Categories
мэдээ нийгэм

Их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриаллаа

‘’Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил’’-ийн хүрээнд мөн иргэдийн амьдрах орчинг эрүүл ,цэвэр байлгах үүднээс дүүргийн Засаг даргын Тамгын газраас хөл газрын ургамал шарилж, хогний их цэвэрлэгээг шат дараатай зохион байгуулж байгаа.

Тухайлбал энэ сарын 08-ны өдөр дүүргийн бүх харьяа хэлтэс албад болон дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрууд хамтран Туул гол орчмын цэвэрлэгээг зохион байгуулах гэж байна. Иймд Туул гол орчмын их цэвэрлэгээнд иргэдийг нэгдэн оролцохыг дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

Тужийн нарсанд 10 метр өндөр цамхаг босголоо

Тужийн нарсны тусгай хамгаалалтын ойд хүний гараар бүтсэн нарсан ойг харж байгаль экологитой танилцах зорилготой шинэ цамхаг ашиглалтад орж нээлтээ хийлээ.

Нээлтэд Сэлэнгэ аймгийн удирдлагууд, БОЯ-ны төлөөлөл, БНСУ-ын хөрөнгө оруулагчид, Сүхбаатар сумын ЕБС-ийн захирал, сурагчдын төлөөлөл оролцов.


Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар, Шаамар сумын нутаг дамнан оршдог экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах ач холбогдолтой байгалийн өвөрмөц тогтоц бүхий түүхэн дурсгалт газар бол Тужийн нарс. 1986-2002 онд Тужийн нарсанд 7 удаагийн их хэмжээний түймэр гарсан, иргэдийн эмх замбараагүй ашиглалтын нөлөөгөөр 70 орчим хувь нь устсан. 2001 оноос эхлэн Улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтыг Тужийн нарсыг нөхөн сэргээх үйл ажиллагаанд төвлөрүүлж ажилласнаар 10088,65 га ой нөхөн сэргээд байна. 2003 оноос БНСУ-ын “Юүхан Кимберли” компани, Зүүн Хойд Азийн Ойн форум хамтран нөхөн сэргээх ажлыг эхлүүлж 3250 га талбайг нөхөн сэргээсэн нь нийт талбайн 32,3 хувийг эзэлж байгаа юм. “Юүхан Кимберли” компани 10 м өндөр, 6 м урт, 5 м өргөн, нийт 144м2 талбайтай цамхаг байгууллаа. Энэхүү цамхаг нь хүүхэд багачуудад таримал ой, түүний арчилгааг таниулах, экологийн боловсрол олгох, цаашлаад жуулчдын очих дуртай газар болгоход ач холбогдолоо өгөх учиртай. Мөн тус компаниас Сэлэнгэ аймгийн харъяат Дархан-Уул аймгийн ХААИС-ийн байгаль экологийн чиглэлээр суралцаж байгаа хоёр оюутанд батламж, сургалтын тэтгэлгийг олгосноо гардуулан өглөө. Шинэ цамхаг Буур хээрийн тал Оргидог булагаар урагшаа салж гол гараад Баянбулагийн эх хэмээх газар баригдаад байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Оросууд Союз хөлөгт нь яагаад нүх гарсныг мөрдөн шалгаж байна

Өнгөрсөн долоо хоногт тойрог замд байгаа Олон Улсын Сансрын Станцад залгагдсан Оросын Союз хөлөгт жижиг цоорхой гарч, дотоод агаараа алдаж байсныг илрүүлсэн билээ

Тэгвэл Оросын сансар судлалын төв байгууллага Роскосмос уг нүхийг ямар шалтгаанаар бий болсныг мөрдөн шалгаж эхэлжээ. Эхэндээ солиртой мөргөлдсөнөөс нүх үүссэн гэж үзэж байв. Харин одоо Роскосмос үүнийг хөлгийн дотор талаас өрөмдсөн нүх гэж дүгнэж байна.

Нүхийг зориудаар гаргасан уу, эсвэл үйлдвэрлэлийн согог байсан уу гэдгийг шалгаж байгаа ажээ.

Роскосмосын тэргүүн Дмитрий Рогозин “Бид бүх боломжит хувилбарыг шалгаж байна. Солирын үүсгэсэн нүх гэдэг санаа няцаагдсан. Учир нь нүхийг дотор талаас гаргасан нь тодорхой байна. Гэхдээ яг юу болсныг хэлэхэд хэтэрхий эрт байна” хэмээн ТАСС агентлагт ярьсан байна.

Нэг хувилбар нь хөлгийг үйлдвэрлэх үед хэн нэгний гар хальтирснаас өрөмдсөн гэж үзэж байгаа. Учир нь нүхний ойролцоо өрөмний хошууны мөрнүүд байгаа гэнэ.

Харин Роскосмостой хамтран ажиллаж байгаа NASA энэ талаар ямар нэг мэдэгдэл хийхээс татгалзаж, мөрдөн шалгах ажлын үр дүнг хүлээж байгаагаа илэрхийлсэн байна.

NASA болон Роскосмос анх өнгөрсөн Лхагва гарагийн орой хөлгийн дотоод агаар алдагдаж байгааг мэдсэн гэнэ. Гэхдээ алдагдлын хэмжээ өчүүхэн байсан тул хөлгийн багийнхны амралтанд саад бололгүй өнгөрч, маргааш нь түгшүүр зарлажээ.

Улмаар агаар алдагдаж байгаа цэгийг хайснаар 2 мм хэмжээтэй жижиг нүхийг Союз хөлгийн хэсгээс олсон байна. Уг хөлөг зургаадугаар сарын 8-нд Олон Улсын Сансрын Станцад залгагдсан юм.

Уг хөлгөөр NASA-гийн нисэгч Серена Аунион Канселлор, Оросын нисэгч Сергей Прокопьев, Германы нисэгч Александер Герст нар дэлхийгээс ирж байжээ.

Нүх нь сансрын нисэгчдийг дэлхийд буулгах зориулалттай капсулын хананаас илэрсэн байна. Пүрэв гарагт уг нүхийг Прокопьев цавуудсан алчуураар нааж бөглөсөн юм.

Үүний дараа хөлөг дэх агаарын даралт эргэн тогтворжжээ. Станцад ажиллаж байгаа нийт зургаан сансрын нисэгчийн агаарын нөөц хангалттай байгаа, тэд хугацаандаа буцаж ирэх боломжтойг NASA баталсан байна.

Хэрвээ нүх үйлдвэрлэлийн үед бий болсон бол сансарт ажилласан хоёр сарын хугацаанд яагаад агаар алдагдаагүй вэ гэсэн асуулт гарч ирж байгаа юм. Зарим мэргэжилтнүүд үйлдвэрлэлийн үеийн согогийг түр юмаар бөглөөд байсан нь сүүлд гэмтсэн байж болох талтай гэж дүгнэжээ.

Categories
мэдээ нийгэм

Өвөр Монгол эмч нар үнэ, төлбөргүй үзлэг оношилгоо хийж байна

“Хятад орныг танин мэдэхүй-Өвөр Монголын соёл, аялал жуулчлалын өдрүүд”-ийн нээлт өнөөдөр Монголын Уран зургийн галерейд боллоо.

Өвөр Монголын соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд Уран зургийн галерейд уран зургийн үзэсгэлэн, Өвөр Монгол эмч нарын үнэ, төлбөргүй үзлэг оношилгоо өдрийн турш үргэлжилнэ.

Мөн Спортын төв ордонд сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн, Соёлын төв өргөөнд урлагийн тоглолт, Новател зочид буудалд/ Хүүхдийн урлан бүтээх төвийн зүүн талд/”Өвөр Монголын амт” хоолны өдөрлөг тус тус зохион байгуулагдах юм байна.

Сонирхуулахад, Улаанбаатар, Хөх хотууд 1991 онд анх ах дүүгийн харилцаа тогтоожээ.

Categories
мэдээ нийгэм

“Босоо хөх монгол” бүлгэмээс тусламж хүсчээ

Хэнтий аймгийн Биндэр сумын удирдлага Босоо Хөх Монгол ТББ-аас тусламж хүсчээ. Тус сумын Засаг дарга С.Эрхэмбаярын гарын үсэгтэй албан бичигт Гутайн даваанд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг хоёр компанийг “нам дарж” өгөөч гэсэн хүсэлтийг Босоо Хөх Монголынхонд тавьсан байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийнхээ фэйсбүүк хаягийг шалгаж, танихгүй хүнтэй найз байвал “UNFRIEND” хийхийг уриаллаа

Өнөөдөр Цагдаагийн байгууллагаас хүүхдэд холбогдсон гэмт хэрэг, урьдчилан сэргийлэх чиглэлээр цахим гэмт хэргийн эсрэг эхлүүлж байгаа “UNFRIEND хөдөлгөөн”-ий талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Монгол улс дэлхийд цахим гэмт хэргийн хохирогчдын тоогоор 104 дүгээр байранд жагсдаг байна.

ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан ярихдаа Манайд интернет хэрэглэгчийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Монголд хүүхдийн цахим орчин дахь аюулгүй байдал алдагдсан. 2017 онд 299 цахим гэмт хэрэг үйлдэгдсэн. Харин 2018 оны эхний хагас жилд 279 гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Цахим гэмт хэрэг хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг. Бид өнөөдөр интернетийн аюулгүй байдлыг хангаж чадаж байна уу? Жишээ нь 2016-2018 Эмо гээд нэртэй Фэйсбүүк хаяг нээгдсэн. Хүүхдүүдийг амиа хорлоход хүргэж байна. Эцэг эхчүүд хүүхдийнхээ цахим хэрэглээнд анхаарал хандуулах цаг болжээ. Та бидний хүүхдийг цахим орчинд огт танихгүй хүн удирдаж, хүмүүжүүлж, садар самуунд уруу татах эрсдэл их байна. Та хүүхдийнхээ гар утас, фэйсбүүк хаягийг шалгаж танихгүй хүнтэй найз болсон байвал “UNFRIEND” хийгээрэй хэмээн уриалж байна” гэв.

Тус хөдөлгөөнд нэгдэж байгаа дуучин Б.Анхбаяр буюу A cool “Монголын ирээдүй болсон үр хүүхдүүдийнхээ төлөө дуу хоолойгоо нэгтгэх цаг хэдий нь болсон. Бид Цагдаагийн байгууллагатай хамтран “Unfriend” хөдөлгөөнийг зохион байгуулахаар боллоо. Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх энэхүү хөдөлгөөнийг дэмжиж ажиллахыг хүсч байна. Хөдөлгөөний үйл ажиллагаа маргаашнаас эхэлнэ. Эцэг эхчүүд өөрийн хүүхдийн фэйсбүүкийг шалгаж, тухайн цахим хаягийн найзын жагсаалтыг нь шалгаж танихгүй хүмүүсийг нь найзаас нь хасаарай гэж уриалж байна” гэв.

Монгол улс дэлхийд цахим гэмт хэргийн хохирогчдын тоогоор 104 дүгээр байранд жагсдаг байна. “UNFRIEND” аян маргаашнаас эхлэн 20 хоногийн хугацаанд үргэлжлэх юм байна.

Б.НОМИН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатар-Дарханы замыг ирэх дөрөвдүгээр сард шинэчлэхээр боллоо

Засгийн газар хуралдаж байна. Уг хуралдаанаар Улаанбаатар Дарханы чиглэлийн замын асуудлыг хэлэлцжээ. Тус замыг ирэх оны дөрөвдүгээр сараас хоёр урсгал, дөрвөн эгнээтэй болгон шинэчлэх шийдвэр гаргасан байна. Замын ажлыг хурдан шуурхай гүйцэтгэх үүднээс таван хэсэгт хувааж таван гүйцэтгэгч оруулж ажиллуулахаар болсон аж. Тус замыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барих юм байна.

Categories
мэдээ нийгэм

Улсын тусгай хамгаалалтад 22 газрыг авав

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаас улсын хэмжээнд 22 газрыг улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргалаа. Ингэснээр сүйдэж, эко байдал нь алдагдах эрсдэлтэй газруудаа хамгаалах боломж бүрдэж буй аж.

Өргөтгөл:

  • Говийн их “Б” хэсгийн дархан цаазат газрын өргөтгөл,
  • Нөмрөгийн дархан цаазат газрын өргөтгөл,
  • Монгол дагуурын “Б хэсгийн дархан цаазат газрын өргөтгөл,
  • Отгонтэнгэрийн дархан цаазат газрын өргөтгөл,
  • Дарьгангын байгалийн цогцолборт газрын өргөтгөл,
  • Булган гол,
  • Их онгогын байгалийн цогцолборт газрын өргөтгөл,
  • Онгон таван булгийн байгалийн нөөц газрын өргөтгөл,
  • Байгалийн цогцолборт газрын ангиллаар
  • Тэсийн гол
  • Булнайн нуруу

Байгалийн нөөц газрын ангиллаар

  • Хөх нуур
  • Ташгайн таван нуур
  • Жаран тогооны тал
  • Мэнэнгийн цагаан хоолой
  • Халхын таван уул
  • Баяндун уул
  • Гүн гашууны хоолой
  • Сутай хайрхан уул
  • Зотол хаан уул
  • Дулаан хайрхан уул
  • Улз голын эх газар

Дурсгалт газрын ангиллаар

Дорноговь аймгийн Цагаан дэлийн агуйг Улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ.

Дээрх 22 газар нь есөн аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийг хамарч байгаа юм. Эдгээр газрыг Улсын тусгай хамгаалалтад авснаар талбайн хэмжээ 3.2 сая га-аар буюу нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь 2.1 хувиар нэмэгдэх аж.

Categories
мэдээ нийгэм

“Очир” төвийн үйл ажиллагаа зогсоогүй үргэлжилж байна

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Очир” зочид буудлын үйл ажиллагааг хаах үүргийг Ерөнхийлөгч холбогдох албаныханд өгсөн билээ.

Тухайлбал, өнгөрсөн оны наймдугаар сард 13 настай охиныг тус зочид буудал руу хууран мэхэлж дагуулж ороод улмаар архи амруу нь цутгаж, хүчирхийлж амийг нь хохироосон аймшигт хэрэг гарсан билээ.

Хэрэг гарсан даруйд үйл ажиллагаагаа түр хааж байсан тус төвийнхөн удалгүй “Очир” нэртэй том хаягаа авч хаячихаад хоёр давхрынхаа доод давхарт баар цэнгээний газар хийж үйл ажиллагаагаа үргэлжлүүлжээ.

Тиймээс хуулинд захирагддаггүй, аймшигт гэмт хэргийн үүр уурхай болсон энэ газрын хаалгыг бүр мөсөн барихыг үүрэгдсэн ч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй байна.

Дашрамд дуулгахад талийгаач охины гэр бүлд сайн санаат хүмүүс хандив цуглуулж, улмаар охины тоглож өссөн хашаанд нь шинэ байшин барьж өгч байгаа талаар өмнө мэдээлсэн билээ. Тэгвэл байшин барьж дуусаад өчигдөр аав ээж, эмээ өвөөд нь түлхүүрийг нь гардуулж өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Хотын дарга олон улсын чуулганд оролцлоо

“Азийн улсуудад сайн засаглалыг бэхжүүлэх нь” олон улсын чуулган төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Чуулганыг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Азийн нутгийн удирдлагын санаачилга ба сүлжээ (ЛОГИН) олон улсын байгууллага хамтран зохион байгуулж байна. Улс орнууд өөрийн оронд хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн сайн засаглалын туршлагаа харилцан хуваалцах боломж олгоход энэхүү чуулганы зорилго болоод ач холбогдол оршиж байгаа юм.

Чуулганы өнөөдрийн хуралдааныг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нээж, хэлсэн үгэндээ “Монголын нутгийн удирдлагын холбоо нь ЛОГИН олон улсын байгууллагын гишүүн болсноос хойш сургалтын олон арга хэлбэрийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Тэр дундаа оролцооны арга хэлбэр дээр суурилсан сургалтууд болох эмэгтэйчүүдийн манлайллын арга хэлбэрүүд, сайн засаглалын туршлага, иргэний оролцоо, ил тод байдлын олон туршлага, санал санаачлагыг та бүхнээс суралцан өөрсдийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа нь олзуурхууштай юм. Монголын нутгийн удирдлагын холбоо нь жилээс жилд суралцаж, өөрийгөө болон гишүүн байгууллагуудаа бэхжүүлэн ажиллаж байна” хэмээв.

Мөн тэрбээр Улаанбаатар хотоос орон нутгийн засаг захиргааны байгууллагыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэл, мэдээллийн технологид суурилсан төрийн үйлчилгээний системийн талаар “Нийслэлийн эрх зүйн байдлыг шинэчлэх хуулийн гол үзэл баримтлал нь хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлсэн өрсөлдөх чадвартай бие даан хөгжиж, өөрөө өөрийгөө тэтгэх боломжтой эдийн засгийн бодлогыг тодорхойлж, бүхий л нөөц бололцоогоо дайчлан төр захиргааны байгууллага, албан хаагчдын үйл ажиллагаанд дээрх зорилтыг хангахад чиглүүлж удирдах юм. Дээрх хуулийн төсөлд нийслэлийн удирдлагыг бэхжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийслэлийн хөгжилд оролцох оршин суугчдын оролцоог нэмэгдүүлэх, үүрэг хариуцлагыг тодорхой болгох, нутгийн захиргааны байгууллагууд оршин суугчиддаа тулгуурласан үйл ажиллагаа явуулах боломжийг нэмэгдүүлэхээр тусгасан” хэмээн онцлон хэлсэн юм.

Чуулганаар Азийн 11 улсын 22 байгууллага сайн засаглал болон шууд ардчиллын чухал бүрэлдэхүүн хэсэг болох иргэдийн оролцоо ба нийгмийн хариуцлага, сонгуульд тавих иргэдийн хяналт, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, орон нутгийн чадавхийг бэхжүүлэх нь зэрэг олон сэдвийн хүрээнд өөрсдийн туулсан замнал, алдаа оноо, туршлагаасаа хуваалцана. Мөн нутгийн удирдлагын болон бусад чиглэлээр нэвтрүүлж буй өөрсдийн сайн туршлагаасаа хуралд оролцогчдод танилцуулга хийх юм. Түүнчлэн нийслэлийн дүүргүүд, аймгийн төвүүдэд хэрэгжүүлж буй төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд хийгдсэн ажлын жишээ болох Төв аймгийн Зуунмод хот, нийслэлийн Дүнжингарав төвд тус тус ажиллаж байгаа “Нэг цэгийн үйлчилгээ”-ний үйл ажиллагааг хурлын төлөөлөгчдөд биечлэн танилцуулах аж. Монгол Улс гишүүнээр элсэн орсон энэхүү “Нутгийн удирдлагын санаачилга ба сүлжээ”-нд өдгөө Азийн 12 орны 125 байгууллага нэгдсэн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.