Categories
мэдээ улс-төр

Tөрийн өндөрлөгүүд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойг тохиолдуулан төрийн өндөрлөгүүд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх энэхүү ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүд оролцлоо. Энэхүү түүхэн өдөрт зориулсан баяр ёслолын арга хэмжээ 14.00 цагаас үндэсний бөхийн барилдаанаар үргэлжлэх юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Зүүн болон Салхитын ордын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, улсын мэдэлд авчээ

Ерөнхий сайдын чиглэлийн дагуу өчигдөр /2018.12.28/ ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр Дундговь аймагт прокурорын хяналтын дор тусгай ажиллагаа зохион байгуулжээ. Тус аймгийн Гурвансайхан суманд байдаг алт, мөнгөний томоохон орд болох Зүүн болон Салхитын ордын 2043 болон 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, улсын мэдэлд авсан байна.

Зөвхөн мөнгө гэхэд 770 мянган тонн батлагдсан нөөцтэй тус орд газрын ховор металлтай. Эрдэс баялгийн гарцаа нуух замаар олборлож ирсэн энэ компанийн 154 мянган тн хүдрийг экспортод гаргах гэж байхад нь зогсоосон байна. Одоо уурхай дээр байгаа овоолго гэхэд 100 сая долларын хүдэр байгаа аж. Мөн 200-аад метрийн гүн ухах уурхайг одоогоор 60 гаруй метр гүн ухсан байна.

Орон нутгийн удирдлагууд хууль хяналтынхан уг орд руу орж чаддаггүй байжээ. Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчсөн, татвараа нуун дарагдуулсан, худлаа мэдээлсэн, авлига хээл хахуулийн хэрэгт орооцолдсон Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийн Хятад удирдлагууд нь хөрөнгө оруулалт дээрээ маргаж хууль, шүүхийн байгууллагад нөлөөлөхийг завдаж жилийн турш маргаантай яваа юм. Эх сурвалжуудын хэлж буйгаар энэ нь 1.3 сая долларын хахуулийн хэрэгтэй холбоотой байж болзошгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд ​Цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн баяр, амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэнэ. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ой, шинэ жилийн баяр амралтыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийг аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэлд шилжүүлж, үүрэг чиглэл өгөх цахим хурал өчигдөр боллоо.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав цахим хуралд оролцсон алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын удирдлагуудад үүрэг гүйцэтгэх үедээ албаны бэлэн байдал, сахилга хариуцлагыг чанд сахиж, иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болгосон юм.

Categories
мэдээ спорт

Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаан өнөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонд болно

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх үндэсний бөхийн барилдаан өнөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонд болно.

Тус барилдаанд Улсын аварга Н.Батсуурь, С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Гончигдамба тэргүүтэй 128 бөх зодоглохоор бүртгүүлсэн байна.

2011 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй энэхүү барилдааны анхны түрүүг С.Мөнхбат аварга хүртэж байсан. Харин өнгөрсөн оны барилдаанд Улсын харцага Т.Баасанхүү түрүүлж, улсын заан Н.Жаргалбаяр үзүүрлэж байв.

Categories
мэдээ нийгэм

“Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх бүтээлд ТӨРИЙН ШАГНАЛ хүртээлээ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил ойн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж “Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх 8 боть бүтээлд Төрийн шагнал хүртээлээ. Эдгээр ботийг бүтээхэд хувь нэмрээ оруулсан:

  1. Шинжлэх ухааны доктор, профессор Жамбын Бямба
  2. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор, академич Ринчений Барсболд
  3. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор, профессор Очирын Гэрэл
  4. Ардын багш, Шинжлэх ухааны доктор, профессор Жаргалын Лхамсүрэн
  5. Монгол Улсын Зөвлөх инженер Самбалхүндэвын Алтангэрэл
  6. Монгол Улсын Зөвлөх инженер, Шинжлэх ухааны доктор, дэд профессор Намжилын Жадамба нарт Монголын геологийн шинжлэх ухааны хөгжилд онцгой хувь нэмэр оруулсныг үнэлж, Монгол Улсын Төрийн соёрхол хүртээж байна.

“Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх 8 боть нь өөрийн орны нутаг дэвсгэрийн геологийн тогтоц, ашигт малтмалын нөөцийг нэгэн цаг үеэр тасалбар болгон нэгтгэнэ гэдэг бол ганцхан улс дотооддоо улс орныхоо болон аймаг орон нутгийн хөгжлийг түргэсгээд зогсохгүй улмаар дэлхий дахинд өөрийн орноо сурталчлах, тусгаар тогтнолоо баталгаажуулахад онцгой чухал ач холбогдолтой. Монгол Улсын нутаг дэвсгэрийн сүүлийн 30-60 жилийн хугацаанд буй болсон геологийн бүхий л талын судалгааны материалыг үндэсний геологч-эрдэмтэд туурвисан анхны нэгтгэл аж.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрдэмтдэд Төрийн соёрхол хүртээсний дараа баяр хүргэж үг хэлэв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Та бүхний өдрийн амгаланг айлтгая.

2018 оны Төрийн шагналыг “Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх 8 боть бүтээлд олгохоор шийдвэрлэлээ.

Монголын геологийн шинжлэх ухааны 30 гаруй жилийн судалгааны материалыг нэгтгэж, 53 эрдэмтнээс бүтсэн баг 2009-2012 онуудад энэ бүтээлийг гаргахын төлөө хамтарч ажилласан байна. Энэ найман ботид монгол оронд хийгдсэн геологийн судалгааны дүнгүүдийг нэгтгэн, хөрш зэргэлдээ орнуудын геологийн судалгаатай харьцуулах, цаашид хийгдэх судалгааны ажлуудад чиг баримжаа өгөх зорилготой асар их баримт материалыг багцлан оруулсан нь практикийн болон судалгаа шинжилгээний чухал ач холбогдолтой болохыг салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүд үнэлэн тодорхойлжээ.

Эрдэмтдийн багийн төлөөлөл болох:

  • Шинжлэх ухааны доктор, профессор Жамбын Бямба
  • Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор, академич Ринчений Барсболд
  • Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор, профессор Очирын Гэрэл,
  • Ардын багш, Шинжлэх ухааны доктор, профессор Жаргалын Лхамсүрэн
  • Монгол Улсын Зөвлөх инженер Самбалхүндэвийн Алтангэрэл
  • Монгол Улсын Зөвлөх инженер, Шинжлэх ухааны доктор, дэд профессор Намжилын Жадамба нарт Монголын геологийн шинжлэх ухааны хөгжилд онцгой хувь нэмэр оруулсныг үнэлж, Монгол Улсын Төрийн шагналыг та бүхэнд хүртээлээ.

Эрдэмтэн судлаачид Та бүхний цаашдын үйлс бүтээл арвин байхыг ерөөгөөд, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.

Мөнх тэнгэрийн хүчин дор эрдэм оюун дэлгэрэх болтугай.

Баярлалаа та бүхэнд” гэв.

Ботиудын тухай товч:

Ботийн дугаар

Ботийн ба хариуцсан эрхлэгчийн нэр

Товч агуулга

Хэвлэлийн хуудас

I

“Стратиграфи” /Дархарга зүй/

(ШУ-ны доктор Ж.Бямба)

Тус улсын нутаг дэвсгэрт тархсан тунамал, вулканоген ба метаморф чулуулгийн тархалт, найрлага, нас, байрлал ба зузааныг анх удаа монгол хэл дээр тодорхойлов. Энэ боть нь Монголын геологийн бүх салбар шинжлэх ухааны үндэс суурь нь болж байгаа юм.

54.7

II

“Палеонтологи” (Эртний ургамал ба амьтан судлал)

(академич Р.Барсболд)

Монгол орны хэмжээнд судлагдсан эртний амьтан, ургамлын үлдвэрийн бичиглэл, ангилал, морфологи, тархалт, геологийн ач холбогдлыг тодорхойлсон анхны бүтээл болов.

52.8

III

Интрүзив (магмын түрмэл) чулуулаг

(профессор О.Гэрэл)

Тус Улсын нутагт судлагдсан магмын гаралтай түрмэл чулуулгийн тархалт, найрлага, нас, үүссэн орчин, металогенийн төрөлжилтийг нэгтгэж дүгнэв.

43.8

IV

“Литосферийн плитийн тектоник” (Чулуун мандалын хавтангийн тектоник)

(ШУ-ны доктор Ж.Бямба)

Монголын нутаг дэвсгэрийн чулуун мандлын бүтэц тэдгээрийг үүсгэж буй атираат мужууд, тэдгээрийн үүссэн хөгжлийн түүх, аливаа ашигт малтмал үүсэж болох орчинг геологийн шинжлэх ухааны шинэ үзэл баримтлалын үүднээс анх удаа авч үзсэн.

40.6

V

“Шатах ашигт малтмал”

(ШУ-ны доктор Дэ.Бат-Эрдэнэ)

Тус улсын нутаг дэвсгэрт нээгдэж судлагдсан бүх нүүрс, газрын тос, шатах занар, битүмийн орд, илрэл, савуудын тархалт, тогтоц, бүтэц, хэтийн төлөв, чанар, нөөцийг үнэлсэн анхны бүтээл юм.

32.5

VI

“Метал ашигт малтмал” (профессор Ж.Лхамсүрэн)

Монгол орны нутаг дэвсгэрт судлагдсан зэс, цайр, молибден, алт, мөнгө, төмөр, мангаан, хром, вольфрам, хар тугалга цайр, цагаан тугалга, хөнгөн цагаан, уран болон ховор метал ба ховор шороон элементийн ордын зэрэг одоогоор мэдэгдэж байгаа болон олборлогдож, олборлогдохоор бэлтгэгдэж байгаа ордууд, хэтийн төлөв бүхий илрэлийн нөөц агуулга зэрэг тодорхойлолтыг өгөв.

29.41

VII

Метал бус ашигт малтмал (магистр С.Алтангэрэл)

Элс, хайрга, шавар, барилгын чулуу, шохойн чулуу, бал чулуу, фосфорит, давс, хүхэр, шүү, гөлтгөнө, эрдсийн будаг, цеолит перлит, бентонит, каолин зэрэг химийн, барилгын ба техникийн түүхий эд болон гоёл чимэглэлийн болон өнгөт эрдэнийн чулууны орд, илрэлийн байрлал, геологийн тогтоц, чанар, нөөцийг анх удаа нэгтгэв.

32.5

VIII

Гидрогеологи

(ШУ-ны доктор Н.Жадамбаа)

Монгол орны газрын доорх ба гадаргуугийн усны бүх орд, илрэлийг савуудаар нь анх удаа ангилан жилийн балансыг гарган цаашид хэрхэн ашиглах боломжийг үнэлэхийн хамт, ашигт малтмалын ордуудын гидрогеологийн нөхцлийг тодорхойлсон болно. Мөн Монголын рашааны бүх ордуудын онцлогийн авч үзсэн.

46.08

  1. Эдгээр бүтээл нь хамгийн түрүүнд монгол улсын нутаг дэвсгэрийн сүүлийн 30-60 жилийн хугацаанд буй болсон геологийн бүхий л талын судалгааны материалыг үндэсний геологч-эрдэмтэд туурвисан анхны нэгтгэл болж байгаа юм.
  2. Энэ бүтээлүүд нь геологи, эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа энэ үед гадаад, дотоодын өргөн олон геологчидын эрэлт хэрэгцээг ямар нэгэн хэмжээгээр хангахад чиглэгдсэн.
  3. Их, дээд сургууль ба коллежид геологи, эрдэс баялгийн мэргэжлээр суралцаж байгаа оюутан залуучуудад үндэсний хэл дээр бичигдсэн сурах бичиг ховорхон байгаа энэ үед гарын авлага, лавлах материал болж байна.
  4. Өөрийн орны нутаг дэвсгэрийн геологийн тогтоц, ашигт малтмалын нөөцийг нэгэн цаг үеэр тасалбар болгон нэгтгэнэ гэдэг бол ганцхан улс дотооддоо улс орныхоо болон аймаг орон нутгийн хөгжлийг түргэсгээд зогсохгүй улмаар дэлхий дахинд өөрийн орноо сурталчлах, тусгаар тогтнолоо баталгаажуулахад онцгой чухал ач холбогдолтой юм.

“Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх 8 боть цуврал бүтээлийг туурвихад ШУА-ийн Геологи-эрдэс баялгийн хүрээлэн, Палеонтологийн төв, МУИС, ШУТИС болон хувийн компанид ажиллаж байгаа, чөлөөнд гарсан нийт 50 орчим эрдэмтэн геологчид идэвхтэй оролцсон юм.

Төрийн соёрхолыг шинжлэх ухаан, техникийн томоохон нээлт, ололт, технологийн туйлын оновчтой шийдэл, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн онцгой амжилт гаргасан, үндэсний соёл, урлаг, утга зохиол, уран барилгын шилдэг бүтээл туурвиж амжилт бүтээлээрээ гадаад дотоодод алдаршсан олон нийтийн хүндэтгэлийг хүлээсэн хүмүүст өгдөг байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ой

Image result for 1911 оны хувьсгал

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ой өнөөдөр тохиож байна. 1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын XII сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж гүрний ноёрхлыг эцэс болгон, үндэсний тусгаар тогтнолоо зарласан юм. Ийн VIII Богдыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж, төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий засгийн газрыг байгуулах шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулсан юм.

Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон билээ. УИХ-ын 2007 оны наймдугаар сарын 16-нд энэ өдрийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон улмаар 2011 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор хуульчилсан юм.

Categories
мэдээ цаг-үе

Энхбатын Бархассүрэн: Соробан сампингаар хичээллэж эхэлснээр математиктаа улам сайжирсан

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн баасан гаригт Малайз улсын Куала Лумпур хотод болсон “Цээж тоолол-Соробан сампин”-гийн олон улсын 23 дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцсон багачуудтай уулзаж, баяр хүргэлээ. Энэхүү тэмцээнд 40 орны 3000 гаруй хүүхэд өрсөлдсөн байна. Манай улсаас тус тэмцээнд 53 хүүхэд оролцож, нэг “Гранд чампион”, 16 “Чампион”, 20 “Алтан цом”, 10 “Мөнгөн цом” нийт 47 шагнал хүртжээ. Энэ нь Монголын оюуны спортын түүхэнд гарч байгаагүй өндөр амжилт юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эдгээр хүүхдүүдэд болон тэдний багш, эцэг, эхчүүдэд хандан юун түрүүнд оюуны спортын төрлөөр бахдам амжилт гаргасанд нь баяр хүргээд “Нийгэмд хар бараан мэдээлэл ихтэй байгаа энэ үед та бүхний амжилт гэрэл, гэгээ нэмж байна. Ой тогтоолт, соробан сампин, цээж тоолол, шатар зэрэг оюуны спорт төдийгүй, хими, физик, математикийн олимпиадаар ч тэр монгол хүүхдүүд сүүлийн үед маш сайн амжилт гаргаж байгаа. Түүнчлэн манай залуусыг мэдээллийн технологийн дэлхийн томоохон компаниуд инженер, боловсон хүчнээрээ авч ажиллуулах сонирхолтой болж байгаа нь мөн сайн мэдээ юм. Энэ юуг харуулж байна гэхээр монгол хүний оюуны чадамжийг илтгэхээс гадна, оюун ухааны чиглэлээр бидэнд ямар их боломж бололцоо байгааг харуулж байна. Цаашдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс оюуны спортыг дэмжиж, ялангуяа бяцхан, өсвөр насны хүүхдүүдийг дэмжиж ажиллахаа та бүхний өмнө илэрхийлж байна” гэсэн юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олон улсын тэмцээнд хүүхдүүдийг оролцуулахын тулд замын зардал, байр, хоол зэргээр чамгүй зардал гардгийг дурдаад гадаад улсад болох тэмцээнд оролцоход нь тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлэхээ амласан. Түүнчлэн хүүхдүүдээ зөв хүмүүжүүлж, эрдэм номтой болгож буй багш, эцэг эхчүүдэд талархал илэрхийлсэн юм.

“Цээж тоолол-Соробан сампин”-гийн олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлсөн хүүхэд багачуудыг амжилттай бэлтгэн оруулсан “Toya” хүүхэд хөгжлийн академийн захирал Т.Туяа “Би математикийн багшаар 36 дахь жилдээ, соробан сампин заагаад 10 гаруй жил болж байна. Энэ удаагийн “Цээж тоолол-Соробан сампин”-гийн олон улсын 23 дахь удаагийн тэмцээнд Монгол Улс чансаагаараа дэлхийд нэгдүгээрт бичигдлээ. Маш олон хүүхэд цом хүртлээ. Баяртай байна. Манай академи хот хөдөөгийн нийт 35 салбартай. Баян-Өлгий аймагт л салбараа нээж амжаагүй байна.Соробан сампингаар хичээллэснээр хүүхдэд гарч буй эерэг талуудыг судалгаагаар тогтоогдсон байдаг. Хүүхдэд хэт их ачаалал өгөх вий гэх айдас манай эцэг эхчүүдэд байдаг. Энэ бол тун ташаа ойлголт гэдгийг хэлэх нь зөв байх” гэж байлаа.

“Toya” хүүхэд хөгжлийн академийн багш Э.Ганболор “Жил ирэх тусам хүүхдүүдийн минь чадвар ахиж илүү их амжилтыг гаргаж байна. Соробан сампин нь хүүхдийг зөвхөн цээж тоолол, математикийн хичээлд сайн болгох биш баруун зүүн тархины тэнцлийг хангаж, төсөөлөн бодох чадвар, ой тогтоолт, хурдан сэтгэх,анхаарал төвлөрөх, тэсвэр хатуужилтай болох гэх мэт чадваруудыг бий болгодог. Манай Тояа хүүхэд хөгжлийн академи нь энэ 10 жилийн ойтойгоо золгож байна. Ойгоо амжилт бүтээлээр дүүрэн угтаж байгаадаа баяртай байна. Нийт эрдэмтэн багш нартаа болон алдрайхан хөөрхөн шавь нартаа мөн Тояа академийн үүсгэн байгуулагч Т.Туяа захиралдаа ойн баярын мэнд хүргэе” гэв.

Энэ үеэр “Цээж тоолол-Соробан сампин”-гийн олон улсын 23 дахь удаагийн тэмцээний “Elementary B” ангилалд “Чампион” цомын эзэн болсон 22 дугаар сургуулийн 4-ийн нэг ангийн сурагч Э.Бархассүрэнтэй ярилцлаа.


-Олон улсын тэмцээнд амжилттай оролцсонд нь баяр хүргэе. Өмнө нь ийм олон улсын чанартай тэмцээнд оролцож байв уу?

-Малайзад болсон “Цээж тоолол-Соробан сампин”-гийн олон улсын тэмцээн бол миний анхны том тэмцээн юм. Энэхүү тэмцээнд амжилттай оролцсондоо баяртай байна. Мөн би Үндэсний аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан.

-Тэмцээний үеэр олон найзуудтай болсон уу. Бусад орны хүүхдүүд хэр чадварлаг санагдсан бэ?

-Бид нартай адилхан санагдсан. Малайзад очоод хоёр дүүгээ л их санасан.

-Соробан сампингаар хэзээнээс эхэлж хичээллэсэн бэ. Чамд юу нь хамгийн сонирхолтой санагддаг вэ?

-Хамгийн анх аав, ээж хоёр маань намайг соробан сампингаар хичээллэхийг зөвлөсөн. Ингээд би хоёрдугаар ангиасаа эхлээд “Toya” хүүхэд хөгжлийн академийн соробан сампингийн дугуйланд хичээллэж эхэлсэн. Надад их сонирхолтой санагдаж байсан.

-Өдөрт хэдэн цагийг соробан сампингаар хичээллэхэд зарцуулдаг вэ. Хүндрэлтэй зүйл нь юу байдаг бол?

-Өдөр таван цаг хичээллэдэг. Одоо хэцүү санагдахаа больчихсон. Бодлогоо бодоод баймаар л санагддаг.

-Соробан сампингаар хичээллэснээр өөрчлөлт гарсан зүйл бий юү. Үеийн найзууддаа юу гэж зөвлөмөөр байна вэ?

-Соробан сампингаар хичээллэж эхлэснээр математикийн хичээлдээ улам сайн болсон. Бодлогоо илүү хурдан боддог болчихсон. Найзууддаа соробан сампингаар хичээллээрэй гэж хэлье. Мөн сампингийн анхны багш Г.Батцэцэг болон тэмцээнд бэлтгэсэн Э.Ганболор, О.Баярмаа тэргүүтэй багш нартаа маш их баярлалаа. Би цаашдаа улам хичээж “Гранд чампион” авах болно.

О.АРИУНАА

Categories
мэдээ улс-төр

Ц.Туваан: Намын гишүүдийн зүгээс АН-ын бүлэг нэгдмэл цул байх ёстой гэсэн санал ирүүлсэн

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Ардчилсан нам “Хөгжил, шинэчлэл” үндэсний II аяныг есөн дүүргийн 152 хороо, 21 аймгийн 284 сумын 918 багт нэг сарын хугацаанд зохион байгуулжээ. Ардчилсан намын даргын тушаалаар анхан, дунд шатны намын байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлж, намын гишүүд болон бүх шатны сонгуульт гишүүдийн хамтын ажиллагааг сайжруулахаар уг аяныг зохион байгуулсан байна. Анхан, дунд шатны намын байгууллагуудын удирдлагууд, намын хорооны гишүүд, аймаг, дүүрэг, сум хорооны ИТХ-ын төлөөлөгчид, Үндэсний бодлогын хорооны гишүүдийн бүрэлдэхүүнтэй баг нийт 80 мянган км замыг туулан 93 мянган гишүүд, дэмжигчидтэй уулзжээ. Ингэхдээ улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч,үйл ажиллагааны чиглэлээ танилцуулсан байна. Аяны талаарх мэдээллийг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан өгсөн юм. Энэ үеэр түүнтэй ярилцлаа.


-Аяны хүрээнд намын гишүүд, дэмжигчид олон асуудлаар санал бодлоо илэрхийлжээ. Хамгийн их хөндөгдсөн асуудал нь юу байв?

-ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээлийг хамаарал бүхий компаниараа дамжуулан авсан гишүүдийг эгүүлэн татах, агаарын бохирдлын эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй байгаа, 60 тэрбумын гэх хэрэгт хариуцлага хүлээхгүй байгаад сөрөг хүчний дуу хоолойг хүргэх, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд нэгдмэл байх, шатахууны үнэ, валютын ханшийн өсөлт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлж иргэдийн амьдралд хүндрэл учруулж байгаа талаар иргэд, намын гишүүд онцлон байр сууриа илэрхийлсэн. Аяны хүрээнд АН-ын үзэл баримтлалыг дэмжиж 12 мянган иргэн гишүүнээр элссэн. Ингэснээр манай нам 204 мянган гишүүнтэй боллоо.

-Ардчилсан намын бүлэг нэгдмэл байр суурьтай байж, хамтарч ажиллах хэрэгтэй байгаа талаар намын гишүүд, дэмжигчид зөвлөжээ. АН одоогоор бүлэггүй болох эрсдэлтэй байгаа. Энэ үед нэгдмэл байхын тулд ямар алхам хийх ёстой гэж бодож байна вэ?

-Ардчилсан намын бүлэг есөн гишүүнтэй. Нэг гишүүн дээр намынхаа Үндсэн дүрмийн дагуу хариуцлага тооцож, шийтгэл оногдуулсан. “Намын гишүүдээ сонсъё” аян болж өнгөрсөн. Намын гишүүдийн зүгээс АН-ын бүлэг нэгдмэл цул байх ёстой гэсэн саналыг ирүүлсэн. Бид уг аяны тайлангийн задаргааг дахин хэлэлцээд, он гараад бүлгийн гишүүддээ уламжилна. Ер нь бол бид дүрмээ сахидаг, ёс зүйтэй, эвтэй байх зарчмыг барьж ажиллана.

-Шатахууны үнэ, валютын ханш, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийн амьдралд бодитоор хүндрэл учруулж байгааг хүмүүс ихээхэн шүүмжилж байгаа талаар та мэдээлэлдээ дурьдсан. Энэ талаар тодруулаач?

-Шатахууны үнийн өсөлт иргэдийн амьдралд бидний бодож, төсөөлж байснаас илүү хүндээр тусч байна. Иргэд тээврийн хэрэгслийг өдөр тутамдаа маш их ашигладаг. Тэр дундаа хөдөө орон нутагт бараа бүтээгдэхүүнийг тээврийн хэрэгслээр зөөвөрлөж хүргэж байгаа. Тиймдээ ч бензин шатахууны үнийн өсөлтөөс хамаараад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Дээрээс нь хот хоорондын зорчигч тээврийн үнэ өссөн байна. Гэтэл малчдын амьжиргаанд гол нөлөө үзүүлдэг сүү, махны үнэ огт нэмэгдээгүй. Учир нь шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор үйлдвэрлэгчид үнээ нэмж чадахгүйд хүрч байна. Бид үүнд зайлшгүй арга хэмжээ авах шаардлагатай. Манайх шиг нефть үйлдвэрлэдэггүй, импортоос 100 хувь хараат орны хувьд энэ асуудал дээр төр л анхаарч, зохицуулалт хийх ёстой. Үгүй бол иргэдийн амьдрал өдөр өдрөөр хүндэрсээр байх болно.

-УИХ-ын үйл ажиллагаа гацаанд байсаар шинэ онтой золгож байна. Улс орны эрх ашигт нөлөөлөхүйц олон асуудал шийдэгдээгүй хэвээр үлдлээ. Мөн бойкот зарлаад буй нэр бүхий гишүүд УИХ-ын даргыг огцруулахаар жагсаал, цуглаан ч зохион байгуулаад байна. Энэ нөхцөл байдалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Бид өнөөдрийн энэ нөхцөл байдалд маш шүүмжлэлтэй хандаж байгаа. Ард иргэдийн амьдрал хэдий хүнд байгаа ч гэсэн эрх барьж байгаа намын үйл ажиллагаа, төрийн ажлын зогсонги байдал, сандал суудлын төлөө явж буй энэ шударга бус, хариуцлагагүй байдал дээр маш их бухимдаж байна. Тиймээс бид сөрөг хүчнийхээ зүгээс улам хүчтэй ажиллах болно.

-УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр огцрох эсэх асуудал дээр нам ямар байр суурьтай байгаа юм бэ?

-АН-ын бүлэг хамгийн сүүлд хуралдаж 60 тэрбум, ЖДҮ-ийн асуудлын аль алинд нь хариуцлага тооцно, буруутай нь тогтоогдвол УИХ-ын дарга, Ерөнхий сайд байхаасаа үл хамаарч хариуцлага хүлээх учиртай гэдэг дээр байр сууриа нэгтгэсэн. Зарим асуудал дээр хуулийн гаргалгаа байхгүй, мөн хууль хүчний байгууллага шалгаж байгаа учир бид эцэст нь дуугарах ёстой.

Ер нь бол Ардчилсан намын бүлэг У.Хүрэлсүхийн Засгийн газрыг байгуулагдахад дэмжиж кнопоо дарсан. Гэсэн ч энэ Засгийн газар ямар ч ажил хийгээгүй, юу ч амжуулаагүй. Удаа дараагийн хариуцлага алдсан, хангалтгүй ажилласан байдалд нь шаардлага тавиад эцэст нь огцруулахыг хүссэн. Гэсэн ч МАНАН-ийнхан огруулах гэж байна гэх зүйлийг ярьж байгаа нь өрөөсгөл юм. Мэдээж УИХ-ын даргыг огцруулах асуудалд гишүүд маань өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Бид энэ асуудал дээр бүхнийг хуулиар зохицуул гэдэг байр суурь дээр л байгаа. Аливаа нэг асуудлыг цахим ертөнцөөр, сэтгэлийн хөөрлөөр шийдвэл алдаа болно. Манай нам хуулийн засаглалыг л гол болгож баримталдаг. Үүнийгээ л дагах болно. Дээрээс нь төрийн эрх мэдлийг нөгөөдөө сонгуулийн зарчмаар, хүч үл хэрэглэх замаар дамжуулж өгдөг тогтолцоог бид Монголд байгуулсан. Энэ журмаараа л явах нь зөв гэдэг байр суурь дээр байгаа. Түүнээс өмгөөлж, хамгаалсан зүйл байхгүй.

-УИХ-ын гишүүн Л.Болдыг намаас хөөх шийдвэр гаргасан. Энэ асуудал эцэслэн шийдэгдсэн үү?

-Л.Болд гишүүн АН-аас нэр дэвшиж, мандатаа авч гишүүн болсон. Түүнийг дэмжсэн хүмүүс дотор АН-ын гишүүд олон байгаа. Ард иргэд ч бий. Одоогоор энэ асуудал эцэслэн шийдэгдээгүй байгаа.

-Тодорхой хуулийн хугацаа байдаг уу?

-Хуулийн хугацаа байхгүй.

-Булган аймгийн Бугат суманд болсон хэргийг улстөрийн сэдэлтэй бус ахуйн хүрээнд болсон гэмт хэрэг гэсэн мэдээллийн ЦЕГ-аас өгсөн. Энэ талаар та бүхэн нэмж тодруулсан зүйл байна уу?

-Нэмж тодруулсан зүйл алга. Хохирогч цохиулснаасаа хойш нэг ч удаа ухаан ороогүй юм билээ. Эмнэлэгт очиж хагалгаа хийлгэсэн боловч тархиндаа маш хүнд гэмтэл авсан учир сэргэлгүйгээр амь насаа алдсан харамсалтай явдал болсон. Бид энэ асуудлыг улстөржиж байгаа юм шиг дахин яриад баймааргүй байна.


Categories
мэдээ цаг-үе

“Алтай” туужаараа арслангуудын дэвжээнд дэлссэн “эрийн хуйх”

МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛИЙН 90 ЖИЛИЙН ИХ ОЙД


Дэлхий дээр сүүлчийн ганц эсгий хот байв. Тэр бол Баянхонгор. Наян хэлийн шувууд чуулдаг Баян гэдэг нуурын урд талд сүндэрлэсэн Хонгор гэдэг хайрханы өвөрт төвхнөөд 30-аад жил болсон залуу хот гэнэт Түйн голын хөвөөнд нүүж очсон царай нь тэр! Арван зургаан ханат өргөө, 5 ханат гэр, гурван ханат банаг, хоёрхон ханат овоохой нийлсэн 2000-гаад гэрээс аймгийн төв бүрджээ. Аймгийн захиргаа, намын хороо ч гэрт. Албан газар, эмнэлэг ч мөн адил гэрт. Тэр ч байтугай мөнгөтэй банк, хоригдолтой шорон нь гэрт. Тийм үед 1000 шахам сурагчтай сургууль мэдээж бас гэрт. Би тэгэхэд толгой хүндрүүлдэг тоо, томьёоны ухаан биш, урамс бадраадаг уран зохиол, хийморь сэргээдэг хэлний хичээл заадаг багш байв шүү. Энэ өдрийн хичээлд би “Пионерийн үнэн” сонины шинэ дугаар авч яваа нь учиртай. 1962 оны аравдугаар сарын 17-ны өдрийн эл сонинд нийслэлийн IV бага сургуулийн 4 дүгээр ангийн сурагч Т.Баасансүрэнгийн “Намар” шүлэг хэвлэгдсэн байлаа.

-Дүү ангийн чинь бацаан ийм шүлэг бичжээ. Та нар чадах уу? гэж шавь нараа өдөөгөөд -Юун төлөө та нар тэр жаалаас нас ах билээ, том анги билээ? Уран чадвараар илүү байх ёстой.

Ногоон модны саглагар навчис

Сэвэлзэх салхинаа найган ганхана

Улаан бүч түүнийг дуурайн

Сэрүүн салхинд хийсэн дэрвэнэгжээ, ямар байна? Энд мод байна, салхи байна. Ногоон, улаан өнгө байна. Та нарт би тусалъя, энэ сайхан шүлгээс илүү гарсан шүлэг бич. Та нар чадна. Яруу найрагч Д.Гомбожав салхийг:

Хээрийн шаргал хялганыг

Гэлжгий болтол алгадна гэж бичсэн. Мундаг уу? Мундаг.

Яруу найрагч Р.Чойном:

Баяраар хатгасан тугнууд

Байж ядталаа дэвхэцнэгэж бичсэн.

Ямар вэ? Туг галзуураа юу? Дүрсэлж чадах гэж үүнийг хэлдэг юм гэх мэтээр бяцхан шавь нарынхаа хорыг нь маажаад “намар” шүлэг бичүүлэх зорилго өвөрлөн 5а ангийн гэрийн гадаа очсон юм. Гэтэл хүүхдүүд нирхийтэл инээлдэж байх юм.

-Батбаяр аа, дахиад уншаач гээд алгаа ташиж байна.

-Шавь нар минь юунд ийнхүү баясан инээлдэнэ вэ? Би ангид орвол тэднийхээ хөөрүү инээдэнд саад болно шүү дээ гэж бодоод зогтусан түр хүлээтэл: Батбаяр шүлэг уншиж байна. Энэ бол хагас сайны онгоцоор аймгаас ирсэн “Залуучуудын үнэн” сонинд хэвлэгдсэн миний “Тамирчин” гэдэг 8 мөрт байна.

Тамирчин хүнийг харахуйяа

Цаанаа нэг хийморьлог

Тавин нас хүрсэн ч

Хорин тавт шиг жавхаалаг гэж эхэлдэг юм л даа.

Гэтэл 12-хон настай алиа цалгиа ихтэй шавь маань

Тамирчин хүнийг харахуйяа

Цаанаа их хийморьлог

Тангадын Галсанг харахуйяа

Наанаа нэг хамарлиг

гэж уншиж байх юм. Би ч бас тэсгэлгүй инээсээр ангид явж орлоо.

Батбаяр булт үсрэн хөшигний араар нуугдав. “Ардын багшийг ам хэлээр доромжилсон хэрэгт орно. Алган боов амсах юу ч биш” гэж айсан бололтой.

Би Батбаярыг дуудан хөшигний араас гаргаад ангийн бүртгэл /журнал/ дээр “Батбаяр онц онц” гэж 5 удаа давтаад, “энэ улирлын дүн чинь гарлаа. “Онцсайн”, хүүхдүүдээ баяр хүргэцгээ гэж билээ.

Нийслэлийн нэгэн бага сургуулийн сурагчийн шүлэг Баянхонгорын дунд сургуулийн нэгэн цагийн хичээлийг яруу найргийн баяр болгож хөгжсөөнийг юунд дурдана вэ гэвэл,

-Та нар хараарай. Т.Баасансүрэн гэдэг тэр хүү М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд Н.Нямдорж шиг, Ш.Цогт шиг уригдан суралцана. Дэвжээндээ байтугай дэлхийд монголын алдрыг дуурсгасан яруу найрагч болно гэж хийрхэн хийморийн дарцаг дэрвүүлж билээ. Гэтэл би зөнч Ванга биш учир, Ерөнхийлөгчийн үзмэрч Дашцэрэн шиг дэгсэджээ. Т.Баасансүрэн яруу найрагч биш, үргэлжилсэн үгийн зохиолч, сэтгүүлч, эрдэмтэн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн болжээ. Энэ нь хоёр зүйлийн уг сурвалжтай байх.

Нэгдүгээрт, Монголын бүх авьяас билиг анхандаа шүлгээр эхэлдэг. Хоёрхон жишээ татъя. Ардын журамт цэргийн дөрөвхөн хороон даргын нэг, Богд хаант Монгол Улсын баатар Сумъяа бэйсийн хүү, “дэлхийн киноны нэвтэрхий толь”-д Монголоос анх дурдагдсан Р.Доржпалам шүлэг бичдэг байжээ. Түүнийг МАХН-ын Төв Хорооны боловсон хүчин дуудаад: “Кино найруулагчийн сургуульд яв” гэжээ. Доржпалам хүү татгалзжээ. Учир нь тэрбээр “кино найруулагч гэдэг хүн олон дугуй хайрцагтай кино зөөж авчирдаг байх. Бөлөгийн дэс дарааллаар нь зөв өрж кино гаргахад тусалдаг байх” гэж боджээ. Гэтэл мөнөөх том дарга “Үг найруулж, шүлэг бичдэг хүн л кино найруулж чадна” гээд тэрхүү нандин сайхан мэргэжил зүг Доржпаламыг томилсон аж. Үг найруулах дасгалыг шүлгээр эхэлсэн Доржпалам “Тунгалаг Тамир” кино туульсаас миний зохиолоор бүтээсэн “Мөнгөн буйл” хүртэл олон арван кино бүтээснийг соёлтой уншигч та юу эс андах вэ?

Тийм ээ, монгол авьяас билиг шүлгээр эхэлдэг. Цаашдаа уран бүтээлийн өөр төрөлд “урвах” нь буй.

Хоёрдугаарт,Ховд аймгийн Баасансүрэнгийн уран бүтээлийн багш нь Өвөрхангайн Д.Намдаг байжээ. Төрийн хошой шагналт тэр егөр бичээч “Тугтай чарга” шүлгийн түүврээрээ утга зохиолд орж ирсэн Дэмбээгийн Мягмараар жүжгийн тайзнаа “найрын ширээний ууц” тавиулж, бэсрэгхэн үгүүллэгийн уран дархан болж байсан Дарамын Батбаярыг жүжиг, киноны их зохиолч болгосон гээд бод.

Донровын Намдаг гэдэг дорно өрнийн хос соёлын их багштан. Баасансүрэнг “томоогүй шүлгийн жараахай биш, том агуулгатай туульсын зохиолын тул бариулах” мөрөн өөд хөтөлжээ.

Багшийн итгэлийг шавийн зүтгэл юунд хүргэснийг Т.Баасансүрэнгийн туурвисан “Монетон бөгж”, “Хар хорхой ба бөөн шоргоолж”, “Дэлхий минь, өлгий минь” зэрэг олон өгүүллэг, “Өвгөн цохио”, “Нүдэн булаг”, “Алтай” зэрэг олон тууж, “Тэрбумтан”, “Уулс, үүлс, туульс” романууд батална.

2004 онд миний бие хойд их гүрнээр аялах үедээ хуучнаар Сталинград, шинээр Волгоградын номын дэлгүүрт ороод орос орон хүчирхэгжин мандаж буйг дэлхийн уран зохиолыг дэлгэж тавьсан дэлгэр цараа хүрээнээс нь ажиж билээ.

Тэр дунд монгол уран зохиол орос хэлнээ байхыг харан бахадсаны дотор Тугалхүүгийн Баасансүрэнгийн “Тэрбумтан” роман, “Өвөл нахиалсан мөчир” өгүүллэг, туужийн түүвэр байсныг яана!

Саяхан социалист байсан Монголд шинэхэн капиталистууд хэрхэн төрж бойжиж, өсөж хөгжиж, эерэг эсрэг шинж нь илэрч буйг зурагласан сонин романыг миний багшийн нэг Ц.Дамдинсүрэнгийн охин Анна Цендийна орос хэлэнд орчуулан хүргэсэнд нэн баярлаж билээ. Сүүлд “Алтай” тууж нь бас орос хэл дээр гарсан. Хасбаатарын Мэргэн хөрвүүлсэн байсан.

Монгол нутгийн хайрхануудын хаан-Алтайн тухай бичээгүй зохиолч, яруу найрагч үгүй гэж мөрий тавьсан ч болно. Энэ бол монгол зохиолчийн хувьд аав ээж, амраг хань, хайр энэрэлтэй адил мөнхийн сэдэв юм.

Бичиг үсэгтэй болохоос урьд билиг авьяаст туульчдын зохиосон “Монгол Жангар” хүртэл “Алтай хайлах”-аар эхэлдэг. Тэнд үгүүлэгдэж буй Алтай нь уг туулийн удиртгал симфони төдийгүй, үйл явдал өрнөх цаг түүхийн цэнхэр алаг дэлгэц болдог билээ.

Эзэн хааны шарилын өлмий доор эмгэнэлийн шүлэг хайлсан Гилгүдэй найрагчас арай дүүмэдхэн, билиг авьяасаараа бидний үеийнхэнд ахлуухан Рэнцэнгийн Чойном 70 жилийн тэртээ:

Алтай-цайдам эх нутгийн минь мөнгөн дагина

Алтай –цагийн харуулд зогсоо мөнхийн багана

Алтай –монгол нисгэгчийг шалгасан ёслолын хаалга

Алтай-монгол дуунд уярсан баатрын дуулга гэж Алтай хайрхандаа уянгын сэржим өргөсөн сөн.

Сэнгийн Эрдэнэ Алтайг солонгон задралаар өнгө ялгаж хөрөглөсөнсөн. Арав арван жилийн зайтайгаар “Алтай”-г зураглан хөрөглөсөн Р.Чойном, С.Эрдэнэ, Т.Баасансүрэн гурвын бүтээл: сэдэв нь нэг атлаа, урлах эрдэм, агуулгын цараа, алсч хатираа нь өөр өөр байв.

Т.Баасансүрэн: “Алтай” тууждаа, улс төрөөс хамаарал багатай, унасан нутаг-Алтай, уудаг ус-нүдэн булагтайгаа амьдрал нь, аз жаргал нь үндэс цэцэг хоёр шиг үүрдийн холбоотой хүмүүсийг бичсэн билээ. Өөрөөр хэлбэл энэ тууж уулын хөрөг биш, Алтай нутгийнхны давтагдашгүй нандин, цэвэр ариун амь зуулга, хүн жудаг, ёс жаягийн өнгөт өргөн дэлгэц болсноороо Баасансүрэнг эх утга зохиолын их арслангуудын дэвжээнд дэлүүлсэн болой. Ар өвөрт нь нүүдэллэн аж төрдөг ард түмэн нь Алтайгаа тэнгэрийн диваажин гэж итгэдэг. Араатан гөрөөсийг нь үргээх байтугай, аравгар гүрвэлийг нь ч адуу малын туурайд гишгэгдэх вий гэж айн залбирч авран хамгаалж байдаг тэр сайхан энэрэнхүй соёл энэ туужид бий.

Айлын өвгөн уул ч юм шиг, Алтай хайрхан нь хүүхэд ч юм шиг шүтэн барилдлагатай тэр сайхан ёс одоо байна уу? Үгүй юу?Баасансүрэнгийн “Алтай” туужийн үнэ цэнэ, им тамга үүнд оршино.

“Их бичгийн хүмүн та эхлээд иргэн байх өртэй” гэж Оросын их яруу найрагч Н.А.Некрасовын тунхагласан зарлигаар авч үзвэл Баасансүрэн төрд зарагдсан төмөр зарцын нэг болжээ. Гэхдээ боол-зарц биш, бодлоготой, болгоомжтой үйлс өөдрөг бээл, бэйсийн нэг болсныг яана!

1987 оны зун Монголын Сэтгүүлчдийн холбоо намайг дуудав. Тэмээчин, ямаачин зэрэг малчин үеэ төгсгөөд, махкомбинатын ясчин, АПУ-гийн ачигч зэрэг ажилчин дамжаагаа төгсгөөд Ардыг гэгээрүүлэх яамны сонин сэтгүүлийн хичээнхүй (хариуцлагатай нарийн бичгийн дарга) алба хашдаг сэхээтэн болсон цаг байв.

Шүлгийг нь хүүхдэд заасан, туужийг нь тоож уншсан эрхэм маань Монголын сэтгүүлчдийн холбооны дэд дарга юмсанжээ.

Тэрбээр надад 2 хуудас цаас өгөв. Нэг дэх нь ЗХУ-аар МОНЦАМЭ-гийн Г.Баатарчулуун тэргүүт 3 сэтгүүлчийн хамтаар аялж өөрчлөн байгуулалтын сэдэвт тэмдэглэл, найруулал, сурвалжлага бичих, улмаар ном болгож хэвлүүлэх “гэрийн даалгавар”.

Нөгөө нь Л.И.Брежневийн бичсэн “Их газар”, “Бага газар” Краснодарийн хязгаар, улмаар Зөвлөлт Таджикстанаар аялан сурвалжлах томилолт ажээ.

Тавин зургаа хүрсэн хойно минь хилийн дээс алхах эрхийг бэлэглэсэн хүн бол дарга Т.Баасансүрэн байв. 1990 онд нэг удаа Монголын Сэтгүүлчдийн холбоонд хүрч очвол “Баасансүрэн огцор” гэсэн тулган шаардах бичиг бариад Баасансүрэн шиг хүн сууж байх юм. Ийм тулгалтанд ихэнх дарга сандардаг. Даралт нь дарвалздаг. Тамгаа өвөртөлж зугтдаг даа. Тэр ч байтугай “эмнүүлнэ” гэдэг шалтгаар эх орноосоо дүрвэдэг ч удаатай.

Баасансүрэн тэгдэг цэвдэг тэнэгийн нэг биш ажээ. Хамаг нандин номоо хайрцаглаад, нүүхэд бэлдэн сууж байлаа. Багахан биетэй ч, бачуухан дотортон биш ажээ. Нэг мэдэхэд Монгол Улсын анхны парламент-УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга болоод дэвшчихсэн байсан. Хэдэн жилийн дараа Польш хэмээх улсад Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар одсон дуулдсан.

Ийм уужуу дотортой өөртөө чадалтай хүнийг СГЗ Галсангийн Жамьян “Эр хүний хуйх” гэж хэлэх дуртай.

Баасансүрэн хэмээх “Эрийн хуйх” тэр цагаас хойш зүгээр огт суусангүй. Монголын сэтгүүл зүйн 100 жилийн өвийг онгичиж, үнэнийг нээсэнтэй хэн ч маргаж чадахгүй. Би “ардчилсан хувьсгалын алтан хараацай”, “Миний сэтгүүл ардчилсан хэвлэлийн анхдагч” гэж ханхалзагчид олширсон үед “Чөлөөт ардчилсан хэвлэлийн ууган нь “Шинэ толь” сэтгүүл шүү, эцэг нь Цэвээн Жамсранов шүү гэдгийг баталж, хөөрөн хөвсрөгчдийн яг духан дээр нь хөх булдруу гартал цоходсон эрийн хуйх бол Баасансүрэн. “Монголын нууц товчоо” уран зохиолын ховор нандин дурсгалт бичиг мөнийг Шанжмятавын Гаадамба багш маань дэлхийд анх баталсан гавьяатай. Цэндийн Дамдинсүрэн ахайтан “Монголын нууц товчоо” монголчуудын түүхийн, монгол хэлний охь дээж мөнийг тодорхойлсон. Эрдэмтэн Дожоогийн Цэдэв “Бэлгэдэл зүйн нэвтэрхий толь” мөнийг нь нотолсон.

Гэтэл Баасансүрэн “Монголын нууц товчоо-нийтлэлийн дурсгалт бичиг мөн”-ийг дэлгэснээр манай үндэсний сэтгүүл зүйн хомсхон ойлголтыг мянган жилээр урагшлуулан тэлсэн нь нээлт гэмээнэ нээлт мөн дөө. Бас төрөөс сохор зоос гаргалгүйгээр “Монголын шилдэг нийтлэл”-ийн цуврал 99 ботийг гаргасан. Энэ бол улс төрийн дамчид хийж чадах ажил, ухаж чадах уурхай биш.

Өвгөн бичээч миний бие “Монголын Зохиолчдын Эвлэл” гэдэг сайхан намын гишүүн. Манай нам бол алба тушаалын донтон, авах идэхийн донтонгуудын намуудаас онхи өөр. Авьяас билигтнүүдийг олж, шилж ариун эгнээндээ жагсаадаг нам шүү дээ. Эх орноо идэхийн дон энэ намын гишүүдэд үгүй.

Эх хэл, бичиг соёлоо яаж хөгжүүлэх вэ? Түмэн үеийн өв соёлоо хойч үед түүчээлэн яаж хүргэх вэ гэсэн нэгдмэл бодлого, нэгэн санаатай.

Их Нацагдорж, С.Буяннэмэх, Бямбын Ринчен, Ц.Дамдинсүрэн тэргүүтний байгуулсан тэр намд элсэх гэж 5 удаа өргөдөл өгөөд, эхэндээ гологдож 1960 оны үеэс улс төрийн талаар сэрдэгдэж яг элсдгийнхээ даваан дээр цөллөгт одож 54 нас хүрсэн хойноо Зохиолчдын Эвлэл гэдэг гэгээн үйлст намын гишүүн болж билээ.

Ийм өндөр босготой намд тоогдон элсэгсдийн ихэнх нь уран бүтээлээ шүлгээр эхэлсэн байдаг. Энэ нь угаасаа монгол гэдэг яруу найрагч ард түмэн лүгээ шууд холбоотой. 1962 оны аравдугаар сарын 17-ны “Пионерийн үнэн”сонинд шүлгээ нийтлүүлсэн нийслэлийн IV бага сургуулийн 4 дүгээр ангийн сурагч Т.Баасансүрэнгийн уран бүтээлийн гараа, хатираа, бариа, царааг шинэ мянганы хориод оны өндөрлөгөөс дурандахад иймэрхүү дүр төрх дурайж байна. Манай зохиолчид дунд манлайлагч олон, тэдний нэг нь Тугалхүүгийн Баасансүрэн яах ч аргагүй мөнөөсөө мөн шүү!

Тангадын Галсан (Монгол Улсын ардын уран зохиолч)

Categories
мэдээ нийгэм

Монгол, БНХАУ-ын автозамын хилийн боомтууд өнөөдөр амарна

Image result for хилийн боомтууд

Монгол, БНХАУ-ын автозамын хилийн боомтууд өнөөдөр амарна. “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр, 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр тус тус ажиллахгүй. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм.