Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Морин хуурчдын наадам болно

Олон улсын Морин хуурчдын зургаадугаар наадам, уралдаан 2018 оны зургаадугаар сарын 30-наас долдугаар сарын 5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.

Энэ удаагийн наадамд АНУ, Бельги , БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад, Япон зэрэг орноос 30 гаруй морин хуурч, Монгол Улсын мэргэжлийн хөгжмийн 5 театр , чуулгаас 100 гаруй уран бүтээлчид оролцохоор болжээ. 6-р сарын 30-нд СТӨ-нд болох нээьтийн тоглолтод Улсын филармонийн симфони найрал хөгжим, Морин хуурын Чуулга, Үндэсний Их Театрын их найрал бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Харин 7-р сарын 1-2нд Улсын филармоний танхимд мэргэжлийн морин хуур урлаачдын уралдаан, 3-4нд уулзалт- хэлэлцүүлгийг зохиолн байгуулахаар төлөвлөжээ. Мөн энэ өдрүүдэд Уран зургийн галерей морин хуурын холбогдолтой үзэсгэлэн нээгдэх юм. Олон улсын морин хуур сонирхогчид, Үндэсний Дуу Бүжгийн Чуулгын мэргэжлийн уран бүтээлчид, ардын авьяастнууд хамтарсан хаалтын тоглолт харин 7-р сарын 5-нд зохион байгуулагдах юм байна.

2008 оноос хойш зургаа дахь удаагаа зохиогдож буй олон улсын морин хуурчдын наадмыг Нийслэлийн ЗДТГ, Соёл урлагийн газар, БСШУЯ хамтран зохилон байгуулж байна. Наадмыг “МИГ даатгал”ХХК , “Жанцанноров сан”, Морин хуурыг дэмжих “Цэндийн Батчулуун сан” ивээн тэтгэжээ.

Categories
мэдээ нийгэм

Ургамлын сан бүхий фонд байгуулав

Нийт ургамлын сангийн 60-аас дээш хувийг амьд тарьц суулгац, үр хөврөл, эс эдийн түвшинд хадгалан нөөцийн хомсдолыг хязгаарлахаар сорил туршилтын талбайд 10 хувийн амьд цуглуулгыг хамгаалалтанд аваад байгааг БОАЖЯ-наас мэдээлэв.

Манай улс өргөн уудам нутаг дэвсгэртэй, байгалийн бүс бүслүүр, ургах орчин янз бүр учир ургамлын аймгийн орчин нөхөн төлжиж ургахад таатай боловч далайн түвшнээс өндөрт байрладаг хуурай эх газрын эрс тэс уур амьсгалд бүрэлдэн бий болсон ургамлын аймгийн хөгжил маань дэлхийн ургамал үүслийн дөрвөн том төвөөс алслагдсан байдаг аж. Дээр нь дэлхийн дулаарал уур амьсгалын өөрчлөлт, уул уурхай, техник технологийн хөгжлийн хурдацтай зэрэгцэн цөлжилт, ган гачгийн давтамж олширсноос ургамлын олон янз байдал үгүй болж хомсдол үүсч, нөөц багасч байна. Энэ нь манайх шиг хэврэг ургамлын аймгийн хувьд том аюул гэдгийг БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн Г.Оюунгэрэл хэллээ.

Хамгийн гол нь манайд хүний үйл ажиллагаанаас шалтгаалан эм тан, , хүнс, гоо сайхны үйлдвэрлэлийн үйл явц олширч, нэн ховор ургамлыг ихээр түүж хэрэглэх нь ихэссэн, ургамлын аймагт нөхөн сэргээлт хийхгүй байгаад мэргэжилтнүүд харамсаж байна. Нэг ёсондоо ургамлын олон янз байдал нөөцийг хамгаалах байдал манайд үндсэндээ хаягдаж, ургамлын төрөл зүйлүүд чимээгүй устгаж алга болох аюул бодитой тулгараад байгааг БОАЖЯ, байгаль орчны мэргэжлийн байгууллагууд оролцсон уулзалтын үеэр онцлон тэмдэглэв.

Гэхдээ манай ургамал судлаачид 3127 зүйл гуурст ургамал, 580 зүйл хөвд, мөн тооны дээд мөөг, 1056 зүйл хаг, 1933 зүйл замаг бүхий нийт 8000 зүйл ургамлын нийт төрөл зүйлийг бүртгэн данслаж, биет баримт цуглуулгын фонд бүхий олон улсад бүртгэлтэй (index Herbarium) сан хөмрөгийг бий болгож чаджээ. Ургамлын сан бүхий дээрх фондод 145.000 орчим хувь цуглуулгаас нэн ховор ургамлын 15, ховор ургамлын 7.5 хувь нь үр байдлаар хадгалагдаж байна. Нийт ургамлын удмын сангийн 60-аас дээш хувийг амьд тарьц суулгац, үр хөврөл, эс эдийн түвшинд хадгалж хамгаалж нөөцийн хомсдолыг хязгаарлахаар сорил туршилтын талбайд 10 хувийн амьд цуглуулгыг хамгаалалтанд аваад байгааг БОАЖЯ-наас мэдээлж байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Эко аялагч” нэг сарын аян эхлүүлж байна

Аялал жуулчлалын улирал эхэлж буйтай холбогдуулан “Залуусын хэмнэл” НҮТББ, “MSC” продакш нь санаачлан 2018. 07.01-08. 01 хүртэл “ЭКО АЯЛАГЧ” нэг сарын аяныг эхлүүлж байна. “ЭКО АЯЛАГЧ” аяны гол зорилго нь аялагчид аяллын явцад гардаг хог хаягдлаа байгальд ил задгай хаялгүй буцааж авчирдаг, байгальд ээлтэй аялагч байхад чиглэгдсэн аж.

Аяллын явцад их бага хэмжээгээр хог хаягдал гардаг. Иймд хог хаягдлаа уутлан зориулалтын хогийн цэгт хаяж, хэвшсэнээр байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад өөрийн хувь нэмрээ оруулж буй нэг хэлбэр юм. Тиймээс зохион байгуулагчид аяны хүрээнд эдэлгээ даахуйц, зориулалтын эко хогны уутыг хэрэглээнд нэвтрүүлэхийг зорьж байгаа бөгөөд эко хогны уут нь 50смx60 см хэмжээтэй, автомашинд авч явахад тохиромжтой юм байна. Түүнчлэн эко гэдэг утгаараа олон дахин ашиглах боломжтой, хогоо хийгээд амыг нь татчих боломжтой, хог асгарахгүй байх зэрэг олон давуу талтай аж.

Эл эко уутыг ямар нэг нэмэлт зардал тооцохгүйгээр бодит өртөг болох 1000 төгрөгөөр Баянзүрхийн товчоо болон 22-ын товчоо, мөн автозам дагуу сайн дурын оюутан залуус долоодугаар сарын нэгнээс худалдаалж эхлэх юм байна.

Үүний зэрэгцээ ЭКО АЯЛАГЧ аяны хүрээнд олон нийтийн хандлагыг өөрчлөх, ухамсарт нөлөөлөхийн тулд “Байгаль дэлхийгээ аврахад бидэнд гурван секунд хангалттай” гэсэн уриатай нөлөөллийн реклам, шторк, постеруудыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацах болон цахим сүлжээнд байршуулах, олны танил эрхмүүдийн дуу хоолойг энэ зүгт хандуулах, байгууллага ААН-үүдийг “ЭКО АЯЛАГЧ” байхад уриалсан челленж өрнүүлэх, сурталчилгааны материал тараах сайн дурын залуусын хөдөлгөөн, аялагчид байгалийн сайханд амарч, зугаалахдаа байгалаа анх очсон шигээ үлдсэн гэдгийг нотолж, эко хогны ууттай зургаараа гангарах уриалга гаргаж буй юм байна.

“ЭКО АЯЛАГЧ” аянд байгальд дэлхийгээ хайралдаг, нийгмийн хариуцлагаа ухамсарласан төрийн болон ТББ байгууллага, ААН-үүдийг нэгдэхийг уриалж буй аж.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Явуулын тайзаар иргэдэд үнэ төлбөргүй тоглолт үзүүлнэ

Нийслэлийн Соёл, урлагийн газраас Улаанбаатар хотын явуулын тайзыг ашиглалтад оруулжээ. Тус явуулын тайз бүхий автомашин нь 2008 оноос эхлэн ашиглагдаж байгаад зогссоныг сэргээн засварласан байна. Энэхүү тайзыг ашиглан явуулын урлагийн тоглолт, өдөрлөг, уулзалт зэргийг тогтмол зохион байгуулахын зэрэгцээ Улаанбаатар чуулгын шилдэг уран бүтээлийн тоглолтыг нийслэлийн 152 хороодын иргэдэд зориулан, үнэ төлбөргүй зохион байгуулахаар төлөвлөсөн аж.

Хөгжим, гэрлийн иж бүрдэл бүхий зориулалтын автомашинтай явуулын тайз нь үйл ажиллагаагаа энэ сарын 28-нд 19:00 цагаас Хан-Уул дүүргийн 5, 6 дугаар хороодын иргэдэд зориулсан Улаанбаатар чуулгын шилдэг уран бүтээлийн тоглолтоор эхлүүлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай бороо орно

Өнөөдөр нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орохыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Энэ өдөр ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр байна.

Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 19-24 градус, Увс нуур, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 31-36 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 23-28 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Хууль зөрчин ашигт малтмал олборлолт явуулж буйг таслан зогсоов

Монгол Улсын хилээр нэвтрэх цөмийн материал, цацраг идэвхт бодисын хууль бус хөдөлгөөнд хяналт тавих, цацрагийн хяналтын төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газраас хилийн 15 боомтын улсын байцаагчдад сургалт явууллаа.

Сургалтанд оролцогчдод НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2004 оны 1540 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс цөмийн материал, цацрагийн үүсгүүрт тавих хяналт шалгалтыг хэрхэн зөв гүйцэтгэх, цацрагийн хяналтын тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг тодорхойлох, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх болон цөмийн, хими, биологийн зэвсэгийн зориулалттай бараа бүтээгдэхүүнүүдийг террорист этгээдүүдийн гарт орохоос хэрхэн урьдчилан сэргийлэх зэрэг мэдлэг мэдээллийг холбогдох мэргэжилтнүүд өгч, Буянт-Ухаа боомт дахь зориулалтын сургалтын тоног төхөөрөмж дээр дадлага хийжээ.

Categories
мэдээ нийгэм

“Хар хорин” худалдааны төвийн гадна талбайд ил задгай худалдаа эрхлэгчдийг шинжлэв

Баянгол дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэс, нмхг-ын Төв лабораторитой хамтран “Хар хорин” худалдааны төвийн гадна талбайд ил задгай хүнсний бүтээгдэхүүн худалдаалж буй иргэдийн худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүн болон худалдагчийн гараас арчдасын шинжилгээ авч, газар дээр шинжилгээний хариуг гаргаж бохирдол өндөр байгаа талаар Монголын үндэсний олон нийтийн телевиз, НD Монгол телевизээр иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргүүлэн ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм

Нүүдлийн шувуудын тоо нэмэгджээ

Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвөөс Төв аймгийн Баяндэлгэр, Баянжаргалан сум, Нийслэлийн Багануур дүүргийн нутаг дэвсгэрт орших нуурууд, Хэрлэн голын ай сав, Бүс нуур, Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж, Туул голын ай савын дагуу ус, намгийн шувуудын нүүдэллэн өнгөрөх, өндөглөх хугацаатай давхцуулан ажиглалт тооллогыг хийж гүйцэтгэжээ.

Тооллогоор шувуудын тоо өмнөх оны мөн үеийнхээс 10 хувиар нэмэгдсэн байна. Нийтдээ 8 багийн, 12 овгийн, 21 төрлийн, 25 зүйлийн 3982 шувууд тоологджээ. Шувуудын зүйлийн бүрдлийн хувьд өмнөх оныхоос 3 баг, 6 зүйлээр илүү байв.

Судалгаанд хамрагдсан ус, намгийн шувуудаас галуутны (79.83%) багийн шувуу, үүний дотроос нугасны (33%) төрөл зонхилж байна. Ажиглалт тооллого хийх явцад шувууны томуугийн болон ямар нэгэн шалтгааны улмаас гэмтсэн болон үхсэн шувуу тааралдсангүй аж.

Categories
мэдээ нийгэм

Эзэмшил газраасаа хэтрүүлэн нийтийн эзэмшлийн явган хүний зам дээр хашаа барьсан зөрчлийг арилгууллаа

Баянгол дүүрэг, 17-р хороо, “Үндэсний био-энергийн судалгаа, эмчилгээний хүрээлэн” НҮТББ нь эзэмшил газраасаа хэтрүүлэн нийтийн эзэмшлийн зам талбайг хааж, барилгын түр хашаа барьсан зөрчлийг газар дээр нь арилгуулан хашааг татууллаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Даага унаж уралдсан хоёр настай хүүгийн ээж Н.Отгонцэцэг: Нөхрөө яагаад нялх үрээ даага унуулж уралдуулсныг ойлгохгүй байгаа

Дорнод аймгийн Баянтүмэн сумын алдарт уяач Г.Батболд өнгөрсөн тавдугаар сарын 18-нд зээ хүүгийнхээ даахийг үргээх найр хийхдээ хууль, журам зөрчиж, даага уралдуулсан байдаг. Дээрх уралдааны үеэр хоёр настай хүүхдээ эмээл дээр нь уяагаар хүлж, уралдуулсан нэгэн эцгийн хэрэг мандаж, нийгэм даяар дуулиан шуугиан тариад буй. Хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн дээрх үйлдэлтэй холбоотой асуудлыг олон нийт “Хөдөөний, хэнэггүй нь дэндсэн эрчүүд морь нь уралдаж л байвал хүүхэд үхэх нь хамаагүй. Тэр аав хүүхдийнхээ төрсөн эцэг нь биш байх. Хоёр настай хүүхдээ морь унуулж байхад ээж нь хаана, юу хийж явсан юм” гэх мэтээр шүүмжилж, дор бүрнээ хариуцлага нэхэн шогширч байна. Тэгвэл хоёр настай хүүхдийг ямар учраас даага унуулж, уралдуулсан талаар сурвалжлахаар манай сонины сурвалжлах баг Дорнод аймгийн Баянтүмэн сумыг зорьсон юм. Баянтүмэн сум төдийгүй Дорнод аймгийнхан “Ганц нэгхэн хүнээс болж нутгийн нэр сэвтэж байна. Фэйсбүүкээр дүүрэн сум, аймгаараа гоочлуулж байна. Телевизээр хүртэл хүүхдийн амь насаар наадах дөхсөн аймгийнхан гэж гарч байна лээ” гээд л ярьцгааж байв. Хоёр настай хүүхдээр даага унуулж уралдуулсан бэсрэг наадмын талаар бид нэхэн сурвалжиллаа.

Сумандаа хурдан морьдтой гэдгээрээ алдартай сумын алдарт уяач Г.Батболд өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн галын зээ хүүгийнхээ даахийг үргээх гэж байгаа талаараа ах дүү, хамаатан садан, нутгийнхандаа зар тараажээ. Мөн нутгийнхаа уяачдад “Найрны үеэр даага уралдуулна. Бай шагнал өгнө” гэдгээ дуулгажээ. Энэ нь өнгөрсөн зунаас хойш огт морь уралдуулаагүй уяачдын ёстой л гижгийг хүргэсэн мэдээ болж дуулдсан байна. Учир нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас энэ оны зургадугаар сарын нэгэн хүртэл улс даяар хурдан морь уралдуулахыг хориглох шийдвэр гаргасан билээ. Өвөл, хаврын улиралд морь уралдуулж сэтгэлийн цэнгэл эдлээгүй уяачдын нар нь гарч, даага сургаж эхэлжээ. Сум даяар “Уяач Г.Батболд зээ хүүгийнхээ даахийг үргээхдээ даага уралдуулах гэнэ” гэх яриа хуурай өвсөнд тавьсан түймэр шиг л хурдацтай тархаж, хүн бүрийн чихэнд хүрчээ.

Бүр сумын Засаг даргын Тамгын газарт хүртэл яригдсан байна. Тавдугаар сарын 18-ны өглөө морь цагт зээ хүүгийнхээ үсэнд хүрч, тал талаас цугларсан уяачид даагаа мордуулжээ. 23 даага бүртгүүлээд гарсан байна. Сумын Засаг даргын Тамгын газарт ажилладаг хүмүүсээс эхлээд тэнд олон хүн цугларсан байна.

Г.ХАНГАЛХУЛАН ХОЁР НАСТАЙ ХҮҮГЭЭ ЭМЭЭЛ ДЭЭР НЬ ХӨДӨЛГӨӨНГҮЙ БОЛТОЛ НЬ ДАРУУЛЖ ХҮЛСЭН ГЭВ

Дааганы уралдаанд хээр даагаа сойсон Г.Хангалхулан хоёр настай хүүгээ машиндаа суулгаад уралдаан болох газарт очжээ. Гэвч яг даага уралдах өдөр дунд сургуулийн хүүхдүүд улсын шалгалт өгч байсан учир унаач хүүхэд нь ирж чадаагүй байна. Унаач хүүхэд ирээгүйгээс зарим уяач даагаа уралдуулж чадалгүй буцсан гэнэ. Харин Г.Хангалхулан хоёр нас хүрээд удаагүй байгаа хүүхдээ унуулахаар шийдэн эмээлийг нь янзалж, дөрөө сурыг нь богиносгож, хүүгээ эмээлтэй нь хүлжээ. Тэрбээр хүүгийнхээ зузаан гуяар нь даруулж, эмээлтэй нь хүлсэн байна. Наадамчид ч “Хаашаа ч хөдлөх боломжгүй болтол нь даруулж уясан байсан” хэмээн ярьсан байна. Г.Хангалхулан хүүгээ хөтөлж яваад гарааны зурхай дээрээс эргүүлээд тавьжээ.

Хоёр нас гурван сартай Х.Од-Эрдэнэ хүү хээр дааганыхаа нуруун дээр давхиж явахдаа “Ээдээ, Ээдээ” гээд л ээжийгээ нэхэн уйлж явсныг унаач хүүхдүүд дараа нь ярьж байсан гэнэ. Хүү дөнгөж хэлд орж байгаа болохоор ээжийгээ “Ээдээ” гэж дууддаг байна. Ээжийнхээ мөөмнөөс өөр зүйл ширүүхэн барьж үзээгүй булбарай жаахан гараараа жолоогоо тас атгачихаад л толгой нь гэдэлзэж, хэдэн тийшээ савлаад л давхиж явсан байна. 20 гаруй даага гарааны зурхайгаас улаан тоостой эргэж, юу ч харагдахгүй шахам тоосон дунд орох үед хөөрхий хүү бархирч эхэлжээ. Хурдан морины унаач хүүхдүүдийн гүүглэх хашхираан дундаас Х.Од-Эрдэнийн уйлах дуу илүү чанга сонсогдож байсан гэнэ. Дааганы уралдааны таван километр замд хүүгийн унаж явсан хээр даага гурван ч удаа үлийний нүхэнд бүдэрсэн гэнэ. Азаар хүү, даага хоёр уналгүй торойтол давхисаар барианд оржээ.

ХҮҮГ “МОНГОЛ ЭР ХҮН ГЭДЭГ ЧИНЬ ЭНЭ БАЙНА ДАА. ОДОО ДААГАТАЙ УРАЛДАЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ ИРЭХ ЖИЛ ИХ НАСНЫ МОРЬ УНАХ ЮМ БАЙНА” ГЭЖ НААДАМЧИД ӨХӨӨРДЖЭЭ

Дааганы уралдаан үзсэн хүмүүс “Ямар хөөрхөн юм бэ. Ийм жаахнаасаа даага унаад эхэлж байгаа юм уу. Даага нь ч хөөрхөн байна. Хүүхэд нь бүр хөөрхөн, эгдүүтэй юм. Тэр нүүрийг нь хараад байгаарай, халтайгаад битүү шороо болчихсон байна. Ёстой л монгол эр хүн гэдэг чинь энэ байна даа. Одоо даагатай уралдаж байгаа юм чинь ирэх жил их насны морь унах юм байна” гээд л тал талаас нь барьж авч үнсэж өхөөрджээ. Хээр даага зургаад давхисан байна. Г.Хангалхулан хүүгээ мориноосоо уналгүй давхиад ирсэнд, уясан даага нь шандастай байсанд баярлаж байсан нь илт. Дорнод аймгийн Баянтүмэн сумын хоёрдугаар багийнхан сумын алдарт уяач Ш.Батболдын зээ хүүгийнхээ даахийг үргээх ёслолд болсон дааганы уралдааныг ингэж л үзэж, хөөрцөглөжээ.

Наадамчид дундаас хэн ч хоёр настай хүүгээ дааган дээр мордуулаад зогсож байхад нь болиулаагүй байна. Мөн Баянтүмэн сумын Морин спорт уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга хоёр настай хүүг даага унаад барианд давхиад орж ирж байхад нь гар утсан дээрээ бичлэг хийгээд зогсож байжээ. Нутгийн иргэдийн ярьж байгаагаар сумын уяачдын холбооны даргадаа ерөнхий нарийн бичгийн дарга нь дургүй гэнэ. Тэгээд “Баянтүмэн сумын уяачдын холбоо ажлаа хийхгүй байна” гэх утга бүхий зүйлсийг дээрх бичлэгтэйгээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын фэйсбүүк хаяг руу явуулсан байжээ. Ингээд улс орон даяар энэ асуудал анх цацагдаж, дуулиан шуугиан тарьжээ. Улмаар Дорнод аймгийн цагдаагийн хэлтэс, Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүдийн баг наадам зохион байгуулсан Г.Батболд, хоёр настай хүүхдээр морь унуулсан Г.Хангалхулан нарын гэрт очиж, шалгалт хийж эхэлжээ. Хүүгийн аав, ээжээс цагдаа нар мэдүүлэг авч, прокурор хэргийг нь хянаж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас аав, ээжийг нь хүүхдээ асран хамгаалж чадах эсэхийг судалж, сумын Засаг даргын Тамгын газраас ажилтнууд ар араасаа цувран иржээ. Ингээд хууль зөрчин морин уралдаан зохион байгуулсан Г.Батболд, хоёр настай хүүхдээрээ даага унуулж, уралдуулсан Г.Хангалхуланд Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 3.2 дугаар хэсэгт заасан “Хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюултай тоглоом наадамд оролцуулсан” гэх үндэслэлээр торгох арга хэмжээ авчээ.

Бид Дорнод аймгийн төвөөс зүүн урагшаа давхисаар Хуурай марз нуурын урд дэнжид зусаж байгаа Г.Хангалхулангийн гэрт очлоо. Гэрт нь хүн байсангүй. Саахалт айлын хүмүүс гэрийн эзэгтэй хүүгээ дагуулаад аймгийн төв явсан гэв. Харин гэрийн эзэн сүүлийн хэд хоног малын эрэлд яваад гэртээ тогтохгүй байгаа хэмээн ярьсан юм. Нутгийн иргэдээс сурагласаар хоёр настай Х.Од-Эрдэнэ хүү болон түүний ээж Н.Отгонцэцэг нарыг өвөө О.Мөнхжаргалындаа байхад нь очлоо. Бага таван ханатай гэрийн гадаа хэдэн ишиг, хурга тонгочиж байх ажээ. Хажууханд нь хоёр нас дөнгөж хүрч байгаа болов уу гэмээр бор хүү ишиг, хурганы араас тэнтэр тунтар алхаж байх юм. Сэвлэг нь салхинд хийсчихсэн хүү машин ирээд зогсох үед гэрийнхээ зүг хурдан хурдан алхсаар орчихлоо. Төд удалгүй 60 орчим настай болов уу гэмээр өндөр бор хүн хүүг хөтөлсөөр гарч ирэв. Хурга, ишигний араас хөөцөлдөж зогссон жаахан хүү даага унасан өнөөх хүү мөн байжээ. Гэрийн эзэдтэй мэнд мэдээд,сурвалжлага хийж яваагаа дуулгав.

Баянтүмэн сумын гуравдугаар багийн малчин О.Мөнхжаргал “Хүүхдүүд хэл аманд ороод хэцүүхэн байдалтай байна. Г.Хангалхулан миний зээ охины гэр бүлийн хүн. Цөөн хэдэн малтай, өөрсдийгөө болгоод л амьдарч яваа улс. Манай хүргэн хүү морь уях сонирхолтой. Аав нь ч аймаг, сумандаа нэртэй, алдартай уяач. Хүргэн бүр бага байхдаа морь унаж сурсан, хурдны морь ч сайн унадаг гэж ярьж байсан. Хоёр настай энэ муу жаахан хүүгээ яагаад даага унуулаад уралдуулсан талаараа ярихгүй л байна. Би уралдаан болсных нь дараа хаврын туранхай даага унуулдаг нь яаж байгаа юм бэ гээд загнасан. Энэ муу жаахан амьтнаар даага унуулж л байдаг. Хүүхдээ даага унуулсан асуудлыг би огт өмөөрч хаацайлахгүй. Залуу хүмүүс дэндүү зоригтой, хэцүү хатуу зүйлийг мэдэхгүй болоод ийм болчимгүй үйлдэл гаргасан байх” хэмээн ярьсан юм.

МАНАЙ НӨХӨР НАДАД ХҮҮГЭЭ ТОМ БОЛОХООР Л МОРЬ УНУУЛЖ СУРГАНА. БАГА БАЙХАД НЬ АДУУНД ОЙРТУУЛАХГҮЙ ГЭЖ АМ ӨГСӨН” ГЭВ

Хоёр настай Х.Од-Эрдэнэ хүүгийн ээж Н.Отгонцэцэгтэй цөөн хором ярилцлаа.


-Хоёр настай хүүгээ даага унаж уралдсан гэдгийг хэзээ мэдсэн бэ?

-Болд ахынх дааганы уралдаан хийж байгаа гээд хээр даагаа уясан. Наадам болсон өглөө хүүгээ дагуулаад явсан. Би хонио хараад үлдсэн юм. Тухайн үед хүүхдээрээ даага унуулах талаар юу ч хэлээгүй. Миний санаанд ч тийм зүйл огт бодогдоогүй. Аавыгаа дагаж яваад ирнэ биз гэж бодоод л явуулсан. Тэгээд удалгүй даага зургаад орсон, бай авсан гээд л ирсэн. Тэгэхдээ даага унах хүүхэд олдохгүй хүүхдээрээ унуулчихлаа гэсэн. Эхэндээ тоглож байгаа юм байх гэж бодоод итгээгүй. Харин сүүлдээ итгэж ийм жаахан хүүхдээр яагаад даага унуулсан юм бэ гээд л уурласан. Надад манай хүн юу ч хэлээгүй.

-Хүүхдийнхээ зузаан гуяар нь эмээлтэй нь даруулж хүлсэн байсан гэсэн. Хөл нь зүгээр байсан уу. Биеийнх байдал зүгээр байгаа юу?

-Зүгээр байсан. Бие нь зүгээр байгаа. Ямар нэгэн өөрчлөлт ажиглагдаагүй байна. Манай нөхөр амьдралаа босгох гэж айлуудын олон адуу хардаг. Сардаа 400 гаруй мянган төгрөгийн цалин авдаг юм. Өдөржин адуунд яваад завгүй байдаг болохоор хүүхдийн эрхийг хамгаалах хууль, журам зэргийг мэдэхгүйгээс ийм үйлдэл хийчихсэн байх. Яагаад нялх үрээ дааган дээр мордуулаад явуулсан гэдгийг одоо бодоод ч ойлгохгүй байгаа. Хэрэв би дагаж явсан бол юу гэж ийм нялх хүүхдээ даага унуулах вэ.

-Танайд хүүхэд хамгаалах байгууллагын олон хүн ирсэн үү?

-Хамгийн анх сумын морины холбооны нэг хүн бичлэг хийсэн. Түүнийгээ Улаанбаатар хотын хүүхэд хамгаалах газрын дарга руу явуулсан гэсэн. Тэрний дараа маш олон хүн ирсэн. Нөхөр бид хоёр ч аймаг орж асуугдаж байцаагдсан. Хүүхэд чинь танай нөхрийн хүүхэд мөн үү гэх зэргээр олон асуулт асууж байна лээ. Нэгэнт болоод өнгөрсөн зүйлийг дахин дахин сөхөөд нөхрөөсөө асуугаад байх хэцүү байна. Хүүгээ эсэн мэнд хүрээд ирсэнд баярлаж байна. Уралдааны талаар бодохоор айдас хүрээд хэцүү байгаа. Дахиж ийм асуудал гаргахгүй гэж л хэлмээр байна даа. Манай нөхөр ч надад хүүгээ том болохоор л морь унуулж сургана. Бага байхад нь адуунд ойртуулахгүй гэж ам өгсөн гэв.

Х.Од-Эрдэнэ хүү хурдан морь унаж, салхи эсгэрүүлэн давхих нь битгий хэл, шилбүүр ч унаж чадахгүй нялх. Дөнгөж хэлд орж байгаа хүү “гого, аабаа, ээдээ, ий, баба” гэх мэт хэдхэн үг хэлж чаддаг. Зургийг нь дарахаар манай зурагчин дээр тэнтэр тунтар алхсаар хүрч ирээд өөрийнхөө зургийг гараараа заагаад “гого” гэж хэлэх нялх үрээ зэрлэг цэнгэл догшин адуун дээр хүлээд зогсох аавыг буруутгахаас өөр аргагүй. Нөгөө талаар хөдөө, орон нутагт амьдарч байгаа малчдын зарим нь XXI зуунд амьдарч байгаагаа мэдэхгүй эзэнгүй хөдөөд захиргаагүй ардууд юу дуртайгаа хийж, хууль дүрэмгүй мэт амьдарч байна. Үүний тод жишээ нь хоёр настай хүүхдээ хурдан морь унуулсан явдал. Түүнчлэн малчид хуулийн мэдлэгээ дээшлүүлэх талаар огт анхаардаггүйг захын хүн хэлж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шинээр батлагдсан хуулийн талаар мэдээлэл гардаг ч ач холбогдол өгч олж, үзэх хүн өдрийн од мэт гэдгийг ч онцолж байсан юм. Олонх нь зохиолын дуучдын тоглолт, хурдан морины уралдаан, олон ангит солонгос киног л чухалчилж байна. Улс төрийн холбоотой мэдээллээ “Монгол коммент”-оор төсөөлж, бараг энэ нэвтрүүлгийн мэдээллээс өөр сонин сайхан, боловсролгүй шахам сууж байгаа нь тэднийг хууль зөрчих, гэмт хэрэгтэн болгох зүйл рүү түлхэж байгаа гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл, хөдөө орон нутагт амьдарч байгаа залуусын олонх нь мэдлэг боловсролгүй, харанхуй бүдүүлэг байсаар байна. Дорнод аймгийн иргэдээс шинээр батлагдсан Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн талаар асуухад мэдэх хүн бараг л олдсонгүй. Зарим нь “Тийм хууль батлагдсан гэж сонссон” гэж хариулж байв.

Үргэлжлэл бий