Монгол үндэсний ардчилсан намын дарга Б.Цогтгэрэлтэй ярилцлаа.
-Танай намын бодлого чиглэл, хийж хэрэгжүүлж буй ажлын талаар яриагаа эхэлье?
-Монгол үндэсний ардчилсан нам одоогоор Үндсэн хуулийн өөрчлөлтөд түлхүү анхаарч, ажиллаж байна. Үүний дараа Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хууль өөрчлөгдөнө. Тиймээс эдгээр хуулиудын өөрчлөлтөд манай нам илүү анхаарч байгаа.
-Парламентад суудалгүй намын улс төрийн нөлөөлөл ямар байдаг юм бол?
-Улс төрийн намын үндсэн чиглэл бол төрийн бодлогод оролцох, нөлөөлөх. Тэр утгаараа дотор байна уу, гадна байна уу байнгын судалгаа хийж байх учиртай. Мэдээж эрх баригч нам болоод бусад намуудын явуулж буй үйл ажиллагаанд намынхаа санаа бодлогыг тусгах гэж идэвхтэй ажилладаг. Эдгээр намууд бодлогодоо тусгахгүй, санааг хүлээж авахгүй бол ард түмэндээ ойлгуулж, нийтийн дэмжлэгтэйгээр тус намын буруу бодлогыг засах гэж оролдоно. Нөгөөтэйгүүр эрх барьж буй хүчнүүд нийгэмд хохиролтой бодлого гаргаж ирвэл түүнийг эсэргүүцэх үүрэгтэй. Манай нам Ардчилсан, Ардын намаас ялгаатай нь илүү бодлого ярьдаг. Салбар бүрийн бодлого хэрхэн яаж явах ёстой, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, халамж ямар байх ёстой юм. Газрын доорх баялгаа нийгэмд яаж зөв, тэнцвэртэй ашиглах вэ. Үүний орлого, зарлага, үйл ажиллагаа нь олон нийтэд хэрхэн ил тод байх ёстой вэ гэх мэт бодлогууд дээр манай нам төвлөрч ажилладаг. Тиймээс нийгэм манай намыг илүү бодлогын нам гэж тодорхойлдог. Бид ч ингэж ажиллахыг хичээдэг.
-Та бүхний үзэл бодол, санал, санаачилгыг эрх баригч нам хэр хүлээн авч байна. Ер нь Монголд улс төрийн намуудын соёл ямар түвшинд байна гэж хардаг вэ?
-Бидний санаа бодлыг сонсохгүй биш сонсдог. Хүлээн авч, дэмждэг улстөрчид цөөнгүй бий. Гэвч бидний бодлого зөв байлаа ч бусад улс төрийн нам, хүчнүүд үүнийг авч, хэрэгжүүлдэг механизм Монголд алга. Монгол төр ажиллаж чадахаа больчихсон. Яг хуучны Оросын техник шиг. Тиймээс Монгол төрийг үндэсний үзлээр дахин урлах түүхэн цаг үе энэ нийгэмд тулгарч байна. Төр шиг төртэй болчихвол энэ улс амархан хөгжинө. Тийм боломж, чадамж, өгөгдлүүд Монголд хангалттай бий. Харамсалтай нь төрийг мэргэн бодлогоор удирдах, ухаантай зохицуулалт хийх, шийдэмгийгээр шийдвэр гаргаж, тасралтгүй тогтвортой хэрэгжүүлдэг төр байхгүй учраас өнөөдөр монголын нийгмийг “Морь унасан толгойгүй хүн”-тэй зүйрлэж байна. Тиймээс Үндэсний ардчилсан намын боловсруулсан үнэ цэнтэй санааг авч өөрсдийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг тогтолцоо, механизм бусад намуудад алга. Тэд цэвэр түрээсийн зарчмаар ажиллаж байна.
Сонгуульд орохдоо асар их мөнгө өгч, би тэр салбарыг авна гээд захиалчихдаг. Өөрөөр хэлбэл театрт үнэтэй суудал авч тоглолт үзэж буй хүнтэй адилхан гэсэн үг. Тоглолт үзэхэд хамгийн тухтай, үнэтэй суудлыг хэн нь авна тэр хүн тэр суудалдаа сууна шүү дээ. Эсвэл хувь нэр дэвшигч намтайгаа тохирно. Зарим нь хэсэг бүлгээрээ нийлж нэг фракц болчихоод тэр яамыг манайх авна гэж зүтгэдэг. Ингээд хүссэн эрх мэдлээ авсан улстөрчид ард түмний төлөө бус өөрсдийнхөө төлөө ажилладаг. Бүр намынх нь мөрийн хөтөлбөр, бодлого чиглэл тэдэнд ямар ч хамаагүй болдог. Одоо олонх болсон намаас асууя. Та нар ямар хөтөлбөртэй байсан гэж. Тэгвэл санах хүн бараг байхгүй болов уу. Харин гишүүд өөрийнхөө тойрогт яаж нэр нүүр олох вэ гэдэг хөтөлбөрөө сайн санаж байгаа. Ийм л нэг ойр зуурын үр дүнгүй буруу бодлогоор ажиллаад байгаа болохоор Монгол төр төр шиг байж чадахгүй байна.
-Төрийн эрхэд гардаг улс төрийн хоёрхон хүчин бий. Аль нь ч гарсан улс орон, ард түмний амьдрал дээшлэхгүй байна гэж хатуухан шүүмжлэх хүмүүс цөөнгүй байдаг. Тэгэхээр нийгэм одоо бодлоготой, хариуцлагатай гуравдагч хүчинг үгүйлж байх шиг харагддаг. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Ер нь шинэ хүчин хэрэгтэй. Монгол үндэсний ардчилсан нам Монголын төрд их цэвэрлэгээ хэрэгтэй гэж үздэг. Учир нь энэ хоёр нам 20 гаруй жил Монголын төрийг ээлжлэн удирдлаа. Ингэхдээ хорин жил хамт амьдарсан айлын эхнэр, нөхөр шиг л болсон. Сонгууль болохоор түр тар хийчихээд сонгуулийн дараа дахиад л нийлж, хамт амьдардаг. Ёстой цусаа гоожтол зодолдож, тосоо гартал тэврэлдэнэ гэдэг шиг энэ хоёр нам олон жил ингэж явахаар бие биедээ хатуу үг хэлж чадахгүй, хариуцлага тооцох чадамжгүй болчихсон байхгүй юу. Бие биеийнхээ буруутай, булхайтай бузар бүхнийг ил гаргахаас айдаг болсон. Учир нь бүгд тэрхүү бузар, булхай болгон руу гараа дүрчихсэн. Нэг нь л илчлэгдвэл араас нь бүгд дагаад шаварт унана.
Өөрөөр хэлбэл, хам хэрэгтэн болчихсон гэсэн үг. Энэ их авлига, хулгай, хууль бус үйлдэл бүрийг нэг бүрчлэн сайн мэдэж байгаа ч хав дараад өнгөрдөг хэсэг хүмүүс бий. Тэр хүмүүс ч бүгд хам хэрэгтэн гэсэн үг. Нэгэнт хамтрагсад болчихсон учраас бие биеийгээ яагаад ч илчлэхгүй. Тиймээс л Монгол төрд яах аргагүй их цэвэрлэгээ хэрэгтэй байгаа юм. Хоёрдугаарт, боловсролтой, ариун цагаахан хүмүүс гэнэт гарч ирээд энэ улсыг хөгжүүлчихнэ гэдэг худлаа. Иймд ажиллаж, төлөвлөж, гүйцэтгэж чаддаг, түүнийгээ маш сайн хянаж чаддаг төрийн тогтолцоо хэрэгтэй. Улмаар уг тогтолцоо тогтвортой байх ёстой. Энэхүү тогтолцоог бүрдүүлэхийн тулд манай нам Үндсэн хуулийн өөрчлөлтөд анхаарч байгаа юм.
-Ардын нам үнэмлэхүй олонх болж Төрийн эрхийг барьж байна. Гэтэл дотроо хоёр бүлэгт хуваагдаж, бие биеийнхээ бодлогыг үгүйсгэх юм. Угтаа олонх болсон нам ямар бодлогоор хэрхэн ажиллах ёстой байдаг юм бол?
-Улс төрийн нам төлөвшихөд пропорциональ систем маш чухал. Өнөөгийн энэ мажоротар тогтолцоо гэдэг бол хувь хүнийг намтайгаа тэнцүү улс төрийн лидер болгочихож байгаа юм. Нам тэрхүү улстөрчдөд ямар ч хамаагүй. Тухайн нөхөр мөнгөө төлөөд гарч ирсэн учраас тойрог нь түүнийх. Зарим тойрогт гарч ирсэн улстөрчийн нэр хүнд, сүлжээ, ажилладаг механизм намаасаа илүү байх жишээтэй. Тиймээс л нам төлөвшихгүй байгаа юм. Иймд зайлшгүй пропорциональ системээр явах шаардлагатай. Ингэвэл намаараа хэлэлцэж, баталсан мөрийн хөтөлбөр, бодлого зорилтынхоо төлөө нэг зүг рүү явдаг. Ингэж нэг зүг рүү явсан намын бодлого, үйл ажиллагааг нийгэм дүгнэхэд хялбар болдог. Муу бол зайлуулна, сайн бол үргэлжлүүлэн ажиллуулна. Ардын нам доторх хуваагдал бол хэд хэдэн шалтгаантай гэж харж байгаа. Нэгд, олуулаа төрийн эрхэд гарсан болохоор хуваадаг юм нь хязгаарлагдмал. Тиймээс бүгдэд нь хүртэхгүй байна. Хоёрт намынх нь нэр хүнд өнөөгийн нийгмийн байдлаас хамаарч тааруу байгаа учраас дараагийн улс төрдөө үнэлгээ авах сонирхолтой байна. Гуравдугаарт, намд нь нэг үе солигдох процесс явж байгаа учир тэнд өөрийн гэсэн орон зайг олох хүсэлтэй хүмүүсийн тэмцэл өрнөж байна. Дөрөвт, өширхөл. Өмнөх унасан Засгийн газрын гишүүд гарч ирсэндээ өш санадаг. Тавд, гадаад, дотоодын томоохон улстөрчдийн нөлөөлөл их байна. Энэ мэт хуваагдсан шалтгаануудыг нь тоочоод байвал хэдийг ч нэрлэж болохоор. Ингэж хуваагдаж, талцаж, солигдоод л байвал Монгол Улсад хохиролтой л байна. Тиймээс манай нам байгуулагдсан цагаасаа эхлээд тогтвортой төрийн төлөө зүтгэж ирсэн.
-Хэнтий аймагт нөхөн сонгууль явагдана. Нөхөн сонгуультай холбоотой маргаантай асуудал бас гарч байна. Танай намаас тус сонгуульд хэрхэн оролцох вэ?
-Шууд хэлэхэд нөхөн сонгууль явуулах ямар ч хэрэггүй. Энэ сонгууль боллоо гэхэд хэнд ашигтай юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, аймгийн Засаг дарга Н.Ганбямба нар сонгуульд оролцохгүй гэж мэдэгдсэн. Энэ зарчим нь бол зөв. Ажил хийхэд Ардын намын суудал цөөдөөгүй. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд энэ суудал нь хангалттай. Ардчилсан нам бүлэг байгуулчихсан. Үүнээс илүү юм хэрэггүй. Сонгууль болбол их зардал гарна гэсэн үг.
Тэртээ тэргүй хоёр нам бага газрын их тулаан хийнэ. Ингэж хийхдээ Монголын баялгаас тав, таван тэрбум төгрөгийг зүгээр л салхинд хийсгэнэ. Ингэн байж сонгууль хийх ямар хэрэг байна. Намар, өвлийн ажлаа алдаж бүх сайд, бүх улстөрчид тийшээ очно. Бүгд өөрсдийн сүлжээгээ ажиллуулна. Бие биеэ газар доор ортол муулна, доромжилно. Энэ Монголд хэрэгтэй гэж үү. Хэрэггүй шүү дээ. Үндсэн хуулийн цэцэд энэ асуудлаар гомдол гаргасан хүмүүсийн зарчмыг зөв гэж харсан. Үүгээрээ бол Хэнтийд нөхөн сонгууль болохгүй байх.
-Гэхдээ тус тойрог гишүүнгүй, ажил хийгдэхгүй гэх асуудал гарч ирэх юм биш үү?
-Улсын Их Хурлын гишүүн гэдэг ард түмний элч. Аль ч тойргоос сонгогдсон бай хэнтийчүүдийг төлөөлөх л үүрэгтэй. Нөгөөтэйгүүр Хэнтийгээс гишүүд цөөнгүй бий. Нэг гишүүнгүй боллоо гээд хохирох юм юу ч байхгүй. Гишүүн тойрогтоо хоёр тэрбум төгрөгийн ажил хийнэ. Гэтэл сонгууль болох юм бол тэнд 10 тэрбум төгрөг салхинд хийснэ шүү дээ. Тиймээс Хэнтийд зөвлөлдөх санал явуулах хэрэгтэй. Арван тэрбум төгрөг зарлагадаж сонгууль явуулж ганц гишүүнтэй болсон нь дээр үү таван тэрбум төгрөгийн ажил шууд хийлгэсэн нь дээр үү гэж асууя. Тэгэхээр хэнтийчүүд сонгуульд санал өгнө гэж бодохгүй байна. Тиймээс нөхөн сонгууль явуулах ямар ч шаардлага байхгүй.
-Ээлжит бус чуулган зарлах тухай яригдаж байна. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Ээлжит бус чуулган зарлаж Засгийн газраа эсвэл Их Хурлын даргаа ярих байх. Манай нам өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар уг нь Ардын намыг дэмжсэн юм. Ардын нам үнэмлэхүй олонх болсон учраас бид ажил хийх боломжийг нь олгох ёстой гэсэн зарчмыг баримталсан. Хоёрдугаарт, Төрийг бүхэлд нь Ардын намд өгснөөр хожим хариуцлага тооцоход амар болно гэж харсан. Тэр утгаараа Ерөнхийлөгчөө ч гэсэн Ардын нам аваг гэж бодсон.
Гэтэл ардчилсан талаасаа Ерөнхийлөгч нь гараад ирлээ. Ингэхээр хорин онд Ардын намтай хариуцлага ярих гэтэл тэд манай ажлыг Ерөнхийлөгч л гацаасан, тээг болсон, унагасан гэж ярина. Тэгэхээр ард түмэн дахиад төөрөлдчихнө. Хэнийх нь буруу вэ, зөв бэ гэдэг дүн тавьж чадахгүйд хүрээд байна. Одоо нийгмээрээ хариуцлага тооцож, ард түмэн нэг талдаа гарах цаг болсон.