Categories
мэдээ нийгэм

Б.Махбалд холбогдох шүүх хурал дахин хойшиллоо

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд өнөөдөр /2019.02.27/ 10.00 цагт Зам тээврийн хөгжлийн яамны хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г-ийн аминд хүрсэн хэмээн буруутгаж буй Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал эхэлсэн. Гэвч шүүх хурал гуравдугаар сарын 18-ны өдрийг хүртэл хойшиллоо.

Хохирогчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх “Бид шүүхэд 10 гаруй шинжээч болон гэрчийг оролцуулах хүсэлт гаргасан. Өнөөдрийн шүүх хуралдаанд дуудагдсан хүмүүсээс нэгэн ч ирсэнгүй. Эдгээр гэрч, шинжээч нарыг зайлшгүй оролцуулж байж гэм буруугийн асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан явагдана гэж үзэж байгаа учраас гэрч шинжээч нарыг оролцуулах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гадаад улсад ажлаар зорчиж яваа учраас тухайн хүнийг шүүх хуралдаанд заавал биечлэн оролцуулна гэсэн хоёр шалтгааны улмаас өнөөдрийн шүүх хуралдаан хойшилж байна. Гуравдугаар сарын 18-ны даваа гарагийн 10.00 цаг хүртэл хойшиллоо. Мөрдөн байцаалтын нэмэлт ажиллагаа явуулах саналыг прокурорт гаргасан ч хүлээж аваагүй. Хэрэг анхан шатны шүүх дээр ирэхэд мөн энэ саналыг тавихад ч хүлээн аваагүй. Тиймээс шүүх хуралдаанд мөрдөн байцаалтын явцад мэдүүлэг өгсөн гэрч, шинжээч нарыг оролцуулах санал тавихад шүүх хүлээн авсан” гэлээ.

Эргэн сануулахад Зам, тээврийн хөгжлийн яамны гадаа өнгөрсөн наймдугаар сарын 9-ний үдэш тус яамны газрын дарга Б.Махбал хүний амь хөнөөсөн билээ. Засгийн газрын XIII байрны гадаа тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал нь Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-г зодож, амийг нь бүрэлгэсэн.

Нийслэлийн прокурорын газраас Б.Махбалд холбогдуулах яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 8-ны өдөр хэлэлцсэн. Гэвч шүүх хурлыг хохирогчийн өмгөөлөгчийн гадаад явсан үндэслэлээр 2019.02.27-ныг хүртэл хойшлуулсан. Өнөөдөр 10.00 цагт Б.Махбалын гэм бурууг шүүх хурал эхэлсэн ч шүүх хурал ийнхүү хоёр дахь удаагаа хойшиллоо.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэнэ

Жилийн бүрийн гуравдугаар сарын нэгэнд дэлхий нийтээр Олон Улсын Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд Олон Улсын Иргэний Хамгаалалтын Байгууллагаас “Хүүхдийн аюулгүй байдал, бидний үүрэг хариуцлага” уриаг гишүүн орнуудын хүрээнд дэвшүүлээд байна. Монгол Улс Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 онд жинхэнэ гишүүнээр элсэж, 2011 онд Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн орон болсон юм. “Хүүхдийн аюулгүй байдал, бидний үүрэг хариуцлага” уриан хүрээнд Онцгой байдлын байгууллагаас албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилтын хүрээнд спортын уралдаан тэмцээн, сургалт, өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулан тэмдэглэн өнгөрүүлэх юм. Дашрамд дурдахад Олон Улсын Иргэний хамгаалалтын байгууллагаас өөрийн улс орондоо иргэний хамгаалалт, Онцгой байдлын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан алба хаагчдад “Баатар одон”-оогоо хүртээдэг. Энэхүү одонгоор Онцгой байдлын байгууллагаас нийт 30 гаруй алба хаагч шагнагдаад байна.

Categories
мэдээ улс-төр

Монгол, БНХАУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ хэлбэрээр хөгжүүлэх талаар санал солилцлоо

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Комиссын Ажлын хэсгийн дарга нарын уулзалт энэ сарын 26-ны өдөр Бээжин хотноо болов. Уулзалтад, Монголын талаас ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар, Хятадын талаас Худалдааны яамны Азийн газрын дэд дарга Ян Вэйчюнь тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Уулзалтын үеэр, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой асуудлууд, тухайлбал, ЗГХК-ын XV хуралдаанаар хэлэлцэж тохиролцсон асуудлуудыг ажил хэрэг болгох, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулга хэлбэрээр баяжуулан хөгжүүлэх, хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлалаар хэлэлцэх асуудлын талаар ярилцав. Мөн энэ онд тохиож буй хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Хятадын талаас олгосон хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх хамтын ажиллагааны төслүүдийг урагшлуулах, БНХАУ-д зохион байгуулдаг олон улсын экспо, үзэсгэлэн, яармагт Монголын аж ахуйн нэгжүүдийг оролцуулах зэрэг асуудлаар санал солилцов.

Categories
мэдээ спорт

Монголын сагсчидын маргаан шийдэгдсэн үү…

Монголд маргаантай хэрүүл тэмцэлтэй, тамга тэмдгээ булаацалддаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тушаалтнуудыг лоббидох гэж оролддог төрийн бус байгууллагууд олон бий. Тамга тэмдгээ булаацалдаж шүүхдэж байх хооронд тус холбоодын тамирчид хохирч үлддэг. Төрийн бус байгууллагууд гишүүдийнхээ төлөө эрх ашгийг нь хамгаалан үйл ажиллагаа явуулах үүрэгтэй байдаг. Өнөөдөр манайд Монголын Үндэсний бөхийн холбоо, Монголын чөлөөт бөхийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо гэх томоохон төрийн бус байгууллагууд нь үйл ажиллагаа нь тогтворгүй, удирдлагууд нь шүүхдэлцээд явж байгаа. Энэ холбоодоос хамгийн ихээр хор хохирол амсч буй нь Монголын сагсан бөмбөгийн холбоо юм. 2012 оноос хойш Монголын сагсчид олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг тэмцээнүүдэд нэг ч удаа оролцоогүй. Өнөөдөр манайд сагсан бөмбөгийн гэх тодотголтой 30 гаруй холбоо үйл ажиллагаа явуулдаг юм байна. Эдгээр холбоодоос нэг нь л олон улсын сагсан бөмбөгийн холбоотой харилцаж тэмцээн уралдаанд шигшээ багаа илгээх дүрэмтэй. Манайхан дотооддоо асуудлаа шийдэлгүй хэрүүл тэмцэл нь тогооноосоо хальснаар шигшээ баг нь олон улсын тэмцээнд оролцох эрхээ хасуулаад байсан юм. Энэ нь Монголын стандарт сагсан бөмбөгийн хөгжил 15-20 жилээр хоцроход хүргээд байгаа юм.

Ц.Цэвэрбал: Б.ТАМИР ГЭХ
ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ САГСНЫ ХОЛБОО МОНГОЛД БАЙХГҮЙ

Бид энэ талаар Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалтай ярилцлаа.


-Саяхан Б.Дамба багш, С.Тулга та хэд сагсчид нэг талдаа гарлаа, эвлэрлээ гээд хэвлэлийн хурал хийж байсан. Зөвшилцөлд хүрээгүй юм биш үү. Нөгөө холбооны гэх Б.Тамир нарын хүмүүс “Гоё” лигийн нээлтийг Спортын төв ордонд хийлээ шүү дээ?

-Янз бүрийн юм яриад хүмүүсийн толгойг эргүүлээд яваад байна. Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр Ц.Мөнх-Оргил 2002 онд сонгогдож байсан. Тухайн үед Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн албан тушаалыг нэгээс нөгөөдөө морь бэлэглэж байгаа юм шиг л өгчихдөг байлаа. Анх Золжаргал болоод гадаад явах болоод л Барсболдод өгчихдөг, өнөөх нь Баярцогтод шилжүүлдэг ийм эмх цэгцгүй байдал бий болчихсон. Сагсчид хурал зөвлөгөөн хийж тэргүүнээ сонгодоггүй уламжлал тогтсон юм. Энэ байдал үргэлжлээд өнөөдөртэй золгосон. Сагс хөгжөөд ирэхээр манайх 33 холбоотой болчихож. Олон улсын сагсан бөмбөгийн холбоотой нэг нь л харьцах ёстой.

Өнөөдөр Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд ямар холбоо нь бүртгэлтэй байгаа вэ?

-Монголын сагсан бөмбөгийн холбоо албан ёсны бүртгэлтэй байгаа.

-Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд гишүүнчлэлтэй холбооны ерөнхийлөгч нь хэн юм бэ?

-Манай улсад “Монголын сагсан бөмбөгийн холбоо” нэртэй нэг л төрийн бус байгууллага байгаа. Ерөнхийлөгч нь Ц.Цэвэрбал миний бие гэдгийг Улсын бүртгэлийн ерөнхий газар бүртгэсэн. Тамирын гэх тодотголтой сагсан бөмбөгийн холбоо манайд байхгүй. Олон улсын сагсан бөмбөгийн холбооны сайтад “Монголын сагсан бөмбөгийн холбоо”-ны ерөнхийлөгч нь Ц.Цэвэрбал, ерөнхий нарийн бичгийн дарга нь Б.Дамба гэдгийг тодорхойлоод өгчихсөн байгаа. Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос Монголын сагсан бөмбөгийн холбоонд зургаан жилийн гишүүнчлэлийн татвараа төлөх бичгийг ирүүлсэн. Энэ бүгдээс үзэхэд олон улсад бүртгэлтэй холбоо нь аль нь болохыг энгийнээр ойлгож болно. Б.Тамир гэж хүн сагсан бөмбөгийн холбоонд хамааралгүй.

-Хамааралгүй гээд байгаа Б.Тамир Сагсан бөмбөгийн холбоотой зууралдаад байгаагийн цаад зорилго нь юу юм бол?

-Холбооны нарийн бичиг гэдэг хүн их ашигтай ажилладаг юм шиг байгаа юм. Тэмцээн зохион байгуулж буй нөхөр ивээн тэтгэгчдээс хэдэн төгрөг авч байгаа, хэдийг сагсанд зарж байгаа нь ил тод биш. Анх “Хас-ын Ч.Ганхуяг холбооны ерөнхийлөгчөөр томилогдоход холбоо 60 гаруй сая төгрөгийн өртэй байсан л даа. Өнөөх Ч.Ганхуяг нь өртэй холбоог хүлээж авахгүй шүү дээ.

-Монголын сагсан бөмбөгийн холбоог хэн өрөнд оруулсан юм бэ?

-Одоо энэ Б.Тамирын хадам аав Б.Дашдорж холбоог өрөнд оруулаад гадаад гараад явчихсан. Холбоог хаячихвал өнөөх идсэн уусан мөнгө нь илрээд хэрэгт татагдана шүү дээ. Б.Тамираа үүнийг хамгаалаад л сагстай зууралдаад яваад байна.

-Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд гишүүнчлэлтэй холбоо лигийн тэмцээнээ “Спортын төв ордон”-нд зохион байгуулахгүй байгаа шалтгаан нь юу вэ?

-Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамц төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, “Спортын төв ордон”-ы зааланд тэмцээн явуулах боломж олгохгүй байна. Ордны зааланд лигийн тэмцээн явуулъя гэсэн хүсэлт тавихад “Тамиртай уулз гэж хэлдэг”. Тэр Тамир мэддэг юм уу, Биеийн тамир спортын газрын дарга шийддэг юм уу.

Үүгээр барахгүй Б.Тамир гэж хүнд улсын төсвийн мөнгөнөөс 20 сая төгрөг шилжүүлээд өгчихсөн байгаа юм. Үүнийгээ Монголын сагсан бөмбөгийн холбоонд гэж тайлбарласан байна лээ. Б.Тамир холбоотой ямар ч хамааралгүй. Төсвийн мөнгө шамшигдуулж байгаа хэрэг. Бид Авлигатай тэмцэх газарт энэ хэргийг шалгуулахаар хандсан байгаа. Албан ёсны холбоонд тэмцээн зохион байгуулахад заалаар хангаж өгөхгүй, шигшээ багийг тэмцээн уралдаанд оролцох боломж нөхцөлөөр хангаж өгөхгүй байна.

-Та бүхний зарласан хэвлэлийн хурлын дараа Ц.Шаравжамц даргыг 300 сая төгрөгийг угаасан талаар мэдээлэл тархсан байсан. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?

-Ц.Шаравжамц хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Намайг 300 сая төгрөг угаасан гэж гүтгэсэн” гэж ярьсан байна лээ. Шаравааг 300 сая төгрөг идсэн талаар хэн ч, юу ч яриагүй. 2012-2018 оны хооронд Худалдаа хөгжлийн банкаар хийсэн гүйлгээний дүн нь 300 орчим сая төгрөг байсан талаар дурдсан.

Б.Тамир: МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБООГ Ц.ЦЭВЭРБАЛ ДЭЭРЭМДЭЖ АВСАН

-“Гоё” лигийн нээлтийг өнгөрсөн баасан гаригт “Спортын төв ордон”-д хийлээ. Лигийн тэмцээнд хэдэн баг өрсөлдөж байгаа вэ?

-Хорь дахь удаагийн лигийн тэмцээнд таван баг өрсөлдөж байгаа. “Хасын хүлэгүүд”, “Алдар Танан” гээд хүчирхэг багууд өрсөлдөж байна.

-Лигийн тэмцээнийг аль холбоо зохион байгуулж байгаа вэ. Хууль бус гишүүнчлэлгүй, Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд бүртгэлгүй холбоо зохион байгууллаа гээд л шуугиад байна?

-Монголд нэг л Сагсан бөмбөгийн холбоо бий. Ц.Цэвэрбал, Б.Дамба, С.Тулга нар манай албан ёсны холбооны логог ашиглаж Сагсан бөмбөгийн холбооны тамга тэмдгийг 2016 оны хоёрдугаар сарын 18-нд Улсын бүртгэлийн газраас авчихсан. Ингээд л хоёр холбоотой болсон. Үүнийг С.Тулга зохион байгуулсан.

-Монголын сагсан бөмбөгийн холбооны албан ёсны тамга танд байхад Улсын бүртгэлийн ерөнхий газраас давхардуулаад олгочихсон юм уу?

-Болсон үйл явдлыг эхнээс нь ярья л даа. 2013 оны хоёрдугаар сарын 1-нд “Хас”-ын Ч.Ганхуяг Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн ажлыг хүлээн авсан. Бүх бичиг баримтаа бүрдүүлээд Улсын бүртгэлийн ерөнхий газар очиход үндэслэлгүйгээр бүртгэж авахгүй байсан. Тэр үед Ардчилсан нам засаг барьж байсан шүү дээ. С.Эрдэнийн нөлөөллөөр Улсын бүртгэлийн газар тамга тэмдгийг бүртгэж авахаас татгалзаж байсан. Энэ хэргийг Захиргааны хэргээр шүүхэд хандахад шийдвэр нь “2013 оны хоёрдугаар сарын 1-нд Сүхбаатар дүүргийн хүүхдийн ордонд зарласан Монголын сагсан бөмбөгийн холбооны ээлжит бус чуулган хуулийн дагуу болсон гэсэн” шийдвэр гарсан. Энэ хооронд багагүй хугацаа орсон учраас ерөнхийлөгчөөр томилогдсон Ч.Ганхуяг маань “Би энэ хэрүүл хэл амтай, өр ширтэй” ажлыг хийхгүй гэж хэлсэн л дээ. Улмаар сагсчид ээлжит бус чуулганаа зарлаж дараагийн ерөнхийлөгчөөр томилох хэрэг гарсан. Тус чуулганд 110 гаруй хурлын төлөөлөгч оролцсон байдаг. Удирдах зөвлөлөө баталж шинэ ерөнхийлөгчөө сонгоход С.Эрдэнэ болон Б.Тамир миний бие нэр дэвшсэн. Тухайн үеийн хуралд ирсэн төлөөлөгчдийн 68 хувийн саналаар би ерөнхийлөгч болсон. Тэр үед Ч.Ганхуяг тамга тэмдгээ надад хүлээлгэж өгсөн л дөө. Ажлаа аваад Олон улсын сагсан бөмбөгийн холбооны сайтад бүртгүүлэв ээ. Гэтэл миний сонгогдсон хурлыг хууль бус болсон гээд Ц.Цэвэрбал заргалдсан. Ирцэндээ хүрээгүй гэж үзэж өнөөх хурал хүчингүй болсон юм билээ. Дүрмийн дагуу ерөнхийлөгчийн алба нь буцаад Ч.Ганхуяг руугаа очсон. Гэтэл өнөөх маань энэ ажил хийхгүй Удирдах зөвлөлд эрхээ шилжүүлье гэж хэлсэн юм. Удирдах зөвлөлөөс намайг ерөнхийлөгчөөр сонгосон. Энэ хооронд Ц.Цэвэрбал, Б.Дамба, Цэвэгмид, С.Тулга нар Баянгол дүүргийн Үйлдвэрчний соёлын төв ордонд 2016 оны хоёрдугаар сарын 6-нд Монголын сагсан бөмбөгийн холбооны хурлыг зарлачихдаг юм. Тэдэнд сагсан бөмбөгийн холбооны чуулганыг зарлах эрх байхгүй. Тэд Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн биш. Цаад санаа нь Монголын сагсан бөмбөгийн холбоог дээрэмдэж авах байсан юм билээ. Ерөнхийлөгчөөр нь Ц.Цэвэрбалыг сонгоод 2016 оны хоёрдугаар сарын 18-нд Улсын бүртгэлийн газраас гэрчилгээ гаргуулаад авчихсан байсан. С.Эрдэнэ гэж хүний нөлөөллөөр л хууль бус хурал хийсэн тамга тэмдгийг Ц.Цэвэрбалд олгосон. Зүгээр л дээрэм хийчихсэн. Үүнийг нь хуулийн байгууллагад шалгуулах хүсэлт гаргадаг ч авч хэлэлцэхгүй юм. Бүгд С.Эрдэнээс айдаг нь эндээс тодорхой харагдаж байна.

Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө тэмцэлдсэн төлөөллүүдийн байр суурийг сонсоход ийм байна. Ямартаа ч Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Цэвэрбал гэдгийг олон улсын сагсан бөмбөгийн холбоо хүлээн зөвшөөрч бүртгэж авчээ. 2012 оноос хойш олон улсын тэмцээний утаа үнэрлээгүй шигшээ багийн тамирчид маань тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх нь нээгдсэн таатай мэдээ байна. Монголын сагсчид ирэх онд зохион байгуулагдах олимпийн наадамд 3х3-ын сагсан бөмбөгийн төрлөөр оролцоход ойрхон байгаа юм. Мөн есдүгээр сард Азийн аварга шалгаруулах тэмцээнд шигшээ багаа оролцуулахаар бэлтгээд эхэлжээ.


Categories
мэдээ улс-төр

Элчин сайдын яамны гол танхимын чимэглэлийн эх хувийг ГХЯ-ны түүхийн сан хөмрөгт хадгална

ОХУ-ын Москва хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамны төв байрны гол танхимын таазны зурвас зургийн эх хувийг Монгол Улс худалдан авч ГХЯ-ны түүхийн сан хөмрөгт хадгалах болжээ.

Москва хотын “Кварта” уран зургийн галерейд энэ сарын 01-нд болсон дуудлага худалдааны үеэр анх олны хүртээл болсон ЗСБНХУ-ын /хуучнаар/ нэрт зураач В.А.Коноваловын зурсан эл зургийг ГХЯ-наас өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаагийн дэмжлэгтэйгээр худалдан авсан байна. Монгол Улсын Элчин сайдын яамны төв байрыг 1956 онд худалдан авч засварлах үед гол танхимын таазыг энэхүү зургийн дагуу зурж, чимэглэсэн байна. Энэхүү эх зураг нь 60.5х70.5см хэмжээтэй, цаасан дээр тосон будгаар зурагдсан бөгөөд зураачийн ар гэрийнхэнд хадгалагдан өнөөг хүрчээ.

Зураач В.А.Коновалов /1912-1995/ нь таазны чимэглэлээр олон уран бүтээл туурвисан ба Москвагийн метрогийн төв буудлуудын зураг чимэглэлийн ажил, “Украин” зочид буудлын хүлээлгийн төв танхимын хана, таазны зураг, М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийн Ази, Африкийн орнуудын сургуулийн таазны чимэглэлийн зураг зэргийг бүтээхэд голлох үүргийг гүйцэтгэсэн уран бүтээлч юм.

Categories
мэдээ улс-төр

“Токио 2020” олимпийн нээлтэд Монголын сонгодог урлагийн төлөөлөл оролцоход дэмжихийг хүслээ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2017 оноос хойш Монгол Улсын Соёлын элчээр ажиллаж буй Япон Улсын иргэн Каваүчи Широг хүлээн авч уулзав. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Каваүчи Широгийн идэвх чармайлтыг өндрөөр үнэлээд цаашид Монголын сонгодог урлагийн залуу авьяастнуудыг дэмжих, “Токио 2020” олимпийг нээх ёслолд Монголын сонгодог урлагийн төлөөллийг оролцуулах тал дээр дэмжин ажиллахыг онцлон хүслээ. Мөн Монгол Улсын Соёлын элч Каваүчи Широ соёлын элчийнхээ ажил үйлсийн хүрээнд монгол залуусыг дэмжих, үүнд залуу жүдочдыг дэмжин ажиллаж байгаа зэрэг өнгөрсөн онд хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцуулав.

Categories
мэдээ спорт

“Чингис Опен 2019” тэмцээнд ОУХМ Р.Манлай түрүүллээ

Монголын даамын холбооны Дээд лигийн 2019 оны анхны тэмцээн болох “Чингис Опен 2019” зуун буудалт даамын тэмцээн энэ сарын 22-24-нд Хэнтий аймгийн Чингис хотод болж шилдгүүдээ тодруулав.

Хан Хэнтийн даамын холбоо, Чингис хотын захиргаа, “Алтан хүү” клубтэй хамтран зохион байгуулсан тус тэмцээнийг Хэрлэн сумын лаборатори нэгдүгээр сургуулийн байранд зохион байгуулсан. Тэмцээнд Хэнтий, Дорнод, Өмнөговь, Дархан-Уул, Сүхбаатар, Дорноговь, Улаанбаатарын 100 гаруй тамирчин өрсөлдөв. Оролцогчдыг зэрэг, цолоор ангилж үзвэл, Олон улсын их мастер /ОУИМ/ 3, Дэлхийн даамын холбооны мастер /ДДХМ/ 5, Дэлхийн даамын холбооны дэд мастер /ДДХДМ/ 3, спортын мастер 14, дэд мастер 29, зэрэгтэй тамирчин 20 гаруй байсан юм. Швейцарь системээр есөн тавил тоглож, дүнгээ гаргахад эрэгтэйчүүдийн ангилалд ОУИМ Р.Манлай (“Алтан хүү” клуб) 14 оноогоор тэргүүлж, спортын мастер Л.Гансүх (Баянзүрх дүүрэг) 14, ОУИМ Г.Ганжаргал (“Ирээдүй” клуб) 14, ДДХМ Ц.Хашчулуун (“Дебют” клуб) 14, ОУИМ Д.Эрдэнэбилэг (“Шинэ Монгол” сургууль) 13, СМ М.Лувсандорж (Хэнтий аймаг) 13 оноогоор удааллаа. Харин эмэгтэйчүүдийн ангилалд СМ Б.Анужин (“Хасу-Мегастарс” клуб) 14 оноогоор аваргалан, ДДХДМ Б.Мишээл (“Ирээдүй” клуб) 13, ДДХМ Б.Мөнхжин (“Хасу-Мегастарс” клуб) 12 оноогоор эхний гурван байрт шалгарсан. Тусгай шагналыг ахмадын ангилалд ДМ С.Энхээ, СМ П.Лхагвасүрэн, Ч.Энхтайван, өсвөрийн ангилалд охидоос ДДХМ Э.Хүслэн, хөвгүүдээс СМ Б.Түвшин, орон нутгийн тамирчдаас ДМ О.Гэрэлт-Од, М.Сэмпин нар хүртсэн байна. Тэмцээний дундуур Монголын даамын холбоо (MDF)-ны Бүх гишүүдийн ээлжит хурал болж, дүрэм ёсоор 2018 оны ажлын тайлангаа тавьж, 2019 оны төлөвлөгөөг танилцуулан, зохион байгуулалтын асуудал хэлэлцлээ. Мөн энэ үеэр Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийн 5-7, 8-10, 11-13 насны даамчид өрсөлдсөн Зүүн бүсийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.

Categories
мэдээ нийгэм

Б.Махбалыг шүүх хурал болно

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Махбалд холбогдох хэргийн гэм бурууг шийдэх шүүх хурал өнөөдөр 10.00 цагт болно. ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбалыг тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэрэгт холбогдуулан өнгөрсөн оны наймдугаар сард ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан байгаа билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

100 жилийн өмнө Монгол төрийг устгасан гашуун сургамж

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Түүх хоёр удаа давтагддаг. Эхнийх нь гамшиг, дараагийнх нь элэглэл.

Карл Маркс

ХАРЫНХАН БА ШАРЫНХНЫ МУУДАЛЦААН

1919 оны арваннэгдүгээр сарын 22-нд Хятадын ерөнхийлөгчийн зарлигаар Гадаад Монголын автономи эрхийг цуцалсан бол 1921 оны хоёрдугаар сард Унгерний цэрэг Хүрээг чөлөөлж Богд хааныг ширээнд нь буцаан залж, Монголын Засгийн газрыг дахин эмхлэн байгуулснаар үнэн хэрэгтээ тусгаар тогтножээ.

Хятадын ерөнхийлөгчийн зарлигаар автономийг устгаж Монголыг төргүй болгосон жил гаруйгийн намтрын эх үүнээс хоёр жилийн өмнөөс үүдэлтэй. Октябрийн эргэлтийн дараа Орост иргэний дайн өрнөн, улмаар Сибирийн ихэнх нутагт самуун гаарснаар Монголд нөлөөлөх Оросын хүч суларсныг ашиглан хятадууд алдагдсан эрхээ сэргээх боломж хайх болов. Үүнийг хэрэгжүүлэх хэд хэдэн далим үүсчээ. Юун түрүүн Нармай Монгол байгуулсан атаман Семёнов үүнээ Халхаар зөвшөөрүүлэх гэж улайран заналхийлэх болов. “Хүрээ рүү төлөөлөгч явуулж Богд хааныг нийт Монголын хаан ширээнд суулгахаар ятгах, татгалзвал Хүрээ рүү Дагуурын Засгийн газрын цэргийг хөдөлгөх” шийдвэр гаргажээ.

Гэхдээ гол шалтгаан нь Монголын хар, шар феодалуудын хоорондын зөрчил дээд цэгтээ тулснаас эхтэй. Засгийн газар байгуулсан өдрөөс л шарын төлөөлөгч Да лам Цэрэнчимэд, харын төлөөлөгч Чин ван Ханддорж нар биенээ үзэхээ больсон. Богд хаан Цэрэнчимэдэд илүү талтай авч зөрчил хэт хурцдаад ирэхээр тэнцвэр тогтоохын тулд Бүгд хэргийг ерөнхийлөн шийтгэх яам байгуулан Ерөнхий сайдаар Чингисийн шууд угсааны Сайн ноён хан Намнансүрэнг томилжээ. Цэрэнчимэд ч, Ханддорж ч тэгсхийгээд үл мэдэгдэх шалтгаанаар дараалан үхсэн ба Хайсан, Удай зэрэг өвөр монголчуудыг хавчин хөөж явуулснаар түр намжмал байдал үүсчээ. 1918 онд Ерөнхий сайд Намнансүрэн үл мэдэгдэх шалтгаанаар гэнэт нас барж, оронд нь Да лам Бадамдорж хэмээх шарын төлөөлөгч томилогдов.

Богд хааны дэмжлэгтэйгээр шарынхан төрийн эрх авснаар ноёд, ван, гүн нарыг хавчин татварыг нэмэгдүүлэх мөртөө хутагт хувилгаадыг дэмжин Их шавь болон бусад шавийг алба гувчуураас чөлөөлөх төдийгүй шавь руу зугтаасан харц ард нарыг өмгөөлөх болов. Иймэрхүү гадуурхал нь ноёдын хилэнг хөдөлгөж, тэд шарынхны эсрэг нэгдэж эхэллээ. Л.Дэндэвийн бичсэнээр “Их Шавьд алба гаргуулахыг үүрд хэрэгсэхгүй болгосноор дөрвөн аймгийн тэргүүлэгчдийн гомдол хорсол улмаар нэмэгдсэн”.[i] Чингис хааны шууд угсааныхны хүч нөлөө маш их тул тэдний “хорсол” аймшигтай үр дагавартай байж таарна.

Хиагтын гэрээний гурван субьектийн нэг нь болох Орос бараг байхгүй болсонд тооцогдохоор болжээ. Хэд хэдэн засагтай болсон Оросын төрийг аль бүлэглэл хууль эрхийн хүрээнд төлөөлөх нь тодорхой бус болов. Ийм учраас монголчууд энэ асуудалд яаж хандахаа тодорхойлохоор 1918 оны зун цуглав. Семёновын тулгаад байгаа Нармай Монгол бодлогод ямар хариу өгөх талаар хэлэлцэх гэсэн хэрэг.

Хуралдаанаас бичиг шийтгэн Богд хаанд өргөн барьжээ. Учир нь автономит Монголын цэргийн зардлыг Халх дөрвөн аймаг гаргадаг ба Дөрвөдийн хоёр аймаг болон Шавь үүнд оролцдоггүй байв. Дээрх бичгийн гол санаа нь Дөрвөд хоёр аймаг болон Шавиас цэргийн зардлыг хамтран даах санал гомдлын агуулгатай юм. Богд Дөрвөд аймгаас цэргийн зардал гаргуулахыг зөвшөөрөөд, “Шавьд алба гаргуулахыг үүрд хэрэгсэхгүй болгох” гэсэн хариу өгчээ.

Үүнд дөрвөн аймгийн төлөөлөгчдийн гомдол хорсол улам нэмэгдэж… Их шавиас цэрэг ба хүнс гаргуулахгүй бол дөрвөн аймаг дангаар улс төрийг хамгаалж чадахгүй бөгөөд, ингэж байснаас Хятадыг түшсэн минь дээр гэдэг дээр асуудал шийдэгдсэн.[ii]

Нармай Монголыг байгуулах гэсэн Дагуур дахь санаачилга Монголын автономийг устгахаар хөөцөлдөж байсан Чэнь И-д аятайхан далим боллоо. Тэрээр Бээжин рүү энэ хэргийг улам дэвэргэн бичиж, Богдын Засгийн газрыг Семёновоор айлгах тактикт шилжив. Түүний шахалтаар Монголын Засгийн газар “…Семёновын цэргийн зэвсгийг хурааж Чита хотод байгаа Хятад, Монголын үймээнч цэргийг тараан, хатуу чанга хяналтын дор нутаг усанд нь буцаах талаар яаралтай арга хэмжээ авахыг төв Засгийн газарт мэдэгдэхийг эрхэм сайд Танаас гуйсугай”[iii] гэсэн төгсгөлтэй аврал эрсэн урт бичиг шийтгэж өөрт нь барьлаа. Аль шинэтгэлийн бодлого хэрэгжиж эхэлсэн үе болох 1907 оноос л монголчуудыг аргалах хэн ч чадаагүй ажлыг Чэнь И гүйцэтгэн түүхэнд гавьяа байгуулахаар ихэд улайрлаа. Тэрээр Гадаад Монголын өөртөө засахыг устгасны хойно, Хятадын Засгийн газраас Гадаад Монголыг хүндэтгэн үзэх ба жич хойчийг сайжруулах хууль зүйл гэсэн урт нэртэй хуулийн төсөл өөрөө боловсруулаад Гадаад Монголын Засгийн газрын ихэстэй хэлцэл хийж эхлэв. Эхлээд тэрээр ГЯЯ-ны тэргүүн сайд Цэрэндоржтой уулзжээ. Монголчууд сайн дураараа автономи эрхээсээ өөрөө гуйн татгалзаж өргөдөл хийж өөрт нь өгөхийг шаардаад хэрэв эс чингэвэл хойчийн өдөр гэмшилтэй явдал болно гэж сүрдүүлэв.[iv] Сайд түүнд энэ асуудлаар Ерөнхий сайд болоод Богд гэгээнтэй ярилцах болно гэж хариулжээ.

Оросын хувьсгалын дараа большевик аюулаас болгоомжлон хятадууд Монгол дахь цэргийн хүчээ нэмэгдүүлж эхэллээ. Гэхдээ эхэндээ Монголын талын зөвшөөрлийг авч байсан юм. Гэтэл Хүрээн дэх Оросын консул ба Бээжин дэх Оросын элчингээс Монголд буй орос иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах хүсэлт гарав. Хүрээн дэх Оросын консул А.Орлов улаантны аюулаас айж Хятадаас тусламж гуйх төлөвлөгөөг ихэд дэмжиж байв.

Хятадаас цэргийн тусламж гуйх ба автономийг устгах болсон процессыг хожим Дилав хутагт Жамсранжав маш тодорхой өгүүлсэн юм. Богд хаантай тэрсэлсэн хэсэг ноёд Чэнь И-тэй уулзан хятад цэрэг урих тухай төлөвлөн тохирчээ. Тэгээд Богд хаанд бараалхан улаан Оросын аюулаас болгоомжлон энэ талаар хятад түшмэлтэй хэлэлцье гэсэн байна. Богд хаан үүнийг эсэргүүцэн:

“Бид энэ хэвээр зүгээр сууж байхад огт гэмгүй. Гэхдээ нэгэнт та нар ингэж шийдсэн бол хятад түшмэлээс үгийг нь сонсож болох юм” гэжээ.

Тэд Чэнь И-тэй уулзаад: “Хятадын ерөнхийлөгчөөс асууя гэж байна” гэсэн хариу авчирав.

Богд хаан үүнд: ‘’Чэнь И-тэй зөвлөх хэрэггүй. Зүгээр л суугаад байхад ямар ч гэм болохгүй’’.

“Чэнь И- тэй нэгэнт уулзчихсан. Ерөнхийлөгчөөс асуугаад хариу хэлнэ гэсэн болохоор Бээжин рүү утас цохиогүй бол ингээд болиулчихъя”.

Тэд маргааш нь: “Чэнь И нэгэнт утас цохижээ. Бээжингээс Ерөнхийлөгчийн хариуг хүлээхээс өөр аргагүй” гэж Богдыг аргалав. Хэд хоногийн дараа; “Хятадын ерөнхийлөгч манайд тусaлж болно гэсэн байна. Гагцхүү автономио устга гэжээ” гэсээр орж ирэв.

Богд: “Би бодвоос нэг муу түшмэл Чэнь И-гийн үгэнд орох хэрэггүй. Дахин нарийвчлан хэлэлцэж тогтоо”.

Тэд элдэв арга мэх хэрэглэсээр Богд хаанаар “Та нар олонд тустай юм хийх гэж байгаа бол би хориглохгүй. Гагцхүү сайтар нарийвчлан судал” гэсэн зарлиг гаргуулжээ.

Маргааш нь Богд: “Миний урьд шөнийн зүүд билгийг үзвээс Хятадтай нийлснээр сайн юм ер болохгүй. Харин зүгээр чимээгүй суугаад байхад ямар ч гэм хор болохгүй. Иймээс Хятадын ерөнхийлөгчөөс энэ тухай юм хум битгий асуу”.

Монголын хэсэг ноёд хариуд нь: “Бид Ерөнхийлөгчөөс лавладгаа лавлаад, Монголын Хурлын нэрээр цахилгаан явуулчихсан болохоор одоо хариуг нь хүлээхээс өөр үггүй. Иймээс Түр Хурлыг тарааж Бээжингээс хариу ирэхээр жич хэлэлцье” гэжээ. [v]

Ийнхүү хэсэг ноёд, ван, гүн нар “лам нараар толгойлуулсан төрийг” эсэргүүцэж Чэнь И-тэй хуйвалдах замаар автономийг устгахаар үгсэн тохирчээ. Сэцэн ханаас – Шүүх яамны дэд сайд Наваанэрэн, Түшээт ханаас – Дотоод яамны дэд сайд Пунцагцэрэн, Сайн ноён ханаас – Цэргийн яамны сайд Жамъяндорж, Засагт ханаас- Жалханз хутагтын нэрийн өмнөөс Гадаад яамны сайд Цэрэндорж Чэнь И-тэй хэлэлцээ хийж нэг талаас Хятадын ерөнхийлөгчийн төлөөлөгч, нөгөө талаас монгол ноёдын дэвшүүлсэн төлөөлөгч гэсэн адил зиндаатай хоёр албан тушаалтанд засгийн эрхийг шилжүүлэх болзолтойгоор автономийг татан буулгахаар тохиролцжээ.[vi] Оросын тэтгэмж зогссон, Хятад мөнгө амласантай энэ бүхэн цаагуураа холбоотой байв. Чэнь И-тэй хийсэн энэ хуйвалдаан нь эцэстээ 64 зүйлээр зангидагдан ван, гүнгийн тусгай эрхийг хадгалан хамгаалах заалтаар дүүрэн хэлэлцээний ноорог эх болжээ. Гэвч эцэст нь Монголын автономи нь Чэнь И-гийн хэлэлцээрээр биш, Сю Шүжаны цэргийн хүчний айлган сүрдүүлэлтээр устсан бөлгөө.

Хятад цэргийг урьж, автономийг устгаж Хятадад бүрэн дагаар орохоор Чэнь И-тэй хуйвалдсан монгол ноёдын заримыг нэрлэвэл: Монгол Улсын Цэргийн яамны тэргүүн сайд, Сайн ноён хан аймгийн жанжин, эрдэнэ ван Жамъяндорж, мөн яамны дэд сайд, Түшээт хан аймгийн жанжин, бэйс Сономдорж, Гадаад яамны тэргүүн сайд, хичээнгүй бэйс Баолингийн Цэрэндорж, мөн яамны дэд сайд Засагт хан аймгийн чин ачит ван Гончигдамба, Сайн ноён хан аймгийн итгэмжит бэйс Цогт-Очир, Дотоод яамны дэд сайд, Түшээт хан аймгийн чуулганы дарга дархан ван Пунцагцэрэн зэрэг болой.

ЕРӨНХИЙ САЙД БАДАМДОРЖ

Намнансүрэн 1918 оны зургадугаар сард Эрхүү оржээ. Түүнийг Эрхүүд Борис Шумяцкий, Сергей Лазо гэсэн большевикууд хүлээн авсан гэсэн баталгаагүй яриа бий.[vii] Энэ үнэн бол Зөвлөлт засгаас Гадаад Монголын төлөөлөгчидтэй уулзсан анхны уулзалт байсан болж таарч байна. Намнансүрэн нутагтаа ирээд тун удалгүй хүндээр өвдөн хорвоог орхисон. Түүнийг олон хүн хорлогдсон гэж үздэг. Монголын тусгаар тогтнолыг сэргээх хэрэгт хүчин зүтгэсэн олон хүн учир битүүлэг байдлаар үхсэн юм. Да лам Цэрэнчимэдээс гадна Түшээт хан Дашням, Засагт хан Содномравдан, ГЯЯ-ны сайд Ханддорж, Сангийн яамны сайд Чагдаржав, бинт ван Гончигсүрэн, Цэргийн яамны сайд Гомбосүрэн нар зуурдаар нас барсан нь хорлогдсон байж болох тун магадлалтай. [viii]

Намнансүрэнгийн оронд Ерөнхий сайд болсон Бадамдорж бол Монголын тусгаар тогтнолын хэрэгт даруй 20 гаруй жил тэмцэж амьдралаа зориулсан лам хүн билээ. Тэрээр Монголын тусгаар тогтнолыг сэргээхэд Оросоос тусламж гуйсан анхны элч юм. 1900 онд тэрээр Богдын даалгавраар донир Цэнд-Очирын хамт нууцаар хил давж Санкт-Петербург орон II Николай хаантай уулзан Монголыг тусгаар тогтноход Оросын зүгээс тусламж үзүүлэхийг гуйж байжээ.[ix] 1910-1911 оны хөдөлгөөний гол толгойлогч нарын нэг, Богдын хамгийн итгэлт шадар хүний нэг энэ өвгөн лам туйлын хянуур нэгэн байсан бололтой. 1911 онд Ханддорж нар Орост сэм явсны дараа сэжиг авсан Саньдо амбан Бадамдоржоос тулган асууж улайлгаж байв хэмээн нэг нэгнээсээ хуулсан түүхийн баримтад тэмдэглэсэн байдаг.

Хэргийн мөрөөр хөөвөл Бадамдоржийг Саньдо амбан дуудаж Цэрэнчимэд, Ханддорж нарын тухай шалгаахад “Би мэдэхгүй, харин чи үүнийг мэдэж байх үүрэгтэй юм байгаа биз дээ” гэж мохоож байсан аж.

Бадамдорж, Цэрэндорж хоёр Чэнь И-тэй гол тохироог хийсэн гэдэг. Гэтэл хятад цэргийг урих, автономийг устгахын эсрэг хамгийн хүчтэй эсэргүүцсэн хүн нь Бадамдорж юм. Тэрээр Чэнь И, Цэрэндорж нарын боловсруулсан автономийг татан буулгах 50 зүйлтэй баримт бичгийг Засгийн газарт хэлэлцэхэд маш ихээр эсэргүүцсэн боловч санал дутсан билээ. [x] БНМАУ-ын түүх III -д Автономийг устгах санал Засгийн газарт орж ирэхэд ганц нэг шар феодал эсэргүүцэж бусад нь зөвшөөрчээ гэж бичсэн байна.[xi] Энэ “ганц нэг шар феодал” нь Бадамдорж юм. Харин түүх бичээчид тухайн үед нэр нүүрийг нь шавартай хутгаад хаячихсан Бадамдоржийн нэрийг ил хэлж зүрхэлсэнгүй.

БНМАУ-ын түүх-д автономийг устгах Чэнь И-гийн бичгийг Богд, Бадамдорж нар өөрсдийн хувийн хомхой сонирхлын үүднээс зөвшөөрсөн[xii] гэжээ. Үнэн хэрэгтээ Богд хаан, Бадамдорж нар яаж ч эсэргүүцээд эцэст нь ялагдаж шаварт унасан шарын эзэн болжээ. Нэгэнт улс орны гадаад, дотоод бодлогыг тодорхойлох, төлөөлөн гэрээ хэлэлцээ хийх үүрэгтэй болохоор Ерөнхий сайд Бадамдорж, Гадаад явдлын яамны сайд Цэрэндорж нараас өөр хэн асуудлыг гардах билээ? Тэгээд ч Цэрэндорж нь автономийн устгах үзэл бодолтны толгойлогч нарын нэг.

Богд болон Эх дагина, мөн бусад язгууртанд “хойчийг засамжлахдаа” тун хайнга хандсан байна хэмээн Бадамдорж “чамлаж”, тэр хэрээр нь хятад элч шан харамж, цол ямбыг нь нэмэхээр бичигтээ тусгажээ. Гэхдээ Бадамдоржийн энэхүү дээдсийн шан харамж бага байгааг хэлсэн нь хойшлуулах, цаг авах гэсэн заль болох нь илэрхий харагддаг. Чэнь И монголчуудын хэзээнээс хээл хахуульд дуртай араншинг нь ашиглах гэж бодсон байх, харин наадуул нь тулгарсан зовлонг хойшлуулахын тулд шалтаг л хайж байж. Бадамдоржийн талаарх түүхийн ойлголт их өрөөсгөл юм. Гэрээнд Бадамдорж 64 зүйл нэг бүрийг өөлөөд байсан байдаг. Гэтэл мань хүнийг шан харамжаа нэмэх гэж байснаар түүх бичлэгт харуулдаг. 64 зүйлийн дотор Монголын ноёд ихэст өгдөг байсан Манжийн үеийн цалин пүнлүүг эргэж сэргээх заалт байдаг төдийгүй түүнийг ямар тушаалтанд хэдээр тооцох тухай тодорхой өгүүлсэн жагсаалт байдаг нь одоо ч Улсын архивт хадгалаастай. Өвгөн эх оронч яаж ийгээд сунжруулсаар гэрээг ерөөсөө бүтэлтэй юм болгоогүй атал хожмын коммунист түүхчид энэ баримтыг ашиглан Бадамдоржийг Хятадаас 60 мянган лан авахын тулд улс орноо худалдсан мэтээр, мөнөөх пүнлүүг авсан мэтээр муухайгаар гүтгэсэн юм. Дилав хутагтын баталж буйгаар Монгол төрийн нэрийн өмнөөс хэлцэл хийсэн Бадамдорж үүнийхээ төлөө сохор зоос ч аваагүй.[xiii] Эхнэр хүүхэдгүй ганц бие санваартан Бадамдорж их настай хүн байлаа. Далан нас зооглоно гэдэг тэр үеийн жишгээр маш өндөр нас. Түүний цаг сунжруулсны хүчинд Чэнь И-гийн гэрээ батлагдаагүй. Хятадад иргэний дайн болж байна, хойд талд Орост бас иргэний дайн. Цаг яаж ч эргээ билээ гэж алсыг хараад байсан бололтой.

Богдод ойр, нэр нөлөө ихтэй Бадамдорж Ерөнхий сайд болсноор зөрчил бүр ихэссэн. Ер нь шарынхан ч зүгээр байгаагүй л дээ. Бадамдорж Ерөнхий сайд болсноор шарынхны төрийн оролцоо нэмэгдэн, ноёд язгууртныг тоохоо болин дураар дургих болжээ. Магсар хурцын тэмдэглэснээр шарынхан шавь нэрээр олныг хурааж, эрх мэдэл нь чангарсан хутагт хувилгаадаас авахуулаад хаалгач донир хүртэл хошуудын эрх баригчдыг доромжлох нь хэрээс хэтэрч, зарлиг лүндэнгээр ноёдын хэргэм зэргийг эвдэж байжээ.[xiv]

Иймээс л ноёдууд Шанзав Бадамдоржийн дор байснаас автономигүйгээр шууд Хятадын харьяалалд байсан нь дээр гэж үзээд цэрэг илгээхийг хүссэн захидал Бээжин рүү бичсэн байдаг. Тэд түүгээрээ Хятадаас одон авснаа ичихгүй зүүчихсэн фото зураг ч бий. Одон авахын тулд бөөнөөрөө Бээжин явахад гол оролцох учиртай Ерөнхий сайд Бадамдорж “Цагийн байдал харна. Цаг өдөр болгон шахам эрс өөрчлөгдөж байна шүү” хэмээн цаадуулыгаа болиулах санаа хэлээд өөрөө эрс татгалзан яваагүй.

Ерөөсөө Монголын тусгаар тогтнолын төлөө эхнээсээ эргэлт буцалтгүй тэмцэж байсан хүнийг коммунист үзэл сурталчид л нэр нүүрийг нь сохлоод хаячихсан юм. Ерөнхий сайдын хувьд хэлэлцээ хийсэн болохоор түүнийг “урвагч” гэж нэрлэх явдал нас барснаас нь олон жилийн хойно зохиогджээ. Бадамдоржийг сайн мэдэх Магсар хурцын Монгол Улсын шинэ түүх, Дэндэвийн Монголын товч түүх-д түүнийг муулсан юу ч үгүй, харин ч ихээр магтсан байдаг. Энэ хоёр зохиол хорь, гучаад оны үед хэвлэгдсэн. Дэндэв номдоо Бадамдоржийн зургийг хүртэл онцлон оруулж сайшаасан байдаг. Харамсалтай нь дээр өгүүлсэн БНМАУ-ын түүх гурван ботид Автономийн үеийн асуудлыг хамгийн сайн мэдэх гэрч Дэндэв, Дилав хутагт, Магсар хурц нарын бичиж үлдээсэн түүхэн баримт бүхий номуудыг огт ашиглаагүй, огт дурдаагүй байх юм. Сүрхий эшилсэн Чойбалсан, Дэмид, Лосол нарын 1934 онд хэвлүүлсэн “Монгол ардын үндэсний хувьсгалын анх үүсч байгуулагдсан товч түүх” номд Бадамдорж, Цэрэндорж нарыг урвасан учир ална хэмээн Данзан ярьж байсан тухай нэг өгүүлбэр бий. Ийм ойворгон үг хэлсэн ч байж магадгүй, гэхдээ батлагдсан өөр сурвалж алга.

Бадамдоржийг хамгийн муухайгаар гүтгэсэн зүйл 1942 онд бүтээгдсэн Сүхбаатар кинонд гардаг. Богдтой хамгийн ойр шадар ламыг Бадамдорж гэх ба тэр нь Сүхбаатарт хор өгдөг. Сүхбаатарыг нас барах үед Бадамдорж хэдийнэ хорвоогоос хальсан байсан. Энэ зохиолыг бичсэн орос зүгээр нэг ламыг муу хэлсэн атал зориуд түүнд Бадамдорж нэр өгчээ. “Уут уут мөнгөөр /Улсаа худалдсан сайд/ Богц богц мөнгөөр /Богдыгоо худалдсан сайд” гэсэн дууг тэр үеийн Хүрээнийхэн дуулдаг байжээ гэсэн баримт анх 1959 оны үед Өвгөн Жамбалын яриа-нд гарчээ.[xv] Өвгөн Жамбал гэж тухайн үеийнхээ үзэл сурталд тааруулаад их худлаа залдаг архичин хүн байсны яриаг Дамдинсүрэн гуай тэмдэглэж авсан юм билээ. Зарим хүний баталж байгаагаар гучаад оны үед театрт тавьдаг асан хувьсгалч балай жүжигт ардын дууны аяд ийм үг оруулан дуулж байсан ч гэдэг.

Бадамдоржийн “хамаг нүглийг” илчилсэн хүн бол түүхч хэмээх Галсангийн Навааннамжил юм. Түүний бичсэн метериалыг Х.Пэрлээ Өвгөн бичээчийн өгүүлэл нэрээр 1956 онд хэвлүүлжээ.[xvi] Энэ “өвгөн бичээч” нь мөнөөх залдаг архичин өвгөнөөсөө олон арав дахин худалч нэгэн. Гэхдээ түүхч нэртэй, үзэл суртал маш сайн ойлгодог, бичиг үсгийн боловсролтой нэгэн. Автономийн үед бичээч байсан түүнийг хамгийн чадварлаг хурдан бичдэгүүдийн нэг гэж магтагддаг байсан гэх яриа ч бий. Энэ хүн Чойбалсангийн тухай элдэв үлгэр домог олныг зохиож түүхийн үнэн болгон гүжирдсэн, энэ талын мастер нэгэн байлаа. Чойбалсангийн тухай “Жанжин Чойбалсан баруун замын байлдаанд”, “Дайсны ард нэвтэрсэн нь” гэх мэт нуль адал явдал дүүрэн “түүхийн” нэлээд ном хэвлүүлсэн. Өнөө болтол Монгол орноор нэг тархсан Сүхбаатарын хэлсэн мэргэн сэцэн үг гэдгийг Навааннамжил хуугаар нь зохиосон юм. Улаанбаатарын төв талбайд буй Сүхбаатарын хөшөөний нүүрэн дэх бичиг ч Навааннамжилын зохиол.

Өвгөн бичээчийн өгүүлэл-ийн ихэнх факт баримт хожмын түүхчдийн судалгаагаар батлагдаагүй. Түүний өгүүлснээр Чэнь И-тэй хуйвалдаж их хөрөнгө мөнгө идсэн хүн нь Бадамдорж болж, харин жинхэнэ зохион байгуулсан Цэрэндоржийн нэр болохоор энд огт алга. Өвгөн бичээч маань энэ түүхийн бичвэртээ гол гэрч хэмээн өөрийгөө Анваан (Наваан гэдгийг тонгоруулж) нэрээр оруулжээ. Сүхбаатар, Чойбалсан нарын хувьсгалт тэмцэл хүчээ авангуут түүнээс айж сандарсан Бадамдорж мань Анвааныг дуудаж авчираад “Чи энэ үл бүтэх улстай нийлж автономийг эргэж босгох гэж байна” хэмээн толгой түрүүгүй аашилжээ. Сайд Бадамдорж, Чэнь И нар Монголыг дахин Хятадад захируулснаар хэргэм зэргээр олон хүнийг шагнаж цалин пүнлүүг ихээр нэмэгдүүлнэ гэж цуу тараасан чинь цөмөөр хэргэм зэргийн эрэлхийлэлд мордон үүнд нь панзчин, яргачин хүртэл горьдон нийлж үлэмж олон хүн гүн, бээл, бэйс, ван цолыг авч байсан гэнэ. Энэ нь Анваанд шинэхэн буртаг дээр олон золбин нохой цугларан булаалдаж буй санагдан инээд нь хүрээд явж байтал өөрийг нь гүн цолоор шагнаад хаясан байгаа юм. Гүн цол нь түүний амьдарч хүмүүжихэд нь тус болох байтугай чирэгдэл сүйтгэлд дарагдан бөөн дарамт болжээ. [xvii]

За нэг иймэрхүү л хүүхдийн яриа шиг хөгийн “түүх” цаг өнгөрөх тутам баримтжин “үнэн” болсон юм. Хэсэг хүүхэд Бадамдоржийн хашааны гадна Сю Шүжаны машины чагнаал дуурайн дуугарахад мань лам гэрээсээ бөхөлзсөөр гарч ирэв гэх мэтийн “үнэн баримтууд” уран зохиолоор дамжин буй болсон. Ялангуяа Дашдэндэв зэрэг зохиолчид иймэрхүү түүх зохион бодож олохдоо үнэхээр гарамгай байсан юм. [xviii]

1992 онд Төрийн ордны хоёрдугаар давхарт Монгол Улсын Ерөнхий сайд нарын хөргийг өлгөх шийдвэр гарсан. Тэнд Бадамдоржийн хөргийг байрлуулалгүй хоёр жил болсон ба үүнээ “урвагч учир” гэж тайлбарлаж байлаа.[xix]

АВТОНОМИЙГ ЦЭРГИЙН ХҮЧЭЭР УСТГАВ

Үнэн хэрэгтээ Монгол төрийн удирдагчдын хүсэлтээр 1919 оны зунаас хятадууд Гадаад Монгол руу бөөн бөөнөөр нь цэрэг оруулах боллоо. Ли Юань гэгчээр толгойлуулсан гурван хороо цэрэг умард хил Хиагтад хуарагнав. 1919 оны арваннэгдүгээр сарын эхээр генерал Сю Шүжан 3 дугаар явган дивиз толгойлсоор Хүрээнд орж ирлээ. Монголын автономитыг устгасан “гавьяаг” Чэнь И-гээс булаан өөртөө авах гэж сандарсан генерал тэр даруй Богд гэгээнтэй уулзан, Гадаад Монголын автономийг сайн дураараа устгасан Засгийн газрын тогтоол даруй гаргаж өгөхийг шаардав.

Генерал далайлган сүрдүүлж эхэллээ. Маргааш орой 8 цаг гэхэд автономит эрхийг устгасан бичиг бэлэн болгохгүй бол Богд гэгээнийг баривчлан Бээжинд хүргэнэ гэж заналхийлэв. Автономит эрхээ устгуулах өргөдөлд зөвхөн Ерөнхий сайд Бадамдорж, ГЯЯ-ны сайд Цэрэндорж нарын гарын үсэг байхад хангалттай гэж бяцхан Сю үзэж яаравчлав. Яарч буй түүнд энэ асуудлыг удтал хэлэлцүүлэх сонирхол байсангүй. Иймээс Ерөнхий сайдын гадаа цэрэг жагсаан сүр үзүүлж дөвчигнөлөө.

Генерал Сю хийсэн гавьяагаа даруй Бээжинд мэдэгдсэн ба 1919 оны арваннэгдүгээр сарын 22-нд 1915 оны Хиагтын гурван этгээдийн гэрээг хүчингүй болгосон Хятадын ерөнхийлөгчийн зарлиг нийтлэгдэв. Ийнхүү зарлигт, “Монгол Улс” гэх мэтийн хэллэгийг албан бичигт хэрэглэж болохгүй заалт гарч, 1911 оны үндэсний чөлөөлөх тусгаар тогтнол, сэргэн мандалтын түүхэн үйлсийн үр дүн аажим аажмаар үгүй болсоор бүрэн уналтад орлоо. Сю Шүжан Монголын автономийг устгаад санаа амарсангүй, алдар гавьяагаа нэгмөсөн мөнхлөхийн тулд энэ явдлыг тохиолдуулан томхон үзүүлбэр тоглолт зохиохоор шийджээ. 1921 оны нэгдүгээр сард Гадаад Монголын автономит эрхийг халсан ёслолын ажиллагаа зохиолоо. Монгол цэргийн зэвсгийг хураан, татан буулгах ажиллагааг маргааш нь үйлдэв. Богдын ордныг хамгаалах 60 торгон цэрэг үлдээгээд бусдыг нь тараасан байна. 5 778 винтов, 2 456 бирдаан буу, 7 их буу, 2 608 сэлэм Монголын армиас хурааж авчээ. [xx]

Бээжинд суух Америкийн элчингээс Вашингтонд явуулсан бичигт “наймдугаар сарын 26-ны байдлаар Хүрээнд 700, Хиагтад 500, Улиастайд 120, Ховдод 100 цэрэг тус тус байна” гэжээ. Хятадын Засгийн газрын шийдвэрээр Алтайн нурууны баруун урд талыг буюу Алтайн Урианхайн 7 долоон хошууны гуравны хоёрыг Шиньжаанд нийлүүлэв. Хятадын цэрэг Тагна Урианхайн хязгаарт (Тува) 1919 оны зургадугаар сард орж Гадаад Монголд буцаан нэгтгэв. [xxi]

Тэрээр Хүрээнд ирэнгүүтээ л Чэнь И-тэй муудалцаж эхэлсэн ба тэр хоёрын зөрчил улам хурцадсаар эцэстээ генерал хуучин төлөөлөгчийг дийлж, баривчлан Бээжинд хүргүүлэв. Сю Шүжан ирснээр урьд байсантайгаа нийлээд 15 мянга орчим хятад цэрэг Гадаад Монголд байрлах болжээ. Халхын дөрвөн аймгийн ноёд дээдэс Чэнь И-тэй хэлэлцсэн мөнөөх улигт 64 зүйлт хэлэлцээгээ бяцхан Cюгээр зөвшөөрүүлэхээр оролджээ. Харин Сю “Жаран хэдэн зүйл хэрэг би хэлцэж чадахгүй. Энэ чинь хэдхэн хүний эрх ашигт таарсан болохоос газар орон болон хүн ардад тустай юм юу ч алга” гэсэн аж.

Монгол ноёд дахин цуглаад “64 зүйл бол Монголын Засгийн газар Бээжинтэй тохирсон хэлцэлтэй учир Хүрээнд ирсэн хэдэн хятад түшмэл мэддэг юм биш, иймээс дахин хэлэлцье” гэцгээжээ. Үүний хариу ч дорхноо ирэн, дахин энэ асуудлыг сөхөх юм бол хохь болно шүү хэмээн Сю заналхийлэв. Эндээс үзэхүл хэсэг ноёд, ван, гүн нар нэг талаас Хятадын мэдэл дор өөрсдийн онц эрхийг 64 зүйлт гэрээгээр бататгах сонирхолтой авч, нөгөө талаас гэрээг үл хэрэгсэх хятад цэргийнхний мэдэлд байх хүсэлгүй байжээ.

Categories
мэдээ нийгэм

Төслийн хүрээнд 100 гаруй сургагч багш бэлтгэгдлээ

“Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага нь НҮБ-ын Гамшгийг бууруулах Олон Улсын стратегийн байгууллагаас санаачилсан “Гамшигт тэсвэртэй хотуудыг бий болгоё” уриан дор хот, суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, түүнийг даван туулах чадавхыг бэхжүүлэх хөтөлбөрийг түгээн дэлгэрүүлэх “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах” үндэсний хөтөлбөрт хувь нэмэр оруулах үүднээс “Гамшигт тэсвэртэй хотууд” төслийг орон нутагт анх удаа Орхон аймагт хэрэгжүүлж байгаа билээ.

Төслийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн зөн Монгол” ОУБ, МУЗН-тэй хамтран гамшгийн менежментийн багийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад төсөл хэрэгжиж буй Баян-Өндөр сумын 6 баг, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл урлагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын нийт 100 гаруй алба хаагчийг хамруулан, сургагч багшийн гэрчилгээ гардууллаа.

Эдгээр сургагч багш нар нь орон нутгийнхаа иргэдэд гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулах юм.