Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Бидний мэдэх мазаалай” фото зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

Дэлхийн байгаль хамгаалах өдөр өчигдөр тохиосон юм. Мөн Монгол улс биологийн олон янз байдлын конвенцид нэгдэж орсны 25 жилийн ой болж байгаатай холбогдуулан БОАЖЯ-аас 30 гаруй ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа билээ. Тухайлбал “Байгалиа хамгаалъя” сарын аян, “Тогтвортой хот суурин ба ой” сэдэвт хүүхдийн гэрэл зургийн уралдаан, “Говийн бүсийн амьтны аймгийн судалгаа, хамгаалал” эрдэм шинжилгээний бага хурал, “Ургамал оршихуйд-Амьдрал оршихуй” болон “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” зэрэг арга хэмжээг зохион байгуулсан. Харин өнөөдөр “Бидний мэдэх мазаалай” сэдэвт фото зургийн үзэсгэлэнг Дэлхийн байгаль хамгаалах өдөрт зориулан нээлээ.


Энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь мазаалай амьдрах орчин, идэш тэжээлийг танин мэдэхээс гадна, энэ төрлийн баавгайн зан төрхийг олон нийтэд танин мэдүүлэх, экологийн боловсрол хүмүүжлийг дээшлүүлэхэд оршиж байгаа юм. Мазаалайг мөхөхөөс өмнө түүний амьдрах орчин, нүүдлийн замыг сэргээн тэтгэх, хамгааллын асуудалд сонирхогч олон талын оролцоог хангах зорилгоор зорилт бүхий үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлсэн.
Мөн БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Мазаалай баавгайн амьдрах орчныг сайжруулах төсөл хэрэгжихээр харилцан бичиг солилцож, гарын үсэг зуржээ.


Categories
мэдээ улс-төр

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 61 дүгээр чуулганаар баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц, түүний нэмэлт протоколд Монгол Улс 2008 онд нэгдэн орж, уг конвенцийн үзэл баримтлалд тулгуурлан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг УИХ-аас 2016 онд баталсан. Уг хуульд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенци, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, салбар дундын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, оролцоог нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр үндэсний хэмжээнд ажиллах хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага бий болгохоор хуульчилсан. Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх замаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг байгуулахаар УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж хэлэлцүүлж байгаа юм.

Шинээр байгуулагдах агентлагийн хүний нөөцийг одоо ажиллаж байгаа Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн 31 ажилтныг төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлд шилжүүлж, ажлын чиг үүргийг өөрчлөх замаар бүрдүүлэх бөгөөд 2018 онд нэмэлт орон тоо шаардахгүй. Харин уг төвийн дэргэдэх улсын төсөвт үйлдвэрийн гурван газрыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу шинээр байгуулагдах ерөнхий газрын дэргэд ажиллахаар зохион байгуулах аж. Харин аймаг, дүүрэгт тус газрын чиг үүргийг аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар/хэлтэст ажиллаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн гүйцэтгэх юм байна.

Засгийн газраас өнгөрсөн сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг тус Байнгын хорооны өнгөрсөн сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэнийг чуулганы өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагийн нэгдсэн хуралдаанаар дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан сүүлийн үед олон улсын зарим бичиг баримтад “тусгай хэрэгцээт” гэсэн нэршил хэрэглэгдэх болсон байна, иймээс төсөлд тусгагдсан “хөгжлийн бэрхшээлтэй иргэн” гэсэн нэр томъёо нь оновчтой эсэхийг ажлын хэсгээс тодруулсан юм.

Гишүүний асуултад Хөдөлмөр, ниймгийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаян өгсөн хариултдаа, манай улсад одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид энэ томъёог хэрэглэж байгаа, тухайлбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай хуульд “хөгжлийн бэрхшээлтэй хүн” гэдэгт ямар хүнийг хамааруулах талаар тодорхой зааж өгсөн. Мөн олон улсын гэрээ, конвенцид ч энэ томъёог хэрэглэж байгаа. Харин Боловсролын тухай хуульд “тусгай хэрэгцээт” гэсэн нэр томъёо тусгагдсан байдаг гэлээ.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томъёолол гараагүй тул УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжив. Иймээс “Тогтооллын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахаар чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүн санал нэгтэй дэмжсэн юм.

Categories
мэдээ нийгэм

“Даян дэлхийн тогтвортой мал аж ахуй хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дахь удаагийн уулзалт” болно

“Даян дэлхийн тогтвортой мал аж ахуй хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дахь удаагийн уулзалт”-ыг Монгол Улсад анх удаа 2018 оны 6 сарын 11-15-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Даян дэлхийн тогтвортой мал аж ахуй хөтөлбөр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран зохион байгуулж буй 8 дугаар уулзалтад даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн түнш 34 орны 120 гаруй төлөөлөгчид, бүс нутгийн улсуудын Хөдөө аж ахуйн сайд нар, Монгол Улсын төлөөлөгчид оролцоно.

Төлөөлөгчид “Тогтвортой хөгжил-нүүдлийн мал аж ахуй” сэдвийн дор таван өдрийн турш чуулах бөгөөд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад мал аж ахуйн салбарын оруулах хувь нэмрийг Монгол Улсаар төлөөлүүлэн дэлхий нийтэд харуулна.

Ийнхүү олон улсын “Даян дэлхийн тогтвортой мал аж ахуй хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дахь удаагийн уулзалт”-ыг Монгол Улсад зохион байгуулснаар нүүдлийн мал аж ахуйн онцлог, уламжлалт ёс заншлаа олон улсад сурталчлан таниулах, мал аж ахуйн салбарт баримталж буй бодлого, төсөл хөтөлбөрүүдийнхөө талаар гадны төлөөлөгчид танилцуулж, улмаар хөрөнгө оруулалт татах боломж бүрдэх юм.

Categories
мэдээ нийгэм

Дараахь таван дүүрэгт цахилгаан хязгаарлана

Өнөөдөр буюу 2018 оны зургаадугаар сарын зургааны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна.

БАЯНЗҮРХ

10:30-17:30 цагт: 8, 12, 13-р хороо Жанжины 7, 10, 19-25, Чулуун овооны 1-8, Улаанхуарангийн 1-5-р гудамжууд, Алтан тэвш АОС-ууд, Техник форум, Монскан, Магнай трейд ШТС-98, Элмеко, Шим өгөөмөр, Миш маш, Мобиком, Түмэн сант тэнгэр Инкозон, Одод, Уянга, Сэрж интернэйшнл, Вэлл март ХХК-ууд, БЗД-ийн Нийтлэг үйлчилгээний газар, Ботаникийн хүрээлэн болон эдгээрийн ойр орчмоор;

СҮХБААТАР

13:00-15:00 цагт: 1-р хороо Чагдаржавын 10/3, 42, 46, 58-р байр, Гэгээн 75, Сэлбэ, Ханбогд СӨХ-үүд, Нийслэлийн Өргөө амаржих газар, Ерөнхий прокурорын газар, Таны төлөө бид эмнэлэг, УБ улаан загалмайн нийгэмлэг, Хасбуу, Авзага трейд, Еврофрам, Дино импекс, Люкс центр, ЭМЖЖ, Эм Эм Эм Ди ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

15:30-17:30 цагт: 11-р хороо 100 айлын 68, 86, Цагдаагийн 64-р байрууд, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Тамга тэмдгийн газар, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв, Сэлбэ 86 СӨХ, Сайн хөрш нийгэмлэг, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Жин туул ХХК болон эдгээрийн ойр орчмоор;

ХАН-УУЛ

11.00-14.00 цагт: 10-р хороо НХХЯ, Газрын тос, ЕТГ, ТТХГ-ын зуслангууд, ЦЭЭБ, Дьювилла ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

11.30-12.30 цагт: 12-р хороо Сонгинын 12-25, Биогийн 14-24-р гудамжууд

13.00-14.00 цагт: 12-р хороо Сонгинын 1-18-р гудамж;

СОНГИНОХАЙРХАН

09:00-11:00 цагт: 21-хороо рашаант хэсэг төв замын баруун хэсэг Баруун турууны хэрэглэгчид

11:30-13:30 цагт: 21-р хороо рашаант хэсэг төв замын зүүн хэсэг Булаг багийн хэрэглэгчид

14:30-18:00 цагт: 21-р хороо рашаант хэсэг Байгаль суурин гэр хорооллын хэрэглэгчид

11:00-17:00 цагт: 18, 21-р хороо 12-р сургууль, 55, 79-р цэцэрлэгүүд, 5 шарын 1-3, 5, 8-11, Угсармалын 1, 2, 5-16, 22, ҮЭ-ийн 31, 32-р байрууд, Жаргалант тосгон Юнител, Мобикомын антен, Түмэн шувуут ХХК-ууд, иргэн Насанжаргал, Сүүн сувилал, Хаан банк, ШТС, Эмгэнтийн ферм, Ногоон толгой, Аюуш, Ар гүнт, Шархадны болон Нарийн хороо, Жаргалант тосгон, Алтан Дорнод, Юнител, Түмэн шувуут, иргэн Насанжаргал болон эдгээрийн ойр орчмоор;

НАЛАЙХ

10.00-13.00 цагт: 4-р хороо Нарангийн төмөр замын урд хэсэг

14.00-17.00 цагт: 4-р хороо Нисэхийн задгай гэр хороолол, Их ам.

Categories
мэдээ нийгэм

“ЭВИЙН ӨРГӨӨ ЭНХИЙН ГҮЙЛТ 2018” галт бамбар аялж байна

Энхийн гүйлт нь жил бүр АНУ-ын Нью-Йорк хотоос гараагаа аван, дэлхийн таван тивийн 150 гаруй улс орныг хамарч, үндэс угсаа, нас хүйс, шашин шүтлэг өөр өөр сая сая хүмүүс түүнд нэгдэн оролцдог. Энэхүү гүйлтийн зорилго нь галт бамбарыг олон сая хүн хотоос сууринд, нэг улсаас нөгөө улсад буухиалж гараас гарт, зүрхнээс зүрхэнд энх тайван, эв нэгдлийн уриаг түгээхэд оршдог.

Монгол улс анх 1995 онд энхийн галт бамбарыг хүлээн авсан бөгөөд түүнээс хойш хоёр жил тутамд тус гүйлтийг амжилттай зохион байгуулж, улмаар Ази-Номхон далайн бүсийн орнуудын маршрутад нэгдэн оролцож байна.

Дээрх хугацаанд Энхийн гүйлт нь Монгол орны 22 аймгийн нутаг дэвсгэрийг хамран 20 гаруй мянган км замыг туулж олон мянган ард иргэд оролцож, хөрш зэргэлдээх хоёр орны жирийн ард түмэнтэй мөр зэрэгцэн галт бамбарыг буухиалан гүйж, даян дэлхийн улс орнуудын найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн.

2018 онд Энхийн гүйлтийн Ази-Номхон далайн орнуудын маршрут нь Непал улсын Покара хотоос 2-р сард эхэлж, ОХУ-ын Томск хотноо 7-р сард өндөрлөх бөгөөд нийт 20 улсын нутаг дэвсгэрээр 20 мянга гаруй км замыг туулна.

Энхийн гүйлтийн 2018 оны үндсэн маршрут нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Амгаланбаатар хотоос буухиалсан бамбарыг Дорнод аймгийн хилийн боомтоор 05 дугаар сарын 31-нд хүлээн авснаар эхэлнэ. Улмаар Монгол орны 13 аймгийн 39 сум суурин газраар нийт 3000 орчим км замыг туулан, Баян-Өлгий аймгийн Цагаан нуурын боомтоор 06 дугаар сарын 22-нд ОХУ-ын талд шилжинэ.

Улаанбаатар хотын хэмжээнд Энхийн галт бамбарыг угтах ажиллагаа 2018 оны 06 дугаар сарын 05-нд Багануур дүүрэг хүлээн авснаар эхэлж, улмаар Налайх болон Баянзүрх дүүргүүдэд буухиалан 06 сарын 08-нд Хан-Уул дүүрэг нь Төв аймагт шилжүүлснээр өндөрлөнө гэж нийслэлийн Биеийн тамир, спорт хорооноос мэдээллээ.

Галт бамбарыг Улаанбаатар хотод аялуулах маршрут

– 1-р цэг Баянзүрхийн товчоо – Баянзүрх дүүрэг хүлээн авна – VI/06-ны 15:00;

– 2-р цэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн – Ёслолын арга хэмжээ – VI/06-ны 16:00,

– Гараа – VI/08-ны 08:30;

– 3-р цэг Бөхийн өргөө – Сүхбаатар дүүрэг хүлээн авна – VI/08-ны 09:00;

– 4-р цэг УИД-ийн өмнөх талбай – Чингэлтэй дүүрэг хүлээн авна – VI/08-ны 09:30;

– 5-р цэг Төмөр замын СО-ны талбай – Баянгол дүүрэг хүлээн авна – VI/08-ны 09:40;

– 6-р цэг Сапоро – Хан-Уул дүүрэг хүлээн авна – VI/08-ны 10:00;

– 7-р цэг Таваншар – Сонгинохайрхан дүүрэг хүлээн авна – VI/08-ны 10:15;

– 8-р цэг 22-н Товчоо – Сонгинохайрхан дүүрэг үднэ – VI/08-ны 10:45.

Categories
мэдээ нийгэм

Мах зах зээлийн үнээс 13-35 хувиар хямд байна

2018 оны 6 дугаар сарын 04-ний байдлаар “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд Улаанбаатар, Дархан хотод нийт 8682,1 тонн мах борлуулаад байна. Үүнээс хонины мах 3770.3 тонн, ямааны мах 2349.9 тонн, үхрийн мах 2561.9 тонн мах борлуулж, борлуулалтын гүйцэтгэл 67.4 хувьтай байна.

Үндэсний статистикийн хорооны 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хонины ястай мах 7480, үхрийн ястай мах 8475, ямааны ястай мах 5065 төгрөгийн үнэтэй байна. Үүнээс үзвэл “Мах, сүүний анхдугаар аян”-ны мах зах зээлийн үнээс 13-35 хувиар хямд үнэтэй борлуулагдаж байгаа юм.

2018 оны 5 дугаар сарын 24-ны мэдээ

Өнөөдрийн байдлаар “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд Улаанбаатар, Дархан хотод нийт 7255 тн мах борлуулжээ. Үүнээс хонины мах 3073 тн, ямааны мах 1809 тн, үхрийн мах 2372 тн мах борлуулж, борлуулалтын гүйцэтгэл 56 хувьтай байна.

Үндэсний статистикийн хорооны 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар хонины ястай мах 7520, үхрийн ястай мах 8490, ямааны ястай мах 5065 төгрөгийн үнэтэй байна. Үүнээс үзвэл “Мах, сүүний анхдугаар аян”-ны мах зах зээлийн үнээс 13-35 хувиар хямд үнэтэй борлуулагдаж байгаа юм.

2018 оны 5 дугаар сарын 17-ны мэдээ

“Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд 2018 оны 5 дугаар сарын 17-ны байдлаар Улаанбаатар, Дархан хотод нийт 6115,1 тн мах борлуулжээ. Үүнээс хонины мах 2536,5 тн, ямааны мах 1485,0 тн, үхрийн мах 2093,0 тн мах борлуулсан буюу борлуулалтын гүйцэтгэл одоогоор 47 хувьтай байна.

Зах зээлд хонины ястай мах 7465 төгрөг, үхрийн ястай мах 8345 төгрөг, ямааны ястай мах 5065 төгрөгийн үнэтэй байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Эндээс үзвэл, “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд борлуулж буй махны үнийн хувьд зах зээлийн үнээс 13-34 хувиар хямд үнэтэй байна. Одоогийн байдлаар нийслэлийн 6 дүүрэг, Төв аймгийн хоёр суманд нийт 140 худалдааны төв болон хүнсний дэлгүүрээс “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд борлуулж буй махыг худалдан авах боломжтой.

Мах худалдаалж буй цэгүүдийн мэдээллийг энд дарж авна уу.

5 дугаар сарын 11-ний мэдээ

“Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд нэр бүхий 11 аж ахуйн нэгжүүд нийслэл Улаанбаатар хот, Дархан хотын хүн амын хэрэгцээнд зориулж, 12.8 мянган тн мах бэлтгэж, 2018 оны 4 дүгээр сарын 10-наас эхэлж худалдаанд гарч эхэлсэн. Тэгвэл 2018 оны 5 дугаар сарын 11-ний байдлаар Улаанбаатар, Дархан хотод нийт 4334.1 тн мах борлуулжээ. Үүнээс хонины мах 1754.9 тн, ямааны мах 1112.5 тн, үхрийн мах 1466.7 тн буюу нийт борлуулалтын гүйцэтгэл 34 хувьтай байна.

Дээр дурдсан аяны хүрээнд борлуулж буй үхрийн махыг 5500 төг, хонины махыг 5300 төг, ямааны махыг 4400 төгрөгөөр тус тус худалдаанд нийлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Эмнэлгүүдийн гадна талбайг тохижуулна

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гаднах тохижилтын ажил энэ сарын долоонд эхлэх юм байна. Энэхүү ажил нь нийслэлийн төсвөөр 2018 онд хэрэгжүүлэх томоохон ажлуудын нэг юм. Үүнд авто зам, авто зогсоол, нисдэг тэрэг буух зогсоол барихаар төлөвлөжээ.

Зам барилгын ажил эхлэхтэй холбогдуулан Эх нялхас /хуучнаар/ руу орж гарах гарц, замыг ээлжлэн хаана. Наадмын өмнө ажлаа дуусган хүлээлгэж өгөх аж. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар тус ажлыг “Энигма Констракш” ХХК гүйцэтгэх юм.

Түүнчлэн Баянзүрх дүүрэг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн гадна талбайд хийх авто зам, авто зогсоол, нисдэг тэрэг буух талбай барих ажил эхлээд байна. Нийслэлийн Төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа энэ ажил ирэх наймдугаар сард дуусна. Улмаар “Өргөө” амаржих газрын гадна талбайн тохижилтын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажил хангагдаад байгааг албаныхан тодотгов.

Categories
мэдээ нийгэм

Боловсролын салбарын мастер төлөвлөгөөг боловсруулж эхэллээ

АХБ, БСШУСЯ, Сангийн яам “Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх” техникийн туслалцааны төслийн санамж бичигт энэ оны хоёрдугаар сард гарын үсэг зурсан. Санамж бичгийн хүрээнд боловсролын салбарын мастер төлөвлөгөөг боловсруулах ажилд дэмжлэг үзүүлэх Азийн Хөгжлийн Банкны техникийн туслалцааны төслийн баг тавдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн ажиллаж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа өчигдөр/06.05/ Азийн Хөгжлийн Банк, Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүгийн дэмжлэгтэй хэрэгжиж буй “Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх” төслийн багийн ахлагч доктор, профессор Жон Вайдмэнтэй уулзав.

Уулзалтаар боловсролын салбарт тулгамдаж буй асуудлууд, боловсролын салбарын мастер төлөвлөгөөнд тусгах шаардлагатай тэргүүлэх чиглэлийн асуудлаар талууд харилцан санал солилцлоо.

Энэ удаагийн боловсролын салбарын мастер төлөвлөгөө нь өмнөх гурван мастер төлөвлөгөөтэй харьцуулахад нийгэм, эдийн засгийн хөгжлийн болон боловсролын салбарын шинэ хэрэгцээ шаардлагыг сайтар харгалзсан, хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдээ зөв, оновчтой тодорхойлсон төлөвлөгөө боловсруулах ёстойг салбарын сайд онцлон тэмдэглэлээ. Мөн тэрбээр дөрөв дэх мастер төлөвлөгөө нь урт хугацааны боловсролын хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулах чадавхийг бүрдүүлж, бүх шатны сургалтын хөтөлбөр, стандартыг чанаржуулж, түүнийг тогтвортой мөрдөх, багшийн хөдөлмөрийн үнэлгээг олон улсын түвшинд хүргэх, боловсролын салбарын төсвийн болон гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын бүтэц, түүний ашиглалтад нарийвчилсан үнэлгээ өгч, тэдгээрийг боловсролын чанар, үр ашгийг дээшлүүлэх хөшүүрэг болгох шаардлагатай байгааг дурдлаа.

БСШУСЯ

Categories
энтертаймент-ертөнц

“Улаанбаатар Авто Шоу 2018″​ болно

Монголын автомашины салбарын чиг хандлага, дэлхийн шилдэг автомашины брэндүүдийн 2018 оны шинэ загварыг танилцуулдаг “Улаанбаатар Авто Шоу 2018” болох гэж байна. Шоугаар автын салбарын тэргүүлэх байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулдаг юм. “Улаанбаатар Авто Шоу 2018” энэ сарын 8-10-нд Мишээл экспо төвд болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Яагаад гэнэт ШХАБ-д элсэхээр болов?

БААБАР ИНГЭЖ ХЭЛЭВ


Оросын Цэрэг, техникийн хамтын ажиллагааны Холбооны албаны орлогч дарга Владимир Дрожжов дөнгөж саяхан Монголын Засгийн газрын урилгаар ажлын айлчлал хийжээ. Батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Х.Батбилэгтэй Засгийн газар хоорондын протоколд гарын үсэг зуржээ. Монгол Улс Оросоос Т-90А танк, БТР-80, БМП-2 хуягтууд, Зенит пуужингийн хосолмол С-300 “Фаворит”, цэргийн нисдэг тэрэг РЛС, Олон зориулалттай дөрөвдүгээр үеийн сөнөөгч онгоц Су-27-г 12 ширхэгийг тус тус авахаар болж байгаа юм байна. Энэ мэдээг Оросын өөрийнх нь албан мэдэгдлээс олж авлаа.

Зенит пуужингийн “Фаворит” цогцолбор бол 75-200 км-ийн хооронд ямар ч өндөрт нисэж буй дайсны байг онилж биш, хөөж эгшин зуур устгах чадвартай гэнэ. Дөрөвдүгээр үеийн Су-27 буюу НАТО-гийн ангилал нэрлэлээр Flank­er-B нь агаарын тулалдаанд дэлхийд ноёлох хэдхэн төрлийн сөнөөгчийн нэг гэнэ. Т-90А танк нь Оросын зэвсэглэлд дөнгөж 2004 оноос орж ирсэн бүрэн автомажсан хамгийн орчин үеийн техник.

Цэргийн сургууль хийгээд үзэхэд Монголын арми хүн хүчний хувьд ч, зэвсэг техникийн хувьд ч, байлдааны сургуулилтын хувьд ч тун гологдож байна гээд Монголын армид дорвитой өөрчлөлт хийх хэрэгтэй гэж Маршал Д.Устинов үзэн Монголд айлчилж, Монголын армийг өөд татах талаар хэлэлцээ хийсэн нь дөчөөд жилийн өмнөх хүйтэн дайны үе билээ. 1979 оны гуравдугаар сарын 6-нд Улаанбаатарт болсон энэ хэлэлцээгээр зөвлөлтүүд Монголын армид тэрбум рублийн зэвсэг техник нийлүүлэхээр болсон байна. Ингээд 1983 оны есдүгээр сарын байдлаар 731 сая рублийн зэвсэг техник нийлүүлжээ. Зөвхөн Т-54 маркийн танк 400 ширхэгийг нийлүүлсний үнэ 237 сая рубль болж байлаа. Үүнээс гадна цэргийн объект байгуулах, сургалт явуулахад нэмээд 343 сая рубль зарцуулсан байна. Энэ бүхэн нь уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, түүнийг дагасан бүхэл бүтэн хот, дэд бүтцийг нийлүүлсэн нийт хөрөнгө оруулалтаас давж байлаа. Тэр жилүүдэд улсын төвлөрсөн төсвийн бараг гуравны нэг нь цэрэгт зарцуулагдаж байсан нь дэлхийн дайны үеийнхээ хэмжээнд очжээ. Монгол нь дэлхийн хамгийн милитаржсан улсын нэг болов.

Энэ шуугиант үйл явдлын хүрээнд олон хүнийг СССР-т цэргийн мэргэжилтнээр бэлтгэсэн юм. Тэгсэн ч монголчуудад СССР-ээс авсан цэргийн зэвсэг техник нь ихдээд байлаа. Нийт 800 танктай болсон монголчууд түүнд хүрэлцэхүйц офицер, мэргэжлийн хүнгүй байв. 1981 онд Монголд дахин ирсэн Устинов энэ байдлыг хараад “хүн хүрэлцэхгүй бол эмэгтэйчүүдээ цэрэгт татахгүй юу” хэмээн хэлсэн байдаг. Хүйтэн дайн зогсож, Монгол Улс төвийг сахих гадаад бодлого баримтлах болсноор энэ олон танкийг консервацид оруулан хадгалсан. Зэвсэглэлд байсан Миг-21 сөнөөгч онгоцуудыг ч энэ жишгээр хадгалсан.

Одоо энхийг сахиулагч Монголын арми энэхүү шинээр ирж буй хамгийн орчин үеийн зэвсгээр яах гэж байгаа юм бол? Өөрснийх нь тайлбарлаж байгаагаар стратегийн ордуудаа хамгаалах зориулалттай гэнэ. Сөнөөгч онгоц, зенит пуужин, танкаар уурхай хамгаалдаг улс гүрэн энэ дэлхийд байдаг эсэхийг мэдэхгүй. Дайны үед тэгдэг байж магадгүй. Хэрэв эдгээр зэвсгээр байлдааны ажиллагаанд орох гэж байгаа бол Орос, Хятад, Казакстан гурваас өөр Монголын цохилтод өртөх газар нутаг огт байхгүйг газрын зурагнаас хараад ойлгочихмоор. Үнэгүй өгч байгаа гэж бүлтэрч магадгүй. Тийм бол яах гэж? Юунд зориулж? Одоо хадгалчихсан 800 танкаа яаж ч чадахгүй байгаа шүү дээ.

Орчин үеийн нэг онгоцыг ашиглахад цаана нь хэдэн зуун хүн үйлчилгээнд татагдаж ажлын байртай болдог гэнэ. Техникийн запаас, ашиглалт, нисэх газруудын хянах төхөөрөмжүүд зэрэг нь онгоцны өөрийн өртгөөс давдаг гэж цэргийн мэргэжилтнүүд хэлж байна. Нэг ширхэг Су-27 онгоцны жолоодлогын багийг сургаж бэлдэхэд Орост өөрт нь 4-7 сая ам.доллар ордог гэж Оросын батлан хамгаалахын сайтад бичсэн байна. Энэхүү хүнд бөмбөгдөгч онгоц 9 тонн шатахуун ачаалдаг, нисгэгчийг формд нь барьж байхын тулд жилд 100-120 удаа нислэг үйлдэж байх ёстой юм байна. Яваандаа энэ зэвсгээр НАТО-гийн эсрэг байлдана гэхээр эсгий хийх газар нохой хэрэггүй баймаар? Хамгаалалтын зориулалттай юм гэхэд Орос, Хятад хоёрын хязгааргүй уудам зайг даваад Монголын нутаг руу онгоц нисгэн уурхай дэлбэлж чадах техникийн бололцоо өнөөдөртөө дэлхийн аль ч оронд байхгүй. Нэгнээс нь байлдааны хүчирхэг зэвсэг авахаар нөгөө тал нь хардаад эхэлдэг нь өнөөгийн цэрэг-улс төрийн практикт тогтсон уламжлал. Гэхдээ Михаилд өөрийн бодол байгаа байх л даа.

Өөр нэг сонин жишээ хэлье. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал Монгол Улс дангаараа социализм байгуулж барахгүй нь гэж үзээд СССР-ийн холбоонд нэгдэхээр шийджээ. Жамбалдорж гэгчээр бичүүлсэн өргөдлөө маршал Чойбалсанд өгч үүнийг Сталинаас асуугаад зөвшөөрөл аваад ир гэж шахсан байдаг. 1944 онд Туваг СССР-ийн бүрэлдэхүүнд оруулсан гавьяаныхаа төлөө Тувагийн удирдагч Салчиг Тогоо Лениний одонгоор шагнуулж, генерал цол хүртсэн нь энэ санаачлагын цаад шалтгаан ч байж болох. Сталин саналыг үзээд “Монголия не Тыва, это историческая великая страна” гэж хариулсан хэмээн гэрч Ширэндэв гуай өгүүлсэн байдаг.

1950 онд өөрийн найз нараар мөн ийм санал бичүүлээд өргөдлийг Чойбалсанд үзүүлэн шахахад маршал уурлаж “Ингэвэл монгол үндэстэн устаж үгүй болно” гэж загнахад “Юу боллоо гэж устах вэ дээ” гэж Цэдэнбал зөрүүдэлсэн баримт үлджээ. Дараа нь 1953 онд Сталиныг нас барсан явдлыг тохиолдуулан дахин улс орноо харь гүрэнд нийлүүлэх өргөдөл бичүүлээд Улс төрийн товчооны гишүүдээр гарын үсэг зуруулжээ. Энэ үед тусгаар тогтнолоо хамгаалагч Чойбалсан нэгэнт тэнгэрт хальсан учир хэн ч саад хийхгүй гэж бодсон хэрэг. Товчооны гишүүдээс Улсын бага хурлын дарга партизан Бумцэнд гарын үсэг зураагүйгээр барахгүй бусдыгаа загнан ихэд уурласан аж. Москвад өргөдлөө өөрийн биеэр авч очин өргөн барьтал Гадаад яамны сайд Молотовт зэмлүүлэв. “Та нар хэтэрхий хариуцлагагүй байна, Монгол Улс манайтай нэгдэхээр болбол дэлхий даяар Зөвлөлтийн империализм гээд шуугиад эхэлнэ шүү дээ. Өргөдлөө буцааж ав” гэжээ. Үнэн хэрэгтээ дайнд ялагч их гүрнүүд Каир, Тэгэран, Ялт, Подстамын гэрээгээр дэлхийг нарийвчлан хувааж хэнд, юу ногдохыг нь яг таг тогтоочихсон байхад СССР хүсээд ч Монголыг өөртөө нэгтгэх бололцоогүй болчихсон гэдгийн Чингисийн удмынхан ойлгосонгүй.

Хожим Молотов бүх албан тушаалаасаа хусагдаж, намаасаа хөөгдөн Монголд элчингээр ирсэн хойноо Цэдэнбалд аминчилж “Монгол Улс СССР-ийн бүрэлдэхүүнд орно гэдэг цагийн хувьд эрт байна. Бид Казакстаныг авчихаад одоо болтол бүрэн эзэмшиж бараагүй байна. Танай тал удаа дараа хүсэлт тавьж буй боловч ингэх цаг нөхцөл үнэхээр болоогүй байна” гэж ятгажээ. Үүнийг хамт байсан Гадаад яамны орлогч сайд Ёндон гэрчилдэг. Харин Молотов элчин байхдаа Монголын хойд хил дагуу асар их нутгийг тулган шаардаж СССР-т нэгтгэхдээ үүнийг тас эсэргүүцсэн Гадаад Яамны сайд С.Аварзэдийг “Та нар улсаа тэр чигээр нь бидэнд өгнө гэж гуйгаад л явж байсан. Үүнтэй харьцуулахад жаал газар бидэнд өгч социалист системийг бэхжүүлэхэд нэмэр болохоос юунд татгалзаад байна!” хэмээн загнажээ.

Монгол Улс ШХАБ-д элсэхээр боллоо гэдгийг Хятадын Гадаад явдлын сайд Ван И-гийн амнаас дэлхий анхлан сонслоо. 1990 онд Монгол Улс шинэ гадаад бодлогоо тунхагласан нь халуун, хүйтэн дайнд туйлдан зөрчилдөж ядарсан энэ дэлхийд монголчууд цаашид альхан талдаа явахаа энэ дэлхийд зарласан хэрэг юм. Алив цэрэг-улс төрийн маргаанд оролцохгүй, дэлхийн бүх улсуудтай найрсаг харилцаж хамтран ажиллана, хоёр хөрштэйгөө эгнэгт сайн харилцаатай байхаас гадна гурав дахь гэж нэрлэж болох хиллэдэггүй бүх оронтой хэзээ ч дайсагналцахгүй гэж тунхаглав. Энэ зарчмыг өдий хүртэл аль ч Засгийн газар зөрчөөгүй, бодлогоо хатуу баримталсаар ирлээ.

Тэгснээ гэнэт шинээр хуваагдахаар зэхэж буй өнөөгийн хямралт дэлхийд геополитикийн ялгарал үүсч эхэлж байхад нэгээхэн том бүлэглэлд элсэхээр огцом гэнэт шийдвэр гаргадгийн цаад шалтгаан юу вэ? Саяхан хуралдсан Эдийн засгийн чуулгад Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ Монгол Улс ШХАБ-тай улам идэвхтэй хамтран ажиллаж одоогийн түвшнээсээ шат ахиулна гэж хэлсэн. Үүнээс болж Ерөнхийлөгч хувь хүнийхээ хувьд Монгол Улсыг ШХАБ руу түлхэж байна гэсэн ойлголт таржээ. Үнэндээ Ерөнхийлөгч ШХАБ-д элсэнэ гэж хэлээгүй, идэвхтэй харилцаагаа улам шат ахиулан идэвхийлнэ гэсэн санаа байх. Нөгөөтэйгүүр элсүүлэх гэж зүтгээд ч түүнд тийм эрх, хуулийн бололцоо байхгүй. Тэгээд ч чукча не дурак, арай ч тэгтлээ балайрах хүн биш гэдгийг нь мэдэх юм байна.

Гэнэтийн санаачилга Монголын Засгийн газрын тэргүүн Хятадад айлчилсан явдлаас үүдэлтэй. Нэг тэрбум долларын хөнгөлөлттэй зээлийн сураг ийм алхам хийхэд түлхсэн бололтой. Энэ бол Монголын ДНБ-ий 8 орчим хувь юмуу даа. Оюу толгойн Монголд жилд үлдээж байгаа мөнгөн дүнтэй тэнцэж байна. Нэг сарын өмнө “ШХАБ ба Монгол” өгүүлэл бичсэнд энэ байгууллагад элсэхэд ямар бэрхшээл учирч болох тухай тодорхой өгүүлсэн учраас үүнийг давтан улиглаад хэрэггүй байх. Мөн Монголын гадаад бодлогод оройлон ажиллаж, энэ талын сайтар ойлголттой болж мэргэшсэн Гадаад харилцааны сайд асан Гомбосүрэн, Чойнхор, Мөнх-Оргил болон бусад олон дипломатууд энэ талаар эсрэг саналтай байгаагаа хэр баргийн хүн ойлгочихуйц тодорхой тайлбарласан.

Гэтэл элсэхгүй бол Монгол Улс одоохон сөнөх гээд байна гэсэн “мэргэжилтнүүд” нэг бус бололтой. Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун хэлэхдээ “Бид ШХАБ-д элссэнээр эдийн засгийн ямар ч ашиг тус гарахгүй нь ойлгомжтой. Гэхдээ ардчиллаас болоод бид хамгийн дотно хамсаатан, их хөрш Оросыгоо олон жил гомдоож итгэлийг нь алдсан. Одоо ШХАБ-д элсэж итгэлийг нь сэргээх хэрэгтэй. Энэ бол манай геополитик” гэж Гадаад яаманд болсон зөвлөгөөн дээр хэлж байх юм. Гадаад яамнаас энэ талаар “мэргэшсэн” гэх төрийн байгууллагууд болон Их сургууль, Академийн хүрээлэнгүүдээр “судалгаа” хийлгээд үүнээ товхимол болгон тарааж байна. Тэндэхийн мэргэжилтнүүд ШХАБ-д ороод эдийн засгийн ашиг төдийлөн байхгүй болохыг даруухнаар зөвшөөрсөн мөртөө элсэхийн ач холбогдлыг энэ талын судалгаа өргөжих, судлах хүрээлэн сургууль байгуулах, ШХАБ-ын төв байгууллагад төлөөлөгч суулгах зэрэг олон ашиг тусыг ихэд магтаад элсэхийг дэмжжээ. Орон тоо л их гарах бололтой юм, өөрсдөд нь.

ШХАБ-ын ууган гишүүн Казакстан, Каспийн тэнгисийн өөрт хамаарах бүсд АНУ-ын хоёр ч боомтыг цэргийн зориулалтаар нээснээс болж Оростой муудалцаад эхэллээ. Энэ хоёр орон ШХАБ дотор маргалдаад эхлэхэд гишүүн бид аль талд нь орох вэ? Узбекстанд байсан Америкийн цэргийн баазыг тухайн үедээ оросууд шахаж байгаад үгүй болгосон. Гэтэл Узбекийн шинэ ерөнхийлөгч Вашингтон орж нутагтаа цэргийн баазыг сэргээхээр гэрээ хийчихлээ. Гишүүн бид тэднийг дэмжих үү, “больж үз муу шаар аа” гээд үзэж тарах уу? Энэтхэг, Пакистан хоёр байлдаад унавал (одоо Кашмирт бие рүүгээ буудалцаад л байна) аль талд нь орох вэ? Энхийг сахиулах уу? Иран элсэнэ гээд хөөцөлдөж байна, тэд Израил, Саудын Арабтай байлдахаар нь бид аль тал руу нь хонь үхрийн махаа явуулах вэ?

ШХАБ-ын хүрээн дахь олон улсын гэрээний жагсаалт гээд 51 гэрээ бий. Энэ бол гишүүн орнуудын хүлээх хариуцлага, үүрэг юм. Хэрэв интернэтээс олох гэж байгаа бол “Перечень международных заговоров, подписанных в рамках Шанхайской организации сотрудничество” гээд хайгаарай. Эдгээр гэрээний үүргийг хүлээн зөвшөөрч буй бол одоо хүчин төгөлдөр байгаа Үндсэн хуулиндаа нэлээд завсар оруулах ёстой болж байгаа харагдаж байна билээ. Хүлээн зөвшөөрсөн олон улсын гэрээ дотоодын хуулиас дээгүүр үйлчлэлтэй байдгийг эрхбиш гадарлах болов уу. Юутай ч энэ бол УИХ-ын мэдлийн асуудал. 1958 онд Молотовын шахалтаар Монгол Улс хойд хилээсээ нэлээд газрыг Орост өгөх гэрээнд гарын үсэг зурах тулгалтад автахад уг асуудлыг хариуцаж асан Аварзэд АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуутай уулзан яах эсэхийг асуужээ. Төрийн тэргүүн өвгөн за ч гэсэнгүй, үгүй ч гэсэнгүй. Гэхдээ “Хүү минь, хамгийн гол нь хойч үеэрээ хараалгуулах юм л битгий хийж үзээрэй” гэж сургамжилжээ. Гэрээнд гарын үсэг зурахыг Цэдэнбал шаардахад Аварзэд “Чадахгүй. Яагаад гэвэл би монгол хүн” гэж хариулсан гэх.

Евразийн гаалийн холбоо гэх Москва төвтэй “Олон улсын байгууллага” байх. Анхны гишүүн нь Орос, Белорус, Казакстан гурав. Дараа нь Киргиз, Армян нэгдсэн. Украины ерөнхийлөгч асан Янукович Европын холбоотой ойртохоос татгалзаж Евразид идэвхийлнэ гэснээс болж тэнд хувьсгал гарч, амь зулбан зугтсан мань хүнийг мөнхийн урвагчаар заралсан. Евразийн гишүүн болохыг эсэргүүцсээр нэрд гарсан нэгэн саяхан Армянд ард түмний дэмжлэг аван төрийн толгойд гарчихлаа. Гишүүн болсон Беларусын ерөнхийлөгч Лукашенко элссэндээ толгойгоо шаан, үүнээс болж оросуудад турж үхтлээ шулуулж байгаагаа гайхан Путиныг нэрээр нь дуудан хараах боллоо. Гэтэл энэ байгууллагын албан сайтад “Монгол Улс Евразийн гаалийн холбоонд элсэхээр ярилцаж байгаа” гэсэн байх юм. Энэ бол шинэ юм биш, Гадаад яамны орлогч сайдаар богино хугацаанд ажиллаж асан нэгний тухайн үеийн санаачилга, хөөцөлдөөн. Одоо тэр нөхөр ШХАБ-д элсэх олон нийтийн хөдөлгөөн маягтай юм санаачилсан бололтой, ач холбогдол гэгчийг нь амаа цангатал ярьж явна.

Саяхан Монголын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга гэх өөрийгөө геопалитикч гэж нэрлэдэг цоглог гар Москва орж Оросын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн удирдлагатай уулзжээ. Тэрээр гурван амлалт өгсөн гэх. 1. Монгол Улс СНГ-д элсэнэ. 2. Монгол Улс Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад элсэнэ. 3. Крымын хойг бол Орос улсын салшгүй хэсэг гэдгийг Монгол Улс хүлээн зөвшөөрнө. Оросууд шоконд орчихоод тодруулж асуугаад байна. Дэлхийн 200 тусгаар улсаас хэнээс нь ч ийм том гэнэтийн бэлэг тэд хүлээж аваагүй яваа шүү дээ. Баярлаж буй ч чихэндээ итгэхгүй байгаа аж. Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага гэдэг нь хуучин СССР-ийн бүрэлдэхүүнд байсан есөн улсын 1992 онд байгуулсан нэгдэл. Удалгүй гурав нь хаяад гараад явчихсан.

Энэ мэдээллийг Оросын болон Монголын хариуцлагатай хүмүүс шивнэж хэлсэн. Согтуу л байгаагүй юм арай үгүй байлгүй гэж бодож байна. Тэгээд ч нарийн бичгийн дарга гэдэг нь манай хуулиар гурван даргын уулзалтыг зохицуулж, бичиг цаасыг нь янзалж, гадуур дотуур хөөцөлдөх ажлыг нь амжуулж явдаг түшмэл болохоос улсаа төлөөлж амлалт өгдөг эрх мэдэлтэн биш л дээ.

Дээрх мэдээлэл үнэн ч бай, худал ч байсан ер нь бид хаашаа яваад байна аа? Галзуурахад ганц хуруу дутлаа гэж үг байдаг. Заагладаг ганц хуруу нь одоо байгаа юм уу?!

2018.6.4