Categories
мэдээ эдийн-засаг

Долоон хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ

2018 оны долдугаар сарын 26-ны өдөр I, II, III ангиллын 24 хувьцаат компанийн 2,202,337 ширхэг хувьцаа арилжигдсанаас долоон хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Жинст Увс’ (JIV+8.64%) болон ‘Мик Холдинг’ (MIK+7.22%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол ‘Бөөний Худалдаа’ (BHL-12.67%) болон ‘Женко Тур Бюро’ (JTB-10.11%) компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 1,320 ширхэг үнэт цаасыг 138.9 сая төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр ‘TOP 20’ индекс 19475.13 нэгж болж 1.14 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,366,977,994,710.56 төгрөг боллоо.

Categories
мэдээ нийгэм

Цахилгаан хязгаарлах өнөөдрийн хуваарь

Өнөөдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 27-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна.


11:00-16:00 цагт: 22-р хороо 128-р цэцэрлэг, МЦХ АТС-83, БЗД-ийн Цагдаагийн хэлтэс, СӨХ, ШУТИС-МХТС, Оюутны байр, Цагдаагийн ажилчдын орон сууцны барилга, Зүтгэл найдвар ЗБН, Монтс, Алаг адуут, Таманука, Нью жуулчин турс, Батхангай өргөө, Мөнгөн сав тоног, Немон ХХК-ууд, Иргэн Хангай Энхболд, Ганболд, Хандсүрэн нарын үйлчилгээний цэгүүд болон эдгээрийн ойр орчмоор

11:00-20:00 цагт: 9-р хороо, Шар хадны 4-39, 50-61, 63, Эрдэнэхайрханы 8, Эмнэлгийн 14-18-р гудамж, 65 А, Б байр, Дэлхийн зөн ОУБ, 3-р цэцэрлэг, 79-р сургууль, Нийслэлийн байгаль хамгаалах газар, Дусал ХЭАА, Бархгол, Гоулдсилвер, Рэбоожин, Алтан нарны тусгал, Монополь Дөрвөн өлзий, Бэст сервис, Альбатросс Эс Пи сервис, Мануул трэвл ХХК-ууд, Уурын зуух, ЦТС амралт

⚡️БАЯНГОЛ ДҮҮРЭГ

11:00-18:00 цагт: 7, 8, 9, 11, 23-р хороо Баруун Тасганы 1-3, 7, 8, Дунд Тасганы 1, 6-9, Зүүн Тасганы 3-6, Усан сангийн 1-6, Дэнжийн 28, 30, 41, 42, Зүүн Ард Аюушийн 1, 2, 5, 6, 7, 9-16, 25-р гудамж, Хувьсгалчдын Д-ын 1-5-р гудамж болон эдгээрийн ойр орчмоор

11:00-17:00 цагт: 6, 7, 8, 19-р хороо 3, 4, 10-р хорооллын 5А, 7, 7/1-7/3, 10А, Б, 16, 18, 35, 37, 37А/1-37А/3, 39, 40, 41, 42, 46, 47/1-47/3, 48А, Б, 49, 53, 74, 83/1, 83/2, 99-р байр болон эдгээрийн ойр орчмоор.


Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

​“Deepfakes” буюу хуурамч дүрс

Мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан иргэдийг хууран мэхлэх систем өндөр түвшинд хөгжиж байна. Хэн дуртай нь хүссэн хүнийхээ дүрд хувиран хуурамч видео бүтээх боломжтой болжээ. Технологийн ийм шийдлийг мэргэжилтнүүд “Deepfakes” гэж нэрлэж байгаа юм. Энэ нь хиймэл оюун ухаан дээр суурилсан хүний дүрийг бүтээх техникийн арга ажээ. Тодруулбал, энгийн иргэд олны танил эрхмийн дүрд хувирч, түүний дуу хоолой, нүүрний хувирал, тэр бүү хэл үрчлээс, амны хайрцаг зэргийг нь хүртэл ялгахын аргагүй дуурайдаг гэсэн үг. Сүүлийн үед ийм төрлийн технологи дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад улс төрийн зорилгоор илүүтэй ашиглагдах болсон юм. Саяхан АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампыг хэл амаар доромжилсон Б.Обамагийн яриа бүхий бичлэг олон нийтийг ихэд цочирдуулав. Үнэн хэрэгтээ энэ нь “Deepfakes” байсан нь нотлогдсон. Мөн хэдэн жилийн өмнө ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины хэлээгүй үгийг нь ярьсан болгож хуурамч бичлэг цацагдаж байв. Харин өнгөрсөн оноос дэлхийн оддыг эротик кинонд тоглосон мэт харагдуулах хиймэл видео цахим орчинд нэлээд дэлгэрсэн. Энэ мэтчилэн “Deekfakes”-ыг ашиглан хүссэн хүнийхээ дүрийг бүтээж, юу дуртайгаа ярьж, мэдэгдэж ард түмнийг төөрөгдүүлж байгаа юм. Гагцхүү дүрс бичлэгийн жинхэнэ, хуурамчийг мэргэжлийн программистууд л ялгаж чадна. Гол таних тэмдэг нь дүрсний нягтаршил юм билээ. Өнөөдөр хүн төрөлхтөн цахим мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Цаг хугацаатай уралддаг бид завгүй амьдралын хэв маягтаа мэдээллийн шуурхай чанарыг хадгалсан онлайн ертөнцтэй алхаагаа нийлүүлдэг болоод удлаа. Орон зайнаас үл хамааран мэдээллийг хүссэн газраасаа авах тэр боломжийг технологийн хөгжил бидэнд мэдрүүлдэг. Орчин цагт бараг л хүн бүр мэдээлэгчийн үүрэг гүйцэтгэдэг болсон гэхэд хэлсдэхгүй биз. Гэвч сайнаасаа муу нь түрүүнд цойлж, цахим мэдээлэл тараа таниулж байна. Харсан, үзсэн, бодсоноо ямар ч цензургүйгээр цахим ертөнцөд түгээдэг нэг төрлийн тархи угаалт давалгаалдаг болов. Авууштай нь хэт нэг талыг баримталсан, хувийн үзэмжээрээ баталгаагүй, хуурамч мэдээллийг олон түмэн ялгаж, таньж чаддаг болсон. Тэр хэрээр цахим мэдээллийн нэр хүнд унаж, иргэдийн итгэл үнэмшил ч буурч байна. Дээрээс нь “Deekfakes” буюу хуурамч дүрс газар авлаа. Хэн дуртай нь хүний өмнөөс дүрд нь хувираад ярих боломжтой болчихлоо. Цахим ертөнц дэх эдгээр хуурамч мэдээлэлд ард түмэн нэг удаа хууртсан байж болно. Дараагийн удаад хичнээн үнэн зүйл гаргасан ч иргэд итгэдэггүй гэдэг нь хэд хэдэн удаагийн судалгааны дүнгүүдээс харагдаж байгаа юм. Хуурамч бичвэр, дүрс бичлэгүүдээс залхсан иргэд зөвхөн цаасан хэвлэлийг илүүд үздэг юм. Ялангуяа урт хугацаанд оршин тогтносон, буурьтай суурьтай хэвлэлийг сонгодог. Сэтгүүл зүйн түүхэнд нэрээ тамгалж чадсан цаасан хэвлэлүүд бүгд л цахим хувилбартай байдаг. Жишээлбэл, үндэсний өдөр тутмын хэвлэл “Өдрийн сонин”-ы цахим сонин эх орондоо төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт хүрч байна. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд маань улс эх орондоо болж буй өдөр тутмын үйл явдлууд, төрийн бодлого шийдвэрүүдийг зөвхөн төв хэвлэлээсээ авахыг хүсч ийнхүү алс холоос цахим “Өдрийн сонин”-оо захиалан уншдаг юм. Интернэт орчинд тархдаг эрээвэр, хураавар мэдээллүүдийн цаана хариуцлага хүлээх эзэн бие байдаггүй. Тиймээс хэн дуртай нь амныхаа зоргоор донгосдог тэр орон зайг сошиал медиа бүрдүүлээд байгаа хэрэг. Харин түүхийн аль ч үед оюунлаг, ухамсартай хүмүүсийн сонголт нь сонин байсаар ирсэн юм шүү. Баримттай, мэдээлэл сайтай, олон ургалч үзлийг шингээсэн төв хэвлэлүүд өнөөдрийг хүрэхдээ нэлээд бартаатай замыг туулсан. Сонин хэвлэлийн амыг таглах гэж төрийн эрх мэдэлтнүүд сүрийг үзүүлж, элдэв хуулиар боомилох гэж оролдоно. Эсвэл улстөрчид өөрсдийгөө магтуулах зорилготой түр зуурын сонин хэвлэл байгуулна. Мэдээллийн эрин зууны шуурганд зөвхөн буурьтай цаасан хэвлэлүүд л хөл дээрээ бат зогсч, шалгарч үлддэг. Улстөрчид нэг нэгийгээ намнахдаа пиарын хар технологийг түлхүү ашигладаг болсон. Сонгуулийн үеэр бүр ч их дэлгэрдэг. Ийм худал хуурмаг мэдээлэл тараах гол хэрэгсэл нь цахим орчин болоод байгаа. Тэгвэл “Deekfakes” буюу хуурамч дүрс бүтээх техникийн аргыг пиарчид хамгийн их ашиглах нь мэдээж. Нэгэн цагт цаасан хэвлэл эд мандаж байх үед ведио зурагтай, мэдээллийгэх баримт болгоно гэдэг туйлширдаг байсан бол өнөө цагт энэ нөхцөл байдал эсэргээрээ болжээ. Хэн нэгнийг үнэмшихийн аргагүй адилхан бүтээдэг болсон хиймэл дүр бүхий видео дэлхий дахинд дэлгэрсэн болохоор хүмүүс итгэхгүй. Тиймээс хамгийн найдвартай мэдээллийн хэрэгслээр гарт баригддаг цаасан хэвлэл лцагийн цагт тодордог юм. “Deekfakes”-ыг манайд хөгжүүлэх чадварлаг программистууд хангалттай олон бий. Хуурамч видео хийх арга нэлээд олон жилийн өмнөөс эхлэлтэй. Анхандаа хиймэл дүрсийг анимейшнээр бүтээдэг байсан гэнэ. Саяхныг хүртэл ашиглаж байсан ийм арга нь тун болхи, хугацаа их зарцуулдаг байжээ. Учир нь IT-гийн компаниуд өөрсдөө тэр программаа бүтээдэг байв. Тэгвэл орчин цагт соурс кодоо нээлттэй тавьдаг болсон бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт ашиглах бүрэн боломжтой. Уг хуурамч дүрсийг “Tensortflow” программын тусламжтайгаар бүтээдэг байна. Ерөнхийдөө системийн ажиллах зарчим нь анимэйшнтэй төстэй. Тухайн хүний бодит ярианы бичлэг, үйл хөдлөлийг хиймэл оюун ухаан шинжлээд мэдрэлийн импульс, хоолойн кодуудыг бүрэн таниад авчихдаг гэнэ. Ийнхүү хиймэл оюун ухааны тусламжтайгаар богино хугацаанд хуурамч дүрсийг бүтээх боломж бүрдсэн байна. Түүнчлэн “Hologram” гэдэг технологи сүүлийн үед дэлгэрч, хөгжих хандлагатай болохыг мэргэжилтнүүд сануулж байгаа юм. Энэ нь хүнийг байхгүй газар нь байгаа мэт харагдуулдаг аж. Тэгэхээр энэ технологийг “Tensortflow” программтай хослуулаад хөгжүүлбэл хэн нэгнийг видеогоор нь биш, амьдаар нь дуурайж болох юм байна. Нэг ёсондоо хэн нэгний дүрд хувирсан хуурамч хүн биетээрээ яг дэргэд байгаа мэт гарч ирнэ гэсэн үг. Мэдээллийн технологи цаашид улам боловсронгуй хөгжиж, та бидний санаанд ч багтамгүй, төсөөлөлд ч байгаагүй тийм зүйлсийг бүтээх нь ойлгомжтой. Сануулахад ирэх аравдугаар сарын эхээр УИХын 42 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн гурван суманд нөхөн сонгууль болно. Нэр дэвшигчид хасах оноо авахыг хүсэхгүйн тулд сонгуулийнхаа сурталчилгааг хэрхэн хаагуур яаж явуулахаа зөв сонгох нь чухал. Нэгэнт сонгогч олон түмэн цахим ертөнцийн сурталчилгаанд итгэл алдарсан. Хэрэв нэр дэвшигчид аливаа мэдээлэл, мэдэгдэл хийвэл сонгогчид “Deekfakes”-ийг ашиглажээ гэж эргэлзэж, төөрөгдөхийг үгүйсгэхгүй. Өнөө цагт иргэд зөвхөн цаасан хэвлэлд итгэж үнэмшиж байгаа. Иймд нөхөн сонгуульд нэр дэвшигчид баттай, барьцтай сонин хэвлэлийг сонгож сурталчилгаагаа явуулбал амжилтад хүрч чадна.

Categories
мэдээ нийгэм

Архангай аймагт ихээхэн хохирол учирчээ

Архангай аймгийн Өндөр-Улаан, Хашаат сумдын нутагт түр зуурын, хүчтэй салхитай, усархаг аадар бороо орж, багагүй хохирол учруулжээ. Тодруулбал, долдугаар сарын 25-ны өдрийн 20:00 цагийн орчимд тус аймгийн төвөөс баруун хойд зүгт 130 км газарт аадар бороо орж, хүчтэй салхилсны улмаас сумын төвийн 30 гаруй айлын гэр, хашаа нурж, байшингийн дээвэр хууларсан байна.

Гэр нь нурсан 24 иргэнийг сумын эмнэлэгт түр байрлуулж, 48 настай иргэн С, 80 настай иргэн Д нарын биеийн байдал хүндэвтэр, эмчилгээ хийлгэж байгаа тухай мэдээллийг долдугаар сарын 25-ны өдрийн 21:30 цагт хүлээн авчээ.

Бид энэ тухай мэдээллийг тодруулахаар Архангай аймгийн Онцгой байдлын газартай холбогдсон юм. Тус газраас “Салхи шуурга долдугаар сарын 25-ны өдрийн 09:10 минутад болсон. Бэртэл авсан иргэдийн хувьд бүгд хөнгөн бэртсэн. Хөнгөн хэмжээний шалбарсан гэмтлүүдээ эмнэлгийн тусламж үйлчилгээ авч боолгосон. Салхинд хийссэн гэрүүдээ өнөөдөр бүгд буцааж барьсан.

Одоогийн байдлаар хохирлын хэмжээний тухай нарийн тоон мэдээлэл тогтоогдоогүй байна. Холбогдох албаны хүмүүс тогтоохоор ажиллаж байна. Өмнө нь гэр орон нурах хэмжээний салхи шуурга, байгалийн гоц үзэгдэл болж байгаагүй. Өндөр-Улаан сумын хувьд анхны тохиолдол болж байна.

Унасан шон босгох, тог цахилгаан холбох ажлууд хийгдэж байгаа учраас өнөө маргаашгүй цахилгаанаа залгана. Мал, амьтан сүйдсэн зүйл байхгүй. Тус салхи шуурга зэргэлдээ сумуудын хэсэгхэн зурвас газрыг дайраад өнгөрсөн” гэсэн юм.

arhangai

Өндөр-Улаан, Тариат чиглэлийн “Эрдэнэт-Булган Цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн хариуцдаг 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 10 тулгуур багана унасан байна. Мөн Тариат сумын нутаг дэвсгэрт тав, Өндөр-Улаан сумын төвд нам хүчдэлийн сүлжээнд 0,4 кВ-ын 40 гаруй тулгуур багана унажээ. Үүний улмаас Архангай аймгийн зургаа, Хөвсгөл аймгийн гурав, Завхан аймгийн нэг, нийт гурван аймгийн 10 сум цахилгаангүй болсон байна.

“Цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн Архангай аймгийн Жаргалант салбарын нэг, Өвөрхангай салбарын нэг, Хархорин салбарын нэг, Цэцэрлэг салбарын хоёр бригад, нийт таван бригадын 40 хүн, долоон техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа тухай “Цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн ээлжийн дарга Я.Цолмон долдугаар сарын 25-ны өдрийн 22:10 цагт мэдээлэв.

Тус аймгийн Онцгой байдлын газрын нэг алба хаагч, нэг автомашинтай, нутгийн захиргааны байгууллагын 20 алба хаагч, дөрвөн автомашинтай, нийт 25 хүн, таван техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа тухай сумын ЗДТГ-ын дарга С.Вандандулам долдугаар сарын 25-ны өдрийн 22:30 цагт тус тус мэдээлсэн ажээ.

arhangai

arhangai

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Болзошгүй үерийн аюулаас сэрэмжүүлж байна

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр 2018 оны долдугаар сарын 28-30-ны хооронд ихэнх нутгаар бороо хуртай, зарим газраар усархаг аадар бороо орж, 26-28-ны өдрүүдэд зарим нутгаар сэрүүсэх төлөвтэй байгаа тул үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Долдугаар сарын 27-нд болох үйл явдал

10.00 цагт “Пума Империал” зочид буудалд Оном сан, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, болон АНУ-ын эрдэмтэд “Элэг бүтэн Монгол” хэрэгжилтэд дэвшилтэт технологийг ашиглах боломжийн талаар мэдээлэл хийнэ. Утас:99202166

11.00 цагт Сүхбаатарын талбайд Нийслэлийн аялал жуулчлалын газраас ОХУ, БНХАУ, Монгол Улсын хоорондын “Цайны зам” хөтөлбөрийн хүрээнд аялж буй 400 жуулчныг хүлээн авна. Утас:99064759

11.00 цагт Нийслэлийн Засаг захиргааны V байранд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Монгол Тээвэр Нэгдэл” компани хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд 1.5-2 сая төгрөгийн цалинтай ажиллах жолооч нарт батламж гардуулна. Утас:97125557

12.30 цагт Сүхбаатарын талбайд “Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр”-ийн хүрээнд эмч нар элэгний B, C вирус илрүүлэх хурдавчилсан оношлогоо, элэгний эхо, элэгний хатуурлыг тодорхойлох үзлэг хийж, зөвлөгөө өгнө.

14.00 цагт Отгонтэнгэр Их Сургуулийн Их танхимд “ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ – Хүүхдийн бие хүний хөгжил төлөвшилд практик сэтгэл судлаачын оролцоог нэмэгдүүлэх нь” Олон улсын хамтарсан төслийн нээлт болно. Утас: 88009013

Categories
мэдээ цаг-үе

​Ц.Болорчулуун: Тариаланчдад газар тариалангийн тоног төхөөрөмжүүдийг наймдугаар сарын 1-ээс олгоно

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунтай ярилцлаа.

-Газар тариалангийн бүс нутгийг тогтоож, зарласнаас хойш хоёр сарын хугацаа өнгөрчээ. Тэр утгаараа иргэд, малчид газар тариалангийн бүс нутгийг зарласны ач холбогдлыг хэрхэн хүлээн авч байх шиг байна вэ?

– Засгийн газраас өнгөрсөн тавдугаар сард газар тариалангийн бүс нутгийг тогтоож, зарласан. Уг шийдвэрийг хэрхэн биелүүлэх, ард иргэдэд сурталчлан таниулах, ойлгуулах зорилгоор салбар яамнаас зөвлөмж гаргаж, тус бүс нутгийн удирдлага, шат шатны төрийн байгууллагад хүргүүлсэн. Энэ хүрээнд орон нутагт бүс нутгийн тухай ойлголтыг иргэдэд зөв өгөх зорилгоор олон уулзалтыг хийж байгаа. Ерөнхийдөө иргэд, малчид бүс нутаг зарлахын ач холбогдлыг ойлгож, өөрсдийн аж ахуйдаа тодорхой хэмжээний өөрчлөлтийг хийж байна лээ. Өөрөөр хэлбэл газар тариалангийн бүс нутагт амьдарч буй малчид бэлчээрийн мал аж ахуйгаас эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэдгийг мэдсэн байна. Тиймээс цаашид тус бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй эрхлэх малчдын тоо ихсэх хандлагатай байгаа. Нөгөөтэйгүүр бүс нутгийг тогтоосноор тэрхүү нутагт зөвхөн эрчимжсэн мал аж ахуй эрхэлж болно гэсэн заалт хуульд бий. Энэ нь арван малаас авах ашиг шимийг таван малаас авна л гэсэн үг. Ийм байдлаар малаа эрчимжүүлээд энэ бүс нутагт маллаж болох юм. Өөрөөр хэлбэл тоонд биш, чанарт нь анхаарч мал аж ахуй эрхэлнэ гэж ойлгож болно. Ингэхээр тэр бүс нутаг дахь мал эрүүлжиж, улмаар мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдэнэ. Эрчимжсэн мал аж ахуйг явуулахын тулд малдаа шим тэжээлтэй өвс, ургамлыг тариалах шаардлагатай болно. Тийм учраас тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүрэн боломжтой гэсэн үг. Мөн газар тариалангийн бүс нутгийг тогтоолоо гээд тэнд байгаа малчдыг хөөгөөд гаргахгүй. Энэ асуудал тодорхой цаг хугацааны дараа шийдвэрлэгдэх байх. Ер нь малчдад энэ бол газар тариалангийн бүс нутаг, тийм болохоор зөвхөн эрчимжсэн мал аж ахуй хөгжих боломжтой гэсэн шаардлагыг тавьж байгаа. Харин бэлчээрийн мал аж ахуйгаа өсгөнө гэсэн малчдыг бид өөр бүс нутаг руу нүүлгэн шилжүүлэх ажлыг зохицуулж болно.

-Газар тариалангийн бүс нутгийг хашаажуулах ажилд энэ жил дөрвөн тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Одоо энэхүү ажил хэрхэн явагдаж байгаа вэ?

-Бүс нутгийг тогтоочихлоо гээдзаасандээрзураадхаядаг зүйл биш. Газар тариалангаас дотоодын хэрэгцээгээ авахын тулд тухайн талбайг хэвийн хэмжээнд ургац өгдөг нөхцөлийг л бүрдүүлдэг байх учиртай. Тариалангийн талбайг хэвийн байлгахын тулд ямар нэгэн гадны нөлөө орохгүй байх технологийг нэвтрүүлэх шаардлагатай. Ямар нэгэн гадны нөлөөлөлд хамгийн түрүүнд бэлчээрийн мал ордог. Нэг үеэ бодоход манай улсын малын тоо толгой эрчимтэй өссөн. Газар тариалан гийн бүс нутгийг зарлалаа гээд тухайн нутгийн малчдыг өөр нутагруу явуулах боломжгүй. Тиймээс тариалалтын талбайгаа хамгаалахын тулд хашаажуулах шаардлагатай. Эхний ээлжид бид улсын төсвөөр долоон байршилд 400 км хашааг барихаар тендер зарласан. Уг тендерт 40 гаруй компани оролцож, долоон компани нь шалгараад гэрээ байгуулах шатандаа явж байна. Улмаар ирэх найм, есдүгээр сар гэхэд хашаажуулах ажлаа тодорхой хэмжээгээр хийчихнэ

-Тогтоогдчихсон бүс нутгийн тариалангийн талбай руу мал орж, тариалалтын талбайг сүйтгэсний улмаар тухайн малчдад хариуцлага тооцсон тохиолдол гарсан уу?

-Тариалангийн бүс нутагт байх ёстой малын тоо толгой сүүлийнжилүүдэд гурав дахин өссөн. Тэр утгаараа малчид, тариаланч хоорондын зөрчил хурцадмал болж байсан. Тариалангийн талбайд мал орсны улмаас үүссэн хохирлыг тооцох аргачлалыг саяхан гурван сайдын тушаалаар батлуулсан. Өмнө нь сум, орон нутгаас ажлын хэсэг гарч, хохирол учирсан талбайд очиж, практик аргаар асуудлыг шийдвэрлэдэг байсан. Тухайлбал, ногооны талбайг адуу орж сүйтгэлээ гэхэд тухайн адууны эзний азарга адуу тутмаас нэгийг нь авч хохирлоо барагдуулдаг байсан. Харин энэхүү бүс нутгийг тогтоосонтой холбоотойгоор хохирол тооцох талаар тодорхой аргачлал боловсруулсан. Энэхүү аргачлалаа эдийн засгийн томьёоллоор тооцож, гаргасан хохирлыг буруутай этгээд бүрэн төлөх зохицуулалтыг баталж гаргасан байгаа. Өөрөөр хэлбэлтариалангийнбүснутаг дахь тариалалтын талбайд учруулсан хохирлыг тухайн хохирол үүсгэсэн этгээдээр бүрэн төлүүлнэ. Тиймээс энэ бүс нутагт амьдарч буй иргэд, малчид дор бүрнээ хариуцлагатай байж, бусдын хөдөлмөрийг хүндэтгэх хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд малчдад хариуцлага тооцсон зүйл огт гараагүй. Малчид маань ч гэсэн малаа тариалангийн талбай руу оруулж болохгүй гэдгээ ухамсарлаж, тариаланчдыг ойлгож байна

Зарим аймаг, сумдын нутгийг газар тариалангийн бүс нутаг болгон зарласантай холбоотойгоор малчид, иргэдээс гомдол ирсэн үү?

-Тариалангийн тухай хуулийн дагуу албан зохицуулалт хийж өгсөн. Энэхүү хуульд тариалангийн талбайгаас гадагшаа 500 метрийн дотор өвөлжөө, хаваржаа байхыг хориглоно гэжзаасанбайдаг.Тиймучраас энэхүү хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллана. Бүс нутгийг зарлахаасөмнөбидтухайнбүс нутагт хамрагдаж буй малчид, иргэдийнтөлөөлөгчтэйуулзаж, хэд хэдэн удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан. Улмаар тухайн орон нутгийн ИТХ-ын шийдвэрээр зарласан бүс нутагт хамруулсан байгаа. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр гэдэг малчид, иргэдийн шийдвэр байдаг. Тийм болохоор ямар нэгэн малчин, иргэнээс манай бэлчээрийг тариалангийн бүс нутагт оруулчихлаа гэсэн шүүмжлэл, гомдол санал ирээгүй. Яг газар дээрээ ганц хоёр хүний буруу, зөв ойлголтоос үүссэн хэл ам, маргаан гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ шийдвэр бол олон нийтийн гаргасан шийдвэр. Ер нь манай малчид энэхүү шийдвэрийг ойлгож байгаа. Мал гэдэ г бол малчдын хөрөнгө.Тариалангийн талбай гэдэг тариаланчдын хөрөнгө. Тэд талбайдаа өөрийнхөө хөрөнгийг зарж, үр ашгийг нь хүртэж байгаа. Мэдээж хүний тарьсан талбай руу малаа оруулдаг монгол хүн гэж байхгүй. Тийм болохоор тариаланчид, малчид маань хоорондоо маш сайн ойлголцож, энэхүү бүс нутагт оршин амьдрах нь зөв.

-Зарласан тариалангийн бүс нутгийн хүрээг цаашид тэлэх үү?

-Мэдээж хэрэг тэлж болно. Тухайн аймаг, орон нутгийн Иргэдийн хурлын шийдвэр гарч, бидэнд хүсэлт ирүүлбэл түүнийг нь Засгийн газарт оруулж, шийдвэрлүүлэх боломжтой.

-Саяхан салбар яам газар тариалангийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж оруулж ирсэн гэсэн мэдээлэл байна. Хаанаас ямар төсөв өртөгтэй тоног төхөөрөмжүүд оруулж ирэв. Үүнийг тариаланчдад хэрхэн олгох талаар тодруулахгүй юу?

-Улсын төсөв хүндрэлтэй өнөө үед бид гадны хөнгөлөлтэй зээл, тусламжийг эрэлхийлж байна. Учир нь газар тариалангийн тоног төхөөрөмжийн аши глалт жил ирэх тусам хуучирч, шаардлага хангахгүй нөхцөл байдалд ордог. Тиймээс уг тоног төхөөрөмжүүдийг зайлшгүйшинэчлэхшаардлага тулгардаг. Өнөөдөр дэлхийн газар тариалангийн техник, технологи биднээс хол явж бай гаа. Гэхдээ дэлхийн хөгжилд хүрэхийн төлөө л ажилллаж байна. Бид өнгөрсөн жил О р о с ы н Холбооны улсаас Монгол Улсын Хөгжлийн банктай хамтарсан санхүүжилтээр 10 сая төгрөгийн техник, тоног төхөөрөмжүүдийг оруулж ирж тариаланчдад олгосон. Энэ жил дээрх шугамаар дахиад оруулж ирлээ. Тухайлбал, үр тарианы ком байн, цэвэрлэгээни машин, үтрэмийн техник, хадлангийн техникүүдийг оруулж ирсэн. Эдгээртоног төхөөрөмжүүдийг бид наймдугаар сарын 1-ээс тариаланчдад олгож эхэлнэ. Тариаланчид хүсэлтээ гаргаж өгнө. Гаргасан хүсэлтийг нь үндэслэж тодорхой хэмжээний урьдчидгаа төлбөр авна. Харин үлдэгдэл төлбөрөө дөрвөн жилд хувааж төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулан олгоно.

Өнгөрсөн жилийг бодоход энэ зун хур бороо ихтэй, тэр дундаа газар тариалангийн бүс нутгаар бороо харьцангуй их орж байна. Энэхүү хүчтэй усархаг бороо намрын ургац хураалтад сөргөөр нөлөөлөх үү. Цаашид наймдугаар сард цаг уурын төлөв байдал ямар байх шинжтэй байна вэ?

-Энэ сар гарсаар төвийн бүс нутгаар нэлээд их хур тунадастай байна. Гэхдээ долоо, наймдугаар сар бол борооны улирал. Тиймээс одоо ургаж буй тарималд долд у гаар сарын бороо эергээр нөлөөлнө үү гэхээс сөрөг зүйл байхгүй. Харин наймдугаар сарын сүүлээр ингэж бороошвол ургац хураалт авахад хүндрэлтэй байдаг. Бүр ургац хураалтын ажил хойшлох, үүнээс болж ургацхатах,чийгийгньхатахыг хүлээх зэрэг хүндрэлтэй олон асуудал гарч ирдэг. Түүнээс биш одоо орж байгаа бороо ургацад ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй. Харин ч ургац, хадлангийн талбайн өвсний массыг нэмэгдүүлэх, бэлчээр сайжрах зэрэг олон талын ач холбогдолтой.

– Намрын ургац хураалтын талаарх урьдчилсан мэдээлэл хэзээ гарах бол. Энэ жилийн тухайд төлөвлөснөөрөө ургац хураалт авчих байх гэсэн төлөв ажиглагдаж байна уу?

– Ирэх сарын 20-оос эхэлж намрын ургацын урьдчилсан баланс гарна. Тэр үеэр мэргэжлийн хүмүүс тариалангийн бүс нутгуудаар явж ургац тогтоолтын ажил хийдэг. Үүний дараа ургацын урьдчилсан баланс гарна. Тэр үед л хэдий хэмжээний ургац авах нь тодорхой болно. Одоо ид ургалтын үедээ явж байгаа учраас тийм хэмжээний ургац авна гэсэн урьдчилсан дүн мэдээг өгөх боломжгүй. Өнөөдрийн байдлаар газрын гарц, ургац боломжийн хэмжээнд ургаж байна. Өнгөрсөн хавар бид төлөвлөгөөндөө хүрч тариалалт хийсэн. Үр, тариа, улаанбуудай харьцан гуй багассан. Энэ нь өнгөрсөн тавдугаар сарын сүүлийн арван хоногийн хэт халалт, хуурайшилтай холбоотой гэж ойлгож болно. Нөгөөтэйгүүр бид төлөвлөснөөрөө тариалалтаа авч чадах юм бол дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангах нөхцөл үүснэ. Юутай ч энэ намар төлөвлөснөөрөө ургацаа авахын төлөө ажиллаж байгаа

Categories
мэдээ цаг-үе

​Б.Лакшми: Засгийн газар өрийг өрөөр дарж байгаа нь эдийн засагт ашигтай шийдэл биш

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшмитай Монгол Улсын өрийн талаар ярилцлаа.

-Засгийн газар саяхан “Дим сам” бондын төлбөрийг барагдууллаа, өрөө дарлаа гэж яриад байгаа. Өрийг өрөөр дарахаар чанарын ялгаа гарах уу?

-Өрийг өрөөр дарж байгаа нь хугацаа л хожсон асуудал. Эдийн засагт ашигтай, хэрэгтэй шийдэл биш. Чингис бондын эргэн төлөлтийн хугацаа болонгуут өнгөрсөн жил “Гэрэгэ”, “Хубилай” бонд гаргаад шийдчихсэн. Сая хэлсэнчлэн “Дим сам” бондыг өөр бонд гаргаад төлсөн шүү дээ. Монгол Улс том зээлүүдийнхээ хүүгтөлж байгаа. Эрх баригчид хүүг нь төлсөн, багасгасан гэж хэлдэг ч нөгөө талаас нь харвал урт хугацаандаа манай улсын өрийн зардал нэмэгдээд байна л даа. Хүүгээ төлж явсаар байгаад үндсэн өрөө төлөх боллоо гэж төсөөлье. Гэтэл бид өрийг өрөөр дарчихсан. Шинэ бонд гаргаад дарсан. Тэгэхээр хүүгийн төлбөр үргэлжлээд яваад байна гэсэн үг.

Манай улс одоогийн байдлаар нийтдээ хичнээн долларын өртэй байгаа вэ?

– Монгол Улс 27.4 тэрбум ам.долларын өртэй байна. ДНБ-ий 70 хувиас хэтэрчихсэн. ДНБ-ий 40 хувиас илүү гаргахгүй гэсэн хууль бий ч зөрчөөд яваад байна л даа. Өөрсөдтэйгөө адилхан шилжиж байгаа эдийн засгуудтай харьцуулахад манай улс хамгийн өндөр хэмжээний өртэй яваа. АНУ, Япон зэрэг улсууд өндөр өртэй гэсэн тайлбар хэлдэг л дээ. Хөгжсөн эдийн засагтайгаараа биднээс ялгаатай хүчирхэг улс орнууд. Манайх шиг нэг салбараас хараат биш, олон тулгуурт эдийн засагтай учраас өрийн асуудал тэдэнд бол том бэрхшээл биш.

– Хоёрхон жилийн дараагаас буюу 2020-2024 онд бонд, зээлүүдийн эргэн төлөлтийн ачаалал ихэснэ гэж байгаа. Бидэнд тэр их мөнгийг эргэж төлөх боломж нөөц байна уу, өрөө төлөхийн тулд яах ёстой вэ?

-Ирээдүйд 2020-2024 онд олон том өр биднийг хүлээж байгаа. Мазаалай бонд 2021, Гэрэгэ 2023, Хуралдай 2024 онуудад төлөгдөнө. Чингис бондын төлөлтийг 2022 онд хийнэ. Тэр үед ирэх их ачааллаа яаж давах вэ гэдгээ одооноос бодох хэрэгтэй. Өрийн менежмэнтээ сайн хийх ёстой. Баялгийн сангаа гэхэд л ямар байдлаар шийдэхээ бодох цаг болсон. Бидний хэсэг эдийн засагч хамтраад, гавьяат эдийн засагч Б.Осоргарав гуайн санаачилгаар Монголд анх удаа өрийн саарал ном гэж гаргасан байгаа. Энэ номдоо бид Засгийн газар, Сангийн яаманд богино, урт хугацаандаа ямар ажил хийх ёстойг чиглүүлсэн зөвлөмжүүдийг багтаасан. Богино хугацаандаа төсвийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын асуудлуудыг иж бүрнээр нь шинэчлэх шаардлагатай байна.Мэргэжлийн, хараат бус эдийн засагчдаас бүрдсэн Төсвийн зөвлөлийг байгуулах хэрэгтэй гэж зөвлөсөн. Өрийн удирдлага, төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг иж бүрнээр нь шинэчлэх шаардлага бий. Гадаадаас зээл авах, өрийн удирдлагын хүрээнд ханшийн хэлбэлзлээс хамгаалсан санхүүгийн арга хэрэгслүүдийг Монголбанкны зүгээс нэвтрүүлэх ёстой. 2020 оноос өмнө сонгуулийн тогтолцоог сайжруулах, өөрчлөх эрэлт үүсчихсэн. Жижигсгэсэн мажоритор тогтолцооноос болоод төсвийн хөрөнгө оруулалт үр өгөөжгүй яваад байна. Гишүүн бүр жижиг тойргууд руугаа сургуулийн дээвэр засна гэх мэт ялих шалихгүй шалтгаанаар мөнгө төсөвлүүлээд байхаар төсвийн хөрөнгө оруулалт ашгаа өгч чадахгүй л дээ.

-Тэгэхээр сонгууль томсгосон тойргоор явах нь төсөвт эерэг нөлөө үзүүлэх нь ээ?

-Тэгнэ.

– Ирэх сонгуулиар шийдвэр гаргах түвшинд санхүү, эдийн засгийн том гаргалгаа хийж чаддаг хүмүүсийг гаргахгүй бол их хэмжээний өр төлөх жилүүдийн ачаа эдийн засагт хүнд тусах юм байна даа?

-Санал нэг байна. Манай улс бүх өрөө гадаад зах зээлээс доллараар авсан учраас маш том эрсдэлтэй. Төв банк нөөцөө нэмэгдүүлэх бодлого барихаас аргагүй нөхцөл үүсчихсэн гэсэн үг. Доллар татах өөр нэг арга бол яах аргагүй гадаадын хөрөнгө оруулалт. Гадаад хөрөнгө оруулалтын орчин хүндрэлтэй, муу байгаа. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Хувь хүмүүс хадгаламжтай байх ёстой. Хадгаламж бүрдүүлэх суурийг нь бүрдүүлж өгөх шаардлага бий. Түрүү жил хуульд өөрчлөлт оруулж иргэдийн хадгаламжаас шууд арван хувийн хүү авдаг болсон нь маш буруу шийдвэр. Өмнөх хуулиар хүүгийн орлого нь 100 сая төгрөгөөс дээш гарвал 10 хувийн татвар авна гэж байсан шүү дээ. Гэтэл өнөөдөр бүх хадгаламжаас татвар авахаар болгоод гажуудуулчихлаа.

– Бүх хадгаламжаас татвар аваад эхлэхээр иргэдийн мөнгөө хадгалуулах сонирхол буурна биз дээ?

-Тэгнэ. Хүмүүс хүүхдийн 20 мянган төгрөгөө урт хугацаагаар хадгалуулдаг болсон. Тэндээс нь хүртэл татвар аваад эхлэхээр хэцүү л дээ.

-Эдийн засагчид Засгийн газарт өрөө хүндрэл багатай дарах чиглэлээр өөр ямар зөвлөгөө өгсөн бол?

-Концессийн гэрээ, хэлцлүүдийг хязгаарлах хэрэгтэй гэж зөвлөсөн. Маш олон гэрээ хэлцэл хийж байгаа. Үүнээс гадна өндөр хүүтэй арилжааны хэлцлүүдтэй зээлээс татгалзах шаардлагатай. Төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор дотоодын бондуудыг гаргадаг. Энэ бонд зөвхөн арилжааны банкуудаар арилжаалагдаж байгаа. Үүнийг яаралтай зогсоох хэрэгтэй. Төсвийг алдагдлыг нөхөхийн тулд заавал дотоодын бонд гаргах ёстой гэвэл зөвхөн банкууд гэж онцолж болохгүй. Аж ахуйн нэгжүүд, иргэдийг энэ арилжаа руу оруулах нөхцөлийг бүрдүүлмээр байгаа юм. Өндөр хүүтэй дотоодын бонд гаргаад байхаар банкуудад зээл өгөх сонирхол төрөхөө бол их эрсдэл бий. Зөвхөн өндөр хүүтэй бонд худалдаж авч мөнгө хийчихээд зүгээр суугаад байна л даа. Засгийн газар, Төв банк хувийн хэвшилд зээл зуучилж баталгаа гаргаж өгөөд байдаг. Үүнийг цэгцлэх шаардлага байгаа. Хувийн хэвшлийн зээлд баталгаа гаргаж өгөхөөр Засгийн газрын өрөнд тооцогдоод явдаг. Засгийн газрын өр их хэмжээтэй гараад байгаагийн бас нэг шалтгаан нь энэ. Хөнгөлөлттэй ч гэлээ тухайн улсын ажиллах хүчин, бараа бүтээгдэхүүнийг худалдаж авах үүрэг хүлээдэг хатуу нөхцөлтэй зээлээс татгалзах хэрэгтэй. Хятад, Энэтхэгээс авдаг зээлүүд хичнээн хөнгөлөлттэй нөхцөлтэй ч тухайн орны бараа бүтээгдэхүүн, ажиллах хүчнийг сонгодог. Эдийн засагт ямар ч өгөөжгүй гэсэн үг. Шинээр барьж байгаа гүүрийг гэхэд л хятадууд барьж байх жишээний. Ажлын байр нэмэгдэхгүй, ажилчдын цалин хөлс дотооддоо шингэхгүй хэрнээ бидэнд өр болоод үлдэнэ.

-Та ярилцлагынхаа эхэнд Төсвийн зөвлөл байгуулах ёстой гэж онцолсон Төсвийн зөвлөл ямар бүтэцтэй байвал үр дүнгээ өгөх вэ?

-Улс төрөөс хараат бус байж үр дүнтэй ажиллана. ОУВС-гаас ч ийм зөвлөл байгуулах ёстой гэсэн зөвлөмж өгчихсөн. Эдийн засаг сайн байх үед төсвөө хумиад хуримтлал үүсгэх хэрэгтэй. Тэгээд эдийн засаг хямарсан, унасан үед хуримтлалаасаа төсвөө тэлэх ёстой. Гэтэл бид тэгдэггүй. Эдийн засаг нь сайн ч, муу ч төсвөө тэлээд байдаг.

-Нүүрс, зэсийн үнэ дажгүй байна. Байгалийн баялгаас олох мөнгөө сан үүсгэж хуримтлуулбал өрөө зовлон багатай дарахад нөлөөлөх байх шүү?

-Санал нэг байна. Таван толгойгоо хөдөлгөвөл эерэг нөлөө үзүүлнэ. Гэхдээ энэ орд дээр тодорхой биш асуудал олон бий. Өмнө нь таван удаа тендер зарласан ч бүтэлтэй юм болоогүй. Олон улсын зах зээл дээр IPO гаргаж мөнгө босгоё гэвэл “Эрдэнэс Таван толгой” компанийн менежмэнт үйл ажиллагаа тодорхой байх ёстой . Гадаадын хөрөнгө оруулалтын орчноо сайжруулахгүй бол Таван толгой руу орж ирэх сонирхол хөрөнгө оруулагчдад төрөхгүй. Манай улс хэд хэдэн удаа олон улсын арбитрт дуудагдсан. Хөрөнгө оруулагчдад таагүй ойлголт төрүүлэхээс гадна шийдвэр нөгөө талд шийдэгдсэн үед манай улсын өр нэмэгдэж байгаа. Тухайн компанид төлөх Засгийн газрын мөнгө бол өр. Засгийн газар татвар төлөгчдийн мөнгөнөөс л арбитрт хандсан компаниудын төлбөрийг барагдуулж байгаа. Эцсийн дүндээ татвар төлөгчид л хохироод үлдэж байна.

-Татвар төлөгчид хүчтэй дуугарч байж энэ гажуудлы г засна л даа…?

-Шилэн дансны хууль маш хэрэгтэй шийдвэр байсан. Хэрэгжүүлэх ёстой шийдвэр. Тэгвэл татвар төлөгчид төлсөн мөнгөө юунд зарцуулагдаж байгааг мэдэж чадна. Үе үеийн Засгийн газар төсвийн мөнгийг өөрсдийнхөө мөнгө гээд ойлгочихдог. Үнэн хэрэгтээ татвар төлөгчдийн л мөнгө. Бид өрөө дарлаа гэж ирээд зарладаг. Татвар төлөгчдийн мөнгөөр дарж байгаа хэрэг шүү дээ.


Categories
мэдээ цаг-үе

​Хурандаа Балчингийн Нацаг: Хадаа аваргад таарах хувцас байхгүй, Бэрлэгийн хориход шуудагтайгаа л явж байдаг сан

Бөхөө дээдэлдэг түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн хүчит их аварга бол яалт ч үгүй Дагвацэрэнгийн Хадбаатар юм. Тэрээр гурван ч удаа “аавын хаалга” татаж алдаж, онож явсан нэгэн. Энэ талаар хурандаа Балчингийн Нацаг, Пүрэвийн Бадамдорж нартай ярилцсанаа хүргэж байна. Эхлээд Нацаг хурандаагийн яриаг хүргэе.

-Монгол төрийн наадам саяхан боллоо. Монгол Улсын шинэ аварга цолтон төрлөө. Танаас ард түмний хайлан болсон Хадаа аваргын тухай асуух гэсэн юм. Таныг Бэрлэгийн хорихын дарга байхад Хадаа аварга анх очиж байсан гэдэг?

-1974 онд Бэрлэгийн хорих анги шинээр байгуулагдахад би даргаар нь очиж байлаа. Далан дөрвөн оны өвөл шиг санагдаад байна. Нэг өдөр “ачилга ирлээ” гэдэг юм. Хорихын мод бэлтгэлд ажиллах хоригдлууд шинээр ирж буйг хэлж байгаа хэрэг. Хүрэн дээлтэй бөх хүн ирлээ гэсэн мэдээ ирлээ. “Зоонд оруулаад хоол унд өгөөдөх. Удахгүй би очиж уулзана” гэсэн хариу өгөв. Ингээд яваад очтол Хадаа байж байна. Би ч муухан таньж байгаа юм. Хүмүүс Хадаа гээд л өөр хоорондоо ярилцаад байна. Тэгэхэд улсын өндөр цол аваагүй байсан. Гэхдээ л монгол төрийн наадамд зургаа давж одоогийнхоор бол харцага гэж цолтой байсан. Хадааг тавин нэгэн онд төрсөн гэж дуулсан. Тэгэхээр 23- тай залуу хүүхэд байж дээ. “За нөхөр ямар зүйл ангитай вэ” гэж асуухад, хүүхэд шиг толгойгоо маажин инээд алдаад “88-ын Б” гэж байна. Тэр нь хүчингийн хэрэг л дээ. Гурван удаа хоригдохдоо гурвууланд нь хүчингийн хэргээр орсон хүн шүү дээ. “За чи юу хийж чадах вэ” гэсэн “барилдаж чаднаа” гэж байна. Бөх барилдахаас гадна хөнгөн атлетикийн тамирчин гэж байсан. Би өөрөө Төв аймгийн Угтаалцайдам сумынх. Эгч маань спортын мастер Намжилмаа гэж хүн бий гэж хэллээ. Сүүлд гавьяат болсон Монголын бас нэгэн мундаг тамирчин гэдгийг хүмүүс мэднэ дээ. Хадааг хоригдож байхад эргэж очиж байсныг манайхан ярьдаг. Хадаа анх ЗИЛ-130- тай, олон хоригдлын хамт ирж байсан. Аж ахуйн дарга Намхайдоржоос “Хадбаатарыг ямар ажилд хуваарилав” гэж асуутал “Цаадахад чинь таарах хувцас алга” гэдэг юм. Гутал, өмд, дээл аль нь ч таардаггүй гэдэг юм байна. Хоригдлууд ногоон алаг дээл өмсдөг байлаа. Хамгийн том дээлийг нь өмсгөөд ч бараадахгүй нь гэв. Бэрлэгийн хорихын гүйцэтгэх ажил харуул хамгаалалт эрхэлсэн орлогч Дорж Шарын гол, Дархан руу хүн явуулж орос цэргийн гутал Хадаад авчирч өгөх тухай санал гаргалаа. Тэгтэл бас таарах юм алга. Орос цэргийн гутал дээд тал нь 44 размер байдаг, Хадаа 46 размер өмсдөг. Ингээд өөрийнхөө өмсөж ирсэн бөхийн гутал шиг санагдах юм, хүрэн гутлаа баглаад чирсэн. Өвөлдөө хүрэн дээлээ өмсөнө. Зундаа бол шуудагтайгаа л явна.

-Өө бүр бөхийн өмсгөл болох шуудагтайгаа юу?

-Өөр багтах өмд байхгүй, тогооч хийгээд л шуудагтайгаа тууж явна. Адууны махаар ихэвчлэн хоол хийнэ. Шөлтэй хоол, цуйван, будаатай хуурга, юу л бол юу хийнэ. Ганцаараа хоол хийхгүй, туслах тогооч гэж бас бий. Хавраас тэр их хүчтэй бөх хүнийг чинь мод бэлтгэх ажилд хуваарилахаас аргагүй боллоо. Бэрлэгийн хорих анги улсын мод бэлтгэлийн төлөвлөгөөг биелүүлж байсан цаг. “Уруул” Самбуу гэж ахмадын мод бэлтгэх хэсэгт хуваариллаа. Булхайд явуулжээ. Хөрөөчин, булхайчин, ойн цэвэрлэгээ хийдэг гурван хүн нэг хэсэг болдог байв. Хадбаатар мод хийж байна, сайн байна гэж дуулдаж байна. Нэг өдөр яваад очтол мод хийгээд хүрэн хар юм болчихсон, том гэдэстэй цүдийсэн нөхөр явж байна. “За нөхөр яаж байна” гэхэд, хүүхэд шиг инээд алдаад “дажгүй ээ, дарга аа” л гэж байна. Хүмүүсээс асуутал хөгтэй яриа их дуулдах нь тэр. Хадаа булхай хайнаг хөтлөөд явж байж л дээ. Хайнагийн булхай дээр урт гуалин модыг их сайндаа гурвыг л тавина. Булхайгаас унахад Хадаа ядах юмгүй өргөөд тавьдаг гэж байгаа. Нэг инээдтэй нь том модны хожуулын хоёр талаар үхэр булхай хоёр нь зөрөөд орчихож. Тэгтэл Хадаа харж харж байснаа булхайтай урт гурван гуалин модоо өргөөд гаргаж байсан гэдэг. Эгэлгүй их хүчтэй нь тэгж мэдрэгдэж байсан. Уул нь бол хайнагийнхаа дөрнөөс хойш нь татаад л өөрөөр нь гаргачихаж болох юм. Гэвч түүнийг мэдэхгүй өөрийнхөө хар хүчээр зүтгүүлснийг бусад нь хараад инээдэм шог болгож, бахархан ярьж байсан.

-Хадаа хэр удсан бэ. Далан таван онд улсын заан цол хүртсэн байдаг. Бэрлэгийн хорихоос гарсан жилээ л заан авч дээ?

-Тэгсэн юм. Одоогийн ардын багш, улсын харцага Ч.Өвгөнхүү Хадааг очиж авч байсан юм. “Алдар” нийгэмлэгийн дасгалжуулагч байсан. Далан таван оны зуны эхэн сард байх. Өвгөнхүү эхлээд Доржтой уулзсан. “Хадааг хүн авахаар ирчихээд байна, дарга аа. Намын төв хорооны зарлиг гарчээ” гэж Дорж надад хэлдэг юм. Нээрээ л Өвгөнхүү Ардын их хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Готов гэж хүний гарын үсэгтэй “Хадбаатарыг хугацаанаас нь өмнө сулласан тул өгч явуулна уу” гэсэн зарлигийн бичгийг аваад ирсэн байв. Хадаа бол манайд гурван жилийн ялтай очсон байдаг. Гэхдээ жил ч болоогүй өвөл нь очоод л зуны эхэн сард суллагдсан. Тэр их хүчит аварга бөх хэрнээ яг л хүүхэд шиг гэнэн итгэмтгий хүн байж билээ. Даргатай ч ялгаагүй, хоригдлуудтай ялгаагүй чин үнэнчээр харилцана. Хүнтэй хэрэлдэж ам мурийна гэж байхгүй. Хэний ч үгэнд орно. Хадаа тэрийг тэгээдэхээч гэхэд “за” л гэнэ. Цааргална гэж байхгүй. Харин нэг төрлийн хэргээр гурван удаа орсныг нь гайхаад байдаг юм. Өөрөө яг хийсэн ч юм уу, үгүй ч юм уу, мэдэхгүй юм даа. Ямар чиг л байсан шүүхээр таслагдаад л ирж байсан. Бодоход анхны хэрэг нь үнэн байсан байлгүй дээ.

Пүрэвийн Бадамдорж хурандаа Хадаа аваргын тухай ийн өгүүлж байна.

-1988 оны нэгдүгээр сараас Мааньтын хорих ангид гурваас дээш удаагийн давтан хэрэгт холбогдсон хүмүүсийг салгаж ялгаж чанга дэглэмтэй хорих ангийг бий болгосон. Олон удаагийн шийтгэлтэй хүмүүс бусдадаа муу зүйл үзүүлж байна. Тиймээс тусад нь хорих зүйтэй юм байна гэж үзсэн. Ингээд наян найман оноос улсын хэмжээний хорих ангиудын гурваас 22 удаагийн шийтгэлтэй хүмүүсийг Мааньтын чангад хорьсон. 1200 орчим хоригдол байсан. 1988 оны нэгдүгээр сарын аравдаар Хадаа гурван удаагийн давтан үйлдэлтэй гэж ирсэн. 88-ын буюу хүчингийн хэргээр. Тухайн үед миний бие Мааньтын чанга дэглэмтэй хорих ангийн гүйцэтгэх ажил харуул хамгаалалт эрхэлсэн орлогчоор ажиллаж байсан. Хадааг Багануурын хорих ангиас арван хэдэн хоригдлын хамт Бадам гэж хүн надад авчирч тушаасан. Манайхны “Аавын цээж” гэж хэлдэг машины арын хаалган дээр хаалт маягаар Хадааг таглаад суулгачихсан авчирлаа. Би ирсэн хоригдол болгоны материалтай танилцах үүрэгтэй. “Хадаа минь чиний хэргийн талаар юу асуухав дээ. Нэгэнт шүүхийн шийдвэр гарчихсан хойно. Гэхдээ чи ер нь юу гэж бодож байна” гэж асуулаа. Мань хүн “Намайг ийм хэрэг хийсэн гээд байгаа” гэв. “Ийм хэрэг хийсэн гэж юу байхав. Чи хүүхний дээр гараад хэвтчихсэн байсан гэж байна шүү дээ” гэвэл, харин тийн. Тэгээд байгаа юм гэв. Хадаа гурван удаагийн давтан гээд арван жилтэй очсон. Хориглуудын хэлдгээр “шажигнасан шинэ улаан аравт”-тай л очсон доо. “Хадаа чи чинь шинэ улаан аравттай ирлээ. Одоо ингээд дууслаа гэж бодож болохгүй. Эртхэн гарах тухайгаа бодох хэрэгтэй. Барилдах бэлтгэлээ бас тасалж болохгүй, чи ер нь юу хийвэл зүгээр бэ” гэж асуулаа. “Би жолооч шүү дээ” гэж байна. “Чамд жолоо хэрэггүй. Муусайн машины үрүүлийг чи тас мушгиад л хаяна” гэхэд, “тэгвэл дарга аа, би манаач хийе” гэж байна. “Чи эндээс гараад барилдах ёстой. Тэгэхээр чамд суудлын ажил хэрэггүй. Чихэртэй хар цай гүзээлж хэвтэхээс өөр юм чи хийхгүй. Яваандаа наад хоёр хөл чинь биеэ даахаа болино” гээд чулуу ачилтанд тавилаа. Мань эр бусад шиг зөөж явж чулуугаа шидэж чадахгүй. Хоёр өвдгөөрөө сөхөрч суучихаад чулуу самсомол дээр шидээд байна. Бяр ихтэй хэрнээ хөдөлгөөн болхи тийм хүн. Ингэж сууж чулуу шидсээр байгаад хамаг бие нь хөөж хавдаад усан хаван гүйгээд хэргээ барлаа. Эмнэлэг домлого боллоо. Ингээд 1988 оны зун боллоо. Дасрангийн Мягмар заан надаас гуйдаг юм аа. Манай шүүхийн шийдвэрийн бөх байсан. “Хадаа бид улсын шигшээд хамт байсан юм. Цаадахыгаа мал бааз руу гаргах арга байна уу” гэв. Би Мягмарт “За тэгж хоёулаа Хадаагаа хорлоод яахав. Мал баазад буриад баахан хүүхнүүд ирнэ. Манай хүн сурсан зангаараа нэгийг нь тэвэрч аваад л баларна. Янз бүрийн юм болбол чи яах юм” гэхэд “Одоо арай ч тийм юм болохгүй биз дээ” гэж байна. Ингээд Сантын мал баазад хуваариллаа. Өөрт нь сайн гэгч сануулж хэллээ. Дахиж асуудал үүсгэвэл чи эндээс гарахгүй шүү гэж айлгах маягтай хатуухан хэллээ. Тэгтэл мал баазад адуу авчирч өгч байгаа залуучууд адуугаа ч өгч байгаа юм байхгүй Хадаатай ирж хууч хөөрөөд явахаа байсан. Нөгөө буриад хүүхнүүд чинь гахайн утсан мах тэр бүгдээ Хадаад өгдөг. Сүүлдээ буриад авгайчууд Хадаад санаатай ч юм шиг. Хадаа маань юун хоригдол зоопаркийн амьтан шиг үзвэрийн юм болж хувирдаг байгаа. Ингээд Хадаагаа буцааж татлаа.

-Мал баазад хэр удаасан бол?

-Сар гаруй болсон байх. Арваад аймгийн 70 мянган адуу цугладаг тийм л газар. Хадаа нэг ч хүн танихгүй. Харин бүх хүн Хадааг таньдаг. Хоригдол гэж бараг хэлэхгүй дээ. Хадаа л гэнэ. Ингээд Хадаагаа мал баазаас татаж адууны ачилга дээр тавилаа. Ачааны вагон руу нарийн хоолойгоор адууг шахаж оруулах ийм ажил. Ямар ч догшин адууг Хадаа бөгсөөс нь түрээд л оруулчихна. Хойшоогоо чираад цахдаад байгаа хэрнээ ямар ч адуу Хадаагийн хүчинд түрэгдээд орно. Тийм аварга тэнхээтэй. 1989 он боллоо. Хадаагаа өглөө гүйлгэхээр болов. Сумын төв рүү хадуурууд явчихав гэж бас санууллаа. Тэгтэл нэг өдөр Хадаатай холбоотой яриа ирлээ. Өглөө гүйх биш цэргийн салбарын захирагч нарын авгай нар дээр очоод зуслангийн байшинд нь боорцог цай болоод сууж байдаг гэнэ. Бас болоогүй байшинд нь хивс авч өгөх тухай хээв нэг яриад сууж байдаг гэнэ. Ингээд нөхрийг өглөө уул руу гүйлгэхээ болилоо. Наян есөн оны өвөл Хадааг уурын зууханд галчаар гаргалаа. Манай хүн өвөлжин гал түлдэг ажилтай. Хаврын сартай золгоод ажил нь хөнгөрчихсөн, тийм үед жижүүр утасдаад “Хадааг нэг хүүхэн үнссэн байна” гэдэг юм.

-За бас юун хүүхэн билээ?

-“Наана чинь тэгээд Хадаа байна уу. Юун хүүхэн юм. Хадааг таньдаг юм уу” гэхэд “Мэдэхгүй ээ, мэдэхгүй. Ямар ч байсан Хадааг уурын зуухныхаа байшинд байж байхад нь ирээд үнсчихсэн байна. Эмэгтэй хүний үнссэн уруулын будагны ором хацар дээр нь байна” гэдэг юм. Нөгөө хүүхнийг олоодох, Хадаагийн үнсүүлсэн ормыг салхинд арчуулчихалгүй аваад ир гэж үүрэгдлээ. Удаа ч үгүй тоос шороо болсон Хадааг аваад иртэл хацар дээр нь уруулын будагны ором байна аа. Нөгөө хүүхнийг аж ахуйн хашаанаас барилаа гэж байна. “Чи яахлаараа хүүхэнд үнсүүлдэг юм. Чамайг таньдаг юм уу, чи элдэв бусын юм өмнө нь хийгээгүй биз” гэж хэлтэл “Дарга аа, намайг уурын зуухандаа галаа янзалж байтал нэг хүүхэн ирээд үнсчихсэн. Надтай мэндлэлгүй яваад өгсөн. Би хойноос нь баахан харж зогссон. Зооны булан тойртол харсан. Тэгээд би бодлоо. Аягүй бол намайг дахиад нөгөө хилс хэрэгтээ оруулж мэдэх юм гээд би өөрөө жижүүрт хэллээ” гэдэг юм. Хадаатай ярилцаад зогсож байтал нөгөө хүүхнийг оруулаад ирлээ. Наян есөн он гэхэд чинь савхин дээл модонд байсан үе. Тэгтэл савхин дээлтэй ганган шар хүүхэн байна. Чи Хадааг таних уу гэхэд танихгүй гэж байна. Яах гэж ирсэн юм гэвэл уулзах гэж ирсэн юм гэлээ. Уулзах байсан юм бол чи бичиг баримтаа шалгуулаад, албан журмын дагуу уулзахгүй яасан юм гэвэл “Би Улаанбаатараас вагоноор ирсэн. Би Хадбаатарыг хайрлаж явдаг. Халхын сайхан энэ эрийг би нэг үнсчихье гэж бодсон. Монголд дахиж төрөхгүй сайхан хүн. Өөр надад бодол байхгүй. Би орой вагоноор буцна” гэдэг юм. Үнэхээр сонин юм шүү. Маш сэжиг бүхий санагдсан ч тэр хүүхний бид хорих цагдах эрх байхгүй. Ямар хүн үнслээ гэж тухайн үед хорилтой нь биш. Тийм нэг юм болж байсан. Нөгөө хүүхнийг авч үлдээд Хадааг түрүүлээд гаргахад мань хүн эргэн эргэн харсаар гарч байж билээ. Одоо ч нүдэнд харагдаад инээд хүрдэг юм. Хадаа 1986 оны улсын наадамд түрүүлж аварга болоход нь Батлан хамгаалах яамны орлогч сайдаар дөнгөж томилогдоод байсан Арвай генерал чиргүүлтэй шинэ гуч машин өгчээ. Мэдээж албанд нь өгсөн юм байгаа биз. Улсын наадамд түрүүлчихсэн, аварга болчихсон, шинэ гуч машинаа бариад сүрхий амьтан явбал нэг бүсгүй уулзъя гэсэн байна. Тодруулбал, Улаан хуарангийн эцэс дээр хар савхин курткатай жижигхэн шар хүүхэн таараад “орой хоёулаа таван цагт уулзъя” гэж хэлжээ. Тэр хүүхэн “аварга цолыг чинь мялааж байгаа юм шүү. Ганцаараа ууна шүү” гээд нэг шил архи өгсөн байна. Тэр шил юмаа уугаад нэг айлд нөгөө хүүхэнтэйгээ очиж хоносон гэдэг. Гэхдээ тэр шөнө янз бүрийн юм болоогүй гэж өөрөө хэлдэг. Гэтэл өглөө нь хар машинтай хүмүүс орж ирээд л “за хулгайч минь шорондоо явна аа” гээд шууд дайрчээ. Тэгэхээр нь манай хүн машинаа унаад зугтаасан байна. Нөгөө хар машинтай хүмүүс араас нь хөөсөн байна. Найз хүүхнийхээ ажил дээр яваад очтол өрөөндөө байдаггүй гэнэ. Айж сандрахдаа хажуу талынх нь өрөөг таттал нэг хүүхэн байж байсан. Түүнийг айгаад орилохоор нь “зүгээр ээ, би яах ч үгүй” гээд бариад авч л дээ. Энэ нь бас буруудсан. Тэр хүүхэн “намайг хүчиндэх гэж оролдсон” гэж мэдүүлсэн, ийм л юм болсон гэж Хадаа хэлдэг. Ингээд 10 жил авсан байдаг. Хадаагийн ярианд би итгэдэг юм. Яагаад гэвэл Хадаа яг үнэнээ хэлдэг хүн байлаа. Нэг шөнө Хадаа архи уугаад хонолоо гэсэн дуудлага ирэв. Дуудуултал “Хоригдол Хадбаатар би ирлээ” гээд халхайсан том юм гүйгээд ирлээ. “Чи хэдэн шилийг уусан бэ. Хэн өгөв” гэхэд, дарга аа би таван шилийг уусан. Улаан машинтай хүн өгсөн” гэж байсан. Чехийн нөхөд тэр хавиар явж байгаад Хадаад 10 жил пиво өгсөн байгаа юм. Мань эр тавыг нь уусан байна. Яг үнэнээ л хэлнэ. Хүмүүс Хадаад талх, молоко, хиам гээд байгаа бүхнээ өгнө. Хадаа зун борцтой байж байна. Хоригдлууд байтугай албан хаагчид борцгүй байхад манай хүн борцтой байж байна. Ингэж л ард түмний хайрыг хүлээсэн бөх байсан даа. Баргийн гутал таарахгүй, хоёр хөл нь сайртаад хагарчихсан, дарвайсан хар юм л байж байдаг сан. Халхын хүчит их аваргыг алдаж, онож явахад нь хориход хэдэн жилийг хамтдаа өнгөрүүлсэн. Хөдөлмөрийн аргаар өөрийнх нь биеийг бэлдэж дахиад ард түмнээ баясган бөхийн дэвжээнээ зодоглоход нь бага ч гэсэн тус нэмэр болсон болов уу гэж боддог. Хадааг суллуулах гэж бөөн л юм болж байсан даа. Ерэн оны Улсын баяр наадам, мөн наймдугаар сард болсон Хэрлэнгийн хөдөө арлын даншиг хоёрыг Хадаа аварга өнжсөн нь харамсалтай санагддаг. Хэрвээ ерэн оны хавар суллагдсан бол Монголын төрт ёсны хоёр их наадамд зодоглох байсан даа. Хадаа шоронгоос гараад удаагүй байхдаа ерэн оны намар байх, бага цэнгэлдэхэд болсон нэгэн барилдаанд том Сүхбатыг хүчтэй хаяж билээ. Сүхбат хөл рүү нь дайраад сүрхий цочоотол Хадаа далбааных нь араас барьж аваад жаахан хүүхэд шиг цээжиндээ наагаад өргөөд хаяж байсан. Хүмүүс шуугилдаад явчихаж байсан. Том Сүхбат тэгэхэд заан болчихсон ид байсан үе нь. Сүхбат инээгээд л тахимаа өгч билээ. Тэр барилдааныг би харсан юм. Гэхдээ Хадаатай уулзаагүй. Ерэн нэгэн оны арваннэгдүгээр сарын үе байх, Багшийн дээдийн урдуур машинтай явж байтал Хадаа явж байна. Цэргийн шинелиэ өмсчихсөн, бөхийн жанжин малгайгаа тавьчихсан таахага таахага алхаад явж байж билээ. “Би дарга дээрээ нэг сайхан очно оо” гэж тэгэхэд аминчилж хэлсэн. Даанч дахиж уулзаж чадалгүй өнгөрсөн дөө, хөөрхий минь.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Салхин тээрэмтэй байлдсанаас усан тээрэмтэй байлдсан нь дээр дээ” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Салхин тээрэмтэй байлдсанаас усан тээрэмтэй байлдсан нь дээр дээ хэмээх нийтлэлийг уншина уу.

“Хүмүүс” нүүрт Төрт ёс хийгээд монгол бөхийн аварга цолны эрэмбийг хадгалж яваа хүчтэн Сүхбаатарын Мөнхбат хэмээжээ.

Монгол банк арилжааны банкуудын ипотекийн зээлийн ажиллагаанд шалгалт хийнэ гэж “Цаг үе, үйл явдал” нүүрт өгүүлэв.

“Өдрийн сурвалжлага” нүүрт Гачууртын аман дахь түвд банхрууд иргэдийг барьж идэхэд бэлэн байна гэжээ.

Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн зээнцэр М.Амина: Монголчуудын характерыг нэг хүний нүүрний хувирлаар гаргаж чадсанаараа “Өвгөн хуурч” давтагдашгүй гэж “Удам судар” нүүрт өгүүлжээ.

Даланжаргалангийн сургуулийн ууган долдугаар ангийнхны түүх буюу илгээлтийн эзэд хэмээн “Нэг ангийнхан” нүүрт бичжээ.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг: Энэ онд цалин нэмж, ирэх оны төсвөөс өмнө цалингийн доод хэмжээг 300 мянган төгрөг болгохоор ажиллаж байна хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

“Нармон” компанийн захирал М.Хүрэлсүх: Ойн хаягдал унанги, дархи, шатсан моддыг л ашиглаж утаагүй түлш үйлдвэрлэх гэж байгаа юм гэж “Өөөрөөс нь” нүүрт ярив.

Манай На гэж… гэж “Хөрөг” нүүрт өгүүлэв.

Судлаач, доктор Д.Золбоо: Худалдааны дайны эсрэг дэлхийн улсууд нэгдэж байгаа нь АНУ-д хүндээр тусах магадлалтай хэмээх ярилцлагыг “Улс төр” нүүрээс уншина уу.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ