Categories
мэдээ нийгэм

Д.Сумьяабазар: Алтны үйлдвэрлэлийг тэрбум ам.долларын орлого бүрдүүлдэг салбар болгоно

Уул уурхайн салбарыг зөвхөн нүүрс, зэс гэлтгүй олон тулгууртай болгох зорилтын хүрээнд алтны салбарыг жил бүр тэрбум давсан ам.долларын орлого бүрдүүлдэг салбар болгож, улмаар Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”-д хүрэх нэг тулгуур болгон хөгжүүлнэ гэдгээ УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар өнөөдөр эхэлсэн “Алтны форум”-ыг нээж хэлсэн үгэндээ онцлов.

Тэрээр цааш нь хэлэхдээ, “Уул уурхайн орлого нэмэгдэхтэй зэрэгцээд Оюутолгой, Тавантолгой хоёр л байхад хангалттай гэх маягийн дуу хоолой цухалзаж эхэлдэг. Уул уурхай солонгорч, эрдэс бүтээгдэхүүний үнийн өсөлт, уналтын шуурганд улсын төсвийг бүрдүүлэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, уул уурхайг даган бизнес хийж буй олон мянган жижиг, дунд ААН, компаниудын үйл ажиллагаа, тэдгээрт ажиллаж буй олон зуун иргэдийн орлогыг тасалдуулахгүй байж, өсөн дэвжих суурь нь болох ёстой. Үүний нэг алтны үйлдвэрлэлийг тэрбум долларын салбар болгох бодлогын хүрээнд бид: Шороон ордын алт олборлолт давамгайлсан салбараас үндсэн орд руу шилжих ажлыг ойрын 5 жилд ямар нэгэн завсар, хийдэлгүйгээр хийх, Дээрх шилжилтийн үе шатанд шороон ордоос алт олборлох эрхзүйн болон татварын орчныг тогтвортой байлгаж, орлогыг тасалдуулахгүй байх, Уул уурхайн салбарт байгаль орчны менежмент, уурхайн хаалтын санхүүгийн баталгааны механизмуудыг олон улсын түвшинд тулгуурлан нэвтрүүлэх, үүнийг эрхзүйн зохицуулалт болгон хуульчлах ажлыг БОАЖЯ, ХЗДХЯ, Сангийн яамтай хамтран хийх, Хайгуулын тусгай зөшөөрөл олголтыг сонгодог тогтолцоо болон сонгон шалгаруулалт, өргөдлөөр олох тогтолцоо руу шилжинэ гэв. Салбары сайд үгийнхээ төгсгөлд, “Хайгуулын эрдслийг бууруулах үүднээс энд хөрөнгө оруулагчдын сонирхолыг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, төсвийн орлогын ихэнхийг бүрдүүлдэг уул уурхайн салбарт тогтвортой хөгжлийг хангах үүднээс эргээд төсвөөс хөрөнгө тун бага зарцуулдаг гажуудлыг ирэх оноос эхлэн засахаар Улсын төсвийн төсөлд тусгаж эхлээд байна” гэдгээ мэдэгдсэн юм.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, “Үндэсний алт үйлдвэрлэгчдийг төрийн бодлогоор дэмжиж, тулгарч буй хууль эрхзүйн зохицуулалтын шинжтэй хүндрэл брэхшээлийг төрийн байгууллагууд хамтран шийдвэрлэх нь энэ салбарын хөгжил төдийгүй, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал юм” гэдгийг тодотгож “Эх орны алтаар эрдэнэсийн сангаа арвижуулснаар гадаад валютын нөөцөө өсгөж, эдийн засгийн тэнцвэрийг хангана” гэж үзэж буйгаа дахин илэрхийлсэн юм. Монголын эдийн засаг дахь ханшийн хямрал, өрийн хүндрэлээс аврах алтны татварын хуулийн (Алтны нөөц ашигласны төлбөрийг бууруулж, өсөн нэмэгдэх татварыг тэглэсэн) үйлчлэх хугацаа энэ оноор эцэслэж буйг дуулгаж уг хуулийн хугацааг дахин 5 жилээр сунгаж 2024 он хүргэх нь зүйтэй гэж Төвбанкнаас үзэж буйг энэ үеэр мэдэгдлээ.

Сүүлийн хэд хоногт ам.долларын эсрэг үндэсний валют болох төгрөгийн ханш суларч байгаа ч сүүлийн 5 жилд валютын ханш тогтвортой байж, өсөлтийг хазаарлаж, гадаад валютын нөөцөө нэмэгдүүлж ирэхэд алтны үйлдвэрлэл чухал үүрэгтэй байсныг форумд оролцож буй салбарынхан онцолсон. Өдгөө олон улсын геополитикийн байдлаас үүдсэн гадаад секторын тодорхой бус байдал, зах зээлийн гэнэтийн савалгаанаас сэргийлж тогтвортой байдлаа хадгалах гарц шийдэл нь алтны салбарын өсөлт хөгжил юм гэдгийг мэдэгдэж байв. Гэхдээ дээрх зорилтуудтай хамт хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх асуудал орхигдолгүй явах учиртайг хэлж байлаа. Энэ үүднээс уул уурхайн салбарт байгаль орчны менежмент, уурхайн хаалтын баталгааны механизмуудыг олон улсын түвшинд тулгуурлан нэвтрүүлж, эрхзүйн зохицуулалт болгон хуульчлах ажлыг хийж эхэлж буй талаар мэдэгдсэн УУХҮ-ийн сайдын үгийг дэмжиж санал нэг байгаагаа илэрхийлж байв.

УУХҮЯ, Монголбанк болон “Bloomberg TV Mongolia” хамтран зохион байгуулж буй “Алтны форум”-д БОАЖЯ, Сангий яам, ЦЕГ, Тагнуулын ерөнхий газар, МХЕГ, татвар зэрэг төрийн байгууллага, алт үйлдвэрлэгч ААН, компаниудын төлөөлөл, эдийн засагч судлаач, шинжээч 200 гаруй хүн оролцож байна.

Тодруулга: Монголбанкинд тушаах алтны хэмжээ сүүлийн 5 жил тасралтгүй өсч, өнгөрсөн онд 20 тоннд, энэ оны эхний 9 сарын байдлаар 14.3 тоннд хүрээд байна. Энэ нь өмнөх 5 жилтэй харьцуулахад 7 дахин нэмэгдсэн дүн болж байгаа аж. Ингэснээр манай улс алтнаас сүүлийн 6 жилд нийт 2.74 тэрбум ам.долларын валютын нөөц бүрдүүлж, өнгөрсөн жил гэхэд алтны экспорт Төвбанкны нөөцийг 787.8 сая ам.доллараар зузаатгажээ.

Categories
мэдээ спорт

Эмэгтэй шатарчид Индонезийн багийг хожив

Дэлхийн 43 дахь удаагийн шатрын олимпиад Гүржийн нийслэл Батуми хотын “Black Sea Arena” цэнгэлдэх хүрээлэнд болж байна. Өнгөрөгч есдүгээр сарын 23-ны өдөр эхэлсэн олимпиад нээлттэй буюу эрэгтэйчүүдийн ангилалд 185, эмэгтэйчүүдийн ангилалд 150 орны нийт 1700 орчим шатарчин оролцож байна.

Тэмцээний долоо дахь өргийн тоглолт өчигдөр болж, урьдчилсан дүн гарлаа. Монгол Улсын эрэгтэй баг Венесуэлыг 2,5:1,5-аар хожиж, 44-р байрт жагссан. Харин тэмцээний эхний өргүүдэд тэргүүлэгчийн нэгдүгээр эгнээнд бичигдэж байсан Монгол Улсын эмэгтэй баг 16-р байр руу ухарлаа. Тэд өчигдөр долоо дахь өрөгт Индонезийн багтай тоглож, 3.5:1.5-аар хожжээ.

Манай эмэгтэй баг 5-р өрөгт АНУ-д, 6-р өрөгт Румын багт хожигдсоноор тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдээд байна. Өнөөдөр найм дахь өргийн тоглолт болох бөгөөд эрэгтэй баг Узбекстан, эмэгтэй баг Польшийн багтай тоглохоор оноолт таарсан байна. Тоглолт Улаанбаатарын цагаар 19:00-с эхлэх бөгөөд тэмцээн 11 өрөг болж, энэ сарын 6-ны өдөр дүнгээ гаргана.

Эрэгтэй багийг Азарбайжан, Польш, АНУ, Армен, Энэтхэг тэргүүлж байгаа бол Монгол Улсын баг 44-р байрт бичигдэж байна. Эмэгтэй багийг Армен, БНХАУ, Украйн, Гүрж, Румын, АНУ, Энэтхэгийн багууд тэргүүлж байгаа бол Монгол Улсын баг 16-р байрт бичигдлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Насанбаяр:Сэтгэл хөдлөл бидний ажил, амьдралыг шийддэг

Б.Насанбаярын EQ буюу сэтгэл хөдлөл, өөрийгөө танин мэдэх болон бусдыг ойлгох, харилцах талаар сонирхолтой лекцийг уншигч та бүхэндээ хүргэж байна. Б.Насанбаяр боловсрол судлалын ухааны доктор агаад Боловсролын шинэчлэл-шийдэл” номын зохиогч юм. Тэрбээр энэхүү лекцээ Нью-Йорк таймсын шилдэг номоор шалгарч байсан EQ-гийн талаар хамгийн анхны ном болох зохиолч, сэтгэл судлаач Даниэл Голмэний “Emotional intelligence бүтээлд түшиглэжээ. Уг ном 1995 онд хэвлэгдсэн юм.

EQ нь өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг мэдрэх ойлгох, хянах, тэдгээрийг ялгаж салгаж, зөв хариу үйлдэл үзүүлэх чадварыг хэлнэ. Хүмүүс хаа хамаагүй хүнд сэтгэл хөдлөлөө нэг их гаргаад байдаггүй. Хамгийн дотнын хүмүүс, эхнэр нөхөртөө сэтгэл хөдлөлөө хяналтгүй илэрхийлдэг ажээ. Хүний сэтгэл хөдлөлийн оргил үе 13-15 секунд үргэлжилдэг. 20 минутын дараа дэвэрсэн сэтгэл хэвэндээ ордог. Хэрэггүй юманд уурлачихав уу даа гээд хяналт нь удаж төдөлгүй эргээд ирдэг. Сэтгэл хөдлөлийг удирддаг тархи түргэн тусламж шиг ажилладаг. Хүн дайрахад өөрийгөө шууд хамгаалдаг. Хэрвээ эхнэр нөхөр зөрчилдвөл 20 минутын завсарлага ав. Завсарлагаа аваад буцаад уулзахаар эрүүл ухаанаар ярилцана. Стэнфордын их сургуулийн эрдэмтний судалгаагаар эмчдээ итгээгүй айдастай байгаа байгаа өвчтөний хагалгаанд хүндрэл гардаг байна. Ийм өвчтөний мэс заслын товыг хойшлуулдаг.

Хүний харилцааны үндсэн хэрэглүүр юу вэ?

Хүмүүс үг хэл яриа дийлэнх хувийг эзэлдэг гэж боддог. Үнэндээ үг хэл 10 хувиар л нөлөөлдөг. Үгээ ямар өнгө, хандлагаар хэлэх, дуу хоолой, биеийн хэлэмж ихийг өгүүлдэг шүү. Эерэг, сөрөг сэтгэл хөдлөл бидний ажил, амьдралыг шийддэг. Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар багатай удирдагч уур бухимдлаа яаж зохицуулахаа ч мэддэггүй учраас хамт олны уур амьсгал шуудайд хийсэн үхрийн эвэр шиг болчихдог. Харин EQ өндөртэй хүмүүс хамт олноо сэдэлжүүлдэг, шинэ санаа гаргадаг, бусдыг сонсдог, алдааг нь хүлээн зөвшөөрдөг байна.

EQ хөгжихөд хамт олон чухал. Нэг хүн шүүмжлэл хэлэхэд бүгд дайрдаг бол хэн ч юм хэлэхээ больчихдог. Нэг нэгнээ хүндэтгэсэн харилцаатай бол байгууллагын уур амьсгал ч эерэг байдаг. EQ хамт олон дунд, харилцаан дунд бий болдог. Түүнээс биш би л болж байвал бусад нь хамаагүй гээд яваад байж болдоггүй. Хүмүүс дарамтлаад байвал яаж өөрийгөө хамгаалахад л анхаарлаа хандуулдаг. Яаманд, төрд удаан ажилласан хүмүүс ажил хийх гэхээсээ илүү би яаж аятайхан байж байх вэ гэдэгт анхаарал хандуулж байдаг. EQ хөгжүүлэх, сэтгэлээ удирдахын тулд таван чадвар эзэмших учиртай. Өөрийгөө танин мэдэх, удирдах чадвар, өөрийгөө идэвхижүүлэх, бусдыг ойлгох, харилцах чухал.

EQ-г хөгжүүлж болдог. Амжилттай амжилтгүй яваа менежерүүдийг ялгадаг гол хүчин зүйл нь бусдад хайрлагдаж хүндлэгдсэн эсэхээрээ л ялгардаг. Хүнтэй чин сэтгэлээсээ хүн ёсоор харьцдаг байж л ийм амжилтанд хүрнэ. Тухайн байгууллага, хамт олон дунд хүний ёсоор хүндлэгдэж чадахгүй бол элдэв хуйвалдаан зөрчил мөргөлдөөн гаардаг.

Өөрийгөө идэвхижүүлэх нь амьдралын хөшүүрэг. Гадны нөлөө, урамшуулал, шаардагдахгүйгээр өөрийгөө эцсийн зорилгодоо хүртэл жолоодох гэсэн үг. Урам зориг, эерэг хандлага, нь бусдын нөлөөнд авталгүйгээр бие даан өөрийгөө зоригжуулах урагшлуулах чадвартай болгодог. Хүний үндсэн суурь чадвар хөгжихөд зорилготой байх нь чухал. Уян хатан, өөдрөг байдал, тэсвэр хатуужил чухал. Ямар ч нөхцөлд өөрийгөө идэвхижүүлдэг байх хэрэгтэй. Ялангуяа хүүхдийг багаас нь идэвхижүүлэх нь чухал. Өөрийгөө удирдах нь дасан зохицох, эерэг бодол, төлөвлөгөөтэй байж асуудлыг шийдвэрлэдэг байх юм. Бусдыг ойлгох гэдэгт тэвчээр хатуужил, нийцэл орж ирж байгаа юм. Бусадтай харилцахад зөрчлийг зохицуулах чадвар чухал. Үйлдлээ тунгаан боддог хүн л өөрийгөө таньдаг. Өөрийгөө хянах гэдэг нь дарамт, хүнд нөхцөл байдлыг сэтгэлээр уналгүй давах тухай юм. Түүнээс биш хүмүүс сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргадаггүй хүнийг өөрийгөө сайн хянадаг гэж ойлгодог нь буруу. Баярлаж гуниглаж байгаа нь мэдэгддэггүй хүмүүс “хаагдмал” ангилалд багтана. Сэтгэл хөдлөлөө гадагшлуулахгүй бол эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөнө. Ямар ч нөхцөлд тайван байж, саруул ухаанаар ханддаг бол өөрийгөө хянаж байгаа хэрэг. Өөрийгөө хянах гэдэг нь хориглох гэсэн үг биш шүү. Сэтгэл хөдлөл өндөр үедээ шийдвэр гаргах шаардлагагүй.

Хамгийн чухал чадвар анхаарал юм шүү. Бусдыг анхаардаг хүмүүс хүнийг хайрлаж, энэрэх чадвартай байдаг. Анхаарал хандуулах чадвараа сайжруулахад бясалгал чухал. Хүмүүс мөнгөтэй болчихвол, уурлын оргилд гарчихвал тэгчихвэл ингэчихвэл би аз жаргалтай болчихно гэж хий хүлээдэг. Гэтэл өнөөдөр би сэтгүүлчээр ажиллаад, хүмүүст мэдээлэл түгээгээд явж байгаа нь аз жаргал гэх мэтээр өөрөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм байна. Би гурван хүүхдийн ээж болоод, хүүхдээ өсгөөд явж байгаа нь аз жаргал юм. Байгаа байдал чинь аз жаргал гэж мэдэрвэл анхаарах, үнэ цэн өгөх чадвар хөгжнө. Анагаахын шинжлэх ухаан тархины эс сэргэдэггүй гэж үздэг. Харин баяр хөөртэй, аз жаргалтай байхад тархины холбоосууд улам хөгжиж байдаг тухай нотолгоонууд бий.

Хүн сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадвартай, сэтгэлээ хуваалцдаг хүнтэй байх учиртай. Хэнд юугаа хэлэхээ мэддэг байх ёстой. Ухаалаг эв дүйтэй байх нь бусдын болон өөрийнхөө талаар үзэл бодлоо эвтэйхэн илэрхийлдэг, дипломат зан гаргах үедээ гаргадаг, урнаар дүрслэх чадвар нь харилцааг илүү ойр дотно болгож байдаг.

Хүн хамгийн эхлээд өөрийгөө хайрлах учиртай. Хамгийн их уучилж, боломж олгох ёстой хүн бол та өөрөө юм. Өөртөө сэтгэл хангалуун таатай байж, бусдад өгөөмөр ханддаг.

EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах тестүүд их гардаг болсон байна. Монголд Карьер хөгжлийн төв гэж бий. Ажилдаа амжилт гаргахад EQ 85 хувиар нөлөөлдөг гэсэн судалгааны дүн гарчээ. Тухайн хүний өөрийгөө удирдах чадвар, үнэ цэнээ мэдрэх мэдрэмж, бусдыг үнэлэх үнэлэмж нь ажилд нь маш их нөлөөлдөг гэсэн үг. Монголын томоохон компаниуд EQ-гийн тестээр шинэ хүнээ оношлож авч эхэлсэн байна.

АНУ-ын хоёр сургуульд хэрэгжүүлсэн жишээ байна лээ. Ангид гучин хүүхэд сууж байлаа гэхэд гучин өөр ертөнц сууж байгаа гэсэн үг. Өглөө аав нь загнаад гаргачихсан, урьд шөнө гэр бүлийн хэн нэгэн нь архидаад, нойр муутай хоносон гээд 30 янзын өөр дүр төрх суудаг. Ийм асуудалтай хүүхдүүдэд хичээлээ хичнээн сайн заагаад, гоё лабораторид хичээл ороод нэмэргүй байна гэж судалгааны дүн гарчээ. Тэгээд тэр сургуулийнхан 10 оноогоор сурагчдынхаа сэтгэл санааны байдлыг үнэлдэг болжээ. Сэтгэл санаа нь сайхан бол сурагч 10 гэсэн тоогоор илэрхийлдэг, муу бол хоёр, гурав гэдэг. Дуу муутай байгаа хүүхэдтэй багш тусгайлан ажиллаад, хэвийн болсны дараа хичээлдээ ордог. Ийм арга хэмжээний дараа хүүхдүүдийн сурлагын амжилт асар сайжирчээ. Нөгөө сургууль нь бэрхшээлтэй асуудлаа нээлттэй хуваалцдаг нэргүй хайрцаг гаргаад, “Би хэцүү байна” гэсэн бол багш нар тэр хүүхэдтэй ажилладаг жишээ байна.

EQ-г нэмэгдүүлэх дөрвөн арга:

-Санаа зовоосон асуудлаа бусдад ярихад хэцүү байгаа бол цаасан дээр бич.

Сэтгэлээр унаад байвал аз жаргалын гормон буурдаг. Сератонин гэдэг бодис хүнийг тайвшруулдаг. Нарны гэрэл энэхүү сератонин ялгарахыг дэмжиж байдаг. Монголчууд ажилгүй ч өөдрөг яваад байдаг нь нарлаг байдагтай холбоотой юм болов уу гэж бодлоо (инээв). Өглөө цайныхаа дээжийг өргөдөг, нар мандахад залбирдаг нь учиртай юм байна.

-Өөрийгөө хүчлэхгүйн тулд үгүй гэдэг үгийг хэлж сур.

-Өдөрт арван удаа “Баярлалаа” гэж хэлэх шалтгаан хай. EQ хөгжүүлэх дадал зуршил болго. Дадал болгохын тулд 136 өдөр давтан хийх учиртай. Үүний дараа 2000 удаа уг үйлдлээ давтаж байж мэргэжлийн болдог.

Нэг компанийн мөнгө олсон нууц гэсэн чинь ганцхан өгүүлбэр байгаа юм. Захирал нь ч бай харуул нь ч бай “Танд би юугаар туслах вэ” гэдэг ганцхан өгүүлбэр хэлдэг. Тэр өгүүлбэр нь ашиг орлого авчирсан тухай ярьсан байдаг.

-Чухал хүмүүстэйгээ илэн далангүй байж, тэднийг сонсох учиртай.

Амьд харилцаа багасах тусам EQ гэдэг юм буурдаг. Сэтгэлээ уудлах цаг гаргаж, бясалгал хийх хэрэгтэй. EQ сэтгэлгээтэй холбоотой. Тогтонги сэтгэлгээтэй юу өсөн хөгжих сэтгэлгээтэй юу гэдэг чухал.

9 настай охин гимнастикийн тэмцээнд оролцоод амжилт үзүүлээгүй. Аав, ээж багш нь ийм тохиолдолд юу хэлдэг вэ?

Таван төрлийн хариулт байна. Эдгээр үгсийг өдөр тутам хүүхдэд хэлээд байхаар ямар сэтгэлгээ тогтох вэ гэдэгт дүгнэлт хийжээ.

Энэ таван хариултын үр дүн юу байв?

Хамгийн сайн нь байсан санаа зоволтгүй гэхээр хүүхэд тухайн үедээ тайвширсан ч цаашдаа дасгал сургуулилт хийх хүсэлгүй болчихдог.

-Ийм тохиолдолд “Медиалаа дээрэмдүүлчихлээ” гэж хэлэх нь өөрийн алдаанд бусдыг буруутгадаг хандлага төлөвшүүлдэг.

“Гимнастик тийм ч чухал биш санаа зоволтгүй” гэвэл өөрийн чадаагүй зүйлд үнэ цэн өгөхөө болиод шууд хаячихдаг болно.

“Дараагийн удаа чадна. Миний охин авьяастай” гэхээр цаашид хичээн зүтгэх хүсэлгүй болгочихдог.

“Харин медаль авахуйц бэлтгэл сургуулилт хийгээгүй байна. Цаашдаа хичээцгээе” гэх нь хамгийн зөв хувилбар ажээ.

“Миний хүү угаасаа ухаантай, сайн” гээд байвал хүүхдэдээ аюултай. Сайн ухаантай учраас алдаа гаргаж болохгүй гээд өөртөө цензур тавьчихдаг. Алдаа гаргахаараа айдаст автдаг. Айдаст автсанаасаа болоод худлаа ярьдаг. Хүүхдийг ахиц, амжилтаар нь үнэлэх учиртай. Эцэг эхчүүд хүүхдэдээ байнга хэлдэг үгс. 100-ны 80 хувь нь унт бос, хичээлээ давт, боль гэдэг. Уужуу байж, хүүхдэдээ боломж олгох хэрэгтэй.

Дараах асуултуудад хоёроос олон удаа үгүй гэж байгаа бол та өөртөө дүгнэлт хийгээрэй.

Дахиад нэг жил энэ ажил дээрээ баймаар байна уу, ажилдаа бүрэн дүүрэн хүчээ дайчилдаг уу?

Таны удирдлага хүчээ дайчлах боломж олгож байна уу?

-Таны өдөр тутмын ажил хэтийн зорилгыг дэмжиж байна уу?

Хоёр удаа үгүй гэж хариулсан бол яагаад гэдгээ бодож үзээрэй.

Бодож үзсэнийхээ дараа шийдвэр гаргаж байх хэрэгтэй гэнэ шүү.

Categories
мэдээ нийгэм

Щвейцарын хөрөнгө оруулалтаар Алтай суманд сургууль барина

Швейцарын холбооны Улсын “La mensa e il gregge” ТББ-тай хамтран Алтай сумын Улаан хад багийн бага сургуулийн барилгыг дотуур байртай хамт шинээр барихаар болсон талаар аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Эл асуудлаар “La mensa e il gregge” ТББ-ын тэргүүн Маттёо Бэллинэлли аймгийн Засаг дарга А.Гылымхантай 10 дугаар сарын 02-нд уулзахдаа ярилцсан бөгөөд ирэх оны дөрөвдүгээр сараас эхлэн барилгын ажлыг эхлэхээр тохиролцжээ.

Улаан хад баг нь сумын төвөөс 50, аймгийн төвөөс 170 км алслагдсан, 120 өрх 500 орчим хүн амтай юм. Багийн төвд 2004 оноос бага сургууль байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. Сургуулийн барилга шинээр барьсанаар малчдын хүүхдүүдийг сургуульд бүрэн хамруулах, сургалтын орчныг сайжруулах боломж бүрдэх ажээ.

Дашрамд хэлэхэд, Швейцарын холбооны Улсын “La mensa e il gregge” ТББ-ын санхүүжилтээр 2017 онд тус аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл багт 100 хүүхдийн цэцэрлэг барьж ашиглалтад оруулж байсан.

Categories
мэдээ нийгэм

Дугуйн зогсоолтой болов

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас энэ оныг Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил болгон зарласны хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас багагүй ажлыг санаачлан хийгээд байгаа билээ.

Тухайлбал Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн санаачлагаар тус дүүрэг гадаанаа дугуйн зогсоолтой болсон байна. Иргэд автомашинаас зайлсхийж нийтийн тээвэр, унадаг дугуйг илүүд үзэх болсон өнөө үед төрийн үйлчилгээг иргэдэд ая тухтай, таатай орчинд хүргэх зорилтын хүрээнд тус зогсоолыг дүүргийн ЗДТГ-ын аж ахуйн тасгийн ажилчид өөрсдийн гараар хийсэн байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Ганзоригийг нэг сар цагдан хорихоор боллоо

ШҮҮХИЙН ШИЙДВЭР:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед Нийслэлийн Прокуророос яллагдагч Ч.Ганзоригт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.

Прокуророос ирүүлсэн дээрх саналыг хэрэгт ирүүлсэн баримтаар тогтоогдож байна гэж үзэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.02-ны өдрийн шүүгчийн захирамжаар энэ өдрөөс эхлэн Ч.Ганзоригийг нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

12:03 2018/10/02

“Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг есдүгээр сарын 24-25-нд шилжих шөнө АТГ-аас цагдан хорьсон ч өнгөрсөн долоо хоногт батлан даалтад гаргасан юм.

Харин түүнийг цагдан хорих уу, үгүй юу гэдгийг шийдэх шүүх хурал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болж байна.

Ямар шалтгаанаар баривчилсан тухай АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог “Ч.Ганзоригийг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудал дээр биш “Жаст” группийн асуудлаар таслан сэргийлэх арга хэмжээ аваад шалгаж байгаа.

Энэ хэрэг дээр нэлээн тодорхой хугацаанд шалгасан. Стандарт банкнаас авсан мөнгө хамаарал бүхий компаниудын үйл ажиллагаанд зарцуулагдсан нь тодорхой болсон. Ийм учраас түүний хамаарал бүхий иргэн, аж ахуйн нэгжүүдийн бүх хөрөнгийг нэг бүрчлэн гаргаж ирж, Монгол Улсын хэмжээнд байгаа хөрөнгийг бүртгэж, битүүмжилж, үнэлүүлэх ажиллагаа хараахан дуусаагүй байна.

Гэхдээ маш цөөхөн аймгийн үнэлгээний асуудал тодорхой болбол мөрдөн шалгах ажиллагаа дуусна” гэсэн мэдээллийг өгч байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Найман төрлийн хорт хавдрын үзлэгт хамрагдана

Монгол Улсын эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтээс сүүлийн 5 жилийн судалгааны хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх 5 шалтгааныг үндэслэн Эрүүл мэндийн яамнаас улс орон даяар эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэн иргэдээ анх удаа Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг, оношилгоонд хамруулахаар болжээ.

Ингэхдээ дөрвөн насны /18-34, 35-45, 46-64, 65-аас дээш/ ангиллаар үзлэгүүдийг багцлан хамруулна. Бүх насны ангилалд эмчийн ерөнхий үзлэг, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, халдварт бус өвчний бүрдмэл үнэлгээ хийгдэх ба энэ үзлэг дээр суурилан эрүүл мэндийн эрсдэлийг илрүүлэн дараагийн үзлэгт хамруулах аж.

18-34 насны урьдчилан сэргийлэх багцад БЗДХ, сүрьеэгийн илрүүлэг үзлэг орох бол 40-өөс дээш насны даатгуулагчид нийт найман төрлийн хорт хавдрын илрүүлэг, үзлэгт хамрагдах юм. Ингэснээр Зонхилон тохиолдох халдварт бус өвчнүүд болон хорт хавдрыг эрт илрүүлж, эмчлэх боломжтой. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах ажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авахыг дэмжсэнгүй

Хуульзүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэв. ҮХЦ Хэнтий аймгийн УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг ҮХЦ хэлэлцээд Үндсэн хуулийн холбогдох заалт зөрчсөн гэж үзсэн түдгэлзүүлсэн юм.

Ингэхдээ “УИХ нөхөн сонгууль товлон зарлахдаа, Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд төрийн байгууллагын бусад шийдвэр бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг зөрчиж, улмаар Үндсэн хуульд заасан шударга ёс, тэгш байдлын зарчим алдагдах, иргэдийн төрийн байгууллагад сонгогдох эрх зөрчигдөх нөхцөл бүрдүүлсэн байна “хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэсэн.

УИХ-ыг төлөөлж ҮХЦ-ийн хуралдаанд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн асуултад хариуллаа.

Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авахыг дэмжсэнгүй.

Categories
мэдээ нийгэм

Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ

Нийслэлийн Засаг даргын А/263 дугаар тоот захирамжийн дагуу нийслэлийн 2018 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 19-21-ний өдөр зохион байгуулна.

Хугацаат цэргийн албанд татагдах иргэнд цэргийн жинхэнэ албанд татах тухай цэргийн зарлан дуудах мэдэгдэл хүргүүлж эхэлсэн бөгөөд зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, цахим үнэмлэх, хэрэв оюутан бол холбогдох материалаа бүрдүүлж цэрэг татлагын байранд очих юм.

Харин Зөрчлийн тухай хуулиар цэргийн бүртгэлийн журам зөрчсөн, зарлан дуудах мэдэгдэл авсан боловч тогтоосон хугацаанд заасан газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, дайчилгааны сургууль, цугларалт болон цэрэг татлагаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн, цэргийн насны иргэнийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын батлан хамгаалах асуудал эрхэлсэн нэгжийн дарга 150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог аж.

Categories
мэдээ нийгэм

“Тогтвортой хөгжил-түншлэл” хамтын ажиллагааны зөвлөл байгуулав

“Тогтвортой хөгжил-түншлэл” төслийн хүрээнд орон нутгийн хөгжилд Төр, иргэний нийгмийн байгууллага, уул уурхай, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөллийн тэгш оролцоог хангасан, түншлэлийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг хангах үүрэг бүхий аймгийн “Тогтвортой хөгжил-түншлэл” хамтын ажиллагааны зөвлөлийг 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд байгууллаа.

Зөвлөл нь Сэлэнгэ нутгийн тогтвортой хөгжил, дэвшлийн төлөө нийгмийн бүлгүүдийн бүтээлч оролцоог хангах, хамтран ажиллах, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулах зорилготой аж.

Цаашлаад төрийн захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл явц, түүний хэрэгжилтийг хангах, салбар бүрийн бүтээлч санал, санаачлагыг дэмжих, иргэдийн эрх ашгийг хамгаалах, сум бүрт салбартай байх зэрэг алсын хараа дэвшүүлжээ.

Зөвлөлийн үйл ажиллагаа нь нээлттэй, ил тод, хамтын ажиллагаа, харилцан хяналтын тогтолцоонд тулгуурлах бөгөөд төр, иргэний нийгмийн байгууллага, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, томоохон аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн түншлэлийн тэгш оролцоог хангаж ажиллана.