Categories
мэдээ спорт

Бахтияр Ахмедовт алтан медалиа албан ёсоор гардаж авна

Одоогоос 10 жилийн өмнө Бээжингийн олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 120 кг-ын жинд Узбекистаны алдарт бөх Артур Таймазов алтан медаль хүртсэн билээ.

2008 оны Бээжингийн олимпод өгсөн түүний допингийн сорьцийг 2016 онд дахин шалгахад хориотой бодис илэрсэн. ДБНХ (UWW)-ноос өнгөрсөн жилийн гуравдугаар сар 31-нд албан ёсоор амжилтыг нь хүчингүй болгосон билээ.

Харин Бээжинд үзүүрлэсэн ОХУ-ын бөх Бахтияр Ахмедовт алтан медаль шилжсэн бөгөөд ирэх сард Унгарын нийслэл Будапештэд болох насанд хүрэгчдийн ДАШТ-ий үеэр албан ёсоор гардаж авахаар болжээ.

Ахмедов Дагестаны бөхчүүдээс олимпийн аварга болсон 19 дэх тамирчин болж байна.

Categories
мэдээ нийгэм

Барилга бүтээн байгуулалтын ажлууд царцаж, цаг хугацаа авах тусам татвар төлөгчдийн мөнгө л үрэгдэж байна

УИХ-аар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж эхлээд байгаа билээ. Төсвийн задаргааг харж байхад хамгийн түрүүнд олон жил царцсан барилга, бүтээн байгуулалтуудын ажил анхаарал татав. Заримд нь цөөхөн хэдэн төгрөг дусааж, заримыг нь ор тас мартсан бололтой. Жил дамнан царцаж байгаа барилгын жагсаалтад хэд хэдэн барилга багтжээ. Өнөөх улиг болтлоо яригддаг төрөх эмнэлэг, спортын ордон зэрэг барилгууд нэрлэгдэж байна лээ. Уг нь манай улс хүн ардынхаа эрүүл мэндэд үнэтэй хөрөнгө оруулалт хийхийн 14тулд эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээ, спорт сургалтын төвүүдийг нэмэгдүүлнэ гэсэн бодлоготой биш бил үү. Гэтэл төсөв мөнгө хуваарилахдаа энэ бодлогынхоо эсрэг байдаг нь бас сонин. Үнэхээр эдийн засаг хүнд болохоор аргагүй эрхэнд барилгуудыг царцаагаад байна уу гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. Ардаа том мотортой, лоббидож чадсан барилгууд богино хугацаанд сүндэрлээд байна. Гэтэл үнэн шударгаараа тендерт ялсан, ар өврийн хаалгагүй компаниудын ажил урагшилж өгдөггүй нэг зовлонтой. Яагаад ингэж хэлээд байна вэ гэвэл нэгэн инээдтэй болсон явдлыг та бүхэнтэй хуваалцъя.

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 1000 хүний суудалтай спорт комплекс барих тендерийг хэдэн жилийн өмнө зарласан байдаг. Энэ нь хүүхэд, залуучууд амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулагдсан усан бассейн, дасгал сургуулилтын
танхим, спорт заал бүхий цогцолбор юм. Тухайн үеийн Эрүүл мэнд, спортын яамнаас зарласан энэ спорт төвийг барих тендерт нийт төсөвт өртөг нь 7.2 тэрбумын санал өгсөн “Грийн ресурс констракшн” ХХК шалгарчээ. Ингээд тус компани 2015 оны зургадугаар сарын 5-ны өдөр захиалагч яамтай гэрээ байгуулсан байна. Барилгын бүтээн байгуулалтад 2015-2016 оны улсны төсөвт 1.8 тэрбум төгрөгийг суулгасны дагуу гүйцэтгэгч компани барилгын ажлыг эхлүүлжээ. “Грийн ресурс констракшн” ХХК энэ хөрөнгөөр газар шороо, барилгажих талбайд орсон дулаан, цэвэр, бохир усны хоолой зөөх, зоорийн давхрын угсралт гээд барилгын суурь болоод дэд бүтцийн ажлуудыг гүйцэтгэсэн байна. Ингээд 2016 оны сонгуулийн дараагаас спортын салбар эрүүл мэндийн яамнаас салж, Боловсрол, соёл шинжлэх ухааны яаманд харьяалагдах болов. Тиймээс “Грийн ресурс констракшн” ХХК 2017 оны зургадугаар сарын 7-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай ажил гүйцэтгэх гэрээний хугацаа сунгах гэрээг байгуулан ажилласан байна. Гэрээнд “Спорт цогцолборын барилгын ажлын санхүүжилтийг гүйцэтгэлийн дүнгээр санхүүжүүлэх бөгөөд үлдэгдэл арван хувийг Улсын комисс ажиллаж, ашиглалтад хүлээлгэн өгсөн нөхцөлд олгоно” гэж тусгажээ. Ингээд 2018 оны улсын төсөвт гурван тэрбум төгрөг суулгахаар болсон байна. Гэтэл улсын төсөв батлагдахад спорт цогцолборын барилгын ажилд нэг ч төгрөг хуваарилаагүй юм. Тэр бүү хэл санхүүжилт шаардлагатай бүтээн байгуулалтын жагсаалтад нэр нь дурдагдаагүй байжээ. Шалтгааныг нь тодруулбал, Сангийн яамны мэргэжилтний хайнга байдлаас болсон нь тогтооджээ. Тодруулбал, төсвийн нэгтгэлийг шивж байсан мэргэжилтэн алдаа гаргаж, “Грийн ресурс констракшн” ХХК-ийг бичээгүй байна. Ганц ажилтны хариуцлагагүй, хайнга байдлаас болж нийслэл хотод өнгө нэмэх энэ том бүтээн байгуулалтын ажил гацаж орхив. Барилга бүтээн байгуулалтын хувьд нэг жил гэдэг их хугацаа. Хөрөнгө мөнгө нь байвал энэ хугацаанд хэд хэдэн барилга босгочихно шүү дээ.
Хэрэв “Грийн ресурс констракшн” ХХК ардаа том хөдлөх хүчтэй байсан бол 2018 оны төсвөөс санхүүжилтээ саадгүй авчих боломжтой байсан биз. Ядаж л төсвийн нэгтгэлд мэргэжлтний буруугаас болж шивэгдээгүй байна гээд л эднийхийг зүтгүүлчихнэ дээ. Харамсалтай нь тэд дараа жилийн төсөв батлагдах хүртэл хүлээхээс өөр зам байсангүй. Гэхдээ тэд өөрийн нөөц боломжоороо барилгын ажлаа гүйцэтгэсээр ирсэн юм. 2017 онд газар шорооны ажил, хамгаалалтын гадна шат, зоорийн давхрын шал, бетон цутгалт, блокын дүүргэлтүүдийн ажлуудыг хийсэн байна. Нийт өртөг нь 400 сая гаруй төгрөг болжээ.

“Хаширсан хүн гэж хаширсан хүнийг хэлнэ” гэгчээр “Грийн ресурс констракшн” ХХК 2019 оны төсөв хэлэлцэж эхлэхээс өмнө УИХ-ын дарга, дэд дарга, Сангийн сайд гээд холбогдох хүмүүст эртнээс албан бичгээр хандсан байдаг. Өнгөрсөн жил нэгэн хариуцлагагүй ажилтны буруугаас болж төсвөөс санхүүжилт авч чадаагүй, тэд ирэх оны төсөвт дахин ийм алдаа гарах вий хэмээн болгоомжилж хандаж л дээ. Шат шатанд нь уламжилж байсан тэдний хүсэлтийг хэн ч ойшоогоогүй бололтой. Дахиад л энэ жил спорт цогцолборын барилгын ажил царцаж орхилоо. Уг нь сангийн сайд Ч.Хүрэлбаатарын 2018 оны тавдугаар сарын 31-ний өдөр баталсан “Төсвийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай” тушаалд “Улсын төсвийн хөрөнгөөр 2018 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн сар, улирлын хуваарийн дагуу олгохыг зөвшөөрсүгэй” гэж Төрийн сангийн дарга М.Батхуягт даалгасан байгаа юм. Гэтэл даамал нь эрхэм сайдынхаа үгийг үл тоосон уу, хэн нэгний хариуцлагагүй байдлаас бас болов уу, 1000 хүний суудалтай спорт цогцолборын барилгын ажилд ганц ч төгрөг тусгасангүй. Иймд гүйцэтгэгч “Грийн ресурс” ХХК-ийн зүгээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт хүсэлт илгээснийг олж үзэв. Уг албан бичигт “БСШУСЯ-ны захиалгаар Сүхбаатар дүүргийн спорт цогцолборыг нийт 7219.0 сая төгрөгийн төсөвтэй барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа бөгөөд 2015-2016 онуудад барилгын суурь, зоорийн давхрын каркас угсралт, дэд бүтцийн ажлуудыг хийж 1831.9 сая төгрөгийн гүйцэтгэл авсан. 2018 оны төсөвт харьяа яамнаас 2000.0 сая төгрөгийн санал өгсөн боловч Сангийн яамны мэргэжилтний алдаанаас болж нэгтгэлд орж чадалгүй хоцорч хөрөнгө тавигдаагүй. Мөн 2019 оны төсөвт хөрөнгө тусгагдаагүй байна. Хэдийгээр төсөвт хөрөнгө тавигдаагүй ч бид өөрсдийн нөөц бололцоог ашиглан өнгөрсөн оны аравдугаар сараас өнөөдрийг хүртэл 412 сая төгрөгийн барилгын ажлыг гүйцэтгэсэн юм. Энэхүү барилга нь Сүхбаатар дүүргийн иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон, эрүүл аюулгүй орчинд өнгөрөөх, бие бялдраа хөгжүүлэх зэрэг чухал ач холбогдолтой усан бассейн, спорт заал бүхий цогцолбор юм. Дээрх барилгын ажил үргэлжлэхгүй олон жил зогсвол барилга бүтээцийн чанарт муугаар нөлөөлж, цаашлаад татвар төлөгч нарын хоёр тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө үнэгүйдэж салхинд хийсэх аюулгтай байна. Иймд тухайн барилгын санхүүжилтийг 2019 оны төсөвт тусгаж, барилгын ажлыг хэвийн үргэлжлүүлэх бололцоогоор хангаж өгнө үү” гэсэн байна.
Ер нь бор зүрхээрээ явж байгаа хувийн компаниудад төр нэг иймэрхүү л ханддаг. Төсөв мөнгийг нь ч баталж өгөхгүй гацаадаг. Барилгын компаниуд дараа жилийн санхүүжилтэд найдаад өөрийн хөрөнгөөрөө юм уу, банкнаас зээл аваад барилгын ажлыг бага сага ахиулчихдаг. Гэтэл мөнгө хуваарилахгүй болохоор банкны өндөр хүүтэй зээлд дарамтлагдаж үйл ажиллагаа нь доголддог явдал манай барилгын салбарт түгээмэл явдал болжээ. Тэгсэн хэрнээ дарга, сайд нар нь өөрсдийн найз нөхөд, танил талынхаа компаниудыг дэмжиж, барилгын ажлыг нь шуурхайлуулдаг нь нууц биш юм. Харин царцаасан барилгуудыг жил ирэх тусам төсөв нь нэмэгддэг гэж шүүмжилдгийг яана гээч. Валютын ханш өдөр, хоногоор нэмэгдэж байгаа өнөө үед барилгын материалын үнэ ч өснө шүү дээ. Тэр хэрээр царцсан барилгуудын төсөвт өртөг нь ч нэмэгдэж таарна. Дээрээс нь дутуу баригдсан барилгууд хугацаа алдах тусам чанар нь мууддаг гэдгийг мэргэжилтнүүд андахгүй. Арматур гэхэд ус бороонд зэвэрч, уян хатан болдог гэх юм билээ. Мөн суурийг нь цутгаад орхисон барилгууд эмтэрч, илэгддэг.
Нийслэлийн хүн амын тоо нэмэгдэж, төрөх эмнэлгүүдийн ачаалал хэрээс хэтэрсэн. Ээжүүд коридорт төрж, амаржсан эхчүүд нэг хоноод эмнэлгээс гарч байна. Гэтэл улсын IV төрөх эмнэлэг одоо хүртэл ашиглалтад ороогүй л байна. Улиг болтлоо яригдаж буй энэ эмнэлгийн барилгын ажил 2010 онд эхэлсэн. Бас Зайсан дахь хүүхдийн эмнэлэг гэж дуусдаггүй барилга байна. Өнөө маргаашгүй
л ашиглалтад орчих юм шиг шав тавьж, ёслол төгөлдөр эхлүүлдэг барилга байшингуудаа төлөвлөсөн хугацаандаа дуусгачихдаг болох сон доо, төрийн түшээд минь. Барилга бүтээн байгуулалтын ажлууд царцаж, цаг хугацаа авах хэрээр тэрэнд зориулах татвар төлөгчдийн мөнгө л үрэгдээд байна шүү дээ.
Б.НАРАН
Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ-ын ажилчдад Төрийн албаны тухай хуулийн талаар сургалт явуулав

Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг шинэчлэн баталж, улмаар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөхөөр болсонтой холбоотой Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Төрийн албаны зөвлөлтэй хамтран агентлагийн нийт албан хаагчдыг хамруулан сургалт зохион байгууллаа.

Сургалтын үеэр Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Баатарсайхан шинэчлэгдэн батлагдсан Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-иас гадна “Удирдах ажилтаны улсын зөвлөгөөн 2018”-д хэлэлцэгдсэн илтгэл, мэдээллүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Мөн сургалтаар төрийн албаны шинэтгэлийн хүрээнд анхаарах зүйлсийн талаар чиглэл өгч, албан хаагчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн нь сургалтыг ихээхэн үр дүнтэй болгосон юм.

Categories
мэдээ нийгэм

“БИД НЭГ АГААРТАЙ” дэвшилтэт техник, технологийн үзэсгэлэн зохион байгуулна

Эрчим хүчний хэмнэлт, дулаан алдагдалгүй хэрэглээ, ногоон худалдан авалтыг дэмжин иргэд, байгууллагын хандлагыг өөрчлөх замаар агаар, орчны бохирдлыг бууруулах, олон нийтийн оролцоог хангах зорилгоор “Бид нэг агаартай” байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник, технологийн үзэсгэлэнг 2018 оны 10 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр зохион байгуулах тул иргэд олон нийт ба бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Холбогдох утас:11-314876

Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар

Categories
мэдээ нийгэм

Хүндэтгэлийн арга хэмжээнд 1000 багш оролцлоо

БСШУСЯ-наас Монголын болон дэлхийн багш өдрийг тохиолдуулан 1000 багш оролцсон баярын хүндэтгэлийн арга хэмжээг Корпорейт Конвейшн төвд өнөөдөр зохион байгууллаа.

Эл арга хэмжээг нээж БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Хүн эх дэлхийдээ ээлтэй хандах, хүн төрөлхтөн бие биедээ хүнлэг энэрэнгүй, найрсаг байх, харилцан ойлголцох, улмаар ирээдүй, хойч үеэ эерэг зөв хүмүүжилтэй сайн хүмүүс болгохын үндэс суурь, найдвартай тулгуур нь боловсрол юм. Харин тэрхүү боловсролыг олгогч, гардан зохион байгуулагч нь багш билээ. Тиймээс ч өнөөдөр дэлхий даяар БАГШ ТАНД талархал илэрхийлэх, хөдөлмөрийг нь үнэлэх, энэхүү хариуцлагатай мэргэжилд олон түмний анхаарлыг хандуулах, багшийн нэр хүндийг өргөх, улс үндэстэн бүрийн хөгжил цэцэглэлтэд багш нарын оруулж байгаа хувь нэмрийг онцлон тэмдэглэж байна” хэмээн онцлон өгүүлсэн юм.

Багш нарт хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар монголынхоо нийт багш нарт тусгайлан мэндчилгээ хүргүүлсэн юм. Хүндэтгэлийн арга хэмжээнд урилгаар УИХ-ын даргын М.Энхболдын зөвлөх Т.Ганди, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөх Н.Хүрэлбаатар, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар оролцож багш нарт баяр хүргэж үг хэлэв.

БСШУСЯ2018-2019 оны хичээлийн жилийг Багшийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Жилийн хүрээнд болон багш нарын өдрийг угтан 2018.09.05-2018.10.05-ны хооронд “Багшийн хөгжил-2018” аяныг орон даяар өрнүүлэн таван бүтээлч уралдааны шилдгүүдийг тодруулан баярын энэ өдөр шагналыг нь гардууллаа. Цэцэрлэгийн багачуудын дунд зарласан гар зургийн уралдаан, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарласан фото зургийн уралдаан, сэтгүүлчдийн дунд зарласан нийтлэл, эцэг эхчүүдийн дунд зарласан эссэ бичлэгийн уралдаан, бүтээлч санааны уралдаанд ирсэн бүтээлүүдийг нийтэд дэлгэн үзүүллээ.

БСШУСЯ-ны захиалгаар өнөөгийн багшийн амьдрал, багш хүний жаргал, саад бэрхшээлийг харуулсан бүрэн хэмжээний “БАГШ” уран сайхны киног бүтээж, энэ өдөр мөн нээлтийг нь хийлээ.

Боловсролын салбарын хүний нөөцийн чадавхийг сайжруулах, багшийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хүүхэд, оюутан, сурагчдын хөгжил, хамгааллын чиглэлээр урт хугацааны туршид идэвх санаачилга, үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн байгууллагуудад анх удаа “Боловсролд ээлтэй байгууллага”-аар тодруулан өргөмжиллөө.

2018 оны хичээлийн жилийг сурагчид урьд өмнө байгаагүй амжилтаар эхлүүлж байна. Тухайлбал, олон улсын таван олимпиадад манай хүүхдүүд оролцсон төрөл бүрээсээ медаль хүртлээ. Анх удаа олон улсын математикийн олимпиадад багаараа оролцож медаль авсан, оюун ухаан, ой тогтоолтоор монгол хүүхдүүд дэлхийн дээд рекорд тогтоож Генисийн номд бүртгэгдсэн зэрэг амжилтыг дурдаж болно. Сурагчид олон улсын олимпиадаас нийтдээ 3 мөнгө, 12 хүрэл, 3 тусгай байр эзэлж түүхэн дээд амжилт тогтоосон нь багшийн ажлын үр шим юм. Мөн Улсын тэргүүний сургууль, боловсролын гол түнш болох төрийн бус байгууллага, онцгой амжилт гаргасан багш нараа мөн энэ өдөр шагнаж урамшуулна.

УИХ Багшийн хөгжлийг дэмжих хуулийг хэлэлцэн баталсан. Энэ хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр багшийн нийгмийн баталгаа, хөгжлийн асуудал, мэргэжил дээшлүүлэх, ёс зүйн талаар олон таатай боломж бүрдэх юм. Жишээ нь Багшийн хөгжлийн төвд нийт сургууль цэцэрлэгийн хувьсах зардлын 2 хувийг зарцуулдаг байхаар хуульд тусгагдсан. Ойролцоогоор жилд 11.6 тэрбум төгрөгийг багшийн хөгжлийг дэмжихэд зарцуулах юм. Мөн багшийн мэргэжлийн зэргийг заавал ажилласан жил харгалзахгүйгээр гаргасан амжилт, сурагч эцэг эхийн сэтгэл ханамжид үндэслэн олгодог байхаар туссан. Үүнийг дагаад багшийн цалин хөлс, урамшуулал нэмэгдэх боломж бүрдэж байна.

Шинэ хуулийн дагуу багшийн хөгжлийн хөтөлбөрийг таван жил тутамд батлан гаргах юм. Албан ёсны хөтөлбөртэй байснаар багшийн хөгжилд оруулах хөрөнгө оруулалт хөтөлбөр төлөвлөгөө тодорхой болно. Багшийн мэргэжил дээшлүүлэх институт зөвхөн цэцэрлэг сургуулийн багшийн мэргэжил дээшлүүлээд зогсохгүй, насан туршийн боловсрол, мэргэжлийн сургалт үйлдвэрлэл, дээд боловсролын багш нарын мэргэжлийг дээшлүүлэх ажлыг хариуцдаг болсон зэрэг олон шинэ зохицуулалт багшийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд хэрэгжинэ.

Categories
мэдээ нийгэм

Хотын дарга эрүүл мэндийн салбарын ажилчдад мэндчилгээ дэвшүүлэв

Нийслэлийн Эрүүл мэндийн газар байгуулагдсаны түүхт 80 жилийн ой тохиож байна. Ойн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө

Эрүүл мэндийн сайд хатагтай Сарангэрэл ээ

Эгэлгүй буянт үйлсийн эзэд эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудаа

Эрүүл энхийн ээлжгүй манаанд зогсож, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэн, нийслэлчүүдийнхээ элэг бүтэн амьдралын төлөө цаг наргүй ажиллаж ирсэн та бүхэндээ дэлгэр намрын билэгтэй, баяр дүүрэн энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Нийслэл хотод эрүүл мэндийн салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлох, хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай, чанартай хүргэхэд анхаарах, орчин үеийн дэвшилтэт технологи, ангаах ухааны ололтыг нэвтрүүлэх бодлого, зорилтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллага үүсч, хөгжсөний 80 жилийн тэгш дүүрэн ой тохиож байна.

Ардын хувьсгалын он тооллоос удаагүй арав гаруйхан жилийн дараа буюу 1938 онд Улаанбаатар хотыг захирах яамны дэргэдэх Эрүүлийг хамгаалах хэлтэс нэртэйгээр 5 орон тоотойгоор батлагдаж, үйл ажиллагаагаа эхлүүлж байсан Нийслэлийн эрүүл мэндийн газар найман арван жилийн хугацаанд боловсон хүчний хувьд бэхжиж, чадавхижсан төдийгүй хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэх хүртээмж нь нэмэгдсэн нь энэ байгууллагын цар хүрээ өргөжин тэлснийг илтгэн харуулж байгаа билээ.

Өнөөдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газар 50 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж, харьяа эрүүл мэндийн байгууллагын тоо 26-д хүрч, 142 өрхийн эрүүл мэндийн төвөөрөө дамжуулан Монгол Улсын хүн амын тал хувь буюу статистикийн тоогоор 1.5 сая иргэнд их эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан гээд нийтдээ 7 мянга хүрэхгүй ажиллагсадаараа дамжуулан хүн бүр, айл бүхэнд хүрэхийн төлөө чармайн хөдөлмөрлөж байгааг нийслэлчүүд талархан хүлээн авдаг. Учир нь Нийслэлийн эрүүл мэндийн салбарын бодлогыг ангаах ухааны салбартаа манлайлагч, тэргүүлэгч, мэргэжлийн чадварлаг боловсон хүчнүүд үеийн үед тодорхойлж ирсэнтэй холбоотой юм.

Монгол улсын хүн амын тал хувийнх нь амь, амьдрал, эрүүл мэндийг гартаа атгаж байгаа нийслэлийн эрүүл мэндийн байгууллагынханд маань алдах эрх байдаггүй. Хором бүр үнэ цэнэтэй. Хийх ажил бүр нь хүний эрдэнэт амь настай холбоотой байдаг. Тийм ч учраас “Эмч тандаа баярлалаа” гэдэг сайхан үгийг иргэд маань харамгүй та бүхэндээ хайрладаг.

Хотын даргын зүгээс болон хувь хүний хувьд ч та бүхэндээ баярын энэ өндөр индэр дээрээс “Нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс баярлалаа” гэдэг үгийг хэлье.

Түүхт 80 жилийнхээ ойг угтан Нийслэлийн эрүүл мэндийн газар шат дараалсан олон ажил хийсний үр дүнг манай иргэд хүртэж байгаа. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн “Жишиг өрхийн эмнэлэг”, Налайх дүүргийн “Хүүхдийн эмнэлэг”, 3 дүүрэгт байгуулсан мэс заслын яаралтай тусламжийн тасаг болон өчигдөр үүд хаалгаа нээсэн “Шүд, эрүү нүүрний төв” зэрэг эмнэлгийн бүтээн байгуулалтын ажлыг нэрлэж болно.

Нөгөө талаас эмч, эрүүл мэндийн салбарынхаа боловсон хүчнийг чадавхжуулах, орчин үеийн тоног төхөөрөмж, эмнэлгийн зориулалтын авто машинаар хангах, харьяа эрүүл мэндийн 25 байгууллагын 50 гаруй барилга байгууламжийг үе шаттайг засварлах зэрэг олон асуудалд Нийслэлийн удирдлагын баг онцгой анхааран дэмжиж байгааг дуулгахад таатай байна.

Хоёрхон жилийн дотор Нийслэлийн эрүүл мэндийн салбарт 17 тэрбум гаруй төгрөгний хөрөнгө оруулалт хийгдсэн тоон мэдээлэл бий.

Мөн энэ хугацаанд дүүрэг, нийслэл, улсын тодотголтой 18 эмнэлгийн гадна орчныг тохижуулсан нь та бүхэндээ барьж байгаа бидний бас бэлэг юм.

Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулахад Нийслэл хот манлайлан ажиллаж байна.

Түүхт ойн энэ өдөр та бүхэн маань баяраа тэмдэглэхийн зэрэгцээ хүн амын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үйл хэрэгт амжилт олохын зэрэгцээ, өмнөө тавьсан зорилтоо амжилттай шийдвэрлэнэ гэдэгт Нийслэлийн төр, захиргааны байгууллага, нийт Улаанбаатарчууд итгэл төгс байна.

Орчин үеийн анагаах ухаан, хүн амын эрүүл мэндийг дэмжих, чиг хандлага, эрүүл мэндийн талаархи Нийслэлийн төрийн захиргааны байгууллагаас баримталж буй бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэн нийслэлчүүддээ тэдний хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үйлсдээ их амжилт олохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Эрүүл мэндийн албаны 80 жилийн ой тохиож байна

Нийслэлд Эрүүл мэндийн алба үүсэн байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байна. Ойн баярын арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболд, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, НИТХ-ын хурлын тэргүүлэгч, төлөөлөгчид болон албаны бусад хүмүүс, нийслэлийн эрүүл мэндийн албаны үе үеийн ахмадууд, НЭМГ-ын харьяа байгууллагын удирдлагууд зэрэг нийт 900 гаруй зочид төлөөлөгч оролцлоо.

Нийслэлийн Эрүүл мэндийн газар анх Эрүүлийг хамгаалах яамны сайд, Улаанбаатар хотыг захирах яамны дарга нарын 105 дугаар тушаалын дагуу 1938 оны долдугаар сарын 22-нд Улаанбаатар хотыг захирах яамны дэргэд Эрүүлийг хамгаалах хэлтсийг эмхлэн байгуулж дарга, сургагч, хэлмэрч, тоо бүртгэгч, бичиг хэрэг, жолооч зэрэг таван орон тоотойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Ийнхүү нийслэл хотод эрүүлийг хамгаалахын нутгийн захиргааны бие даасан алба байгуулагдсанаас хойш хөгжлийн тодорхой үе шатыг дамжин, бүтэц зохион байгуулалт болон үйл ажиллагааны чиглэлийн хувьд өргөжин бэхжиж ирсэн.

Ардын эмнэлгийн хэлтсийг 1940 онд Эрүүлийг хамгаалах хэлтэс, 1962 онд Эрүүлийг хамгаалах газар, 1991 оноос Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг – Эрүүл мэндийн газар хэмээн нэрлэх болсон бөгөөд өдгөө нийт 50 орон тоотойгоор ажиллаж байна.

НЭМГ-ын харьяанд нийслэлийн 9 дүүргийн Эрүүл мэндийн төв, 4 нэгдсэн эмнэлэг, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар, Жаргалант, Туул, Хонхор, Гачуурт тосгоны Эрүүл мэндийн төв, Нийслэлийн түргэн тусламжийн төв, Нийслэлийн шүд эрүү нүүрний төв, Нийслэлийн зоонозын өвчин судлалын төв, Энэрэл эмнэлэг, Наркологийн эмнэлэг, Сэргээн засах клиник эмнэлэг зэрэг 26 байгууллага, Өрхийн эрүүл мэндийн 142 төвөөс гадна хувийн хэвшлийн 2000 гаруй байгууллага харьяалагдаж үйл ажиллагаагаа явуулж байна.

Сүүлийн 10 жилийн хугацаанд эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд гэмтэл, ерөнхий мэс засал, хорт хавдрын хими, хөнгөвчлөх эмчилгээ, ерөнхий болон эмэгтэйчүүдийн дурангийн мэс засал, гемодиализ, нүдний лазер зэрэг эмчилгээ, арга технологийг нэвтрүүлэн ажиллаж байна.

Нийслэлийн эрүүл мэндийн салбарт 1980-аад оноос хойш стандартад нийцсэн эмнэлгийн барилгыг 30 шахам жил бариагүй нь тусламж, үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлж байсан. Энэ байдлыг харгалзан төр засгаас анхаарал хандуулан улсын болон нийслэлийн хөрөнгө оруулалтаар 2010 оноос хойш Өрхийн эрүүл мэндийн төвийн 62 цогцолбор барилга, Өргөө, Амгалан амаржих газар, Баянгол Эрүүл мэндийн төвийн барилга, салбар эмнэлэг, Хонхор тосгоны Эрүүл мэндийн төв, Нийслэлийн түргэн тусламжийн Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул салбарууд, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд жишиг Өрхийн эрүүл мэндийн төв, Чингэлтэй болон Налайх дүүрэгт Хүүхдийн эмнэлгийн барилгыг ашиглалтанд оруулсан байна.

Түүнчлэн ойрын жилүүдэд ашиглалтанд орохоор бүтээн байгуулалтын ажил нь эхлээд байгаа СХД-ийн жишиг нэгдсэн эмнэлэг, Багахангай дүүргийн нэгдсэн эмнэлэг, Улаанбаатар хот Турк улсын Стамбул хоттой байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд Өрхийн эрүүл мэндийн 9 төв, Туул тосгоны Эрүүл мэндийн төв, 300 ортой төрөх болон Хүүхдийн эмнэлэг, Баянзүрх дүүргийн Хүүхдийн эмнэлгийн барилга угсралт, бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа юм.

2018 онд нийслэлийн төсвөөс НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн 15 байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төвийн 61 төвд их засвар хийж, ӨЭМТ-үүдэд 710 сая төгрөгийн өртөг бүхий шаардлагатай тоног төхөөрөмжийг өгсөн. Мөн улсын төсвөөс нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлгийн зориулалттай 784 сая төгрөгийн өртөг бүхий 11 автомашиныг хүлээлгэн өгчээ. Цаашид эрүүл мэндийн 4 байгууллагад эмнэлгийн зориулалтын автомашиныг өгөхөөр төлөвлөөд байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хамтын ажиллагаатай бүсийн хөгжлийг дэмжиж ажиллана

Улаанбаатар хотын төвлөрлийг задалж, хүний нөөц, ажиллах хүчний ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн болон захиргааны арга хэрэгслийг ашиглан суурин газруудыг бүсчлэн хөгжүүлэх “Хөгжлийн алтан гурвалжин” бодлогыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд санаачлан Төв, Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт, Булган аймгуудтай хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд хотын даргаар ахлуулсан ажлын хэсэг Төв, Дархан, Сэлэнгэ аймгуудад ажиллаад ирсэн. Хамтын ажиллагаатай бүсийн хөгжлийг дэмжих хүрээнд өнөөдөр Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын төлөөлөлд орчин үеийн иж бүрэн компьютер гардуулан өглөө гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийтийн олон харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хүн амины гэмт хэрэгтэн дахин хэрэг үйлджээ

1990 онд онц хэрцгий байдлаар хүний аминд хүрч, гэмт хэрэг үйлдсэн О.Тамир 20 гаруй жил хүнд дэглэмтэй хорих ангид ял шийтгэлээ эдэлж дуусчихаад чөлөөлөгдсөн ч дахин гэмт хэрэгт холбогдсон байна. Тодруулбал тэрбээр суллагдсанаасаа хойш Эрүүгийн цагдаагийн газрын хяналтад байсан бөгөөд энэ сарын 2-ны өдөр хамтран амьдрагчаа хэвлий тус газарт нь хутгалсан хэрэг үйлджээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр хамтран амьдрагч бүсгүйгээ байнга зоддог байсан. Харин эл хэргийг архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн байх үедээ үйлдсэн бөгөөд тэд маргалдаж, улмаар хамтран амьдрагчаа хутгалсан гэнэ.
Түүний энэ үйлдлийг хүний аминд санаатай хүрэх гэсэн оролдлого байсан гэж эх сурвалж хэлж байлаа.
Одоогоор хутгалуулсан гэх эмэгтэйн биеийн байдал тун муу, Цэргийн төв госпиталд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин О.Тамирыг эрэн хайх ажиллагааг хоёр хоногийн турш үргэлжилж буй гэнэ.
Categories
мэдээ улс-төр

Я.Содбаатар: ЗТХ-ийн яаманд мэргэшсэн албан хаагч хэрэгтэй

УИХ-ын чуулганаар Я.Содбаатарыг Зам тээврийн хөгжлийн сайдаар томилох асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 90.8 хувийн саналаар дэмжлээ. Тус яамны сайдаар томилогдож буй Я.Содбаатараас зарим зүйлсийг тодрууллаа.

-Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллах хариуцлагатай албыг та хүлээж авлаа. Хамгийн түрүүнд хаанаас ажлаа эхлүүлэх вэ?

-Монгол Улсын сайд бүрэн эрхийнхээ хүрээнд ЗТХЯ-ны сайдад намайг нэр дэвшүүлсэн. УИХ мөн бүрэн эрхийнхээ хүрээнд тус яамны сайдаар ажиллах хариуцлагатай албанд томиллоо. Хариуцлагатай цаг үед миний бие сайдаар очиж байна. Юуны түрүүнд би хэд хэд асуудалд анхаарч ажиллана. Гишүүдийн зүгээс ч гэсэн нэлээд саналыг хэлж захиж байна. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр батлагдсан. Энэ бол МАН Засгийн эрх барих хугацаанд хэрэгжүүлэх ёстой бодлого. Үүнд тусгагдсан зам тээврийн хөгжлийн чиглэлийн бодлогын үйл ажиллагааг бодит ажил хэрэг болгох ажлууд бий. Хоёрдугаарт энэ удаагийн УИХ парламентийн бүрэн эрхийн хугацаанд төрийн албаны шинэчлэлт хийгдэж байгаа. Төрийн албаны сахилга батыг чангатгах чиглэлээр хэд хэдэн томоохон шийдвэрүүд гарсан. Үүний хэрэгжилтийг хангаж ажиллах асуудал манай салбарт хамгийн чухал. Ялангуяа мэргэжлийн хүмүүсийг ажиллуулах асуудал чухлаар тавигдаж байна. Учир нь ЗТХ-ийн яамны онцлог нь техник зохицуулалт ихэд шаардагддаг. Тиймээс энэ чиглэлд гол анхаарлаа хандуулж ажиллах ёстойг гишүүд ч, иргэдийн зүгээс ч хэлж байгаа. Хэд хэдэн чиглэлд бодлогын асуудлууд УИХ-аас гарсан. Иргэний нисэхийн либералчлал шинэ төмөр зам, автозамын бүтээн байгуулалт, тээврийн зохицуулалт зэрэг хэд хэдэн чухал асуудал бий. Яаманд энэ чиглэлийн эрхзүйн баримт бичгүүдийг боловсронгуй болгох тал дээр ажлын хэсэг гарч түрүүчээсээ бэлэн болж байгаа юм билээ. Энэ бүхнийг эрчимжүүлнэ. Яамныхаа мэргэжлийн хүмүүстэй санал бодлоо солилцож байж энэ салбарт хийгдэх бодлого, чиглэл, үйл ажиллагааг улам тодорхой болгоно.

-Зам тээврийн хөгжлийн яаманд ёс зүйн хариуцлага алдсан газрын дарга нарыг ажлаас нь чөлөөлсөн ч буцаан томилсон гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Зам тээврийн хөгжлийн яаманд гарсан хэрэгтэй холбогдуулан Засгийн газар, УИХ тодорхой шийдвэрээ гаргалаа. Үүний дагуу Зам тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргаас эхлээд зарим газрын дарга нарт хариуцлага тооцсон. Энэ хүрээнд зарим газрын дарга нар үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна. Төрийн албаны зөвлөл хуулийн хүрээнд энэ асуудлыг цэгцэлнэ гэж итгэж байна.

-Та тус яаманд халаа, сэлгээ хийх үү?

-Халаа сэлгээ хийхээсээ илүү мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөнд тулгуурлан ажлаа хийнэ.

-Яаманд ажиллаж буй мэргэжлийн бус хүмүүсийг ажлаас нь чөлөөлнө гэж ойлгож болох уу?

-Мэргэжлийн хүмүүс мэргэжлийн ажлаа хийх ёстой. Мэргэшсэн албан хаагч бидэнд хэрэгтэй. Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн хүрээнд төрийн албаны шинэчлэлийн ажлыг явуулна.

-Дахин хариуцлагагүй үйлдэл гарвал та хариуцлага хүлээж чадах уу?

-Төрийн албаны зөвлөлийн зүгээс мэргэшсэн, тогтвортой байх асуудлыг тавьж байна. Нөгөөтэйгүүр хариуцлага, сахилга баттай мөн байх ёстой. Энэ чиглэлд анхаарч ажиллана.

-Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал хугацаандаа ашиглалтад орох уу?

-2006 онд Ерөнхий сайдыг Япон улсад айлчлах үеэр Нисэх онгоцны буудлын ажлын эхлэл тавигдаж хоёр талаас гарын үсэг зурагдсан. Түүнээс хойш бүтээн байгуулалтын ажил хийгдсэн. Явцын дунд хоёр ч удаагийн нэмэлт гэрээ хийж 600 гаруй долларыг энэ төсөлд зарцуулаад байна. Ажил энэ оны төгсгөлд дуусах байх гэсэн хүлээлттэй байна. Мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар ирэх оны тавдугаар сард ашиглалтад оруулахаар шахаж ажиллаж байгаа юм байна лээ. Засгийн газраас шийдвэрлэх ёстой хөрөнгүүдийг нь шийдэж өгсөн. Хурдны автозамынх нь хувьд арваннэгдүгээр сараас хөдөлгөөн нь эхэлнэ. Ирэх онд бүрэн ашиглалтад орно. Шинэ нисэх онгоцны буудлыг цаашид хэрхэн ажиллуулах талаар Япон улстай менежментийн гэрээг хийх шийдвэрийг гаргасан байна. Энэ хүрээнд уг асуудлыг судалж гэрээний түвшинд шийдвэрлэх асуудлууд судлагдаж байна.

-Таныг мэргэжлийн бус гэх шүүмжлэл их явлаа. Та үүнд тайлбар өгөхгүй юу?

-Сайд бол улс төрийн албан тушаалтан. УИХ-аас тодорхой шийдвэр гаргаж хариуцлага хүлээлгэж байна надад. Би инженер мэргэжилтэй, энэ салбартай холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулах ажлын хэсэгт орж ажиллаж, анхаарлаа хандуулж байсан хүний хувьд салбарын хүмүүстэй хамтраад энэ ажлыг хийж болох байхаа.