Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Цогзолмаа: Улс орноо хөгжүүлье гэвэл шинжлэх ухаанаа боловсролын салбарын магнайд залах ёстой

Холбоотой ЗурагБоловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаатай ярилцлаа.


-уих-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. Таны хувьд нийгэмд хамгийн хүртээмжтэй салбарын яамыг хариуцаад таван сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд салбарынхаа тулгамдсан асуудлуудыг шийдүүлэхийн тулд ямар ажлуудыг санаачилж хийв?

-Ажил хийхэд хамгийн чухал нь тухайн салбарын бодлоготой уялдаж гарч ирэх ёстой. Сүүлийн 28 жилийн хугацаанд энэ салбар хөгжлийн бодлогогүй, урсгалаараа явж ирсэн гэж хэлж болно. Бодлого гэдэг бол зорилтоо тодорхойлоод тэрнийхээ хаана нь хүрсэн юм бэ гэдгийг үнэлж, дүгнэх ёстой. Тэгэхээр ийм үнэлэлт дүгнэлт сүүлийн 30-аад жил ерөөсөө хийгдээгүй. Тиймээс ажлаа аваад таван сарын хугацаанд сургуулийн өмнөх болон ерөнхий, дээд боловсролын тогтвортой хөгжлийн асуудлаар үндэсний хэмжээний чуулган зохион байгууллаа. Давхардсан тоогоор 5000 орчим багш, сурган хүмүүжүүлэгч нарынхаа төлөөллийг оролцуулсан.

Ачааны хүндийг нуруун дээрээ үүрч, өдөр тутам хүүхдүүдэд хичээл зааж, эцэг эхчүүдээс санал гомдол хүлээж авч байгаа багш нарынхаа оролцоотойгоор бид цаашдаа боловсролын салбарыг хөгжүүлэх асуудлаар үндэсний хэмжээний зөвлөгөөнийг явуулсан юм. Энэ гурван зөвлөгөөнөөс зөвлөмж гаргаад хийх ажлуудынхаа даалгаврыг өгчихсөн. Тиймээс БСШУСЯ-ны харьяа арван байгууллага зөвлөмжүүд дээр суурилсан төлөвлөгөөг гаргасан юм.

-Эндээс ямар үр дүн хүлээж байна вэ?

-Аливаа ажил зөв зохион байгуулалттай явах юм бол үр дүнтэй байна. Тэгэхээр 2018 оны төлөвлөгөөг эдгээр арван харьяа байгууллага ийм түвшинд хийж байж цогцоороо ажлын үр дүн гарна. Хэрэв тэд ямар нэг уялдаа холбоогүй төлөвлөвөл үр дүнгийн тухай ойлголт маань сарнина. Тэгэхээр зөвлөмжөөс гарсан ажлын төлөвлөгөө цаасан дээр буусан. Гэхдээ ямар нэг ажил санхүүгийн эх үүсвэргүй бол зогсдог. 2018 оны БСШУС-ын сайдын багцад хуваарилагдаж ирсэн мөнгийг өөр ажилд зарцуулахгүй. Зөвхөн багш нарын өгсөн үүрэг даалгавар буюу энэ зөвлөмжид тусгагдсан асуудлыг шийдэхэд санхүүгийн үйл ажиллагаа чиглэнэ. Тиймээс цогц байдлаар төлөвлөлт, зохион байгуулалт, санхүүжилт гэсэн гурван зүйл маань нэгдсэн бодлого дор зангидагдаад явж байгаа.

-Салбарын сайд солигдохоор халаа сэлгээ хийгддэг жишиг нэгэнт тогтжээ. Харин таны хувьд энэ тал дээр ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?

-Хамгийн гол зүйл бол ажлыг хүн хийдэг. Тиймээс хэдий чинээ чадвартай, мэргэжилдээ эзэн болсноос хамаарч тухайн ажил уялддаг. Миний хувьд салбарын сайдаар ирэнгүүтээ үзэгний үзүүрээр хүний хувь заяаг шийдэхийг чухалчилаагүй. Харин ажлаа хийж чадаж байгаа нь үлдээд, чадахгүй байгаа нь бусдадаа орон зайгаа тавьж өгөх боломжийг олгосон юм. Үнэхээр ажлын шаардлага хангахгүй, гараас нь юм гарахгүй, чадваргүй байвал бүхэл бүтэн тэр салбарын шийдлээ хүлээж байгаа хүмүүс хүлээлтийн байдалд орно. Тиймээс өнөөдөр зарим хүнд ажлын байрны хариуцлага тооцоод өөрчлөлт хийгээд явж байгаа.

-Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлын нэг бол сургууль, цэцэрлэгийн хүртээмж байна. Танай яамны хувьд 2018 онд бусад яамдтай харьцуулбал нэлээд өндөр төсөв батлуулж чадсан. Бүтээн байгуулалтын ажлуудаасаа сонирхуулахгүй юу?

-2018 он бол манай салбарын яамны түүхэнд хэзээ ч өмнө нь төлөвлөгдөж байгаагүй төсөв батлагдаж чадсан жил. Бусад яамдтай харьцуулбал манайд 1.6 их наяд төгрөгийг тусгасан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын татвар төлөгч таван иргэн тутмын нэгийнх нь мөнгө манай боловсролын салбарт зарцуулагдаж байгаа гэсэн үг. Тэгэхээр үр өгөөж гэдэг бол чухал. Мөнгө хуваарилах нь нэг асуудал. Харин энэ хөрөнгийг үр дүнтэй зарцуулах нь чухал юм. Хөрөнгө оруулалт дээр хамгийн эхний ээлжинд Монгол Улсад гурван ээлжээр хичээллэж байгаа бүх хүүхдийг хоёр ээлжтэй болгоно. Энэ асуудал хөрөнгө оруулалтын түвшинд шийдвэрлэгдэж байгаа. Хоёрдугаарт, хичээл эхлэх гэхээр цэцэрлэгийн бүртгэл урт дараалал үүсгэж, эцэг эхчүүд маань хонон өнжин дугаарладаг шүү дээ. Зарим нь азын сугалаа явуулдаг. “Хүүхэд бүр цэцэрлэг” зорилтын хүрээнд дээрх хүндрэлтэй асуудал 2019 он гэхэд цэгцэрсэн байх болно.

-Ирэх намраас энэ асуудлыг шийдэж болохгүй юм уу?

-Санхүү эдийн засгийн хүндрэлтэй байсан жилүүдэд тухайн онд 240 хүүхдийн цэцэрлэг барихаар болсон байлаа гэхэд хөрөнгө оруулалт нь хуваагдаж тусгагдаж байх жишээтэй. Гэхдээ сайдын хувиар энэ ажлын үр дүнг бодитой болгох үүднээс тендрийн сонгон шалгаруулалтад оролцогч компаниуддаа тусгай нөхцөл тавьж байгаа. Санхүүгийн чадамжтай, татварт өргүй компаниудыг тухайн бүтээн байгуулалтын ажилд өөрсдөөсөө үлдэгдэл мөнгөө гаргаад жилдээ багтаад энэ объектоо хүүхдийн сайн сайхны төлөө бариад дуусгачих юм бол ирэх онд үлдэгдэл санхүүжилтээ авах боломжтой зохион байгуулалтыг хийнэ. Гэхдээ цаасан дээр төлөвлөгдсөн бүх ажил саадгүй явдаг жишиг Монголын нийгмийн аль ч салбарт байхгүй. Олон, олон цэцэрлэг, сургуулийг барихаар төлөвлөчихсөн байгаа ч зарим нь газаргүй, заримынх нь зураг төсөл хийгдээгүй зэрэг асуудлууд бий. Зураг төслөө хийлээ гэхэд жалга, дов таарчих юм бол газрыг нь тэгшилнэ. Хэрэв зураг төсөл хийгдсэн газар нь айл таарвал тухайн иргэний газрын нөхөн төлбөрийн асуудал үүсч байна. Энэ ажил дээр оны эхнээс зохион байгуулалтын түвшинд ажлын хэсэг байгуулан газрын дарга, зөвлөхүүдээ үр дүнгийн төлөө шахаж ажиллуулж байгаа. Бид бүхэн амралтын өдрүүдэд ажилласны үр дүнд гүйцэтгэл 27 хувьтай явж байгаа нь боломжийн түвшин гэж харж байгаа.

-Ерөнхий боловсролын хувийн сургуулиудын төлбөр харилцан адилгүй байдаг. Ер нь сургалтын чанарт салбарын яамнаас хэрхэн хяналт тавьдаг юм бэ?

-Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу бүх хүүхдэд тэгш, хүртээмжтэй, чанартай боловсролын үйл ажиллагаа хүртээх ёстой. Гэтэл манай боловсролын систем 1992 оноос хойш төрийн болон төрийн бус боловсролын үйл ажиллагааг хуулиар зөвшөөрч либеральчлагдсан. Энэ нь хоёр талтай л даа. Үндсэн хуулийнхаа заалтын хүрээнд аваад үзэхээр хүүхэд бүр ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй авна гэсэн хуультай ч либералчлалын үр дүнд өнөөдөр хүүхдийн тэгш хүртээмжтэй суралцах үндсэн эрхийг нь зөрчиж байгаа юм. Нөгөө талд сургуулийн чанар муу байна гэж үзээд өндөр төлбөртэй сургуулийг сонгохоос өөр аргагүй байдалд орж байна. Өндөр төлбөр авсан сургуулиудын сургалтын чанар авч байгаа өртөгийнхөө хэмжээнд дүйцэж байна уу гэдэгт мониторинг хийнэ. Хүүхдэд өгч байгаа боловсрол нь жирийн сургуулиас ялгарахгүй байгаа мөртлөө өндөр төлбөр аваад байна уу гэдгийг шалгах ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа.

-Ер нь эцэг, эхчүүд улсын урдаа барьдаг зарим гүйнзгийрүүлсэн сургалттай сургуулиудад хүүхдүүдээ өгөх эрмэлзэл их байдаг. Тиймээс хахууль, авлига өгөөд ч болох нь тэдгээр сургуулийг сонгодог шүү дээ. Энэ бол манай боловсролын чанар тааруу байгаагийн нэг илрэл. Боловсролын чанарыг дээшлүүлэх тал дээр хэрхэн анхаарах вэ?

-Энэ бол яалт ч үгүй боловсролын чанартай холбоотой. Нөгөө талаасаа үүнийг зах зээлийн алтан дүрмээр явж байгаа гэж ойлгож болно. Хүн өөрийнхөө хэрэглээнд аль чанартай гэсэн болгоныг авахын тулд ахиу мөнгө зарцуулдаг шүү дээ. Яг үүнтэй адил ерөнхий боловсролын улсын сургуулийн сургалтын чанар муу байна гэдэг үнэлгээ эцэг, эхчүүдийн дунд байгаа учраас арай чанартай сургуульд хэд гурван төгрөг төлөөд сургая гэсэн хандлага бий болчихжээ. Тэр сонголт нь ч байна. Яамны зүгээс ямар бодлого баримталж байна вэ гэхээр энгийн сургуулиас илүү өндөр төлбөр авч байгаа сургуулиас хүүхэд илүү чанартай үйлчилгээ авч байх ёстой. Яагаад зарим сургуульд элсэлт болохоор 1000 хүүхэд оочерлоод байна вэ. Гэтэл захын хорооллын сургуулиудад 300 хүрэхгүй хүүхэд элсдэг. Сургалтын хөтөлбөр, хамран суралцах тойрог, харьяаны сургуульдаа суралцаж чадаж байна уу гэдгийг ойлгох зөв шийдлийг салбарын яам гаргаж өгөх ёстой. Боловсролын яам ийм нарийн зохицуулалтыг огт хийж байгаагүй юм билээ. Тиймээс яам эцэг, эхчүүдтэйгээ шууд харилцах харилцааны менежментийг бий болгох зайлшгүй шаардлагатай.

-Хуучин цагт онц сурлагатай хүүхдүүд багш болдог байлаа. Харин одоо сурлага тааруу нөхдүүд багшийн мэргэжлийн хуваарь дээр хүссэн хүсээгүй очоод байна. Монголын хойч ирээдүйг бэлдэж байгаа багш нар ийм байхаар ямар хүмүүс төрөх вэ?

-Энэ бол үнэхээр манай дээд боловсролын системд тулгамдаж байгаа асуудал. Хамгийн өндөр оноо авсан хүүхдүүд АШУИС, МУИС, ШУТИС-д орчихдог. Тэгээд 350-400 оноо авч байгаа хүүхдүүд багшийн мэргэжил сонгож байна. Бид багшийг бүхний дээд гэж хүндэлж ирсэн. Өнөөдөр багшийгаа бэлтгэж ирсэн систем маань тэр үнэ цэнэ дээрээ байсан. Харамсалтай нь сүүлийн 30-аад жилийн шилжилтийн үед багшийн үнэлэмж нийгэмдээ муудсан. Хоёрдугаарт, багш бэлтгэдэг сургуулиудын чанар муудсан. Уг нь 350 оноотой хүүхдийг багшийн мэргэжилд авахгүй байх юм бол муу багш орж ирэхгүй. Гэтэл их, дээд сургуулиуд бага оноотой хүүхдүүдийг багшийн мэргэжилд аваад байгаа нь бизнесийн зорилго агуулж байна гэдгийг эндээс харах ёстой. Ирэх есдүгээр сарын 1-нээс энэ асуудал дээр ахиц гаргасан бодлогыг хэрэгжүүлнэ. Тухайлбал, шинэ хичээлийн жил эхлэхэд зах зээл дээр дутагдалтай байгаа мэргэжил дээр квот тогтоогоод элсэгчдийн оноог дээшлүүлэх бодлого баримтална.

-Багш нар бага цалинтай байхад багш болохыг хүсэх хүн байх уу?

-Манай яамны зүгээс Засгийн газарт байнга тавьж байгаа асуудал бол багш нарын цалинг нэмэгдүүлэх тухай. Энэ бол нийгэмд асар их хүлээлт дагуулдаг сэдэв. Дэлхийн жишигт дээд тал нь 25 хүүхэдтэй ангид хичээл заасныхаа төлөө өндөр цалин авдаг. Харин манайд 50, 60 хүүхдэд хичээл заадаг багш 500-гаадхан мянган төгрөгийн цалин аваад ажиллаж байна. Мэдээж нийгэм эдийн засаг хүнд байгаа энэ үед өргөс авсан юм шиг өнөөдөр асуудал тавиад шийдэгдэнэ гэж байхгүй. Гэхдээ улс төрийн эрмэлзэл, санаачилга байх ёстой. Монголын ирээдүй болсон хүүхдүүдэд чанартай боловсрол эзэмшүүлэх сургалтын төлөө төрд бодлого, чиглэл, концепц байх ёстой. Эхний ээлжинд цэцэрлэгийн багш нарынхаа цалинг анхааръя. Дараа нь бага ангийн багш нар гээд төсөвт томоохон дарамт болохгүйгээр үе шаттайгаар шийдэх гарц бий.

-Засгийн газраас Гурван тулгуурт хөгжлийн бодлого гэж зарлалаа. Монгол Улсын хөгжлийн замд хүрэх нэг тулгуур нь Хүн төвтэй нийгмийг байгуулна гэсэн байна. Тэгэхээр боловсролтой, оюунлаг нийгмийг бүрдүүлэхийн тулд боловсролын салбар яаж ажиллах юм бэ?

-Манай нийгмийн шилжилтийн үед Монголын төр, боловсролын систем ч ялгаагүй хүнийхээ хөгжлийг орхичихсон юм билээ. Барилга байгууламж, тоног төхөрөөмж байрлуулж, суурилуулаад л байдаг. Тэр бүгдийг өндөр боловсрол, ёс зүйтэй хүн л амь оруулдаг. Сургууль барьчихаад сургалт нь чанаргүй байвал хүүхдүүдэд ямар ч өгөөжгүй. Тиймээс Боловсролын сайдын тушаалаар 2018 оныг Багшийн хөгжлийг дэмжих жил болгож зарласан. Энэ салбарын уналтыг зогсоох тэр том хөшүүргийг багшаа хөгжүүлэх асуудал гэж ойлгож байгаа. Уг асуудалд дотоодын нөөцөө ашиглахаас гадна өндөр хөгжилтэй орны сайн туршлагуудыг нэвтрүүлнэ. Хүн рүүгээ чиглэсэн ийм хөрөнгө оруулалтын асуудлуудыг шийдээд явж байна.

-Хөгжлийг хүн л бий болгоно. Манайх Японд инженерүүдээ бэлдэж байна. Харин бусад ажиллах хүчний салбарын боловсон хүчний асуудал дутмаг. МСҮТ-ийг Боловсролын яам харьяандаа авч, сургалтын чанарт нь анхаарах ёстой юм биш үү?

-Өнөөдөр ерөнхий боловсролын сургууль төгссөн хүүхдүүдийн сурлагатай, чадалтай нь их,дээд сургуульд элсэн суралцдаг. Харин амьдралын түвшин тааруу, сурлага сул хүүхдүүд МСҮТ-ийг сонгодог. МСҮТ Хөдөлмөрийн яамны харьяанд очоод долоо, найман жил боллоо. Тухайн үед эдийн засаг жаахан сэргэсэн байхад МСҮТ-д суралцагсдад сард 70 мянган төгрөг өгнө гээд халамжийн бодлого болгочихсон. Тэнд ажиллаж байгаа багш нар МСҮТ-ийг Боловсролын яамны харьяанд байлгахыг хүсдэг. Яг үнэндээ багш нарынх нь хувьд мэргэжил дээшлүүлэх сургалт гэж явагддаггүй. Насаараа ажиллачихаад тэтгэвэрт гарахдаа боловсролын салбарт ажилласны тэтгэмж авч чаддаггүй. Элсэгчид мужаан, гагнуурчин болъё гэхээсээ илүү халамжийн мөнгө авах сэтгэхүй нь давамгайлдаг болсон гээд олон асуудал тавьж байна. Үнэнийг хэлэхэд өнөөдөр мэргэжилтэй боловсон хүчин бэлдэнэ гэдэг бол Боловсролын яамны асуудал.

-Аливаа улсын хөгжил шинжлэх ухаанд суурилах ёстой. Гэтэл манай эрдэмтэд чадалтай ч хөрөнгө мөнгөний асуудал дутагдалтай болохоор энэ салбар хөгжиж чадахгүй байх шиг…

-Монгол Улсын ирээдүйн хөгжил хүссэн, хүсээгүй шинжлэх ухаан дээр суурилж байж үр дүнд хүрнэ. Жишээлбэл, Хятад улс гэхэд тав таван жилийн төлөвлөгөөгөөр явж байна. 20 жилийн өмнө хүмүүсээ хоол ундтай, дараагийн арван жил өмсөх хувцастай байлгана гэсэн төлөвлөгөөгөө биелүүлсэн. Одоо Хятад улс хүнийхээ хөгжлийн тухай ярьж байна. Энэ бол хөгжлийн бодлого, төлөвлөлт юм. Тиймээс улс орноо шинжлэх ухаанчаар хөгжүүлье гэвэл шинжлэх ухааныхаа салбарыг боловсролынхоо салбарын магнайд залах ёстой. Шинжлэх ухаан гэдэг бол ганц боловсролын асуудал биш. Бүх салбар шинжлэх ухаан дээр суурилж хөгжинө. Монгол төрийн бодлого эрдэмтдийнхээ сайн хийсэн судалгааг шууд практик дээр хэрэгжүүлэхэд санхүүжилт олгодог ийм эрүүл байх ёстой. Үүний цаана манай шинжлэх ухаан технологийн инновацийн асуудал, гарааны компаниудаа дэмжих асуудал байгаа. Ийм том бодлогоор өнөөдөр шинжлэх ухааны салбараа дэмжих ёстой. Эрдэмтэд маань үнэхээр мундаг байгаа. Төрөөс дэмжээд өгвөл Нобелийн шагнал ч авах бүрэн боломжтой. Боловсролын яам дотоод шинжлэх ухааны бүтцээ сайжруулах тал дээр алхам хийх ёстой. Өнөөдөр шинжлэх ухааны байгууллагынхаа статусыг тогтоох эрх зүйн чадамж дутаж байна. Шинжлэх ухааны байгууллага яамны харьяа байх уу, Засгийн газрын харьяа байх юм уу, эсвэл хараат бус байж шинжлэх ухааныхаа үйлдвэрлэлийг хийх юм уу гэдэг нь эрх зүйн чадамжаасаа шууд хамаарч байна. Өнөөдрийн байдлаар сайдын харьяанд Шинжлэх ухааны академи байна. Академийн харьяанд 20 хүрээлэн ажиллаж байна шүү дээ.


Categories
мэдээ цаг-үе

Хонх

Цэцүүхэй ном зурган илэрцүүд
МЗЭ-ийн гишүүн Цэвэгжавын Ганболдын өгүүллэгийг уншигч танаа хүргэж байна. Тэрээр энэ жилийн “Алтан-Өд” наадмын хүүрнэл зохиолын богино төрлийн тэргүүн шагналыг “Цэцүүхэй” өгүүллэг, туужийн номоороо хүртсэн билээ. Тэрээр эдүгээ төрөлх Хөвсгөл нутагтаа уран бүтээлээ туурвин аж төрж буй юм.


Үүрийн жавар хугачин суурин даяар хонхон дуу хангинав. Энэ дуу бүр алс хөдөө малчны хотонд хүрч хоточ нохдыг ч шуугиулж амжлаа. Нэг муу цоорхой төмөр торхонд галт тэрэгний зам төмрийн тайрдсаар хэлэрхүү юм хийж, суурингийн захиргааны манаачийн шовгорын хажууд байрлуулсан нь олон жилийн дараа “хэл орохдоо” цөөнгүй хүний сэтгэлд үүрийн жаврыг ус мэт цутгачихав.

Бараг мартагдсан энэ чимээ анхлан дуугарахдаа хорвоогийн хоёр үнэнийг зарласан гэхэд болно. Нярайлж чадахгүй өнжиж хоносон эх хонхон дуунаар цочин хоёр яс хагацаж, хүүхдийн часхийх “зар” сайхь дуутай зэрэгцэн суурингаар нэг тархжээ. Тэр хүү өдгөө хоёр хүүхдийн эцэг болж хот хүрээ бараадсан гээд бодохоор чамгүй олон жил хонх дуугараагүйг нотолно. Харин хоёр дахь нь гэвэл хоршооны манаач бүхий л суурингийнхантайгаа хамжаад ч шөнө дүлээр авалцсан агуулахын түймрийг унтрааж эс дийлээд бачуурахдаа модноос боомилсон гашуун түүх бий. Энэ л хоёр үнэнийг мэдэх хөгшид хонхон дуунаар сэртхийх нь аргагүй. Манаачийн боомилсон модноос ойрмогхон хоёр ч хүн өөрийгөө дүүжилснээс хойш суурингийнхан яаж ийгээд алсуур тойрох болжээ. Ааштай авиртайгаараа зартай нэг эр тэр модонд хөлөө хүргэхэд “Хөлөө биш ээ хүзүүгээ” гэж шивэгнэсэн гэх гэрчгүй яриа нэг хэсэгтээ л буйд нутгийнханы чихийг дэлдийлгэсэн. Суурингийнхан хийгээд хөдөө алсынхан бүгдээр удтал хэлэлцээд уг модыг огтлон шатааснаар дээрх яриа алгуур мартагдсан билээ.

Хонхон дууг ер ажралгүй зүүд нойрондоо умбагсадыг ч буруутгах аргагүй. Тэдний дунд хонх ямар үед дуугардаг, дуугарахаар яах ёстойг мэдэхгүй залуус ч мэр сэр бий аж. Хөгшид түрүүлэн босож ойр тойрныхныгоо сэрээх зуур түгшүүрт харцаар сууринг халиагаад ноцтой гэхээр зүйл юуг ч эс олж мэдэв.

Бужгар эмгэн босохоор завдаж чүдэнзээ тэмтэчсэнээ гэрийн зүүнтээгээс гарах нэгэн чимээ олж сонсоод түр азнав. Хэзээ эхэлснийг эс мэдэх тэр чимээний төгсгөлийг эмгэн хүлээж цөхөөд хий ханиалган “анхааруулга” өгөөд ч тусыг эс олов. Эмгэн сүүлдээ өөрийгөө сатааруулж эрхээ эргүүлэхдээ маани мэгзэм уншсангүй. Харин эрихнийхээ бөөрийг имрэн тоо тоолж байлаа. Эмгэн нэг л мэдэхэд мянга давуулан тоолоод залхаж залуу насаа дурсав.

Суурингийн нэлээд хойхно их зургаан ханатад Урнаа хүүхэн нойрмоглон эргэж хөрвөөхдөө эр нөхрөө сэм өврөөс нь сугарч одсоныг мэдээд гайхан өндийлөө. Урнаагийн урд хашааны Дүнгэр өвгөн зулын гэрэлд дүнгэнүүлж байсан Сандуйн жүдийн төгсгөл дээр гацаж сандарснаа хонхон дуунаар сэхээ авч дахин нэг зул нэмж өргөөд Маанийн ерөөл дүнгэнүүлэн өөд болоогүй нэгний хойтохыг уншчихав. Хамгийн урд захын айлын пүнзнээс сэм бөртөлзөн гарсан нэгэн нохойд боорлуулан барьц алдахдаа барьж явсан хөлдүү хонины гуяа шидчихээд амь зулбав. Хашааны булан бараадан гүйх эртэй “амь зулбагч” мөргөлдөхдөө “Ах аа би юу ч аваагүй нохой л…” гэж ам алдчихлаа. Урнаа хүүхний нөхөр амь зулбагчийг “Аа тийм бий” гээд мөрнөөс нь шүүрэн завдтал улаан нүүрэнд нь гал бууж тас гэдрэг савчихав. Айл бүрийн тооноор гэрэл сүүмэлзэн гэрийн хаалга онголзож эхэлсэн ч хонхон дуу тасралтгүй цуурайтсаар л… Нэг хоёроор цувсаар даруй хориод хүн суурингийн захиргааны үүдэнд цуглав. Цуглагсад бие биенээсээ “Юу болсон… Ямар аюул нүүрлэв?” гэсэн нэг л асуултыг давтан асууж, хариуд нь бүгд дэмий л мөрөө хавчина. Хүмүүс уван цуван цугласаар хашаа дүүрсэн ч, манаач хонхны хэлийг савчуулсаар л байв. Хүмүүсийн тэвчээр алдагдан юу болсныг манаачаас асуухад “Ахлагч ирсэн үү?” гэсэн асуултаар бүгдийн амыг таглав. Манаачийн дуунд нулимс хөвөхийг настайчууд анзаарсан тул түүний хэлснийг дэмжин хүмүүсийг тэвчээртэй байхыг дахин дахин сануулна. Ахлагч ирээгүй нь төдөлгүй тодорхой болоход хонхон дуу үргэлжиллээ.

Хэдийгээр үүр хаяарах болсон ч тэнгэр бүрхсэн тул ойр тойрны бараа үл мэдэгдэнэ. Даарсан хүмүүс хөр цасан дээр дэвхцэх чимээ олон морьтон уулгалан довтолгох шиг сүрдэм ажгуу. Сайтар анзаарсан хүнд бол бүгд нэгэн хэмээр товшлон дэвхцэх агаад гагцхүү нэгэн сондгой чимээ л удирдаач үгүй найрал хөгжмийг баллаж байлаа. Ганцаар бусдаас сондгойрон огцом хэмнэлтэйгээр үсрэх эр бол Урнаагийн нөхөр Дансран ажээ. Эхнэрийнхээ өврөөс сэм сугаран өрөөлийн өвөр эзгүйчилсэн энэ эр хонхон дуунаар түргэн авахдаа өрөөсөн хөлийнхөө жийргийг ололгүй бахиалаа нүцгэн жийсэн юмсанж. Тасхийм жаврыг уясааж ядан яргаж мандах нар будан суусан сууринг гийгүүлж эс дийлсэн ч бараа бараагаа таних бүүдэн гэгээ хайрлав. Хонхон дуу тасраагүйгээр үл барам өртөөлөн түгэж хот айлуудыг нойрноос нь сэрээж дөнгөсөн билээ. Хот айлынхны үр хүүхэд, за бүр холын хамаатнуудаас ядаж нэг ч болов хүн сууринд бий. Тэд ч мөн битүү түгшүүрт автан хоттой малаа ч бэлчээхээс эмээв. Сууринтай хамгийн ойрхон хот айлд хоноглосон ахлагч бүрзгэрдүүхэн өндийхөд айлын эхнэр хонхон дууг түүнд уламжилснаар ахлагч хөнжлөөсөө дурамжхан сугарлаа.

Дансрангийн өвөр рүү сэм нэгэн зөөлөн зүйл гулсахад эргэн харвал хугас шөнийн жаргалд хөвсөн эмэгтэй хуруугаараа “Чишш…” гэсэн дохио өгчихөөд эргэв. Эмэгтэйг Дансрангаас төдийлөн холдож чадаагүй байхад хүмүүс шуугилдахад мань хүн улалзан нүүрээ дарсан нь илүүц байлаа. Суурингийн ахлагч хашаанд морьтойгоо орж ирээд цуглагсадын өмнө дөрөө мултлахад хонхон дуу намжив.

Ахлагч хүмүүсийг нэгэнтээ халиагаад тэдэнд хандаж ямар нэгэн зүйл хэлэх хэрэгтэй болсныгоо ойлгон манаачийн шовгорын шат өөд өгслөө. Манаач түүнийг тосоод чихэнд нь хошуугаа наав. Ахлагч байн байн толгой дохино. Манаачийг хошуугаа салгахад ахлагч биеэ цэхлэн хоолой засав. Цуглагсад амьсгаа даран нам жим боллоо.

-Та бүхнийг цуглуулсан явдал бол биднийг ивээгч тэнгэрт асар том хоёр цонх гарсных билээ. Наран ургах зүгт гарсан цонхонд аварга том цаг цохилж буй нь харагдав. Мөн нар жаргах зүгийн цонхоор үй түмэн үлэг гүрвэл тэжигнэн давхилдаж, төвөргөөн нь агаар цалгиан газар доргиолоо. Хамгийн гол нь цонхон доорх бичээсийг манаач маань тайлж уншсан явдал юм. Бичээсэнд:

-Цаг зогсоход амьдрал төгсөж

Цаг цохилоход амьдрал эхэлнэ

Эхлэлийг хэн ч эс үзмүү… хэмээжээ гээд шатаар уруудахдаа ахлагч тэсэлгүй эрхийгээрээ нулимсаа шилэмдэв.

… Хэд хоногийн дараа суурингийнхан хонх дуугараад хэр удаж буй талаар маргалдав. Манаач эр “Арван тав хоносон” гэхэд бусад нь “Үгүй шүү долоо хоносон” гэж дуу нэгтэй мэтгэв. Манаач ч мөчөөгөө өгөлгүй “Та нар архи уугаагүй, архиндаа уулгасан байна. Би тасралтгүй согтоод яг арван тав хонож байна” гэснийг хоршооны худалдагч “Үнэн шүү. Тэр надаас арван тав хоногийн өмнөөс архи зөөсөн. Худлаа гэвэл хонх дуугарах хүртэлх долоо хоногийн өрийн данс нь өдөр цагтайгаа байгаа” гэж баримт гаргав. Энэ бүхнийг чимээгүй сонсож хэвтсэн Бужгар эмгэн “Муу согтуу толгой хамаг ажил алдуулаад…” гэж уурсан таягаа гозолзуулахад бүгд сэхээрэв. Тэд буруутныг олох гэж нэлээд буурьтай хэлэлцсэний эцэст бүгдээр гарч, захиргааны хашаанд очин “гайтай” хонхыг буулгаж, шон модыг нь шатаагаад гэр гэрийн зүг алхлаа. Зиндаа бууж төрхөндөө орсон төмөр торхыг суурингийн ганц дархан Сэмгэр гэр рүүгээ үүрэн майрганав. Манаач Сэрсэнжав түүнээс олон түлхүүрээр онгойдог бат бөх цоож хийж өгөхийг хүсжээ.

Categories
мэдээ цаг-үе

Н.Баярсайхан: Боксын рингэнд хоёр ч тамирчин амиа алдсан гэхээр эцэг, эхчүүд хүүхдүүдээ тэмцээнд оруулахаас айж байгаа

Боксын өсвөр үеийн тамирчидтай холбоотой таагүй мэдээлэл сүүлийн үед цөөнгүй гарах болсон. Он гарсаар хөдөө, орон нутагт зохиогдсон боксын хоёр ч тэмцээний үеэр өсвөр насны хоёр хүүхэд нас барлаа. Иймд тэмцээн зохион байгуулагдах журам, дүрмийн талаар Монгол Улсын боксын спортын гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт, Ази тивийн хошой аварга Намжилын Баярсайхантай ярилцлаа.


-Юуны өмнө боксын спорт гэж яг юуг хэлээд байгаа талаар яриагаа эхлэх үү?

-Орчин үеийн бокс 1900-аад оны үед Англид хөгжсөн байдаг. Орчин үе гэдэг нь тухайн үед тамирчид дүрэмтэй, хамгаалалтын хувцастай, бээлийтэй ринг дээр гарч тулалдах болсон гэж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл боксын спортын анхны дүрэм зохиогдож тулалддаг болсноос хойш энэ спортын орчин үеийн хөгжил бичигдэх болсон. Тэгэхээр бокс гэдэг нь дүрэмтэй, оноотой, шүүгчтэй, техниктэй тулаан юм. Харин эдгээр зүйлгүй тулааныг зодоон гэж ярьдаг. Харин Монголд боксын спортыг дэлгэрүүлэн хөгжүүлэгч нь Н.Лувсандорж агсан юм. Тэрээр 1947 онд хуучнаар Зөвлөлт холбоот улсад Нисэхийн сургуулийг төгсөж ирээд 1948 онд Монголын хамгийн анхны боксын спортын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан хүн юм. Анх боксын тэмцээнийг их болхи зохион байгуулж байлаа. Одооных шиг ийм ринг байхгүй. Тухайн үед рингний оронд дөрвөн хүн олс барьж зогсдог байв. Дотор нь шүүгч, хоёр тамирчин тулалддаг, ийм л байсан. Тэр үед тамирчдын жин, насыг харгалздаггүй байлаа шүү дээ. Ер нь монголчуудад хамгийн их тохирох спорт бол бокс юм.

-Монголчуудад хичнээн тохирдог спорт ч гэлээ саяхан боксын спортоор хичээллэдэг хоёр ч хүүхэд тэмцээний үеэр амиа алдлаа. Яагаад өсвөрийн тамирчид ийн харамсалтай байдлаар амиа алдаад байна вэ. Энэ юунаас болов гэдэг талаас нь та тайлбарлахгүй юу?

-Яг тухайн тэмцээнүүдэд өөрийн биеэр байгаагүй болохоор юунаас болж хүүхдүүд амиа алдсаныг нарийн хэлж мэдэхгүй юм. Гэхдээ энэ бол цэвэр дасгалжуулагч, эцэг эхчүүдийн хариуцлагын асуудал болно. Мөн холбооны зүгээс дасгалжуулагч нарт зөв шаардлага тавьж, сургалтад хамруулж байх ёстойг хэлээд байгаа юм. Энэ ажил хийгдэхгүй байгаа болохоор тамирчидтайгаа тулж ажиллах, хэрхэн бэлтгэл хийлгэх үү гэдгээ ойлгодоггүй дасгалжуулагчид их болж байна. Ямар ч тэмцээн уралдаанд дасгалжуулагчид хүүхдүүдийг хариуцан авч явдаг шүү дээ. Тэмцээнд оролцохоос өмнө тамирчдынхаа биеийн эрүүл мэндийн байдал, сэтгэл санаа ямар байгааг байнга асууж, харилцах, түүнийг мэдрэх ёстой байдаг. Бүр эцэг, эхтэй нь холбоотой байж, хүүхдийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй болсон байх шаардлагыг дасгалжуулагч хүнд тавьдаг. Тэр утгаараа саяын тэмцээнүүдэд амиа алдсан тамирчдыг бүрэн хариуцах хүн нь дасгалжуулагч юм. Тамирчид амиа алдсан нь олон шалтгаанаас болно л доо. Тухайн үед тэрхүү тамирчдын сэтгэл санааны байдал, бэлтгэл сургуулилт ямар байсан эсэх, бэлтгэлийн ачаалал их байсан уу гэх мэт. Бокс гэдэг маш хүнд бэлтгэл сургуулилтыг зөв хийж байж, амжилт гаргадаг спортын төрөл. Тамирчин хоол хүнсээ бэлтгэлтэйгээ хэр нийцүүлэх үү, хэдийд нь биеэ амраах уу гэдгээ ч хүртэл тооцох ёстой болдог. Сүүлийн үед манай өсвөр үеийн тамирчид өдөржингөө хүнд бэлтгэл хийчихээд гэртээ очоод шууд амрах ёстой байтал шөнөжин гар утсаараа ч юм уу, компьютер, телевизийн дэлгэц ширтээд суучихаад байна. Ингэхээр нөгөө амрах ёстой бие организм маргааш өглөө нь шууд тэмцээнд орохоор ачааллаа дийлэлгүй ялагддаг. Зарим нь хүчтэй цохилт дааж чадалгүй ухаан алдах тохиолдол ч байдаг. Тийм болохоор тамирчин хүн тэр дундаа боксоор хичээллэдэг хүүхдүүд зөв бэлтгэл хийж, сайн амрах ёстой. Мөн боксын тамирчид жин хасна гэж айхтар зүйл бий. Жингээ хасах гэж хоолоо сойх ч юм уу, буруу аргаар жингээ хасах гэж оролдох тохиолдол цөөнгүй. Буруу аргаар жингээ хасаж, бэлтгэл хийсэн, амарч чадаагүй тамирчин тэмцээнд шууд орно гэдэг их хэцүү. Хүүхдүүд чинь юмаа нуудаг. Тархи, толгой нь өвдсөн ч гэсэн “Намайг тэмцээнээс хасчихна” гэсэн айдсаасаа болоод дасгалжуулагчдаа хэлдэггүй тохиолдол ч байна. Зарим нь хол газраас мөнгө төгрөг зарлагадаж ирсэн болохоор тэмцээнд орохоос өөр аргагүй байдалд орно. Үүнийг дасгалжуулагчид мэдэрч, тамирчинтайгаа зөв харилцах ёстой юм. Энэ мэт их олон нөхцөл шалтгаан хэлж болохоор. Тэгэхээр энэ бүгдийг зохицуулж, дасгалжуулагчдыг чадавхжуулах ажил бол Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасангийн хийх ёстой ажил. Ер нь холбооны зүгээс жилд нэг удаа ч гэсэн мэргэжлийн хүмүүсийг цуглуулж, дасгалжуулагч, тамирчдад сургалт явуулах хэрэгтэй.

-Зарим тамирчид бэлтгэл сургуулилт хийхээс гадна биеийн хөгжлийг нэмэх нэмэлт хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх болж. Харин зарим нь дан ганц бэлтгэлээ л хийдэг. Хэдий нас, жин тэнцүүхэн ч хүч тамир, булчин шөрмөсний эрс ялгаатай хоёр тамирчин ринг дээр тулалдуулснаас болж нэг нь амиа алдах хэмжээнд хүрээд байна уу. Ийм зүйл байж болох уу?

-Ийм зүйл байхгүй болов уу. Өөрөөр хэлбэл боксын спортод 12-16 насны хүүхдүүд гэдэг жинхэнэ утгаараа тамирчин болоогүй үеийнхэн байдаг. Тэднийг зүгээр л сонирхогчид л гэнэ. Харин 16-аас дээш насныхан гэдэг чинь нас бие гүйцэж яваа, тамирчин гэдэг нэршил рүүгээ ойртсон байдаг. Тийм болохоор дээрх насны хүүхдүүдийн дунд тэмцээн зохион байгуулахдаа маш анхааралтай, өндөр хяналтан дор явуулах учиртай юм. Тэдгээр насны хүүхдийг тэмцээнд оруулахаас өмнө биеийг нь сайн халааж, даралтыг нь үзэж, толгойны хамгаалалт өмсүүлээд гаргах ёстой. Иймэрхүү зүйл дээр хариуцлагагүй хандаж байгаа нь дасгалжуулагч бид нарын өөрсдийнх нь л хайнга, хариуцлагагүйн алдаа юм шүү дээ. Энэхүү харамсалтай хэрэг Монголд анх удаагаа болж байгаа юм биш. Тэртээ 1970, 1980-аад оны үед тохиолдож л байсан. Ер нь боксын тамирчид тулалдах явцдаа цохилт аваад яг ринг дээр нас барчихдаггүй л дээ. Бэртэл авсан тамирчинг эмнэлэгт хүргэнэ, улмаар хуучин бэртэл, өвчин нь сэдэрсэн ч юм уу, эсвэл өөр ямар нэгэн шалтгааны улмаас ийм харамсалтай зүйл болдог. Монголын боксын түүхэнд миний мэдэхийн зургаан хүн байна уу даа, харамсалтайгаар бурхан болсон байдаг. Гэтэл сая ойрхон хоёр тэмцээнд хоёр хүүхэд амиа алдсанд харамсаж байна. Боксын рингэнд ийм ойрхон хоёр тамирчин амиа алдсаныг сонссон эцэг, эхчүүд хүүхдүүдээ тэмцээнд оруулахаас айж байгаа. Тийм болохоор цаашид Монголын боксын холбоо иймэрхүү асуудал дээр анхааралтай хандаж хаана, хаанаа болгоомжтой, хариуцлагатай байх нь зөв.

-12-16 насныхан тэмцээний үеэр бэртэж, зарим нь бүр амиа алдаж байна. Ийм байхад Монголын боксын холбоо энэ үеийнхний тэмцээнийг хориглож болохгүй гэж үү. Цаашид хичнээн хүүхэд бэртэж, гэмтэхийг бид мэдэхгүй шүү дээ…

-Ер нь нас насаар нь тэмцээнд оруулах ёстой. Гэтэл энд нэг алдаа гараад байдаг. Юу гэхээр зарим дасгалжуулагчид тамирчдынхаа насыг дарж орж ирдэг. Үүнийг улс даяар хянана гэвэл боломжгүй. 14 насныхны тэмцээн боллоо гэхэд 15, 16 настай хүүхдүүд 14 настай хүүхдийн гэрчилгээгээр ороод ирдэг. Ингээд хоёр насны зөрүүтэй хүүхдүүд хоорондоо зодолдоно гэдэг чинь өдөр, шөнө шиг ялгаатай шүү дээ. Үүнд хяналт тавьдаг судалгааны баг гэж байх ёстой. Яг 17, 18 нас хүрч байж насны зөрүү арилдаг. Тэрнээс өмнөх насныхан бол нас насаараа л тэмцээнд оролцох нь чухал. Манайханд бас нэг алдаа бий. Тэр нь боксоор хичээллэж байгаа хүүхэд кикбокс ч юмуу, тайбоксоор давхар хичээллээд байдаг. Өөрөөр хэлбэл кикбоксын тэмцээн боллоо гэхэд боксын тамирчин орж тулалддаг тохиолдол их анзаарагддаг. Үүнийг болих хэрэгтэй. Зөвхөн гараараа тулалддаг, нударганы цохилт авдаг хүн хөл техниктэй, хөлний цохилт авна гэдэг өөр шүү дээ. Тийм болохоор бокс бол боксоороо л явах учиртай. Яагаад хүүхдүүд тулааны бусад төрлөөр давхар хичээллээд байгаа вэ гэхээр тэмцээнтэй л холбоотой юм. Яг боксын тэмцээн манайд ховор зохиогддог. Болж өгвөл жилд 12-14 тэмцээн зохион байгуулах хэрэгтэй. Одоо манай улсын боксын нэрийг хэдхэн тамирчид л авч явж байна. Араас нь залгаад гарч ирэх залуу үе тасарчихаад байгаа. Спортын топ төрөл гэгдэх жүдо, чөлөөтийнхөн залуу үеэ их дэмжиж байна. Манай боксын холбоо ч гэсэн үүнээс жишээ авч, илүү сайн ажиллах хэрэгтэй.

-1960-аад оны эхээр боксын спортыг улсаас хааж, хориглож байсан гэсэн. Ямар учраас хориглосон байдаг юм бол?

-Миний мэдэхийн 1964-1968 он хүртэл дөрвөн жилийн хугацаанд боксыг хориглосон байдаг. Тухайн үеийн Биеийн тамир, спортын газраас “Боксын спорт Монголд ерөөсөө тохирохгүй юм байна, барууны орнуудаас орж ирсэн, хүн гэмтээдэг спорт” гэж хориглосон гэдэг. Гэвч энэ хугацаанд манай багш нар, ахмад үеийнхэн маань нууцаар бэлтгэл хийдэг байсан. Улмаар Ю.Цэдэнбал дарга, манай боксын алтан үеийн төлөөлөл, Б.Олзод багш нар энэ спортыг “Монголд байх ёстой” гэж хөөцөлдсөөр байгаад 1968 онд эргүүлээд нээж байсан түүхтэй юм билээ. Үүнээс хойш манай улсын баг, тамирчид олимп, дэлхийн наадмуудад тасралтгүй оролцож ирсэн байдаг.

-Монголын боксын холбооны үйл ажиллагаа хэр хангалттай явагдаж байгаа вэ?

-Ер нь бол Монголын боксын холбоо өдөр тутмынхаа ажил, үүргийг гүйцэтгээд үйл ажиллагаагаа явуулж л байна. Гэхдээ тэрхүү үйл ажиллагаагаа илүү сайн болгох, энэ спортыг Монголд улам хөгжүүлэх талын ажлыг идэвхтэй хийх хэрэгтэй гэж хардаг. Монголд боксын спорт хөгжөөд далан жил боллоо. Гэвч энэ спортыг нарийн судлах, энд тэнд болж буй тэмцээн уралдаануудын дүн мэдээ, кодыг бүртгэх ажлууд дээр дутмаг хандаж байгаа гэж боддог. Холбооны ерөнхийлөгчийн зүгээс жил бүр тодорхой хэмжээний хөрөнгө, санхүү гаргаж өгдөг. Тэрхүү хөрөнгийг холбооны гүйцэтгэх албаныхан боксын спортын төлөө зөв зүйлд зарцуулах нь чухал юм. Гэтэл шаардлагагүй ч гэдэг юмуу, дэмий зүйлд хөрөнгө зарж байна. Үүнээс болоод зарим нэг асуудал үүсэж байгаа гэж боддог. Ер нь холбоо ойрын үед хуралдаж, хуучин дүрэм журмаа шинэчлэн батлах хэрэгтэй байгаа юм. Дэлхийн боксын холбооны дүрэмд тулгуурлаж, Монголынхоо нөхцөлд тохирсон журам батлаад гаргачих ёстой байна. Ингээд тэрхүү журмаараа ажил үүргээ гүйцэтгээд, тэмцээн уралдаан зохион байгуулж хяналт, хариуцлагын асуудлыг бэхжүүлэх хэрэгтэй л гэж боддог.

-Монголд болж буй боксын тэмцээн бүрийг бүртгэх хэрэгтэй гэлээ. Гэтэл мэргэжлийн холбоондоо мэдэгдэхгүйгээр тэмцээн уралдаан энд тэнд зохион байгуулдаг зүйл байдаг гэж албаны хүн ярьж байсан. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Аливаа тэмцээн уралдааныг зохион байгуулах гэж байгаа бол хэдэн сарын өмнө боксын холбоондоо мэдэгдэж, тэмцээний заавраа батлуулсан байх журамтай байдаг. Ингээд тэмцээн зохион байгуулахдаа мэргэжлийн холбоодын, эмнэлгийн, цагдаагийн, эцэг, эхчүүдийн хяналт дор зохион байгуулдаг. Харин манайд хэн нэгэн хүн хаа нэгтээ дураараа тэмцээн уралдаан зохион байгуулсан тохиолдлыг бий сайн мэдэхгүй юм. Хөдөө орон нутагт битгий хэл сургуулийн, эсвэл хамт олны хүрээнд боксын тэмцээн зохион байгуулах гэж байгаа бол заавал холбогдох мэргэжлийн байгууллагуудад мэдэгдэх шаардлагатай.

-Боксын спортоор хэдэн наснаасаа эхэлж хэрхэн хичээллэх ёстой юм бол?

-Боксын спорт өндөр хөгжсөн Орос, Хятад, Куб улсуудад хүүхдийг 8-10 наснаас нь хичээллүүлж эхэлдэг юм билээ. Харин манай улсад 12-оос дээш насны хүүхдүүд энэ спортыг сонирхон, хичээллэвэл илүү ач холбогдолтой юм болов уу гэж боддог. Хэтэрхий багаасаа хичээллэснээр хүүхдүүд алсдаа сонирхолгүй болох, хичээл завсардах зэрэг сөрөг талтай.


Categories
мэдээ цаг-үе

Монголчуудын 2.1 сая нь фэйсбүүкийн хэрэглэгч

Марк Цукерберг зурган илэрцүүд“Фэйсбүүк” нийгмийн сүлжээний үүсгэн байгуулагч Марк Цукербергийн хөрөнгө дөрвөн тэрбум ам.доллараар хорогдоод байна.

“Facebook” компани олон нийтийн сүлжээний 50 сая орчим хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж, АНУ-ын сонгуульд ашигласан тухай дуулиан шуугиан дэгдэж байна. Үүнээс үүдэж тус компанийн хөрөнгө оруулагчид хөрөнгөө татах, шүүхэд нэхэмжлэл гаргах зэргээр асуудал улам хүндэрч компанийн хувьцааны үнэ 7-8 хувиар унаж, компанийн үнэлгээ 60 тэрбум ам.доллараар мөн “Фэйсбүүк” нийгмийн сүлжээний үүсгэн байгуулагч Марк Цукербергийн хувийн хөрөнгө дөрвөн тэрбум ам.доллараар хорогдоод байгаа юм.

2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиар Дональд Трампын сонгуулийн компанит ажилд тусалсан мэдээллийн дүн шинжилгээний “Cambridge Analytic” компани фэйсбүүкийн 50 сая орчим хэрэглэгчийн мэдээлэлд нэвтэрч, сонгуульд ашигласан болохыг хэвлэлийнхэн ил болгосон нь энэ бүх дуулианыг эхлүүлсэн юм.

Шүүхэд нэхэмжлэл гаргагчид хэрэглэгчдийн зөвшөөрөлгүйгээр хэдэн сая хүний хувийн мэдээлэлд нэвтрэх боломжийг гуравдагч талд олгож, хувь хүн, хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг хамгаалахтай холбоотой дүрмээ ноцтой зөрчсөн учир хөрөнгө оруулагчдад нөхөн төлбөр олгох тухай ч дурджээ. Эхэндээ хөрөнгө оруулагчид нь энэ талаарх мэдээллийг няцаасан байр сууринаас хандаж байсан ч “Фэйсбүүк” нийгмийн сүлжээний үүсгэн байгуулагч Марк Цукерберг компаниа улс төрийн зорилгоор ашиглаж, хэрэглэгчдийн нууц мэдээллийг задруулсан ноцтой зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн нь олон сая хүний анхаарлыг татсан билээ. М.Цукерберг “Бид буруугаа хүлээж, Конгрессын өмнө хэргээ шүүлгэхэд бэлэн байна. Мэдээлэл алдагдаж, олон улсын улс төрийн түвшний том асуудал гарна гэж төсөөлөөгүй. 2015 онд үүнтэй адил асуудал үүсэхэд хүчтэй арга хэмжээ авах ёстой байжээ. Маш их харамсаж байна” гэсэн утгатай зүйлс ярьсныг олон улсын томоохон ажиглагчид “Хүмүүсийн хувьд фэйсбүүкийг яагаад ч юм 100 хувь найдвартай гэж итгэж байсан. Харин Марк Цукербергийн мэдэгдэл үүнийг үгүйсгэж, хэрэглэгчдийнхээ мэдээллийг бусдад арилжсан гэдэг нь батлагдлаа” хэмээн дүгнэсэн юм.

Фэйсбүүкт бүртгэлтэй болсон цагаасаа хойш олон тоглоом, аппликейшн татаж, тоглоом, сонжоо бөглөх, ямар нэгэн уралдаан тэмцээнд бүртгүүлэхдээ фэйсбүүкээрээ нэвтэрсэн бол та дараахь тохиргоог хийж тухайн аппликейшнуудыг устгах ёстой юм байна. Фэйсбүүкийнхээ цэс (menu) рүү ороод Тохиргоо (Setting) гэсэн сонголтыг хийнэ. “Account Settings”-руу ороод “Apps” дээр дарна. “Logged in with Facebook” буюу фэйсбүүкээрээ нэвтрэн орсон зүйлсийн жагсаалт руу ороход таны нэвтэрч орсон аппликейшнуудын жагсаалт гарч ирнэ. Тус бүрийнх нь ар дахь remove товчийг дарж устгана. Мөн таны фэйсбүүкийн найзуудын хэрэглэдэг аппликейшнууд, таны дата буюу хувийн мэдээллийг тань цааш дамжуулж байх магадлалтай учир “Logged in with Facebook” цонхны доорх “Platform” хэсэг рүү орж идэвхгүй буюу “No” гэснийг нь сонгох ёстой юм байна.

Энэ үүссэн нөхцөл байдлаас үүдэж фэйсбүүкийн хэрэглэгчид дээрх зөвлөгөөний дагуу зарим анхан шатны арга хэмжээ авч, ноцтой мэдээлэл, гэрэл зураг, материалуудаа фэйсбүүк дээрээ хадгалахаас татгалзаж, өөр зүйл дээр архивлаж авах явдал их байгаа юм байна. Зарим хэрэглэгчид фэйсбүүкийг хатуу дүрэмтэй болгож, хэрэглэгчдийнхээ мэдээллийг хамгаалах тал дээр маш чанд ажиллах ёстой гэж шаардаж байгаа аж. Дэлхий даяар “#DeleteFacebook” нэртэй фэйсбүүкээс татгалзах аян өрнөж алдартнууд уг аянд нэгдэж байгаагаа илэрхийлж фэйсбүүк хаяг, хуудсаа албан ёсоор устгаж байгаагаа эхнээсээ зарласаар байна. Энэ аяныг түүчээлж байгаа алдартны нэг бол “WhatsApp”-ын үүсгэн байгуулагч Брайан Эктон. Хятад зэрэг улс фэйсбүүкийг анхнаас нь иргэдийнхээ мэдээллийг хулгайлах зорилготой хэмээн сэрдэж энэ тал дээр хатуу байр суурь баримталсаар ирсэн. Фэйсбүүк идэвхтэй хэрэглэдэг орнуудын хэрэглэгчид сүүлийн өдрүүдэд “Facebook” компани руу захидал олон мянгаар нь бичиж “Цаашид бид яах ёстой юм бэ” гэсэн гомдоллосон, эргэлзсэн асуулт тавьж байгаа аж.

Дэлхийн бусад орнууд ч энэ өрнөж буй асуудлыг чихнийхээ хажуугаар зүгээр өнгөрүүлэхгүй, ард иргэд, фэйсбүүк хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг хадгалах тал дээр санаа зовниж үндэсний хэмжээний дата компани, мэргэжилтнүүдтэйгээ нийлж гарц хайж эхэлсэн байна.

“Фэйсбүүк хэрэглээ Монголд-2018” судалгаанд дурдсанаар манай улс дахь фэйсбүүк хэрэглэгчдийн тоо 2017 онд 1.7 сая байсан бол 2018 оны хоёрдугаар сарын байдлаар 2.1 саяд хүрчээ. Монгол Улсын фэйсбүүк хэрэглэдэг 18-с дээш насны нийт хүн амын 66 хувь нь 18-34 насныхан. Энэ үзүүлэлт 2017 онд 70 хувь байжээ. Мөн энэ оны хоёрдугаар сарын байдлаар нийт фэйсбүүк хэрэглэгчдийн 52 хувь нь эмэгтэй, 48 хувь нь эрэгтэйчүүд байгаа юм. Үүнээс үзвэл Монголд гурван хүн тутмын хоёр нь фэйсбүүк хаягтай гэсэн үг. “We are social” байгууллагаас жил бүр гаргадаг Сошиал медиа, интернэт хэрэглээний статистик тайланд Монголд гар утсаар фэйсбүүкт холбогддог хэрэглэгчдийн хувь 95 хувьд хүрчээ. Мөн ахимаг насны эмэгтэйчүүдийг үеийнх нь эрчүүдтэй харьцуулахад фэйсбүүкт илүү идэвхтэй байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Дээрх тоо баримтаас үзвэл Монголын хүн амын 60 гаруй хувь нь фэйсбүүкт бүртгэгджээ. Хэрэвзээ фэйсбүүк үнэхээр хэрэглэгчдийнхээ мэдээллийг арилждаг, улс төрийн зорилгоор хэрэглэгчдийнхээ мэдээллийг хэн нэгэнд хуваалцдаг бол энэ ноцтой, үндэсний аюулггүй байдалд нөлөөлөхүйц хэмжээний асуудал.

Тэгэхээр бид фэйсбүүк шиг үндэсний хэмжээний аппликейшнтэй болох ёстой юм байна гэсэн хувилбар гарч ирж байгаа юм. Дэлхийн зарим орнууд фэйсбүүк, твиттер, инстаграм зэрэгтэй өрсөлдөхүйц хэмжээний томоохон аппликейшнуудыг бүтээгээгүй ч улс дотроо хэрэглэдэг, нийгмийн сүлжээний бүтээгдэхүүнүүдтэй болчихоод байгаа. Зарим нь фэйсбүүкийг хэрэглэхийг зорьж өөрсдийн бүтээсэн аппликейшнуудаа хэрэглэхийг уриалдаг.

“Фэйсбүүк, твиттер зэрэг нийгмийн сүлжээнүүд нь хэрэглэгчдээсээ биш, хөрөнгө

оруулагчдаасаа санхүүждэг. Эхлээд хөрөнгө оруулагчдаас хөрөнгө татаж хөл дээрээ босож, дараа нь бирж дээрээс мөнгө босгодог. Монголчууд тийм хэмжээний нийгмийн сүлжээг хийж чадахгүйдээ биш, түүнийг дэмжих хөрөнгө оруулагч байхгүйд л хамаг учир байгаа юм. Шууд гаргаад ирэх бэлэн зүйл байхгүй ч аливаа юмыг эхнээс нь сурч суралцаж бий болгодог. “Фэйсбүүк” чинь нэг л өдөр гэнэт гарч ирээгүй. Гаргаж ирэхийн тулд 10 жил хөдөлмөрлөсөн байдаг шүү дээ. Тийм болохоор хөрөнгө оруулагчид нь байвал монголчууд “Фэйсбүүк”-ээс илүү гараад байхааргүй ч, дутахааргүй үндэсний хэмжээний нийгмийн сүлжээг бий болгочихож чадна. Нөөц бололцоо, боловсон хүчнүүд нь бий” гэж “Датаком” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Энхбат ярилаа. Ингэхээр бид үндэсний аюулгүй байдал, иргэдийнхээ хувийн мэдээллийг хамгаалахын тулд үндэсний хэмжээний нийгмийн сүлжээтэй болох шаардлага тулгарчихаад байна.


Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Иргэний мэдэх эрх” сэдэвт орон нутгийн сэтгүүлчдийн уулзалтад оролцлоо

Жил бүрийн хавар зохион байгуулагддаг орон нутгийн 100 сэтгүүлчийн “Иргэний мэдэх эрх” уулзалт өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Иргэний танхимд боллоо.

Орон нутгийн 100 орчим сэтгүүлч эдгээр өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж байгаа бөгөөд салбартаа тулгамдаж байгаа асуудлаар төр болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагуудтай уулзалт, ярилцлага зохион байгуулж, мөн Төр засгийн удирдлагуудтай уулзаж, ярилцаж байна.

“Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо”-ны хүсэлтийн дагуу “Иргэний мэдэх эрх” уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран зохион байгуулж, өнөөдөр сэтгүүлчдийн уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, сонирхсон асуултад нь хариулсан юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцож, Тамгын газрын бодлого, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөө зэргээ танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдээ сонсдог Ерөнхийлөгч байна гэж амласан. Нийслэлийн найман дүүрэг /Багахангай, Баянзүрх дүүргийн иргэдийн уулзалт нэг дор болсон /, Увс, Баян-Өлгий, Ховд, Өвөрхангайгаас бусад бүх аймгийн иргэдтэй уулзаад ирсэн. Энэ сардаа багтаад үлдсэн аймгийн иргэдтэй уулзахаар төлөвлөж байна. Өчигдөр УИХ-ынХаврын чуулганы нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдтэй хийсэн уулзалтын дүнг танилцуулж, Төрийн бодлого болгох ёстой зүйлсийн талаар үг хэлсэн. Үг хэлэхээс гадна тэдгээр асуудлуудыг хэрхэн шийдэх талаар УИХ-д санал болгосон. Хууль санаачлах эрхийнхээ хүрээнд хэд, хэдэн хуулийн төсөл өргөн барьж, энэ чуулганы хугацаанд хэлэлцүүлнэ” гээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын бодлого, үйл ажиллагааг танилцууллаа.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Радио, телевиз, сонин, сэтгүүлийн ажилтан та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Энд ганцхан орон нутгийн гэлтгүй нийт иргэдийн өмнөөс ярьж, асуух эрхтэй хүмүүс ирсэн гэж бодож байна” гээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгөв.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 4 дүгээр сарын 8-12-нд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны хэлэлцээ хийж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нарт тус тус бараалхана. Уулзалт, хэлэлцээний үеэр талууд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, тэр дундаа хоёр талын улс төр, эдийн засаг, худалдаа, хүмүүнлэг зэрэг салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг урагшлуулах өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

Айлчлалын үеэр талууд Засгийн газар болон байгууллага, аж ахуйн нэгжүүд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол, Хятадын бизнес форум”-д оролцож, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дэлхийн хөгжлийн төлөөх нээлттэй, шинэлэг Ази” сэдвийн дор болох Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтын нээлтэд оролцож үг хэлнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрдэнэтийн 49 хувийг төрд авах нь зөв гэсэн Цэцийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2018 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Улсын Их Хурлын 2017 оны Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухайн маргааныг хянан хэлэлцэж, уг тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргалаа.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн мэдэлд авсан тохиолдолд “Монголиан Корпер Корперейшн” ХХК-ийн ОХУ-ын “Ростех” корпорецид уг 49 хувийн энгийн хувьцааг авахад зарцуулсан төлж барагдуулах үүрэгтэй” гэсэн дүгнэлт гаргасан юм.

Уг шийдвэрийн үндэслэлд “Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны тухай хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурал 2004, 2009 онд тус тус соёрхон баталжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15 дахь заалтад зааснаар Улсын Их Хурал Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэдэг. Түүнчлэн холбогдох хуульд Засгийн газар соёрхон баталсан Монгол Улсын олон улсын гэрээг цуцлах тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх ёстойг заасан.Мөн Монгол Улсын Их Хурлаас нэгэнт соёрхон баталсан Олон Улсын гэрээг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэлгүй, өөрчилж, зөвхөн Улсын Их Хуралд хадгалагдах бүрэн эрхэд Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолоороо халдаж Үндсэн хуулийн холбогдох заалт болон бусад хуулийн заалтыг зөрчсөн байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно гэж заасны дагуу Улсын Их Хурлын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолоороо Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолыг хүчингүй болгосон нь Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарч байна.” гэж заасан байна.

Цэцийн дүгнэлттэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, С.Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос асуулт асууж, хариулт авав.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр Ж.Батзандан “Эрдэнэтийн 49 хувийг худалдаа хөгжлийн банкны бүлэглэл Монгол Улсын 10 гаруй хуулийг зөрчиж авсныг тогтоосон шийдвэрийг Үндсэн хуулийн цэц гаргасан байна. Хууль зүйн байнгын хороо сайн ажилласан байна. Гэхдээ өнөөдрийг хүртэл 49 хувийнхан чинь Эрдэнэт үйлдвэр дээр байна гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү. Бид дөрвөн банктай нэг нөхөрт байрьцаалгдаад байна шүү дээ. Интео, Капитал, Улаанбаатар, Худалдаа хөгжлийн банкнууд. Санжийн Баяр тэргүүтэй МАН-ынхан 51 хувийг булаан авах гэж байна. 49 хувийг Ц.Элбэгдорж тэргүүтэн авах гэж байна. Ингэж тусгаар улсын дотоод хэсэгт оролцуулж байна. Алдагдсан төмрийн орд, Хөтөлийн орд 49 хувиа буцаан авах ёстой.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Бүлэглэлийн хумс хуулийн хяналтын байгууллагад дэндүү гүнзгий, гүн шигдэн бэхжээд хөгжлийнхээ дээд цэгт хүрсэн байна. Энэ асуудлыг ярьсан хүн болгоныг гутаан доромжилж байна. Ш.Раднаасэдийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татна гэж 14 хоног ярьсан, дараагаар нь хүн дайрлаа гэж гүтгэсэн. УДШ-ийн Захиргааны хэргийн шүүхийн танхимын тэргүүн н.Батсайхан ХХБ-д ажиллаж байсан. ҮХЦ-ийн гаргасан шийдвэр Үндсэн хуультай ижил баримт. Гэтэл маргаан үүсгээд явж байна.

Хууль хяналтын байгууллага нь хаагаад бүтэхгүй байна. ҮХЦ-ийн шийдвэр гарсны дараа Захиргааны хэргийн шүүх дахиж хуралдаж байна. Өөдөөс нь сөрсөн болгоныг гутаан доромжилж байна. Ер нь 49 хувийг худалдан авах гэж 2015 оноос хойш эрчимтэй ажилласан. Санхүүгийн эх үүсвэрийг нь бэлтгэж өгсөн. Энэ ажиллагааг явуулахад туйлын хүндрэлтэй байна гэж УИХ-д мэдэгдэх нь зүйтэй. Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй гэдэг бичгээ явуулсан” гэсэн байр суурь илэрхийлэв.

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ мэндчилгээ дэвшүүллээ

​АН-ЫН ДАРГА С.ЭРДЭНЭ УИХ-ЫГ ТАРААХ БИЧИГ ИРВЭЛ ГАРЫН ҮСЭГ ЗУРНА ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ​Ардчилсан нам үүсэн байгуулагдсаны 28 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойг тохиолдуулан Ардчилсан намын дарга С.Эрдэнэ мэндчилгээ дэвшүүллээ.

Мэндчилгээнд, “Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн Ардчилсан төрт Монгол Улсын иргэн та бүхэндээ Ардчилсан нам үүсэн байгуулагдсаны 28 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
Олон намын тогтолцоот төр улсын үндсийг тавьж, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө баталгаажуулсан Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгал хийгээд түүний шууд үр дүнгээр бий болсон Ардчилсан нам өдгөө 28 нас хүрч, хүнээр бол эрийн цээнд нэгэнт хүрчээ.
Алдаа, оноо амжилт бүтээл дүүрэн он жилүүдийг бид хамтдаа бүтээлцэж, эх орныхоо бүрэн эрхт эзэн нь болж, бусдын эрхээр бус өөрийн эрхээр хөгжсөн энэ 28 жилийг бид хайрлаж хамгаалж, мөн хөгжүүлж хойч үедээ өвлүүлэн үлдээх үүрэгтэй билээ.
Өдгөөгөөс 28 жилийн өмнө Монголын Ардчилсан намын анхны тулгын чулууг тавьж байсан бол 2000 онд Ардчиллын төлөөх таван нам нэгдэж, Ардчиллын үнэт зүйлийг сахин хамгаалагч Ардчилсан хүчнүүдийн нэгдэл болсон хүчирхэг Ардчилсан намыг бий болгосон юм.
Бид олон сорилт, давааг туулан өнөөдрийг хүрч бас нэгэн шинэчлэлийн давалгаагаа эхлүүлээд удаагүй байна. Талцал хуваагдал түүх болон ард хоцорч, улс орны хөгжлийн бодлого боловсруулж,хэрэгжүүлэгч улстөрийн институци хэлбэр рүү эргэлт буцалтгүй шилжсээр байна.
Ардчилсан нам тэргүүлэх улс төрийн хүчний байр сууриа хадгалсаар байгаа төдийгүй улс орныхоо бүтээн байгуулалтад бодитой хувь нэмрээ оруулсан олон сайн ажлыг хийснийг Монголын ард түмэн үнэлсээр буй билээ. Цаашид бүтээн байгуулалт, хүний хөгжил, эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх чиглэлээр бодлого, мөрийн хөтөлбөр гаргаж, түүнийгээ бодит ажил хэрэг болгохын төлөө тууштай зүтгэх болно.
Энэхүү 28 жилийн түүхийг хамтдаа бүтээж, өнөөдрийн түвшинд хүртэл ачааны хүндийг нуруундаа үүрсэн Ардчилсан намын мянга мянган гишүүддээ ойн баярын мэнд хүргэхийн ялдамд амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Оюу толгой төслийн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө (Дубай)

Screen Shot 2018-04-06 at 8.08.54 AM

М.ЭНХСАЙХАН


Улс төр нь хаана яваа, хууль эрх зүй нь хаана яваа нь улам бүр мэдэгдэхгүй бантагнаж байгаа энэ цаг үед цочирдмоор нэг үйл явдлын гэрч бид бүгд болчих юм. Төв талбай дээр нэг хэсэг хүмүүс “ОТ-н гэрээгээр сор залав”.

Уламжлалаа хадгалья гэвэл энэ явдлын дараагийн алхам нь хүн, малын амиар тахил өргөх явдал юм.

Тахил өргөх ажлыг хууль хяналтын байгууллагаар гүйцэлдүүлэх гэсэн мэт үйл явдал ар араасаа өрнөх шинжтэй. Ялангуяа “Дубайн гэрээ” гэгчээр баривчилгаа хийж, мэдүүлэг авч байгаагаа зарлах нь Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтыг татахыг эрмэлзэж байгаа бодлогод яавч сайнаар нөлөөлөхгүй нь ойлгомжтой юм.

ОТ төсөл Монгол улс ардчилал, зах зээлд шилжсэнээс хойш хэрэгжсэн анхны цор ганц мегатөсөл юм. Буруу зөв ойлгох зүйл зөндөө бий. Энэ талаар миний бие мөн ч олон бичиж, ярьж, олон ч хариуцлагатай хүмүүст захидал бичиж байж билээ.

Ойрмогхон болж байгаа үйл явдлаас санаа зовинож ОТ төсөлтэй холбоотой зарим нэг зүйлийг зориуд хэлэх нь зүйтэй санагдаж байна. Нуулгүй хэлэхэд ойлголтоо нэг мөр болговол дээр дооргүй буруу улс төржих нь татрах боловуу гэж горьдсных. Болгооно уу.

ОТ төсөл дээр ТЭЗҮ хэдэн удаа боловсрогдох вэ?

Манайхны нэлээд нийтлэг алдаатай бодол бол ОТ төсөл дээр ТЭЗҮ нэг л удаа боловсрогдох ёстой хэмээн боддог. Гэтэл ОТ төслийн хувьд тийм биш юм. Учир нь нээлттэй мэдээллээр бол ОТ-н орд геологийн тогтоцын хувьд 6 биетээс бүрдэж байгаа.

Screen Shot 2018-04-06 at 8.39.37 AM

ОТ төсөл ил уурхайгаас үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд энэ хугацаанд далд байгаа биетүүд дээр үе шаттайгаар геологийн нарийвчилсан судалгаа хийгдэж таараа. Геологийн судалгааны үр дүн үр ашигтай үйлдвэрлэл явуулах бололцоотой гэвэл тэдгээрийг бэлэн болох хэмжээгээр нь ашиглах юм. Ингэхээр тодорхой хугацааны дараа ТЭЗҮ дахин дахин боловсрогдож байх ёстой болно. Наад зах нь 5-6 удаа ТЭЗҮ гарах юм байна гэвэл гайхах зүйл байхгүй.

2. ОТ төсөл Хэдэн удаа санхүүжилт босгох ёстой вэ?

Манайхны бас нэг нийтлэг алдаатай бодол бол ОТ төсөл нэг удаа хөрөнгө мөнгө босгоод амар сайхандаа жаргах юм шиг боддог. Ингэж сэтгээд байгаа нь орд газрын тогтоцыг ойлгоогүй, ТЭЗҮ нэг л удаа байх ёстой гэж буруу ойлгосонтой холбоотой бөгөөд дээр нь ОТ төсөл үр ашгаа өгөхийн тулд асар их зардал гаргадаг гэдгийг ойлгоогүй буюу ойлгосон ч санаатай улс төржүүлдэгээс болж байгаа юм.

Орд газруудын биетээс хамаараад ОТ төсөл 100 жилийн төсөл хэмээвээс дэлхийн зах зээл дээрээс санхүү босгох үйл ажиллагаа мөн л 5-6 дахин хийгдэх болно. Энэ талаар Lazard компанийн хөрөнгө оруулагчдад хийж өгсөн слайдыг харуулья.

Screen Shot 2018-04-06 at 8.40.32 AM

Screen Shot 2018-04-06 at 9.06.33 AM

ОТ мэт Уул уурхайн мегатөслийг ойлгохгүйгээсээ бөөн хэрүүл уруул байгаа шигээ өнөөдрийнхөөрөө байвал дээрх слайдыг хараад монголчуудын хувьд 21 дүгээр зуун тэр чигээрээ хэрүүлийн зуун болчих нь гэж бодогдохгүй байна уу. Үгүй биз дээ. Би хувьдаа өөдрөг байгаа.

3. “Дубайн гэрээ” гэгчийн тухай

ОТ төсөл ажиллаж эхлэхийн тулд хөрөнгө оруулалтын болон хувьцаа эзэмшигчдийн гэсэн 2 төрлийн гэрээ том байгуулагдсан байдаг. Энэ гэрээнүүд өөрчлөгдөөгүй. Сайханбилэг, Бямбасайхан эдгээр гэрээг өөрчлөөгүй. Засгийн газар дээр ийм асуудал яригдаагүй.

ОТ төсөл дараачийн шатны хөрөнгөө босгож, зардал гаргаж, үр ашигтай ажиллахын тулд Санхүүжилтийн төлөвлөгөөгөө Дубайд гарын үсэг зурсан байдаг.Screen Shot 2018-04-06 at 9.25.00 AM

ОТ төсөлд Монгол улс 34 хувийн оролцоотой бөгөөд тэрхүү оролцоог хэрэгжүүлэгч байгууллага нь Эрдэнэс МЖЛ юм. Тэр нь санхүүжилтийн төлөвлөгөөгөө батлахын өмнө Засгийн газраас зөвшөөрөл авсан хэрэг. Бүх зүйл Засгийн газрын эрх зүйн чадамжтай орчинд хийгдсэн бөгөөд Үүнийг нь “Дубайн гэрээ” хэмээн цоллож ОТ төслийн анхны хөрөнгө оруулалтын гэрээг үндсээр нь өөрчлөөд хаясан мэт хоосон улс төржүүлэх нь популист улс төрчдөд л хэрэгтэй зүйл байх. Үнэн гэж байдаг бол тогтоогдоно бизээ.

Засгийн газар хийж байсан ажлаа нууж хааж байсан зүйл байхгүй. Нотолгоо нь тухайн үедээ ил болгож байсан Дубайд үзэглэсэн “ОТ-н далд уурхайн бүтээн байгуулалт,санхүүжилтийн төлөвлөгөө”-г zasag.mn сайтаас татаж та бүгдийн хүртээл болгож байна. Дараахь холбоосоор үзнэ үү

ot2 business plan

4. Далд уурхайн бүтээн байгуулалт яагаад хэрэгтэй вэ.

ОТ-н далд уурхайн бүтээн байгуулалт нь ОТ төслийн нийт үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Үр ашиг яагаад нэмэгдэх вэ гэхээр боловсруулалтад орж байгаа хүдэрт агуулагдах металлын агууламж нэмэгдэж байгаатай холбоотой юм.

Screen Shot 2018-04-06 at 9.38.38 AM

Нэгж бүтээгдэхүүнд ногдох зардал багасах хэмжээгээр үр ашиг нь нэмэгдэхэд ОТ-н өгөөж нэмэгдэж манай төсөвт өгөх татвар хураамж хүртэл өснө. Түүнээс илүүтэйгээр далд уурхайн бүтээн байгуулалтад үндэсний компаниуд оролцсоноор манай эдийн засагт эерэг нөлөөтэй юм.

Дубайд үзэглэгдсэн ОТ-н далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнд далд уурхайн 7 жилийн бүтээн байгуулалтаас Монголчуудад ямар үр өгөөж ирэх вэ гэдгийг он оноор нь ингэж үзүүлжээ.

Screen Shot 2018-04-06 at 9.47.19 AM

Монголын эдийн засаг уналтаас гарахад ОТ төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх явдал чухал байсан бөгөөд өнөөдөр үр шимийг нь амсаж байгаа. Гэсэн хэдий ч амжилт маань эмзэгхэн байгаа гэдгийг бүгдээрээ ойлгоосой билээ.

Categories
мэдээ нийгэм

Харьяа агентлагийнхан нийслэлтэй харилцах хороодын “гүүр” болж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Баянгол дүүргийн Засаг дарга болон хороодын Засаг дарга нартай өнөөдөр уулзлаа. Тус арга хэмжээнд НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр болон НЗДТГ-ын холбогдох хэлтэс, нийслэлийн харьяа агентлагуудын удирдлага оролцсон. Уулзалтын хүрээнд хороодын Засаг дарга нарт “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил”-ийн төлөвлөгөө болон 2018 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалттай холбоотой мэдээллийг НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, “Манай хороо-Миний гудамж” аянтай холбоотой мэдээллийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн О.Оджаргал, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зохион байгуулж буй ажлын танилцуулга, дүүргийн Засаг дарга нар энэхүү ажилд ямар үүрэг оролцоотой ажиллах талаар нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга Б.Цацрал, “Нэг өрх-нэг ажлын байр” хөтөлбөрийн явцын талаар нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Г.Ганзориг нар мэдээлэл өгөв.

Хорооны Засаг дарга нарын үйл ажиллагааг дэмжих, хороо НЗДТГ-ын хоорондох ажлын уялдааг бий болгох зорилгоор нийслэлийн харьяа агентлагуудын дарга нарыг хороо бүрт хуваарилж ажиллуулж байна. Агентлагийн дарга нар хороодод хэрхэн ажилласнаа Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж байгаа билээ. Энэ талд хороодын Засаг дарга нар баяртай байгаагаа илэрхийлж, өөрийн хороог хариуцсан агентлагийн дарга нартай уулзалт зохион байгуулан ажлын төлөвлөгөө гаргаснаа хэллээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр “2017 оныг Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил болгон зарлаж ажиллаад олон зүйлийг хийсэн. Онцлоод хэлбэл, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулж УИХ-д өргөн барьсан. Тус хуульд маш чухал заалтуудыг оруулж өгсөн. Дүүрэг, хороод өөрсдийн биеэ даасан нөхцөлийг бүрдүүлж, санхүү эдийн засгийн хувьд хараат бус эрх мэдлийг өгөх асуудлыг тусгасан. Ингэснээр цаашид Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэд нэлээн хувь нэмэр болох юм. Уг хуультай холбогдуулан нийтдээ 12 хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг өргөн барьсан. Мөн Нийслэлийн Засаг дарга 2018 оны эхний өдрийн захирамжаараа “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан. Энэ хүрээнд иргэдийн оролцоонд тулгуурлан үйл ажиллагааны төлөвлөлтөнд анхаарч байна. Та бүхнээс ирж буй санал, санаачлага, холбогдох агентлагтай хамтраад хийж буй ажлын төлөвлөгөөний дагуу бид эргээд гүйцэтгэлээ харна. Хамгийн гол нь та бидний хамтын ажиллагаа үр дүнтэй байх ёстой. Иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулсан байх ёстой юм” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.