Categories
мэдээ нийгэм

Оюутан цагдаа жуулчдын аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Монгол үндэстний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй Зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болгохоор тусгасан. Энэхүү зорилтын хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газраас гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хотод аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж, жуулчдад ээлтэй хот болгохоор зорин ажиллаж байна.

Улаанбаатар хот нь гадаадын жуулчдын аялан зочлох, дамжин өнгөрөх гол цэг бөгөөд Монгол Улсад хүрэлцэн ирж байгаа нийт аялагчдын 90 гаруй хувь нь нийслэл хотоор дамждаг. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Цагдаагийн газар, Аялал жуулчлалын газар, Монголын Оюутны Холбоотой хамтран “Жуулчинд ээлтэй оюутан цагдаа-2018” арга хэмжээг жуулчны идэвхтэй улирлын хугацаанд зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээ нь 2014 оноос эхлэн хэрэгжсэн бөгөөд сүүлийн 4 жилд тус арга хэмжээний үеэр гадаадын жуулчидтай холбоотой хэрэг зөрчил 42 хувь буурсан үзүүлэлт гарчээ.

Оюутан цагдаа нар нь энэ зун иргэд, жуулчдад Монголын түүх соёл, нийслэл хотоо сурталчлахын зэрэгцээ гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэн аюулгүй байдлыг нь ханган ажиллана.

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас иргэд, жуулчдын санал гомдол, хүсэлтийг 70108687 дугаарт хүлээн авдаг бөгөөд Жуулчны мэдээллийн төвийг дараах байршлуудад ажлуулж байна:

Салбар 1. Нийслэлийн Засаг захиргааны 4-р байр, 1-р давхар, Бага тойруу, 4-р хороо, Чингэлтэй дүүрэг

Салбар 2. “Монгол гэр”, Шөнийн гэрэлт гудамж, Сөүлийн гудамж-42, 4-р хороо Сүхбаатар дүүрэг

Салбар 3. Монгол шуудангийн байр, 1 давхар, Сүхбаатарын талбай, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг

Салбар 4. “Иргэдэд үйлчлэх төв”, Сөүлийн гудамж, 4-р хороо Сүхбаатар дүүрэг

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар аймагт сургалт зохиож, хяналт хийв

Төрийн албаны зөвлөлөөс орон нутагт Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийн явцтай танилцах, Төрийн албаны тухай хуулийг /шинэчилсэн найруулга/ орон нутгийн төрийн албан хаагчдад сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг тавдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт ажиллаж байна.

Ажиллах хугацаандаа Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ үзэл баримтлал, зарчмын шинэ өөрчлөлт, хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарзориг, Ажлын албаны дарга Д.Баатарсайхан нар аймгийн төрийн албан хаагчдад сургалт зохион байгуулж, сонирхсон асуултад хариулт өгч, санал солилцлоо.

Тус аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл, урлагийн газар зэрэг Төрийн зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцаж мэргэшил арга зүйн зөвлөгөө өгөв.

Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлөөс 2018 оны тавдугаар сарын 30-ны өдөр зохион байгуулсан Орон нутгийн өмчийн газрын дарга, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга, Мэргэжлийн хяналтын газрын Авто замын хяналтын улсын байцаагч, Эрүүл мэндийн газрын Анхан шатны тусламжийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтний сул ажлын байрны сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд хяналт хийж, мэргэшил арга зүйн дэмжлэг үзүүллээ. Төрийн албаны зөвлөлийн шалгалтын цахим сантай холбогдож сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, хяналт тавилаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Маргааш буюу хүүхдийн баяраар дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Дугаарын хязгаарлалт нь амралтын өдөр болон бүх нийтийн амралтын өдрүүдэд мөрдөгдөхгүй. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд “Хүүхдийн баяр”-ын өдөр буюу зургаадугаар сарын 1-ний өдрийг бүх нийтийн амралтын өдөр хэмээн заасан байдаг. Тиймээс бүх нийтээрээ амрах өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн сургалтад Завхан аймгийн албан тушаалтнууд оролцлоо

Завхан аймгийн санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, мэргэжилтэн, сумын санхүүгийн албаны дарга, төрийн сангийн мэргэжилтэн, орон нутгийн хөгжлийн сан хариуцсан албан тушаалтан, аймгийн хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого хариуцсан албан тушаалтан, аймгийн чадавх бэхжүүлэх багийн төлөөлөл болох нийт 60 албан хаагч сургалтад суув. Төсөв, орон нутгийн хөгжлийн сан, хөрөнгө оруулалт, худалдан авалт, төсвийн хяналт эрсдэл, нягтлан бодох бүртгэл, төрийн сангийн чиглэлээр зохиогдсон юм. 2018 оны тавдугаар сарын 29-30-ны хооронд сангийн яамнаас сургалтыг зохиолоо.

Categories
мэдээ нийгэм

“Тогтвортой хөгжлийн Үндэсний хороо”-ны анхдугаар хуралдаан боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн даргалдаг “Тогтвортой хөгжлийн Үндэсний хороо”-ны анхдугаар хуралдаан боллоо.

Хурлаар аргачлал батлуулах, ажлын хэсэг байгуулах, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтийн Үндэсний сайн дурын илтгэл, тогтвортой хөгжлийн үндэсний хорооны хоёрдугаар хуралдааныг зохион байгуулах асуудлыг тус тус хэлэлцлээ.

1990 оноос хойш Улсын Их Хурал болон Засгийн газраас 500 орчим бодлогын баримт бичиг баталснаас 170 нь хугацааны хувьд хүчин төгөлдөр байна. Тэдгээрийн дийлэнхи нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль болон “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” –аас өмнө батлагдсан тул нэршил, хэрэгжих хугацааны хувьд замбараагүй, зорилго, зорилтууд нь урт хугацааны бодлогын зорилго, зорилтод чиглээгүй, хоорондын уялдаа сул байна.

Иймд үндэсний хэмжээний болон салбар, салбар дундын хөгжлийн бодлого хөтөлбөрүүдийг “Монгол Улсын Тогтвортой хөжглийн үзэл баримтлал 2030”–д нийцүүлэх хоорондын уялдааг үнэлэх шаардлагатай. Зайлшгүй тохиолдолд хүчингүй болгох, шинэчлэн боловсруулах замаар бодлогын нэгдсэн уялдааг хангах шаардлага үүсээд байгааг хуралд оролцогчид санал нэгтэй дэмжив.

Үндэсний хэмжээнд хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн уялдааг хангах, Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтот төвшинг тодорхойлох ажлыг бүх салбарын яамд, бусад холбогдох байгууллагуудын оролцоотойгоор зохион байгуулах шаардлага бий учир дэд хэсгүүдтэй ажлын хэсэг байгуулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэв.

Categories
мэдээ нийгэм

Гавъяаны амралтандаа сууж буй ахмадууд эрүүл мэндийн үзлэгт хамрагдлаа

Санхүүгийн зохицуулах хороо гавъяаны амралтандаа сууж буй ахмад настнуудтайгаа тогтмол харилцаатай байж, тэднээс залуу үеийнхэндээ мэдлэг, туршлагыг нь өвлүүлэх, нийгмийн асуудал болон эрүүл мэндэд нь анхаарч, тусалж дэмжих үүднээс төрөл бүрийн ажлыг хийж байна.

Настнууддаа чиглэсэн ээлжит ажлынхаа хүрээнд Хороо Улсын Хоёрдугаар эмнэлэгтэй хамтран ахмадуудаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа. Урьдчилан сэргийлэх үзлэгт Хорооны Ахмадын зөвлөлийн 12 настан хамрагдсан бөгөөд тэдний эрүүл мэнд, биеийн ерөнхий үзүүлэлтүүд сайн гарлаа.

Categories
мэдээ нийгэм

“Төрийн байгууллагын бүтээмж-чадавхийг бэхжүүлэх асуудал” чуулган боллоо

“Төрийн байгууллагын бүтээмж-чадавхийг бэхжүүлэх асуудал” чуулган боллоо. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар оролцож үг хэллээ.

Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг бол засаглалын шинэчлэлийг хэрэгжүүлэх. Засгийн газрын 2018 оны 42 дугаар тогтоолоор “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг баталсан. Гурван тулгуурын нэг тулгуур нь засаглалийн шинэчлэл юм гэдгийг тэрбээр онцоллоо.

Засаглал хариуцлагагүй, бүтээмжгүй, шударга бус, тогтворгүй байгаа нь хөгжилд саад болж байна. Төрд итгэх итгэл буурсан нь ч үүний илрэл. Бүтээмжийг хэмжих гол хэмжүүр нь ард иргэдийн төрд итгэх итгэл юм. Төрийн албан хаагч бол төрд итгэх ард түмний итгэлийг тээж яваа үйлчлэгчид. Иргэдийн амьжиргааны чанарыг сайжруулж, төрийг төр шиг байлгахын төлөө төрийн албан хаагч бүр ёс зүйтэй, шударга, хариуцлагатай ажиллах учиртай. Энэ тогтолцоог бүрдүүлэх нь төрийн албаны шинэчлэлийн гол зорилго гэлээ.

Засгийн газар төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийг боловсруулж, УИХ-д өргөн барихад бэлэн болсон. Төр сахилгатай, хариуцлагатай, шударга, ёс зүйтэй, тогтвортой, мэргэшсэн чадварлаг болж байж бүтээмж дээшилнэ, иргэдийн амьдрал сайжирна гэдгийг тэмдэглэлээ.

Төрийн албаны бүтээмж-чадавхийг бэхжүүлэх нөгөө чиглэл нь цахим шилжилт. Засгийн газар цахим шилжилт хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хөтөлбөр цахим оролцоо, цахим мэдээлэл, цахим шийдвэр гэсэн гурван хэсэгтэй. Мөн “Хур систем” төслийн хүрээнд төрийн 32 үйлчилгээг иргэд гар утаснаасаа авах боломжийг бүрдүүлж эхэлсэн. Төрийн үйлчилгээг шуурхай, ил тод нээлтэй, хүнд сурталгүй, чирэгдэлгүй хүргэх нь цахим шилжилтийн зорилго гэлээ.

“Төрийн байгууллагын бүтээмж чадавхийг бэхжүүлэх асуудал” чуулга уулзалтад 21 аймгийн Засаг даргын Тамгын газар болон Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга, төрийн захиргааны байгууллагын удирдлагууд оролцсон юм. Төрийн албаны цаг ашиглалт, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд чуулганд оролцогчдыг манлайлж ажиллахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар уриаллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийг осол гэмтлээс сэргийлье!

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болон амралтын өдрүүдэд баяр ёслол тэмдэглэх, аялах, зугаалахдаа болзошгүй эрсдлээс сэргийлэх дараах зөвлөмжийг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хүргэж байна.

БАЯРЫН ӨДРҮҮДЭД ИРГЭД, ЭЦЭГ, ЭХ АСРАН ХАМГААЛАГЧ ТА:

  • Бага насны хүүхдийг гэртээ болон гудамж талбайд хараа хяналтгүйгээр ганцааранг нь орхихгүй байх,
  • Унадаг дугуй, дугуйт тэшүүр, дугуйт самбар зэрэг тоглоомоор насны онцлог харгалзан аюулгүй байдлыг ханган тоглуулах,
  • Автомашинаар зорчих бол зориулалтын нэмэлт суудал, бүс хэрэглэх,
  • Зам хөндлөн гарахдаа ногоон гэрлээр буюу явган хүний гарцаар гарах зэрэг хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангана уу.

ГОЛЫН ЭРЭГТ АМАРЧ ЗУГААЛАХДАА:

  • Бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх,
  • Түргэн урсгалтай,гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх,
  • Булчин шөрмөс татах үед усанд орохоос татгалзах,
  • Иргэд, эцэг, эх асран хамгаалагч та бүхэн архи,согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохоос зайлсхийгээрэй.

ХҮН УСАНД ЖИВЖ БАЙГАА ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ:

  • Нэн яаралтай онцгой байдлын аврах баг-105, түргэн тусламж-103 дуудах,
  • Усанд осолдогчийг орчноос хамааран усны урсгалын дээд талаас олс, бургас, мөчир шидэж гаргах,
  • Живж буй хүнийг ар талаас нь сугадан уснаас татан гаргах, шаардлагатай тохиолдолд анхны тусламж үзүүлэх

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР


Categories
мэдээ спорт

Сумоч Точиношин озэки болж Гүрж Улсын төрийн шагнал хүртэхээр болов

Японы мэргэжлийн сумо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн хуралдаан лхагва гарагт болж тавдугаар сарын болон Нацү башёд 13 давсан Сэкиваке Точиношинд санал нэгтэй Озэки цол олгохоор шийдвэрлэжээ.

Гүрж улсын иргэн тэрбээр 19 насандаа мэргэжлийн сумо бөхөд элсэн орж 12 жилийн дараа ийнхүү Озэки цол хүртлээ. Тэрбээр 2013 онд баруун өвдгөө гэмтээн, Макүшита зиндаа хүртэл уруудсан боловч таван жилийн дараа Макүүчи буюу дээд зиндаанд түрүүлж, Нацү башёд Озэки цол авах болзлыг хангаж байна.

Точиношин Макүшита, Жюүрёо зиндаанд тус бүр дараалан хоёр удаа түрүүлсэн. Мөн Гарамгай барилдааны шагнал хоёр, Дайчин барилдааны шагнал зургаа, Уран барилдааны шагнал гурван удаа хүртсэн билээ.

Түүний амжилтыг Гүржийн Ерөнхийлөгч Георгий Маргвелашвили өндрөөр үнэлэн Төрийн шагнал гардуулахаар болсон байна. Иймд шинэхэн Озэки Точиношин ойрын үед Гүрж нутагтаа зорин очиж цолныхоо найраа хийхээр болжээ.

Categories
мэдээ улс-төр

Дагуул хотуудад ажлын байр бий болговол албан татвараас 50 хувь чөлөөлнө

Нийслэлийн хэт төвлөрлийг сааруулах, дагуул хот, дэд төвүүдээ хөгжүүлэхийн тулд татварын хөшүүрэг ашиглах санал боловсруулжээ. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар үл хөдлөх хөрөнгө, ААНОАТ, ХХОАТ, НӨАТ болон төсөв, гааль, өрийн удирдлагын тухай хуулийн төслүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэв. Эдгээр төслийг Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг дагалдуулан өргөн барьжээ. Нийслэлийн дагуул хот, дэд төвүүдэд шилжин байршиж, байнгын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх тухай хэлэлцэж байна. Тэгэхдээ дагуул хотод шилжин суурьшсан ааН-ийг орлогын албан татвараас 20 жилийн хугацаанд 50 хувь чөлөөлөх бол, дэд төвүүдийнх 10 жилийн хугацаанд хэрэгжих аж. харин тус аж ахуйн нэгжүүдэд ажиллаж буй хүмүүст ХХОАТ-ын хөнгөлөлт мөн үзүүлэх юм. Түүнээс гадна дээрх газруудад шинээр барьж ашиглалтад оруулсан барилгыг үл хөдлөх эд хөрөнгийн татвараас тодорхой хугацаагаар чөлөөлөх, жуулчны худалдан авсан бараанд ногдох НӨАТ-ыг буцаан олгох аж. НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагын бүс нутаг хариуцсан салбар, төлөөлөгчийн газар, олон улсын бусад байгууллагын байрлаж байгаа байрыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөхөөр мөн төсөлд тусгажээ.

Нийслэлийн дагуул хотоор Багануур, Налайх дүүргийг зарлаж, нийслэлд Сэлбэ, Баянхошуу, Дамба, Яармаг гэх мэт найман дэд төвийг байгуулах юм байна. Энэ хуулийн төслийг боловсруулаад 1.6 жил болсон бөгөөд, Засгийн газар өргөн барихгүй байсаар өнөөдрийг хүргэсэн гэж хотын дарга Су.Батболд байнгын хорооны хуралдаан дээр хэллээ. Гэвч Сангийн яам энэхүү төслийг дэмжихгүй байлаа. Татварын асуудал нэг бодлогоор Сангийн яаман дээр төвлөрөх ёстойгоос бус салбар салбараар тусдаа асуудал ярьж болохгүй гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэв. Мөн ОУВС-тай байгуулсан гэрээнд дахиад л өөрчлөлт оруулах шаардлага үүснэ хэмээн тэрбээр бухимдав. “Хөнгөлөлт чөлөөлөлтөөр хамаг орлого арилж байна. Цагаан будааны чинээ нүх үлдээхэд түүгээр чинь тэмээн жингийн цуваа тэр чигээрээ гарчихаад байна. Хамгийн том татвар бүрдүүлэгч болох нийслэл дээр ийм том хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлээд байвал орлого биелэхгүй. Орлого биелэхгүй бол цалин, тэтгэвэр нэмэх зэрэг олон асуудлаа шийдэж чадахгүй” гэж Сангийн сайд тайлбарласан юм. Харин ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “татварын шинэчлэлд нийслэлийн татвар гэж тустай суух ёстой. Зөвхөн хөнгөлөлт өгснөөр асуудал шийдэгдэхгүй. Зах зээл нь өөрөө хүн амын төвлөрлөө дагадаг юм.

Төслийг Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг дагалдуулан өргөн барьжээ

Дагуул хотод 50 хувь хөнгөлөх нь гоё сонсогдож байгаа ч тэнд хүн ам төвлөрч, дэд бүтэц бий болохгүй бол энэ ажил хоосон цаас болж үлдэнэ” гэсэн юм. Ийн Засгийн газар саналаа нэгтгээгүй төслийг хэлэлцүүлэхээр оруулж ирсэн төсвийн байнгын хорооны дарга Б. Чойжилсүрэнг буруутгах гишүүд ч байв. Эцэст нь татварын хувь болон хэрэгжих хугацаан дээр нь Засгийн газартай саналаа нэгтгэх үүргийг өгөөд, уг төслүүдийг дэмжлээ. Нийслэлийн татварын дийлэнх нь ХХОАТ-аас бүрддэг бөгөөд зочид буудал, баар ресторан зэрэг үйлчилгээний салбар бусдыг нь бүрдүүлдэг аж. Хотын дарга “дэлхийн бусад хотууд баян байдгийн учир нь тус бүртээ өөрсдийн татвартай байдаг. гэвч манайх шинэ төрлийн татвар бий болгохгүй гээд сонгуулиар амлачихсан. Улаанбаатарт амьдрах, сумын төвд амьдрах хоёр яг адилхан байгаа нь нийслэл мөнгөтэй байх боломжгүй болгож байна” гэлээ.