Categories
мэдээ нийгэм

​МҮЭ-ийн холбоо татварын шинэчлэлийг шудрагаар хийхийг УИХ, Засгийн газраас шаардаж байна

МҮЭ-ийн холбооноос татварын хуульд нэмэлт шинэчлэлт оруулахыг санаачиллаа. Шинэчлэлийг орлогын ялгаатай байдал болон амьжиргааны түвшин зэргээс шалтгаалан оруулжээ. Ингэснээр иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлж, баялгын хуваарилалтын тэгш бус байдлыг арилгах зэрэг чухал ач холбогдолтой юм.

МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат хэлэхдээ “Бид 600-700 мянган төгрөгний цалинтай. Нэг өрхийн ард гурван хүүхэд нэг настан, хөгжлийн бэрхшээлтэй эсвэл ажилгүй иргэн байдаг. Энэ авч буй цалингаа таван хүнд хувааж үзвэл нэг хүнд 100 гаруй мянган төгрөг ногдож байна. Гэтэл өнөөдөр амьжиргааны баталгаажих доод түвшин 200 мянгад хүрчихээд байна. Эдгээр хүмүүстээ татварын хөнгөлөлт үзүүлэх хүнлэг саналыг МҮЭ-ийн хорооноос хүсэж байна. Улаанбаатар хотод амьдарч буй хүмүүс хотын төсвийн 80 хувийг цалингаас төлсөн татвараас бүрдүүлж байдаг. Иймд бидний санал санаачилгыг бүрэн тусгах ёстой. Монголын хүн амын 30 хувь нь ядуу, тэтгэмжийг хэрэгжүүлэхгүй тохиолдолд 50 хувь нь ядуу, цаашлаад татварын болон бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхгүй бол 70 хувь нь ядуу түвшинд шууд ороход бэлэн байна. Хэрэв татварын бодлогыг найр наадам дөхүүлж, иргэдийн амралтыг далимдуулан ил тод бус батлавал МҮЭ-ийн байгууллага татварын хуулийг хүчингүй болгох, хориг тавиулах асуудалд анхаарах болно” гэв.

Хуулийн нэмэлт шинэчлэлтэд дараах саналуудыг оруулжээ.

– Хүн амын орлогын албан татварын хөнгөлөлтийг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу өрхийн гишүүнд ногдох амьжиргааны түвшинтэй уялдуулан тогтоох

– Хамтын гэрээний дагуу ажил олгогчоос олгож буй хоол, унаа, түлээ нүүрс, цахилгааны хөнгөлөлт, үзвэр үйлчилгээний олговор;

– Өндөр өртөгтэй мэс засал хийлгэхтэй холбогдож, тухайн хүнд зориулсан хандивын тоглолт, бусад орлогоос олсон орлого;

– Соёл урлагийн байгууллагууд, спортын холбоо, спортын клубийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор өмчийн бүх хэлбэрийн байгууллагуудаас өгсөн арван сая төгрөг хүртэлх хандив, түүнчлэн хөдөлмөрлөх эрх ашигтай холбогдох үйл ажиллагаанд зориулсан нийгмийн даатгалын шимтгэл;

– Хүүхдийн хадгаламжийн хуримтлалын орлого, өндөр насны тэтгэвэр авагчид төрөөс үзүүлж буй хувцааны ногдол ашиг;

– Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан, шилжүүлсэнтэй холбогдсон заалтад татварын хувь хэмжээг шатлалтай болгож, ялгаатай тогтоох, тухайлбал 100м.кв- аас бага бол 0,5 хувь, 100м.кв- аас их бол нэг хувь гэх мэт;

– Монгол Улсын иргэн амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсвэл орон сууц худалдан авсан бол албан татвар төлөгчид арван сая төгрөгтэй тэнцэх хэмжээний албан татварын хөнгөлөлт эдлүүлэх;

– Мөн татварын хуулийн цоорхойг ашиглан их хэмжээний татвараас чөлөөлөгдөж байгааг зөв шудрагаар ногдуулах гэсэн саналуудыг тусгав.

Хуулийн шинэчлэлтэй холбогдуулан МҮЭ-ийн холбооноос орон даяар иргэдийн саналыг авч шинэчилсэн найруулгын төсөлд удаа дараа санал хүргүүлжээ. Гэвч 2018 оны тавдугаар сарын 29-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд саналын ихэнх нь тусгагдаагүй аж.

Н.Энхтэнгэр

Categories
мэдээ спорт

Уулчид Хөх Сэрхийн нурууны ноён оргил дээр хөлбөмбөг тоглов

Манай хойд хөрш ОХУ-д хөлбөмбөгийн 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ид болж буй. Монголын уулчид Алтайн нурууны салбар уулс Хөх Сэрхийн нурууны ноён оргилд далайн түвшнээс дээш 4127 метрийн өндөрт хөлбөмбөг тогложээ.

Дэлхий даяар хөл бөмбөгөөр амьсгалсан энэ өдрүүдэд Жаргалант уулчдын клуб болон “Horizon hiking” клубын хооронд хөлбөмбөгийн энэхүү нөхөрсөг тоглолт болсон байна.

Ховд аймгийн Жаргалант, Horizon hiking клубын уулчид хамтран авирсан энэ аяллын хөтчөөр Монгол Улсын гавьяат тамирчин, уулын спортын олон улсын мастер Т.Гүррагчаа ажиллав. Уулчид мөнх цаст оргилд авиралт хийж, хамт олноороо хүслээ биелүүлээд одоо гэртээ ирж яваа аж.

Categories
мэдээ нийгэм

Азийн сайд нарын бага хурал болно

Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Онцгой байдлын ерөнхий газар хамтран Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн Сайд нарын II бага хурлыг Улаанбаатар хотноо долдугаар сарын 3-6-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

“Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” уриан дор зохион байгуулагдах тус хуралд Ази, Номхон далайн бүс нутгийн 50 гаруй улс, орны өндөр дээд хэмжээний төлөөлөгчдөөс гадна олон улс, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшлийн байгууллага болон хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрдэмтэн судлаачид зэрэг 3000 гаруй зочид төлөөлөгч оролцох юм.

Азийн сайд нарын II бага хурлын үеэр Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн эхний гурван жилийн үйл ажиллагаа, Азийн бүсийн төлөвлөгөөний хэрэгжилт, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бүс нутгийн улс орнуудын хүлээсэн үүрэг, амлалт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний ахиц дэвшлийг үнэлж дүгнэн, “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүсийн 2018-2020 оны төлөвлөгөө” “Улаанбаатарын тунхаглал”, “Оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл” зэрэг баримт бичгүүдийг батлан гаргана.

Мөн Монгол Улсын Засгийн газар “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц, хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах нь”, “Гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь” сэдэвт хоёр онцлох хуралдааныг удирдан зохион байгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Албан татвар ногдох орлогоос чөлөөлөх талаар хуулийн төсөлд тусгахыг санал болгожээ

УИХ-аас Татварын багц хуулийг шинэчлэн батлах гэж буйтай холбогдуулан Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн Холбооноос хэвлэлийн бага хурал хийж, байр сууриа илэрхийллээ.

МҮЭ-үүдийн Холбооны дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат хэлэхдээ, Хүн амын 30 хувь ядуу, дийлэнх хувь нь ямар нэгэн хуримтлалгүй, орлогын хомсдолтой байгаа өнөөгийн нөхцөлд бага болон дунд орлоготой иргэдэд татварын хөнгөлөлт үзүүлж, татварын ногдуулалтыг шударга, уян хатан хүмүүнлэг бодлоготой уялдуулах хэрэгтэй байна гэв. Энэ зарчмын дагуу МҮЭ-үүдийн Холбооноос иргэд, хөдөлмөрчдийн саналыг орон даяар авч Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд саналаа хүргүүлж байна гэв. Тус холбооноос Татварын багц хуульд өгч буй санал нь ажил хөдөлмөр эрхэлж, зөвхөн цалингаас өөр орлогогүй амьдарч байгаа 1.3 сая гаруй иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлж, хуримтлал үүсгэх, баялгийн шударга, тэгш хуваарилалт, орлогын хэт ялгаатай байдлыг арилгахад чиглэж байна гээд доорх орлогуудыг Албан татвар ногдох орлогоос чөлөөлөх талаар хуулийн төсөлд тусгахыг санал болгожээ. Үүнд:
  • ХОАТ-ын хөнгөлөлтийг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу өрхийн гишүүнд ногдох амьжиргааны түвшинтэй уялдуулан тогтоох
  • Хамтын гэрээний дагуу ажил олгогчоос олгож буй хоол, унаа, түлээ нүүрс, цахилгааны үнийн хөнгөлөлт, үзвэр үйлчилгээний олговор,
  • Өндөр өртөгтэй мэс засал хийлгэхтэй холбогдож, тухайн хүнд зориулсан хандивын тоглолт, бусад орлогоос олсон орлого,
  • Соёл урлагийн байгууллагууд, спортын холбоо, спортын клубын үйл ажиллагааг дэмжих зорилгоор өмчийн бүх хэлбэрийн байгууллагуудаас өгсөн 10 сая төгрөг хүртэлх хандив, түүнчлэн хөдөлмөрлөх эрх ашигтай холбогдох үйл ажиллагаанд зориулсан НДШ, ХОАТ-ыг шингээсэн цалингаас төвлөрүүлсэн гишүүнчлэлийн татварын шимтгэл,
  • Хүүхдийн хадгаламжийн хуримтлалын орлого, өндөр настны тэтгэвэр авагчид төрөөс үзүүлж буй хувьцааны ногдол ашиг,
  • Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан, шилжүүлсэнтэй холбогдсон заалтад татварын хувь хэмжээг шатлалтай болгож, ялгаатай тогтоох, тухайлбал, орон сууцны 100 м кв-аас бага бол 0.5 хувь, 100 м кв-аас их бол нэг хувь,
  • Монгол Улсын иргэн амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсвэл орон сууц худалдан авсан бол албан татвар төлөгчид 10 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний албан татварын хөнгөлөлт эдлүүлэх,
  • Мөн татварын хуулийн цоорхойг ашиглан их хэмжээний татвараас чөлөөлж байгааг зөв шударгаар ногдуулах гэсэн саналуудыг тусгахыг шаардаж буйгаа илэрхийлэв.
Categories
мэдээ нийгэм

Туул голын дагуу морьт эргүүлүүд ажиллаж эхэлжээ

Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран Туул голын дагуу морьт болон завьт эргүүл гаргажээ. Энэхүү ажлын хүрээнд завьт эргүүлд цагдаагийн алба хаагчид НОБГ-ын Аврах ангийн алба хаагчдын хамт Баянзүрх дүүргийн 11, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ажиллаж байна.

Тодруулбал, Хар усан тохой, Баянзүрх дүүргийн Маршалын гүүрнээс Хан-уул дүүргийн 11, 12 дугаар хороо, Яармаг, Сонсголонгийн гүүр хүртэлх маршрутын дагуу эргүүл хийж байгаа аж. Тэдгээр алба хаагчид иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж сэрэмжлүүлэг тарааж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийн ажиллаж байгаа юм.

1

Categories
мэдээ улс-төр

Д.Тэрбишдагва: 200 гаруй хуульд ашиг сонирхлын зөрчилтэй өөрчлөлт оруулсан

УИХ-аас томилсон “Оюутолгой” төслийн үйл ажиллагаа болон Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилт, Дубайн гэрээг шалгах, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийн шалгалтаар татварын хэд хэдэн зөрчил илэрснийг тус Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өнөөдөр мэдээлэв.

УИХ-ын Ажлын хэсгийн гишүүд Оюутолгой компанийн удирдлагатай уулзалт хийж, 1500 хуудас танилцуулга, судалгааны материалыг хүлээн авчээ. Мөн Ажлын хэсгээс “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой АТГ-т шалгаж буй материал, Аудитын байгууллагуудын шалгалтын материалтай танилцах аж. Үүний дараа нэгдсэн дүгнэлтээ гаргаж Эдийн засгийн байнгын хороонд танилцуулна хэмээн Д.Тэрбишдагва гишүүн хэллээ.

Тэрбээр, “2018 оны нэгдүгээр сард Татварын албанаас Оюутолгойн 2013-2015 онд хийсэн аудитын шалгалтын дүнд 155 сая ам.долларын акт тавьсан. УИХ-аас томилсон Ажлын хэсгийн шалгалтаар үүнээс илүү татварын зөрчлийг илрүүлжээ. Нэгдсэн дүгнэлт гарах үед татварын эцсийн дүнг танилцуулна. Мөн Оюутолгойд 14 мянган хүн ажиллаж байна. Гэхдээ хэд нь гэрээт, хэд нь үндсэн ажилтан болох нь тодорхойгүй. Мөн тус компанид ажиллаж буй дотоод, гадаадын ажилтнуудын цалин ихээхэн зөрүүтэй. Энэ талаар бид дэлгэрэнгүй материал авах санал гаргасан ч цалингийн асуудал хувь хүний нууцад хамаарна гэсэн шалтгаанаар өгөхгүй байна” гэлээ.

Түүнчлэн Засгийн газраас Оуютолгойн цахилгаан станц барих шийдвэрийг нэн даруй гаргах шаардлагатай байгааг дурьдлаа. Ажлын хэсгээс Оюутолгой компанийн удирдлагуутай уулзаж, цахилгаан станц барих боломжтой эсэх талаар ярилцжээ. Компанийн удирдлагуудын зүгээс Засгийн газар шийдвэрээ гаргасан тохиолдолд цахилгаан станц барихад бэлэн, энэ чиглэлд тодорхой хөрөнгө босгож байгаагаа хэлсэн байна.
Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан. Тус хуулийг Оюутолгойд зориулсан гэсэн шүүмжлэл бий. Энэ хуулийн төслийн талаар та бүхэнд ямар мэдээлэл байна вэ?

-2006-2015 онд УИХ Цагаан сар, Шинэ жил, Үндэсний их баяр наадмын өмнөхөн 200 гаруй хуульд ашиг сонирхлын зөрчилтэй өөрчлөлт оруулсан. Тухайлбал, Оюутолгойн гэрээг 2009 оны долоодугаар сарын 16-нд баталсан. Засгийн газраас энэ удаад өргөн барьсан хуулийн төсөлд томоохон аж ахуйн нэгжүүдээс авдаг 20 хувийн татварыг хэвээр нь үлдээхээр тусгасан байна.

-Тус компанид ТУЗ-д Монгол Улсыг төлөөлж буй гурван гишүүний нэг нь чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. ТУЗ-ийн гишүүдийн цалин болон бусад үйл ажиллагаанд шалгалт хийсэн үү?

-ТУЗ-ийн гишүүд хэдэн төгрөгийн цалин авдаг, Монгол Улсад ашиг тусаа өгөх ямар томоохон ажлуудыг хийж байна вэ гэдгийг судалж байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг анхааруулж байна

2018 оны зургадугаар сарын 18-ны өдрийн 20 цаг 30 минутын орчимд БЗД-ийн 17-р хороо ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн хөл бөмбөгийн талбайд 10 настай эрэгтэй “М” хөл бөмбөгийн хаалганы төмрөнд дарагдаж нас барсан хэрэг гарсан. Одоогийн байдлаар задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр тархины суурь ясны гэмтлийн улмаас амиа алдсан хэргийг БЗДЦХ-3 дугаар хэлтэс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9-р зүйлийн 9.1.1-д “аж ахуй нэгж байгууллага нь байгууллагынхаа дотоодод болон үйл ажиллагаа явуулж буй хүрээндээ гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгах, тодорхой арга хэмжээ авах”, 10 дугаар зүйлд “иргэн бусдын эрх, хууль ёсын ашиг сонирхлыг хохироохгүй байх” үүрэг тус тус хүлээсэн.

Мөн Сүхбаатар дүүргийн арваннэгдүгээр хороололд арван настай хүүхэд гадаа тоглож байгаад тогонд цохиулж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Сүүлийн үед насанд хүрээгүй хүүхэд гэмтэх, амь насаа алдах тохиолдол хэд хэд гарч, тухай бүр цагдаагийн байгууллага шалгалтын ажил хийж байна. Урьдчилсан байдлаар гэмт хэрэг гарахад сургууль, аж ахуйн нэгж байгууллага байгууллагынхаа гадаад болон дотоод орчинд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр аливаа эрсдэлийг илрүүлэх, учирч болзошгүй хор уршгийг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол хийх нь Монгол Улсын Үндсэн хуулинд заасан хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгаа хангагдах нэг нөхцөл болно.

Цагдаагийн байгууллагаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хандаж аливаа эрсдэл, ялангуяа хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг анхааруулж байна.

Categories
мэдээ спорт

​​Ази тивийн аварга шалгаруулах “Граунд Гольф”-ийн анхдугаар нээлттэй тэмцээн болно

“МОНЦАМЭ” агентлагийн мэдээллийн төвд “Граунд Гольф”-ийн Азийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулагчид мэдээлэл хийлээ.

Олон улсын Граунд Гольфийн холбооны календарьчилсан төлөвлөгөөний дагуу зургадугаар сарын 29,30-ны өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын нэрэмжит Граунд Гольфийн Ази тивийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг зохион байгуулах юм.Монгол УлсадГраунд Гольфийн спортыг хөгжүүлэн дэлгэрүүлж бүх нийтийн хүртээл болгох зорилгоор энэхүү тэмцээнийг Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Монголын мастеруудын БТСХ, Монголын Үндэсний Граунд Гольфийн холбоо хамтран зохион байгуулна.

Граунд Гольфийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд дүүрэг тус бүрээс30 хүн буюу нийт 240 хүн, 10 аймгаас 100 хүн, гадаадын 12 орноос 70 хүн бүгд 410 хүнийг оролцуулан “Чингис Хааны хүрээ” цогцолборт дөрвөн талбай, найман үүрэнд тоглолтыг явуулахаар болжээ.

Энэ спорт нь одоогоос 35 жилийн өмнө Япон улсын Тоттори мужийн Юрихама хотод үүссэн бөгөөд сүүлийн үед асар хурдацтай тархан хөгжиж буй спортын шинэ төрөл юм. 2021 онд Япон улсад болох Дэлхийн мастеруудын их наадмын хөтөлбөрт граунд гольфийн спорт албан ёсоор ороод байна. Гранд Гольф нь ихэвчлэн оюуны хөдөлмөр, бизнес эрхэлдэг хүмүүс болон өндөр настнууд зэрэг хөдөлгөөн шаардлагатай хүмүүст илүү тохиромжтой. Энэ спортоор хичээллэхэд тусгайлан зассан талбай шаардагдахгүй, цохиур хэрэгслийн хувьд хямд, тоглоомын дүрэм энгийн, хамгийн гол нь хүний орүүл байх үндэс болсон хөдөлгөөн, хамт олны орчин зэрэг анхдагч хэрэгцээг хангаж өгдөг тул олон мянган хүмүүс сонгон хичээллэж, сонирхож байна.

Австрали, Шинэ Зеланд, Бразил, Аргентин, Хятад, АНУ, ОХУ, Польш, Унгар, Монгол зэрэг улсуудад гранд гольфыг сонирхогч, хичээллэгч нарын тоо эрс өссөн байна.

Б. Алтантуяа

Categories
мэдээ нийгэм

20 зуслан албан ёсны зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа эхлүүлээд байна

Энэ зуны хугацаанд буюу зургадугаар сарын 10-наас наймдугаар сарын 20-ны хооронд Нийслэлийн ногоон бүс, Төв аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 20 зуслан албан ёсны зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Зуслангийн үйл ажиллагааг эхлүүлэх зорилгоор Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсэг ажиллаж зуслангуудад хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтын ажлын хэсэгт мэргэжлийн байгууллагууд стандарт, дүрэм журмын дагуу ажиллагаа явуулж шаардлага хангасан дараах зуслангууд үйл ажиллагааг эхлүүлж эрхийн бичгээ борлуулж байна.

Зуслангуудын эрхийн бичгийг Нийслэлийн засаг захиргааны тавдугаар байр буюу Нийслэлийн иргэний танхимаас авах боломжтой гэж Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Зуслангийн эрүүл мэндийн хуудсыг http://child.gov.mn/?p=32848 татаж аваарай.

Categories
мэдээ улс-төр

Хотын дарга иргэдтэй уулзаж, асуудлыг шийдвэрлэлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд иргэдтэй уулзаж, тэдний санал бодлыг сонслоо.

Хан-Уул дүүргийн иргэн П.Очирпүрэв нийслэлийн хог хаягдлын менежментийг сайжруулах, хог цуглуулах, ачих дэвшилтэт “Экобин” шийдлийг хотын даргад танилцууллаа. Улаанбаатар хотод өдөрт 2500-3500 орчим тонн хог цуглардаг. Хогийг хялбар ачиж, цуглуулах дэвшилтэт энэ технологи 1.5-3 м/куб хүртэл хог цуглуулах хүчин чадалтай юм. Газрын гүнд суурилсан торхноос хог ачихад ачигч машин дээр зөвхөн оператор ажиллах боломжтой. Нэг хүн 8-12 минутад 3 тонн хог ачих ашиглахад хялбар технологи аж. Хогийн сав даацын ууттай, үнэр гарахгүй, хотын гудманд өнгө үзэмжтэй. Хогийн савны торх болон шуудайг дотооддоо үйлдвэрлэх бүрэн бололцоотой. Тухайлбал Улаан чулуутын хогийн цэгт байрлах “Сан оргиу” үйлдвэрт торхыг, шуудайг мөн жилд 240 мянган шуудай үйлдвэрлэх хүчин чадалтай дотоодын үйлдвэр 3 мянган ширхэг шуудайг 14 хоногт үйлдвэрлэх боломжтой юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэл хотын хогны асуудал бол том асуудал. Улаанбаатар хотын хогийг боловсруулах чиглэлээр 2 төсөл хэрэгжүүлж байна. Европын сэргээн босголт хөгжлийн банкны хөнгөлттэй зээлээр Морингийн даваанд барилгын материалын хогыг дахин боловсруулах, барилгын материал үйлдвэрлэх төсөл юм. Мөн концессын гэрээгээр Улаанбаатар хотод хог шатаах үйлдвэр байгуулах юм. 2020 онд нийслэл хотод ил задгай, ландфилын аргаар хог булшилдаг байдлыг зогсооно. Энэ ажилд хог цуглуулах ажил их чухал. Бид хамтран ажиллах хүсэлтэй байна. Гэвч тендэр болон гэрээ хэлцлийн шатны олон ажил бий. Бидэнд туршилтын байдлаар ашиглах загвар үзүүлэхийг санал болгоё. Нийслэл хотод эхний ээлжинд төвийн хэсгүүдэд хэрэгжүүлэх боломжтой юм. Холбогдох байгууллагууд иргэнтэй хамтран крантай машины асуудлыг хэрхэн шийдэх шийдлээ олоорой. Туршилтын журмаар хэрхэн хэрэглэгдэж буйг судалж үзье. Ирэх 2019 онд хамтран ажиллах боломжтой” гэлээ.

Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Гоожингийн өндөр” хэмээгдэх түүхэн дурсгалт өвийн талаар Баянгол дүүргийн иргэн Б.Мөнх-Эрдэнэ нийслэлийн Засаг даргад хүсэлт тавилаа. Баянзүрх дүүрэгт байрлах “Гоожингийн өндөр” хэмээх энэ байшин иргэн Б.Мөнх-Эрдэнийн хувийн өмч бөгөөд тухайн газарт барилга барьж бизнесийн үйл ажиллагаа явуулахаар 2013 оноос хүсэлт тавьж байгаа юм. Гоожингийн өндөр хэмээх байшин нь соёлын өвд бүртгэлтэй учир зөвшөөрөл олгогдохгүй байгаа бөгөөд уг барилгыг нийслэлийн өмчид шилжүүлэн авах, эсвэл буулган зөвшөөрлийг олгож шинэ барилга барих нөхцлийг хангаж өгөхийг хүслээ.

Уг байшин 1913 онд Намнансүрэн ерөнхий сайдын үед баригдсан. 1916 онд Сангийн яам байрлаж байсан. БСШУС-ын яам болон НИТХ-ын 2007, нийслэлийн Засаг даргын 2008 оны захирамжаар нийслэлийн соёлын өвд бүртгэсэн байдаг.

Түүх соёлын дурсгалт газар гэж үзсэн учраас асуудлыг НИТХ-д асуудлыг танилцуулахаар боллоо. Нийслэлийн өмчид шилжүүлэн авах, эсвэл хасах талаар саналыг авч ажлын хэсэг байгуулна. Ажлын хэсэг уг газрын үнэлгээг бодитоор үнэлж иргэний асуудлыг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд даалгалаа.

Баянзүрх дүүргийн иргэн Д.Үүсэлмаа тухайн дүүргийн 20 дугаар хороо “Туулын Улаан эрэг гэх газарт” “Цагаан Алигирмаа” ТББ байгуулан Туул голын эрэг дагуу цөлжиж байгаа газрыг зүлэгжүүлэх, ойжуулах зорилгоор мод тарих ажлыг хийж байгаа. 0.36 га газарт 17 сая төгрөгийн өртөг бүхий мод тарьж хүн, малаас хамгаалах зорилгоор хашаа барьсан байна. Хашааг буулгуулах талаар удаа дараа албан хүсэлт ирж байгаа учир мод тарих ажлыг үргэлжлүүлэхийн тулд энэ асуудлыг шийдэж өгөхийг нийслэлийн удирдлагад уламжиллаа.

Газар эзэмших хүсэлт гаргасан газар НИТХ-ын тогтоосон ундны усны хамгаалалтын бүс гэж тогтоогдсон хэсэгт хамаарч байгаа учир зөвшөөрөл өгөх боломжгүй гэж газрын албаны зүгээс хэллээ. Мод тарих асуудлыг Байгаль орчны газартай хамтран шийдвэрлэх боломжтой. Мөн тухайн хэсэгт ерөнхий төлөвлөгөө хийгдэж байгаа гэлээ.

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга “Улсын онцгой хамгаалалттай бүсэд хамаарч байгаа учир газар эзэмших эрх олгохгүй. Хүссэн хүн бүр дуртай газраа хашаа хатгаж байгаа нь буруу зүйл юм. Харин мод тарих санаачлагыг бид дэмжиж манай газрын зүгээс иргэдтэй хамтран ажиллах тал дээр гэрээ байгуулж ажиллахад бэлэн байна” гэлээ.

Мод тарих санаачлага өрнүүлж, өөрсдийн хүч хөрөнгөөр мод тарьж байгааг сайшааж байна. Тиймээс холбогдох байгууллагуудтай холбогдож хамтран ажиллах гэрээ байгуулан дэмжлэг авах хэрэгтэй. Төсөлд хамрагдаж мод тарих санаачлагаа үргэлжлүүлээрэй. Мөн тарих модныхоо төрөл зүйлд анхаарах хэрэгтэй гэж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэллээ.

Шатрын болон оюуны спортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хотын нийтийн эзэмшлийн талбайн өнгө төрхийг сайжруулах үүднээс шатар, оюун ухааны спортын талбай эсвэл гудамжтай болох талаар иргэн Б.Чинзориг санал хэллээ. Шатрын спортыг хөгжүүлэх, нийслэлийн гудамж талбайг тохижуулах, жуулчдыг татах энэ санаачлагыг нийслэлийн Аялал жуулчлалын газар, Залуучууд хөгжлийн газар, Нийтийн биеийн тамир спортын хороо дэмжиж байгаагаа хэллээ. Холбогдох байгууллагуудтай хамтран тохижуулж амжилттай хэрэгжвэл бичил цэцэрлэгт хүрээлэн, орон сууцны дунд тохижуулах тал дээр хамтран ажиллахаа хотын дарга хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.