Categories
мэдээ нийгэм

Эрдэс баялгийн салбар дахь жендерийн нөлөөллийн судалгааны урьдчилсан дүнг танилцууллаа

УУХҮЯ, СЕСМИМ төсөл, Нийгмийн бодлого хөгжлийн судалгааны хүрээлэн /НБХСХ/ хамтран өнөөдөр “Эрдэс баялгийн салбарын жендэрийн нөлөөллийн үнэлгээ”-ний урьдчилсан үр дүнг танилцуулах уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Уулзалтын үеэр судалгааны үр дүнг урьдчилсан байдлаар танилцуулж, судалгааны дүгнэлт, бодлогын зөвлөмж дээр оролцогчдоосоо санал авах юм. Уулзалт хэлэлцүүлэгт Ерөнхий сайдын Жендерийн асуудал эрхэлсэн зөвлөх Д.Сүхжаргалмаа Жендерийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, СЕСМИМ төслийн Монгол дахь захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Вит Семинюк, төрийн болон төрийн бус байгууллагын жендерийн мэргэжилтнүүд оролцож байна.

Монгол Улсын олборлох салбарын менежментийг сайжруулах Канадын Засгийн газрын СЕСМИМ төслийн дэмжлэгтэйгээр УУХҮЯ, НБХСХ хамтран “Эрдэс баялгийн салбарын жендэрийн нөлөөллийн үнэлгээ”-ний судалгааг хийжээ. Энэ нь Монголд анх удаа хийгдсэн томоохон хэмжээний, судалгаан суурилсан энэхүү цогц судалгаа бөгөөд “Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ыг боловсруулахад ач холбогдолтой юм.

Судалгаанд Улаанбаатар хотын Налайх, Багануур дүүрэг болон Өмнөговь, Дорнод, Дорноговь, Орхон, Ховд аймгуудыг хамруулжээ. Эрдэс баялгийн салбарын удирдлага, зохион байгуулалт, хүний нөөцийн болон аж ахуйн нэгж байгууллагын жендерийн асуудал, салбарын хүрээнд орон нутаг, өрх иргэдэд үзүүлж буй жедерийн нөлөөллийг үнэлэх, нотолгоонд суурилсан үр дүнтэй судалгаа болсон талаар мэргэжилтнүүд хэлж байв.

Categories
мэдээ спорт

Гурван бөхийн барилдах эрхийг хасчээ

Өчигдөр үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид хуралдаж, гурван бөхийн барилдах эрхийг нь хасчээ. Тодруулбал, Баяр наадмын тухай хуулийн дагуу улсын наадамд таваас дээш давсан улсын цолтой бөхчүүдээс допингийн шинжилгээ авах ёстой. Түүний дагуу допингийн шинжилгээ авч, гурван бөхөөс хориотой бодис илэрсэн байна.

Хориотой бодис Улсын гарьд Н.Ганбаатар, Улсын начин А.Цацавшир, шинэ улсын начин Ц.Бямба-Очир нараас илэрсэн байна. Тиймээс хориотой бодис илэрсэн бөхчүүдийн барилдах эрхийг хасах шийдвэрийг Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны айл өрхийн халаалтыг хугацаанаас өмнө хангах үүрэг өгөв

Шинээр томилогдсон Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав “Ховд дулааны станц” болон “Бадамлах дөл” дулааны станцын удирдлагыг ёсдүгээр сарын 26-нд хүлээн авч уулзлаа.Тэрээр хүйтний ам наашилж цаг агаар муудаж, хүйтэрч байгаа учир орон сууцны оршин суугчид, нялх балчир хүүхдүүд, ахмадуудын тав тух алдагдаж байгааг харгалзан хугацаанаас өмнө халаалт дулаанаар яаралтай хангах үүрэг чиглэл өглөө. Эхний ээлжинд орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн халаалтыг өгөхийг сануулав.

Ховд Дулааны станц хувьд өвлийн бэлтгэлээ тодорхой хэмжээгээр хангасан тул халаалтыг есдүгээр сарын 26-наас урьдчилан өгөх боломжтой гэсэн бол “Бадамлах Дөл” дулааны станц шугам шүлжээний засвар үйлчилгээ хийх, нүүрсний нөөц бүрдүүлэх, өр авлага барагдуулах зэрэг багаггүй ажлыг гүйцэтгэх шаардлагатай байгаа аж.

Ховд аймгийн дулааны станцууд жил бүрийн 10 дугаар сарын 1-нээс иргэд байгууллагыг халаалтаар хангаж эхэлдэг. Шугам сүлжээний эвдрэл гэмтлийг олох, засвар үйлчилгээ хийх зэрэг ажил ундарсаар байтал бараг 10 дугаар сарын дунд хүрдэг талаар албаныхан ярилаа.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрхийн товчоо орчмын замын тэмдэглэгээ зуны улиралд хайлахгүй, өвлийн улиралд агшихгүй

Улиастайн уулзвараас Баянзүрхийн гүүр, Баянзүрхийн товчоо орчмын нийт 3.5 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж, зорчих хэсгийг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр нээсэн билээ.

Үргэлжлүүлэн өнөөдрийн байдлаар ОХУ-ын “Бриз” группийн “Формула-К” ХХК-ний үйлдвэрлэсэн эрс тэс уур амьсгалтай бүс нутагт зориулан бэлтгэсэн бүтээгдэхүүнээр замын тэмдэглэгээний ажлыг Монгол Улсад анх удаа хийж байна.

Энэхүү тэмдэглээ нь зуны улиралд хайлж, хэвээ алдахгүй байх, өвлийн улиралд агшиж, хэврэг болохгүй байх чанарыг агуулсан тусгай модификатор найрлага орсноороо онцлогтой.

Тэмдэглэгээний ажлыг “Үйлсийн зам” ХХК нь Hoffman термопластикийн машинаар гүйцэтгэж байгаа юм. Харин технологийн явцыг Швейцарын ретрорефлектометр ба спектрофотометр багажуудаар хянаж байгаа аж.

Мөн тус замд ОХУ-ын “Красдорзнак” ХХК-ний үйлдвэрлэсэн дүрсийг өндөр чанартай гэрэл ойлгогч алмазан хальсан дээр буулгасан тэмдэг шинээр тавигдах гэнэ.

Эх сурвалж: НАЗХГ

Categories
мэдээ нийгэм

“Нийслэлийн орон сууцны корпораци”-ийн ТУЗ-ийн гишүүдийг томилов

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж Орон нутгийн өмчит хаалттай ХК-иудын хараат бус гишүүдийг томилох, хөрөнгө бүртгэж авах, гудамж, цэцэрлэгт хүрээлэн шинээр нэршүүлэх болон “Хангарьд” одонгоор шагнах гэсэн 5 асуудлыг хэлэлцэж тогтоол гаргав.

“Нийслэлийн орон сууцны корпораци”, “Олон улсын худалдааны ложистик төв” хаалттай ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүдийг томилох асуудал дээр НИТХ-ын дарга С.Амарсайхан, “Тухайн компаниудын ТУЗ-ийн 9 гишүүний 3 нь хараат бус гишүүд байх Компанийн тухай хуулийн заалтыг мөрдөхдөө мэргэжлийн, ашиг сонирхолын зөрчилгүй хүмүүсийг томилох, ингэхдээ хуулийн байгууллагын өмнөөс дүгнэлт хийж дураар авирлах ёс зүйгүй байдал гаргахгүй байхыг сануулж байв. “Хэрэв ийм байдал гаргаж байна гэдэг нь төрийн өмчит компаниудад танил талын, өөрийн төлөөллийн хүмүүсээ ар, өврийн хаалгаар оруулж байна гэсэн үг. Ийм байдал гаргахгүйгээр төрийн ажил дэг журам, хууль ёсны дагуу, албан ёсоор шударга явагдах учиртай” гэдгийг онцлож байв. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан, “НОСК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр нэр дэвшсэн Б.Хонгор, Ц.Амарсанаа, “Олон улсын худалдааны ложистик төв”-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнд нэр дэвшиж буй Ш.Алтанчимэг нарыг АТГ-аар шалгуулж ашиг сонирхолын зөрчилгүйг тодорхойлуулсан, эрхзүйч, санхүүч, даатгалын мэргэжлийн хүмүүс байгаа” гэж танилцуулснаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор нэр дурдсан хүмүүсийг хэлэлцэн батлав.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны захирамжаар Баянзүрх дүүргийн VIII, XVI хороонд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж буй “Баганат өргөө”, “Гангар инвест” ХХК-иудын барьж, ашиглалтад оруулж буй ус, дулаан дамжуулах төв, шугам сүлжээг нийслэлийн өмчид бүртгэх асуудал байв. Үндэсний батлан хамгаалахын их сургууль орчимд байгуулсан энэ төвийг нийслэл болон Хөгжлийн банкны 12.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьжээ. Уг инженерийн байгууламжийг “Орон сууц,нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын дансанд бүртгэж, ашиглалт, хамгаалалтыг нь хариуцуулах тогтоолын төслийг мөн нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан танилцуулсан юм.

Тэргүүлэгч Б.Батнасан тогтоолын төсөлтэй холбоотойгоор, “Ямар нэг байгууллагын дансанд хөрөнгө бүртгэхдээ ашиглалт, арчлалтын зардлыг нь хаанаас гаргахыг тооцож, тухайн байгууллагын удирдлагаас санал асууж байх нь зүйтэй” гэдгийг хэлж байв. Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан шинээр ашиглалтад оруулж буй хөрөнгийг эзэнгүйдүүлж болохгүйг анхааруулснаар Тэргүүлэгчдийн санал хураалтаар ус, дулаан дамжуулах төв, шугам сүлжээг өмчид бүртгэн авлаа.

Categories
мэдээ спорт

Н.Түвшинбаяр эхний ялалтаа авлаа

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азарбайжаны Баку хотод зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн +100 кг, эмэгтэйчүүдийн +78 кг жингийн барилдаанууд эхэллээ.

Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жингийн “D” хэсэгт олимпийн алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр эхний тойрогт Киргызстаны бөх Бекболот Токтогоновыг цэвэр ялж, хоёрдугаар тойрогт шалгарлаа. Тэрбээр дараагийн барилдаанаа БНХАУ-ын Ян Шатонгтой хийнэ.

Мөн энэ жинд барилдаж байгаа ОУХМ Ө.Дүүрэнбаяр Венесулийн Пинедаг ялж, гуравдугаар тойрогт үлдлээ. Манай бөх Кубын Гранда Эндутой барилдахаар оноолт таараад байна.

Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд нийт 41 бөх барилдаж байгаагаас энэ цагт хоёр, гуравдугаарт тойрогт барилдах бөхчүүд тодорч эхэллээ.

Categories
мэдээ нийгэм

Бэлэн байдлын үзлэг явагдаж байна

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг Завхан аймагт 09 дүгээр сарын 23-наас эхлэн зохион байгуулж байна. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг явуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, удирдлага зохион байгуулалтаар хангахаар Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, ГШУГ-ын Мэргэжлийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Дамдинсүрэн нараар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус аймагт ажиллаж байгаа юм.

Энэ сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжлэх бэлэн байдлын үзлэгт Завхан аймгийн 12 сум, Увс аймгийн 10 сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн хамрагдана.

Үзлэг шалгалтаар сумдын гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдал, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилт, хүч хэрэгслийн бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны чиглэл болон өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгөх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд хамгааллын үйлчилгээ сайжирчээ

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас Нийслэл, есөн дүүрэгт хэрэгжүүлсэн Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн үйл ажиллагаа, түүнд зарцуулагдсан төсөвт тайлан хэлэлцүүлгийг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны 09 цагаас 13 цагийн хооронд Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын танхимд нээлттэй хэлэлцлээ.

Хэлэлцүүлэгт НИТХ-ын дарга С.Амарсайхан болон НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал гишүүд Ц.Одонтунгалаг, М.Эрдэнэтуяа нар мөн НЗД-ын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, нийгмийн хөгжлийн хэлтсийн хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Чингүүнжав, ЗГХА-ГБХЗХГ-ын санхүү хэлтсийн ахлах эдийн засагч Мөнхболор нар оролцож Нийслэл дүүрэгт хэрэгжсэн 1-09 сар хүртэлх хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг сонсож санал дүгнэлтээ хэлэлцлээ.

Тайлангаас харахад 2018 оноос хүүхдийн хөгжил хамгааллын зардал олгогдож эхэлсэнтэй холбоотойгоор дүүрэг бүрт төсөв хуваарилагдаж, түүний хүрээнд хүүхдэд чиглэсэн ажил үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдсэн ба илүү хүүхдийн хөгжлийн ажлууд, мөн хүүхдийг аливаа эрсдэл, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлд төсөв илүү зарцуулагдсан байна. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ өмнөх оныхоос 20-30 хувиар нэмэгдсэн, иргэд олон нийт, эцэг эхийн оролцоо сайжирсан зэрэг үр дүнгүүд гарсан байна гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Ирэх онд Манай улсын эдийн засаг 6.1 хувиар өснө

Жил бүр Азийн хөгжлийн банкнаас гаргадаг эдийн засгийн шинэчилсэн тайланд Монгол Улсын эдийн засаг 2019 онд 6.1 хувиар өсөх төлөв гарчээ.

Энэ нь Азийн хөгжлийн банкны 2018 оны дөрөвдүгээр сарын тайланд 2019 онд 4.3 хувиар өснө хэмээн тооцоолж байсныг давсан үзүүлэлт болжээ.

Уг үзүүлэлт нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт тэлсэн , өрхийн зээлолголт нэмэдсэнээс хэрэглээ өссөнтэй холбоотой аж.

“Эдийн засгийн гүйцэтгэл 2018 онд хүлээлтийг давлаа” гэж АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен хэлээд “Өрхийн зээл олголт эрс нэмэгдснээс сүүлийн жилүүдэд иргэдийн бодит хэрэглээ таамгийг давсан. Уул уурхайн салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт чухал үүрэг гүйцэтгэсэн хэвээр байгаагийн зэрэгцээ нүүрсний гадаад эрэлт эдийн засгийн гол үзүүлэлтүүд сайжрахад хүчтэй нөлөөлж, төсвийн орлогыг нэмэгдүүлсэн. Эдийн засгийн зарим хүчин зүйлд мэдрэг хэвээр байх тул Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийг тууштай үргэлжүүлэх, ингэснээр эдийн засгийн шаардлагатай дархлааг бүрдүүлэн, тус улсад хэрэгжиж буй макро эдийн засгийн зөв зүйтэй бодлогууд цаашид ч үргэлжлэн хэрэгжих тухай ойлголтыг зах зээлд өгөх нь чухал хэмээн үзэж байна. Уул уурхайн салбарт тулгуурласан эдийн засгийн өсөлтийг тогтвортой бөгөөд хүртээмжтэй байлгах, эдийн засгийг төрөлжүүлж бүтээмжийг өндөрсгөх таатай нөхцлийг бүрдүүлэхэд тус бодлогууд нь нэн чухал үүрэг гүйцэтгэх болно” хэмээн онцлов.

Эдийн засгийн өсөлтийн гол сурвалж болсоор байгаа хөрөнгө оруулалт нь ДНБ-ний 12.6 хувийг бүрдүүлж байгаа бол өрхийн зээл эрс өссөнтэй холбоотойгоорхэрэглээ нь ДНБ-ний 3.9 хувийг бүрдүүлжээ. Уул уурхайн салбарын үйл ажиллагаа эрчимжиж импорт өссөн нь нийт импортын өсөлт нийт экспортын өсөлтөөс давж цэвэр экспортын ДНБ-д эзлэх хувийн жин 10.3 хувиар буурахад нөлөөлөв. Нийлүүлэлтийн хувьд, уул уурхайн салбарын сэргэлт, үйлдвэрлэлийн тэлэлт ДНБ-ний өсөлтийн хувь хэмжээг 2.1 нэгж хувиар нэмэгдүүлсэн бол үйлчилгээ 3.7 нэгж хувийн өсөлтийг бий болгов. Зарим газар гантай байснаас малын тоо толгой хорогдсон тул хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн өсөлтөд эзлэх хувийн жин 0.5 нэгж хувь болж буурсан байна.

Төсвийн зарлагаас үлэмж давсан орлогын нөлөөгөөр оны эхний хагаст нэгдсэн төсвийн тэнцэл ДНБ-ний 2.8 хувьтай тэнцжээ. Импорт 32.7 хувиар буюу экспортын 15.7 хувийн өсөлтөөс илүү эрчимтэй өсч урсгал дансны алдагдал оны эхний хагаст ДНБ-ний 10.7 хувьтай тэнцэх хэмжээнд хүрч нэмэгдсэн байна.Оны эхний наймдугаар сард төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1.5 хувиар суларсан ч худалдааны жингээр тооцсон болон инфляцын тохиргоо хийсэн дүнгийн аль алинаар нь худалдааны гол түншүүдийн мөнгөн тэмдэгтийн эсрэг чангарсан байна.

Инфляцийн түвшин 2018 оны эхний хагасын байдлаар 6.5 хувиар өсөөд байгааг зарим газар тохиосон ган, махны экспортын өсөлт мөн нөлөөлсөн хэмээн үзэж байна. 2016 оны ханшийн уналтын нөлөө суларч буйг, мөн түлшний үнийг тогтворжуулах зорилгоор Засгийн газар түлшний онцгой татварыг цуцалсны араас нэмэлт арга хэмжээ авч болзошгүй байгааг харгалзан 2018 оны инфляцийн таамгийг доошлуулан тодотгов.

Хүлээлтийг давсан эдийн засгийн өсөлтийн нөлөөгөөр импорт өсөх, уул уурхайн салбарын аж ахуйн нэгж байгууллагууд ихэнх ашгаа буцаан хөрөнгө оруулах ч нилээдгүйг гадагш шилжүүлэх зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр 2018 оны урсгал дансны алдагдал нэмэгдэх таамгийг дэвшүүлжээ.

Б.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Ерөнхийлөгч Х.Баттулга Хейдар Алиевийн төвийн хүндэт зочны дэвтэрт гарын үсгээ үлдээв

Бүгд Найрамдах Азербайжан улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Азербайжаны нийслэл Баку хотын Соёлын төвд зочиллоо.

Баку хотын төдийгүй Азербайжан улсын нэрийн хуудас болсон энэхүү соёлын төвийг Хейдар Алиевийн төв гэж нэрлэдэг бөгөөд Азербайжаны ард түмний удирдагч Хейдар Алиевийн үзэл баримтлалыг ул суурьтай судлах, улсынхаа түүх, хэл, соёл, үндэсний үнэт зүйлсийг бүх талаар хөгжүүлэн дэмжих зорилготой ажиллуулдаг байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулснаар тус улс энэ төвийг барихад маш их анхаарал хандуулсан бөгөөд Ирак-Англи иргэншилтэй алдарт архитектор асан Заха Хадид загварчилж, 57.5 мянган м.кв бүхий өвөрмөц, Азербайжаны түүх, соёлын төвийг 2012 онд ашиглалтад оруулж байжээ. Өдгөө энэ төвд төвийн үйл ажиллагаатай холбоотой хурал, симпозиум, үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээ тасралтгүй зохион байгуулагддаг байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хейдар Алиевийн нэрэмжит тус улсын Соёлын төвд зочилсныхоо дараа хүндэт зочны дэвтэрт “…Хоёр улсын хамтын ажиллагаа олон түвшинд хөгжин, цэцэглэх болтугай…” хэмээн бичиж үлдээв.