Categories
мэдээ цаг-үе

Н.Наранбаатар Хүүхдээ сонсохгүй байна гэдэг том харуусал болохыг л Шекспир “Ромео, Жульетта” жүжгээрээ харуулсан

Улс

ын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатартай ярилцлаа.


Ромео Жульетта Монголын театрын тайзнаа амилаад олон жил өнгөрчээ. Гурав дахь удаад нь тайзнаа дэглэсэн хүн бол та. Энэ жүжгийг уран бүтээлийнх нь хувьд үнэлээч гэвэл юуг онцлох вэ?

-У.Шекспирийн алдарт “Ромео Жульетта” жүжиг анх Монголын театрын тайзнаа 1966 онд тавигдаж байсан юм. Хүүхэд залуучуудын театрт С.Гэндэн найруулагчийн найруулгаар тайзны бүтээл болж Ромеод жүжигчин Ц.Готов, Жульеттад жүжигчин Б.Энхтуяа нар тоглосон түүхтэй. Түүнээс хойш 30 жилийн дараа 1996 онд Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа найруулагч Ч.Найдандоржийн найруулгаар үзэгчдийн хүртээл болсон. Ромеод жүжигчин О.Гэрэлсүх, Г.Алтанбагана, Жульеттад жүжигчин И.Одончимэг, Г.Урнаа нар тоглож байсан юм. Түүний дараа 19 жилийн дараа би дахин энэхүү зохиолыг тайзнаа тавьсан. Ромео Жульетта нь Италид X зуунд болсон бодит явдлаас сэдэвлэсэн зохиол. Бодит явдлаас үүдэж тухайн цаг үеийн зохиолчид жүжгийн зохиолыг бичиж эхэлсэн байдаг. Анх “Жульетта” гэдэг нэртэй байсан юм. Тэр үеийн нэг л охинд тохиолдсон үйл явдлыг дараа дараагийн зохиолчид нь нэмэн дэлгэрүүлж, сайжруулаад Ромео, Жульетта болгосон. Эхэндээ Тебалди, Меркуцио гэсэн дүрүүд байгаагүй. Зохиолын үндсэн ухагдахуун ерөөсөө л дайсагнасан хоёр гэр бүлийн охин, хүү хоёрын дурлал. XVI зууны үед Шекспир хамгийн сүүлийн хувилбарыг нь бичсэн. Миний хувьд Шекспирийн “Ромео Жульетта”-г төгс төгөлдөр рүү илүү ойртсон бүтээл болсон гэж үздэг. Тэр цагаас хойш 500 гаруй жил дэлхийн театруудын үзэгчдийн үзэх дуртай бүтээл хэвээр байна. Шекспирийн ихэнх зохиол өмнө нь хэн нэгэн зохиолч биччихсэн байдаг. Өмнө нь биччихсэн зүйлээс санаа авч, сайжруулж, төгс хэлбэрт оруулж уншигчдын хүртээл болгодог онцлогтой уран бүтээлч.

-Зарим хүн энэ зохиолыг нийгэмд буруу үлгэр дуурайл үзүүлэхүйц агуулгатай, сэтгэлийн хатуужлыг биш аливаад хялбархан бууж өгөх хандлагыг өөгшүүлж мэдэхээр эрсдэлтэй гэж шүүмжилдэг. Ромео Жульетта-гийн нийгэмд өгч байгаа нөлөөллийн тухайд та юу хэлэх вэ?

-Ромео, Жульетта хоёр бидний хүүхдүүд. Өсвөр насыг хүн бүхэн дайрч өнгөрдөг. Анхны харц, анхны дурлал, анхны үнсэлт, анхны хайр гээд олон зүйл бий. Энэ бүхэнтэй өсвөр насны хүүхдүүд учирдаг. Тэд агуу их хайртай учрах юмсан гэсэн хүсэл мөрөөдлөөр дүүрэн байдаг.Яг ийм үед нь эцэг, эхийн анхаарал халамж, хандлага нь маш зөв байх ёстой. Тэд амьдралын мөн чанарыг таньж мэдээгүй байгаа учраас алдаа гаргах эрсдэлтэй. Төлөвшиж, ухаан бүрэн суугаагүй байдаг учраас хайр дурлалын төлөөх тэмүүлэл нь дүрэлзэж байдаг. Нөгөөтэйгүүр хүн ямар ч орчинд өссөн бай хоёр биедээ хайр сэтгэлтэй л бол гэр бүл болох ёстой. Нийгэмд баян хоосны ялгаа хайр дурлалыг хүртэл ялгаж байна шүү дээ. Ийм муухай гажуудал байж болохгүй. Ингэвэл амьдралын үнэ цэнэ үгүй болно. Энэ чухал зүйлийг ялгаж байгаа цаг үед “Ромео, Жульетта” жүжиг ухаарал, хүмүүжил гээд маш олон ойлголт өгнө.

-Таны Ромео Жульеттай-д залуу жүжигчид олноороо тоглосон. Жүжигчдээ ямар шалгуураар сонгосон бэ?

-Биеийн амраа бодсон бол театрт олон жил ажилласан туршлагатай уран бүтээлчидтэйгээ хамтарч ажиллах байсан. Жүжгийн гол дүрд ихэвчлэн залуу уран бүтээлчид тоглосон. Бид залуу үедээ итгэл хүлээлгэх ёстой. Ингэж байж тэд туршлага сууна. Мэргэжлийн уран чадвар нь ч тодорхой хэмжээнд сайжирна. Би ямар нэгэн шалгаруулалт явуулалгүй дүрүүдээ сонгосон. Аливаа театрт ханхүү, гүнж байх ёстой. Театрынхаа жүжигчдийн нөөц бололцоонд тулгуурлаж, тухайн дүрд тоглох жүжигчнийхээ олон талыг харж, үнэмшилтэй байх талыг нягталж байж бүхэл бүтэн бүрэлдэхүүнээс сонголт хийдэг. Театр гэдэг бол кино урлаг биш. Театр бол амьд урлаг. Театрт дандаа бэлтгэгдсэн жүжигчид байдаг байхгүй юу. Тэд юунд ч тоглоход бэлэн, боловсрогдсон бүтээгдэхүүнүүд гэсэн үг. Театрын жүжигчид дэлхийд “А” зэрэглэлд ордог. Учир нь өдөр бүр найруулагчийн тогтоосон стандартыг барьж тоглоно гэдэг асар их ур чадвартайгийн илэрхийлэл. Хоёрдугаарт дуу хоолойг нь үзэгчдэд хүргэх чухал. Тиймээс дуу хоолой сайтай, биеийн хөдөлгөөн нь уян хатан, сэтгэл мэдрэмж нь өндөр гээд бүхий л талыг харна. Анх “Ромео Жульетта” жүжиг хоёр сар тасралтгүй тоглогдсон. Тэр их ачааллыг даах чадвартай байх ёстой. Анх яаж тоглосон тэр л хэм хэмжээгээ барьж тоглож чадах чадалтай жүжигчид театрт л байдаг. Театрт мэргэжлийн уран бүтээлчид ажилладаг.

– Та У.Шекспирийн Ромео Жультта, Гамлет хоёрыг тайзнаа тавилаа. Яагаад энэ жүжгүүдийг сонгох болов?

-Тухайн уран бүтээлийн нийгэмд юу хэлэх гэж байгаа өгөөж нь маш чухал. Уран бүтээл гэдэг хүнийг сайн сайхан руу дуудах ёстой. Сонгодог урлаг нь товчхондоо зуун зуунд хийсч алга болоогүй хүмүүсийн зүрх сэтгэлд мөнхөд хоногшиж, шигшигдэж үлдсэн бүтээлүүд. Мөнхөд оршдог гэхээр дандаа мөнхийн асуудлуудыг хөндсөн байдаг. Хайр, эрх мэдэл, атаа хорсол гээд энэ бүх зүйл хүн оршин байхад хөндөгдсөөр л байна. “Ромео Жульетта” бол миний тайзан дээр тавьсан анхны сонгодог уран бүтээл. Би Шекспирийн жүжгээс хоёрхон жүжгийг л тавья гэж бодсон. Тэр хоёрыгоо ч тавьсан.

-Сонгодог жүжгүүдийг ямар насныхан түлхүү үзэж байна?

-Залуучууд тэр дундаа 16-30 насны хооронд байх шиг анзаарагддаг. Хүний амьдрал тэр чигтээ дурсамж. Анхны хайр яагаад тийм нандин байдаг юм. Ерөөсөө л анх удаагаа болохоор тэр. Анх удаагаа тэрийг мэдэрнэ гэдэг асар торгон нандин мэдрэмж. Судлаачид дэлхийд энэ жүжгийн үхлийг “Үзэсгэлэнт үхэл” гэж нэрлэсэн байдаг. Үхлээс ч айхгүй байна гэдэг дотоод сэтгэлийн мөн чанарыг харуулж байна. Хиргүй тунгалаг, гэгээн ариун сэтгэлтэй хүмүүсийн харилцааг харуулж байгаа юм.

Ромео Жульетта-гийн агуулгыг энгийнээр хэлбэл 14 настай хүүхдүүд хайр сэтгэлээсээ болж амиа хорлосон тухай гардаг. Нийгэмд үзүүлэх нөлөө, сөрөг тал нь эндээ байх шиг санагдсан учраас түрүүн энэ тухай онцолж асуусан юм. Амиа егүүтгэх хоёр хүүхдийн эмгэнэлт түүхийг агуу хайр эс бөгөөс агуу тэнэглэлийн аль нь болгож чадах вэ гэдэг торгон зааг дээр найруулагч ажилладаг байх?

-Нэн тэргүүнд юу хэлэх вэ гэхээр энэ зохиолыг дэлхийд болоод уншигчид хүлээн зөвшөөрчихсөн. Өнөөгийн нийгэмд хүмүүс үнэхээр шүүмжлэх донтой болчихож. Хатуухан хэлэхэд надаар оролдож болно, Шекспирээр оролдож болохгүй гэдгийг хэлье. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн зохиолыг, хүнийг бид шүүмжлэхгүй ээ. Аливаа юмыг шүүмжлэхдээ эхлээд түүнтэйгээ дүйцэхүйц боловсролтой, ухагдахуунтай байх хэрэгтэй. Наад захаас нь хэлэхэд Оросын өчнөөн олон театрт энэ жүжиг тавигдаж байна. Энэ жүжиг тавигдах болгондоо үзэгчдийг байлдан дагуулдаг. 14-хөн настай хүүхэд хайр сэтгэлээс болж амиа хорлож байгаа нь манай нийгэмд тохирохгүй гэж үзэж байгаа хэрэг үү? Бид өнөөдөр соёл иргэншлийг авч чадахгүйдээ ийм зүйл ярьж байна. Эхлээд зохиолоо унш. Дараа нь жүжиг үз. “Ромео Жульетта” монгол хэл дээр олон удаа орчуулагдсан. Орчуулагч Х.Мэргэн гуай болоод Ч.Чимид гуайн орчуулга ч бий. Мундаг эрдэм мэдлэгтэй Ч.Чимид гуай энэхүү зохиолыг ийм бодлоготой гэж үзсэн бол орчуулахгүй л байсан. Манай нийгэмд сөрөг хандлага бий болно гэж үзээд тэр хүн орчуулахгүй. Соён гэгээрэл гэдэг аливаа зүйлийн утга учрыг тунгааж, шүүж, эргэцүүлж, бодох чадварыг хэлдэг. Хэн нэгний амнаас ам дамжсан яриагаар аливаа зүйлд хандаж болохгүй л дээ. Шескпирийн 37 жүжгээс “Ромео Жульетта” аливаа цагийн үеийн бүхий л тоглолтод хамгийн олон үзэгчидтэй байсан. Өнөөдөр энийг хорих ёстой гэж үзэж байгаа бол бусад соёлт орнууд яагаад энэ зохиолыг хориогүй юм. Өнөөдөр сошиалаа хязгаарлаж чадахгүй байж сонгодог зохиол хорино гэж ярихаасаа ичих хэрэгтэй. Өнөөдөр хүүхэд бүрийн гарт утас байна. Тэдгээр хүүхдүүд энэ их мэдээллийн харангад буруу үлгэр дуурайл авч явааг мэдээлээд л байдаг.Яагаад зохиолдоо 14 настай хүүхдийг сонгосон гэхээр муу санаа суугаагүй нас. 14 настай хүүхэд гэдэг бол өнөөдөр Европын орнуудын хувьд 16 настай хүүхэд гэсэн үг. Манайх ч тийм болсон. Энэ хоёр хүүхэд бие биедээ сэтгэл алдарна. Тэгвэл есөн настай Тэмүүжинг аав нь Хонгирад аймагт аваачиж Бөртэтэй сүй тавиад үлдээдэг. Тэгвэл түүхээ бид насанд хүрээгүй хүүхдүүдийг сүй тавиуллаа гээд шүүмжлэх үү. Тэр цаг хугацаанд тэд ээнэгшиж дасаж байна. Шекспир энэ жүжгээ айлын ганц, ганц хүүхэд дээр тоглолт хийчихэж байгаа юм. Нэг нь айлын ганц хүү, нөгөө нь айлын ганц охин. Уг нь тухайн гэр бүл ганц хүүхэддээ илүү анхаарал тавина биз дээ. Ганцхан хүүхдийнхээ эрх ашгийг сонирхохгүй байна гэдэг харуусал шүү гэдгийг л харуулж байгаа юм.

-Аливаа зүйл хоёр талтай. Энэ түүх өнөөгийн хүүхдүүдэд сөргөөр нөлөөлөх вий гэсэн болгоомжлол нэг талаас үнэний ортой санагддаг. Шүтдэг дуучин нь гэмтэхэд л уйлж гунигладаг хандлага өсвөр насныхны хувьд тод анзаарагдах болсон цаг шүү дээ. Ийм онцлогтой үеийнхэнд, хайр сэтгэл гэж юу болохыг таньж мэдэж амжаагүй наснынханд буруу ойлголт хандлага төрүүлэх вий гэсэн болгоомжлол байгаа?

-Энэ зохиолын хувьд хоёр гэр бүл асар том эрх ашгийн төлөө тэмцэлдсэн. Нэг ёсондоо хүүхдүүдийнхээ нандин харилцааг хэн нь ч анзаарч хараагүйд л байгаа юм. Тэдэнд эрх мэдэл, хөрөнгө мөнгө, эрх ашиг л чухал байсан. Тиймээс л эрх ашиг, эрх мэдлийн төлөөх өрсөлдөөнд хоёр хүүхэд нь амиа егүүтгэхдээ тулж, маш том харуусал авчирсныг л Шекспир бичсэн. Гэр бүл болно гэдэг амьдралын хууль. Тэрний өмнө дурлал гэх зүйл бий. Харин хэзээ вэ гэдэг нь асуудал. Мөн үүгээр эцэг эхчүүд үр хүүхдэдээ анхаарал хандуулж чадахгүй болчихжээ гэдгийг илэрхийлсэн. Хүүхдийнхээ хүсэл эрмэлзэл, сэтгэлийг нь сонсохгүй байна. Юу бодож, хүсч байгааг анхаарахгүй байна шүү дээ. Энэ л асуудлыг үеийн үед хүмүүс нэн тэргүүнд тавьж ирсэн байгаа юм. Эмгэнэл нь ердөө юу ч мэдэхгүй хүүхдүүд бие биетэйгээ хамт байхын тулд юунаас ч айхгүй үхлийг сонгож байгаа нь харамсалтай. Цусаар уйлаад ч эргэж ирэхгүй маш том харууслыг авчирдаг гэдгийг эцэг эхчүүдэд хэлж байгаа юм л даа. Эцэг эхчүүд л хүүхдэдээ хяналт тавихгүйгээс болж хар тамхинд орж, энд тэнд нийлж амь насаа егүүтгэж байна шүү дээ. Бид сайн сайхны тухай арай бага яриад байна уу гэж бодогдож байна.

-Та саяхан Монгол Улсын соёлын элч болсон?

-Энэхүү нэр хүндтэй үүргийг өндөр хэмжээнд авч явахыг эрмэлзэж байна. Монгол Улсынхаа урлаг соёл, түүхийг дэлхий дахинаа сурталчлахад анхаарч ажиллана.


Categories
мэдээ цаг-үе

А.Бакей: Нефтийн хоолой дамжих хамгийн дөт зам манай баруун бүс

Түрүүч нь №250(603) дугаарт

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн асан А.Бакей ХААИС-ийн харьяа Хөдөө аж ахуйн эдийн засаг, хөгжлийн судалгааны төвийн захирлаар ажиллаж байна. Тэрээр эдийн засгийн ухааны доктор, академич цолтой, 2004-2008, 2012-2016 онуудад АН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдож байсан юм.


-Хөдөө аж ахуйн эдийн засаг, хөгжлийн судалгааны төв нь юу хийдэг байгууллага вэ?

-Одоогоор макро түвшинд эдийн засгийн судалгаа хийдэг байгууллага үндсэндээ байхгүй болсон. Өмнө нь Академийн дэргэд эдийн засгийн хүрээлэн гэж байсан. МУИС-д очсон. Манай ХАА-н хүрээлэн гэ байсан. Бас татан буугдсан. Тэгээд л ХАА-г хөгжүүлэх бодлого тодорхойлох хэрэгтэй энэ төвийг байгуулах хэрэгтэй гэж үзсэн.

-Манай ХАА маш их нөөцтэй. Гэхдээ нэмүү өртөг авч чаддаггүй гэдэг нь ямар учиртай юм бэ?

-Би хувьдаа Монголын эдийн засгийн суурь нь ХАА гэж үздэг. Манай эдийн засаг гурван тулгуур хөлтэй.

-Тэр юу юм?

-Хөдөө аж ахуй, уул уурхай, аж үйлдвэр. Үйлчилгээний салбар нэмэгдэнэ.

-Таны ярьж байгаа ХАА монголчуудад юу өгөх вэ?

-70 гаруй сая толгой мал тоологдох байх. Дунджаар жилд 400 мянган тонн мах бэлдэж байна. 11-12 сая арьс, шир гарч байна. Ноолуур зургаан мянга гэдэг байсан. Арван мянган тонн хүрлээ. Хятадуудын дараагийн хамгийн том нийлүүлэгч болж байна.

-Манай ноолуур чанараараа тэргүүлдэг гэсэн үнэн үү?

-Үнэн байсан. Гэхдээ анхаарах асуудал гарсан.

-Ямар?

-Манайхны сүргийн бүтцэд сэрхний хувийн жин их болсон. Ингээд ноолуурын бүдүүн ширхэг нь өсдөг юм байна. Харин хятадууд ноолуураа нарийн болгох бодлого явуулж байгаа. Ноос 50 шахам мянган тонн, сүү багаар тооцоход сая тонн гарна.

-Тэгээд энэ их бүтээгдэхүүнийг борлуулж чадахгүй юу?

-Харин тийм. Мах, сүүний арван хувийг, бусад нь олигтой гадагшаа гаргаж чадахгүй байна.

-Сая Ерөнхийлөгч УИХ-аас ХАА-н парк байгуулах гээд 500 сая төгрөг нэхлээ. Энэ ямар учиртай юм бэ?

-Уг нь эдийн засгийн утгаар харвал малчдын орлогыг хоёр дахин нэмэгдүүлэх арга.

-Яаж?

-Асуудлыг цогцоор нь шийдэх хэрэгтэй байгаа юм. Хотноос гарсан хонь дэлхийн зах зээлд хүрэх замыг парк л шийднэ. Үүнийг л ойлгочихвол малчдын орлого багаар тооцоход хоёр дахин нэмэгдэнэ.

-Тэгээд 500 тэрбумыг хэн төлөх юм бэ?

-Нийт эдийн засагт орох орлогыг хар.

-Малчид гайгүй орлоготой биз дээ?

-Өнөөдөр 4-5 жил малласан хонь 70 мянган төгрөг байна. Өндөр хөгжилтэй орны гайгүй зоогийн газрын нэг таваг шөлний мөнгө.

-Та баруун бүсээс сонгогдож байсан УИХ-ын гишүүн. Танай аймаг өнөөг хүртэл цахилгааны хомсдолтой байна.

-Энэ асуудлыг шийдэх боломж байгаа юм. Гэхдээ миний яриад байгаа сонгуулийн жижиг тойрог нөлөөлөөд байна л даа. Аймгийн, бүсийн асуудлыг шийдэхээс илүүгээр тухайн сонгогдсон сумын асуудлыг шийдэх сонирхол гишүүдэд байдаг. Энэ нь сонгуулийн жижиг тойргоос болж байгаа юм.

-Шийдэх ямар гарц байна?

-Баруун бүсээс сонгогдсон гишүүд нийлж байгаад эхлээд энэ аймгийн нэг том асуудлыг, дараа нь нөгөө аймгийн бас нэг асуудлыг шийдэх хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргах хэрэгтэй. Ийм бодлого хэрэгтэй байхад сүүлийн үед бүр дордоод явчихлаа.

-Яаж?

-Бүр ЖДҮХС-гаас идээд эхэллээ. Ийм байхад яаж баруун бүсэд хөгжил ирэх юм бэ. Том хэмжээний хөгжлийн хөтөлбөр боловсруулаад хуульчилж өгөх хэрэгтэй байхгүй юу.

-Баруун бүс төв рүү бараагаа зарахад өртөг нэмэгддэг. Хилийн зурвасаа ашиглаж болохгүй юу?

-Чөлөөт бүс гэж нэг юм байгаа юм. “Цагаан нуур”-ын чөлөөт бүс гэсэн нэртэй. Манайхан “Алтан булаг”, “Замын-Үүд” нэртэй чөлөөт бүс нэрийн дор хашаа барьчихсан. Гэтэл чөлөөт бүс гэдэг чинь иж бүрнээрээ ажилладаг механизм байхгүй юу. Үүнийг ойлгохгүй байна.

Цагаан нуур чинь ажиллахгүй байгаа юм уу?

-Хашаанаас өөр юмгүй. Хэдэн хүн цалин авдаг сураг бий.

Уг нь чөлөөт бүс гэдэг нь гадныхан бараагаа авчирч хямд зараад, манайхан ч юмаа зарах боломжтой газрыг хэлж байгаа юм. Гэтэл энэ нь улстөрчдөд ашиггүй учраас л хэрэгжихгүй өнөөг хүрч байна. Ингэснээрээ чөлөөт бүсийн нэр хүндийг гутаачихаж байгаа юм. Нефтийн хоолой дамжих хамгийн дөт зам баруун бүс. Ийм асуудалд анхаарлаа хандуулахын оронд хууль гаргаад хашаа барьчихаад суугаад байгаа байхгүй юу.


Categories
мэдээ нийгэм

Харцага одтой, хөх морь өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 28, Сугар гариг. Билгийн тооллын 21, Харцага одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 8:39 цагт мандан, 17:09 цагт жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, тангарагаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Эрх баригчид хэнээс шударга ёс шаардаж жагсаад байна вэ” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Эрх баригчид хэнээс шударга ёс шаардаж жагсаад байна вэ” хэмээн өгүүлжээ.

“МАНАН-гийн эсрэг МАНАН-гийн шинэ бүлэглэл жагслаа” хэмээн “Улс төр” нүүрт өгүүлжээ.

“Хоёр нүүрт зэс” хэмээн “Эдийн засаг” нүүрт өгүүлжээ.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан: Намын гишүүдийн зүгээс АН-ын бүлэг нэгдмэл цул байх ёстой гэсэн санал ирүүлсэн хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

“Шилдэг залуу ажилтнаар гагнуурчин Э.Уужимсэтгэл тодорлоо” хэмээн “Улс төр” нүүрт бичжээ.

БААБАР: Тусгаар тогтнолоо олж авах гэсэн 35 жилийн тэмцэл, драм байсан хэмээн “Түүхийн жимээр” нүүрт өгүүлжээ.

“Бөртэ чоно”-ын эзэн М.Нандинцэцэг: Мэргэжлийн боксын рингэнд гарах сонирхол бий хэмээн “Спорт” нүүрт ярьжээ.

“Нэг нь ч ангиасаа шилжиж зүрхлээгүй 8б-гийнхэн” хэмээн “Нэг ангийнхан” нүүрт өгүүлжээ.

“Ирээдүйг өөрчлөх 10 технологи” хэмээн “Технологи” нүүрт өгүүлжээ.

“Дэлхий сөнөнө гэсэн цуурхал сурагчдын дунд газар авч магадгүй” хэмээн “Нийгэм” нүүрт өгүүлжээ.

“iNews.mn” сайтын сэтгүүлч Ц.Булганзаяа: Х.Нямбаатар гишүүн нэр хүндэд халдаж, гүтгэсэн гэдэг үндэслэлээр гомдол гаргаж, хоёр сая төгрөгийн торгууль оногдуулсан хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт ярьжээ.

“Бугат суманд юунаас болж хүн амины хэрэг гарсан бэ” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт өгүүлэв.

Булган аймгийн Засаг дарга Зоригтбаатарын Батзориг: Булган нутгаа нэг ч ядуу иргэнгүй анхны аймаг болгоно гэсэн том амбиц надад байгаа хэмээн “Засаг дарга ярьж байна” нүүрт ярьжээ.

“2018 оны дэлхийн 10 онцлох үйл явдал” хэмээн “Дэлхийн мэдээ” нүүрт өгүүлжээ.

“2018 оны бестселлер номыг “Өдрийн сонин” онцоллоо” хэмээн “Энэ өдөр” нүүрт бичжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
энтертаймент-ертөнц

Маргааш 100 өвлийн өвгөний парад болно

Хүслийн шинэ жил хаяанд ирж, хүн бүр хуучин оноо үдэж, шинэ оноо угтахаар сэтгэл догдлон хүлээж байна. Тэгвэл баярын уур амьсгалд хүч нэмэхээр Баянгол дүүргийн 100 Өвлийн өвгөн, 100 цасан охин ирж явна.

Тус дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, 23 хороодыг хамарсан “100 ӨВЛИЙН ӨВГӨН”-ий парадыг Баянгол дүүрэг тав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Парад маргааш буюу 2018 оны 12 дугаар сарын 28-ны 12:00 цагт Ганзам-20 дугаар сургуулиас “Өргөө” кино театр хүртэл аялах юм.

Categories
мэдээ нийгэм

Өрх, дүүргийн эмнэлгүүдэд нэмэлтээр эмч ажиллаж байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, АШУҮИС-ийн хооронд байгуулсан санамж бичгийн дагуу тус сургуулийн захирлын тушаал гарч хүүхдийн нарийн мэргэжлийн резидент эмч нар, төгсөх дамжааны оюутнууд нийслэлийн дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллахаар боллоо.

Нийслэлийн 134 өрхийн эрүүл мэндийн төвд АШУҮИС-ийн VI дамжааны 392 оюутан 2018 оны арванхоёрдугаар сарын 24-нөөс 2019 оны гуравдугаар сарын 01-нийг хүртэл, төвийн зургаан дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэгт хүүхдийн анагаахын тэнхимийн 22 резидент эмч 2018 оны арванхоёрдугаар сарын 26-наас 2019 оны гуравдугаар сарын 01-нийг хүртэл тус, тус ажиллах юм. Томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдэж, эмнэлгийн байгууллагын эмч сувилагч нар өдгөө ачаалалтай ажиллаж байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

“Нийслэлийн авто зам ашигласны төлбөр авах журам” батлагдлаа

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/128 дугаар захирамжаар “Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журам”, нийслэлийн бүртгэлтэй тээврийн хэрэгслээс авах авто зам ашигласны төлбөр болон Улаанбаатар хотын шалган бүртгэх товчоогоор нэвтрэх орон нутгийн тээврийн хэрэгслээс авах авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг Авто замын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасан “…орон нутгийн чанартай болон аж ахуйн дотоодын замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах журам, төлбөрийн хэмжээг аймаг, нийслэлийн Засаг дарга тогтооно” гэсний дагуу баталж мөрдүүлж ирсэн.

Авто замын тухай хууль шинэчлэгдэн батлагдаж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн бөгөөд хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т “…нийслэл, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах замын чиглэл, замын урт, төлбөрийн хэмжээг тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно”, 30.3-т “Нийслэл, орон нутгийн чанартай болон авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах үйл ажиллагааны журмыг аймаг, нийслэлийн Засаг дарга баталж, мөрдүүлнэ” гэж тус тус заасан байна.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/128 дугаар захирамжийг шинэчлэгдэн батлагдсан Авто замын тухай хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулж, нийслэл, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах замын чиглэл, замын урт, төлбөрийн хэмжээг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолоор батлуулах зайлшгүй шаардлагатай болсон тул төслийг өргөн бариад байна.

Харин Авто замын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь заалтыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын А/1225 дугаар захирамжаар “Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс ногдуулан авах авто зам ашигласны төлбөр авах журам”-д “Төлбөрийн үйлчилгээний ажилтан”-г сонгон шалгаруулан авч, хөдөлмөрийн гэрээ байгуулан удирдлага арга зүйгээр ханган батлагдсан бүтэц, төсөвт багтаан ажиллана гэсэн заалтыг нэмж тусган шинэчлэн батлууллаа.

Нийслэлд бүртгэлтэй албан татвар, төлбөр төлсөн тээврийн хэрэгслийн 40 гаруй хувь, мөн орон нутгийн бүртгэлтэй албан татвар, төлбөр төлсөн тээврийн хэрэгслийн 8 хувьд үйлчилгээ үзүүлдэг эдгээр 31 ажилтан татвар, хураамжийг төлөгчдөд ойртуулан, чирэгдэлгүй үйлчилж, нийслэлийн төсвийн орлого бүрдүүлэхэд өндөр ач холбогдолтой байдаг гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн зардлыг санхүүжүүлэх журам”-ыг шинэчилж байна

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/51 дүгээр тушаалаар батлагдсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 6/22 дугаар тогтоолоор баталсан “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам”-д өөрчлөлт оруулах судалгаа хийж, санал боловсруулан, нийтийн тээврийн үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Хотын Ерөнхий менежерийн зөвлөлийн хурал, улмаар Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцууллаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын гэрээ дүгнэх хурал боллоо

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Зам талбайн цэвэрлэгээний хуваарь батлах тухай” А/21 тоот тушаал батлагдсаны дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай “Зам талбайн цэвэрлэгээний гэрээ” байгуулсан нийт 12 хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын гэрээ дүгнэх хурал 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр боллоо.

Хуралд Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, УБ ЗАА-ны Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Э.Энхцэцэг, Аудит, дотоод хяналтын хэлтсийн дарга Ц.Рэгзэдмаа бусад албаны мэргэжилтнүүд байлцан хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын энэ онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланд санал, дүгнэлт гарган ажиллалаа.Мөн хурлаар ирэх оноос төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зам талбайн арчилгаа үйлчилгээг хариуцан ажилладаг байгууллагуудын дунд тендер зарлагддаг болсон талаар танилцуулсан юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Багачууддаа хүндэтгэл үзүүллээ

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас шинэ жилийн баярыг тохиолдуулан 28 хорооны төлөөлөл болсон хүүхэд багачуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Тус арга хэмжээнд дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Наранчулуун, Эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Д.Уламбаяр болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Хүндэтгэлийн арга хэмжээнд дүүргийн 28 хорооны амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн 1000 хүүхэд оролцсон бөгөөд хүүхэд багачуудад зориулан Б.Лхагвасүрэнгийн зохиол “Зүггүй шөмбөөлэй” хүүхдийн жүжгийн тоглож, гарын бэлэг гардууллаа.