Categories
мэдээ нийгэм

Түр хугацаанд олон нийтийг хамарсан арга хэмжээг хориглов

Сүхбаатар аймгийн засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн захирамжаар Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт соёл урлаг, үзвэр үйлчилгээ, спортын зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо.

Засаг дарга аймгийн ИТХ-ын 14 дүгээр тойргийн нөхөн сонгууль 10 дугаар сарын 07-нд болохтой холбогдуулж уг захирамжийг гаргасан бөгөөд 10 дугаар сарын 07-ны 24 цаг хүртэл хэрэгжих юм. Мөн 10 дугаар сарын 06-ны 08:00 цагаас 08-ны 08:00 цаг хүртэл архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хоригложээ. Захирамж гарсантай холбоотойгоор Баруун-Урт сумын ахмадын баяр болон бусад арга хэмжээ хойшлогдов.

Categories
мэдээ нийгэм

Аравдугаар сарын 02-нд болох үйл явдал

09.00 цагт Энэтхэгийн Элчин сайдын яамнаас Махатма Гандигийн гудамжинд байрлах Махатма Гандигийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ.

09.00 цагт “Новотел” зочид буудалд Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн олон улсын хурал болно. Утас:88988045

10.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Алтны форум” уулзалт, хэлэлцүүлэг болно. Утас:88118801, 91992520

10.00 цагт МУИС-ийн Номын санд ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, MERIT төсөл хамтран хэрэгжүүлэх “Мэдлэгийн портал” төслийн нээлт болно. Утас:99991769, 99717977

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнөөс “Оюутолгойн 51 хувийг нээлттэй хэлэлцэх ёстой” сэдвээр мэдээлэл хийнэ.

13.00 цагт Багшийн хөгжлийн ордонд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт аутизмтай хүүхдүүдэд хичээл заах сургагч багш бэлтгэх сургалтын нээлт болно.

13.00 цагт “Max Tower”-т Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо үүсэн байгуулагдсаны 40 жилийн ойн баярын өдөрлөг болно. Утас: 88007402

13.00 цагт Бараа, бүтээгдэхүүнээ экспортод гаргах, олон улсын бизнесийн туршлагаас суралцах сонирхолтой аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад зориулсан сургалт ХХААХҮЯ-нд болно.

13.30 цагт “Мишээл Экспо төв”-д “Дижитал хэрэглэгч-Эрүүл мэнд” сэдэвт форум болно.

14.00 цагт “Корпорейт Конвэйшн Центер”-т Монголын мэргэжлийн боловсролын салбарын багш нарын баярын нэгдсэн арга хэмжээ болно. Утас: 91915340, 88844482

Төрийн ордонд

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

13.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

15.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана

УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Тухайлбал, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдаж, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлосон байна. Мөн 11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэнэ.

Үдээс хойш буюу 13.00 цагт болох Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай 1907 оны конвенцийг соёрхон батлах тухай, Монгол, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын Ялтан шилжүүлэх тухай хэлэлцээр болон Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх аж. Мөн Эдийн Засгийн байнгын хороо 15.00 цагт хуралдахаар товложээ.

Categories
мэдээ цаг-үе

“Шөнийн талд адуу янцгаана” найргийн шүншигтэй Долгорын Нямаагийн сургууль

Өнгөрөгч жилийн есдүгээр сарын эхээр “Дэлхийн гарамгай найрагч Долгорын Нямаа” хэмээх хөрөг нийтлэлийг “Өдрийн сонин”-доо гаргаж, яг тэр үед Нямаа ах минь ханийнхаа нутаг баруун Алтайн цаст цагаан Цамбагаравын бэлд зогсож байсан сан. Өндөр их уулсын хормой бэлээс утсаар холбогдон “Чи яахлаараа үе үе намайг ингэж дэвэргэж байдаг юм” хэмээн сэтгэл хангалуун хэлээд хоёул удтал ярилцан Цамбагаравын үүлс хуралдсан оройн цангинам цагаан салхийг зүрх рүү нисгэж байлаа. Гэтэл ердөө ганцхан жилийн дараа, энэ намрын есдүгээр сарын гуравны ерөөл билэгт өдөр өсч төрсөн Өлзийт сумынх нь сургууль дэлхийн гарамгай найрагч хүүгийнхээ нэрэмжит болсон ёслолд оролцсон минь баяртай ч юм шиг, гунигтай ч юм шиг л байсан даа.

Нямаа ахыгаа тэсгэл алдан санахад намрын хонгор говь манхан хөх тэнгэр нь хань болж, сумын суурингаас энүүхэн баруунтайд Дэл Хөнжлийнх нь уулс хөглөрч, онгод билгийнх нь оргил шүтээн Хонгор хайрхан нь дурайж байгаа даа гэж бодохуйд өвчүүн цаадах хөндүүр эрхгүй зөөлрөн байлаа. Тийм ээ, тэр нэг намрын бас л есдүгээр сарын уйтан бороотой өдөр Баянхайрхан буюу Хонгор хайрханд нь хамт ирээд, хүйг нь цөглөсөн Хирс таван толгойн Үүдэн бууцан дээр нь сэржим өргөөд сэтгэл гээч чинь халгин цалгиж байхдаа “Он жилийн дараа таныг эзгүйд Баянхайрхныг тань зорин ирж санасан сэтгэлээ тайтгаруулах юм шүү” хэмээн хэлэхэд “их баярлалаа” гэж билээ. Тэр үгийг нь нутгийнх нь тэнгэр дор, долоон бурхан мэлтийсэн говийн тунгалаг шөнө бодмоглож санан санаж зогссон. Өр зөөлний туйл, гүн утгын төгс илэрхийлэл чухамхүү тэнгэрийн хаяа мэт зах хязгааргүй агуу ертөнц Долгорын Нямаа минь. Ямархан хувь заяаны ерөөлөөр тантай хүмүүний амьдралын сөөм хэртэй даанчиг богинохон цаг мөчид ах дүү шиг, анд нөхөд шиг явсан юм бэ. Дэлхийн найрагчтай дөрөө харшуулж, сэтгэл сэтгэлээ таньсан Галбын говийг би зүрхэндээ хайрланам.

Хоёр мянга долоон оны намар сан. Арлааны Эрдэнэ-Очир ах хэдэн хайртай найрагчаа дагуулаад Хатны булаг, Эргэлийн зоонд очсон юм. Тэр хэд нь хэн бэ гэвэл төрийн шагналт Долгорын Нямаа, Монголын их утга зохиолд өмнийн шаргал говийг нургилуулан яваа халуун говийн Хархүү буюу Эрэнжидийн Хархүү, “Сутайн цагаан салхи дөрвөн сумын нутагт салхилна Сутайн цагаан үүл дөрвөн сумын нутагт зүмбэртэнэ, онгоц нисэхэд далавчийг нь цантуулж байдаг…” хэмээх омог төгөлдөр Сутай хайрхны хүү Бямбажавын Хүрэлбаатар гэсэн аваргууд байлаа. Хүрлээ ах минь замд Сулинхээрт алба хааснаа ярьж “Сул хээр морьд нь ар араасаа давхилдах шиг Сулинхээрийн хязгаар адуун цэнхэр зэрэглээтэй” хэмээн уншихуйд Нямаа найрагч “Энэ шүлгийг шууд баталъя” хэмээн сэтгэл долгилон явсан намрын тэр өдрүүд насны минь баясгалан байж дээ. Хатанбулагт суугаа Сономын Чулуун найрагч түүчээлэн их говийн цагаан өвчүү Эргэлийн зоон дээр гарахад тэргүүн овооных нь өмнө Нямаа ах сөхрөн унасан юм. Хатанбулагаас ирсний дараахан их зохиолчийн “Тэнгэрийн хаяа”-тай золгож, “Бор нялхсаа гангануулан ботго тэмээдээ гунгануулан” явж туулсан Галбын говийнх нь нүүдэлд оюун санаагаараа агсагдан жаргасны учир Эргэл хайрханд сөхрөн унасных нь шүншиг ерөөлийг ойлгосон. Тэрээр “Галбын говийн нүүдэл надад уянгын сэрэл мэдрэмжийг төрүүлсэн” гэж хэлэх дуртай сан.

Сүм суварга, Гурван хасар, Эргэлийн зоо, Ухаа заг, Онгон саглагар гээд газар усны нэр дөчин дөрвөн оны алдарт мичин жилийн зудны их нүүдэлд дөрөв, тавхан настай хүүгийн сэтгэлд тодоос тод үлджээ. Түүгээр ч үл барам, Зах гурван зээмэг, Заг сүүжийн говь, Модон тоонотын гол, Хаяа гурван бөхтэй, Цахиур таван толгой, Хярын гурван алтгана, Ингэн сэвстэй гэхчлэн ямар нэг шүлэг дууны нэр шиг сонсогдох говийн уул ус яруу найргийнх нь сэрэл мэдрэмжийг хөглөж, бүтэн амьдралынх нь туршид бүлээн бороо шиг сэлбэж явах ерөөл оршино чинээ хэн санах билээ дээ. Энэ л тэнгэрлиг нүүдэл бодол оюунд нь тэнгэрийн хаяаг суулгаж өгсөн нь учиртай. “Холын холд тэнгэрийн хаяа газардаж, холхи хөндийн цэнхэр хязгаар алдрана, Тэмүүлсэн сэтгэл түүний дээгүүр цойлж, тэмдгэн төдий үүлэн цөвдлийг ч давна” гэж тунхаглах аугаа их хүчийг Галбын говийн нүүдлээс мэдэрсэн ажгуу.

Найрагчийн гэргий Зулын Отгонбаяр Зориг, Тэмүүжин хөвгүүд, охин Хулангаа дагуулаад ханийнхаа нэрэмжит сургуулийн нээлтэд хүрэлцэн иржээ. Отгонбаяр эгч тэртээ хоёр мянга нэгэн онд ханьтайгаа төрөлх нутаг Ховдын Эрдэнэбүрэнгийн сургууль Монгол Улсын гавьяат багш Цагаанхичиг ахынх нь нэрэмжит болоход оролцож байсан түүхтэй. Тэгвэл арван долоон жилийн дараа Өлзийтийн сургууль ханийнх нь нэрэмжит болоход үр хүүхдүүдээ дагуулан ирж, утга зохиолын үе үеийн төлөөллийн хамт ёслолын алтан туузыг хайчлан зогсоно гэдэг нэгэн бодлын сайхан юм аа. Аавынхаа нэрэмжит сургуулийн нээлтэд том хүү нь баярын үг хэлж аавынхаа гарын үсэгтэй, мөн Монголын сор болсон зохиолчид, утгын их мэргэдийн халуун сэтгэлийн үгтэй бүтээлүүдийг сургуулийн номын санд хүлээлгэж өгч буйгаа дуулгасан. Их мэргэдийн халуун сэтгэлийн үгтэй гэдэг нь Нямаа зохиолчид дурсгасан номуудыг тодотгож буй юм. Нямаагийн Зориг бол “Санаж яваарай” кинонд хоёр ихэр залуугийн дүрийг бүтээж, Санжийн Пүрэвийн “Загийн алим”-д Ханбүргэдийн дүрээр мөнхөрсөн манай дунд үеийн золбоотой жүжигчдийн нэгэн яах аргагүй мөн.

Далан жилийн тэртээ Нямаатайгаа хамт бага сургуулийн босго алхаж байсан эдүгээ наян настай Цэенпилийн Цагаанмаам ангийнх нь “охин”-ы хувьд үг хэлж, хүндтэй зочдын нэгэн байлгүй яахав. Төрийн шагналт найрагч анхны шүлгээ бичсэн дурсамждаа “Багш Цагаанмаамын шүлгийг сайн болж, харин миний шүлгийг сонирхолтой болжээ гэж хэлсэн” хэмээн дурссан. Тэгвэл Цагаанмаам гуай “Би Нямаагийнхаа урд нь байтугай ард нь бараа сураггүй хүн шүү дээ. Манай Нямаа дэлхийн дайдад гарсан хүн” гэж айхтар цэцтэй үг хэлнэ билээ. “Дэлхийн дайдад” гэж сонсоод баяр төрөөд явчихаж байгаа юм. Цагаанмаам гуайн ярианаас улбаалаад сургуульд байх үеийнх нь дурдатгал цээжнээ тодроод ирэв. “Намар намрын цагт сургуульд мордоод явахад хоёр нүдийг нулимс бүрхээд харж болохгүй болохоор нэлээн холдож байгаад эргэж харахад хойноос ээж минь сүү өргөөд бөмбийн цайвалзах гэрийнхээ гадаа бөртийтөл ганцаар зогсож үлддэг нь санаанаас гардаггүй. Анх сургуульд явсан намар “Гадаа дуу нь гарах шиг санагдаад гарч хардаг байж билээ. Тэгэхэд шонгийн хэцэн дээр ирж суусан бялзуухай шувуу жиргэсэн байдаг” гэж ээж минь хэлдэг сэн” гэж бий. Дэлхийн найрагч тэрээр ижийдээ зориулж нэгэн сайхан ном бүтээсэн. Түүнд нь “Үе үе ээжийнхээ тухай бодоход салхи сэрж бостол исгэрээд хонь хяргаж суудаг нь, ботгоо голсон ингийг уяртал хөөсөлж зогсдог нь, шинэ дээл эсгэдэг нь, бурантаг томж угалз оёдог нь, нүүдэлд ачаа хөтөлж явдаг нь сөхөрч суугаад хурууд зүсдэг нь, хонин тогоо дүүрэн сүү хөөрүүлээд тоононд тулдаг самардаг нь харагдаад байдаг. Ээжгүй болсон анхны өдрөөс “Миний хүү” гэдэг эрхэм цолыг би үгүйлж эхэлсэн. Хүний хүүгийн хувьд эзэнгүй амьтан шиг болж орхив. Үүнээс илүү гарз гэж юу байх вэ” гэх зүрх уярмаар амин халуун холбоосууд олон бий дээ.

Сургуулийн нээлтийн үеэр түүх дурсгалын хосгүй үнэт өв Дэл уулынхаа элгэн хадыг эмжээрлэн дөч гаруй жил тэмээ маллан нутаглаж байгаа Сумъяагийн Батбуян ахтай мэнд усаа мэдлээ. Зэлэнд уяатай хэдэн ботго нь намрын зүсрээ бороонд налмайтал норчихсон тэр нэг жиндүүхэн үдэш гэрийнх нь босгыг алхсан сан. Долгорын Нямаа, Дэл уул гэхээр л амиа тавьдаг Бичээчийн Батмөнх, Батбуян гурав Хатайрын Хөнхөр гэж Дэл Хөнжлийн адуучин, заг бударганат говийн малчны гурван хүү билээ. Тэр тухай миний бие “Баянхайрхны бараа буюу Долгорын Нямаагийн тоонот” аян замын тэмдэглэлдээ бичиж байсан удаатай. Ерэн оны зургадугаар сард Дундговьд хэд хоног амрахдаа Нямаа ах аавтайгаа уулзсан гэдэг. Хавар нь ажлаасаа халагдсан үе нь. Гэхдээ аавдаа тэр тухай дуулгаагүй байна. Аав нь хөх торгон даалин бэлэглээд “Хүү минь чи үүнийг хадгалж байгаарай. Битгий хаяарай. Хүнд битгий өгөөрэй. Хар тахиа жил чамд хэрэг болж юун магад” гэжээ. Ерэн гурван онд мань хүн Зохиолчдын хорооны дарга болж, түүнээс нэг сарын дараа Балжирын Догмид, Зундуйн Дорж нартай хамт Монгол Улсын төрийн шагнал хүртэж, Цэвэгжавын Хасбаатар гуайн хэлснээр од нь гийсэн жил байсан гэнэ. Энэ бүхнээ Нямаа ах аавынхаа өгсөн хөөрөгний даалин, өнөө хар тахиа жилтэй нь холбодог. Аав минь мэрэгч төлөгч хүн байсан гэж ярьдаг нь бас учиртай.

Нямаа ахтай нэг эцгийн хөвгүүд болох Батмөнх, Батбуян хоёр бол Буянтын сүүж, Хөөвөрийн голоор хүрэн улаан тэмээд нь багширч байдаг Хүүхнүүдийнхний удам ургийн хүмүүс юм. Дэжийн Сундуй гэж айлын зургаан эмэгтэй өсөх наснаасаа өтөл насаа хүртэл нэг дор бөөгнөрөн нутагладаг байснаас тэднийг нутгийн зон олон нь Хүүхнүүдийнхэн хэмээн нэрлэх болжээ. Энэхүү Хүүхнүүдийнхний удмаас Монгол Улсын арван ес дэх Ерөнхий сайд Жанлавын Наранцацралт төрсөн билээ. “Хэлтэс” Дашдаваа гэж хүний долоон хүүхдийг нутгийн олон “Их долоо” гэж хэлдэг юм билээ. “Их долоо”-гийн том охин Орго Ерөнхий сайдыг төрүүлсэн ачтан. Том хүү нь Монгол Улсын Их сургуулийн түүхийн тэнхимийн эрхлэгчээр олон жил ажилласан нэрт эрдэмтэн Хүүхэнбаатар. Дэл уулын шүншиг оршсон эл эрхэм эдүгээ цагийн түүхийн шинжлэх ухааны оргилууд болох академич Жигжидийн Болдбаатар тэргүүтэй судлаачдыг төрүүлсэн ачит багш юм. Харин “Их долоо”-гийн хамгийн бага нь Дашдаваагийн Отгонбаатар гэж Цоодол багшийн хэлдгээр сэтгэлийн хэц нь мэдрэгдэхээр аралтай сайхан эр нутгийн зохиолчийнхоо нэрэмжит сургуулийн нээлтэд дүнжгэрхэн оролцсоон. Генетикийн нарийвчилсан судалгааны бүтээлээрээ Ерөнхий сайдын оюуны өмчийн номер нэг гэрчилгээг авч байсан эрүүл мэндийн шинжлэх ухааны доктор. “Долгорын Нямаагийн багш” гэж сонин хэвлэлд хүртэл цоллуулж явсан Жуужаа хэмээх буянтай сайхан буурал гавьяатын тэмдгээ авч, төрдөө үнсүүлээд буцсан даа. Мөн л “Их долоо”-гийн нэгэн юмсан.

Долгорын Цэнджав нэгэн цагт Сономын Удвал гуайн, Лодонгийн Түдэв гуайн удирдаж ирсэн Монголын зохиолчдын эвлэлийн даргын албыг аваад анхны томилолт нь Дундговь нутгаасаа тэр тусмаа Долгорын Нямаагийнхаа нэрэмжит эрдмийн сургуулиас эхэлсэнд бид бүхэн бэлгэшээж явлаа. Нямаа ах ч ялгаагүй ээ, Зохиолчдын хороог удирдаж өөрийнх нь хэлснээр “Хөсөг хөтөлсөн он жилүүд”-ийн эзэн явсан. Саруулдалай найрагчтай тэр жилийн намар Монголын зүүн хязгаарыг зорьж Алтан-Овоо, Дарьганга, Шилийн богдод хамт очин Дарьгангын соёлын төвд Данзангийн Нямсүрэнгийн нэрэмжит наадмын тайзнаа хамт зогсож байсан сан. Хатгины шар талын халиун хонгор намрыг хамтдаа мэдэрч, Эрдэнэцагааны шар торго дэвссэн талын хонгор уул Зотол ханы тэргүүн дээр дорно зүгийн салхинд илбүүлж, улмаар Дамдинсүрэн гуайнхаа нутаг Матадад хоноглон цааш галигуулж Мэнэнгийн талыг туулан, Хэрлэн мөрнийг огтолж, Чойбалсан хотод аяны цулбуур татаж байсан удаатай. Өнгөрөгч хавар эх орныхоо баруун хязгаарт мөн л хамт очиж Алтай Таван Богдын алтан бэл Ховд голын хөвөөнөө Баян-Өлгийд Наурызынх нь баярын өмнөх өдөр буюу гуравдугаар сарын хорин нэгэнд дэлхийн яруу найргийн өдрөөр онгоцноос бууж байлаа. Тэгвэл энэ удаа Долгорын Нямаа ахынхаа нутагт сэтгэл элгэмсч явсан минь сайхан байхаас яахав.

Өлзийт сумын соёлын төвд Долгорын Нямаагийн нэрэмжит сургуулийн эрдмийн баярын нээлтэд зориулсан зохиолч уншигчдын уулзалт боллоо. “Намрын өнгө орлоо, ээж ээ”, “Нутгаа санаад уйлдаг сэтгэл”, “Цэцгэнд төөрсөн эрвээхэй” гээд олон гоёхон чиг дууны эзэн, энэ цагийн намуун зөөлөн найрагч Намбарын Пүрэв шүлгээ уншлаа, залгуулаад Арын хангай нутгийн авьяас билигт хүү Минжинсайхан дөнгөж дөрөө мултлах зуураа тэрлэсэн “Ням ахын нутагт” хэмээх шинэхэн шүлгээ уншсан нь олны талархлыг бүр чиг хүлээлээ. “Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болж уу би” гэх тансаг дууг нь Андрейн Сүглэгмаа найрагч эрхэмсэг ялдамхан дуулсан нь бас нэгэн шигтгээ мөн байв. Нямаа ахынхаа төрсөн нутгийн клубт халамжит сайхан ханьтай, хоёр сайхан хүүтэй нь, дөрвөн хүүгийнх нь араас хүслэн болж мэндэлсэн амины ганц эрх хонгор охинтой нь, нутгийн зон олонтой танц гишгэж байхдаа юу эсийг бодох билээ.

Дорнын говийн хаяа хязгаар суурин Хатанбулагийн соёлын төвд хоёул зэрэгцэж суугаад яг л энэ халуун үдэш шиг зохиолч уншигчдын уулзалтын дундуур Чойжилын Чимидийнхээ гэрэлт дүрийг ургуулан дурсаж билээ л. Та Чимид гуайн хөргийг яг л шүлэг бичсэн, “Бодол болсон талын дээгүүр намрын салхи дүүлж байна” хэмээн уншаад зохиолч зохиолчийнхоо тухай ингэж л нандин сайхан бичдэг байх даа гэж сэтгэл хөдөлсөн шүү гэхэд “Яруу найрагч болохоор чамд бүр чиг сүрхий буусан байх л даа. Өнөөдөр Монголын соёл урлаг, утга зохиолын ертөнцөд Чимидийн орон зай үгүйлэгдэж байна. Чимид бол бие хаа царай зүсээрээ ч, бүтээл туурвилаараа ч, туулж өнгөрүүлсэн он жилүүдээрээ ч үнэхээр том амьтан байсаан. Чиний багш Дөнгөтийн Цоодол л бараадаж очиж мэдэх юм” гэж хэлсэн нь санаанд ургаастай үлджээ. Чимид гуай нэгэнтээ “Би бол ганцхан шүлэгтэй л хүн. Харин жүжиг киногоор ярина шүү” гэж хэлсэн гэдэг. Ганцхан шүлэгтэй гэдэг нь “Би монгол хүн”-ээ хэлж байгаа хэрэг. “Нэг л шүлэгтэй гэдэг нь надад сонин санагддаг байлаа. Яруу найргийг хичнээн өндөрт тавьж боддогийн жишээ гэмээр юм уу даа. Тийм хүн ер бидний дунд олон байдаг сан билүү” гэсэн Ням ахын бодлогоширсон царайнаас нь олон зүйлийг сэжим уншигдах шиг болсон юм.

Дундговь аймгийн утга зохиолын нэгдлийн эрхлэгч Жанлавын Мөнхтөрийг Дооровтой адил юм гэх ярианы сэжүүрээс дурсамжийн алчуур сэвэгнээд ирсэн. Намрын тэр нэг сайхан өдөр Цагаан суваргын урдтайх өндөрлөг дээрээс Нямаа ахынхаа мөрийг түшиж зогсоод Дэлгэрхангай уулын барааг харж билээ. Дэлгэрхангайг харна гэдэг жулдрай надад агуу их Дооровыг харсан мэт баяр бахдал цээжнээ ургасан юм. Нямаа ах минь их утга зохиолын алтан харгуйд Дооровтойгоо ойр явж ирсэн билээ. “Намайг аймгийн дунд сургуульд сурч байх үед Дэлгэрхангай сумын уран сайханчид Дундговийн төвд ирж концерт тоглов. Тэр үед аймгийн клубийн барилга ашиглалтад ороод удаагүй байсан цаг. Уран сайханчдын дундаас баргил бүдүүн хоолойтой нэгэн хүү бидний анхаарлыг ихэд татаж билээ. “Хороонд байгаа хургууд минь хоёр зуугаад хэртэй дээ, хонгор бага нас минь хорин тав орчим доо” хэмээн дуулсан тэр хүүгийн дууг дуурайх гэж бид хэрдээ хоолойгоо сэрвэгнэтэл шахаж оролддог сон” гэж бичсэн тэр хүү нь Дэлгэрхангай уулан дээрээс дэлхийн барааг харсан агуу их Дашдооров байсан гэдэг. Тэрхүү явдлаас хойш зургаан жилийн дараа Дооровыг Дундговийн соёлын ордны тайзан дээр дахин гарч ирэхийг нь харжээ. Тэгэхэд Дооров нь аймаг хариуцсан зохиолчоор томилогдож байсан цаг. Жаран оны арваннэгдүгээр сарын үе. “Монгол” найраглалаасаа сэтгэл зүрх сэрдхийтэл уншсан гэдэг. Москвагаас өмсөж ирсэн ёслолын хар костюмтай, цав цагаан цамцтай залуу эр гайхмаар эрдүү сайхан хоолойгоор “Монгол бичихэд хэдий богинохон ч…” гэж уншихыг нь хараад тийм гоё эр, тийм дуу хоолой, тийм шүлэг гурав яаж зохирсонд үнэхээр сүрдэн биширснээ дурсаж байсан. Дэлгэрхангайн уран сайханч Дашдооров Монгол Улсын ардын уран зохиолчийн алтан титэм өмссөн дөрөв дэх хүн. “Тэр хэрвээ зохиолч биш жүжигчин болсон бол мөн л ардын жүжигчин цол хүртэх байсныг багш нарыг бэлтгэх сургуульд тавиад оны эхээр Гоголийн “Байцаагч түшмэл” жүжгийн байцаагч түшмэлийн рольд тоглож байх үеэс нь би мэдэх юм” гэж багын найз Лодонгийн Түдэв нь дурссан байдаг сан.

Энэ мэт олон чиг дурсамж дурдатгал дэлхийн найрагчийг төрүүлсэн буйдхан сууринд ургаж байлаа. Ёслолын алтан тууз хайчлагдаж, их найрагчийн нэрэмжит эрдмийн өргөөний үүд хаалга нээгдэхэд сүү амссан балчир сурагчид “Шөнийн талд адуу янцгаана” шүлгийг уншсаар сургуулийнхаа босгоор хөөр баяр болон дэгдэцгээсэн. Аугаа их Долгорын Нямаагийн сургуулийн эрдэнийн саран мэт охид хөвгүүд ирэх он жилүүдийн түүхийг бүтээлцэнэ хэмээн санахуйд нүдний нулимс гарах шиг болсон. “…Оддын дунд ижлээ үзсэн юм шиг шөнийн талд адуу янцгаана” хэмээх омог төгөлдөр найрагчийн эрдмийн өргөөн дэх алтан титмийг таана анхилсан говийнх нь салхи ижийнх нь уруул шиг илбэсээр байх болно оо.


Categories
мэдээ нийгэм

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид дараах хуваарийн дагуу амарна

2018-2019 оны хичээлийн жилд мөрдөж буй ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц 2018 оны тавдугаар сард батлагдсан бөгөөд энэ хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид дараах хуваарийн дагуу амарна. Үүнд:

НИЙСЛЭЛИЙН СУРАГЧИД:

Нэгдүгээр улирлын амралт
-Бүх ангийн сурагчид X сарын 27-ноос XI сарын 04-нийг дуустал 1 долоо хоног;

Хоёрдугаар улирлын амралт
– I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос I сарын 13-ныг дуустал 3 долоо хоног,
– VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 13-ныг дуустал 2 долоо хоног;

Гуравдугаар улирлын амралт
-Бүх ангийн сурагчид III сарын 16-наас III сарын 31-нийг дуустал 2 долоо хоног;

Зуны амралт
– I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,
– III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс,
– VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 8-наас эхэлнэ.

АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРАГЧИД:

Нэгдүгээр улирлын амралт
-Бүх ангийн сурагчид X сарын 27-ноос XI сарын 04-нийг дуустал 1 долоо хоног;

Хоёрдугаар улирлын амралт
– I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 13-ныг дуустал 2 долоо хоног,
– VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 06-ныг дуустал 1 долоо хоног;

Гуравдугаар улирлын дундуур

-Цагаан сарын амралт 1 долоо хоног;

Гуравдугаар улирлын амралт
-Бүх ангийн сурагчид III сарын 16-наас III сарын 31-нийг дуустал 2 долоо хоног /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг нийслэлийн сурагчдын III улирлын амралттай харьцангуй 1 долоо хоногийн өмнө эхэлж болно эсвэл 1 долоо хоногийн сүүлд дуусгаж болно/;

Зуны амралт
– I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,
– III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс,
– VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 8-наас эхэлнэ.

ОНЦЛОГ:

Сурагчид халдварт ханиад томууны тархалт, дэгдэлт ихэсдэг XII сард амарна.
Хүн ам ихээр суурьшсан хот суурин газарт агаарын бохирдлын оргил үед сурагчид амарна.
Сурагчид идэр есийн хүйтэн эхлэхтэй зэрэгцэн амарна.
Нийслэлд идэр есийн хүйтэн эхлэх үеэр хүүхдээ сургуульд хүргэх, авахтай холбоотой машин замын ачаалал буурна.
Сурагчид III улирлын амралтаар хөдөө орон нутгийн аж амьдрал болон мал төллүүлэх үйл явцыг танин мэдэх, малчид, найз нөхөддөө туслах, хөдөлмөрөөр хүмүүжих боломжтой болно.
Зарим аймаг, орон нутгийн мал төллөх хугацаатай уялдуулан шаардлагатай тохиолдолд III улирлын амралтыг нийслэлийн сурагчдын III улирлын амралттай харьцангуй 1 долоо хоногийн өмнө эхлүүлэх, 1 долоо хоногийн хойно дуусгаж уян хатан зохицуулалттай болгосон.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын нэгнээс мөрдөгдөх замын хөдөлгөөний шинэчлэсэн дүрэм

Ирэх сарын 1-нээс Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг мөрдөж эхэлнэ. Дүрэмд зам, тээврийн осол, хэрэг, тээврийн хэрэгслийн хурдаас шалтгаалсан ослыг бууруулах, жолооч, явган зорчигчийн амь насыг хамгаалах, хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд замын хөдөлгөөнд аюул, бэрхшээлгүй оролцох нөхцлийг хангах, түгжрэлийг багасгах зэрэг чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ-ын удирдлагууд ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Ахмадын өдрийг тохиолдуулан ШӨХТГ-т ажиллаж байсан ахмад Д.Лхагвасүрэн, Д.Гантөмөр, Б.Оюунцэцэг, У.Батсуурь нарыг агентлагийн удирдлагууд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр ШӨХТГ-ын дарга Б.Лхагва 2018 онд хийж гүйцэтгэсэн ажил болон 2019 онд хийж хэрэгжүүлэх ажлын талаараа ахмадуудад танилцуулан, тус газраас эрхлэн гаргасан “Хууль тогтоомжийн эмхэтгэл”, “Өрсөлдөөний хуулийн хүрээнд хийсэн хяналт шалгалтын түүвэр” зэрэг гарын авлагуудын дээжээсээ ахмадууддаа гардуулан өглөө.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Хууль зөрчихөөсөө ёс суртахуун зөрчих нь илүү гутамшигтай

УИХ-ын гишүүд тойргийнхоо иргэдтэй уулзахдаа эд бараа тарааж байна. Ялангуяа орон нутгаас сонгогдсон гишүүд хөдөөгийн малчин иргэдэд зориулж данх, шанага, бедон сав, бакал зэргийг их өгөх юм. Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд бүгд л тойргийнхоо өнчин ядуу хүүхдүүдэд халуун гараа сунгаж байгаа хүн болж цүнх, дэвтэр ном бэлэглэдэг. Сая есдүгээр сарын 1-ний өмнө ч УИХ-ын гишүүдийн дунд хичээлийн хэрэгсэл тараадаг давалгаа эрчимтэй үргэлжилсэн. Чуулган зав-сарласан өнгөрсөн зуны хугацаанд гэхэд Г.Тэмүүлэн гишүүн Архангайнханд шанага, М.Билэгт гишүүн баянхонгорчууддаа данх, бакал, хичээлийн хэрэгсэл өгчээ. Өмнөх парламентын үед Баянхонгор аймгаас сонгогдсон Д.Ганбат гишүүн сонгогчдодоо 40-ийн бедон тарааж байв. Зүгээр ч өгчихгүй дээр нь өөрсдийнхөө нэр, зураг дүрсийг хэвлүүлсэн гэж байгаа. Нийгмийн сүлжээгээр ил болж, олон түмний доог тохуу болсон нь энэ хэд байх. Тэднээс гадна олон гишүүн тойргийнхоо иргэдэд өөсрдийнхөө хөрөгтэй жааз, хуанли, цэвэр ус гээд элдэв юм өгдөг. Яагаад УИХ-ын гишүүд сонгогчдодоо янз бүрийн зүйл тараадаг юм бэ гэвэл тэдний энэ үйлдлийг Монгол Улсын хуулиар хориглоогүй гэж хуульч тайлбарлав. Харин УИХ-ын ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс парламентын гишүүн тойрогтоо элдэв бэлэг, сэлт тараахыг Сонгуулийн тухай хуулиар хориглодог байна. Хуулийн энэ утга нь тухайн тойргийн гишүүн сонгогчидтойгоо уулзах далимдаа бэлэг тараах боломжоо ашиглан бусад нэр дэвшигчдээс өөртөө давуу байдал бий болгохоос хориглосон заалт. Нэр дэв-шигчид тэгш гараанаас сонгуульд оролцох ёстой гэсэн үзэл санаа. Тэгэхээр УИХ-д гарч ирсэн гишүүн Сонгуулийн тухай хуульд зааснаас бусад хугацаанд тойргийнхоо иргэдэд эд бараа тараах эрхтэй болж таарч байна. Энэ бол хуулийн цоорхой.

Уг нь УИХ-ын гишүүдийг цүнх ном хүүхдүүдэд тараах биш, тэр бүгдийг аав, ээж нь аваад өгч чаддаг болгох гэж сонгодог биз дээ. Гэтэл эрхэм төрийн түшээд маань улс орныхоо эдийн засгийг сайжруулж, ард түмнээ ажилтай орлоготой, гэдэс цатгалан, мөр бүтэн явуулна гэсэн амлалтаа буруу аргаар биелүүлээд байх юм. Тэд энэ суудалдаа удаан тогтох гэж баруун солгойгүй бэлэг сэлт тарааж байгаа үйлдлээ “Хууль зөрчөөгүй” гэж хэлэх байх. Ер нь хүн “Хууль зөрчихгүй байна” гээд ёс суртахуун зөрчих нь цаад хүнээ илүү увайгүй харагдуулдаг. Яагаад гэвэл хуульгүй бол юу ч хийж мэдэх нөхөр байна гэдэг нь танигддаг. “Хуулиас айгаад л нэг иймэрхүү явж байгаа юм байна. Тэрнээс сүйд хийх нь ээ” гэсэн дүгнэлтийг үйлдэл, хандлагаараа тод хэлдэг. Тэгээд ч хүн төрөлхтний араатан амьтнаас ялгагдах онцлог нь ёс суртахууны өгөгдөл.

Хүний мөн чанар, ёс суртахуун нь эцэг эхээс удамшдаг болохыг эрдэмтэд тогтоосон байдаг. Эрхэм гишүүд тойргийн иргэддээ элдэв эд бараа тараадаг байдал бол хуулийн цоорхойг ашиглаж өөртөө давуу байдал олж авах гэсэн увайгүй царай нь. Хуулиар хориглоогүй ч ёс суртахууны хэм хэмжээг зөрчвөл ямар харагддагийг дараахь зүйлээр жишээ авъя. Малыг хүн эмлэхэд хуулиар хориотой байдаг. Хуучин цагт ч ийм байсан. Энэ үйлдлийг хуулиар хориглоогүй байлаа гэж бодъё. Тэгээд хэн нэгэн тэнэг нь бэлчээр дээрээс охин зусаг барьж аваад оролдоод байвал “Хуульгүй юм чинь яахав, яахав” гээд тоохгүй өнгөрье гэх үү. Яаж ч бодсон ийм ичгүүр сонжуургүй үйлдэл гаргаж байгаа хүнийг харсан хэн ч жигшиж, зэвүүцнэ дээ. Тийм хүнийг ямар хүн гэх юм бэ. Тэгвэл “Хуулиар хориглоогүй юм чинь” гээд тойрогтоо очиж шанага, сав, гутал хувцас тарааж байгаа УИХ-ын гишүүдийн үйлдэл үүнтэй агаар нэг юм. Тэдний бодож, сэтгэж олсон санааг харахаар үнэхээр сэтгэл эмзэглэмээр. Ард түмний ядууд нь тааруулж элдэв юм тараана. Тэгсэн хэрнээ хавдрын эмнэлэг бариад улсад асар өндөр үнээр шахах гэж байгаа М.Билэгт гишүүнд ёс зүй, жудаг байдаггүй юм уу.

Ёс зүйгүй, ёс суртахуунаа зөрчсөн хүнд ард түмэн үнэн голоосоо дургүй байдаг. Эртний суут сэтгэгч Аристотель, Күнз нар “Ёс суртахуунтай хүнд хуулийн хэрэг байхгүй гэж хэлсэн байдаг” шүү дээ. Хэдийгээр хуульгүй байлаа ч ёс суртахуунгүй үйлдэл хийдэг эрхэм гишүүд үүнийг үүнийг тунгаан бодно биз ээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Чойжоо минь, чи одоо барилга баривал гэр хороололд л барь” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Чойжоо минь, чи одоо барилга баривал гэр хороололд л барь” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Улс төрийн нүүрт УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа. Тэрбээр “Ил тод, үр ашигтай байх, төсвийн зарлагын реформд ахиц гарсан төсөв өргөн баригдлаа” хэмээлээ.

Манай өнөөдрийн дугаарын “Эдийн засаг” буланд Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжинтэй ярилцсан сонирхолтой ярилцага мөн багтсан билээ.

МБШТөв Гандантэгчэнлин хийдийн их шанзодбо А.Амаржаргал манай өнөөдрийн дугаарыг чимсэн билээ. Ярилцлагыг XII, XIII нүүрнээс унших боломжтой.

Ойрын өдрүүдэд шуугиантай байгаа Монгол бөхийн өргөөтэй холбоотойгоор МҮБХ-ны гүйцэтгэх захирал Ц.Магалжавтай ярилцсан билээ. Тэрбээр Бөхийн өргөө түгжээтэй байх нь Л.Чинбатын холбооныхонд ашигтай гэжээ.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, тогтмол гаргад булангууд, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029, 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Нян судлалын кабинеттай болгох асуудлыг шийдвэрлэжээ

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатараар ахлуулсан Ажлын хэсэг Монгол оронд уурхайн бүс нутаг гэгдэх болсон Цогтцэций суманд ажиллах үеэрээ тус сумын “Мөрөөдөл” цогцолбор сургуульд мини автобус, Цагдаагийн тасагт барилгын цахилгаан монтаж засвар, ЭМТ-ийг нян судлалын кабинеттай болгох асуудлыг шийдвэрлэжээ.

Мөн сумын гуравдугаар цэцэрлэгийн тохижилт, Монгол Улсын баатар Т.Борын нэрэмжит сургуульд гал тогооны тоног төхөөрөмж, нэгдүгээр ангийн хүүхдүүдийн ширээ сандал, Гал унтраах ангид шуурхай албаны машин, “Тэгш дүүрэн” ОНӨААТҮГ-т хогийн машины дугуй, хогийн цэгийг хашаажуулах асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн байна.

Цогтцэций сумын Мөрөөдөл цогцолбор нь 640 хүүхдийн сургууль, 114 хүүхдийн цэцэрлэг, 100 хүүхдийн дотуур байртай. Энэхүү сургуульд ихэнхдээ уурхайчдын хүүхдүүд ерөнхий боловсрол эзэмшдэг бөгөөд сумын төв, гэр хорооллоос хүүхдүүдээ зөөх шаардлагатай байдаг аж. Мини автобустай болсноор сургууль хүүхдүүдээ аюулгүй тээврийн хэрэгслээр зорчуулах боломж бүрдэж байгаа аж.