Categories
мэдээ нийгэм

Шинэ оны өглөө 75 хүүхэд мэндлэв

Шинэ оны анхны өдөр улсын хэмжээнд 75 хүүхэд мэндлээд байна.

Тодруулбал, нэгдүгээр сарын 1-ний өдрийн өглөөний 09.00 цагийн байдлаар дээрх тооны хүүхэд төржээ. Шинэ оны зааг дээр төрсөн эхчүүдэд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл гарын бэлэг гардуулан эх, хүүхдүүдийг эрүүл саруул өсч торнихыг ерөөв. Шинэ жилийн баярын өдрүүдэд төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн яаралтай тусламжийн тасгууд 24 цагаар үйл ажиллагаа явуулж, мэргэжлийн эмч нар хуваарийн дагуу жижүүрлэж байна. Мөн ЭМЯ-ны 323-002 дугаарын утас 24 цаг ажиллаж, санал хүсэлт хүлээн авч байгаа юм. Яамнаас хүргүүлсэн зөвлөмжийн дагуу эрүүл мэндийн байгууллага бүрт удирдлагын баг хяналт тавьж, алсын дуудлагын бэлэн байдлыг хангаж, тусламж, үйлчилгээ үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Учир нь шинэ оны өмнөх өдөр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг 21 аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлагуудтай цахимаар холбогдож, баярын үеэр эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хангаж ажиллахыг үүрэг болгосон юм.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албаны зөвлөл орон тооны таван гишүүнтэй болно

Гурав дахь удаагаа шинэчлэгдэн батлагдсан төрийн албаны тухай хууль өнөөдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ.
Төрийн албанд шатлан дэвшүүлэх зарчмыг хуульчлан баталсны сацуу (улстөрийн албан хаагчаас бусад)төрийн албан хаагчид улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байхаар хуульчилсан шинэхэн хуульд бас нэгэн зарчмын өөрчлөлт орсон нь Төрийн албаны зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүнд орсон өөрчлөлт юм. Төрийн албаны төв байгууллага болох Төрийн албаны зөвлөл нь орон тооны таван гишүүнтэй байхаар хуульд заажээ.
УИХ-ын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас нэр дэвшүүлэн сонгосон гурван орон тооны гишүүдээс гадна төрийн албан хаагчдын төлөөлөл болсон хоёр гишүүнтэй байхаар хуульчилсан билээ.
Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлд заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулахаар зарыг өнөөдрөөс олон нийтэд түгээж эхэлжээ. Сонгон шалгаруулалтыг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар тогтоолоор баталсан байна.
Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч нь 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн байх бөгөөд дээд боловсролтой, төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан, төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн, ял шийтгүүлж байгаагүй, сүүлийн нэг жилийн хугацаанд улстөрийн намын аль нэг байгууллагад сонгуульт болон бусад албантушаал эрхэлж байгаагүй, сахилгын шийтгэлээр төрийн албанаас халагдаж байгаагүй зэрэг нийтлэг шаардлагыг хангасан байх учиртай юм.

Төрийн албаны зөвлөлд төрийн албан хаагчдын төлөөлөл болсон хоёр гишүүн сонгон шалгаруулах журам хийгээд сонгон шалгаруулалтын мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн албан сайтаас дэлгэрүүлэн үзнэ үү.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс эхэлж хэрэгжих хуулиуд

2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол Улсад хэд хэдэн томоохон хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.

Тухайлбал, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд оруулсан өөрчлөлт, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хууль, Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхлэх юм. Тухайн хуулийн агуулга, ач холбогдлыг тус бүрд нь танилцуулъя.
Нийгмийн даатгалын шимтгэл нэг хувиар нэмэгдэнэ
2017 оны дөрөвдүгээр сард Нийгмийн даатгалын тухай хуулийн зарим заалтад оруулсан өөрчлөлт болон УИХ-аас баталсан 2030 он хүртэл тэтгэврийн талаар баримтлах бодлогын хүрээнд 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс Нийгмийн даатгалын шимтгэл нэг хувиар нэмэгдэнэ. Нэмэгдэж буй нэг хувийн шимтгэлийг ажил олгогч, ажилтан хоёроос тэнцүү хуваан гаргуулах бөгөөд тус бүр 0.5 хувийн шимтгэл нэмж төлнө гэсэн үг.
Тус бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 оноос 2 хувь, 2019 оноос 1 хувь, 2020 онд мөн 2 хувь нийтдээ 5 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан.
2018 оны нэгдүгээр сарын 1-нээс ажилтан 11 хувь, ажил олгогч 12-14 хувийн шимтгэл/ямар үйл ажиллагаа явуулж буйгаас хамаарч/ төлж байгаа бол 2019 оны нэгдүгээр сараас ажилтан 11.5, ажил олгогч 12.5-14.5 хувийн шимтгэлийг Нийгмийн даатгалын санд төлөх юм.
Төрийн албыг улс төрөөс ангид байлгана
Өнөөдрөөр хүчин төгөлдөр бус болж буй хуучин Төрийн албаны тухай хууль долоон бүлэг, 41 зүйлтэй. Харин шинээр хэрэгжиж буй хууль нь 23 бүлэг, 77 зүйлтэй. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 190 орчим мянган төрийн албан хаагч ажиллаж байна гэсэн судалгааны дүн бий. Тэднээс хэдэн хувь нь тогтвор суурьшилтай ажилласныг тогтооход амаргүй. Сонгууль болгоны дараа, дөрвөн жил тутамд төрийн албан хаагчид солигддог, улс төрөөс хэт хамааралтай болоод удаж байна. Үүнээс үүдэж төрийн алба тогтворгүй, чадваргүй боллоо гэх шүүмжлэлийг иргэд хэлдэг. Тиймээс төрийн албыг дөрвөн гол чиглэлээр шинэчлэн зорилтыг тухайн хуульд тусгасан юм.

Нэгдүгээрт: Төрийн албыг улс төрөөс ангид байлгах. Сонгууль дуусахад төрийн алба хөдөлдөггүй, улстөрчид нь явдаг зарчим руу оруулах зорилго. Төрийн алба хөдөлсөн ч дотроо хөдөлдөг, гаднаас хүн ордоггүй байх чиглэлийг баримталжээ. Тухайлбал, яамдын төрийн нарийн бичгийн даргыг зургаан жилийн хугацаатай томилдог болохоор тусгасан. Яамны ажилтан албан хаагчдын эрх ашгийг хамгаалах, яамны өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүрэг бүхий төрийн албан хаагч бол төрийн нарийн бичгийн дарга. Тиймээс томилогдох хугацааг нь сонгуулийн циклээс нь зөрүүлж байхаар хуульд тусгасан. Мөн төрийн нарийн бичгийн дарга нь улсад 16 жил ажилласан, тухайн яаманд газар, хэлтсийн даргаар найман жил ажилласан байх шаардлага тавих юм.
Хоёрдугаарт: Төрийн албыг тогтвортой, шатлан дэвших (мерит) тогтолцоогоор явуулах заалт оруулсан. Ингэснээр төрийн албан хаагчид дотроо шатлан дэвших хэлбэрээр томилогддог болох юм. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн гэнэт дарга болдог байдлыг таслан зогсооно гэсэн үг. Жишээ нь, нэг байгууллагад даргын орон тоо гарлаа гэж бодоход дотроосоо томилогдох, эсвэл яг ижил төрлийн байгууллагаас томилогдож болох ажээ.
Гуравдугаарт: Төрийн албыг хариуцлагатай болгох. Төрийн удирдах албан тушаалтан томилгоо, чөлөөлөлттэй холбоотой буруу шийдвэр гаргах тохиолдол олон гардаг. Үүнээс үүдэж гарсан зардлыг төсвөөс гаргадаг. Харин Төрийн албаны шинэ хууль хэрэгжиж эхэлснээр буруу шийдвэр гаргаж, төрд учруулсан санхүүгийн хохирлыг буруутай албан тушаалтан хувиасаа төлдөг болж байгаа юм. Мөн авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, ял эдэлсэн хүн дахиж хэзээ ч төрийн албанд орохгүй байх заалтыг оруулсан юм. Бусад гэмт хэрэг төрийн албанд хамаарахгүй бөгөөд ялтай байдлын хугацаа нь дууссан бол төрийн албанд ажиллаж болох ажээ. Энэ мэтээр төрийн албыг хариуцлагатай болгох олон заалт багтжээ.
Дөрөвдүгээрт: Төрийн албаны зөвлөлийн эрх хэмжээг өргөтгөж, хариуцлагыг чангатгаж байгаа юм. Одоо бол Төрийн албаны зөвлөл шалгалт зохион байгуулдаг газрын л үүрэг гүйцэтгэдэг. Шинэ хуулиар энэ байгууллага төрийн албантай холбоотой хууль бус шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй болсон юм. Хууль бус шийдвэртэй холбоотой асуудал өмнө нь зөвхөн шүүхээр явдаг байсан бол өнөөдрөөс эхлээд шүүх дээр очихоос өмнө Төрийн албаны зөвлөл шийдэх боломжтой болсон гэсэн үг.

Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчилнэ

Өнөөдрөөс хэрэгжиж эхэлж буй дараагийн хууль бол Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга. Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулах асуудлыг энэ хуулиар зохицуулж байгаа юм.
Мансуурах донтой ч жирэмсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, мөн насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, 16 нас хүрээгүй хүүхэд, 60-аас дээш настай хүн болон биеийн хүнд эмгэгтэй хүнийг албадан эмчлэхийг хориглох юм байна. Тухайн иргэнийг албадан эмчлүүлэх саналыг цагдаагийн байгууллагаас гаргах бөгөөд албандан эмчлэх эсэхийг шүүхээс шийдэх аж. Албадан эмчлүүлэгч оргон зайлсан тохиолдолд эрэн сурвалжлах ажиллагаанд зарцуулсан зардлыг тухайн иргэнээс гаргуулахаар хуульд тусгажээ. “Албадан эмчилгээг эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан 3-6 сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд зургаан сараас нэг жил хүртэл хугацаатай хийнэ” гэж тус хуульд заасан байна.

44өөс дээш хүүхэдтэй бага ангиуд туслах багштай болно

Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль. Энэ хууль нь багш нарын хөгжил боломжийг нэмэгдүүлэхээс гадна нийгмийн асуудлыг нь сайжруулахад чиглэгджээ. Тухайн хууль батлагдсаны дараа УИХ-ын Тамгын газраас ач холбогдлыг дараах байдлаар тодорхойлсон юм
1. Бүх шатны боловсролын сургалтын байгууллагын багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих, оролцоог хангах, тэдний хөдөлмөрийг бодитой үнэлэх асуудлыг зохицуулсан бие даасан эрх зүйн орчинтой болсноор багш өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх, сургууль бүр багшийн хөгжлийг дэмжсэн үйл ажиллагааг санхүүжүүлэх замаар сургалтын чанарт ахиц гарах боломж бүрдэж байна.
2. Багшийн мэдлэг, боловсрол, хандлага, ёс зүй, эрүүл мэнд, нийгмийн баталгаа, багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд чиглэсэн багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөртэй байна.
3. Багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, мэргэжлийн боловсролын сургалтын нийт хувьсах зардлын хоёр хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний зардлыг зарцуулна.
4. Багш мэргэжлээр дээд боловсрол олгох их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт зургаан сарын хугацаатай дадлагажигч багшаар ажиллах агуулгыг багтаана. Дадлагажигч хөдөө орон нутагт ажиллавал тэтгэлэг олгож болох бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална.
5. Ерөнхий боловсролын сургуулийн 44-өөс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар анги нь туслах багштай байж болно. Ингэснээр багш хүүхэд бүрт хүрч ажиллах боломж нээгдэнэ.
6. Багшид ажлын гүйцэтгэлд суурилсан урамшууллыг олгох бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална.
7. Засгийн газар багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг таван жил тутамд баталж, багшийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаа, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж, хэрэгжүүлнэ.
8. Багшийг түрээсийн орон сууц, ипотекийн зээлд хөнгөлттэй нөхцөлтэйгээр хамруулах хөтөлбөрийг барилга хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.

Мод, модон хийцийг НӨАТаас чөлөөллөө

Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа гуалингаас бусад бүх төрлийн түлшний зориулалтын мод, тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг өнөөдрөөс НӨАТ-аас чөлөөлж эхэллээ.
Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай энэ хууль нь 2022 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэлх хугацаанд үйлчилнэ. Энэхүү хууль нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг бууруулах, ойгоос нялх моддыг авч хот суурин газруудыг ойжуулах явдлыг зогсоох зорилтой юм.
Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянган төгрөг боллоо

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талын хэлэлцээгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг болгон өсгөх шийдвэрийг өнгөрсөн оны наймдугаар сард гаргасан билээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар хэлэлцээрийг хийсэн юм. Тэгвэл энэ шийдвэрийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс буюу өнөөдрөөс эхэлж мөрдөж эхэлнэ. Мөн 2020 оноос эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дахин нэмж, 420 мянган төгрөг болгохоор ярилцсан байгаа. Тухайлбал, 2015 оноос хойш энэ хэмжээг өөрчлөөгүй тул ийнхүү шат дараатай нэмж байна гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлсэн. Манай улсын нийт ажиллах хүчний 8 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг. Ажиллах хүчний тоо 1.4 сая тул 112 мянган хүн 240 мянган төгрөгийн цалин авч байв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын хэмжээнд он солигдох мөчид 39 хүү, 36 охин мэндэлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ оны эхний өдөр Нийслэлийн өргөө амаржих газар буюу ууган төрөх эмнэлэгт очиж он солигдох шөнө амаржсан эхчүүд болон эмнэлгийн ажилчдад шинэ оны мэнд дэвшүүллээ.

Нийслэлийн өргөө амаржих газарт 2019 он гарсаар 13 эх амаржсан байна. Харин улсын хэмжээнд 00:00 цагаас хойш 75 хүүхэд мэндэлсний 39 нь хүү, 36 нь охин байжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус эмнэлэгт амаржсан эхчүүдтэй уулзаж эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсээд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд төрөх эмнэлгийн орчин, төрөх орыг шинэчлэх ажилд анхаарал хандуулж ажиллахыг хүссэн юм.

Энэ үеэр мөн Нийслэлийн өргөө амаржих газрын дарга, Анагаах ухааны доктор Г.Баясгалан:

“Нийслэлийн өргөө амаржих газарт 2017 онд 11800 орчим эх амаржсан. Өнгөрсөн шөнө 35 эх амаржсан. Өглөөний найман цагаас хойш таван ээж амаржиж, 11 эх төрөхөөр бэлтгэгдэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны зургадугаар сарын 1-ний өдөр манай байгууллагыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан. Энэ үеэрээ манай төрөх эмнэлэгт хувиасаа 100 сая төгрөг өгөхөөр амласан байсан. Тэр амлалтаа биелүүлж, өнгөрсөн 11 дүгээр сард маш сайн үйл ажиллагаа, тоноглолтой сүүлийн үеийн төрөх орнуудыг бэлэглэсэн. Эхчүүд одоо энэ орон дээр амжиж байгаа” гэсэн юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан “Манай эмнэлэгт тасралтгүй хүүхэд мэндэлж байдаг. Одоо ч гэсэн эхчүүд орилж, уйлсаар байна. Төрөлт гэдэг сайхан явц. Төрсний дараа ээжийн бүх өвдөлт, шаналгаа мартагддаг. Шинэ хүн мэндэлнэ гэдэг хамгийн аз жаргалтай мөч. Ийм сайхан мөчийг хуваалцсанд нийт эмнэлгийн ажилчдынхаа өмнөөс талархал илэрхийлье” гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга амаржсан зарим эхчүүдтэй дурсгалын зураг татуулж, гарын бэлэг гардууллаа.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлчүүдийн мөнгөн үдэш

Нийслэлчүүд хуучин оноо түүх, дурсамжтайгаа хамт үдэж, шинэ оноо хүсэл мөрөөдөл, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлөөр угтан авлаа.

“Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн баярын цэнгүүний үйл ажиллагааны зургуудаас сонирхуулъя.







Нийслэлчүүд шинэ оноо төв талбайдаа угтлаа






Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

44-өөс дээш сурагчтай нэг, хоёрдугаар ангиуд туслах багштай болно

2018 оны хаврын чуулганаар баталсан хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг УИХ-аас баталснаар багш нарыг хөгжүүлэхээс гадна тэдний нийгмийн асуудлыг сайжирна гэж хууль санаачлагчид нь тухайн үед тайлбарлаж байсан юм. Багш нарын цалингийн асуудал байнга хөндөгддөг. Тиймээс энэ хуулийн хүрээнд багш нарын хөдөлмөрийг бодитой үнэлэх асуудлыг зохицуулжээ. Мөн ерөнхий боловсролын сургуулийн 44-өөс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар анги нь туслах багштай байж болохыг хуульчилж өгсөн байна. Улсын тодотголтой нийслэлийн ерөнхий боловсролын ихэнх сургуулийн нэг ангийн хүүхдийн тоо нормоос хэтэрсэн байдаг. Мөн багш нарын нийгмийн асуудлыг шийдэх хүрээнд багшийг түрээсийн орон сууц, ипотекийн зээлд хөнгөлттэй нөхцөлтэйгээр хамруулах хөтөлбөрийг барилга хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хэрэгжүүлэх асуудлыг багтаажээ.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Хоорондоо алалцаж байхаар хоёр булайгаасаа салаач ээ, МАН-ын залуусаа

Эрх баригч намын дотоод хэрүүлээс болж засаг төрийн үйл ажиллагаа гацаад багагүй хугацаа өнгөрч байна. Чуулганы нэгдсэн хуралдаан саатаад сар шахам боллоо. Энэ янзаараа мөдхөн төр дампуурлаа зарлаж мэдэх нь. УИХ-д 65 суудалтай МАН засгийн эрхийг авчихаад улсын бодлого, шийдвэрийг гацаагаад зогсохгүй намаа ч устгах шинжинд орж байна. Түрүүчээсээ энэ намыг татан буулгахаар Дээд шүүхэд өргөдөл гаргаад эхлэв.

МАН-ыг тараая гэж шүүхэд хандсан хуульчдын өргөдлийг үл тоож боломгүй юм билээ. Улс төрийн намуудын тухай хуулийн 23 дугаар зүйлд маш тодорхой заагаад өгчээ. Уг хуулийн 23.2-т “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжсэн бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргана” гэжээ. Ингээд тухайн намыг улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлдэг хуулийн механизм өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байна. Эндээс харахад МАН-ын бүлэглэл хоорондын тэмцэл, гаргаж байгаа авир, үйлдэл нь дээрх хуулийн заалтын гол тодорхойлолттой нь яв цав тохирч байгаа юм. Намын Бага хурлаараа УИХ-ын үйл ажиллагаанд оролцож, Төрийн өндөрлөгийг огцруулах асуудалд санаархсан нь Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэсэн оролдлого болохыг хуульчид тайлбарлаж буй. Энэ үндэслэлээр бол МАН яалт ч үгүй татан буугдаж болзошгүй нөхцөл байдал үүсчээ.

М.Энхболд, У.Хүрэлсүх гэсэн хоёр бүлэглэл намаа хэрхэн сүйдэлж байгааг нийгэм даяараа харж байна. Нэгэн зууны түүхийн хуудсыг бичиж яваа МАН энэ хоёрын үед амь тавих өнгөндөө орлоо. Фракц хоорондын тулаан намаа устгах хэмжээнд хурцдаж байгааг намжаах сэтгэлтэй хүн МАН-д үнэндээ алга. Хашир бурхинуудыг намаа аврахаар ханцуй шамлан дуу хоолойгоо нэгтгэх болов уу гэж харж байтал харин ч эсрэгээрээ байх юм. Тэд намаа хагалан бутаргах тал дээр ямар айхавтар манлайлан оролцож байна вэ. МАН-ын тулхтай гишүүд болох Ц.Нямдорж, Ч.Улаан, Н.Энхболд, Ө.Энхтүвшин нарыг хамгийн түрүүнд нэрлэмээр байна. Тэд сиймхийгээр нь төрийн өндөрлөгт оччих санаатай гүйж байна шүү дээ. Эдний хэлж ярьж байгаа үг, намын мэдэгдэл зэргүүд бэлхнээ харуулж байгаа. Ямар санаа агуулж намдаа ассан гал дээр тос нэмэв, хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн мэдэлгүй яахав.

Туршлагатай, юмны наанадах, цаадахыг тунгаах нас тогтсон МАН-ын гишүүд ингэж эрх ашиг, албан тушаалын төлөө сөхөө авахгүй улайрч байна. Тэгэхээр МАН-ынхан хэндээ итгэж, найдах вэ дээ. Залуу гишүүд нь болохоор нааш гэсэн рүү хуйларч хоёр талд хэдийнэ гарчихсан. Одоо УИХ-д суугаа 64 гишүүн нь эн тэнцүү талцаад үзэлцэж байна. Парламентад суусан цагаасаа л хоёр талд гараад хоорондоо алалцсаар өдий хүрлээ. Энэ бол улс төрд хөл тавьсан залуу гишүүдийн хувьд эмгэнэл. Фракц бүлэглэлд автаж, хэн нэгнээр оюун санаа, үзэл бодлоо жолоодуулж яваа хүмүүс яаж улс орныг цаашид авч явж чадах юм бэ. Угтаа бол МАН-ын залуу гишүүд хоёр талд ингэж тэмцэлдэж байхаар М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрыгоо огцруулахаар нэгдэх ёстой баймаар. Парламентаас гадуур байгаа гишүүд хүртэл эвлэлдэн нэгдэж, намаа аврах хэрэгтэй байна. Ингэж шинэ үеийн залуус тодорч гарч ирэхгүй бол танай нам хадан цохионы ирмэг дээрээс унахад бэлэн байна шүү.

Одоо МАН-ын хоёр бүлэглэлийн хэн, хэнийг нь зөв гэх юмгүй боллоо. У.Хүрэлсүх нь шударга үнэний дуу хоолой гээд цээжээ балбаад байгаа хэрнээ намын Удирдах зөвлөл, Бага хурал дээрээ төрийн хэрэгт дур мэдэн оролцож, УИХ-ын даргыг огцрох ёстой гэсэн шийдвэр гаргуулаад байдаг. М.Энхболдын хувьд УИХ-ын даргын албан тушаалаас огцрох хуулийн үндэслэл байхгүй гээд нам жим суугаад байдаг. Чуулганаа хуралдуулж, ажлаа хийе гэх боловч У.Хүрэлсүхийн талынхан бойкотолчихоод хүчин мөхөс нэгэн болж хувирлаа. Энэ хоёрын бүлэглэл хоёулаа их хэмжээний мөнгө санхүүтэй холбогдож, шившгээ дэлгэсэн. Ерөнхий сайд ЖДҮ-чин, УИХ-ын дарга нь 60 тэрбумчин гэсэн “цолтой”. Гэвч аль аль нь үүнийгээ үгүйсгэдэг. МАН-ынхан нэг нэгнийхээ хууль бус үйлдлийг олон түмэнд дэлгээд байхад хууль хяналтын байгууллагынхан таг дуугүй л сууцгаасаар.

МАН-ын хоёр бүлэглэл намаа шороотой нь хутгаж дууслаа. Монголын улс төрд хар тамга даруулчихлаа. Ийм нам улс орноо цаашид яаж авч явах юм бэ. Нэгэнт амин хувиа тэргүүнд тавьж байгаа нь ил тод байхад ард түмэн, эх орныхоо эрх ашгийг бодно гэж тэдэнд найдаж, горьдоод ч нэмэр алга. Тэд хэзээ ч улс эх орны эрх ашгийг бодохгүй нь ойлгомжтой. Улс төрд нэрээ хугалсан М.Энхболд, У.Хүрэлсүх хоёроос болж МАН-ын сүүлчийн хоногууд тоологдож байгаа юм шүү.

Уг нь МАН үүх түүх, улс төрийн туршлагатай байгууллагынхаа хувьд Монголын улс төрд байвал зүгээр л байх. Цаашид Монголын улс төр намгүйгээр явахгүй нь мэдээжийн асуудал. Тэглээ гээд МАН-ыг байхгүй болчихвол ард түмэн нэг их харамсаж, халаглаад байхгүй. Монголчууд шинэ зүйлийг хүлээж авахдаа шийрэгнэдэг болохоор л бэлэн нам байж байхад зүгээр юм болов уу гэж тайвнаар хүлээж авах байх. Нэгэнт л улс төрөөс арчигдаж сүйрч байгаа энэ нам татан буугдвал буугдахаас яахав дээ.

Дахин хэлэхэд, У.Хүрэлсүх, М.Энхболд хоёр булайгаа улс төрөөс зайлуулахгүй бол МАН-ын хагарал хэзээ ч эвлэхгүй. Аль нэг нь үлдлээ гэхэд унасан хүмүүс нь тэмцлээ тийм ч амар зогсоочихгүй байх. Иймд МАН-ын шинэ үеийн залуус гарч ирж намаа аврах хэрэгтэй байна.


Categories
мэдээ цаг-үе

Монголын шилдэг менежер Цагааны Хэнмэдэх гуай таны мэлмий тунгалаг байг

НЭГ. ХАР БАГААСАА АМЬДРАЛЫН УХААН ЭЗЭМШСЭН

Цагааны Хэнмэдэх гуай Завхан аймгийн Сонгино сумын уугуул хүн. Тэр бага насны зурвас үеэ ээжтэйгээ өнгөрүүлжээ. 1930-40-өөд оны хөдөөгийн борог амьдралыг багаасаа мэдэрсэн нь амьдралын хар ухаанд сургажээ. Цөөхөн хэдэн малтай ч ээж нь амьддаа ганц хүүгээ өлсгөөгүй, ах нарынхаа хүүхдүүдийн томдсон хувцсыг хасаж танан, “онгойж явахаар омойж яв” гэгчээр тухайн цагтаа юугаар ч дутаасангүй. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй явсаар, 3-4 настайгаасаа дулаан цагт аргал түүж, өвөл голоос мөс үүрч, мал хариулж, хүнд тусалж, хүний арга эвийг олох ухаан сууж, ээжийнхээ хэлсэн үгнээс гаралгүй, хэрсүү хүү есөн настай сумын бага сургуульд орж, 1952 онд онц дүнтэй төгсөв. Ээж нь хүүгээ эрдэм номын мөр хөөлгөхийг хичээн арга чарга хайж байтал,нагац эгчийн хүү Г.Пүрэвбаатар (хожмын нэртэй эдийн засагч, доктор, профессор болсон) Эрхүү хотод дээд сургууль төгсөөд Улаанбаатарт ажилд орсон үе таарч, дүүгээ хотод хүрээд ир гэж хэлүүлжээ. Ингээд Ц.Хэнмэдэх хүү сумаасаа хот руу нүүх айлын хөсөг даган, өөрийн чадах хэмжээндээ тэдэнд тус дэм болж, Улаанбаатар хотод ирж, айл айлаар дамжин явсаар Г.Пүрэвбаатар ахыгаа олж уулзав. Үеэл ах нь дүүгээ Улаанбаатарын II дунд сургуульд оруулав. Угийн сэргэлэн дүү нь сурлага сайтай, аливаад авхаалжтай хүүхэд тул 1958-1962 онд Москва хотын Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн дээд сургуульд суралцаж, “Бараа судлалын мэргэжилтэн” диплом өвөртлөн ирэв.

ХОЁР. МЭРГЭЖИЛТЭЙ, АЖИЛТАЙ, АЖИЛ ХИЙХ СЭТГЭЛТЭЙ

1960-аад онд ЗХУ-д дээд сургууль төгссөн мэргэжилтэн манай улсад тийм ч олон байсангүй. Түүнийг Худалдаа бэлтгэлийн яамны харьяа Төв бараа баазад бараа, таваарын үнэ зохиодог үнийн ахлах мэргэжилтнээр томилжээ. Төв бараа бааз гэдэг нь улсдаа худалдааны төвлөрсөн хамгийн том байгууллага бөгөөд Монгол Улсын төсвийн орлогын 60 хувийг бүрдүүлдэг том аж ахуй байлаа. Оюутны ширээнээс дөнгөж ирсэн түүнд ажлын туршлагатай хар практикийн ахмад хүмүүс чадах ядахаараа туслахыг хичээж, тэдний зөвлөгөө, онолын мэдлэг хоёроо хослуулан зөв баримжааг түргэн олж, жилийн дараа 23 настай тус байгууллагын орлогч дарга, дараа нь нэгдүгээр орлогчоор дэвшин томилогдов. Ц.Хэнмэдэхийн цохолтгүй нэг ч бараа гүйлгээ хийгдэхгүй бөгөөд захиргааны арга голлосон хүнд суртлын үед сайдын гарын үсэг барьж, тийм ч юм авна гэж шантаажлах албан тушаалтнууд ч цөөнгүй. Зарим нь сайдын гарын үсэг тоодоггүй их зантай энэ залууг зайлуулна гэж омогдох, дээшээ матаас бичих, бичүүлэх хэл ам тасрахгүй. Байгууллагын дотоод журам, сайдын тушаалыг хатуу мөрдөж, жинхэнэ шударга зарчим баримталдаг байж. Харин манай дарга гуйвж дайваад байдаггүй, ажлаа мэддэг, цөлх сайн хүн байсан тулдаа намайг хамгаалж, зөв юмыг минь дэмждэг байв. Ажлын хүндийг одоо яриад, хийсэн ажлаа жагсааж бичээд яахав ээ, ер нь амь дүйсэн архи, шорон хоёрт ойрхон, “дээлээ нөмөрч” мэдэх ажил байсан даа гэж дурслаа. Аж ахуйн ажлыг хүн ойлгодоггүй юм. Мэргэжил, мэдлэг байлаа ч сэтгэлгүй бол явдаггүй ажил шүү дээ. Хүний арга эвийг нь олохгүй бол няравууд гэж янз бүрийн ааш авиртай, үнэнийг худлаа болгож, өнгө зүс хувиргаж мэдэх нэгэн ч байдаг. Энэ бүхэн түүнд хүнтэй харилцах нарийн мэдрэмж олгожээ.

1972 онд Төв бараа бааз дээр Улсын төлөвлөгөөний комисс, Худалдааны болон Гадаад худалдааны яамнаас иж бүрэн шалгалт хийж, шалгалтын дүнг хэлэлцээд манай удирдлагын багийн ажлыг сайшааж, Улсын Төлөвлөгөөний комиссын дарга Ринчинпэлжээ гуай намайг төвдөө татан авлаа. Тэнд нэг их удаан ажиллаагүй ээ. Гадаад худалдааны сайд Очир гуай нэгэн өдөр дуудаж, “Разноимпорт нэгдэл”-д орлогч даргаар хэсэгхэн хугацаанд ажиллуулаад Москва хот дахь Монгол Улсын ЭСЯ-ны Худалдааны төлөөлөгчийн газар(ХТГ)-ын орлогч даргаар томилуулан дипломат ажилтан болгов. Төлөөлөгчийн газрын даргаар ажлаа арван хуруу шигээ мэддэг нөмөр нөөлөгтэй Төмөр гуай их түшиг болж байлаа хэмээн дурсав.

Москва дахь ЭСЯ, ХТГ-ын ажил өргөн цар хүрээтэй, худалдаа, эдийн засгийн бүх үйл ажиллагаа дээрээс нь гуравдагч оронтой харилцах худалдааны асуудал хариуцдаг байлаа. МАХН-ын Төв хорооны УТТ-ны гишүүд, Төв хороо, яам, улсын хороо, тусгай газрын удирдлагуудын ирэх, буцах, тэднийг ая тохитой байрлуулах, төвийн захиалгатай бараа, материалыг Зөвлөлтийн байгууллагуудаас арга эвийг нь олж нийлүүлэх, төмөр замаар тээвэрлүүлэх, олон улсын чанартай уралдаан тэмцээнд оролцогч урлаг, спортынхонд үйлчлэх, Зөвлөлтийн БНУ дахь 400 гаруй худалдаа, үйлдвэрлэлийн байгууллагуудтай харилцах зэрэг ажилд ёстой өдөр, шөнөгүй зүтгэж, тэр их ажлыг залуу насны ааг омгоор бүтээлч сайхан хамт олонтойгоо гар нийлэн ажиллаж, бүтээж явснаа эргэн санахад одоо ч надад бахархалтай санагддаг юм гэлээ. Тэр үед ажлын сахилга, хариуцлага, хүмүүсийн даалгасан ажил хариуцах чадвар үнэхээр өндөр байсан нь хамгийн чухал нөлөө үзүүлж байлаа. Залуухан явахдаа бидний үеийнхэн ээлжийн амралтаа ховорхон авч байлаа.

Москва хотод долоон жил ажиллаад буцаж ирэхэд М.С.Горбачёвын “Өөрчлөн байгуулалт” манайд ч бас хүчээ авч, нийгэм хөдөлгөөнд орж, өөрчлөлт шинэчлэлийн уур амьсгал эхэлж байсан үе таарчээ. Худалдаа, эдийн засгийн ажлын өргөн мэдлэгтэй, ажлын ихээхэн туршлага хуримтлуулсан түүнд яамны төв аппаратад нэлээд томоохон албан тушаал санал болгоход, шууд татгалзсан гэж байгаа юм. Чухамдаа тэр үед дээшээ өсч сайд, дарга болохын төлөө “уралдаж” байхад, Ц.Хэнмэдэх гуай надад аж ахуйн ажил өгчих, зочид буудал байсан ч болно гэхэд, боловсон хүчний хэлтсийн дарга нь за би дарга нартаа танилцуулаад эргэж хэлье гэсэн нь ёсоор болж, “Баянгол” зочид буудалд томилогдсондоо сэтгэл өег, энэ буудлыг орчин үеийн стандарт, дэлхийн жишигт хүргэнэ гэсэн эрмэлзэл төгс ажилдаа оржээ.

ГУРАВ. БИЗНЕС ШУДАРГА ЗАРЧИМД ТУЛГУУРЛАДАГ

1990 онд Улаанбаатар хотод “Улаанбаатар”, “Баянгол”, “Сэлэнгэ” (одоо “Цэцэг”), “Залуучууд”, “Нэгдэлчин” гэх цөөхөн хэдэн зочид буудал байв. Түүний хүлээн авсан “Баянгол” нь олон байгууллагын харьяалал дамжсан тул эзэнгүйдэж, барилга байшин, тоног төхөөрөмж нь хуучирч муудсан, хөрөнгө оруулалт хийгдээгүй удсан, ажилчдын мэргэжлийн ур чадвар цаг үеэс ихээхэн хоцрогдсон тийм л аж ахуй байжээ. Харин чамгүй орлого олдог ч бүгдийг улсын санд төвлөрүүлэн хураагаад авчихдаг, зочид буудлаа шинэчлэх эрх мэдэлгүй, айлын шоовдор хүүхэд адил болсон байлаа.

Тэрбээр өөрөө гадаад явж, зочид буудлуудын зохион байгуулалт, орчин менежмэнт, маркетинг хийх аргыг судлав. Ирээд буудлаа аажмаар шинэчлэх стратеги төлөвлөгөө боловсруулж, орлогын тодорхой хувийг хөрөнгө оруулалт хийхэд зориулж, ингэснээр зочид, үйлчлүүлэгчдийг улам илүү нэмэгдүүлэх тодорхой саналаа дээшээ тавив. Үүний үр дүнд 1990, 1991 оноос зочид буудлын иж бүрэн шинэчлэлийн ажлыг эхлүүлэв. Дээрх дутагдалтай байсан зүйлүүдийг ээлж дараалан хэрэгжүүлж, 1993 он гэхэд “Баянгол” зочид буудал өнгө төрхөө сайжруулж, тавилга хэрэгсэл, хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, хэрэглээний усны системээ шинэчилж, мэргэжлийн ажилчидаа гадаадад сургалтад хамруулсны үр дүнд дотоодын төдийгүй гадаадын зочдын эрэлт хэрэгцээ шаардлага нийцүүлж чадсанаар зочид, үйлчлүүлэгчдийн тоо ихээхэн нэмэгдэж, орлого ч улам өсөв.

Монголд хувьчлал эрчимтэй өрнөж, 1992 онд “Баянгол” зочид буудал хувьцаат компани болж, анхны гүйцэтгэх захирлаар олон жил үр бүтээлтэй ажиллаж, улмаар 300 гаруй ажиллагсад, 400 орчим ортой, мөн тийм хэмжээний ресторан, хоолны газартай, шинэ нэр төрлийн олон үйлчилгээг нэмэгдүүлж, Монгол Улсын аялал, жуулчлалын салбарт өөрийн байр суурийг баттай эзлэв. 1994 онд Монгол зочид буудлуудаас анх удаа гадаадын зочид буудлуудын сүлжээтэй менежмэнтийн холбоо тогтоон хамтран ажилласан. Улмаар “Найдвартай татвар төлөгч”, “Хэрэглэгчдийн найдвартай түнш”, “ТОП 100” аж ахуйн нэгжийн эхний хорьд олон удаа дараалан шалгарч, улсад жил бүр гурван тэрбум төгрөгийн татвар төлж, олон зуун хүнийг ажлын байраар хангаж, “4 одтой” зочид буудал болсон байна. Энэ бүхнээ бизнес шударга зарчим дээр тулгуурладаг хэмээгээд манай амжилтын гол цөм бол өндөр мэргэжилтэй ажилчид, менежерүүд юм гэж бахархан ярих дуртай, тэднийгээ хайрлан хамгаалах өрөвч сэтгэлтэй жинхэнэ ажлын төлөө төрсөн хүн бол Ц.Хэнмэдэх гуай бөлгөө. Одоо 80 насны босго алхаж буй тэрбээр “Баянгол”-оо хувьчилж авсан шинэ менежмэнтийн баг, чадварлаг менежерийн удирдлагад шилжүүлсэн ч зөвлөхийн үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ, тус байгууллагын Үйлдвэрчний хорооны дарга Ахмадын зөвлөлийн даргын сонгуульт ажлыг давхар амжуулсаар явна.

ДӨРӨВ. ЗОЧИД БУУДЛУУДЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ

1997 онд Монголын зочид буудлуудын холбоог мэргэшсэн хэсэг нөхөд Г.Очирсүх, Д.Энхболд, Л.Хангай, Д.Гансүх нарын хамт үүсгэн байгуулж, уг холбооны анхны ерөнхийлөгчөөр нь сонгогдон ажиллаж, улмаар ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын саналыг авч, зочид буудлуудын хөгжлийн төлөө хувь нэмрээ оруулахад чиглэсэн сайн дурын гишүүнчлэлдээ үйлчилдэг төрийн бус байгууллага (ТББ) статустай болгож, 21 аймагтаа салбар зөвлөл, төлөөлөл ажиллуулж, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэв. Өндөр хөгжилтэй орнуудын зочид буудлуудын туршлага судалж, гадаадын мэргэшсэн зочдыг урин хичээл заалгаж, зочид буудал, зоогийн газрыг мэргэжлийн хүмүүсээр бэхжүүлж, Дэлхийн зочид буудлуудын холбоонд гишүүнээр элсүүлэн, үйл ажиллагааны цар хүрээг улам өргөжүүлсэн түүхтэй юм.

Монголдоо зочид буудлуудын холбооны нэгдсэн сүлжээ бий болгож, харилцан туршлага судалж, холбооны дэргэд МҮХАҮТ, Монголын тогооч нарын холбоотой хамтран үйлчилгээний маркетинг, мэргэжлийн менежерүүд, тогооч, зөөгч, бармен, зочид угтагч, хүлээн авагч нарыг ээлж дараалан системтэй бэлтгэж иржээ. Нийслэлд төдийгүй, аймаг, орон нутагт зочид буудлууд олноор бий болж, тэдний хооронд өрсөлдөөн үүсч, улмаар мэргэшсэн чадварлаг баг, хамт олон бий болоход Ц.Хэнмэдэх гуайн оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй билээ. Аливаа ажлыг санаачлан эхлүүлэх, түүнийг ажил хэрэг болгох, үйл ажиллагааг тогтвортой мөрдүүлэх, зочид буудлуудын нэгдсэн зэрэглэл тогтоох зэрэг олон ажлыг гардан удирдаж, төр засгийн дэмжлэг авч, улмаар холбогдох хууль, журмыг гаргуулан авч, өнөөгийн түвшинд хүргэх ажил шулуун дардан замаар яваагүй нь хэнд ч ойлгомжтой. Дэргэдээ чадварлаг залуу боловсон хүчнийг сурган бэлтгэж, үлгэр дуурайл үзүүлж, одоо Монголын зочид буудлуудын холбоог туршлагатай залуу менежер С.Мөнхбат удирдаж байна. Ийнхүү зочид буудлын холбоо гэх их айлын замыг зөв тавьж, олон нийтийн нэгэн хүчтэй байгууллага болгож чадсан Ц.Хэнмэдэх гуай, үнэхээр уг холбооны “загалмайлсан эцэг” мөн болой.

ТАВ. ТӨРДӨӨ ХИЙСЭНАЖИЛТАЙ, ТҮМЭН ОЛОНДОО ХЭЛЭХ ҮГТЭЙ

Монголын худалдаа, үйлдвэрлэл, аялал жуулчлалын байгууллагад 1962 оноос тасралтгүй 57 жил гаруй хугацаанд Төв бараа баазаас Москва хот дахь ЭСЯ-ны ХТГ-ын орлогч дарга хүртэл дэвшин ажиллахдаа ачааны хүндийг үүрч, бэрхшээл бүрийг даван туулж, ард түмэндээ бараа материал хүргэх ажлыг чадварлаг зохион байгуулж байсныг мэдэх хүн цөөрсөн ч түүнийг батлах олон арвин баримт бичиг архивт хадгалагдан үлджээ. Зах зээлийн нийгэмд аж ахуйн нэгж, улмаар томоохон хувьцаат компанийг удирдаж, өөрөө зах зээлийн эдийн засаг, орчин үеийн менежмэнтийн онол, маркетингийн үйл ажиллагаа явуулах практикт зэрэг “суралцаж”, бизнесийн арга ухааныг чадварлаг эзэмшиж чадсан байна. Тэрбээр Монголын зочид буудлуудын холбоог анх үүсгэлцсэн төдийгүй түүнийг хөл дээр нь баттай зогсоож, энэ томоохон ТББ-ыг олон улсад данстай болгож, дараагийн удирдагчаа бэлтгэсэн алсын хараатай менежер бөгөөд түүнийг энэ салбарын олон зуун ажилтан багшаа хэмээн хүндлэх нь нэн бахархалтай. Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан, худалдааны ахмад зүтгэлтэн, аж ахуйн шилдэг менежер түүний хөдөлмөрийн үр шимийг төр хэдий нь үнэлэх цаг нь болсон биз ээ гэх түмэн олны ерөөлтэй сайхан үгээр энэхүү тэмдэглэлээ өндөрлөе.

Сэтгүүлч Г.Сумъяа

Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд 800 сонсогч эргүүл хамгаалалтад үүрэг гүйцэтгэлээ

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Цагдаагийн ерөнхий газраас “Шинэ жил-2018” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулав.
Энэхүү арга хэмжээнд ХСИС-ийн Цагдаагийн сургууль, Ахлагчийн сургуулийн 800 сонсогч энэ сарын 25-наас эхлэн энэ сарын 01 хүртэл хүч нэмэгдүүлэн үүрэг гүйцэтгэлээ.
Сонсогчид нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн хэлтэс болон Эргүүл хамгаалалтын газарт хуваарилагдан замын хөдөлгөөн зохицуулж ажилласан байна.