Categories
мэдээ нийгэм

Арвайхээрт хепатит В, С вирусын илрүүлэг шинжилгээнд арван мянга хүн хамрагджээ

Арвайхээр аймгийн хэмжээнд хепатитын В,С вирүсийн илрүүлэг шинжилгээнд 15-39 насны 47700 иргэнийг хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Одоогоор 9361 иргэн хамрагдсанаас С вирусийн халдвар 308, В вирусийн халдвар 489 бүртгэгджээ. Мөн С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээнд 40-65 насны 367 иргэнийг хамруулснаар С вирусийн идэвхжилтэй 161 тохиолдол бүртгэгдсэн аж.

Арвайхээр сумын ерөнхий боловсролын таван сургуулийн ахлах ангийн 1779 сурагчийг хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээ, оношилгоонд хамруулснаас В вирүсийн халдвар 11, С вирүсийн халдвар нэг илэрч, идэвхжил тодорхойлох шинжилгээнд илгээж хяналтад авчээ.

Аймгийн ЭМГ, БОЭТ-өөс 2017 онд илрүүлэг шинжилгээгээр В вирүсийн халдвартай гарсан 40-65 насны 1601 иргэнийг хепатитын В вирүсийн идэвхжил тодорхойлох шинжилгээ, эмчилгээнд хамруулах, 15-39, 65-аас дээш насны С вирүсийн идэвхжилттэй илэрсэн иргэдийг эмчилгээнд бүрэн хамруулах, сумдад “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж, илрүүлгийн хамрагдалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт аюултай хог хаягдлын журмыг нийтэлжээ

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Журам батлах, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ.

“Инновацийн үйл ажиллагаанд оролцогчид грант олгох журам”-ыг уг тогтоолоор баталсан бөгөөд инновацийн төсөл шалгаруулах, грант олгох, хэрэгжилтэд нь хяналт тавих, үр дүнг тооцох үйл ажиллагааг тэрхүү журмаар зохицуулах юм байна.

Инновацийн төсөл нь зах зээл дээрх ижил төстэй бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээтэй харьцуулахад өрсөлдөх чадвар, техник, эдийн засгийн үзүүлэлтээр илүү байх, төслийг хэрэгжүүлэх маркетингийн болон бизнес төлөвлөгөөг боловсруулсан, зах зээлийн эрэлт хэрэгцээг судалгаанд суурилан тодорхойлсон, өрсөлдөгч бүтээгдэхүүнээс ялгарах давуу тал (техник, технологи, үнэ, өртөг, нэмүү өртөг шингээсэн байдал зэрэг)-уудыг бүрэн нотлон илэрхийлсэн байх, бүтээгдэхүүн, үйлчилгээний анхдагч загварыг гаргаж, технологийн туршилт, зүгшрүүлэлт хийсэн байх зэрэг шаардлагыг хангах ёстой юм байна.

Харин төсөл хэрэгжүүлэгч гэрээнд заасан хугацаанд инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд гаргах боломжтойг нотолсон байх, төслийг амжилттай хэрэгжүүлэх хүний нөөц, санхүүгийн чадавхитай байх, аливаа хэлбэрийн санхүү, хөрөнгийн өр төлбөргүй байх юм байна.

Нэг төсөлд олгох грантын хэмжээ нь тухайн төслийн нийт санхүүжилтийн 40 хувиас ихгүй, 60.0 сая төгрөгөөс хэтрэхгүй байх бөгөөд үлдсэн хөрөнгийг төсөл хэрэгжүүлэгч нь бусад эх үүсвэр (өөрийн, банк, хөрөнгө оруулалтын сан, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид зэрэг)-ээс бүрдүүлсэн байх шаардлагатай ажээ.

Грантыг инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд үйлдвэрлэн нэвтрүүлэхэд шаардагдах үндсэн тоног төхөөрөмж, сэлбэг, багаж хэрэгсэл худалдан авах, тээвэрлэх, суурилуулах, түүхий эд, материал, урвалж бодис, программ хангамж зэргийг худалдаж авах, тээвэрлэх, суурилуулах зэрэг үйл ажиллагаанд зарцуулах юм байна.

Түүнчлэн эмхэтгэлд Журам, жагсаалт батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ. Тогтоолоор “Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах болон бүртгэх, тайлагнах журам”, “Аюултай хог хаягдлын жагсаалт”-ыг баталсан бөгөөд журмуудыг эмхэтгэлд бүрэн эхээр нь нийтэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Ч.Ганзоригт холбогдох шүүх хурал болж байна

АТГ-аас “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг /2018.09.24-25/ саатуулсан. Түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь, ”Стандарт” банктай холбоотой асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байсан юм.

Ч.Ганзоригийг цагдан хорих эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болж байна.

Categories
мэдээ нийгэм

“Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” хэлэлцүүлэг зохион байгуулжээ

Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, ГХУСЗСЗ, дүүргийн цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэс хамтран “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” хэлэлцүүлгийг “Корпорэйт” зочид буудлын хурлын танхимд өнгөрөгч сарын 28-ны өдөр /2018.09.28/ зохион байгуулжээ.

“Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам”-ыг тодорхойлох, тус дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг саармагжуулах, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг явуулсан байна. Хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан саналыг нэгтгэн зөвлөмж гарган үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллах юм.

Хэлэлцүүлэгт ХЗДХЯ-ны ГХУСАЗЗ-ийн ажлын албаны дарга, Хэрэг бүртгэх алба, Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл зэрэг 18 байгууллагын 80 гаруй төлөөлөл оролцож үзэл, бодлоо илэрхийлсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш 2571 төгрөгт хүрлээ

Монгол банкны нэрлэсэн ханшаар өнөөдөр нэг ам.доллар 2550 төгрөгтэй тэнцэж байна. Валют арилжааны “Найман шарга” зах дээр ам.долларын авах үнэ 2565, зарах үнэ 2571 төгрөгт хүрчээ. Арилжааны банкнуудын валютын зах зээлд хэрхэн оролцож буйг хүснэгтээр үзүүлэв.

Categories
мэдээ нийгэм

Бамбаруушийг байгальд нь тавилаа

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 361-р гарамын ойролцоо өчигдөр өглөөний 08:00 цагийн орчимд баавгайн бамбарууш орж ирсэн тухай нийслэлийн шуурхай удирдлагын төвд мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу нийслэлийн Байгаль орны газрын мэргэжилтнүүд очиж, зориулалтын багажаар барьж, нийслэлийн Мал эмнэлгийн газарт хүргэн шинжилгээнд хамруулсан байна. Шинжилгээгээр ямар нэгэн өвчин илрээгүй байна. Мөн биед нь ямар нэгэн шарх сорвигүй байсан тул салбарын эрдэмтэн, судлаачидтай зөвлөлдсөний үндсэн дээр өчигдөр оройн 18:30 цагийн орчимд байгальд нь эргүүлэн тавилаа.

Нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтнүүд өнгөрсөн хавар төрсөн бамбарууш тул өөрөө бие даан амьдрах бүрэн чадвартай болсон гэдгийг хэлж байсан юм.

Өчигдөрийн олдсон бамбарууш нь МУ-ын Засгийн газрын тогтоолоор баталсан ховор амьтны жагсаалтад багтсан хүрэн баавгайн төл юм байна.

Он гарсаар нийслэлийн нутаг дэвсгэрт могой, өмхий хүрэн, буга зэрэг зэрлэг амьтан орж ирсэн 30 гаруй дуудлага ирсэн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ эдийн-засаг

Ирэх оны төсөвт нүүрсийг 75.9, зэсийг 6272 доллараар тооцжээ

Ирэх оны төсвийг УИХ энэ өдрүүдэд хэлэлцэнэ. 65-ын бүлгээс төсвийг судлах ажлын хэсгийг 11 гишүүний бүрэлдэхүүнтэй, Д.Оюунхорол гишүүнээр ахлуулан байгуулаад буй.

Сангийн яамнаас ирэх онд уул уурхайн салбараас 2018 оны батлагдсан дүнгээс 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдэж нийт 3.0 их наяд төгрөгийн орлого оллохоор төлөвлөжээ. Энэ нь төсвийн нийт орлогын 27.1 хувийг бүрдүүлэхээр байгаа аж.

Ирэх онд нүүрсний экспорт 42.0 сая тонн, зэсийн баяжмалын экспорт 1.4 сая тонн, Монголбанканд тушаах алтны хэмжээ 21.0 тонн байхаар тооцжээ. Нэг тонн нүүрсийг 75.9 ам.доллар, зэсийг 6272 ам.доллар байхаар төлөвлөөд байна.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын Удирдах зөвлөл ирэх долоо хоногт хуралдана

Засгийн газраас Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг албан ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг өнгөрсөн наймдугаар сард гаргасан. Улмаар өчигдөр албан үүргээс нь чөлөөлөх УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн юм. Тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэж, олонхийн саналаар шийднэ. Энэ долоо хоногт тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэсний дараа МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж хуралдаж, Зам, тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшигчийг тодруулах юм. Удирдах зөвлөлийн хуралдааныг ирэх долоо хоногт товлох чигтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Орон даяар урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ хийгдэж эхэллээ

Монгол Улсын эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтээс сүүлийн 5 жилийн судалгааны хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх 5 шалтгааныг үндэслэн Эрүүл мэндийн яамнаас улс орон даяар өчигдрөөс эхлэн эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэн иргэдээ анх удаа Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг, оношилгоонд хамруулахаар боллоо.

Ингэхдээ дөрвөн насны /18-34, 35-45, 46-64, 65-аас дээш/ ангиллаар үзлэгүүдийг багцлан хамруулна. Бүх насны ангилалд эмчийн ерөнхий үзлэг, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, халдварт бус өвчний бүрдмэл үнэлгээ хийгдэх ба энэ үзлэг дээр суурилан эрүүл мэндийн эрсдэлийг илрүүлэн дараагийн үзлэгт хамруулах аж.

Даатгуулагчид 18-34 насны урьдчилан сэргийлэх багцад БЗДХ, Сүрьеэгийн илрүүлэг үзлэг орно. 40-өөс дээш насны даатгуулагчид нийт 8 төрлийн хорт хавдрын илрүүлэг, үзлэгийг хийнэ.

Ингэснээр Зонхилон тохиолдох халдварт бус өвчнүүд болон хорт хавдарыг эрт илрүүлж, эмчилэх боломжтой.

Үзлэг оношилгоог харьяалагдах өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд хийж байна.

Categories
мэдээ нийгэм

Албаны музейд 100 гаруй үзмэр дэлгэгдлээ

Архангай аймгийн Онцгой байдлын газраас Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан бүтээн байгуулалтын томоохон ажил болох Албаны түүхэн музейн нээлтээ хийлээ.

Албаны музейд Онцгой байдлын газрын түүхэн замнал, үе үеийн шилдэг, бүтээлч алба хаагчдын өөрсдийн гараар урласан бүтээлийн дээжис, цуглуулга, гаргасан амжилт бүтээлийн товчоон, тамга тэмдэгний дардас, гал сөнөөгчдийн сургалтын видео хальс, аврагчдын хэрэглэж байсан хувцас, багаж хэрэгсэл, гэрэл зургийн цомог, Бүгд найрамдах өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчдын бэлэг, дурсгалын зүйл зэрэг 100 гаруй үзмэр дэлгэгдээд байна.

Онцгой байдлын газрын үүсэл, хөгжил, түүхийн арвин баялаг эд өлгө, баримт материалыг цуглуулах, хадгалан хамгаалж хойч залуу үедээ өвлүүлэх, олон нийтийн хүртээл болгох, залуу болон ахмад үеийн залгамж холбоог бэхжүүлэх зорилгоор Албаны музейг байгуулаад байна гэж Архангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.