Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардчилсан намын бүлэг маргааш ээлжит бус хурал хийнэ

УИХ дахь АН-ын бүлэг маргааш ээлжит бусаар хуралдаж цаг үеийн асуудлыг хэлэлцэх юм байна. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нөхөн сонгуульд оролцох намуудыг хуулийн дагуу СЕХ бүртгэсэн. Түүнчлэн ЗТХЯ-ны Газрын дарга нар албан өрөөндөө архидан согтуурч, улмаар нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн баасан гаригт ажлын цаг дуусахтай зэрэгцэн АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар хэвлэлийн хурал зарлаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг салбарын сайдад ёсзүйн хариуцлага тооцохыг шаардаж байгаагаа мэдэгдсэн.

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан хэлэхдээ “Яамны газрын дарга нь нэгнийхээ аминд хүрсэн гэмт хэрэг үйлдчихээд байхад салбарын сайдаасаа эхлээд Ерөнхий сайд ард түмнээсээ уучлал гуйх ёстой байсан. Хэрэг гарснаас хойш 20 гаруй цаг өнгөрөхөд нэг ч үг дуугарсангүй.

Өнгөрсөн хугацаанд зам тээврийн ослоор олон хүн амиа алдлаа. Мөн хүүхэд тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэргүүд гарсан. Тэр бүх хэрэг нэг, нэгээрээ чимээгүй болж байна. Энэ бүхний хариуцлагыг холбогдох албан тушаалтнууд хүлээх ёстой. Хамгийн их хариуцлага, шударга ёс ярьсан хүн Ерөнхий сайд У.Хүрэлсүх. Одоо хэлсэндээ хүрэхийг нь харах болно” гэж мэдэгдсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Ослын улмаас найман том хүн, гурван хүүхэд бэртэж эмнэлэгт хүргэгджээ

Өнгөрсөн шөнө орсон хүчтэй усархаг аадар борооны улмаас үер бууж Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын 747-р км-ын 9-р зуутад Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг 04:50 минутын орчим замаас гарсан.

Ослын улмаас найман том хүн, гурван хүүхэд хөнгөн бэртэж эмнэлэгт хүргэгджээ. Нэг хүний хөл хугарсан бөгөөд бусад нь хөнгөн бэртэл аж. Тус вагонд нийт 329 зорчигч явсан байна. Түүнчлэн Айраг сум үерт өртөж 10 айл усанд автаж хоёр айл тооно хүртлээ усанд автсаныг нүүлгэн шилжүүлж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Ж.Бат-Эрдэнэ сайд осол болсон газар дээр ажиллаж, нөхцөл байдалтай танилцаж байна

Өнгөрсөн шөнө орсон хүчтэй усархаг аадар борооны улмаас үер бууж Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын 747-р км-ын 9-р зуутад Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг 04:50 минутын орчим замаас гарсан.

Үүний улмаас галт тэрэгний зүтгүүр унаж, 4 вагон замаас гарсан байна. Одоогоор галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн хаагаад байна. Байгалийн гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн нөхцөл байдлыг арилгахаар УБТЗ-ын холбогдох алба хэлтэс, төмөр замчид, ОБЕГ-ын шуурхай бүлэг ажиллаж байна. ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ осол болсон газар дээр ажиллаж, нөхцөл байдалтай танилцаж байна.

Categories
гадаад мэдээ

Венесуэлд 6.3-7.0 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ

Венесуэл ГАЗАР ХӨДЛӨЛТ зурган илэрцүүдГазар хөдлөлтийн улмаас 200 метр дутуу баригдсан Давидын барилгын сүүлийн таван давхар 25%-ийн хазайлт өгчээ. Энэ тухай тус улсын дотоод хэргийн сайд Нестор Ревероль мэдэгджээ.

“Одоо энэхүү барилга нь ямар ч хамаагүй нэг хөдөлгөөнөөс нурж магадгүй” гэж орон нутгийн иргэний хамгаалалтын тэргүүн Либертадор Хернан Матью хэлжээ.
Давидын цамхагыг 1990 оноос барьж эхэлсэн бөгөөд өндрөөрөө дэлхийд гуравт эрэмбэлэгддэг юм.

Г.БАЯРЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийг аврах эрчим хүчний технологийн шинэ шийдэл

Хүн төрөлхтөн жилд
26 тэрбум тонн нүүрсхүчлийн хий үйлдвэрлэдэг. Амьдрахын тулд эрчим хүч
хэрэгтэй, эрчим хүч үйлдвэрлэхийн тулд нүүрс хүчлийн хий ялгаруулахаас өөр арга
байхгүй. Ядууст тусалж, эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүртээхийн төлөө буяны
ажилд гар татдаггүй Билл Гейтсийн том мөрөөдөл нь нүүрс хүчлийн хэмжээг тэг
болгох. Өөрөөр хэлбэл эрчим хүчний цоо шинэ технологи, эх үүсвэр гаргаж ирэх нь
түүний зорилго. Тэр хэдэн жилийн өмнө “Шинээр гарч ирж байгаа сэргээгдэх болон
цөмийн эрчим хүчнээс бусад одоо ашиглагдах бүх арга нүүрсхүчлийн хий гаргана.
Тиймээс, дэлхийн түвшинд бидний хийж чадах зүйл бол шинэ систем бий болгох юм.
Бидэнд эрчим хүчний гайхамшиг хэрэгтэй” гэсэн үг унагаж байв. Түүний эзэмшдэг
“Терра повер”-ын зүгээс ураны багахан хэсэг буюу нэг хувийн U-235 изотопын
оронд 99 хувийг нь эзлэх U-238-ыг шатаая гэсэн санаа гаргаад буй. Дэлхийн
тэрбумтан энэ солиотой санаагаа боломжтой болохыг супер компьютерийн
тусламжтайгаар нотолчихсон. Хэрвээ түүний санаа ажил болвол хүн төрөлхтөн ураны
хаягдал гэсэн толгойны өвчнөөсөө тун ашигтайгаар сална. Нүүрсхүчлийн хийгээ
арилгасан шигээ эрчим хүчээ шийдэж ураны хаягдлаасаа салчихна гэсэн үг. Билл
Гейтс “Шатдаг хэсгийг нь шатаачихсан 99 хувийн хаягдлыг ядуурсан уран гэдэг.
Энэ зүйл АНУ-ын эрчим хүчийг хэдэн зуун жил хангах болно. Хямд процессоор
далайн усыг шүүх төдийхнөөр дэлхийг үлдсэн бүх хугацаанд нь хангаж чадах
түлштэй болж чадна” гэж итгэлтэй дуугарсан удаатай. Тэр мөнгөө заран “тэг рүү”
хүрэхээр тэмүүлж яваа шалтгаанаа “Хэрвээ бид энэ хүслийг сонгохгүй бол алсын
болон ойрын эрмэлзлэлт хүмүүсийн ялгарал, АНУ ба Хятадын, ядуу болон хөгжилтэй
орнуудын хоорондын хуваагдал аймшигтай болно” хэмээн тайлбарласан юм. Билл
Гейтсийн мөрөөдлийг цааш нь ухвал төсөөллөөс хэтийдсэн том ажил, төлөвлөгөө
гарч ирэх байх. Юутай ч түүний нүүрсхүчлийн хийг тэг болгох тэмүүлэл ажил болно
гэдгийг дэлхийн учир мэдэх улс толгой дохин хүлээж авч байгаа. Гуч, дөчин
жилийн дараа ажил болно гэсэн таамаг хугацаа ч дуулддаг. Энэ удаа Билл Гейтсийн
тэмүүлээд буй цөмийн эрчим хүчний дараагийн гайхамшгийг биш нүүрсхүчлийн хий
ялгаруулдаггүй сэргээгдэх эрчим хүчний онцлох технологиудаас багцлан хүргэхээр
бэлдлээ.

САНСАРТ БАЙГУУЛАХ
НАРНЫ СТАНЦ

Дэлхийд нэг цаг
гучхан минутанд ирж буй нарны энерги хүн төрөлхтний бүтэн жилийн энергийн
хэрэглээг хангана гэсэн сонирхолтой статистик байдаг. XII зуунд нарнаас ирсэн
цацрагийг төвлөрүүлэн үүссэн эрчим хүчээр нь явдаг машин зохион бүтээсэн, 1913
онд Америкийн зохион бүтээгч Франк Шуман ус татах насос ажиллуулах зориулалттай
анхны нарны дулааны цахилгаан үүсгүүрийг Египетэд барьсан, АНУ-ын 35 дахь
ерөнхийлөгч Жимми Картер цагаан ордын дээвэр дээр ус халаагч нарны коллектор
суурилуулах шийдвэр гаргаж нарнаас эрчим хүч гаргаж авах технологийг дэмжиж
байгаагаа илэрхийлсэн гэж ирээд яривал төдийгөөс өдий хүртэл хүн төрөлхтөн
нарнаас эрчим хүч гаргаж авах оролдлогыг хийсээр иржээ.

Нарнаас ялгарч буй
дулааныг ашиглан эрчим хүч гаргаж авах технологи сайжирсаар байна.Хүн
төрөлхтний хэрэглэж буй нарны зайн хавтанг өнгөрсөн зууны наяад оноос хөгжүүлж
хэрэглээнд нэвтрүүлсэн түүхтэй. Нарны хамгийн том эрчим хүчний үйлдвэрүүд
АНУ-Морокко, Испани гэх мэт улсуудад ажилладаг. Нарны дулааныг ашиглаж эрчим
хүч гаргасан олон янзын арга, технологи бий. Сонирхуулж хэлэхэд нэлээд хэдэн
жилийн өмнө Непалийн 18 настай залуу хүний үсийг ашиглаж нарны цахилгаан
үүсгүүрийн хавтан зохион бүтээж байж. Тэр бүтээсэн хавтанаа 23 фунтээр үнэлсэн
нь тухайн үед зах зээл дэх нарны хавтангийн үнээс дөрөв дахин хямд байсан
гэдэг. Непалийн залуу хүү “Дэйли мэйл”-д ярилцлага өгөхдөө “Үс бол нарны эрчим
хүч хураах хавтангийн дамжуулагч болж чадна. Сэргээгдэх эрчим хүчний салбарт
шинэ хувьсал авчрах зүйл гэдэгт эргэлзэх хэрэггүй. Үс нарны хавтангийн
силиконыг орлож чадна. Ингэснээр нарны хавтангийн үнэ хямдрах боломжтой. Эхлээд
гэрээ, дараа нь тосгоноо гэрэлтэй болгоно. Тэгээд дэлхийн тухай бодно доо”
хэмээн ярьж байжээ. Хүн төрөлхтөн энэ мэтээр нарны гэрлийг ашиглаж эрчим хүч
гаргаж авах технологийг илүү хямд болгохоор шаргуу ажиллаж байна. За тэгээд
нарны эрчим хүч цуглуулдаг шил, хуйлагдаж хураагддаг нарны хальсан хураагууртай
зөөврийн утас цэнэглэгч гэх мэт жижиг хэрнээ содон сонин шийдлүүд өчнөөн
дуулддаг. Нарны энергийн хавтанг чиглүүлэгч роботууд ч анхаарал татаж буй. Бага
оврын роботуудаар нарны энерги хүлээн авагч хавтангуудыг нарны тусгалын дагуу
чиглүүлэх боломжтой тухай яриад эхэлчихсэн. Өнөөдрийн тухайд хавтан бүрийг
мотороор чиглүүлдэг юм. Хэрвээ роботуудыг амжилттай туршвал нарны энергийг
ашиглан эрчим хүч гаргаж авах ажил илүү хялбар, зардал багатай болох юм.

Нарны эрчим хүч
ашиглалт технологио дагаж өөрчлөгдсөөр байгаа. Америкт гэхэд л орон сууцны
дээвэр дээрх нарны фото цахилгаан үүсгүүрийн технологийг өргөн ашигладаг. Харин
бизнесийнхэн зардлаа бууруулахын тулд нарны зай хураагуураас эрчим хүч
үйлдвэрлэж байна. Эрчим хүч үйлдвэрлэгчид төвлөрсөн эрчим хүчинд холбогдсон
хэрэглэгчдийг эрчим хүчээр хангахын тулд нарны эрчим хүчний том станцуудыг
байгуулж буй. Нарны энергийн ашиглах технологийн хувьд нарны фото цахилгаан
үүсгүүр, төвлөрүүлэгчтэй нарны дулааны үүсгүүр гэсэн хоёр янз байдаг. Манай
улсын тухайд нарны фото цахилгаан үүсгүүрийн технологийг малчид өргөн
хэрэглэдэг. Бүр энгийнээр тайлбарлавал нарны хавтан гээд ойлгочихож болно. Хоёр
дахь технологийг нарны эрчим хүчний станцууд ашигладаг. Нарны цацрагийг ойлгогч
толинуудын тусламжтайгаар хүлээн авагч нэг цэгт төвлөрүүлэн өндөр температур
гарган авснаар эрчим хүч үйлдвэрлэдэг юм. Манай улс нарны цацрагийн нөөцөөрөө
дэлхийн улсуудын дунд хэсэгт жагсдаг ч цэлмэг өдөр олонтой учраас нарны фото
цахилгаан үүсгүүр, нарны дулааны цахилгаан үүсгүүрийн чиглэлээр ажиллах
боломжтой.

Ирээдүйд ашиглана
гэж яригдаж буй бас нэг сонирхолтой шийдэл бий. Тэр нь сансарт суурилагдсан
нарны цахилгаан станц. Энгийнээр хэлбэр сансарт байрлуулсан нарны эрчим хүч
цуглуулагчаас энергийг богино долгион болгон дэлхий рүү дамжуулах арга. Дэлхий
дээр нарны эрчим хүч цуглуулснаар хавьгүй өгөөжтэй арга хэмээн яригдаж байна.
Дэлхийд нарны эрчим хүч ирэхдээ агаар мандлын олон давхаргад өөрчлөгдөн
сулардаг учраас ашиг өгөөж нь их гээд байгаа аж. Сансарт суурилагдсан нарны
станцын туршилт 2025 онд хийгдэж, судалгаа 2027 оноос эрчимжиж 2028 оноос
хэрэглээнд гарах боломжтой гэсэн мэдээлэл дэлхийн хэвлэлээр хөвөрч байна.

ДАВАЛГАА, ТҮРЛЭГИЙГ Ч
АШИГЛАЖ БУЙ УСНЫ ЭРЧИМ ХҮЧ

Дэлхийн улс орнууд
усны урсгалыг ашиглаж эрчим хүч үйлдвэрлэсээр байна. Усны энергийг эрчим хүчний
зориулалтаар XIX зууны сүүлээс ашиглаж эхэлжээ. Дэлхийн бүх голын усны эрчим
хүчний потенциал 190000ТВтц/жилээр хэмжигддэг аж. Хүн төрөлхтөн энэ чадлын
есхөн хувийг ашигладаг гэсэн статистик байна. Усан цахилгаан станцыг үйлдвэрлэх
эрчим хүчний хэмжээ, барилга байгууламжийнх нь овор хэмжээнээс хамаарч том
оврын, бага оврын, микро, усан цэнэгт, далайн гэж тав ангилдаг юм байна. Манай
улсад бага, дунд оврын усан цахилгаан станцууд ажилладаг. Дөргөн, Тайширын
станцууд дунд оврын станцдаа багтана. Хамгийн их буюу 10200-22500 MW эрчим хүч
үйлдвэрлэх хүчин чадал бүхий усан цахилгаан станцууд БНХАУ, Бразил, Португал,
Венесуэлд ажиллаж байна. Дэлхийн усан цахилгаан станцыг Хятадын Гурван хавцлын
усан цахилгаан станц тэргүүлдэг. Уг станц 22500 МВт хүчин чадалтай. Үүний дараа
жагсч буй станцуудын хүчин чадал 14000 МВт, 10235 МВт, 8370 МВт-аар яригдаж
буй. Тодруулж хэлбэл Гурван хавцлын усан цахилгаан станц бусдаасаа хол тасархай
хүчин чадалтай гэсэн үг.

Далайн усан
цахилгаан станцын хувьд далайн давалгаа түрлэг, дулаан, давсны нөөцөөс эрчим
хүч гаргаж авах шинэ технологиуд нээгдсээр байгаа аж. Хөвөгч хэлбэрийн усан
цахилгаан станц ч гэж бий. Ийм станц боомт барих, цементэн суурь цутгах гэх мэт
нэмэлт зардалгүйгээр ажиллуулах боломжтойгоороо давуу талтай гэнэ. Далайн
гүнээс аргамжаатай эрчим хүч үүсгүүрүүдээр дамжуулан далайн түрлэгийн
хөдөлгөөнийг ашиглаж эрчим хүч гаргаж авах технологийг байгаль орчинд хор
хөнөөл багатай гэж онцолж байгаа юм. Түрлэгийн энергийн хамгийн том станц бол
Францын хойд нутагт орших “La Rance”. Их Британид найман газарт ийм
станц ажилладаг. Сайн судалж, нарийн төлөвлөж чадвао оргил ачаалалд ажиллах
боломжтой гэж мэргэжилтнүүд онцолдог. Давалгааны энергийн ашиглах технологи ч
сонирхолтой, хэрэгтэй шийдэл болж чаджээ. Энгийнээр зүйрлэвэл далайн гадаргуу
дээр үүсч байгаа давалгааг ашиглан эрчим хүч гаргаж авахыг хэлээд байгаа юм.
АНУ, Англи, Швед, Испани, Португал, Израиль, Грек зэрэг орнуудад энэ
технологийг ашиглаж байна. Далайн үргэлжилсэн давалгааг цахилгаан эрчим хүчрүү
хувиргах арга дээр тулгуурласан уг технологи нэлээд ирээдүйтэйд тооцогдож буй.
Учир нь нар, салхины технологиудын дэргэд илүү бага талбай эзлэх боловч ижил
хэмжээний эрчим хүч үйлдвэрлэх боломжтой технологи юм.

ТЭЭРМЭЭС АВАРГА ТУРБИН
ХҮРТЭЛХ 4000 ЖИЛ

Анхны салхины
тээрмийг 4000 жилийн өмнө ашигласан гэхээр хүн төрөлхтөн их эртнээс салхины
энергийг ашиглаж эхэлжээ. Англи манай эриний өмнөх 900-гаад оны дундас салхины
энергийг ашиглаж байж. Францад XI зуунаас ашигласан баримт бий. Хүн төрөлхтөн
түүхийнхээ эхэнд салхины энергийг гүний ус татах насос, салхин тээрэм зэрэгт
ашиглаж байжээ. Харин дараахнаас нь далбаат усан онгоцонд ашигласан түүхтэй.
Өнгөрсөн зууны далаад оны газрын тосны үнийн хямралаас хойш өөр төрлийн эрчим
хүчний эх үүсвэр хайх ажил эрчимжсэн юм. Орчин цагийн салхин турбинууд энэ
эрлийн дүнд гарч иржээ. Зөв газар байрлуулж ашиглаж буй салхин турбинууд өдгөө
уламжлалт дулааны цахилгаан станцуудтай өрсөлдөхүйц хэмжээнд очоод байна.

Салхины эрчим хүч
ашиглалтыг хуурай газрын болон далайн парк гэж хоёр ангилдаг аж. Гэхдээ далайн
салхин турбин бүх салхин эрчим хүчний төхөөрөмжийн 1.9-хөн хувийг эзэлдэг.
Ирээдүйд ч ийм харьцаатай байна гэсэн таамаглал дуулддаг. 2035 он хүртэл
баригдах салхин турбины 80 хувь нь хуурай газарт баригдана гэсэн төлөвлөгөө
бий. БНХАУ, Энэтхэг, АНУ, Румын, Англи зэрэг улсад 539-6000 MW хүртэл хүчин
чадалтай салхины эрчим хүчний үйлдвэрүүд ажиллаж байна.

Салхин турбины
цамхаг өндөр байх тусам илүү их эрчим хүч үйлдвэрлэх боломжтой аж. Ийм
шалтгаанаар салхин турбинууд илүү өндөр, илүү том хэмжээтэй болж байна. Гэхдээ
гангаар хийвэл илүү өртөгтэй гэсэн тооцоо бий. Зуун метрийн өндөртэй дэлхийн
хамгийн анхны модон салхин турбин цамхагийг Герман “Хановерд” компани барьж
байгуулсан юм. Энэ цамхаг 1000 орчим айл өрхийн цахилгааныг хангаж чадахаар
хүчин чадалтай.

Манай улсын хувьд
“Салхит” салхин станц Төв аймгийн Сэргэлэн суманд ажиллаж төвийн бүсийн эрчим
хүчний хэрэглэгчдэд цахилгаан нийлүүлж байна. Хоёр дахь салхин цахилгаан станц
нь Өмнөговийн “Цэций” юм.

Categories
мэдээ цаг-үе

Н.Оюундарь: Хууль хяналтын байгууллага 60 тэрбумын асуудлыг нэг тийшээ цэгцлэн эцэслээсэй

УИХ-ын гишүүн, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарьтай ярилцлаа.

-УИХ-н ээлжид бус чуулган зарлан хуралдуудах шаардлагатай гэж нэр бүхий гишүүд болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-н даргад шаардлага ирүүлээд байгаа энэ талаар та ямар байр суурьтай байна бэ?

-Монгол Улсын Их Хурлын тухай хуульд “Ээлжит бус чуулганыг нийт гишүүний гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргын санаачилгаар хуралдуулна”, “Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын гишүүд нь ээлжит бус чуулган хуралдуулах санал, хэлэлцэх асуудлыг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ”, “Улсын Их Хурлын дарга ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудал, хуралдах өдөр, цаг, үргэлжлэх хугацааг товлон захирамж гаргана” гэж тус тус заасан байдаг. Мөн ээлжит бус чуулганаар зөвхөн Их хурлын захирамжид заасан асуудлыг хэлэлцдэг. Их Хурлын дарга ээлжит бус чуулган зарлах шаардлагад заасан асуудлын хууль зүйн үндэслэлийг нь судлан үзэж шийдвэрлэх асуудал юм.

-Авлигатай тэмцэх газрын даргыг чөлөөлөх асуудлын талаар та ямар байр суурьтай байна бэ?

-Авлигын эсрэг хуулиар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлөх, түдгэлзүүлэх, огцруулах үндэслэлийг тодорхой хуульчилж өгсөн байдаг. Энэ дагуу л шийдэгдэх асуудал. Хуульд гурван үндэслэлээр Авлигатай тэмцэх газрын даргыг хугацаанаас нь өмнө огцруулахаар хуульчилсан байдаг. Тодруулбал, өвчтэй, гэмт хэрэг холбогдсон, өөрийн хүсэлтээр гэсэн үндэслэлээр л Авлигатай тэмцэх газрын даргыг хугацаанаас нь өмнө солино гэсэн үг. Нэр бүхий гишүүд Авлигатай тэмцэх газрын даргыг огцруулахын тулд ээлжит бус чуулган хуралдуулъя гэж санал гаргасан байна лээ.

Миний хувьд ийм асуудлаар ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагагүй гэж үзэж байна. Угтаа бол шүүхийн байгууллага, гүйцэтгэх засаглал, хууль тогтоох байгууллага нь гурван өөр институт учраас бие биедээ хяналт тавиад явах ёстой. Хэрэв гүйцэтгэх засаглал хяналт тавиулахгүй гэж байгаа бол шүүхийн байгууллагын хэрэг байхгүй. Хэрвээ хууль тогтоох байгууллагын гаргасан хуулийг хэрэгжүүлэхгүй бол гүйцэтгэх засаглал, хууль тогтоох байгууллага байсны хэрэггүй. Тэгэхээр энэ асуудлаар хамаагүй оролдож болохгүй юм. Тиймээс УИХ хуулиас давсан зүйл хийж болохгүй.

-Хэрвээ АТГ-ын даргыг огцруулахаар УИХ хуралдвал хууль зөрчинө гэж ойлгох уу?

-Хууль зөрчсөн үйлдэл болно. Үндэслэлүүдийг нь харах хэрэгтэй л дээ. Дахин хэлэхэд өвдсөн, гэмт хэрэгт холбогдсон, өөрөө хүссэн тохиолдолд л огцруулах хуультай байхад ингэж болохгүй.

-60 тэрбумын асуудлаас болж танай намын нэр хүнд нэлээн унаж байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой юм бэ?

-Энэ асуудал хэрхэн шийдвэрлэгдэх бэ гэдэг нь өнөөдөр нийгэмд томоохон хүлээлт үүсгээд байгаа нь үнэн. Ер нь аливаа асуудалд түргэн шуурхай зөв шийдвэрүүд гаргаж, ард түмэндээ үнэн бодит, итгэл найдварыг өгч, хууль хяналтын байгууллага энэ 60 тэрбумын асуудлыг нэг тийшээ цэгцлэн эцэслээсэй гэж бодож байна.

-Намрын чуулганаар ямар асуудлууд хэлэлцэгдэх бол. Таны хувьд ямар хуулийн төсөл дээр илүү анхаарч байна?

-Хаврын чуулган завсарлахаас өмнө УИХ-аас намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоодог. Энэ зааснаар Татварын багц хуулиуд, Жижиг дунд үйлдвэрлэлийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн өөрчлөлт, Сонгуулийн тухайн хууль, Улс төрийн намын тухай, Хөдөлмөрийн тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулах зэрэг нийгэмд тулгарсан олон асуудлыг шийдвэрлэх зэрэг чухал хуулиуд хэлэлцэгдэнэ. Мөн миний өргөн мэдүүлсэн Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл хэлэлцэгдэх юм. Эдгээрээс гадна Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах, Нисгэгчгүй алсын зайн удирдлагатай төхөөрөмж ашиглах талаар болон бусад хуулийн төслүүд боловсруулж байгаагаа өргөн мэдүүлж хэлэлцүүлэхээр төлөвлөөд байна. Мөн Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагааг эрчимжүүлэх тал дээр нэлээд ажилууд хийхээр төлөвлөөд гишүүдтэйгээ санал солилцож байгаа.

-Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төслөө тодруулахгүй юу?

-Энэхүү хуулийн гол зорилго нь нөхөн үржихүйн эрүүл мэндийг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих зорилгоор үргүйдлийг эмчлэх, орчин үеийн нөхөн үржихүйд туслах аргыг ашиглах, талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх юм. Манай улсын хууль, тогтоомжид нөхөн үржихүйн эрүүл мэндийг хамгаалах талаар хууль эрх зүйн үндэслэлийг тусгахдаа зохицуулах харилцааг хэт явцуу тодорхойлсон байдаг. Үүнээс шалтгаалж бэлгийн замын халдварт өвчин, үр хөндөлт, үргүйдэл зэрэг нийгмийн дунд тулгамдсан асуудлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, шинэ технологи нэвтрүүлэхэд хууль эрх зүйн цогц арга хэмжээ дутагдалтай байгаа юм. Тиймээс эдгээр асуудлын шийдлийг тусгасан Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл боловсруулсан. Яагаад энэ хуулийг санаачилсан бэ гэхээр нэгдүгээрт, тээгч эхийн харилцаа Монголд аль хэдийн бий болчихсон. Гэтэл үүнийг зохицуулах эрх зүйн орчин байдаггүй. Өөрөөр хэлбэл, тухайн эмнэлэг, үйлчлүүлэгч, хүүхдийг хамгаалах эрх зүйн орчин байхгүй. Тиймээс эрх зүйн орчинг бүрдүүлж, Донорын тухай хуультай холбочихвол эмнэлгүүдийн хариуцлага нэмэгдэнэ. Хосуудын хувьд ч баталгаатай болно. Хоёрдугаарт, олон хүн эмчилгээний журмаар гадаад руу явж байна. 2016 онд 4700, өнгөрсөн онд 4500 орчим хүн эмчилгээний виз авсан байна лээ. Тиймээс л энэ чиглэлээр хууль, эрх зүйн орчин байх шаардлагатай гэж үзсэн.

-Хүний эрхийн дэд хороог та даргалахаар болсон. Тус дэд хорооны хийх томоохон ажлуудыг онцлохгүй юу?

-Хаврын чуулган завсарлахын өмнөхөн Хүний эрхийн дэд хорооны даргаар томилогдсон. Тиймээс хоёр гишүүний хамтаар Хүний эрхийн үндэсний комиссын үйл ажиллагаатай танилцсан. Бидний намрын чуулганаар хийх хамгийн чухал ажил нь хүний эрхийн тайланг хэлэлцүүлэх ажил байна. Өмнө нь бид хүний эрх, эрх чөлөөний XVII илтгэлийг хэлэлцүүлж байхад эмэгтэйчүүд, хүүхдийн эрх маш их хөндөгдөж байгаа талаар ярьсан. Энэ удаагийн тайланд ч энэ асуудал нэлээд дурдагдана. Мөн ажлын байран дахь бэлгийн дарамт, хорих ангиудтай холбоотой асуудлууд бий. Хүний эрх зөрчигдсөн тохиолдолд хохирлын мөнгөн дүнг гаргахад их хүндрэлтэй байдаг. Тиймээс хүний эрх, эрх чөлөөний байдлыг ярихдаа хохирлын талаар нэлээд анхаарна. Согтууруулах ундаа, мансууруулах бодистой тэмцэх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа. Тиймээс энэ чиглэлээр нэлээд хэдэн аймагт хэлэлцүүлэг зохион байгуулна. Зөвхөн хэлэлцүүлэг хийгээд зогсохгүй архинаас гарах хүсэлтэй ч хараат болчихсон хүмүүсийг бүлэг болгож, архинаас гаргах талаар ажиллана. Улсын болон хувийн эмнэлгүүдтэй хамтарч, таван хүнийг ч гэсэн архинаас гаргахыг хичээнэ. Одоогоор бүсчилсэн байдлаар хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна.

-Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулахаар УИХ тогтоол гаргасан. Гэвч УИХ-ын тус тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн гурван хуульч Үндсэн хуулийн Цэцэд хандсан байна лээ. Үүний дагуу Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгэх боломжтой гэж үзэн Дунд суудлын хуралдаанаараа шийдвэрлэхээр болсон. Үнэхээр УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн юм уу?

-УИХ-ын тогтоолыг Сонгуулийн тухай хуультай зөрчилдөж байгаа гэсэн байна лээ. Нөхөн сонгуульд нэр дэвшигч болон нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээ нь ямар нэгэн хууль зөрчөөгүй. Үндсэндээ УИХ-ын тогтоол бол хуулийн дагуу гарсан. Ямар нэгэн асуудал байхгүй. Харин олон жилийн өмнө баталсан Сонгуулийн тухай хууль ийм учир дутагдалтай гэдэг нь одоо мэдэгдэж байгаа юм.

-Тус сонгуульд оролцох улс төрийн намуудыг Сонгуулийн ерөнхий хороо бүртгээд дууссан. Танай намаас хэн нэр дэвших бол?

-Саяхан манай намын хоёрдугаар Бага хурал болж өнгөрсөн. Энэ хурлаар нөхөн сонгуульд оролцох тухай, мөн тус сонгуульд намаас хэнийг нэр дэвшүүлэх вэ гэсэн хоёр асуудлаар хуралдсан. Мэдээж манай нам уг сонгуульд ялах бүрэн боломж бий. Нэр дэвших туршлагатай, мэдлэгтэй, нэр хүндтэй улстөрчид ч олон байгаа. Тиймээс ирэх сарын 4-нд нэр дэвшигч тодорхой болно.

-УИХ-н хаврын чуулган завсарласан энэ хугацаанд та ямар ажил хийж байна бэ?

-Их хурлын хаврын чуулган өнгөрсөн зургадугаар сарын 29-н өдөр завсарласан. Үүнээс хойш нэлээд хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд хийхээр төлөвлөсөн болон цаг үеийн нөхцөл байдалтай уялдаатай хийх шаардлагатай ажлуудаа хийж байна. Юуны өмнө УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны даргаар сонгогдсоны хувьд Монгол Улсад хүний эрхийн хэрэгжилт ямар байна, цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх үү гэдгээ төлөвлөхөөр Хүний эрхийн үндэсний комиссын болон энэ чиглэрээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж санал солилцож байна. Монгол дахь Эмпати сургуулиудын захирал, Бүгд Найрамдах Турк улсын иргэн Вейсел Акчайд холбогдох асуудлаар Монгол Улсаас Турк улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Р.Болдтой уулзсан. Улмаар болоод байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа. Тухай хэрэг асуудал болдог өдөр ч гэсэн миний зүгээс хууль хяналтын байгууллагуудтай холбогдон хүний эрхийн зөрчил гаргахгүй байх, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийн заалт, дотоодын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах талаар хэлэлцэж байсан. Мөн УИХ дахь Монгол-Европын парламент хоорондын бүлгийн даргын хувиар Европын Холбооноос Монгол Улсад суух Элчин сайд ноён Трайан Лаурентий Христеаг хүлээн авч уулзсан. Уулзалтаар цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Бүгд Найрамдах Турк улсын хамтын ажиллагаа, зохицуулах агентлгийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагчаар томилогдсон ноён Эмрах Устаомер тэргүүтэй төлөөлөгчид, БНХАУ-ын Жөзян мужийн Лишуй хотын төлөөлөгчидтэй уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцох гээд олон ажилтай завгүй л явж байна. Мөн Герман улсын “Хил хязгааргүй шүдний эмч нар” Олон улсын тусламжийн байгууллагын эмч нарыг урин ирүүлж тойргийн 8500 орчим иргэний шүдний үзлэг, эмчилгээ, сургалтанд хамрууллаа. Үүний хажуугаар тойргийн иргэдтэй уулзах, долдугаар сард Сүхбаатар суманд орсон хүчтэй аадар бороо, үерийн улмаас хохирол амссан иргэд, байгууллагуудын нөхцөл байдалтай газар дээр нь танилцах. Тэдэнд туслах, шаардлагатай асуудлуудыг холбогдох байгууллагуудад нь тавьж шийдвэрлүүлэх зэрэг ажлуудыг хийж байна. Мөн Сэлэнгэ аймгийн төв болон сумдад оёдлын цех байгуулж, эмэгтэйчүүдийг дэмжих үйл ажиллагаа явуулж байна. Ирэх сард боловсролын салбарынхны чуулга уулзалт, эмнэлгийн ажилтнуудын уулзалт хэлэлцүүлэг хийнэ. Саяхан Алтанбулагт байрлах цагдаагийн хэсгийн орон тоог нь нэмүүллээ. Алтанбулаг маш их ачаалалтай байдаг. Нэг өдөрт л гэхэд 2000 иргэн, 800 орчим автомашин хилээр зорчиж байна. Энэ бүхэнд хяналт тавих, иргэдийг хамгаалах, хэв журам сахиулах үүднээс цагдаагийн хэсгийн орон тоог нь нэмүүлэх зайлшгүй шаардлага байсан юм.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Амгалан: Гэр бүлийн хүчирхийлэл өсөөд байгаа юм биш, мэдээлэл ил болсон учраас өссөн мэт харагдаад байна

Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга Ж.Амгалантай ярилцлаа.

-Зөрчлийн тухай хуулиар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон иргэдийг торгож байгаа. Үүнд үр дүн гарч байна уу?

-Манай улсад өдөр ирэх тусам автомашины тоо өсч байна. Үүний улмаас зам тээврийн осол, гэмтэл ихэсч байгаа. Иймээс хууль, дүрэм журмыг чангатгахаас өөр арга алга. Урьдчилан сэргийлж, анхааруулж сануулдаг ажлыг сайн хийх нь чухал. Энэ бол хууль, дүрэм журмын хүрээнд яригдах асуудал биш. Иргэн архи согтууруулах ундааны зүйл бага хэмжээгээр хэрэглэсэн л бол жолооны ард суух хэрэггүй. Үүнийг л хэвшил болгох ёстой юм. Мөн хур бороо их орсны улмаас одоогийн байдлаар томоохон нуур, голууд үертэй байна. Тухайлбал, Баян-Өлгий аймагт 275 айл усанд автсан. 87 иргэнийг нь гэрээс нь тусгаарлаж, тусгай байранд оруулсан. Цаашид байгалийг бид захирч чадахгүй. Тиймээс бороо үргэлжлэн орж магадгүй. Гол усны дагуу ойролцоо буусан айлууд зугаалж, амарч байгаа хүмүүс анхаарал болгоомжтой байх ёстой.

-Бага насны хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг их гарч байна. Энэ нь юутай холбоотой юм бэ?

-Тухайн эцэг эх, асран хамгаалагчдаас шалтгаалсан зүйл их бий. Ямар ч эцэг эх хүүхдийнхээ аюулгүй байдлын төлөө л хичээж амьдардаг. Хүүхдүүд амиа алдсан харамсалтай хэргүүд их гардаг. Хүн бүр анхаарал болгоомжтой байх ёстой. Гэмт хэрэг зөрчил буурахад иргэдийн ухамсар, эдийн засгийн байдал, ахуй, нийгмийн олон хүчин зүйлсээс хамаардаг. Өвлийн улиралд нийслэлд шилжилт хөдөлгөөний зөвшөөрөл аваагүй мөртлөө ирж амьдардаг хүмүүсийн тоо ихэсдэг. Энэ нь гэмт хэрэг өсөхөд нөлөөлдөг. Тиймээс бид сум, орон нутгийн цагдаагийн хэсгийн төлөөлөгч, дарга нартай хамтарч тухайн сумын иргэд өвлийн цагт хаана амьдарч, юу хийж байна гэдэгт “өндөр хяналт тавь” гэсэн шаардлагыг хүргүүлж байгаа. Иргэдээ бүртгэлтэй, хяналттай байлгах хэрэгтэй. Орон нутгийн хамгаалалтын тухай хууль гэж бий. УИХ-аас батлаад удаагүй байгаа хууль. Тэнд иргэний биелүүлэх олон үүрэг орсон байгаа. Үүнийг танин мэдүүлэх ажлыг хүртэл хийж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, орон нутгийн засаг захиргаадууд уг асуудалд анхаарах хэрэгтэй. Иргэдийн амьдрах орчин буруу хэв маягтай болсон нь нийгмийн хариуцлагагүй байдалтай холбоотой. Нэг өдөр ажиллахад бүх гэмт хэрэг буурахгүй. Хоёр, гурван жил уйгагүй зүтгэж, алдаа онооноосоо суралцаж, иргэд нь ухамсарласан цагт л аливаа зүйл тайван байдалдаа ордог. Гэмт хэрэг зөрчлийг дан ганц хянаснаар багасдаг зүйл биш. Энэ нь олон сөрөг муу хүчин зүйлсээс шалтгаалдаг. Ямар ч улс орон уг асуудлаар батлагдсан тодорхой жишиг амьдрал гэж байдаг юм.

-Энэ жил нийтийг хамарсан олон үйл явдал болсон. Жишээ нь, “Play time” дээр ямар нэг зөрчил илэрсэн үү?

-Замын-Үүдэд хил хааж, олон машин зогссон асуудлыг цэгцэлсэн. Мөн Улсын баяр наадмын үеэр хэв журам сахиулах ажлыг боломжийн түвшинд хийж гүйцэтгэсэн болов уу. Одоо зарим аймаг орон нутагт анхаарлаа хандуулж байгаа. Нэг үеэ бодоход залуусын ухамсар эрс дээшилсэн байна лээ. “Play time” хөгжмийн томоохон наадам Гачууртад болсон. Энэ үеэр залуусыг ажиглахад ялангуяа хотжсон, гадаад явж юм үзэж, нүд тайлсан залуусын ухамсар, ёс суртахуун дээшилсэн байна. Цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлдэг болжээ. Монголын нийгэм цаашид гэгээ цацруулж, ирээдүй болсон залуус эх орноо авч явахад ямар түвшинд байна вэ гэдгийг ажиглахад бахархал төрж байлаа. Өнгөрсөн хугацаанд хамтран ажилласан бүхий л төрийн байгууллага, хүмүүсийн итгэл зүтгэл, хамтын хүчээр ард түмэн минь амар тайван байгаа юм. Үүнээс гадна саяхан дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөсөн. Тэр үед бид тусгайлан нийслэл болон аймгуудад шөнийн эргүүл, өдрийн цагаар явган цагдааг ажиллуулсан. Улмаар ард иргэдээс “Хаа сайгүй цагдаа харагддаг боллоо. Өглөө ажилдаа явах, орой гэртээ очиход сэтгэл амар боллоо, гэр орон, гудамж талбай цагдаагийн хяналтад байна гэж бодоод алхахад сэтгэл хангалуун байна” гэсэн мэдээллүүд ирсэн.

-Нийслэлд гэмт хэрэг, зөрчил одоогийн байдлаар ямар байна вэ. Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг ихэссэн гэсэн мэдээлэл бий?

-Улсын Их хурал, Засгийн газраас санаачилж хэд хэдэн хуулиуд гаргаж, хэрэгжүүлэх үүргийг цагдаагийн байгууллагад өгсөн. Тодруулбал, Гэр бүлийн хүчирхийлэлттэй тэмцэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль гэх мэт. Эдгээр олон хууль шинэчлэгдсэнээр нийгмийг нэлээн нээлттэй болгосон. Нийгэмд ямар гэмт хэрэг бугшиж, мэдэгдэхгүй байна вэ гэдэг нь тодорхой болсон гэсэн үг. Тиймээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хүрээнд гэр бүлийн хүчирхийллийг авч үзэж байна. Ямар гэр бүлийнхэн хоорондоо тохиромжгүй, хэн хүчирхийлэл үйлддэг вэ гэдэг нь тодорхой болж ирсэн. Энэ нь хууль сайн хэрэгжиж байгаагийн шинж юм. Харин энэ төрлийн гэмт хэрэг өсөөд байгаа юм биш. Нийгэмд далд байсан зүйлүүд ил гарч ирсэн. Үүнийг ил гаргаж, илааршуулж, ард түмнээ цэвэр ариун, ёс суртахуунтай, эрүүл чийрэг, бие бялдартай болгоход хуулиуд чухал нөлөө үзүүлж буй. Тухайн гэмт хэрэг хэлбэр, агуулгаараа бий болж, өсдөг тал бий. Тухайлбал, намар зөрчил гэмт хэргийн гаралт өсдөг. Хөдөө орон нутгаас олон хүн нийслэлд ирдэг. Тэдний зарим нь хотод албан ёсны оршин суух хаяггүй амьдардаг. Мөн ажиллаж амьдарч буй үедээ нийслэлийн иргэнээ хүндэтгэдэггүй. Дураараа загнаж, хууль дүрэм зөрчдөг. Бид 300 мянган төгрөгөөс доош мөнгөний хулгайг жижиг хулгай гэж ярьдаг. Ийм төрлийн хулгайн гэмт хэрэг өсдөг тал бий. Ер нь дэлхийд гэмт хэрэг зөрчилтэй хэрхэн яаж тэмцдэг вэ гэх арга зүйгээр ажилладаг. Өөрөөр хэлбэл, нийгэмшиж буй олон нийтийн дунд хяналтын камертай болсон. Иргэдийг хаягжуулах ажлыг эрчимжүүлж байна.

-Цаашид иргэд юуг анхаарах ёстой вэ?

-Саяхан Цагдаагийн ерөнхий газрын дарга нарын зөвлөлийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн. Урин дулаан цаг, амралтын өдрүүдэд зам тээврийн осол удаа дараа гарч байна. Ноцтой зам тээврийн осол юунаас болж гарсан гэдгийг шалгахад иргэд замын хөдөлгөөнд бүрэн бус техник хэрэгсэлтэй оролцсон, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хурд хэтрүүлсэн гэсэн дүгнэлтүүд гарсан. Нэгэнт жолооны хүрдний ард сууж, техник эзэмшиж яваа юм бол болгоомжтой явах хэрэгтэй. Зам тээврийн ослын улмаас хоёр, гурваараа амь насаа алдчихсан харамсалтай сэтгэл эмзэглүүлэм хэргүүд их гарчээ. Жолооны ард суухдаа хурд хэтрүүлж болохгүй, архи согтууруулах ундаа хэрэглэж болохгүй, аюулгүй байдлыг хангасан техник хэрэгсэлтэй байх гэдгийг иргэд сайтар бодож, байнга сэрэмжтэй явах ёстой. Ингэвэл манай улсад жил бүр зам тээврийн ослын улмаас 200, 300 хүний амь нас хохирохгүй. Тухайн иргэн хүнээс их шалтгаалж, хамаардаг. Мөн урин дулааны улиралд гол усны аюулаас сэрэмжтэй байх хэрэгтэй. Хүмүүс гол усны ойролцоо зугаалж байгаад бие биеэ ус руу шидэх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй байлгаснаас үүдэж, усанд живэх тохиолдол олон гарсан.

Б.УРАНЧИМЭГ

Ш.Ялалт: Бидэнд Байгаль нуурын усыг цэвэршүүлэх хүсэлт ирсэн

Газрын хөрсний бохирдол нийслэлийн удирдлагын олон жилийн асуудал болж буй. Үе үеийн удирдлагууд энэ бүхнийг шийдэх амлалт өгдөг ч сайжралгүй өнөөг хүрээд байна. Харин өндөр технологийн зөвлөх, доктор Ш.Ялалтын үзэж буйгаар дээрх асуудлыг өнөөгийн ярьж буй их мөнгөөр бус монгол эрдэмтдийн боловсруулсан технологиор бага хөрөнгө зарж, богино хугацаанд шийдэх боломжтой гэнэ.

-Танай компани АСЕМ-ийн үеэр цэвэрлэх байгууламжийн үнэрийг дарсан юм байна. Дахиад үнэр гарч байгаа нь юунаас болов?

-Цэвэрлэх байгууламж 50-иад жилийн өмнө нийслэлийг дээд тал нь 500 мянган оршин суугчтай байхаар тооцож баригдсан байгууламж. Өнөөдөр тоног төхөөрөмж нь хүчин чадал нь хүрэхгүй, алдаг оног ажиллаад, шаардлагатай хэмжээнд бохирыг цэвэрлэж чадахгүй байгаа юм. Гэтэл бидний гаргаж байгаа нэг грамм бохир арван сая микроб агуулж байдаг. Энэ микробууд урвалд ороод удахаар муухай үнэр гаргадаг. Үүнийг үнэр гэхээсээ илүүтэйгээр өвчин тараагч гэж үзэх хэрэгтэй. Ялангуяа бага насны хүүхдүүдэд хамгийн их хөнөөлтэй.

-Яагаад?

-Энэ микробуудын хамгийн хортой хэсэг нь газраас нэг метрийн өндөрт байдаг. Энэ хэмжээний өндөртэй нь бага насны хүүхдүүд. Нэгэнт дутуу цэвэрлэгдсэн бохирын лагийг тусгай талбайд хадгалж байгаа. Удах тусам лагийн муухай үнэр нэмэгдэнэ. Цэвэрлэх байгууламжийн орчимд байдаг иргэд сайн мэдэх байх. Харин АСЕМ-ийн үеэр бид цэвэрлэх байгууламжийн үнэрийг дарах үүрэг хүлээсэн. Түүнийгээ ч биелүүлсэн. Одоо яагаад дахиад үнэртээд эхлэв гэхээр шинэ лагийн үнэр гарч байгаа юм. Үнэр дарах ажил зогссон. Харин бохир бол 24 цагаар цутгаж байгаа.

-АСЕМ-ийн үеэр танай компани ямар ажил хийсэн юм бэ?

-Тухайн үед 44 талбайд хэдэн зуун тонн лаг байсан. Бид зөвхөн үнэр дараагүй. Тэр их лагийг халдваргүйжүүлэх, ариутгах ажлыг хийсэн.

-Боломж байсан юм бол өмнө нь яагаад хийгээгүй юм бэ?

-Бид хүсэлт тавиад удаж байсан. Харин АСЕМ бидэнд туслаад эрх баригчид зөвшөөрөл өгсөн. Бидний цэвэрлэсэн лаг бордоо болж хувирсан. Монголын эрдэмтэд эх орны түүхий эдээс гаргаж авсан бодисоор лагийг бордоо болгосон. Нэг сумаар хоёр биш гурван туулай буудсан. Үнэр бохирдлыг устгасан. Олон жилийн хур лагийг устгасан. Устгаад зогсохгүй түүнийг бордоо болгож чадсан.

-Тэр бордоог юунд ашиглах вэ?

-Үндсэндээ хөрс гэсэн үг. Энэ хөрсөнд юу ч тарьж болно. Бүх туршилт хийгдсэн. Бид цөлжилтөд санаа тавьдаг дүр эсгэдэг. Гэтэл ямар ч хэмжээгээр цөлжсөн газрыг энэ хөрсөөр эрүүлжүүлж болно. Хэн ч хөдлөхгүй байна.

-Хэр их хэмжээтэй байна?

-Нэлээд их байгаа.

-Үнэ, чанар ямар вэ?

-Гаднаас оруулж байгаа бордооноос хоёр дахин хямд, чанараар илүү.

-Та нарыг шагнасан уу?

-Шагнах нь бүү хэл ажлын хөлсөө ч одоог хүртэл авч чадаагүй байна.

-Хэрэв хөлсөө авчихвал үнэргүйжүүлэх ажлаа үргэлжлүүлэх үү?

-Бид бол бэлэн байгаа.

-Танай технологи цэвэрлэх байгууламжийн бохирын лагийг үржил шимтэй хөрс болгож хувиргасан байна. Тэгвэл борооны үеэр бохиртойгоо холилдож байгаа айлуудад тусалж чадах уу?

-Чадна. Бид аль хэдийн энэ асуудлыг шийдэх шингэн хийчихсэн. 400 грамм шингэнийг 10-20 литр усанд найруулаад жорлондоо хийгээд үнэргүй, халдваргүй болгож ариутгах зориулалттай шингэн.

-Туршсан бол олон нийтэд зарлаж болохгүй юу?

-Туршаад эхнээсээ борлуулагдаж байгаа.

-Бодис ямар хугацаанд үйлчлэх вэ, үнэ нь хэд вэ?

-Нэг өрхийн жорлонд 400 грамм шингэн байхад хүрэлцээтэй. Нэг удаа хийгээд зургаан сар санаа зоволтгүй. Үнэ 5000 төг.

-Бороо орох үеэр Сүхбаатар дүүргийн VIII хорооны хашааны ус бохиртойгоо холилдон хотын төвөөр урсаж байна. Үүнийг ариутгаж чадах уу?

-Энэ бохир чинь утаанаас илүү аюул дагуулна. Тийм учраас бид ийм бодис гаргаж авсан байхгүй юу. Бороо ороогүй үед ариутгалын бодисоо хийчих. Бороо орсон ч аюул нүүрлэхгүй. Хамгийн эхний ээлжинд аюулыг бууруулах ийм л арга байгаа. Жилд арван мянган төгрөгөөр жорлонгоо ариутгах боломж гарч байгаа юм.

-Ийм шингэн танайд хэр их байна?

-Бэлэн 40-50 тонн байна.

-Баталгаа юу вэ?

-Цэвэрлэх байгууламжийн лаг бол нэг өрхийн жорлонгоос хэдэн арав дахин аюултай, олон жилийн хуршсан бохир. Үүнийг цэвэрлэж чадсан, гэрчилгээ, патентийг нь авсан. Энэ чинь баталгаа болно биз дээ. Дээр нь бид хэдэн зуун айлд туршсан. Үр дүн хангалттай гарсан. Дээр нь Оросын талаас Байгаль нуурыг цэвэршүүлэх технологи гаргаж өгөх хүсэлт манай компанид тавьсан.

-Байгаль нуурыг уу?

-Тийм Байгаль нуурын дэргэд хэд хэдэн үйлдвэр байсан юм байна. Тэр үйлдвэрүүдийн хур хог өнөөдөр нуур бохирдох гамшгийн хэмжээнд хүрсэн.

-Танай компани тэнд ажиллах уу?

-Судалж байгаа.

-Жорлон цэвэршүүлэх бодисыг хаанаас авч болох вэ?

-Химийн хүрээлэн дээр байгаа.

-Танай компани технологийн компани уу?

-Тийм.

-Утааг бууруулах технологи байна уу?

-Туршчихсан бэлэн гурван технологи байгаа. Хоногт 100 мянган тонн нүүрс боловсруулах үйлдвэр, түлшийг бүрэн шатаадаг зуухны технологи, гэр хорооллын дунд байгуулах эрчим хүчний төвийн технологи байна.

-Эрчим хүчний төв гэж юу вэ?

-Цахилгаан, дулаан, бохирын тухайд 2000 өрхөд иж бүрэн үйлчилгээ үзүүлэх байгууламж.

-Нийслэлд 200 айлын тийм үйлчилгээний төв баригдаж байгаа. Түүнээс давуу тал бий юу?

-Нийслэл 200 айлын үйлчилгээний төвийг найман тэрбум төгрөгөөр шийдэх гэж байна. Бидний технологиор 2000 айлын асуудлыг 16 тэрбум төгрөгөөр шийднэ.

-Энэ байгууламжийг ямар хугацаанд барих вэ?

-Зургаан сарын хугацаанд ашиглалтад оруулна.

-Сүүлийн үед нефтийн үйлдвэр барих тухай их яригдаж байна?

-Энэ тухай хийсэн судалгаанууд байдаг юм. Төрийн барих гэж байгаа Алтан ширээ дэх үйлдвэр баригдаад ч дотоодын хэрэгцээг хангаж чадахгүй. Хувийн хэвшлийн төсөл бас байдаг. Түүнийг гацаасан тухай мэдээлэл сонин хэвлэлүүдээр гарч байгаа. Төрөөс мөнгө гарахгүй юм бол тэр үйлдвэрийг нь явуулж байх хэрэгтэй л дээ. Нефтийн үйлдвэртэй болно гэж ярьчихаад бодит байдал дээр бэлэн үйлдвэрийг гацаагаад байж болохгүй. Технологийн хувьд Алтан ширээ ямар байгааг мэдэхгүй. Дэд бүтэц муутай. Бараг үйлдвэрийнхээ үнээс дэд бүтцийн байгууламжид их мөнгө гаргах байх. Өтгөн тосыг тэр холоос татна гэхээр өртөг нь өснө. Бензиний үнэ өндөр болох байх. Дарханы төслийг хувийн хэвшлийнхэн цаг алдалгүй эхлүүлэх хэрэгтэй. Манай хувийн хэвшлийнхэн чадна шүү дээ. MCS дангаараа 20 МВт-ын цахилгаан станц, нүүрс боловсруулах үйлдвэр барьчихаж л байгаа биз дээ.

-Таван толгойг ашиглах технологи манайд бий юу?

-Бий. Таван толгойн 30 хувийг хоёр тэрбум доллараар зарна гэж шуугиад байна. Зургаан тэрбум нүүрсийг 50 жил дарж хэвтээд юу хожив. Яг хоёр тэрбум доллараар зарна гэж хэн ч хэлсэн юм. Энэ нь үнэлгээ хийсний дараа тогтох үнэ. Төр зоригтойхон хөдлөх хэрэгтэй. Биднийг дарж хэвтсээр байтал үнс болох гээд байна. Ураныг орлох тори гэдэг бодис гарсан. Хэд хэдэн улсад цахилгаан станцууд баригдаж байна. Тори хөдөлгүүрт машин нэг цэнэгээр сая км явна Биднийг ашиглаж амжихаас өмнө нүүрс үнэгүйдэх аюул бий.

-Манай эрдэмтэд технологи бий гэж ярьдаг. Гэтэл ихэнх юмыг гаднаас авч байна.

-Манай төр засаг их сонин сэтгэхүйтэй. Дотоодод технологи нь бэлэн, үйлдвэрийн зардал бага бүтээгдэхүүнийг заавал гаднаас авах сонирхолтой байдаг.

-Жишээлбэл?

-Цэвэрлэх байгууламжийг тал үнээр нь илүү хүчин чадалтай шинэчлэх технологи бидэнд байна. Баянчандмань суманд хэдэн зуун тонн бордоо байна. Гэтэл Хятадаас чанар муутай бордоо өндөр үнээр аваад байгаа шүү дээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатар-Сайншандын чиглэлд хөдөлсөн суудлын галт тэрэг осолджээ

Өчигдөр орой 21:08 цагаас Улаанбаатар-Сайншандын чиглэлд хөдөлсөн суудлын галт тэрэг хотоос 300 км-ын зайд Дорноговь аймгийн Айраг сумын нутагт осолдсон байна. Ослын улмаас олон хүн гэмтсэнийг эмнэлгийн болон онцгой байдлын дөрвөн машинаар зөөвөрлөж, аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэжээ. Улмаар эмнэлгийн тусламжинд хамруулсан бөгөөд бусад зорчигчдод анхан шатны тусламж үзүүлэн тусгаарлаад байгаа талаар тус галт тэргээр явж байсан иргэн мэдээлж байна.

Ослын улмаас хүний амь нас эндээгүй. Осол гарсан газарт онцгой, цагдаа, эмнэлгийн баг ажиллаж байгаа юм байна. Ослын шалтгаан тодорхойгүй байгаа ч говийн нутагт орсон их хэмжээний борооны улмаас зэрлэг үерт дайрагдсан төмөр замын дэр мод хугарсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм байна. Түүнчлэн дуудлагаар хэргийн газар очсон цагдаагийн хоёр албан хаагч шуурхай арга хэмжээ авч, галт тэрэгний цонхыг хагалж, зорчигчдыг яаралтай гаргаж чадсан учир хүний амь эндэхээс сэргийлсэн гэдгийг зорчигчид ярьж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Нүүдэлчин Монгол наадам”-ын үеэр оньсон тоглоом тоглох арга барилыг зааж байна

“Нүүдэлчин Монгол 2018” соёл, спортын наадам өнөөдөр Хүй долоо худагт эхэлсэн юм. Соёл урлагийн газрын дэмжлэгтэйгээр нийслэлийн есөн дүүрэг, орон нутгийн 50 гаруй иргэн, аж ахуйн нэгж наадмыг тохиолдуулан үзэсгэлэн худалдаагаа дэлгэсэн байна. Үүнд гар урлал, эсгий тоглоом, монгол дээл, арьсан эдлэлүүд болон хатгаж нэхсэн зүйлс ч байв. Бүр зүү ороох оёдлоор шагласан хөөрөгний дайлан хүртэг харагдана. Мөн эсгийн дээр барлаж хээ дарсан олбог, орчин үеийн загварыг үндэсний дээлтэй хоршуулан урласан хувцас өнгийн цэцэг шиг алаглан байна.

Эдгээрээс гадна уламжлалт оньсон тоглоом наадгайн үзэсгэлэн гаржээ. Дөрөв, найм, 16, 32 зэрэг модтой оньсон тоглоомоос гадна, шатрын хөлөгт түмэн насан, алхан хээг урнаар цохиж өгсөн нь улам чамин болгосон байлаа. Өнөөдрийн гаргаж байгаа үзэсгэлэнгээрээ дамжуулан нийт 15 төрлийн оньсон тоглоомыг тоглох арга барилыг Оюун ухааны олон улсын музейн хамт олон зааж байгаа аж.

З.МӨНХСУВД

Categories
мэдээ нийгэм

Цус багатай хүмүүс шорвог хоолонд дуртай байдаг

Цус багадалтын шалтгаан олон янз. Төрөлхийн цус багадалт, витамин В-12-ын дутагдал, төмрийн дутагдал, цус алдсаны дараа vvсэх цус багадалт гэж бий. Манайд төмөр дутагдлын цус багадалт гол төлөв төрөх насны эмэгтэйчvvдэд элбэг тохиолддог. Ядарч сульдах, өтгөн хатаж толгой өвдөх, давстай хурц хоолонд дурлах, хумс унах, vс унах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Эмчилгээнд төмрийн бэлдмэлтэй гемостимулин, феррокаль, орферон, тотема зэрэг эмийг С витаминаар даруулж ууна.
Монгол хүний давсны дундаж хэрэглээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөс 2.5 дахин өндөр /11,5 гр/ байгаа. Үүнээс шалтгаалан, артерийн даралт ихсэх, цус харвалт зэрэг зүрх судасны өвчлөл буурахгүй байгаа нь эрүүл мэндийн статистик дүн, хүн амын дунд хийсэн халдварт бус өвчлөл, хоол тэжээлийн судалгааны дүн нотлоод байна.