Categories
мэдээ нийгэм

Монголд үйлдвэрлэж буй кока кола ундаандаа кошениль ашигладаггүй гэв

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Mongol HD сувгаар Турк улсад болсон нэгэн шүүх хурлаар дэлхийд алдартай кока кола ундааны нууц найрлагад кошениль гэх шавжнаас гаргаж авсан будагч бодис ашигладаг гэсэн мэдээлэл цацагдсан юм. Уг мэдээлэл Mongol HD сувгийн фэйсбүүкт нийтлэгдсэн мэдээ цахим орчинд хурдацтай тарж, хүмүүсийн анхааралд ороод байгаа билээ. Уг мэдээллийн хариуд MCS Coca Cola компани албан ёсны вэб хуудсаараа дамжуулан өөрсдийн үйлдвэрлэж буй кока кола ундаанд кошениль гэх будагч бодис ашигладаггүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.Уг мэдэгдэлд “Монгол Телевизийн 10 сарын 28-ны 21 цагийн Оргил цаг мэдээллийн нэвтрүүлгээр цацсан тус компанийн ундааны орцын бүрдэл хэсгүүдийн талаархи сөрөг мэдээлэл нь худал бөгөөд Монголд үйлдвэрлэгдэж байгаа аль ч ундаа үүнд Кока-Кола нь мэдээнд дурьдагдсан Кошениль (Е120) будагч бодисыг агуулдаггүй гэдгийг мэдэгдэж байна. Энэ завшааныг ашиглан манай ундааны түүхий эдүүд орон нутгийн болоод олон улсын хүнсний стандарт шаардлагуудад бүрэн нийцсэн, хүний биед хоргүй бүтээгдэхүүн байдгийг баталгаажуулж байна. Тухайлбал, Монголд үйлдвэрлэж байгаа Кока-Кола ундааны будагч бодис болох карамел (150d) нь хүнсэнд хэрэглэхэд огт аюулгүй, дэлхий нийтээрээ өргөн хэрэглэдэг бодис юм. Кока-Кола Kомпани нь 132 жилийн турш хэрэглэгчиддээ үнэнч байж ундаа усаар хангаж ирсэн бөгөөд 500 гаруй нэр төрлийн брэнд бүтээгдэхүүнийг 200 гаруй улсад борлуулдаг олон улсын компани юм. Бид дэлхий нийтээрээ өдөрт 1.9 сая аяга Кока-Колагийн ундааг ууж амны цангаагаа тайлдаг. Кока-Кола Компани нь Монголын хэрэглэгчдэд ундаагаа түгээсээр даруй 17 жил болжээ. Бид хүнсний аюулгүй байдлыг хангасан, өндөр чанартай ундаа, ус үйлдвэрлэх эрхэм зорилгодоо өнөөдөр ч үнэнч байгаа билээ” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ-д улирлын томуугийн вакцин хийж байна

ХӨСҮТ-ийн Амбулаторийн сайн дурын дархлаажуулалтын төвд улирлын томуугийн вакцин хийж эхэллээ. Тус төвд БНСУ-д үйлдвэрлэсэн вакциныг ажлын өдрүүдэд 08.30-14.30 цаг хүртэл хийх юм. Зургаан сараас 3 хүртэлх насны хүүхдэд 0.25 мл хийх бөгөөд хийснээс хойш 1 сарын дараа дахин 0.25 мл хэмжээгээр тарина. Сүүлийнхийг үнэ төлбөргүй хийх юм байна. Улирлын томуугийн вакцин нь 15 мянган төгрөгийн үнэтэй аж. Томуугийн вакцин хийлгэснээс 21 хоногийн дараа дархлаа тогтох бөгөөд бүтэн жилийн туршид ханиад, томуу хүрэхээс урьдчилан сэргийлдэг. Зургаан сартайгаас дээш насны бүх хүн томуугийн вакцин хийлгэх боломжтой. Мөн энэ вакциныг хувийн эмнэлгүүдэд ч хийж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Малчид гэрэл зургийн үзэсгэлэнгээ дэлгэнэ

Монгол орны байгаль цаг уурын өөрчлөлтийг малчдын оролцоотой харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн үүдээ нээхэд бэлэн боллоо. “Малчдын нүдээр: Монголын хөдөө орон нутаг дахь өнөөгийн байгаль орчин, нийгмийн тулгамдсан асуудлууд юу вэ” сэдэвт уг үзэсгэлэн маргааш “Norphei Art” галерейд үзэгчдэд хүрэх юм байна. Ирэх пүрэв гариг хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэнд дэлгэгдсэн фотог мэргэжлийн гэрэл зурагчид бус малчид авснаараа онцлогтой. Энэ нь “Евро-Азийн хойд нутгийн уур амьсгалын өөрчлөлт дэх хүн, малын харилцан хамаарал” сэдэвт төслийн хүрээнд Монгол Улсад өнөөдөр байгаль орчин, нийгэмд тулгамдаж буй асуудлыг илрүүлэн, түүнээс гарах шийдлийг эрэлхийлэх зорилгоор малчдын оролцоог нэмэгдүүлжээ. Ингэхдээ фото зураг авах, баримтжуулах аргыг ашиглан малчдад нэг жилийн хугацаанд энгийн аппарат өгсөн байна. Нутгийн иргэд, нэг нутгийнхны хувьд “хүрээлэн буй байгаль орчинд тулгарч байгаа асуудал ба боломжууд” гэсэн сэдвийн хүрээнд нэн чухал гэж тооцогдсон асуудлыг баримтжуулах шаардлагыг тавьж, ач холбогдлыг нь хэлэлцүүлсэн аж.

Categories
гадаад мэдээ

Жек Дорси удахгүй сүлжээнийхээ функцэд өөрчлөлт оруулна гэдгээ мэдэгдлээ

“Twitter” хэрэглэгчид тун удахгүй сүлжээгээ огт өөр функцтэй болохыг харах нь. Үүсгэн байгуулагч Жек Дорси удахгүй сүлжээнийхээ функцэд өөрчлөлт оруулна гэдгээ мэдэгджээ. Твиттерт тухайн жиргээ таалагдсаны тэмдэг болох зүрхэн хэлбэрт товчлуур байдаг. Жек Дорси юуны түрүүнд энэ товчлуурыг алга болгох гэнэ.

Твиттер өмнө нь таалагдсаны илэрхийлэхдээ од дардаг байсан бол гурван жилийн өмнөөс зүрхэн хэлбэртэй товчлууртай болсон юм. Гэхдээ энэ товчлуур Жек Дорсид ер таалагдаж байгаагүй гэнэ.

Хоёрдугаарт, их лайк цуглуулах өрсөлдөөн сэдэл нь тухайн хэрэглэгчийг “жиргээний” талаар байнга бодоход хүргэж, улмаар эрүүл мэндэд нь хохирол учруулах эрсдэлтэй тул энэ товчлуураас татгалзаж байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг ирэх сарын 15 хүртэл авна

Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас чадвараараа онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдаас шалгаруулан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг” олгоно.

Нэр дэвшигчийн материалыг 2018 оны арваннэгдүгээр сарын 15-ны дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт буюу Төрийн ордны шуудангаар хүлээн авна.

Тэтгэлгийг 2018 оны арван хоёрдугаар сарын эхээр гардуулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн хуримтлалын өдрийг маргааш тэмдэглэнэ

Монгол Улсын банк санхүүгийн байгууллагууд нэгдэн “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн аяны хаалтын үйл ажиллагааг маргааш Монголын Хүүхдийн Ордонд, 11 дүгээр сарын 2-ны өдөр Дархан хотын Залуучууд театрт тэмдэглэхээр болжээ.

Уг арга хэмжээг ХБНГУ-ын Шпаркассэгийн Банкны Сангаас Монголбанк, Монголын Банкны Холбоо, Хадгаламжийн даатгалын корпорацитай хамтран зохион байгуулж байгаа юм.

Хүүхэд залуучууд, өсвөр үеийнхэнд зориулсан урлагийн тоглолт үзүүлж, эцэг эхчүүдэд санхүүгийн боловсрол олгох гарын авлага өгөх тул гэр бүлээрээ оролцож болох аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

У.Хүрэлсүх: Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд улс орнуудын хамтын ажиллагаа нэн чухал

Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” сэдэвт ОУ-ын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордны их танхимд болж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор ХЗДХЯ, ЦЕГ, Монгол банк, Монгол Банкны холбоо хамтран зохион байгуулж, холбогдох төрийн байгууллагын албан хаагчид болон төрийн бус байгууллагын ажилтнууд, их дээд сургуулийн судлаач багш нар, АНУ-ын холбооны мөрдөх товчоо, Канад улсын Хатан хааны морьт цагдаагийн алба, БНСУ-ын Үндэсний цагдаагийн газар зэрэг гадаад дотоодын 400 гаруй төлөөлөл энэхүү хуралд оролцож байна. Манай оронд болон дэлхийн улс орнуудад мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох тус гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудын улс дамнасан хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцоход хурлын зорилго оршиж байна.

Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж буй нийтлэг болон тусгай асуудлуудыг хөндсөн үндсэн таван илтгэлийг оролцлгчид сонсон хэлэлцэх юм. ОУ-ын эрдэм шинжилгээний энэхүү хурлыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд болон ХЗДХ-ийн сайд нар үг хэлсэн юм.

“Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” ОУ-ын эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна

Эрхэм зочид, төлөөлөгчид өө,

Хүндэт эрдэмтэн, судлаачид аа,

Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгарч байгаа асуудлуудыг хөндөн хэлэлцэж, өөрийн үзэл бодол, үнэтэй санал санаачилгаа хуваалцахаар энэхүү эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэн Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Монгол Улс Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн гишүүнээр 2004 онд элсэж, улмаар 2006 онд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг баталснаарэнэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг идэвхтэй явуулж байна.

2016-2017 онд Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх байгууллагаас Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо, үйл ажиллагаанд хоёр дахь удаагийн харилцан үнэлгээг хийж, тодорхой үнэлэлт, дүгнэлт өгсөн билээ.

Уг үнэлгээгээр манай улс хангалтгүй дүн авч, цаашид засч сайжруулах нилээдгүй олон асуудал байгааг тодорхойлсноор төр засгийн бүх шатны байгууллагууд мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааны тогтолцоо, хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр урьд урьдаас илүү хүч анхаарал тавин ажиллаж байна.

Энэ хүрээнд 2017 онд “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”, мөн “Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-г тус тус баталж, бодлого, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж байна.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд төрийн болон төрийн бус байгууллагууд, их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын судлаачид, хууль сахиулах салбарын практик ажилтнууд, мөн энэ чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллага, гадаадын зарим орны эрдэмтэн судлаачид, зочид төлөөлөгчид цаг заваа гарган оролцож байгаад гүн талархал илэрхийлье.

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаа нь улс орнуудын эдийн засаг, тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг бууруулах, нийгэмд шударга ёсыг тогтооход саад бэрхшээл учруулж, эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй бодит аюулын нэгэн төрөл боллоо.

Ялангуяа гадаад хүчин зүйлээс шууд хамааралтай, эмзэг эдийн засаг бүхий манай улсын хувьд уг асуудалд онцгой анхаарах шаардлага, хэрэгцээ тулгамдсан асуудлуудын нэг болж байна.

Сүүлийн жилүүдэд мөнгө угаах гэмт хэрэг, түүний суурь гэмт хэрэг болох мансууруулах бодис, галт зэвсгийн хууль бус наймаа, хүн худалдаалах, татвар төлөхөөс зайлсхийх зэрэг үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд улс үндэстэн, олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд онцгой анхаарал хандуулж, дорвитой арга хэмжээ авч ажиллахыг улам бүр эрмэлзэх боллоо.

Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн орны хувьд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох учиртай.

Мөнгө угаах үйл ажиллагаатай нэг улс дангаар тэмцээд үр дүн багатай, харин улс орнууд нэгдэн нийлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хамтарч ажиллах нь улс орон дамнан үйлдэгддэг энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэхэд чухал үр нөлөөтэй болохыг энд онцлон тэмдэглэхийг хүсч байна.

Та бүхэн мөнгө угаах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, чиг хандлага, энэ чиглэлээрх хууль тогтоомжийн шинэчлэл, хэрэгжилт, сайжруулах нөхцөл боломжийн талаар нээлттэй хэлэлцэж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа, бодлого шийдвэр, хууль, эрх зүйн баримт бичгүүдэд тусгуулах үнэтэй санал, зөвлөмжийг гаргана гэдэгт итгэл төгс байна.

Эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.

Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Categories
мэдээ улс-төр

Мах, сүүний үйлдвэр, цехүүдийг өргөжүүлэхэд анхаарна

Эрх баригч МАН 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө 21 аймагт 100 үйлдвэр барихаар төлөвлөж “21:100” нэртэй хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Үүнийхээ дагуу Засгийн газар хөтөлбөрөө батлан ажиллаж байгаа юм. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулье одоогийн байдлаар улсын хэмжээнд махны 42 үйлдвэр, сүүний 216 цех ажиллаж байгааг хэллээ. Засгийн газар “21:100” хөтөлбөрийнхөө дагуу эдгээр мах, сүүний үйлдвэр, цехүүдийг өргөжүүлэхэд анхаарч ажиллах юм байна.

Categories
мэдээ спорт

Таканоива А.Баасандорж нэхэмжлэлээ татан авчээ

Харүмафүжи аваргын эсрэг гаргасан мөнгөн нэхэмжлэлээ Таканоива А.Баасандорж татаж авчээ. Тэрээр нэхэмжлэлээ татан авсан шалтгаанаа “Монголд төсөөлөхийн аргагүй дайралт доромжлолд өртөж байна” хэмээн тайлбарласан байна.

Харумафүжи Д.Бямбадорж нутаг нэгт сумоч Таканоива А.Баасандоржид гар хүрсэн гэх асуудал Японд шуугиан дэгдээж А.Баасандорж тухайн башёдоо барилдах боломжгүй болж эмнэлэгт хэд хоног хэвтэж, Д.Бямбадорж болсон явдалд уучлал гуйж мөн л башёг орхиж байсан билээ.

Categories
мэдээ спорт

Сумын цолтой болон залуу бөхийн барилдаан болно

Монгол бөхийн өргөө өнөөг хүртэл хаалттай, Монголын үндэсний бөхийн холбооны маргаан эцэслэн шийдэгдээгүй ч Сумын цолтой болон залуу бөхийн барилдааны тов гарлаа. МҮБХ-ноос сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг Сумын цолтой болон залуу бөхийн энэ намрын нээлтийн барилдаан ирэх сарын 3-ны бямба гарагт 10:00 цагаас Аварга биеийн тамирын дээд сургуулийн зааланд болно. Уг барилдаанд оролцох хүсэлтэй бүх залуу бөхчүүдэд нээлттэй. Бүртгэл 09:00 цагаас эхлэх юм байна.