Categories
мэдээ нийгэм

Хүүхэд насыг “ХУЛГАЙЛСАН” үзүүлэлтээрээ Монгол Улс 71-т жагсжээ

ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТЫН ОЛОН ТАЛ” хэмээх тайланг Хүүхдийг Ивээх Сан дэлхий нийтэд дэлгэлээ. Хүүхэд аль улс оронд илүү аюулгүй тайван байгааг үнэлж, хүүхэд насыг хэрхэн “хулгайлж” буй үзүүлэлтээр нь эрэмблэн 175 улс орныг жагсаасан байна. Энэхүү тайланд хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, охидын эрт гэрлэлт, өсвөр насныхны жирэмслэлт, хүүхдийн эсрэг хүчирхийлэл зэрэг үзүүлэлтээр улс орнуудыг жагсаажээ.

Монгол Улс 175 орноос 71-д жагссан бөгөөд авбал зохих 1000 онооноос 891-г авсан байна. Хэдийгээр өнгөрсөн жилийнхээс 11 нэгжээр өссөн мэт харагдаж байгаа ч энэ нь сургууль цэцэрлэгийн хамрагдалт нэмэгдсэн, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл буурсан үзүүлэлттэй холбоотой.

Хөрш улс орнуудаас БНХАУ 40-д, ОХУ 37-д, харин Казакстан улс 45- д тус тус жагсжээ. Жагсаалтын эхэнд хүүхдэд хамгийн аюулгүй орнуудыг нэрлэхэд Сингапур болон Словен улс тэргүүлж Норвеги, Швед, Финланд улс эхний тавд оржээ. Хамгийн сүүлд орсон 10 орны 8 нь баруун болон төв Африкийн улс орнууд бөгөөд Нигер улс хоёр дахь жилдээ хамгийн сүүлийн байранд ороод байна. Дэлхийн хүүхдийн талаас илүү нь буюу 1.2 тэрбум хүүхэд зөрчил мөргөлдөөн, ядуурал, охидын эсрэг ялгаварлан гадуурхалтад өртөж байгаа нь тэдний сурах, өсөж хөгжих бололцоог нь ноцтойгоор хязгаарлаж байна. Нэг тэрбум гаруй хүүхэд ядууралд нэрвэгдсэн орнуудад амьдарч байна.

Үймээн самуун, зөрчилд автагдсан орнуудад 240 сая хүүхэд байна. 575 сая охид жендерийн хувьд ялгаварлан гадуурхал өндөртэй улс орнуудад амьдарч байна. Монгол Улсын хувьд анхаарал татаж буй нэг үзүүлэлт бол хүүхдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдсэн байна.

Манай улс хүүхдийн хөдөлмөр, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг арилгахад чиглэсэн хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулж, Хөдөлмөрийн сайдын 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн А/36 “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг шинэчлэн баталж, уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах стандартуудыг баталж, морь унаач хүүхдийн нэгдсэн бүртгэлийн системтэй болж, Зөрчлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай, Эрүүгийн тухай хуулиуд хариуцлагын асуудлыг тусгасан. Гэсэн хэдий ч улсын хэмжээнд 2012 онд 181, 2013 онд 219, 2014 онд 205 хүүхэд хурдан мориноосоо унаж хэвтэн эмчлүүлсэн ба 2012-2014 онд нийт 6 хүүхэд хурдан мориноосоо унаж амь насаа алджээ.

Харин 2017 онд хурдан морины уралдааны явцад мориноос унаж хөгжлийн бэрхшээлтэй болсон 3, амь насаа алдсан 2 хүүхэд бүртгэгдсэн байна.

Хурдан морины хаврын уралдаан нь хүүхдийн эрүүл байх, сурч боловсрох, хамгаалагдах гээд бүхий л эрхийг зөрчдөг, мөн амь насаа алдсан тохиолдолд хариуцлагыг хүлээлгэх эзэнгүй, ашиг олох зорилгоор хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж байгаа хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөгийн нэг хэлбэр болохыг судалгаагаар тогтоосон юм.

Монгол Улсын талаар хэд хэдэн жишээ авахдаа ядуу өрхийн хүүхдийн хувьд чинээлэг өрхийн хүүхдээс хөдөлмөр эрхлэх магадлал нь 9 дахин илүү байгааг дурджээ. Иймэрхүү ялгаатай байдал мөн тав хүртэлх насны ядуу өрхийн хүүхдийн эндэгдлийн тооны зөрөөнөөс харагдаж байна. Хэдийгээр Монгол Улс нь үндэсний хэмжээнд 1000 амьд төрөлтөд ноогдох нялхасын эндэгдлийн тоог 25-аас бага байлгах Тогтвортой хөгжлийн зорилтод хүрсэн ч амьдралын нөхцөл муутай өрхөд төрсөн хүүхдийн эндэх магадлал 3 дахин их байгааг анхаарах нь зүйтэй.

Түүнчлэн, гамшигт өртөж буй байдалд ч томоохон ялгаа ажиглагдаж байна. Тухайлбал, 2015-2017 онуудад болсон зудад ядуу өрхийн хүүхдүүд илүү өртөж, сургуульдаа очиж чадахгүй байх, чанартай тэжээллэг хоол хүнс, эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй зэрэг бэрхшээл байсаар байна. Иймд гамшиг болохоос өмнө эрсдэлийг бууруулахад хөрөнгө төсвийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Жишээ нь, зуд болохоос урьтаж сургуулийн дотуур байрны дулаалгыг сайжруулах, хүүхдүүдийг дулаан хувцастай болгох, сургуулийн байрыг чанартай, газар хөдлөлтөд тэсвэртэй барих зэрэгт анхаарал хандуулах цаг иржээ.

Нэг ч хүүхэд урьдчилан сэргийлж болохуйц шалтгаанаас, хатуу харгис хүчирхийллийн улмаас амь насаа алдахгүй, хоол тэжээлийн дутагдал, эрт болон албадан гэрлэлт, эрт жирэмслэлт, албадан хөдөлмөрийн улмаас ирээдүйгээрээ хохирохгүй байхад хүчин чармайлт тавихаас гадна чанартай боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхийг Засгийн газруудад Хүүхдийн Ивээх Сан уриалж байна.

Хаана, ямар нөхцөлд аж төрж буйгаас үл хамааран хүүхэд бүр аюулгүй, аз жаргалтай хүүхэд насыг эдлэх эрхтэй.

244d1a2c51f72efae43d739e99ac4b72 Хүүхэд насыг "Хулгайлсан" үзүүлэлтээрээ Монгол Улс дэлхийн 175 орноос 71-т жагсжээ

3653f001-cf13-4d44-97ca-ee188a936eae Хүүхэд насыг "Хулгайлсан" үзүүлэлтээрээ Монгол Улс дэлхийн 175 орноос 71-т жагсжээ

52e17d2b-215f-4c02-b410-2b0c7f48ff8d Хүүхэд насыг "Хулгайлсан" үзүүлэлтээрээ Монгол Улс дэлхийн 175 орноос 71-т жагсжээ

7108fe90-e7ee-4847-9174-c5f96f1071cd Хүүхэд насыг "Хулгайлсан" үзүүлэлтээрээ Монгол Улс дэлхийн 175 орноос 71-т жагсжээ

Categories
гадаад мэдээ

В.Путин АНУ-д “Сөрөг хориг тавих тухай” хууль баталжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин АНУ болон бусад найрсаг бус харилцаатай улсын эсрэг авах хариу хоригийн хуулийн төслийг энэ сарын 4-ний өдөр баталлаа. ОХУ-д аливаа хуулийн төсөл Холбооны хэмжээнд мөрдөх хууль болтлоо Төрийн Дум, Холбооны Зөвлөл, ОХУ-ын Ерөнхийлөгч гэсэн гурван дамжлага дамждаг. Өнгөрөгч 4 дүгээр сард АНУ ОХУ-ын эсрэг хоригийн жагсаалтаа нэмэгдүүлсэн. Тэрхүү хоригт ОХУ-ын томоохон 7 компани, 17 төрийн албан хаагч, 12 хувийн байгууллага өртсөн юм. Тиймээс Төрийн Думын хэдэн депутат хариу хориг тавих хуулийн төсөл санаачилж, сар гаруй хугацааны дотор ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин баталлаа.

Уг хуульд АНУ-д үйлдвэрлэгдсэн эм, архи, тамхи, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний импортыг хязгаарлах, улсын захиалгаар үзүүлэх үйлчилгээг зогсоох буюу хязгаарлах, АНУ-ын хэд, хэдэн иргэний ОХУ-д зорчих эрхийг хаах, ОХУ-д амьдарч буй АНУ-ын иргэдийг ажиллах эрхийг хязгаарлах, АНУ болон бусад улсаас технологи, компьютерийн программ нэвтрүүлэхгүй байх, пуужин, онгоц угсралт, цөмийн салбарт ОХУ-ын хуулийн этгээд АНУ-тай хамтран ажиллахыг хязгаарлах, АНУ-ын онгоцыг чиглүүлэх үйлчилгээний хураамжийг нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн заалт багтжээ. ОХУ-д үйлдвэрлэгддэггүй, зайлшгүй шаардлагатай бараа, бүтээгдэхүүнд уг хууль үйлчлэхгүй болохыг шинэ хуульд мөн заажээ.

Categories
гадаад мэдээ

Өвөр монголын “Ханьма” дархан цаазтай газарт түймрийн голомт дэгдлээ

4 мянга гаруй цагдаагийн ба гал унтраах албаны ажилтнууд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны нутаг дэвсгэрт гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байгаа тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.

Орон нутгийн цагаар бямба гарагийн 10 цагийн орчимд Их Хянганы районд түймэр гарсан байна. Дараа нь 17 цагийн үед “Ханьма” дархан цаазтай газарт түймрийн голомт илэрчээ. Удаан хугацаагаар хэт халж, ган болсны улмаас тус районд нөхцөл байдал хүндэрсэн байна. Цаг уурын албаны мэдээлснээр, түймрийг унтраахын тулд үүлэнд нөлөөлж хур тунадас оруулахаар орон нутгийн эрх баригчид төлөвлөж байгаа аж.

Categories
мэдээ соёл-урлаг

“Монголын сайхан бүсгүй-2018” наадам зохиогдоно

Монгол Улсад анх “Сайхан бүсгүй” шалгаруулж эхэлсний 30 жилийн ойг угтан “Монголын эмэгтэйчүүдийн Хатан-Эрдэнэ” холбооноос “Монголын сайхан бүсгүй-2018” наадмыг зохион байгуулах гэж байна.

15 дахь удаагийн гоо сайхны тэргүүн наадмыг “Эмэгтэйчүүд гар гараасаа” уриан дор эмэгтэй хүний нандин, ухаалаг нинжин сэтгэлийг гоо үзэсгэлэн, эрдэм мэдлэгтэйгээ хослуулан хөгжүүлж буй монголын охид бүсгүйчүүдийг нэгтгэн, тэдний оюун билэг, авьяас чадварыг нээн алдаршуулах, хүмүүнлэг энэрэнгүй үйлсэд дуу хоолойгоо өргөхөд нь дэмжлэг болох зорилгын хүрээнд зохион байгуулах аж.

Иймд эрхэмсэг бүсгүй таныг тус наадамд бүртгүүлэн, дэлхийд “Төв тэгш Монгол охид, бүсгүйчүүд”-ийг таниулах, нийгэмдээ эерэг хандлагыг төрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулан дуу хоолойгоо хүргэхийг зохион байгуулагчдийн зүгээс уриаллаа.

Уралдааны тэргүүн байрын эзэн Эрдэнийн шигтгээт титэм, Эрдэнийн шигтгээт “Мөнгөн од”, 20 сая төгрөгийн мөнгөн шагналын эзэн болох бөгөөд дэд байр эзэлсэн мисс Эрдэнийн шигтгээт титэм, Эрдэнийн шигтгээт “Мөнгөн мод” болон 10 сая төгрөгийн мөнгөн шагнал гардах ажээ. Уламжлал ёсоор зэс, шүр, сувд, оюу, номин, тана, ган-эрдэнийн өргөмжлөлт миссүүд ч мөн энэ шалгаруулалтаас тодорно.

Categories
мэдээ нийгэм

“Трансбайгалийн олон улсын кино наадам” боллоо

ОХУ-ын Чит хотод 5.30-6.03-ны хооронд зохион байгуулагдсан “Трансбайгалийн олон улсын кино наадам”-д манай уран бүтээлчид амжилттай оролцоод ирлээ. Соёл, урлагийн газрын Дэлгэц медиа урлагийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Д.Цэнгэл /Phd/, “Монгол номад фильм” компаний захирал Б.Амарсанаа, “Хоёр амь” киноны найруулагч Б.Ганболд зэрэг төлөөлөгчид Монгол улсаа төлөөлөн оролцсон байна.

Бүрэн хэмжээний уран сайхны киноны төрөлд 90 орчим кино бүртгүүлснээс 7 кино өрсөлдөж “Хоёр амь” кино шилдэг эрэгтэй дүр шагналыг авчээ. Мөн “Монгол номад” фильм компанийн захирал Б.Амарсанаа Улаан-Үдийн “Мон Ула” компанитай хамтарч “Гол” хэмээх киног бүтээхээр санамж бичигт гарын үсэг зурсан юм. Цаашид Буриад болон ОХУ-ын уран бүтээлчид “Итгэлт хамба”-ын тухай баримтат кино бүтээхээр зэхэж байгаа бөгөөд мөн Хөвсгөл аймгийн Хатгал суманд байдаг Сүхбаатар онгоцны далайчны тухай кино хийх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн ба хамтран ажиллах боломж олон байгааг холбогдох албаны хүмүүс мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

“Орхон Эмпати” сургуульд хоолны хордлого гарч 47 хүн эмнэлэгт хүргэгджээ

Орхон аймгийн Монгол-Туркийн хамтарсан “Орхон Эмпати” сургуульд хоолны хордлого гарч, 51 хүнд эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, 47 хүн эмнэлэгт (Орхон-44, ХӨСҮТ-д 3), 4 хүн гадуур эмчлэгдэж байна. Тархвар судлалын хувьд сургуулийн гал тогоонд 5 дугаар сарын 29-нд бэлтгэсэн пирошки, 5 дугаар сарын 30-нд бэлтгэсэн хоол кимбаб, гуляш мөн тарвас идсэн гэх өгүүлэмжтэй. Өвчтнүүдэд халуурах, бөөлжих, цустай суулгах шинж тэмдэг илэрсэн. Өвчтнүүдийн сорьцод лабораторийн шинжилгээгээр Shigella flexneri илэрсэн. – Аймгийн Засаг даргын захирамж гарч, ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. ХӨСҮТ-өөс 5 эмчийн бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, дэгдэлтийн судалгаа хийж байна

Categories
мэдээ нийгэм

Уругвай улсад 30 хоног визгүй зорчино

Монгол Улсын Засгийн газар, Уругвай Улсын Засгийн газар хооронд байгуулсан Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр 2018 оны зургадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд хэлэлцээрийн дагуу хоёр талын иргэд 30 хүртэл хоног харилцан визгүй зорчих боломжтой.

Дээрх хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын энгийн паспорттай иргэд нийт 22 улсад визгүй зорчдог болох юм.

Categories
мэдээ нийгэм

“Монгол: Тал нутгийн эзэнт гүрэн” үзэсгэлэн БНСУ-ын үндэсний музейд гарч байна

Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, БНСУ-ын Үндэсний музей хамтран 1997 оноос хэрэгжүүлж буй “Мон-Сол” төслийн 20 жилийн ойн хүрээнд БНСУ-ын Үндэсний музейд “Монгол: Тал нутгийн эзэнт гүрэн” үзэсгэлэн 2018 оны 5 дугаар сарын 16-наас 7 дугаар сарын 17-ныг хүртэл гарч байна.

Монгол нутгаас илэрсэн хуучин чулуун зэвсгийн үеэс эхлэн шинэ чулуун зэвсгийн үеийн чулуун багаж зэвсэг, гоёл чимэглэлийн зүйлс, хүрэл зэвсгийн үеийн олон төрлийн хүрэл эдлэлүүд, төмөр зэвсгийн түрүү үеийн Пазырыкийн булшнаас илэрсэн хувцас хунар, зэр зэвсэг, Хүннүгийн дурсгалаас илэрсэн алт мөнгөн чимэглэл, хүрэл сав суулга, шавар ваар, тэрэгний үлдэгдэл, Түрэгийн Билгэ хааны тахилын онгоны алтан эдлэлүүд, Монголын эзэнт гүрний үед холбогдох Таван толгойн дурсгалаас илэрсэн ширэн гутал, төмөр сэлэм, хуяг, 17-р зууны үед холбогдох Занабазарын байгуулсан Сарьдагийн хийдийн малтлагаас илэрсэн шавар бурхад, XIX-XX зууны эхэн үед холбогдох угсаатны эдлэл хэрэглэл зэрэг 232 иж нийт 550 үзмэрээс бүрдэх уг үзэсгэлэнг https://my.matterport.com/show/?m=kkZGik7iLgm&utm_… цахим хаягаар сонирхох боломжтой.
Categories
мэдээ нийгэм

“Шангри-лагийн яриа хэлэлцээр 2018” дээд хэмжээний уулзалтанд оролцлоо

Бүгд Найрамдах Сингапур Улсад Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 6 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулсан батлан хамгаалах, аюулгүй байдлын асуудлаарх “Шангри-Лагийн Яриа хэлэлцээ 2018” дээд хэмжээний уулзалтад оролцлоо.

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын нийслэл Лондон хотноо төвтэй Стратеги судалгааны олон улсын хүрээлэнгийн санаачилгаар энэхүү дээд хэмжээний уулзалтыг 2002 онд анх зохион байгуулж, эдүгээ бүс нутгийн аюулгүй байдлын бүтцийн гол элемент болон хөгжиж, Ази, Номхон далайн бүс нутагт дээд түвшний батлан хамгаалах салбарын хамгийн чухал, хүртээмжтэй цугларалтын тавцан болох байр сууриа хадгалсаар байна. Бүс нутгийн асуудал болон ашиг сонирхолд тусгайлан хариу хөтөлбөрөөр хангаж, тэдний дунд үр дүнтэй харилцаа холбоо байгуулах замаар Шангри-Лагийн Яриа хэлэлцээ нь бүс нутгийн улс орнуудын батлан хамгаалах, аюулгүй байдлын чиг үүрэг бүхий байгууллагын гол бодлого боловсруулагч нарын дунд нийтэч ойлголтыг төлөвшүүлэхэд тусалсан Ази, Номхон далайн аюулгүй байдлын чухал ач холбогдол бүхий дээд хэмжээний уулзалт билээ.

Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж дээд хэмжээний уулзалтын хүрээнд бусад улсын төлөөлөгчдийн тэргүүтэй хоёр талт уулзалт хийж, улс хоорондын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцов.

Categories
мэдээ нийгэм

С.Батболд: Улаанбаатарт бизнесийн маш том боломж бий

МҮХАҮТ-аас зохион байгуулдаг Төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, бизнес эрхлэгчдийн санал санаачлагыг төрд уламжлах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор зохиодог “Business breakfast” уулзалт, ярилцлага боллоо. Уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд уригдан оролцов.

Тус танхимын гишүүд хотын даргатай уулзах хүсэлт тавьсан учраас тэрбээр 25 дахь удаагийн уулзалтын зочин болсон. Уулзалтад бизнес эрхлэгчдээс гадна Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадын дарга нар, харьяа агентлагийн удирдлагууд оролцсоноор онцлог юм. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 64 хувь, компани, аж ахуй нэгж байгууллагын 70 хувь, хүн амын 50 орчим хувь нь Улаанбаатар хотод ноогддог гэсэн статистик судалгаа бий. Тиймээс энэ удаагийн “Өглөөний цай” арга хэмжээ нийслэлийн хөгжилд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэхэд чухал ач холбогдолтой гэдгийг МҮХАҮТ-ын удирдлагууд хэлж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “Улаанбаатар бол хөгжиж байгаа хот. Энэ хэрээр бизнест маш том боломж бий гэсэн үг. Магадгүй бид энэ хотдоо ажиллаж, амьдарч байгаа болохоор тэр олон боломж, шийдлийг харахгүй байж болох талтай. Гэхдээ асуудал байгаа цагт, боломж, шийдэл ямагт байдаг. Тухайлбал, Хойд Америкийн бизнесийн төлөөлөлтэй уулзахад Улаанбаатар хотын авто зогсоолыг сайжруулсанаар хотын эдийн засагт бодит, үнэтэй хувь нэмэр оруулна гэдгийг тооцолсон байх жишээний. Бид өнөөдөр тулгамдсан асуудлын талаар толгой сэгсрэн яриад байгаа болохоос “Ийм шийдэл, ийм гарц, ийм боломж” байна гэдгийг огт ярьдаггүй. Хотын даргын хувьд тодотгож хэлэхэд, “Улаанбаатар хот өөрөө бизнесийн том боломж” юм.

Нөгөө талаар төрийн үүрэг юу вэ гэдэг асуултыг олон хүн асуудаг. Улаанбаатар хотын даргын хувьд миний болон манай багийн баримталдаг зарчим бол “Хувийн хэвшлийн хийж чаддаг, хийдэг ажилд төр оролцох ёсгүй. Мөн төр өөрөө хувийн хэвшлийн өрсөлдөгч байж болохгүй. Аль болох аж ахуй нэгж, компаниуддаа боломж олгох ёстой. Захиалагч нь өрсөлдөгч болсноор бизнес хийх таатай орчин үгүй болдог. Хотууд хурдацтай хөгжиж байгаагийн хэрээр Улаанбаатар хот ч дэвжин дээшилж байна. Гэхдээ бидний өмнө нэн яаралтай шийдэх асуудлууд бий. Наад зах нь Улаанбаатар хот төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Convention center”, “Цэнгэлдэх хүрээлэн” барих санал санаачлагыг хотоос эхлүүлж байна. Учир нь аливаа хот томоохон үзэсгэлэн худалдаа, соёл урлагийн арга хэмжээ, хүүхэд залуустаа зориулсан боловсрол, мэдлэг дээшлүүлэх ажлуудыг шат дараалан хийх шаардлага тулгардаг. Харамсалтай нь өнөөдөр ийм төв байхгүйгээс Улаанбаатар хотод олон улсын чанартай арга хэмжээ, хурал зөвлөгөөн, тэмцээн уралдаан явуулахад бэрхшээл тулгарч байна. Удахгүй болох Үндэсний их баяр наадмын нээлтийн тасалбар тойрсон асуудал үүсдэг. Төв цэнгэлдэх хүрээлэн нь 10 мянган хүний суудалтай. Тэгвэл хот 45 мянган хүний суудал бүхий цэнгэлдэх хүрээлэнтэй болох зорилт тавьж байгаа юм.

Газрын асуудлыг хот шийдье. Хувийн хэвшлийнхэн төслөө уралдуулж, хөрөнгө оруулалтаа хийж, менежментийг хамтран зохион байгуулах хэрэгтэй байна” гэлээ. Хотын даргын зүгээс энэ мэтчилэн нийслэл хотдоо өнгө нэмсэн бүтээн байгуулалтыг чухалчилж байгаа төдийгүй хотын хөгжилд бодит хувь нэмэр оруулах ажлыг онцолж байгааг ярилаа.

Хоёрхон хоногийн дараа “Улаанбаатар инновацийн төв” нээлтээ хийнэ. Хотын дарга инновацийн бодлогыг чухалчилж байгаа гэдгээ уулзалтын үеэр хэллээ. Мөн тэрбээр “Бизнесийнхэнд хот нээлттэй. Асуудлыг тал бүрээс нь ярьж шийддэг, гарц, боломжоо тодорхойлох нь чухал. Жил бүрийн 1 дүгээр сард “Улаанбаатар хөрөнгө оруулалт бизнес уулзалт”-ыг зохион байгуулдаг. Оны эхэнд ажлаа ярьж, худалдан авалт, хөрөнгө оруулалтаа ил тод зарладаг” гэдгийг тодотголоо.

Уулзалтын үеэр компани, аж ахуй нэгж байгууллагын захирлууд Улаанбаатар хоттой хамтран хэрэгжүүлэх төсөл, шинэ санал санаачлагынхаа талаар хөндөн ярилцлаа. Аялал жуулчлалын салбарт мэргэжлийн холбоод хамтран ажиллаж, хотын даргын дэргэд “Евэнтийн зөвлөл” байгуулах, мөн хотын төв цэг буюу Төв шуудангийн орчмын замын тэмдэг, тэмдэглээг шинэчилж, орчин үеийн технологи бүхий “JOBI” будгаар будах, Улаанбаатар хотын аплейкэшнийг жуулчдад ойлгомжтой газрын зураг бүхий дүрслэл, тэмдэглэгээтэй хийх, барилгын салбар, гэр хороололыг хөгжүүлэх шинэ бодлого төлөвлөлтөд хамтран ажиллахаа ярилцаж, санал солилцлоо.

Хотын дарга бизнесийн байгууллагуудын шинэ санаачлагыг дэмжин ажиллахаа илэрхийлж, дээрх саналуудыг ажил хэрэг болгох үүрэг даалгаврыг холбогдох агентлагийн удирдлагуудад өглөө. Мөн Улаанбаатар хотоо эко болгох зорилт тавьж байна. Үрээр суулгац бэлддэг аж ахуйн үйл ажиллагаатай удахгүй очиж танилцана гэдгээ ч илэрхийллээ. Хотын таксинаас өгсүүлээд барилга байгууламж, дэд бүтэц, худалдаа үйлчилгээ, соёл урлаг, боловсрол гээд бүхий л салбарт хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллана гэж хотын дарга онцолсон юм. Энэ удаагийн уулзалтад Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Монголын Үндэсний худалдаа аж танхимын дарга М.Оюунчимэг болон тус танхимын удирдах зөвлөлийн төлөөлөл, гишүүд оролцлоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.