Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 2018 оны онцлох ажлууд

1.ӨРГҮЙ УЛААНБААТАР

Анх 2016 онд 100 орчим тэрбум төгрөгийн өртэй хотыг нйислэлийн удирдлагын шинэ баг хүлээн авсан юм. Үүнд концессийн гэсэн тодотголтой бүх өр,аж ахуйн нэгж байгууллагын өрөөс эхлээд нийслэл хоттой хамаатай бүх төрлийн өр багтаж байв.

Хэдийгээр нийслэлийн эдийн засаг хүнд байсан ч хотын удирдлагын баг өмнөө тавьсан зорилтоо биелүүлэн, төсвийн орлогоо давуулан биелүүлж, бүх өрийг төлж дуусгахын төлөө чармайн ажиллаж эргэн төлөлтийг бүрэн хийв.

Нийслэл хотын удирдлага эдийн засаг санхүүгийн хүндрэлээс гарахын төлөө ийнхүү ажилласны үр дүнд 2018 он гэхэд эдгээр өрийг бүрэн барагдуулж, Улаанбаатар хот өргүй хот болж чадлаа.

2.2018 ОНЫГ “ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ АМЬДРАХ ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ ЖИЛ” БОЛГОН ЗАРЛАВ

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа үйлчилгээг шинэ шатанд гаргаж, шийдвэр гаргах түвшинд иргэд, оршин суугчдын саналыг тусган, хотын хөгжил, бүтээн байгуулалт, тохижилтын ажилд тэдний оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах зорилгоор 2018 оныг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарлалаа.“Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг иргэн, төр, хувийн хэвшлийн байгууллагын саналыг тусган боловсруулж, жилийн ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэн ажиллав.

Иргэдийнхээ санал санаачлагаар автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр 2018 онд автозамын бүтээн байгуулалтад голлон анхаарч, гол гүүр, гүүрэн гарцуудыг өргөтгөх, шинэчлэх ажил хийж байна. Ирэх 2019 оныг явган хүний зам, дугуйн замыг сайжруулахад анхаарч, иргэд чөлөөтэй зорчих боломжоор хангах аян өрнүүлж, эрчимтэй ажиллахаар болоод байна. Мөн гудамж, талбайн гэрэлтүүлэг, камержуулалтыг сайжруулах чиглэл барихаар болов.

Нийслэлийн 2018 оны төсвийг боловсруулахдаа “Иргэдийн оролцоотой төсөв 2018” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж, давхардсан тоогоор 893 иргэн оролцсон байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд нийслэл хотоо иргэнээ дээдэлсэн, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, бие даасан эдийн засагтай, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий олон улсад өрсөлдөх чадвартай, монгол үндэсний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй, Зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болгон хөгжүүлэхээр зорин ажиллаж байгаа юм.

Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхээр өнгөрсөн хугацаанд “Нэг өрх-нэг ажлын байр”, “Улаанбаатарт үйлдвэрлэв”, “Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл”, “Нийслэлийн боловсрол-2020”, “Нийслэлийн эрүүл мэндийн салбарын хөгжил”, “Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих”, “Нийслэлийн залуучуудын хөгжлийн хөтөлбөр”, “Соёлын үйлдвэрлэл”, “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”, “Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ”, “Хүн амын ахуйн үйлчилгээ”, “Нийслэлийн иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” зэрэг 17 дэд хөтөлбөрийг НИТХ-ын болон Тэргүүлэгчдийн тогтоолоор батлуулан хэрэгжүүлж ирлээ.

3.УЛААНБААТАР ХОТ 60 ЖИЛИЙН ДАРАА ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖУУДАА ЦОГЦООР НЬ ШИНЭЧИЛЖ БАЙНА

Монгол Улсын нийт хүн амын тал хувь нь ажиллаж амьдарч байгаа их хотын дэд бүтцийн хөгжлийн тулгуур баганын нэг бол автозамын салбар. 2018 онд Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсөв, нийслэлийн авто замын сан, гадаадын зээл тусламж, орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 63 төсөл, арга хэмжээ хэрэгжих юм. Нийтдээ 43.5 км авто зам, 3050 урт метр гүүр барих төлөвлөгөө гарган ажиллаж байна. Мөн нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 24 төсөл арга хэмжээ хэрэгжинэ.

БНХАУ-ын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2017 онд эхэлсэн “Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц”, “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах”, “Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам”, “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 урт метр гүүр болон Сонсголонгийн 289.4 урт метр гүүр шинээр барих” томоохон төслүүдийн гол бүтээн байгуулалт 2018 оны хавар зэрэгцэн эхэлж барилгын ажил графикт хугацаандаа чанарын өндөр үзүүлэлттэй явж байна.

“Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн барилгын ажил дуусч, төслийн хүрээнд баригдсан авто зам, гүүрийн байгууламж 2018 оны 11 дүгээр сарын 2-ноос замын хөдөлгөөнийг нэвтрүүлж эхэллээ. Уг гүүрэн байгууламжийн шинэ гүүр нь 4 эгнээ бүхий 250 урт метр, 20.5 метр өргөн, Д рамп шинэ гүүр нь 276 урт метр, 8.5 метр өргөн бол хуучин гүүр нь 250 метр урт, 9 метр өргөн, 57 метр урттай туннелтэй юм.

Сонсголонгийн гүүрийг шинэчлэн барьснаар эдийн засаг болон нийслэл хотын төлөвлөлтөд чухал ач холбогдолтой юм. Энэ төслийн хүрээнд сонсголонгийн хуучин гүүрний хажууд параллелиар 10.4 метр өргөн 2 эгнээтэй, 289.4 метр гүүр шинээр барьж, хуучин гүүрийг шинэчлэн, нийт 21 метр өргөнтэй 4 эгнээ гүүр бий болох юм.

Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарц барих төслийн ажил зураг төслийн дагуу үргэлжилж байна. Одоогоор үндсэн гүүрийн 96 өрөмдөл шон сууриас 63 суурийн өрөмдлөг бетон цутгалтын ажил хийгдэж, 29 өрөмдмөл шон суурийн арматурын хэлхээсийн бэлдэц бэлдсэн. Хуваарилах хавтан 40 ширхгийг хийхээс 14, баганан тулгуур 42 хийхээс 9 багана, 3 баганын холбоосноос 1-ыг тус тус хийсэн байна.

Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргүүдийн уулзвар, төмөр зам, авто замтай нэг түвшинд огтлолцдог энэ уулзварт гүүрэн гарц барьснаар хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, замын хөдөлгөөний нэвтрэх чадвар сайжрах, тэр хэрээр замын ачаалал буурах чухал ач холбогдолтой юм.

Төслийн хүрээнд баригдах гүүрэн гарц нь нийт 6 хэсгээс бүрдэх ба Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух үндсэн гүүр 470 м урттай, 16.5 м өргөнтэй 4 эгнээ гүүр, Зүүн хойд талд үндсэн гүүрэн дээрээс Нарны зам руу холбогдох “С” рампын 8.5м өргөнтэй 2 эгнээ гүүр нийт 15у/м гүүр, 165 у/м тулц хана, нүхэн гарцын хамт, Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” рампын гүүр нь 8.5м өргөнтэй, 2 эгнээ нийт 160у/м гүүр, 110у/м тулц ханатай, Нарны замын баруун талаас ирэх авто машин үндсэн гүүрэн дээгүүр гарч Их Монгол улсын гудамж руу буух “А” рампын гүүр нь 8.5м өргөнтэй 2 эгнээ нийт 400у/м гүүр, 237 у/м тулц ханатай, мөн төмөр зам дээгүүр явган хүний гүүр болон дунд гол дээгүүр усан паркийн замтай холбогдсон төмөр бетон гүүр барих юм. Төслийн нийт төсөвт өртөг 42.38 сая ам доллар болох бөгөөд гүүрийг 2019 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Мөн Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх авто замыг нийслэл хот өөрийн хөрөнгөөр шинэчлэхээр төлөвлөж байгаагийн зэрэгцээ ус зайлуулах төхөөрөмж хийх ажилд онцгой анхааран ажиллаж байна.

Эдгээр нь Монголд анх удаа найман урсгалтай, дугуйн болон явган хүний замтай давхар гүүрүүд гэдгээрээ онцлог бөгөөд авто зам, гүүрүүдийн хувьд хувьсгал гэж хэлэхээр ажлууд юм.

4.СЕРВИС ЦЕНТР

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн санаачилгаар гэр хорооллыг хөгжүүлэх шинэ бодлого, шинэ төлөвлөлтийн ажлыг эхлүүлж, бүрэн утгаараа хэрэгжиж эхэллээ. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлага, нийслэлийн гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, НИТХ-ын 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрт тусгасан үндэслэлүүдээр “Гэр хорооллын дэд бүтцийн төв” төсөл хэрэгжиж эхлээд байна.

Нийслэл хотын гэр хорооллын чиглэлд авах арга хэмжээг төвийн, дундын, захын гэсэн гурван бүсэд хувааж хөгжүүлэхээр тусгасан. Төвийн бүсийн гэр хорооллыг төвлөрсөн шугам сүлжээнд холбосон өндөр давхар орон сууцны хороолол болгон хөгжүүлнэ. Дундын бүсийн гэр хорооллыг бие даасан болон хэсэгчилсэн инженерийн хангамжаар хангах дэд бүтцийн төв төслөөр хөгжүүлнэ. Захын бүсийн гэр хороолол буюу уулын орой хэсгээр байгаа бүсийг технологийн бүс гэж зарлан айл бүр дээр технологийн шинэ шийдэл нэвтрүүлэх юм. Дундын бүсийн гэр хороолол нь нийт гэр хорооллын 28.8 хувь буюу 2794 га талбайг хамардаг бөгөөд хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх Сервис центр буюу “Дэд бүтцийн төв” төслийг газар дахин зохион байгуулах төсөлтэй уялдуулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Улаанбаатар хотын төвөөс алслагдсан, төвлөрсөн дулаан, бохирын систем очих боломжгүй газруудад иргэдийнхээ санал хүсэлтийг үндэслэн Сервис центр байгуулах шинэ бодлого гарган ажиллаж нийт 11 байршилд судалгаа хийснээс 2018 оны 11 дүгээр сард Сервис центр байгуулж дуусгах хоёр байршил сонгосон. Эдгээр нь Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороон дахь байршил юм. Үлдсэн гурван байршил болох Хан-Уул дүүргийн 9 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд зураг төслийн ажил дуусах шатандаа явж байна.

Уг төслийн ажилтай уялдуулан Улаанбаатар цэвэр агаар төсөлтэй хамтран иргэдийн байшинг дулаалах аян өрнүүлж байна. Байшингийн дулаалгын зардлын 70 хувийг цэвэр агаар сан төсөл, 30 хувийг иргэд гаргахаар шийдвэрлэсэн. Иргэдийн гаргах 30 хувийн зардлыг Хас банктай хамтран жилийн 8 хувийн хүүтэй зээлээр төлөхөөр төсөлд хамрагдах иргэдийг бүртгэж дууссан байна.

5.ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЧЛЭХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Хоногт 160-190 мянганшоо метр ахуйн болон үйлдвэрийн бохир ус хүлээн авч цэвэрлэдэг Төв цэвэрлэх байгууламжийг анх 1964 онд ашиглалтад оруулжээ. Гэвч лаг боловсруулах байгууламжгүй учир хоногт 1000-1200 шоо метр нойтон лагийг ил талбайд хатаадаг. Эндээс 900 мянганшоо метрлаг хуримтлагдан байгаль орчин, агаар, хөрс бохирдуулж, иргэдийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлсөөр ирсэн.

Үе үеийн Төр, засгийн үед ярьсаар ирсэн Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил 54 жилийн дараа буюу энэ онд шийдлээ бүрэн олов. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэрийг дарах ажлыг эхлүүлж, лагийг халдваргүйжүүлэх, үнэр дарах төслийн хүрээнд биологийн задралыг бий болгож, өвчин үүсгэгч нянг устган халдваргүйжүүлэх, үнэр саармагжуулах зориулалт бүхий хэт авиан тоног төхөөрөмжийг суурилуулж тохируулгын ажил хийж эхэлсэн. Уг төхөөрөмж нь ХБНГУ-ын “Ультрасоник” компанийн “Тюбэреактор” загварын сүүлийн үеийн бүтээгдэхүүн юм. Мөн бохир усны цэвэршүүлэлтийн хувийг нэмэгдүүлэх зорилгоор хоёр тунгаагуур, био цөөрөм барих, лагийг хуурайшуулж, хатаах, шатаах технологи бүхий төхөөрөмж суурилуулах ажил эхлүүлсэн билээ.

Хамгийн гол нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн 2018 оны наймдугаар сард Монгол Улсад Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Хятадын талаас Монгол Улсад олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьж байгуулах “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийн нээлтийг хийлээ.

БНХАУ-аас Монгол Улсад олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл” нь 300 сая ам.долларын өртөгтэй юм. Хоногт 250 мянганшоо метр бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадал бүхий дэвшилтэт технологи ашигласан, байгаль орчинд ээлтэй, лагийг бүрэн боловсруулж эрчим хүч үйлдвэрлэн дотоод хэрэгцээгээ хангах зэрэг олон давуу талтай бөгөөд ажил 1.6 орчим жил үргэлжилнэ.

6.ЭМНЭЛГҮҮДИЙН ГАДНА ТАЛБАЙГ ТОХИЖУУЛАВ

Улаанбаатарт байгаа эрүүл мэндийн салбарт хамааралтай гадна талбайн газрыг бизнесийн зорилгоор юм уу, орон сууц барих зорилгоор хувь хүн, компаниудад зарахгүй гэсэн зорилт тавин хэрэгжүүлж байна. Эдгээр талбайг иргэд эмнэлгийн үйлчилгээ авахад зориулсан автомашины зогсоолтой, илүү тохилог орчин болгоно гэсэн зорилт тавьж, Хавдар судлалын төв, Гэмтэл, согог судлалын үндэсний төв эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлгийн гадна талбай, нийт дөрвөн эмнэлгийн гадна талыг тохижуулав. Гэмтлийн эмнэлгийг 3 гарцтай байхаар шийдэж, онгоц буух талбай, 350 машины зогсоолтой болгож заслаа. Эдгээр эмнэлгээр үйлчлүүлэгчдийн 60 орчим хувь нь нийслэлчүүд байдаг.

2018 онд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэл өргөө амаржих газар, Амгалан амаржих газар, Халдварт өвчин судлалын Үндэсний төв, Хан-Уул дүүргийн нэгдүгээр амбулатори, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг зэрэг бүх дүүргийн эмнэлэг, төрөхүүдийн гадна талын талбайг тохижуулж дуусгаад байна. Зөвхөн зогсоол төдийгүй явган хүний зам, сандал суудал, ногоон байгууламжууд зэргийг иж бүрнээр нь тохижууллаа. Ингэснээр эрүүл мэндийн үйлчилгээ авах иргэдийн аятай тухтай байдал бүрдэх юм. Үүнийг эрүүл мэндийн салбарт зориулж байгаа Засаг даргын онцгой бодлого гэж хэлж болно.

7.БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ, ХОТ ТОХИЖИЛТ

Улаанбаатар хотыг дэлхийн жишигт нийцсэн, ногоон хөгжлийн үзэл баримтлалтай хот болгож, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг нийслэл хотын удирдлагын зүгээс дэвшүүлэн ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас 2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан билээ. Уг ажлын хүрээнд Нийслэлийн иргэдийн амьдрах орчныг сайжруулах, байгаль орчинд ээлтэй төслүүдийг хэрэгжүүлэх, хотын ногоон хөгжлийг хангах зорилгоор олон ажил хэрэгжүүлж байна. Үүнээс дурдвал, авто замын түгжрэлийг бууруулах, залуусыг спортод уриалж, амьдралын эрүүл хэв маягийг тогтоох зорилготой “UВike” төсөл хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл амжилттай хэрэгжиж иргэдийн талархлыг хүлээгээд байгаа бөгөөд ирэх жилээс нэмж “UB scooter” төслийг хэрэгжүүлэхээр болов.

Ногоон байгууламж нэмэгдүүлэх, иргэдийнхээ амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, дүүрэг бүрт бичил цэцэрлэг байгуулах “UB garden” төслийг мөн нэрлэж болно. “Жишиг гудамж” бий болгож, Б.Цэрэндоржийн гудамжны тохижилт, Дуурийн театрын өмнөх талбай зэрэг гол талбай, гудамжийг цогцоор нь тохижууллаа. 13-р хороололд Жишиг гудамж байгуулахын тулд 150 авто машины зогсоол байгуулж, 159 шилмүүст мод тарьж, нийтийн тээврийн зогсоолыг шинэчиллээ. Нийслэлийн 9 дүүргийн 16 байршилд орон сууц, гэр хорооллын дунд спорт тоглоомын газар байгууллаа. Гэр хорооллын долоон гудамжийг тохижууллаа. Их тойруугийн гудамжийг жишиг гудамж болголоо.

8.СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ТООГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ

Нийслэлд 2018-2019 оны хичээлийн жилд төрийн өмчийн 222, хувийн 448, нийт 670 цэцэрлэг, төрийн өмчийн 136, хувийн 115, нийт 251 сургууль ажиллаж байна. Улс, нийслэл, дүүрэг, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр 2017 онд нийслэл хотод төрийн өмчийн 10 сургуулийн барилга ашиглалтад орсон. Энэхүү 10 сургуулийн барилга ашиглалтад орж нийслэлийн сургуулийн хүчин чадлыг 7480-аар нэмэгдүүллээ.

Улс, нийслэл, дүүрэг, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр 2017 онд нийслэл хотод төрийн өмчийн 13 цэцэрлэгийн барилга ашиглалтад орсон. Энэхүү 13 цэцэрлэгийн барилга ашиглалтад орж цэцэрлэгийн хүчин чадлыг 1475-аар нэмэгдүүлэв.

Монгол Улсын 2018 оны төсөвт 34 сургууль, 3 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 5 спорт заал, 52 цэцэрлэг, нийт 94 боловсролын байгууллагын барилга байгууламж барих хөрөнгө тусгагдан батлагдсан.

Нийт 34 сургууль баригдаж ашиглалтад орсноор нийслэлийн сургуулийн суудлын тоо 18880-аар нэмэгдэж 3 ээлжтэй сургуулиуд 2 ээлжид бүрэн шилжинэ.

52 цэцэрлэгийн барилга баригдаж баригдаж ашиглалтад цэцэрлэгийн хүчин чадал 9265-аар нэмэгдэж сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 85 хувьд хүрнэ.

Сургууль, цэцэрлэг барих 22 байршлын газрыг бүрэн чөлөөлөв

2018 онд улс, нийслэлийн төсвөөр сургууль цэцэрлэг, бага сургууль цэцэрлэгийн цогцолборын зориулалтаар 39 байршилд нөхөх олговортойгоор газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байгаа юм. 2018 оны 9-р сарын 25-ны байдлаар 22 байршлын газар чөлөөлөлт бүрэн дууссан бол 11 байршлын газар чөлөөлөлт дуусах шатандаа оржээ. Үлдсэн 6 байршилд иргэдтэй зөвшилцөх ажил хийгдэж байна.

9.ГАЗРЫН РЕФОРМ, ШИНЭЧЛЭЛ

Нийслэлийн зүгээс газрын харилцааны шинэтгэлийн хүрээнд цахим биржийн үйл ажиллагааг нэвтрүүлэв. Ингэснээр иргэд цахим биржээр дуудлага худалдаа зохион байгуулж, зах зээлийн үнийн мэдээлэл цуглуулах, уг мэдээллээр иргэд болон хуулийн этгээдийг хангах юм. Мөн нийслэлийн 9 дүүргийн 152 хорооны газартай холбоотой бүх мэдээллийг агуулсан альбом буюу газар ашиглалтын зурагтай болно.

Газрын реформ, шинэчлэлийн ажлын хүрээнд 2018 оны эхний найман сарын байдлаар авч үзэхэд 2003 оноос хойш нийслэл хотод 196868 иргэнд 10529.2 га газар өмчилсөн байна.

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахүүднээс“Явган хүний зам” арга хэмжээ эхлүүлсэн. Аяны хүрээнд нийтийн эзэмшлийн зам, явган хүний гарц хааж барилга барьсан аж ахуйн нэгж байгууллагуудад хугацаатай мэдэгдэл хүргүүлж, шаардлага биелүүлээгүй тохиолдолд албадан чөлөөлөх хүртэл арга хэмжээ авч байгаа юм. Өнөөдрийн байдлаар иргэдээс 40 гаруй байршилд явган хүний зам гаргуулахаар санал ирүүлж, уг саналын дагуу хугацаатай мэдэгдэх хуудсыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хүргүүлээд байна.

Газар эзэмшил, ашиглалтын чиглэлээр Орон сууцны хорооллын барилгуудын дунд болон сургууль, цэцэрлэгийн орчмын газарт барилга барих ажлыг хотын даргын захирамжаар бүрэн цуцалж, газар эзэмших, ашиглах эрх олгохыг зогсоов.Ингэснээр 16.8 га газрыг хүчингүй болгож, сургууль цэцэрлэг, оршин суугчдад буцаан олголоо.

СӨХ-дод нийтдээ 40.8 га газрыг олгож, тоглоомын талбай, тохижилт хийх боломжтой болголоо. Иргэд болон сургууль, цэцэрлэг, эмнэлэгүүдэд эргүүлэн олгосон газрын хэмжээ 57 га талбайд хүрч байгаа нь 50 ширхэг хөл бөмбөгийн талбайтай дүйж байгаа юм.

Газрын тухай хуульд нийцүүлэн газар эзэмших эрхийн хугацааг өөрчлөлт орох хэлбэрээс нь үл хамааран 15 жилээр олгодог болсноор гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдэх, бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийн ажлууд идэвхжих, тогтвортой харилцаа үүсгэх, газар ашиглалтын үйл ажиллагааг сайжруулах болсон тул газар эзэмшигч, ашиглагч, хөрөнгө оруулагчид таатай хүлээн авч байна.

10.ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАЛБАЙГ 3-5 ДАХИН НЭМЭГДҮҮЛНЭ

Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлэх үүднээс нийслэлийн Засаг даргын захирамжаар “Явган зам” аяныг хэрэгжүүлж байна.

Нийслэлд 2018 онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нийслэлийн Газрын албанаас Сэлбэ болон Баянхошуу дэд төвүүд, авто зам, замын байгууламж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хорооны цогцолбор барих нийт 96 байршлын 1841 нэгж талбарын 220 га газарт газар чөлөөлөлтийн ажлыг хийж, дуусах шатандаа ороод байна. Өнөөдрийн байдлаар нийт газар чөлөөлөх ажил 94 хувьтай үргэлжилж байна.

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны хөтөлбөрт явган зам аяныг хэрэгжүүлэхээр тусгаж, аяны хүрээнд зам талбайг чөлөөлөх ажлыг эхлүүлээд байна. Улаанбаатар хотын явган хүний зам талбайг ирэх 2 жилд 3-5 дахин нэмэгдүүлэхээр ажиллах юм. Энэ жил нийт 10 байршлын 15 гудамж замд 9771 м/кв талбайд стандартын шаардлага хангасан зам талбай хийж гүйцэтгэсэн. Мөн нийслэлийн иргэдэд үйлчлэх 4 төвөөр дамжуулан иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан орц гарц чөлөөлөх, явган хүний зам талбайг хааж хийж гүйцэтгэсэн газрыг чөлөөлөх ажлыг хийх юм.

Явган хүний зам талбайг чөлөөлөх ажлын хүрээнд Сүхбаатар дүүрэгт Туушин зочид буудлын явган хүний зам хааж барьсан зам болон, шатыг 10 дугаар сарын 16-ны өдөр буулгаж газрыг чөлөөлсөн. Мөн “Авзага” ХХК-ийн явган хүний зам дээр барьсан хашаа, Чойжин ламын сүм музейн барилга болон хашаа, Өргөө амаржих газар орчмын явган хүний замд тулгаж барьсан хашаанууд, “Өгөөж” ХХК-ийн урд барьсан хашаа зэрэг нийт 5 байршил, Баянзүрх дүүрэгт “Натур” худалдааны төвөөс нарны замруу холбогдох зам дагуу явган хүний замд тулгаж барьсан 6 хашаа, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд явган хүний зам дээр байрлуулсан зөөврийн граж зэрэг байршлыг чөлөөлөөд байна. Цаашид явган хүний зам талбайн чөлөөлөх ажлыг эрчимтэй үргэлжлүүлэх юм.

Мөн ерөнхий боловсролын 29, 33 дугаар сургуулийн хашаа, Богд хааны Ордон музейн хойд тал, “Өгөөж чихэр боов”-ны үйлдвэрийн урд “Унагатай хөшөө”-тэй талбай, Яармагийн V, VI хороонд 80 мянган кв.метр хууль бус газрыг хүчингүй болгосон зэргээр 50 ширхэг хөлбөмбөгийн газартай тэнцэх нийт 576 225 ам.дөрвөлжин метр нийслэлийн газрыг нийслэлийнхээ иргэдэд эргүүлж авчирлаа. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн VIII хороо Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн (ХУИС) зүүн талд байрлах 3000 ам метр газрыг эзэмших гэрээг хотын даргын захирамжаар хүчингүй болгож, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар боллоо.

Нийслэлийн 2018 оны төсөвт тусгагдсан болон улс хоорондын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй 37 байршилд авто зам, гүүрэн байгууламж, явган хүний замын зориулалтаар газар чөлөөлөв. Үүнээс, газар чөлөөлөлт бүрэн дууссан 26, энэ жил хэрэгжихгүй учраас газар чөлөөлөлт хийгдээгүй 9, дуусах шатандаа орсон 2 ажил байна. Дээрх 2 ажлаас нийт 10 нэгж талбарт иргэдтэй зөвшилцөх ажил хийгдэж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан “Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ”-г зохион байгуулж хэрэгжүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд 6 дүүргийн хэмжээнд нийт 257 орц гарц, зам, талбайг чөлөөлөхөөр судалгаа гаргаснаас 187 байршлын газар чөлөөлөлтийн ажил хийгдээд байгаа юм.

11.ШИНЭ ЯАРМАГ

Нийслэлийн шинэ төлөвлөлтийн бүсүүдэд засаг захиргаа, худалдаа үйлчилгээ, соёл боловсрол, орон сууц , олон нийт, нийгмийн дэд бүтцийн үйлчилгээ бүхий ”Их тойруу”, “Яармаг” гэсэн хотын хоёр төв, Баянхошуу, Сэлбэ, Шинэ хот, Сонсголон, Гурвалжин, Амгалан гэсэн хотын зургаан дэд төв байхаар төлөвлөгдөөд байна.

Улаанбаатарыг нэг төвт хотоос олон төвт хот болгож, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд нийслэл хотын захиргааг Яармаг тийш шилжүүлэх ажил эхэлж, барилгын суурийг тавилаа. 2019 онд Хотын захиргаа Яармаг руу нүүж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа 33 агентлаг, нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд шилжин байрлах боломж бүрдэнэ. Ингэснээр 330 төрлийн ажил, үйлчилгээ нийслэлээс авахаар хотын төвд бөөгнөрөл үүсдгэдэг байсан байдал арилах юм. Нэг сая 300 гаруй мянган хүн амтай метрополис хотын захиргаа нийслэлийн баруун өмнө зүгт шилжин байрласнаар наад зах нь 30 мянга гаруй иргэн ажил, алба хөөцөлдөхөөр хотын төв рүү зүглэхээ больж, 3500 ажлын байр Яармагт төвлөрнө.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Майдар дагуул хот, шинэ нисэх буудлыг түшиглэсэн Аэросити зэрэг дагуул хотуудыг хөгжүүлэн хотын төвлөрлийг арилгана.

12.ХӨГЖЛИЙН АЛТАН ГУРВАЛЖИН

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар “Алтан гурвалжин-Хөгжлийн бүс” зөвлөлдөх уулзалт 2018 оны 5 дугаар сарын 21-нд болсон юм. Уулзалтын гол зорилго нь Улаанбаатар хотын төвлөрлийг задалж, хүний нөөц, ажиллах хүчний ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн болон захиргааны арга хэрэгслийг ашиглан Төвийн бүсэд зэрэгцэн орших Төв, Сэлэнгэ, Булган аймаг, Дархан, Эрдэнэт хотын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын хөгжлийн чиг хандлага, суурин газруудыг бүсчлэн хөгжүүлэх “Алтан гурвалжин” загвараар манлайлсан хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд оршиж байгаа билээ. Энэхүү “Хөгжлийн алтан гурвалжин” бодлогыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд санаачилсан бөгөөд Монгол улсад жишиг болсон бүс нутгийн хөгжлийн бодлого хэрэгжүүлэх эн тэргүүний зорилт тавиад байна.

Олон улсын хөгжлийн туршлага, чиг хандлагаар томоохон хот, суурин газруудыг бүсчлэн хөгжүүлэх “Алтан гурвалжин” загвараар Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудыг хөгжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх улмаар хотуудын таталцал, нөлөөллийн бүс дэх Төв, Сэлэнгэ, Булган аймгуудтай хүний нөөц, ажиллах хүчний ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн болон захиргааны арга хэрэгслийг ашиглан аймаг, орон нутгийн зах зээлийн боломж, нөөцийг нэмэгдүүлэн тогтвортой хөгжлийг хангах талаар санал боловсруулж, хамтран хэрэгжүүлэх зорилго дэвшүүлж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн наймдугаар сард дээрх аймгуудтай байгуулсан Санамж бичгийн хэрэгжилт ямар байгаа, хэрхэн ажил хэрэг болж буйг газар дээр нь очиж үзэхээр Төв аймгийн Жаргалант сум, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад ажиллаад ирлээ. Ажлын эхний үр дүн гарч Төв, Сэлэнгэ аймгийнхан нийслэлчүүдийг хэн нэг ченжийн гар дамжуулалгүйгээр ургацын талбайгаас нь шууд нийлүүлсэн төмс, хүнсний ногоо, малчдын гар дээрээс шууд нийлүүлсэн сүү, цагаан идээгээр хангана гэдгээ илэрхийлжээ.

13.ШҮД, ЭРҮҮ НҮҮРНИЙ ТӨВ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО

Улаанбаатар хотын хэмжээнд шүдний төрөлжсөн чиглэлээр тусламж, үйлчилгээ үзүүлдэг Шүд, эрүү нүүрний төв 3 жил орчим түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байсан бол хэдхэн хоногийн өмнө шинэ байртай болж төвхнөлөө. Ингэснээр нийслэлчүүдэд орчин үеийн шаардлага стандартад нийцсэн, эмнэлгийн тоноглол бүхий тав тухтай орчинд эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг болов.

Энэ жилийн хувьд эрүүл мэндийн салбарт 8.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж Чингэлтэй дүүргийн түргэн тусламжийн төв, Багахангайн 40 ортой эмнэлэг, Туул тосгоны эмнэлгийг барьж, Үндэсний оношлогоо эмчилгээний төв, АШУҮИС-ийн дэргэдэх эмчилгээний төвийн барилгыг барьж дуусгахаар ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан эмнэлгүүдийн гадна талбайн тохижилтын ажлыг хийж байгаа нь иргэдийн талархлыг хүлээсэн ажил болоод байгаа юм. Өнгөрсөн хугацаанд ГССҮТ, Хавдар судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Шастины нэрэмжит Улсын III эмнэлэг, Амгалан амаржих газар, Хан-Уул дүүргийн 1 дүгээр амбулатори, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг зэрэг 12 эмнэлгийн гадна талбайн тохижилтыг хийж гүйцэтгэсэн билээ. Тэгвэл 10 дугаар сарын 27-нд Өргөө амаржих газар болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна талбайн тохижилтын ажлыг хүлээн авлаа.

Өргөө амаржих газрын тохижилтын ажлын хүрээнд 150 авто машины зогсоол, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, явган хүний зам хийсэн байна. Өмнө нь 80 орчим машины зогсоолтой байсныг 150 болгон нэмэгдүүлжээ. Тоосжилт ихтэй, зохион байгуулалтгүй, замбараагүй байсныг зураг төслийн хүрээнд шинэчлэн хийсэн болохоор зөв зохион байгуулалттай болсон байна.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна зам талбайн тохижилтын ажлын хүрээнд 16000 ам метр талбайд асфалтан хучилт, нисдэг тэрэгний буух талбай, 150 гаруй авто машины зогсоол, явган хүний зам, 2500 ам метр талбайд ногоон байгууламж, 70 ширхэг гэрэлтүүлэг, хоёр байрлалд хүүхдийн тоглоомын талбай зэргийг цогцоор нь шийдэж өгсөн байна.

“ЖиСиАй капитал” байгууллагын дэмжлэгтэйгээр “Дүнжингарав” цус цуглуулах шинэ төвийг байгууллаа.

Дүүргүүдийн эмнэлэгт мухар олгой зэрэг зарим төрлийн мэс засал хийдэг болж, төвлөрсөн эмнэлгүүдийн ачаалыг зохих хэмжээгээр бууруулаад байна.

14.ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭЧЛЭЛ

Нийслэлээс үзүүлж байгаа 55 үйлчилгээг цахимжуулах гэж байна. Нийслэлийн хороодод төрийн үйлчилгээг хүргэх ажлыг энэ онд эхлүүлж байгаа юм. Улаанбаатар хотод нэг цэгийн үйлчилгээний супермаркет 4 бий. Одоо иргэдийн хамгийн их авдаг 7 төрлийн үйлчилгээг хороодод хүргэж байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Ардчиллын боловсрол төв хамтран нийслэлийн нутгийн захиргааны байгууллага албан тушаалтанд хандсан иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх, байгууллагуудын үйл ажиллагааг иргэдээр үнэлүүлэх “CHECK MY SERVICE” гар утасны аппликэйшныг иргэдийн хэрэглээнд нэвтрүүллээ.

Мөн нийслэлийн Мэдээллийн технологийн газраас нийслэлээс үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, стандартыг сайжруулах, иргэдэд ямар нэгэн саад, бэрхшээлгүй хүргэх зорилгоор тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn системийг шинэчлэн хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлээд байгаа юм.

Мөн “Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 47 үйлчилгээнд цахим шилжилт хийлээ. Иргэддээ төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн хурдан шуурхай, орон зай, цаг хугацаанаас үл хамаарсан үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлсэн “Eservice.ulaanbaatar.mn” порталаар төрийн үйлчилгээний талаархи мэдээ, мэдээлэл авах, онлайнаар үйлчилгээний хүсэлт захиалах, төлбөр төлөх, үйлчилгээний процесст хяналт тавих, үнэлгээ өгөх зэрэг төрөөс үзүүлж байгаа олон төрлийн үйлчилгээг авах бололцоотой юм.

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв, нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Улаанбаатар Хотын Банк, Метатек компани хамтран “ГЭРЭГЭ” цахим төлбөрийн машиныг анх удаа хэрэглээнд нэвтрүүлж, нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт нээлтээ хийлээ. Эхний ээлжид Тээврийн Хэрэгслийн татвар болон, Торгуулийг төлөх боломжтой болж байгаа юм. Цаашдаа 30 гаруй төрийн үйлчилгээг үзүүлэхээр зорин ажиллаж байна.

15.НЭГ ХОТ-НЭГ СТАНДАРТ

Нийслэл хотод амьдарна гэдэг бол иргэд нь нийслэлийн стандартад нийцсэн үйлчилгээ авна гэсэн үг юм. Улаанбаатарыг удирдана гэдэг нь хотоо дэлхийн хотуудын стандартад хүргэнэ гэсэн үг. Хотын даргын хийх ажил бол энэ. Бага тойруугаас Багахангай, төв талбайгаас захын хороолол хүртэл нийслэл хотын 4700 ам дөрвөлжин км нутаг дэвсгэрт нэг л стандарт үйлчлэх ёстой. Үүнийг Нэг хот, нэг стандарт гэж байгаа юм.

Үүнийг нийслэлийн 1.4 сая иргэн бүрт нэг стандарт хэмээн томъёолон ойлгож болно. Үүний зэрэгцээ Олон удаагийн парламент дамжин хүлээгдэж байсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна.

Өдгөө 1.4 сая хүн амьдарч ажиллаж, ДНБ-ий 60 гаруй хувийг үйлдвэрлэж буй хотын хувьд уг хуулийн өөрчлөлт зайлшгүй шаардлагатай байгаа юм. Сүүлийн удаа 1994 онд уг хуулийг шинэчилсэн. Гэвч тухайн үед Улаанбаатарын суурин хүн амын тоо 589 мянга байсан бол өдгөө 1.4 сая болж, 30 мянган хүн амтай хороо ч ажиллаж байна. Автомашин 20337 бүртгэлтэй байсан бол өнөөдрийн байдлаар 400 гаруй мянга болсон гэх зэргээр нийслэл хотод эрх зүйн шинэ зохицуулалт зайлшгүй шаардлагатай болоод байгаа юм.

16.АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хот болон хот орчмоор ая тухтай аялах нөхцөл, боломжийг бүрдүүлэх зорилгоор “Сити-тур” төсөл хэрэгжиж “Сити тур” автобус явж байна.

Бүргэдийн баяр нь эдүгээ Монгол Улсын аялал жуулчлалын эвентүүдийн хамгийн сонирхолтой баярын нэг болоод байна. Энэхүү баярыг нийслэл хотод зохион байгуулдаг болсон нь гадаадын жуулчдын анхаарлыг ч татдаг боллоо.

Олон Улсын-Улаанбаатар марафон” гүйлтийн тэмцээнийг жил бүр зохион байгуулж байна. Үүнд оролцдог гадаадын иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа юм.

Монгол хоолны дахин давтагдашгүй соёлыг дотоод гадаадын иргэдэд түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор“UB Food Festival”-ийг зохион байгуулдаг боллоо. Тус арга хэмжээний үеэр энэ жил анх удаа Нийслэлийн нэрийн “Улаанбаатар шөл” болон “Улаанбаатар хуурга” шалгаруулах тэмцээн зохион байгуулсан юм.

“UB Food Festival”-д оролцогч байгууллагууд төрөл бүрийн хоол зууш, амттан бэлтгэн хүрэлцэн ирсэн зочид, үзэгчид дунд “Хэн хамгийн олон хотдог, бургер идэх вэ?”, “Аавтайгаа хамт”, Зайрмагны баяр, Айрагны баяр зэрэг уралдаан, хөгжөөнт тоглоом, урлаг соёлын хөтөлбөрүүд, хоол урлалын сонирхолтой үзүүлбэрүүд зохиогдог нь жуулчдын сонирхлыг татсан үйл явдлын тоонд орж байна.

Залууст өв соёлоо сурталчлах, гадаадын жуулчдыг татах зорилгоор Соёл, шашны томоохон зан үйл болох Даншиг наадмыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдтэй хамтран Хүй долоон худагт жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд тэмдэглэж байна.

17.“ГЭР ХОРООЛЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ САН”-ГААС 100 ОРЧИМ ИРГЭН БАЙРТАЙ БОЛЛОО

Хот иргэдээ орон сууцтай болгохыг дэмжиж сан байгуулав. Сан байгуулагдсанаар Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг санхүүжүүлж, гэр хорооллын бүсийн иргэдээ орон сууцжуулах замаар барилгын салбараа бодитоор дэмжих үр дүнтэй ажил болж чадаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар тус сангийн дэмжлэгтэйгээр 100 орчим иргэн орон сууцанд ороод байна.

18.ЗАЛУУСТ ЗОРИУЛСАН ИННОВАЦИЙН ТӨВТЭЙ БОЛОВ

Нийслэлчүүд гарааны бизнесүүдийг бойжуулах, шинэ санаа, инновацийг дэмжих болон үйл ажиллагаагаа нэгэнт эхлүүлсэн гарааны бизнесүүдийн цаашдын хөгжилд туслалцаа үзүүлэх зорилт бүхий Инновацийн төвтэй боллоо. Тус төв нь Монгол Улсын анхны Инновацийн төв бөгөөд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн санаачлагаар байгуулж, 2018 оны 6 дугаар сарын 6-нд нээлтийг нь хийсэн юм.

Өмнө нь түрээсийн аж ахуйн нэгжүүд байрладаг байсан Нийслэлийн Засаг захиргааны тавдугаар байранд Инновацийн төвөө байгуулж, мөн Бизнес, инкубатор төвүүдийг дүүргүүдэд ажиллуулж эхлэв.

Инновацийн төв нь Улаанбаатар хотод шинэ санаа, инновацид суурилсан гарааны бизнесүүдийг хөгжүүлэн бойжуулах, залуусыг ажлын таатай орчноор дэмжих, инновацийн оролцогч талуудын хамтын ажиллагааг бүрдүүлж, инновацийн тогтолцоог бий болгох зорилготой юм.

Уг төвийн нэгдүгээр давхарт гарааны бизнесүүдийг бойжуулах, үйл ажиллагааг нь хурдасгах зориулалттай оффисууд, амралтын хэсэг, хурал, сургалтын өрөөнүүдтэй. Харин хоёрдугаар давхартаа оффис шаардлагатай хувь хүн, оюутнууд болон бизнес эрхлэгчдэд зориулсан танхимтай юм.

Мэдлэгт тулгуурласан инновацийн технологи бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ нь тогтвортой хөгжлийн хүчин зүйл болж байгаа өнөө үед ийм төвтэй болж буй нь шинэ залуу энтрепренерүүд, гарааны start up бизнес эрхлэгчдийг дэмжихэд чухал ач холбогдолтой.

19.НИЙСЛЭЛИЙН АЖЛЫГ НИТХ “ХАНГАЛТТАЙ” ХЭМЭЭН ҮНЭЛЛЭЭ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 19 дүгээр хуралдаанаар нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2018 оны хэрэгжилтийн явц болон 2019 оны Улаанбаатар хотын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэж Нийслэлийн удирдлагын багт “Хангалттай” гэсэн дүн тавьж, ирэх оны үндсэн чиглэлийг баталлаа.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ХХ хуралдаанаар нийслэлийн 2019 оны төсвийг хуулийн хугацаанд нь баталлаа. Хуралдаанаар ирэх онд нийслэлийн орон нутгийн төсвийн суурь орлогыг 725.9 тэрбум төгрөг, суурь зарлагыг 273.0 тэрбум төгрөг байхаар тусгаж, улсын төсөвт 289.1 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр баталсан байна.

Мөн хуралдаанаар “Нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”, “Нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт, Концессийн зүйлийн жагсаалт”-ыг баталсан юм.

20.НИЙСЛЭЛ ХОТ ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮСТЭЙ БОЛОВ

Нийслэл хотын захын хороод, зуслангийн бүсээр нутагладаг мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил өнгөрсөн 2017 оны намраас эхэлсэн. Нэг жилийн нүүр үзэж буй энэ ажлын үр дүн өнөөдөр 97 хувьтай байна.

“Улаанбаатар хотод мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх” ажлыг эрчимтэй хэрэгжүүлсэний үр дүнд нийслэл хотын мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд 2018 онд 619 өрхийн 16 мянган толгой мал байсныг өнөөдрийн байдлаар бараг 100 хувь нүүлгэн шилжүүлээд байна.

Нүүлгэн шилжүүлэлт хийхээс өмнө Сүхбаатар дүүрэгт 189 өрхийн 3000 гаруй, Чингэлтэй дүүрэгт 50 өрхийн 1160, Хан-Уул дүүрэгт 76 өрхийн 2400 гаруй, Сонгинохайрхан дүүрэгт 221 өрхийн 6000 гаруй, Баянзүрх дүүрэгт 83 өрхийн 3500 гаруй толгой мал тоологджээ.

Нийслэлийн төвийн дүүргүүдэд мал бүхий иргэд суурьшсанаар малын гоц халдварт өвчин удаа дараа илэрч, хорио цээрийн дэглэм тогтоож, үүний уршгаар олон мянган хүний ажил, амьдрал хохирч байсан. Хотын өнгө үзэмж, ариун цэвэр, аюулгүй байдалд ч сөрөг нөлөө үзүүлж байв. Бэлчээрлэх талбайгүй мал ч хашаанд хоригдож, хог идэж, мах, сүүнд нь өөрчлөлт орж, хоол гэхээсээ хор болж байсныг мал эмнэлэг, ариун цэврийн мэргэжилтнүүд хэлдэг. Тиймээс хотын төвийн дүүргээс мал бүхий иргэдийн нүүлгэн шилжүүлэх ажлыг нээлттэй санал асуулгаар нийслэлчүүдийн 90 хувь дэмжсэн билээ.

Тэгэхдээ мал бүхий иргэдийг хохироосонгүй. Тэд харин ч соргог шинэ нутагтай болсон. Шинэ суурьшилын бүс тогтоож, дэд бүтэц, цахилгаан эрчим хүч, худаг усаар хангаж, хашаа саравчийг нүүлгэх тал дээр нийслэл хотын зүгээс дэмжлэг үзүүлсэн юм.

21.СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛГҮҮДИЙГ АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧЭЭР ХАНГАВ

“Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө”-г Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 17/10 дугаар тогтоолоор батлуулсан. Төлөвлөгөөний1-р үе шат нь 5 зорилт, 29 үйл ажиллагааны үндсэн чиглэл бүхий 80 үйл ажиллагааг 2018-2019 онд, 2-р үе шат нь 5 зорилт, 29 үйл ажиллагааны үндсэн чиглэл бүхий 72 үйл ажиллагааг 2020-2025 онд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн шугамаар дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, амаржих газрын хүүхдийн үзлэгийн кабинет, хэвтүүлэн эмчлэх тасагт 200 ширхэг агаар цэвэршүүлэгчийг байрлуулав.

Гэр хорооллын агаарын бохирдол ихтэй бүсэд байрлах ерөнхий боловсролын 35 сургуульд тухайн орчны агаарын чанарын мэдээ, мэдээллийг танилцуулах LCD дэлгэц микро компьютер суурилуулсан. Ингэснээр багш сурагч, эцэг эхчүүд агаарын чанарын мэдээг цаг тухайд нь авах, агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх, өөрийгөө хэрхэн хамгаалах талаар мэдлэг, мэдээлэлтэй болж байгаа юм.

Үүний зэрэгцээ, Засгийн газраас нийслэлийн агаар бохирдол ихтэй гэр хорооллын бүсэд байрладаг сургууль, цэцэрлэгийн анги танхим болон эмнэлгүүдийн хүүхдийн тасгийг агаар цэвэршүүлэгч төхөөрөмжөөр хангах ажлын хүрээнд 230 ширхэг агаар цэвэршүүлэгчийг нэмж өгөөд байна. Мөн тус хөтөлбөрийн дагуу цаашид 365 ширхэг агаар цэвэршүүлэгчийг нэмж өгөхөөр төлөвлөжээ.

Улс, нийслэлийн төсвөөр cургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүүхдийн тасгийн дотоод орчныг сайжруулах ажлын хүрээнд 158 сургууль, 253 цэцэрлэг, 30 эрүүл мэндийн төв, 142 өрхийн эмнэлгүүдийг нийт 7206 Хепа шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгчээр хангав.

22.ЗҮҮН ХОЙД АЗИЙН ХОТЫН ДАРГА НАРЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ ТОГТМОЛЖИВ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн санаачилгаар зохион байгуулдаг Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумын үйл ажиллагаа тогтмолжиж байна.

2018 онд гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа эн эфорумд Зүүн хойд Азийн бүс нутгаас Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Япон зэрэг зургаан орны 18 хотын дарга, шийдвэр гаргагчид, олон улсы нбайгууллагын 300 гаруй төлөөлөгч дэлхий нийтийн өмнө тулгарч буй уур амьсгалын өөрчлөлт, түүний үндсэн шалтгаан болсон хүлэмжийн хийн ялгарлыг хотуудын төвшинд бууруулах арга замыг хэлэлцэж, туршлагаа хуваалцахаар хуран цугларсан юм. Тус форумаар “Нүүрстөрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь” сэдвийг хөндөн чуулсан.

Зүүн хойд Азийн хотуудын дарга нар форумыг санаачлагч хот болох Улаанбаатарт чуулж байгааг тохиолдуулан уг үйл ажиллагааг байнгын ажиллагаатай институц болгохыг дэмжлээ. Мөн хэлэлцэх сэдвийн хүрээг тэлэх, дараа дараагийн форумыг зохион байгуулах хүсэлтэй хотууд саналаа өгч, тэдгээрийн дунд өрсөлдөөн зарлан нууц санал хураалтаар чуулган явуулах эрх олгох механизм бүрдүүлэхээр болов.

Энэ дагуу 2020 онд болох Зүүн хойд Азийн хотын дарга нарын дөрөвдүгээр форумыг хийх эрхийн төлөө БНСУ-ын нийслэл Сөүл хот, БНХАУ-ын Чанчун хотын төлөөлөл нууц санал хураалтаар өрсөлдөн Сөүл хот дараагийн чуулганыг хийх эрх авсан юм.

23.УЛААНБААТАР ХОТЫГ 2040 ОН ХҮРТЭЛ ХӨГЖҮҮЛЭХ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Улаанбаатар хотын анхны шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөлтийг 1954 онд ЗХУ-ын мэргэжилтнүүд хийж гүйцэтгэж байсан. Үүнээс хойш 1961, 1976, 1986, 2002 онуудад Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан нь нийслэл хотын хөгжлийн үндэс, суурь болж өгсөн юм.

Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шинжин орсноос хойш 5 дахь хөгжлийн ерөнхий төлөвлөгөө буюу Улаанбаатар хотыг 2000-2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Монгол Улсын архитектор, инженерүүд боловсруулсан. Дээрх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжих хугацаа албан ёсоор дуусаж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлыг эхлүүлээд байна.

Өмнө нь ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа ажлын хэсэг байгуулагдан ярилцаж хийдэг байсан бол 2040 оны төлөвлөгөөг хийхдээ иргэдийнхээ санаа бодол дээр тулгуурлах юм. Дэлхийн ихэнх хотын удирдлагууд иргэд нь ямар хотыг хүсч байна, хаана суурьшихыг дэмжих үндсэн дээр концепцыг иргэдийнхээ саналыг үндэслэн боловсруулдаг. Тиймээс “2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдаан”-ыг Нийслэлээс зарлаж, иргэдийн ирүүлсэн “Шилдэг санаа”-нд үндэслэн нийслэл хотын цаашдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах юм.

24.“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ”-ИЙГ БАЙГУУЛЛАА

“НЭГ ӨРХ-НЭГ АЖЛЫН БАЙР” хөтөлбөрийн хүрээнд иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээг нэг дороос үзүүлэх “ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ”-ийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв Дүнжингаравт байгуулсан. Тус төв нь ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагуудаас ажлын байрны захиалга авах, ажил хайгч иргэнийг бүртгэх, ажилд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээллээр хангах, сургалт, арга хэмжээ, төсөл хөтөлбөрт хамруулах, дохионы хэлмэрч зэрэг үйлчилгээг нэг дороос үзүүлж, залуучууд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, албан бус эдийн засгийн салбарт хөдөлмөр эрхлэгчдийг дэмжин ажиллахаас гадна холбогдох стандарт, шаардлагад нийцсэн үйлчилгээний таатай орчныг бүрдүүлснээрээ онцлог юм.

Мөн энэ онд “Хөдөлмөр эрхлэлтийн форум-2018” арга хэмжээг шинэлэг хэлбэрээр зохион байгууллаа. Тус форумд “Хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага”, “Ажлын хандлага нь үр чадвар, туршлагаас илүү”, “Хөдөлмөр зуучлалын үйлчилгээний инноваци”, “Мэргэжил сонголт хөдөлмөрийн бүтээмжийн уялдаа”, “Ажиллах хүчний хомсдол уу, менежментийн хомсдол уу” сэдэвт илтгэл тавигдаж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг нийгмийн олон талт оролцоонд тулгуурлан шийдвэрлэх боломж, гарц, шийдлүүдийг тодорхойлох, хөдөлмөрийн зах зээлийн идэвхитэй бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, техник технологийн болоод менежментийн өөрчлөлт шинэчлэл хийх шаардлага түүнийг хэрэгжүүлэх арга замын талаар хэлэлцэж гарсан санал зөвлөмжийг холбогдох газруудад хүргэсэн юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Дунгаамаа” Д.Баасанжав гавьяат боллоо

Эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр төрийн дээд цол, одон медаль гардуулсан. Ардынн хувьсгалтай нас чацуу Ардын уран зохиолч Б.Бааст гуай хөдөлмөрийн баатар болсон бол СУИС-ийн дуулаачийн тэнхимийн багш, соёлын тэргүүний ажилтан Дуламын Баасанжав Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ.

Тэртээ наян зургаан онд “Жонон хонгор”-ын Дашням гуайд хөтлөгдөн “Хан Хэнтий” босгоор алхан орж байсан дуучин Д.Баасанжавын амьдрал, хөдөлмөрийн намтар түүх даруухан хэрнээ үр бүтээл өндөр. Соёл урлагийн их сургуульд дуучны мэргэжил эзэмшиж хөгжмийн их зохиолч Д.Лувсаншаравын урилгаар Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад(тухайн үеийн нэрээр) уригдан ажиллаж байсан гэдэг. Өдгөө нийслэлийн “Улаабаатар” чуулгад ажиллаж байгаа хэдий боловч энэ хугацаанд “Харцны хайлган Дунгаамаа”, “Гурван зүртийн уянга”, “Асгат нүдэнгийн бага нас” болон хамгийн сүүлд “Дунгаамаа” гээд бие арав орчим бие даасан уран бүтээлийн тоглолт хийсэн уран бүтээлийн баялаг намтартай дуучин билээ. “Дуулсан дуугаараа ард түмний дунд нэрлэгдэн хүндлэгдэнэ гэдэг нь тр бүр уран бүтээлч хүнд, дуучин хүнд олдоод байдаггүй завшаан. Энэ аз завшаан гэх үгийн цаана дуучны дундаршгүй их авьяас, нөр их хөдөлмөр, уран бүтээлч жаргал, зовлон, эцэс төгсгөлгүй эрэл хайгуул байдаг гэдгийг энд дурдахаас өөр аргагүй мэт. Дуучин Д.Баасанжав энэ бүх замыг туулан байж энэ өндөрлөгт хүрч чадсан байх юм. Үүнийг түүний “Дунгаамаа-дуун хорвоо” уран бүтээлийн концерт нотолно. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн хөгжим, соёлын гавьяат зүтгэлтэн нэрт зохиолч Дүгэржавын Маамын шүлгээр бий болсон энэхүү дууг дуучин Д.Баасанжав хоолойн өвөрмөц өнгө аясаараа, дуулах өөрийн гэсэн донж маягаараа дуулсан нь ард түмний сэтгэлд хүрч “Дунгаамаа-Баасанжав” хэмээн алдаршжээ. Энэхүү дуу нь хэдийгээр зохиогчтой дуу боловч түүнийг ардын дууны хэмжээнд хүргэн амилуулж ард түмэнд хүргэсэн нь дуучин Д.Баасанжавын гавьяа юм” гэж хөгжим судлаач доктор С.Энхбулаг үнэлсэн байдаг.

Монгол Улсын гавьяат жүжигчин Дуламын Баасанжав нь “Аргагүй амраг”, “Сүнжидмаа”, “Хөх торгон дээл”, “Янлинхуар”, “Цонхон дээр суусан ялаа” гээд монгол ардын богино дууны оргил болсон дээжсээс авахуулаад ардын дуу мэт эвлэгхэн дуулсан зохиогчтой дуунууд гээд тоолж баршгүй олон дууг урын сандаа багтаан амжжээ. Энэ нь хэдийгээр түүний урын сангийн цар хүрээг хэмжих гэсэн оролдлого боловч нөгөө талдаа ардын дууны тэр их сан хөмрөгийг хойч үедээ өвлүүлэн үлдээх гэсэн санаа гэдгийг уран бүтээлч хэн боловч ойлгох буй за. Шинэхэн гавьяатдаа бүтээл туурвилын их амжилтыг хүсье.

Н.Гантулга

Categories
мэдээ нийгэм

Зам, тээврийн салбарын шагнал гардуулах ажиллагаа боллоо

Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан тохиолдуулан Зам, тээврийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан дараах хүмүүсийг Монгол Улсын төрийн одон, медалиар шагнасугай.
ЗАРЛИГ БУУЛГАСАН:
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА
Нэг: Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
Лувсансамбуу Бямбасүрэн ИНЕГ-ын дарга
Хоёр: Алтан гадас одонгоор
1. Жамьянгарав Нарантунгалаг Яамны Авто үйлчилгээ, төсөл, хөтөлбөр, сургалт хариуцсан мэргэжилтэн
2. Сандагсүрэн Байгалмаа Зам, тээврийн хөгжлийн яамны ахмад настан
3. Намсрай Бямбадорж “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх зорчигч тээврийн төвийн дарга
4. Дашзэвэгийн Баярбаясгалан Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын ашиглалтын өмнөх захиргааны албаны Хөрөнгийн нягтлан бодогч
Гурав: Хөдөлмөрийн хүндэт медаль
1. Хадбаатар Баярмаа ИНЕГ-ын Газрын тусгай үйлчилгээний албаны ахлах нягтлан бодогч
2. Гомбожав Сарантуяа “МИАТ” ХК-ийн ахмад настан
3. Дорлиг Цэцэгбаяр ИНЕГ-ын Сэргээн засах амралтын маркетингийн мэргэжилтэн
4. Халтар Сүнжидмаа ИНЕГ-ын Сэргээн засах амралтын тогооч, ээлжийн ахлах тогооч
Бусад салбарын шагналаар
Нэг: Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 287 дугаар тушаалаар Зам, тээврийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүсийг шагнасан байна.
“Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр
1. В.Бадарч Иргэний нисэхийн ерөнхий газрын ахмад настан
2. Д.Лхагважав Иргэний нисэхийн ерөнхий газрын Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн
3. Д.Сувдаа Иргэний нисэхийн ерөнхий газрын Дотоод аудитын албаны хяналт-шинжилгээ, үнэлгээний ахлах мэргэжилтэн
4. М.Тамара “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын аюулгүй байдлын үзлэгийн шалгагч
5. Ч.Ганболд Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэх буудлуудын удирдах газрын аюулгүй байдлын тоног төхөөрөмжийн техникч
6. Ц.Эрдэнэчимэг “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын санхүү,
нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн дарга
“Хүндэт төмөр замчин” хүндэт тэмдгээр
1. С.Бадамханд УБТЗ-ын Зорчигчийн вагон депо, ахлах диспетчир
2. Ч.Нямаахүү УБТЗ-ын Зорчигчийн вагон депод вагоны үйлчлэгч
“Онц тээвэрчин” хүндэт тэмдгээр
1. Н.Баасандорж “Улаанбаатар такси транспорт сервис” ХХК-ийн таксины жолооч
“Автотээврийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр
1. Р.Мөнхбаяр “Виктори Көүл Транс Корпорейшн” ХХК-ийн захирал
2. П.Чимэдцэрмаа “АТҮТ” ТӨҮГ-ын тээвэр зохицуулагч
Яамны “Хүндэт жуух” бичгээр
1. С.Бадраа ИНЕГ-ын Нисэхийн сургалтын төвийн цамхагийн дадлагажуурын багшлагч-мэргэжилтэн
2. Н.Энхтуяа ИНЕГ-ын Хууль, эрх зүй, дүрмийн боловсруулалтын газрын ахлах мэргэжилтэн
3. Г.Цэдэнбалжир ИНЕГ-ын Нислэгийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн ахлах байцаагч
4. А.Амарболд ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Үнэмлэх гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн нисэхийн аюулгүй ажиллагааны байцаагч
5.Ц.Батмөнх ИНЕГ-ын Холбоо, навигаци, ажиглалтын албаны технологич инженер
6. Ш.Чадраабал “АТҮТ” ТӨҮГ-ын тээвринй хяналтын улсын байцаагч
7. Г.Мэндбаяр “АТҮТ” ТӨҮГ-ын хөдөлгөөн зохицуулалтын мэргэжилтэн
Хоёр: Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/232 дугаар тушаалаар “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр
С.Мяндасмаа Яамны Төрийн захиргааны удирдлагын газрын хуулийн ахлах мэргэжилтэн
Гурав: Сангийн сайдын 2018 оны ….. дугаар тушаалаар
“Санхүү банкны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр
Д.Цэцэгмааг “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын хөрөнгө оруулалтын хөтөлбөр төсөл”-ийн нягтлан бодогч
“Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр
Ц.Пүрэвсүрэнг “Олон улсын Шинэ нисэх буудал барих төсөл”-ийн нягтлан бодогч
Сангийн яамны “Хүндэт жуух” бичгээр
Дөрөв: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2018 оны А/75 дугаар тушаалаар “Мэдээлэл, харилцаа холбооны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр
Д.Бодьсайхан Яамны бодлого төлөвлөлийн газрын мэргэжилтэн
Тав: Архивын ерөнхий газрын даргын 2018 оны А/96 дугаар тушаалаар Архивын ерөнхий газрын “Хүндэт өргөмжлөл”-өөр
Д.Дэлгэрмаа Яамны Архивын эрхлэгч
нар тус тус шагнагдлаа.

Categories
мэдээ нийгэм

“Сэлэм” хочит С.Бямбацогтод холбогдох хэргийг прокурорт буцаажээ

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Castle” баарны үүдэнд хэсэг залуус танхайрч, нэг нь сэлэм эргүүлж, бусдын амь нас эрүүл мэндэд халдахыг завдсан хэрэг гарсан. Эл хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж, С.Бямбацогтод Эрүүгийн хуулийн 20.7.1, 20.16.2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, прокурорт шилжүүлсэн юм. Улмаар Прокуророос С.Бямбацогтод холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан. Харин хоёр хоногийн өмнө С.Бямбацогтод холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болсон байна. Урьдчилсан хэлэлцүүлгээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаажээ.

Categories
мэдээ нийгэм

Ардын жүжигчин Г.Хайдав таалал төгсжээ

Ардын жүжигчин, Монгол Улсын Хөдөлмөрийн БААТАР, гавьяат жүжигчин, нэрт дуурийн дуучин Гонгорын Хайдав Дуу хуурын өлгий нутаг Дундговийнхоо хөх тэнгэрт оджээ.

Тэрээр 1925 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт төрж өссөн бөгөөд Монголын анхны дуурийн дуучдын нэг юм. 1933 онд Их хүрээнд буюу нийслэл хотод бяцхан хүү хөдөөнөөс ирж эрийн цээнд хүрэх үедээ хэвлэлийн үйлдвэрт үсэг өрөгчөөр анх ажиллаж байгаад сайн дурын уран сайханч болж 1947 онд анх зохиогдсон дуучдын уралдаанд оролцож түрүүлснээр дуучин болох зам нь нээгджээ. Орчин цагийн анхны театр Бөмбөгөр ногоонд жүжигчнээр орохын тулд дөрвөн ч удаа шалгалт өгж байж Ардын зураач Л.Гаваагийн туслах зураач болжээ. Монголын шинэ үеийн дууны урлагийн “Загалмайлсан эцэг” хэмээгддэг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, профессор Г.Хайдав өнөөгийн “Соёл урлагийн их сургуулийг байгуулах ажил”-ыг санаачилж 1963 онд Дуурийн театрын дэргэд байгуулж байжээ. Түүний анхны шавь МУАЖ Д.Жаргалсайхан. Анх 16 настай ирж шавь орж байсан бол хожим олон тооны шавьтай болсны заримаас нь дурьдвал: МУГЖ Далантай, Х.Үнэнхүү, С.Жавхлан нар ажээ. Түүний хүү Х.Төмөрбаатар Монголын эстрадын суурийг тавьсан анхдагч нарын нэг билээ. хүн чинь миний хүү шүү дээ. Л.Хайдавын урын сан 700 гаруй дуутай ажээ. Наймхан настай, хөдсөн дээлтэй хүү Ленин клубт орос дуу дуулж олныг гайхашруулж байсан тэр цагаас наян гаруй насалсан алтан тайзан дээрээ уянгат хоолойгоо цалгиан, дуугаа дуулж эгэл олноо баярлуулсаар л явсан ч ийнхүү өнөөдөр бурхны оронд заларчээ.

Ум сайн амгалан болтугай

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн төвүүдэд резидэнт эмч нэмэлтээр ажиллаж эхэллээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, АШУҮИС-ийн хооронд байгуулсан санамж бичгийн дагуу тус сургуулийн захирлын тушаал гарч хүүхдийн нарийн мэргэжлийн резидент эмч нар, төгсөх дамжааны оюутнууд нийслэлийн дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллахаар боллоо. Нийслэлийн 142 өрхийн эрүүл мэндийн төвд АШУҮИС-ийн зургадугаар дамжааны 392 оюутан 2018 оны арванхоёрдугаар сарын 24-нөөс 2019 оны гуравдугаар сарын 01-нийг хүртэл, төвийн зургаан дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэгт хүүхдийн анагаахын тэнхимийн 22 резидент эмч 2018 оны арванхоёрдугаар сарын 26-наас 2019 оны гуравдугаар сарын 01-нийг хүртэл тус, тус ажиллах юм. Томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдэж, эмнэлгийн байгууллагын эмч сувилагч нар өдгөө ачаалалтай ажиллаж байгаа билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардын уран зохиолч Б.Бааст Хөдөлмөрийн баатар цол хүртлээ

Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрхэлсэн салбартаа үр бүтээлтэй ажилласан эрхмүүдэд төрийн дээд, одон медаль гардууллаа.

Ерөнхийлөгчийн зарлигаар: Хөдөлмөрийн баатар цолоор Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Ардын Уран зохиолч Б.Баастыг, Ардын жүжигчин цолоор МУГЖ, Уртын дууч Д.Түвшинжаргалыг, Гавьяат багш цолоор Монголын хүүхдийн ордны дуу хөгжмийн багш С.Ганчимэгийг, Гавьяат жүжигчин цолоор СТА, Маск продакшны жүжигчин М.Баярмагнай, Гавьяат тамирчин цолоор Ази тивийн гурван удаагийн аварга, Дэлхийн дөрвөн удаагийн хошой аварга, Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо, Champ фитнесс клубийн тамирчин Г.Угалзцэцэгийг тус тус шагналаа.

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын усчин аврагч Ж.Баяртогтохын эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан гавьяаг нь үнэлж Монгол Улсын ардын гавьяат цолоор шагнав.

Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын дунд сургуулийн сурагч Н.Айшолпанд Алтангадас одон хүртээлээ. “Бүргэдчин охин” хэмээн алдаршсан тэрээр өнгөрсөн онд хүйсээр ялгаварлах үзэл, ойлголтыг өөрчилсөн хэмээн “Asia Game Changer Awards”-аас шагнал хүртсэн юм.

Categories
мэдээ улс-төр

С.Амарсайханыг хотын даргад дэвшүүлэхээр болжээ

НИТХ-ын Тэргүүлчид Тусгаар тогтнолын ордонд хуралдаж, хотын даргад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцлээ. Тэргүүлэгчдийн хуралдаанаар хотын даргад Баянзүрх дүүргийн засаг дарга асан Б.Мөнхбаатар, НИТХ-ын дарга С.Амарсайхан нар нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн байна. Тэргүүлэгчдийн зүгээс нэг нэр дэвшигчийн нэрийг МАН-ын Удирдах зөвлөл рүү оруулахаар тогтож, С.Амарсайхан, Б.Мөнхбаатар нарыг санал хураалтаар нэрийг нь тодруулахаар болжээ. Ингэснээр санал хураалт явагдаж, 9/5-ын харьцаагаар хотын даргад НИТХ-ын дарга С.Амарсайханыг нэр дэвшүүлэхээр болжээ. Үргэжлүүлэн МАН-ын Удирдах зөвлөл хуралдана.

Categories
мэдээ нийгэм

Худгийн нүхэнд унаж нас барсан байжээ

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Бурхант багийн “Бичигт” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 25 км-т/ Гар Худгийн нүхэнд хүн осолдсон тухай дуудлага энэ сарын 26-ны 19:10 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлага, мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 100 км зам туулан 21:40 цагт очиж, 2,5 метрийн гүнтэй худагт унаж нас барсан Нарийнтээл сумын харьяат иргэн Б /60 настай, эрэгтэй/-ийн цогцсыг 12.27-ны өдрийн 06:30 цагт гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын алба хаагч “Гавьяат” цол хүртэв

Тодруулбал ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын усчин аврагч Ж.Баяртогтохын эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан гавьяаг нь үнэлж Монгол Улсын ардын гавьяат цолоор шагналаа. Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын тэргүүн ахлагч Ж.Баяртогтох “Үйлчилгээний гавьяат ажилтан цол”-оор шагнав. Шагналыг өнөөдөр /2018.12.28/ Төрийн ордонд гардууллаа.

Тэргүүн ахлагч Ж.Баяртогтох нь Онцгой байдлын байгууллагаас төрөн гарсан тав дах гавьяат энгийн аврагчаас төрсөн анхны гавьяат болж байгаагаараа онцлог юм.

Бусдын төлөө амь хайргүй зүтгэх тангарагтай эв эгэл аврагчид гавьяат цол хүртээх болсонд туйлын талархууштай. Хэдэн жилийн өмнө нэг албан хаагч өөрийн усанд автсан гэрээ орхиод, гамшгийн дуудлагад гарч байсныг ярьж өгсөн юм. Ингэж л бусдын зовлонтой өөрийн юм шиг тэмцдэг эгэл, эрхэм хүмүүс бол аврагчид.

Үндэсний аврах бригадын тэргүүн ахлагч, ахлах ахлагч Жамсран овогтой Баяртогтох нь 2005-2018 онд Аврах тусгай ангид аврагчаар, 2018 оноос Үндэсний аврах бригадын тэргүүн ахлагчаар тус тус томилогдон, төрийн тусгай албанд 13 дахь жилдээ ажиллаж байна.

Ж.Баяртогтох нь 2007 онд БНСУ-д “Хот дотор эрэн хайх, аврах ажиллагаа”-ны, 2009 онд ОХУ-д “Гүний шумбагч” бэлтгэх, 2012 онд Япон улсад “Газар хөдлөлтийн үед эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалтад хамрагдаж, БНХАУ-д хаданд авиралтын Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон байна.

Увс аймгийн Хяргас нууранд осолдсон 8 иргэний цогцос, Хөвсгөл аймгийн Хөвсгөл нууранд осолдсон 7 иргэний цогцос, Улаанбаатар хотод Засгийн газрын бааз нурж нурангинаас 1 иргэний цогцсыг тус тус гаргаж ар гэр болон хуулийн байгууллагад хүлээлгэж өгсөн байна.

2009 оны 06 дугаар сард Нийслэлийн Налайх дүүргийн Тэрэлжийн Таван салааны болон амралтын газрын гармуудад үер, усны голомтод ажиллан живсэн 2 нэгж техникийг татан гаргах, Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны 18 ажилтан, 4 хүүхдийг усаар гаталгах болон аюулгүй газарт зөөвөрлөх ажиллагаанд оролцож мөн оны 07 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Сод-Монгол” шатахуун түгээх станцын зүүн талд нам дор буусан айлууд усанд автах үед аюулын нэгдүгээр зэрэглэлийн бүсээс блокны үйлдвэрийн граж руу орж 40 орчим насны 2 иргэний амь насыг авран хамгаалах ажиллагааг завьтайгаар хийж гүйцэтгэсэн тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн хүндэт” медалиар, мөн Онцгой байдлын ерөнхий газрын “Жуух бичиг”-ээр сайшаагдсан.

2009 онд Нийслэлийн нутаг дэвсгэрт үүссэн үер усны гамшгийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Цэргийн хотхон орчим буусан айлууд усанд автах үед аюулын нэгдүгээр зэрэглэлийн бүсээс 8 гэр нүүлгэн шилжүүлж, усанд автсан 4 иргэний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах ажиллагааг шуурхай зохион байгуулж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн, мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажилласан байна.

2010 онд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг “Хар усан тохой” орчимд усан осолдон живж байсан 5 иргэнийг аварч, Хан-Уул дүүргийн Богдхан ууланд төөрсөн Англи улсын иргэнийг эрэн хайх, Сүхбаатар дүүргийн нутаг “Санзай” амралтын ойролцоо төөрсөн 12 настай хүүхдийг эрэн хайх ажиллагааг удирдан ажилласан.

2010 онд Төв аймгийн Эрдэнэ, Батсүмбэр зэрэг сумдын нутаг дэвсгэрт гарсан ой, хээрийн түймэр, Говь-Алтай аймгийн Тайширын усан цахилгаан станцын усанд осолдсон иргэний цогцсыг 44 м гүнээс гарган хуулийн байгууллагад хүлээлгэн өгч, мөн Нийслэлийн Налайх дүүргийн нүүрсний уурхайд дарагдсан 7 иргэнийг эрэн хайх, аврах ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэн ажиллаж ирсэн.

2011 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутаг “Адуутын ам” гэдэг газар “НИК” ХХК-ийн тус аймаг дахь салбарын шатахуун тээвэрлэгч хоёр автомашин “Хөвсгөл” нууранд осолдож, нэг иргэн нас барсан ослын дуудлагаар өдөртөө 24-26 градус, шөнөдөө 34-36 градус хүйтэнд 20 метрээс цааш үзэгдэх орчин маш хязгаарлагдмал орчинд үүрэг гүйцэтгэж, аврагч нарын усны гүнд амьсгалдаг хүчилтөрөгчийн бортогоны агааржуулах хоолой болон амьсгалын зуувч хөлдөх, нүд улайх, зарим аврагч азотын хордолтод орж ухаан балартах зэрэг байгаль, цаг уурын хүндрэлтэй нөхцөлд 7 хоног үүрэг гүйцэтгэхдээ эргээс 220 метрийн зайд, 54 метрийн гүнд 13.2 тонн шатахуунтай 2 автомашиныг нуураас татан гаргах ажиллагаанд аврагчдын аюулгүй байдал, техник, багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган, 192 метр куб мөсийг хагалж зурвас гаргах, байгаль орчинд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх аврах үйл ажиллагаанд мэргэжлийн өндөр ур чадвар гарган бүлгээ амжилттай удирдан зохион байгуулсан тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2011 онд “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнагдсан.

Япон улсад тохиолдсон газар хөдлөлтийн улмаас үүссэн Цунамигийн гамшгийн голомтод 2011 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдрүүдэд Монгол улсын эрэн хайх, аврах ажиллагааны анхны багт орж Япон Улсын Мияги мужийн Сандэ хотод эрэн хайх, аврах ажиллагааны бүлгийн бүрэлдэхүүний аюулгүй байдлыг ханган, аврах ажиллагааг өндөр ур чадвар гарган үүрэг гүйцэтгэсэн учир Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагнагдсан байна.

2017 онд Минжин хангайн түймэр, Сэлэнгэ аймаг зүүн бүрэн сум усны эрэл, Туул гол усны эрэл, Завхан аймаг Отгон сум Отгон тэнгэр ууланд осолдсон 17 уулчныг эрэн хайх ажиллагаанд амжилттай оролцож Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан.

Онцгой байдлын байгууллагад ажиллах хугацаандаа Төв, Хэнтий, Хөвсгөл, Булган, Архангай, Завхан, Баянхонгор, Сэлэнгэ, Говь-Алтай зэрэг аймгуудад гарсан ой, хээрийн түймэр унтраах ажилд 60 гаруй удаа томилогдон 720 гаруй хоног үүрэг гүйцэтгэж, олон мянган га ой мод, малын бэлчээр, 1000 гаруй айл өрх, эд хөрөнгө, 3000 гаруй тонн хадлан тэжээлийг гал түймрийн аюулаас авран хамгаалж галын аюулд өртөн амь насаа алдаж болзошгүй 1500 гаруй иргэний амь насыг авран хамгаалсан.

Үер усны гамшиг ослын үед усанд осолдсон 45 иргэний цогцсыг эрэн хайж ар гэр болон хуулийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Усанд хашигдсан 5000 гаруй толгой мал, 18 иргэний амь насыг аварч, 60 айл өрхийг нүүлгэн шилжүүлэх ажилд оролцож албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж иржээ.

Иймд ахлах ахлагч Ж.Баяртогтохын Онцгой байдлын албанд олон жил идэвх зүтгэл гарган, хамт олноо хошуучлан ажиллаж, Онцгой байдлын байгууллагыг бэхжүүлэх, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Монгол Улсын төрийн дээд шагнал “Үйлчилгээний гавьяат ажилтан” цол тэмдгээр шагналаа.

Ингэж л тэр төр, түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэжээ. Тэр бол гавьяат цол хүртэх гавьяатай хүн.