Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймгийн удирдлагууд нийслэлээс туршлага судалж байна

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөгчид нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцохоор хүрэлцэн ирээд байна. Тэд өнөөдөр НЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Улаанбаатар хотоос нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд болон нийслэлийн харьяа агентлагийн дарга нар оролцсон бол Өмнөговь аймгаас Засаг даргын орлогч С.Мөнхбаяр, ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнх, ХОХБТХ-ийн дарга Ж.Сүх-Эрдэнэ, ХЗХ-ийн дарга Б.Наранхүү, ТЕЗ-ийн ерөнхий нягтлан бодогч С.Уранчимэг тэргүүтэй төлөөлөгчид байлцав.

НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээ, нийслэлийн нутгийн захирагааны байгууллагын бүтэц, зохион байгуулалт, бусад аймаг орон нутагтай хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар товч танилцуулсан. Мөн НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү Улаанбаатар хотын санхүүгийн чадамж, жилийн төсөв, төлөвлөгөөний талаар, Бодлого, төлөвлөлийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр Улаанбаатар хотод хэрэгжиж буй бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээний талаар, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар гадаад, дотоод харилцаа хамтын ажиллагааны талаар тус тус товч танилцуулсан юм.

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрынхан нийслэл хотод хоёр хоногийн хугацаанд ажиллахдаа нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Агаарын бохирдлыг бууруулах газар, Үйлдвэрлэл, инновацийн газар, ЖДҮ-ийг хөгжүүлэх төв, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Гэр хорооллын дэд бүтцийн газар, НОСК зэрэг нийслэлийн харьяа агентлаг, орон нутгийн өмчит байгууллагуудын үйл ажилллагаатай танилцаж, туршлага судлах юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Консерваторид гранд төгөлдөр хуур бэлэглэлээ

Монголын соёл, урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад багш, уран бүтээлчдэд хүндэт профессор, профессор, дэд профессор цол олгох ёслол хүндэтгэлийн ажиллагаа Монгол Улсын Консерваторийн концертийн бага танхимд өнөөдөр боллоо. Монгол Улсын Консерваторийн анхны эрдмийн зөвлөл аравдугаар сарын 1-ний өдөр байгуулагдан анхдугаар хуралдаанаараа ийнхүү хүндэт профессор, профессор, дэд профессор цол олгох шийдвэрийг гаргасан юм байна.

Энэхүү ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаанд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа оролцож тус сургуулийн сургалтанд зориулан дөрвөн ширхэг Grand Piano буюу рояаль төгөлдөр хуур хөгжим бэлэглэлээ. Жилийн өмнө Монгол Улсын Консерваторийн 80 жилийн ойгоор эдгээр төгөлдөр хуурыг улсын төсвийн хөрөнгөөр худалдан авч өгнө гэдгээ амалж байсан бол ийнхүү биелүүлжээ. Эдгээр хуурыг худалдан авахад 80 сая төгрөг зарцуулсан юм байна.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа цаашид ч гэсэн Консерваторийн үйл ажиллагааг дэмжиж, ирэх онд улсын төсвийн хөрөнгөөр дахин нэг гранд хуур авч өгнө гэдгээ амаллаа. Тэрээр хэлсэн үгэндээ “Авьяас билэгтнүүдээ дэмжиж байж хөгждөгийг гадаадын олон улс орны жишгээс хардаг. Дэлхий нийт эдийн засаг, бас дахин эдийн засаг гэдэг үзэл баримтлалаас татгалзаж, хүн, хүний ёс зүй, төлөвшил гэдэг том концепц рүү шилжсэн. Үүнийг бий болгож чадах газар бол консерватор. Хүнийг жинхэнэ хүн болгон хүмүүжүүлж, ёс суртахууны төлөвшил, хүмүүжил олгох ёстой хүмүүс бол урлагийн салбарынхан, хөгжмийнхөн та бүхэн юм.

Цаашдаа нийгмийг соён гэгээрүүлэх үйлсийг буухиалж, түүчээлэн явах урлагийн авьяастай, мэргэжлийн өндөр боловсролтой хүмүүс Консерваторит бэлтгэгдэнэ. Энэ нь Монголын нийгэмд том гэгээ тусган болно” гэлээ.
Аливаа консерваторит төгөлдөр хуур хөгжим хамгийн чухалд тооцогддог бөгөөд бүрэн хэмжээний оркестртой хамт тоглох суурийг уг хөгжим дээр тавьдаг байна.

Монгол Улсын Консерваторийн захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Пүрэвхүү “Манай сургууль дээр онцгой сайхан үйл явдал боллоо. БСШУС-ын сайд 80 жилийн ойгоор сургалтад хамгийн чухал хэрэгцээтэй гранд төгөлдөр хуур бэлэглэнэ гэж амласнаа өнөөдөр биелүүлж, манай сургуульд албан ёсоор хүлээлгэн өглөө. Монгол Улсын Консерватори байгуулагдаад нэг жил болж байна. Нэг жилийн ой дээрээ бид анхныхаа магистрын шалгалтыг нээж эхлүүллээ. Энэ их ач холбогдолтой. Хөгжмийн чигэлэлээр олон улсын түвшинд магистрт сурах өндөр зардалтай байдаг. Харин одоо олон улсын түвшинд мэргэжлийн дээд боловсролыг эзэмшсэн залуус Монголдоо ахисан түвшний сургалтад хамрагдах боломж бүрдлээ. Мөн сургууль маань их сургуулийн статустай болсноор анхныхаа эрдмийн зэрэг цолыг олгох боломж нээгдсэнд баяртай байна” хэмээн ярьсан юм.

Categories
мэдээ нийгэм

Ш.Батхүү, Ч.Ганзориг нарыг үргэлжлүүлэн хорих шийдвэр гарчээ

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хуралдаж “Жаст” группийн захирал Ш.Батхүүгийн хоригдох хугацааг 15 хоногоор сунгахаар шийдвэрлэжээ.

“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг хуурамч гарын үсэг бүрдүүлж Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаалж их хэмжээний зээл авсан гэх хэргээр “Жаст” группийн захирал Ш.Батхүүг ийнхүү үргэлжлүүлэн хорихоор болов. Түүнийг мөрдөн байцаалтын шатанд баривчлан шалгаж байгаа бөгөөд цагдан хорих хуулийн хугацаа энэ сарын 2-нд дууссан юм. Мөн уг хэрэгт холбон шалгаж буй Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг ч мөн үргэлжлүүлэн хорих асуудлаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаж 30 хоногийн хугацаатай цагдан хорих шийдвэр гаргалаа.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн шүд эрүү нүүрний төв шинэ байртай боллоо

Нийслэлийн хэмжээнд шүдний төрөлжсөн чиглэлээр тусламж, үйлчилгээ үзүүлдэг Нийслэлийн шүд эрүү нүүрний төв өөрийн гэсэн шинэ байртай болж өнөөдөр нээлтээ хийлээ.

1986 онд байгуулагдсан тус төв нь жилд 100-120 мянга гаруй хүнд тусламж, үйлчилгээ үзүүлдэг байсан бол эмнэлгийн ажиллагсад болон иргэдийн тав тухыг бүрэн хангасан шинэ байранд үйл ажиллагаа явуулж эхэлснээр хүчин чадал 1.5-2 дахин нэмэгдэж, жилдээ 500 мянга гаруй хүнд үзлэг, оношилгоо, эмчилгээ хийх боломжтой болов.

Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн захирал Л.Хэнтий: Таван жил түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж ирсэн манай төв өөрийн гэсэн зориулалтын байртай боллоо. Мөн Тайванийн хүүхэд гэр бүлийг дэмжих сангаас хүүхдийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тус бүр хоёр кабинетыг бүрэн тохижуулж өгсөн. Үүгээрээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхэд бүрт тусламж үзүүлэх цогц үйлчилгээтэй кабинет болж байгаа нь давуу талтай.

Энэхүү 6 давхар барилга нь үйлчлүүлэгч болон ажилчдын цахилгаан шат, нэгдсэн агааржуулалтын системтэй, саруулхан өрөө тасалгаа бүхий орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, иргэдийг тав тухтай орчинд үйлчлүүлэх орчин нөхцлийг бүрдүүлжээ. Шинэ байр нь Баянзүрх дүүргийн гуравдугаар хороо, 33 дугаар сургуулийн зүүн урд байрлаж байгаа бөгөөд ирэх сард үйлчлүүлэгчдээ хүлээн авах юм.

Categories
мэдээ нийгэм

Манай улсад хүний үйлдэлтэй холбоотой жилд 94.5 тонн мөнгөн ус ялгардаг

“Мөнгөн усны тухай миннаматагийн конвенц, бичил уурхай” үндэсний хэлэлцүүлгээр “Алтны бичил уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэж байна.

Тус хэлэлцүүлэгт холбогдох яамд болон байгаль орчны байцаагчид, орон нутагт дахь бичил уурхайн эрхлэгчид бүхий 150 төлөөлөгч оролцлоо. Хэлэлцүүлгийн үеэр НҮБ-ын гаргасан аргачлалаар БОАЖЯ-наас явуулсан мөнгөн усны тооллогын дүнг танилцуулсан юм. Уг тооллогын дүнгээр манай улсад хүний үйлдэлтэй холбоотойгоор жилд 94.5 тонн мөнгөн ус ялгарч байгаагаас 91 орчим хувь нь алт, зэсийн олборлолт, анхан шатны боловсруулалтаас үүдэлтэй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Хэдийгээр энэ үзүүлэлт дэлхийн зарим улс орнуудтай харьцуулахад харьцангуй бага байгаа хэдий ч цаашдаа байгаль орчинд ээлтэй технологи, туршлагыг нэвтрүүлэх, бохирдуулагч бодисын хяналтын систем ашиглах, хариуцлага бий болгох зайлшгүй шаардлагатай гэдэгт оролцогсод санал нэгдэв.

Хэлэлцүүлгийг НҮБ, БОАЖЯ, Олон улсын байгаль орчны сан хамтран зохион байгуулж буй бөгөөд энэ сарын 4, 5-ныг хүртэл үргэлжлэх юм.

Categories
мэдээ улс-төр

Зам, тээврийн хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг дэвшүүлэхээр боллоо

УИХ-ын чуулганы үдээс өмнө хуралдаанаар Ж.Бат-Эрдэнийг Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалаас чөлөөлсөн. Чуулган завсарласны дараа МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Зам, тээврийн хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг нэр дэвшүүлжээ.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн цэцийн 11 дүгээр дүгнэлтийг хүлээн авлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.00 цагт 52 хувийн ирцтэй эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар нийт 12 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга танилцуулсан юм. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй.

Тиймээс чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 11 дүгээр дүгнэлтийг сонслоо. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны иргэн Ө.Эрдэнэ-Очир, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны оршин суугч, иргэн Ш.Алтангадас нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн байх магадлалтай талаар мэдэгдэл ирүүлсэн байна. Уг мэдэгдлийг Үндсэн хуулийн цэц өнгөрсөн сарын 21-нд хянан хэлэлцээд, Үндсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хууль зөрчөөгүй хэмээн дүгнэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймгийн нийт нутгаар цас орлоо

Хөвсгөл аймгийн зарим нутгаар өчигдөр 0,7 мм цас, 03-ны шөнө нийт нутгаар 0-20 мм хур тунадас нойтон цас орлоо. Өглөөний байдлаар сумдын Ус цаг уурын ажиглалтын талбайд Цагаан-Уулаас бусад бүх сумдын нутгаар 0-17 см цасан бүрхүүл тогтсон байна.

Мөн ихэнх нутгаар 12-16 м/с хүрч цасан шуурга шуурсан аж. Аравдугаар сарын 04-нд цас үргэлжлэн орж байгаа бөгөөд зам хаагдаагүй тээврийн хэрэгсэл хэвийн зорчиж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Я.Баярсайхан: Хохирогчгүй, хохиролгүй зохиомол хэрэг үүсгэн төрийн албан хаагчийг хэлмэгдүүлж байна

Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, “Факт консалтинг” ХХК-ийн захирал, хуульч, өмгөөлөгч Я.Баярсайхантай ярилцлаа.

-Та манай сонинд ямар шалтгаанаар хандах болов?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн бол гэм буруутайд тооцохгүй” гэж заасан байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд хууль

хяналтын байгууллагууд хэн нэгнийг шүүхээр гэм буруутайд тооцоогүй байхад гэмт хэрэгтэн мэтээр олон нийтэд зарлаж, нийгэмд сенсаци үүсгэж байна. Үүний цаана тус хэрэгт холбогдох хохирогч, холбогдогч, тэдгээрийн ар гэрийнхэн, найз нөхөд гээд олон хүн сэтгэл санаа эд материалаараа хохирч байдаг юм.

-Та жишээ, тайлбар хэлэх үү?

-Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Авлигатай тэмцэх газар хөндлөнгөөс оролцсон хэрэг гарсан. Ямар нэгэн хохиролгүй, хохирогчгүй асуудалд Эрүүгийн хэрэг үүсгэн, прокуророор хянуулан анхан шатны шүүхэд шилжүүлж, давуу байдал олгосон байж болзошгүй гэж үзэн хэлмэгдүүлж байгаа асуудал юм.

-Энэ талаар тодруулахгүй юу?

-Иргэний хэргийн анхан шатны шүүхээс “Ноён шаг” ХХК-иас 84050685 төгрөгийг гаргуулж “Рокмон” ХХК-д олгохоор шийдвэр гаргасан хэрэг байдаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээрзүйлийн 4 дэх хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолыг хүлээн авсан даруйд энэ хуулийн 44 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авна”гэдгийг маш тодорхой хуульчилж өгсөн байдаг. Тухайн хэрэгт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга нь төлбөр төлөгч “Ноён шаг” ХХК-ийн хүсэлтийн дагуу Шийдвэр гүйцэтгэлийн хэлтсээс нь материалыг татаж хянахад Баянзүрх дүүргийн 160 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Ингэхдээ “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд (төлөөлөгчид), бусад хүн, хуулийн этгээдийн төлөөллийг дуудан ирүүлэх”, “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд, бусад хүн, хуулийн этгээдээс гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэхэд шаардлагатай баримт бичиг, лавлагаа тодорхойлолт гаргуулан авах”, “Төлбөр төлөгч болон бусад этгээдээс төлбөр төлөгчийн хөрөнгийн тухай мэдүүлэг гаргуулан авах, түүнийг төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэх”, “Төлбөр төлөгчийн үйл ажиллагаанд холбогдох санхүүгийн болон бусад баримт бичигт үзлэг хийх”, т “иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд, бусад хүн, хуулийн этгээдэд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зорилгоор тодорхой үүрэг хүлээлгэх, энэ тухай мэдэгдэл хүргүүлэх” зэрэг шат дараалсан ажиллагаануудаас нэгийг нь ч хийхгүйгээр шууд банкин дахь дансны гүйлгээнд хаалт хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан процессын дарааллыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Хамгийн гол нь дээрх хууль зөрчиж хийгдсэн дансны хаалтыг чөлөөлж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөн хуулийн дагуу ажиллагааг явуулах шийдвэрийг дэд дарга, дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн хамтын шийдвэрийн үндсэн дээр гаргасан байтал нэг хүнийг сугалж аваад та гарын үсэг зурж бусдад давуу байдал олгосон гэж буруутгасан.

-Бусдад давуу байдал олгох гэдэг чинь хамаарал бүхий этгээддээ ямар нэгэн эдийн болон эдийн бус ашиг олж авсан байхыг хэлэх үү?

-Дээрх хуулийн заалтад “хамаарал бүхий этгээд” гэсэн ойлголтыг хамааруулаагүй харин “албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх ойлголтыг хамааруулж ашиг олсон байхыг шаарддаггүй. Энэ хуулийн заалтын давуу байдал олгосон гэдгийг юу гэж ойлгох юм бэ. Тухайн үед төлбөр төлөгч “Ноён шаг” ХХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд 2017 оны долдугаар сарын 6-ны өдрийн албан тоотоор “төлбөрийг зургаан сарын хугацаанд сар бүр 14 сая төгрөгөөр тогтмол төлж байх баталгаа, ажилчид нь илүү цагаар ажиллуулсны болон ээлжийн амралтын мөнгөө авахаар ажлын байранд нь маргаан гарч, үл ойлголцол үүссэн тул дансаа сэргээлгэх хүсэлт ирүүлсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 45.4 “Төлбөр авагч, эсхүл төлбөр төлөгч иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг гүйцэтгэх тохиромжтой хугацааны талаар санал гаргаж болно” гэж заасан тул “Ноён шаг” компанийн албан тоотыг Шийдвэр гүйцэтгэлийн хэлтсийн даргадаа “Нягтлаад холбогдох арга хэмжээг шуурхай авч, хариу өгөх” гэсэн цохолт хийж өгсөн. Гэтэл одоо хэргийн материалд “энэ асуудлыг шуурхай шийдэж хариу өг”гэж илт гуйвуулан яллах дүгнэлт, шүүхийн тогтоолд бичсэн байна. Би дээр давуу байдал олгосон гэдгийг юу гэж ойлгох юм бэ гэсэн. Өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэрэгжүүлж явах хуулиа зөрчиж шат дараалсан арга хэмжээг авахгүйгээр шууд төлбөр төлөгчийн дансыг хаасан шийдвэр гүйцэтгэгчийг төлбөр авагчид давуу байдал олгосон гэх үү, хууль зөрчсөн үйл ажиллагааг зөвтгөсөн албаны даргыг албан тушаалын байдлаа урвуулан бусдад давуу байдал олгосон гэх үү.

-Таны ярьж байгаагаар АТГ, Прокурор, Анхан шатны шүүхээс баримтгүйгээр асуудалд хандсан гэж ойлголоо?

-Шүүхийн тогтоол болон шүүгчийн захирамжаар тодорхой данс, хөрөнгийг битүүмжлэхээр заасан шийдвэр ирсэн бол шийдвэр гүйцэтгэгч нэн даруй хаах үүрэгтэй байдаг боловч зөвхөн нэг компанийн хүсэлтээр шууд данс хааж тэдэнд давуу байдал олгосон нь энэхүү маргааны гол эхлэл болсон байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46 дугаар зүйлд Хөрөнгийн мэдүүлэг гаргуулах тухай “Шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсний дараа төлбөр төлөгчөөс түүний хөрөнгийн тухай бичгээр мэдүүлэг авах бөгөөд мэдүүлэг гаргахын өмнө мэдүүлгийг худал гаргасан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг сануулж, тэмдэглэлд гарын үсэг зуруулна”, “Төлбөр төлөгч хөрөнгийн тухай мэдүүлэг авах талаар мэдэгдсэнээс хойш долоо хоногийн дотор үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэсэн заалтуудыг огт хэрэгжүүлээгүй. Энэ нь материал татаж хянахад илэрч, мэдэгдэл хүргүүлсэн ямар ч баримт гүйцэтгэх баримт бичигт байгаагүй зөрчлийн талаар тухайн үед нь манай үйлчлүүлэгч ахлах шийдвэр гүйцэтгэгчид сануулсан байсан.

-Таны үйлчлүүлэгч давуу байдал олгосон гээд байгаа төлбөр төлөгч, төлбөр авагч нарыг таньдаг юм уу?

-Манай үйлчлүүлэгч аль ч талыг нь урьд өмнө нь танихгүй. Талуудаас гаргасан аливаа хүсэлт гомдлуудтай нь тухай бүрт нь танилцаад, холбогдох арга хэмжээ авахыг доод шатны алба хаагчдадаа үүрэг болгож байсан юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32,33 дугаар зүйлд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд, тэдгээрийн эрх, үүргийг тодорхой зааж, талууд хэдийд ч гүйцэтгэлийн хувийн хэрэгтэй танилцах, хуулбарлан авах, санал гаргах эрх нээлттэй байдаг. Тухайлбал, төлбөр авагч “Р” ХХК-иас 2017 оны наймдугаар сарын 23 нд “Ноён шаг” ХХК төлбөр төлөх графикт заасан долоо, наймдугаар сарын 28 сая төгрөгөө төлөөгүй тул дансны зарлагын гүйлгээг түдгэлзүүлж өгөх хүсэлт гаргасныг Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчид “Нягтлаад материалыг танилцуулах” гэж цохон тухайн өдөрт нь материалыг нь татаж хянаад шийдвэр гүйцэтгэгчид төлбөр төлөх хугацаатай мэдэгдлүүдийг өгсөн. Гүйцэтгэх захирал С.Б-г төлбөртэй этгээдийн бүртгэлд оруулах арга хэмжээг авсан. Ажиллагаанууд бүрэн хийгдсэний дараа 2017 оны аравдугаар сарын 2-ны өдрийн 1/24093 тоотоор төлбөр төлөгч “НШ” ХХК-ийн зарлагын гүйлгээг зогсоож, хасалт хийсэн, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд шилжүүлэх албан тоотыг хүргүүлж, талуудын өр төлбөрийн асуудал дуусаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь тогтоолоор хаагдсан байхад манай үйлчлүүлэгчийг чи буруугүй ч байсан буруутан байх ёстой гэж үзээд байгаад л асуудлын гол болчихоод байна.

-Нэг нь мөнгөө авчихсан, нөгөө нь мөнгөө өгөөд дуусчихсан юм байна шүү дээ.Одоо таны үйлчлүүлэгч ямар буруутай юм бэ?

-Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зөвтгөж явуулсанаараа “хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулаагүй” гэсэн үндэслэлээр аль нэг талаас гаргасан гомдлоор иргэний шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, дээрх өр төлбөрийн асуудал дуусаагүй байх эрсдэлээс урьдчилан сэргийлж, хуулийн дагуу та ажлаа хийжээ гэж л буруутгахгүй юм бол өөр буруутгах зүйл байхгүй. Дээр нь мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн хэлэлцүүлгийн бүх шатанд цагаатгах талын нотлох баримтуудыг үнэлээгүй юм.

-Таны үйлчлүүлэгч ямар ажил эрхэлж байсан хүн бэ?

-Миний үйлчлүүлэгч өөрөө хууль эрх зүйн дээд боловсролтой, Тагнуулын Ерөнхий газарт ажилтанаас газар, хэлтсийн дарга, Авлигатай тэмцэх газрын тамгын хэлтсийн дарга, Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, Улсын Ерөнхий гүйцэтгэгч, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга зэрэг хууль хяналтын хамгийн хариуцлагатай салбаруудад Төрийн албаны тухай хуулийн дагуу шилжин томилогдож, сэлгэгдэн тасралтгүй 20 гаруй жил ажиллаж байна. Ийм хүнийг хэн нэгний захиалгаар ингэж хэлмэгдүүлж байгаа юм чинь өнөөгийн хууль хяналтынхан жирийн иргэдийг яаж хохироодог нь тодорхой харагдаж байгаа юм.

-Ер нь цаашид яах ёстой гэж та бодож байна?

-Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлд “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна, Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна, халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй гэдгийг маш тодорхой зааж өгсөн байдаг. Монгол Улсын Эрүүгийн хуулийн зорилго нь “Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино” гэж заасан боловч өнөөдрийг хүртэл иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бусдад давуу байдал олгосон хэмээн хохирогчгүй, хохиролгүй зохиомол эрүүгийн хэрэг үүсгэн бүх шатандаа дээрээсээ захиалгатай хүн хэмээн албан үүргээ хуулийн дагуу гүйцэтгэсэн төрийн албан хаагчийг гэмт хэрэгт холбогдуулан хэлмэгдүүлж байгаа нь Монгол Улсад хууль хэрхэн хэрэгжиж байгааг харуулсан тод жишээ болж байна. Түүхийн аль ч цаг үед Шударга ёсыг хууль хяналтын байгууллага болон шүүх засаглал л тогтоох ёстой. Шударга ёс гэдэг уг нь үнэний хэмжүүр билээ. Шударга ёсыг нийгэмд тогтоохын тулд нийтээрээ тэмцэж, нийгмээ шинэчлэхгүй бол төрийн болон хүчний байгууллагуудын улстөржилт хэрээс хэтэрч, дээрээс захиалгатай хүн хэмээн хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүндэд дэндүү бүдүүлгээр халдах нөхцөл аль хэдийнэ бүрдсэн байна. Монголчууд 1937-39 онд хэдэн мянгаар нь гэмгүй олон хүмүүсээ хэлмэгдүүлж, буудуулж гашуун зовлон амсаж байсан боловч өнөөдөр орчин цагийн хэлмэгдүүлэлт аль хэдийнэ Монгол Улсад нүүрлэсэн байна гэдгийг олон нийтэд хүргэх нь өмгөөлөгч миний үүрэг билээ.

Categories
мэдээ нийгэм

С.Жавхлан: Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө хуралдуулаач ээ

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсээр байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Жавхлан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Цаг үеийн асуудлаар мэдээлэл өгье. Энэ улс орны байдал их ноцтой байна. Энэ зун гэхэд гадаадын онгоц ирж, манайд баривчилгаа хийхийг завдлаа. Галт тэрэг замаасаа уналаа, яаманд аллага гарлаа. Улс орон даяар тоггүй болов. Алба хаагчийн гэрээс их хэмжээний ам.доллар гарч ирлээ. Гадаадын тагнуул байж болзошгүй иргэнийг баривчиллаа гэх мэт нийгмийг цочроож ард иргэдийг айлгаж ичээсэн дарамтанд оруулсан үйл явдал олон болов.

Төрийн гурван өндөрлөг ҮАБЗ-өө хуралдуулаачээ. Намрын чуулган нээлтээ хийлээ. Эдгээр асуудлаар тайлбар хийх юм болов уу гэж харсан таг чиг байх юм. Уг нь Үндэсний аюулгүй байдал хуралдуулах хэмжээний ноцтой шалтгаанууд мөн биздээ. Энэ болгоныг харчихаад хэлээ хазаад дуугуй сууж байгаа Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, 76-гаа ахалж байгаа УИХ-ын дарга та гурав юу бодож байна. Дуугараачээ.
Улс орон ийм аюултай нөхцөл байдалтай байхад энэ тэндэхийн хурал хэсч зээл тусламж авах, баярлаж хөөрч гар барьж, хүнд төмөр өргөж яваа та нар одоо зуны зугаалга, найр наадмаа дуусгаж орон овоохойдоо ирж энэ асуудлуудаа цэгцлэж жигдлээч. Зөв мэдээлэл өгөөч. ҮАБЗ-ийг хуралдуулах асуудлаар би та гуравт маргааш албан шаардлага хүргүүлнэ” гэлээ.