Categories
мэдээ нийгэм

Нүүн шилжүүлэх сургуулилтад 18 мянга гаруй иргэн оролцов

Онцгой байдлын ерөнхий газраас Сүхбаатар аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бодлогын дагуу өнөө өглөө тус аймгийн Баруун-Урт сумын иргэдийг оролцуулан газар хөдлөлтийн гамшгийн дараах нүүн шилжүүлэх дадлага сургуулийг зохион байгууллаа.

Баруун-Урт сум нь 23 мянган хүн амтайгаас дадлага сургуульд 18 мянга гаруй иргэн оролцсон байна.

Мөн өнөөдөр тус аймгийн Сүхбаатар сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг шалгах, сумын иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль хийгдэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Азербайжаны технологийн төвд зочиллоо

Бүгд Найрамдах Азербайжан улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсын технологийн паркийн үйл ажиллагаатай өчигдөр танилцлаа.

“Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиевын санаачилгаар 2016 тус улсын шинжлэх ухааны академийн дэргэд байгуулагдсан энэхүү паркийн зорилго нь эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, түүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, өнөөгийн шинжлэх ухаан, технологийн шинэчлэл, өндөр технологийн цар хүрээг өргөжүүлэх, судалгаа хийх, шинэ технологи эзэмшиж нэвтрүүлэх орчин үеийн цогцолбор байгуулах зэрэг чиглэлээр төрөөс үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэхэд оршиж буй юм” хэмээн Паркийн гүйцэтгэх захирал Назим Шукуров танилцуулав.

Тус улсын эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон нефтийг ашиглан 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн гарган авсан талаараа тус төвийн удирдлагууд, эрдэмтэн судлаачид Монгол Улсын Ерөнхийлөгчид дэлгэрэнгүй танилцууллаа. Мөн тус төвийнхний нефтиэс гаргаж авсан техникийн тос тосолгооны материалууд, гоо сайхны зэрэг 50 гаруй бүтээгдэхүүнийг олон тоогоор үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж эхэлжээ.

Бүгд Найрамдах Азербайжан улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Акиф Ализаде “…Хөгжиж буй улсад ийм технологийн парк байгуулж, үр дүнтэй ажиллуулах шаардлагатай. Энэ салбарын туршлагаа Монгол Улстай хуваалцахдаа баяртай байх болно…” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хэлэв.

Мөн өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Азер-Илме” хивс нэхмэлийн төвөөр зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан юм. Хивс нэхмэлийн төвийн дарга, үүсгэн байгуулагч Видади Мурадовын танилцуулснаар Азербайжан улсын үндэсний брэнд болсон тансаг хэрэглээний өндөр үнэтэй хивсийг уламжлалт болон орчин үеийн арга технологиор тус үйлдвэрт үйлдвэрлэдэг байна.

Categories
мэдээ нийгэм

2019-2020 оны хичээлийн жилд зарлагдах засгийн газрын тэтгэлэгүүд

Гадаад Улсад суралцах хүсэлтэй оюутан залууст зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилгоор 2019-2020 оны хичээлийн жилд зарлагдсан Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүдийг хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм

“Авто худалдааны цогцолбор”-ын үйл ажиллагаа жигдэрчээ

Томоохон зах, худалдааны төв орчимд замын хөдөлгөөний зохиомол түгжрэл үүсэх нь элбэг талаар цагдаагийн алба хаагчид хэлдэг. Ялангуяа техникийн зах орчимд хөдөлгөөний эрчим удааширч, ойр тойронд нь тос тосолгооны материал борлуулж, авто засварын үйл ажиллагаа явуулсны уршгаар нийслэлд хотод агаар хөрсний бохирдол бүрдэх нөхцөлийг бий болгодог.

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хотод байршиж байсан автомашин худалдааг Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нутагт шинээр байгуулсан авто худалдааны төв рүү нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарч хэрэгжиж эхэлсэн. Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч Б.Отгонсүх нар “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаатай очиж танилцлаа.

Эл хуль байсан тус цогцолборын үйл ажиллагаа өдгөө нэгэнт жигдэрчээ. Одоогоор 2000 гаруй зогсоол нь “эзэнтэй” болсон талаар цогцолборын Ерөнхий инженер Б.Эрдэнэбаатар хэлэв.

Бүх банк болон даатгалын салбарууд тэнд очиж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Мөн автомашины улсын дугаар үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж болон угаалгын газрууд ч нээгджээ. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний торгууль болон тээврийн хэрэгслийн албан журмын даатгалыг бэлэн бусаар төлж боломжтой цахим машин байрлуулж, иргэдэд аль болох чирэгдэлгүй үйлчлэхийг зорьж буйгаа гэдгийг “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ынхан хэллээ. Татвараа төлж, оношилгоонд оруулаад, даатгалд бүртгүүлсэн тээврийн хэрэгслийн бичиг баримтыг 2-4 минутад багтаан олгож байгаад иргэд талархалтай хандаж байв.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын Тамгын газар ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв

Олон улсын болон Монголын ахмадын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан болон Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын Тамгын газарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

УИХ-ын Тамгын газар нь Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын гишүүн байсан, Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байгаад гавьяаны амралтдаа гарсан нийт 80 гаруй ахмадтай юм.

Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан ахмадуудад баярын мэндчилгээ дэвшүүлээд, уламжлалт уулзалтад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, урт нас удаан жаргалыг ерөөлөө. Тэрбээр хэлсэн үгэндээ, “Монгол Улсад парламентад ёсыг бэхжүүлэхэд өөрийн хүч хөдөлмөр, залуу нас, мэдлэг чадвараа зориулсан ахмадуудтайгаа уулзаж байгаадаа баяртай байна. Улсын Их Хурлын үйл ажиллагааг тогтвортой явуулах, төрийн албаны нэр хүнд, ёс зүй, хэм хэмжээг чанд баримтлах үлгэр дуурайлыг Та бүхэн үзүүлж ирсэн эрхэм хүмүүс. Улсын Их Хурлаас ахмад настнуудын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхэд манлайлал үзүүлж ажиллаж байна. Монгол Улсын хүн амын дунд эзлэх ахмад настны тоо нэмэгдэж байгаа учир цаашид төрөөс ахмадуудад тулгамдаж буй нийгэм, эрүүл мэндийн асуудлыг шийдэх цогц бодлого хэрэгжүүлэх ёстой. Энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хүрээнд Ахмад настны тухай хуулийг шинэчлэн баталсан. Өмнө нь байгууллагуудад ахмадуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг санхүүжүүлэх хууль, эрх зүйн орчин ойлгомжгүй байсан. Энэ хууль батлагдсанаар тухайн байгууллагуудад ахмадуудынхаа нийгмийн хамгааллын асуудлыг шийдэх төсвийн тодорхой эх үүсвэрийг хуулиар тогтоож өгсөн. Та бүхэн Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын Тамгын газрыг бэхжүүлэх, өнгөрсөн 26 жилийн хугацаанд батлан гаргасан хуулиудыг амьдралд хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Иймд Та бүхний зөвлөгөө, санал санаачилга бидний хувьд чухал ач холбогдолтой. Залуу, дунд, ахмад гэсэн гурван үеийн залгамж халаа бол Монголын хөгжлийн гол тулгуур учир зөвхөн ахмадын баяраар уулздаг биш, байнгын эргэх холбоотой хамтран ажилладаг байх нь зүйтэй. Ахмадуудын маань хуримтлуулсан туршлага, чадавхийг залуу, хойч үеийнхэнд өвлүүлэх нь чухал юм. Та бүхний зөвлөмж, санал санаачилгыг хүлээн авахдаа үргэлж бэлэн байх болно” хэмээгээд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын халуун мэндчилгээг уламжлав.

Уулзалтад оролцсон ахмадуудыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол Улсын худалдааны гавьяат ажилтан А.Шагдарсүрэн үг хэлж, төрийн үйл хэрэгт хүчин зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлуудад байнга анхаарал, халамж тавьдаг Улсын Их Хурлын удирдлага, түүний Тамгын газарт талархал илэрхийлээд цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүслээ.

Хүндэтгэлийн уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан, Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн болон албаны бусад хүмүүс оролцсон юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“ХӨДӨЛМӨРЧ ЗАЛУУЧУУД” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг энэ сарын 28-нд болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6.4-т “Оюутан залуучуудыг нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулж, тогтвортой ажлын байраар хангах, нарийн мэргэжил эзэмшүүлэх цогц арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран үе шаттай зохион байгуулна”, “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийн 3.2.8-т “Зорилтот бүлгийн залуучуудад хөдөлмөр эрхлэх таатай боломжоор хангахад дэмжлэг үзүүлэх аян өрнүүлэх” зорилтууд тусгагдсаны дагуу хүрээнд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас санаачлан нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Монголын тэргэнцэртэй иргэдийн Үндэсний холбоо” ТББ, “Монголын Сонсголгүй иргэдийн нэгдсэн холбоо” ТББ-уудтай хамтран 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд “Хөдөлмөрч залуучууд” хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг зохион байгуулна.

Тус хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийн үеэр нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд бүртгэлтэй 2300 гаруй ажлын байранд ажил хайж байгаа ажлын туршлагагүй залуучуудыг холбож өгөхөөс гадна салбартаа тэргүүлэгч 20 аж ахуй нэгж, байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ажлын байрыг нээлттэй зарлах юм.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-очир: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт “25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна” гэж заасны дагуу тус хуулийн хэрэгжилтийг хангахаар төрийн болон төрийн бус байгууллагуудыг уриалахад энэхүү хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийн зорилго оршиж байна. Энэхүү хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг нь ажлын туршлагагүй залуучууд болон хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийслэлийн хөдөлмөрийн насны хүн амын хөдөлмөрийн зах зээл дэх тэгш оролцоог хангаж байгаагаараа онцлог юм.

“Хөдөлмөрч залуучууд” хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг төрийн болон төрийн бус байгууллагуудын түншлэл дээр тулгуурлан зохион байгуулж байгаа бөгөөд мэргэжлийн байгууллагуудаас ажлын туршлагагүй залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэтгэлзүйн болон ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүй өгөх болно.

Цаашид талуудтай хамтран ажлын туршлагагүй болон ажлын туршлагатай залуучуудад зориулсан томоохон хэмжээний хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг тогтмол зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Зэрлэг амьтдыг аврах боломж гарлаа

Тал хээр, говь цөлийн бүсийн дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц байгуулах стандартыг Монгол Улс 2015 онд төв Азийн орнуудаас анх удаа баталсан билээ. Үүгээр зогсохгүй Уулархаг нутгийн зам, замын байгууламжийн дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц байгуулах стандартыг Стандартчилал хэмжил зүйн газар баталлаа. Ингэснээр Монгол орны аль ч хэсэгт авто, төмөр зам тавихдаа зэрлэг амьтдад зориулсан гарц заавал байгуулах ёстой болжээ.Эдгээрстандартыгхэрэгжүүлснээр дэлхийд ховорхулан,харсүүлт,цагаанзээр, аргаль, янгир, монголбөхөн, цоохор ирвэсзэрэг олон зэрлэгамьтдын нүүдлийн зам, амьдрах орчиндсаад учрахгүй байх боломж бүрдэж байгаа юм.

НҮҮДЛИЙН ЗЭРЛЭГ АМЬТДАД ЯМАР АЮУЛ ОЙРХОН БАЙГАА ВЭ?

Амьтдын нүүдэлд хамгийн их саад болдог нь авто болон төмөр зам. Монгол Улс нийт 1088км урт төмөр замтай. Улаанбаатар-Замын-Үүдийнтөмөрзамыг ашиглалтад оруулснаар олон зууны турш тааваараа бэлчин амьдарч байсан цагаан зээрийн сүргийг төмөр замаар баруун, зүүн хэсэгт хуваачих нь тэр. Эрдэмтдийн судалгаагаар нутгийн баруун хэсэгт үлдсэн цагаан зээрийн сүрэг үрэгдсээр одоо маш цөөхөн үлджээ. Харин нутгийн зүүн хэсэгт үлдсэн зээрийн үндсэн сүрэг одоохондоо тааваараа бэлчиж явна. Гэхдээ энэ сүрэг төдийгүй бусад тууртнууд удахгүй зүүн бүсэд өрнөх дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтаас болж мөхөж мэдэх аюул хэдийнэ хаалга тогшиж эхлээд байна.

Зүүн чиглэлд тавих төмөр зам нүүдэллэдэг амьтдад жинхэнэ аюул учруулахаар байгаа билээ.Учир нь, Даланзадгадаас Чойбалсан хүртэл тавих төмөр зам социализмын үед таслагдаж үлдсэн цагаан зээрийн нүүдлийн замыг хааж таарах нь. Хөөт-Бичигтийн төмөр зам ашиглалтад орохоор бүр хавханд орсон юм шиг таг хаагдах төлөвтэй байгаа юм. Цагаан зээр бол Монголын бахархал болохоор амьтан. Бид л тоодоггүй болохоос нутагт нь нэг төрлийн амьтан олон зуун мянгаараа нүүдэллэдэг улс дэлхийд цөөн. Цагаан зээр ган зуд болоход бэлчээрээ дагаж олон км нүүдэллэдэг. Тэгж яваад хил дээр ирдэг ч өргөст торонд тулаад зогсдог. Гарах гэж зүтгэсэн нь торонд олон арваараа өлгөгдөж үхдэг. Ганц цагаан зээр ийм хүнд байдалд ороод байгаа юм биш. Шинээр барих төмөр зам хулан, хар сүүлтийн нүүдэлд бас л саад болохоор байна.

Одоогоор тодорхойлоод байгаа чиглэлээр баруун бүсэд тавих дэд бүтэц Ховд, Говь-Алтай аймгийн нутагт бэлчдэг дэлхийд өөр хаана ч байхгүй монгол бөхөнгийн гол тархац нутгийн яг дундуур нь гарч байна. Өөрөөр хэлбэл, монгол бөхөнгийн нүүдлийг хааж байгаа юм.

Үүн дээр босоо тэнхлэгийн авто замууд ашиглалтад орж байгаа гэхээр нүүдэллэдэг амьтдын ирээдүй тун бүрхэг болов. Нэгэнт улс орны эрх ашгийг хойш нь тавихгүйгээс хойш төмөр болон авто зам барьж л таарна. Харин энэ ажлыг амьтдын нүүдэлд саад болохгүйгээр яаж хийх вэ, хийхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх баталгааг одоогоор хэн ч өгч чадахгүй байна. Хэрвээ одоогийн төслөөр явах юм бол цагаан зээрийн сүрэг ес хуваагдана. Хулан долоо, хар сүүлтийн сүрэг мөн долоон хэсэгтхуваагдах төлөвтэй байгааг эрдэмтэд хэлж байна. Нүүдэллэдэг амьтдын сүрэг хуваагдана гэдэг тухайн амьтан мөхөл рүүгээ явахын эхлэл гэдгийг эрдэмтэд, судлаачид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг билээ.

Говийн бүсэд барьсан авто зам хулан, хар сүүлтийн нүүдэлд төмөр замын торноос дутахгүй аюул учруулж байгаа юм. Нүүрс зөөдөг тэр олон зуун машины дуу чимээ, тоос шороонд ямар ч амьтан зам хөндлөн гарч чадахгүй дайждаг.

СТАНДАРТТАЙ БОЛЛОО, ОДОО ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

Дээр дурдсан олон бэрхшээлийг улс орнууд нүхэн болон гүүрэн гарц байгуулах замаар шийдсэн байдаг. Улс орон хөгжиж, санхүүгийн бядтай болохын хэрээр нүүдлийн амьтдад зориулж олон төрлийн гарц байгуулснаар амжилтад хүрсэн нь цөөнгүй. Монгол орны хувьд ойрын жилүүдэд уул уурхай дагасан эдийн засгийн хөгжил жин дарах нь тодорхой болсон тул зэрлэг амьтдаа хамгаалах зайлшгүй шаардлага гараад байгаа юм. Стандарттай болсноор нүүдэллэдэг амьтдын хамгааллын зөв эхлэл тавигдлаа гэж байгаль орчны салбарынхан ам сайтай байна. Гэхдээ шинэ стандарттай болсноор бүх асуудал шийдэгдэж байгаа юм биш. УлаанбаатарЗамын-Үүдийнтөмөрзамын өргөст торыг авах уу, үлдээх үү, тэнд шинээр гүүрэн, нүхэн гарц барих эсэх нь маргаантай, тодорхойгүй хэвээр үлдэж байна. Эрдэмтэн,судлаачдын ярьснаар амьтдын нүүдэлд саад болдог төмөр замын өргөст торыг манайд зөвхөн мал оруулахгүй байх талыг нь харж хийсэн байдаг ажээ. Торыг авсны дараа галт тэргэнд мал дайруулвал нөхөн төлбөрийг хэн өгөх вэ, хариуцлагыг хэн хүлээх вэ гээд олон асуулт гарна. Хамгийн гол нь, төмөр замын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх талтай гэдэг. Хүнээ бодох уу, амьтнаа бодох уу гэдэг салаа сонголт ч гарч ирнэ. Зохицуулах асуудал цөөнгүй байна.Тиймээс шинээр барих төмөр замд энэ алдааг давтаж болохгүй гэж эрдэмтэд урьдчилан сануулж байгаа юм.

Зэрлэг амьтдад зориулсан гарц байгуулах асуудлыг гаднын орнууд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдсэн байдаг ажээ. Жишээ нь, нүхэн гарцыг нэлээд өргөн хэмжээтэй хийдэг. Өөрөөр хэлбэл, цаад тал нь тэнгэр нэвт харагдахаар тийм хэмжээг сонгодог юм байна. Зэрлэг амьтад ийм газраар чөлөөтэй нэвтэрч гардаг нь олон улсад нотлогджээ. Ийм гарцуудыг шинэ стандартын дагуу Монголд хийх байх.

Монгол Улс байгаль хамгаалах чиглэлийн олон улсын томоохон конвенциудад нэгдсэн байдаг. ХБНГУ-ын Бонн хотноо 1979 онд байгуулсан Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлийг хамгаалах (CMS) тухай томоохон конвенц байдаг. Үүнд манай улс элсчихсэн, дүрэм журмыг нь дагаж биелүүлэх үүрэгтэй. Хэрвээ шинээр төмөр зам барихдаа урьдын алдааг давтаж нүүдэллэдэг амьтдын сүргийг дахиад л тасалчихвал Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд унахэрсдэлтэйг мартаж болохгүй.

Юутай ч шинэ стандарттай болж чадлаа. Төмөр болон авто зам барихдаа амьтдадзориулж заавалгарцбайгуулахаарболсон нь өөрөө том амжилт юм. Хууль нь байна, гашуун жишээ нь чбайна. Одоо Стандартчилал хэмжил зүйн газрынхан стандартын хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллах үлдлээ.Ялангуяа шинээр барих төмөр замд энэ стандартыг хэрэгжүүлэхэд хяналт тавих нь маш чухал юм. Компаниуд ч энэ тал дээр идэвхи зүтгэл гаргаж стандартын хэрэгжилтэд хувь нэмрээ оруулах цаг болжээ.

Монгол орон олон зууны туршзэрлэг амьтан, ургамлын өлгий нутаг байж хүн ард нь байгальтайгаа шүтэлцэн амьдарсаар ирсэн түүхтэй. Энэ агуу филиософийн үнэ цэнийг алдагдуулахгүй байлгах нь монголчууд бидний үүрэг билээ.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Харааны бэрхшээлтэй жирэмсэн эмэгтэй үзүүлэхээр ороход эмч “Наашаа суу” гэжээ

-ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРХИЙН ТУХАЙ ЯРИЛЦАВ-

“Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг эрсдэлтэй жирэмслэлт гэдэг ангилалд автоматаар оруулдаг. Ямар нэг асуудал гарвал тухайн өрхийн эмчийн ажлын үзүүлэлтэд сөргөөр нөлөөлдөг учраас эмч нар аль болох жирэмслүүлэхгүй байлгах гэж толгойгоо ажиллуулдаг. Ийм эмэгтэйчүүдийг жирэмслээд очихоор үр хөндүүлэхийг ятгах, сэтгэл зүйн дарамтанд оруулах нь олонтаа” хэмээн Б.Чулуундолгор ярьж байна.Хүний эрхийн үндэсний комисс, Нээлттэй нийгэм форумтай хамтран сар бүр зохион байгуулдаг “Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтын үеэр ийм яриа өрнөсөн юм. Энэ удаагийн зочноор “Хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд” сэдэвт судалгааг гүйцэтгэгч багийн ахлагч, Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбооны тэргүүн Б.Чулуундолгор, хүний эрхийн активист Б.Энхжаргал нар оролцсон юм.

Б.Чулуундолгор танхимд суугаа хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагынхан, сэтгүүлчдэд хандан яриагаа ийнхүү үргэлжлүүлэв.

“Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд ихэвчлэн зохион байгуулалттай арга хэмжээний үеэр л нөхөн үржихүйн эрүүл мэндийн үзлэгт ордог” гэж судалгааны үеэр ярьсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллагаас кампанит ажил байдлаар эрүүл мэндийн үзлэг зохион байгуулж байж үзлэгт хамрагддаг. Бие дааж урьдчилан сэргийлэх үзлэгт орох боломжгүй. Урьдчилан сэргийлэх зорилгоор эмчид үзүүлэх гэвэл “Ачаалал ихтэй байна, юун чамтай харьцахтай манатай” гэж загнадаг. Утсаар мэдээлэл аваарай гэдэг ч “Үзүүлээгүй байж юун зөвлөгөө авах гээд байгаа юм бэ” гэдэг. Иймэрхүү байдал байнга гардаг гэж яригдсан. Үр хөндүүлсэн эмэгтэйчүүдээс шалтгааныг нь асуухад “Өөрийн хүслээр”, “Биеийн эрүүл мэндийн байдлаас”, “Бусдын дарамт шахалтаас”, “Хүчирхийлэлд өртсөний улмаас жирэмсэлсэн” , “Нөхөр гэр бүлийнхний зөвшөөрөлгүй” гэсэн шалтгаанууд ихээр дурдагдсан. Бусдын дарамт шахалт гэдэгт эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын дарамт шахалт бас багтдаг. “Эрүүл мэндийн шалтгаанааны улмаас” гэдэг хариулт хамгийн олон давтагдсан. Эмч нар “Чи хөгжлийн бэрхшээлтэй учраас чамд ийм ийм эрсдэл гарна, чи жирэмслэлтийн явцыг даахгүй, хүүхдэд болон чамд эрсдэлтэй” гэх мэтээр зөвлөдөг. Түүнчлэн гэр бүлийнхэн, нөхөр зөвшөөрөөгүй учраас жирэмслэлтийг зогсоосон гэсэн хариулт их байсан.

Хүчээр жирэмслэлтийг зогсооход хэн хамгийн их нөлөөлсөн бэ гэсэн асуултанд эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд гэсэн хариу зонхилсон юм.

Ганцаарчилсан ярилцлагын үеэр нэг ээж ярихдаа “Группэд байдаг гэхээр эмч нар жирэмслэх шаардлагагүй гэж үздэг.Хүүхэдолоод эмчид хэлтэл “Чи одоо хүүхэд гаргаж болохгүй ээ” гэсэн. Тэгэхээр нь би нөхөртэйгээ ярилцъя гэж хэлээд зугтааж гараад хувийн эмнэлэгт хяналтанд байж байгаад, Эх нялхаст хүүгээ төрүүлсэн. Хоёр дахь хүүхдээ төрүүлсний дараа эмч нар “Чи мундаг байна, хоёр хүүхэд төрүүлчихлээ одоо болно” гээд үрийн сувгийг маань боосон гэх жишээтэй. Бэлгийн хүчирхийлэл, хувийн халдашгүй байдлын талаар ганцаарчилсан ярилцлага хийхэд ярилцсан эмэгтэй болгон хүчирхийлэлд өртсөн байсан. Бэлгийн хүчирхийлэл маш их байна. Мөн тэтгэврийг нь авах гэх мэт эдийн засгийн хүчирхийлэл ч олон. “Ээж миний тэтгэвэрийг аваад 5000 төгрөг л надад өгдөг” гэх мэт хариултууд цөөнгүй гарсан. Бэлгийн хүчирхийлэл ойр дотнын хүмүүсийн зүгээс, аав, ахын найз, хөрш, хойд аав, төрсөн эцгийн зүгээс ч үйлдэгдэж байна. Хэнтий аймгийн оюуны бэрхшээлтэй эмэгтэйг шоронгийн хуягууд шорон руу оруулж “ашиглуулдаг”. Тэрийг бүгд мэддэг хэрнээ арга хэмжээ авдаггүй. Өөр хэсэг хүмүүс тэр охиныг дарамталж мөнгө гуйлгуулдаг. Нутгийнхан охиныг өрөвдөөд мөнгө өгдөг. Өөр нэг бэрхшээлтэй эмэгтэй оройдоо ирээд мөнгийг нь хурааж авдаг юм билээ. “Намайг мөнгө олж ирэхгүй бол тэр эмэгтэй зоддог” гэж охин ярьсан. Тэр охины ар гэрийнхэнд Дэлхийн зөн байгууллагаас хашаа байшин барьж өгсөн. Гэр бүлийнхэн нь тэр охины олсон мөнгөөр л амьдардаг. Гэрээсээ хөөж, мөнгө олж ирэхийг шаарддаг. Хагас бүтэн сайн өдөр болгон тэр охиныг шорон руу оруулдаг гэж ярьж байгаа юм. Энэ охины нөхцөл байдлыг мэдэж байгаа мөртлөө яагаад хууль, шүүхийн байгууллагаар явахгүй байгаа юм бэ гэхээр “Яг дагнаад хөөцөлдөх хүн байхгүй”гэсэн хариу өгсөн. Хүчирхийлэлд өртсөн хүний өмнөөс хууль шүүхийн байгууллагаар дагнаад хариуцаад явах байгууллага Монголд хэрэгтэй юм байна гэдэг нь эндээс харагдсан.

Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд хууль, шүүх цагдаад хандах нь бага. Нэгдүгээрт яаж хандахаа мэдэхгүй. Хоёрдугаарт хандлаа гэхэд цагдаа миний үгэнд итгэхгүй гэж боддог. Нэг тийм тохиолдол байсан. Хүчирхийлсэн хүн нь “Чамайг цагдаад хандвал өөрөө хүсээд дагаад явсан гэж хэлнэ, цагдаа миний үгэнд итгэнэ, чамд итгэхгүй” гэсэн. Тэгээд бодож үзсэн. Цагдаа тэр хүний л үгэнд итгэж магадгүй, яагаад гэвэл би хөгжлийн бэрхшээлтэй учраас. Бас би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй болж төрчихөөд, дараа нь ийм асуудлаар дахиад ээж, аав хоёрыгоо зовоомооргүй байна. Хэнд ч хэлж чадахгүй нэг жилийг хүнд нөхцөлд өнгөрөөгөөд анх удаа та нарт хэлж байна” гэж нэг нь ярьсан. Хөгжлийн бэрхшээлтэй охидыг 8-12 настай байхад нь хүчирхийлсэн тохиолдлууд гарч байсан хэмээн тайлбарлав.

Судалгааны багийн гишүүн, “Демократи залуусын төв”-ийн Б.Энхжаргал: Хүчирхийлэл хүний амьдралд яаж нөлөөлдөг нь 40-50 настай эмэгтэйчүүдтэй ярилцахад мэдрэгдэж байсан. Өөртөө итгэлгүй, өөрийгөө үнэлэхгүй болох, эрэгтэй хүнд итгэхгүй болох, амьдралд итгэхгүй байх. Айхавтар хөгжлийн бэрхшээлгүй мөртлөө “Хэн намайг тоох вэ дээ”гэдэг. Тогтсон амьдралгүй хэрнээ үр хөндөлтийн тоо нь олон тохиолдлууд байсан.

Бие даан амьдрах эрх бас чухал байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалахад хоёр суурь ойлголт бий. Нэг нь боловсролд тэгш хамрагдах, нөгөө нь бие даан амьдрах эрх. Энэ хоёрыг бий болгохгүйгээр нөхөн үржихүй гээд ярихад хэцүү.Уналт таталттай, хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүмүүс, нөхөн үржихүйн эрх, бэлгийн эрх чөлөө, таашаал гэдэг зүйлийг хэдэн давхар хаалганы цаана хаячихсан байсан. Бие даан амьдрах эрх нь хэн нэгэнтэй дотно харьцаанд орох, гэр бүл зохиоход чухал.Харааны бэршээлтэй эмэгтэй ярьсан. “Нөхөр бид хоёр нэг өрөө байранд ээж, дүүтэйгээ хамт амьдардаг. Бид хоёр бие биедээ хайртай ч дотно харьцаанд тэр бүр ороод байж чадахгүй,нөхөр бид хоёрын харилцаа хөндийрөөд,салах тийшээ хандаж байгаа” гэсэн.

Хууль эрх зүйн зүйн орчноос гадна нийгмийн халамжийн тогтолцоо нь гол зогоох, анхдагч хэрэгцээгээ хангахад л зарцуулагдаж байгаа нь харагдаж байсан л даа. Уг нь бэлгийн эрх гэдэг хүний анхдагчсуурь хэрэгцээний нэг ч энэ эрх хангагдахгүй байхаар дараагийн хөгжлийн тухай ярих боломжгүй байгаа нь харагдсан хэмээн дүгнэлээ.

Б.Чулуундолгор: Эмч, эмнэлэгийн ажилтан бэлтгэдэг их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөр нь хөгжлийн бэрхшээлээс яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэгт төвлөрдөг. Нэгэнт хөгжлийн бэрхшээлтэй болсны дараахэрүүл мэндийн үйлчилгээнд төдийлөнанхаардаггүй. Тэргэнцэртэй хүн жирэмсэн болоод очиход ямар үйлчилгээ үзүүлэхээ ч мэддэггүй. Харааны бэрхшээлтэй хүн ороход “Наашаа суу” гэдэг.Анагаахын сургуулийн хөтөлбөрт энэ талаар оруулах хэрэгтэй. Эмч нарыг буруутгахаас илүү анхнаасаа суурь мэдлэг олгоход анхаармаар байна гэсэн юм. Тэдний судалгааны тухай сонсогчид дараа нь асуулт тавьж, саналаа хэлсэн. Хүний эрхийн Үндэсний Комиссын захиалгаар уг судалгааг хийсэн гэнэ.

ХЭҮК-ийн Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл хэлэхдээ: Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарТэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоотой хамтраад ахисан түвшний судалгаа хийж, үр дүнд хүрнэ гэж найдаж байна. Судалгаа хараахан эцэслэж гараагүй, тайлан дүгнэлтхийх шатандаа яваа.Энэ судалгаа есдүгээр сардаа багтаад ХҮЭК-д ирнэ гэсэн хүлээлттэй байна. Дараа нь бодлого, хөтөлбөрт нөлөөлөх дараагийн алхамууд хийгдэнэ. Хүний эрхийн үндэсний комисс жил бүр Хүний эрхийн нөхцөл байдлын талаар илтгэл гаргадаг.2019 оны нэгдүгээр улиралд УИХ-д өргөн барих18 дахь илтгэлийн нэг бүлэг нь“Охид эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн болон бэлгийн эрхийн асуудал” байна гэж төлөвлөөд, энэ чиглэлээр олон тооны судалгаа хийжбайна. Үүнээс гадна хөдөө, орон нутгийн ерөнхий боловсролын сургуульболон МСҮТ-ийн дотуур байрны асуудлаар, хөдөөгийн туслах малчин өрхүүдэд амьдардаг охид, хүүхдийн асуудал эмзэг байгаа. Энэ талын тодорхоймэдээлэл хараахан байхгүй байна. Дотуур байрны асуудлаар ХҮЭК орон нутгийнхаа ажилтнуудыг дайчлаад мэдээлэл цуглуулах ажил хийж байгаа ч яг одооэнэ хүмүүсийн гаргаж ирж байгаа шиг амьдралын бодит нарийн жишээ гарч ирэхгүй албан ёсны статистик мэдээнээс илүү гарч чадахгүй, амьдралынхаа гүнд орж чадахгүй байгаа. Хүний эрхийн төрийн бус байгууллагууд тодорхой сэдвээр бидэнтэй хамтарч илүү нарийвчилсан мэдээлэл гаргаж ирвэл цаашдаа санал зөвлөмж, шийдлүүд нь оновчтой гарах болов уу гэсэн юм.

Танилцуулгын дараа сэтгүүлчид Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Б.Чулуундолгорт хандаж энэ талаар тодрууллаа.


-Судалгаанд хэр олон хүнийг хамруулав, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд хэд байдаг вэ?

-300 гаруй хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйг судалгаанд хамруулсан. Архангай, Өвөрхангай, Хэнтий, Дархан-Уул болон Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн эмэгтэйчүүд хамрагдсан.Хүний эрхийн үндэсний комиссийн захиалгаар “Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрх” сэдэвт судалгаа хийлээ. 43000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй бий.

-Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудал нь юу вэ?

-Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ авахад үйлчилгээ нь хүртээмжгүй. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд өөрсдөө нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэггүй. Хууль, эрх зүйн зохицуулалт хангалтгүй байна. Гэр бүлийн гишүүдийн нөлөөлөл өндөр байна гэж ажиглагдсан. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал ярихаар бэлгийн эрхийн тухай ярих болдог.Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхэдхууль,эрх зүйн орчынг боловсронгуй болгох, эмч эмнэлэгийн ажилтнууд бэлтгэдэг их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрөөс авахуулаад өөрчлөлт хийххэрэгтэй байна. Эмч, эмнэлэгийн ажилтнууддаа хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголт өгөх учиртай.Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдээ эрхээ мэддэг болгох гэх мэт олон асуудал бий. Бэлгийн замаар дамжин халдварлах өвчин, ДОХ, сүрьеэ зэрэг өвчний талаарх мэдээллүүд хараа, сонсголын бэрхшээлтэй хүмүүст хүртээмжгүй байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал эрхэлсэн агентлаг байгуулагдсан. Энд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нь хэр оролцоотой байгаа вэ?

-Агентлаг байгуулагдаж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцоо байна гэж харж байгаа. Ерөнхий сайд хэлэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг өөрсдийг нь энэ байгууллагадтүлхүү ажиллуулаарай гэсэн чиглэл өгч байсан. Яг одоогоор надад мэдээлэл алга байна.

-Зөвхөн асуудлаа яриад байна, гарц шийдэл байгаа юу?

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх оролцоо хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр, конвенциудад нөхөн үржихүй бэлгийн эрхийг дэмжсэн заалтууд орсон юм билээ. Одоо Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухайхууль, Жендерийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр, Эрүүл мэндийн тухай хууль зэрэг хуулиудад энэ асуудлыг тодорхой тусгахгүй болхууль хангалттай хэрэгжихгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд асуудлаа мэддэг. Төрийн бус байгууллагууд нь гарцаа мэдээд байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд эмнэлэг нийтийн үйлчилгээний байгууллагуудаар дараалалгүй үйлчлүүлнэ гэдэг ч бодит байдал дээр эмнэлэгт дараалалд зогсч, шөнийнхоёр цагт очиж оочер авдаг гэж яригдаж байгаа юм. Эмнэлэгхуулиа хэрэгжүүлээд дотоод журам гаргаад үйлчлэхгэх мэт дунд доод шатандаа хэрэгжүүлэх боломжтой алхамууд их бий.

-Хөгжлийн бэрхшээлтэй ээжүүдэд үйлчилдэг нөхөн үржихүйн кабинетийн нээлт болсон. Ийм кабинет хэд байдаг вэ?

-Өндөр зэрэглэлийн хувийн эмнэлэгүүд “Интермед”, “Гурван гал” зэрэг эмнэлэгүүдэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлж байгаа. Яг хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд тэр бүр хувийн эмнэлэгээр үйлчлүүлээд байх боломжгүй. Даатгалаарүйлчилдэг өрх, багийн эмнэлэгээр л үйлчлүүлнэ шүү дээ. Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн эмнэлэгт л хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд хүртээмжтэй нэг кабинет бий. Манай төслийн хүрээнд Архангай аймгийн Засаг дарга 2018 оныхоо төсөвт тусгаад, хүртээмжтэй үзлэгийн ортой болохоор төлөвлөгдсөн байна лээ. Энэ тухай сонсоод баяртай байгаа.

-Энэ талын гадаадын сайн туршлага байна уу?

-Эрүүл мэндийн үйлчилгээгээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд саадгүй хүрэхээр төлөвлөсөн байдаг. Жишээлбэл үзлэгийн ор нь дээшээ доошоо“гүйдэг” олон үйлдэлтэй, эмнэлэгторж гарахад саадгүй налуу замтай, өндөр настан, харааны бэрхшээлтэй хүн очсон ч саадгүй үйлчлэхээр угтах үйлчилгээ байдаг. Дохионы хэлмэрч, орчуулагчийн үйлчилгээ ч байдаг.Гадаад хэл мэдэхгүй хүн ч ойлгоод явахаар хаягаа өндөр түвшинд хийсэн байдаг. Энэ чинь л хүртээмж. Хүртээмжийг сайжруулбал заавал хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж онцлохгүйгээр өндөр настан, хөдөөнөөс ирсэн хүн, гадаадын хүн ч бусдын тусламжгүйгээр үйлчилгээ аваад явдаг дэлхий нийтийн түгээмэл загвар бий болж байгаа. Энэ чиглэл рүү манай улс ч орох хэрэгтэй.

-Та өөрөө эмнэлэгт үзүүлэхдээ ийм асуудалтай тулгарч байсан уу?

-Жирэмсэн байхдаа эмчид үзүүлэхээр очиж байсан.Хамгийн энгийн жишээ эмч надтай харьцахгүй “Даралт нь ихсэж байна уу” гээд миний асран хамгаалагчаас асууж байсан. “Хөл чинь хавагнаж байна уу” гээд ээжээс маань асуух жишээтэй. Эмч намайг өөрийгөө төлөөлөх чадваргүй, хөгжлийн бэрхшээлтэй хүн, энэний тухай мэдээллийг асран хамгаалагч нь мэдэж байгаа гэсэн байдлаар хандаад байсан. Миний очсон эмнэлэгт тэргэнцэртэй эмэгтэйд эмнэлэгийн ор байхгүй учраасжирэмсний хугацаанд үзүүлэх ёстой хяналтандаа орж чадаагүй. Жишээлбэл жингээ үзүүлж чадаагүй байсаар амаржсан.

-Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд хүчирхийлэлд ихээр өртөж байгаа гэсэн дүгнэлт гарсан. Гэрийнхний хандлагыг зөв болгох ёстой гэсэн үү?

-Ганцаарчилсан ярилцлага хийх үеэр би 20 хүнтэй ярихад бүгд хүчирхийлэлд өртсөн байсан. Бэлгийн болон эдийн засгийн, сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн тухайгаа ярьсан. Эцэг, эхчүүд хайрлаж хамгаалж байгаа гэж боддогч энэ нь заримдаа хүүхдийнхээ эрхийг хязгаарлахад хүргэж байгаагаа ойлгодоггүй. Халтираад уначихна гэж санаа зовоод гадагшаа гаргах дургүй. Гэтэл охин нь аль хэдийнэ 20 хүрчихсэн. Ганцаараа байхыг хүсдэг болчихсон байхад л хөл муутай гэрээсээ гарахгүй шүү гээд гэртээ байлгаад байгаагаа өөрөө аюулгүй байлгаж байна гэж бодоод байдаг.Гэтэл охины эрх зөрчигдөөд байна гэдгээ ойлгохгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ар гэрийнхэнд сургалт мэдээлэл хүргэх хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм

Р.Төмөрхуяг: Би хүүгээ архи дарснаас хол байлгаж, хүмүүжүүлсэн

Зам, тээврийн хөгжлийн яамны байранд өнгөрсөн наймдугаар сарын 9-ний өдөр хүн амины хэрэг гарсан. Тус хэрэгтэй холбогдуулан талийгаачийн ар гэрийнхэн өнөөдөр анх удаа мэдээлэл хийлээ. Өнөөдөр талийгч Т.Гомбосүрэнгийн 49 хоногийн буяны өдөр тохиож байгаа аж.

Талийгаачийн аав Р.Төмөрхуяг “Миний хүү Т.Гомбосүрэнг сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр архичин, архи уудаг байсан гэж янз бүрээр бичих боллоо. Би өөрөө төрийн албанд 40 орчим жил ажилласан. Би нэг хүү, хоёр охинтой. Гомбосүрэн минь миний голомт түших ганц хүү байсан. Одоо голомт түших ганц хүүгийн минь дөрвөн үр өнчин үлдсэн. Надад маш хэцүү байна. Хамгийн баг нь одоо нэг ой гарантай. Амьд байх хугацаандаа энэ дөрвөн хүүхдийг хүн шиг хүн болгоод хүмүүжүүлчих юмсан. Би 20 жилийн дараа энэ хүүхдүүдэд одоо мэдээлэгдэж байгаачлан “Эцэг чинь ажил дээрээ архи ууж байгаад нас барсан гэж хэлэх үү”. Энэ хэргийн үнэн 20 жилийн дараа тодорхой болсон байгаасай гэсэн сэтгэлээр хэвлэлийн хурлыг хийж байна. Би хүүгээ архи дарснаас хол байлгаж, хүмүүжүүлсэн. Хэрэг гарах өдөр миний хүүг хамт архи уусан гэж мэдээлж байгаад их харамсч байна” гэлээ.

Талийгаачийн аав Р.Төмөрхуягийн төрсөн дүү Р.Ганхуяг нь Т.Гомбосүрэнгийн хэрэглэж байсан гар утсан дээрх бичлэгийг дэлгэсэн юм. Бичлэг дээр:

Т.Гомбосүрэн- Байна байна.

– Яасан бэ та?

Т.Гомбосүрэн- Чи хаана байгаа юм?

– Юу гэсэн үг юм бэ? Махбал даргын өрөөнд таныг хүлээгээд л байна.

Т.Гомбосүрэн- Хэний өрөөнд өө?

– Махбал даргын өрөөнд

Т.Гомбосүрэн- За яваад оръё” хэмээх яриа бичигджээ.

Талийгаачийн авга ах “2018 хоёрдугаар сараас хойш миний дүүгийн ажлыг авахаар улайран, санаархаж байжээ. Түүний оронд өөр хүнийг томилох санал ирүүлж байсан. Гэвч АТГ-аас тухайн хүнийг нь ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзэж, томилоогүй байгаа юм. Хэрэг гарсны дараа дүүгийнхээ өрөөнд ороход компьютер нь асаалттай, түлхүүр нь сандал дээр өлгөөтэй, Махбалын өрөөнд орсон байгаа юм. Миний дүүгийн амь насыг хохироосон хэргийг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг холбогдох газрын хүмүүсээс хүсч байна” гэсэн юм.

Талийгаач Т.Гомбосүрэнгийн өмгөөлөгч “Энэ хэрэг гарснаас хойш 14 цагийн дараагаас Цагдаагийн газраас албан тушаалын хэрэг биш гэдгийг тогтоосон гэж мэдээлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл хэрэг гарсан талаарх эцсийн мэдээлэл одоо ч гараагүй байна. Тэд хэрэг гарсан өдөр талийгаачийг хамтран архи уусан гэдгийг хэлсэн байгаа нь өөрөө хэн нэгний ашиг сонирхол байж магадгүй гэж өмгөөлөгчийн хувьд хардаж байна. Мөн гар утасны бичлэгт дурдсан талийгаачийг өрөөнөөс нь дуудаж, Б.Махбалын өрөөнд оруулсан, мөн талийгаач ажлаа хийгээд өрөөнд сууж байсан гэдгийг нь нотлох баримтууд юм. Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтныг томилох нь хууль бус үйлдэлтэй холбоотой байгаа учраас хуйвалдаантай зүйл болсон гэж үзэж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хонгор суманд 8,5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Дархан-Уул аймгийн Хонгор суманд 2018 оны есдүгээр сарын 19-20-нд 10-20 см нойтон цас, бороо орж хүчтэй шуурсны улмаас ургац цасанд дарагдаж ихээхэн хэмжээний хохирол учирчээ.

Улаан буудай 10196,6 га талбайн 11828 тонн ургац буюу 5,9 тэрбум төгрөг , малын тэжээл /арвай/ 2875,7 га талбайн 8339,5 тонн ургацын 840,0 сая төгрөг , тосны ургамал 4182 га талбайн 585,8 тонн ургацын 468,6 сая төгрөг, төмс 145 га талбайн 1874 тонн ургацын 750,0 сая төгрөг, хүнсний ногоо 36 га талбайн 258 тонн ургацын 129,0 төгрөг нийт 17435,36 га талбайн 22885,3 тонн ургацын 8,1-8,5 тэрбум төгрөгийн хохирол учирсан аж.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 51 аж ахуй нэгж, 58 иргэн улаан буудайн 11396.6 га талбайд, долоон аж ахуй нэгж малын тэжээлийн ургамал /арвай/ 3035.7 га талбайд, 10 аж ахуй нэгж, 15 иргэн тосны ургамал 4182 га талбайд, нэг аж ахуй нэгж, 39 иргэн 255 га талбайд төмс, нэг аж ахуй нэгж, 38 иргэн 156 га талбайд хүнсний ногоо, нийт 19025.3 га талбайд тус, тус тариалалт хийсэн байдаг.