Categories
мэдээ эдийн-засаг

Гар утсаараа галт тэрэгний тасалбар захиалж болно

Гар утсаараа галт тэрэгний тасалбар захиалж болно

УБТЗ хэрэглэгчдийнхээ арх ашгийг дээдэлж тэдэнд чирэгдэлгүй хурдан шуурхай үйлчлэх үүднээс галт тэрэгний тасалбарыг интернэт ашиглан гар утаснаасаа захиалж худалдан авах шинэ үйлчилгээг энэ онд нэвтрүүлсэн нь иргэд олон нийтийн талархлыг хүлээж байна.

УБТЗ 2018 онд интернетээр галт тэрэгний тасалбар худалдаах ажлыг эрчимжүүлж, банкны системтэй харилцах тоног төхөөрөмжүүд, серверийн хүчин чадлаа нэмэгдүүлж, интернет худалдаалалтын вэб хуудсаа шинэчлэн боловсруулж хэрэглэгчдэд цөөн үйлдлээр ашиглахад хялбар болгон сайжруулсан юм.

Оны сүүлийн хагаст интернет худалдаалалтын гар утасны аппликейшн хөгжүүлж IOS, Android сисемүүдэд зориулсан програм хангамжийг зохион туршиж Apple Market, Goole Play Store-д байрлуулж хэрэглэгчдийн хүртээл болгоод байна. Орчин үеийн технологид тулгуурласан үйлчилгээг бий болгосноор үйлчлүүлэгчдийн цаг завыг хэмнэж, ухаалаг утасны тусламжтайгаар бэлэн бусаар төлбөрөө хийж галт тэргэнд шууд суун аялах боломжийг бүрдүүлсэнээр интернетэээр тасалбар авч зорчих зорчигчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 4-5 дахин нэмэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн үйлчилгээний ч:67, ч:68 чиглэлүүдийг шинээр нээлээ

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэдээс удаа дараа ирүүлсэн санал хүсэлтэд үндэслэн холбогдох судалгааг хийж богино эргэлтийн Ч:67 “Морингийн даваа – Нисэх”, мөн Буянт-Ухаа 2 хорооллын иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн Ч:68 “Буянт-Ухаа-2 – Нисэх” чиглэлүүдийг шинээр нээж үйлчилгээг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тээврийн хэрэгслээр 30 минут тутамд хүргэхээр төлөвлөөд байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ. Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 утсаар 24 цагийн турш өгөх боломжтой юм байна.

Categories
мэдээ нийгэм

Шинэ оны эхний өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна

Image result for цаг агаар

Баруун аймгуудын нутгаар: 1,6-нд зарим газраар, 2-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 1-2-нд зарим газраар 9-12м/с хүрч ширүүснэ. Увс нуур, Идэр, Тэс, Завхан голын эхээр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 30-35 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. 3-наас хүйтний эрч бага зэрэг суларна.

Төвийн аймгуудын нутгаар: 2-нд нутгийн өмнөд хэсгээр, 4-нд Хэнтийн уулсаар, 6-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 2-нд зарим газраар 9-12м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 37-42 градус, өдөртөө 27-32 градус, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. 4-нөөс хүйтний эрч бага зэрэг суларна.

Зүүн аймгуудын нутгаар: 3-нд зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. 4-нөөс хүйтний эрч бага зэрэг суларна.

Говийн аймгуудын нутгаар: 2-нд нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. 4-нөөс хойш ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Намын бүлгүүд хуралдахгүй болжээ

Image result for намын бүлгүүд

УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуваарийн дагуу даваа гариг бүрийн 10.00 цагт хуралдах ёстой. Энэ хуваарийн дагуу өнөөдөр хуралдах товтой байсан ч хоёр намын бүлэг хуралдахгүй юм байна. Сүүлийн сар гаруйн хугацаанд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахгүй, УИХ-ын байнгын хороо, чуулганы хуралдаан ирц бүрдэхгүй, цуцлагдаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

2019 оны цэргийн бүртгэл нэгдүгээр сарын 4-21-нийг дуустал явагдана

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1107 дугаар захирамжийн дагуу 2019 оны нэгдүгээр сарын 4-21-ний өдрүүдэд цэргийн бүртгэлийн ажлыг зохион байгуулах гэж байна.

Бүртгэлийн ажлыг хороодын Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулна.

Цэргийн бүртгэлд 65 нас хүртэл бэлтгэл офицер, 18-50 нас хүртэл цэргийн үүрэгтэн, цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд 50 нас хүртэл хамрагдах аж.

Цэргийн албанй тухай хуульд:

  • Цэргийн бэлтгэл үүрэгтэн нь цэргийн үүрэгтний үнэмлэхтэй байна.
  • Цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ.
  • Цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд цэргийн бүртгэлд бүртгүүлнэ хэмээн заасан байдаг.

Цэргийн бүртгэлд тус хуулийн 16.1-д заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн, цэргийн жинхэнэ алба хааж байгаа, ял эдэлж байгаа иргэн хамрагдахгүй гэж заасан байдаг. Тиймээс цэргийн бүртгэлд хамрагдах иргэн нутгийн захиргааны анхан шатны нэгж /баг, хороо/-ийн байранд тогтоосон хугацаанд ирж цэргийн бүртгэлд хамрагдах, цэргийн үүрэгтний үнэмлэхийг хаяж, үрэгдүүлэхгүй байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөж авах, цэрэг татлагын үеэр гурван сараас дээш хугацаагаар гадаад улсад зорчих бол энэ тухайгаа мэдэгдэх, өөр газар шилжин суурьших тохиолдолд тухайн оршин суугаа газрынхаа цэргийн бүртгэлээс хасуулж, шилжин очсон газраа цэргийн бүртгэлд бүртгүүлэх зэрэг үүргийг хүлээдэг байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Засгийн газар болон “Оюу толгой” компани цахилгаан станц барих гэрээ байгууллав

“Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ”-нд Монгол Улсын Засгийн газар болон “Оюу толгой” компанийн удирдлагууд гарын үсэг зурлаа. “Оюу толгой”-н хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанитай “Оюу толгой”, “Тавантолгой”-г эрчим хүчээр хангах асуудлаар тохиролцоонд хүрч, Засгийн газрын хуралдаанаар баталсан билээ. “Тавантолгой”-г түшиглэн 300 мегаваттийн хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих бөгөөд 2023 оны VI сард ашиглалтад орох ажээ. Мөн ирэх оноос “Оюу толгой”-н эрчим хүчний тодорхой хэсгийг дотоодоос хангана гэдгийг салбарын сайд Ц.Даваасүрэн мэдээлсэн. “Оюу толгой” төсөл одоогийн байдлаар 100 гаруй мегаватт эрчим хүчийг 160-170 сая америк доллараар БНХАУ-аас авдаг бөгөөд 2023 оноос 200 гаруй сая ам.доллар дотооддоо авч үлдэх боломжтой болох юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Ганбаатар: Нийгмийн 60-70 хувь нь бүтээлч байж гэмээнэ улс орны хөгжил урагшилдаг

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай ярилцлаа.


-Та ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Шилдэг бизнес төсөл” уралдаан зарлажээ. Уг уралдааны ач холбогдол нь юу вэ?

-“Шилдэг бизнес төсөл” уралдааныг ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийнхны дунд дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Уралдааны нэн тэргүүний зорилго бол сурагчдад мэргэжил сонголтоо зөв хийхэд нь туслах явдал юм. Тодруулбал, бүтээлч мэргэжил сонгоход нь түлхэц болохыг зорьж байгаа хэрэг. Одоо үед телевиз, радиогоор хамгийн сайн дуулж, бүжиглэж, шүлэг уншиж, илбэддэг хүнийг л шалгаруулдаг болж. Мэдээж авьяаслаг хүмүүс байж болно. Гэхдээ нийгмийн 60-70 хувь нь бүтээлч байж гэмээнэ улс орны хөгжил урагшилдаг юм. Тиймээс бүтээлч нийгмийг бий болгох, хүүхдүүдэд энэ чиглэлийн мэргэжил сонгоход нь өөрийн хэмжээнд тусалж байгаа минь энэ. Бүтээлч мэргэжил гэдэг нь инженер, нягтлан бодогч, аж ахуй эрхлэгчдийг хэлж байгаа юм.

Уралдааны хоёрдугаар зорилго бол хүүхдүүдийг интернэт ашиглахдаа нэг өдөр ч бизнес төслийн талаарх мэдээ, мэдээлэл олж уншуулах юм. Бизнес төслийн талаар бүх л хэл дээр шийдлүүд гарч ирж байгаа. Тэр бүхнийг сурагчид маань олж хараасай гэж хүсч байна. Тэр гоё дуулдаг, энэ сайхан бүжиглэдэг гэж суухынхаа оронд түр ч атугай холдоод өөрт нь хэрэгтэй зүйлдээ цаг гаргах хэрэгтэй. Хэн нэгэнд, өөрт тохирохгүй зүйлдээ сатаарах бус бүтээлч мэргэжил сонгох нь л хамгийн чухал. Хүмүүст ажлын байр бий болгоод, өөрөөрөө амьдрах нь чухал. Тэгэх тусам хүнд том боломж ирдэг. Одоо бид дотоод хэрэгцээгээ хангах гэж уралдаж байна. Тиймээс шинэ залуу үе маань бүтээгдэхүүнээ экспортод гаргадаг, гадны томоохон компанийн салбарыг Монголдоо нээдэг болмоор байна. Тухайн компанийн бүтээгдэхүүнийг Монголдоо хямд өртөгөөр үйлдвэрлүүлээд ОХУ, БНХАУ-ын зах зээлд гаргах боломж бүрэн бий. “Toyota”-гийн үйлдвэрийг Монголд бий болгоод бүтээгдэхүүнээ хөрш улсууд руугаа гарга л даа. Энэ боломжийг нь Монголын зах зээл хийж өгөх л хэрэгтэй. Эсвэл БНХАУ дахь үзэгний үйлдвэрийг авчраад “Made in Mongolia” гэж бичээд гаргаж болно. Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн Япон руу хөнгөлөлттэй, зарим нь ямар ч татваргүй гарч байгаа. Одоо “Made in China” бүтээгдэхүүн ямар өндөр татвартай болж байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Бид Монголын үйлдвэрлэлийг дэлхийд гаргаж чаддаггүй юм аа гэхэд гадны томоохон компанийн салбарыг эх орондоо байгуулж ажлын байр бий болгох хэрэгтэй. Наанадаж “Know how” нь Монголд үлдэнэ шүү дээ. Энэ бүхнийг эхлүүлэх хүүхдүүд төрж гараасай гэж би хүсч байна.

-Хүүхдүүд өөрсдийн бичсэн төслөөрөө уралдаанд оролцоно гэсэн үг үү. Шагналын сан нь ямар байгаа вэ?

-Уралдаан маань тун саяхан нээлтээ хийсэн. Уралдааны дүн ирэх тавдугаар сард гарна. Хүүхдүүддээ төсөл дээрээ ажиллах хангалттай хугацаа өгч байгаа. Ямар ч сэдвээр ч төслөө бичиж болно. Хэдэн хуудас байх эсэх нь ч хамаагүй. Өмнөх жилүүдэд дунджаар 800-аад төсөл ирдэг байсан. Энэ жил 2000-3000 төсөл хүлээн авах болов уу гэж найдаж байгаа. Шагналын сан 100 сая төгрөг байх юм. Түрүүлсэн хүүхдэд 10 сая төгрөг өгнө. Улмаар эхний 30 байрт орсон хүүхдүүдэд нэг сая төгрөг өгөх юм. Ямар нэгэн болзолгүйгээр өгч байгаа гэсэн үг. Шүүгчдийн бүрэлдэхүүнд их сургуулийн багш нар бий.

-Өмнөх жилүүдэд ямар төсөл шалгарч байв?

-Өмнө нь “Mini Mon­golia” гэх төсөл шалгарч байлаа. Монголын дурсгалт газруудаа мини хэлбэрээр хийгээд түүнийгээ “Тэрэлж”-ийн цогцолбор газруудад байрлуулж жуулчдад танилцуулъя гэсэн төсөл байсан юм. Хүүхдийн санаа гэхэд их гоё санагдаж байсан. Мөн ээж, аавтайгаа хамтраад хог боловсруулах үйлдвэр барья, цаасан уут хийе, гадаадаас бараа бүтээгдэхүүн импортолж Монголд нутагшуулъя гэсэн төсөл дэмжигдэж байлаа. Миний хувьд бараа бүтээгдэхүүн импортолдог компанийг 20 гаруй жил ажиллуулж байна. Тэгэхэд тэр хүүхдийн төсөл маш нарийн тооцоотой, бүх зүйлд нямбай хандсан нь намайг алмайруулж байсан шүү. Маркетингийн менежерээр таван сая төгрөгийн цалин өгөөд ажиллуулахад ч болохоор төгс санааг оруулж ирсэн. Миний хувьд их үнэлсэн. Шинэ үе гэдэг арай өөр юм аа гэдгийг л мэдэрсэн дээ. Бизнес эрхэлдэг хүмүүсийн хамгийн том давуу чанар нь энгийн зүйлийг олж харах гэж би боддог. Жижиг зүйлд анхаардаг хүмүүс амжилтад хүрдэг. Ухаантай, оюуны потенциаль өндөртэй хүн санааг гаргадаг бол тэр санааг жижиг зүйлд анхаардаг хүн хэрэгжүүлдэг юм. Дээрээс нь эдийн засгийн болоод эрх зүйн мэдлэгтэй байхыг орчин үе шаардаж байгаа. Үүнийг хүүхдүүдэд суулгаж өгөхийн төлөө энэ төсөл минь хэрэгжиж байгаа гэж хэлж болно. Ер нь хойч үе өмнөхөөсөө үргэлж илүүг бүтээдэг. Миний хувьд ирээдүйг их өөдрөгөөр хардаг шүү. Өнгөрсөн хугацаанд шилдэг төслийн эзнээр шалгарсан 90 гаруй хүүхдүүдтэйгээ би холбоотой байдаг юм. Тэдний ихэнх нь эдийн засгийн чиглэлийн мэргэжилтэй болсон байна. Зарим нь гадаад, дотоодод сурч байгаад ч би тун баяртай байгаа.

-Та Ерөнхий сайдын Япон дахь айлчлалын багт багтсан. Айлчлалын үеэр онцлох зүйл нь юу байсан бол?

-Айлчлалын үеэр Японы нэгэн албаны хүн Д.Цогтбаатар сайдтай “Монгол, Япон хоорондын төрийн харилцаанд ямар ч асуудал байхгүй. Харин эдийн засгийн харилцаан дээр тэг хувьтай байна. Монголчууд Японы талыг эдийн засгийн хувьд нь ашиглахгүй байна” гэж ярьж байсан. Төрийн өндөрлөгүүд, Элчин сайд нар энэ асуудлыг л ярих ёстой юм. Яагаад Японы компаниуд Монголд салбараа нээж болохгүй гэж. Элчин сайд нь яагаад “Манайд салбар компаниа байгуулаач” гээд тэр компанийн үүдэнд суухгүй байгаа юм бэ. Тэд чадахгүй. Учир нь тэр өөрийгөө маш том эрх мэдэлтэн, хувийн компанийн үүдэнд суудаг хүн биш гэж боддог. Манай бүх дарга нар яг ийм. Тэд угтан авах, үдэх үйлчилгээ л хийдэг байхгүй юу. Тэгээд геополитикийн юм яриад л байж байдаг. Одоо ярихаа болиод хийдэг болмоор байна. Ер нь бол хувийн компани юу ч биш, төр л мундаг гэсэн бодолтой хүмүүс байдаг юм билээ. Энэ бол коммунист үзэл шүү дээ.

Монгол Улс улс төрөөс 100 хувь хамааралтай болчихсон байгаа учраас би энэ зүйлийг ярьж байна. Үүнээс салгахын тулд би өөрийнхөө хэмжээнд хүүхдүүдийг бизнес сэтгэлгээтэй болгохын хүссэн юм. Улмаар ажлын байр нэмэгдвэл хүмүүс улс төрөөс үл шалтгаалж амьдарна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд УИХ-ын дарга, гишүүн хэн байх эсэх нь тухайн хүнд ямар ч хамаагүй гэсэн үг.

-Өнгөрсөн пүрэв гаригт МАН-ын Бага хурал хуралдлаа. Бага хурлаас Их хурлын даргыг огцруулах зөвлөмж гаргасан. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн үйл явдал боллоо гэх хүмүүс байна. Энэ тухайд?

-МАН-ын дарга У.Хүрэлсүх намын даргын хувьд УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр ажлаа өгөөч ээ гэсэн хүсэлтийг Бага хурал дээр танилцуулсан. Үүнийг Бага хурлын гишүүд олонхын саналаар дэмжсэн. 270 гаруй хүнээс 19 хүн нь л эсэргүүцсэн. Энэ нь хууль зөрчсөн явдал гэхээр гайхаад л байна.

-Тэгэхээр цаашид яана гэсэн үг үү?

-Энэ хүн бага залуугаасаа л МАН-тай холбоотой явж ирсэн. Намын шийдвэрийг хүндэтгэх эсэх нь өөрөө ёс зүйн асуудал. Хуулийн дээр ёс зүй бий гэж бодож байна. Би л ажлаа өгчих юм бол энэ улс дампуурчих нь гэж бодоод байх шиг байгаа юм. Улс төрд 30 гаруй жил явчихсан учраас энэ улсыг өөрөөрөө төсөөлөөд байгаа байх. Өөрийгөө хамгийн мундаг гэж боддог бүлэг хүмүүс байна л даа. Тийм зүйл байхгүй гэдгийг шинэ үе харуулах ёстой. Маш хурдан түрж гарч ирэх хэрэгтэй.

-Бага хурал дээр 60 тэрбум, ЖДҮ-ийн асуудлын талаар багагүй яригдсан. Мөн 60 тэрбумын асуудлыг шалгах тогтоол батлагджээ. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?

-Бага хурал дээр 60 тэрбумын асуудлыг шалгах ёстой гэсэн тогтоол гарч байна лээ. Энэ асуудлыг зөндөө л шалгачихаа биз дээ. Эдгээр асуудлаар маш их хүмүүс ярьдаг учраас дахин яриад байх шаардлагагүй гэж бодож байна. Бие биенээ хардсан, сэрдсэн асуудал дээр би юугаа хэлхэв.

-Шударга бусын хонгил байдаг, тэр нь хууль хяналтын байгууллагад нөлөөлдөг гэж ярьж байгаа нь хэр бодитой асуудал вэ?

-Нийгэм үнэхээр шударга ёсыг хүсэж байгаа. Шударга бус байна гэдгийг ч олон хүмүүс хэлдэг. Би бизнес эрхлээд явж байсан хүний хувьд хууль хяналтын байгууллагын шударга бус үйлдлүүдтэй олон ч удаа нүүр тулж байсан. Том, жижиг гэлтгүй олон зүйл л тулгарч байлаа. Шударга бус зүйлүүд маш олон бий. Шударга болгох ёстой юу гэвэл мэдээж тийм. Дэлхийд огт байхгүй, болохгүй зүйлийг шаардаагүй шүү дээ. Бусад улстай адилхан байхыг л ард түмэн хүсч байгаа. Шударга бус зүйлийг зогсоох л ёстой.

-УИХ-ын даргыг огцруулснаар шударга бус байдал зогсоно гэж зарим гишүүд хэлж байгаа. Үнэхээр нэг хүнийг огцруулснаар энэ бүхэн шийдэгдэж чадах уу?

-УИХ-ын даргыг нийгэм өөрөө хүлээж авахгүй байна. М.Энхболд дарга олон зүйлтэй хутгалдаагүй, өөрийнх нь ярьж байгаа зүйл үнэн байж магадгүй. Гэхдээ юу гэж ч ярьсан хүн үнэмшихээ больчихсон байна шүү дээ. УИХ-ын дарга нийгэмд ийм муу нэр хүндтэй байгаа учраас үүнтэй нийцэж ажиллах нь зөв байх.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх шударга ёсыг тогтооно гэдгээ хэлж байгаа. Тэрээр шударга ёсыг тогтоож чадах болов уу?

-Шударга ёсыг нэг хүн, ганцхан өдрийн дотор тогтоочихдог юм биш. Дээр таны асуусанчлан нэг хүнийг огцруулснаар шударга ёс тогтох уу гэвэл үгүй л дээ. Гэхдээ ямар нэгэн зүйлээс эхлэх ёстой байх. Суурь тавигдаж байж шударга ёс тогтоно.

-Өнгөрсөн баасан гаригт Засгийн газар хуралдаж утааг бууруулахын тулд жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлэхээр болжээ. Таны хувьд утааг бууруулах үр дүнтэй арга нь юу вэ?

-Хамгийн үр дүнтэй арга бол янданг байхгүй болгох, орон сууцжуулах. Гэхдээ Монгол Улсын эдийн засагт боломж байхгүй. Хувь хүмүүсийн орлого ч хүрэхгүй. Гэхдээ төр хамгийн гол зүйл буюу орон сууцжуулахын төлөө ажиллаж л таарна. Гэхдээ наана нь янз бүрийн арга сүвэгчлэх ёстой. Тэгэхгүйгээр “Та бүхэн утаан дундаа байж бай. Бид 30 жилийн дараа орон сууцжуулъя” гэж хэлж болохгүй биз дээ. Төр байгаагийн хувьд утааг багасгах талаас нь ажиллах ёстой. Миний хувьд нэг зүйл дээр шүүмжлэлтэй ханддаг. Бид эхлүүлсэн ажлаа төгсгөдөггүй. Ер нь төрийн сул тал нь тууз хайчилж эхлүүлчихээд гүйцээдэггүй явдал. Дээр хэлсэнчлэн санааг нь гаргах хүмүүс олон байгаа хэрнээ жижиг зүйлд анхаарч, ажлыг нь дуусгадаг хүн УИХ-д дутмаг байна. Өөрийгөө бүр тасарчихсан гээд бодчихсон хүмүүсээр УИХ, Засгийн газар, улстөр дүүрчихсэн. Энэ харьцааг би хүн болгоноос олж харж байгаа. Тэр бодлууд ажлыг төгсгөхөд маш их саад болж байна. Энэ тухай би чуулганы хуралдаан дээр хэд, хэдэн удаа хэлсэн. Цэвэрлэх байгууламжийн ажлыг энэ Засгийн газар дуусгах ёстой талаар У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаж байсан өдөр хүртэл ч хэлж байсан.


Categories
мэдээ улс-төр

МАН-ын Удирдах зөвлөл 100 хувийн саналаар С.Амарсайханыг Нийслэлийн Засаг даргад дэмжжээ

Image result for Амарсайхан

Нийслэлийн Засаг даргын албан тушаалд хэд хэдэн хүний нэр яригдаж байсан ч өнгөрсөн долоо хоногт хуралдсан Нийслэлийн МАН-ын хорооноос Хотын даргад С.Амарсайхан, Б.Мөнхбаатар, Р.Дагва нарын нэрийг дэвшүүлэн өрсөлдүүлсэн байна. Нийслэлийн МАН-ын хорооны 15 тэргүүлэгчээс Нийслэлийн Засаг даргад өрсөлдсөн С.Амарсайханд 9, Б.Мөнхбаатарт 5, Р.Дагвад 1 санал тус тус өгч хамгийн олон буюу 63 хувийн санал авсан С.Амарсайхан нэрийг Нийслэлийн Засаг даргад нэрийг нь батламжлан МАН-ын хорооны Удирдах зөвлөлд илгээжээ. МАН-ын Удирдах зөвлөлийн 29 гишүүд Нийслэлийн Засаг даргаар томилуулах саналыг С.Амарсайханыг 100 хувь дэмжин НИТХ руу илгээсэн байна.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Х.Баттулга чинь М.Энхболдын захиалгаар “аманд гарсан хүүхэд” болж хувирав уу даа?

Хэдхэн хоногийн өмнө эрх баригч Монгол ардын намын бага хурал болж өнгөрсөн.

Уг хурлаас итгэл алдарсан ард түмэн сүүлчийнхээ горьдлогыг тавьж бага ч гэсэн юм хүлээсэн. Монголын төр гацаанаасаа гарах байх гэж найдсан. Гэвч эрх баригч намын удирдлагууд төрт ёсоо аанай л доромжилдгоороо доромжилж, хаалга үүдээ хангинатал түгжиж аваад өдөржин шөнөжин хэрэлдэцгээв. Үнэхээр Монголын төр, Монголын ард түмний хувь заяаг юман чинээ боддоггүйг ерэн жилийн түүхтэй намын энэ цагийн өнгөн дээр байгаа нөхөд харуулсаар байгаа. Харин энэхүү хурлын үеэр үнэнч шударгын охь манлай, Монголыг аврах залуучуудын төгс төгөлдөр нь гэгдэх Л.ОюунЭрдэнийн М.Энхболдод хандаж хэлсэн үг анхаарал татсан.

Тэрээр хоолойныхоо өнгө донжийг тааруулж, өргөлт суултыг нь тохируулж, танхимд суугаа нөхдийн анхаарлыг татаж байгаад пастер хоолойгоор үгээ хэлнэ билээ. Мэдээж бэлтгэлтэйгээр өнөө Энхболдынхоо улаан нүүр рүү нь харж байгаад ийн хэлсэн. “М.Энхболд даргыг би хүндэлдэг. Гэхдээ нэг зүйлтэй нь эвлэрч чаддаггүй. Тэр зарим нэг зүйлийг худлаа яриад байдаг. Х.Баттулга гэдэг хүнтэй холбоотой сошиал штаб энэ тэр гээд нэлээн юм ярьж байгаа. Бадамжунайг Сингапур руу авчирч, өөрөө ял авах гэж байхад нь өөрөө өршөөгөөд өөрөө захиалж дэвшүүлсэн шүү дээ. Энэ үнэн шүү дээ М.Энхболд дарга аа. Үүнийг чинь л МАНАН гэж яриад байгаа. Тэгээд одоо үүнийг хэнд нялзаах гээд байгаа юм бэ” гэж хэлсэн. ОюунЭрдэнийн энэ үг хэвлэл мэдээллээр дорхноо түгсэн. Цахим орчинд шууд л цацагдаад явчихсан.

Түүний хэлж буйгаар Х.Баттулга Ерөнхийлөгч маань М.Энхболдын өөртэйгөө өрсөлдүүлэх гэж захиалсан хүн нь болж таарав уу. Монгол бөхөөр бол аваргуудын аманд гарсан хүүхэд болж хувирлаа. М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийнхээ өмнө эрх баригч Ардын намын дарга байсан. Мөн Улсын Их хурлын дарга байсан. Энэ том дарга амны хүүхэд болгож одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгчийг захиалсан байх нь. Тэр жил Жигжидийн Мөнхбат аваргыг аманд гарсан цэрэг хүү нэгийн даваанд хаячихаад бөөн дуулиан дэгдээж билээ. Монгол төрийн наадмын зүүний магнай их аварга амныхаа хүүд унана гэдэг дуулиан шуугиан болохоос яахав. Мөөеө аваргатай дүлий цэрэг таарчихаж гэсэн яриа хөөрөө ч гарч байсан юмдаг.

Түүн шиг Баттулга Ерөнхийлөгч минь та “аманд гарсан хүүхэд” гэдгээ мэдэхгүй “аварга”ыг хаячихаад өнөөдрийн энэ их хэрүүл, тэмцлийн үндэс суурь нь болоод байгаа юм биш үү. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам нэр дэвшигчээ сунгаагаар тодруулж, эцсийн дүнг оноолтын системээр гаргасан. Ерөнхийлөгчид нэр дэвших сунгаанд УИХ-ын гишүүн Лу.Болд, УИХын гишүүн асан Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Х.Баттулга, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав, “Буян”гийн Жагаа нарын зургаан хүн өрсөлдсөн. Монгол Улсын хорин нэгэн аймаг, бүх сум дүүргийн Ардчилсан намын нийт гишүүдийн хамгийн олон саналыг авсан Х.Баттулга 2740.94 оноогоор тэргүүлж, 2374.85 оноогоор Р.Амаржаргал удаалж байсан. Ингэж Баттулгыг Ардчилсан нам нийт гишүүдийнхээ санал дээр үндэслэсэн оноолтын системээр тодруулж байсан. Оноолтын системийн аргачлал хамгийн бодитой. АНУ ч сонгуулиа ийм аргачлалаар явуулдаг гээд л Ардчилсан намын зүгээс тухайн үедээ мэдэгдэж байсан.

М.Энхболд Х.Баттулгыг өөрөө захиалж, амалж авсныг бодоход Ардчилсан намын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн их сунгаа зүгээр жүжиг болж таарах нь ээ. Үндсэндээ АНын зүгээс Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн, сунгаа явуулсан, их хурлаараа хэлэлцэн баталсан зэрэг нь хий хоосон жүжиг байсан гэж үү. Нэгэнт л “аварга” нь “амны хүүхэд”-ээ өөрөө захиалж, хүч сорих байсан юм бол Ардчилсан намын гишүүдийн итгэл үнэмшлээр ингэж наадах хэрэг байсан уу гэх асуулт зүй ёсоор тавигдаж таарна. Үнэндээ яаж жүжиглэхээрээ, ард түмэн, сонгогч олноо доромжлохоороо ингэдэг байна даа гэж эрхгүй гайхах юм. Баттулга ч гэж Баттулга. Аваргын аманд гарсан гэдгээ хэлчихгүй. Ард түмэн ч гэж ард түмэн. Аманд гарсан хүүхдийг Ерөнхийлөгчөөрөө сонгож л байдаг.

Энэ бүхэнд одоо Монгол Улсын Ерөнхийлөгч хариу өгөх цаг нь болжээ. Эрх баригч Ардын намын дарга Энхболд таныг үнэхээр амалж авсан юм уу. ОюунЭрдэнийн хэлээд байгаа шиг Бадамжунайг Сингапур явуулж, таныг авчруулан ялаас мултлан өршөөсөн юм уу. Энэ бүхнийг ард түмэндээ хэлж нийгмийн хүлээлтэд хариу өгмөөр байна. Х.Баттулга Ерөнхийлөгч таныг М.Энхболд амлаж авсан энэ учрааг ОюунЭрдэнэ МАНАН гэж өнөө гоё хоолойгоороо намынхаа хурал дээр зарлан тунхагласан. Тэгэхээр та өөрөө МАНАНгийн хүн болж хувирлаа. Та юм л болбол “30 гэр бүл”, “МАНАН” гэж хамгийн их ярих дуртай. Гэтэл өөрөө гол дунд нь цохиж явна. Х.Баттулгын хамгийн ойрын хүн Зам тээврийн сайд асан, Үндэсний аюулгүй байдлынзөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх манай Д.Мөнгөндалайд өгсөн ярилцлагадаа “Тухайн үед Баттулга хилийн хориотой гадаад явах боломжгүй байсан. Риогийн олимпт явахдаа прокуророос зөвшөөрөл авч явж байсан. АНын сунгаанд өрсөлдөж байж Ерөнхийлөгчид дэвших эрхээ олж авсан. Орон даяар явагдсан АНын гишүүдийн сунгаанд М.Энхболд нөлөөлөх ямар ч боломжгүй” гэж хэлсэн байна лээ.

М.Энхболд ч намын бага хурлынхаа маргааш төрийн ордонд мэдэгдэл хийхдээ “Т.Бадамжунайг Сингапур явуулж Х.Баттулгатай уулзуулж байсан удаа байхгүй” гэж хэлсэн. Гэхдээ баттай үнэнийг Ерөнхийлөгчөөс өөрөөс нь, өөрийнх нь амаар сонсмоор байна.Ер нь сүүлийн үед Ерөнхийлөгч чив чимээгүй болчихоод, нугдайж нуугдчихаад байгаа. “Их хурал гацчихсан, эрх баригч Ардын нам хоёр хуваагдчихсан энэ үед Ерөнхийлөгч яагаад чимээгүй болчихов. Хүрэлсүхийн ард Ерөнхийлөгч байгаа биз дээ” гэж яриа хаа сайгүй тарж байгаа. Тэгтэл Монгол төрийн тэргүүн маань “амны хүүхэд” болж хувирдаг байна. Цаашид юу болохыг ч таашгүй нь. Өнөө олон ангит кино дахиад үзнээ гээд доогтойхон мушилзах гэдэг шиг. Тэгэхээр төрийн тэргүүн одоо л олны өмнө ил гарч үгээ хэлэх цаг нь мөн.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах хуваарь

Image result for Үйлчилгээний газруудын хуваарь

Арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 2-ныг хүртэл өрхийн эрүүл мэндийн төвүүд 10.00-16.00 цагийн хооронд ажиллана. Мөн дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабинетууд, Шүд эрүү нүүрний төвүүд мөн дээрх цагийн хуваариар ажиллах аж.

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/444 дүгээр тушаалаар өчигдрөөс албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ. Албаны өндөржүүлсэн бэлэн байдал 2019 оны нэгдүгээр сарын 02-ны өдрийн 09.00 цаг хүртэл үргэлжилнэ.

“Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн баярын үйл ажиллагаа өндөрлөхөд Улаанбаатар хотын 18 чиглэлд 18 автобус Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоол буюу дараах зурагт тэмдэглэсэн “А”, “B”, “С” зогсоолоос суурьшлын цэгүүд рүү иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр болсон байна.

“Хар хорин” худалдааны төв: Арванхоёрдугаар сарын 31-нд 10:00-19.00 цаг хүртэл ажиллана, 2019 оны нэгдүгээр сарын 01-нд амарна

“Нарантуул” худалдааны төв: 31-ний өдөр 10:00-18:00 хүртэл ажиллана, нэгдүгээр сарын 1-4 хүртэл амарна

“Бөмбөгөр” худалдааны төв: 31-ний өдөр 10:00-16:00 хүртэл ажиллана, нэгдүгээр сарын 1, 2, 3-нд амарна

“Барс” худалдааны төв: Арванхоёрдугаар сарын 31-нд 09:00-19:00 цаг хүртэл ажиллана. 2019 оны нэгдүгээр сарын 01-нд амарна

“Сандэй Плаза” худалдааны төв: Арванхоёрдугаар сарын 31-нд 10:00-20:30 хүртэл ажиллаж, нэгдүгээр сарын 1,2-нд амарна

Хүчит шонхор худалдааны төв: Арванхоёрдугаар сарын 31-нд 06:00-18:00 хүртэл ажиллаж, нэгдүгээр сарын 1, 2-нд амарна

Да хүрээ зах: Арванхоёрдугаар сарын 31-нээс 2019 оны нэгдүгээр сарын 02-ныг хүртэл амарна.

Арилжааны банкууд өнөөдөр ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж 2019 оны нэгдүгээр сарын 01-ны өдөр бүх салбар нэгжүүд амарч 02-ны өдрөөс хэвийн үйл ажиллагаандаа шилжих юм байна. Харин сүлжээ дэлгүүрүүд баярын өдрүүдэд цагийн хуваарийн дагуу ажиллах бол нийтийн хоолны газрууд, баар, ресторанууд нэгдүгээр сарын 01-ны өдөр амарна.