Categories
мэдээ нийгэм

Үхсэн хархтай таарвал мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна

Сүүлийн үед хархтай холбогдолтой дуудлага ихсэх төлөвтэй байгаа ажээ. Харх нь ямар ч орчны нөхцөлд дасан зохицож, өсөж, үржих нь хурдан байдаг. Дэлхийд одоогоор 64 зүйл харх бүртгэгджээ.

Манай улсын хот суурин газарт хархны тархалт байхгүй ч бор болон хар харх хилийн боомтуудаар дамжин урд, хойд хөршөөс орж ирсэн тохиолдол цөөнгүй бүртгэгддэг байна. Мөн биологи, анагаах ухааны чиглэлээр лабораторийн нөхцөлд цагаан хархыг өсгөж үржүүлдэг.

Харх нь орчны бохирдлоос үүдэн хогийн цэг, барилга байгууламж, орон сууцны подваль, бохирын хоолой зэрэгт орогнож, бүх төрлийн хоол хүнсний үлдэгдлээр хооллодог. Иймд иргэддээ үхсэн болон амьд хархтай таарвал мэргэжлийн байгууллагад шуурхай мэдээлэхийг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Хар утаа хаядаг автомашинуудыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Олон жилийн насжилт болон эд ангийн эвдрэлтэй, утаа хаядаг, өнгө үзэмж илт муудсан машинуудыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар болжээ. Тодруулбал, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа “Наймдугаар сарын 1-нээс Баянгол дүүрэгт утаа хаядаг, зөрчилтэй машинуудыг явуулахгүй, хөдөлгөөнийг хязгаарлана” хэмээн шийдвэрлэсэн байна. Иймд хар утаа хаядаг машинтай иргэд замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд торгох арга хэмжээ авах аж. Түүнчлэн Гандан-Өргөө-Хороолол-ЭХЭМҮТ гэсэн маршрутаар зорчуулахгүйг сануулжээ.

Дашрамд дуулгахад, автомашины утаа хүний амьсгалах түвшинд цацагддаг бөгөөд хамгийн хор хөнөөлтэй байдаг. Ялангуяа өвлийн улиралд хүйтний хэмээс хамаарч агаар нягтарсан байдаг учир машины утаа дээшээ хөөрч чаддаггүй, орчиндоо бөөгнөрч байдаг аж. Тэрхүү утаанд нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, хар тугалга, кадми, альдегид бензпирен диоксин зэрэг 260 гаруй төрлийн хорт бодис агаарт ялгаруулдаг. Бензиперин нь олон цагирагт үнэрт нүүрс ус төрөгч юм. Энэ нь хүний генийг гэмтээдэг төдийгүй хорт хавдар үүсгэх өндөр идэвхитэй хатуу талст бодис ажээ.

Categories
мэдээ спорт

Роналдо шар хуудас авлаа

ОХУ-ын Саранск хотын “Мордовия арена” цэнгэлдэх хүрээлэнд урд шөнө хөлбөмбөгийн ДАШТ-ий “В” хэсгийн Иран-Португалын гуравдугаар тойргийн тоглолт болж, 1:1-ээр тэнцлээ.

Хоёр багийн тоглолт тэнцээгээр өндөрлөсөн нь Португалд ашигтай хувилбар байж, хэсэгтээ хоёроор гарлаа. Энэ тоглолтын 45 дахь минутад Португалын тоглогч Рекардо Күарезма эхний гоолыг оруулснаар португалчууд тэргүүлж эхэлсэн.

Улмаар 54 дахь минутад К.Роналдо 11 метрээс хийсэн торгуулийн цохилтыг хаалгач амжилттай хаасан юм. Роналдо тоглолтын 83 дахь минутад шар хуудас авлаа. Иранчууд гоол оруулах гэж нэлээд хүчин чармайлт гаргасны дүнд 93 дахь минутад Карим Ансарифард тэнцээний гоолыг оруулж чадлаа. Харин Ираны шигшээ баг энэ удаа талбайд заавал хожих даалгавартай ч ийнхүү Португалтай тэнцэж, шөвгийн 16-д үлдэж чадсангүй.

Мөн энэ цаг мөчид Калининград хотноо “Калининград” цэнгэлдэх хүрээлэнд Испани, Мороккогийн тоглолт болж, 2:2-оор тэнцлээ. /Иско 19, Яго Аспас 90+2, Халид Бутаиб 14, Юссеф Эн-Несири 81/.

Ийнхүү “В” хэсгийг Испани тэргүүлж, Португал удаалж Иран дөрвөн оноогоор гуравт бичигдэв. Харин Морокко нэг оноо авснаар энэ удаагийн дэлхийн аваргын тоглолтоо өндөрлүүлэв.

Хөлбөмбөгийн 21 дэх удаагийн буюу 2018 оны ДАШТ-ий шөвгийн 16-д өрсөлдөх эхний дөрвөн баг ийнхүү тодорлоо.

ДАШТ-ий “А” хэсгийн тэргүүн баг Уругвай, Португалын шигшээ багтай зургадугаар сарын 30-нд тоглох бол “В” хэсгийн тэргүүн баг Испани ОХУ-ын шигшээ багтай долдугаар сарын 1-нд тоглох юм.

Харин ирэх шөнө “С” хэсгийн Дани-Франц, Австрали-Перу, “D” хэсгийн Нигери-Аргентин, Исланд-Хорватын тоглолтууд болно.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарын бүтээн байгуулалт 2018

Categories
мэдээ улс-төр

Ц.Нямдорж: Ялыг хөнгөрүүлэх тохиолдол бүрт дүрэм, журам гаргах уу?

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдлаа. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Уг хуулийн төсөлд 300 мянган төгрөгөөс дээш хохиролтой гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон насанд хүрээгүй хүүхдэд найман жил оноодгийг таван жил болгон ялын хугацааг гурван жилээр багасгахаар тусгажээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Ц.Гарамжав “Насанд хүрээгүй хүүхдэд оноох ял манайд хүнд байдаг. Хэрвээ энэ хууль батлагдсанаар одоо ял эдэлж байгаа хүүхдэд үйлчлэх үү” гэсэн асуултад ажлын хэсгээс “дүрэм тогтоол гаргасан тохиолдолд хэрэгжүүлнэ” гэсэн хариултыг өгсөн юм. Асуултад ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хариулахдаа “Хууль журмын дагуу энэ асуудлыг шийднэ гэж Эрүүгийн хуульд бичсэн байгаа. Энэ сүүлийн үеийн хуульчдын мэргэжлийн ур чадварт эргэлзэх эргэлзээ улам бүр нэмэгдэх боллоо. Асуудал хэлэлцэх болгонд буруу тайлбар хийх юм. Ялыг хөнгөрүүлэх тохиолдол бүрт дүрэм, журам гаргах уу. Та нар ямар сургууль төгссөн юм бэ. Мэдэхгүй бол мэдэхгүй гэдгээ хэлээд яв” хэмээв.

Хуралдааны төгсгөлд, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн Н.Оюундарь чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

Цагдааг доромжилж, дүрэм зөрчсөн этгээдийн жолоодох эрхийг хасч, торголоо

Олон нийтийн сүлжээнд дүрэм зөрчсөн үйлдэлд нь хууль ёсны шаардлага тавьсан Замын цагдаагийн алба хаагчийг үг хэлээр доромжилж, улмаар шаардлагыг хүлээж авахгүй хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн автомашины жолоочийн бичлэг цацагдсан.

Зөрчил гаргасан иргэнийг Замын цагдаагийн алба хаагчид шуурхай олж тогтоон, шалгалтын ажиллагааг явуулж эхэлжээ. Уг иргэнийг цагдаагийн биед халдсан үндэслэлээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Үргэлжилсэн цагаан шугам давж, урсгал сөрсөн зөрчил гаргасан, Төрийн албан хаагчийг доромжилсон энэхүү жолоочид оногдуулсан шийтгэлийг өнөөдөр олон нийтэд ил тод мэдээлнэ гэдгийг ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат фэйсбүүк хуудсаараа мэдэгдээд байсан юм.

Дөнгөж сая замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч Б-гийн жолоодох эрхийг хасч, торгуулийн арга хэмжээ авсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Харин цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй үйлдэлд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна гэлээ.

Categories
мэдээ нийгэм

“Чадварлаг алба хаагч” шалгарууллаа

Замын цагдаагийн албанаас алба хаагчдын ажил албанд хандах хандлага, шинэ санал, санаачлагыг нэмэгдүүлэх, хамт олны уур амьсгалыг сайжруулах, ажлын бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор сар бүр “Чадварлаг алба хаагч” шалгаруулж, урамшуулж байна.

Зургаадугаар сард хамт олноо хошуучлан “Чадварлаг алба хаагч”-аар Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Г.Жавхлан шалгарч “Батламж”-аа гардан авчээ.

Г.Жавхлан хэлэхдээ “Би цагдаагийн байгууллагад долоо дахь жилдээ тэр дундаа тус албанд гурав дахь жилдээ ажиллаж байна. Би тус албанаас зохион байгуулсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй асуудал” сэдэвт илтгэлийн тэмцээнд “Замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах, хяналт шалгалтыг зохион байгуулахад анхаарах асуудал” сэдвээр илтгэл танилцуулсан. Тухайн үед танилцуулж, дэмжигдсэн зарим ажил, арга хэмжээг Чингэлтэй дүүрэгт хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь энэ сарын Чадварлаг алба хаагчаар шалгарахад нөлөөлсөн байх. Түүнчлэн тэмцээнд оролцож байгаа алба хаагчдын үр дүнг долоон үзүүлэлтээр дүгнэж шалгаруулдаг байгаа. Тухайлбал: ёс зүй, сахилга хариуцлага, шинэ санал санаачлага, албаны техник хэрэгсэл ашиглалт, гадаад үзэмж, хувцаслалт, биеэ авч явах байдал зэргээр үнэлж дүгнэдэг байгаа. Мөн алба хаагчдынхаа ажил хөдөлмөр, хичээл зүтгэл, санал санаачлагыг дэмжин шагнаж, урамшуулж байгаа нь албандаа идэвхи зүтгэлтэй, бусдыгаа үлгэрлэн хошуучилж ажиллах урам зоригийг алба хаагчдадаа олгож байгаа нь маш сайшаалтай байгаа. Намайг дэмжин хамтран ажилласан гэр бүлийнхэн болон хамт олондоо талархалаа илэрхийлж байна.” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

“Кибер гэмт хэрэгтэй тэмцэх нь” сэдэвт сургалт боллоо

Цагдаагийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний цагдаагийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд кибер гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр анхан болон ахисан түвшиний “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх нь” сэдэвт тав хоногийн сургалт 2018 оны зургадугаар сарын 18-ны өдрөөс 22-ны өдрүүдэд Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд амжилттай болов.

Сургалтыг БНСУ-ын Үндэсний цагдаагийн газрын сургагч багш, цагдаагийн хурандаа Жон Даэ Йонг, цагдаагийн хошууч На Чон Гю, цагдаагийн ахлагч Жон Хван Су нар БНСУ-ын кибер гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах ажиллагааны туршлага, холбоо харилцааны сүлжээнд тавих хяналт, тоон ул мөрийг бэхжүүлэх, нээлттэй эх сурвалжаас мэдээлэл цуглуулах мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хичээл сургалтыг явууллаа.

Энэхүү сургалтын онцлог нь энэ чиглэлээр ажиллаж байгаа алба хаагчдыг цахим гэмт хэргийн үед үлддэг ул мөрийг тогтоож илрүүлэх чадварыг эзэмшүүлэх зорилгоор алба хаагч бүрийг цахим орчинд ажиллуулж, дадлага сургалтыг явуулж байгаагаараа ач холбогдолтой болж өндөрлөв.

Сургалтын нээлт, хаалтын үйл ажиллагаанд БНСУ-ын элчин сайдын яамны цэргийн атташе Ким Дохан, ЦЕГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Г.Ган-Эрдэнэ, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Амар, Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн дарга, удирдлагууд оролцож, сургалт амжилттай болсон юм.

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 56 удаа ой, хээрийн түймэр гараад байна

2018 оны эхний зургаадугаар сард улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 2093 удаа гарч, 12.5 тэрбум төгрөгийн хохирол учирч, 44 хүн нас барж, 26 хүн түлэгдэж гэмтэн 289 толгой мал хорогдож, 912 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 582 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 26.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 4,3 хувиар, учирсан хохирлын хэмжээ 42 хувиар тус тус өссөн байна.

Нийслэл хотод нийт 1371 удаагийн гал түймэр гарч, 2.9 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 722 удаагийн гал түймэр гарч, 9.6 тэрбум төгрөгийн хохирол тус тус учрав.

Ой, хээрийн гал түймэр

Улсын хэмжээнд 2018 оны эхний зугаадугаар сарын байдлаар Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Увс аймгийн 12 аймгийн 41 суманд 56 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 32667 га ой, 41143 га хээр, нийт 73810 га талбай түймэрт өртөж, түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 1231 алба хаагч 92 техник, хил хамгаалах, хууль сахиулах байгууллагаас 50 алба хаагч 5 техник, орон нутгаас 1334 иргэн 149 техник хэрэгсэлтэй ажилласан байна.

Ой, хээрийн гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 46,7 хувиар буурчээ.

Categories
мэдээ нийгэм

Геологийн шинжлэх ухаан ба геопаркууд олон улсын хөтөлбөрийн анхдугаар чуулга уулзалт боллоо

Уг уулзалтыг ЮНЕСКО-ийн Геологийн шинжлэх ухаан ба геопаркууд олон улсын хөтөлбөрийн Нарийн бичгийн дарга нарын газар, БОАЖЯ, УУХҮЯ болон бусад холбогдох байгууллагууд хамтран зохион байгууллаа. Энэхүү чуулга уулзалт нь ЮНЕСКО-ийн Геологийн шинжлэх ухаан ба геопаркууд олон улсын хөтөлбөрийг Монгол Улсад анх удаа танилцуулах зорилготой бөгөөд уулзалтыг БОАЖЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга П.Цогтсайхан нээж, үг хэллээ.

Арга хэмжээнд ЮНЕСКО-ийн Геологийн шинжлэх ухаан ба геопаркууд хөтөлбөрийн олон улсын мэргэжилтнүүд болон үндэсний холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын нийт 80 орчим төлөөлөгчид оролцсон юм.

Чуулга уулзалтаар Дэлхийн геопаркуудын сүлжээний шилдэг туршлага, Монгол Улсын геологийн ач холбогдол бүхий газруудын талаар болон геопаркийн асуудлыг үндэсний геологи, байгаль орчин, аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт тусгах боломжийн талаар хэлэлцлээ. Мөн 2018 оны 6 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд Өмнөговь аймагт орон нутгийн аялалыг зохион байгуулах замаар геопарк болгох боломжит газруудыг олон улсын мэргэжилтнүүдэд үзүүлж зөвлөмж авах юм байна. Дашрамд дурьдахад, энэхүү хөтөлбөр нь геологийн ач холбогдол бүхий газруудыг олон улсын түвшинд дэмжин хөгжүүлж, орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготойгоор 2001 онд үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркуудын сүлжээнд дэлхийн 38 орны 140 газар бүртгэгджээ.