Categories
мэдээ цаг-үе

2019 оны хамгийн өндөр хүлээлттэй 10 кино

Холливудад жилд дунджаар 900 гаруй кино шинээр нээлтээ хийж, кино театрт 1.2 тэрбум тасалбар борлуулагдан, Box office-т 10 гаруй тэрбум ам.доллар эргэлддэг. Кино урлаг бол ийм том зах зээл. Жил бүр дээрх тоонууд нэмэгдсээр байна. 2019 он кино уран бүтээлчдийн хувьд завгүй жил байх нь хэдийнэ тодорхой болжээ. Үзэгчид, кино шүүмжлэгчдийн дунд хамгийн өндөр хүлээлт үүсгээд буй арван киног танилцуулж байна.


1. Авенжирс: Тоглоомын төгсгөл

Марвел комексийн супер баатруудын тухай өгүүлэх Авенжирс цувралын эхний анги 2012 онд нээлтээ хийсэн. Энэ нь Марвел синиматек юниверсийн зургаа дахь бүтээл юм. Өнгөрсөн онд нээлтээ хийсэн “Infinity war” кинонд хүч чадлын чулууг өөрийн болгосон Танос үзэгчдийн хайртай супер баатруудыг устгаснаар дараагийн ангийн хүлээлт эхэлсэн.

Түүн дундаа төмөр хүнийг сансар руу илгээсэн нь одоо ч цахим ертөнцөд шуугиан тарьсаар байна. Тус киноны фенүүд Америкийн сансар судлалын хүрээлэн НАСА руу төмөр хүнийг хайж олох тухай хүсэлт илгээсээр байгаа аж. Үүний хариуд НАСА твиттер хуудсаараа дамжуулан хариу мэдэгдэл гаргасан байна. Ингэхдээ “Бид Тони Старкын тухай сонслоо. Алга болсон төмөр хүнийг олохын тулд боломжит бүх хэрэгслийг ашиглах болно” гэсэн байв. Тус киноны дөрөвдүгээр анги “Тоглоомын төгсгөл” нэртэйгээр үзэгчдийн хүртээл болох юм байна.

Ирэх хавар буюу дөрөвдүгээр сарын 26-нд Америк болон Канадын зах зээлд, долоо хоногийн дараа буюу тавдугаар сарын 2-нд дэлхийн бусад оронд нээлтээ хийхээр товлоод байна. Өмнөх анги нь 400 сая ам.доллараар бүтэж, хоёр тэрбум гаруй ам.долларын ашиг олсон ба өнгөрсөн оны хамгийн өндөр ашиг орлоготой кино байсан юм.

2. Тоглоомын түүх-4

Ирэх оны зургадугаар сарын 21-нд энэ жилийн хамгийн их хүлээлт дагуулсан анимейшн болох Тоглоомын түүх киноны дөрөвдүгээр анги нээлтээ хийнэ. Өмнөх ангиа 2010 онд үзэгчдэд хүргэснээс хойш Пиксар студи есөн жилийн хойно ийнхүү дараагийн ангиа нээх гэж байна. Энэ сарын эхээр киноныхоо трейллэрийг олон нийтэд цацаад байгаа бөгөөд энэ удаагийн ангид гарах цоо шинэ дүрүүд хүлээлт үүсгээд байна. Энди коллежид суралцахаар болж, өөрийн хайртай тоглоомнуудаа бяцхан охин Боннид бэлэглэснээр өмнөх анги төгсдөг. Энэ ангид шериф Вүүди шинэ найзуудынхаа хамтаар холын замд гарч, дэлхий ертөнц тоглоомнуудын хувьд ямар том газар болохыг ойлгох болно.

3. IT: хоёрдугаар бүлэг

Стивен Кингийн ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээсэн уран зөгнөлт, аймшгийн IT киноны анхны анги 2017 онд нээлтээ хийсэн. 35 сая ам.долларын төсвөөр бүтээгдэж, бокс оффисоос 700 сая ам.долларын ашиг олсон тус киноны хоёрдугаар ангийг Нью Лайн синема бүтээж байна. Өмнөх ангийн үйл явдлаас хойш 27 жилийн дараа алиалагч эргэн ирж байгаа тухай өгүүлэх тус кино ирэх оны есдүгээр сард нээлтээ хийхээр зэхэж байна.

4. Гайхамшигт эмэгтэй 1984

ДС комиксийн супер баатар гайхамшигт эмэгтэйн тухай өгүүлэх тус киноны шинэчилсэн хувилбар 2017 онд дэлгэцэнд гарсан. Холливудын жүжигчин Гал Гадот гайхамшигт эмэгтэйн дүрийг бүтээсэн ба тус кино дэлхийн зах зээлээс 881 сая ам.долларын ашиг олсон. Тэгвэл 2019 оны арваннэгдүгээр сард тус киноны хоёрдугаар анги болох “Гайхамшигт эмэгтэй 1984” нээлтээ хийх юм байна.

5. Араатны хаан арслан

1994 онд үзэгчдийн хүртээл болсон “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киног Волт Дисней кино компани шинэчлэн уран сайхны кино болгож байна. 2019 оны долдугаар сарын 19-нд нээлтээ хийх бөгөөд дэлхийн зах зээлээс өндөр ашиг олно гэж найдаж байгаа юм.

Холливудын дуучин, жүжигчин Дональд Гловер Симбагийн дүрд дуу оруулах бол алдарт дуучин Беонси Налагийн дүрд сонгогджээ. Дуучин Беонси найруулагчийн анхны сонголт байсан бөгөөд өнгөрөгч оны арваннэгдүгээр сард тэрээр саналыг албан ёсоор хүлээн авсан байна. Дашрамд дурдахад, Диснейн уран бүтээлчид орчин үеийн технологи ашиглан хуучны хүүхэлдэйн кинонуудаа цувралаар шинэчилж байгаа билээ.

6. Жуманжи: Ширэнгэд тавтай морил

Ирэх онд биднийг хамгийн удаан хүлээлгэх кино бол Жуманжигийн дараагийн анги “Ширэнгэд тавтай морил” юм. Ирэх оны арванхоёрдугаар сарын 13-нд буюу шинэ жилийн баярт зориулан нээлтээ хийх тус киноны гол дүрийг Холливудын алдарт жүжигчин Дуэйн Жонсон, Кевин Харт нар бүтээнэ. Тус адал явдалт, инээдмийн кино нь 1995 онд хийгдэж байсан ижил нэрт киноны франчайз хувилбар ба 150 сая ам.долларын төсвөөр бүтээгдэж 961 сая ам.долларын ашиг олсон байна.

7. Алладин

“Мянга нэгэн шөнийн үлгэр” зохиолоос санаа аван Волт Дисней кино компани 1992 онд Алладин хүүхэлдэйн киног олон нийтийн хүртээл болгосон. 1994 онд “Жафар эргэн ирсэн нь” болон 1996 онд “Алладин ба дээрэмчдийн хаан” хэмээх цуврал ангиудаа гаргасан. Үүнээс хойш 23 жилийн дараа тус хүүхэлдэйг шинэчлэн бүрэн хэмжээний уран сайхны кино болгохоор ажиллаж байна. Канадын жүжигчин Мена Масоуд киноны гол дүр болох Алладинд тоглохоор сонгогджээ. Холливудын алдарт жүжигчин Робби Уиллиамс хүүхэлдэйн кинонд шидэт бирдийн дүрд дуу оруулж байсан бол энэ удаад жүжигчин Уилл Смит тоглох болсон нь үзэгчдийн анхаарлыг хамгийн их татаж байна. Диснейн хуучны хүүхэлдэйн кинонуудаа шинэчлэх цувралын дараагийн ажил нь Алладин болж байна. 2014 онд нээлтээ хийсэн “Малифисент” киноны төгсгөл бидний хүүхэд ахуйдаа үзэж байсан “Нойрсож буй гүнж”-ийн түүхийг эрс өөрчилсөн. Технологийн шинэчлэлтээс гадна зохиолын хувьд ч өөрчлөлт хийж байгаа нь диснейн кинонуудын хүлээлтийг нэмэгдүүлж байна.

8. Эрчүүд юу хүсдэг вэ?

Дараа жилийн хамгийн өндөр хүлээлттэй цорын ганц инээдмийн кино бол Адам Шанкмений найруулсан “Эрчүүд юу хүсдэг вэ?” юм. 2000 онд нээлтээ хийж байсан “Бүсгүйчүүд юу хүсдэг вэ?” киноны шинэ хувилбарыг Парамаунт кино компани бүтээсэн аж. Америкийн зах зээлд ирэх хоёрдугаар сард нээлтээ хийх тус кинонд жүжигчин Таражи Хенсон гол дүрийг бүтээсэн байна. Спортын агент Али Дависын эргэн тойронд дандаа эрчүүд ажилладаг. Хачирхалтай тохиолдлоор тэрээр эрэгтэй хүний бодлыг унших онцгой чадвартай болдог байна. Энэхүү чадвараа ашиглан эрчүүдийн ертөнцөд амжилт үзүүлж буй тухай тус кинонд өгүүлэх болно.

9. HAPPY DEATH
DAY 2U

Холливудын залуу жүжигчин Жессика Рот гол дүрд нь тоглосон “Hap­py Death day” аймшгийн киноны хоёрдугаар анги ирэх Валентиний баяраар нээлтээ хийх гэж байна. Коллежийн оюутан охин төрсөн өдрийн баяраа тэмдэглэж байхдаа амиа алддаг. Хачирхалтай нь түүний амиа алдсан өдөр дахин, дахин эхлэх ба баг зүүсэн гэмт этгээдийг хайж буй тухай эхний ангид өгүүлдэг. Дээрх үйл явдлаас хойш хоёр жилийн дараахь үйл явдал шинэ ангид өрнөх аж. Бусад кинонуудтай харьцуулахад маш бага зардлаар буюу 4.8 сая ам.доллараар бүтсэн тус кино 122 сая ам.долларын ашиг олсон байна.

10. Хүн аалз: Far from Home

Авенжирсийн дөрөвдүгээр ангийн дараа нээлтээ хийх Марвелийн ээлжит нэгэн бүтээл бол Хүн аалз киноны франчайз хувилбар юм. Залуу жүжигчин Том Голланд хүн аалзын дүрийг бүтээж байгаа ба өмнөх анги нь 177 сая ам.доллараар бүтэж, 880 сая ам.долларын ашиг олсон байна.

Энэ ангид Петер Паркер зуныхаа амралтаар найзуудтайгаа Европт аялж байхдаа муу санаат Mysterio-гоос өөрийгөө болон найз нараа хамгаалахаар тэмцэж буй тухай өгүүлэх болно. Авенжирсийн шинэ ангийн дараа нээлтээ хийж байгаа тул Марвел комексийн фенүүд зарим нууцлаг асуултынхаа хариуг “Хүн аалз”-ын дараагийн ангиас мэдэж авна хэмээн хүлээж байгаа юм.

Э.МАРАЛМАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

БААБАР: Тусгаар тогтнолоо олж авах гэсэн 35 жилийн тэмцэл, драм байсан

Нийтлэлч Баабартай ярилцлаа.


-Арванхоёрдугаар сарын 29-нийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баяр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд чухам юу болсон юм бэ?

-Эхлээд тохиролцох нэг зүйл байна. Энэ олон тэмдэглэлт өдрүүдийн үйл явдал, нэрийг нь зөв тогтоож заншмаар. Ялангуяа мэдээллийн хэрэгслүүд нэрсийг нь дандаа буруу хэлж, буруу ярьдаг. Өчнөөн олон жил тэгэж байна. Нэр нь буруу бол ойлголт нь буруу.

Монгол Улс 1206 онд тунхаглагдсан юм. Тунхаглана гэдэг нь монгол үндэстний төр улс мэндэлж байна гэсэн үг. Энэ өдрийг бид саяхнаас өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэдэг болсон. Зарим нь “Чингисийн төрсөн өдрийг буруу хэлчихлээ” л гэдэг. Энэ бол Монгол бахархлын өдөр юм. Чингис хааны төрсөн огноог мэдэх бололцоо байхгүй. Зөвхөн төрсөн он нь л гэхэд 1157, 1162, 1168 гээд гурав дөрвөн он дээр түүхчид маргадаг юм. Нэг талдаа шийдэгдээгүй ч манайд 1162 он гэдгээр явдаг. Бас 1206 оны хуран сар гээд байдаг ч энэ огноог нарийн тогтоох бололцоо байхгүй. Тиймээс өвлийн тэргүүн сарын шинийн нэгэндээ Монгол Улс өөрийгөө тунхаглаж, төр улс юугаа байгуулсан гэдгийг тэмдэглэж байгаа юм.

1911 оны арванхоёрдугаар сарын 29 гэдэг бол Тусгаар тогтнолын өдөр. Энэ бол огноо нь тодорхой үйл явдал. 1924 оны арваннэгдүгээр сарын 26 бол бас л өдөр судар нь тодорхой. Энэ өдрийг дандаа Улс тунхагласан өдөр гээд байх юм. Монгол Улс 1924 онд байгуулагдаагүй шүү дээ. Бүх юмыг дандаа 1921 оноос эхлүүлж байх ёстой юм шиг. Энэ бол Бүгд найрамдах улсын өдөр. Монгол Улс Хаант засгийг халаад БНМАУ болсон. Улсын ач холбогдолтой ийм гурван өдөр бий. Гурвууланд нь бид бүх нийтээрээ амардаг. Энэ гурав бол Монгол Улсын түүхийн хамгийн чухал өдрүүд гэж тэмдэглэдэг.

Яахав дээрээс нь 1921 оны явдлыг Ардын хувьсгал гэж яриад байгаа. Долдугаар сарын 11 гэдэг нь сүүлд 1925 онд наадам тэмдэглэх болоод л ийм огноо гаргаж ирсэн болохоос биш уг хувьсгал нь хэдэн оны хэднээсээ эхэлж хэдэн сарын хэдэнд дууссан гэдэг нь бас маргаантай. Нөгөөдөх нь 1990 онд Ардчилсан тогтолцоотой болсон гэдэг өдөр байна. Үүнийг тэмдэглэдэггүй л дээ. Долдугаар сарын 21-ний өдөр байх ёстой юм, уг нь. Яагаад гэвэл энэ өдөр шинэ тогтолцоонд ороод бүх нийтийн сонгууль явагдаж шинэ төрөө байгуулсан. Ийм таван тэмдэглэлт баяр байна. Хоёрынх нь өдөр, сар нь тодорхой. Гурвынх нь сар, өдөр нь тодорхой биш учраас нөхцөлт байдлаар тогтоосон. Энэ тухай сургуулиудад зааж эдгээр өдрүүдийнхээ нэрийг зөв хэлдэг болчихмоор санагдаад байх юм. Хооронд нь хольж хутгаад л хэзээ хаана юу болсон нь бүү мэд гээд явж байна. Өчигдөр Уул уурхайн 96 жилийн ой гээд шуугилаа. 96 жилээс өмнө уул уурхайгүй байсан юм шиг. Налайх, Бороогийн уурхайнууд өмнө нь байсан л баймаар. Хэргийн мөрөөр хөөвөл 96 жилийн тэртээ Налайхын уурхайг улс хурааж авсан юм уу даа. Хүний хөрөнгийг хурааж авчихаад тэр өдрөө геологи байгуулагдсан өдөр гэж ярьж боломгүй. 1921 онд Монголд харилцаа холбоо үүссэн, яагаад гэвэл түүхийн баримт нь Сүхбаатар кинонд гардаг гээд ойн баярыг нь тэмдэглэж л байсан. Гэтэл бүр 19-р зууны сүүлчээр Монголоор дайрсан холбооны шугам тавигдсан юм билээ.

-Арванхоёрдугаар сарын 29-нийг эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр гээд байгаа. Тэр өдөр чухам яг ямар үйл явдал, юу болсон юм бэ?

-Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээсэн юм.

-Хүрээнд ямар үйл явдал болж өнгөрсөн юм бол?

-Би ярья, тэгэх үү. Хоёулаа түүхээр маргах гээд яахав. Эрх чөлөө гээд юу нь эрх чөлөөтэй болчихсон юм бэ. Эрх чөлөө ба тусгаар тогтнол гэдэг нь тус тусдаа ойлголт шүү дээ.

-Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо зарласан өдөр гээд бүр нэршчихсэн?

-Тусгаар тогтнолоо л зарласан өдөр. Олон улсад ч тогтсон гэсэн нэршилтэй өдөр байдаг. Англиар Independence day гэдэг дээ. Нөгөөдхийг нь Republican day гэдэг. Indepen­dence day гэхээр америкчууд долдугаар сарын 4-нд тэмдэглэдэг. Гэтэл австричууд 1955 оны тавдугаар сарын 15-ныг ингэж нэрлэнэ. Том гүрнүүд эзэлчихсэн байснаа дайны дараа Австрийг тусгаар тогтносныг хүлээн зөвшөөрсөн юм. Гэтэл Австри чинь хэдэн зуун жилийн өмнө байж л байсан улс. 1918 оны Вэрсалийн гэрээгээр Эзэнт гүрнүүд задарч Польш, Чех гээд зөндөө улс тусгаар тогтнолоо сэргээсэн, тэд энэ өдрөө бас л тусгаар тогтнолын өдөр гэж тэмдэглэдэг. Манайд арванхоёрдугаар сарын 29-нийг ер нь тэмдэглэдэггүй, феодалуудын баяр маягтай юм ярьдаг байлаа. Ангийн шинж чанартайгаар ярьдаг байсан зүйл л дээ. Феодал толгойтой Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн 1911 онд үүсээд 1921 онд жинхэнэ харц ардууд эцсийн үр дүнд нь хүргэсэн гэж албан ёсоор тайлбарладаг байлаа. Сүүлд 1990, ялангуяа 2000 оноос хойш энэ өдрийг чухал юм, ард нийтээрээ тэмдэглэж байх өдөр юм байна гэцгээсэн. Энэ өдрийн тухай сүүлийн 20-иод жилд нэлээд тодорхой ярьж, ном товхимол гарч, сургуулийн сурах бичигт бичдэг болсон байх.

-Ийм өдөртэй болно гэдэг ямар нэгэн үйл явдлаас улбаатай байж таарна. Нэг л өдөр Тусгаар тогтнолоо сэргээцгээе гэчихээгүй байх?

-1691 онд Долоннуурт болсон гэрээгээр Манж, Монгол хоёр нүүдэлчин үндэстнүүд хоорондоо тохиролцоо хийсэн юм. Манжууд 1644 онд Хятадыг эзэлсэн. Манж 300 мянган хүн амтай, цөөн хүнтэй үндэстэн учир урт иргэншлийн түүхтэй, олон хүн амтай улсад өөрсдийгөө уусчих вий гэж сэргийлсэн. Манжууд Хубилай хааны тамгыг авсан учраас Хятад улсыг эзэгнэх эрхтэй болчихлоо гэж зарласан. 1636 онд Өвөр Монголтой нийлээд (дагаар орсон ч юм уу даа) Хятадыг эзэрхийлээд байсан ийм үе. Тэр үеэс л манжтай нийлээгүйг нь Гадаад Монгол, нийлж дагаар орсныг нь Дотоод Монгол гэж нэрлэх болсон. Тэр цагт Гадаад Монголд Халх, Ойрдын айхавтар тэмцэл болж байв. Гэтэл яг тэр үед оросууд дорно зүгт нутгаа тэлээд, Байгал нуур, одоогийн Буриад Монголыг эзлээд наашаа довтлоод байсан. Баруун зүгээс ойрдууд довтлон Халхыг эзэлчихсэн учраас тэд урагш дүрвэн манж нартай Долоннуурт вассалыг тохиролцоо хийсэн юм байна. Вассал гэдгийг түшмэг улс ч гэж орчуулдаг.

-Ямар учиртай гэрээ байсан бэ?

-Орос, ойрдуудаас халхыг хамгаална, хятад, орос хүмүүсийг Монгол нутаг руу орж ирэх явдлыг хориглоно, тэднээс хамгаална. Энэ бол манж нарын авсан үүрэг, тэд үүндээ 200 жил үнэнч байсан. Энэ нь сүүлдээ хуулиар батлагдсан. 1762 оны 11 дэвтэр Монгол цааз хуульд үүнээ баталгаажуулсан юм Манжийн хаанд ямар нэгэн аюул занал учирвал монголчууд цэрэг хөдөлгөж түүнийг хамгаална гэж халх монголчууд үүрэг авчээ. 1911 он хүртэл ингэх шаардлага тохиолдол гарч байгаагүй.

Энэ хуулиар цөөхөн хүн амтай Монголын өргөн уудам нутаг гадагшаа бараг харилцаа байхгүй, гаднаас бусад үндэстэн орж ирэх нөхцөл үгүй консервлогдсон хамгаалалттай (өнөөгийн ойлголтоо дархан цаазтай) орон болжээ. Манж Чин улсын үед ийм дархлагдсан нутаг хоёр байсны нэг нь Манжуур, нөгөө нь Гадаад Монгол. Хятад өнөөдөр 54 үндэстэнтэй олон үндэстний гүрэн гэж ярьдаг. Тэгвэл Манж Чин гүрний үед зөвхөн манж, монгол гэсэн хоёр үндэстэн л тусгайлсан онцгой эрхтэй байсан. Манж монгол хүмүүс л дээд албанд очих эрхтэй, цэргийн жанжин, хааны бэр хүргэн зөвхөн монгол манж хүн л байж болно гэх мэт. Тэгээд ч манж нар монголчуудтай их холилдсон үндэстэн, Энх-Амгалан хаан гэгдэх Кансигийн ээж, эмээ нар монгол хатад байсан.

220-иод жил Манжийн түшмэг улс байх энэ хугацаанд монголчууд том асуудал дээр л Манжийн хааны шийдвэрийг хардаг байснаас биш дотоод засаг захиргаа бүх юмаа өөрсдөө хариуцаж байсан юм. Нөгөөтэйгүүр Манж Чин улсад татвар төлдөггүй байсан. Төрийн албаны бүхий л мөнгийг Бээжингээс өгдөг. Цөөн хүнтэй манж үндэстэн нь өргөн уудам Хятад орноор цэрэг захиргааны ажил хийгээд хүрэлцдэггүй байсан болохоор Гадаад Монголд алба хаахаар ирж байсан манж хүн бараг үгүй дээ. Манайд Улиастайд жанжны газар (цэрэг хариуцна), Ховдод амбан (Ойрдыг хариуцсан засаг захиргаа), Хүрээнд Халхыг хариуцсан амбан, Хиагтад Гаалийн газар төвлөрч байсан авч хэдийгээр эдгээр нь Бээжингээс томилогддог тэдний харьяа газар боловч амбан жанжин гээд хариуцаж байсан хүмүүс нь дандаа монголчууд байв. Хамгийн сүүлчийн Хүрээний амбан Сандо монгол хүн, тэрний өмнө нь Пунцагцэрэн байсан гэх мэт. 1727 оны Буурын гэрээг толгойлж хийсэн хүн нь Цэрэн гээд монгол, Амарсанаагийн бослогыг дарсан Улиастайн жанжин нь Цэнгүнжав гээд монгол… Тэгэхээр хуучин сурталддаг байсан шиг манай Монгол Манж Хятадын колони байгаагүй, энэ бол үзэл суртлын зорлиготой түүх гуйвуулсан дэмий яриа. Зүй нь хятадууд л ингэж тайлбарлан, бидний нэг хэсэг учир эх газраасаа салдаг нь буруу гэх ёстой баймаар. Чухам ийм маргаан л 1911 онд болсон юм даа.

Ингээд Манж Чин улс гадны гүрнүүдтэй байлдаж ядарч зүдрээд 1907 онд Үндсэн хуульт Хаант улс болъё гэж шийдсэн юм билээ.

-Үндсэн хуульт Хаант улс болохоор яах вэ?

-Бүх харьяалагдаж байгаа мужууд нь адил тэгш эрхтэй болно гэсэн үг. Монголд байгаа онцгой эрхүүд цуцлагдана гэсэн үг. Манайхан үүнийг Шинэ засгийн бодлого гэж түүхэнд нэрлэсэн байдаг. Ингээд Өвөр Монголоос эхлүүлээд чөлөөтэй болоод эхлэхээр хятад тариачид олноор орж ирэх болсон. Үүнд дургүйцэж баяд ноёд, феодалуудын дунд эсэргүүцлийн уур амьсгал үүссэн. Тэгээд байж байтал 1911 онд Учаны бослого гараад хятад үндэстэн Манжийн дарлалаас гарна гэсэн хөдөлгөөн өрнөсөн. “Манж нар бол могой гаралтай улсууд. Эд нарт их дарлагдаж байна. Мин улсаа дахиж сэргээн байгуулна” гэсэн хөдөлгөөн Хятадын өмнөд нутгаар гарсан. Тэгэхэд Хятадын хаан ширээнд таван настай Пү И хүү сууж байв. Ингээд манжууд эрх мэдлээ алдаж эхэлвээ. Энэ үед өмнө зүгт Нанжинд Манжийн ноёрхол дууссаныг зарласан юм.

Монголчууд Долоннуурт Манжтай тохирсон болохоос биш Хятадтай тохироогүй. Тиймээс манжууд байхгүй болж байгаа бол Монгол өөрөө тусгаар байх ёстой, мөн хятадууд ч ялгаагүй тусгаар болж өөрийн Хятад улсаа байгуулж байна гэж монголчууд үзжээ. Ингээд тэртээ дээр үед хийсэн тохиролцооныхоо дагуу Хүрээнд суух амбанд хандан “Манжийн хаанд аюул учирсан учир бид цэрэг хөдөлгөхөд бэлэн” гэсэн бичиг өгсөн байдаг. Маргааш нөгөөдөр нь “Манжийн хааныг хамгаалах бичигт хариу өгөөгүй учир” хэмээн амбаныг Хүрээнээс хөөж явуулаад улмаар 1911 оны 12 дугаар сарын 29-нд тусгаар улсаа зарласан юм.

Засгийн газар, яамдтай орчин үеийн төрийн суурийг Наполеон байгуулсан шүү дээ. Яг тийм орчин үеийн хэлбэрийн төрийг тусгаар тогтнолоо дөнгөж заралсан Монгол улс шууд байгуулсан байдаг. Таван яамтай, салбаруудаараа асуудлаа хариуцдаг, дээрээ хаантай Хаант улс л байгуулсан хэрэг л дээ.

Гэтэл яг тэр үед юу болсон бэ гэхээр их сонин факт давхцжээ. 1905 онд Орос, Япон хоёр байлдаад оросууд ялагдаж Порт Смоутад найрамдлын гэрээ байгуулсан юм. Алс Дорнодод хэн ноёлох вэ гэдгээс үүссэн дайн шүү дээ. Далян, Лаодан гэх газруудыг булаацалдаад Порт-Артур хавьд гол дайн болсон. Ингээд энэ хоёр улс 1907 онд нууц гэрээ хийсэн юм.

-Ийм гэрээ хийсэн нь олон жилийн дараа илчлэгдсэн байдаг байх шүү?

-Энэ нууц гэрээ сүүлд 1930-аад оны үед ил болсон. 1907 оны энэ нууц гэрээг тодотгосон 1912 оны нууц гэрээ, 1916 оны нууц гэрээ гэсэн гурван нууц гэрээ байгаа. Энэ нууц гэрээгээр нөлөөллийнхөө бүсийг хувааж авцгаасан. Япон улс Манжуур, Өвөр Монголыг өөрийнхөө бүрэн эрхт нөлөөллийн бүс, оросууд болохоор Гадаад Монголыг өөрийн нөлөөллийн бүс гэж тогтсон юм билээ. Үүнийг тэр үед гэрээ хийсэн Орос, Японоос өөр хэн ч мэддэггүй байсан. Гэтэл Бээжинд Юань Шикай ерөнхийлөгчтэй (манайд Дажунтан гэж түүхэн бичлэгт тэмдэглэсэн байх) Хятадын шинэ Бүгд найрамдах засгийнхан болохоор шинэ Хятад улсыг Манж Чин гүрэнд харъяалагдаж асан газар нутгийг өвлөх эрхтэй гэж үзэх болжээ. Энэ нь Монгол тусгаар тогтнох эрхгүй гэсэн үг. Уг нь хувьсгал анх гарахдаа Манжийн дарлалаас салж уугуул Мин улсаа дахин байгуулна гэсэн уриатай байсан. Маргаан эндээс үүссэн юм. Дээр Манж Чин гүрний үеийн түүхийг ярьдаг нь чухам ийм тайлбартай учраас яагаад тусгаар тогтнолоо зарласан учрыг өгүүлсэн юм аа.

-Сонирхолтой юм?

-Энэ маргааны нөхцөл байдлын дунд манайх хоёрхон хөрштэй учраас хойд хөршөөсөө тусламж хүссэн. Оросын хувьд нууц гэрээгээр тэртээ тэргүй Гадаад Монголыг нөлөөллийн бүс гээд тогтчихсон байж. Ингээд оросууд 1912 онд монголчуудтай гэрээ хийсэн. Японтой хийсэн гэрээнийхээ дагуу Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй, гэхдээ Оросын онц нөлөө бүхий автономи улс байлгана гэсэн тохиролцоо. 1912 оны Орос Монголын гэрээ их хэрүүлтэй болсон доо. Гээд эцсийн бүлэгт ямар ч байсан монгролчуудаар зөвшөөрүүлж чадсан юм. Бас нэг том маргаад байсан асуудал нь автомони ч бай ч юу ч бай үүндээ Өвөр Монголыг оруулна гэсэн асуудал тавиад байсан. Тэрийг оросууд яасан ч зөвшөөрөхгүй. Хэрвээ Өвөр Монголыг оруулчихвал Буриад Монголыг оруулах хэрэгтэй болчихно. Тэгвэл нөгөө Нармай Монгол үүсэх аюултай. Тэгээд ч япончуудтай ийм юм тохироогүй.

Ингээд 1913 онд оросууд хятадууд дээр очиж гэрээ хийсэн. Монголчуудтай ийм гэрээ хийчихлээ гэээд үүнээ тулгажээ. Хятадын дотоод нөхцөл байдал тэр үед маш хүнд байсан. Хойд, өмнөд Хятад гэж хуваагдахаар болж, цэргийн эрхтэнгүүд энд тэнд гарч ирээд улс нь бутрах хэмжээнд хүрчихсэн байсан. Ийм нөхцөл байдалд хятадууд Оросын тавьж байгаа ерөнхий зарчмыг зөвшөөрөөд “Гурван улс гэрээ хийе” гэсэн.

-Хиагтын гэрээ?

-Тийм. 1915 онд гурван улсын гэрээ Хиагтад болсон. Бүтэн жил үргэлжилсэн. Маш их хэрүүл маргаан дагуулсан. Гурван тал гурван өөр сонирхолтой. 1911-1915 он хүртэл Монгол Улс өөрөө тусгаар тогтносон улс байсан. Гэхдээ хүлээн зөвшөөрөгдөөгүй. Хоёр хөрш хоёулаа хүлээн зөвшөөрөөгүй. Ингээд 1915 оны гэрээгээр Бүгд найрамдах Хятад улсын газар нутаг, гэхдээ хятадууд шууд болон шууд бусаар Монгол Улсыг захирах эрх байхгүй, оросууд өөрийн нөлөөгөө хадгалах онц эрхтэй гэсэн утгатай. Өвөр Монголыг өөртөө оруулна гэж манайхан баахан үзэлцсэн. Богдын нэршил, он, сарын асуудал ч гарч ирсэн. Монгол тоолол Хятад, Оросынхоос өөр, алинаар нь явах вэ гээд будлиан эхэлсэн. Тэгээд яахав ямар ч байсан нэг юм тогтсон юм. Хаанаа хүртэл “хаан” гэж нэрлэхгүй “повелитель” гэж нэрлэхээр болсон юмдаа.

1917 онд Орост хувьсгал гараад дотроо үй түм болж салсан. Тухайн үед Орост 18 бие даасан засаг тогтож байсан гэдэг. Колчакийнх, Динекинийх, большевикуудынх гээд л иргэний дайн дэгджээ. Ингэхээр чинь гэрээ хийсэн гурван субьектын нэг нь алга болчихож байгаа хэрэг. Субьектийн нэг нь алга болчихсон учраас Монгол “Одоо яах вэ. Хоорондоо байлдаад байгаа улсууд чинь давхиад л ороод ирнэ. Энэ улсыг чинь хэн хамгаалах юм” гэсэн асуудалтай тулгарчээ. Ингээд 1919 онд Монголын удирдах бүлэг хоорондоо маргаж, ялангуяа цэргийн зардал хэн гаргах юм гэдэг асуудал дээр шарынхан, харынхан өөр өөр байр суурьтай байлаа. Богдоор тэргүүлүүлж Ерөнхий сайд Г.Бадамдоржоор дараалуулсан шашны хэсгийнхэн зардал гаргалцахгүй гэсэн. Харин харынхан гэх Чингисийн угсааныхан, ноёд, язгууртнууд, болохоор “Сүм хийдийнхэн баян. Та нар зардал гарга” гэдэг байр суурьтай. Тэгээд харынхан “Хойно болж байгаа самуунаас хамгаалуулахаар Хятадаас цэргийн хүч дуудъя” гэсэн асуудал тавьжээ. Шарынхан болохоор “Бид зардал гаргахгүй. гэхдээ хятадуудыг оруулж ирэхгүй” гэсэн. Ийм маргаан болж 1920 онд Хятадаас Сюй Шүжаны цэрэг орж ирээд автономийг хүчээр устгаад хаячихсан.

1920 онд монголчууд автомонио сэргээхэд туслаач гэдэг асуудлыг Япон руу, Орост тогтож байсан хоёр ч засаг руу, Америк руу тавьж байлаа. Гэтэл автономи гэдэг үгийн утгыг ч сайн ойлгодоггүй байсан юм шиг байгаа юм. Хятадын харьяалалд, Оросын нөлөөлөлд байна гэсэн үг шүү дээ, уг нь.

-Тэгсэн мөртлөө тусгаар тогтнол яриад байдаг?

-Гэтэл тусламж хүссэн захидлаас нь үзэхэд бүрэн тусгаар тогтнол нэхэж байсан нь тод харагддаг. Иймэрхүү маргаантай мөртлөө өөрсдийгөө тусгаар тогтносон гэж ярьдаг. Гэтэл хоёр хөрш нь зөвшөөрдөггүй. Энэ байдал 1945 он хүртэл үргэлжилсэн. 1945 оны наймдугаар сард Москвад Орос-Хятадын гэрээ болж, аль аль тал нь Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөр шийдсэн юм. Гол нь Гадаад Монголыг алиндаа ч өгөхгүй, тусгаар тотносон завсарын жийргэвч бүс болгон үлдээхээр хоёр тал тохиролцсон хэрэг.

1921 онд ЗХУ Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн гээд одоо ч буруу яриад л байдаг. Худлаа шүү дээ. 1946 оны хоёрдугаар сарын 28-нд албан ёсоор ЗХУ Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн юм. Тэрний өмнөхөн 1946 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Хятад Улс Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн. 35 жил үргэлжилсэн драмт үйл явдлын эцэст ийнхүү Монгол улс албан ёсоор тусгаар тогтнолоо олж авсан билээ.

Вэстфалийн зарчимаар “Бусдаар хүлээн зөвшөөрөгдсөн тохиолдолд л тусгаар улс гэж үзнэ” гэдэг. Хамгийн анх ингэж тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсэн улс бол Швейцарь. Энэ зарчим олон улсын жишиг болчихсон. Үүнийг өдгөө дэлхий даяар мөрддөг. “За, бид тусгаар тогтносон шүү” гэчихээр болчихдог юм биш л дээ. Одоо Донбасс, Луганск, Өмнөд Осетин, Абхаз гээд өөрийгөө заралчихсан олон газар байна. Эдний яриаг хэн ч хүлээн зөвшөөрдөггүй. Ер нь олон улсын хүрээнд зөвшөөрөгдөх бололцоогүй боловч санаарлаа ил хэлдэг муж район хорвоогоор нэг бий, түүнийг нь зөвшөөрчихвөл одоо дэлхийд 700 орчим шинэ улс үүснэ гэдэг юм билээ.

Бидний энд ярьсан Монгол Улсын тусгаар тогтнолоо сэргээсэн түүх бол 1907-1946 он хүртэл үргэлжилсэн ийм урт драм юм. Ямар хүнд нөхцөлд туйлбартай тасралтгүй тэмцэж зүтгэж, асар их хохирол оронд нь төлж байж тусгаар тогтнолоо олж авсныг ойлгоцгоох хэрэгтэй санагдана. Түүхийг гуйвуулах, хялбарчлах, худлаа өнгөлөн дөвийлгөх, учир шалтгааныг нь гээгдүүлэх, эсвэл үзэл суртлын зорилгоор түүхээ гутаах нь хожимын хойно хор уршигтай. Болоод өнгөрсөн түүхийг засах бололцоогүй ч ирээдүйгээ харахад зайлшгүй чухал сургамж болдгоороо их ач холбогдолтой юм. Монголын нэн шинэ түүхийг, тусгаар тогтнолоо хэрхэн сэргээсэн гэдгийг Орос, Хятад, Японгүйгээр ойлгох бололцоо байхгүй шүү дээ.


Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн баяр, амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэнэ. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ой, шинэ жилийн баяр амралтын тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийг аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэлд шилжүүлж, үүрэг чиглэл өгөх цахим хурал өнөөдөр /2018.12.28/ боллоо.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав цахим хуралд оролцсон алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын удирдлагуудад үүрэг гүйцэтгэх үедээ албаны бэлэн байдал, сахилга хариуцлагыг чанд сахиж, иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болгосон юм.

Categories
мэдээ нийгэм

Шилдэг алба хаагчдаа тодруулж, шагнаж урамшуулав

Онцгой байдлын байгууллагаас 2018 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, орон нутгийн гамшгаас хамгаалах чадавх, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад түргэн шуурхай, чанартай хүргэхэд идэвх санаачилга гарган ажиллаж, ажил үйлсээрээ идэвх санаачлага гарган ажиллаж, ажил үйлсээрээ тэргүүлсэн анги, байгууллага, шилдэг алба хаагчдаа шалгаруулж, шагнал гардууллаа.

2018 оны “Тэргүүний газар”-аар хурандаа Ё.Пүрэвсүрэн даргатай Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, хошууч Ц.Уранчимэг даргатай Давтан сургалт, сэргээн заслын төв шалгарсан бол дэд хурандаа Ж.Алтангэрэл даргатай Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Хархорин суман дахь Онцгой байдлын хэлтэс “Тэргүүний хэлтэс”-ээр шалгарлаа.

Харин дэд хурандаа Д.Чулуунбаатар захирагчтай Хэнтий аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 42 дугаар анги, хошууч С.Даваажаргал захирагчтай Ховд аймгийн ОБГ-ын Эрэн хайх, аврах анги “Тэргүүний анги, салбар”-аар, ахлах дэслэгч Ц.Бат-Эрдэнэ захирагчтай Архангай аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр анги, ахлах дэслэгч Л.Бат-Ирээдүй захирагчтай Орхон аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар анги, ахлах дэслэгч Б.Баттулга захирагчтай НОБГ-ын Нийслэлийн аврах анги 105-ын эрэн хайх, аврах бүлэг, ахлах дэслэгч А.Алмасбек захирагчтай Баян-Өлгий аймгийн ОБГ-ын Эрэн хайх, аврах бүлэг “Тэргүүний салаа, бүлэг”-ээр шалгарч, шагнал хүртлээ.

Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын нэрэмжит шагналаар Сүхбаатар аймгийн ОБГ-ын Түмэнцогт сум дахь Улсын нөөцийн салбарын дарга, ахмад Ц.Мөнхдэлгэр, Баянхонгор аймгийн ОБГ-ын ахлах нягтлан бодогч, ахлах дэслэгч Ц.Дорж, Гамшиг судлалын хүрээлэнгийн үйлчлэгч Д.Бямбаа нар шагнагдсан юм.

Мөн ОБЕГ-ын даргын тушаалаар Онцгой байдлын албанд ажлын амжилт гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа Шилдэг алба хаагчдыг тодрууллаа.

“Шилдэг удирдах ажилтан”-аар Завхан аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд,

Шилдэг мэргэжилтэн”-ээр Дорноговь аймгийн ОБГ-ын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Д.Батчимэг,

“Шилдэг аврагч-гал сөнөөгч”-өөр Хэнтий аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Түвшинбаяр, Өмнөговь аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Баяраа, Сэлэнгэ аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч С.Мөнхбаатар, НОБГ-ын ЧД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Ц. Эрдэнэбат, Увс аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Даваабаяр,

Шилдэг аврагч”-аар НОБГ-ын нийслэлийн Аврах анги-105-ын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Ц.Наранбаатар, Хөвсгөл аймгийн ОБГ-ын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Б.Тэнгис, Үндэсний аврах бригадын Аврах тусгай салбарын аврагч, ахлах ахлагч Н.Ганболд,

Шилдэг холбоочин”-оор Увс аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Н. Ариунаа, “Шилдэг жолооч”-оор Завхан аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Б.Батпүрэв,

Шилдэг ажилтан”-аар Улсын нөөцийн Обьект-03 салбарын нярав, дэд ахлагч А. Отгонжаргал нар тус тус шалгарлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчний тохиолдол нийт үзлэгийн 5.1 хувийг эзэлж байна

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 28-ны байдлаар, амбулаторийн 62.489 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3242 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 5.1 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.1 хувиар бага, өнгөрсөн оны мөн үеэс 4.1 хувиар бага байна.
Нийт өвчлөгсдийн 40.6 хувийг 0-1 нас, 26.1 хувийг 2-4 нас, 15.2 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 1867 дуудлага ирснээс 43.3 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.
Томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдварын үед эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэх хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна.

Categories
мэдээ улс-төр

Хотын даргыг томилох асуудал даваа гариг хүртэл хойшиллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгсөн. Үүнтэй холбоотойгоор МАН түүний оронд хэнийг томилохоо шийдэх шаардлагатай болсон юм. Улмаар МАН-ын Удирдах зөвлөл НИТХ-ын дарга С.Амарсайханыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид дэмжих шийдвэр гаргасан. Уг асуудлыг эцэслэн шийдвэрлэх учиртай НИТХ өнөөдөр XXI хуралдаанаа хийхээр төлөвлөөд байлаа. Өглөө хуралдахаар зарлагдсан НИТХ ирц бүрдэхгүй гэдэг шалтгаанаар бүтэн өдрийг өнгөрөөлөө. Ийнхүү хуралдах эсэх нь тодорхойгүй бүтэн өдөржин болсны эцэст хотын даргыг шинээр томилох асуудлыг энэ сарын 31 хүртэл хойшлууллаа. НИТХ дахь АН-ын бүлэг хойшлуулах санал гаргасныг ийнхүү дэмжсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Зарим хууль тогтоомжийн төслүүд өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Засгийн газраас санаачлан боловсруулсан зарим хууль тогтоомжийн төслийг өнөөдөр /2018.12.28/ Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод хуулийн өргөн мэдүүлэв.

Үүнд;

1.Монгол Улсын Засгийн газар, Мянганы сорилтын корпорациар төлөөлүүлэн АНУ-ын хооронд байгуулсан Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

2.Дэлхийн шуудан холбооны дүрмийн IX нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

3.Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл;

4.Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.

Мөн ‘’Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай’’ Улсын Их Хурлын 2014 оны 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай; БНХАУ-ын Шанхай хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай; Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай; Журам батлах тухай (Төрийн захиргааны албан хаагчийн зэрэг дэвийн нэмэгдэл олгох) Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг өргөн мэдүүлж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэж өгөхийг хүслээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ эдийн-засаг

ШИНЭЧИЛСЭН ХАМГААЛАЛТЫН ЭЛЕМЕНТ БҮХИЙ 5000 ТӨГРӨГИЙН ДЭВСГЭРТ

Монголбанк нь үндэсний мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах замаар гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангах, мөнгөн тэмдэгт шинээр хэвлүүлэх, тээвэрлэх, хадгалах, мөнгөн тэмдэгтийн нөөцийг бий болгох үндсэн үүргээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ төгрөгийг хуурамчаар үйлдэх явдлыг багасгах, зогсоох тал дээр анхааран ажиллаж байна.

Манай улсад хуурамчаар үйлдэгдэж буй мөнгөн тэмдэгтүүд нь ихэвчлэн хамгийн өндөр дүнтэй 5000, 10000, 20000-тын дэвсгэртүүд байдаг тул Монголбанк нэн түрүүнд эдгээр 3 дэвсгэрт дээрх I түвшний хамгаалалт болох иргэд энгийн нүдээр шууд хараад төвөггүй таних боломжтой элементүүдийг сайжруулах зорилтыг тавьсан.

Энэ зорилтын хүрээнд эхний ээлжинд нөөцийг нь дахин бүрдүүлэх хугацаа нь болсон 5000 төгрөгийн дэвсгэрт дээр ажиллаж, олон улсын хэмжээнд судалгаа хийсний үндсэн дээр сүүлийн үеийн шинэ технологиор хийгдсэн элементийг уг дэвсгэртэд оруулан сайжруулж шинэчилсэн хувилбарыг гаргах арга хэмжээг аваад байна. Ийм төрлийн хамгаалалтын таних тэмдгийн гол шинж чанар нь хуурамчаар хийх бараг боломжгүй технологи буюу дуурайлган хийх тохиолдолд өндөр зардалтай байх явдал байдаг.

Шинэ таних тэмдэгтэй болсон 5000 төгрөгийн дэвсгэртийн хувьд нүүрэн талд байрлах Соёмбонд сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хийсэн 3-н хэмжээст хөдөлгөөнтэй, дээш, доош налуу хөдөлгөхөд өнгө нь солонгорч харагдах Спарк бэхэн элемент оруулж өгсөнөөр иргэд энгийн нүдээр хараад жинхэнэ тэмдэгтийг хуурамчаас ялгаж танихад хялбар болсон. Ийнхүү шинэчлэгдсэн 5000 төгрөгийн дэвсгэртийг бэлэн мөнгөний гүйлгээнд гаргахаар бэлтгэл ажлуудыг Монголбанк арилжааны банкуудын хамт хийсэн бөгөөд Монголбанкны Ерөнхийлөгчийн холбогдох тушаалын дагуу 2019 оны 1 дүгээр улиралд гүйлгээнд гаргахаар төлөвлөж байна.

Иймээс иргэд энэхүү шинэчлэгдсэн дэвсгэртийн талаарх мэдээллийг сайтар авах шаардлагатай юм. Үүгээр зогсохгүй ер нь иргэд мөнгөн тэмдэгтийн хамгаалалтын таних тэмдгүүдийг мэддэг байх нь төлбөр тооцоондоо хуурамч тэмдэгт авч хохирол амсах явдлаас зайлсхийх боломжтой юм.

Шинэчилсэн хувилбараар үйлдвэрлэгдсэн 5000 төгрөгийн дэвсгэрт гүйлгээнд гарах гэж буйтай холбогдон өмнөх хэвлэлтийн 5000 төгрөг буюу одоо гүйлгээнд явж буй дэвсгэрт гүйлгээнд хүчин төгөлдөр хэвээр зэрэгцэн хэрэглэгдэнэ.

Categories
мэдээ улс-төр

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД ДИПЛОМАТ ДЭЭД ЦОЛ ХҮРТЛЭЭ

Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүсгэн байгуулагдсаны 107 жилийн ойг тохиолдуулан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Лодойдамбын Галбадрах нарт гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан бодит хувь нэмрийг өндрөөр үнэлж дипломат дээд цол болох Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цол олголоо. Дипломат дээд цолны тэмдэг, үнэмлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв. Дипломат цол гардуулсны дараа Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ, “Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Дамдины Цогтбаатар 1994 оноос эхлэн дипломат албанд хүчин зүтгэсэн. Энэ хугацаанд Ази, Африкийн газарт атташе, Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Гадаад харилцааны сайд зэрэг албыг төрийн албаны мерит зарчмаар хааж, өндөр үр бүтээл гаргасан байна. Танд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолыг хүртээж байна. Манай гадаад харилцаа нь эдийн засгийн аюулгүй байдлыг дипломат арга замаар бэхжүүлэх, хөгжүүлэхэд илүүтэй чиглэгдэх ёстой цаг үед ирснийг энд онцлон дурдах байна” гэлээ.

Мөн Онц бөгөөд бүрэн Эрхт элчин цолоор Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Батлайн Чулуунхүү, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын байнгын төлөөлөгчийн газар суугаа байнгын төлөөлөгч, Элчин сайд Сүхээгийн Сүхболд нарт олгосон байна.

Categories
мэдээ улс-төр

НИТХ: Ирц бүрдээгүй хэвээр байна

Image result for НИТХ

НИТХ хотын даргын асуудлыг хэлэлцэхээр 15:00 цагаас тов зарласан ч ирц бүрдээгүй хэвээр байна. НИТХ-аас өмнө Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчид болон МАН-ын хуралдаж, нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцсэн юм. Уг хурлуудаар НИТХ-ын дарга С.Амарсайханыг хотын даргад нэр дэвшүүлэх шийдвэрийг гаргасан юм. Одоогоор Баянзүрх дүүргийн засаг дарга асан Б.Мөнхбаатар заалнаас нэр дэвших эсэх нь тодорхойгүй байна. Нийт 45 төлөөлөгч ирэх ёстойгоос одоогоор 15 төлөөлөгч хуралдаа ирээд байна.