Categories
мэдээ цаг-үе

Пунцагийн Бадарч: Муур чинь Бурхан багшийн жавдан дээр сууж байсан учир жанцантай амьтан

Түрүүч нь №122(5965) дугаарт

Пунцагийн Бадарч гуайн гэр бүл. Хоёр мууртайгаа. 2018 он

Монгол Улсын ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом” наадмын тэргүүн шагналт яруу найрагч Пунцагийн Бадарчтай Зайсан дахь гэрт нь очиж хөөрөлдсөн билээ. Буурал найрагч маань аюулт өвчинд хэдэнтээ нэрвэгдсэн ч хайрт охиныхоо халамж хайр, сэтгэлийн хатаар өндийж өнөө үр ачтайгаа инээж баясан амар жимэр сайхан аж төрж байгаа аж. Монголын ард түмний хайртай найрагч тэрбээр 1960 оноос уран бүтээлээ эхэлж “Морьд”, “Есөн эрдэнийн орон”, “Зургаан мөнгөн мичид”, “Алтан тоос”, “Ширхэг цагаан сувд”, “Хэрлэн”, “Намрын хонгор салхи”, “Би энэ байна”, “Бөрттэй цагаан сарын дор”, “Бурхан багшийн сургаал”, “Тэнгэрийн хас од” зэрэг яруу найргийн номууд хэвлүүлсэн байна. Түүний “Есөн эрдэнийн эх орон” найраглалд Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Баттөмөр аялгуу зохируулан дуу болгосон байдаг. Онгод төгөлдөр гэгээн найрагч маань МЗЭийн шагналыг “Эх орны хилээс эх орондоо хэлэх үг”, “Байтагийн чулуу”, “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай”, “Цэрэг эх орны дуулал” дууны шүлгүүдээрээ, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналыг “Есөн эрдэнийн орон” найраглалаараа тус тус хүртсэн түүхтэй.

-“Бурхан багшийн сургаал”-ыг та аргагүй л сайхан өөриймшүүлсэн байсан даа?

-Би зохиогоогүй гэдгээ хэлсэн. Толгой холбосон хэлбэрт л оруулсан. Х үсэг бичигдээд ирвэл х үсгээр хайрцаглах ч юм уу, тиймэрхүү л байдлаар бичсэн. Буддын гүн ухаан гэдэг ч агуу даа.

-Зурагт аль хэр үзэж байна даа?

-Үздэг юм аа. Ойрдоо нүд муудчихаад зурагт үзэж чадахгүй л байгаа. Нүдийг маань “Одоо их сайн болно” гэж эмч нар хэлж шинжилгээ хийж өгсөн. Миний энэ муу өрөөсөн уг нь бичиг цаас, ном сонин уншдаг байхгүй юу. Гэхдээ бүрэлзээд байхаар нь “Солонго” эмнэлгийн Нарангарвуу гэдэг эмчид очсон чинь энэтхэг эмч нар ирж таарсан. Манай хөгшинд бас ийм нүдний хальс суулгаж байсан юм. Тэрэнд нь найдаад очсон. Нарангарвуу чинь их сайн ч эмч. Тэнд улсууд их очно. Тэгээд миний нүдэнд тариа хийгээд. Тариа огт өвдөх юм байхгүй. Жир жир гээд жаахан лугшина. Тэгэнгүүт нүдийг минь таглаад боочихно. Хорин дөрвөн цаг боогоод л авна даа. Тийм эмчилгээнд яваад сайхан байна. Одоо сайхан нүдтэй болно. (Энэ үеэр найрагчийн охин Бүжин нүдэнд нь дусаалга хийхээр өрөөнд орж ирэв. Хоёр цаг тутамд уг дусаалгыг нүдэндээ дусаах эмчийн заалттай аж. Харин шөнө унтахад дусаадаггүй юм байна. сур)

-Залуу зандан насандаа хүртэж явсан сайхан идээгээ таалж байна уу?

-Сүүлийн нэг жил огт амсахаа больсон. Өвдөөд ирэхээр цаанаасаа л дэмий гэдэг нь мэдэгдэх юм.

-Сүүлийн үед таныг хэн эргэж ирэв?

-Цагаан сараас өмнө МЗЭийн Удирдах зөвлөлийн дарга, “Болор цом”ын тэргүүн найрагч Арлааны Эрдэнэ-Очир, гүйцэтгэх захирал М.Саруулдалай, яруу найрагч Намбарын Пүрэв гурав ирснийг би түрүүн хэлсэн. Тэгээд манай Төв аймгийн Баянжаргалан сумын нутгийн зөвлөлийнхөн ирдэг юм.

-Баянжаргалан чинь хуучнаар Нялга сум бил үү?

-Нялга сум. Яг мэдэж байна даа, нутгийг минь.

-Нялга гэдэг нь ямар учиртай нэр юм бол?

-Тэр Жанжин Чойроос хойш байдаг уулын нэр юм. Нялга гэдгийг чинь муухай нэр гэсэн ч юмуу, сумын төв тэндээс холдоод нүүсэн болохоор ч тэр юмуу сольсон байдаг. Дээр үед сумдыг чинь уулын нэрээр нэрлэдэг байлаа ш дээ. Баянжаргалан гэдэг чинь бас уул шүү дээ.

-Та нойрондоо их сайн гэж байна. Зүүдээ аль хэр манаж байна. Уран бүтээлч хүнд зүүд их зөн совин хайрлаж, бүтээж туурвих хөшүүрэг болдог гэдэг шүү дээ?

-Зүүдэлнэ ээ. Өө, тэр зүүд чинь их сайхан. Залуу зандан насандаа очно. Саяхны нэг зүүдэнд хэн хэн байв даа. Цоодол л лав явж байна лээ. Орчлонгоос буцсан, буцаагүй хэдэн найзуудтайгаа уулзаж байна гэж зүүдэллээ. Ерөнхийдөө цаагуураа санадаг байхгүй юу, тэднийгээ.

-Тэгнэ. Хүний төрөлхийн инстикт юм чинь саналгүй яах билээ?

-Цоодол, Хулан зүүдэнд орж байсан. Томчуудаас хэн хэн орж ирэв дээ. Утсаар их ярьдаг чинь Цоодол, Дулмаа гэсхийгээд болчихно. Цаадуултай нь сүүлийн хэдэн жил ч ярьсангүй вэ. Тэгтлээ их яриад байх юм ч бас байхгүй болчихдог юм байна.

-Бүжин охин чинь таныг баярламаар сайхан асарч байна даа?

-Тийм. Энэ муу минь л хөлийг минь газар ч хүргэхгүй л хайрлаж халамжилж байна. Манай хүргэн Батбилэг гэж их сайхан хүн бий.

-Хүргэн юу хийдэг хүн байна?

-Украины Харьковт их сургууль төгссөн инженер хүн дээ, миний хүү. Нэгэн үе гар утасны засварчин хийсэн. “Моби сервис” гэж компани байгуулж, нэлээд олон хүн төгсгөсөн. Тэрнийгээ болиод одоо автын инженерээ хийж байгаа. Тийм сайхан ажил хийдэг юм. Сайн ч хүү дээ, миний хүү. Зээ хүү Б.Гүнбилэг маань Монгол Улсын их сургуулийн Сэргээгдэх эрчим хүчний анги төгссөн.

-Хэдэн жилийн өмнө танайд зочлоход байсан муур тань байна даа?

-Ангир уу. Энэ чинь манай гэр бүлийн гишүүн болоод удаж байгаа юм, хөөрхий. Манай хөгшин 2015 оны есдүгээр сарын 9нд нас барсан. Түүнээс нэг хоёр жилийн өмнө энийг авсан юм. Жоохон алганд багтчихдаг сэгсийсэн хөөрхөн юм байсан. Гар дээрээ өргөхөд юм байгаа, үгүй нь мэдэгдэхгүй шахуу л юм байсан.

-Өд шиг л хөнгөн амьтан байж дээ?

-Ээ, яг яг. Өд шиг хөнгөн амьтан байлаа. Тэгээд би зүсийг нь харж байгаад “Ангир шиг хөөрхөн юм байна даа. Шар алагтаад” гэж бодоод ингэж нэрлэсэн. Чи наадахаа харж байгааг хар аа. Нэрийг нь хэлэхээр мэдэж байгаа юм. (Муураа энхрийлэн инээв. сур)

-Тийм байна шүү. Нэрээ сүрхий мэддэг нөхөр байна…

-Ангираас гадна бас нэг муур бий. Моогий гэдэг юм. Ээж нь бие нь муу байхдаа хүргэнийд сувилуулаад дөч тавиад хоносон шүү дээ. Эд маань ээжийгээ муураа санаад байна гэж бодсон юм уу, яасан юм хөөрхөн цэнхэр нүдтэй золигийг авсан. Тэгээд манайх одоо хоёр мууртай. Би мууранд их хайртай. Муур чинь их сонин амьтан.

-Аа, за. Юу нь сонин гэж?

-Нархажидын сүмийн хамба Гантөмөр манайхтай их холбоотой л доо. Би тэдний намтар цадигийг бичиж бариад, хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав бид хоёр цуг очиж байсан юм. Тэгээд манайд нэг ирэхдээ муурыг илээд “Их сайн амьтан шүү дээ” гэлээ. “Яасан амьтан гэж байгаа юм, та” гэж би асуулаа л даа. Бурхан багш айлтгал сургаалаа айлдчихаад өөрийнхөө жавдан дээр ирээд суух гэтэл энэ сууж байсан гэж байгаа. (инээв. сур) Тэгээд “Өө хөөрхий, чи миний энэн дээр сууж байгаа юм уу. За, чи сууж бай, сууж бай” гээд нурууг илэхээр босоод явчихсан гэдэг. Тийм учир жанцантай учраас Бурхан багшид тоогдсон буянтай амьтан байхгүй юу. Бурхан багш “За чи, миний хэлсэн ном айлтгалыг хүн амьтанд тарааж барьж чадах уу” гэхэд энэ нь жавдангаас босоод явчихсан гэж байгаа юм. Нэмэр хачиртай ч байж мэдэх л яриа юм даа. Бурхан багшийн жавдан дээр муур сууж байна ч гэдэг ямар юм байдаг юм, мууранд тэгж хэлнэ ч ямар юм байх юм. (Хөөрөлдөгч хоёр хөхиүн, элгээ хөштөл инээв. сур) Ерөнхийдөө нэг ийм юм байна. “Буддын шашин гэдэг шинжлэх ухаанд хамгийн ойр шашин, шинжлэх ухаанч шашин гэвэл Буддын шашин” гэсэн нэг үг байдаг. Тийм ч учраас Холливудын мундаг жүжигчид Бурхны шашинд орсон бол уу. Америкт гэхэд ийм олон хүн бий. Зарим нь түвдэч эрдэмтэн, зарим нь их ренбүүчи болоод явж байна.

-Жүжигчин Ричард Гирээс өгсүүлээд олон хүн бий байх шүү?

-Байлгүй яахав. Ричард Гир гэснээс бид хоёрын цуг авахуулсан зураг хүртэл бий шүү. Америкт буддистууд их байдаг. Ямар шашинтай байх нь тэдэнд төдийлөн хамаарахгүй юм шиг байгаа юм. Муслим, исламын буталдаг, бууддаг шашин биш мөргөдөг өргөдөг, Исус ч тэр, Будда ч бай шүтэж л байдаг. Далай ламын олон сайн ном бий дээ. Дэлхийн арав гаруй мундаг эрдэмтэнтэй ном хаялцсан талаар нэг ном нь надад байдаг юм. Тэрэн дээр нойр, зүүд, хойд насны тухай ном хаялцсан тухай гардаг. Түвдэд хойд нас гэж байна уу. Байна аа. Ямар ном уншвал хойд насандаа ямар төрөлд очих вэ гэх мэтээр маш өргөн сэдвээр ярилцсан ном л доо.

-Та бид хоёр ч яриад байвал мөн ч барагдахгүй олон сэдэв байна даа, ах минь?

-Ингээд хоёулаа яриагаа өндөрлөе. Чамд баярлалаа. “Өдрийн сонин”-ы уншигчдадаа талархал илэрхийлье. Юуны тулд вэ гэхээр зэрэг аливаа хүн ажил төрлөө сайн хийх хэрэгтэй юм. Эх орноо чин үнэнээсээ хайрлах ёстой юм. Монголчууд “Миний төрсөн бууц, миний тоонот” гэж ярьдаг даа. Тэрэн шиг монголчуудын бүгдээрэнгийнх нь тоонот бол агуу эх орон юм. Тийм учраас эх орноо хайрлаж яваарай гэж хүсэх байна даа.


Categories
мэдээ цаг-үе

Ш.Мөнхбаяр: Ойр ойрхон хоолой өвдөх, шүдээ эмчлүүлэхгүй байх, даарах зэрэг нь бөөрийг өвчлүүлдэг

Бөөрийг дотоод эрхтний язгуур, бүх нүх сүвийн эх, амьдралын үндэс гэж үздэг. Бөөр бол тархийг тэжээх, нурууны ясыг бэхжүүлэх, биеийн элч дулааныг сэлбэх, хоол хүнсийг шингээх үйл ажиллагаатай холбоотой эрхтэн юм. Бөөр муудахад хүний цусан хангамж дордож, булчин шөрмөс сулран, биеийн ерөнхий эсэргүүцэл аажмаар доройтдог. Бөөр нь хүний биеийн хортой бодисыг гадагшлуулж цэвэршүүлэх үүрэгтэй хос эрхтэн бөгөөд биед үүсдэг хортой илүүдэл шингэнийг өвчилсөн бөөр бүрэн зайлуулж чадахгүй болсноос хамаг өвчний шалтгаан болдог байна. Дашрамд дурдахад энэ өвчнөөр эмэгтэйчүүд өвчлөх нь элбэг. 35-45 насны хүмүүст архаг үрэвсэл илүү өндөр илэрч, эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс гурав дахин илүүтэйгээр бөөрний архаг үрэвслээр өвчилж байна. Энэ нь бүсгүйчүүд хүйтний улиралд доороосоо даардагтай холбоотой. Мөн эмэгтэйчүүдийн шээсний сүв богино байдаг нь өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг гэнэ. Манай улсын 10 хүн тутмын нэг нь бөөрний эмгэгтэй гэсэн судалгаа байдаг. Иймд бид бөөртэй холбоотой өвчин эмгэг яагаад гардаг, түүнээс яаж урьдчилан сэргийлэх болон өвдсөн тохиолдолд ямар төрлийн эмчилгээ хийх талаар “LUX Dialysis” эмнэлгийн тасгийн эрхлэгч, бөөр гемодиализийн их эмч, анагаах ухааны магистр Ш.Мөнхбаяртай ярилцлаа.


-Сүүлийн үед бөөрний өвчлөл нэмэгдэж байна. Тэр дундаа хүүхдүүдийн дунд гүйлсэн булчирхайн үрэвслээс болж бөөр өвдөх нь их болсон гэсэн яриа байна?

-Бөөрний архаг эмгэгийн тархалт жилээс жилд нэмэгдсээр байна. Бөөрний архаг эмгэг нь хүн амын дунд өргөн тархсан бөгөөд янз бүрийн шалтгаантай өвчний улмаас бөөрний үйл ажиллагаа алдагдсанаар бөөрний архаг дутагдалд хүргэж байна. Манай улсад бөөрний эмгэгийн тархалт эрүүл мэндийн сүүлийн 10 жилийн үзүүлэлтээр нийт хүн амын өвчлөлийн шалтгаан дотор гуравдугаар байр, хэвтэн эмчлүүлэгчдийн өвчлөлийн шалтгаан дотор тэргүүлэх байр эзэлж байна.

-Энэ төрлийн өвчлөл ихсэж, залуужиж байгаагийн гол шалтгаан нь юу байна вэ?

-Дэлхий дахинд хүн амын жилийн дундаж өсөлт 7% байгаагаас Азийн орнуудад хоёр сая хүн бөөрний архаг эмгэгээр өвчилж байгаагийн ихэнх нь залуу, хөдөлмөрийн насныхан эзэлж байна. Бөөр шээсний замын тогтолцооны өвчлөлүүд дотроос бөөрний үрэвсэлт өвчин 56 хувийг эзэлж байна. Үүнээс гадна бөөрний архаг үрэвсэлд 16-29 насны залуус илүү өртөмтгий байгаагийн зэрэгцээ эмэгтэйчүүд эрчүүдээс 2.6 дахин илүү өвчилж байна. Мөн бөөртэй холбоотой өвчлөлийн насны байдал 20-44 байгаа нь судалгааны явцад илэрсэн. Өвчлөл ихсэж, залуужиж байгаагийн гол шалтгаан нь бага насандаа хоолойны өвчнөөр ойр ойрхон өвдөх, шүд цоорох өвчнийг эмчлүүлэхгүй удаан явах, дороосоо даарах, цаашлаад хөдөлмөрийн насандаа ирэхээрээ өөрийн биеийн ачаалал даах чадвараас хэт хүндэдсэн ажил хөдөлмөр эрхлэх, хорт зуршилтай болох түүнчлэн зохисгүй хооллолт, таргалалт, эмийн замбараагүй хэрэглээ зэрэг нь ихээр нөлөөлж байна.

-Бөөрөө эрүүл байлгахын тулд юуг анхаарах ёстой вэ. Тухайлбал, хоол хүнс бөөрөнд нөлөөлөх үү?

-Нөлөөлөлгүй яахав. Бөөрөө эрүүл байлгахын тулд эрүүл, чанарын баталгаатай, өдөр бүр шинэ мах, ногоогоор бэлтгэсэн хоол хүнс хэрэглэх шаардлагатай. Хоол нь бөөрний үйл ажиллагааг дэмжих, бодисын солилцооны исэлдэлтийн бүтээгдэхүүнийг биеэс гадагшлуулах явцыг идэвхжүүлэх, эмгэг өөрчлөлтийг арилгахад ач холбогдолтой байдаг. Хамгийн чухал нь хоолны давсны хэрэглээг бууруулж, давсыг хоногт 5-7 граммаас хэтрүүлэхгүй хэрэглэнэ. Харин даршилж нөөшилсөн хүнс, архи согтууруулах ундаа, хийжүүлсэн ундаа, халуун ногоо, хоол амтлагч зэргийг хориглоно.

-Эрүүл хүн гэнэт бөөрний дутагдалд орох тохиолдол хэр их бий вэ. Урьдчилан сэргийлэх шинжилгээг ямар хугацаанд, хэдэн наснаас дээш хүмүүс өгч байх ёстой вэ?

-Ер нь хүүхэд ч бай, том хүн ч бай урьдчилан сэргийлэх үзлэгт жилд хоёр удаа хамрагдаж байх хэрэгтэй. Бөөрний өвчний урьдчилан сэргийлэлт нь анхдагч, хоёрдогч, гуравдагч сэргийлэлт гэж байдаг. Анхдагч сэргийлэлт нь зөв хооллолт юм. Тэжээллэг чанартай хоол хүнс хэрэглэх, ажил амралтын дэглэмээ зөв зохицуулах, аливаа үрэвсэлт өвчнөөр өвчлөхөөс сэргийлэх явдал байдаг. Өөрөөр хэлбэл, ямар нэг өвчнөөс урьдчилан сэргийлэх аргаас суралцаж, биеэ эрүүл авч явах хэрэгтэй гэсэн үг. Хоёрдогч сэргийлэлт нь бөөрний хурц өвчин, эмгэгийг богино хугацаанд гүйцэд эмчлүүлэх, бөөрний эмгэгийн хурцдал даамжирлаас урьдчилан сэргийлэх, давс багатай хоол хэрэглэх, алдсан хөдөлмөрийн чадвараа богино хугацаанд сэргээх, ажил хөдөлмөрийн чадвараа аль болох удаан хугацаанд хадгалахад чиглэгдэнэ. Гуравдагч сэргийлэлт нь тухайн өвчний онош бүрэн төгс батлагдсан тохиолдолд уг өвчнийг цааш нь даамжруулахгүй байх эмчилгээг тогтмол хийлгэж эмчийн заавар зөвлөгөөг дагах, эмчилгээний дэглэм сахих ёстой. Бөөрний өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн арга нь дулаан хувцаслаж, даарч хөрөхгүй байх явдал бөгөөд хоолой, ам залгиурын үрэвсэлт өвчин, амны хөндийн өвчин, шүдний өвчнийг цаг тухайд нь бүрэн төгс эмчлүүлж, хоол унд, ажил амралтаа зөв зохицуулах явдал юм.

-Танай эмнэлгийн хувьд бөөр орлуулах хичнээн аппараттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна вэ. Өдөрт хэдэн хүн үйлчлүүлэх үү?

-Манай диализийн төв нь 2017 онд дөрвөн жилээр магадлан итгэмжлэхээ авсан албан ёсны биеэ даасан эмнэлэг юм. Манай аппарат, тоног төхөөрөмж, хэрэгсэл АНУ-аас ирсэн, чанарын өндөр түвшинг хангасан байгаа. Одоогоор нийт 12 аппарат бий. Өдөрт хоёр ээлжээр 24 хүн үйлчлүүлдэг бөгөөд байнгын 48 үйлчлүүлэгчтэй. 2017 оноос эхлэн үйлчлүүлэгчдийн гемодиализийн эмчилгээний зардлыг төрөөс хариуцдаг болсон ч жил бүр тендер зарлан үйл ажиллагаа явуулах эрх олгодог нь жаахан учир дутагдалтай санагддаг. Манай улсад нийт 700 орчим бөөрний дутагдалтай хүн байгаа ч жил бүр 100 гаруй хүн шинээр нэмэгдэж оношлогддог. Иймд Эрүүл мэндийн даатгалд хамрагдчихвал тухайн байгууллага болон үйлчлүүлэгчдэд дараалал, хүлээгдэл үүсэхгүй амар хялбар болно гэж боддог.

-Даралт ихэсч, багасах нь бөөртэй холбоотой юу?

-Бөөр нь артерийн даралтын зохицуулгад олон талын үүрэг гүйцэтгэдэг учраас бөөрний эмгэгийн үед цусны даралт ихсэх шинж тэмдэг ямар нэг хэмжээгээр илэрдэг. Цусны даралт ихсэх нь далд хэлбэрээс эхлэн тогтвортой өндөр хорон байдлаар явагдаж болно. Бөөрний гипертензийг шалтгаанаар нь цуллаг эдийн /ренопаренхиматоз/ ба бөөрний артерийн судасны /вазореналь/ гэсэн хоёр том бүлэгт хуваадаг.Бөөрний түүдгэнцрийн цочмог, архаг үрэвслүүд, завсрын эдийн эмгэгүүд, хоёрдогч нефропати, амилоидоз, поликистоз, хавдар, гипоплази гэх мэт цуллаг эдийн өвчнүүд нь бөөрний даралтын шалтгааны дийлэнх буюу 70 хувийг эзэлдэг. Эдгээрийн дотроос бөөрний түүдгэнцрийн үрэвсэл голлох шалтгаан болдог.

-Манайхан “Бөөрний үрэвсэлтэй” гэчихээд тоодоггүй. Энэ нь бөөрний дутагдалд ороход нөлөөлөх үү. Ямар тохиолдолд бөөрний дутагдалд ордог юм бэ. Энэ талаар манай уншигчдад мэдээлэл өгөөч?

-Бөөр өвдөхөд заавал эмчид үзүүлж, шаардлагатай гэсэн шинжилгээг өгч, эмчийн заавраар эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Хүн бүр адилгүй учир ямар онош тавигдсан байна, түүний дагуу эмчийн зөвлөсөн эмчилгээг хийлгэх ёстой. Бөөрний үрэвсэлтэй байна гэдгээ мэдсэн мөртлөө тоохгүй яваад л байдаг, яваад л байдаг. Ямар ч дэглэм сахихгүй, ямар ч эмчилгээ хийлгэхгүй, эсвэл хэн нэгэн хүнээс сайн гэсэн эмийг дураараа авч хэрэглэсэн зэргээс үүдэлтэй бөөрний өвчнөө архагшуулж орхидог. Энэ нь цааш даамжирсаар бөөрний архаг дутагдалд хүргэдэг. Бөөрний архаг дутагдалд оруулдаг олон янзын өвчин байдаг. Гол шалтгааны 60-70 хувийг гломерулонефрит, пиелонефрит эзэлж байна. Бөөрний архаг дутагдал нь хоёр бөөрийг хамарсан давшингуй явцтай архаг өвчний улмаас бөөрний бүтэц, үйл ажиллагааны хомсдолоос үүссэн эмнэл зүй, лабораторийн иж бүрдэл хам шинж юм. Нийт нефроны 50 хувь ажилгүй болоход клиник шинж илрэхгүй. Шүүлтийн түвшин 30-40 хувь болоход азотын бодис эрс өсөж, эхний шинжүүд илэрдэг. Манай улсад бөөрний архаг дутагдалтай хүний тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа учраас эрт үед нь илрүүлэг хийх, урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмолжуулах шаардлагатай байгааг харуулна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний Монголын тайлбар цусны шинжилгээ байх юм” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ымягмар гарагийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Даага унаж уралдсан хоёр настай хүүгийн ээж Н.Отгонцэцэг: Нөхрөө яагаад нялх үрээ даага унуулж уралдуулсныг ойлгохгүй байгаа” хэмээн өгүүлжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний Монголын тайлбар цусны шинжилгээ байх юм хэмээх нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

“Улс төр” нүүрт Ц.Ням-Осор: Төрийн өмчийн компаниудыг хувьчлахдаа хөрөнгийн биржээр л худалдахгүй бол хулгайн замаар орно хэмээн ярьсан байна.

Сонин хачныг өгүүлэх 13 дугаар нүүрт “Хуурамч мэдээ, тролл” хэмээн бичжээ.

Таван толгойн бүлэг ордын сонин хачин гэж “Эдийн засаг” нүүрт өгүүлжээ.

Тавдугаар нүүрт Д.Эрдэнэбат: Таван толгойг ард түмний мэдэлд очих нөхцөлийг нээж өгвөл бид тогтоолын төслийг дэмжинэ гэжээ.

“Хууль зүйн сайдтай холбоотой шалгалтын ажиллагаа эхэлж байна гэв” хэмээн “Цаг үе” нүүрт өгүүлэв.

“Баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлого, экспортын арга замууд” чуулга уулзалт болов хэмээн “Нийгэм”-ийн 15 дугаар нүүрт өгүүлжээ.

Анагаах ухааны доктор Б.Цэцэгсайхан: Дэлхийн 79 орон ХХВ-ийн эсрэг вакциныг дархлаажуулалтын үндэсний товлолдоо оруулаад байна хэмээн “Эмч” нүүрт ярьжээ.

Улс төрийн хоёрдугаар нүүрт Б.Жавхлан: Банкуудыг дахин хөрөнгөжүүлэх хууль батлагдсанаар харилцагчид эрсдэлгүй болсон хэмээв.

Турк улс ерөнхийлөгчийн засаглалтай хэмээн “Дэлхий мэдээ” нүүртөгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

Дайны үед тусгаарлагдсан гэр бүлүүд дахин уулзана

БНСУ-ын “ Улаан Загалмайн” нийгэмлэг дайны үед тусгаарлагдсан гэр бүлийн гишүүдийг уулзуулахаар өнөөдрөөс бүртгэж эхэлжээ. Энэ удаагийн бүртгэлд57 мянган хүн хамрагдаж байгаа бөгөөд эхний ээлжинд 500 хүн гэр бүлтэйгээ уулзахаар болоод байгаа аж. Тус бүртгэлийгцахим хэлбэрээр явуулж байгаа бөгөөд бүртгүүлэгчдийн дундаас90 нас гарсан хүмүүс ихэнх хувийг эзлээд байна.

57 мянган хүнийг нэгэн зэрэгуулзуулахад хүндрэлтэй учир эхний ээлжинд 500 хүний уулзалтыг зохион байгуулж байгаа талаар “Улаан Залгалмайн” нийгэмлэг мэдээлжээ.

БНСУ-ын Улаан Загалмайн Нийгэмлэгийн захирал тусгаарлагдсан гэр бүлийн уулзалтанд бүртгүүлсэн хүмүүстэй хамт

БНАСАУ-ын хойд Пхенанд төрсөн 87 настай Пак “1946 онд дүүтэйгээ хамт Өмнөд Солонгосруу ажиллахаар явж байсан. Харин Хойд Солонгост хоёр ах болон дүү маань байгаа” гэлээ. Гэвчэхний уулзах 500 хүний тоонд орж чадаагүйдээ ихээхэн харамсаж байгаагаа илэрхийлжээ. Харин 92 настай Ли “Дайны үед цөмийн зэвсгээс зугтаж Өмнөд рүү ирсэн. Тухайн үед гурван настай охиноо Хойд Солонгост үлдээсэн. Гучин жилийн өмнө миний нөхөр нас барсан. Тэр архи уух бүрт охиноо санаж уйлдаг байсан” хэмээсэн юм. Энэ эмээ мөн адил эхний уулзах бүртгэлд хамрагдаж чадаагүй байна.

Ирэх сарын дөрөвны өдөр БНСУ болон БНАСАУ-ын УЗН-т бүртгүүлэгчдийг нэрсийн жагсаалтаар амьд эсэхийг шалгаж, наймдугаар сарын дөрвөнд уулзах хүмүүсийн нэрийг эцсийнбайдлаар гаргах ажээ.

Хоёр улсын “Улаан Загалмайн” Нийгэмлэг энэ сарын 22-нд болсон хуваагдсан гэр бүлийн уулзалтыгнаймдугаар сарын 20-ноос 26-ны хооронд Кымган уулын цогцолборт зохион байгуулахаар болжээ.

Ц.УРАНБОЛОР

ХАН МӨНХ

Categories
мэдээ нийгэм

Иргэдийг смарт картаар зорчиж байхыг анхаарууллаа

Нийслэлийн Тээврийн газраас гаргасан удирдамжийн дагуу нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний хөлс төлөлтийн байдалд хяналт тавих хамтарсан шалгалт Улаанбаатар хотын хэмжээнд энэ сарын 19-ний өдөр эхэлсэн бөгөөд 26-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна.Энэ удаагийн хяналт, шалгалтад Нийслэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний үндсэн болон хот орчмын чиглэлүүд хамрагдсан байна. Хамтарсан шалгалтын зорилго нь авто тээврийн тухай хууль, түүний хэрэгжилт, зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавьж, судалгаа хийх, илэрсэн зөрчлийг арилгаж үйлчилгээний чанар, соёлыг дээшлүүлэхэд оршиж байгаа аж.

Зорчигчдын хөлс төлөлтөд хяналт тавих хамтарсан шалгалтын эхний өдөр буюу өчигдрийн байдлаар бэлэн мөнгөөр зорчих 2211, хөлс төлөөгүй 417, картын үлдэгдэл хүрэлцэхгүй 407, өндөр настны картын зөрчил 16, хөгжлийн бэрхшээлтэй иргэний 15, оюутны 3, хүүхдийн 198 зөрчил тус тус илэрсэн байна.Тиймээс иргэдийг нийтийн тээврээр зорчихдоо бэлэн мөнгөөр төлбөр төлөлт хийхээс татгалзаж, смарт картаар зорчиж байхыг Нийслэлийн тээврийн газраас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

“Эмэгтэйчүүдийн лиг”-т “Дэрэн” клубийн эмэгтэйчүүдийн баг аваргаллаа

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эмэгтэйчүүдийн лиг”-т “Дэрэн” клубийн эмэгтэйчүүдийн баг анх удаа аваргаллаа.

“Дэрэн” лигийн сүүлийн тоглолтоо хоёр жил дараалан түрүүлээд байсан “Арвис”-тай хийж 1:0-ээр хожсоноор, аваргын цом өргөх эрхтэй болсон юм. Мөнгөн медалийг “Арвис” хүртсэн бол “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн анхны аварга “ХАД” хүрэл медаль гардлаа.

Тэмцээний шилдэг тоглогчдоор:

  • С.Халиун шилдэг хаалгач /Арвис/
  • О.Цасан-Охин шилдэг хамгаалагч /Дэрэн/
  • Н.Намуун шилдэг хагас хамгаалагч /ХАД/
  • О.Сарангарав шилдэг довтлогч /Хан-Уул/ нар тус тус тодорлоо.

Дээрх шилдэг баг, тамирчид “Эмэгтэйчүүдийн лиг”-т өрсөлдөгчийн дүрээр бие биенийхээ эсрэг тоглосон бол тун удахгүй нэг баг болж эх орныхоо төлөө зүтгэх болно. Тодруулбал ирэх 9, 10-р сард Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг зүүн АШТ-ий тэмцээн, 16, 19 хүртэлх насны охидын шигшээ багууд Азийн АШТ-ий урьдчилсан шатанд хүч үзэх билээ.

Categories
мэдээ нийгэм

Олон хүн аянганд ниргүүлэн амиа алджээ

Энэтхэгийн зүүн хэсэгт орших Бихар мужид дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас есөн хүн аянганд ниргүүлж амиа алдсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.
“Ням гарагийн шөнө есөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Амь үрэгдэгсдийн тав нь Катихар болон Мунгер дүүрэгт, дөрөв нь Наланда, Гаяа болон Банка дүүрэгт аянганд цохиулан амиа алдсан байна” гэж тус улсын онцгой байдлын албаны ажилтан мэдээлжээ.
Мужийн засгийн газрын тэргүүн Нитиш Кумар амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүнээ эмгэнэл илэрхийлээд, тэдэнд 400000 рупи буюу 6000 ам.долларын тэтгэмж олгоно гэж мэдэгдсэн байна.

Ойрын өдрүүдэд аянга цахилгаантай ширүүн бороо орно гэж Энэтхэг улсын цаг уурын хүрээлэнгээс ард иргэддээ анхааруулаад байгаа бөгөөд тус улсад зургаа, долдугаар сард борооны улирал үргэлжилж, аянга цахилгаантай аадар бороо орох нь элбэгшдэг ажээ.

Categories
мэдээ нийгэм

“Цэвэр орчин-Эрүүл амьдрал” дөрвөн сарын аян өрнүүллээ

Сэлэнгэ аймгийн хэмжээнд “Цэвэр орчин-эрүүл амьдрал” нэртэй тохижилт, бүтээн байгуулалтын аяныг энэ сарын 10-наас ирэх 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл дөрвөн сарын хугацаанд зохион байгуулахаар зарлаад байна.

Тус аянд Сэлэнгэ аймгийн 17 сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэд хамрагдах юм. Энэхүү аяны хүрээнд гудамж, зам, талбайг тохижуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хаяг, хаягийн байгууламжийг холбогдох журамд нийцүүлэх хийх ажээ. Мөн хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах, гудамж зам талбайн гэрэлтүүлэгийг нэмэгдүүлэх, инженерийн шугам сүлжээ дэд бүтцийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах зэрэг ажлууд хийгдсэн байх ёстой юм байна.

Аяны гол зорилго нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, аймгийн ИТХ-ын тогтоолоор батлагдсан “Манай гудамж-Миний гэр” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явдал юм. Мөн аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийгмийн хариуцлагыг өндөрсгөх, цаашлаад тохижилт, ногоон байгууламж, хог хаягдал, цэвэрлэгээний менежментийг сайжруулах, ажлын шинэ санал санаачлагыг дэмжих, орчны өнгө үзэмжийг дээшлүүлэх замаар иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангуулахад оршиж байгаа аж.

Тус аяныг аймгийн хэмжээнд аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг удирдан зохион байгуулах бөгөөд сум, багт сумын Засаг даргын захирамжаар байгуулсан дэд ажлын хэсгүүд зохион байгуулан ажиллах юм байна. Мөн аяны хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөө, үндсэн ажлын хэсгийн ажиллах хуваарийг аймгийн Засаг даргын захирамжаар баталж өгчээ. Аяны дүнг сум бүрээр дүгнэж гаргах бөгөөд хийгдсэн ажлын үзүүлэлтээр нь шилдэг сум, шилдэг баг, шилдэг байгууллага, аж ахуйн нэгж, шилдэг өрх гэж тус тус шалгаруулах юм. Аянд манлайлж, шилдэг болсон бол нэг сая төгрөг, дэд байрт 800 мянган төгрөг, гутгаар байр эзэлсэн шилдэгт 500 мянган төгрөгийн урамшуулал олгох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 300 залуу хог түүнэ

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо” ТББ-тай хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд орчноо сайн дураар цэвэрлэх “Гүйе! Түүе!” үйл ажиллагааг 300 залуучуудын оролцоотойгоор 6-р сарын 30-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Энэхүү үйл ажиллагаанд “Азийн Гран При” тэмцээний ялагчид болох 11 тамирчин, залуучуудыг уриалан оролцож байгаагаараа онцлог юм. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир: “Хогийг иргэд бид өөрсдөө тарьж байгаа. Иргэн бүр хогоо хогийн саванд хаядаг бол нийслэл Улаанбаатар хот хоггүй хот болно. Нийслэлийн иргэдэд хогоо хаяхгүй байх, хаясан хогийг хогийн саванд аваад хаячих хандлагыг төлөвшүүлэх нь чухал юм.

Тиймээс бид хоггүй хотод амьдрахад иргэдийн өөрсдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор залуучуудын сайн дурын оролцоотой “Гүйе! Түүе!”аяныг зохион байгуулах гэж байна. Аяны хүрээнд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас санаачлан 5 дугаар сарын 26-ны өдөр нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Тээврийн газар, Баянзүрх дүүргийн ЗДТГ хамтран 24 байгууллагын албан хаагчид, “Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо” ТББ-ын гишүүд, сайн дурын иргэд нийт 1,408 залуучууд оролцуулж 54,02 тонн хог цэвэрлэсэн. Энэ удаа бидний үйл ажиллагааг дэмжин “Азийн Гран При Мистер Олимпиа” тэмцээний ялагчид болох 11 тамирчин, залуучуудыг уриалан оролцож байгаагаараа онцлог юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гүйнгээ хог түүх их цэвэрлэгээнд сайн дураараа оролцох залуучуудад нээлттэй байх болно”

Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооны ЕНБД С.Одбаатар:

“Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газартай хамтран залуучуудад болон нийгэмд хандсан олон сайхан үйл ажиллагаануудыг зохион байгууллаа. Тэр ажлуудын маань нэг болох аяныг бид дэмжин оролцож байна. Манай холбооны тив, дэлхийн аварга тамирчид, залуу тамирчид маань идэвхтэй оролцож байна. Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооны баг тамирчид 2018 оны 5-р сарын 27-ны өдөр БНСУ-н Сөүл хотноо зохион байгуулагдсан “MR.OLYMPIA AMATEUR – ASIAN GRAND PRIX 2018” тэмцээнд амжилттай оролцоод эх орондоо ирсэн. Бодибилдинг фитнесс сонирхогчдын хамгийн өндөр чансаатай оргил тэмцээнд Монгол Улсаас эрэгтэй 12, эмэгтэй 4, нийт 16 тамирчин оролцож, 4 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль нийт 11 медаль хүртэж, 1 тамирчин “PRO CARD”-ын эзэн болсон. Тэмцээний ялагчид бүгд орчноо сайн дураар цэвэрлэх “Гүйе! Түүе!” их цэвэрлэгээнд оролцох юм” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Лондонгийн ICE бирж дээр газрын тосны үнэ буурчээ

Энэ сарын 22-23-нд болсон Газрын тос экспортлогч улсуудын байгууллага буюу ОПЕК-ийн гишүүн болон гишүүн бус улс орнуудын уулзалтын дүнд “Brent” маркийн газрын тосны 8 дугаар сард худалдах фьючерс хэлцлийн үнэ ICE бирж дээр 2 хувиар буурч, нэг баррель нь 74,05 ам.доллар болсон байна.

Өнгөрсөн бямба гарагт болсон уулзалтад талууд оны хоёрдугаар хагасын туршид өдөрт олборлох газрын тосны хэмжээгээ 1 сая баррелиар нэмэгдүүлэх асуудлыг зөвшилцөн тохирсон бөгөөд ирэх 9 дүгээр сард энэ түвшинг эргэн харж магадгүй байна.

Түүнчлэн уулзалтын үеэр ОПЕК-ийн гишүүн улсуудын сайд нар тус байгууллагад ОХУ-ыг ажиглагчийн хувиар элсүүлэх асуудал хийгээд 2018 оноос хойш тус байгууллагын үйл ажиллагааг ямар хэлбэрээр явуулах талаархи асуудлуулыг хэлэлцсэн байна. “Brent” маркийн газрын тосны 8 дугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ энэ сарын 22-нд Лондонгийн ICE бирж дээр 3 хувиар өсч, 75,2 ам.доллар болжээ.