Categories
мэдээ нийгэм

Н.Цэрэнбат: Зэрлэг амьтдад ээлтэй авто, төмөр замын гарц, гарам байгуулах үндэсний стандарт батлуулан ажиллаж байна

Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” Азийн форум амжилттай үргэлжилж байна. Форумын нээлтэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө, Та бүхний энэ өглөөний амар мэндийг эрье.

“Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” Азийн 11дүгээр чуулга уулзалтыг Монгол Улсын Засгийн газартай хамтран зохион байгуулж байгаа НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн комисс, НҮБ-ын Бүсийн хөгжлийн төв, Япон Улсын Байгаль орчны яам болон дэмжлэг үзүүлсэн түнш байгууллага, форумд оролцож байгаа хүндэт зочид төлөөлөгчид Та бүхэнд гүн талархал илэрхийлье.

Хотжилт эрчимтэй явагдаж, хүн амын төвлөрөл улам бүр нэмэгдэж байгаа нь агаар, орчны бохирдол, зам тээврийн хэт ачаалал, хүлэмжийн хийн ялгарал зэрэг байгаль орчин, нийгэм, эдийн засгийн олон асуудлуудын эх үүсвэр болж байна.

НҮБ-ын “Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөр”-ийн 11 дүгээр зорилт нь хотуудын тогтвортой хөгжлийг дэмжих, “ногоон хот”-ын үндсэн шалгуур үзүүлэлт болох нөөцийн хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарал, хаягдал багатай байх зарчмыг нэвтрүүлэх тухай бөгөөд энэхүү зорилтыг хэрэгжүүлснээр харилцан нягт уялдаа бүхий тогтвортой хөгжлийн нийт 17 зорилт, тэр дундаа Уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг нөлөөллийг бууруулах 13 дугаар зорилт, Эх газрын экосистемийг хамгаалах, нөөцийг зохистой ашиглах 15 дугаар зорилтыг хэрэгжүүлэхэд ихээхэн түлхэц болох юм.

Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Ногоон хөгжлийн бодлого, Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт “ухаалаг”, “ногоон” хотыг хөгжүүлж, нүүрстөрөгчийн ялгарал багатай, байгаль орчинд халгүй, ая тухтай нийтийн тээврийг нэвтрүүлэх, төмөр зам, агаарын болон авто тээврээс агаарт ялгарах хүлэмжийн хийг бууруулах, хотын нийтийн тээвэрт “Тусгай замын автобусны үйлчилгээ”-г нэвтрүүлэх, унадаг дугуйн хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг зорилт, арга хэмжээг тусган хэрэгжүүлж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах “Парисын хэлэлцээр”-ийн дагуу Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн орнуудын нэгэн адил Үндэсний зорилтот хувь нэмрээ тодорхойлж, 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 14 хувиар бууруулах зорилт тавьсан бөгөөд энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд тогтвортой тээвэр чухал үүрэг гүйцэтгэнэ.
Хотыг оновчтой төлөвлөж, ухаалаг тээврийн системийг нэвтрүүлэх нь агаар, орчны бохирдлыг бууруулж, нүүрстөрөгчийн ялгарлыг багасгахын зэрэгцээ иргэдийн тав тухтай, аюулгүй, түргэн шуурхай зорчих нөхцөл бүрдэх давхар өгөөжтэй тул үүнд бүх талын хамтын ажиллагаа нэн чухал гэж үзэж байна.

Цаашид олон улс, бүс нутаг, үндэсний хэмжээний төмөр замын болон авто замын томоохон төслүүдэд стратегийн үнэлгээ хийж, салбар хоорондын уялдааг хангах, байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэнд, биологийн олон янз байдалд сөрөг нөлөөгүй дэд бүтэц, тээврийн сүлжээг хөгжүүлэх, хот хоорондын автозам дагуу ногоон шийдэл бүхий түр буудаллах үйлчилгээний цогцолбор байгуулах, нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг сайжруулах, замын түгжрэлийг сааруулах уулзвар, зам гүүрийг барьж байгуулахад хамтран ажиллах шаардлагатай байна.

Хот төлөвлөлт, тээвэртэй холбооотой асуудлаас гадна Монгол орны хувьд өргөн уудам газар нутагт тархан нутагшсан олон зүйл зэрлэг амьтдыг хамгаалах асуудал тулгардаг. Энэ онцлогийг харгалзан зэрлэг ан амьтдын чөлөөтэй шилжин нүүдэллэх хөдөлгөөнийг нь хангах үүднээс “Авто зам, төмөр замын зэрлэг амьтдад ээлтэй гарц гарам байгуулах” үндэсний стандартыг батлуулж, “Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах олон улсын конвенц”-ийн хэрэгжилтийг хангаж, дэд бүтцийн байгууламжийг байгальд ээлтэй байдлаар төлөвлөж хэрэгжүүлэх шаардлагыг тавиад байна.

Түүнчлэн бид тогтвортой тээврийн асуудлыг хөндөхдөө ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгсэл, тэдгээрийн хаягдлын талаар орхигдуулж болохгүй. Тухайлбал, ашигласан дугуй, аккумлятор, баттерей зэргийг дахин боловсруулах, дахин ашиглах, байгаль орчинд халгүй аргаар устгах чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, Үйлдвэрлэгч, импортлогч нь хог хаягдлын менежментийг хариуцах зарчмыг нэвтрүүлэх, аюулгүй ажиллагаа, байгаль хамгааллын стандартыг мөрдүүлэх шаардлагатай гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

Энэхүү чуулга уулзалтыг бид байгаль орчинд ээлтэй, хүртээмжтэй, эрсдэлгүй тээврийн төрөл, үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр оролцогч талууд санал бодлоо нэгтгэж, хамтын ажиллагаандаа томоохон дэвшил гаргасан арга хэмжээ болно гэдэгт итгэж байна. БОАЖЯ-ны зүгээс тус чуулга уулзалтаас гарсан шийдлийг хэрэгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллах болно.

Чуулга уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсье. Баярлалаа.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Хөгжмийн бүтээлийг улсын санд худалдаж авна

Чансаатай хөгжмийн бүтээлийг улсын санд худалдан авахаар болж, Соёл урлагийн газар бүтээлүүдийг хүлээн авч эхэлсэн байна. Бүтээлүүдийг аравдугаар сарын 22-н хүртэл хүлээн авах аж.

Хөгжмийн зохиолчид сүүлийн гурван жилийн хугацаанд туурвисан томоохон бүтээлүүдээ тус газарт аудио, видео бичлэгийн хамт хүргүүлэх боломжтой. Бүтээлүүд нь мэргэжлийн урлагийн байгууллагын тайзнаа тоглогдсон, “Алтан намар”, хөгжмийн наадамд шалгарсан байх зэрэг шалгуур тавигдаж байна.

Соёл урлагийн газар нь өнгөрсөн онд Ц.Эрдэнбатын төгөлдөр хуур, симфони найрал хөгжимд зориулсан гурван ангит концерт, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Т.Соронзонболдын үндэсний найрал хөгжимд зориулсан дөрвөн ангит бүтээл, Б.Энхбаярын Оршихуйн үнэн симфони найрал хөгжимд зориулсан концерт, Д.Ариунболдын Нөмөр хадны дууль зэрэг бүтээлүүдийг улсын санд худалдан авчээ. Эдгээр хөгжмийн бүтээлийг 39 сая төгрөгөөр үнэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Бид галзуу өвчнөөс 100 % сэргийлэх боломжтой” өдөрлөг боллоо

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Галзуу өвчинтэй тэмцэх өдөр”-ийн хүрээнд өнгөрөгч есдүгээр сарын 28-нд Нийслэлийн Мал эмнэлгийн хүрээлэн, Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв, ХУД-ийн 13 дугаар хороо, Туул тосгоны эрүүл мэндийн төвтэй хамтран “Бид галзуу өвчнөөс 100 % сэргийлэх боломжтой” сэдэвт өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус өдөрлөгийн үеэр нийт 40 орчим иргэн, Онцгой байдлын 65 дугаар ангийн албан хаагчид эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдсан бөгөөд галзуу өвчний талаар үнэн зөв, бодитой мэдээллийг сонсож, цаашид эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, өртсөн тохиолдолд хаана хандаж, ямар арга хэмжээ авч, халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн баримтлах талаар ерөнхий мэдлэгтэй боллоо.

Галзуу өвчин нь вирүсээр үүсгэгддэг, төв мэдрэлийн тогтолцоог сонгомлоор гэмтээдэг бөгөөд мал, амьтнаас хүнд халдварладаг зоонозын хурц халдварт өвчин юм. Хүний галзуугийн өвчлөл Антрактидаас бусад бүх тивийн 150 гаруй оронд тохиолддог төдийгүй жил бүр олон мянган хүн энэхүү өвчнөөр өвчилж нас бардаг байна. Эдгээрээс 90 гаруй хувь нь нохойд хазуулж, уруулснаас халдвар авсан байжээ.

2016 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /WHO/, Галзуу өвчнийг хянах дэлхийн холбоо /GARC/ зэрэг байгууллагаас “2030 он гэхэд нохойгоор дамжин халдварлах хүний өвчлөлийг тэглэх” зорилго тавин ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд:

  1. Тухайн газар нутаг дахь бүх нохдын 80-аас дээш хувийг дархлаажуулах
  2. Галзуу өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх, хүн амын мэдлэг мэдээллийг сайжруулах
  3. Эрсдэлд өртсөн тохиолдолд өртөлтийн дараах сэргийлэх эмчилгээг цаг алдалгүй хүргэх гэсэн гурван чиглэлийг зөвлөж байгаа билээ.
Categories
мэдээ нийгэм

Хүнс, өвс, тэжээлийн агуулахыг засварлаж, ашиглалтад орууллаа

Ховд аймгийн Онцгой байдлын газраас “Мерси Кор Монгол” ОУБ-аас хэрэгжүүлж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь” төслийн хүрээнд Улсын нөөцийн салбарын хүнс, өвс тэжээлийн өөцийн агуулахыг засварлаад байна. Тус агуулах нь 1986 оноос хойш засвар үйлчилгээ хийгдээгүйн улмаас хүнс, өвс тэжээлийг стандартын дагуу хадгалахад хүндрэл учруулаад байсан юм. Тиймээс Онцгой байдлын газар болон “Мерси Кор Монгол” ОУБ-ын 60 сая төгрөгийн санхүүжилтээр бүрэн засварлаж, ашиглалтад орууллаа гэж Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

АШУҮИС-ийн захирлын сонгон шалгаруулалтыг зарлалаа

Төрийн албаны зөвлөлөөс Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС)-ийн захирлын сонгон шалгаруулалтыг зарлалаа. Энэхүү сонгон шалгаруулалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэргэдэх салбар зөвлөлийн захиалгаар нээлттэй зарлаж байгаа аж.

Тодруулбал, Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын гуравдугаар зүйлийг үндэслэн АШУҮИС-ийн захирлын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг явуулах юм. Уг албан тушаалын сул орон тоог сонирхогч иргэд тодорхой шаардлагыг биелүүлсэн байх бөгөөд дараах материалыг бүрдүүлэн өөрийн биеэр бүртгүүлэх ёстой.

Сонгон шалгаруулалтад өрсөлдөх иргэдийн материалыг БСШУСЯ-ны 2 давхарт 215 тоот өрөөнд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 09.00-12.30, 13.30-17.00 цагийн хооронд хүлээн авах бөгөөд сонгон шалгаруулалт 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 09.00 цагт явагдах аж. Ингэснээр АШУҮИС-ийн захирал томилогдох юм. АШУҮИС-ийн захирлаар ажиллаж байсан Г.Батбаатарыг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнгөрсөн долдугаар сард халж оронд нь Ж.Цолмонг томилоод байсан ч тус сургуулийн багш сурагчид энэхүү томилгоог удаа дараа эсэргүүцсэн бөгөөд ийнхүү нээлттэй сонгон шалгаруулалт явуулж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” чуулга уулзалтаар “Улаанбаатар” тунхаглал батална

НҮБ-ын Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын 11 дэх удаагийн “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” чуулга уулзалт үргэлжилж байна.

Чуулга уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “НҮБ-ын Бүсийн хөгжлийн газраас Улаанбаатар хотод “Байгальд ээлтэй тогтвортой тээвэр” чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа нь ач холбогдолтой юм. Монгол Улсын хувьд ялангуяа хотын нийтийн тээвэр, байгаль орчинд ээлтэй тээврийн асуудлаар тодорхой мэргэшсэн мэргэжилтэн цөөн байна. Хотыг яаж төлөвлөх вэ гэдэг гаднын орнуудын туршлага судлах зайлшгүй шаардлага байна. Энэхүү чуулга уулзалтаар бүх талын тээврийн асуудал тэр дундаа хотын нийтийн тээвэр, хот төлөвлөлт, хотод зөвхөн нийтийн тээвэр байхуу, хувийг унааг хэрхэн зохицуулах вэ, дугуй, цахилгаан тээвэр гээд олон асуудлаар ярилцана. Зам тээвэр, барилга зэрэг олон салбарын мэргэжилтнүүд нийтийн, аюулгүй тээвэрт ямар шинэ бодлого байна, хэрхэн зохицуулах зэрэг шинэ туршлагыг мэдэх ач холбогдолтой. Мөн энд олон хотын дарга нар иржээ. Азийн хотуудын тэлэлт нь НҮБ болон Азийн хувьд тулгамдсан асуудал болж байгаа. Хүн амын өсөлт нэмэгдэхтэй холбогдон аюулгүй тээврийг хэрхэн бий болгох, хотын нийтийн тээвэр болон бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийг яаж шуурхай зохион байгуулах вэ гэдэг тулгамдсан асуудал байна. Улаанбаатар хотод байдаг түгжрэл Азийн хотуудад ч мөн адил бий. Үүнийг хэрхэн шийдсэн болон шийдэх туршлага солилцоно” гэлээ.

“Байгальд ээлтэй тогтвортой тээвэр” чуулга уулзалт Далайд гарцгүй орнуудад тулгарч буй тээврийн хүндрэл болон боломжууд сэдвээр үргэлжилж байна. Энэ удаагийн форумыг “Тогтвортой хот төлөвлөлт, хот байгуулалтад байгаль орчинд ээлтэй тээврийн гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор зохион байгуулж байна. Мөн хурлын төгсгөлд “Улаанбаатар” тунхаглал гарган батлах юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид гурван эмэгтэй өрсөлдөнө

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд нэр дэвшигчид тодорсон байна. Тэдэнд өнөөдөр мандатыг гардууллаа.

Ингээд Ардчилсан намын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд:

– Баянгол дүүргийн засаг дарга С.Одонтуяа

– Ардчилсан намын гишүүн Ц.Цэрэндолгор

– Ардчилсан намын гишүүн Т.Пүрэвхатан нар өрсөхөөр бүртгүүлжээ.

Мандатаа гардан авсан эмэгтэйчүүд бүтэн сарын турш орон нутгаар ажиллаж, сурталчилгаагаа хийх юм. Харин сонгуулийг арваннэгдүгээр сарын 5-ны өдөр гэхэд дуусгасан байхаар төлөвлөжээ.

Одоогоор тус холбоог С.Одонтуяа удирдаж байгаа юм. Ардчилсан намын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтөөр намын бүх шатны сонгуульт албан тушаалтнуудыг бүх гишүүдийн саналаар тодруулдаг болсон. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний хувьд энэхүү зарчмаар тэргүүнээ сонгоогүй байсан тул дээрх сонгуулийг зохион байгуулахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг томиллоо

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг томиллоо. Энэхүү зөвлөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн бодлогын чиглэлээр мэргэжлийн судалгаа, шинжилгээ хийж дүгнэлт, зөвлөмж гарган УИХ-ын Төсвийн байнгын хороонд хүргүүлэх зорилготой юм.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу дээрх зөвлөл нийт есөн гишүүнтэй байх бөгөөд Төсвийн байнгын хорооноос хоёр, Засгийн газраас хоёр, Монголбанкнаас хоёр гишүүн оруулах юм. Мөн хараат бус гурван гишүүнтэй байх ёстой. Энэ дагуу Төсвийн байнгын хорооноос Б.Даваасамбуу, Ё.Мөнхбаатар, Засгийн газраас Ш.Гунгаадорж, Э.Бямбажав, Монголбанкнаас Б.Баярдаваа, А.Энхжин нарыг нэр дэвшүүлснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Харин хараат бус гишүүнээр Г.Алтанзаяа, Ч.Дэлгэрсайхан, Д.Сувдаа, Ө.Эрдэнэбаяр нар нэр дэвшсэн. Ийнхүү нууц санал хураалт явуулахад Г.Алтанзаяа, Д.Сувдаа, Ө.Эрдэнэбаяр нар 63.6-83.3 хувийн саналаар зөвлөлийн гишүүнээр сонгогдов.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 14.30 цагт эхэлж, 28 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Тухайлбал хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Үндэсний чанарын шагнал бий болгох тухай, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд БОАЖ-ын сайдын тавих илтгэл, Монголын мянганы сорилтын сан байгуулах тухай, Монгол, Германы хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээ багтсан байна. Мөн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл, Дэлхийн өвийн дурсгалт газрын хамгаалалтын захиргаа байгуулах тухай, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын талбайн хил заагийг тогтоох тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицол батлах тухай, Газрын тосны бүтээгдэхүүний талаар авах арга хэмжээний тухай хэлэлцэх юм.

Түүнчлэн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны тайлан, Таван толгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааг арилжаалах биржийг сонгох тухай, Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахаар бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан гэрээлэгч компаниудын үйл ажиллагаа, Халдварт өвчний өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Categories
мэдээ нийгэм

“Ю Скүүтэр” ирэх хавраас үйлчилгээнд нэвтэрнэ

Нийслэлийн агаарын бохирдол болон авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд Улаанбаатар хот “Яармагийн гүүр”, “Баянзүрхийн гүүр”, “Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарц”, “Сонсголонгийн гүүр” гэсэн томоохон гүүрнүүдийн бүтээн байгуулалт, авто замын өргөтгөл шинэчлэлт, төвлөрийг сааруулах, “Баянхошуу”, “Сэлбэ”, “Дамбадаржаа”, “Дэнжийн мянга” гэсэн дөрвөн дэд төвүүдийн бүтээн байгуулалт зэрэг нүдэнд харагдаж, үр дүнд хүрэх олон ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа гэдгийг та бүхэн мэдэж байгаа билээ. Энэхүү цогц арга хэмжээнүүдийн нэг бол энэ зунаас хэрэгжиж эхэлсэн “Ю байк” унадаг дугуйн түрээсийн үйлчилгээ юм. “Ю байк” төсөл нь авто замын түгжрэлийг бууруулах цогц ажлын нэг болохоос гадна иргэдийн эрүүл мэндийг дэмжих, цаг завыг нь хэмнэх давхар ач холбогдолтой арга хэмжээ болж чадсан. Энэхүү төсөл нь нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдаж, өндөр хөгжилтэй хотуудын жишигт нийцсэн “Түрээсийн дугуйн үйлчилгээ” бий болгох зорилт тавин ажилласны үр дүнд амжилттай хэрэгжиж, иргэддээ үйлчилгээгээ хэвийн үзүүлж байна.

Харин өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд төслийн II шат буюу ирэх оны тавдугаар сараас хэрэгжиж эхлэх “Ю Скүүтэр” түрээсийн мопедийг танилцууллаа. “Ю скүүтэр” төсөл нь 100 хувийн цахилгаан тэжээлт мопед түрээсийн үйлчилгээ юм. Дэлхийн орчин үеийн хотууд нийтийн тээврийн үйлчилгээнд дөнгөж нэвтрүүлж эхлээд байгаа шинэ үйлчилгээ гэдгээрээ онцлог юм байна.

Хотын дарга хэлсэн үгэндээ “Улаанбаатар хот дэлхий дээрх 455 метрополитан хотын нэг гэдэг утгаараа орчин үеийн энэхүү шинэлэг үйлчилгээг нийтийн тээвэртээ ирэх оны тавдугаар сараас нэвтрүүлж эхлэхэд бэлэн боллоо. “Ю скүүтэр” төсөл нь 100 хувь байгаль орчинд ээлтэй, цахилгаан тэжээлт технологийн шийдлийг ашигласан гэдгээрээ давуу талтай” гэдгийг онцолсон юм.

Ю Скүүтэр нь нэг цэнэглэлтээрээ 20-30км замыг туулж, 25 км цаг хурдлах хүчин чадалтай. “Юбайк” түрээсийн дугуйн үйлчилгээний нэгэн адил гар утасны аппликейшн ашиглан үйлчилгээ авах юм.

Дэлхийн 75 орны 4000 гаруй хотод, гадна зар сурталчилгаа болон нийтийн тээвэр, дугуйн зогсоолын байгууламжийн үйлчилгээ эрхлэгч “Жи Си Дэкау” компани Ю Скүүтэрийн зогсоолыг барьж гүйцэтгэх аж. Ю Байк, Ю Скүүтэр зэрэгцэн байрлуулах боломжтой, нарны цахилгаан тэжээлийн эх үүсвэртэй байгууламж байх ажээ.

Улаанбаатар хотод ирэх зунаас хэрэгжиж эхлэх цахилгаан скүүтэрийн түрээсийн үйлчилгээ анх 2012 онд АНУ-ын Сан франциско хотод нэвтэрч эхэлсэн бөгөөд 2017 оноос Европын томоохон хотуудын нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтэрч эхлээд байна.

Никель Ганбаа ХХК-ийн захирал Г.Дашням “Ирэх жилийн тавдугаар сар гэхэд Ю Скүүтэр бэлэн болж, үнэ өртөгийн хэмжээг тогтооно. Улаанбаатарын нөхцөлд зохицуулан, өмнөх Ю Байк төслийн туршлагаас хаана хаана байршуулах талаар ярилцаж байгаа. Дугуй болон мопедны түрээсийн үйлчилгээ нь манай улсын хувьд шинэ зүйл. Зарим алдаа дутагдал гарч байна. Бид үүнийг засч, сайжруулахаар ажиллаж байна” хэмээн ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.