Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам эхэлнэ

Монголын урлагийн зөвлөл соёлын олон төрлийг хөгжүүлэх, техник технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг “Хил хязгааргүй” сэдвийн хүрээнд гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Уг наадмыг энэ сарын 28-наас долдугаар сарын 13-ны хооронд Үлэг гүрвэлийн төв музей болон “Playtime” амьд хөгжмийн наадмын үеэр зохион байгуулах ажээ.

Тус наадмын албан ёсны ивээн тэтгэгч, хамтрагчаар Нидерландын “Стимулеринг” сан, ТodaysArt олон улсын медиа урлагийн наадам, “Төгөлдөр” сан, “Чингис” зочид буудал, “Гёте” институт, АНУ-ын Элчин сайдын яам, “ХАС” банк, дэмжигчээр “Mongolia Quest”, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, MN17 галерей тус тус ажиллаж, “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг дахин Монголын үзэгчдэд хүргэж байна.

Энэ удаа “Хил хязгааргүй” сэдвийн хүрээнд шинжлэх ухаан, технологи, урлагт хил хязгаар, орон зай, ялгаа үгүй гэдгийг харуулсан 8 медиа бүтээлийг Монголын болон АНУ, БНХАУ, Герман, Монгол, Солонгос, Тайваний 12 уран бүтээлч хамтран толилуулна. Мөн үзэсгэлэнгийн үеэр мэргэжлийн уран бүтээлчид болон оюутан сурагчдад зориулсан медиа урлагийн сургалт, уран бүтээлчдийн “Урлагтай яриа” цуврал уулзалт, ярилцлагыг тус тус зохион байгуулах ажээ.

"Улаанбаатар" олон улсын медиа урлагийн наадам энэ долоо хоногт эхэлнэ

Categories
мэдээ нийгэм

Монгол дархчууд, урчуудын үзэсгэлэн нээгдлээ

“Монгол төрийн дархан нэгдсэн холбоо”, БСШУС-ын яам, уран зургийн галерей хамтран уран дархчууд урчуудын шилмэл бүтээлээр “Эхлэл” үзэсгэлэнг гаргаж байна. Үзэсгэлэн зургадугаар сарын 29 хүртэл Уран зургийн галерейд болно. Үзэсгэлэнд найман ханатай алт мөнгөн шармал чимэг бүхий иж бүрэн тавилгатай монгол гэр, маш ховор улаан зандан модон хуйтай, 9 эрдэнэ шигтгээтэй, чанаржуулсан ган (болд) сийлбэртэй онцгой уран хийц өвөрмөц зохиомжтой хэт хутга, гурван литр багтаамжтай ямар нэг өө сэвгүй, хагарал цууралгүй маш гоё ногоон хаш хул аяга, нэн ховор эртний “завьяа” тагш бүхий мөнгөн аяга, Өндөр Гэгээний алдарт “Ногоон Дарь-Эх”-ийн гуулин цутгуур алт шармал хуулбар бурхан, сэргээн засварласан хүрэл цутгуур, алт шармал “Хаянхярваа” бурхан, хөөрөгнүүд гэх мэт шилдэг бүтээлүүд дэлгэгдсэн болно. Та бүхэн өргөнөөр ирж үзээрэй. Үзэсгэлэн үнэ төлбөргүй.

Categories
мэдээ нийгэм

Зэрлэг амьтдад зориулсан гарц бий болгоно

“Уулархаг нутгийн зам, замын байгууламжийн дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц” байгуулах стандартыг Стандартчилал, хэмжил зүйн газар албан ёсоор баталжээ. Тодруулбал, дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын талуудтай хамтран олон талын судалгаанд үндэслэсэн боловсруулсан байна. Энэхүү стандартыг боловсруулах, батлуулах ажилд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Зам тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, биологчид идэвхи санаачилгатай ажиллажээ.

Манай улс 2015 онд төв Азийн орнуудаас анх удаа “Тал хээр, говь цөлийн бүсийн авто болон төмөр зам дагуу нүүдлийн туруутан амьтдад зориулсан гарц” байгуулах стандарттай болж байсан юм. Ийнхүү хоёр стандарттай болсноор Монгол орны аль ч хэсэгт авто зам, төмөр зам барихдаа зэрлэг амьтдад зориулсан гарц байгуулах ёстой болж байгаа аж.

Уул уурхай эрчимтэй хөгжиж буй энэ үед шугаман дэд бүтцийн хөгжлийг дагаад зэрлэг амьтдын нүүдлийн зам хаагдах, амьдрах орчин тасархайтах өндөр эрсдэлтэй байдаг. Шинээр батлагдсан стандартуудыг хэрэгжүүлснээр дэлхийд ховор хулан, хар сүүлт, цагаан зээр, аргаль, янгир, монгол бөхөн зэрэг амьтдын нүүдлийн замд саад учрахгүй байх боломж бүрдэж, хамгааллын зөв эхлэл тавигдсан тухай байгаль орчны салбарынхан онцолжээ.

Categories
мэдээ нийгэм

Жуулчдад ээлгүй орны хар жагсаалтыг Тайланд тэргүүллээ

Британийн даатгалын “End-sleigh” компанийн шинжээчид жуулчдад ээлгүй, аюулгүй 10 улсыг нэрлэжээ. Үүнд Тайланд тэргүүлсэн байна. 2017 онд тус байгууллагаар үйлчлүүлэгчдийн 23 хувь нь Тайландад аялж явахдаа эрсдэлд орж, эд зүйлээ алдсан гэнэ.

Хоёрдугаар байрт Чили болон Америк бичигдсэн учир нь үйлчлүүлэгчдийнх нь 15 хувь нь тэнд асуудалдтай тулгарчээ. Жуулчдад аюулгүй улсын жагсаалтын гуравдугаарт Испани, Герман, ард нь Франц орсон байна. Франц, Испанид аялсан үйлчлүүлэгчид нь ихэвчлэн халаасны хулгайд өртсөн талаараа гомдоллосон байна. Балба, Перу, Багамын арлын орнууд, Бразил, “Хар жагсаалт”-д мөн бичигджээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН-ын гишүүд Ц.Нямдоржийг АТГ-т шалгуулахаар хандлаа

Ардчилсан намын зарим гишүүд УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг шалгуулахаар АТГ-т өнөөдөр хандлаа. Тэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг эрх мэдлээ урвуулан ашиглаж өөртөө илт давуу эрх эдэлж байгаа хэмээн үзэж байгаа юм байна. Хууль тогтоомжийн тухай хуулиар хуулийн төсөл боловсруулах ажиллагаа нарийн процетуртай. Гэтэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ашиг сонирхлын зөрчилтэйгээр хуулийн төслийг боловсруулсан хэмээн хуульчид үзэж байгаа аж. Үүнийг ойрын үед Засгийн газраас гаргах өмч хувьчлалын шийдвэртэй холбоотой хэмээн хардаж буй юм. Хууль зүйн сайд нэг өдөр босч ирээд, ямар ч судалгаагүйгээр хуулийн төсөл боловсруулж, оруулж ирдэг байдлыг бид зогсоох ёстой гэдгийг хуульч Д.Оросоо хэлж байв. Мөн цаашид хуульчид хуулийн төсөл боловсруулах үйл явцад хяналт тавина гэдгээ хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Хаврын тариалалт 90 хувьтай үргэлжилж байна

Улсын хэмжээнд 343 мянган га-д үр тариа, 11.6 мянган га-д төмс, 6.6 мянган га-д хүнсний ногоо, 56.8 мянган га-д тосны ургамал, нийтдээ 446.7 мянган га-д тариалалт хийгээд байна. Энэ нь одоогоор үр тарианы тариалалт 83.9 хувь, төмс 74.7 хувь, хүнсний ногоо 78.5 хувь, тосны ургамал 135.4 хувь байна гэсэн үг. Нийт дүнгээр хаврын тариалалт 90 хувьтай байна гэж Тариалалтын штабаас мэдээллээ.

Энэ жилийн тухайд 408.9 мянган га-д үр тариа (үүнээс 390.4 мянган га-д улаанбуудай), 15.5 мянган га-д төмс, 8.5 мянган га-д хүнсний ногоо, 32 мянган га-д тэжээлийн таримал, 41.9 мянган га-д тосны ургамал, 6.5 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 513.2 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөсөн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар хуралдана

Хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий УИХ-ын зургаан ажлын хэсэг өнөөдөр Төрийн ордонд хуралдана.

Тухайлбал, “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг 13.00 цагт, Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг 14.00 цагт хуралдана.

Мөн “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг хуралдахаар товлосон байна.

Түүнчлэн Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, санал, дүгнэлт боловсруулах Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсэг, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төслийн ажилын хэсэг хуралдана.

Categories
мэдээ нийгэм

Түлүүгийн даваа иж бүрэн шинэчлэгдэнэ

Урин дулааны цагт Монголын аялал жуулчлалын гол цэг “Хөвсгөл далай” болдог. Хөвсгөл далай явах замд Булган аймгийн төвөөс 45 км зайд том буузаараа алдартай “Түлүүгийн даваа” гэж бий. Энэхүү өндөр давааны чанх орой дээрх 3800м2 талбай тус аймгийн дөрвөн сумын 300 гаруй өрх айраг, цагаан идээ, жимс жимсгэнэ зарж амьжиргаагаа залгуулдаг гэж хэлж болох юм.

Энэхүү даваан дээр асфальтбетон хучилт, явган хүний зам болон замын хашлага, замын хэвтээ тэмдэглэгээ, тэмдэг зэргийг байршуулжээ. Мөн хурд сааруулагч, 50 гаруй жижиг автомашины зогсоол, автобус зургаа, хүнд даацын машины таван зогсоол хийгдэх юм байна. Түүнчлэн нарны тэжээлтэй шөнийн гэрэлтүүлэг, ширээ сандал, худалдаа наймаа хийх боломжтой лангуу байрлуулахаар төлөвлөжээ. Үүнээс гадна эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн байгууламж байгуулна.

Түлүүгийн давааны шинэчлэлийн ажил ирэх сард эхэлж, ирэх намар хүлээлгэн өгөхөөр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн мөнгөн тэтгэмжээ авах эсэхээ онлайнаар шалгаарай

УИХ-ын чуулганаар нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгө олгохоор болж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн баталсан хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах босго оноог 554 оноо байснаас 670 болгон нэмэгдүүлсэн билээ.

Тиймээс таны хүүхэд 20 мянган төгрөгийг энэ жил бэлнээр авах эсэхийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын сайтаар дамжуулан онлайнаар шалгах боломжтой юм байна.

Та https://check.hudulmur-halamj.gov.mn/check/checking.php дарж нэвтрээд хүүхдийнхээ регистерийн дугаарыг оруулснаар сар бүр бэлнээр авах эсэхийг шалгана уу.

Categories
мэдээ нийгэм

“Онцгойн” холбоочид тусгай байр эзэллээ

Зэвсэгт хүчний жанжин штабаас зохион байгуулсан хошууч генерал Р.Гаваагийн нэрэмжит Холбоочдын цогцолбор тэмцээн 2018 оны 06 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд боллоо.

Тэмцээнд Зэвсэгт хүчний анги байгууллагууд, Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын 17 багийн 80 гаруй тамирчин оролцон, хурдач радиотелеграфчин, цэргийн холбоочдын мэргэжлийн цогцолбор дасгал, кибер цэрэг, радио илрүүлэлтийн “үнэг агналт”, зүг чиглэл, байрлал олох, “Зэвсэгт хүчний холбоо мэдээллийн хөгжилд бидний оролцоо” эссе бичлэгийн уралдаан гэсэн төрлүүдээр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.

Онцгой байдлын ерөнхий газраас Гамшгийн шуурхай удирдлагын Холбоо зарлан мэдээллийн чиглэлийн мэргэжилтэн, Үндэсний аврах бригадын Холбооны тусгай бүлгийн алба хаагчид оролцон, багийн дүнгээр тусгай байрт шалгарлаа.

Мөн радио илрүүлэлтийн “үнэг агналт”-ын төрөлд Үндэсний аврах бригадын Холбооны тусгай бүлгийн аврагч холбоочин, дэд ахлагч Б.Батбаатар хүрэл медаль хүртэн, гуравдугаар зэргийн болзол хангасан бол хурдач радиотелеграфчны төрөлд дэд ахлагч Н.Хүсэл хоёрдугаар зэргийн болзол хангалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.