Categories
мэдээ нийгэм

Бүргэдчин охин “Алтангадас” одон хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрхэлсэн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан эрхмүүдэд төрийн дээд, одон медаль гардуулан өглөө. Энэ өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын дунд сургуулийн сурагч Н.Айшолпанд Алтангадас одон хүртээлээ. “Бүргэдчин охин” хэмээн алдаршсан тэрбээр өнгөрсөн онд хүйсээр ялгаварлах үзэл, ойлголтыг өөрчилсөн хэмээн “Asia Game Changer Awards”-аас шагнал хүртсэн юм. Израйлийн гэрэл зурагчин Ашер Свиденский 2014 онд Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ 13 настай Н.Айшолпан охиныг бүргэдээр ан хийж буй тухай гэрэл зургийн сурвалжилгыг “BBC” агентлагийн цахим хуудаснаа нийтэлсэн байдаг. Ингэснээр “The Eagle Huntress” хэмээх Н.Айшолпаны тухай баримтат киног бүтээхэд хүргэсэн ажээ.

Categories
мэдээ нийгэм

Хилийн боомтууд маргааш амарна

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд 2018 оны 12 дугаар сарын 29 -ний өдөр буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр, 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр буюу Шинэ жил тус тус тохиож байгаа тул ажиллахгүй.

Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчино.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэгдүгээр сарын 01-ний бүх нийтийн амралтын өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд иргэдийг аюулгүй зорчих нөхцөл боломжийг бүрдүүлж замын цагдаагийн 352 алба хаагч, ХСИС-ийн 200 сонсогч нийт 552 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад үүрэг гүйцэтгэж та бүхний амар амгалангийн манаанд ажиллана.

Баярын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт дараах байдлаар мөрдөгдөнө.

  • 2018 оны 12 дугаар сарын 31-ний Даваа гарагт тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт хэвийн мөрдөгдөх бөгөөд 1,6-аар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй.
  • 2019 оны 01 дүгээр сарын 01-ний бүх нийтийн амралтын өдөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
  • 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс дугаарын хязгаарлалт хэвийн мөрдөгдөж эхэлнэ.

Түүнчлэн шинэ оны нарыг харахаар иргэд нэгдүгээр сарын 1-нд Хийморийн овоо, Дөрвөн уулынхаа овоо болон Багахангай дүүргийг ихээр зорьдог. Энэ үеэр иргэдийг аюулгүй зорчуулах үүднээс мөн алба хаагчид хуваарийн дагуу нэмэгдлээр ажиллах юм.

Иргэн та шинэ оны анхны нарыг угтан ажил үйлсээ даатгаж, ирэх жилийнхээ хийморь сүлдийг урин дуудахаар гэрээсээ гарахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тусгайлан зассан зам талбайд тээврийн хэрэгслээ байршуулж, явганаар гарах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хурд хэтрүүлэхгүй, хүүхдийг зориулалтын суудалд авч явахыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн замд 24 цагийн хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна

Баярын өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд “Шинэ жил-2018” арга хэмжээ явагдаж буй. Улаанбаатар хотоос хөдөө, орон нутгийг чиглэх хөдөлгөөн нэмэгдэж байгаа энэ үед орон нутгийн цагдаагийн байгууллагаас байнгын болон 24 цагийн хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалтын ажиллагааг зохион байгуулж байна. Тээврийн цагдаагийн албанаас орон нутгийн замуудад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, бүрэн бус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчих, хурд хэтрүүлэх болон тээврийн хэрэгсэл ашиглан үйлдэгддэг бусад төрлийн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтыг явуулж байна. Иймд зөвхөн “цагдаад баригдахгүй байх” гэх бодлоос илүүтэйгээр өөрийн болон гэр бүл, бусад хүмүүсийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор хурд хэтрүүлэхгүй байх, хамгаалах бүс хэрэглэх, хүүхдийг зориулалтын хамгаалах хэрэгсэлтэй тээвэрлэх зэргээр Замын хөдөлгөөний дүрмээ баримталснаар та осол, аюулаас 90 хүртэл хувиар хамгаалагдах боломжтой юм гэдгийг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд байрандаа орлоо

Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны орон сууцны 7-р хорооллын Б хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн эхний ээлжийн 60 айлын орон сууцны барилга өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ашиглалтад орсон. Тэгвэл өнөөдөр дараагийн 60 айлын орон сууц ашиглалтад орж, иргэдэд түлхүүр гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо. Ёслолын үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ц.Тулга, НИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Батбямба болон дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдийн төлөөлөл, холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Орон сууцны 7-р хорооллын Б хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлж буй “Пример Инвестмент групп” ХХК нь үе шаттайгаар 2.5 жилийн хугацаанд нийт 660 айлын орон сууц барих төлөвлөгөөтэй байгаа аж.

Үүний дараа хотын удирдлагууд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14-р хорооллын Е хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд баригдаж байгаа Нарт хорооллын эхний ээлжийн 120 айлын орон сууцны нээлтийн ёслолын ажиллагаанд оролцсон юм. Барилгын ажлыг “Зургаан талт” ХХК гүйцэтгэж байгаа аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Улаанбаатар хот 1.4 сая хүн амтай болоод байна. Хүн амын хэт төвлөрлөөс болоод агаар, орчны бохирдол хүндрэлтэй асуудал болоод байна. Үүнийг даван туулахын тулд бид олон төрлийн ажил хийх ёстой. Хамгийн сайн боловч цаг хугацаа, хөрөнгө мөнгө их шаардагдах ажил бол орон сууцжуулах. Иргэдийг орон сууцжуулахад улсын зүгээс дэд бүтцийн асуудлыг нь шийдвэрлээд иргэд хувийн ААН-тэй тохиролцоод явах нь илүү оновчтой шийдэл болж байна. Өнөөдөр бид Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдэд 200 орчим айлын орон сууцны нээлтийг хийлээ. Үүнээс гадна дэд бүтцээс хол байгаа айлуудыг өөрийнх нь амьдарч буй газар дээр цэвэр, бохир, дулаантай холбох төвүүдийг барьж байна. Агаар орчны бохирдлыг бууруулахад бүх төрлийн шийдлийг хэрэглэж байж иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрхийг хангах болно” гэв.

Categories
мэдээ спорт

Чансаа өндөр 128 бөхийн барилдаан Буян-Ухаа цогцолборт болно

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-ний өдрийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн соёрхол шагнал гардуулж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.

Үдээс хойш Буянт-Ухаа цогцолборт чансаа өндөр 128 бөхийн барилдааныг үзэж сонирхох аж. Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит барилдаан энэ жил Бөхийн өргөөнд биш Буянт-Ухаа дахь спорт цогцолборт болно. Учир нь Буянт-Ухаа дахь спорт цогцолборт болно гэж барилдааны билетийг худалдаалсан байна. Гэвч дархан аваргууд эвлэрч Бөхийн өргөөг нээсэн тулд өргөөндөө болно гэсэн ташаа мэдээлэл гадуур тархжээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ оны баримтаа ирэх сарын 8-наас хойш бүртгүүлбэл урамшуулал олгохгүй

Жил бүрийн эхний улиралд НӨАТ-ын урамшуулал олгодог. Энэ оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 362 сая 832 мянган ширхэг 639 и-баримт хэвлэгдэж, 238 сая 737 мянга 388 и-баримт баталгаажсан байна.

Буцаан олголтыг Сангийн яамнаас ирэх оны нэгдүгээр сарын 8-наар тасалбар болгон хаах тул дээрх хугацаанаас хойш уншуулсан баримтад урамшуулал бодохгүй юм байна. Иймд иргэд ирэх оны нэгдүгээр сарын 8-ны дотор иргэд энэ оны баримтаа бүртгүүлэн баталгаажуулсан байх ёстойг Татварын ерөнхий газраас анхаарууллаа.

НӨАТ-ын урамшууллыг 2019 оны нэгдүгээр улиралд олгохтой холбоотой ИБАРИМТ системийн хэрэглэгчдэд анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

Ирц хүрээгүйгээс УИХ-ын өнөөдрийн хуралдааныг хаалаа

УИХ-ын энэ оны хамгийн сүүлийн хуралдаан өнөөдөр 10.00 цагт товлогдоод байсан ч ирц хүрээгүйгээс хаалаа. Чуулганы хуралдаанд 68 гишүүн хүрэлцэн ирэхээс 11.00 цагийн байдлаар 35 гишүүн ирсэн байв. Гишүүдийн ирц 50 хувьд хүрээгүй учраас УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан өнөөдрийн хуралдааныг хаасныг мэдэгдлээ.

УИХ-ын нэр бүхий 38 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардан бойкот зарласан. Тэд УИХ-ын даргыг огцрох хүртэл байнгын хороо, чуулганы хуралдаанд суухгүй гэж мэдэгдээд байгаа билээ. Уг үйл явдлаас үүдэн УИХ-ын үйл ажиллагаа дөрвөн долоо хоног гацаанд ороод байна.

Categories
мэдээ улс-төр

НИТХ-ын Тэргүүлэгчид хотын даргад нэр дэвшигчийн асуудлаар хуралдаж байна

Өнөөдөр НИТХ-аар хотын даргыг томилох асуудлыг хэлэлцэнэ.Үүнээс өмнө НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж,хотын даргад нэр дэвшигчийг тодруулан, МАН-ын Удирдах зөвлөл рүү нэрийг нь оруулах юм. Одоогоор НИТХ-ын тэргүүлэгчид болон МАН-ын Удирдах зөвлөлөөс хэдэн хүний нэр оруулах нь тодорхойгүй байна.

МАн-ын Удирдах зөвлөлөөс нэг хүний нэрийг хотын даргад дэвшүүлэх шийдвэр гаргасан тохиолдолд заалнаас нэр дэвшин өрсөлдөх боломжтой билээ. Хотын даргад Баянзүрх дүүргийн засаг дарга асан Б.Мөнхбаатар, НИТХ-ын дарга С.Амарсайхан нар нэр дэвшихээр яригдаж байгаа юм.

НИТХ-ын Тэргүүлэгчид Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байгаа бөгөөд үргэлжлүүлэн, Удирдах зөвлөл нь хуралдахаар хүлээгдэж байна.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Монгол төрийн тэргүүнүүд ажлаа өгснийхөө маргааш ухаардаг нь гунигтай

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гээд төрийн толгойд заларч байсан эрхэмүүд албан тушаалаа өгснийнхөө маргаашаас нь шахам “Монгол Улсаа хөгжүүлнэ, ард түмнийхээ амьдралыг сайжруулна, шударга ёс тогтооно” гээд яриад эхлэх юм. Уг нь бол “Улсаа хүний дор орохоогүй хөгжүүл, наад нэг ядарсан хэдэн ард түмнээ ажилтай, ашиг орлоготой болгоодох, тэр алга болсон шударга ёсоо тогтоо” гэж л намынхан нь нэр дэвшүүлж, олноороо дэмжиж толгойдоо залсан. Ярьж байгааг нь хэрэгжүүлэх боломжийг олгож, хичнээн жил хүлээсэн гэсэн үг. Гэтэл тэд нар төрийн толгойд гараад юу ч хийдэггүй. Юу хийж байгаа нь мэдэгдэхгүй алга болдог. Ард түмэн нь бүү хэл, анд нөхөд нь ч ойртож дөхөхийн аргагүй нэг их хамгаалалтад орж, хэдхэн хүний үгийг сонсдог болтлоо амьдралаас тасардаг нь үнэн юм. Сүүлд сонсох нь ээ, “Ийм хуйвалдаанд оролцсон, тийм бүлэглэлийг удирддаг, тэгж хулгай хийсэн, ингэж хууль зөрчсөн” тухай л дуулддаг.

Төрийн өндөр дээд албанд очно гэдэг эрх ямба эдлэхээс илүүтэй өдөр шөнө, цаг минут, нэг секунд ч алдалгүй улс эх орноо яаж хөгжүүлэх, эдийн засгаа яаж өсгөх, хүн ардаа яаж аятайхан амьдруулах, хүүхэд өтгөсөө хэрхэн халамжлах тухай бодож, төлөвлөж, ажил хэрэг болгож, шийдвэрлэж байдаг туйлын завгүй ялтай ажил. Үүнийхээ төлөө элэгдэж, эмтэрч, эрүүл мэндээ ч тавьж туух нь бий. Энэ бол ажил. Монгол төрийн нэртэй зүтгэлтнүүд ингэж л ажиллаж амьдарч байв. Тэднийг ард түмэн мартдаггүй, домог мэт яригдсаар, одоо ч амьд мэт хүндэлсээр байдаг. Харамсалтай нь, сүүлийн үеийн дарга даамлууд маань төрийн тэргүүний ямбыг нь хэтрүүлэн эдэлж, ялтай ажил хэргийнх нь тухай ор тас мартаж орхидог мэт. Хийдэг ажил нь эрх ашиг нэгтэй бүлэглэлүүдийнхээ төлөө л санаа тавьсан байдаг. Харин ажлаа өгөхөөрөө гэнэт ухаардаг юм болов уу, элдэв хөдөлгөөн, нам байгуулж “Ард түмнийхээ сайн сайхны төлөө ажиллана аа. Энэ улс орон чинь болохоо байлаа” гэж сонссон хүн шүүрс алдмаар гоё гоё юм ярина. Дарга байхдаа ярьж байгаагаа хийхгүй яав даа гэж гол харламаар. Үнэхээр ч тэдний хэзээ хойно ухаарсан яриаг сонсохоор гол горойж халагламаар санагддаг юм. Бүгдээрээ хамгийн эрх мэдэл бүхий дарга байсан хүмүүс шүү дээ.

Монгол Улсын Ерөнхий сайд байсан Норовын Алтанхуяг “Нэгдмэл Монгол” нэртэй хөдөлгөөн байгуулснаа зарлалаа. Монгол Улсыг диваажин болгох юм байх. Энэ түүний хоёр дахь санаачилга нь. Хэдхэн жилийн өмнө “Алтангадас” гэдгийг байгуулж, бас л ингэж ярьж байсан. Нам болгоноос хүн оруулна, бодлого боловсруулна юу юу ч билээ, сайхан сайхан юмаа ярьж байсныг санаж байна. Тэгж явсаар түүнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилсон. Гэтэл яасан билээ дээ. Ерөнхий сайд байхдаа хошин шогийн жүжигчин шиг аягладаг байсан. Ажил яриад байгаа юм уу, арзаганаад байгаа ч юм уу аль аль нь мэдэгддэггүй. Сошиалынхны ганц шоолдог сэдэв нь л байлаа шүү дээ. Бүр Задгай цагаан нэртэй ч байв уу. Харин Ерөнхий сайдаасаа буучихаад өдөр шөнөгүй яриад байдаг болчихсон шударга бусын хонгилоо нураахгүй юугаа хийж байсан юм бол.

Намбарын Энхбаяр гээд нэг хүн байна. Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гээд төрийн гурван том албыг ээлжлэн хашсан хүн. Одоо нам байгуулчихаад ард түмнийхээ сайн сайхны төлөө гээд гудамжинд хашгираад явж байна. Төрийн бүх өндөрлөгт ажиллаж байхдаа одоо яриад байгаа энэ бүхнээ хийхгүй үхсэнээ хийж суусан юм бол. Монгол Улсын Ерөнхийлөгчийн суудалд тасралтгүй найман жил суусан Цахиагийн Элбэгдорж мөн л өдгөө ардчилал, шударга ёс тогтоох, ард түмнээ бодох тухай ярьж эхэллээ. Өмнө нь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн байсан хүн.

Байж болох хамгийн том албан тушаалд хичнээн жил суухдаа ард түмэн, улс орноо бодохгүй юу хийж байсан хүмүүс вэ. Албан тушаалаасаа буучихаараа л улс эх орон минь, ард түмэн минь гээд орилоод унах юм. Та нарыг албан тушаалд сонгосон ард түмэн чинь өнөөдөр элгээрээ мөлхөх нь холгүй байна. Улс орон чинь авлигад идэгдэн, эдийн засаг нь өөдлөхөө байсан. Бүр дампуурдгийн даваан дээр Олон улсын валютын сангийнхан тусалж байна. Та нар болон та нарын бүлэглэлийн цөөн хэдэн хүн л санаа зовох юмгүй сайхан амьдарч байгаа байх. Улаанбаатарын агаар, орчин утгаа алдсан. Утааг арилгахаар зарцуулсан мөнгө ихсэх тусам улам өтгөрөн, улам нэмэгдэж байна. Хавдрын эмнэлэг ачааллаа дийлэхээ байсан. Энэ өвчнөөр тэнгэрт одсон мянга мянган монголчуудын үйлчлүүлэх байсан Хавдрын эмнэлэг барих мөнгийг та нар харамлаад өгөөгүй. Шударга ёс алдагдаж, танил талгүй бол ажил бүтэхээсээ өнгөрсөн ийм л байдал Монголд тогтжээ. Бүр байчихаад жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд очих байсан хөнгөлөлттэй зээлийг дээгүүрээ хуваагаад идчихсэн нь илрээд булайгаа дэлгэж байна.

Ийм л Монголыг та нар бий болгожээ. Одоо та нар “ард түмэн” ярьж жүжиг тавьдгаа боль. Та нарын үгэнд хичнээн жил хууртах вэ. Итгэх хүн олдохгүй л болов уу. Харин ч шинэлэг сэтгэлгээтэй дараагийн үедээ зайгаа тавьж өгөх цаг нь болжээ. Дэмий поп зүйл ярихынхаа оронд “Би ийм ажил хийх гээд чадаагүй юм аа. Тэр үед тийм алхам хийгээгүй байсан бол дээр байжээ” гэх мэт зүйл яриад сууж байх нь дараа дараагийн үед хэрэгтэй байж мэднэ.