АТГ-аас сар бүрийн 25-нд хийдэг ээлжит хэвлэлийн хурлыг хийлээ. АТГ-т шалгагдаж байгаа хэрэг болон бусад асуудалд тайлбар хариулт өгөв. АТГ-ын Тамгийн хэлтсийн дарга, Эрхэлсэн комиссар З.Баасанням, АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, Ахлах комиссар Ч.Жаргалбаатар, Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн дарга, Эрхэлсэн комиссар Хашбаатар нар тус хэвлэлийн хуралд оролцож сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Талийгаач шүүгч Л.Бямбааг ямар хэргээр шалгаж байсан бэ? Түүнийг цагдан хорихгүйгээр гадуур шалгах боломжгүй байсан уу?
-Үнэхээр харамсмаар үйл явдал болсон. АТГ-аас Салхитын мөнгөний орд газрыг эзэмшигч компани тухайн ордыг ашиглаж байсан ашиглагч нарын хоорондын маргаанаас үүдэлтэй хууль хяналтын байгууллага, хууль сахиулагчид тухайн маргааныг хянаж байх явцад их хэмжээний мөнгө хөрөнгийг хээл хахуульд өгсөн гэмт хэрэг бүртгэгдсэн. Түүнийг мөрдөн шалгах ажиллагаа төлөвлөгөөний дагуу явж байсан юм. Энэ хэргийг шалгаж байхад нэр бүхий хүмүүст хээл хахууль өгсөн байж болзошгүй үндэслэл тогтоогдож, энэ хэрэгт талийгаачийг сэжиглэн баривчилсан. Бид цагдан хориогүй сэжиглэж, 48 цагийн хугацаагаар баривчилсан байсан. Мөрдөгчийн хувиар талийнгаачийн албан байгууллага, гэрт хийсэн шалгалтаар хэрэгт ач холбогдол бүхий баримтууд хураагдсан. Хураагдсан баримтуудад хууль зүйн үндэслэл тогтоогдсон учраас тухайн хүнийг сэжигтнээр баривчлан 48 цагийн хугацаа нь дуусаад авахаар очих үед энэ харамсалтай хэрэг гарсныг олж мэдсэн. Энэ хэргийг Цагдаагийн газраас мөрдөн байцаах, хэрэг бүртгэлтийн ажил явагдаж байгаа. Тиймээс энэ хэргийн нөхцөл байдал амь насаа алдсан явдлыг Цагдаагийн байгууллагаас тодруулах нь зүйтэй.
-Талийгаачийг саатуулах 48 цаг нь баасан гаригт дууссан гэсэн. АТГ-аас шүүхэд санал өгөөгүй гэсэн мэдээлэл байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?
-АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн хувьд сэжигтнийг саатуулах 48 цагийг хэтрүүлсэн зүйл байхгүй. хуулийн дагуу тогтоол шийдвэрүүд цаг хугацаагаараа хянагдаж, хуулийн дагуу явагдсан. Энэ нь өөрөө Монгол Улсын эрүүгийн хэрэгт зааснаар шүүхийн зөвшөөрөлгүй баримвлах ажиллагаа байсан. Энэ хэрэг өнөөдөр ингээд дуусахгүй. Цааш гэм буруутай этгээдийг тогтоох ажиллагаа хийгдэнэ. Тухайн гэмт хэрэгт хээл хахууль өгөх, авах хамтран оролцогчоор энэ хүн сэжиглэгдэн шалгагдаж байсан.
-Үндэслэлгүйгээр хоригдсон гэх зургаан шүүгчийн талаар мэдээлэл өгөөч?
-Нэр бүхий зургаан шүүгч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг хэргээр хэрэг бүртгэлтийн хэрэг шалгагдаж байгаа. Үүн дээр АТГ-ын хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсээс шүүгч нарыг хөрөнгө орлогын мэдүүлгийг 2012-2017 оны байдлаар шалгасан. Энэ шалгалтын явцад зарим нэр бүхий шүүгч өөрсдийнхөө хөрөнгийг мэдүүлээгүй. Зарим нь зөрүүтэй мэдүүлсэн. Зарим нь хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлаагүй учраас гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд шалгаж байна.
-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Тавантолгойн асуудалтай холбоотой ямар үндэслэлээр шалгаж байцааж, гэргчийн мэдүүлэг авсан бэ? Түүнээс өөр хүнийг Тавантолгойтой холбоотой асуудлаар шалгаж байгаа юу?
-Тавантолгойгоос нүүрс хууль бусаар олборлосон, хулгайд алдагдсан гэдэг үндэслэлээр нэр бүхий хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. тухайн газраас олборлосон нүүрсний хэмжээ хоорондоо зөрүүтэй байгаад байгаа. Тухайн хоёр байгууллага мэргэжилтнүүдээ гаргаад хийлгэсэн хэмжээ, ЗГ-аас томилогдсон ажлын хэсэг газар дээр нь очоод хэмжилт хийгээд тогтоосон тоо хэмжээ, Мэргэжлийн хяналтын байгууллагаас очиж хэмжилт хоорондоо зөрүүтэй байна. Энэ тоо хэмжээг нарийн мэргэшсэн мэргэжилтнээр тогтоолгохоор шинжээч томилох ажиллагаа хийгдэж байна. Нарийн тоо баримт гарсны дараа хэргийг шийдвэрлэнэ.
Ерөнхий сайд нарын хэрэг ямар шатанд явж байгаа вэ? Цагдан хорих шаардлагагүй гэж үзсэн. Түүнээс хойш хэдэн удаа байцаалт авсан бэ?
-Ерөнхий сайдуудад холбогдох мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа. Олон улсад бичсэн даалгаваруудын хариунууд ирсэн. Мөрдөн шалгах ажиллагаанд нилээд ахиц гарсан. Боломжит хугацаанд хэргийг шийдвэрлэнэ гэж харж байгаа. Бүрэн эрхтэй хүмүүсийн бүрэн эрхэд халдах эрх бидэнд байхгүй. жирийн иргэн хүн байсан бол нэн даруй хэрэгтэй танилцдаг бол бүрэн эрхэт хүмүүс сарын хугацаанд ирж танилцдаггүй. Ийм хүндэрлүүд байгаа.