУ-д Морин хуурын наадам болно

Ирэх гуравдугаар сард АНУ-ын Мичиган мужид Монгол соёлын нэг томоохон үйл ажиллагаа болох гэж байна. АНУ-д амьдарч байгаа монгол хөгжимчид, монгол соёл урлагтаа элэгтэй залуус, Америкийн монгол судлаач нар хамтран “Морин хуурын наадам” зохион байгуулахаар санаачилжээ. Наадмыг зохион байгуулагчдын нэг Миччиганы Их Сургуулийн дэргэдэх Монгол Соёлын Байгууллагын зөвлөх, Сиско Систэмс (Cisco Systems) компанийн программ хангамжийн аюулгүй байдлын инженер Г.Эрдэнэбаттай ярилцав.


-Морин хуурын наадам АНУ-д зохиох гэж байгаа талаар сонслоо. Ямар хүмүүс энэ арга хэмжээг санаачлав. АНУ-д Морин хуурын наадам зохиохын ач холбогдол юу вэ?

-Тийм ээ. Энэ наадмын маань албан ёсны нэр нь Америк дахь Морин Хуурын Анхдугаар Наадам. Өөрөөр хэлбэл, Америк оронд морин хуурыг мэддэг, сонирхдог, судалдаг хүмүүсийг нэг дор цуглуулахыг зорьсон хэн бүхэнд нээлттэй наадам юм. Энэ наадмыг Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагчдын нэг, Ардын жүжигчин Ц.Батчулуун агсны хийж бүтээсний үр шим, үргэлжлэл ч гэж хэлж болох бүрэн үндэстэй. Учир юу гэвэл Морин хуурын чуулгын дэргэд “Хуурчийнхан” гэж сургалтын төв байдаг. Энэ төвийн АНУ дахь салбарыг Сиэттл хотод ажиллаж амьдардаг, Ц.Батчулуун агсны отгон шавь Г.Уртнасан санаачилж, манай Монгол Соёлын Байгууллага ерөнхий зохион байгуулагчаар нь ажиллаж байна.

Та ач холбогдлын тухай асуулаа. Дэлгэрүүлж яривал олон чухал зүйлийн талаар ярих хэрэгтэй болох байх л даа. Тиймээс би таны энэ асуултад товчхон хариулахыг хичээе. Өргөн утгаараа Монгол үндэстний нэгдмэл чанар гэвэл бидэнд хэл, соёл, түүх гурав л бий гэхэд буруудахгүй байх. Үүнээс улбаалаад Монгол соёлын гол цөмүүдийн нэг нь гэвэл яах аргагүй морин хуурыг нэрлэхээс өөр аргагүй. Иймд зохион байгуулагчдын хувьд энэ наадмын ач холбогдлыг хоёр талаас харж байгаа.

Нэгд, АНУ-д амьдарч буй монгол соёлоосоо сурч мэдэхийг хүссэн шинэ залуу үеийнхэн болон ажиллаж амьдарч буй монголчуудад тийм боломжийг олгож буйгаараа ач холбогдолтой. Хоёрдугаарт, мэргэжлийн талаасаа морин хуурын цаашдын хөгжил, өөрөөр хэлбэл морин хуурыг АНУ-д хэрхэн таниулах, түгээн дэлгэрүүлэх, өнөөгийн тулгарч буй асуудлууд гээд олон сэдвээр хэлэлцэж ярилцах боломжийг олгох юм.

Наадмын зар гарсан цагаас хойш олон мэргэжлийн болон мэргэжлийн бус хуурчид, морин хуурт сонирхолтой, Монгол соёлоо хүндэлж хайрладаг олон хүмүүс дэмжиж буйгаа илэрхийлсэн. Тэр бүү хэл хилийн чанадаас ч ирж оролцож болох уу, оролцмоор байна гэсэн асуулт, хүсэлтүүд олноор ирсэн. Үнэхээр морин хуурт зориулсан арга хэмжээ АНУ-д зохиогдох цаг нь ч болсон байх л даа. Манай Монгол Соёлын Байгууллага үндсэндээ Мичиганы Их Сургууль болон Мичиганы бусад сургуулиудад суралцдаг оюутнуудаас бүрддэг юм. Оюутан залуус маань Мичиганд ажиллаж амьдардаг ах эгч нартайгаа нийлээд морин хуурын анхны наадмыг амжилттай зохион байгуулахын төлөө үнэхээр завгүй ажиллаж байна.

-Наадмын үеэр ямар ямар арга хэмжээ болох вэ?

-Наадмын үеэр эрдэм шинжилгээний илтгэл, морин хуур сонирхогчдын уралдаан, морин хуурын хичээл, хэлэлцүүлэг, морин хуурын сургалтын төвүүдийн сурагчдын тоглолт, АНУ-д ажиллаж амьдардаг мэргэжлийн морин хуурчдын концерт гээд олон арга хэмжээнүүд болно. Онцолж хэлэхэд ихэнх илтгэгч маань АНУ-ын их дээд сургуулиудын хөгжим судлаачид. Мөн гадны мэргэжлийн удирдаач, хөгжимчид ирж хэлэлцүүлэг болон уралдаанд оролцоно. Эдгээрээс АНУ-ын хөгжмийн мэргэжилтнүүд морин хуурыг хэрхэн, юу гэж дүгнэж байгаа, цаашид бид яах нь зүйтэй вэ зэрэг сэдвийн хүрээнд олон сонирхолтой санал санаачилга, яриа өрнөх нь дамжиггүй.

-Их том цогц үйл ажиллагаа болох юм байна. Мэдээж хөрөнгө мөнгө их гарах байх. Хаанаас ивээн тэтгэж санхүүжүүлж байгаа вэ?

-Монгол Соёлын Байгууллага маань төрийн болон ашгийн бус байгууллага учир мэдээж хөрөнгө мөнгөний бэрхшээл гарч байгаа. Бид одоогоор наадмынхаа Face­book хуудсанд GoFund Meхандивын аян явуулж байна. Энэ хандивын аянаар цугласан мөнгө морин хуурын наадамд зориулагдах юм. Тиймээс морин хуурын наадмын үйл ажиллагааг дэмжих хүсэлтэй хэн бүхнийг www.facebook.com/morin.khuur.festival хаягаар орж монгол соёлынхоо төлөө хандив өргөөрэй гэж хүсье. Олны хүч оломгүй далай гэдэг шүү дээ. Мөн АНУ дахь Морин Хуурын Анхдугаар наадмыг ивээн тэтгэхийг хүссэн хувь хүмүүс болон албан байгууллагууд бидэнтэй өмнө дурдсан Facebook хуудсаар эсвэл morin.khuur.festi­val@gmail.com хаягаар холбогдож мэргэжлийн хуурчдын концертын зар, танилцуулга болон наадмын зурагт хуудсан дээр өөрсдийн логогоо хэвлүүлж болох юм шүү.

-Ер нь монголчууд зөвхөн АНУ гэлтгүй, гадаад улсад олноор суурьших болсоор удаж байна. Тэр хүмүүст юу зөвлөхсөн бол?

-Миний хувьд зөвлөх гэхээсээ илүү уриалах нь зохистой болов уу гэж бодож байна. Гадаадад ажиллаж амьдарч буй монголчууд маань харьцуулах баримжаатай болоод ирэхээр өөрсдийгөө шинээр нээж Монголынхоо болж бүтэж буй сайн сайхан болон урагш ахиц муутай саар зүйлсийг ч гярхай ажиглаж, илүү сэтгэл зовниж хүлээж авдаг юм шиг санагддаг. Магадгүй тийм ч учраас монгол хүнийхээ үнэ цэнийг арай өөрөөр мэдэрдэг байж болох юм. Харин мянга мянган жилийн цагийн шалгуурт тунаж үлдсэн энэ яндашгүй арвин мэдлэг, цэгнэшгүй их үнэ цэнийг амьд байлгахад хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй тул монгол хэл соёлоо үр хүүхдүүддээ дамжуулахын төлөө дор бүрнээ хичээцгээгээрэй гэж уриалъя. Баярлалаа.

За баярлалаа. Та бүхний үйл ажиллагаанд амжилт хүсье!

“Өдрийн сонин”-ы Вашингтон дахь тусгай сурвалжлагч

М.САРУУЛ-ЭРДЭНЭ