Categories
мэдээ улс-төр

Монгол Улс, БНХАУ-ын боомтуудын нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ

Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Боомтын алба хоорондын уулзалт 2018 оны наймдугаар сарын 31-нд Сангийн яамны уулзалтын танхимд боллоо. Уулзалтад Монгол Улсын Сангийн сайд, Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга Ч.Хүрэлбаатар, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт болон бусад албаны хүмүүс, БНХАУ-ын талаас ӨМӨЗО-ны Худалдааны танхимын дэд дарга, боомтын албаны дарга Си Чинь тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Уулзалтаар хоёр тал Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны газар нутгаар хиллэдэг боомтуудын нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор боомтуудыг ижил түвшинд хөгжүүлэх, хил гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд ашиглаж буй тоног төхөөрөмжийг шинэчилж адил түвшинд хүргэх, хоёр орны гаалийн байгууллагууд харилцан мэдээлэл солилцож хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн асуудлаар санал солилцсон юм. Тухайлбал Монгол Улс, БНХАУ-ын хил дээр шинээр байгуулах Цагаандэл уул-Өлзий боомтын бүтээн байгуулалт, “Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т нэмэлт оруулах тухай, Тавантолгой-Барууннаран чиглэлийн авто замын төгсгөлөөс Цагаандэл уул-Өлзий хилийн боомтын чиглэлийн тусгай зориулалтын авто замыг бүтээн байгуулах асуудлын талаар харилцан мэдээлэл солилцжээ.

IMG3

Уулзалтын төгсгөлд Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааны танхимын дэд дарга, боомтын албаны дарга Си Чинь нар Монгол Улс, БНХАУ-ын хил дээр шинээр байгуулах Цагаандэл уул-Өлзий боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтын асуудлыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурж, үзэглэлээ.

Categories
мэдээ нийгэм

З.Нарантуяа: Цэцэрлэгт хамрагдах хүрээг 84 хувьд хүргэх зорилт тавьсан

УИХ-ын гишүүн З.Нарантуяа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд хүүхэд хамгааллын чиглэлд хэрэгжиж буй хуулийн төслүүдийн хэрэгжилт, Засгийн газраас суулгаж өгсөн мөнгөн хөрөнгийн зарцуулалтыг хянаж, холбогдох асуудлаар мэдээлэл өгөхөөр бэлтгэсэн онцолсон юм.

Тэрээр “УИХ-аас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, хүүхэд хамгааллын хуулийг баталсан. Хуулийн төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлд 2018 оны төсөвт тодорхой мөнгөн төсвүүдийг суулгаж өгсөн. Мөн цэцэрлэгт хамрагдах хүрээг 84 хувьд хүргэх зорилт тавьсан байгаа. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын багцад хүүхэд хамгааллын чиглэлд суулгаж өгсөн.

Бид хуулийг нь баталж, мөнгийг нь хуваарилж өглөө. Гэтэл бодит байдал дээр хүүхэд хамгааллын байдал сайжирсан дүнтэй харагдахгүй байна. Би УИХ-ын гишүүний хувиар Ерөнхий сайдад хандаж, хүүхэд хамгааллын чиглэлээр асуулга тавьсан.

Асуулгын хариултаас харахад, хүүхдийн эсрэг захиргааны зөрчил 25 хувиар өсч, хүүхэд хүчирхийлсэн гэмт хэрэг огт буураагүй байна. Сүүлийн таван хугацаанд 16 хүүхэд хүчирхийллийн улмаас амь насаа алдсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгч хүүхэд хамгааллын чиглэлд үйл ажиллагаа явуулдаг албан байгууллагын төлөөллүүдтэй уулзсан.

Хуулийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлд эмэгтэй гишүүд анхаарч, 5 тэрбум төгрөг төсөвт суулгаж өгсөн. Гэтэл энэ мөнгийг асуудлын ач холбогдлыг нь харгалзалгүй, ихэнх мөнгийг нь сургалтад оруулсан байна. Манай улсад хүүхэд хамгааллын чиглэлд маш олон байгууллага байна. Үйл ажиллагаа нь яваад байгаа боловч, уялдаа холбоо муутай учраас хүүхэд хамгаалах чиглэлд бодит ажил хэрэг өгөхгүй байна. Тиймээс энэ сэдвээр УИХ дээр нээлттэй сонсгол хийх саналаа тавина” гэв.

Categories
мэдээ нийгэм

“Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслөөс дрон олгов

“Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага нь НҮБ-ын Гамшгийг бууруулах Олон Улсын стратегийн байгууллагаас санаачилсан “Гамшигт тэсвэртэй хотуудыг бий болгоё” уриан дор хот, суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, түүнийг даван туулах чадавхыг бэхжүүлэх хөтөлбөрийг түгээн дэлгэрүүлэх “Гамшгийн эрсдэлтийг олон нийтийн оролцоотой бууруулах” үндэсний хөтөлбөрт хувь нэмэр оруулах үүднээс “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийг хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа билээ.

Тэгвэл тус төслөөс нийслэлийн Хан-Уул болон Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсүүдэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тандан судлах мөн эрэн хайх аврах ажиллагааны зориулалтаар орчин үеийн дэвшилтэт технологи болох нисгэгчгүй нисдэг төхөөрөмж DJI Mavic pro загварын дроныг гардуулан өглөө.

Тоног төхөөрөмжийг гардуулах үйл ажиллагаанд Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хошууч Б.Мягмардорж, “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Хүмүүнлэгийн Онцгой байдлын Үндэсний зохицуулагч Б.Ванчиндорж, Гамшигт тэсвэртэй Улаанбаатар төслийн зохицуулагч С.Оюунтөгс, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Даваасүрэн, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа, Батбаяр нар оролцлоо гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Мягмарнаран: Фэйсбүүкийн төлөөлөгчид энэ сарын 4-7-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилна

Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдлага энэ оны гуравдугаар сард Испани улсын Барселон хотод болсон “Мобайл Ворлд конгресс” их хурлын үеэр Фэйсбүүк компанийн удирдлагуудтай уулзалт хийж урьсны үр дүнд тус компанийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчид есдүгээр сарын 4-7-ны өдрүүдэд манай улсад ажиллахаар ирэх гэж байна. Энэ талаар Харилцаа холбооны зохицуулах хорооны Хамтын ажиллагаа, харилцагчийн хэлтсийн дарга Б.Мягмарнарантай ярилцлаа.

-Фэйсбүүкийн төлөөлөгчид Монгол Улсад айлчлах гэж байгаа юм байна. Манай улсад ямар зорилгоор ирж байгаа юм бол?

-Фэйсбүүкийн төлөөлөгчид есдүгээр сарын 4-7-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлахаар болсон. Манай удирдлагууд Испанийн Барселона хотод болсон “Мобайл Ворлд конгресс” их хуралд оролцох үеэрээ сайд нарын хэмжээний хуралд оролцсон. Энэ үеэр Фэйсбүүкийн Ази номхон далайн бүс хариуцсан менежертэй уулзаж цахим орчинд тулгарч буй хуурамч аккаунт, мэдээлэл зэрэг асуудлын хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Тэдэнд бусад улсуудтай хамтран ажиллах хүсэлтэй байна гэж хүсэлт тавьсан. Үүний дагуу тэд зургадугаар сард ирэх байсан боловч хойшлоод одоо ирж байгаа юм.

-Фэйсбүүк компаниас хэдэн хүний бүрэлдэхүүнтэй, ямар баг ирж байгаа вэ?

-Дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг ирж байгаа. Үүнд, Хонгконг, Тайвань, Монгол Улс болон Олон нийтийн бодлого хариуцсан захирал Жеорж Чен, Ази Номхон далайн бүсийн Аюулгүй байдлын бодлого хариуцсан нэгжийн захирал Жефф Ву тэргүүтэй хүмүүс багтсан.

-Эдгээр хүмүүс зөвлөгөөн зохион байгуулна гэсэн?

-Юуны түрүүнд фэйсбүүкийн төлөөлөгчдийг төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатартай уулзуулна. Үүний дараа цахим орчинд хэрхэн мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар туршлага солилцож Харилцаа холбооны зохицуулах хороо болон Харилцаа холбоо мэдээлэл технологийн газартай хамтарч уулзалт хийхээр төлөвлөж байна. Түүнчлэн төрийн байгууллагуудад цахим орчинд хэрхэн мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар туршлага солилцож уулзалт хийнэ дээ. Бид эхний ээлжинд зөвхөн хамтын ажиллагааны хүрээнд туршлага солилцоно.

-Интернэт орчинд үүсдэг залилангийн гэмт хэргийн ихэнх хувь нь хуурамч аккаунтаар үйлдэгддэг. Энэ асуудал дээр танай байгууллагаас цагдаагийн байгууллагатай хамтран урьдчилан сэргийлэх арга хэмжээ төлөвлөж байгаа юу?

-Бид олон нийтэд цахим гэмт хэргээс хэрхэн сэргийлэх талаар зөвлөмж хүргүүлдэг. Түүнчлэн Хууль зүйн яамны харьяа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөмж гэж байгаа. Үүнд манай байгууллага гишүүнээр оролцдог. Энэ хүрээнд цахим орчинг хэрхэн хамгаалах, олон нийтийг цахим орчны зөв хэрэглээнд төлөвшүүлэх тал дээр хамтран ажиллаж байгаа. Түүнчлэн цахим гэмт хэргээс гадна, цахим орчинд үйлдэгддэг хүчингийн гэмт хэрэгт өртөж буй хүмүүст зориулж манай байгууллага цахим хуудас хөтөлдөг. Тэр цахим хуудсанд багш, сурган хүмүүжүүлэгчид яаж хүүхдээ хамгаалах уу, хүүхдүүдийг яаж зөв зохистой хүмүүжүүлэх талаар сардаа хоёр удаа мэргэжлийн судлаач сэтгэл зүйчээр нийтлэл бичүүлдэг.

-Монгол Улсад насанд хүрсэн хоёр сая орчим иргэн бий гэдэг. Харин фэйсбүүк хэрэглэгчийн тоо гурван сая гарсан гэх юм. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Манай улсын фэйсбүүкийн хэрэглээ их өндөр. Насанд хүрсэн хүн болгон Фэйсбүүкийн хэрэглэгч байна. Түүнчлэн хуурамч аккаунтын хэрэглээтэй холбоотой фэйсбүүк хэрэглэгчийн тоо их өндөр гараад байгаа юм. Хуурамч аккаунт нь хүний зураг, нэрийг ашиглан нэр хүндэд халдах, доромжлох арга хэрэгсэл болоод байна. Энэ нь зөвхөн манай улсад биш, дэлхийн бүх оронд тулгарчихсан асуудал.

-Хуурамч аккаунт ашиглан скамм гэх залилангийн гэмт хэрэг ихээр гарах болжээ. Үүнийг таслан зогсоох оролдлого хийж байна уу?

-Үүн дээр фэйсбүүкийн төлөөлөгчидтэй туршлага солилцох төлөвлөгөөтэй байгаа. Тэдэнд ямар техникийн боломж байдаг талаар судална. Үүний дараа тодорхой мэдээллийг өгөх байх. Фэйсбүүкийн төлөөлөгчидтэй бид туршлага солилцож манайхтай ижил төстэй орнууд ямар арга барилаар ажиллаж байгааг судлах хэрэгтэй байна. Бид Монгол Улсын иргэдийг цахим орчинд хэрхэн хамгаалах талаар ярилцах болно.

-Хуурамч аккаунттай хичнээн хэрэглэгч байна гэдэг дээр танай байгууллагаас судалгаа хийсэн үү?

-Бидний хувьд иймэрхүү судалгааг хийх боломжгүй. Фэйсбүүк компаниас асууж тодруулах болно. Манай байгууллагын зүгээс мэдээлэл харилцаа холбооны салбарын статистик мэдээллийг хийдэг. Үүнд, хэдэн ухаалаг утас, интернэт хэрэглэгчдийн тоо хэд байна гэх мэт мэдээллүүд бий. Одоогоор ухаалаг утас ашигладаг нэг сая 600 мянга орчим иргэн байгаа.

-Фэйсбүүкийн төлөөлөгчидтэй нууц үгийн нууцлалын талаар ярилцана гэсэн. Манай улсад фэйсбүүкийн нууц үгээ алдах тохиолдол цөөнгүй бий. Ер нь хүмүүс фэйсбүүкийн нууцлалаа хэрхэн хамгаалах нь зүйтэй вэ?

-Хувь хүний үүднээс фэйсбүүкийн нууцлалаа хамгаалах олон янзын боломжууд бий. Манайхан нууц үг үүсгэж буй арга технологиосоо эхлээд алдаад байна. Бид өөрийнхөө нэрээр, эсвэл хэтэрхий хялбар байдлаар нууцлалаа үүсгэдэг. Энэ нь хэн нэгэнд тааварлах боломжийг бий болгодог. Хамгийн түрүүнд өндөр нууцлалтай нууц үг ашиглаж, тогтмол сольж байх шаардлагатай. Олон нийтийн газар өөрийнхөө сошиал хуудсаа ашиглачихаад дараа нь аккаунтаасаа гардаг байх хэрэгтэй. Фэйсбүүкээс технологийн хувьд хоёр алхамтай нэвтрэх боломжийг гаргачихсан байгаа. Өөрөөр хэлбэл та нууц үгээ хийсэн ч гэсэн таны утсанд ахин баталгаажуулах код мессэжээр ирж байж тохиргоог идэвхжүүлэн нэвтрэх юм.

-Интернэт орчинд апп ашиглан фэйсбүүкийн нууц үг хулгайлах тохиолдол их гарах болсон шүү дээ?

-Ийм тохиолдол их болсон. Жишээ нь, фэйсбүүк орчинд янз бүрийн өдөөсөн сонжоо явуулдаг. Үүнд өөрийнхөө фэйсбүүк нууц үгээр нэвтэрч ороод мэдээлэл авна уу гэхэд хүмүүс хууртан дарж ордог. Үүнээс үүдэн мэдээллээ алдаж байгаа тохиолдол их бий. Дээр нь цахим хуудсуудаар орохдоо ижил Фэйсбүүк хуудас үүсгээд дамжин ордог. Үүнд хэрэглэгч итгээд дараад орчихдог. Тэгэхэд л өөрийн нууцлалаа алдаж байдаг. Иргэд интернэт орчинд өөрөө өөрсдийгөө хамгаалах шаардлагатай байна.

-Жижиг орнуудын удирдлага нь фэйсбүүк болчихсон гэж яригдаж байна. Үүнд гадны улсууд ямар хандлагатай байдаг юм бол?

-Бусад улсуудад ямар хандлага байгааг би хэлж мэдэхгүй байна. Ерөнхийдөө хүн ам цөөтэй цахим орчны хэрэглээ өндөр орнуудад мэдээлэл илүү хурдан тархдаг. Улмаар тухайн мэдээлэл үнэн, зөв үү гэдэг асуудал үүсдэг. Худал мэдээлэл тархахад хуурамч аккаунт, пэйж хамгийн гол хүчин зүйл болж байгаа. Дэлхийн томоохон хурлуудаар ч энэ асуудал ярианы гол сэдэв болоод байна. Дэлхий нийт хуурамч мэдээллийг таслан зогсоохоор хэлэлцүүлэг зохиож, технологийн олон боломжуудыг туршиж байна.


Categories
мэдээ нийгэм

“Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” сэдэвт дадлага сургуулийг зохион байгууллаа

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад Цөмийн энергийн комиссын ажлын алба болон Япон улсын атомын энергийн агентлаг зэрэг нийт 18 аж ахуйн нэгж байгуулагатай хамтран “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалт нь долоо хоног үргэлжилсэн бөгөөд танхимын сургалт болон дадлага гэсэн хоёр үндсэн чиглэлээр явагдсан юм.

Тухайлбал, Онцгой байдлын ерөнхий газрын мэргэжилтэн, Цөмийн энергийн комиссын ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэргэжилтэн болон Япон Улсын атомын энергийн агентлагийн цөмийн салбарын Хүний нөөцийн хөгжлийн төвийн багш нар цацрагийн тунгийн чадлыг хэвийн болон ослын нөхцөлд хэрхэн хэмжих, альфа, бета, гамма цацрагийн хэмжилтийн багажнуудын илрүүлэх хязгаар, хэвийн нөхцөлд ямар төрлийн багаж сонгох, ослын үед авах хариу арга хэмжээний шуурхай төлөвлөгөө, ажиллагааны зургийг боловсруулах зэрэг сэдвээр онолын болон дасгал ажлыг зохион байгуулав. Мөн сургалтад оролцогчид Монгол Улсад ашиглагдаж буй цацрагийн багаж, хамгаалах хувцас, тоног төхөөрөмжтэй танилцах, дадлагажих сургалтыг хийлээ.

Сургалтын төгсгөлд Монгол Улсын цацрагийн ослын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ авах, аюулгүй байдал хамгаалалтыг сайжруулах, гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх арга замууд, энэ жил зохион байгуулагдсан сургалтын онцлог, дараа дараагийн жилүүдэд зохион байгууллагдах сургалтуудад анхаарах зүйлсийн талаар оролцогчдын дунд нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.

Энэхүү сургалт нь цацрагийн ослын үед төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо, Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдлыг хангуулах чиглэлээр төрийн жинхэнэ, тусгай болон үйлчилгээний алба хаагч нарт мэдлэг, ур чадвар олгож, дадлага туршлагыг дээшлүүлсэн ач холбогдолтой сургалт боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Уурхайд ажиллаж байсан иргэд амиа алджээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хороонд нүүрсний цооногт ажиллаж байсан иргэд амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн баасан гаригийн 13:00 цагаас хойш нүүрсний уурхайд ажиллаж байсан хоёр хүн харагдахгүй байна гэсэн дуудлагыг есдүгээр сарын 1-ний өдрийн 20:25 цагт хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Уул уурхайн аврах ангийн Аврах тусгай салбарын долоон алба хаагч газар дээр нь очиж ажиллан, 11 метрийн гүн нүхэнд нүүрстөрөгчийн дутуу исэл /298 ppm/-д хордож нас барсан тус дүүргийн харьяат, 41 настай, эрэгтэй, иргэн Д, 23 настай, эрэгтэй, иргэн О, 20 настай, эрэгтэй, иргэн Ц, 17 настай, эрэгтэй, иргэн М нарын цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Автобусны үнэ нэмэгдэх чиглэлүүд

Хот хоорондын 71 чиглэлд 59 гэрээтэй аж ахуй нэгж үйлчилгээ эрхэлж байна. Эдгээрээс 60 чиглэлийн үнэнд 300-9500 төгрөгийн өөрчлөлт орж байна. Ихэнхи чиглэлийн төлбөр дундажаар 2000-2500 төгрөгөөр нэмэгдэхээр тооцоо судалгаа гарчээ.

Categories
мэдээ нийгэм

“Дон Боскогийн тэтгэлэгт хөтөлбөр”-т 27 хүүхэд хамрагджээ

Энэ жил Дархан-“Уул аймагт зарлагдсан “Дон Боскогийн тэтгэлэгт хөтөлбөр”-т 61 хүүхэд материалаа ирүүлснээс 27 нь хамрагдахаар болжээ. Үүнээс таван хүүхэд 800.000 төгрөг, 22 хүүхэд нь 500.000 мянган төгрөгийн тэтгэлэг авчээ.

2017-2020 оны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт төр иргэд, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг сайжруулж хамтран ажиллах талаар тусгасан байдаг аж. Энэ дагуу Италийн алдарт сурган хүмүүжүүлэгч Дон Боскогийн хүндэтгэлд зориулан “Дон Боскогийн тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болж санамж бичгийг өнгөрсөн онд байгуулжээ.

Тус тэтгэлэгт өнгөрсөн жил их дээд сургуульд суралцаж байгаа сурлага, урлаг, спортоор манлайлагч, зорилтот бүлгийн оюутнууд, Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн нийт 16 хүүхэд тэтгэлэг хөтөлбөрт хамрагдсан байна.

Түүнчлэн 2019 онд 20 сая төгрөг, 2020 онд 25 сая төгрөг, 2021 онд 25 сая төгрөгийн тэтгэлгийг Сэйнт Жон Боско төвөөр дамжуулан санхүүжүүлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Нисэхийн мэргэжилтнүүдийг эх орондоо бэлтгэнэ

ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль Монголд анх удаа нисэхийн чиглэлийн зарим нарийн мэргэжлээр энэ жилээс элсэлт авч боловсон хүчин бэлтгэх болжээ.

Тус сургууль Нисэх технологийн инженерийн тэнхимдээ Нисэхийн инженер болон Авианекийн анги нээж, энэ ангид 70 орчим оюутан суралцаж байна.

Иргэний нисэхийн ерөнхий газраас нисэхийн чиглэлийн нарийн мэргэжлийг гадаадад өндөр төлбөртэй сургуульд сурч буй оюутнуудад тэтгэлэг олгодог бөгөөд энэ жил Монголдоо амжилттай сурч буй залууст өнөөдөр тэтгэлэг олгожээ.

Тус сургуулийн оюутан Б.Булганбаяр, М.Учрал нарт ИНЕГ-аас сар бүр степент олгох болсон бол оюутан Намууны сургалтын төлбөрийг 100 хувь хариуцах тэтгэлэг олгосон байна.

Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудал ашиглалтад ороход “Чингис хаан” нисэх буудлын барилгыг нисэхийн сургууль байгуулах зэргээр нисэхийн чиглэлээр ашиглах саналууд гарч байгаа аж. Иймд ИНЕГ-аас нисэхийн мэргэжилтнүүдийг эх орондоо бэлтгэхийг зорьж байна хэмээн тус газрын хэвлэлийн төлөөлөгч Б.Алтантуул мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Фэйсбүүк компанийн төлөөлөгчид маргааш Монголд ирнэ

Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдлага 2018 оны гуравдугаар сард Испани улсын Барселон хотод болсон “Мобайл Ворлд конгресс” их хурлын үеэр Фэйсбүүк компанийн удирдлагуудтай уулзалт хийж урьсны үр дүнд тус компанийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчид есдүгээр сарын 4-7-ны өдрүүдэд манай улсад ажиллахаар ирэх гэж байна.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Жеорж Чен – Хонг Конг, Тайван, Монгол улс болон Олон нийтийн бодлого хариуцсан захирал, Жефф Ву –Ази Номхон далайн бүсийн Аюулгүй байдлын бодлого хариуцсан нэгжийн захирал, Майкл Ай Юүн – Ази Номхон далайн бүсийн Аюулгүй байдлын бодлого хариуцсан менежер, Рой Тан – Улс төр, Засгийн газрын олон нийттэй харилцах менежер зэрэг хүмүүс багтаж байна. Фэйсбүүк компанийн төлөөлөгчид манай улсад ажиллах хугацаандаа Монгол улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатартай уулзаж, Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай цахим орчин дах мэдээллийн аюулгүй байдал, бодлого зохицуулалтын талаар зөвлөлдөж хамтран ажиллах юм.

Мөн үүнээс гадна төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүдтэй уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.