Categories
мэдээ нийгэм

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Өнөө шөнө Хөвсгөлийн зүүн, Булганы хойд хэсэг, маргааш өдөр Сэлэнгийн нутгаар ахиухан хэмжээний цас орж, Булганы зүүн, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Өнөө маргаашдаа төвийн аймгуудын нутгаар, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. Цаг агаарын энэ аюултай үзэгдлийн улмаас зам даваа цас, шуурганд хаагдах, халтиргаа гулгаа үүсэх, тариа, ногоо нойтон цасанд дарагдаж болзошгүй тул холбогдох арга хэмжээг авна уу.

Categories
мэдээ нийгэм

Алга болоод гурав хоносон өндөр настныг эсэн мэнд олжээ

Өнгөрсөн есдүгээр сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн Урандөш гэдэг газар, тус аймгийн төвөөс урд зүгт 20 км-т, өндөр настны сувилалд эмчлүүлж байсан, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Б иргэн алга болжээ.

Энэ тухай дуудлагын дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 13 алба хаагч, орон нутгийн 12 иргэн, нийт 25 хүн дөрвөн техник хэрэгслээр хоёр өдрийн турш эрэн хайх ажиллагаа явуулсан байна.

Эрлийн үр дүнд иргэн Б-г алга болсноос нь хойш гурав хоногийн дараа Эрчим багийн Хийморийн-Овоо гэдэг газраас эсэн мэнд олж, сувиллын газрын даргад хүлээлгэн өгчээ. Тэрбээр Мөрөн сумын Ахмад настны асрамжийн газар амьдардаг байна.

Categories
мэдээ улс-төр

ОХУ-д инженерийн чиглэлээр суралцах оюутны тоог нэмэгдүүлнэ

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр Оросын Холбооны Улсын Роснефть компаний дэд ерөнхийлөгч Ю.И.Калининтай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Оросын Холбооны Улсын ”Газрын тосны Роснефть” Нээлттэй хувьцаат нийгэмлэг хоорондын хэлэлцээрийн хүрээнд жил болгон Монгол Улсын арван оюутан ОХУ-д инженерийн чиглэлээр суралцдаг байна.

Шаардлагатай мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд, хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс одоо суралцаж байгаа оюутны тоог нэмэгдүүлэхээр уулзалтын хүрээнд тохиролцжээ.

Инженерийн чиглэлээр ОХУ-д суралцах оюутныг ахлах ангиас нь эхлэн бэлтгэх хэрэгтэй гэсэн саналыг дэд сайд хүлээн авч, ажил хэрэг болгохоо мэдэгдсэн юм. Энэ хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулах аж.

1

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Төв аймаг дахь ноос, ноолуур боловсруулах үйлдвэрээр зочилж, тулгамдаж буй зарим асуудлыг сонсов

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төв аймаг дахь “Могол ноос” компанийн угаах, самнах, ээрмэл утасны болон оёдлын үйлдвэрээр зочилж ноос, ноолуур боловсруулахад тулгамдаж буй асуудлын хүрээнд үйлдвэрийн ажилчидтай ярилцав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нар мөн Төв аймагт ажилласан юм.

Энэхүү үйлдвэр нь 1995 оноос эхлэн ноос, ноолуур боловсруулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд ноос, ноолуур угаах, самнах, ээрмэл утасны үйлдвэртэй болж, 2017 онд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх оёдлын үйлдвэрийг ашиглалтад оруулсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулснаар энэ үйлдвэр сүүлийн үеийн 110 нэр төрлийн тоног төхөөрөмжтэй болж, жилд 30-50 мянган ширхэг зөөлөн оёмол үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ. Мөн 300-350 хүнийг ажлын байраар хангаж, нарийн ноосон утсаар “Могол” брендийн ноосон пальто үйлдвэрлэж байгаа ч үйлдвэрийн хүчин чадал, ажилчдын хичээл зүтгэлээс үл шалтгаалах хэд, хэдэн бэрхшээл энэ салбарт өнөө хэр тулгамдаж байгаа аж.

Тухайлбал, “Могол ноос” компанийн Ерөнхий захирал Ч.Эрдэнэбат “Манай компани монгол хонины ноосноос ноолуураа ялгаад утсаа өөрсдөө хийж байгаа. Хийсэн утсаа “Blue Sky” компанид өгч даавуу болгодог юм. Түүгээрээ эцсийн бүтээгдэхүүн болох пальто үйлдвэрлэж байна. Манай ээрэх үйлдвэр гэхэд л жилд 300 тонн нарийн ээрмэл утас үйлдвэрлэх хүчин чадалтай. Өнгөрсөн жил бид энэ хүчин чадлынхаа 10-хан хувийг ашиглаж байсан. Энэ жил пальто үйлдвэрлэж эхэлснээс хойш 20 орчим хувийг л ашиглаж байгаа.

Гэтэл импортоор жилд 400-500 тонн утас орж ирдэг. Энэ асуудлыг нэн тэргүүнд зохицуулах шаардлагатай. Хэрвээ бид импортын утасны асуудлыг зохицуулах юм бол дотоодын нарийн ээрмэл утасны чанар маш өндөр түвшинд хүрсэн тул гологдохгүй.

Мөн бид бүрэн хүчин чадлаараа ажиллахад эргэлтийн хөрөнгө шаардлагатай байдаг. Жилд 2000 тонн ноос авч байж бүрэн хүчин чадлаараа ажиллана. Түүхий эдийн үнэ гэхэд л 8 тэрбум төгрөг болно гэсэн үг. Энэ бол аль ч үйлдвэрт тулгамдаж байгаа нийтлэг асуудлуудын нэг.

Бид энэ үйлдвэрүүдийг байгуулахын тулд Засгийн газрын бондын зээлээс 3.5 тэрбум төгрөг, Азийн хөгжлийн банкнаас 2 тэрбум төгрөг авсан. 5-7 жилийн хугацаатай авсан зээлээ бид 100 хувь төлчихсөн. Тэгэхээр оновчтой үйлдвэрлэлээ олж сонгоод, Засгийн газраас дэмжээд явах юм бол Монгол Улсад үйлдвэрлэл хөгжих боломжтой гэдгийг манай үйлдвэр харуулж байгаа болов уу” гэсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Зэвсэгт хүчний 345 дугаар бригадад Байлдааны туг гардууллаа

Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвийн байрлалыг түшиглэн 2016 оны тавдугаар сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн Зэвсэгт хүчний 345 дугаар бригадад Байлдааны туг гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Таван толгой дахь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид болсон ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар болон генерал, офицер, ахлагч, ажилтан албан хаагч нар оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгыг хүндэт харуул угтан авснаар Байлдааны туг гардуулах ёслолын ажиллагаа эхэлж, Зэвсэгт хүчний анги, байгууллагын сүлд хийморь, цэргийн алба хаагчдын сүсэглэн дээдлэх оройн дээд шүтээн болсон байлдааны тугийг Зэвсэгт хүчний 345 дугаар бригадын захирагч, бригадын генерал Л.Гансэлэмд ёслол төгөлдөр гардуулж өглөө.

БАЙЛДААНЫ ТУГИЙГ ГАРУУЛЖ ӨГСНИЙ ДАРАА МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

Эрхэм генерал, офицер, ахлагч, ажилчин албан хаагчид аа!

Зэвсэгт хүчний анги, байгууллагын сүлд хийморь, цэргийн алба хаагчдын сүсэглэн дээдлэх оройн дээд шүтээн болсон байлдааны тугийг шинэхэн байгуулагдсан Зэвсэгт хүчний 345 дугаар бригадад хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байна.

Байлдааны туг нь дайчин уламжлал, эх орноо хамгаалах ариун үүрэг, цэргийн нэр төр, алдар гавьяаны илэрхийлэл болсоор ирсэн билээ. Байлдааны туг нь дээрээ хар сүлдтэй, мандан бадрахыг бэлгэдэн улаан далбаан дээр алтан соёмбо болон доор нь монгол бичгээр “Монгол Улсын төлөө” гэсэн байдаг нь зүгээр нэг бичигдээгүй, бидний өвөг дээдсийн эх орныхоо төлөө урсгасан цус, өргөсөн амиар бичигдсэн түүхтэй.

“Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичигт нийцүүлэн Батлан хамгаалахын багц хуулиуд Улсын Их Хурлын чуулганаар шинэчлэгдэн батлагдсан нь батлан хамгаалах тогтолцоо, Зэвсэгт хүчний хууль эрх зүйн шинэ орчныг бүрдүүлсэн томоохон ажлуудын эхлэл болсон юм.

Зэвсэгт хүчин нь зөвхөн байлдааны үүрэг төдий бус террорист үйлдлийн эсрэг сөрөг тусгай ажиллагаа явуулах, энхийг дэмжих ажиллагаанд оролцох, байгалийн гамшиг, ослын үед иргэдэд туслах, эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцох болсон нь өнөө цагт дэлхий нийтэд түгээмэл байна.

Монгол Улсын Зэвсэгт хүчин эх орноо батлан хамгаалах төдийгүй олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцох үүрэг бүхий энхийг дэмжих ажиллагааны бие даасан 3 батальонтой Зэвсэгт хүчний 345 дугаар бригадыг хэдхэн жилийн өмнө анхлан байгуулж байсан бол өнөөдөр энэ бригадад байлдааны тугийг гардуулж байгаа нь танай бүрэлдэхүүнд төдийгүй Зэвсэгт хүчний хэмжээнд тэмдэглэгдэх чухал үйл явдал мөн.

Байлдааны тугаа хүлээн авч байгаа Зэвсэгт хүчний 345 дугаар бригадын бие бүрэлдэхүүн Монгол цэргийн сүлд хийморь, нэр төрийг дээдлэн, ард түмэндээ өргөсөн тангаргаа чанд сахиж, эх орныхоо тусгаар тогтнол, даян дэлхийн энхийн үйлсийн төлөө бие, сэтгэл, оюунаа бүрэн зориулж ажиллана гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд итгэлтэй байна.

Ийнхүү өнөөдөр байлдааны тугаа гардан аваад байгаа Зэвсэгт хүчний 345 дугаар бригадын нийт бүрэлдэхүүнд баяр хүргэн, амжилт хүсье.

Монгол цэргийн сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай” гэв.


Зэвсэгт хүчний 345 дугаар бригад нь Монгол Улсын нутаг дэвсгэрт богино хугацаанд шилжин байрлаж, тавигдсан байлдааны болон хуулиар хүлээсэн үүргүүдийг гүйцэтгэх, харьяа батальонуудын байлдааны бэлэн байдал, бэлтгэлжилтийг нэмэгдүүлэх, Энхийг дэмжих ажиллагааны тооцоо, өгөгдөхүүнийг бэлтгэн боловсруулах, удирдах дээд байгууллагыг мэдээ, мэдээллээр хангах, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнийг бэлтгэх, явуулах, удирдлагаар хангах, Цэргийн сургалт бэлтгэлийг зохион байгуулж явуулах, бригадын зэвсэглэл техникийн бэлэн байдлыг хангах үндсэн үүрэгтэй юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах аргын цугларалтыг нээж үг хэлэв

Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалт болон Зэвсэгт хүчний 345 дугаар бригадад Байлдааны туг гардуулах ёслолын ажиллагаа Тавантолгой дахь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид зохион байгуулагдаж байна.

Дээрх ёслолын арга хэмжээнд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болж буй Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтыг нээж үг хэлсэн юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Монгол Улсынхаа тусгаар тогтнол, батлан хамгаалах үйлсэд гар, сэтгэл нэгдэн хамтран зүтгэж байгаа эрхэм нөхөд өө.

Эрхэм Батлан хамгаалахын сайд аа.

Эрхэм генерал, офицер, ахлагч нар аа.

Улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлж, эх орон, иргэдийнхээ аюулгүй, амар амгалан байдлыг сахин хамгаалах их үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн та бүхэнтэй нүүр тулан уулзаж, санал бодлоо солилцож байгаадаа баяртай байна.

Монголын төр, ард түмний өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлж, эх орныхоо аюулгүй байдлыг хангахад Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн та бүхний мэдлэг, мэргэжлийн ур чадвар, үлгэр жишээч байдал, ажлын сахилга, хариуцлага, хичээл зүтгэлээс ихээхэн хамаарна гэдгийг энд тэмдэглэн хэлэхийг хүсч байна.

Бид дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд дэлхий дахин, бүс нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжин, идэвхтэй оролцож, цөмийн болон үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх, олон улсын терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, НҮБ-ын болон олон улсын энхийг дэмжих, сэргээн босгох, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн.

Монгол Улс нь өөрийн аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр, дипломатын аргаар хангах, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг явуулахын зэрэгцээ аливаа гадны цэргийн аюул, занал учраагүй нөхцөлд цэргийн аливаа эвсэл, холбоонд нэгдэхгүй, нутаг дэвсгэр, агаарын орон зайг аль нэг улсын эсрэг ашиглуулахгүй, гадаадын цэргийн хүчнийг өөрийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй, байрлуулахгүй, дамжин өнгөрүүлэхгүй байх үндсэн зарчмыг баримталсаар ирлээ.

Гадаад улс оронтой байгуулсан цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, урт хугацааны хөтөлбөрөөр зэвсэглэл, цэргийн техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах, цэргийн мэргэжилтэнг бэлтгэх, олон улсын хамтарсан сургалт, дадлагын үр өгөөжийг нэмэгдүүлэх нь Зэвсэгт хүчний хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулна.

Аливаа улс орны өөрийгөө батлан хамгаалах асуудал нь нэг талаас олон улсын энхийн үйл явц, аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулах, нөгөө талаас өөрийн орны аюулгүй байдлыг баталгаажуулах, Зэвсэгт хүчний чадавхыг нэмэгдүүлэх гэж үзэж байна.

Миний бие Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд төрийн цэргийн байгууллагын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, Мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг Зэвсэгт хүчнийг байгуулж, бэхжүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчний чадавхыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, УИХ, Засгийн газар, төрийн бусад байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Цэргийн аюулгүй байдлын шинэ орчин, Батлан хамгаалах салбарын хууль тогтоомжид нийцүүлэн Зэвсэгт хүчний байгуулалтын төлөвлөлт, зохион байгуулалтыг шинэчлэхийг цаг үе шаардаж байна.

Зэвсэгт хүчнийг тайван ба дайны байдлын үед ашиглах арга зам, үзэл баримтлалыг тодорхойлсон “Монгол Улсын Төрийн цэргийн номлол” болон “Цэргийн цол олгох журам” зэрэг баримт бичгүүд надаар батлагдахад бэлэн болоод байна.

“Монгол Улсын Төрийн цэргийн номлол”-той уялдуулан Зэвсэгт хүчний стратегийн төлөвлөлтийн баримт бичгүүд, Цэргийн нийтлэг дүрмүүд зэрэг Зэвсэгт хүчний нэн чухал баримт бичгүүдийг боловсруулж, баталгаажуулах ажлыг богино хугацаанд зохион байгуулах үүрэг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын өмнө тавигдаж байна.

Түүнчлэн “Төрийн цэргийн байгууллын хөгжлийн стратеги-2030”, “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2016-2020 онд хөгжүүлэх хөтөлбөр” зэрэг төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, Зэвсэгт хүчний чадавхыг нэмэгдүүлэх асуудлыг та бид анхаарлынхаа гадна орхиж болохгүй юм.

Улс орноо хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчин оролцох нь улс орон, Зэвсэгт хүчний хөгжилд түлхэц өгөхөөс гадна залуучуудыг цэргийн алба хаах хугацаандаа ажил, мэргэжилд суралцаж, орлого олж, хуримтлалтай болоход чиглэсэн чухал арга хэмжээ юм. Тиймээс миний бие “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник, хэрэгслийг улс орны бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам”-ыг энэ онд шинэчлэн баталсан.

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байгуулагдах “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг Сайншанд хоттой холбох хүнд даацын авто замын ажлыг Зэвсэгт хүчний замын хээрийн анги гүйцэтгэж байгаа нь улс орныхоо хөгжилд оруулж байгаа томоохон хувь нэмэр гэж үзэж байна. Цаашид Зэвсэгт хүчний анги, салбарууд улс орноо хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байна.

Монгол Улсын Зэвсэгт хүчин залуучуудыг эх оронч, үндэсний үзлээр хүмүүжүүлэх, эх орноо батлан хамгаалах мэдлэг боловсрол, бие бялдар, сэтгэл зүйн хувьд төлөвшүүлэх “Оюутан-цэрэг”, “Зөв тэмүүлэл-Эх оронч манлайлал” сургалт болон бусад санаачилгыг дэмжин, идэвхтэй ажиллах шаардлагатай байна.

Мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг Зэвсэгт хүчнийг бүрдүүлж, бэхжүүлэх төрийн бодлогыг Та бид хамтран хэрэгжүүлж чадна гэдэгт би итгэл төгс байна. Та бүхний эх оронч, бүтээлч санаачилгыг дэмжин ажиллах болно.

Эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч байж, сахилга, зохион байгуулалтаа бэхжүүлэн, төрийн цэргийн бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө тууштай зүтгэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд уриалж, цаашдын албанд тань их амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол төрийн сүлд ивээх болтугай” гэлээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын хамтаар Зэвсэгт хүчний 311 дүгээр анги буюу Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв нь НАТО-гийн боловсрол, сургалтын төвүүдийн сүлжээнд багтдаг юм. Энэ төвүүдэд цэрэг, мэргэжлийн дамжаа, семинар, бага хурал явуулахаас гадна НАТО болон НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах цэргийн болон энгийн алба хаагч, цэргийн багуудад зориулсан хээрийн болон команд-штабын сургуулиудыг зохион байгуулдаг байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын Тамгын газрын хамт олон Төрийн нийт албан хаагчдын манлайлагч байх ёстой

Улсын Их Хурлын Тамгын газраас өнгөрсөн долоо хоногт ажлын байран дахь ээлжит сургалтаа зохион байгууллаа. Сургалтад Улсын Их Хурлын Тамгын газрын нийт ажилтан, Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажлын албаны ажилтнууд хамрагдав.

Сургалтын эхэнд Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн 2018 оны есдүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөний талаар мэдээлэл хийж, анхаарах асуудлаар үүрэг, чиглэл өгөв.

Тэрээр, хуулиа сайтар судалж өөрийн болгохоос гадна бусдад сурталчлахад анхаарах хэрэгтэй. Мөн Төрийн албаны шинэчлэл 2019 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэх тул Төрийн албан хаагчид та бүхэн дараах гурван асуултыг өөрөөсөө асууж, хариулах хэрэгтэй гэсэн үүрэг өгөв. Үүнд,

  1. Ёс зүй
  2. Мэдлэг
  3. Ур чадвар

Харин ур чадварын талаар та өөрийгөө ер нь Төрийн албанд тавигдах шаардлагад нийцэж буйгаа өөрсдөө үнэлж, Төрийн албаны чадахуйн болон шатлан дэвших зарчмуудыг хангаж, Төрийн нийт албан хаагчдын манлайлагч байх ёстойг онцлон хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д хууль бусаар оршин суугч гадаад иргэдэд өршөөлийн аян зарлалаа

БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдэд 2018 оны 10 дугаар сарын 1-нээс 2019 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэл өршөөлийн аян өрнүүлж байгаа тухай БНСУ-ын Хууль зүйн яамны харьяа Цагаачлалын алба мэдэгдлээ.

Дээрх хугацаанд хууль бусаар оршин суугаа гадаадын иргэд сайн дураараа эх орондоо буцсан тохиолдолд БНСУ-д буцаж ирэхэд нь хилийн хоригоос чөлөөлнө. Харин баривчилгаанд өртсөн иргэдийг дээд тал нь 10 жил хүртэлх хугацаагаар БНСУ-д дахин нэвтрэх эрхийг нь хязгаарлах аж.

Түүнчлэн Солонгосын Цагаачлалын албанаас барилга, үйлчилгээний газруудад баривчилгаа, шалгалтын ажиллагааг идэвхжүүлэх бөгөөд хууль бусаар оршин суугч гадаадын иргэдэд ажил олгосон аж ахуйн нэгжүүд, ажилд зуучлагчдад эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс гадна торгууль ногдуулах, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл хатуу арга хэмжээ авах тухай мэдэгджээ.

Оюутан, гэр бүлийн гишүүн зэрэг хөдөлмөр эрхлэх визгүй иргэд хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд мөн албадан нутаг буцаах аж

Иймд БНСУ-д визийн хугацаа хэтрүүлэн хууль бусаар оршин суугаа манай улсын иргэдийг энэхүү өршөөлийн аяныг ашиглан эх орондоо буцаж ирэхийг ГХЯ-ны Консулын газраас зөвлөж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ

2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 454,891 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Шивээ Овоо” ХК (SHV+11.11%) болон “Дархан Нэхий” ХК (NEH+9.24%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Такь-Ко” ХК (TAH-7.69%) болон “Говь” ХК (GOV-7.36%) компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр “TOP 20” индекс 20047.34 нэгж болж 1.67 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,368,097,468,536.13 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Categories
мэдээ нийгэм

“Мөнгөн усны чимээгүй аюул, Минамата конвенц” гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ

Дэлхийн хэмжээнд гар аргаар болон бичил уурхайн алт олборлолтод 10-15 сая хүн оролцож байдгаас 4.5 сая нь эмэгтэйчүүд, нэг сая нь хүүхэд байдаг. Алтны үнийн эрс өсөлт нь ойрын жилүүдэд мөнгөн ус ашигладаг уурхайчдын тоог ихээр нэмэгдүүлэх хандлагатай байна.

Тиймээс Минаматагийн өвчин, нэн ялангуяа мөнгөн усны бохирдлоос хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд учирсан ноцтой үр дагавраас сэргийлэх, улмаар мөнгөн усны зохистой зохицуулалтыг хангахын тулд олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Мөнгөн усны чимээгүй аюул…, Минамата конвенц” гэрэл зургийн үзэсгэлэнг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд өнөөдөр нээлээ.

Үзэсгэлэн 2018 оны 10 дугаар сарын 3-наас 12 дугаар сарын 25-ныг дуустал зохион байгуулагдана.

Мөнгөн ус нь агаар мандлаар хол зайд дамждаг, хүний хүчин зүйлийн нөлөөгөөр байгаль орчинд ялгарч, цаашид задрахгүйгээр үлддэг, экосистемд биохуримтлал үүсгэх чадвартай, хүний эрүүл мэнд болон байгаль орчинд үлэмж сөрөг нөлөө үзүүлдэг. Мөнгөн усыг анх 1950 онд Африкт алт угаах зорилгоор ашиглаж эхлэсэн ба үүнээс хойш 300 мянган тонн орчим мөнгөн ус хэрэглэжээ.

Нээлтэд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат оролцсон бөгөөд тэрбээр “Хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд маш ноцтой хор аюул учруулдаг мөнгөн усны эмгэнэлт түүхэн сургамж болсон дэлхий нийтийг түгшээсэн нэгэн шинэ төрлийн өвчин Япон Улсад гарч, түүний эсрэг арга хэмжээ авч эхэлснээс хойш 50 гаруй жил өнгөрсөн боловч хор уршиг нь одоо хүртэл арилаагүй байгаа билээ.

Харин манай оронд тохиолдсон бас нэгэн сургамжит түүхийг сануулахад 2007-2008 онд химийн хорт бодистой тээрмээр алтны хүдэр боловсруулах хууль бус үйл ажиллагаа өрнөж нийт зургаан аймгийн 21 сумын 130 цэгт хуримтлагдсан 92,956 м3 буюу 139,410 тн шламыг тээвэрлэж, химийн бодисоор бохирдсон 78,965 м2 талбайд хөрс хуулалт хийн саармагжуулж, орон нутагт хүлээлгэн өгөх ажлыг Монгол Улсын засгийн газар амжилттай авч хэрэгжүүлж байсан юм.

Байгаль орчин, хүн ардынхаа эрүүл аюулгүй, химийн бодисын бохирдолгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, мөнгөн уснаас үүссэн онц аюултай энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, сургамж авах зорилгоор манай яам санаачлан Япон улсын “Дэлхийг ногооруулах холбоо”-той хамтран энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн үзүүлж байна. Үзэсгэлэнгийн зорилго бол мөнгөн усны хор хохирол ямар аймшигтай юм бэ гэдгийг олон нийтэд ойлгуулахад чиглэж байна.

Монгол Улс мөнгөн усны хэрэглээг бууруулах, бүрмөсөн хориглох, ард түмний эрүүл мэндийг сахин хамгаалах, хүрээлэн буй байгаль орчин, хөрсийг бохирдуулахгүй байх үүднээс Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 4 сарын 30-ны өдөр “Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцийг соёрхон батлах тухай” хуулийг батлан хэрэгжүүлж эхэлснээр Ази тивээс уг конвенцид нэгдсэн анхдагч улсуудын нэг болсон билээ. Монгол Улс мөнгөн ус, түүнийг агуулсан бүтээгдэхүүний тооллого хийх, мөнгөн усны хэрэглээг зогсоох тухай үндэсний хөтөлбөр боловсруулах зэргээр уг конвенцийг хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэж байна. Манай улсад энэ үзэсгэлэнг анх удаа гаргаж байгаа нь конвенцийн гишүүн орны хувьд хүлээсэн үүргээ хэрэгжүүлж байгаа чухал үйл явдал болж байна” гэлээ.

Минамата өвчин илэрсэн 1960 оноос хойш дэлхийн бүх оронд алт угаахад мөнгөн ус хэрэглэхийг хуулиар хориглосон.

Манай улс “Мөнгөн усны тухай Минаматагийн конвенц”-д 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нэгдэн оржээ.