Дэлхий дахинд үнэлэгддэг Мэргэшсэн Нягтлан Бодогчийн АССА цолд хүрэх хүсэлтэй залуучуудад дуулгах сайхан мэдээ байна. Мэргэжлийн Боловсролын Олон Улсын Академи (GAPE) нь Их Британийн Мэргэшсэн Нягтлан Бодогч бэлтгэдэг боловсролын хөтөлбөрийг эх орондоо нэвтрүүлжээ. Энэхүү сургалтын талаар GAPЕ Академийн Ерөнхий захирал Б.Баярмаатай ярилцлаа.
-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Мэргэшсэн нягтлан бодогч гэсэн нэр томьёог сүүлийн жилүүдэд их ярих болжээ. Иймд та эхлээд манай уншигчдад энэ талаар ерөнхий ойлголт өгөхгүй юу?
-Мэргэжил, мэргэшил хоёр бол хоорондоо асар ялгаатай. Академик боловсролоор их, дээд сургуулиас олж авч байгаа цол, зэргийг мэргэжил гэдэг. Тэгвэл энгийнээр ойлгуулахад Мэргэшсэн нягтлан бодогч болно гэдэг нь мэргэжлийнхээ хамгийн өндөр оргилд хүрснийг илтгэнэ. Мэргэжлийн ур чадвартай, ёс зүйн өндөр төлөвшилтэй мэргэшсэн нягтлан бодогчид нь Монголд төдийгүй дэлхий дахинд олон улсын банк санхүүгийн байгууллага, нэр хүндтэй аудитийн компаниуд, үндэстэн дамнасан корпорациуд, нийтийн ашиг сонирхлын том компанийн санхүүгийн захирал, ерөнхий нягтлан бодогч, аудитороор ажилладаг.
Нягтлан бодох бүртгэл бол дэлхийн хэл. Бид дэлхийн хэмжээнд сэтгэх, бодох, дэлхийн хэлээр ярьж ойлголцох хэрэгтэй учраас нягтлан бодогч хүн дэлхийн хэмжээнд боловсорч мэргэшсэн байх ёстой. Нягтлан бодогч хүн бүр мэргэшсэн байдаггүй. Тиймээс нягтлан бодогч мэргэжилтэй, эвсэл нягтлан бодогч болохыг хүссэн хүн бүхэн АССА цолд хүрчих юмсан гэсэн мөрөөдөл, хүсэл тэмүүлэлтэй байдаг. АССА цол нь тухайн нягтлан бодогчийг олон улсын түвшинд бүр илүү мэргэшсэн гэдгийг баталж, нотлох цол хэргэм юм. Улс орон бүр өөр, өөрийн гэсэн мэргэшсэн нягтлан бодогчийн цол хэргэмтэй. Энэ нь тухайн улс орондоо л үйлчилнэ. Жишээлбэл, Монгол Улс гэхэд тодорхой хууль дүрэмд захирагдаж энэ цол хэргэмийг олгодог байгаа. Харин дэлхийд үнэлэгддэг цөөхөн тооны онцгой цол хэргэм байдаг, түүний нэг нь Олон Улсын мэргэшсэн нягтлан бодогчийн цол. Манай Академи нь Олон Улсад хүлээн зөвшөөрөгдөж, дэлхийн олон улс оронд шууд үнэлэгдэх хөтөлбөрөөр боловсрол эзэмшиж, энэхүү ACCA цолд хүрэх боломжийг монгол залуучууддаа санал болгодог. Мэргэшсэн нягтлан бодогч байна гэдэг бол онцгой нэр хүндийн асуудал юм.
-Монголд анх АССА цолыг олгох сургалтыг нэвтрүүлэхээс нь эхлээд нутагшуулахад таныг гардан гүйцэтгэсэн гэж банк санхүүгийн салбарынхан ярьдаг. Танай GAPE Академи хэдэн онд байгуулагдсан юм бэ?
-Намайг Санхүү эдийн засгийн их сургуульд ажиллаж байхад энэ хөтөлбөрийг 2006 оноос Сингапурын их сургуультай хамтарч хэрэгжүүлж эхэлсэн юм.Үндсэндээ АССА цолтон бэлтгэх сургалт Монголд нэвтрээд 12 жил болжээ. Тэр үед хүмүүс АССА гэдгийг тийм ч сайн мэддэгүй байлаа. Одоо аль ч байгууллага руу ороход нягтлан бодогч нь АССА болсон эсвэл “АССА болчих юмсан, энэ цолыг авчих юм бол миний ирээдүй баталгаатай, мэргэжлийнхээ хувьд хамгийн өндөр карьерт хүрэх юм байна”гэсэн ухамсартай, тэмүүлэлтэй болж байгаа нь бахархууштай юм даа. Тэгэхээр монголчууд АССА цолны нэр хүнд, утга учрыг сайн мэддэг болжээ. Нөгөөтэйгүүр энэ нь хувь хүнд үр ашигтайгаас гадна улс орны хөгжилд онцгой ач холбогдолтой. Мэргэшсэн нягтлан бодогч байхын тулд олон шалгуур давдагийн дотор ёс зүйн том босго байдаг. Тодруулбал, мэргэшсэн нягтлан бодогч хүн хаашаа ч халтирч болохгүй. Олон улсад мөрдөгддөг стандартын дагуу ажлаа гүйцэтгэж, тайлангаа гаргаж, аудитор хийх ёстой. Ийм зарчимч хүн хэн нэгний эрхшээлд орж, буруу хазгай тайлан гаргахгүй. Нягтлан бодох бүртгэл эдийн засагт зөв мэдээлэл өгөх ёстой. Санхүүгийн мэдээлэл зөв илэрхийлэгдсэн гэдгийг хараат бус аудиторууд шударгаар баталдаг. Буруу мэдээлэлд үндэслэн гаргасан шийдвэр маш хохиролтой байдгийг бид олон муу туршлагаасаа бишгүй амсаж байгаа шүү дээ. Ер нь эдийн засаг бизнесийн тайлан мэдээ буруу байгаагаас болж манай эдийн засгийн мэдээллүүд буруу явагдаж, бидний хөгжилд тодорхой хэмжээний саад тотгор гараад хөгжлийн зогсонги байдалд ороод байгаа юм. Тэгэхээр эрүүл мэдлэгтэй, өндөр мэргэшилтэй, ёс зүйтэй стандартад суралцсан хүмүүс нийгэмдээ тэр хэмжээгээр өргөн нөлөө үзүүлэх учиртай л даа. Тийм хариуцлагатай хүн аль нэг байгууллагын санхүүг удирдахад тун богино хугацаанд эрүүлжинэ. Тэднээс харилцагч нар нь суралцана.Амьдарч буй орчин маань эдийн засаг, санхүү талаасаа хямраад ирэхээр нийт хүмүүст эдийн засгийн, санхүүгийн боловсрол их чухал болох нь улам бүр хэрэгтэй болоод л байна. Ухаалаг хэрэглээ, ухаалаг мөнгөний удирдлага улс орон, байгууллага, айл гэрт аль алинд нь чухал. Мэргэшсэн нягтлан бодогчид, аудиторууд энэ талын мэдлэг, боловсрол сайтай, өөрсдөө үлгэрлэх төдийгүй, бусдад, үйлчлүүлэгчиддээ сайн зөвлөдөг хүмүүс байдаг.Энэ мэтчилэн АССА-ийг том зургаар нь харах юм бол улс орны эдийн засгийн амьдралд нөлөөлөх онцгой ач холбогдолтой.
Манай GAPE Академийн хувьд байгуулагдаад хоёр дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Миний бие АССА-ийн хөтөлбөрийг анх Монголд таниулж гардаж хийж байсан хүний хувьд улс орныхоо эдийн засагт, ялангуяа нягтлан бодох бүртгэлийн боловсролд шинэ салхи оруулахыг хүссэн. Иймд дэлхийд нүүр бардам гарах боловсон хүчин бэлтгэхийн төлөө том зорилго тавин ажиллаж байна даа.
-GAPE Академийн сургалт ямар онцлог, давуу талтай вэ?
-Бид Олон улсын Мэргэшсэн Нягтлан Бодогчийн Нийгэмлэгийн үндсэн стандартаар сургалтаа явуулдаг. Сургалтын хөтөлбөр жил тутамд шинэчлэгддэг байгаа. Тухайн суралцагч маань дэлхийн стандарттай мөр зэрэгцэж, хамгийн сүүлийн үеийн мэдлэг боловсролыг эзэмшинэ гэсэн үг. Ерөнхийдөө сургалт гурван үе шаттай. Элсэгчид GAPE-ийн бизнесийн бэлтгэл болон дунд шатны англи хэлний сургалтад хамрагдсаны дараа АССА-ийн нэгдүгээр түвшнийг дүүргэнэ. Хоёрдугаар үе шатанд оюутан үндсэн сургалттай давхар Оксфорд Брүүкс их сургуулийн бакалаврын зэргийг хүртэнэ. АССА-ийн гуравдугаар түвшинд мөн Лондонгийн их сургуулийн Мэргэжлийн нягтлан бодох бүртгэлийн магистрийн зэрэг хэргэмд хүрэх бүрэн боломжтой.Ийм боловсрол эзэмшсэн Мэргэшсэн нягтлан бодогч бол дэлхийд онгирч амьдрахгүй гээд яах юм бэ гэж би оюутнууддаа хэлдэг юм(инээв). Өөрөөр хэлбэл, нэг сумаар хоёр байтугай туулай буудчихаж байгаа биз. Богино хугацаанд бакалавр, магистр, АССА цолны болзлыг хангаад төгсөнө. Сургалтын маань хөтөлбөр нийт 3.5 жил. Эхний 1.5 жилийг Монголдоо суралцаад үлдсэн хоёр жилийг нь Их Британид суралцана.GAPE-д суралцсаны бас нэг том давуу тал нь төгс англи хэлтэй болох юм. Төгсөгчид маань Олон улсын мэргэшсэн нягтлан бодогчийн нийгэмлэгийн гишүүн болдог. Манай их, дээд сургуулиуд төгсөгчдөө хүрээд ир, үнэгүй сургалт өгье гэдэггүй шүү дээ. Тэгвэл энэ нийгэмлэгийн гишүүн хүн насан туршийн тасралтгүй боловсролоор хангагдаад байнга өсч, хөгжих боломжтой.
-Та сая жил тутамд хичээлийн хөтөлбөр шинэчлэгддэг гэлээ. Тэгэхээр бүх хичээл англи хэл дээр орох уу. Элсэгчдэд хэлний шалгуур тавьдаг уу?
-Энэ стандарт нь бүх хичээлийг англи хэл дээр үздэг. Жил тутамд хөтөлбөр шинэчлэгдэхээр гурван жилийн өмнөх оюутны үзэж байгаа хичээл өнөөдрийн оюутны үзэж байгаагаас өөр гэсэн үг. Ном, сурах бичгүүд маань ч гэсэн англи хэл дээр байгаа. Тэгэхээр хүссэн хүсээгүй оюутнууд маань мэргэжлийн англи хэлийг сайн сурна. Бид “Эх орондоо эзэмшсэн мэргэжлээрээ дэлхийд гарна” гэсэн уриатай ажиллаж байгаа болохоор англи хэлдээ түлхүү анхаарал хандуулдаг. Манайд сурах 1.5 жилд нь хамгийн багадаа IELTS 6.5 оноо авах хэмжээний англи хэлний мэдлэгийг эзэмшүүлнэ гэж бид амладаг. Элсэгчид хамгийн багадаа 16 нас хүрсэн байх ёстой. Ер нь бол 12 дугаар анги төгссөн хүүхдүүдийг элсүүлдэг. Харин оройн ангидаа АССА цол авах хүсэлтэй нягтлан бодогч болон бусад мэргэжлийн хүмүүсийг суралцуулдаг байгаа.
-Элсэгчдийн ЭЕШ-ын оноо ямар байх ёстой вэ?
-Энэ Олон улсын хөтөлбөрт ЭЕШ-ын оноо хамааралгүй.Тиймээс бид ЭЕШ-ын оноо төд байх ёстой гэж хатуу босго тавьдаггүй. Манайх өнгөрсөн жилийн элсэлтээрээ 12 оюутан авсан. Тэдэн дунд албаар тааруу дүнтэй хүүхэд сонгосон. Чадахгүй,сурахгүй хүн гэж байдаггүй юм. Энэ хүүхдийг мундаг болговол бидний ажлын үр дүн бодитой байна. Суралцагчдынхаа суурь мэдлэгийг үндэслээд, богино хугацаанд амжилт гаргахад нь бүх сэтгэл, зүрхээрээ манай багш нар ажилладаг байгаа. Ер нь Монголын дээд боловсролын тогтолцооны дутагдалтай тал нь оюутнуудыг олноор нь элсүүлж, дунд нь хаядаг. Ингэж хэтэрхий тооны араас хөөцөлддөг болохоор оюутнуудын хүртэх чанартай сургалтын стандарт алдагддаг юм уу даа гэж харагддаг. Тиймээс Монголын дээд боловсролыг эзэмшсэн залуус маань дэлхийд гарч чадахгүй байгаа нь үүнтэй бас холбоотой л доо. Жирийн дээд сургуулийн замналаар бол дөрвөн жил сураад ажил дээр гарсны дараа АССА рүү орж ирдэг. Ингээд энэ сургалтанд шаардлагатай англи хэлний шалгуурыг давахын тулд дахиад 1-2 жилийн ажил болно. Тэгвэл 12 дугаар ангиа төгсөнгүүт GAPE Академид суралцсанаар богино хугацаанд дэлхийд үнэлэгдэх боловсролыг эзэмшинэ. Оройн ангийнхаа суралцагчдаар авч үзье л дээ. Тэд маань их, дээд сургуулиа төгсцгөөсөн, гэр бүлээ зохиосон, ажил дээр гарсан хүмүүс байдаг. Ингээд одоо АССА цолоо авъя гээд суралцаж байгаа юм. Насны хувьд бас гэр бүлдээ хамаг анхаарал, цаг заваа зарцуулдаг үе нь. Тиймээс богино хугацаанд шахсан хөтөлбөрт хамрагдах нь хүндрэлтэй учраас оройн ангийг сонгож байгаа юм. Харин дөнгөж ерөнхий боловсролын сургуулиа төгссөн хүүхдүүдийн тухайд том боломж, давуу талтай. Энэ насан дээрээ эд сурч, боловсрох, өөрийгөө дайчилахад төвлөрч, анхаарч чадна. Гурав дөрөвхөн жил гүрийчихвэл дэлхийд онгирч амьдарна гээд оюутнууддаа байнга захиад байгаагийн учир нь энэ юм. Төгс англи хэлтэйн дээр олон улсад үнэлэгдчихсэн, бакалавр, магистр, АССА болзлоо хангасан залуусыг төгсөнгүүт нь гадны том компаниуд хамгийн өндөр цалин амлаад л шүүрээд авдаг.
-Та багш нарынхаа ур чадварын тухай сонирхуулахгүй юу?
-Манайх богино хугацаанд үндсэн стандартаар хичээлээ шахаж ордог болохоор багш нар маань бүгд англи хэлтэй, АССА цолтой чадварлаг залуус байгаа. Тэд маань миний л шавь нар. Бүгд Сингапур, Англид суралцаад АССА цолоо авсан мундаг боловсролтой багш нар байгаа.Тухайлбал, Жаргалмаа багш Санхүү эдийн засгийн их сургуульд миний шавь байхдаа хоёр жил онц дүнтэй сураад Сингапурын тэтгэлэгт хамрагдаж байлаа. Тэндээ бас онц дүнтэй суралцаж төгссөн. Ингээд АССА-гийн дэлхийн хэмжээний оюутнуудаас амжилтаараа хоёрдугаарт, Азидаа нэгдүгээрт эрэмбэлэгдсэн мундаг багш байна. Дэлхийд үнэлэгдсэн ийм эрдэнүүд манайд байгаа. Ийм хүмүүс хэзээ ч амбицалж, аль нэг нам дагаж, хэн нэгэн даргын халаасанд орж, цүнх барьж гүйдэггүй. Учир нь АССА цол гэдэг бол асар их хариуцлага, ёс зүйтэй, зарчимч байхын баталгаа. Манай монгол залуус, ирээдүйн хойч үеийнхэнд энэ чанар, хандлага маш их хэрэгтэй. Үр шим нь нийгэмд үйлчилнэ. Манай сургалтын онцгой стандарт бол чанар.
-Нягтлан бодогч бол хамгийн илүүдэлтэй мэргэжлийн жагсаалтад байнга багтдаг гээд хүмүүс адлах юм. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?
-Манайхан нягтлан бодогч мэргэжлийн тухай хуучинсаг ойлголтоосоо халих хэрэгтэй. Ийм бодолтой хүмүүс Монголын их дээд сургуулиудын болсон болоогүй бэлтгээд байгаа нягтлан бодох мэргэжлээр төсөөлөөд хараад байдаг. “Нягтлан хүн бол цалин боддог, өдөр тутмын тайлан балансаасаа давдаггүй” гэж бодох нь дэндүү өрөөсгөл юм. Орчин цагт энэ мэргэжил тэс ондоо болсон. Нягтлан бодогчгүй салбар гэж байхгүй. Тиймээс нягтлан бодогчийг бизнесийн хэл, орчуулагч гэж хэлдэг. Энэ чанарынхаа үүднээс нягтлан бодох бүртгэл нь өөрөө тухайн бизнест стратегийн зөвлөгөө өгдөг. Болохгүй байгааг нь нээж илрүүлж гаргадаг. Алдаа дутагдлыг нь шуурхай засч залруулж, эрсдлээс хамгаалдаг. Бизнест хамгийн оновчтой зөв шийдвэр гаргах үндэс суурь нь болж өгдөг.
АССА цолд хүрснээр дэлхийн 180 оронд хүлээн зөвшөөрөгддөг. Энэ цолыг авчихсан хүн олон улсад алтан паспорттой мэт үнэлэгддэг. Хамгийн өндөр цалинтай, хамгийн нэр хүндтэй ажлыг хийдэг юм. АССА цолтой хүн үндэстэн дамнасан том компаниудын ерөнхий санхүүч, ахлахаас дээш албан тушаал юм уу, дэлхийн шилдэг аудитын компаниудад үндсэн аудиторууд хийх боломжтой. Мөн Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудад гол эдийн засагч, гол шинжээч нар ийм цолтой хүн байхыг шаарддаг. Сүүлийн үед манай дотоодын арилжааны банкууд хүртэл АССА цолтой хүнийг ажилд авахдаа давуу тал болно гэсэн байна лээ. Тэгэхээр томорч байгаа байгууллагууд АССА цолын үнэ цэнийг ойлгоод эхэлчихэж байгаа юм.
-Манай их, дээд сургуулиуд төлбөрөө бодоод оюутнуудын мэргэжилд хамааралгүй хичээлүүд ордог. Тэгэхээр GAPE Академи үндсэн программаар хичээлээ шахаж ордог гэхээр зөвхөн мэргэжлийн хичээлүүддээ анхаардаг гэж ойлгож болох уу?
-Их, дээд сургууль төгссөн залуус амьдрал дээр гараад үр дүн муутай баахан л ажиллаад байдаг. Энэ бол Монголын дээд боловсролын тогтолцооны алдаа. “Яагаад манай хүүхдийн мэргэжилд хамааралгүй хичээлүүдийг оруулж байна вэ” гээд эцэг, эхчүүд сургуулиас нь шаардах ёстой. Манайхан дипломд үнэ цэн өгөөд байхаас төгсөөд хаана ямар ажил эрхэлж, хэрхэн үнэлүүлэхийг анханд нь бараг л анзаардаггүй, сайн гэж олонд танигдсан сургуулийн диплом авах нь чухал юм шиг буруу бодолтой байдаг нь харамсалтай. Тиймээс дипломтой ажилгүйчүүдийн эгнээ нэмэгдээд байна шүү дээ.
Харин GAPE Академи бол богино хугацаанд их зүйлийг амжуулаад өндөр үнэ цэнэд хүрэх тэр бүх боломжийг олгодог. Олон улсын Мэргэшсэн нягтлан бодогчийн нийгэмлэг нь сургалтын байгууллагуудаа байнга чанараар нь үнэлдэг. Манайх жилийн өмнө мөнгөн статусын болзлыг хангасан. Одоо өнгөө хувиргаж, алт болгохын төлөө чанартаа анхааран ажиллаж байна.Энэхүү чанарын үнэлэмжийг оюутнуудын амжилтаар өгдөг байгаа. Тэгэхээр багш сайн хичээлээ заах юм бол оюутан сайн байна.
Бидний эрхэм баялаг бол монгол хэл, Монголын минь өв соёл бөгөөд эх сайхан хэлээрээ зөв сайхан ярьж бичих, соёл уламжлалаа мэдэх, хадгалах үүргийг хүн бүхэн хүлээх учиртай. Тэр дундаа өнөөдрийн боловсролын тогтолцоо, сургалтын хөтөлбөр, хүртээмжид сэтгэл зовнин явдаг хүний хувьд залуу үеэ үндэсний дархлаа, бахархал болсон эх хэлний боловсролыг хангалттай эзэмшээсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг юм.
Сүүлийн үед Их Британи, Сингапурт суралцаад төгссөн залуусыг ажиглаад байхаар эх хэлээсээ жаахан хөндийрсөн байх юм. Аудиторууд хийх хүмүүс бичгийн хэл сайн байх ёстой. Дарга нар өндөр шаардлага тавьдаг хүмүүс байгаа. Өөрийнхөө хийсэн ажлыг аятайхан найруулж илтгээд, төсөв төлөвлөгөөг нь нямбай буулгаад, санаагаа ойлгуулчихдаг байх нь чухал.Тиймээс GAPE Академийнхаа сургалтын хөтөлбөрт “Эх хэл-өв соёл” гэдэг хичээл оруулсан байгаа. Манай аав цэргийн хүн л дээ. Тиймээс аавын маань эх оронч бас их дайчин зан чанар надад хадгалагдсан бололтой(инээв). Монголдоо хэрэгтэй зүйл хийчих юмсан гэж хичээж зүтгэх юм байна шүү дээ. Хэдийгээр манай залуус дэлхийн боловсролыг эзэмшиж байгаа ч эх хэл өв соёлоо хэзээ ч гээж болохгүй. Иймд оюутнуудаа Монгол Улсын Эрдэнэсийн сан, “Монцамэ” агентлагийн “Хүмүүн бичиг” сонины редакци, Монгол бичгийн галерей, үндэсний хувцасны “Монгол костюмс” төвийн урлан музей зэрэг мартагдан газруудтай танилцуулах
маягаар хичээлээ сонирхолтой хэлбэрээр заадаг. Энэ хичээлийнхээ хүрээнд оюутнууддаа сэдэв өгч эссэ бичүүлээд ном гаргасан. Манай эцэг, эхчүүд “Хүүхдүүд минь ийм мундаг гэж үү” гээд их гайхаж, тэднээрээ бахархаж байсан гээч. Ер нь бид эцэг, эхчүүдтэйгээ ойр ажилладаг. Гурван сар тутамд хурал хийж, хүүхдийнх нь хичээлийн явц, үр дүнг танилцуулдаг байгаа.
Манай оюутнуудад мэргэжлийн долоон хичээл ордог. Эдгээр хичээлийнхээ шалгалтыг АССА нийгэмлэг дэлхий даяар хараат бусаар авдаг юм. Сургалтын авууштай тал нь хичээл заасан багш нь шалгалт авдаггүй. Оюутан энэ шалгуурыг даваад, АССА цолдоо хүрнэ гэдэг бол сурах ёстой зүйлээ сураад, авах ёстой мэдлэг боловсролоо авчихсан гэсэн үг.
-Танай анги танхим их тохилог юм. Оюутнууд өдөрт хэдэн цагийг сургууль дээрээ өнгөрүүлэх вэ?
-Манай хичээл 10-16 цаг хүртэл үргэлжилдэг. Ер нь сурахад орчин хамгийн чухал. Тиймээс эрүүл, аюулгүй, цэвэр орчин бүрдүүлэн оюутнуудынхаа ая тухыг хангаж байж сайн сургаж чадна шүү дээ. Манай оюутнууд гэрээсээ хоолоо авчраад кофены өрөөндөө тухалж, үдийн цайндаа орчихно. Том сургууль,урт коридорт хараа хяналт сул байдаг. Харин манайх бол бүх юм нүдэн дээр болохоор зөвхөн тэр хүнийг амжилттай сайн сурахад нь анхаарч дайчлан ажилладаг юм.
Манай GAPE Академи Сүхбаатарын талбайн зүүн талд “City Tower” цамхагт үйл ажиллагаа явуулдаг болохоор хотын аль ч захаас ирэхэд амар байдаг аа. Илүү ихийг www.facebook.com/GAPEAcademy пэйж хуудаснаас авах боломжтой.
-Монголын банк санхүүгийн салбарынхан Б.Баярмаа багш гэхээр анддаггүй. Багш хүний бахархал бол шавь нарынх нь амжилт байдаг. Таны шавь нараас хичнээн хүн АССА цолд хүрсэн бэ. Дэлхийн нэр хүндтэй байгууллагуудад ажиллаж байгаа хүмүүс бий юу?
-Салбартаа оруулсан хувь нэмрийг минь төр үнэлж, өнгөрсөн жил Алтан гадас одон хүртээхэд үе, үеийн төгсөгчид маань ирж баяр хүргэж билээ. Олон жил уулзаагүй шавь нар маань ч гадаадаас зорин ирсэн. Багш хүний хувьд хүүхдүүдээ хаана, ямар ажил хийж байгааг нь хамгийн түрүүнд сонирхоно. Гэр бүлээрээ гадаадын том нэр хүндтэй компанид аудитор, санхүүгийн чиглэлээр ажиллаж байгаа хосууд байна. Монголынхоо толгой болсон компаниуд, гадны хөрөнгө оруулалттай болон Олон улсын байгууллагуудад ажиллаж байгаа шавь нарынхаа тухай сонсоод маш их бахархсан. Багш хүнд шавь нарын маань амжилт юу юунаас илүү том шагнал юм даа. Одоогоор 30-аад шавь нар маань АССА цолны бүрэн эрхээ авсан байна, энэ тоо жил ирэх тусам улам өсөж байгаад дүүрэн баяртай явж байна даа.
-Танд баярлалаа.
Л.АНУДАРЬ