Categories
мэдээ нийгэм

Арванхоёрдугаар сарын 27-нд болох үйл явдал

Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт МҮЭХ-ноос өөрийн байрандаа цалин хөлс, амьжиргаа, нийгмийн хамгааллын асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 99027019, 88007709

11.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ-уудын уулзалт болно. Утас: 99931551

11.00 цагт Засгийн газрын III байранд Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын 2018 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнг танилцуулна.

11.00 цагт НИТХ-ын дарга С.Амарсайхан, Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нар Сайжруулсан шахмал түлш үйлдвэр, “Дэд бүтцийн төвийн” бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд ашиглалтад орж буй орон сууцны нээлтэд оролцоно. Утас: 325044

11.00 цагт Сүхбаатарын талбайд “МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл” эсэргүүцлийн тайван жагсаал болно.

11.40 цагт Төрийн ордонд “2018 оны Шилдэг залуу ажилчин” шагнал гардуулах ёслол болно.

12.00 цагт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Монгол Мессенжер” сонины газраас “Монголын үнэт зүйлс” сэдвийн дор ИБУИНВУ-ын Элчин сайдын яам болон МИАТ компанитай хамтран зохион байгуулсан англи хэлээрх зохион бичлэгийн анхдугаар уралдааны шагнал гардуулах ёслол МОНЦАМЭ агентлагийн байранд болно. Утас: 266740, 99730219

12.00 цагт УДБЭТ-т Монгол улсад хөгжмийн театр үүсч хөгжсөний 68 жил,УДБЭТ-ын 55 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулагчид мэдээлэл хийнэ. Утас:70110397, 89285599

14.00 цагт Нийслэлийн Боловсролын газарт “Цэгээр наадъя-Хөгжилтэй хөгжүүлэх үйл ажиллагаа” уралдааны шагнал гардуулах ёслол болно. Утас: 99158825

Categories
мэдээ цаг-үе

Ч.Батаа: Ирээдүйд утааны үр дагавартай тэмцэх нь өнөөдөр утааны эх үүсвэртэй хийж байгаа тэмцлээс хэцүү байх болно

НҮБ-ын Хүүхдийн сангийн Эрүүл мэндийн ахлах мэргэжилтэн Ч.Батаатай ярилцлаа.


-Утааг багасгах олон талын байр суурь, хувилбар бий. Та бүхний хувьд хамгийн оновчтой арга нь юу вэ?

-Мэдээж төгс шийдэл бол ялгаралтыг бууруулах, улмаар ТЭГ-лэх. Энэ ч үүднээсээ улс орон бүр өөрсдийн онцлог байдалд дүгнэлт хийж, шийдлээ тодорхойлсон байдаг. Хөгжлийн үе шатаасаа хамаараад аж үйлдвэр хөгжсөн орнууд ногоон технологид шилжих, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашинаас бүрмөсөн татгалзах, цахилгаан зам тавих, хот төлөвлөлт, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах замаар иргэдийн автомашины хэрэглэх хэрэгцээ шаардлагыг багасгах, улмаар автомашингүй гудамж, дүүргийг бий болгох, цэцэрлэгт хүрээлэн ногоон талбайг нэмэгдүүлэх зэрэг дэвшилтэт технологийг уламжлалт шийдлүүдтэй хоршуулан хэрэглэж байна. Манай орны хувьд дээрхээс ялгаатай нь утааны эх үүсвэр нь хүнд үйлдвэр, автомашины ялгаралтаас илүүтэй хэмжээгээр айл өрхийн хэрэглээ, түүний цаана нийгмийн асуудал байгаа болохоор манай өмнөд хөршийн нийслэл шиг дан захиргааны арга хэрэгсэл хэрэглээд тийм ч олон янданг буулгаж чадахгүй. Товчхондоо улс орнууд утаагаа бууруулах хариу үйлдэл төдий бус, түүнээс давсан үсрэнгүй хөгжилд тэмүүлэх, утаагүй технологид шилжихэд анхаарлаа хандуулсан байдаг. Жишээлэхэд, БНСУ 1990-ээд оны дундуур нүүрсний хэрэглээнээс шатдаг хийн хэрэглээнд маш богино хугацаанд шилжсэн бөгөөд энэ нь утааг бууруулах гэхээсээ илүүтэйгээр тухайн орны эдийн засгийн цаашдын өсөлтийг хангахад чиглэгдсэн хөгжлийн бодлого байсан ба үүнийг нь ойлгосон шийдвэр гаргагчдын болоод иргэдийн ч оролцоо, дэмжлэг өндөр байсан тухай манайд ажилласан зөвлөх хэлсэн байдаг. Өнөөдөр БНСУ-д цахилгаан зам, цахилгаан автобусыг нийтийн хэрэглээнд нэвтрүүлээд эхэлсэн байгаа.

-Агаарын бохирдолд хүүхэд хамгийн их өртдөг. Хэрвээ энэ утаа цаашид даамжирвал Монголын ирээдүй, үндэсний аюул байдалд засч залруулж болшгүй аюул тулгарах нь тодорхой боллоо гэж үзэж болох уу?

-Хүүхдийн өсч хөгжиж байгаа бие махбодь орчны сөрөг нөлөөлөл, тэр дундаа агаарын бохирдолд хамгийн эмзэг өртөмхий. Агаарын бохирдлыг бууруулах, цаашлаад цэвэр агаартай болох хүртэл дээр хэлсэнчлэн үе шаттай хөгжлийн бодлогууд, цаг хугацаа орно гэдэг хэн бүхэнд ойлгомжтой боллоо. Үүн дээр гадны орнуудын утаатай тэмцсэн түүхээс авах нийтлэг нэг сургамж бол утааг бууруулах ажилтайгаа зэрэгцүүлээд ард иргэдээ, хүүхдүүдээ хамгаалах ажлаа эн тэнцүү авч явахгүй бол 10, 20, 30 жилийн дараа утааны асуудал тодорхой хэмжээнд шийдэгдсэн тэр үед улс орны өмнө өвчлөлийн ачаалал, түүнээс шалтгаалсан эрүүл мэндийн зардал босч ирдэг. Өөрөөр хэлбэл утааны алсын үр дагавартай тэмцэх нь өнөөдөр утааны эх үүсвэртэй хийж байгаа тэмцлээс хэцүү байх болно.

-Үнэндээ нийтээрээ угаартсан, манарсан байдалтай амьдарч байгаа болохоор утаанаас гарах гарцаа олж чадахгүй байгаа ч юм болов уу гэж харагдах юм?

-Би хувьдаа шийдлээ хангалттай гаргаж ирсэн гэж бодож байгаа. Гагцхүү хөрөнгө мөнгөндөө тааруулаад бас дээр хэлсэнчлэн хөгжлийн ирээдүйгээ бодолцоод санал болгож байгаа шийдлүүдээс зөв эрэмбэ дарааллаар авч үзэх шаардлагатай. Зөв эрэмбэ дарааллыг тогтооход үндэслэл нотолгоо хэрэгтэй, түүнийг нь шийдвэр гаргагчид ашигладаг байх хэрэгтэй. Үүн дээр хэлэхэд судалгаа шинжилгээний ажлаа ч гэсэн зөв чиглэлд хөтлөх хэрэгтэй. Өнгөрсөн зууны технологийг ахин дахин туршаад, хөрөнгө мөнгө зараад нэмэргүй.

-Жирэмсэн эх болон 0-5 насны хүүхдийг утаанаас хол 5 хоног байлгаж нь зүйтэй ч энэ нь утаатай тэмцэж байгаа арга биш юм. Утааны хор урхагтай л ноцолдоод байхаас биш эх үүсвэртэй нь тэмцэхгүй байгаад л хамаг учир байна?

-Амьсгалын замын өвчлөлийн үед хүүхдэд, насанд хүрэгчдэд ч ялгаагүй цэвэр агаарт байхыг зөвлөдөг. Энэ нь мэдээж эдгэрэлтэд, эмчилгээний дараахь асаргаа сувилгааны байдалд эерэг нөлөөтэй. Ингэхэдээ дахиж өвчлөхөөс сэргийлж ажил, амьдралын дэглэм, дадал зуршлаа өөрчлөх, дам тамхидалтаас сэргийлэх, тасалгааны агааржуулалт, орчны чийгшил зэрэг тухайн хүнтэй үргэлж, УДААН ХУГАЦААНД хамт байх хүчин зүйлст анхаардаг. Товчхондоо 5 хоног цэвэр агаарт байснаараа асуудлыг шийдэхгүй, өртөлтийг бууруулахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Энгийнээр хэлбэл цэвэр агаартай газарт амьдрах, эсвэл амьдарч байгаа өрөө тасалгааны агаараа цэвэр байлгахад анхаарах гэдэг хоёр сонголттой тулна. Энэ зорилгоор НҮБ-ын Хүүхдийн Сангаас сургууль, цэцэрлэгийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах зөвлөмжийг боловсруулаад, хэрэгжилтийг дэмжиж ажиллаж байна. Цонхны шүүлтүүр, агаарын шүүгчийн тасралтгүй, зөв хэрэглээ, нэгдсэн агааржуулах хоолойд шүүлтүүр суулгах, байшин барилгын битүүмжлэлийг сайжруулах, өрөө тасалгааг ашиглаж байгаа хүнд зохих мэдлэг олгох замаар өвлийн улиралд гадна орчны агаарын бохирдлын түвшин, тухайлбал PM2.5-ын хэмжээ дунджаар 250 микрограмм/м3 байх үед дотоод орчны агаарын үзүүлэлтийг ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнд буюу 25-аас доош түвшинд барих боломжтой нь харагдсан. Үүний адилаар хүн бүр, хүүхэд бүр ажил дээрээ, сургууль цэцэрлэг дээрээ, автомашин дотроо, гэртээ 24 цагийн турш амьсгалж байгаа агаарынхаа чанарт анхаарснаар өртөлтийг БОДИТООР бууруулах боломжтой.

-Одоо утаатай тэмцээд нэмэргүй. Ирэх жил утааг 50 хувиар бууруулна. Өнөө өвөл аргалаад гараад ир гэх боллоо. Ирэх жил утааг 50 хүртэл хувиар бууруулах тийм ямар арга байна вэ?

-Дахиад хэлэхэд дотоод орчны агаараа бид анхаарахгүй бол хэдий хоёр дахин буурсан ч гэсэн гадаад орчноос бохирдолтой агаар ажил, гэрт тань орж ирсээр л байх болно. Энэ утгаараа 50 хувь буурлаа гэхэд эрүүл мэндийн сөрөг нөлөөлөл алга болно гэсэн үг биш.

-Утаан дунд өссөн, утаагаар амьсгалсан хүүхдийн эрүүл мэнд болоод оюун санаанд ямар том өөрчлөлт ордог юм бол?

-Үүн дээр олон улсад маш олон судалгаа хийгдсэн байдаг. Товчхондоо судас хүрдэг, цусаар тэжээгддэг бүх эрхтэн системд сөргөөр нөлөөлдөг. Өдөр бүр шинээр үндэслэл нотолгоо бий болж, энэ чиглэлийн мэдлэг баяжигдаж байна. Агаарын бохирдол хүүхдийн тархи мэдрэлийн өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлдөг, оюуны итгэлцүүрийг бууруулдаг тухай олон улсын эрдэмтэд тогтоосон. Энэ нь эргээд тухайн хүүхдийн суралцах чадвар, ажлын амжилт, ирээдүйд олох орлого гэх мэтээр алсын үр дагавар ихтэй. Монгол Улсад хийгдсэн судалгаагаар агаарын бохирдолд өртсөн ээжээс төрсөн хүүхдийг бохирдолд өртөөгүй ээжээс төрсөн хүүхэдтэй харьцуулахад бага жинтэй төрж байгаа тухай дүгнэлт гарсан.

-Утаанаас үүдэлтэйгээр нас харгалзахгүйгээр өвчин, өвчлөл ч нэмэгдэж байна?

-Өвчлөлийн албан ёсны мэдээгээр сүүлийн 10 жилийн хугацаанд амьсгалын замын өвчлөл хоёр дахин нэмэгдсэн байгаа.

-Өвлийн улиралд өглөө оройдоо л утаатай. Бусад үед, бусад улиралд утаа байдаггүй. Энэ бол цаг зуурын юм гэж тоохгүй явсаар л ийм байдалд хүрлээ. Хэрвээ арга хэмжээ авахгүй бол тав, 10 жилийн дараах Улаанбаатарын өвлийг төсөөлшгүй юм болох нь?

-Тийм учраас энэ асуудлыг зөвхөн өвөл биш, зун ч гэсэн ярьдаг, анхаардаг болох нь чухал. Үүнд иргэдийн мэдлэг, оролцоо туйлын чухал бөгөөд дор бүрнээ хийж чадах зүйлдээ анхаарах шаардлагатай байна. Наанадаж гудамжиндаа ил задгай үнс асгаж байгаа хүнийг зөв гэж маргах хүмүүс нийгмийн сүлжээнд тал хувийг бүрдүүлж байна гэдэг бол өөрөө асуудал.

-Мэргэжлийн хүний хувьд төр засаг болоод иргэдэд хандаж юу гэж зөвлөж хэлэх вэ?

-Нэгдүгээрт, агаарын бохирдлын түвшинг тэр дундаа PM2.5 түвшинг мэддэг байх, амьдрал ахуйдаа, ажлаа төлөвлөхдөө тусгадаг байх. Хоёрдугаарт, агаарын бохирдлын түвшин өндөр үед гадагшаа гарахгүй байх. Гуравдугаарт, зайлшгүй гарах тохиолдолд PM2.5шүүлтүүртэй, магадлан итгэмжлэгдсэн чанарын шаардлага хангасан маскыг зөв тохируулан хэрэглэх. Мэс заслын буюу цаасан, даавуу маск, ороолт алчуур PM2.5 шүүхгүй гэдгийг анхаарах. Дөрөвдүгээрт, HEPA шүүлтүүртэй агаар шүүгчийг ажил, сургууль, цэцэрлэг, гэртээ долоо хоногийн турш 24 цагаар ашиглах. Шүүлтүүрийг сольж хэрэглэх. Агаарын бохирдол бага цагт тасалгааны агааржуулалтыг хийх, ингэхдээ цонхны шүүлтүүр хэрэглэх. Витамин С, Е, омега 3 зэрэг антиоксидантаар баялаг хоол хүнс хэрэглэх. Мөн аль ч арга хэрэгсэл дангаараа хангалтгүй бөгөөд боломжтой бүх арга хэрэгслийн цогцоор нь хэрэглэх хэрэгтэй. Түүнчлэн хүчилтөрөгчийн коктель үр дүнтэй талаар ямар нэг үндэслэл нотолгоо байхгүй гэдгийг анхаарах ёстой. Бага насны хүүхдээ дулаан байлгах, хөхөөр хооллох, улирлын томуу болон хатгалгааны эсрэг дархлаажуулалтад хамруулахыг зөвлөе.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Монгол гэргий: Төрөө мэдье гэвэл эрээ мэдэх” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Монгол гэргий: Төрөө мэдье гэвэл эрээ мэдэх” хэмээн өгүүлжээ.

Ц.Элбэгдорж-ийн өдрийн тэмдэглэл – Ардчилалд хүрсэн зам – бодит түүх – (1989/12/15-18-ны өдрийн тэмдэглэл)-ийг “Улс төр” нүүрээс уншаарай.

“Оюу толгойн уурхай дотоодоос эрчим хүч авна” хэмээн “Улс төр” нүүрт өгүүлэв.

А.Ундраа: Улс төрд гэрэл гэгээ татуулах хүмүүс бол шинэ үеийн залуус байна хэмээн “Улс төр” нүүрт бичжээ.

Дархан аварга Х.Баянмөнх:Цол авах боломжийг олон болгож өгвөл монгол бөх найраагүй болно хэмээн “Дэвжээ” нүүрт ярьжээ.

Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Билгүүн: Арванхоёрдугаар сар гарснаас хойш архины хордлогод орж 13 хүн нас барсан хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт ярьсан байна.

Монгол Улсын их сургуулийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор П.Дэлгэржаргал: 1911 онд тусгаар тогтнолоо олж авсан язгууртнууддаа хүндэтгэлтэй хандах хэрэгтэй хэмээн “Багш” нүүрт ярьжээ.

“Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан: “Ид шидийн уут” аянаараа 8300 хүүхдэд бэлэг тараасан хэмээн “Баримт, үзэл бодол” нүүрт ярьжээ.

МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг: Японы хувийн хэвшлийнхэн Монголын инженер, техникийн чадварлаг мэргэжилтнүүдийг сонирхож байна хэмээн “Эдийн засаг” нүүрт ярьсан байна.

“Хоёр Солонгосын төмөр зам болон авто замуудыг холбох төслийн нээлт болжээ” хэмээн “Дэлхийн мэдээ” нүүрт бичив.

“Сумынхаа шинэ жилд он болох гоё” хэмээн “Энэ өдөр” нүүрт өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Боловсролын яаманд ГХЭГ-аас ажлын хэсгийн шалгалт оруулжээ

Өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын тушаалаар ажлын хэсэг гарч БСШУСЯ дээр ажиллаж байна.

Тус яамны газар, хэлтсийн дарга нар Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг төрийн ажлын туршлагагүй, салбар яамаа мэргэжлийн удирдлагаар хангаж чадахгүй байгаа учраас хамтарч ажиллаж чадахгүй хэмээн ЗГХЭГ-т шаардах бичиг хүргүүлжээ. Үүний дагуу ажлын хэсэг гарч өнөөдрөөс тус яаман дээр ажиллаж байгаа аж. Он гараад төрийн албаны тухай шинэ хууль хэрэгжиж эхэлнэ. Яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын ажлын байранд тавигдах нэн тэргүүний шаардлага нь төрийн албанд 16-аас доошгүй жил ажилласан байх шалгуур юм.

Categories
мэдээ нийгэм

“Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр батлагдлаа

Засгийн газрын 2018 оны 12 дугаар 26-ны өдрийн хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас боловсруулсан “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөрийг баталлаа.

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын явуулж байгаа үйл ажиллагаа, санал санаачилгыг дэмжих, боловсруулах үйлдвэрт нийлүүлэх зарим түүхий эд, бүтээгдэхүүний улирлын хамаарлыг багасгах, мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний валютын гадагш урсгалыг дотоодын үйлдвэрлэл рүү чиглүүлж, импортыг үе шаттай бууруулахад төрийн бодлогоор тодорхой дэмжлэг үзүүлэхэд “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр чиглэж байгаа юм. Хөтөлбөрийн зорилго нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн эрчимжүүлэлтийг төрөлжүүлж, бүсчлэн хөгжүүлэх, төвлөрсөн хүн амын хүнсний хангамж, хүртээмжийг тогтворжуулах, малын гаралтай зарим нэр төрлийн бүтээгдэхүүний импортыг бууруулах, экспортыг дэмжих, эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийн ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх, тэдгээрийн хөрөнгө оруулалт, эдийн засгийн үр өгөөжийг сайжруулахад чиглэгдэж байгаа болно. Уг хөтөлбөрийг үндсэн 7 зорилтын хүрээнд 2 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр:

  • Нийслэл, аймгийн төв орчим болон тариалангийн бүс нутагт мал аж ахуйн үйлдвэрлэлийг төрөлжүүлж, эрчимжсэн цогцолбор аж ахуйн кластер, ложистикийн сүлжээний загварыг мэргэжлийн холбоодоор дамжуулан хөгжүүлнэ;
  • Нийт мал сүрэгт өндөр ашиг шимт мал, амьтны эзлэх хувийг 4 хувьд хүргэж, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд заасан шалгуур үзүүлэлтийн биелэлтийг хангана;
  • Хот суурин газрын хүн амын сүүний хангамжийн улирлын хамаарлыг үе шаттай бууруулж, боловсруулах үйлдвэрийн хүчин чадлын ашиглалтыг 35 хувиар нэмэгдүүлнэ;
  • Эрчимжсэн аж ахуйд өсгөн үржүүлэх үхрийн тоог 2 дахин, нэгж малаас авах сүү, махны гарцыг 20 хувь, үйлдвэрийн аргаар боловсруулах сүү, махны хэмжээг 30 хувиар тус тус өсгөнө;
  • Шингэн сүүний импортыг тэглэж, хуурай сүүний импортыг 30 хувь, бусад сүүн бүтээгдэхүүний импортыг 15 хувиар тус тус бууруулна;
  • Өндөгний импортыг 90 хувь, зөгийн балны импортыг 70 хувь, тахианы махны импортыг 10 хувь, гахайн мах, өөхний импортыг 15 хувиар тус тус багасна;
  • Мах, зөгийн балны экспортыг 10 хувиар нэмэгдүүлнэ;
  • Эрчимжсэн мал аж ахуйн тэжээлийн хангамжийг 40 хувиар, техник, технологийн шинэчлэлийг 30 хувиар тус тус нэмнэ;
  • Эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлд оруулах хөрөнгө оруулалт, ажлын байрыг нэмэгдүүлнэ;
  • Эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлээс нийлүүлэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг баталгаажуулах бүртгэл, мэдээллийн системийг мэргэжлийн холбоодын үйл ажиллагаанд суурилан бий болгоно;
  • Хөрөнгө оруулалтын болон санхүүжилтийн урт хугацааны хөнгөлөлттэй зээл, урамшуулал, татварын бодлогоор дэмжин, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх иргэн, аж ахуйн нэгжийн сонирхлыг дээшлүүлэх

зэрэг олон эерэг үр дүн, өөрчлөлт гарна гэж үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газар өөрийн байртай боллоо

Хөвсгөл аймаг жилийн дөрвөн улиралд жуулчдын хөл тасардаггүй гэдгээрээ бусад аймгаас ялгардаг онцлогтой. Хэдий олны хөлийн газар ч сүүлийн жилүүдэд тус аймагт хүн, малын гоц халдварт өвчин гараагүй, хүний амь нас эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаатай шууд холбоотой юм.

Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын байгууллага учирч болох эрсдэлийг 16-18.9 хувиар бууруулсан, Хяналт шалгалтыг цахимаар хийдэг болсон, лабораторийн хүчин чадлыг өргөжүүлж, хор судлал, нян судлал, ургамал судлалын чиглэлээр шинжилгээнүүдийг хийдэг болсон зэрэг амжилтаар шинэ оноо угтаж байна. Тодруулбал, жил бүр 6800-8400 гаруй объектод эрсдэлийн үнэлгээ хийж, хяналт шалгалтын хажуугаар сургалтыг түлхүү хийдэг болсон нь эрсдэл буурах нөхцөлийг урьдчилан харж ажиллахад нөлөөлсөн байна.

Түүнээс гадна хяналтын үйл ажиллагаа ил тод болсон, хууль хяналт болон төрийн, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулан асуудлыг цогцоор нь шийддэг болсонд Хөвсгөлчүүд ам сайтай байна.

Тус аймгийн хувьд 124.6 мянган хүн амтай, зуны улиралд гадаад дотоодын жуулчид ихээр зорчдог бөгөөд жилдээ 100 гаруй мянган жуулчин очдог аж. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хүнсний худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ, эрүүл ахуй болон байгаль орчин, хог хаягдал зэрэг асуудалд түлхүү анхаарч лабораторийн шинжилгээт хяналтуудыг тухай бүрт нь хийж, аймгийн иргэд болон зорчиж буй жуулчдад эрүүл аюулгүй, баталгаат хүнс, бүтээгдэхүүн үйлчилгээг авах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.

Хөвсгөл аймгийн МХГазар 2003 оноос хойш түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн бөгөөд тусдаа лаборатори бүхий байртай болох шаардлага зүй ёсоор тавигдсаар ирсэн юм. Тэгвэл өнөөдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газар лаборатори бүхий шинэ байраа хүлээн авч байна. Ингэснээр иргэд аж ахуйн нэгжүүд тав тухтай үйлчлүүлэх, ажилтнуудын ажиллах нөхцөл бүрэн хангагдаж байгаа юм. 2016-2020 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчдын ая тухтай, эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөл боломжийг хангах зорилгоор Шадар сайдын багцад тусгагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэхүү барилгыг барьж ашиглалтанд оруулж байна.

Шинээр ашиглалтад орж байгаа энэхүү байр нь 1296 м.кв талбайтай ба 4 давхартаа лаборатори, 1-3 давхартаа ажлын өрөөнүүд, зоорийн давхартаа чийрэгжүүлэлтийн заал, химийн бодис болон хураагдсан бараа хадгалах зориулалтын агуулахтай байхаар зохион байгуулалт нь хийгджээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Үнэт цаас барьцаалах тухай журмыг баталлаа

Санхүүгийн зохицуулах хороо Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу “Үнэт цаас барьцаалах тухай” журмыг баталлаа. Энэ журмаар, үнэт цаасны зах зээлд оролцож буй иргэн, хуулийн этгээд өөрийн эзэмшил дэх үнэт цаасыг барьцаанд тавих, үнэт цаасыг тусгаарлуулах, барьцааны тухай мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлэх, үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор барьцаалагч, барьцаалуулагч, гуравдагч этгээдийн хооронд үүссэн харилцааг зохицуулахаар журамласан байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Монголын Хүүхдийн ордны Харшийн сүлд модны наадам 60 дахь жилдээ болж байна

Нийслэлийн Засаг даргын тамгын газар Монголын хүүхдийн ордонтой хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн 1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам” өнөөдөр боллоо. Харшийн сүлд модны наадмын нээлтэд нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Дагиймаа, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий болон бусад албаныхан хүрэлцэн ирж, хүүхэд багачуудад мэндчилгээ дэвшүүлэв.

Харшийн сүлд модны наадмыг нээж нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр хэлсэн үгэндээ “Сурлага хөдөлмөрөөрөө манлайлж, авьяас билгээрээ тэргүүлэн , анги хамт олон, сургуулийн хүүхэд багачуудаа манлайлдаг хүүхэд бүрийн зорин ирэх дуртай шинэ жилийн баяр бол” Харшийн сүлд модны наадам” билээ. Түүхийн он тооллоор жарныг туулж, 2019 оны босгон дээр ирж байгаа энэхүү сүрлэг наадмын эрхэм хүндэт зочид нь хүүхэд багачууд та бүхэн юм.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас жил бүр улс орны хойч ирээдүй болсон хүүхэд багачуудаа урамжуулах, тэднийхээ авьяас билэг, сурлага хөдөлмөрийг дэмжих зорилгоор “Харшийн сүлд модны наадам”-ыг тасралтгүй зохион байгуулж ирсэн.

Ирээдүйдээ та бүхэн эх орноо жолоодож, эрдэм авьяасаараа дэлхийд гайхагдаж, улсынхаа нийслэл Улаанбаатар хотоо хөгжүүлж, ур ухаан, оюун бодлоо чилээн, олон түмнийхээ итгэлийг даасан манлайлагч, хөдөлмөрч хүмүүс болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн тодотгож байв.

Харшийн сүлд модны наадамд Монголын Хүүхдийн ордны драм, бүжиг, дуулаачийн дугуйлангийн хүүхдүүд оролцож урлагийн номер, жүжигчилсэн тоглолтыг бэлтгэн хүүхэд багачуудад толилуулдаг билээ. Тоглолтын үеэр үлгэрийн баатрууд амилж, өвлийн өвгөн, цасан охидтойгоо зочилж, хүүхэд багачуудад бэлэг гардуулдаг уламжлалтай.

Харшийн сүлд модны наадмыг анх 1958 онд зохион байгуулж байжээ. Өнөөдрийг хүртэл 60 жил тасралтгүй хүүхэд багачуудынхаа өмнө тоглогдсоор байгаа нь энэ баярын үнэ цэнийг тодотгож байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Өнөөдрийн арилжаагаар долоон компанийн хувьцааны ханш өсчээ

Хөрөнгийн бирж өнөөдөр өдөр I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 204,227,567 төгрөгийн үнийн дүн бүхий 423,209 ширхэг хувьцаа арилжсан байна. Үүнээс 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурч 1 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Хай Би Ойл” ХК (HBO+5.26%) болон “Махимпекс” ХК (MMX+4.00%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Дөрвөн-Уул” ХК (DRU -13.33%) болон “Ремикон” ХК (RMC -3.38%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. Энэ өдөр “TOP 20” индекс 0.84 хувиар буурч 20257.4 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ, 2,396,982,100,702.10 төгрөг боллоо.

Categories
мэдээ нийгэм

Хуурамч мөнгөн дэвсгэрт илэрсэн хэргийг шалгаж байна

Шинэ жилийн баяр тохиож буй энэ үед хуурамч мөнгөн дэвсгэрт хэрэглэж гүйлгээнд оруулах, хуурамчаар үйлдэх гэх мэт хэрэг хуулийн байгууллагад бүртгэгдэж, шалгаж байна.
Тодруулбал, энэ сарын 21-ны өдөр Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их хүрээ” ХААН банкны салбарт хуурамчаар үйлдсэн 20 мянгатын гурван ширхэг мөнгөн дэвсгэрт илэрчээ. ХААН банкны теллер эмэгтэй хуурамч мөнгөн дэвсгэрт илэрсэн талаар цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Мэдээллийн дагуу шалгахад үл таних иргэн хуурамч мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд оруулсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн бөгөөд хэрэгт холбогдуулан тус гүйлгээ хийсэн теллерээс тайлбар мэдүүлэг авчээ. Энэхүү хэргийг Эрүүгийн цагдаагийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг шалгаж байгаа юм байна.