Categories
мэдээ цаг-үе

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав: “Эрдэнэт” үйлдвэрээ хэмлэж мэрэх, хэрүүлийн бузар хоёроос чөлөөлөх цаг нь болсон

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас баталгаа гаргаж, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын “Стандарт” банкнаас авсан зээл, түүнтэй холбоотой Олон улсын шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар судалж санал, дүгнэлт гаргах Ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан билээ. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Ганболд, Б.Пүрэвдорж, Я.Содбаатар нар бүрэлдэхүүнд нь багтсан тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Я.Санжмятавтай ярилцлаа.


-УИХ-ын Ажлын хэсэг байгуулагдаад ямар ажил амжуулав. Та бүхэнд ажиллах боломж нөхцөл хэр нээлттэй байгаа вэ?

-Ажлын хэсэг тавдугаар сарын 1-9-ний өдрүүдэд Улаанбаатар хот дахь “Эрдэнэт үйлдвэр”-ийн төлөөлөгчийн газарт ажиллаад үргэлжлүүлэн 10-12-ны өдрүүдэд Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр”-т ажилласан. Мэдээж бүх зүйл нээлттэй. Тус үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх удирдлага, бас ажиллагсадтай нь уулзлаа. Олон улсын шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэр, бусад этгээдтэй холбогдох мэдээ мэдээлэл, материалыг авч судаллаа. Ингээд тавдугаар сарын 31-ний дотор хийж хэрэгжүүлэх ажлын зөвлөмжийг Ерөнхий сайд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга, Үйлдвэрийн удирдлагуудад хүргүүлээд байна.

-Та бүхэн бодит нөхцөл байдалтай албан ёсоор биечлэн танилцсан хүмүүс. Ер нь бодит байдал ямар байна. “Эрдэнэт” үйлдвэр ХХК-иас “Жаст Групп”-т баталгаа гаргасан асуудал нь хууль тогтоомжийн дагуу явагдсан байна уу. Ард түмэн аль нь үнэн, аль нь худал яриад байгааг мэдэхээ байлаа?

-Ажлын хэсгийн зүгээс санал, дүгнэлтийг УИХ-д танилцуулах хүртэл хугацаа хэрэгтэй байгаа. Зарим талаар гэмт хэргийн шинжтэй, хууль хяналтын байгууллага ажиллаж, нарийвчлан үзэх, дотоодод төдийгүй гадаадад ч ажиллах шаардлага гарах шинжтэй. Тэгэхээр яаран дүгнэлт өгөх боломжгүй.

-Урьдчилсан нөхцөл байдлыг уншигчдад хэлж болно биз дээ. Өнөөдөр энэхүү дуулиан шуугиантай асуудлаар хамгийн голтой мэдээллийг та л өгч чадна. Бусад нь болохоор шалгагдаж байгаа асуудал, нууцын зэрэглэлтэй, Арбитрийн шүүх дээр байгаа, 51, 49 хувийнхан гэхчлэн бултаад байх юм байна шүү дээ?

-Би ч бас наад үгсээр чинь таны амыг таглана. Гэхдээ хуулийн хүрээнд хэлж болохоор зарим мэдээллийг хүлээлттэй байгаа иргэддээ хүргэхэд хууль зөрчсөн зүйл болохгүй байлгүй дээ.

-Тэгвэл “Стандарт” банкны нэхэмжлэлтэй “Эрдэнэт” үйлдвэрт холбогдох олон улсын хэрэг маргаан, “Жаст”-ын Батхүүгийн асуудал эхнээсээ яаж өрнөсөн, хэрхэн хууль тогтоомж зөрчсөн байдал руу орсон, эдгээр гурван газрын харилцаа ямар байдлаар явж ирсэн байдаг юм бэ?

-Ажлын хэсгийн танилцаж, судалсан мэдээллээр бол энэхүү хэрэг маргаанд холбогдох асуудлыг 2006 оноос эхэлсэн гэж харж байгаа. 2006 оны гуравдугаар сарын 23-ны өдөр “Эрдэнэт” үйлдвэр ХХК нь “Стандарт” банкнаас 15 сая ам.доллар зээлсэн. Улмаар хэдхэн сарын дараа буюу есдүгээр сарын 29-ний өдөр дахин 15 сая ам.доллар зээлж авсан байдаг. Нийтдээ 30 сая ам.доллар зээлжээ. “Эрдэнэт” үйлдвэр, “Стандарт” банк хоёрын зээл ингэж эхэлдэг бол “Жаст” компани нь “Стандарт” банкнаас нийтдээ 160 сая гаруй ам.долларын зээлийг дөрвөн үе шаттайгаар авсан нь бас тодорхой болсон. 2009 онд 36 сая, 2010 онд 27 сая, 2011 онд хоёр удаа 34 болон 75 сая ам.долларыг тус бүр авсан байдаг юм.

-“Жаст” группын зээлсэн 160 сая ам.долларын асуудлыг түр азнаад “Эрдэнэт” үйлдвэр дээр тогтож ганц хоёр зүйл асууя. Тэр үед Эрдэнэт үйлдвэр 30 сая ам.долларын зээл авах санхүүгийн зайлшгүй шаардлагатай болсон юм байх даа. “Эрдэнэт” үйлдвэрийг энэ хэрийн зээл гаднаас авч үйл ажиллагаагаа явуулах газар биш л гэж ард түмэн ойлгодог шүү дээ?

-Зээлсэн нь үнэн. Тэр үед “Эрдэнэт” үйлдвэрийн үйлдвэрлэлийн горим, эдийн засгийн чадамж хэвийн, ашигтай ажиллахын төлөө эрмэлзэлтэй байсан хэдий ч хувийн компанийг дэмжиж, хэд хэдэн удаагийн үйлдлээр баталгаа гарган ихээхэн хэмжээний зээлийг удаа дараа, бүр цаашилбал зуршил болтол авч өгсөн нь нэгийг хэлээд байгаа юм. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгаж, тогтоож, хариуцлага тооцох ёстой.

-Тэр үед Эрдэнэтийн захирал хэн байлаа?

-УИХ-ын ажлын хэсгийн удирдамжинд ийм зүйл байхгүй. Та нар өөрсдөө цаг тооны хуанли эргэж харахгүй юу.

-Тэгээд тэр “Стандарт” банкнаас зээлсэн 30 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэр юунд зарцуулсан байдаг юм бол?

-Би мөрдөн байцаагч биш. Санхүүгийн тайланг нь нягтлах асуудал гарах байх. Энэ чиглэлээр АТГ, Цагдаа, бусад газрууд ажиллаж байгаа юм билээ. Хариуцлага гэж бий. Ажлын хэсэг тэдний ажил руу халтирч орж бас саад учруулж болохгүй.

-2006 онд “Эрдэнэт үйлдвэр” “Стандарт” банкнаас зээл авсан мөртлөө, өөрсдөө “Жаст” Группт зээл олгож байсан мэдээлэл байдаг. Энэ үнэн юм болов уу?

-Үнэн. 2006 онд “Эрдэнэт” үйлдвэр өөрийн хөрөнгөнөөс 20 сая ам.долларыг бас л “Жаст” команид зээлүүлсэн юм билээ. Үүнд л хэргийн учир бий. Даварсан ч юм уу, давраасан ч юм уу. Зарим хүн хуйвалдсан ч гэдэг юм билээ.

-Тэгвэл “Стандарт” банкнаас зээлсэн доллараа “Эрдэнэт” үйлдвэр “Жаст” групп руу шилжүүлдэг байсан юм байна?

-Аливаа мөнгө хөрөнгийг зуучлах, авах, хүргэх дэд бүтэц гэж байдаг. Мөнгө зөөвөрлөх арга хэрэгсэл нь энэ байсан юм биш үү. Үүнийг банкны гүйлгээнээс харах ёстой.

-“Эрдэнэт” үйлдвэр “Жаст” компанийн хоорондын бизнесийн хамтын ажиллагаа, зээл, төлбөр тооцооны талаар тодорхой мэдээлэл авмаар байна?

-Ер нь бол энэ хоёр аж ахуй нэгж бизнесийн талбарт нэлээн өргөн хамтын ажиллагаатай байсан. Хоёр компанийн хоорондын төлбөр тооцооны тодорхой хэсэг нь бартерийн хэлбэрээр явагдсан байдаг. Жишээлбэл, “Эрдэнэт” үйлдвэр нь 2006-2013 оны хооронд есөн векселээр 40.8 сая ам.долларыг “Жаст” группт олгожээ. Энэхүү векселийнхээ тодорхой хэсгийг бартерийн тооцоогоор барагдуулсан байна.

-Бартерийн ямар нөхцөлөөр вэ. “Жаст”-аас бензин, шатах тослох материалыг “Эрдэнэт” үйлдвэрт нийлүүлж байсан гэдэг нь бартерт орох уу?

-Бартерийн нөхцөлд орно. Ер нь бол энэ гурван хуулийн этгээдийг салгаж ярих боломжгүй. Эхлээд энд гурвалсан гэрээний асуудал яригдана. Тухайлбал “Эрдэнэт” үйлдвэр, “Жаст” групп, “Стандарт” банкны байгуулсан гэрээний дагуу “Стандарт” банкинд төлбөр цуглуулах тусгай данс нээлгэсэн байдаг юм.

-Энэ дансаар яг ямар нөхцөлийн төлбөр тооцоонууд хийгдсэн байдаг вэ?

-Ерөөсөө данс нь зээлийг эргэн төлөх төлбөрийг цуглуулах зорилгоор нээгдсэн гэж “Эрдэнэт” үйлдвэрийнхэн тайлбарлаж байгаа. Эндээс харахад энгийн ойлголтоор “Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банкнаас зээлээд, зээлснээ “Жаст” групп рүү дамжуулан зээлдүүлсэн юм шиг харагддаг. Энэ үйлдэл нь Лондонгийн Олон улсын Арбитрийн шүүхэд “Эрдэнэт” үйлдвэр ялагдах гол шалтгаан болсон байх. Арбитрийн шүүхийн дүгнэлт дээр ч энэ байдлыг дурдсан байна лээ.

-Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэр нь “Жаст” группт зээлийн баталгаа гаргаж өгсөн нь бодитой юм байна?

-Баталгаа гаргаж өгсөн гэвэл өгсөн. Анх 2007 оны арванхоёрдугаар сарын 27-нд “Жаст” компанийн зүгээс “Стандарт” банкнаас 20 сая ам.долларын зээл авахад “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргаж өгсөн баримт нь нийгэмд нэгэнт ил болсон. Энэ зээл нь эргэн төлөгдсөн байдаг. Асуудлын гол нь энэхүү төлөгдсөн 20 сая ам.долларын зээлээс хойших зээлийн гэрээнүүд дээр л яригддаг. Яригддаг маргаан нь “Эрдэнэт” үйлдвэр Жастад баталгаа гаргаж өгсөн, өгөөгүй гэх асуудал. Үүнийг л УИХ-аас томилогдсон Ажлын хэсэг шалгаж, магадлах үүрэг хүлээсэн.

-“Жаст”-ын Батхүү бол би хуурамчаар үйлдсэн гэдэг. “Эрдэнэт” үйлдвэр нь “Манайх баталгаа гаргаж өгөөгүй” гэж байна. Харин “Стандарт” банк шууд л “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргаж өгсөн” гэдэг. Тэгэхээр хэн нь үнэн яриад байгаа юм бэ?

-Ер нь бол иргэн хүн наад зах нь нэг сая төгрөгийн зээл авахад түүний бүрдүүлсэн бичиг баримтыг хуулийн хүрээнд үнэн, зөв эсэхийг банк өөрөө хянаж тогтоодог. Олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа “Стандарт” банк хувийн компанийн захирлын бүрдүүлсэн хуурамч материал, дэлхийд дээгүүрт орох улсын үйлдвэрийн хуурамч гэх баталгааг үндэслэж, ийм их хэмжээний долларыг хэд хэдэн удаагийн үйлдлээр зээлээр олгосон нь итгэхэд бэрх асуудал. Гэхдээ энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох ёстой. Ер нь бол олон улсын Арбитрийн шүүхээс “Стандарт” банкны нэхэмжлэлийн талд шийдвэрлэсэн хэдий ч Монголын хууль хяналтын байгууллага, АТГ уг хэрэг маргааныг шалгаж байгаа тул тэр нь зөв, энэ нь буруу гэж Ажлын хэсгээс хариулах боломж өнөөдөртөө алга.

-Тэгээд энэ маргаан дээр шинэ мэдээлэл, шинээр бий болсон нөхцөл байдал байна уу?

-“Эрдэнэт” үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга асан Мөнхжаргалын сейфэнд байсан гэх 28 хуудас гэрээний эх хувилбар шинэ нөхцөл байдлыг үүсгэж болох юм. 2009 болон 2010 оны зээлийн гэрээтэй холбогдох гурван гэрээ бүртгэгдсэн боловч материал нь архивт байдаггүй, үүнийг энэ хэрэг маргааны хүрээнд мөрдөн байцаагчид хураан авсан байдаг. Энэ олдсон нотлох баримт нь нь хэргийн үнэн бодит байдлыг тогтоож, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Арбитрийн шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг үгүйсгэх хэмжээнд үнэлэгдэж байж шинэ нөхцөл байдал үүснэ. Гэхдээ энэ асуудлыг Ажлын хэсэг шийдэхгүй. Өнөөдрийн үүсээд байгаа энэ нөхцөл байдлыг Засгийн Газрын түвшинд үнэлж цэгнэн, яаралтай арга хэмжээ авах зөвлөмжийг Ажлын хэсгээс цаг алдалгүй гаргаж, Ерөнхий сайдаас эхлэн холбогдох төрийн байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлсэн. Монголын төр, ажил хариуцсан хүмүүс уг хэрэгт хайхрамжгүй хандаж, цаг алдаж болохгүй. Энэ бол аж ахуй нэгж хоорондын маргаан гэхээсээ улс орны эдийн засгийн хувь заяатай холбоотой амин чухал асуудал.

-Нийгмийн сэтгэл зүй бол “Эрдэнэт”-ийн 49, 51 хувийн маргаан дээр айхавтар төвлөрсөн. Харин цаана нь энэ мэт асуудлууд байсан бололтой. Ер нь өөр ээдрээ түвэгтэй асуудлууд “Эрдэнэт”-ийн ард цөөнгүй нуугдаж байгаа гэж зарим эх сурвалжууд ярих юм?

-“Эрдэнэт” үйлдвэрийн нөөц дуусч байгаа, цөөхөн жил үлдсэн гэх мэт ярианууд нийгэмд явдаг. Магадгүй энэ нь “Эрдэнэт” үйлдвэрийн үнэ цэнийг бууруулж, өөртөө ашигтай болгох гэсэн хүмүүсийн зорилготойгоор дэлгэрүүлсэн яриа байсан байж ч болох. Нөөц нь 40 жил байна гэж өчигдөрхөн ярьж байсан бол өнөөдөр 60 жилийн нөөц байна гэдгийг тогтоочихлоо. Шулуухан хэлэхэд энэ үйлдвэрийн өмчлөлд байгаа, гар хүрсэн, хүрээгүй маш том үүцүүд (лиценцүүдийг нь хэлэв бололтой.сурв) бий. Үүнийг ард түмнээс нуух, далд байлгах сонирхол 49, 51 хувийнхны аль алинд нь байхыг үгүйсгэхгүй. Нэртэй том команиуд, хөрөнгөлөг хүмүүс, эрх мэдэл бүхий төрийн дээд албан тушаалтнууд, тэдний ойр дотны хүмүүс шахааны бизнес гэж олны нэрлэдэг гэрээг хийдэг. Мөн тус үйлдвэрт томилогдож очсон албан тушаалтнууд тэрбумаар үнэлэгдэх орон сууц, машин зэрэг бусад тансаг хангалтыг авдаг. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэрт насаараа ажиллаад, өөрөө өвчний үүр уурхай болоод тэтгэвэртээ гарч байгаа баялаг бүтээгч уурхайчид маань ганц өрөө байр ч үгүй байгаа нь шударга явдал мөн үү. “Эрдэнэт” үйлдвэрт энэ мэт шударга бус тогтолцоо ноёлоод олон жил болсон нь дэндүү харамсалтай. Ядаж энэ тогтолцоог яаралтай өөрчлөх хэрэгтэй байна.

-Ингэхэд “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авсан шийдвэр хэвээрээ юу?

-УИХ, Засгийн газрын шийдвэр гарч “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авч, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр томилсон ч өнөөдрийг хүртэл шүүхийн маргаантай хэвээр, эргэж буцсан шинжтэй үргэлжилж байна. 49 хувийг авсан талтай төрийн зүгээс яаралтай хэлэлцээний ширээний ард суухгүй бол үйлдвэрт доголдол, хүмүүст бухимдал, Монгол Улсад хохирол ирнэ. Хэлэлцээрээр төрийн мэдлийн 51 хувь, худалдаж авсан 49 хувийн талаарх маргаануудыг яаралтай, шударгаар шийдвэрлэж дуусаад “Эрдэнэт”-ийн 30 хувийг нийтэд хувьчлах шаардлага гарч ирж байна. Хувьчлахдаа эхний удаад энэ үйлдвэрт бие сэтгэл, оюун ухаанаа дайчлан ажилласан, ухамсарт амьдралаа зориулсан үе үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн уурхайчид, ажилтан ажиллагсад, баялаг бүтээгчдийг, улмаар монголын ард түмнийг хамруулах хэрэгтэй.

-“Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авсан нь зөв үү?

-Төр өөрийн мэдэлд 49 хувийг шууд авсан нь эрх зүйн зөрчилтэй учраас АН-ын бүлгийн гишүүд эсрэг санал өгсөн. Учир нь Оросын талаас 49 хувийг худалдаж авсан хөрөнгийн эх үүсвэрийг ялгаж тогтоолгүй, тодорхой болгоогүй байж төр мэдэлдээ авсан нь асуудал дагуулж байна. Монголын саалийн ганц үнээ гэгддэг, дэлхийд эхний аравт, Азидаа эхний тавд ордог энэ аварга үйлдвэр дээр шүүхийн маргаан цаашид олон янзаар үргэлжлэх төлөвтэй байгаа нь үнэхээр харамсалтай.

-“Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг ярихаар л шүүхийн маргаантай байгаа гэсэн ганц хариултыг бүгд өгдөг боллоо. Ийм байдалтай асуудал цааш үргэлжилсээр байх юм уу?

-Лав л “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал Шүүхийн маргаантай үргэлжилж байгаа нь бодит үнэн. “Эрдэнэт үйлдвэр” бол Таван толгойн 1072 хувьцаа, Оюу толгойн олон жилийн дараа хүртэх ашиг гэх мэт одоохондоо тэнгэрт байгаа яриануудын дэргэд ард түмэн өнөөдөр бодитой ашиг хүртэх боломжтой уурхай юм. Өдөр бүхэн саалиа хувин хувингаар өгч байгаа “Эрдэнэт” үйлдвэрийнхээ ашгаас тус үйлдвэрийн үе үеийн ажиллагсадад, цаашилбал ард иргэддээ дуслаар ч болтугай эхлээд өгье. Яг тухайлсан энэ асуудлаар миний бие УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд хууль санаачлах болно.

-Хууль гаргана гэж үү?

-Тиймээ, хууль санаачилна. Ингэх цаг болсон. Монголын эрдэс баялагийн энэ их нөөцийг социализмын үед улсын төсвийн хөрөнгө, тухайн үеийн ЗХУ-ын хөрөнгө мөнгө, боловсон хүчний нөөц, ах дүү орнуудын зээл тусламжаар эрж хайж, олж тогтоосныг бүгд мэднэ. Гэтэл өнгөрсөн хугацаанд баялагын нөөцийн энэ их мэдээллийг, үе үеийн мэдээлэлд ойр байсан эрх мэдэл бүхий өндөр албан тушаалтнууд, тэдний ойр тойрны хүмүүс үнэ төлбөргүй авсан нь худал зүйл биш. Энэ хүмүүсийн сав нь аль эрт дүүрсэн. Одоо хальж асгаад өөрсдөд нь гай болж мэднэ. Тийм учраас ард түмэнтэйгээ хуваалц. Үүний төлөө миний бие хууль санаачилах болно.

-Ингэхэд “Эрдэнэт”-ийн ирээдүй ямар харагдаж байна вэ. Та энэ үйлдвэрээс ажил амьдралын гараагаа эхлүүлсэн хүмүүсийн нэг шүү дээ?

-Одоогоор түүхий эдийн 60 жилийн нөөцтэй, хүчин чадал, хөрөнгө мөнгөтэй, барьцаалах хөрөнгө ихтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх мэргэшсэн ажиллах хүчтэй энэ үйлдвэрээ бүрэн ашиглаж, эрдэс баялгийн нөөц ихтэй ордуудаа түшиглэн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах “Эрдэнэт-2” үйлдвэрийг байгуулах ёстой юм. Ингэх бүрэн боломж бий. Ганцхан энэ бүхэнд эх оронч зүрх сэтгэлгүй нөхөд, их улс төржилт “гай” болж байна. Монголчуудыг олон жил тэжээсэн, одоо ч тэжээж буй, эдийн засгийн гол тулгуур багана “Эрдэнэт” үйлдвэрээ хэмлэж мэрэх, хэрүүлийн бузар хоёроос чөлөөлөх цаг нь болсон.

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын арслан Ж.Хайдав: Монгол бөхөд жалга дов хардаг, бие биенийхээ дээр гарахыг санаархдаг муухай зүйл байж хэрхэвч болохгүй

Улсын их баяр наадамд 10 удаа шөвгөрсөн хүчит арслан Ж.Хайдавтай ярилцлаа.


-Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган голоос төрсөн гурван аваргын нэрэмжит барилдааныг үзэж суусан. Тэрхүү хүчит аваргуудын нутгаар зочилж байв уу?

-Хөвсгөл аймгийн удирдлагууд, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний хамт олон сайхан аваргуудаа дурсаж олон сайхан арга хэмжээ зохион байгуулж байна. Гурван аваргатай нэг үед зодоглож явсан бөхчүүдийг нь урьж хүндэтгэл үзүүлж байгаа нь талархууштай санагдлаа. Зөвхөн Хөвсгөлийн Цагаан-Үүр сумын “Уйлган гол” гэж алга дарам газраас монгол бөхийн гурван аварга төрсөн нь гайхалтай тохиолдол юм. Байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн энэ нутгаар бага залуу насандаа зочилоход хүчтэнүүд төрөхөөс өөр яахав дээ гэж бодогдож байсан шүү. Зорьсон хүн л очихоос биш, замын хүн зүглэлтгүй хэцүү бэрх зам, даваатай газар. Нутгийн иргэд нь жижигхэн, жижигхэн байшин бариад суучихсан, амьдралын хэв маяг нь Оросын тосгоныхонтой ч төстэй юм шиг. Байгальдаа, эх дэлхийдээ хайртай хүмүүс намайг тосч байсан санагдаж байна.

-Уйлган голын гурван аваргын талаар хуучилбал?

-Биднийг дөнгөж хот орж ирж заалны барилдаанд аманд гарч эхэлж байхад Ж.Цэвээнравдан гэж их гоё биетэй, сүрдмээр сайхан бөх байж билээ. Гар урттай, суйлах, хонгодох мэхийг даацтай хийдэг. Дандаа савхин гутал өмсөж барилддаг бөх байсан даа. Би ч хажууд нь очихоороо жаахан хүүхэд байсан болохоор сүрдээд үг ч дуугарч чадахгүй, нүдээ салгалгүй ширтдэг сэн.

Д.Дамдин аварга асар их бяртай, түргэн шуурхай барилддаг, авьяаслаг бөх байсан. Аварга ч гарлаа, өрлөө, давлаа гэж гурван үг л хэлүүлдэг байсан нь түргэн шуурхай барилддаг байсных нь баталгаа юм даа. Дээрээс нь циркийн үзүүлбэр үзүүлдэг урлагийн хүн. Ч.Бээжин аварга уран гараа дэвээ, угсарсан олон мэхээрээ алдартай бөх байсан. Баруун, зүүн аль ч талдаа тонгордог, гар ачиж, зайлж гуд татах мэхийг гаргууд сайн хийнэ. Дунд зэргийн нуруутай том алаг нүдтэй, цээж бөгс тэнцүү, их гоё ганган бөх байлаа. Ёстой хийморь сүлд нь тэгширсэн гэмээр гайхалтай бөх.

-Та хот орж ирээд заал танхимын барилдаанд хэрхэн барилдаж байв. Анх улсын цолтой ямар бөхийг өвдөг шороодуулсан бэ?

-Гол төлөв аманд гараад унана. 1962 онд санагдах юм. “Хөдөлмөр” нийгэмлэгийн зааланд бөхийн барилдаан болно гэж дуулаад очиж зодоглохдоо хоёрын даваанд Өмнөговийн улсын арслан Г.Дэмүүл гуайтай таарчихдаг юм. Тухайн үед ч Г.Дэмүүл заан цолтой “Дэнж нь булгидаггүй юм бол Дэмүүл түрүүлнэ” гэж аархаж, арал бяр нь багтаж ядаж явсан үе л дээ. ХААИС-ийн оюутан байсан намайг “Ганц дайраад унагачихъя” гэсэн байртай дайраад ороод ирмэгц тохойг нь цохиод л өшиглөсөн. Заан маань дайрсан хүчиндээ их дээр хөөрч унах мөртлөө хэд өнхрөөд тогтож байсан юм даа. Заал дүүрэн суусан үзэгчид цонхны шил, тааз доргитол алга ташиж надад баяр хүргэж байсан нь санаанаас гардаггүй юм. Тэр өдөр юу болсон юм мэдэхгүй, дараа нь С.Цэрэн аваргыг хаяж гайхуулж байсан даа. Харин маргааш нь “Хоршоолол” нийгэмлэгт очиж барилдахад тайлбарлагч “Өчигдөр Цэрэн аварга, Дэмүүл заан хоёрыг өвдөг шороодуулсан шинээр тодорч байгаа хүчтэн” ухааны юм яриад их дэвэргэж байсан юм даг. Би ч онгироод магтаж дуусаагүй байхад нь нэг жижигхэн залууг суйлж тавих гэж байгаад хавируулаад их хүчтэй унаж билээ. Тэгж гаргасан ажилтандаа онгирч сагсуурах хэрэггүйг яс махандаа шингэтэл ойлгосон юм.

-Таныг ид барилдаж байхдаа шилж амладаг байсан гэх юм билээ. 1971 онд ардын хувьсгалын 50 жилийн ойгоор зааны тааварт байсан Булганы Д.Галдандагва начинг амлаж хаяж байсан талаараа ярихгүй юу?

-Д.Галдандагва начинг заан болно гэж бараг амтай болгон л ярьж байсан. Би ч заан цолтой учир дээшээ барилдаж цолоо ахиулах бодолтой. Наадмын өмнө би Д.Галдандагватай тунана гэж тооцоолоод яаж барилдахаа төлөвлөж байлаа. Наадам ч боллоо. Тавын давааны ам авахаар гарын даа нарын зүг хандахад Д.Галдандагва, Ц.Лхамаа, Т.Артаг нарын нэр байна. Хажуунаас дэд хурандаа Даш гэж нөхөр “Артагийг авч начин болго” гэж байна. Би ч тоосон шинжгүй Галдандагвыгаа амлаад л барилдлаа. Гараад өрж эхэлтэл над руу дайраад хоёр шуу руу балбаад их л ширүүн байсан. Би ч зугтаж байгаад аргалаад тойрч хөлд нь суугаад давчихаж байсан. Намар нь Налайхад зохиогдсон барилдаанд таарахдаа би “Чи даваад түрүүл” гээд дэмжчихлээ. Харин дараа жил нь сар шинийн барилдаанд таарахдаа сурснаараа хөлд нь суугаад би давж байсан даа. Сүүлд Галдандагва маань над руу “Чи муу хөлний хулгайч” гээд инээж байж билээ. Аварга, арслангуудтай эн тэнцүүхэн барилддаг аралтай бяртай тун ч сайн бөх байв.

-Та хүний хөл авч хаяхдаа гаргуун байсны зэрэгцээ хөлдөө алдаад унадаггүй байсан гэдэг?

-Ид сайн барилдаж байхдаа хөлдөө алдаад унаж байгаагүй шүү. Дагуулаад хөмрөөд, гуядаад хаячихдаг байсан. Надтай нэг үед барилдаж байсан ардын багш Д.Сэрээтэр чинь үзэгдэж харагдахгүй хөлд гүйнэ шүү дээ. Бид хоёр ч нэлээн хэд таарсан. Би ухасхийхэд гүйхэд нь сугадаад мушгичихдаг, нэг бол угтаад бариад авчихдаг байсан.

-Та дан, давхар золгооноос ямар ч хүнийг хавираад унагачихдаг байсан. Дархан мэхнийхээ талаар ярихгүй юу?

-Би барьцанд хүрч золгож барилдахыг илүүд үздэг байсан. Баруун, зүүн аль ч талаараа золгоод хавирахад давдаг байсан үе надад бий. Бөх хүн ямар ч өрсөлдөгчтэй барилдсан хийгээд даалгадаг хэд хэдэн дархан мэхтэй байх ёстой. Дархан мэхгүй хүн амжилт гаргаад аварга, арслан болсныг би мэдэхгүй.


Зүүн
гараас Улсын арслан Ж.Хайдав, Л.Сосорбарам, П.Дагвасүрэн

-Дархан аварга Х.Баянмөнх, Ж.Мөнхбат нар ид барилдаж байх үед та тодорч гарч ирсэн. Дархан аваргуудтай хүч үзэж байсан дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Хоёр Мөнхөөс гадна, харих яагаа ч үгүй дархан аварга Д.Дамдин дээр гараад зогсчихдог тун хүнд үед барилдаж арслан болсон. Гэхдээ энэ гурван аварга улсын их баяр наадмаар намайг амлаж байгаагүй юм шүү. Томоохон заалны барилдаануудад бол Ж.Мөнхбат аваргыг хэд хэдэн удаа өвдөглүүлж байлаа. Харин Х.Баянмөнхийг хаях аргаа яаж ч бодоод олоогүй дээ. Дархан аварга Д.Дамдинтай нэг бус удаа барилдаж давж, унаж л байсан.

-Хоёр Мөнхийн наадмын дэвжээн дээрх өрсөлдөөний талаар хуучлахгүй юу?

-Биднээс арай өөр төрсөн хүмүүс л дээ. Наадмаар бол хоорондоо л барилдах бэлтгэлээ базаана. Бусдыг нь бол дайраад, дайраад л өнгөрнө шүү дээ. Энэ хоёр аваргын гайхалтай чанар нь хэзээ ч худлаа барилдаж наадамчин олноо хуурч байсан удаагүй. Дэвжээн дээр ширүүн өрсөлдөөд бусдаар бол сайхан нөхөрлөнө. Харин зарим нэг хүмүүс хоёр аваргын хооронд худлаа яс хаяж үл ойлголцох байдал үүсгэсэн нь сүүлд учир нь тайлагдсан байх.

-Монгол Улсын арслан хүний хувьд Монголын Үндэсний бөхийн холбооны өнөөгийн байдлыг яаж харж байна вэ?

-Р.Нямдорж тэргүүн аль 2000 аад онд л “Их Эе”-ээ зарлаад хамтарч хуралдаад хэл амаа ололцох хэрэгтэй байсан шиг санагддаг. Монгол Үндэсний бөхийн холбоог өөрийн өмч гэсэн байр суурьтайгаар асуудалд хандаж 15 жил явсан нь энэ байдалд хүргэсэн болов уу гэж хувьдаа боддог юм. Гэхдээ Р.Нямдоржийн монгол бөхийн төлөө хийж бүтээснийг үгүйсгэх ёсгүй. Бөхчүүд өнөөдөр байр, машинтай элбэг хангалуун амьдарч байгаа нь холбооны зөв менежмэнт, үйл ажиллагаатай холбоотой юм шүү. Аливаа зүйл сайн, муу хоёр талтай байдаг.

-Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүний төлөөх хэрүүл тэмцлээс шалтгаалж уламжлалт хэд хэдэн барилдаанууд цуцлагдлаа. Энэ бөхчүүдийн амжилтад сөргөөр нөлөөлөх үү?

-Одоо цагт бол бөхийн амжилтад сөргөөр нөлөөлөөд байх юм байхгүй ээ. Бөхчүүд тус, тусынхаа дэвжээдэд тогтмол бэлтгэл сургуулилтаа хийгээд л явж байгаа. Бэлтгэлжилтийг өндөр түвшинд байлгах нь тухайн бөхийн хувийн хариуцлагатай холбоотой болохоос бөхийн холбооны маргаантай хамаагүй.

-Сүүлийн үед үндэсний өв уламжлалаа тээж яваа бөхчүүд маань жалга довны үзэл гаргаж, хоорондоо талцаад байх нь ажиглагдах боллоо. Нэр бүхий аваргууд ялангуяа Баянаа аварга, Сүхбат аварга нар нутаг усаар нь талцуулж байна. Жишээлбэл, Хөвсгөлийн гурван аваргын барилдаанд Увсын нэг ч бөх зодоглосонгүй. Үүнд бөхөө дээдэлдэг олон түмэн дургүй байна?

-Монгол үндэсний бөхөд жалга дов хардаг, тал тохой татдаг, бие биенийхээ дээр гарахыг санаархдаг муухай зүйл байж хэрхэвч болохгүй. Миний үед чинь нутгархдаг явдал байсангүй л дээ. Өнөөдөр чинь нутаг, нутгаараа дэвжээ байгуулаад тал тал тийшээгээ хардаг болж. Нэгдмэл зохион байгуулалтад орж байгаа сайн талтай боловч сүүлийн үеийн бөхчүүд үүнийг дагаад нутгархах үзэл гаргаж байгаад нь эмзэглэдэг юм. Зарим аймгууд наадмаа хаалттай ч хийж байна гэж дуулдах юм. Монгол өв уламжлалаа тээж яваа бөх хүн хаана ч очоод барилдаж болно биз дээ. Би өнөөдөр “Их Засаг” их сургууль дээр бөхийн бэлтгэл хийлгэхдээ чи тэр аймгийнхан цаашаа, тэднийхэн цаашаа гэж хэзээ ч хэлж байсангүй. Дуртай нь ирээд бэлтгэлээ хий. Мэддэг чаддаг юмаа зааж, зөвлөөд өгье гэдэг юм. Хөвсгөлийн гурван аваргын барилдаанд Увсын бөхчүүд хэргээр зодоглоогүй биш байх аа. П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нарын арслангууд Японд жүдогийн тэмцээнд оролцож байгаа.

-Бидний хүлээдэг улсын их баяр наадам өдөр хоногоор ойртож байна. Энэ жилийн наадмын өнгийг та яаж харж байна вэ?

-Өнөөдөр тэр, энэ гээд хэлэхэд хэцүү. Дээр үед бол Х.Баянмөнх, Ж.Мөнхбат нар түрүүлнэ гээд л хэлчихнэ. Одоо бол хэн ч түрүүлж, үзүүрлэж цолоо ахиулах боломжтой. Сая Уйлганы голын гурван аваргын нэрэмжит барилдааныг ажиглаад сууж байхад өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх улсын арслан Ц.Содномдоржийн бэлтгэл сайн байгаа харагдсан. Увсын улсын заан Н.Жаргалбаяр, Ховдын улсын харцага О.Хангай гээд ир бяр нь тэгширсэн сайхан залуучууд олон байна. Энэ залуусаас хэн их бэлтгэл хийж өөрийгөө дайчилсан нь түрүүлэх байх даа.

Categories
мэдээ цаг-үе

Б.Наранцэцэг: Даралт ихсэх өвчний үед хавсарсан нийлмэл эмчилгээ хийх ёстой

Буят-Ээж эмнэлгийн ерөнхий эмч, зүрх судас, дотрын тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор, ОХУ-ын АУ-ны докторант Б.Наранцэцэгтэй даралт исдэх өвчний талаар ярилцлаа.


-Даралт ихсэх өвчний гол шалтгаан юу вэ?

-Олон янзын шалтгаанаар даралт ихэснэ. Жинхэнэ даралт ихсэх өвчин гэж байна. Шинж тэмдгийн даралт ихсэх өвчин гэж бий. Манай улсад шинж тэмдэгийн даралт ихсэх өвчин зонхилон тохиолдож байгаа. Жишээлбэл, бөөр өвдсөнөөс, бодисын солилцооны хам шинж өвчнөөс үүдэлтэй бамбайн хордлого зэрэг олон янзын өвчнөөс үүдэлтэй даралт ихсэх өвчин гэж бий. Анх 1997 онд хийгдсэн судалгаагаар манай иргэдийн цусны холестирин, сахар ямар байгааг шинжлэн харьцуулалт хийсэн юм. Тэгэхэд даралт ихсэх өвчин нутаг орноороо ялгаатай гарсан. Тухайлбал, уулын бүсэд оршдог, өндөр уулархаг газрын хүмүүс илүү даралт ихтэй. Нам тал газарт бол ерөнхийдөө даралт ихдэх өвчин харьцангуй цөөн тохиолддог. Мөн тухайн үед дүүргүүдээр нь албан газруудаар нь ангилан судалгаа хийхэд автобус баазын жолооч нар даралт ихтэй байсан. Өдөржин суудаг ажилтай хэрнээ өөх тостой хүнд хоол, хуушуур бууз, цуйван иддэг нь өвчний шалтгаан болсон байгаа юм. Одоогоор бол энэ төрлийн нийтийг хамарсан судалгаа бараг алга.

-Даралтаа хэрхэн хянах вэ. Хэдээс хэдэн насны хүний даралт хэд байх ёстой гэсэн заалт бий юу?

-Даралт тэдээс тэдэн насанд тийм байх ёстой гэх зүйл байхгүй. Харин даралт140/90 гэж бий. 140-өөс дээш гарвал даралт ихтэй байна гэж ойлгоно. Хүмүүс миний даралт заримдаа тэд хүрдэг яана аа, яаж байгаа юм бол гээд эм уудаг эмчлэх гэж оролддог. Эмчлэхээс урьтаж, ядарсан бол ядаргаагаа тайлаад, нойргүй хоносон бол нойр аваад, хоол цай холдсон бол хоолоо идээд, стресс бухимдалтай байсан бол орчноо солиод бухимдлаасаа ангижраад л даралт хэвийн болчихно. Уян хатан байгаа даралт хэд ч болж хэлбэлздэг.

-Даралт сэтгэл санаатай ч холбоотой гэсэн үг үү?

-140/90-ээс илүү гарвал даралт хэвийн биш гэж үзнэ. Гэхдээ суугаа ажилтай, стресстэй үед даралт ихэснэ. Жишээлбэл, автобус гэнэт хүчтэй тоормосолж болно, хэн нэгэн хүнд уур нь хүрч болно. Уур бухимдал гэдэг нь цусанд нь ихэссэн бодисуудыг гаргахын тулд үзүүлж буй хариу урвал гэж ойлгож болно. Нэг талаараа тархи зүрхийг хамгаалж байгаа процесс юм. Мөн хэтэрхий мэдрэг хүнд даралт нэлээд мэдрэгддэг. Зүгээр сууж байхад тархи толгой өвдөөд ч байгаа юм шиг байна гэдэг. Энэ бас л үл ялиг шалтгаант сэтгэл санааны өвчин. Тийм өвчин нэлээд дэлгэрсэн шүү. Даралтыг ерөөсөө зүрхний бичлэгээр л шинжинэ. Даралтын аппратаар хэмжээд, хэлээд эм уугаад байх шаардлага байхгүй. Заримдаа даралт ихддэг бол аль болох тайван бай, хэт их шингэн уудаг бол багасга, орчноо өөрчил. Турах гэж хоногт 5,6 литер ус ууж болохгүй биеийн жиндээ тааруулж ус ууна дунджаар 1,8-2 литрийг хэрэглэх ёстой.

-Хүүхдийн даралт хэд байх ёстой вэ?

-Хэвийн байх ёстой. Гэхдээ хүүхэд хөдөлгөөн ихтэй байдаг учраас судасны цохилт харьцангуй өндөр байдаг.

-Бөөрний өвчнөөс үүдэлтэй даралт ихэссэн бол бөөрөө хамгийн түрүүнд эмчлэх ёстой юу?

-Бөөрний даралт элбэг тохиолдох болсон. Хүнд хүчир ажилтай, хоолны буруу дэглэмтэй бол хэвшлээ өөрчлөх. Бөөрний өвчний шалтгаанаа тодруулж эмчлэх шаардлагатай. Мөн удам дагасан даралт гэж бий. Энэ тохиолдолд хүүхэд байхаас нь урьдчилан сэргийлэх шаардлагатай.

-Даралт ихтэх өвчний үед тогтмол эм уух ёстой гэдэг. Энэ хэр зөв зүйл вэ?

-Нэгэнт даралт ихсэлттэй гэж онош тавигдсан бол эмээ зөв зохицуулж ууна. Гэхдээ ганцхан даралтны эмийг уух биш хавсаргасан нийлмэл эмчилгээ гэж бий. Ганцхан даралтны эмчилгээ хийж, зөвхөн даралтны эм уусаар байгаад бөөрөө гэмтээж, тархины даралт, зүрхний шигдээс болох тохиолдол байна. Тодруулж хэлбэл, жинхэнэ даралт ихсэх өвчний үед хавсарсан нийлмэл эмчилгээ хийх ёстой юм. Хавсарсан нийлмэл гэхээр өөх тосоо бууруулах, хөдөлгөөний дэглэмээ баримтлах ёстой. Судсаа тэлэх, цусаа шингэлэх гэх мэт хавсарсан нийлмэл эмчилгээ хийж байж даралт хэвийн болдог. Ганцхан даралтын эм уугаад зүгээр яваад байж болохгүй. Яагаад гэхээр даралтны эм нь цусны шингэн хэсгийг хөөж гаргаад, өтгөнийг нь үлдээчихдэг. Учраас араас нь өтгөрсөн цусыг шингэлж байж цусыг хэвийн болгоно. Тэгэхгүй бол нэг газар өтгөрсөн цус нь очоод таглаад зүрхний шигдээс тархины импакт өгчихдөг. Үүнд мөн амьдралын буруу хэв маяг, ажлын байрны стресс их нөлөөтэй. Залуучууд яаж сайхан амьдрах вэ гэж бодсоор мөнхийн стресттэй байна. Японд эмэгтэй хүн төрөөд 45 хоногийн дараа хүүхдээ цэцэрлэгт өгөөд ажлаа хийдэг бол манайд хоёр жил гэртээ суух болдог гэх мэт нийгмийн стресс их байна. Стресээс үүдэлтэй өвчин ч олширсон.

-Цус өтгөн байх нь даралт ихсэх гол шалтгаан. Хэрхэн цусаа шингэн байлгах вэ?

-Залуучуудын цус өтгөн байвал шингэн уух зүйл нь бага байна гэсэн үг. Жишээлбэл, өглөө ганц аяга, өдөр нэг аяга гэх мэтхэн цай ус уугаад байвал цус өтгөрнө. Хоёрдугаар хоол их идвэл цус өтгөн байдаг гэх сүүлийн үеийн судалгаа байна. Хөдөлгөөнтэй байж зүрхэндээ ачаалал өгөх ёстой. Гүйж амьсгаадах нь мөн цус шингэн байхад тустай. Эрчимтэй хөдөлгөөний тусламжтайгаар зүрх, цусаа сайн шахаж цусан хангамж нь сайн болдог.

-Амьдралын хэв маягаар даралтыг хянаж болох нь байна?

-Даралт нэг хоёр гурав гээд зэрэгтэй. Даралт ихсэлтийн гуравдугаар зэрэгт орсон мэт эм ууж болохгүй. Нэгдүгээр зэргийн даралт ихдэлттэй бол хоол хөдөлгөөн амьдралын хэв маягаар өөрчилнө. Байшинд байдаг бол гадаа гар, агаарт зугаал. Үнэхээр стресстэй, хүнд хэцүү ажилтай бол ажлаасаа гарсан ч болно шүү дээ. Амь, амьдрал, эрүүл мэнд гэдэг хамгийн чухал. Ер нь хүний хоол эрүүл, хөдөлгөөн сайн байвал даралт ихсэх нь харьцангуй бага. Юун түрүүнд өөх тос бага идэх хэрэгтэй. Гэхдээ огт өөх идэхгүй байж болохгүй. Сая манай эмнэлэгт 20 хэдэн настай залуу толгой даагдахгүй хэт ядраад байна гэсээр ирсэн. Нэлээд ядруу сульдаа биетэй байсан. Гэтэл тэр залуу өөх, сахар иддэггүй махыг угааж иддэг өөх огт иддэггүй. Ургамлын тос транс тостой гэснээс хойш тос болон сахар, жимстэй бүтээгдэхүүн огт хэрэглэдэггүй. Гурил, сахарын найрлагатай гэж сонсоод гурил бас иддэггүй болсон байж. Ээж нь миний хүүхэд эрүүл зөв хооллодог сайн хүү гэж байгаа юм. Нүүрс ус, уураг өөх тос гэсэн гуравхан зүйл дээр хүний организм төвлөрч амьдарч байгаа учраас зохистой харьцаагаар идэх ёстой юм. Огт өөх иддэггүй бол тосонд уусдаг витаминууд нь байхгүй болоод эр бэлгийн эсперм нь байгаа юм. Тэр залуу яагаад анх эмнэлэгт хандсан гэхээр найз охин нь жирэмсэлдэггүй. Эмнэлэгт шинжилгээ өгөхөөр залууг эр бэлгийн эсгүй байна гэж. Өөх тос идэлгүй гурван жил болсон учраас ийм байдалд хүрсэн байна. Өөх тос сахарыг зохистой харьцаатай идэх ёстой болохоос огт идэхгүй бай гэсэн үг огт биш. Элэг цэвэр кульказаар тэжээгдэж байдаг учраас огт сахар идэхгүй байвал элэгний цирроз болох маш өндөр магадлалтай. Хэтрүүлж хэрэглэвэл давс, сахар гэлтгүй мах, өөх тос, архи бүгд л хортой. Аль ч хүнсний бүтээгдэхүүнийг хэтрүүлэхгүй л хэрэглэх ёстой.

-Сүүлийн үед бэлгийн сулрал залуужсан гэдэг өөх тосны хэрэглээ хэт багассантай холбоотой байх нь?

-Өөх тостой холбоотой. Судалгаагаар өөх иддэггүй хүүхдүүдийн эр бэлгийн эс багассан байдал ажиглагдсан. Мөн тосонд уусдаг витамин, усанд уусдаг витамин гэж бий. Өөх идээд халуун бүлээн ус уух ёстой.

-Өөх л бол өөх гэсэн үг үү?

Ерөнхийдөө дотор өөхийг хэдэн сардаа нэг гэхээс биш, их идэх хэрэггүй. Өөх идсэн бол харин хөдөлгөөнтэй байж биедээ шингээх, шатаах ёстой. Өөх тостой хоолны араас хүйтэн ус уувал биед шингэхгүй өөх хуримтлагдана.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Уньж туньсаар УИХ-ын босго давах нь бололтой

Хичнээн жил яригдсан Таван толгойг хэрхэн хөдөлгөх төслөө Ерөнхий сайд У.Хүрэлсүх өргөн барих нь. Гэхдээ тэрбээр жигтэйхэн уньж туньсан байна. “Таван толгойг дорвитойхон хөдөлгөе, эсвэл хөдөлгөхгүй гэвэл ард түмэндээ хэлээрэй” гэсэн утгатай үг чулуудсан байх юм. Юундаа ингэж тунирхана вэ, Ерөнхий сайд аа. Өөрийн тань хийх ёстой хамгийн том, хамгийн чухал ажил бол энэ шүү дээ. Үүнийг хийнэ гэж амлаж л энэ Засгийн тэргүүн болсон биз дээ. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг юм хийсэнгүй, бид том төслүүдээ хөдөлгөж, эдийн засгаа аварна гэж танай Засгийн газар гарч ирсэн. Таван толгойгоо эдийн засгийн эргэлтэд оруулах, нефтийн үйлдвэр барих бол У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэрийн хуудас нь гэж хэлж болно. Энэ амлалтаа хийсэн шиг хий л дээ. Сая бол их л хүч муутай дуугарлаа. Яадаг юм бол, С.Баярын араас шоронд явчих вий гэж айгаад байна уу. “Хийхдээ л хийнэ. Таван толгой төслөө хөдөлгөнө, энэ миний ажил” гээд зоригтойхон хэлчихэж чадахгүй л харагдах юм.

Өмнөх өдөр нь мэдэгдсэнчлэн Ерөнхий сайд өчигдөр Таван толгойн төслийг цогцоор нь хөгжүүлэх, үр ашгийг нь хэрхэн нэмэгдүүлэх хувилбараа намын бүлгийн хурал дээрээ танилцуулж, хэлэлцүүлсэн байна. Энэ талаар УИХ дахь МАН-ын дарга Д.Хаянхярваа “Бүлгийн хурал дээр Засгийн газраас Таван толгой төслийг хөдөлгөх, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлийн тооцоо, судалгааг сонсч хэлэлцлээ.Тухайлбал, тээвэрлэлт, төмөр зам, үйлдвэржилт, борлуулалтын талаарх тооцоо, судалгаа бүхий мэдээллийг сонссон.

Одоогийн байдлаар Таван толгойг 100 хувь гэж үзээд үүнийхээ 30 хувьд олон улсын зах зээл дээр IPO гаргая. Ингээд цаашаа төсөл дээр дагалдаж явах дэд бүтэц, үйлдвэр аж ахуйн газрууд гэх мэт олон зүйлийн тооцоо судалгааг үзэж байж шийдвэрээ гаргая гэсэн шийдэлд хүрээд тарлаа. Ирэх долоо хоногт МАН-ын бүлэг Таван толгойн төслийг хөдөлгөхөөр улс төрийн шийдэл гаргах чиглэлд хамтарч ажиллах тохиролцоонд хүрсэн. Уг тооцооллыг эцсийн байдлаар шийдээгүй учраас ажлын хэсэг байгуулаагүй. Ер нь бүлэг дээр ажлын хэсэг байгуулахгүй. Засгийн газар төслийг хөгжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх саналуудыг боловсруулаад бүлэг дээр танилцуулах ёстой. Ингээд болж байна гэж үзвэл УИХ дахь АН-ын бүлэг, Аюулгүй байдлын зөвлөл, УИХ зэрэг шат шатанд нь хэлэлцүүлээд явна” гэж мэдээлэл хийлээ.

Үүнээс харахад У.Хүрэлсүхийн Засгийн газар Таван толгойн төслийг авто болон төмөр замын тээвэр, цахилгаан станц, нүүрс боловсруулах үйлдвэр барих, IPO гаргах гээд цогцоор хөдөлгөхөөр тооцоо судалгаа гаргаснаа танилцуулсан бололтой. Таван толгойн IPO-г гаргахдаа иргэдэд өгсөн 1072 хувьцааг нь тусад нь авч, засгийн мэдэлд буй хувьцааны 30 хувийг олон улсын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжихаар зэхжээ. Хэрэв ингэж чадвал энэ Засгийн газар ард түмнийхээ өмнө том гавьяа байгуулах нь. Ядуурал, ажилгүйдлийг арилгаж, эдийн засгийг эрүүлжүүлэх эм нь том төслүүдээ хөдөлгөх, үйл ажиллагааг нь дэлхийн жишигт хүргэх юм. Ард түмний итгэл найдвар ч Таван толгой болоод байна.

У.Хүрэлсүхийн Засгийн газраас өмнө Таван толгойг хөдөлгөх хэд хэдэн хувилбар яригдаж байсан юм. Ж.Эрдэнэбатын Засгийн газар Таван толгойг таван тэрбум ам.доллараар зарах санал оруулж, тэр нь нам дээрээ бөөн хэрүүл дэгдээж байсан гэдэг. Мөн Таван толгойн 49 хувийг “Шинхуа”, 51 хувийг “Энержи ресурс”, “Эрдэнэс Таван толгой” хувааж эзэмших хувилбар ч сонстож байлаа.

Засгийн газрын сайд асан, өдгөө элчин сайдаасаа татагдаад байгаа М.Энхсайханы дэвшүүлсэн Таван толгойг хөдөлгөх төсөл гэж бас бий. М.Энхсайханы үед тендер зарлаж, үүнд Монголын “Энержи Ресурс”, Японы “Сумитомо, Хятадын “Шинхуа энержи” компаниудын хамтарсан консерциум ялалт байгуулсан юм. Ингээд хөрөнгө оруулагчидтай гарын үсэг зурдгийн даваан дээр Л.Эрдэнэчимэг тэргүүтэй УИХ-ын 40 гишүүн үүнийг эсэргүүцэж тогтоолын төсөл өргөн барьснаар дээрх төсөл зогсжээ. Энэ мэтчилэн “Таван толгой”-г хөдөлгөх гэхээр эсэргүүцэн хөндөлсөх саад хориг мундахгүй гарч байв.

Нөөцөөрөө дэлхийд 10-т ордог, маш сайн чанарын коксжих нүүрстэй “Таван толгой”-н ордыг хөдөлгөх цогц төслийг энэ удаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх өргөн барилаа. Ирэх өдрүүдэд энэ асуудал үргэлжилж, мэдээлэл илүү тодорхой болох биз ээ. Одоогоор “Эрдэнэс таван толгой”-н хувьцааны 82 хувь нь төрийн мэдэлд байдаг бол 2,4 сая иргэний нэр дээр 14 хувь, 553 аж ахуйн нэгж дээр нэг хувь нь байдаг аж.

Categories
мэдээ спорт

С.Ганбаяр Сассаригийн олон улсын тэмцээний аварга боллоо

Чөлөөт бөхийн ОУХМ Санжаагийн Ганбаяр тавдугаар сарын 25-26-нд Италийн Сардиния арлын Сассари хотод болсон 23 дахь удаагийн Сассаригийн “А” зэрэглэлийн Олон улсын тэмцээний 70 кг-ын жинд алтан медаль хүртжээ. Өдгөө АНУ-д ажиллаж, амьдарч байгаа тэрбээр тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн ганцаараа оролцож, нийт гурван барилдаан хийж аваргын тавцанд зогсов.С.Ганбаяр нь олимп, ДАШТ-ий хүрэл медальт, алдарт бөх Д.Оюунболд агсны унаган шавь юм. З.Ойдовын нэрэмжит олон улсын тэмцээний алт, мөнгө, Өсвөр үе, Залуучуудын Азийн АШТ-ий хүрэл, УАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртэж, залуучуудын УАШТ-д дөрвөн удаа дараалан түрүүлж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Эргүүл хамгаалалтын газар байгуулагдлаа

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны тавдугаар сарын 18-ны өдрийн дугаар А/132 тушаалаар Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны зохион байгуулалтын бүтэц, албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэлийг шинэчилэн баталж, Эргүүл хамгаалалтын газрыг байгууллаа.

Мөн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл, хамгаалалтын газрын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргаас алба хаагч нарт үүрэг чиглэл өгч бүтцийн тушаалыг бие бүрэлдэхүүнд танилцуулсан юм.

Тушаалыг Эрүүл хамгаалалтын газрын, төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Л.Ганбаяр алба хаагчдад танилцуулж, энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хурандаа И.Баттөгс, мэргэжил аргазүйн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Амармөрөн, Эргүүл хамгаалалтын газрын дарга , цагдаагийн хурандаа Б.Эрдэнэном нар оролцсон юм.

Нийслэлийн цагдаагийн газартай хамтран тус алба нь тавдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн зургаадугаар сарын 28-ныг хүртэл бүтэн сарын хугацаанд шөнийн явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэн ажиллахаар төлөвлөсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн гомдлоор Цэц хуралдана

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд, төлбөр авагчид шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг тодорхой үндэслэлээр буцаах, түүнийг дахин ирүүлэхгүй байхаар заасан байна. Энэ заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх асуудлаар нэр бүхий иргэд Цэцэд мэдээлэл ирүүлжээ.

Уг мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Шадар сайд найруулагч Н.Наранбаатартай наадмын нээлтийн тухай зөвлөлдлөө

Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар, Үндэсний урлагийн их театрын захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзаж, баяр наадмын урлаг, соёлын арга хэмжээний салбар хорооноос санал болгосны дагуу Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаанаар энэ жилийн улсын наадмын нээлт, хаалтын ёслол, төрийн хүндэтгэлийн концертын ерөнхий найруулагч, ерөнхий продюссерээр эдгээр уран бүтээлчдийг баталсныг албан ёсоор мэдэгдэн уран бүтээлийн амжилт хүслээ.

Улсын наадмын нээлтийн ёслолыг энэ жил гурав дахь удаагаа дэглэхээр сонгогдсон төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар айсуй наадмыг “Монгол орон мөнхөд бат оршиг” агуулга дор сэдэвчилсэн уран бүтээлийн цогц шийдлээр нээх бодолтой байгаагаа Үндэсний хорооны даргад танилцуулж, нээлтийн ёслолын зарим сюрпризээс хуваалцав.

Монгол Улсын Шадар сайд наадмын нээлт агуулга төгс, сүрлэг сайхан болвол монгол түмэн билэгшээн омогшдогийг онцлоод энэ жилийн хувьд ард түмнийхээ эв эе, эв нэгдлийг товойлгосон шилмэл бүтээлийн цогцыг Та нөхдөөс хүлээх болно гэлээ.

Сонирхуулахад наадмын нээлтийн ёслол нэг цаг 40 минутын турш үргэлжлэх бол төрийн хүндэтгэлийн концерт нэг цаг 20 минутад багтах ажээ.

Энэ жил наадмын урлагийн арга хэмжээний ерөнхий продюссэрээр сонгогдсон урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл өмнө нь төрийн хүндэтгэлийн концертыг 2 удаа найруулж байжээ.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ-аас Ж.Уранчимэг сувилагчийн эмчилгээний зардлыг 50 хувь хөнгөлүүлэхээр боллоо

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хавдрын тасгийн сувилагч Ж.Уранчимэг цусны цочмог явцтай үүдэл эсийн хорт хавдартай болохоо эмнэлгийн ажилчдын ажил хаялт, суултын үеэр олон нийтэд зарласан билээ. Тэгвэл хавдрын хими эмчилгээнд цөөнгүй удаа хамрагдаж, гурван охиныхоо төлөө амьдралын хором мөч бүрт хүнд өвчнөө даван туулахын төлөө тэмцэж яваа сувилагч бүсгүйд туслах хандивын тоглолтыг Эрүүл мэндийн яамнаас санаачилан Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Монголын эрүүл мэндийн ажилтын үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран өнөөдөр Улаанбаатар паласын концертын их танхимд зохион байгууллаа. Урлаг соёлын нэртэй одуудаас гадна эрүүл мэндийн салбарын эмч эмнэлгийн ажилчид дэмжин үзэхээр цугласан юм.


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Ж.Уранчимэг сувилагчийн эмчлүүлэх гэж буй Энэтхэг улсын Фортис эмнэлэг рүү эмчилгээний зардлаас тодорхой хувь хөнгөлж, тулахыг хүссэн захидал бичсэн. Үүний хариуд өнөөдөр тус группээс Ж.Уранчимэг сувилагчийн эмчилгээний зардлаас 50 хувь хөнгөлөхөөр болсон таатай мэдээллийг ирүүллээ. Хандивын тоглолтын үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар дээрхи сайхан мэдээг танилцуулж, эрхийн бичгийг гардуулж өгсөн юм. Мөн Эрүүл мэндийн яамны гадаад эмчилгээний комисс хуралдаж, эрүүл мэндийн сайдын тушаалаар эмчилгээний зардалд зориулж 5 сая 400 мянган төгрөгийг шийдвэрлэж өгөхөөр болсон төдийгүй эрүүл мэндийн яамны харъяа байгууллагын бүх ажилчид хандивын тоглолтын билетийг худалдан авч, сэтгэл зүрхээрээ дэмжлээ.

Ж.Уранчимэг нь хавдрын хөнгөвчлөх эмчилгээний тасагт 14 жил сувилагчаар ажиллаж байгаа бөгөөд эрүүл мэндийн салбарт цусны цочмог явцтай үүдэл эсийн хорт хавдар оноштой гэгдсэн ганц сувилагч ажээ. Иймд эрүүл мэндийн яамнаас санаачилан Энэтхэг улсад цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээнд зориулан “Сувилагчийн үнэний өчил” хандивын тоглолтыг амжилттай зохион байгууллаа. Тоглолтын билет 100 хувь борлогдсон бөгөөд тоглолтын орлого 50 гаруй сая төгрөг болжээ.

Categories
мэдээ нийгэм

“Эрхүү нутгийн гар урлалын хурим найр 2018” байкалын олон улсын III их наадамд оролцохыг урьж байна

Эрхүү хотноо 2018 оны 08 дугаар сарын 18-ний өдөр Архитектур угсаатны “Тальцы” музейд зохиогдох“Эрхүү нутгийн гар урлалын хурим найр – 2018” Байкалийн олон улсын III их наадам Эрхүү мужийн соёлын амьдралын нэгэн уламжлал, үндэсний соёлуудыг нэгтгэх өвөрмөц арга хэмжээ юм. 2017 онд тус наадамд Эрхүү хотын мужаас, Байкалийн газар нутгаас, Омск, Узбекистан, Япон зэрэг орнуудаас нийт 162 уран бүтээлчид, 19 урлангийн газар оролцсон.

Арга хэмжээний зорилго нь уламжлалт урлаг, уран сайхны гар урлалын болон чимэглэх урлагийн уран бүтээлчдийн уламжлалыг хадгалах, өвлөх, хөгжүүлэх, үндэстэн хоорондын болон олон улсын соёлын харилцаа холбоог хөгжүүлэх, үндэстэн хоорондын соёлын харилцааны болон уран бүтээлийн туршилга солилцох орчныг бүрдүүлэх юм.

Их наадмын хөтөлбөрт:

– Чимэглэх урлагийн үзэсгэлэн, уран бүтээлийн худалдаа

– Уран бүтээлчид, урлангуудын мастер класс үзүүлбэр

– Үндэсний хувцасний загварын үзүүлбэрүүд

– Ардын тоглоом, наадгай, тойрон бүжих наадам

– Фото болон видео үзүүлбэрүүд

– Их наадмын хаалтын хүндэтгэлийн ажиллагаа, оролцогч нарт шагнал гардуулах үйл ажиллагаа зэрэг багтсан байна.

Энэхүү наадмын үзэсгэлэнд

  • Нэхмэл, шаазан, зүймэл урлал, шилэн дээр зурах урлал
  • Уран сайхны аргаар сийлбэрдэх, давтах, цутгах, хөөмөлдөх
  • Модны сийлбэр, арьс, шир, ноос, металл, чулуу болон бусад байгалийн материалыг боловсруулах, түүгээр урлах.
  • Дэрс болон бусад ургамлаар сүлжих, ороох урлал
  • Оёдол хатгамал хүүхэлдэй (Өлзий хүү) хийх өөдсөөр урлах, гоёлын зүүлт хийх
  • Үнэт эдлэл урлах
  • Үндэсний хувцас болон гоёл, чимэглэл
  • Декупаж, скраббукинг, квиллинг, батик г.м төрлүүдээр оролцож болно.

Их наадамд оролцох хүсэлтээ 2018 оны 06 сарын 01-ний өдрөөс өмнө Ariunzaya1213@gmail.com цахим шуудангаар ирүүлнэ үү