Categories
мэдээ улс-төр

Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах ажлын явцыг танилцууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улсын Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” боловсруулах ажлын явцын талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

УИХ-ын дарга аа,

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын нийт хүн ам 3.2 саяд хүрч, нутаг дэвсгэрийн хувьд нийслэл, 21 аймаг, 330 сум, 9 дүүрэг, 1765 баг, хороо бүхий засаг захиргааны бүтэц, зохион байгуулалтын нэгжтэй байна.

Хүн амын судалгаа, мэдээллээс үзэхэд, хотжилтын түвшин нь хөдөөгөөс хот руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөний нөлөөгөөр хурдацтай нэмэгдэж, 67.6 хувьд хүрээд байна. Нийслэл, бүсийн тулгуур төв болон аймгийн төв болох 23 хот, түүний орчимд манай улсын нийт хүн амын 66.0 орчим хувь нь амьдарч, ажил хөдөлмөр эрхэлж байна.

Тодруулбал, 2017 оны байдлаар зөвхөн Улаанбаатар хотод улсын нийт хүн амын 46 хувь буюу нийт хотын хүн амын 70 хувь төвлөрч, аж ахуйн нэгж, байгууллагуудын 70 орчим хувь нь байршиж, дотоодын нийт бүтээгдэхүүний 65 орчим хувийг үйлдвэрлэж байна.

Дэлхий нийтээрээ том хот руу шилжин суурьших хөдөлгөөнөөс үүдэлтэй хүн амын хэт төвлөрлийг бууруулахын тулд бусад хотууд болон хөдөөд амьжиргааны нөхцөлийг сайжруулах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, бүсийн тэргүүлэх төв, дагуул хотуудын хөгжлийг дэмжихийг чухалчлан үзэж улс орнууд тусгай бодлого, төлөвлөлтийн урт хугацааны баримт бичгүүдийг батлан гаргаж хэрэгжүүлж байна.

Тухайлбал, Бүгд Найрамдах Солонгос улсад “Үндэсний нутаг дэвсгэрийн хөгжлийн бодлого ба стратеги”, Япон Улсад “Үндэсний хөгжлийн цогц бодлого”, ОХУ-д “Нутагшилт, суурьшлын ерөнхий схем”, Турк улсад “Хот, суурин газрын хөгжлийн стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөө бэлтгэх төсөл” хэрэгжиж байна.

Монгол Улс нь нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг хэрнээ хүн амын хамгийн их хувь нь нийслэл хотдоо төвлөрснөөрөө мөн адил дэлхийд тэргүүлэх хэмжээнд байгаагаас гадна хүн амын тал шахам хувь нь агаар, ус, хөрс зэрэг орчны бохирдол ихтэй хотод амьдарч байгаа нь хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоо алдагдсаны тодорхой илэрхийлэл юм.

Хүн амын хэт төвлөрлийг сааруулахын тулд хүн амын шилжилт хөдөлгөөнийг татах хүчин зүйлсийг нийслэлийн дагуул хот болон орон нутгийн хот, суурин газруудад бий болгох шаардлагатай.

Олон улсын жишгээс авч үзвэл хүн амын амьдрах тохиромжтой орон зай, тааламжит орчныг өөрийн орны онцлог, газар нутгийн нөөц, баялаг, байгаль, цаг уурын өвөрмөц нөхцөлтэй уялдуулан, цаг хугацааны хүчин зүйлийг харгалзан газар зүйн байршилд тулгуурлан тодорхойлдог.

Энэ үндсэн дээр нийгэм, эдийн засгийн ирээдүйн хөгжил, соёлын түвшинг илэрхийлэх, нийгмийн дэвшилд идэвхтэй нөлөөлөх бодит үр дагавар бүхий нутаг дэвсгэрийг зохион байгуулах, хүн амыг зохистой байдлаар нутагшуулах төслийг боловсруулж, төрийн бодлогын түвшинд авч үзэн хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага урган гарсан.

Нэгдсэн Үндэсний Байгууллагын хүн ам суурьшлын газраас гаргасан удирдамжийн дагуу “Монгол Улсын Хот Байгуулалтын Тайлан”-г 2016 онд боловсруулан гаргасан нь уур амьсгалын өөрчлөлтөнд орчин үеийн хотын хэв маяг ямар байх, тогтвортой хөгжлийн ололтыг хот төлөвлөлттэй хэрхэн нийцүүлэх, нийгэмд тэгш хүртээмжтэй байхаар хот төлөвлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд чухал баримт бичиг болсон.

2016 онд зохион байгуулагдсан НҮБ-ын чуулганаас тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын дагуу “Хотжилтын шинэ хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж, уг хөтөлбөрийн хэрэгжилтийг Дэлхийн хотуудын форумд тайлагнах үүрэг хүлээсэн.

Энэ онд зохион байгуулагдсан Дэлхийн хотуудын 9 дүгээр чуулганд манай улсын төлөөлөгчид оролцож, “Хотжилтын шинэ хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар санал бодлоо солилцож, НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрөөс (ХАБИТАТ)анхаарал хандуулж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг орон нутгийн нөхцөлд тохируулан хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах сонирхолоо илэрхийлсэн.

Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын тогтолцоо болон хот байгуулалтын салбарт нэг хот төвтэй хүн амын хэт төвлөрөл, агаар, хөрс, усны бохирдол, авто замын хөдөлгөөний түгжрэл, хот болон хөдөөгийн хөгжлийн ялгаа ихсэх, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэл нэмэгдэх зэрэг сорилтууд цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна.

Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулан агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах, нийслэлийн дагуул хот, суурин газрууд, бүсийн тулгуур төв, аймаг, сумын төвүүд зэрэг бусад хот, суурин газруудыг төлөвлөн хөгжүүлж, хүн амын хэт төвлөрлийг сааруулах, орон нутгийн хотуудын хөгжлийг бүсчилсэн хөгжлийн бодлогоор дэмжих зэрэг арга хэмжээг авах шаардлага гарч байна.

Монгол Улсын Үндсэн хуульд “Төр нь үндэсний аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж заасныг хэрэгжүүлэхэд юуны өмнө өргөн уудам нутаг, харьцангуй эмзэг байгаль, цөөн хүн амын харилцан шүтэлцээг харгалзах нь зүйтэй. Үүнд, Монгол орны газар нутаг, уур амьсгал, хүн амын уламжлалт нүүдлийн болон суурин хэвшлийн амьдрал, соёл иргэншлийн онцлогт тохирсон шинжлэх ухааны үндэслэлтэй, алс хэтийн хараатай хот байгуулалтын зөв бодлого хэрэгтэй.

“Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Ногоон хөгжлийн бодлого”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” болон “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр”-т “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”- ийг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг үе шаттай зохион байгуулах зорилтуудыг дэвшүүлсэн.

“Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг анх боловсруулж байсан 1996 оноос хойш Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтолцоонд ихээхэн өөрчлөлт, дэвшил гарсан тул уг төслийн баримт бичгийг шинээр боловсруулах шаардлага үүссэн. Тухайлбал:

-Монгол Улсын хүн амын тоо 3,2 саяд хүрч өссөн;

-Мал сүргийн тоо 66 сая толгойд хүрсэн;

-Монгол улсын эдийн засаг жилээс жилд улам өргөжин тэлж байгаа;

-Уул уурхайн болон барилгын салбарт өсөлт бий болж, Оюутолгой, Тавантолгой зэрэг стратегийн ордуудаас гадна өөр бусад орд, уурхайнээгдэж, тэдгээрийг дагасан хот, суурин байгуулагдаж байгаа;

– Олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн шинэ суурьшил үүсэх таатай боломж, нөхцөл бүрдсэн;

-Бүх аймгийн төвүүд нь нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбогдох, мөн уул уурхай, аж үйлдвэрүүдийг холбосон зам, тээврийн сүлжээг барьж байгуулах бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгаа;

-Зарим бүс нутгийг газар тариалангийн чиглэлээр хөгжүүлснээр дотоодын гурил, тэжээлийн хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдэж байгаа;

-Гадаад болон дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх шинэ чиглэл, маршрут гарч, бүс нутгийг хамарсан шинэ төслүүдийг хэрэгжүүлж байгаа;

-Бүс нутгийн эдийн засгийн интеграци, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хамтарсан эдийн засгийн коридор байгуулах хөгжлийн чиг хандлага,ОХУ, БНХАУ-тай хил орчмын хамтын ажиллагаа идэвхжиж, хилийн боомтууд шинээр нээгдэж, байнгын үйл ажиллагаатай боомтуудын тоо нэмэгдсэнээр хил орчмын суурьшлын бүсүүд бий болж байгаа;

-Дэлхийн байгаль, цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор улс орны хэмжээнд “ногоон” хөгжлийн асуудлыг шинээр авч үзэж, нутагшилт, суурьшлын төсөлд тусган хэрэгжүүлэх шаардлага үүссэн;

-Нийслэлийн хэт төвлөрлийг сааруулах, орон нутагт хөгжлийг бий болгож, хүн амыг тогтвортой суурьшуулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа зэрэг болно.

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө нь усны нөөц, горимд өөрчлөлт орох, олон жилийн цэвдэгт хөрс болон өндөр уулын мөстлөг хайлах, нуур цөөрөм, булаг шанд ширгэх, хөрсний усны түвшин доошлох, зуны хэт халалт, хуурайшилт болон агаарын мандлын гаралтай конвекцийн үзэгдлийн улмаас хөрс, бэлчээр доройтон ургамлын төрөл зүйлийн бүрдлийн тоо цөөрч, цөлжих үйл явц идэвхжих, зэрлэг амьтдын тархалтын бүс нутаг өөрчлөгдөх, ой хээрийн түймрийн давтагдал нэмэгдэх зэргээр илэрч байна.

Монгол орны өргөн уудам газар нутагт хүн амын нутагшилт, суурьшлын орон зайн төлөвлөлтийг уур амьсгалын өөрчлөлт, цаашдын хандлагатай уялдуулан авч үзэх нь хот, суурин газрын тогтвортой хөгжлийг хангах, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй үүсч болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, дасан зохицох үндсэн нөхцөл болно.

Монгол орны нутаг дэвсгэрт өнгөрсөн 70 гаруй жилийн хугацаанд уур амьсгал 2-оос дээш хэмээр дулаарсан гэсэн судалгааны дүн байдаг.

Энэ бүсэд Улаанбаатар болон 9 хот, 55 сумын төв оршиж, хүн амын 60 хувь амьдарч байгаа нь уур амьсгалын өөрчлөлт, дулаарлаас үүдэлтэй эрсдэл өндөртэй бүсэд оршин суурьшиж байгаа гэсэн үг юм. Эрчимтэй хотжилт нь зүй бус газар ашиглалтыг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшиг нь хотуудын эмзэг байдлыг нэмэгдүүлж байна.

Хуурай, эрс тэс уур амьсгалтай, нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг Монгол Улсын хувьд ихээхэн хохирол дагуулдаг ган, зудын давтамж, түүний улмаас учирч буй эдийн засаг, нийгмийн хохирлын хэмжээ жил ирэх тутам улам бүр өсөн нэмэгдэх хандлагатай байна.

Хот, суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн Рихтерийн 7 ба түүнээс дээш, 12 сум 9 баллаас дээш газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд, нийт хүн амын 86 хувь нь эдгээр газар нутагт амьдарч байна. Монгол орны нутаг дэвсгэрт тохиолдож буй газар хөдлөлт тогтмол нэмэгдэж, сүүлийн 2 жилд газар хөдлөлтийн идэвхжилт, эрсдэл бараг 2.0 дахин өсчээ.

Уур амьсгалын өөрчлөлт нь Монгол Улсын хүн ам, эдийн засагт эрсдэлтэй, олон сөрөг үр дагаврыг авчрах төлөвтэй байгаа бөгөөд ус, ой, бэлчээр, газар, хөрс зэрэг нөхөн сэргээгдэх нөөцийн ашиглалтын менежмент, хүн амын нутагшилт, суурьшил, эрүүл мэндийн үйлчилгээ, технологийн стандартыг сайжруулахыг шаардаж байна.

Монгол Улсын эдийн засагт томоохон хот, суурины үзүүлэх нөлөө жил ирэх бүр нэмэгдсээр байгаа нь эдийн засгийн хөгжлийг орон зайн хувьд тэнцвэртэй хөгжүүлэх зайлшгүй шаардлагыг бий болгож байна.

Хөдөө аж ахуй, газар тариаланд суурилсан эдийн засгийн бүтцэд өөрчлөлт орж, энэ салбарт ажиллагсдын тоо буурах хандлагатай болсон. Мөн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн уламжлалт мал аж ахуй, газар тариалан нь тогтвортой орших нөхцөл хумигдсаар байна.

Үүнтэй холбоотой шилжилт хөдөлгөөн жилээс жилд өсөн нэмэгдэж, хүн амын төвлөрөл цөөн тооны томоохон хот, сууринд бий болсон нь бүс нутгийн хөгжлийн бодлогыг цаг алдалгүй хэрэгжүүлэх, томоохон бүсийн тулгуур төвүүдийг бий болгох бодит хэрэгцээг үүсгээд байна.

Монгол орны газар нутаг, байгалийн нөхцөл, нөөц, хүн амын уламжлалт нүүдлийн болон эрчимжиж буй суурин хэвшлийн амьдрал, соёл иргэншлийн зохистой харьцаа, өвөрмөц онцлогт нийцсэн төрийн цогц бодлого боловсруулах, бодлогын хэрэгжилтийг дунд болон урт хугацааны төлөвлөлт, үзэл баримтлалаар илэрхийлж, түүндээ байнга тодотгол оруулж байх шаардлагатай.

УИХ-ын гишүүд ээ,

Монгол Улсын Үндсэн хуульд ”хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалах, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, амрах эрхтэй” гэж заасан.

Иргэний энэ эрх нь хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, мөн бүс нутгийн хөгжлийн төслүүд болон хот, суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр дамжин хэрэгжиж, хүн амын эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ёстой.

“Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг зөв төлөвлөн хэрэгжүүлснээр дараах асуудлуудыг шийдвэрлэнэ. Үүнд:

-Хүн амын нутагшилт, суурьшлын одоогийн байдалд судалгаа, дүн шинжилгээ хийж, давуу болон сул талыг тодорхойлох;

-Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, хүн амын амьжиргааны түвшин, байгалийн нөхцөл, нөөц, цаг уурын нөхцөл зэргийг тооцсоны үндсэн дээр хот, хөдөөгийн хүн амын нутагшилт, суурьшилд тохиромжтой нутаг дэвсгэр, бүсүүдийг тогтоох, шинээр бий болох хот, суурин газрын байршил, үүргийг тодорхойлох;

-Монгол орны хөгжлийг тэтгэх зам, тээвэр, харилцаа холбоо, эрчим хүч зэрэг дэд бүтцийн үндсэн тэнхлэгийг нутаг дэвсгэр зохион байгуулалтын бодлоготой уялдуулж цогцоор хөгжүүлэх, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх;

-Улсын нутаг дэвсгэр зохион байгуулалтыг оновчтой шийдвэрлэн, хөгжлийн төвүүдийг тодорхойлж, цаашдын хандлагыг тооцож тогтоох;

-Нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд болон хот, суурин газруудад хот байгуулалтын иж бүрэн үнэлгээ хийх, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, хот, суурины оновчтой тогтолцоог бүрдүүлэх;

-Амралт, аялал жуулчлал, байгаль хамгаалал, түүх, соёлын асуудлыг хүн амын нутагшилт, хот байгуулалтын бодлоготой уялдуулан тодорхойлох;

-Жижиг, дунд, хүнд үйлдвэрлэл хөгжих нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, хот байгуулалтын нөхцөлийг бүрдүүлэх;

-Нэг төвөөс олон төвт тогтолцоо руу оновчтой шилжих үндэслэлийг боловсруулах, хөгжлийн ирээдүйн төлөвийг тодорхойлох;

-Хүн амын нутагшилт, суурьшил, хот байгуулалтын шийдэлд тулгуурласан засаг захиргааны хуваарийг боловсронгуй болгох санал, зөвлөмжийг боловсруулах юм.

“Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Ногоон хөгжлийн бодлого”,“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн зорилтыг хэрэгжүүлэхээр Засгийн газрын 2017 оны 5 дугаар тогтоолоор “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг боловсруулах, батлуулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хороог байгуулсан.

Төслийг боловсруулах ажлын хүрээнд “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулж батлуулах ажлыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”, зургийн даалгаврыг батлах, Барилга, хот байгуулалтын яамны дэргэд “Хот байгуулалт, зураг төсөл, төлөвлөлтийн институт”-ийг байгуулан, тус төслийг боловсруулах ажлыг эхлүүлээд байна.

Цаашид улсын хэмжээнд газар нутгийн бодит нөөц, чадамжид суурилсан нутаг дэвсгэрийн болон бүс нутгийн тогтвортой хөгжлийн зарчмыг хангасан нэгдсэн төлөвлөлтийг боловсруулах, улс, бүсийн чанартай, стратегийн чухал ач холбогдолтой томоохон төсөл, хөтөлбөрүүдийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг дээрх зураг төслийн институт гүйцэтгэх болно.

Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагаас “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг боловсруулах чиглэлээр Барилга, хот байгуулалтын яам, Үндэсний хөгжлийн газартай хамтран ажиллаж байна.

Азийн хөгжлийн банк, Барилга, хот байгуулалтын яамны хооронд “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулж хэрэгжүүлэх зорилгоор 2017 оны 10 дугаар сард харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан бөгөөд НҮБ-ийн Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийнбайгууллага(ХАБИТАТ)-ийн зүгээс техникийн туслалцаа үзүүлж хамтран ажиллахаар тогтсон.

Эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын цаашдын урт хугацааны хөгжлийн шинжлэх ухааны үндэслэлтэй, зөв шат дараалалтай, харилцан уялдаатай бодлогын дагуу хөгжүүлэхэд “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” ихээхэн чухал үүрэгтэй.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтын дагуу хүн ам, нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих, дэд бүтцийн үндсэн сүлжээний үйлчлэлийн зохистой хүрээнд тулгуурласан бүс нутгийн оновчтой бүтэц, хот, суурины тогтолцоог бүрдүүлэхэд төрөөс баримтлах урт хугацааны бодлого, төлөвлөлтийг тодорхойлох энэхүү баримт бичгийг 2018-2020 онуудад багтаан боловсруулж дуусгахаар төлөвлөж байна.

Улс орны хөгжлийн энэ чухал баримт бичгийг цаг хугацаанд нь, чанартай боловсруулж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх болно.

Анхаарал тавьсан явдалд баярлалаа.

Categories
мэдээ нийгэм

Ухаангүй байдалтай олдсон гурван охины нэг нь нас барсан байжээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын баруун суга орчимд оршин суух хаягтай 12 настай Т.Баянжаргал гэх охин нас барсан байдалтай байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад энэ сарын 3-ны өдөр ирсэн байна. Үүний дагуу тус сумын цагдаагийн алба хаагчид хэргийн газар үзлэг хийхэд 13 настай Т.Буянжаргал, 12 настай Номинжин нар мөн ухаангүй байдалтай байжээ.

Амьд үлдсэн гэх 12-13 настай хоёр охиныг өчигдөр өглөө яаралтайгаар нислэг захиалан Улаанбаатар хотод авчирч эмчлүүлж байгаа гэнэ. Шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байгаа учраас нас барсан гэх 12 настай охины үхлийн шалтгааныг хэлэх боломжгүй аж. Гэвч урьдчилсан байдлаар гэрийнх нь зууханд юм шатсаны улмаас утаа гарч угаартсан байж болзошгүй гэж үзэж байгаа гэнэ. Түүнчлэн нас барсан 12 настай Т.Баянжаргал, одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 13 настай Т.Буянжаргал нар нь төрсөн эгч дүү нар байсан аж. Харин н.Номинжин нь Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт оршин суудаг юм байна.
Цагдаагийн байгууллагын зүгээс эл хэрэгт хэн нэгнийг буруутгана гэхээс илүү бага насны хүүхдэдээ тавих анхаарлаа
чангатгахыг сануулж байна. Улсын хэмжээнд энэ оны эхний найман сарын байдлаар хүүхэд хохирсон 1124 гэмт хэрэг гарчээ. Хэргийн улмаас 61 хүүхэд нас барж, 374 хүүхэд биедээ хүнд, хөнгөн хэлбэрийн гэмтэл авсан байна.

З.МӨНХСУВД

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын моторгүй тээврийн шийдлүүдийг танилцууллаа

НҮБ-ын Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын 11 дэх удаагийн “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” чуулга уулзалтад Улаанбаатар хотын ногоон хөгжлийн бодлоготой уялдсан моторгүй тээврийн ирээдүйн төлөвлөлт, одоогийн хөгжлийн талаар илтгэл хэлэлцүүллээ.

Улаанбаатар хотын нийт тээврийн эрэлтийн 31 хувийг явган зорчилт, 24 хувийг автомашин, 9,2 хувийг такси, 33,4 хувийг нийтийн тээвэр, 2,6 хувийг бусад эзэлж байна. Хөдөлгөөний хамгийн их ачаалалтай цагуудад тээврийн хэрэгслийн дундаж хурд 8-10 км/цаг, зорчилтын дундаж хугацаа 29 минут, дундаж зай 3,9 км байгаа нь моторгүй тээврийн хэрэглээг нэмэгдүүлэх, ашиглах нөхцөлийг бүрдүүлэх шаардлага Улаанбаатар хотод өндөр буйг илэрхийлнэ.

Нийслэл хотын зүгээс байгаль орчинд ээлтэй тээврийн салбарын хөгжлийн стратегийг “Зайлсхийх-Шилжих-Сайжруулах” томьёоллоор хэрэгжүүлж, иргэдээ автомашин унаж хотдоо түгжрэл нэмэхээс зайлсхийн явган алхах, дугуй унах, нийтийн тээвэр хэрэглэх, аль эсвэл тээврийн хэрэгсэл худалдан авахдаа байгальд ээлтэй технологитойг сонгохыг уриалан, явган зам, дугуйн замын засвар, шинэчлэлт, хөгжүүлэлтийн ажлыг идэвхжүүлэх нь байгаль орчин, эрүүл мэнд, эдийн засгийн хувьд үр ашигтай шийдэл болох талаар Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга илтгэлдээ дурдлаа.

Дэлхийн дунджаас даруй 3 дахин эрчимтэй явагдаж уур амьсгалын өөрчлөлт, улирлын чанартай үүсдэг агаарын бохирдлын асуудалд багагүй нөлөө үзүүлж буй моторт тээврийн хэрэгслийг орлох шийдэл нь нийтийн тээвэр, явган болон дугуйгаар зорчих явдал болохыг форумд оролцогч улс орнуудын мэргэжилтнүүд санал нэгтэй дэмжиж байв.

Улаанбаатар хотод нийт тээврийн хэрэгслийн 68.2% зорчиж, агаарын бохирдлын 10 орчим хувийг ялгаруулдаг. Монгол улсын ногоон хөгжлийн бодлого болон Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт байгаль орчинд ээлтэй нийтийн тээврийг хөгжүүлж, явган явах, дугуйгаар зорчих орон зайг нэмэгдүүлэхээр тусгагдсаны дагуу хотын зүгээс одоогийн байгаа 60,5 км дугуйн замыг хотын дотор 162 км, голуудын дагуу 187 км-ээр өргөжүүлэх, 2018 онд нэвтрүүлсэн түрээсийн дугуйн UBike үйлчилгээг 2020 он гэхэд 150 зогсоол, 2000 дугуйтай болгох, 2019 оны 5 дугаар сараас Uscooter түрээсийн үйлчилгээ нэвтрүүлэх, 2018 онд багтаан нийтийн эзэмшлийн зогсоолуудыг цахилгаан автомашины цэнэглэгч станцаар тоноглох зэрэг төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль хийж байна

Монгол Улсын Шадар сайдын Увс аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас тус аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр эхэллээ.

Нээлтийн арга хэмжээнд Сургуулийг удирдагч, ОБЕГ- тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Аймгийн ИХТ-ийн дарга Э.Насанбат, Засаг дарга Б.Батсайхан, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулга, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дэд дарга, хурандаа М.Отгонбаяр нарын удирдлагууд оролцсон юм.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр 07:00 цагт гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн дунд “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгснөөр эхэлж аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

“Яаралтай цуглар” дохиогоор аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах 11 алба, мэргэжлийн 38 ангийн нийт 960 гаруй хүн, 97 техник, багаж зэвсэглэмжтэйгээр цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгуулав.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь тухайн бүс нутагт тохиолддог болон тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, осол, гамшгийн үед тухайн аймгийн нутаг дэвсгэрийг орон нутаг өөрийн хүчээр авран хамгаалах, сэргээн босгох боломж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, бодит нөхцөл байдал үүссэн нөхцөлд хариу арга хэмжээ авах чадвар эзэмшүүлэх, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, ард иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулахад чиглэгддэг.

Увс аймгийн хувьд өндөр уулсаар хүрээлэгдсэн, их нууруудын хотгор газар, байгалийн эрсдэл бүхий эрс тэс уур амьсгалтай. Сүүлийн жилүүдэд газар хөдлөлт, цасан болон шороон шуурга, хүн малын гоц халдварт өвчин, үер, усны осол, ихэвчлэн тохиолдож байгаа юм.

Тиймээс Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль “Бүх шатны нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, мэргэжлийн анги, хуулийн этгээд, төрийн бус байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд газар хөдлөлт, хүн, мал амьтны гоц халдварт өвчин, хүчтэй цасан шуурга, ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг үнэлэх цагийн байдлаар үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цасан шуурга шуурч, хүйтрэнэ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 10 дугаар сарын 05-нд Сэлэнгэ,Төв аймгийн нутгийн хойд хэсгээр, 6-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7, 8-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Иймд малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах шаардлагатай байна.

Мөн хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж, автозам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг.

Тиймээс жолооч нар хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар тунхаглал”-д гарын үсэг зурав

НҮБ-ын Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын 11 дэх удаагийн “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” чуулга уулзалт амжилттай үргэлжилж байна. Байгаль орчинд ээлтэй тээвэрлэлтийг дэмжих тухай Киотогийн тунхаглалд нэмэлт өөрчлөлт оруулан хэлэлцүүлж, ухаалаг амьдрах хотуудыг бий болгоход чиглэгдсэн санамж бичиг болох “Улаанбаатар тунхаглал”-д гарын үсэг зурлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Малайз, Балба, Энэтхэг, Солонгос, Мальдив, Филиппин, БНХАУ зэрэг 13 орны хотын дарга нар хамтран “Улаанбаатар тунхаглал”-д нэгдэн гарын үсэг зурсан юм. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “Улаанбаатар хотод зочлон ирсэн та бүхэнд баярлалаа. Энд ирсэн хотуудын дарга нар тулгарч буй бэрхшээл, хэрхэн шийдвэрлэх гарц арга замын талаар хэлэлцэж байна. Хот бүхэнд асуудал бий. Нүүрстөрөгчийг бууруулах, байгаль орчинд ээлтэй тээвэр, хот хөгжүүлэлтийн талаар туршлага хуримтлуулна гэдэгт итгэж байна” гэлээ.

Хүн амын хурдацтай өсөлт, зохион байгуулалтгүй хотжилт, хангалтгүй дэд бүтэц, нөөц, хот, орон нутаг дахь үндсэн үйлчилгээнүүдээс шалтгаалан хотуудад тулгарч буй нийгэм, эдийн засаг, байгалийн сорилтуудыг даван туулах оновчтой арга зам, бодлого, зорилтуудыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд гол анхаарлаа хандуулах уг чуулга уулзалтын зорилго юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Багш нарын баярын мэнд дэвшүүлье

Өнөөдөр Дэлхийн багш нарын өдөр. Мөн монголын багш нарын баярын 50 дахь өдөр тохиож байна.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 412 дугаар тогтоолоор “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” журамд Монголын багш нарын өдрийг жилийн бүрийн аравдугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар өөрчлөлт оруулсан билээ.

Монголын багш нарын өдрийг дэлхийн багш нарын өдөртэй хамтатган тэмдэглэснээр нийгэм, боловсролын салбар, улмаар хүний хөгжилд багш нарын гүйцэтгэх үүрэг болон тэдний нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын нөхцөл, цаашид мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломж олгох, боловсролын чанар зэрэгт бүх нийтээр анхаарах ач холбогдолтой гэж Боловсрол, шинжлэх ухааны яам үзжээ. Энэ баярыг дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэдэг байна.

Categories
мэдээ нийгэм

“Хүнсний аюулгүй байдлыг хангахад иргэн таны оролцоо” аян

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын хэмжээнд 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл “ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХАД-ИРГЭН ТАНЫ ОРОЛЦОО” сэдэвт сарын аянг зохион байгуулж, хүнсний баталгаат байдлыг сайжруулах зорилгоор есөн чиглэлээр нийт 39 ажил, үйлчилгээг төлөвлөн, хэрэгжүүлж эхлээд байна.

Аяны хүрээнд хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгч нараар дамжуулан хэрэглэгчдэд зориулсан хүнсний аюулгүй байдал, хүнсний зохистой хэрэглээ, эрүүл ахуй, амьдралын зөв дадал, эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг, мэдээлэл олгох сургалт, сурталчилгаа, хэлэлцүүлэг зохион байгуулж, соён гэгээрүүлэх ажлуудыг хийхийн зэрэгцээ өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнд чанар стандартын болон аюулгүйн үзүүлэлтээр шинжилгээтэй хяналт шинжилгээ хийх, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоо сайжруулж хамтран ажиллах, өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлуудыг зохион байгуулж байна.

Уг аяны хүрээнд Мэргэжлийн хяналтын төв, орон нутгийн байгууллагуудын хэмжээнд хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, цацрагийн аюулгүй байдал, байгаль орчин, хил хорио цээрийн хяналтын чиглэлээр нийт 450 гаруй улсын байцаагчид ажиллаж, иргэд, аж ахуй нэгжүүдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөрчил дутагдлыг арилгуулах, зөвлөн туслах, соён гэгээрүүлэх ажлуудыг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн багш нарын өдөр тохиож байна

ЮНЕСКО-гоос жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдрийг Дэлхийн багш нарын өдөр болгон 1994 онд зарласан билээ. 1966 оны энэ өдөр ЮНЕСКО ба Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран Багш нарын статусын тухай Засгийн газар хоорондын тусгай бага хурал зохион байгуулж (Special Intergovernmental Conference on the Status of Teachers) “ Багш нарын статусын тухай зөвлөмж”-ийг (The ILO/UNESCO Recommendation concerning the Status of Teachers) батлан гаргасан юм. Уг зөвлөмж нь багшийн мэргэжлийн олон улсыг стандартыг тодорхойлж өгсөн бөгөөд хууль зүйн заавал дагаж мөрдөх баримт биш боловч боловсролын чанарыг сайжруулах зорилгоор багш нарын статусыг дээшлүүлэх чухал эрх зүйн баримт бичигт тооцогддог. Мөн 1997 оны 10 дугаар сард ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 29 дүгээр чуулганаар “Их дээд сургуулиудын багшлах боловсон хүчний статусын тухай зөвлөмж”-ийг (The UNESCO Recommendation concerning the Status ofHigher-Education Teaching Personnel) батлан гаргасан байдаг.

Жил бүр ЮНЕСКО-гийн санаачилгаар Дэлхийн багш нарын өдрийг тэмдэглэдэг нь дэлхийн өнцөг булан бүрт багш нарт талархал илэрхийлэх, тэдний хөдөлмөрийг үнэлэх, багш нарын энэхүү хариуцлагатай мэргэжилд олон түмний анхаарлыг хандуулах, дэлхий дахинд багшийн нэр хүндийг өргөх, улс орны хөгжил цэцэглэлтэнд багш нарын гүйцэтгэж буй асар их нөлөөг онцолж байгаа хэрэг билээ. Мөн багш нарын өмнө тулгарч буй асуудал бэрхшээлийг шийдэхийг хичээж буй мөч юм. Бүх нийтийн боловсролын зорилт болох боловсролын чанарыг сайжруулахад сайн бэлтгэгдсэн багш нар нэн чухал билээ. Бүх нийтийн боловсрол, Мянганы хөгжлийн зорилт, НҮБ-ын Бичигтэн болох 10 жил болон Тогтвортой хөгжлийн боловсролын 10 жил санаачилгын зорилго нь ядуурлыг бууруулах, эрүүл мэндийн болон амьдралын чанарыг сайжруулах, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн эрх тэгш байдал, иргэдийн, ялангуяа үндэсний цөөнхийн эрх ашгийг хамгаалах зэрэг бөгөөд эдгээрийг хэрэгжүүлэхэд боловсрол маш чухал үүрэгтэй юм.

Багш нарын статусын тухай зөвлөмж- Recommendation concerning the Status of Teachers

Их дээд сургуулиудын багшлах боловсон хүчний статусын тухай зөвлөмж-Recommendation concerning the Status of Higher-Education Teaching Personnel


Categories
мэдээ нийгэм

Шинээр 14 зогсоолын талбай гаргажээ

Жил бүр Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр нийтийн тээврийн үйлчилгээний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс автобусны зогсоолын талбайг шинээр гаргадаг.

Дээрх ажлын хүрээнд 2018 онд нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, дүүргүүд болон иргэдээс ирүүлсэн санал хүсэлтэд үндэслэн Нийслэлийн тээврийн газар, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын хамтарсан ажлын хэсгийн шийдвэрээр 14 зогсоолын талбай гаргах ажил бүрэн хийгдэж ашиглалтад хүлээж аваад байна.

2018 онд хийгдсэн зогсоолуудын жагсаалт:

Зогсоолын нэр

Байршил

Дүүрэг

Хороо

Гудамж замын нэр

Дайран өнгөрөх чиглэлүүд

1

15-ын зогсоол

урд

БЗД

28

Гачууртын авто зам

Ч:11,
Ч:36

2

15-ын зогсоол

хойд

БЗД

28

Гачууртын авто зам

Ч:11,
Ч:36

3

Дэлгэрхотхон

хойд

ХУД

2

Үйлдвэрийн гудамж

Ч:43, Ч:61

4

626-р худаг

баруун

БГД

23

Хувьсгалчдын гудамж

Ч:20а, Ч:41, Ч:43, Ч:48

5

Оргил худалдааны төв

урд

СХД

20

Товчооны зам

Ч:60, ХО:10, ХО:12, ХО:13

6

Оргил худалдааны төв

хойд

СХД

20

Товчооны зам

Ч:60, ХО:10, ХО:12, ХО:13

7

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв

баруун

ЧД

14

Чингэлтэйн өргөн чөлөө

Ч:7, Ч:22, Ч:23, Ч:24а, Ч:24б, Ч:27, Ч:28, Ч:33, ХО:1, ХО:2

8

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв

зүүн

СБД

13

Чингэлтэйн өргөн чөлөө

Ч:7, Ч:22, Ч:23, Ч:24а, Ч:24б, Ч:27, Ч:28, Ч:33, ХО:1, ХО:2

9

Хаан банк

урд

СБД

17

Дамбадаржаагийнзам

Ч:28, Ч:29

10

Хаан банк

хойд

СБД

17

Дамбадаржаагийнзам

Ч:28, Ч:29

11

Говь 2

баруун

БГД

20

Эрчим хүчний гудамж

Ч:24б

12

Говь 2

зүүн

БГД

20

Эрчим хүчний гудамж

Ч:24б

13

Шинэ зогсоол

баруун

ЧД

12

Дэнжийн 1000-ын гудамж

Ч:21а, Ч:21б, Ч:55

14

Шинэ зогсоол

зүүн

ЧД

12

Дэнжийн 1000-ын гудамж

Ч:21а, Ч:21б, Ч:55

Дээрх зогсоолуудыг дайран өнгөрч буй 29 чиглэлийн зураглалд өөрчлөлт оруулан баталгаажуулсан ба үйлчилгээг 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс хүргэж эхлээд байна.

Нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэд та бүхэн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ 70044040 дугаарын утсанд 24 цагаар өгөх боломжтой гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.