Categories
мэдээ эдийн-засаг

​Монголбанк 22 тонн алт худалдан авах зорилтоо биелүүлэв

Монголбанк өнгөрсөн 2018 онд нийт 21.9 тонн алт худалдан авснаа мэдэгдээд байна. Ингэснээр 22 тонн алт худалдан авна гэсэн зорилтоо үндсэндээ биелүүлжээ.

Дээрх тоо нь өмнөх оны мөн үед 20 тонныг авч байснаас 9.5 хувиар ахиу байна. Ийнхүү алт худалдан авалтын дүн өмнөх оны мөн үеэс давж биелэхэд 2018 оны зургадугаар сарын 4-нөөс 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг улс орон даяар амжилттай хэрэгжүүлсэн нь эерэгээр нөлөөлсөн гэж үзэж байна. Мөн өнгөрсөн оны 10 дугаар сарын 15-18-нд орон нутагт буюу Дархан-Уул, Баянхонгор аймагт байгуулсан алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төв байгуулсан нь үр дүнгээ өгчээ.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын хуучин оны баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлээрэй

НӨАТ-ын сугалааны буцаан олголтын өнгөрсөн 2018 оны төлбөрийн баримтыг бүртгүүлэх сүүлийн хугацааг 2019 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23.59 цаг хүртэл дуусгавар болохыг Татварын байгуулллагаас сануулж байна.

НӨАТ-ын тухай хууль, “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журам”-ын дагуу жил бүрийн нэгдүгээр улиралд өмнөх онд бүртгүүлсэн е-баримтын 2 хувийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлдэг билээ. Тэгвэл 2017 онд нийт 272.697.943 баримт хэвлэгдэж, иргэд 169.370.846 баримтыг е-баримтын системд бүртгүүлэн батагаалжуулжээ. Үүнээс 6117 иргэний мэдээлэл зөрүүтэй тул нэмэгдсэн өртгийн албан татварын урамшуулал Монголбанкнаас гүйлгээ хийх явцад буцаагдсан байна.

Мөн НӨАТУС буюу сугалаанд оролцож, хонжвор таарсан иргэдийн 2143 нь мэдээллээ баталгаажуулаагүй, эсхүл данс буруу, эзэмшигчийн нэр зөрсөн зэрэг иргэдээс өөрсдөөс нь шалтгаалсан хүчин зүйлийн улмаас урамшууллаа авч чадахгүйд хүрчээ. Иймд дээрх иргэдийн е-баримт бүртгүүлдэг апп руу “Таны 2017 онд авах нэмэгдсэн өртгийн албан татварын урамшуулал Монголбанкнаас гүйлгээ хийх явцад мэдээлэл зөрүүтэйн улмаас буцаагдсан байна.

Энэ сацуу сүүлийн үед нийгмийн сошиал сүлжээ /Facebook/-ээр цахим төлбөрийн баримтын систем ebarimt.mn-д нэвтрэх таны нэр, нууц үгийг ашиглан НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг авч өгнө гэсэн зард хууртаж, хууль бус залилангийн үйлдлийн хохирогч болсон талаарх гомдол удаа дараа гарч байна. Иймд Татварын албанаас иргэн таныг https://ebarimt.mn/-д бүртгүүлсэн өөрийн нэвтрэх нэр, нууц үгийг аливаа этгээдэд дамжуулахгүй байж, нууцлалыг чанд хадгалахыг сэрэмжлүүлжээ.

Categories
мэдээ улс-төр

Ёс зүйн дэд хорооны хуралдана

УИХ-ын хоёр байнгын хороо, нэг дэд хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Тухайлбал, 09.00 цагт хуралдах Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Гэмт этгээдийг шилжүүлэх тухай, Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол, Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

Харин 11.00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж, Ерөнхийлөгчийн саналын дагуу Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах асуудлыг хэлэлцэхээр товлосон байна.

Үдээс хойш буюу 14.00 цагт Ёс зүйн дэд хорооны хуралдана. Уг дэд хороо ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниуд бага хүүтэй зээл авсан асуудлыг хэлэлцэн, дүгнэлт гаргахаар төлөвлөөд буй юм.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн бүртгэлийн ажлыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдана

11.00 цагт Хангарди ордонд Нийслэлийн хэмжээнд Цэргийн бүртгэлийн ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан болно. Утас: 325044

12.00 цагт “Өдрийн сонин”-ы “Асуух эрхийн танхим”-д Монголын Зохиолчдын Эвлэлийн 90 жилийн түүхт ойн зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Г” танхимд Ёс зүйн дэд хороо хуралдана.

Categories
мэдээ цаг-үе

Улсын аварга С.Мөнхбат: Монгол бөхийн оргил цолонд хүрч энэ их уламжлал соёлын том тээгч болчихоод хаана ч хамаагүй очиж барилдаад байж болохгүй

Монгол Улсын аварга Сүхбаатарын Мөнхбаттай ярилцлаа.


-Сайхан өвөлжиж байна уу аварга аа?

-Сайхан өвөлжиж байна. Өнтэй сайхан өвөл болж байна.

-Үндэсний эрх чөлөөний ой “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаан удахгүй болно. Чансаа өндөр бөхчүүд барилддаг тус барилдаанд та хоёр ч удаа түрүүлж байсан санагдана?

-Сүүлийн үед чансаа өндөр 128 бөхийн барилдаан зохиогдох нь олон болжээ. Энэ барилдааны тухайд “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх гэдэг утгаараа бөхчүүдэд илүү үнэ цэнэтэй. 2011 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойгоор анх түрүүлж байлаа.

-Хоёр дахь удаагаа түрүүлэхэд нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж бугуйн цагаа дурсгаж байсан шүү дээ?

-Тэгсэн. Өөрийнх нь нэртэй хүмүүст дурсгадаг цагаа надад дурсгаж байсан. Ерөнхийлөгчийн цом дээр түрүү бөхийн нэр бичигдэж шилжин яваад жижиг хувилбар үлддэг.

-Танай гэр бүл шинэ жилийн баярыг хэрхэн тэмдэглэж өнгөрүүлдэг вэ?

-Миний хамгийн дуртай баяр маань. Хүүхэд байхад л манай гэр бүлийнхэн шинэ жилийн мод засаад л халуун дулаан уур амьсгал дунд тэмдэглэж өнгөрүүлдэг байгаа. Сүүлийн хэдэн жилийн тухайд Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд илүү ач холбогдол өгч шинэ жилийн баярт цөөхөн оролцдог болсон. Амжилттай барилдаж ард түмэндээ шинэ жилийн бэлэг барихыг илүүд үздэг болсон шүү.

-Өнгөрсөн жил Увс нуур дэвжээний бөх улсын харцага Т.Баасанхүү цомын эзэн болсон. Өнөө жил харцагын бэлтгэл сургуулилт хэр зэрэг байгаа бол?

-Т.Баасанхүү мөрний бэртэлтэй байж байгаад сая хагалгаанд орсон, өнөө жилдээ зодоглож амжихгүй байх. Бусад нь зодоглох байх. Аравдугаар сараас хойш Увс нуур дэвжээнийхэн тогтмол бэлтгэлтэй байгаа. Найр наадмын үе ард хоцорч бөхчүүдийн бэлтгэл жигдэрсэн харагдсан.

-2007 оны хавар бил үү дээ “Аваргуудад хүндэтгэл үзүүлэх” барилдаанаар аймгийн заан С.Мөнхбат гэж жижигхэн залуу гараад Д.Сумъяабазар аварга тэргүүтэй улсын том цолтнуудыг хаяж их шөвөгт шалгарч анх олонд танигдаж байсан. Тэр барилдаануудынхаа талаар?

-Хамгийн том цолтой бөх өвдөг шороодуулсан минь тэр л дээ. Д.Сумъяабазар аваргыг сугадаж тонгороод давж байсан. Сүүлд Сумъяабазар аварга “Хүндэтгэлийн барилдаанаараа аварга бөхөд л унаж байж дээ” гэж хэлж байсан. Тэр өдөр До.Ганхуяг, Х.Мөнхбаатар гээд улсын наадмын түрүү бөхчүүдийг цувуулж хаяж байлаа.

-Таны барилдааныг ажиглахад хүний хий зайг алдалгүй ашиглаад давж байгаа харагддаг. Энэ онцлогоороо тэгш ойн барилдаанд түрүүлж аварга цол хүртсэн гэж бөхийн багш дасгалжуулагчид ярьдаг юм билээ?

-Барилдаан ч шинж чанар тогтож давтаж, бодож сэтгэж байж хүнд сууна. Мэх техникийг хурдан сурч өөртөө суулгах нь байгалиас заяасан авьяас юм болов уу гэж боддог юм. Би өөрийн мэх техникээ хөгжүүлэх, яаж өөрчилбөл илүү боловсронгуй болгох талаар үргэлж бодож сэтгэж явдаг юм. Сүүлийн үед золгооноос бөхчүүд их сайн барилддаг болсон байна. Намхан хүн золгооноос яаж сайн барилдах талаар суралцаж байна. Улсын аварга О.Балжинням, улсын гарьд Б.Гантогтох нарын золгооны техникийг харж суралцаад орчин үеийнхтэй харьцуулаад л суралцана шүү дээ.

-Б.Гантогтох гарьдын бөх бэлтгэх арга барил их онцлогтой гэдэг юм билээ?

-Багш болгон өөр өөрсдийн гэсэн онцлог арга барилтай. Үндэсний бөхийн тухайд эхэлж хүнээ судлаад ямар бэлтгэл зохих, ямар төрийн мэх техник суулгавал илүү үр дүнтэйг багшийн нарийн ухаан шийднэ. Багш 20 залуу бөхөд нэг л мэх техник давтуулаад байхад хоёр юм уу гурван залууд таарна. Хүн болгоны өөр өөрийн онцлогт нь таарсан бэлтгэл сургуулилт хийлгэх нь илүү үр дүнтэй. Гантогтох гарьд энэ тал дээр мундаг хүн.

-Өнгөрсөн жилийн наадмын талаар хоёулаа ярилцъя л даа. Таны хувьд сайн барилдаж их шөвөгт шалгарсан шүү дээ?

-Би 2017 оны наадмаар миний бэлтгэл их сайн байсан. Дээшээ түрүү үзүүр бодож зодоглосон л доо. Хар багаасаа хамт бэлтгэл хийгээд бөхийн дэвжээний жаргал зовлонг хамтдаа туулж өдийг хүргэсэн найз маань заан цолны даваанд гурав дахь удаагаа гараад ирэхэд нь амлаад цолыг нь ахиулж өгсөн. Ө.Бат-Орших маань сайхан барилдаж гарьд цол хүртсэн шүү дээ. Өнгөрсөн наадмын тухайд үндэсний бөхийн бэлтгэл нэг удаа л хийсэн. Нуруугаа бэртээчихсэн л дээ. Улсын наадмын даваанаас давааны хооронд деклоденк тариад л барилдсан. Шөвгийн дөрөвт үлдсэн. Ид барилдаж байгаа аварга цолтой хүн их шөвөгт шалгарна гэж зориогүй нь мэдээж.

-Т.Бэгзсүрэнтэй хийсэн барилдааныхаа талаар. Завханы бөхчүүд танд их хэмжээний мөнгө санал болгосон тухай яриа наадмын дараа гарсан байна лээ?

-Тийм зүйл болоогүй ээ. Долоогийн даваанд хэд хэдэн аймгийн цолтнууд гарч ирсэн. Бодож байгаад хаяна гэж амлаад л давсан.

-Их шөвөгт гараад ирэхэд Ч.Санжаадамба аварга таныг амласан. Та өмнө нь давж байсан шүү дээ?

-Тактикийн алдаа гаргасан л даа. Санжаадамбын өөрийнх нь талд нь барьцаа халаад барилдааны хяналтаа алдчихсан. Нэг мэдсэн өнөөх хутгаагаа хийгээд л дор нь орсон байна лээ. Сүүлд бичлэгээс харахад хутгасан хөлөнд маань наагаад хавирсан байсан. Дархан мэх нь шүү дээ Санжаадамбын.

-Нөгөө талд Н.Батсуурь аварга Н.Жаргалбаяр заан хоёрын дунд ширүүн барилдаан болсон. Энэ барилдааны талаар?

-Хоёулаа л бэлтгэл сайтай байсан. Хоёулаа л түрүүлэх зорилготой зодоглосон. Сэтгэл зүйн бэлтгэл өндөртэй нь давж түрүүлсэн болов уу.

-Тэр жил таныг тавын даваанд Дундговийн А.Алтанхуягийг амлаад унахад залуугаараа найраа хийлээ гэж олон хүн шүүмжилсэн дээ?

-Буугаад өгчихсөн гэж олон хүн ярьдаг. Би барилдаж байх хугацаандаа хэнд ч бууж өгөхгүй гэж өөртөө тангарагласан. Монгол бөхөөрөө бахархаж, омогшиж явдаг аварга цолтой хүний хувьд энэ уламжлалынхаа ирээдүйн хөгжилд бохир зүйл оруулчихгүй юм шүү гэж хичээдэг. Өөрийнхөө биеэр залуу бөхчүүддээ үлгэр дуурайл үзүүлэх юм шүү гэж бодож явдаг юм. Алтанхуягтай барилдаад л дийлэлгүй унасан.

-Та А.Алтанхуягийг яагаад амласан юм бол. Дөрөв дэх удаагаа начин цолны даваанд аймгийн арслан цолтой босч байсан нь тэр шүү дээ?

-Дөрвийн даваанд Н.Түвшинбаяр заантай барилдахыг нь тогтож анзаарахад их сул байгаа юм шиг харагдсан л даа. Яаж гар амар дээшээ явах тухай л бодож байсан учраас юм бодолгүй очоод л амлачихсан. Тэгсэн эргэн тойронд байсан хүмүүс “Энэ олон залуус байхад чи Алтанхуягийг амлаад байхдаа яадаг юм гээд уцаарлах маягтай байсан”. Аав маань хүртэл “Чи яах гэж Алтанхуягийг амлаж байгаа юм” гэж зэмлэж байлаа. Бүх наадамчид л Алтанхуягийг улсын цол хүртчихээсэй гэж залбирч дэмжиж байсан юм билээ. Би ч өргөж гаргаж ирээд л халтираад дор нь орчихсон. Тэр олон хүний хүч энерги нөлөөлсөн юм болов уу гэж боддог юм. Бөх хүн амаа зөв авч байх хэрэгтэй юм билээ.

-Сүүлийн жилүүдэд аварга арслангууд хөдөө орон нутгийн наадам хэсч найраа хийх нь мэр сэр харагдах боллоо. Мөн төрийн хүндэтгэлийн барилдаан болж байхад тоохгүй “Алтан бүс”-ийн төлөөх барилдаан руу явчих юм. Том цолтой хүнд хэр ёс зүйтэй үйлдэл вэ?

-Монгол бөхийн оргил цолонд хүрээд энэ их уламжлал соёлын хамгийн том тээгч болчихоод хаана ч хамаагүй очиж барилдаад байх нь буруу гэж хувьдаа боддог юм. Тэр С.Мөнхбат ч байна уу, П.Бүрэнтөгс ч байна уу хамаагүй. Төрийн наадамд түрүүлсэн хүн арай өөр юм бодож сэтгэж явах ёстой. Би сар шинийн барилдаанд түрүүлчихээд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийнд очиж золгосон юм л даа. Очоод суухад Чой Хамбын дээр намайг суулгаж байсан. Миний дээр анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд Д.Бямбасүрэн нар сууж байлаа. Ахмадаа хүндэтгэдэг сар шинийн баяраар тэр том шашны тэргүүний дээд талд миний аварга гэдэг цолыг хүндэтгээд суулгахад их л юм бодож суусан даа. Би өөрөө бурхны шашинтай хүн л дээ. Аварга цолыг сэвтээхгүй өндөрт өргөж явах ёстойг тэр үед илүү ухаарсан шүү. Иймээс л аймгийн наадам битгий хэл улсын наадамд найраа хийхгүй зөв барилдаад эрч хүчтэй үетэйгээ хамт дуусъя гэж бодож явдаг юм.

-Анх бөхийн дэвжээ рүү ямар зорилготой алхаж орж байсан бэ?

-Сүртэй том зорилго тавьж байсангүй ээ. Аравдугаар ангид байхдаа өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд барилдахдаа аварга Ч.Санжаадамба, улсын заан Н.Түвшинбаяр, улсын заан М.Өсөхбаяр нартай анх хүч үзэж байлаа. Эхний 10-т шалгарчихаад сэтгэл өндөр нутаг буцаж байлаа. Нутагтаа очоод сумын заан л болчих юм сан гэж мөрөөдөж байлаа шүү дээ. Сум орон нутагт очиход сумын заанууд чинь бие хаагаараа ч хийж буй үйлдлээрээ ч үлгэр дуурайл үзүүлдэг байсан болохоор тэр л дээ. Хотод ирээд бол улсын цол авъя гэж зорьж байсан.

-Анх Бөхийн өргөөнд зодоглож байсан үеэ эргээд дурсвал?

-ШУТИС-ийн оюутан байхдаа анх өргөөнд гарч байсан санагдаж байна. Дэвж гарчихаад хаанаас гарсанаа мэдэхгүй толгой эргээд зогсож байснаа эргээд санахад инээд хүрдэг юм. Ингээд зогсож байгаад улсын заан Р.Даваанямын хүү Лхагвадорж начинтай оноолт таарлаа. Бид хоёр хоёулаа залуу бөхчүүд. Лхагваа ч миний хажууд жигтэйхэн өндөр цагаан залуу байлаа. Барьцалдаад л бужигнаад явчихсан. Сая нэг сэрэхэд би дээр нь хэвтэж байсан. Тэгээд Баянхонгорын Сэр-Од, Хэнтийн Баатархүү гээд хүчтэй арслангуудыг давж бөх болох хүсэл минь улам оргилж эхэлсэн дээ. Заалнаас ч салахаа больсон доо.

-Мөнхбат аварга маань хойшоо сууж байна уу даа гэх хандлага бөх сонирхогчдын дунд анзаарагдах болсон. Та наадмаас хойш нэг ч барилдсангүй шүү дээ?

-Одоо залуу хүн шиг том мөрөөдөл тавиад зүтгэхэд хэцүү. Гэхдээ энэ формоо алдалгүй Ардын хувьсгалын 100 жил хүртэл барилдъя гэсэн бодолтой байна. Доогуур даваанд унаад аварга цолыг сэвтээгээд байх сонирхол надад алга. Өнөөдөр бэлтгэл хийж хүчээрээ амжилтад хүрье гэдэг залуус ховор болоод байна. Бэлтгэл хийж аажимдаа сайжрахын оронд ийм тариа тариулчихъя, тийм хүч оруулдаг эм хэрэглэчихье гэх хандлага залуучуудын дунд нийтлэг ойлголт болоод байна. Цээжээр нь яр гарчихсан, жигтэйхан их ааг омогтой болчихсон залуус хаа сайгүй л харагдах юм. Энэ чинь өнөөх допингийн ул мөр шүү дээ. Энэ залуус ирээдүйгээ бодохгүй, допингийн хор нөлөөг ухамсарлахгүй өнөө маргаашийн ганц нэг давааг илүү үзээд байгаа нь харамсалтай. Допингтой тэмцэж устгахгүй бол хүү төрвөл бөх болно гэж бэлгэддэг сайхан уламжлал ул мөргүй устаж алга болно шүү.


Categories
мэдээ цаг-үе

“Stay with me” дууны эзэн Н.Энхлэн: Хүний мэдрэмжид хүрч чадсан дуу л хамгийн чанартай

“Stay with me” хэмээх онцлох бүтээлээрээ бидний танил болсон залуу уран бүтээлч Н.Энхлэнтэй ярилцлаа.


-Юуны өмнө уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулна уу?

-Намайг Н.Энхлэн гэдэг. 19 настай. Ээжийнхээ хамт ам бүл хоёулаа амьдардаг. Плехановын нэрэмжит орос сургуулийг гурван жилийн өмнө төгссөн. Дууны шүлэг, ая бичих сонирхолтой, чөлөөт уран бүтээлч. R&B болон dreampop стилээр уран бүтээлээ туурвидаг.

-Ямар нэгэн студи, продакшнд харьяалагддаг уу. Хамтран ажиллах санал хэр ирдэг вэ?

-Хамтран ажиллах саналууд ирдэг л дээ. Гэхдээ ямар нэг зүйлд баригдалгүй өөрийнхөөрөө, чөлөөтэй уран бүтээлээ туурвихыг илүүд үздэг. Тиймээс ч бие даан ажиллахыг сонгосон.

-Stay with me дууг тань Cstudio өөрийн You­tube хуудсандаа таны зөвшөөрөлгүй байршуулан олны хүртээл болгосон. Энэ асуудал яаж шийдэгдсэн бэ?

-Тухайн үед би “Solo” хөгжмийн продакшнд харьяалагддаг байсан. Продакшны маань ахлагчаар дамжуулан бүжигчин Т.Саруултөгс надтай холбогдсон. Өөрийн шинэ кино болох “Бүхнээс дээгүүр”-ийн албан ёсны дуугаар “Stay with me”-г сонгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Би ч саналыг нь хүлээн авч дуугаа олны хүртээл болгосон. Үүний дараа Cstudio өвлийн тухай зохиомж хийхдээ миний дууг дэвсгэр болгон ашигласан юм билээ. Ихэнх хүмүүс албан ёсных нь клип гэж андуурдаг. Тэр бичлэг дууг маань олонд таниулахад тусалсан учраас ноцтой асуудал болголгүй өнгөрсөн.

-Хэн нэгэнд зориулж бичсэн дуу бий юу?

-Хамгийн сүүлд олны хүртээл болсон IWLA дуу маань л эзэнтэй. Бусдаар бол хэн нэгэнд онцгойлон зориулсан дуу байхгүй.

-Дуу хөгжмөөс өөр юу сонирхдог вэ?

-Би хоол хийх их дуртай. Интернэтээс санаа аваад л шинэ жор зохиож, гэртээ төрөл бүрийн хоол хийдэг.

-Одоогоор юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

-Би хувьдаа юу ч болоогүй байхад чанаргүй олон клип, дуу гаргахыг хүсэхгүй байна. Уран бүтээлч хүн үзэгч, сонсогчдынхоо амьдрал, сэтгэл зүрхэнд сайхан мэдрэмж, сэдэл санаа өгч байх ёстой гэж боддог. Тиймээс одоогоор өөрийн хөгжмийн авьяасаа хөгжүүлэхэд анхаарч байна. Чанартай уран бүтээл гаргах нь л хамгийн чухал гэж боддог. Манай менежер М.Болор-Эрдэнэ, дуучин Чойдог бид гурвын хамтран дуулсан шинэ дуу удахгүй олон нийтэд хүрнэ. Ая нь их шинэлэг болсон. Сонсогчдод маань “Stay with me”-гээс ч илүү таалагдах байх.

-Ямар уран бүтээлийг чанартай боллоо гэж үзэх вэ. Зарцуулсан цаг хугацаа, уран бүтээлчийн авьяас чадвар гээд л юугаар хэмжигдэнэ гэж боддог вэ?

-Ер нь бол хоёр талтай л байх. Тухайн уран бүтээлчийн хичээл зүтгэл, авьяас чадвар цаашлаад сонсогчиддоо юу хүргэхийг зорьж байгаа вэ гэдгээс уран бүтээлийн чанар тодорхойлогдоно гэж боддог. Нөгөө талаас сонсогч тухайн дуу, уран бүтээлийг хүлээн авахдаа ямар сэтгэл хөдлөлтэй байгаа вэ гэдгээс зарим зүйл шалтгаалдаг. Хүний мэдрэмжинд хүрч чадсан дуу л хамгийн чанартай.

-Таны хувьд өөрөө дууныхаа үг, аяыг зохиодог гэдгээрээ онцлогтой. Дуу бичихэд сэтгэл санааны байдал хэр нөлөөлдөг вэ?

-Дуу хөгжимтэй ажиллаж байгаа хүний хувьд сэтгэл хөдлөл ажилд нөлөөлөх үе байна л даа. Гэхдээ би хувьдаа хүсэл сонирхолоо даган урлагтай холбогдсон учраас өөрийн сэтгэл хөдлөл гэхээс илүүтэй сонсогчиддоо төрүүлэх мэдрэмжийг чухал гэж боддог.

-Дууныхаа зарим хэсгийг англи хэлээр бичсэн байна лээ. Гадаад хэлээр дуулах сонирхолтой юу?

– Орос сургууль төгссөн болохоор гадаад хэлийг багаасаа сурсан. Орос хэлийг нэгдүгээр ангиасаа, монгол, англи хэлийг хоёрдугаар ангиас эхлэн заадаг байлаа. Түүнээс гадна Youtube- ээс англи хэл дээрх бичлэг их үздэг байсан маань хэлний мэдлэгт нөлөөлсөн гэж боддог.

-Залуу уран бүтээлчийн хувьд бие даан ажиллах нь санхүүгийн хувьд хүндрэлтэй биш үү?

-Цомог гаргах, тоглолт хийх гэх мэт томоохон ажлуудад өөрийгөө арай бэлэн болоогүй гэж бодож байна. Санхүүгийн хувьд хүндрэлтэй асуудал гаралгүй яахав. Гэхдээ өөрийн дуртай, сонирхдог зүйлээ хийж байгаа учраас шантардаггүй ээ. Одоо бол шинэ жил болох гээд уран бүтээлчдийн ажил ид эхэлчихсэн байна. Миний хувьд ч бас.

-Цаашдын төлөвлөгөө юу вэ?

-Залуу хүн учраас өөрийгөө хөгжүүлэхэд анхааран, цаашид чанартай уран бүтээл гаргахыг л хүсч байна даа. Олонд танигдах гэж яарч хөдлөлгүй, зүгээр л сонсогчдынхоо сэтгэлд хүрсэн дуунуудыг бүтээмээр байна.

Э.МАРАЛМАА

Categories
мэдээ цаг-үе

М.Морроу: Нэг өрх саалийн улиралд сүүгээ тушаагаад 1000 доллар авах боломжтой

“Монголын бяслаг урлаачдын холбоо”-ны тэргүүн М.Морроу монголд 2013 онд иржээ. Түүний үзэж буйгаар монгол сүүгээр дэлхийн стандартад нийцсэн бяслагийг үйлдвэрлээд эхэлсэн. Хоёр хөршөөс эхлээд монгол бяслагийг авахад бэлэн байгаа. Гэтэл монголчууд олборлох боломжтой сүүнийхээ 15 хүрэхгүй хувийг сааж байгаа гэнэ. Хэрэв бяслагаа экспортолж чадвал сүүнээс малчдын гар дээр очих мөнгө гурав дахин нэмэгдэнэ. Тэрээр АНУ-ын иргэн, Азийн олон оронд ажилласан туршлагатай бөгөөд Монголын сүүг дэлхийн зах зээлд гаргах зорилготой ажиллаж байна. М.Морроу сэтгүүлч мэргэжилтэй. Ветьнам, Кампучийн дайныг сурвалжилж байхдаа олон ажил хийж байсан. Сүүлд нь түүний хобби бяслаг болж хувирчээ.


-Танай байгууллагын хэтийн зорилт юу вэ?

-Өнөөгийн байдлаар Монголын малчид авах боломжит сүүнийхээ маш бага хувийг хямд үнээр борлуулж байна. Нэгэнт хямд учраас малчид малаа саах сонирхол бага. Гэтэл дэлхийд сүүлийн үед улам үнэд орж байгаа бяслагийн үндсэн түүхий эд нь сүү. Тэр тусмаа элдэв химийн бордоогүй, байгалийн гаралтай, тэжээлтэй малын сүү. Энэ нь өндөр орлоготой хүмүүсийн сонирхлыг татдаг. Энэ утгаараа монгол сүүний бяслаг үнэтэй байх боломжтой. Бид өнөөдөр дэлхийн зах зээлийн шаардлага хангасан хэд хэдэн төрлийн бяслагийг Монголд үйлдвэрлээд эхэлсэн. Өмнөд, хойт хөршийн албаны болон хувийн байгууллагад танилцуулсан. Тэд авахад бэлэн гэдгээ мэдэгдсэн. Бусад оронд ч гаргах боломжтой. Тиймээс бидний хэтийн зорилго дэлхийд “Монгол бяслаг” гэдэг брэндийг гаргах юм.

-Яагаад Монголыг сонгох болов?

-Миний төрсөн нутагтай адил цаг уур, байгальтай. Мөн монгол мал эко хүнстэй гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

-Хоёр жилийн дараа 1000 тонн бяслаг үйлдвэрлэх ойрын зорилт тавьсан байна.

-Ийм боломж бий. Сүүлийн жил гаруй хугацаанд судалгаа хийсэн. Өмнө нь бяслаг хийгээд эхэлсэн иргэдээс туршлага судалсан. Хамгийн гол нь монгол малын сүүний гарцыг нэмэгдүүлэх боломж байгаа юм. Энэ нь малчдад, бяслаг үйлдвэрлэгчдийн ашгийг нэмэгдүүлэх боломж. Саалийн улирал болох зуу хоногт сүүний гарцыг нэмэгдүүлэхэд 1000 тонн бяслаг үйлдвэрлэх бүрэн боломжтой. Зөв бодлого хэрэгжүүлж чадвал 5000 тонн ч болох боломжтой.

-Талаар нэг тарсан малчдын сүүг их хэмжээгээр цуглуулах боломжтой юу?

-Сүүний улиралд 10-20 км-ийн тойрогт сүү боловсруулах цех байгуулаад сүүгээ хураагаад байж болно.

-Жишээлбэл?

-100 тонн сүү хураагаад, сарын дараа 1000 тонн бяслаг гарна.

-Одоогийн бяслагийн үйлдвэрийн хүчин чадал ямар байгаа бол?

-Би энэ салбарт ажиллаж эхлээд удаагүй. Миний мэдэхээр Төв аймгийн Алтанбулаг суманд 1995 онд байгуулагдсан бяслагийн үйлдвэр байдаг. Энэ үйлдвэрийн бяслаг Монголд төдийгүй олон улсад танигдаж эхэлж байна. Нийтдээ 10-15 жижиг бяслаг үйлдвэрлэгчид бий. Тэд тус бүртээ жилд 500 кг-аас багагүй бяслаг үйлдвэрлэдэг. Дотооддоо нийтдээ 30 тонн бяслаг үйлдвэрлэж байгаа. Харин монголчуудын хэрэглээ нь 900 тонн.

-Яаж экспорт хийх вэ?

-Саяхан би экспорт хийх боломжтой бяслагийн үйлдвэр ашиглалтад оруулсан. Энэ үйлдвэр жилд 30 тонн бяслаг үйлдвэрлэх хүчин чадалтай.

-Дэлхийн зах зээлийн хэмжээ хэд вэ?

-Багаар тооцоход жил бүр 25 сая тонн.

-Стандарт хангагдаад, үйлдвэрлэл нэмэгдлээ. Экспорт хийх эрх зүйн орчин бүрдсэн үү?

-Энэ өөрөө асуудал болчихоод байгаа юм. Гэхдээ бяслагийг маш чанартай үйлдвэрлээд, тогтвортой хугацаанд хадгалах шаардлага хангасан байх ёстой. Монголын хувьд их хэмжээний бяслаг үйлдвэрлэх нь гол зорилго биш. Харин бага хэмжээний бяслагийг үнэ хүргэх нь чухал байгаа юм.

-Таны төслөөс хэн ямар ашиг хүртэх вэ?

-Эхний ээлжинд малчид. Үйлдвэрийг тойрсон малчид сүү цуглуулах цэг дээр 40 л сүү тушаагаад бэлэн мөнгө авна.

-Үнэ?

-Үнэ ямар малынх, чанар, улирал зэргээс хамаарч малчидтай тохиролцоно. Саалийн улиралд нэг өрх 1000 долларыг зөвхөн саалиас олох тооцоо хийсэн.

-Өдөр шөнөгүй хонь, үнээгээ саах уу?

-Тэр айлын өмнө нь амьдарч байсан хэв маягт нөлөөлөхгүй.

-Жишээлбэл?

-Наадамдах, морь малаа уях зэрэгт саад болохгүй шүү дээ. Дээр нь малчид үйлдвэрт хувь нийлүүлж болно. Тэгвэл ашиг хүртэнэ.

-Яагаад монгол бяслагийг илүү сонирхов?

-Дэлхий дээр чанартай бяслагийн эрэлт хурдацтай нэмэгдэж байна. Монгол бяслаг энэ хэрэгцээ шаардлагыг хангаж чадна. Хамгийн ойрхон жишээ гэхэд өмнөд хөршид дундаж давхарга хурдацтай нэмэгдэж байна. Тэдний амьдралын хэв маяг баруунжиж эхэлсэн. Итали, Франц улаан дарсны хэрэглээ эрс өсч, удахгүй дэлхийд тэргүүлэх байх. Улаан дарс бяслаг маш зохицолтой хүнс учраас бяслагийн хэрэглээ ч өсч байна.

-Бяслагийн үйлдвэрийг ямар зарчмаар байгуулах боломжтой вэ?

-Орон нутагт байгуулсан нь малчдад илүү ашигтай тусна. Жишээлбэл, баруун аймгуудад ирвэст малаа алдах тохиолдол гардаг. Энэ тохиолдолд үйлдвэрийн ашгаас нөхөн төлдөг байж болно.

-Малчид малаа зараад, нийлээд үйлдвэр байгуулах санаа гаргавал хэнд хандах вэ?

-Манай сая байгуулсан үйлдвэр дээр ирээд туршлага судалж, дадлага хийж болно. Бид тэдэнд техник, технологийн зөвлөгөө өгөх боломжтой. Компанийг яаж зохион байгуулах аргыг хэлж өгнө. Эсвэл бяслагийн борлуулалтад тусалж болно.

-Үйлдвэр байгуулах эхний алхам юу байх вэ?

-Эхний ээлжинд сайн бяслаг гэж юу гэдгийг мэдэх хэрэгтэй. Улмаар үйлдвэрийн зураг, төсөлд манай холбоо зөвлөгөө өгнө.

-Одоо ажиллаж байгаа Төмөрхуягийн үйлдвэрийг байгуулахад ямар хэмжээний зардал гарах бол?

-Дээд тал нь 150 мянган доллар хэрэгтэй. Энэ мөнгөөр үйлдвэрээ барьчихна. Тоног төхөөрөмжөө авчихна. Хэрэв 100 мянган доллартай бол манай холбоо үлдэгдлийг зээлээр гаргаж болно. Энэ бол бага орлоготой малчдад их, их орлоготой малчдад бага мөнгө. Дундаж орлоготой малчдад тохирох байх гэж бодож байна.

-Манай малчид түүхий эдээ хямд үнээр өгөөд сурчихсан.

-Харин тийм. Нэмүү өртөг шингээх талаар бага анхаардаг. Малын түүхий эдийн үнэ тийм ч өндөр биш. Харин нэмүү өртөг шингэж чадвал нэг малаас авах ашиг хэд дахин нэмэгдэх боломжтой. Зах зээл нь бэлэн байна шүү ээ.

-Цөөн малтай малчид нэгдэж үйлдвэр байгуулах ямар боломж байна?

-Малаа хувьцаа маягаар нийлүүлээд, түүгээрээ компани байгуулж мөнгө босгож болно. Хөвсгөлд их малтай малчин нь эхэлж хөрөнгөө гаргаад, бага малтай нь хувь нийлүүлээд, дараа нь сүүгээр төлөх ажил зохин байгуулж байгаа.

-Танай бяслаг олон улсын стандартыг хангасан гэдгийг юугаар батлах вэ?

-Бид БНХАУ, ОХУ, БНСУ гээд олон орноос эксперт авчирч бяслагаа шалгуулсан. Хариу сайн гарсан.

-Тэгээд яагаад экспорт хийхгүй байна?

-ХХААХҮЯ, ГХЯ-нд хүсэлт тавьж байгаа. Нааштай хариу өгнө гээд хүлээгээд сууж байна.

-Зөвхөн манайхаас шалтгаалаад байгаа юм уу?

-Тийм.

-Хөршүүдийн хүнсний хоригийг давж чадах уу?

-Чадна. Сүүг үнэд оруулах маш том боломж шүү дээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулгын шинэ жилийн мэндчилгээ

Монгол Улсын дөрвөн зүг, найман зовхист амьдран суугаа хүндэт ард иргэд ээ.

Даян дэлхийд тархан суурьшсан Монгол туургатнууд аа.

Он солигдох торгон мөч ирлээ. Монголчууд бид гурав дахь мянганы арван наймдах оноо үдэж, ирээдүйгээ дархлан бүтээх 2019 оныг угтаж байна.

Улиран одож буй 2018 онд бид улс төр-эдийн засгийн амаргүй сорилт, шалгуурыг даван туулж, итгэлцэл, эв нэгдлээ бататгасан жил боллоо. Монгол Улсын түүх нэгэн оноор нэмэгдэв.

2019 он “Эрс шинэчлэлийн жил” болох болно. Ард түмний оролцоо, дэмжлэгээр “Эрс шинэчлэл”-ийн үр дүнд Монгол Улсад хүчирхэг төр, хуулийн засаглал, шударга ёс ялан мандаж иргэн бүр баялгийнхаа эзэн байх болно.

Бидэнд аугаа гайхамшигт өвөг дээдсийн оюун ухаан, зориг тэвчээр, авхаалж самбаа, бяр чадал бий. Монгол хүний оюун ухаан дэлхийн оюуны спортыг манлайлж байна.

Мянганаар өртөөлсөн төрийнхөө голомтыг энэ цаг үед бадраагчид бид ирээдүйд цэгнэгдэх түүхээ эдүгээ бүтээж байна.

Mиний бие он солигдох энэ алтан агшинд, хүндэт ард иргэд, дэлхий даяар суурьшсан Монгол туургатнууд Та бүхэндээ,

Он солигдох мөчид ч гэсэн өргөсөн тангарагтаа үнэнчээр эх орныхоо дархан хилийг манаж буй хилчид, цэрэг дайчид, албан үүргээ гүйцэтгэж буй эмч сувилагч, цагдаа, онцгой байдлын албан хаагчдад,

Тив дэлхийд энх тайван тогтоох үйлсэд хүчин зүтгэж буй Энхийг сахиулагч дайчдад,

Эх орноо төлөөлөн манай улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд, Олон улсын байгууллагын төлөөлөгчид, хамт олон, нийт ард иргэд Та бүхэндээ

Шинэ оны мэнд хүргэе!

Шинэ онд айл бүхэн аз жаргалаар дүүрэн, хүн бүр хүсэл зорилгоо биелүүлсэн, амжилт бүтээлээр арвин, эрүүл энх байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

Хоёр мянганы түүхтэй Монгол төр өнө мөнх хүчирхэгжин мандаж, Монгол түмний хийморь заяаг ивээн бадраах болтугай!

Categories
мэдээ соёл-урлаг

2018 оны шилдэг уран бүтээлч, “Мөнгөн мод” цомын эзэд тодорчээ

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 12-р сарын 28-ны өдрийн А/843 тушаалын дагуу Үндэсний болон олон улсын хэмжээнд амжилт гаргасан шилдэг уран бүтээлчийг тодруулан алдаршуулах “Мөнгөн мод” цом гардуулах ёслолын ажиллагааг 2018 оны 12 сарын 29-ний өдөр “Их тэнгэр” цогцолборт зохион байгууллаа. Оны шилдэг уран бүтээлчдийг тодруулахаар БСШУС-ын Сайд Ц.Цогзолмаа, Дэд сайд Г.Ганбаяр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, БСШУСЯ-ны СУБГ-ын дарга Н.Сэргэлэн болон бусад албаны хүмүүс, урлаг, соёлын зүтгэлтнүүд оролцлоо. Шилдэг уран бүтээлчид нэр дэвшүүлэхээр мэргэжлийн урлагийн 27 байгууллагын нийт 40 шилдэг уран бүтээлчид нэр дэвшигдсэнээс 2018 оны шилдгийн шилдгээр дараах уран бүтээлчид тодорлоо.

Тайз, дэлгэцийн шилдэг зураач

Зураач Найданнямын Болор-Эрдэнэ

Шилдэг хөгжимчин

Монгол Улсын Консерваторийн багш, хөгжимчин Галсанжамцын Нямжанцан

Тайз,дэлгэцийн шилдэг жүжигчин

“Есөн өрлөг-Зола” хамтлагийн жүжигчин Лувсандашийн Тэлмэн

Тайз, дэлгэцийн шилдэг найруулагч

Жийж” продакшны найруулагч Осорын Бат-Өлзий

Шилдэг дуучин

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын дуучин Баасансүрэнгийн Энхнаран

Шилдэг бүжигчин

Үндэсний урлагийн их театрын бүжигчин Мягмарын Бямбаа

Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч билиг авьяастан

Туульч Эрдэнэцогтын Баатаржав нар тус тус шалгарч Засгийн газрын шагнал “Мөнгөн мод” цом, 3.0 сая төгрөгөөр шагнагдлаа.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар

Categories
мэдээ улс-төр

Тавантолгойд цахилгаан станц байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Эрчим хүчний яам болон “Оюу толгой” ХХК Тавантолгойн цахилгаан станцыг (ТТЦС) барьж ашиглалтад оруулах “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ”-нд гарын үсэг зурав. Ингэснээр Оюу толгой уурхай болон Өмнөговийн зарим хэрэглэгчдийг дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээр хангах урт хугацааны шийдэлд хүрч байна.

Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: “Монгол Улсын Засгийн газрын хуралдааны шийдвэрийн хүрээнд бид энэхүү гэрээг үзэглэж байна. Оюу Толгой компани уул уурхайн үйл ажиллагаандаа шаардлагатай эрчим хүчээ 100 хувь дотоодоос авах суурь тавигдаж байгаа юм. Оюутолгойн компани БНХАУ-аас 100 гаруй МВт-ын цахилгаан эрчим хүчийг импортлон авч байгаа. Энэ нь 160-170 орчим сая доллар. Нийт авч байгаа эрчим хүч нь манай улсын хэрэглээний 20 хувьтай тэнцэнэ. 2019 оноос эхлэн Оюу толгой эрчим хүчний хангамжийн тодорхой хэсгийг дотооддоо хангаж эхэлнэ. Улмаар 2023 оноос дотоодоосоо 100 хувь Оюутолгойд эрчим хүчээ хангадаг болсноор 200 гаруй сая долларыг эх орондоо авч үлдэнэ. Станц баригдсанаар Рио Тинто хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ.”

Тус гэрээнд Оюу толгойн цахилгаан эрчим хүчийг дотоодоосоо хангах шийдлийн зарчим, төслийн ерөнхий дизайн, талуудын үүрэг болон 300 МВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станцыг барих асуудлуудыг тусгасан юм.

Эрчим хүчний энэхүү гэрээг үзэглэсэн нь Тавантолгойн нүүрсний ордын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, холбогдох дэд бүтцийг барьж байгуулахУлсын Их Хурлын 2018 оны 73 тоот тогтоолыг хэрэгжүүлж, Монгол Улсын Өмнөд бүсийн эрчим хүчний хангамжийг дотоодын эрчим хүчээр бүрэн хангаж, Оюу толгой уул уурхай ялангуяа гүний уурхайн үйл ажиллагааг урт хугацаанд тогтвортой явуулах, эрчим хүчийг хөгжүүлэх чухал алхам болж байна.

“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес: “Гэрээг үзэглэсэн нь Оюу толгойн хувьд бас нэгэн тэмдэглүүштэй үйл явдал болж буй бөгөөд хувь нийлүүлэгч талууд харилцан ашигтай шийдэлд хамтаар хүрч болдгийн нэг тод жишээ юм.”

Рио Тинтогийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суарат: “Оюу толгой” ХХК нь [15,000] гаруй Монгол ажиллагсадтай дэлхийд тэргүүлэх Монгол компани юм. Үйл ажиллагааныхаа эрчим хүчийг дотоодоос авах талаар Монголын Засгийн газартай хэлэлцэж, тохирсондоо бид баяртай байна.”

Тавантолгойн цахилгаан станцыг (ТТЦС) барьж ашиглалтад оруулахЭрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээнд Монгол Улсын Засгийн газрыгтөлөөлж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн болон Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Оюу Толгой ХХК-ыг төлөөлж тус компанийн ТУЗ-ын дарга Г. Батсүх болон гүйцэтгэх захирал Армандо Торрес нар тус тус гарын үсэг зурав.