Categories
мэдээ улс-төр

Банкийг дахин хөрөнгажүүлэх тухай хуулийн төслийг 81.8 хувь нь дэмжив

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Учралаас 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Улаан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Үргэлжлүүлэн “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Тогтоолын төсөлд “Бүх салбарт мөрдөгдөж байгаа зардлын норм, норматив, стандартыг валютын ханш, зах зээл дэх бараа, ажил үйлчилгээний үнийн өөрчлөлт, техник, технологийн дэвшлийг үндэслэн шинэчлэх ажлыг зохион байгуулах, урсгал болон хөрөнгийн зардлын төлөвлөлт, төсвийн гүйцэтгэлийн хяналт хийхэд эдгээр норм, норматив, стандартыг хэрхэн ашиглах талаар холбогдох хуульд заасан журам, зааврыг баталж мөрдүүлэх, шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх”-ийг Засгийн газрын тэргүүнд даалгахаар тусгажээ.

Ажлын хэсгийн зүгээс тогтоолын төслийн хоёрдугаар заалт буюу “Монгол Улсын 2019 оны төсвийн төслийг боловсруулахдаа Төсвийн тухай хуульд нийцүүлэн баталсан зураг, төсөвгүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг тусгахгүй байх зарчмыг мөрдлөг болгох” гэснийг татаж авлаа.

Иймд УИХ-ын гишүүн Ч.Улаан “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг Байнгын хорооны гишүүдийн 81.8 хувь нь дэмжив.

Хуралдааны төгсгөлд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хаалттайгаар хийлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Ууланд алхаж байсан иргэн унаж амиа алджээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Чингисийн өргөө” амралтын газраас урд зүгт 200 метр “Богд Хан” ууланд алхалт хийж явсан иргэн амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн 61 настай эрэгтэй Д хадан дээрээс унаж бэртсэн тухай дуудлага өчигдөр өдрийн 11:56 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7.5 км замыг туулан 12:10 цагт очжээ. Ингэхэд иргэн Д аль хэдийн нас барсан байжээ. Тиймээс цогцсыг буулгаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр нарны замын хөдөлгөөнийг түр хаана

Замын цагдаагийн урд талын гүүрэн зам баригдахтай холбоотойгоор тус уулзварт байрлах автозамын хяналтын камерыг шилжүүлэх ажил хийгдэж байна. Үүний хүрээнд 2018 оны зургадугаар сарын 05-ны 01:00 цагаас 06:00 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 1-р хороо Нарантуул захын уулзвараас баруун чиглэлд Замын цагдаагийн уулзвар хүртэл мөн Энхтайвны гүүрний зүүн талын нүхэн гарцаас Замын цагдаагийн уулзвар хүртэлх замыг түр хязгаарлана. Иймд иргэд та бүхэн Намьяанжу, Дамдинсүрэн, Энхтайвны өргөн чөлөө, Их Монгол Улсын гудамжийг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм

НЦГ-т зургаадугаар сарын 4-5-нд 1908 дуудлага иржээ

Улаанбаатар хотын хэмжээнд 2018 оны зургаадугаар сарын 4-5-нд иргэд, байгууллагаас 1908 удаа дуудлага иржээ. Үүнээс гэмт хэргийн 126, зөрчлийн 1484, зам тээврийн ослын 298 мэдээллийг шалгасан байна. Энэ өдөр гэмт хэргийн шинжтэй 70 үйлдлээс 38 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

“Монголд кино шүүмжийг хэрхэн хөгжүүлэх вэ?” сэдэвт хэлэлцүүлэг болно

Өнөөдөр буюу 06 сарын 5-ны өдөр “Монголд кино шүүмжийг хэрхэн хөгжүүлэх вэ?” сэдэвт хэлэлцүүлэг “Алтан хальс” кино наадмын хүрээнд болох ажээ. Хэлэлцүүлэг 17:00 цагт, “Алтан хальс” кино наадам зохиогдоөж буй Улсын их дэлгүүрийн iCinema кино театрт болох бөгөөд кинонд хайртай, кино шүүмж сонирхогч хэн бүхнийг урьж буйгаа зохион байгуулагчид уламжиллаа. Хэлэлцүүлэг үнэ төлбөргүй бөгөөд хүрэлцэн очсон хүмүүс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, оролцох боломжтой юм байна.

Уг хэлэлцүүлгээр Дэлхийн кино урлагт кино шүүмж хөгжсөн байдал, кино шүүмжийн ач холбогдол, нөлөө, интернэтийн эрин дэх кино шүүмжийн онцлог, Монголын кино урлаг дахь кино шүүмжийн өнөөгийн байдал, цаашид хэрхэн хөгжүүлэх зэрэг сэдвүүдээр дөрвөн зочин танилцуулга хийх ажээ.

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ЗОЧИД:
– “Аргамжаа” киноны найруулагч, манай наадмын хүндэт зочин Н.УРАНЧИМЭГ,
-“Глоб Интернэйшнл ТББ”-ийн тэргүүн, сэтгүүлч Х.НАРАНЖАРГАЛ
-” Алтан хальс холбоо”-ны тэргүүн, залуу кино найруулагч
Ш.ИХБАЯР
-“Tagtaa Publishing”-ийн үүсгэн байгуулагч, орчуулагч, кино тоймч Ж.ТЭГШЗАЯА

Энэхүү хэлэлцүүлэгт кино бүтээгчид, продюсерүүд, кино маркетерууд, үзсэн киноныхоо талаар бичиж бусадтай хуваалцах дуртай кино хорхойтнууд, урлагийн сургуулийн оюутнууд, кино блоггерууд, үзэгчид, сонирхсон хэн бүхнийг эл сонирхолтой хэлэлцүүлэгт урьж байна.

Монголд арт киног таниулах, монгол болон гадаадын уран бүтээлчдийн сэтгэлгээ, шинэлэг тал, авьяасыг нээн харуулж, кино урлагт шинэ уур амьсгал, шинэ давалгааг бий болгох зорилготойгоор “Алтан хальс” холбооноос зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа Алтан хальс индепендент кино наадам (Altan Khalis Independent Film Festival – AKIFF) 6 сарын 2-8-ны хооронд Их дэлгүүрийн 5 давхарын “iCinema” кино театрт зохиогдож байна.

Кино наадмын 4 дэх өдөр буюу өнөөдрийн дэлгэрэнгүй хөтөлбөр:

17:00 Хэлэлцүүлэг: Монголд кино шүүмжийг хэрхэн хөгжүүлэх вэ? (үнэ төлбөргүй). Та хэлэлцүүлгийг үзэхийн тулд https://bit.ly/2sMZ4Uj формыг бөглөж бүртгүүлнэ үү.

19:00 Орчин цагийн онцлох бүтээл: Бичил орчин (2017, Жон Го-үн) 106 мин

21:00 Уралдаант хэсгийн кинонууд

Categories
мэдээ нийгэм

Бээжингийн Эмэгтэйчүүдийн Холбооны дэд Ерөнхийлөгч Жоу Жин манай улсад айлчиллаа

Бээжингийн Эмэгтэйчүүдийн Холбооны дэд Ерөнхийлөгч Жоу Жин тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж, Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо /НАМЭХ/-той “Хамтран ажиллах гэрээ”-нд гарын үсэг зурлаа.

Арга хэмжээнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Нийслэлийн НАМЭХ-ын тэргүүн Б.Саранчимэг болон дүүргүүдийн дэргэдэх НАМЭХ-ны дарга нар оролцсон юм.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр хоёр нам харилцаа, хамтын ажиллагаагаа бүх шатанд сайжруулж ажиллах талаар санал солилцжээ. Энэ хүрээнд Бээжин хотын Эмэгтэйчүүдийн Холбооны төлөөлөгчид Нийслэлийн НАМЭХ-той хамтран ажиллах гэрээ байгуулж буйд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан талархал илэрхийлээд, МАН эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарч дэмжиж ажилладгийг онцолсон юм.

Бээжин хотын Эмэгтэйчүүдийн Холбооны удирдлагуудын зүгээс энэхүү гэрээ нь цаашдын олон хамтын ажиллагааны зөвхөн эхлэл гэдгийг онцолсон. Мөн цаашдаа Нийслэлийн НАМЭХ-той илүү их амжилт бүтээлтэй хамтран ажиллана гэдэгт илтгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Categories
мэдээ спорт

“Football Fan Day” арга хэмжээ болно

Athletic 220 FC фанатууд хөгжөөн дэмжигчиддээ зориулан зургаадугаар сарын зургаанд “Football Fan Day” арга хэмжээг зохиохоор болжээ. Тус өдрийн 20:00цагт Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд болох арга хэмжээнд хөлбөмбөг сонирхогч фанатуудаа урьж байгаа юм.

Энэ үдэш тус клубын фанатуудтай нэгдэж, дэмждэг тоглогчтойгоо хамт зургаа даруулах, танилцах боломж байгаа аж. Мөн хөгжөөн дэмжигчиддээ зориулж Атлетик 220 клуб энэ улирлын шинэ загварын тоглолтын өмсгөлүүдээ хямдралтай худалдах юм байна.

С.ОТГОНБАЯР

Categories
мэдээ улс-төр

Фридрих Эбертийн сангийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх манай улсад айлчилж байгаа Фридрих Эбертийн сангийн Ерөнхийлөгч Курт Бек тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улс зах зээлийн тогтолцоонд шилжсэн цагаас Фридрих Эбертийн сан туслалцаа, дэмжлэг үзүүлж ирсэнд Ерөнхий сайд талархал илэрхийлэв. Ялангуяа улс төр, соёл, парламентын засаглалыг бэхжүүлэхэд их хувь нэмэр оруулсныг өндөр үнэлж байдгаа тэмдэглэв.

Талууд уулзалтын үеэр ардчилсан нийгмийн тогтолцоог бэхжүүлэх, улс төрийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, тэгш эрхтэй ёс зүйг бүтээх талаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Өөртөө хэрэггүй зүйлээ хэрэгтэй нэгэндээ өгцгөөе” уриан дор өдөрлөг болно

Баянзүрх дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс ‘’Өгөөмөр өдөр’’ өдөрлөгийг энэ сарын 09-ны өдөр зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөг нь “Өөртөө хэрэггүй зүйлээ хэрэгтэй нэгэндээ өгцгөөе” уриатай зохион байгуулагдах бөгөөд хог хаягдлыг ангилан ялгах, багасгах, бууруулах, дахин ашиглах чиглэлээр иргэдийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх зорилготой.

Энэ үеэр иргэд хуучин эд зүйлсээ худалдах, солилцох, мөн үнэгүй өгөх боломжтой бөгөөд Мэргэжил Боловсролын Үндэсний төвийн 55 дугаар тусгай сургуулийн гадна талбайд зохион байгуулагдах аж.

Иймд иргэн, аж ахуй нэгж байгууллага болон хороодыг өөрт хэрэггүй зүйлээ хэрэгтэй зүйлээр солилцож, өөрт хэрэггүй зүйлээ бусдад өгөх ‘’Өгөөмөр өдөр’’-т идэвхтэй оролцохыг уриалж байна.

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн 51-267020 болон 51-266579 дугаараар холбогдоно уу.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил С.Баярт уулзах хүсэлт тавьжээ

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн дөрөвдүгээр сард сэжигтнээр татан баривчилсан билээ. Тэднийг Оюу толгойн гэрээний асуудлаар 30 хоног цагдан хорих шийдвэрийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гаргасан. Цагдан хоригдох хугацаанд С.Баярын тулай болон багтраа өвчин хүндэрч эрүүл мэнд ноцтой байдалд орсон гэдгийг өмгөөлөгч нь мэдэгдсэн юм. С.Баярт үзлэг хийж, яаралтай “сайд нарын” гэгдэх II эмнэлэг рүү шилжүүлсэн. Тэрээр одоо сайд нарын II эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-оргил “Хууль хяналтын байгууллага шалгаж байгаа асуудал. Хувь хүний хувьд УИХ-ын зөвшөөрөлтэй, Засгийн газрын хамтын шийдвэртэй ийм асуудалд хувь улстөрчдөд зөв бурууг нь тохож, ухаад байвал дараа дараагийн Засгийн газарт шийдвэр гаргах хүн олдох юм болов уу гэж эргэлзэж байна. Тийм аюул байгаа учраас хуулийн байгууллага хурдан нэг тийш нь болгох хэрэгтэй. Би С.Баяртай уулзах хүсэлт тавьсан. С.Баяр дарга хүнээр дамжуулж ‘бие тааруу байна, эмнэлэгт хэвтэж байна, бие гайгүй болохоор эргэж ирж уулзаарай’ гэж хэлүүлсэн. Би хүсэлт тавьж, хүлээгээд байж байна” гэжээ.

Б.НОМИН-ЭРДЭНЭ