Categories
мэдээ нийгэм

НББСШУБХ: Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09.34 цагт 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төсөлд малчид болон хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр тэтгэвэр тогтоох харилцааг тодорхой болгож, нийгмийн даатгалын байгууллага хуулийн заалтыг нэг мөр хэрэгжүүлэх, даатгуулагчид тэтгэвэр тогтоолгох үйл ажиллагааг чирэгдэлгүй, шуурхай болгох зохицуулалтыг тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд орон нутагт малчнаар ажиллаж байсан иргэд тэтгэврээ тогтоолгоход хүндрэл үүсээд буй зарим асуудлыг хөндөж байлаа. Тухайлбал, 1990 оноос хойшхи малчнаар ажиллаж байсныг нотлох архивын баримт орон нутаг, ялангуяа сумдад бараг байхгүйгээс иргэд тэтгэврээ тогтоолгож чадахгүйд хүрээд байгаа аж. Энэ асуудлыг хэрхэн зохицуулж байгаа талаар гишүүд лавлаж байлаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон тус яамны ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, малчдын тэтгэвэр тогтоолгохтой холбоотойгоор малчнаар ажилласан жилийг тогтоох асуудалд хүндрэл гарсан учир Засгийн газраас уг асуудлыг шийдвэрлэх журам гаргаж, сумдын Засаг даргын Тамгын газрын дэргэд малчнаар ажиллах жилийг тодорхойлох орон тооны бус зөвлөлийг ажиллуулж буй аж. Түүнчлэн иргэдийг аймгийн архиваас лавлагаа авчруулах зэргээр хүндрэл үүсгэхгүйн тулд сумын иргэдийн архивын бичиг баримтыг аймгийн архиваас багцаар нь авч ашиглах зэргээр шийдвэрлэснээр малчнаар ажиллаж байсан 5500 гаруй иргэн тэтгэврээр тогтоолгоод буй аж.

Мөн хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд ажилласан хэчнээн даатгуулагч тэтгэврээ тогтоолгоод байгаа талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тодруулсан.

Өнөөгийн байдлаар нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр 27.9 мянга гаруй иргэн тэтгэвэр авч байгаа бөгөөд энэ онд 890 хүн тэтгэвэр тогтоолгосон хэмээн сайд С.Чинзориг мэдээлсэн.

Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

Мөн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Оюундарь нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцууллаа.

Манай улсад бэлгийн замын халдварт өвчин, түүний тархалт, үр хөндөлт, үргүйдэл зэрэг нийгмийн харилцаанд шууд нөлөөлдөг хүчин зүйлийг судлах, судалгаанд үндэслэн хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх ажил дутагдалтай байгааг тэрбээр дурдаад үргүйдлийн бүртгэл мэдээллийг сайжруулах, тусламж үйлчилгээг боловсронгуй болгох, үргүйдлийн оношилгоо, эмчилгээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн технологийг нэвтрүүлэх нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн тулгамдсан асуудал төдийгүй энэ нь Монгол улсын хүн амын өсөлтийг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болохыг онцолсон.

Хуулийн төслийг үргүйдэл, түүний тусламж үйлчилгээ, нөхөн үржихүйн туслах арга түүний төрөл, үүнийг ямар шаардлага хангасан эмнэлэг ямар нөхцөлд хэрэглэх, уг ажиллагааны нууцлал, тавигдах шаардлага, тээлгэгч эцэг, эх, тээгч эх гэж хэн байх тэдгээрт тавигдах шаардлага, талуудын хоорондын гэрээнд ямар асуудал тусгах, тээгч эхээс төрсөн хүүхдийг хэрхэн шилжүүлэн өгөх, хүүхдийг төрсний бүртгэлд бүртгэх зэрэг олон харилцааг хуульчлахаар боловсруулсан байна.

Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл батлагдсанаар нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр үндэсний хөтөлбөр болон төрийн бодлогод үргүйдэл, түүний оношилгоо, эмчилгээний асуудал тусгагдаж, энэ чиглэлээр эрүүл мэндийн байгууллагын үүрэг хариуцлага дээшилснээр иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, эмчилгээнд хамрагдах байдал сайжирна гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж. Түүнчлэн үргүйдэл нь хүний эрүүл мэндэд шууд нөлөөлж амь насанд аюул учруулдаггүй ч хувь хүний нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүлийн тогтвортой байдал, хувь хүний амьдралын чанарт сөрөг нөлөө үзүүлдэг нийгмийн эрүүл мэндийн эмзэг асуудал учир энэ асуудлыг шийдвэрлэх хууль эрх зүйн орчин бүрдсэнээр хувь хүний сэтгэл санаа, гэр бүлийн тогтвортой байдал, улс орны хүн амын өсөлтийн байдал дээшилнэ гэж үзэж буй аж. Мөн гадаад оронд явж үргүйдэл, түүний оношилгоо, эмчилгээ хийлгэх, үр шилжүүлэн суулгах харилцаа багасч, эх орондоо энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх, санхүүгийн асуудлаа хэмнэх, гадагшаа чиглэсэн валютын урсгал хумигдах боломж бүрдэнэ гэж тооцжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Ундармаа бусад орнуудад энэ асуудлыг хэрхэн хуульчилсан байдаг талаар тодруулсан.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь, манай хоёр хөрш улс нөхөн үржихүйн асуудлыг зохицуулсан бие даасан хуультай гээд дээрх хуулийн төслийг боловсруулахдаа АНУ, ХБНГУ, ОХУ, БНСУ, БНЭУ, Канад, Франц, Швед, Тайланд болон бусад өндөр хөгжилтэй улсуудын эрх зүйн зохицуулалт, туршлага, хуулийн хэрэгжилттэй холбоотой гарч буй эрсдэл, туршлагыг судалсан гэлээ.

Ингээд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ.

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв

Дараа нь Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцуулав.

Хуулийн төсөлд эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгаатай холбогдох харилцаанд Зэвсэгт хүчний анги, байгууллагын болон хилийн отрядын эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт ажилладаг энгийн эмч, ажилтан, алба хаагч нарын нэг удаагийн мөнгөн тэтгэмж, төрөөс мэргэжил дээшлүүлэх боломжийг хангахтай холбогдсон эрх зүйн зохицуулалтыг тусгажээ.

Тухайлбал, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2 дахь хэсэгт “… анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох…, мөн зүйлийн 29.5 дахь хэсэгт “… анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлгч тусгай эмнэлэгт тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэнд гурван жил тутамд нэг удаа зургаан сарын…”, мөн зүйлийн 29.8 дахь хэсэгт “… анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт 5 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах”-тай холбогдсон харилцаануудыг тусгасан байна.

Хуулийн төслийн үзэл баримтлалын талаар асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Төрийн шилдэг цахим үйлчилгээгээр Smartcar систем шалгарлаа

Монгол улсын цахилгаан холбооны байгууллагын 153 жилийн ой, Монгол улсад орчин цагийн мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 97 жилийн ой, “Мэдээлэлжсэн нийгмийн дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2018 оны 9-р сарын 30-с 10 сарын 1, 2-ны өдрүүдэд Мишээл экспо төвд “Дижитал хөгжилд хамтдаа” уриан дор “ICT EXPO-2018” үзэсгэлэнг Засгийн газрын тохируулагч агентлаг – Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас амжилттай зохион байгууллаа.

Үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарт энэ онд гарсан шилдэг шийдэл, шинэ дэвшилтэт техник технологи, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулж мэдээлэл, харилцаа холбооны салбарын шилдэгүүдээ шалгарууллаа.

Уг үзэсгэлэнд нийслэлийн Мэдээллийн технологийн газраас хийж хэрэгжүүлсэн Smartcar тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний систем “ШИЛДЭГ ҮЙЛЧИЛГЭЭ” номинацид шалгарч батламж авлаа.

Smartcar.mn систем нь өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн мэдээллийг хянах, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөрийг орон зайнаас үл хамааран онлайнаар төлөх боломжтой анхны цахим систем юм.

Тус газрын зүгээс төрийн үйлчилгээний шат дамжлагыг багасгаж, төрийн үйлчилгээг цахимжуулах, чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор олон ажил хийж байгаагийн нэг нь энэхүү smartcar систем бөгөөд нэмэлт хөгжүүлэлтийг хийж дараах 9 төрлийн үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Үүнд:

  1. Автотээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах хүсэлт гаргах үйлчилгээ;
  2. Тээврийн хэрэгслийн эзэмшигчтэй утсаар холбогдох үйлчилгээ;
  3. Ачиж журамлагдсан тээврийн хэрэгслийн мэдээлэл хүргэх үйлчилгээ;
  4. Авто засварын үйлчилгээний байгууллагуудын мэдээллийн үйлчилгээ;
  5. ЕC зөвшөөрөл олгох үйлчилгээ;
  6. Жолоодох эрхийн оноо шалгах үйлчилгээ;
  7. Жуулчны тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгох үйлчилгээ;
  8. Иргэд замын хөдөлгөөний зөрчлийг фото зураг, байршлын хамт SMARTCAR application-р мэдээллэх;
  9. Төлбөртэй зогсоолын мэдээлэл хүргэх зэрэг болно гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Загастайн давааны замын ажлыг түргэн эхлэхийг шаарджээ

Завхан аймгийн Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 км хатуу хучилттай авто замын ажлыг яаралтай эхлэхийг шаардсан иргэдийн гарын үсэг бүхий шаардлагыг Зав тээврийн хөгжлийн яамны дэд сайдад гардуулжээ. Есдүгээр сарын 16-нд Улиастай сумын Хутагтуудын гүдэн цогцолборт Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 км хатуу хучилттай авто замын ажлыг эхлэхийг шаардсан иргэд цуглаж гарын үсэг цуглуулсан байна.

Улиастай сумын 1659 иргэн тус замын ажлыг яаралтай эхлэх шаардлагыг дэмжиж гарын үсэг зурсан бөгөөд иргэдийн гарын үсэг бүхий шаардлагыг тус арга хэмжээг зохион байгуулсан иргэдийн төлөөлөл Улаанбаатар хотод Зам тээврийн хөгжлийн яамны дэд сайд Л.Халтарт гардуулсан аж.

Дээрх шаардлагыг ЗТХЯ-ны дэд сайд Л.Халтар хүлээн авч иргэдийн төлөөлөл болон орон нутгийн удирдлагуудад мэдээлэл хүргүүлж, холбогдох арга хэмжээг авч хамтран ажиллахаар болсон тухай Завхан аймгийн иргэдийн төлөөлөл ярьсан юм.

Дашрамд дуулгахад Тосонцэнгэл Улиастай чиглэлийн 114 км замын үргэлжлэл хэсэг болох Тарвагатайн нурууны хамгийн хүнд бэрхшээлтэй нөхцөлд тооцогдох Загастайн давааг дайран өнгөрөх 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг Монгол Улсын Засгийн газарт БНХАУ-ын Засгийн газраас олгосон хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр буюу авто замын салбараас хэмнэгдсэн хөрөнгөөр барьж байгуулах шийдвэр гарсан байна.

Categories
мэдээ нийгэм

Цусаа бэлэглэх өдөр: Донор болоход юуг анхаарах вэ

Төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогын хүрээнд донорын үйлсийг сурталчлах олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон шийдвэрлэсэн байдаг.

ЦУСНЫ ДОНОР ГЭЖ ХЭН БЭ, ЦУС ӨГӨХӨД АНХААРАХ ЗҮЙЛС

Цус бол орлошгүй их үнэтэй зүйл бөгөөд аливаа мөнгө хөрөнгөөр үнэлж болдоггүй зүйл билээ. Энэ үнэлэгдэшгүй зүйлийг яаралтай хэрэг болсон хүнд амьдрал бэлэглэн цусаа бэлэглэгч хүн бол цусны донор юм.

Цусны донорын дараах хэлбэрүүд байдаг.
1.Бүхэл цусны донор – цусны бvрэлдэхүүн хэсгийг бүхлээр нь өгдөг хэлбэр
2.Ферезийн донор – өвчтөнд цусныхаа тодорхой хэсгийг бэлэглэх хэлбэр /цусны сийвэн, ялтаст эс/

ТА ЦУСНЫ ДОНОР БАЙЖ БОЛОХ УУ

-18-50 насны
-45 кг-аас дээш жинтэй
-Элдэв өвчин эмгэггvй, аль ч бүлгийн цустай эрүүл бол та донор байж болно.

Цусны албаны эмч мэргэжилтнүүд танд эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийнэ. Хэрэв тэнцэж донор болсон бол та эрүүл байгаагийн баталгаа.
Сүүлийн жилүүдэд монголчуудын дунд элэгний В С вирусын тархалт их байгаагаас цусны донор ховордоод байгаа билээ. Мөн ХДХВ, сүрьеэ, тэмбүү, бруцеллёз зэрэг өвчнүүд цусаар дамжин халдах тул маш нарийн шинжилгээ хийх шаардлагатай.

ЦУСАА ӨГӨХ НЬ ЯМАР Ч АЮУЛГҮЙ

Насанд хүрсэн хүн дунджаар 5-7 л цустай байдаг. Эрүүл хүн нэг удаад 250-400 мл цус өгч болох ба жилд 4 удаа цусаа өгөхөд ямар ч аюул байхгүй. Хvний цус амархан төлждөг учраас таны цус 36-70 цагийн дотор эзэлхүүнийхээ хувьд аль хэдийнэ нөхөгдсөн байдаг. Цус авахад хэрэглэгдэж байгаа бүх багаж тоног төхөөрөмж ариутгагдсан бөгөөд зөвхөн нэг удаа хэрэглэгддэг. Иймд та цус өгснөөр ДОХ болон бусад халдварыг авах эрсдэл байхгүй.

Таны бэлэглэсэн цусанд цусны бүлгийг тодорхойлох, ХДХВ, гепатит В болон С вирусын эсрэгтөрөгч, тэмбүү, бруцелёз зэрэг халдварын үүсгэгчийг илрүүлэх зэрэг 10 орчим шинжилгээнүүдийг хийж тэнцсэн цуснаас 6 цагийн дотор багтаан үндсэн 4-10 төрлийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэн доорх зориулалтаар хэрэглэдэг.

ЦУС ӨГӨХИЙН ӨМНӨ ЮУГ АНХААРАХ ВЭ

-Урьд өдөр нь сайн унтаж амрах
-Хувийн ариун цэвэр сайн сахих
-Өөх тостой хоол, сvv сvvн бүтээгдэхүүн, айраг, архи, пиво, тамхи, эм бэлдмэл хэрэглэхгүй байх хэрэгтэй.
-Цус өгөхөөс өмнө ердийнхөөс илүү их шингэн ууна.
-Цус өгөх өдрийн өглөөний цайндаа хөнгөн хоол хүнс /чихэртэй цай, мантуу, талх, өндөг, цагаан будаа/ хэрэглэнэ.

ЦУС ӨГӨХӨД ХЭДИЙ ХЭР ХУГАЦАА ШААРДДАГ ВЭ

Зөвхөн цусаа өгөхөд дунджаар 10 минут орчим хугацаа зарцуулагддаг боловч бүртгүүлэхээс эхлэн цусаа өгсний дараа түр амрах хугацааг оруулан нийтдээ 30 орчим минут болдог. Таны цусаа бэлэглэхэд зарцуулсан хугацаа бол хамгийн үр ашигтай өнгөрөөсөн мөч байдаг юм.

Та дор дурдсан шалтгаанаар түр зуур цусаа өгөхгүй байж болно.
-Шивээс хийлгэсэн, чихээ цоолсон, эмчилгээ хийлгэж байгаа бол
-Жирэмсэн ба хөхүүл бол
-Мэс засал хийлгэсэн бол
-Аспирин, антибиотик хэрэглэж байгаа бол
-Согтууруулах ундаа хэрэглэсэн бол
-Салхин цэцэг, улаан бурхан зэрэг халдварт өвчнөөр өвчилсөн бол

ДАРААХ ТОХИОЛДОЛД ДОНОР БОЛОХЫГ ХОРИГЛОНО

-Та сүрьеэ, тэмбүү В, С гепатитаар өвдсөн бол
-Зүрх, бөөр, уушги, элэг, сэтгэц, дотоод шүүрлийн булчирхайн эмгэгүүдтэй
-Нян бактери, вирус тээгч бол
-Архаг архичин, мансуурах дон, биеэ үнэлэгч, бэлгийн гаж зуршилтай бол
-Цус гоожимтгой, цус цусны эргэлтийн эмгэгтэй бол
-Хорт хавдартай болох нь тогтоогдсон бол

ЦУС ӨГӨЛТИЙН ХООРОНДЫН ХУГАЦАА ХЭДЭН САР БАЙДАГ ВЭ

Түрүүчийн удаа цусаа өгөх үед эмчийн үзлэг, шинжилгээгээр тэнцсэн тохиолдолд эрэгтэй хүн 2, эмэтэй хүн 3 сарын дараа дахин цусаа бэлэглэж болно.

Categories
мэдээ нийгэм

Ургац хураалт 22.1 хувьтай байна

10 дугаар сарын 01-ний байдлаар 33.3 мянган га-г ангилан хадаж нийтдээ 75.3 мянган га-гаас 107.6 мянган тонн үр тариа, 10.5 мянган га-гаас 125.7 мянган тонн төмс, 6.0 мянган га-гаас 67.7 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авснаар үр тарианы хураалт 22.1 хувь, төмс, хүнсний ногооны хураалт 81.1-73.0 хувийн явцтай байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас дэд даргын баталсан 02/201 тоот удирдамж, ХАБХААХГ-ын даргын 08/2900 тоот “Хэрэгжүүлж ажиллах тухай” албан бичгийн дагуу орон нутаг, Нийслэлд хяналт шалгалт хийж ажиллаж байна.

Аж ахуйн нэгж, иргэд байгууллагын тариалсан ургацаас зохих журмын дагуу дээж авч тухайн аймаг орон нутгийнхаа лабораторид хамруулж үнэлэлт дүгнэлт өгч байгаа аж.

Цаг агаарын нөхцөл байдлын улмаас чийг ихтэй буудай буух цаашид ургацын чанар муудах стандартын шаардлага хангахгүй нөхцөл байдал үүсч болзошгүй байгаа бөгөөд тариалангийн бүх бүс нутгуудаар 27-ноос эхлэн усархаг бороо, уулаараа нойтон цас орж байгаа тул ургац хураалтын ажил түр зогсчээ.

Цаг агаарын хүндрэлийн улмаас орон нутагт үүсээд буй зарим тулгамдсан асуудлыг ажлын хэсэг томилон ажиллуулах замаар шуурхай шийдвэрлэх, ургацыг малаас хамгаалах, хураалтын ажилд оюутан сурагчдыг татан оролцуулах ажлыг үр дүнтэй зохион байгуулах зэрэг хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тусгасан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албан тоотыг орон нутагт хүргүүлж хэрэгжилтийг зохион байгуулж байна.

2018 онд улсын хэмжээгээр 367.3 мянган га-д үр тариа, үүнээс 343.1 мянган га-д буудай, 13.0 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 69.8 мянган га-д тосны ургамал, 38.8 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 497.2 мянган га-д тариалалт хийсэн.

Ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151.0 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдоод байгаа аж.

(Хураасан талбайн хэмжээг хүснэгтээр үзүүлэв.)

УРГАЦ ХУРААЛТЫН МЭДЭЭ

Д/Д

Таримлын төрөл

Хураахталбай (га)

Хураасанталбай(га)

Хувь

Нэгжийнургац(цн)

Нийтургац

(тн)

1

Үртариа

341611

75363

22.1

14.3

107689

2

Төмс

13030

10563

81.1

119.0

125721

3

Хүнснийногоо

8319

6075

73.0

111.5

67724

4

Тэжээл

56471

11798

20.8

28.2

33331

5

Тосныургамал

57851

6357

10.9

7.1

5039

УС ЦАГ УУР, ОРЧИНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРААС ИРҮҮЛСЭН МЭДЭЭГЭЭР

Баруун аймгуудын нутгаар: 25-26-нд ихэнх нутгаар, 27-28-нд нутгийн зүүн хэсгээр, 29-30-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас нойтон цас орно. Салхи 24-нд Алтайн уулсаар, 25-28-нд зарим газраар 14-16м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 24-нд ихэнх нутгаар дулаарна. 25-нд нутгийн баруун хэсгээр, 26-28-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Ханхөхий, Түргэн, Булнайн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчирээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. 28-нд нутгийн баруун хэсгээр, 29-нөөс ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар:25,29-нд нутгийн баруун хэсгээр, 26,28-нд ихэнх нутгаар, 27,30-нд зарим газраар хур тунадас нойтон цас орно. Салхи 26-28-нд зарим газраар 14-16м/с хүрч цасан шуурга шуурна. 24-25нд ихэнх нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байх ч 26-нд нутгийн баруун хагаст, 27-ноос ихэнх нутгаар эрс сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 26-нд нутгийн баруун хэсгээр, 27-29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн өмнө хэсгээр бороо нойтон цас орно. Салхи 27-29нд зарим газраар үе үе 15-17 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 24-26-нд ихэнх нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. 27-нд нутгийн баруун хагаст, 28-30-нд бүх нутгаар эрс сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 6-11 хэм дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 26-нд нутгийн баруун хэсгээр, 27-нд зарим газраар, 28-29-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 26-28-нд ихэнх нутгаар 16-18м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 24-26нд ихэнх нутгаар шөнөдөө 4-9 хэм өдөртөө 17-22 хэм дулаан байна. 27-ноос сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

БГД-ийн бүх байгууллагын ариун цэврийн өрөө үнэгүй болжээ

Иргэд гадуур явж байх хугацаандаа албан байгууллага, ресторан гээд аль ч байгууллагын ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэх боломж хязгаарлагдмал байдаг. Хэдийгээр байгууллагууд иргэдэд 00-оор үнэ тѳлбѳргүй үйлчлэх үүрэгтэй ч тэр бүр үйлчилдэггүй. Харин энэ байдлыг Баянгол дүүрэг халжээ.

Тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ресторан, зоогийн газар, кафе, баар, гуанз, банк, үзвэр үйлчилгээ, эмнэлэг, 41 м2-аас дээш худалдааны танхимтай дэлгүүр, худалдаа үйлчилгээний болон бусад байгууллагын удирдлагуудад эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан ариун цэврийн өрөөгөөр иргэдэд үйлчилж байх захирамжийг /A/448 /дүүргийн Засаг дарга гаргалаа. Ингэснээр иргэд хаана ч, аль ч байгууллагын ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэх бүрэн боломжтой болж байгаа юм.

Дээрх захирамжийн дагуу дүүргийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс холбогдох байгууллагуудруу албан бичиг хүргүүлж эхэлжээ.

Categories
гадаад мэдээ

Хоёр Герман энэ өдөр эргэн нийлж байжээ

1990 оны 10 дугаар сарын 3-нд хоёр Герман улс эргэн нэгдсэн юм. Энэ нь ХХ зууны сүүлчээр Европын түүхэнд болсон томоохон үйл явдал. Энэ өдөр Берлинд социалист БНАГУ-ын төрийн далбааг буулгаснаар тус улс оршин тогтнохоо больсон юм.

Дэлхийн II дайнд ялалт байгуулсан холбоотон улс орнууд нацист Германыг өөр өөрийн нөлөөний бүсэд хуваасан бөгөөд АНУ, Их Британи, Францын нөлөөний бүсэд ХБНГУ, ЗХУ-ын нөлөөний бүсэд БНАГУ-ыг үүсгэн байгуулсан билээ. Унгар улс хамгийн түрүүнд Австрийн хил дээрх өргөст тороо авч, төд удалгүй 1989 оны 11 дүгээр сарын 9-нд ЗХУ-ын удирдагч М.Горбачёвын шууд оролцоотойгоор 28 жилийн турш хоёр Германыг хувааж байсан Берлиний ханыг нураасан юм. 1990 оны 5 дугаар сарын 18-нд Бонн хотноо ХБНГУ болон БНАГУ эдийн засаг, валют, нийгмийн холбооны тухай гэрээ байгуулсан нь мөн оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлжээ. Үүнээс гурван сарын дараа буюу 1990 оны 8 дугаар сарын 23-нд БНАГУ-ын таван мужийг ХБНГУ-ын бүрэлдэхүүнд шилжүүлэх шийдвэр гаргаж, мөн сарын 31-нд зүүн Берлинд хоёр Германы удирдлагууд улс орныг нэгтгэх гэрээ байгуулжээ. Ийнхүү 1990 оны 10 дугаар сарын 3-нд Берлинд нийслэлтэй нэгдсэн Герман улсыг зарлан тунхагласан түүхтэй. Энэ өдрийг өдгөө Герман даяар Үндэсний эв нэгдлийн баяр болгон тэмдэглэдэг.

Categories
мэдээ улс-төр

Хөшигтийн хөндий нисэх онгоцны буудлын менежментийг япончууд хариуцан ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсад ажлын айлчлал хийж байгаа Япон улсын парламентын зөвлөхүүдийн танхимын гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Япон улсын парламентын зөвлөхүүдийн танхимын дэд дарга ноён Гүнжи Акира Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархлаа илэрхийллээ. Мөн Япон улсад байгалийн гамшиг тохиох үеэр Монголын засгийн газар, ард түмэн чин сэтгэлээсээ хүмүүнлэгийн туслалцаа үзүүлсэнд парламентын зөвлөхүүдийн танхимын нэрийн өмнөөс талархал илэрхийлсэн юм.

Энэхүү айлчлалаар тус улсын парламентын зөвлөхүүдийн танхимын гишүүд өргөн бүрэлдэхүүнтэй Монгол Улсад хүрэлцэн ирсэн нь хоёр талын айлчлалын цар хүрээ, давтамж нэмэгдэж байгаа явдал хэмээн ноён Гүнжи Акира онцолж, энэ нь эдийн засаг, улс төрийн хамтын ажиллагаа өндөр түвшинд байгаагийн илрэл хэмээв.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон улсаас Монгол Улсад үзүүлэх тусламж дэмжлэг их байдаг, Монгол Улс ардчилалд шилжих үед Япончууд “Говь”, Дарханы төмөрлөгийн үйлдвэр зэрэг бүтээн байгуулалт өрнүүлсэн нь өдгөө менежмент сайтай, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг томоохон үйлдвэрүүд болсон талаар дурдлаа.

Түүнчлэн олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг Япон Улсын зээлээр барьж, удахгүй ашиглалтад оруулах гэж байгаа нь хоёр улсын сүүлийн үед хамтран хэрэгжүүлсэн томоохон бүтээн байгуулалт болохыг онцлов. Мөн нисэх онгоцны буудал ашиглалтад орсны дараа Япончууд менежментийг нь хариуцан ажиллахаар болсныг дурдаж, шинэ нисэх онгоцны бүтээн байгуулалтын асуудлаар үргэлжлүүлэн ярилцав.

Япон улсын парламентын зөвлөхүүдийн танхимын гишүүд мөн шинэ нисэх онгоцны буудал нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтойг хэлж, цаашдаа Япон-Монгол чиглэлд нислэгийн тоо нэмэгдэж, иргэд хоорондын харилцаа улам бүр гүнзгийрэх болтугай гэсэн юм.

Талууд үргэлжлүүлэн аялал жуулчлал, нийгэм, эдийн засгийн асуудлаар ярилцсан юм. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсад ажлын айлчлал хийж байгаа Япон улсын парламентын зөвлөхүүдийн танхимын гишүүдэд ажлын амжилт хүсч, айлчлалаас тодорхой үр дүн гарна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ.

Уулзалтад, Япон улсын парламентын зөвлөхүүдийн танхимын дэд дарга ноён Гүнжи Акира, Япон улсын парламентын зөвлөхүүдийн танхимын гишүүн Макото Нишида, Тадаёши Ичида, Наоки Окада, Казүяа Шимба болон хатагтай Рэнхо Мурата нар оролцов.

Categories
мэдээ нийгэм

Арваннэгдүгээр сарын 8-нд бүх нийтээрээ амарна

Өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр болгон Монгол орон даяар тэмдэглэдэг болоод зургаан жил болох гэж байна. Энэ жил Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой тохионо.

Мөн энэ өдрийг “Монгол бахархлын өдөр” болгож, бүх нийтийн амралтын өдөр байхаар 2012 онд хуульчилсан юм.

Чингис хааны мэндэлсэн өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил арваннэгдүгээр сарын 8-ны пүрэв гарагт тохиож байна. Тэгэхээр хуулийн дагуу бүх нийтээрээ амарна

Жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг энэ өдөр “Чингис хаан” одонгоор шагнадаг.

“Чингис хаан” одонг Монгол Улсын Ерөнхийлөгч гардуулж өгдөг. Өнгөрсөн жил Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр уг одонг хүртсэн юм. Харин энэ жил хэнд өгөх нь одоогоор тодроогүй байна. Мөн хүчит бөхийн барилдаан болдог уламжлалтай.

Categories
энтертаймент-ертөнц

Олон улсын бялуу урлаачдын тэмцээнд Монгол хүн түрүүлжээ

Олон улсын бялуу урлаачдын “Scandinavian cake show 2018” тэмцээн Швед улсад 13 дахь удаагаа есдүгээр сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөжээ. Тус тэмцээнд Монголын бялуу урлаач Н.Мөнхжаргал анх удаа оролцон нэгдүгээр байр эзэлсэн байна.

Тэрээр хуримын бялууны төрөлд оролцон үзэгчдээс хамгийн их саналыг авсан ажээ. Тус тэмцээнд Дани, Норвеги, Финлянд, Швед зэрэг Скандинавын орнуудын бялуу урлаачид өргөнөөр ирж оролцдог юм байна.

Н.Мөнхжаргал нь 2016 онд Швед улсад талх нарийн боов болон торт урлаачийн мэргэжил эзэмшиж, одоо тус улсад мэргэжлээрээ ажилладаг юм.

byaluu urlaach

byaluu urlaach