Categories
мэдээ нийгэм

Дэлхийн аялал жуулчлалын брэнд “Дөрвөн цөл” марафон Монголд болно

Дэлхийн аялал жуулчлалын брэнд “Дөрвөн цөл” марафон ирэх сард Монголд зохион байгуулагдах гэж байна.Дэлхийд алдартай “Дөрвөн цөл” (4 deserts) олон улсын ультра- марафон нь Өмнөд Америкийн Атакама, Африкийн Сахар, Антарктидын Мөсөн цөл, Азийн говьд жил бүр зохиогддог олон улсын арга хэмжээ юм. Энэ нь хамгийн хуурай, хүйтэн, халуун, салхитай газарт тэсвэр тэвчээрийн хязгаарыг шалгаж, долоо хоногт 250 км туулдаг хэт холын марафон ажээ. Азийн говь нутагт болдог уралдааныг “GOBI MARCH” гэдэг бөгөөд өмнөд хөрш БНХАУ-д 2003 оноос зохион байгуулж иржээ. Энэхүү марафоны 15 дахь уралдааныг Монголд анх удаагаа зохион байгуулах албан ёсны эрхийг “Дисковер Монголия Трэйвел” ХХК авч, бэлтгэл ажлыг нь хангаж байгаа юм байна. Энэ нь аялал жуулчлалаар дамжуулж эх орноо дэлхийд таниулан сурталчлах том боломж гэж зохион байгуулагчид үзэж байгаа ажээ. Марафоны үеэр Японы NHK телевиз нэвтрүүлэг, мэдээлэл бэлтгэх албан ёсны зөвшөөрлөө авсан байна.

“GOBI MARCH” марафон ирэх долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 04-ний хооронд болох юм. Маршрутын хувьд Булган аймгийн Дашинчилэн суманд байрлах Киданы үеийн Хар Бухын балгасаас эхлээд Хөгнө, Тарнийн байгалийн цогцолборт газар, Элсэн тасархай, Архангай аймгийн Хашаат сумаар дайран ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийг туулж, Монголын эртний нийслэл Хархорум хот, одоогийн Эрдэнэзуу хийдэд бариа хийснээр өндөрлөх юм. байна Марафонд 40 гаруй улсын 230 тамирчин оролцохоо албан ёсоор мэдэгджээ. “Дөрвөн цөл” марафоны зохион байгуулагчидтай нийлээд 300 гаруй гадаадын зочдыг эх орондоо нэг дор хүлээж авахаар төлөвлөжээ.

Дэлхийд алдартай "Дөрвөн цөл" марафон Монголд болно

Дэлхийд алдартай "Дөрвөн цөл" марафон Монголд болно

Categories
мэдээ нийгэм

Унаач хүүхдүүдийн даатгалын нөхөн олговор 20 саяд хүрнэ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, “Гэр бүл, хүүхэд, залуучуудынхөгжлийн газар”-аас өнөөдөр хүүхдийн аюулгүй байдлын талаар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм.

Энэ үеэр яригдсан хамгийн чухал асуудал нь, унаач хүүхдүүдийн даатгалын хувь хэмжээг хамгийн багадаа 100000 төгрөг хүртэл нэмэгдүүлж нөхөн олговрыг 20 саяд хүргэх байв. Хууль, эрх зүйн хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатарын хэлж байгаагаар, “Даатгалын хэмжээг нэмэгдүүлснээр холбогдох газруудтай зөвшилцсөн. Өмнө нь унаач хүүхэд зөвхөн амь насаа алдсан тохиолдолд л даатгалаас таван сая төгрөг олгодог байсан. Харин дээрх ажил биеллээ олсноор унаач хүүхдэд ямар нэгэн асуудал тулгарвал 20 хүртэлх сая төгрөгийн даатгалын нөхөн олговор авах боломж бүрдэнэ. Уяачид унаач хүүхдүүдээ даатгалд хамруулаагүй эсвэл аюулгүйн хувцас хэрэглэл өмсгөөгүй тохиолдолд уралдаанд оролцуулахгүй. Даатгал болон унаач хүүхдүүдийн цахим бүртгэлийн нь удахгүй болох үндэсний их баяр наадмын үеэр бүрэн хэрэгжиж эхэлнэ” гэлээ.

Мөн хүүхдүүдийг гэмтэж, амь насаа алдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор зах зээлд хямд өртөгтэй хүүхдийн зориулалтын суудал борлуулах, хурдан морины унаач хүүхдүүдийг цахим санд бүртгэж, давхар хянах ажлыг хэрэгжүүлсэн байна. Хүүхдийн эрхийг хамгаалахаар “хүүхдийн хамгааллын даатгал”-ыг Азийн орнуудаас анх удаагаа эх орондоо нэвтрүүлж байгаа юм. Энэ нь хүүхэд гэмтэж, алга болсон тохиолдолд гарах зардлыг даатгалын сангаас бүрэн гаргах давуу талтай аж. Эхний ээлжинд улсын хэмжээнд эрсдэлтэй бүлэгт байгаа 7-9 мянган хүүхдийг тус даатгалд хамруулахаар ажиллаж байгаа гэнэ.

Өнгөрсөн оны байдлаар хүүхдүүд гэмт хэргийн улмаас амь насаа алдсан 127 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 55 нь буюу бараг тал хувь нь зам тээврийн ослоос үүдсэн аж. Гол шалтгаан нь хүүхдийг зориулалтын суудал дээр тээвэрлээгүйн улмаас үүссэн гэх дүгнэлтэд хүрчээ.

Дашрамд сануулахад, хямд өртөг бүхий автомашины суудал нь 63000 төгрөгөөр ирэх наймдугаар сараас эхлэн зах зээлд борлуулагдана. Үнэ хямд хэдий ч чанар аюулгүй байдлын тал дээр стандартад бүрэн нийцсэн ажээ. Мөн энэ суудлыг худалдан авснаар тухайн хүүхдийг нэг жил хүртэлх хугацаанд үнэ төлбөргүй гэнэтийн ослын даатгалд хамруулах юм.

М.Сувд

Categories
мэдээ нийгэм

“Баялаг бүтээгчдийг цогц бодлогоор дэмжих ажлын хэсэг” байгуулагдлаа

“Баялаг бүтээгчдийг дэмжье” урианаас эхтэй хөдөлгөөн өнөөдөр нийгмийн олон давхаргыг хамарч ажил хэрэг болон төр, засгийн хэмжээнд хамтарсан “Баялаг бүтээгчдийг цогц бодлогоор дэмжих ажлын хэсэг” байгуулагдаж эхний чуулга уулзалтаа хийв.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос үүний өмнө ЖДҮ-ийн тухай хуулийн талаар Нэгдсэн форумыг энэ сарын 8-нд зохион байгуулж тэндээс гарсан зөвлөмжийг төр, засгийн түвшинд хүргэсэн бол энэ удаа Үндэсний хөгжлийн газар, НЗДТГ, Японы олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газар, Ажил олгогч Эздийн холбоо зэрэг олон талын оролцоотой “Баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлого, экспортын арга замууд” чуулга уулзалт болж байна.


Уулзалтыг нээж Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Япон улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Такаока мэндчилгээ дэвшүүлэн үг хэлж, Японы Олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагаас эхний илтгэл тавьж хэлэлцүүллээ. Элчин сайд М.Такаока хэлсэн үгэндээ, хоёр орны хооронд хэрэгжиж буй Эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг урагшлуулж үр дүнтэй болгоход Монгол Улсын талаас төр, засгийн түвшинд ил тод, нээлттэй, төвөг чирэгдэлтэй байдлыг халах тал дээр хүчин чармайлт гаргаж, бизнес эрхлэгчдийн хувьд экспортод гаргах бүтээгдэхүүнийхээ чанар, стандарт, сав баглаа, боодолд анхаарах хэрэгтэйг онцлож байв. Японы Олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газраас тавьсан илтгэлд, Монголд олон төсөл хөтөлбөр хэрэгждэг ч бизнесийн орчин хараахан хөгжөөгүй байна гэж дүгнээд, зээлийн мэдээллийн сан бүрдүүлэх, компанийн засаглалыг хөгжүүлэх, санхүүгийн үйлчилгээг сайжруулах, эдийн засгийн салбаруудыг төрөлжүүлэх тал дээр цаашид хамтран ажиллаж байгаагаа дуулгав. Одоогийн байдлаар тус байгууллагаас ЖДҮ-ийг хөгжүүлэх иенийн хөнгөлөлттэй зээлийн болон байгаль орчныг хамгаалах чиглэлээр хоёр үе шаттай төсөл хэрэгжүүлж байна.

Чуулга уулзалтад оролцогч Сүхбаатар, Ховд аймаг дахь Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны салбар зөвлөлийн төлөөлөгчид хэлэхдээ “Бизнесийн үйл ажиллагааны дунд, анхан шатанд лобби бүлгийг байгуулъя. Ингэхдээ хэлбэр талаас бус улс орон, нутаг орны хөгжлийн төлөө нэгдэхэд зөв талаас зохион байгуулж ажиллая. Орон нутагт аймаг, сумыг хөгжүүлэх сан гэх мэт хөрөнгийн эх үүсвэр, санхүүжилт байгаа боловч эрх мэдэлтэн дарга нарын танил тал, улстөрийн талцлаар явж яг ажил хийж буй хүмүүст очихгүй байгааг шүүмжлэв. Худалдаа, аж үйлдвэрийн Танхим болон Баялаг бүтээгчдийн холбооны салбар зөвлөлүүд гэж тус тусдаа олон байгууллага нэг зорилгын төлөө ажиллаж байгааг нэгтгэе” гэсэн санал гарч байлаа. Чуулга уулзалтад оролцогч ихэвчлэн эрхлэж буй бизнес, худалдаа, үйлчилгээндээ шууд болон шууд бус дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүсч байв. Мөн бизнес эдийн засгийн шийдвэр гаргахдаа бизнесийн төлөөлөл, мэргэжлийн холбоод байгууллагуудаас оролцуулж байлцуулж байхгүй бол мэдээлэлд ойр, улстөрийн хүрээнийхэн болон цөөн тооны хэсэг бүлэг хүмүүс өгөөжийг хүртэхээр байдал үүсээд байдагт шүүмжлэлттэй хандаж, өнөөдөр бизнес эрхлэгчид ярьж хэлэлцэхээс илүү ажил хэрэг болгохыг чухалчилж байв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Занданшатар: Нийгэм, эдийн засагт тодорхой ахиц, өөрчлөлт гарсаар байна

“Тогтвортой хөгжлийн зорилтууд” үндэсний форум Төрийн ордонд болж байна. Форумыг нээж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг хүргэж байна.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Хүндэт зочид, төлөөлөгчдөө,

Хатагтай, ноёд оо,

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн Хөгжлийн Банктай хамтран зохион байгуулж байгаа “Тогтвортой хөгжлийн зорилтууд” үндэсний форумд хүрэлцэн ирсэн Та бүхний энэ өдрийн амрыг эрэн мэндчилье.

НҮБ-ын дээд чуулга уулзалтаас “Даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг 2015 онд батлан гаргаж, эдгээр зорилтуудыг улс орнууд дэмжин тус тусын “Үндэсний хөгжлийн зорилтууд”-ыг боловсруулан гаргасан. УИХ-аас “Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилт”-ыг тодорхойлж, батлан гаргаснаас хойш хоёр жил өнгөрч байна.

Энэ зорилт нь манай улсын хөгжлийн олон талын зорилтыг багтаасан нэн чухал бодлогын баримт бичиг болсон. Хэрхэн хэрэгжүүлэх, эрчимжүүлэх талаар УИХ, Засгийн газраас удаа дараагийн тогтоол, шийдвэр ч гаргасан. Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай хамтран “Тогтвортой хөгжил 2030: Төлөвлөлтөөс хэрэгжилтэд”үндэсний чуулганыг 2016 онд зохион байгуулж, хөгжлийн бодлогын уялдаа холбоо, салбар дундын нэгдсэн зохицуулалт, төлөвлөлт, удирдлага, санхүүжилтийн тогтолцоо, хөрөнгө оруулалт зэрэг асуудлыг хэлэлцсэн.

Тогтвортой хөгжлийн Үндэсний хороо саяхан хуралдаанаа хийж “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хэрэгжүүлэх ажлын явцын талаар Үндэсний хөгжлийн газрын даргын мэдээллийг сонсож, хэрэгжилтийн явцыг эрчимжүүлэхэд чиглэсэн шийдвэрүүдийг Засгийн газрын хуралдаанаар тухай бүрт нь хэлэлцэн шийдвэрлэж байна.

УИХ-аас “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг батлан гаргаснаас хойш өнгөрсөн жилийн хугацаанд нийгэм, эдийн засагт тодорхой ахиц өөрчлөлтүүд гарсаар байна.

Бид улс орны өмнө тулгараад байсан эдийн засгийн хүндрэлийг зогсоож даван туулж чадлаа. Эдийн засаг сэргэж, гадаад худалдааны эргэлт хурдацтай нэмэгдэн, бүх салбарт ахиц гарч эхэлж байна. Хүндрэлийг харьцангуй богино хугацаанд даван туулахад Монгол Улстай хамтран ажиллаж байгаа гадаад түншүүдийн хувь нэмэр ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлон тэмдэглэе.

Бодит салбарт сэргэлт гарч, мөнгөний урсгал сайжрахын хэрээр ажлын байр, иргэдийн цалин хөлс, бодит орлого аажмаар нэмэгдэж байна. Тухайлбал:

1. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2016 оны эхний 5 сарын байдлаар 33,7 мянга байсан бол 2018 оны эхний 5 сарын байдлаар 24 мянга болж даруй 40 хувиар буурсан.

2. Дундаж цалин 2016 оны I улиралд 871 мянган төгрөг байсан бол 2018 оны 1-р улиралд 998 мянган төгрөгт хүрч 14,5 хувиар нэмэгдлээ.

3. Өрхийн төсөв 2016 оны I улирлын байдлаар сард 114,5 мянган төгрөгийн алдагдалтай байсан бол өнөөдөр 28 мянган төгрөгт хүрч, алдагдал нь 4 дахин буурлаа. Өрхийн бодит орлого нэмэгдэж байна. Энэ хандлага хэвээр үргэлжилбэл айл өрхүүд орсон орлогоороо зарлагаа бүрэн нөхөж, иргэд өр зээлгүй амьдрах нөхцөл боломж ойртож байна.

Улс орны макро эдийн засгийн нөхцөл байдал сайжирч тогтворжих нь урт хугацааны бодлого, зорилтууд, үүний дотор “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хэрэгжүүлэхэд шаардагдах макро эдийн засгийн таатай нөхцөл бүрдэж байна гэсэн үг юм.

Төсвийн орлогын бүрдэлт сайжирч, төсвийн алдагдал буурснаар “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэр нэмэгдэж, салбар бүрт тавигдсан зорилтыг цаг хугацаанд хэрэгжүүлэх боломжтой болж байна.

“Тогтвортой хөгжлийн зорилтууд”-аас боловсрол, эрүүл мэндийн салбарын зарим зорилтын хэрэгжилт ахицтай, дэвшилтэй байгаа бол байгаль орчны болон ядуурлыг бууруулах зорилтын хэрэгжилтэд онцгой анхаарах шаардлагатай байна.

“Тогтвортой хөгжлийн үндсэн зорилтууд”-ыг амжилттай хэрэгжүүлэхэд ихээхэн хэмжээний хөрөнгийн эх үүсвэр шаардагдах болно. Бид зөвхөн дотоодын төсвийн хөрөнгөөр шийдвэрлэх боломжгүй учир хувийн хэвшил, гадаад зээл, тусламж, гадаадын хөрөнгө оруулалт зэрэг хөрөнгийн олон талын эх үүсвэрийг зохистой, үр бүтээлтэй, оновчтой ашиглах шаардлагатай.

Монгол Улс ирэх онд НҮБ-ын Дээд түвшний улс төрийн форумд Тогтвортой хөгжлийн хэрэгжилтийн талаарх үндэсний тайлангаа танилцуулна.

Тайланг боловсруулах ажлыг одооноос эхэлж, зорилтуудаа хэрэгжүүлэх талаар гарсан ахиц амжилт, тулгарч байгаа саад бэрхшээл, эрсдэлүүдийг бүрэн багтаах ёстой.

Бид зорилтуудаа амжилттай хэрэгжүүлснээр даян дэлхийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, “Даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт”-ын хэрэгжилтэд өөрийн хувь нэмрээ оруулах болно.

Дэлхийн бусад улс орны туршлага, НҮБ-ийн тайлан, зөвлөмжүүдээс үзвэл “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд дараах хэдэн зүйлд анхаарах шаардлагатай байна. Үүнд:

· “Тогтвортой хөгжлийн зорилтууд” болон түүнийг хэрхэн хэрэгжүүлэх арга замын талаарх мэдлэг ойлголтыг бүх түвшинд сайжруулах,

· Зорилтуудыг хэрэгжүүлэхэд оролцож байгаа байгууллагуудын чадавхыг сайжруулах, шаардлагатай, бүхий л боломжтой хөрөнгийн эх үүсвэрийг оновчтой ашиглах,

· Хэрэгжүүлэх явцад хийх мониторинг үнэлгээний тогтолцоог сайжруулж, зорилт үзүүлэлт тус бүрийг хариуцах эзэнтэй болгох,

· Хэрэгжилт нь тааруу, хоцролттой байгаа тодорхой зорилтуудад хүч анхаарлаа төвлөрүүлэн, тулгарч байгаа саад бэрхшээлүүдийг тухай бүрт нь арилгаж, эрчимжүүлэх,

· Зарим салбарт технологийн дэвшил, өөрчлөлт хийх замаар тавигдсан зорилтыг хэрэгжүүлэх, тухайлбал агаар, орчны бохирдлыг бууруулахын тулд зөвхөн хөрөнгө мөнгө зарцуулах бус технологийн шинэчлэл, өөрчлөлтийг хийснээр үр дүнд хүрэх боломжтой юм.

Монгол Улс “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-аа амжилттай хэрэгжүүлж, ард иргэдийнхээ аж амьдрал, амьдрах орчныг сайжруулна гэдэгт эргэлзэхгүй байна.

Энэ форумын үр дүнд гарах санал, зөвлөмж нь бидний цаашдын ажилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.


Categories
мэдээ нийгэм

Монгол Улсад суугаа гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газрын консулын ажилтнуудын уулзалт боллоо

Монгол Улсад суугаа болон хавсран суугаа гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газрын консулын ажилтнуудын ээлжит уулзалтыг ГХЯ-ны Консулын газар, Монголын Улаан Загалмай Нийгэмлэгтэй хамтран зохион байгуулав.

Тус уулзалтад ГХЯ, ОБЕГ, ГИХГ, ХНХЯ, ХХЕГ, УЕПГ, Дээд Шүүх, ЦЕГ, ОӨУБЕГ, ГЕГ, Хууль зүйн туслалцааны төв зэрэг 12 байгууллагын төлөөлөгчид илтгэл тавьж, консулын харилцаа, реадмисс, виз, оршин суух бүртгэл, Монгол Улсад хөдөлмөр эрхлэх, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрхийн туслалцаа үзүүлэх, гадаадын иргэдийг халдлагаас хамгаалах гэх мэт онцлог асуудлаар санал солилцов. Мөн АНУ-ын ЭСЯ-ны консул Б. Лаптон “ Хариуцлагатай аялал” аян болон Монгол Улсад АНУ-ын виз олгох туршалгаасаа мэдээлэл хийж, Канад Улсын ЭСЯ-ны консулын ажилтан У. Ариунаа “ Дэлхийн консулын форум”-ын талаар танилцуулав.
Энэ удаагийн уулзалтад Улаанбаатар хотод суугаа гадаадын 11 улсын, Бээжин хотод суугаа 11 улсын, Сөүл хотод суугаа нэг улсын ЭСЯ-ны консул дипломатууд болон нэг олон улсын байгууллагын төлөөлөгч оролцов. Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсыг хариуцан ажиллаж байгаа дипломат, консулын ажилтан нарын хооронд ажил хэргийн холбоо тогтоох, мэдээлэл туршлага солилцох, Монгол Улсын хууль тогтоомж, төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцахад ихээхэн ач холбогдолтой байснаараа онцлог байв.
Categories
мэдээ нийгэм

“Иргэдэд үйлчлэх нээлттэй өдөрлөг” боллоо

Говьсүмбэр аймгийн ЗДТГ, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар хамтран байгууллагын үйл ажиллагааны мэдээллийг иргэдэд хүргэх, холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, төрийн үйлчилгээг иргэдэд нэг цэгээс хүргэж, иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг шийдвэрлэх зорилгоор тус аймгийн Сүмбэр, Шивээговь, Баянтал сумдад “Иргэдэд үйлчлэх нээлттэй өдөрлөг”-ийг энэ сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас иргэдэд хяналтын чиглэл, лабораторийн үйл ажиллагааний талаар зөвлөмж, сэрэмжлүүлэг, танилцуулга бэлтгэн тарааж, хүнсний аюулгүй байдал болон холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ. Мөн өдөрлөгийн үеэр сорилтын лабораторид иргэдээс ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн, хоёр дээжийг үнэ төлбөргүй шинжилсэн байна.

Өдөрлөгийн хүрээнд Хэрэглэгчийн хяналтын хуудсыг сурталчлан,дөрвөн төрлийн Хэрэглэгчийн хяналтын хуудсаар найман газрын үйл ажиллагааг иргэдээр үнэлүүлж, дүгнэлт хийлгэжээ.

Categories
мэдээ нийгэм

“Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” дэд төслийг хэрэгжүүлж байна

Швейцарын хөгжлийн агентлаг, Дэлхийн банкны хамтарсан санхүүжилттай “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” дэд төслийг Нийслэлийн Засаг даргын захиалгаар нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт төр, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн танилцуулах уулзалт Хангарди ордны 14 давхарт болж эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид оролцов. Уулзалт арга хэмжээнд Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа, “Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” төслийн удирдагч Д.Амарбаясгалан, IRIM Хараат бус судалгааны хүрээлэн, Стратеги академи зэрэг ТББ болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Уг төслийн хүрээнд 2017 онд “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”, “Сэтгэцийн эрүүл мэнд үндэсний хөтөлбөр”-т хараат бус хөндлөнгийн төрийн бус байгууллагаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэжээ. Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах хөтөлбөрийн хөндлөнгийн үнэлгээний дүгнэлт, сайжруулах зөвлөмжүүдийг хэлэлцэж санал солилцлоо. Нийгмийн эгэх хариуцлагаар дамжуулан хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөртөө иргэдийн оролцоотой үнэлгээ хийх нь алдаа дутагдалаа илрүүлэх, иргэдийн оролцоотой шийдвэр гаргах, ажлын үр дүнг сайжруулахад тустай үйл ажиллагаа боллоо хэмээн Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа тэмдэглэв.

Үнэлгээний ажлын хүрээнд Иргэний нийгмийн байгууллагын хөндлөнгийн үнэлгээ хийх чадавхийг бэхжүүлэх, Үндэсний болон орон нутгийн төвшинд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдэд хөндлөнгийн үнэлгээ хийлгэх, үнэлгээ хийх аргачлалыг боловсруулах ажлыг туршин хэрэгжүүлжээ. Мөн үнэлгээний нийтлэг удирдамж болон журам боловсруулж нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралаар хэлэлцүүлэхээр ажиллаж байгаа аж.

2010 оноос эхлэн төрийн хяналт шинжилгээ, үнэлгээний тогтолцоог үр дүнд суурилсан болгож бэхжүүлэх хүчин чармайлт хийгдэж эхэлсэн. Хэдий тийм боловч үр дүн нь тогтворгүй, залгамж чанар хангалтгүй байснаас төдийлөн хүчтэй тогтолцоо болж чадаагүй байна. Хөгжлийн бодлого хөтөлбөрүүдийн хяналт шинжилгээг хийх тогтолцоо бүрдэж байгаа боловч тэдгээр бодлого хөтөлбөрүүдийг хэрхэн үнэлэх, үнэлгээний үр дүнг цаашдын бодлогод хэрхэн тусгах, хэрэгжих явц нь өөрчлөлт хийх тал дээр төдийлөн их ахиц гараагүй байна. Түүнчлэн статистик тоо баримтыг бодлогын баримт бичиг, төлөвлөгөө, төсвийг боловсруулахад ашиглах тал дээр хангалтгүй байсаар байна. Үр дүнд суурилсан хяналт шинжилгээ, үнэлгээг ашиглах байдал хязгаарлагдмал, хөтөлбөр дууссаны дараа үр дүнг нь үнэлдэггүй дутагдал ажиглагдсаар байна.

2015 онд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль болон хуулийг дагалдсан журам батлагдсан нь хяналт-шинжилгээ, үнэлгээг бодлого боловсруулахад ашиглах эрх зүйн үндсийг бүрдүүлж өгсөн ба 2017 оны 3 сард Засгийн газрын 89 дугээр тогтоолоор Захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам батлагдсан.

Иймээс дээрх хөндлөнгийн үнэлгээний үйл ажиллагаанууд нь 2015 онд батлагдсан Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн 10.7-д заасан бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд тодорхой давтамжтай хөндлөнгийн үнэлгээг хийх хуулийн заалтыг хэрэгжүүлэх, хариуцлагыг сайжруулах, иргэдийг төрийн захиргааны шийдвэр гаргах үйл явцад оролцох оролцоог нийгмийн хариуцлагаар дамжуулан нэмэгдүүлэх, цаашид үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээ хийх тогтолцоог бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой болж чадлаа гэж үзэж байна. Цаашид орон нутгийн төвшинд хэрэгжүүлж буй аливаа төсөл хөтөлбөрүүдэд тодорхой шалгуур тавьж, шалгуур хангаагүй хөтөлбөрүүдэд хөндлөнгийн үнэлгээ хийлгэх, улмаар засаж сайжруулдаг байх тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Эрдэнэбат:Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг дэмжих боломжгүй

УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, УУХҮ-ийн сайдын мэдээллийг сонсов.

Энэ талаар өнөөдөр тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийв. Бүлгийн зүгээс уг тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа бөгөөд ингэхдээ тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгтэй хэд хэдэн санал тусгах тохиролцоонд хүрэх ёстой хэмээн үзсэн байна. Тухайлбал, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 30 хувийг борлуулахтай хамт төрийн эзэмшлийн хувьцаа, иргэдийн 1072 хувьцааг амилуулах, ашигтай болгох, Тавантолгой төсөл ард түмний мэдэлд очих нөхцлийг бүрдүүлсэн тохиолдолд тогтоолын төслийг дэмжинэ хэмээн АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ.
Тэрбээр, “Бүлгийн хуралдаанаар “УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, дүгнэлтээ нэгтгэсэн бөгөөд хаврын чуулганы төгсгөлд иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээр төлөвлөсөн. Мөн Засгийн газраас дахин өргөн барьсан ААН-ийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг нарийвчлан судлах хэрэгтэй гэдэгт санал нэгдлээ. Уг хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ сарын 14-нд хэлэлцэж, гадны компаниудад давуу эрх олгох, татварын хөнгөлөлт үзүүлэх заалт орсон хэмээн үзэж буцаасан. Дахин өргөн барьсан хуулийн төсөлд дээрхтэй ижил заалт орсон тохиолдолд АН-ын бүлэг дэмжихгүй” хэмээв.

Түүнчлэн тус бүлэг Засгийн газраас өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг дэмжих боломжгүй хэмээн үзжээ. Уг хуулийн төсөлд бүх шатны төрийн захиргааны байгууллагын шийдвэртэй холбоотой маргааныг Захиргааны хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэх боломжгүй байхаар тусгасан нь эрхзүйт төрийг үгүйсгэсэн, Үндсэн хууль зөрчсөн алхам хэмээн үзэж байгаа аж.

Мэдээллийн төгсгөлд сэтгүүлчид “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 30 хувийг хэдэн төгрөгөөр үнэлснийг тодруулахад “АН-ын бүлэг гадны зах зээлд IPO гаргах асуудлыг дэлгэрэнгүй судлаагүй байна. Хувьцааны үнэ унахгүй байхад анхаарч, эрсдлийг зөв тооцоход анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бид нэгж хувьцаагаа 1 ам.доллараар үнэлсэн ч дэлхийн зах зээлд 10 цент хүртэл унах магадлал бий. Тиймээс эрсдлийг тооцох нь туйлын чухал” хэмээв.
Categories
мэдээ нийгэм

Архи, тамхи, мансууруулах бодисын нөлөө, үр дүнгийн талаарх сурталчилгааг үнэгүй явуулах хэрэгтэй

Сангийн Яам, БСШУСЯ, ХЗДХЯ, ХХААХҮЯ, ЭМЯ нар хамтран “Тамхины хэрэглээг бууруулах үр дүнтэй арга зам” уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалтаар тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэхийг онцолж байв.

Дэлхий даяар тамхины улмаас жил бүр долоон сая хүн амь насаа алддаг байна. Эдгээр хүмүүсийн 80 хувь нь хөгжижбуй орны, бага дунд орлоготой иргэд ажээ. Манай орон тамхины хэрэглээгээрээ өндөр орны тоонд ордог. Манайд сүүлийн 10 жилд тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах явдал хоёр дахин нэмэгджээ.

Манай улсад тамхины хэрэглээ өндөр байгаа шалтгаан нь тамхины хямд үнэ, хүртээмж их байна хэмээн үзэж байна. Тамхинаас үүдсэн тархины цус харвалттай нэг хүнийг эмчлэхэд 40-45 сая төгрөг шаардлагатай байдаг аж.

Тамхины хэрэглээг багасгах талаар “Фокус” ТББ-ийн захирал Б.Туяа хэлэхдээ “2012 онд гарсан тамхины эсрэг хуулийн дараа тамхины хэрэглээ багассан. Гэвч 2015 онд “Дотоод орчинд тамхийг хориглосон заалтаасаа ухран, олон нийтийн газар 300 метр квадратаас дээш газарт нэг тамхины өрөө оруулж болно гэсэн заалт оруулсан. Үүнийг ДЭМБ-аас ухралт хэмээн харж байлаа. Тиймээс олон улсын байгууллагууд манай улсыг дэмжих орчин байхгүй учраас олон нийтэд зориулсан сурталчилгаа хийхэд тохиромжгүй гэж үздэг. Үүнээс үүдэн 2016 оноос Монгол Улсад тамхины хяналтын эрх зүйн орчинг сайжруулах нь нэртэй төсөл хэрэгжүүлэн УИХ-д өргөн бариад байна” гэлээ.

Манай улсад эрүүл мэндийн хичээл, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тамхины хор хөнөөлийг сурталчлах, үүний талаар сургалт явуулах, дэлхийн нийтээр тамхи татахгүй өдрийг тэмдэглэх, хуулиа сурталчлах өдөрлөг зэрэг арга хэмжээнүүд өрнүүлж байна.

Тамхины хуулиас гадна тамхи татаж буй хүмүүс рүү чиглэсэн арга хэмжээг авах хэрэгтэйг онцоллоо. Нийгмийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Д.Байгалмаа “Архи тамхи, мансууруулах бодисын нөлөө үр дүнгийн талаар сурталчилгааг үнэгүй явуулах хэрэгтэй. Бидэнд үүний эсрэг сурталчилгааны хуудас, нэвтрүүлэг, клип зэрэг маш олон зүйлс бий. Гэвч үүнийг олон нийтэд хүргэхэд хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэж өгдөггүй” гэв.

Уулзалтын үеэр тамхины онцгой албан татварыг нэг жилийн хугацаанд 70 хувь хүртэл нэмэгдүүлэх нь үр дүнтэй арга хэмээн үзэж байна.

Э.АНХМАА

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Шанхайн кино наадамд монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ

БНХАУ-ын Шанхайн олон улсын XXI кино наадмын дээд шагнал болох “Жиньжүе” шагналыг гардуулах ёслол өчигдөр болжээ. Тус наадамд Монгол, Швейцарийн хамтарсан “Out of paradise” кино шилдгийн шилдгээр шалгарч, “Жиньжүе” шагналын эзэн болсон байна. Уг киног анхны хүүхдээ хүлээж байсан малчин хосын түүхээс сэдэвлэсэн байна. Уг киноны даргаар Ч.Батбаяр ажилласан бол продюссерээр Саймон Хессе, туслах продюссерээр Кирилл Гербер, Ч.Батбаяр, Урс Фитзе нар ажиллажээ. Энэ удаагийн Шанхайн олон улсын кино наадамд дэлхийн 108 улс орон, бүс нутгийн 3447 кино оролцсон нь өнгөрсөн оныхоос илэрхий нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Кино наадмын эцсийн шалгаруулалтад 13 кино шалгаран оролцсон юм байна.

Сүүлийн жилүүдэд Шанхайн олон улсын кино наадам “Нэг бүс нэг зам” хамтын ажиллагаа өрнүүлж, “олон улсын буухиа” механизмыг эхлүүлэн, олон улсын кино наадамд солилцоо, суртал ухуулгын ажлыг эрчимжүүлж, гадаад орнуудтай олон төрлийн солилцооны ажлыг өрнүүлснээр, тус наадмын нөлөөг улам нэмэгдүүлж байна гэж зохион байгуулагчид нь дүгнэжээ. Саяхан Шанхайн олон улсын кино наадам Олон улсын киноны продюсерын нийгэмлэгийн шинээр байгуулсан Кино наадмын зөвлөлийн анхны гишүүн болсон нь уг наадмын нэр хүндийг өсгөжээ.