Categories
мэдээ нийгэм

Хан-Уул дүүргийн нэг дүгээр амбулаторийн гадна тохижилтын ажил дуусчээ

Хан-Уул дүүргийн зургадугаар хороо, тус дүүргийн нэгдүгээр амбулаторийн гадна тохижилтын ажил хийгдэж дууссан бөгөөд байнгын ашиглалтад оруулахаар комиссын бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Гар утасны хүүхдэд нөлөөлөх хор уршиг

2007 оны эрдэмтдийн хийсэн судалгаанаас үзэхэд жил ирэх тусам хүүхдүүд ой санамж муутай, өөрийгөө хянах чадваргүй, танин мэдэхүйн чадвар муутай, сэтгэл санааны хямрал ихтэй болж байгаа нь батлагджээ. Үргэлж тоон системт төхөөрөмж буюу төрөл бүрийн төхөөрөмжүүдийг ашиглаж буй хүүхдүүд дээр судалгаа хийхэд тэдний тархинд “тархины гэмтэл авах үед эсвэл зөнөсөн үед тохиолддог” өөрчлөлтүүд илэрч байсан байна.

Долоон настай Европ хүүхэд амьдралынхаа нэг жилийг зурагтны өмнө өнгөрүүлсэн гэх судалгааны үр дүн гарсан ба 18 настай хүүхэд амьдралынхаа 4 жилийг зурагтны өмнө өнгөрүүлсэн хэмээн гарчээ.

Тархийг хөгжүүлж, хооллох хэрэгтэй. Бидний өөрийн ухаанаар бодож хийж буй зүйл тархийг хөгжүүлэх хамгийн чухал алхам болдог. “Хүүхдүүд өөрсдөө бодож, асуудалтай тулгарч байж олж авсан зүйл нь тэдний хамгийн чухал зүйл байж, тархиа хөгжүүлэх гол алхам болно” хэмээн Британийн сэтгэл судлаач профессор Таня Бирон (Tanya Byron) хэлжээ.

1970 оноос эхлэн хүүхдийн тоглох, хөгжих радиус 90%-иар буурч, бүх зүйл гар утасны дэлгэц рүү шилжсэн байна. Хүүхдүүд хэрхэн гадаа тоглох, бороонд норж гүйх, нэг нэгэнтэйгээ ярилцах гэх мэт зүйлийг мартсан. Тэд бүтэн өдрийн турш ухаалаг утсанд анхаарал хандуулах болжээ.

Гадаа гарч салхилах, найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ ярилцахаас илүүтэйгээр гэртээ зурагт үзэж суухыг хүүхдүүд орчин үед эрхэмлэх болсон хэмээн Сьюзен Гринфилд (Susan Greenfield) хэлжээ. Орчин тойрноо утсаар биш бодитоор мэдрэх нь хүүхдийн эрүүл мэндэд болон тархины үйл ажиллагаанд тустай гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.

Үүнээс гадна хүүхдүүд нойроо бүрэн гүйцэд авах хэрэгтэй боловч харамсалтай нь орчин үеийн хүүхдүүд компьютерын ард нэг л суусан бол хугацаандаа босож чадахгүйгээр улайрчихсан байдаг. Ийнхүү дутуу нойртой явснаар хүүхдийн сэтгэн бодох чадвар мууддаг байна.

Цахим ертөнц, төрөл бүрийн төхөөрөмж манай хүүхдийн тархинд хэрхэн нөлөөлдөг юм бол? гэж та асууж магадгүй юм. Нэгдүгээрт, үргэлж интернетэд суух нь гадаад орчинтой харьцах боломжийг хязгаарладаг ба өөрийнхөө тархийг хөгжүүлэх хангалттай мэдээллийг авч чаддаггүй байна. Үүнд: өөрийгөө хянах, асуудлыг шийдвэрлэх гэх мэт багтана.

Хүүхдүүд мэдээллийг тогтоох чадамж маш буурсан тул ихэнхдээ интернэтээс хайж олох нь тэдэнд илүү хялбар санагддаг. Үүнээс болоод ой тогтоолтын тал дээр асуудал үүсдэг байна.

Орчин үеийн 11 настай хүүхэд 30 жилийн өмнөх 8, 9 настай хүүхэдтэй тэнцэх даалгаварыг хийж байгаа гэдэгт та итгэх үү? “Цахим сүлжээ, техник нь хүний тархийг бага насны хүүхдийн тархи мэт болгож, хурц тод гэрэл, дуу авианд л хариу үйлдэл үзүүлдэг болгох магадлалтай. Тэд аливаад төвлөрч чадахгүй, зөвхөн одоогоороо л амьдрах вий гэхээс айж байна” хэмээн Сьюзен Гринфилд (Susan Greenfield) хэлжээ.

Гэхдээ та хүүхдүүдээ аварч чадна! Түүний ухаалаг гар утас, компьютер гэх мэт зүйлийг ашиглах хугацааг нь хязгаартай болгож өгөөрэй. Стив Жобс (Steve Jobs) л гэхэд хүүхдүүддээ айпад (ipad) огтхон ч хэрэглүүлдэггүй бөгөөд бусад төрлийн төхөөрөмжүүдийг амралтын өдөр болон шөнийн цагаар хэрэглэхийг хориглодог байна.

Америкийн “Wired” сэтгүүлийн ерөнхий редактор, 3D Robotics бүтээгчдийн нэг болох Крис Андерсон (Chris Anderson) мөн л төрөл бүрийн төхөөрөмж ашиглах хугацааг хязгаарладаг. Тэрээр унтлагын өрөөнд ямар ч төрлийн төхөөрөмж ашиглахгүй байх алтан дүрмийг баримталдаг байна. “Би интернетэд донтох өвчний асуудалтай тулгарч байсан учир хүүхдүүд маань энэ зовлонг туулаасай гэж би хүсэхгүй байна” хэмээн тэр хэлжээ. Blogger болон Twitter -ийн үүсгэн байгуулагчдын хүү өдөрт нэг цаг л интернэтэд суудаг бол OutCast Agency -ийн захирлын гэр бүлийнхэн өдөрт 30 минут л ухаалаг төхөөрөмж хэрэглэдэг байна.

Ингээд хэрхэн хүүхдээ “ухаан доройтлын халдвар”-аас аварч болох талаар танд хүргэлээ. Тиймээс энэ тал дээр нэлээд бодууштай байж, өнөөдрөөс эхлэж энэхүү зөвлөгөөг хэрэгжүүлэн гэдэгт бид найдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Улсын Онцгой комиссын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

Ажлын хэсэгт ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Суреш Бабу, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар ажиллаж байгаа юм.

Энэ үеэр аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, долоодугаар сарын 14-17-ны өдрүүдэд Өлгий суманд болсон үер, усны гамшгаас учирсан хохирол, гамшгийн дараах сэргээн босголт, иргэдэд үзүүлж буй тусламж болон цаашид хийж гүйцэтгэх ажлын талаар мэдээлэл сонслоо.


Аймгийн Засаг дарга А.Гылымхан ”Үерийн гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдийн хохирлын хэмжээг тогтоох ажлын хэсгээс гаргасан судалгаагаар Өлгий сумын дөрвөн багийн 929 өрх, 3817 иргэнд урьдчилсан байдлаар 15,6 тэрбум төгрөгийн хохирол учраад байна. Үүнээс амьдарч байгаа байшин нь бүрэн нурсан 110, орон гэр нь цаашид амьдрах боломжгүй болсон 154, их хэмжээний хохирол учирсан 266, бага хэмжээний хохирол учирсан 399 өрх байна. Одоогийн байдлаар Засгийн газар, олон улсын байгууллага, хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүдийн тусламжаар 100 орчим өрх орон байртай болсон. Үерт нэрвэгдсэн өрхүүдэд зориулан Өлгий сумын 10 дугаар багт 250 өрхийн хэрэгцээнд нийтдээ 15 га газрыг шинээр хуваарилаад байна. Мөн үерт автсан 198 га газарт цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлт хийхээс 143,5 га талбайн лааг, шаврыг зайлуулж, цэвэрлэгээний ажил 72,5 хувийн гүйцэтгэлтэй, халдваргүйжилтийн ажил 61,7 хувьтай явагдаж байгаа” хэмээн мэдээллээ.

Мөн тэрээр гамшгийн үеэр гарсан 762,4 сая төгрөгийн өрийг барагдуулах, гамшигт нэрвэгдсэн айлуудыг орон гэртэй болгох, үер буусан газарт шинээр худаг, цахилгааны шугам татах, Өлгий сумд далан барихад зориулж 2018-2019 онуудад төсөвлөсөн таван тэрбум төгрөгийг энэ жилийн төсөвт шилжүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлүүлж өгөхийг улсын Онцгой комиссын даргад уламжилсан байна.

Харин Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин, Засгийн газар, олон улсын байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, иргэдээс өгсөн тусламжийг хохирсон иргэдэд шуурхай хүргэх, энэ талаар иргэдэд ил тод мэдээлж байх, зарим зардлуудыг 2019 оны улсын төсөвт тусгуулах арга хэмжээ авах, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажилд онцгой анхаарах, үер усанд тэсвэргүй материалаар байшин барихгүй байх, орон гэр, хашаа байшингаа даатгуулах арга хэмжээ авах талаар иргэдэд ойлголт өгч ажиллахыг аймгийн удирдлагуудад үүрэг болголоо.

Мөн Засгийн газрын зүгээс олон улсын байгууллага, орон нутгийн удирдлагатай хамтран шаардагдах бүх арга хэмжээг авч, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм.
Түүнчлэн гамшгийн үед аврах, эрэн хайх, сэргээн босгох ажилд гар бие оролцсон аймгийн онцгой байдал, цагдаа, зэвсэгт хүчин, хилийн цэрэг, эрүүл мэнд, нийтийн аж ахуй зэрэг байгууллагуудын ажилтан, алба хаагч нарыг шагнаж урамшуулсан байна.

Мөн үер, усанд автагдсан багуудаар явж, айл өрхүүдийн нөхцөл байдал, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт болон үерийн далан босгох ажлын явцтай газар дээр нь танилцсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Л.Энхболд: “Эрдэнэс Таван толгой” компаниас 268 мянган тонн нүүрс хулгайлсан аж ахуй нэгжийн нэрийг удахгүй зарлана

УИХ-ын гишүүн Л.Энхболдтой ярилцлаа.


-МАН бага хурлаа хийж, УИХ-ын 42 дугаар тойрогт оролцох шийдвэрээ гаргасан. Нэр дэвшигчийн нэр хэдийд тодорхой болох вэ?

-МАН бага хурлаараа Хэнтий аймагт явагдах УИХ-ын нөхөн сонгуульд оролцох эсэх асуудлаа шийдлээ. Дараагийн бага хурлаараа 42 дугаар тойрогт хэнийг нэр дэвшүүлэхээ шийднэ.

-Хаврын чуулган завсарласнаас хойш багагүй хугацаа өнгөрсөн байна. Та энэ хооронд юу хийж амжуулав. Тойрогтоо очив уу?

-Гадаадад томилолттой байлаа. Тойрогтоо ямартаа ч ажиллаж байна. Цаг сайхан болсонтой холбоотойгоор малчдын сэтгэл тэнэгэр байгаа нь анзаарагдлаа. Мөн сүүлийн үед улс төрийн нөхцөл байдлаас болоод төв рүүгээ дуудагдаж байгаа.

-Өмнөговь аймагт үер ус ихтэй байгаа. Үүнээс болоод замын эвдрэл гэмтэл их байх шиг байна?

-Үер ус ихтэй байгаагаас шалтгаалж баруун, зүүн тийшээ явдаг хатуу хучилтын замуудад жаахан саатал бий болж байна. Баруун талын чиглэлийн нэг км хэртэй газар эвдрэл гэмтэл ихтэй, ослын байдалтай болчихсон. Мөн Гашуунсухайт орох 260-аад км зам багагүй эвдрэлтэй болчихлоо. Хэдийгээр бороо хур хүсч байсан ч гэлээ хэт их үер ус гамшиг авчирч байна. Үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэхээр манай холбогдох байгууллага, компани, аж ахуйн нэгжүүд ажиллаж байна.

-Гашуунсухайт чиглэлийн зам эвдэрч гэмтснээс үүдэн нүүрс тээвэрлэлт төдийгүй жолоочдын хувьд ч байдал хүндхэн байгаа. үүнд ямар арга хэмжээ авч байгаа бол?

-Замын эвдрэл гэмтлээс үүдэн Гашуунсухайт чиглэлийн 120, 191 дүгээр км-ийн замууд дээр эвдрэл гэмтлүүд ихээхэн гарсан. 120 км-ийн зам дээр нүүрс тээвэрлэлтийн 700 гаруй машинуудыг зогсоосон. Одоогоор машинуудыг гаргаад дуусаж байна. эдгээр машинуудын зарим нь энэ хэсэгт тав, зургаа хоночихсон байсан. Ямартай ч тухайн зам тээврийн компани болон Авто тээврийн үндэсний төвийнхөн нийлж хоол хүнс, унд усаар хангах арга хэмжээг яаралтай авсан. Цаашдаа хатуу хучилттай замуудад засвар хийж, шинэчлэхээс өөр арга байхгүй. Тиймээс одоогоор түр өнгөрүүлэх, нэвтрэн гарах, шороон замын асуудлыг цэгцлээд ажиллаж байна.

-Хаврын чуулганаар Таван толгой төслийг эргэлтэд оруулах тогтоолын төслийг баталсан. Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-МАН 2016 оны сонгуулиар томоохон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөж, эрчимжүүлэх хэрэгтэй энэ нь Монголын эдийн засгийг эрүүлжүүлэх томоохон гарц гэж харж байсан. Энэ ч утгаараа энэ томоохон төслүүд хөдлөх учиртай. Бид ч ингэж шаардаж байгаа. Хаврын чуулганаар амжиж Эрдэнэс Таван толгойн ажлыг эрчимжүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг сайжруулах асуудлыг шийдвэрлэлээ. Олон улсын хөрөнгийн зах зээл дээр Таван толгойн 30 хувьд IPO босгохоор болж байна. Ингэж байж эргэлтийн хөрөнгөтэй болох юм. Өнөөдрийн үйл ажиллагаа нь хэвийн явж байна. Гэхдээ дагасан томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжих ёстой. Станц, төмөр зам, хатуу хучилттай зам ч баригдах ёстой. Мөн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн тулд баяжуулах үйлдвэр барих ч гэдэг юмуу олон асуудлууд хэрэгжүүлээд явах юм бол эдийн засгийн үр өгөөж сайтай, манай улсад ашигтай байна гэж үзэж байгаа. Тиймдээ ч IPO босгох асуудлыг дэмжиж байгаа.

-УИХ-ын нэгдсэн чуулганаар Таван толгой төслийг эргэлтэд оруулах тухай ярьж байх үед сөрөг хүчний зүгээс Эрдэнэс Монгол компанийн тодорхой хувийг хяналтын багц болгох нь зүйтэй гэх саналыг гаргасан. Үүнд таны байр суурь ямар байсан бэ?

-Монгол Улсын Ерөнхий-лөгчөөс санал оруулж ирсэн асуудал л даа. Энэ асуудалд нухацтай хандахгүй бол болохгүй. Тиймдээ ч хойшилсон. Нэгдүгээрт, тооцоологдоогүй гэнэт орж ирсэн. Тооцоо судалгаа нь ямар байгаа эсэх, бодит амьдрал дээр хэрэгжих үү, үгүй гээд олон асуудал бий. “Эрдэнэс Монгол” компани дан ганц Эрдэнэс Таван толгойн хувьцааг эзэмшдэггүй. Багануур, Шивээ Овоо, Оюу толгой гээд олон компани, аж ахуй нэгжүүдийн хувьцааг эзэмшдэг. Тиймээс энэ асуудалд цэгцтэй, эдийн засгийн зөв тооцоололтой, төлөвлөгөөтэй байж ард иргэдэд өмчлүүлэх эсэх асуудлаа шийдэх нь зөв. Шууд улс төрийн өнцгөөсөө харж асуудлыг шийднэ гэдэг боломжгүй.

60 тэрбум-ын гэх хэрэгтэй холбоотойгоор МАН-ын зарим гишүүд ээлжит бус чуулган зарлах хүсэлт гаргасан. Таны хувьд уг асуудлаар нээлттэй сонсгол зарлана гэхэд дэмжиж гарын үсэгээ зурсан байсан. Тэгэхээр ээлжит бус чуулган зарлахыг ч мөн адил дэмжиж байгаа гэж ойлгож болох уу?

-Уг асуудлаар нээлттэй сонсгол зарлана гэхэд 19 гишүүн гарын үсэг зурсан. Миний бие ч гарын үсэг зурсан. Учир нь “60 тэрбум”-ын асуудлыг шийдвэрлэж, нэг талд нь гаргахгүй бол болохгүй. Улс төрийн том хүчний хувьд сонгуульд олон орно. Энэ бүрт байнгын дагаж явдаг нэг сүүлтэй байж болохгүй. Тиймээс цэгцлэх ёстой. Мөн уг асуудал босохоос хэдхэн хоногийн өмнө Эрдэнэтийн томоохон томилгоонууд явагдаж эхэлсэн. Үүнийг дагаад намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн эсрэг “Хоёр дахь 60 тэрбумынхан гарч ирлээ” гэдэг хар пиарыг хийж эхэлсэн. Энэ утгаараа хар пиар МАН-ыг байнга дагаатай явах нь гэдэг өнцгөөс харж нээлттэй сонсгол хийж нэг талд нь гаргах ёстой гэж үзсэн. Харамсалтай нь нээлттэй сонсгол хийсэнгүй. Гишүүдийн тоо нэмэгдсээр өнөөдөр 26-д хүрчихлээ. Ээлжит бус чуулган зарлах асуудлыг УИХ-ын даргад барьчихсан байна. Хуулиараа нийт гишүүдийн 1/3 нь ээлжит бус чуулган зарлахыг зөвшөөрсөн тохиолдолд хуралдуулах ёстой. Тиймдээ ч ээлжит бус чуулган зарлаж хуралдуулаад асуудлаа цэгцлээд явах ёстой л гэж хүлээж байна.

-УИХ-ын даргыг унагах улс төр яваад байна уу гэх хардлага байна. Та юу гэж харж байна вэ?

-Хэн нэгнийг унагах улс төр гэх үүднээс харахгүй байна. Ер нь бол улс төрийн нам, хүчин өөрөө эмх цэгцтэй, шударга, зарчимтай, цэвэр, ил тод явах учиртай. Цэвэр явах ёстой гэдэг үүднээс 60 тэрбум ч юмуу, аливаа дагасан том асуудлаас цэвэрлэгдэх шаардлагатай. Нөгөө талаас бид нийгэмд шударга ёсыг бий болгоно гэж олон ч удаа зарлаж, хашхирсан. Хоёр жил гаруй хашхирлаа. Олон асуудлууд шийдвэрлэгдээгүй байж байна. Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар авсан. Би ажлын хэсэгт нь байсан учир мэдэж байна. Бондууд болоод Монголбанкны 14 их наяд төгрөг хэвлэсэн гэх асуудлууд байна. Энэ мэт Монгол Улсын эдийн засгийг хямралд оруулсан хууль тогтоомж зөрчсөн асуудлуудыг шийдвэрлээд явахгүй бол манай улсад шударга ёс гэж байхгүй болно. Дээрээс нь МАН энэ нэрийг зүүгээд явах юм бол цаашдаа ард түмэнд хүндлэгдэхгүй. Намаар дагаж төрийн эрхийг барина гэсэн Үндсэн хуульд заасан эрхийг хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдалд хүрнэ. Хүмүүс намыг үзэн ядаж байна. Бид Үндсэн хуулиа өөрчлөөд намаар дамжиж төрийн эрхийг бариулахыг болиулчих хэрэгтэй.

Тэгэхээр өнөөдөр нэгэнтээ Үндсэн хуулиар заасан энэ эрх нь байгаа учраас үүнийг хэрэгжүүлэхийн тулд үүргээ биелүүлж, нэрээ цэвэр авч явах ёстой юм.

-Та “Эрдэнэс Таван толгой компанийн лицензтэй талбайгаас 268 мянган тонн буюу 20 орчим сая ам.долларын өртөг бүхий нүүрс алга болсон талаар мэдээллэж байсан. Мөн энэ асуудлыг АТГ-т шалгуулахаар хандсан. Нүүрсийг хулгайлсан гэх этгээдийг олж тогтоосон болов уу?

-“Эрдэнэс Таван толгой” компанийн лицензтэй талбайгаас 268 мянган тонн нүүрс алга болсон талаар би зарласан. Нүүрсний хулгайтай холбоотой асуудал одоо цэгцэрч байгаа. Би хашхирч, исгэрч, шоуддаг хүн биш. Асуудал байвал нэг мөр гаргаж тавих ёстой. Хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлэх шаардлагатай. Би энэ л үүргээ биелүүлсэн. Би энэ асуудлыг хоёр өнцгөөс л харж ярьж байгаа. Монголын ард түмний өмчөөс нэг ч төгрөг алга болох ёсгүй. Үүнийгээ би хэрэгжүүлнэ. Мөн Өмнөговь аймгийн ард түмний өмч болох орон нутгийн Таван толгой өрөнд орох ёсгүй. Хоёр Таван толгойн хооронд гэрээ байгуулсан. Тэр гэрээнд 268 мянган тонн нүүрсийг манайх авчээ, үүнийг бид төлнө гээд гэрээ байгуулчихсан байгаа. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн. Хэн авсан нь тогтоогдоогүй байхад хоёр захирал энэ асуудлыг шийдэж болохгүй. Тийм учраас энэ асуудлыг шийдэхийн тулд хууль хяналтын байгууллагуудад хандсан. Одоо энэ хэргийг шалгаад дуусаж байгаа. Өнөөдрийн байдлаар Мэргэжлийн хяналтын газар 340 орчим тонн нүүрсний асуудлыг гаргаад ирчихсэн байгаа. Ямар аж ахуйн нэгж авсан нь ч бас тодорхой болж байх шиг байна. Мөн орон нутгийн Таван толгойг өргүй болгосон. Өр төлөх ч ёсгүй. Гэрээ хийсэн хариуцлагатай этгээдүүд гэрээгээ цуцлах ёстой. Өмнөговийн ард түмнийг хамгаалж авч үлдлээ. Нөгөө талдаа Монголын ард түмнээс хулгай хийсэн өмчийн эзнийг тогтоож байна. Миний үүрэг энэ л байна. Бусдаар энэ асуудлаар попроод, улс төр хийгээд байх шаардлага байхгүй.

268 мянган тонн нүүрс хулгайлсан эзэн тодорхой болсон гэлээ. Нэрийг нь зарлаж болох уу?

-Төрийн байгууллагууд нэр усыг нь гаргачихсан. Одоо хууль хяналтын байгууллагууд эцэслэнэ. Тэр болтол хэн нэгний нэрийг зарламааргүй байна. Гэхдээ төрийн байгууллагуудын актуудыг эцэслэсний дараа би нэрийг нь ил тод зарлана. Улстөрд орж ирсэн шинэ тутам гишүүд баримтан дээр тулгуурлаж ярих хэрэгтэй, попрохгүй л гээд байгаа шүү дээ. Зарчмын хувьд цаасан дээр гарсан тамга тэмдэгтэй, гарын үсэгтэй зүйлийг л би олон нийтэд хүргэж, үүргээ биелүүлнэ.

-Намрын чуулганаар ямар төслүүд дээр ажиллахаар зэхэж байгаа бол?

-Намрын чуулганаар хувь гишүүний зүгээс хэд хэдэн хуулийн төслийг бэлтгэж, хэлэлцүүлгийн шатандаа явж байна. Нэгдүгээрт, газрын хэвлийн усыг ашиглах эсэх асуудал дээр хуулийн төсөл хийгээд явж байна. Би говиос сонгогдсон гишүүн. Говь нутагт ус хамгийн их хомсдолтой байгаа. Говиос ус хэрэглэж, том төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ гэдэг боломжгүй. Иймд хангай нутгаас ус татах томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ үүднээс уг хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Хоёрдугаарт, хайгуулын лицензтэй холбоотой хуулийн төсөл юм. Лицензний наймаа гэж их яригддаг. Цүнхэндээ цаас хийж аваачаад л их үнээр зардаг байдал бий болоод байгаа. Энэ нь ард иргэдийг их бухимдуулж байгаа учир хайгуулын лицензийн асуудлыг хязгаарлах, цаашлаад өгөхгүй байх зэрэг асуудлуудыг тусгахаар судалж байна. Ямар ч байсан үүнийг бид хязгаарлаж, цэг тавьж, хариуцлагыг нь өндөржүүлэх ёстой. Мөн Ашигт малтмалын хуулин дээр өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Нийгмийн хариуцлагыг бий болгох ёстой юм. Уурхайг ашиглаж байх явцдаа нөхөн сэргээлт хийх, тухайн нутаг дэвсгэрт ажиллаж амьдарч байгаа ард иргэдийн нийгмийн асуудлыг шийдэх зэргийг хуулиар зохицуулж өгөх шаардлагатай байна. Тэгэхгүй бол ард иргэд бослого гаргасаар л байх болно. Нийгмийн асуудал нь шийдэгдэхгүй, амьдрах орчин нь сайжрахгүй байхад бухимдхаас өөр яах билээ. Ямартаа ч дээрх гурван хуулийн төслийг өргөн барихаар судалж байна.


Categories
мэдээ нийгэм

Үерт өртсөн 187 өрхөд 115 сая төгрөгийн тусламж үзүүлжээ

Өнгөрсөн долдугаар сарын эхээр Ховд аймагт их хэмжээний аадар бороо орсны улмаас Жаргалант сумын ихэнх багуудын айл, өрхүүд үерт автсан байна.

Тухайн үед мэргэжлийн байгууллага, ажлын хэсгийнхэн 600 гаруй айл, өрх үерийн гамшигт нэрвэгдэж тодорхой хэмжээний хохирол учирсан гэсэн судалгааг урьдчилсан байдлаар гаргажээ.

Харин аймгийн Засаг даргын хүсэлтийн дагуу Монгол Улаан Загалмайн нийгэмлэгийн мэргэжилтнүүд орон нутагт ажиллаж, Жаргалант сумын 176 өрх, Мянгад сумын 4 өрх, Чандмань сумын 7 өрх нийт 187 өрхөд 240,300 төгрөг буюу нийт 45 сая төгрөгийн бэлэн мөнгөний тусламж олгосон байна.

Мөн бэлэн мөнгөний тусламжинд хамрагдсан иргэдэд гал тогооны ком, хөнжил, гудас, усны сав зэрэг эрүүл ахуйн багцын тусламж буюу нийт 70,0 сая төгрөгийн бараа материалын тусламжийг үзүүлжээ.

Ингэснээр Ховд аймгийн Жаргалант сумын үерт өртсөн иргэдэд МУЗН-ээс 115,0 сая төгрөгийн тусламжийг олгоод байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сайд Д.Цогтбаатар энхтайвны корпусын орон хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол дахь Энхтайвны корпусын орон хариуцсан захирал ноён Жин Никсонийг манай улс дахь албан томилолтоо дуусгаж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзав.

Сайд Д.Цогтбаатар АНУ-ын Энхтайвны корпус нь өнгөрсөн 30 шахам жилийн хугацаанд Монголд сайн дурын ажилтнуудаа илгээн ажиллуулж, Монгол Улсын нийгмийн хөгжил, сайн сайханд хувь нэмрээ оруулж, ялангуяа эрүүл мэнд, боловсролын салбарт чухал үүрэг гүйцэтгэж ирснийг сайшаан тэмдэглэв. Тэрээр Монгол дахь Энхтайвны корпусын сайн дурын ажилтнуудын тоог нэмэгдүүлэх улмаар ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад англи хэлний хичээл заах, спортын багш дасгалжуулагч солилцох зэргээр хамтын ажиллагаагаа тэлж болох талаар саналаа танилцуулав.
Ж.Никсон Монголд ажилласан он жилүүд нь үр дүнтэй байсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол Улс сайн дурынхны үйл ажиллагааг ямагт дэмжиж, хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв. 1990-ээд оноос хойш нийт 1300 гаруй сайн дурын ажилтан Монголд ирж ажиллажээ. Энэ хугацаанд тэд манай улсын 21 аймгийн сум, багуудад хүрч ажилласан байна.
Categories
мэдээ нийгэм

Наймдугаар сарын 10-нд болох үйл явдал

09.00 цагт “Зайсан Хилл” цогцолборын Prime Cineplex кино театрт олон улсын шатрын Их мастер А.Энхтуулын санаачилгаар зохион байгуулсан “Олон улсын шатрын зуны эрчимжүүлсэн мэргэжлийн сургалт”-ын төгсөлтийн баяр болно.

10.00 цагт МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулах ерөнхий ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан болно. Утас:80801625

10.00 цагт Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Шархад” дахь хээрийн сургалтын төвд “Оюутан цэрэг”- сургалтын танилцуулах өдөрлөг болно. Утас: 88017607

11.00 цагт Төрийн ордонд УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Баянзүрх дүүргийн 11, 12, 13, 16-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй сургууль, цэцэрлэгийн удирдлага, эцэг эхийн төлөөлөлтэй уулзана.

11.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд “ТАЛ НУТГИЙН МАРАФОН ” олон улсын марафоны зохион байгуулагчид мэдээлэл хийнэ. Утас: 94940307

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос “Зүүн хойд азийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ээлжит VIII чуулган”-ы талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт Хүүхдийг Ивээх Сангийн байранд “Бага насны хүүхдийг гэр бүлийн орчин хөгжүүлэх хөтөлбөр”-ийн талаар БСШУСЯ, Дэлхийн банкнаас мэдээлэл хийнэ. Утас: 88919395.

Хүй долоон худагт “Нүүдэлчин Монгол” наадмын хүрээнд
Нүүдэлчдийн отгийн тоглолт, үзүүлбэр

09.00 цагт Баянзүрх, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Налайх
10.00 цагт Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэг, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь
11.00 цагт Хан-Уул, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Завхан, Орхон
12.00 цагт Чингэлтэй, Ховд, Хөвсгөл, Хэнтий
13.00 цагт Налайх, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Баянзүрх
14.00 цагт Сүхбаатар дүүрэг, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Хан-Уул
15.00 цагт Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Завхан, Сонгинохайрхан, Чингэлтэй
16.00 цагт Булган, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай
17.00 цагт Дархан-Уул, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Баянзүрх, Налайх
18.00 цагт Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэг
19.00 цагт Хэнтий, Ховд, Хөвсгөл, Дорнод, Хан-Уул, Чингэлтэй
20.00 цагт Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган

Үндэсний спортын уралдаан, тэмцээн

07.00 цагт Үндэсний сурын багийн харваа, Буриад сурын цуваа харваа
08.00 цагт Шагайн харваа /баг/
09.00 цагт Уламжлалт харваа /баг/, Ширээний шагаа /баг/
10.00 цагт Жороо морины уралдаан

Ардын урлагийн тоглолт, арга хэмжээ

10.00 цагт Архангай, Баян-Өлгий
11.00 цагт Баянхонгор, Булган
13.00 цагт Говь-Алтай, Говьсүмбэр
14.00 цагт Дархан-Уул, Дорноговь
16.00 цагт Дорнод, Дундговь
17.00 цагт Завхан, Орхон

Үндэсний өв соёлыг танилцуулах уралдаан, тэмцээний хөтөлбөр

10.00 цагт Их талын хүчтэн /1, 2-р үе/, Шагайн харваа, Ширээний шагаа, Үндэсний сур, Оньсон тоглоом, Монгол шатар, Үндэсний бөхийн сургалт, Бэсрэг тэмцээнүүд
11.00 цагт Морьт сурын харвааны тэмцээн /Морин дээрээс нисдэг бай харвах, морины давхилт дундаас 4 байг тосож харвах/
12.00 цагт Ерөөлч магтаалчдын уралдаан /Наадамчдын дунд/
15.00 цагт Монгол ардын дууг хэн сайн дуулах вэ? уралдаан /Наадамчдын дунд/

Үзэсгэлэн, худалдаа

10.00 цагт Монголын уламжлалт гар урлалын үзэсгэлэн худалдаа “Хүрээ панз” дуудлага худалдаа /Бага тайз/
10.00 цагт Монголын уламжлалт цагаан идээ хоолны үзэсгэлэн худалдаа
11.00 цагт Монгол үндэсний хувцасны гар урлалын бүтээл
12.00 цагт Уламжлалт хоолны үзүүлбэр
13.00 цагт Монгол сийлбэрийн гар урлалын бүтээл
14.00 цагт Айрагны баяр /Дэмбээдэх/
15.00 цагт Уламжлалт эсгий гар урлалын бүтээл
18.00 цагт Тухайн өдөр зохион байгуулагдсан уралдаан тэмцээний шилдгүүдэд шагнал гардуулах ажиллагаа

Categories
мэдээ цаг-үе

Төгсөлтийнхөө ойгоор сайн үйлс бүтээсэн 10 “б”ангийнхан

Энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа Дорноговь аймгийн Сайншанд хотын Нэгдүгээр арван жилийг 1993 онд төгссөн Г.Батсүх багштай химийн сонгоны 10 “б” ангийнхныг онцолж байна. Хүүхэд насны гэгээн дурсамжуудаар дүүрэн сурагчийн дүрэмт хувцаснаасаа салж, оюутны ширээтэй залгасан тэртээх он цагаас хойш 25 жил улиран оджээ. Тэд энэ тухайгаа дурсан ярихдаа “Хэзээ ч гунихгүй юм шиг шуугилдаж, ангиа олохгүй төөрөлдсөн алдрай жаахан хүүхдүүд арван жилийн сургуульд элсэн орж байсан нь саяхан мэт. Гэнэн томоогүй, инээд хөөр цалгилсан арван жилийн сургуулиа төгссөнөөс хойш эдүгээ 25 жилийг ардаа үдсэн байх юм. Нэгэн модоор зүйрлэвэл арвын “Б” хэмээх модны мөчир тал, тал тийш салаалан дэлбээлж, улам саглагар сайхан ногоон мод болжээ гэцгээв. Энэ цаг хугацаанд эдний ангийнхан өөр өөрсдийн сонгосон сургуулиа дүүргэж ажил мэргэжлээрээ төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж, хүн ардынхаа сайн сайхны төлөө хөдөлмөрлөж явна. Химийн гүнзгий анги байсан болоод ч тэр үү, ихэнх нь эмч болсон байна. Зарим нь ардын үр хүүхдүүдийг сурган хүмүүжүүлдэг багш хэмээх эрхэм алдрын эзэд болжээ.

“Ер нь бид бүхэн салаалсан модны мөчир шиг хэрнээ санаачилсан ажил үйлсийг дэмжих талаар уйгагүй нэгдэж, баттай зогсож чаддаг хамт олон. Өвөл, хавар, зун, намрын аль ч улиралд халуун салхи, хүйтэн бороо, цас зуданд бат зогсох үндэс сайтай мод шиг амь нэгтэй анги билээ” хэмээн ярьцгаав. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж яваа эдний ангийнхнаас төрд үнэлэгдсэн гавьяа, шагналтнууд олон байдаг аж. Тодруулбал, салбартаа ажил үйлсээрээ манлайлан ажиллаж үйлдвэрийн аваргаас хүнс, хөдөө аж ахуйн, эрүүлийг хамгаалах, мэргэжлийн хяналтын, санхүү банкны, худалдааны, ардын боловсролын тэргүүний ажилтны цол тэмдгээр 10 гаруй хүүхэд шагнуулжээ. Мөн төрийн дээд шагналуудаас алдарт эхийн II одонгоор хэд хэдэн ээж энгэрээ чимсэн бол хоёр ч хүн Алтан гадас одон өлгийдөн авсан байна. Үүнээс гадна спортын мастер, дэд хурандаа цолтнууд ч энэ ангиас төрөн гарчээ.

Хэдийгээр сургуулиа төгсч, амьдралын их далайд хөл тавьсан ч 10 “б” ангийнхан төрөлх сургуулиа тохижуулахад сэтгэл зүрхээрээ гар бие оролцож байжээ. Бүхний манлайд энэ ангийнхны санаачилсан ажил ямагт цойлдог аж. Тухайлбал, төгсөлтийнхөө 20 жилийн ойгоор дурсамж ном хэвлүүлэн гаргаж, төгсөлтийн бичлэгийг 2-3 CD болгон бэлэглэж, химийн тэнхэмийг анги удирдсан багш Г.Батсүх агсны нэрэмжит болгон тохижуулсан зэрэг хүн бүрийн алгыг дээш харуулсан өгөөжтэй уулзалт зохион байгуулж байсан аж.

Атгасан гар шиг нэгдмэл байж чаддаг энэ хамт олон өнөөдөр 25 жилийнхээ ойн уулзалтаа угтаад нэгэн сайн үйлсийн ажлыг санаачлан хэрэгжүүлсэн байна. Золгүй ослоос болж хөдөлмөрийн чадвараа алдсан ангийн бүсгүй Ц.Ариунтуяад халуун гараа сунгаж, орон байрыг нь тохижуулж өгчээ. Нэгнээ гэсэн хүн бүрийн сэтгэл юу юунаас ч чухал гэдэг нь энэхүү сайн үйлсийн ажлаас тод харагдана. Тэр дундаа сэтгэлийн өргөл үзүүлсэн Ц.Батцэцэг, Ч.Энхтөр, Ч.Цэрэнсүрэн, Ч.Чингэрэл, Т.Баттуяа, Б.Тэгшлхам, Ж.Болормаа, Т.Саранцэцэг, Б.Амаржаргал, Ю.Байгалмаа, Д.Өлзийсайхан, З.Энхцэцэг, С.Ганчимэг, Б.Нарангэрэл, Б.Ууганцэцэг, Ч.Энхбат, Ё.Батнасан, Ц.Наранбаатар, Ч.Ариунгэрэл, Мөнхчимэг, Ө.НасанӨлзий, А.Түвшинбаяр, Б.Оюундэлгэр нарын үйлс үргэлж өөдрөг байхын ерөөлийг ангийн нөхөд нь онцгойлон дэвшүүлсэн шүү. Энэ тухай “Та хэдийн маань сэтгэлийн өргөл хандивыг эвлүүлэн зүйх их ажлыг маань гардан хийсэн Зэвсэгт хүчний 14 дүгээр ангийн ахлагч З.Батхүү, ахлагч Г.Алтаншонхор, 065 дугаар ангийн ахлагч Л.Эрдэнэбилэг, зэвсэгт хүчний 336 дугаар ангийн орон сууцны ажилтан Ч.Баттуяа, Н.Даваасүрэн нарын уран гар, торгон мэдрэмж, сэтгэлийн нандин учгаар найзын маань гэр сүндэрлэн бослоо” гэж халуун дулаан урмын үгээр нэгнээ мялаав.

Монгол орныхоо өнцөг булан бүрт тархан суурьшиж байгаа 10 “б” ангийнхан орон зайн хувьд хол ажин түжин амьдарцгааж буй хэрнээ ямар ч тохиолдолд нэг нэгнийхээ төлөө гэсэн чин сэтгэлтэй байдгийг дээрх сайн үйлс батлан харуулав. Ер нь бусад анги хамт олон, төгсөгчид хүртэл ойн уулзалтаараа зугаалж, хөгжилдөхөөсөө урьдаар 10“б”гийнхэн шиг сайн үйлсэд санаачилгатай оролцож байвал хожмоо сайхнаар дурсагдах нь дамжиггүй юм.

Ийнхүү арван жилийнхээ төгсөлтийн ойгоор сайн үйлс бүтээсэн энэ ангийнхан багшийнхаа тухай санагалзан ярихдаа “Энэ сайхан модны мөчир нь болсондоо туйлаас их баярлаж явна. Модыг маань бат бөх үндэстэй болох эх суурийг тавьсан талийгаач багш Г.Батсүх маань билээ. Багш маань Ардын боловсролын тэргүүний ажилтан, Алтан гадас одонт, тав, зургадугаар таван жилийн гавшгайч мундаг хөдөлмөрч нэгэн байсан юм. Мөн Г.Батсүх багш хичээл заахын хажуугаар спортод хорхойтой нэгэн байв.

Аймгийн хэмжээний наадмын барилдаанд хоёр удаа түрүүлж өсөх ирээдүйтэй начин цол хүртэж байсан. Ер нь багш маань бидний бахархал, үлгэр дуурайлал болсон хүн юм. Ангийнхаа хүүхдүүдийн санаачилсан бүхнийг ямагт дэмждэг, сурагчдынхаа ирээдүйн замыг гэрэлтүүлсэн ачтан байв. Г.Батсүх багш маань 500 гаруй шавь төрүүлсэн мундаг хүн байсан даа” гэцгээв. Мөн тэд ангийн анддаа тусалсан үйл явдлынхаа тухай нэмж ярихдаа “Өнөөдөр бидний дунд хамгийн их үгүйлэгдэж байгаа хүн бол яах аргагүй хайрт багш, ангийн хоёр сайхан анд минь юм. Хэдийгээр тэд маань бидний дэргэд байхгүй ч ангийнхаа охинд чин сэтгэлээсээ тусалсан биднийг бурхны орноос харж байгаа байх. Сайхан сэтгэлтнүүдийг өлгийдөж авсан ангийнхандаа 25 жилийн ойн баярын мэндийг хүргэж, тэднийхээ гэр бүл, үр хүүхдүүдэд нь орчлонгийн хамгийн гэгээн бүхний дээдийг хүсэн мэндчилье” гэв.


Categories
мэдээ цаг-үе

“Том толгой”-той бөхчүүд

Монголын Үндэсний бөхийн холбоо, Допингийн эсрэг үндэсний төвтэй хамтарч “Допинггүй монгол бөх” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн оны сүүлээр бөхчүүдийг допингийн шинжилгээнд анх удаа хамруулж байв. Өмнө нь зөвхөн баяр наадмын үеэр л шинжилдэг байсан юм. Солонгос дахь итгэмжлэгдсэн допингийн лабораторид 39 бөхийг шинжлүүлэхэд улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нараас хориотой эмийн жагсаалтад багтах бодис илэрч байв.

Олон улсын жишигт хориотой эмийн жагсаалтад орсон бодис хэрэглэсэн тамирчны тэмцээн уралдаанд оролцох эрхийг тодорхой хугацаагаар хасч, шагнал урамшуулал, цол хэргэмийг нь хураах шийтгэл оногдуулдаг. Допингийн асуудлаас шалтгаалж дэлхийн том гүрэн болох ОХУ-ын баг тамирчдыг өвлийн олимпийн наадамд оролцуулаагүй тохиолдол ч бий. Монголын Үндэсний бөхийн холбооноос допинг хэрэглэсэн бөхчүүдэд дотоод журмаараа Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцож тус бүрийнх нь барилдах эрхийг хоёр жилээр хассан юм. Гэсэн ч допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүд тухайн шийдвэрийг үл хүндэтгэж өнөөдрийг хүртэл барилдсаар байна.

Наад захын жишээ гэхэд улсын гарьд Ө.Бат-Орших өнөө жилийн “Увс нуур” галынхаа наадмын сорилго барилдаанд үзүүрлэсэн. Улсын гарьд ингээд зогсоогүй Налайх дүүргийн аймгийн цол чимэг олгох барилдаанд ч зодоглохоор очсон юм. Тэр наадамд зодоглосон бөхчүүд барилдах эрхээ хасуулсныг нь сануулахад Ө.Бат-Орших гарьд наадамчин олны өмнө “Би шоронд орох хэрэг хийгээгүй шүү. Хамтдаа олон наадамд барилдана гэдгээ мэдэж байгаа биз дээ” гэх мэтээр хашхичиж нэлээд юм болсныг батлах гэрчүүд бий. Гарьд бөхийн барилдааны нэгийн даваанд Увс аймгийн харьяат сумын заан Г.Түвшинжаргалд тахимаа өгөөд явсан юм. Мөн Налайхын наадамд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат улсын заан Б.Соронзонболд барилдаж байгаа харагдсан. Түүний хувьд өнөө жилийн бөхийн чөлөөт барилдааны улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр допингийн шинжилгээнээс зугтаж хууль зөрчсөн тамирчин. Олон улсын допингийн тухай хуульд допингийн шинжилгээнээс татгалзсан тамирчинг допинг хэрэглэсэн гэж үздэгийг спорт сонирхогчид андахгүй. Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр допингийн шинжилгээнд унасан аймгийн арслан Б.Гончигтавхай аймгийнхаа наадамд барилдаж хөлс хүчээрээ барилдсаар өнөөг хүрсэн залуусыг хохироосон жишээ бас бий. Харин аймгийнхаа цол чимэг олгох барилдаанд зодоглохоор очсон улсын начин Э.Дашийн хувьд барилдалгүй өнгөрсөн юм. Улсын начин ухамсраараа зодоглоогүй бол хууль журмаа дагасан жудагтай бөх гэж харагдах байлаа. Дундговь аймгийн удирдлагууд татгалзсан учраас зодоглоогүй гэсэн сураг дуулдсан. Тэгэхээр тэр бас л жудаггүй, ёс журамгүй загнасан бөхчүүдийн эгнээнд багтаж байна. Энэ жилийн үндэсний их баяр наадмын өмнө бөх сонирхогчдын дунд “Допинг хэрэглэсэн бөхчүүд наадмаар яах бол” гэсэн асуулт хөвөрсөн. Наадмаас өмнө допингоос болж эрхээ хасуулсан бөхчүүд хэд хэдэн барилдаанд зодоглоод явсан болохоор хэн ч ингэж бодно л доо. Ямартаа ч наадмын өмнө төрхгүйтэж, жудаггүйтээд явсан бөхчүүд төр түмнээ хүндэтгэж баяр наадмаар барилдана гэж эмх замбараагүй байдал үүсгэсэнгүй.

Харамсалтай нь, Засгийн газрын тогтоолоор зохион байгуулдаг бүсийн наадмуудад допинг хэрэглэсэн бөхчүүд бүгд шахуу гараад ирлээ. Сая жишээнд орсон гарьд Ө.Бат-Орших Хутагтын нутаг Дорноговь аймагт болсон Говийн бүсийн хурд наадамд барилдсаныг наадамчин олон нүдээрээ харав. Гарьд яг энэ наадмын өмнөхөн Өмнөд Монголд зодоглож түрүү бөхөөр тодорч, өндөр шагналын эзэн болсон юм. Мөн барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан Сүхбаатар аймгийн харьяат хурц арслан Б.Номиндалай Дарьганга суманд болсон Алтан-Овооны тахилга Зүүн бүсийн хурд даншиг наадамд зодоглож Монголын үндэсний бөхийн холбооны шийдвэрийг үл хүндэтгэлээ. Сумын заан С.Майнбаяр ч овооны наадмуудад зодоглож түрүүлж яваа талаар нутгийн бөх сонирхогчид гомдоллож байна лээ. Үндэсний бөхийнхөө баридааныг хоног тоолон хүлээдэг бөхийн хорхойтнуудыг шударга барилдаан л хөгжөөдөг.

БУРУУГАА УХАМСАРЛАДАГГҮЙ БӨХЧҮҮД

Допингийн тухай хуульд “Баяр наадмын үеэр сэргээш хэрэглэж шөвгөрсөн бөхийн цол чимгийг хураах, эсвэл барилдах эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасна” гэж заасан байдаг. Харин бусад үед допингийн шинжилгээнд бүдэрсэн тохиолдолд тухайн спортын байгууллага дотоод журмаараа шийдвэрлэх тухай Зөрчлийн тухай хуульд заасан. Монголын Үндэсний бөхийн холбоо тус хуулийн дагуу зохих шийтгэлийг бөхчүүддээ оногдуулсан юм. Олон улсын жишигтэй харьцуулахад харьцангүй зөөлөн шийтгэл л дээ. Гэсэн ч улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш нарын “том толгой”-той бөхчүүд Монголын Үндэсний бөхийн холбооны шийдвэрийг хууль бус гэж эсэргүүцэж Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан бол улсын заан Б.Пүрэвсайхан буруугаа хүлээгээгүй. Тэр “Монголын допингийн эсрэг үндэсний төв”-ийг худал дүгнэлт гаргаж байна” гэсэн факсыг БНСУ-ын допингийн хяналтын лабораторид илгээсэн байна. Хариуд нь Допингийн эсрэг үндэсний төвөөс залуу зааныг Олон улсын ба Үндэсний арбитрийн шүүхэд шалгуулахаар өгсөн талаараа мэдээлсэн. Монгол бөхөөс өөр спортод допинг хэрэглэсэн тамирчид буруугаа хүлээгээд цол хэргэмээ хураалгаж, спорт хороодынхоо гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй ханддаг. Харин монгол бөхчүүдэд тийм ухамсар алга.

Допинг хэрэглэсэн ихэнх бөхчүүд “Би хүнд өвчтэй, дээрээс нь бэртэлтэй байсан. Мэдэлгүй хэрэглэчихлээ. Монголын Үндэсний бөхийн холбоо бөхчүүддээ допингийн талаар мэдлэг, мэдээлэл олгохгүй байна” гэх нийтлэг шалтаг хэлж өөрсдийгөө зөвтгөж, бөхийн холбоогоо зүхдэг. Мэдээллийн эрин зуунд амьдарч буй бөхчүүд хаанаас ч Допингийн эсрэг үндэсний төвийн сайт руу орж хориотой эмийн жагсаалтыг харах бүрэн боломжтой. Бэртэлдээ хэрэглэсэн эм бэлдмэлээ эмчийн бичиг тайлбарын хамт аваад очиход л өршөөгддөг талаар спортын анагаах ухааны мэргэжилтэн эмч нар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мөн ч олон хэлж байсан. Байнга шахуу хэлдэг сануулгыг чихнийхээ хажуугаар өнгөрөөнө гэж байхгүй.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ажил хийгээч ээ

Хөдөлмөрч, ажилсаг ард түмэн улс орныхоо хөгжлийн түүчээлэгчид нь байдаг. Тиймдээ ч монголчууд нэг нэгнийгээ “Ажил хийгээч ээ” гэж хэлдэг. Гэтэл манайхан брэндээр биеэ чимж, үнэтэй машин хөлөглөж, хамгийн сүүлийн үеийн гар утсаар гангарахын тулд улстөрчдийн цүнх барьж, увайгүй хуйвалдааны зуучлагч болж, наймаа панз эргүүлж байгаагаа ажил хийж байна гэх юм. Тэгвэл монголчууд хэзээнээсээ бодит хөдөлмөрийг л ажил гэж нэрлэж ирсэн. Хамгийн энгийн жишээ хэлье л дээ. Хавар нь хувин төмс газар булаад зунжин усалж тордоод намар нь дөрвөн шуудай болгож авдаг. Эсвэл оны эцсээр хүнээс хэдэн эм хонь гуйж аваад тэрийгээ хавар болтол маллаж төллүүлээд, эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйгээр тохиролцоод сайхан хуваагаад авчихдаг. Айлын хонь маллаж өсгөж өгснийхөө үр шимд өөрөө ч хэдэн хоньтой болчихно. Энэ мэтчилэн газар хагалж тариа ургуулах, байшин барилга босгох, зам, гүүр тавих, шугам хоолой холбох гээд хүний гараар бүтэж буй бүхэн бол жинхэнэ ажил. Монголчуудыгаа энэ маягаар ажил хийгээч ээ гэж хэлмээр санагдаж байна.

Манайхан гэнэтхэн тэнгэрээс мөнгөөр бороо асгах юм шиг л санацгааж биеийн хүч, хөдөлмөр шингэсэн ажлаас зугтдаг. Нэгэн нэр алдартай яруу найрагч, монгол ард хоёрын хооронд нэг ийм яриа өрнөсөн гэдэг. “Миний хүү юу хийдэг вэ” гэсэн хөгшиний асуултад найрагч залуу “Шүлэг, найраглалаа бичээд л сууж байна даа” хэмээн хариулжээ. Тэгтэл олны танил эрхэм маань өнөөх хөгшиний амнаас ямар үг сонссон гэж санана. “Залуу хүн байна даа, ажил хийгээч ээ” гэж хэлсэн гэлцдэг. Үнэндээ дуу дуулах, бөх барилдах, шүлэг зохиол бичих, лам, бөө болох, арилжаа наймаа хийхийг ажил хөдөлмөр гэж үздэггүй. Өнөөдөр монголчууд тэр аяараа наймаачин болсон гэхэд тийм ч хол зөрөхгүй болов уу. Өнгөн дээрээ панзчид маань өөрсдийгөө их ажил хийж байна гэж үнэлцгээдэг. Харин тэд бол хүний сэтгэж бодож, урлаж, бүтээсэн зүйлсийг бусдад мөнгө нэмж худалддаг л хүмүүс шүү дээ. Хэрэв хөлс хүч, ур ухаанаа зарцуулан байж өөрийн гараар бүтээсэн зүйлээ зарж, борлуулж байвал энэ нь жинхэнэ ажил болно доо. Даанч тэд нэг хүнээс авсан барааг нөгөө хүнд илүү үнэтэй зарж, дундаас нь хэдэн төгрөг цавчсан тухайгаа л ярьцгааж суудаг. Тиймээс хуучцуул маань арилжаа наймаа хийдэг улсуудыг “Наймаа панз үсэргэсэн ажилгүй муусай юмнууд” гэж зэмлэдэг байсан сан.

Монголд үйл ажиллагаа явуулж байгаа энэ олон том, жижиг дэлгүүр хоршоо, зах, худалдааны төв, гудамж талбайд бараа таваар ширхэглэгчид, ТҮЦ-үүдийг хар л даа. Тэнд хичнээн мянган хүн арилжаа наймаа хийгээд сууж байна вэ. Төр засаг нь болохоор байшин саванд үйл ажиллагаа явуулж байгаа зах, дэлгүүрүүдийг хөөж туугаад байхгүй хэрнээ гудамжны наймаачид болоод ТҮЦ-ийнхэнтэй байнга хөөцөлдөнө. Ойрын өдрүүдэд хотын зарим ТҮЦ-үүдийг буулгаж байгаа тухай мэдээлэл нэлээд цацагдсан. Албан тушаалтнуудын хөөх шийдвэрийг эсэргүүцсэн ТҮЦ-ийнхэн орилолдон тэмцэлдэх ширүүн маргааныг хэвлэлүүд мэдээлж байгаа. Эндээс ч нэг эмэгтэй “Биднийг амьдралгүй болгочихлоо” гэхэд цаанаас нь өөр нөхөр “Ядарсан ард түмнээ төр дандаа дээрэлхдэг” гэж хашхирч бархиралдаад л. Үнэндээ ТҮЦ-д дандаа асуудалтай хүнсний бүтээгдэхүүн зардаг гэсэн гомдол тасардаггүй юм билээ. Бас ар өврөөр нь согтуу хөлчүү хүмүүсийн бие зассан ялгадас хүний замаар урсч, халдварт өвчин үүсгэх нян бактер үржих үүр уурхай боллоо гэсэн сөрөг мэдээллүүдийг харахаар ТҮЦ-үүдийг хураах нь нэг бодлын зөв ч юм шиг. Нөгөө талаар нэг ТҮЦ цаанаа өчнөөн олон хүний амьдралыг залгуулдаг гэхээр байх ёстой ч юм шиг. Ар араасаа ачигдаад байгаа ТҮЦ-үүдийн зовлонг сонсоход үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө долоо, найман саяар авчихаад байхад нь засаг төр “Газрын зөвшөөрөлгүй юм байна” гээд хураадаг бололтой юм. Манай төр ч гэж төр. Хүнлэг бус өөдгүй байх юм. Өнгөрсөн жил долоон сая гаруй төгрөгөөр зөвшөөрлөө авчихаад байгаа иргэдийг хөөж тууж л байдаг. Энэ асуудлыг хуулийн байгууллагаар явж заргалдах ёстой. Яагаад ч төр нь хэлсэн амандаа хүрдэггүй юм. Өчигдөр байгуулсан гэрээгээ өнөөдөр үгүйсгэж сүр хүчийг үзүүлж л байдаг. Уг нь эрх зүйт нийгэмд амьдарч байгаа улсын иргэдийн хувьд энэ асуудлыг хууль шүүхээр явж заргалдах бүрэн боломжтой шүү дээ. Өрнөж байгаа үйл явдлууд манай иргэдийг ТҮЦ-нд их ач холбогдол өгдгийг хэлээд байна. Бүгд л ТҮЦ-тэй болох гэж хошуурдаг. Заавал наймаа хийж яадаг юм бэ. Энэ чинь л монголчуудыг ажил хийхгүй байгааг харуулаад байгаа юм шүү дээ. Дээрээс нь эцэг эхчүүд хүүхдүүдээ амьдрах ухаанд сургахын оронд олны танил од болгох гэсэн туйлын хүсэлтэй нэгэн болгож хүмүүжүүлэх юм. Хүүхэд болгон л дуучин, хөгжимчин, балетчин, загвар өмсөгч болно гэдэг болжээ. Эсвэл бөх болох гэнэ. За тэгээд хаана л ямар уралдаан тэмцээн болно, тэр бүгдэд хүүхдүүдээ аваачиж оролцуулан медалийг мянга мянгаар нь авчирч байна. Ингэж хүүхдийг багаас нь алдар нэр хүндийн төлөө гэсэн хийсвэр зүйлийг араас хөөцөлдсөн нэгэн болгож төлөвшүүлвэл насанд хүрсэн хойноо ажил хөдөлмөр хийж чадахгүй.

Монгол Улс маань хийж, бүтээе гэсэн хүнгүй болж гүйцлээ. Зах зээлийн шилжилтийг монголчууд худалдаа наймаа эрхэлж амь зуух нийгэм гээд ойлгочихсон. Жинхэнэдээ бид юм зарах биш, харин ч тэрийг нь зөв бүтээх нийгэмд амьдарч байгаа шүү дээ. Бүтээснээ бусдад зарж борлуулах нь хамгийн чухал. Бас энэ нийгэм биднээс хариуцлагатай, хүнлэг байхыг шаарддаг. Бид социализм гээд хий хөөрөгдсөн завсрын нийгэмд орсноос болоод амьдралын тухай ойлголтгүй болчихоод байгаа нь гашуун үнэн. Монголчуудын олон арван мянган жилийн туршид ажиллаж, хөдөлмөрлөж ирсэн тэр хэв маягаар бид амьдрах ёстой.

Өглөө эрт босч, бүтээлч байцгаая. Хүн бүр дор бүрнээ бичил аж ахуй эрхэлж, түүнийхээ үр шимийг хүртдэг баймаар байна. Ингэж чадвал улс эх орон хөгжиж, ард түмэн ч хуримтлалтай болж дундаж давхарга хөгжинө. Гадны улсын ганц хоёрхон жишээ татъя л даа. Жуулчдын диваажин болсон Чежү арлын ард түмэн дор бүрнээ жимс жимсгэнэ тариалж амьдарч байна. Гадаадын зочдын нүдийг хужирласан энэ аралын аж ахуй иргэдийн амьжиргаа байх жишээтэй. Саяхан л дайн байлдаантай хэцүүхэн байсан Вьетнамыг хар л даа. Өнөөдөр дундаж давхарга амжилттай хөгжиж яваа орнуудын нэг. Вьетнамд айл өрх бүр бичил үйлдвэрлэл, үйлчилгээ гээд бизнес явуулдаг. Үүнийг нь төр засгаас бодлогоор маш сайн дэмждэг юм билээ. Хоёр давхар байшинтай айл байлаа гэхэд нэг давхартаа өрхийн аж ахуйгаа эрхэлдэг. Оёдолчин, гуталчин, мужаан, гар урлал гээд өөрсдийн гараар бүтээсэн зүйлсээ үйлдвэрлэхээс гадна борлуулдаг гэсэн. Иймэрхүү маягаар монголчууд ч гэсэн байгаа зах зээлдээ тохируулж ажил хийх хэрэгтэй байна. Ажил хөдөлмөр бол амьдрах ухааны том сургууль юм.