Categories
мэдээ цаг-үе

М.Өлзийбат: Улаанбаатарын ойр орчимд зургаан идэвхитэй хагарал буюу эртний газар хөдлөлтөөр үүссэн цууралтын мөр байгаа

Шинжлэх Ухааны Академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс олон улсын эрдэмтэн судлаачидтай хамтран манай орны газар нутгийг газрын давхаргаас нь эхлэн дэлхийн цөм хүртэл судалгааны ажлыг эхлээд байна. Энэ талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарын дарга М.Өлзийбаттай ярилцлаа.


-Газрын гадаргаас дэлхийн цөм хүртэлх судалгааг хийсэн гэсэн. Энэ судалгаа хэзээ эхэлсэн бэ. Хэр явж байгаа вэ?

-2011 оноос хоёр улстай хамтран судалгааны ажил эхэлсэн. Энэ нь Монголын нутаг дэвсгэр дээр болж буй анхны өргөн хүрээтэй, том талбайг хамарсан судалгаа юм. Дэлхийн гүний тогтоц гэдэг нь дөрвөн хэсгээс бүрддэг. Эхнийх нь чулуулаг мандал, хайлмаг буюу манти давхарга, дэлхийн цөм, цөм нь дотор, гадар гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Бид Монгол орны ихэнх нутгийг хамарсан анхны өргөн хүрээтэй царцдаст давхарга болон чулуулаг мандлын судалгааг хийгээд байна. Эхний судалгаа нь Улаанбаатар хот орчмоос урд хил хүртэлхи талбайг хамарсан. Мөн Монгол орны царцдас мандал, хатуу хэсгийн ерөнхий дүр төрхийг гаргасан. Хэр зузааныг судалсан. Дараа нь Хангайн нуруу, Хөвсгөл орчим Алтайн өвөр хэсгээр судалгаагаа хийсэн. Одоогоор Монгол Алтайд судалгаагаа үргэлжлүүлэхээр төлөвлөөд урьдчилсан судалгааг хийж байна. Ирэх жилээс Амеркиудтай нарийвчилсан судалгааг хийх зорилго тавиад байна. Гүний тогтцын судалгааг хийдэг олон арга байдаг. Энэ бол зөвхөн нэг л арга нь. Мөн газар хөдлөлтийн станцын судалгаа гэж байна.

-Судалгааг хийхэд боломж нөхцөл нь хэр вэ?

-Манайд үндсэндээ судлах боломж нь нээгдэж байна. Бид хоёр жилийн турш түр станц ажиллуулсан учир энэ хугацааны мэдээлэл бүртгэгдсэн байгаа гэсэн үг. Судалгааг хийх анхны нөхцөл бүрдсэн болохоос дэлхийн цөмийн судалгааг хийсэн зүйл биш. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр бүрэн судалсан гэсэн ташаа мэдээлэл гараад байгаа. Үүнийг зөвхөн Монголчууд хийгээд байгаа юм биш. Бүх л орон хийдэг.

-Газар хөдлөлтийг судлах үндсэн арга нь юу вэ?

-Тухайн газар нутаг дахь газар хөдлөлт бүртгэх станц нь ямар байна гэдгээсээ шалтгаална. Хүчтэй газар хөдлөлтөөр үүссэн долгион нь дэлхийг чичрүүлдэг. Өөрөөр хэлбэл Дундговьд газар хөдлөхөд Улаанбаатар хот чичирхийлдэг нь үүнийг харуулж байгаа юм. Тэр газар хөдлөлтөөс үүссэн долгион нь дэлхийн гүнээр тал тал тийшээ нэвт тархдаг. Түүнээс тархаж байгаа долгионы тархалтын зам, хурд, хугацаагаар нь дэлхийн гүнийг судалдаг. Үүнийг бичдэг багаж нь үнэтэй. Ялангуяа өргөн зурвасын гурван байгуулагчтай станц нь. Өргөн зурвасаар судалдаг багаж нь дэлхийн янз бүрийн давхаргаас орж ирсэн долгионыг бүртгэж авах чадвартай. Бидний хэлдэг богино зурвасын станц нь ойрын газар хөдлөлт, тэр орчмын хэсгийг гаргах боломжтой. Өргөн зурвасын станц нь дэлхийд болж буй хүчтэй газар хөдлөлөөс тархсан долгионыг бүрэн бүртгэх чадалтай гэсэн үг. Түүгээрээ илүү давуу талтай.

-Монголд ийм станц байгаа юу, хэд байдаг вэ?

-Уржнан жил бид Монголынхоо хуучин байсан 10 станц, дээрээс нь гурав, дахиад дөрвөн станц нэмж, тархааж байршуулсан. Эдгээр бүх станцаа өргөн зурвасынх болгож чадсан. Дараа нь Америк, Хятадтай хамтарч нүүдлийн станцыг хоёр жилийн турш ажиллуулаад өргөн хэмжээний мэдээлэл цуглуулсан. Энэ нь хаана ч болсон хүчтэй газар хөдлөлтөөр тарж ирж байгаа чичирхийлэл нь дэлхийн цөмийг нэвтлэн Монголд ирж нарийвчилж судлах боломжийг бүрдүүлж өгч буй хэрэг.

-Энэ ойж ирж байгаа долгионы тусламжтай Улаанбаатарт хэзээ газар хөдлөхийг мэдэх боломжтой гэсэн үг үү?

-Үгүй өөр. Жишээ нь хүнийг рентгенд оруулахад нэвт зургийг нь авдаг. Эсвэл нэвт дууны долгион нэвтрүүлж байгаа хэрэг. Тэр дууны долгион хүний элэг, бөөр, зүрх дотор эрхтэн дээр чинь очиж ойгоод нөгөө талд очихдоо хэлбэр дүрсээ гаргадаг. Дэлхий үүнтэй л адилхан. Газар хөдлөөд, тэр чичирхийлэл нь дэлхийн дотуур гүйж, манай станцуудад бүртгэгдэж байгаа юм. Түүгээр нь бид цөмийг судалдаг. Дэлхийн цөм дээрээс ойсон, хугарсан долгионыг ялгаж аваад долгионы бүртгэгдсэн хугацаагаар цөмийг судалж байна гэсэн үг.

-Чичирхийллийн нөлөөгөөр дэлхийн доторх цөмийг судална гэдэг нь хэр үр өгөөжтэй арга байдаг юм бол?

-Рентгений долгионоор хүний гэдэс дотрыг зурдаг гэдэг шиг газар хөдлөлтийн чичирхийллийн долгионыг ашиглаж дэлхийн доторхыг зурж байна гэсэн үг. Дэлхийн аль нэг газар томоохон газар хөдлөлөө гэж бодъё. Тэр газар хөдлөлтийн чичирхийлэл бусад газар долгионоороо тархана. Ойрхон газруудад хүчтэй хурдан хугацаанд долгион хүрэх бол хол зайтай газруудад сул хугацаа нь удааширч ирнэ. Тэр долгионыг байршуулсан станцууд бүртгэж байдаг. Түүнийг бид тооцоолж, цөм ийм хэмжээтэй юм байна, энд шингэн хэсэг байгаа юм байна, энд нь царцдас байна гэдгийг гаргадаг. Дэлхийн дотоод бүтэц гэдэг ойлголт яаж гарж ирсэн гэвэл геологийн үзэгдлүүдээр гарч ирдэг. Жишээ нь галт уул дэлбэрнэ гэдэг нь дэлхийн гүнээс халуун хайлмаг дээшээ гарч ирдэг. Энэ нь юуг хэлээд байна гэхээр халуун хайлмаг гэж байдаг юм байна. Гарч ирсэн хайлмаг нь царцангуутаатөмөр маягын хүнд болдог юм байна гэх мэтээр дэлхийн дотоод бүтцийг судалдаг.

-Одоо судалгааны ажил яг аль хэсэгтээ явж байгаа вэ?

-Доошоо бид царцдас мандлынхаа хэмжээг бүрэн хэмжээд гаргачихсан. Зүүн тал руугаа бид детальны сайн хийж чадаагүй байгаа. Баруун талруугаа Алтай нурууны хажуугаар 12-13 станц ажиллуулаад урьдчилсан судалгааг хийж байна. Ирэх жилээс 70-80 станц байршуулж нарийн судлахаар төлөвлөж байна. Хангай, Хөвсгөлийг гаргаад ирчихсэн. Улаанбаатараас урагш Өмнөговь, Дорноговийн нутгуудыг гаргачихсан. Түүгээрээ царцас давхаргын зузааныг тогтоогоод байна. Дэлхийн царцдас давхарга нь Монгол орны төв хэсгээр Хангайн нуруу, Хөвсгөль Алтайн өвөр хэсэгт 41-59 км, Улаанбаатар орчим 42-45 км, урагшаа говь уруугаа багасаж 35 км зузаантай болж байгааг тогтоогоод байна.

-Улаанбаатар газар хөдлөлтийн хэр идэвхитэй бүсэд байдаг вэ?

-2005 оноос Улаанбаатар орчим газар хөдлөлтийн идэвхжил харьцангуй өссөн. Энэ идэвхжил одоо хүртэл буураагүй. 2005 оноос өмнө жилдээ 100-200 удаагийн газар хөдлөлт бичигддэг байсан бол үүнээс хойш хамгийн оргил үедээ 2300 хүрсэн. Урьд нь Улаанбаатарын ойр орчимд хүчтэй газар хөдөлж байсан зургаан голомтыг тогтоосон.Энэхүү голомтуудыг яаж тогтоох вэ гэвэл хүчтэй газар хөдлөлтөөр газрын гадаргууд томоохон хэмжээний цууралт үүсдэг. Жишээ нь Говь-Алтайд газар хөдлөхөд 8 м хүртэл газар зөрж шилжсэн байдаг. Босоогоор бол 3 м хүрсэн шилжсэн. Энэ нь хүчтэй газар хөдлөлт нь газарт заавал нэг ул мөр үлдээдэг гэсэн үг. Өмнө нь үүссэн зургаан хагарал нь 2005 оноос дахиад идэвхжээд эхэлсэн. Газар хөдлөлтийн идэвхжилт нь хагарлын дагуу тогтмол явагддаг шилжилт хөдөлгөөнд өөрчлөлт орох өөрөөр хэлбэл чөлөөт хөдөлгөөн нь саарч эхэлбэл эвдрэл эрчимтэй ядагдаж байдагтай холбоотой. Дэлхийн радиус нь 6400 км үүнээс хайлмаг хэсэг буюу манти нь 2800 гаруй км-ийн зузаантай. Гадуурх чулуулаг мандал нь 30-70 км-ийн зузаантай. Энэ өндөгний хальс шиг нимгэн давхарга нь харьцангуй шингэн хэсэг дээр байнгын хөдөлгөөнд оршидог. Хөвж явахдаа нимгэн давхарга нь урьд нь хагарсан, цуурсан байдаг. Тэр цууралын дагуу байнгын газрын шилжилт хөдөлгөөн явагдаж байдаг.

-Улаанбаатарт яг хэдийд газар хөдлөхийг урьдчилж мэдэх боломж бий юу?

-Энэ нь өөр сэдэв болно. Газар хөдлөлт гэдгийг илүү өргөн хүрээгээр ойлгох хэрэгтэй болж байгаа юм. Дэлхий өөрөө урьдны газар хөдлөлтөөр энд тэндээ цуурчихсан байдаг. Тэр цууралтын дагуу байнга газар хөдлөлт, хөдөлгөөн шилжилт явагдаж байдаг. Хэзээ шилжилт хөдөлгөөн явагдахаа больж, хөдөлгөөн хийж чадахаа больхоор барьцалдсан хатуу биеэ эвдээд эхэлнэ. Царцас мандал, уул нуруудаа эвдээд эхэлнэ. Чөлөөтэй хөдөлж байснаа хөдөлж чадахаа болин эвдрэлүүд үүсч, түүнээс тархсан долгион нь газрын гадарга дээр мэдрэгдэж байгаа үйл явцыг л газар хөдлөлт гээд байгаа юм. Хөдөлгөөн хаана явагдаж байна, хаана хоригдож байна тэр хэсэгт газар хөдлөлт идэвхтэй байдаг. Газар хөдлөлт тэдийд болно гэсэн урьдчилж хэлэх боломж байгаа л байх. Гэхдээ өнөөдрийн шинжлэх ухааны түвшин хүрээгүй байна. Нарийн судалгаа хийх боломж байхгүй. Маш өндөр өртөг гарна. Дэлхийн бүх мөнгийг нийлүүлж байж Монголыг бүрхсэн нэг метр, метрийн зайтай багаж тавьчих юм бол яахав магадгүй тэдийд газар хөдлөх юм байна аа гэж хэлж магадгүй.

-Хамгийн сүүлд Улаанбаатарын ойр орчимд хэзээ хүчтэй газар хөдөлсөн бэ?

-1000-аад жилийн өмнө Улаанбаатарын баруун болон өмнөд хэсгүүдэд хүчтэй газар хөдөлж байсан гэдгийг судалсан. Бусад газруудад нь 2000-3000 жилийн өмнө хөдөлж байсан юм байна лээ. Тайван байсан газар дахиад гэнэт идэвхжээд ирнэ гэдэг нь тэнд хөдөлгөөн нь хоригдчихсон энерги хуримтлагдчихсан одоо эвдрээд эхэлж байна гэсэн үг.

-Газар хөдлөлт яг хаана болохыг харин хэлж болох нь ээ?

-Газар хөдлөлт хаана хамаагүй газар болдоггүй. Урьд нь газар хөдлөөд хагарсан, цуурсан ан цав үүссэн газруудад л болдог. Түүнээс эрүүл газруудад болох нь харьцангуй бага. Тэгэхээр бидний хийдэг ажил бол урьд нь цуурсан газруудыг нарийвчлан тогтоож, тодорхойлдог. Тогтоосон газруудын хөдөлгөөнийг барихаар судалгааны станцуудыг Улаанбаатарыг тойруулаад барьчихсан судалгаагаа байнга хийж, хянаж байдаг.

-Зарим үед маш хүчтэй газар хөдлөлт болж, заримдаа мэдрэгдэх төдий чичиргээ болдог. Энэ юутай холбоотой вэ?

-Хүн хүний ааш зан хоорондоо өөр байдаг. Зарим нь ууртай дүрс хийсэн ааштай, зарим нь дөлгөөн даруу. Газар хөдлөлт яг л тийм. Урьд нь үүссэн цуурал хэр гүнзгий, тектоник хөдөлгөөн нь хэр түлхэж байна гэдгээсээ хамаараад нэг үзүүлэлт, нэг параметр гэж байхгүй. Түүнээс газар хөдлөлтийг урьдчилж хэлсэн тохиолдолууд байдаг. Жишээлбэл: Хятдад болсон Хайчингийн газар хөдлөлт. Сарын өмнө хотоо нүүлгээд хор хохирол нь харьцангуй бага гарч байсан.

-Байгалийн баялаг нүүрс алт ухаж олборлох нь газар хөдлөлтөд нөлөөлдөг үү?

-Байгалийн баялаг өөрөө идэвхтэй бүс нутгуудаараа үүсдэг. Газар хөдлөлийн гүн нь өөрөө 15-25 км. Бидний ашиглаж байгаа байгалийн баялаг нь хэдхэн километрийн гүнд л байгаа. Түүнээс газрын 20-30 км-ийн гүнд байгаа үйл явцад хамаагүй наана байгаа ганцхан км юм нөлөөлөхгүй. Гарнаас өргөс авч байгаатай л адил мэдэгдэхгүй. Ашигт малтмал яаж үүсдэг үү гэхээр магми газрын гүнээс хөөрч орчноо өөрчилдөг. Тэр нөлөөгөөр нь алт, мөнгө, зэс гэх мэт байгалийн баялгууд үүсч байдаг.

-Хүний буруутай үйл ажиллагаанаас болж газар хөдлөлт болох боломж бий юу?

-Зөндөө бий. Жишээн дээр ярьвал энд нэг хагарал байна гэж бодъё. Энэ хагаралын эвдрэх хугацаа нь болоогүй байна. Гэтэл хүмүүс тэнд очоод хажууд нь уурхай газар ухаад, ус шахна. Тэгэхээр тэр хагаралыг идэвхжүүлчихдэг. Тэгээд нэг зуун жилийн дараа хөдлөх гэж байсан хагаралыг өнөө маргааш аваад ирдэг. Америк мэтийн хөгжсөн орнууд хаягдал усаа бүр км-ийн гүнд шахдаг. Тийм гүнд шахна гэдэг нь хүнд нөлөөлөхгүй. Тэр орчиндоо тархдаг. Гэтэл км гүнд байсан хагарал руу ус шахаад идэвхжлийг хөдөлгөөд эхэлдэг. Тэгээд арав хорин жил шахахаар нөгөө хагаралыг хүчээр хөдөлгөөд эхэлж байгаа юм. Хүчээр хөдөлсөн хагарал нэг л өдөр хөдөлнө. Тийм маягаар хүчтэй газар хөдөлж байсан тохиолдлууд байдаг.

-Ярилцсанд баярлалаа.

Categories
мэдээ нийгэм

Сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэгт 20000 гаруй хүн хамрагджээ

“Сүрьеэгүй Сэлэнгэ” хөтөлбөрийн хүрээнд зөөврийн дижитал рентген аппарат ашиглан 20 гаруй аж ахуйн нэгжийн 20000 гаруй иргэдэд цээжний хөндийн эмгэг илрүүлэх оношлогоог хийж тодорхой тооны сүрьеэгийн шинэ тохиолдлыг эрт үед нь илрүүлж, эмчилгээнд хамруулжээ. Тухайлбал, аймгийн хэмжээнд боловсрол, соёлын байгууллага, хилийн цэрэг, хүчний байгууллага, олон нийтийн зах, худалдааны төв, 14 сумын ард иргэд /16000/, Дархан уул аймгийн Шарын гол /661/, Төв аймгийн Сүмбэр, Жаргалант, Батсүмбэр /1094/, Дорноговь аймгийн Сайншанд сум /1600/, ХӨСҮТ-н хүсэлтээр Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн /796/ иргэнийг хамруулсан байна.

Мөн ирэх наймдугаар сард Монгол улсын Ерөнхий сайдын 2018 оны 105 дугаар захирамжийн дагуу Эрүүл мэндийн яам, Глобаль сангийн дэмжлэгтэйгээр Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоотой хамтран “Сүрьеэгүй аймаг” олон талын оролцоог хангах ухуулга, нөлөөллийн уулзалт, хэлэлцүүлэг болон сүрьеэгийн тусламж үйлчилгээг зохицуулагч бэлтгэх сургалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Монгол, японы эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхимын Япон, Монголын бүлгийн зөвлөх Ясухиса Шиозаки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа 1990-ээд оноос хойш өрнөж, энэ хугацаанд олон төсөл хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж ирснийг онцлоод Япон Улсаас үзүүлж буй тусламж дэмжлэг, техникийн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүд нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжил, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах, шилдэг тэргүүн туршлагаас суралцахад дорвитой хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэн хэлэв.

Түүнчлэн энэ оны 4 дүгээр сард хоёр улсын ЭМЯ-д хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан нь хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг баталгаажуулсан үйл явдал болсны зэрэгцээ энэ оны эцэст ашиглалтад орох Япон Улсын Засгийн газрын 170 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр байгуулагдаж буй АШУҮИС-ийн сургалтын бааз эмнэлэг нь хоёр улсын найрамдлын бэлэг тэмдэг болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Үүний дараагаар Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Я.Шиозаки Монгол Улсад хийж буй айлчлалын үеэрээ хийж гүйцэтгэж буй үйл ажиллагааны талаар танилцуулж, өнгөрсөн 4 дүгээр сард гаргасан хүсэлтийн дагуу ашиглаж байсан түргэн тусламжийн 10 ширхэг машиныг хүлээлгэн өгөхөд бэлэн болсныг албан ёсоор мэдэгдэв.

Уулзалтын явцад талууд хоёр улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлууд, авч хэрэгжүүлж буй бодлого, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үйл ажиллагааны талаар харилцан танилцуулж, дэлгэрэнгүй харилцан ярилцлаа.

Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хоёр улсын эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлснийг ноён Я.Шиозаки найрсгаар хүлээн авч, сайд Д.Сарангэрэлд ажлын амжилт хүссэнээр уулзалт өндөрлөв.

Categories
мэдээ нийгэм

21-р зуун өмнөх зуунуудаас илүү халуун байна

Британид өнгөрсөн он нь 1910 оноос хойшхи хамгийн дулаан таван жилийн нэг байсан тухай тус улсын цаг уурын газраас мягмар гарагт гаргасан тайланд тэмдэглэжээ гэж “Синьхуа” агентлаг мэдээлэв.

Тус улсын уур амьсгалын жил бүрийн тайланд дурдсанаар, жил ирэх тусам агаарын хэм улам дулаарсаар байгаа нь ажиглагджээ. Мөн 21-р зуун нь өмнөх гурван зуунтай харьцуулахад илүү дулаарсан үзүүлэлт гарсан байна.

Сүүлийн арван жилийн хугацаанд агаарын дундаж температур 1961-1990 оны дундажтай харьцуулахад цельсийн 0.8 хэмээр дулаарсан аж. Мөн хур тунадасын хэмжээ 8 хувиар нэмэгдсэн бол нар тусах нь 6 хувиар илүү болсон байна. Түүнчлэн энэ оны зун сүүлийн хэдэн арван жилийн дунджаас илүү чийглэг байгаа бөгөөд 1961-1990 оны үеийнхээс 20 хувиар их бороо ороод байгаа ажээ.

“Дэлхий даяар уур амьсгал өөрчлөгдөж байна. Манай улсад ч ялгаагүй байгаа бөгөөд өнгөрсөн 2017 он нь онцгой дулаан жил байсан билээ. Зун нь их бороо орж, өвөл нь цас ихтэй байсан. Үүнээс үл хамааран урт хугацаанд харьцуулж үзвэл, 2017 он нь 1961-1990 оны үеэс цельсийн нэг хэмээр дулаарсан байна” гэж Британийн үндэсний уур амьсгалын мэдээллийн төвийн цаг уурын газрын мэргэжилтэн Марк Маккартни мэдээлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар Г.Баясгаланг томиллоо

Төрийн албаны зөвлөлөөс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын албан тушаалд Гунгаагийн Баясгаланг томилуулахаар тогтоол гаргаж Засгийн газарт хүргүүлсэн. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Ш.Солонго Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд томилогдож уг албан тушаалын сул орон тоо гарсан билээ. Тэгвэл яг одоо Засгийн газрын хуралдаанаар Г.Баясгаланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын албан тушаалд томиллоо.

Төрийн албаны зөвлөл уг албан тушаалд томилогдох удирдах ажилтны нээлттэй сонгон шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу нийтэд зарлан мэдээлж, зохион байгуулахад шалгалтад дөрвөн иргэн өрсөлджээ.

Сонгон шалгаруулалтыг цахим систем болон долоон бүрэлдэхүүн шалгалтын хүрээнд зохион байгуулсан бөгөөд тэнцсэн иргэдийг нөөцөд бүртгэж, эдгээр иргэнээс Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Г.Баясгалан сонгон шалгаруултын үнэлгээгээр хамгийн өндөр оноо авчээ.

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Categories
мэдээ нийгэм

Гадаад улсад суугаа элчин сайдын яамдад хөрөнгийн үнэлгээ хийв

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргынтушаалаар томилогдсон ажлын хэсэг Монгол Улсаас Турк, Казахстан, Египет улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд газар, үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээ хийж байна.

Ажлын хэсэг удирдамжийн хүрээнд дипломат төлөөлөгчийн газрын газар өмчлөх эрх болон үл хөдлөх хөрөнгийг тоолох, хэмжилт хийх, үнэлбэл зохих хөрөнгийн тоо хэмжээ, чанар байдлыг нягтлан шалгаж жагсаалт бэлтгэх, зохих баримт бичигтэй танилцах, холбогдох ажилтнуудтай уулзаж тодруулга авах, үнэлгээ хийхэд шаардлагатай мэдээллийн судалгааны ажлын даалгаврыг маягтын дагуу бэлтгэх, хөрөнгөтэй холбоотой баримт материалыг цаасаар болон цахимаар бүрдүүлэх, акталж данснаас хасах, хөрөнгийн саналыг хянаж, материалын бүрдлийг хангуулж авах зэрэг ажлыг Элчин сайдын яамны ажилтнуудтай хамтран газар дээр нь ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Цахим орчин дахь аюулгүй байдлыг хянах талаар олон нийтийн санал хүсэлтийг авна

Олон улсын даатгалын хянан шалгагчдын холбоо нь даатгагчдын цахим орчин дахь аюулгүй байдлын асуудлаар санал дэвшүүлэн санхүүгийн гэмт хэргийн ажлын хэсэг тухайн асуудлаар хянах хүсэлт бүхий баримт бичгийн төслийг боловсруулж, 2016 оны наймдугаар сард хэвлүүлсэн байдаг. Энэхүү баримт бичиг нь цахим орчин дахь эрсдэл, аюулгүй байдал, учирч болох эрсдэлийг даатгуулах чадварыг хянах арга барилыг боловсронгуй болгон сайжруулахад чиглэсэн аж. Төсөлд уг баримт бичгийг авч үзэн тухайн байгууллагуудад цахим аюулгүй байдлын сайн практикийг хөгжүүлэх, хэрэгжүүлэхэд туслах талаар тусгажээ.

Тус холбоо нь олон нийтийг хамарсан үндсэн зөвлөгөөнийг энэ сарын 16-ны өдөр бага хурлын хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд олон нийтийн санал хүсэлтийг наймдугаар сарын 13-н хүртэл авахаар болсон байна. Саналаа өгөхдөө зөвлөгөөний цахим хуудсан дахь олон нийтэд зориулсан хэсэгт байрлах зааварчилгааг ашиглан санал сэтгэгдлээ үлдээх ба таны явуулсан санал сэтгэгдлийг тухайн мэдээллийн санд авч үлдэх юм. Мэдээллийн сан дахь сонголтуудаас сэтгэгдлийг нууцлахаар сонгоогүй тохиолдолд бүх сэтгэгдлүүд олон улсын даатгалын хянан шалгагчдын холбооны цахим хуудсанд нийтлэгдэх юм. Зарим нэг анхаарах зүйл нь Microsoft Word rэх мэт бусад програм хангамжуудаас зөвлөгөөний мэдээллийн санруу сэтгэгдлээ хуулж тавих үед зарим форматууд (жишээ нь сум заах) зэрэг нь хадгалагдахгүй байж магадгүй учраас анхаарах хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм

Японы парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн Ясүхиса Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа

Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулсан “Шизүкэ” буюу “Жудаг” үзэсгэлэнд оролцохоор ирсэн Японы парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн Ясүхиса Шиозаки, Японы Ёс зүйн нийгэмлэгийн тэргүүн Ито Наоко тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

Уулзалтын эхэнд Японы парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн Ясүхиса Шиозаки Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан цаг гарган хүлээн авч уулзаж байгаад талархлаа илэрхийлэв. Мөн Японы баруун бүст үеэр бууж иргэд ихээхэн хохирол амсаж байх үед Монгол Улсад Үндэсний их баяр наадам нь болж байсан ч үүний хажуугаар Монголын ард түмэн сэтгэл зовинон, хүмүүнлэгийн тусламж илгээж, эмгэнэн гашуудаж буйгаа илэрхийлсэнд гүнээ талархаж байгаагаа илэрхийлэв.

Хариуд нь, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын ард түмнээс илгээсэн бага ч гэсэн хүмүүнлэгийн тусламж нь манай хоёр улсын Засгийн газар, иргэдийн харилцаа ойр дотно, бат бэх, харилцан бие, биенээ хүндэтгэж байгаагийн илрэл гээд энэхүү харилцаандаа үндэслэн илүү ахицтай ажиллах ёстой талаар ярилаа.

Ноён Ясүхиса Шиозаки мөн Монгол Улс нь Япон улсын хувьд чухал түнш гэдгийг дурдаад, Дорнын эдийн засгийн чуулганы үеэр Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар ойр, дотно уулзаж, хоёр орны стратегийн түншлэл, хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа хэллээ.

Мөн талууд уулзалтын үеэр хөдөө аж ахуй, аялал жуулчлал, мал аж ахуй, бүс нутаг зэрэг сэдвээр дэлгэрэнгүй санал солилцож, Япон улсын өндөр технологи, менежмент зэргийг хослуулан ашиглах, тодорхой төслүүдэд хамтарч ажиллах асуудлаар ярилцлаа.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн Ерөнхий газраас сэрэмжлүүлэг хүргэж байна

Цагдаагийн Ерөнхий газраас сэрэмжлүүлж байна. Фэйсбүүк болон цахим сүлжээ ашиглан бусдыг хуурч мэхлэх аргаар мөнгө залилах үйлдэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна.

Иймд дараах сэрэмжлүүлэгийг хүргэж байна.

1. Фэйсбүүк болон бусад цахим сүлжээнд ашигладаг хаягийн нууц үгийг утасны дугаар болон төрсөн он, сар, өдөр, амархан нэрээр хадгалахгүй байх.

2. Нууц үгийг 7 хоног бүр өөрчилж, нууцлал алдагдахаас сэргийлэх.

3. Танд имэйл хаяг болон нууц код нэхсэн /сонжоо, зурхай, бусдын анхаарал татах бичлэг г.м/ холбоос ирсэн тохиолдолд түүнд нэвтрэхгүй байх.

4. Таны найз болон танилаас мөнгө, бусад зүйл гуйсан хүсэлт ирсэн тохиолдолд тухайн хүнтэй заавал биечлэн уулзах, үнэн эсэхийг нягтлан шалгасаны дараа шийдвэрлэж байх.

Энэ төрлийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл /залилах/-ээр зүйлчлэх бөгөөд 3-12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.

Categories
мэдээ нийгэм

Монголбанкны Ерөнхийлөгч “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн тав дахь шатны үнэлгээг хийхээр ажиллалаа

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн тав дахь шатны үнэлгээг хийхээр манай улсад ажиллаж байгаа Жефф Готтлиб тэргүүтэй ажлын хэсгийн төлөөллийн хамт 7 дугаар сарын 27-28 ны өдрүүдэд Өмнөговь, Дундговь аймаг дахь Монголбанкны салбарт ажиллалаа.

Энэ үеэр Ханбогд суман дахь Оюу толгой ХХК-ийн уурхайн үйл ажиллагаатай танилцсан ба тус компаний Санхүү эрхэлсэн захирал Пол Муллинс албаны хүмүүсийн хамт хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр уг төслийн эдийн засагт оруулж буй үр өгөөжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч ил болон гүний уурхайн бүтээн байгуулалттай танилцлаа.

“Оюу толгой” компаниас Монгол Улсын Засгийн газарт 2010 оноос хойш энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт 1.6 тэрбум орчим ам.долларыг татвар хураамжид төлж, үндэсний худалдан авалтад 2.5 тэрбум ам.доллар зарцуулжээ. Гүний уурхай 2020 онд анхны хүдрээ гаргах ба 2027 онд бүрэн ашиглалтад орсноор улсад одоо төлж буй татварын хэмжээ нь 3-4 дахин нэмэгдэнэ гэсэн тооцоололтой байна.

Ажлын хэсэг ийнхүү Оюу толгой ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Энержи ресурс ХХК-ийн уурхайгаар зочилсон юм. Тус компани нь өнгөрсөн арван жилийн хугацаанд нийт 2 их наяд орчим төгрөгийг уурхайн болон дагалдах дэд бүтцийн төслүүдийн хөрөнгө оруулалтад зарцуулж, 5.3 их наяд төгрөгийн экспортын орлого, 900 гаруй тэрбум төгрөгийг татвар, шимтгэл хэлбэрээр улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Тэгвэл 2018 оны эхний хагасын байдлаар нийт 4.3 сая тонн нүүрс олборлож 2.9 сая тонн баяжуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлээд байгаа ажээ.