Categories
мэдээ улс-төр

Тэтгэвэр авагчийн эрх ашиг хөндөгдөж буй, эсэх талаар санал дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах Дэд ажлын хэсэг хуралдлаа

Тэтгэвэр авагчийн эрх ашиг хөндөгдөж буй, эсэх талаар санал дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах Дэд ажлын хэсэг хуралдлааУлсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг нар хамтран Байнгын хорооны тогтоолоор Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дараалсан таван жилийг нэмэгдүүлэн долоон жил болгосон нь тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт оруулж, эрх ашгийг нь хөндөж байгаа эсэх талаар санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулж, Байнгын хороодын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан байна.

Дээрх Ажлын хэсэгт хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийг мөн байгуулсан бөгөөд дэд ажлын хэсэг өнөөдөр (2018.04.09) хуралдлаа.

Хуралдааныг УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн ахлагч М.Оюунчимэг удирдаж, дэд ажлын хэсэгт багтсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Батлан хамгаалах яам, Сангийн яамны төлөөллийн танилцуулсан даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дараалсан таван жилийг нэмэгдүүлэн долоон жил болгосон нь тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт оруулж, эрх ашгийг нь хөндөж байгаа эсэх талаар мэдээлэл сонсов.

Дэд ажлын хэсэгт мөн Нийгмийн даатгалын ерөнхий газар, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны зөвлөхүүд багтсан бөгөөд дэд ажлын хэсгийн гишүүд энэ үеэр Нийгмийн даатгалын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилт, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар саналаа хэлэв.

Төгсгөлд нь УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн ахлагч М.Оюунчимэг хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт орж, нийгэм, эрх зүйн байдал нь дордохоос сэргийлж Ажлын хэсэг ажиллах учир бүх тооцоо, судалгааг нарийн гаргаж танилцуулаарай хэмээн ажлын дэд хэсгийн гишүүдэд чиглэл өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

4, 9 тоогоор төгссөн машины дугаартай жолооч нар энэ сардаа татвараа төлөөрэй

Таны автомашины улсын дугаар 4 болон 9 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой.

Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой.

Иргэн та ч гэсэн цаг заваа хэмнэж www.smartcar.mn цахим хуудсаар дамжуулан төлбөрөө төлөөрэй. Та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай. Эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулж болно.

Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар,

  • 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард
  • 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард
  • 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
  • 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
  • 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Иргэн та Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэгүүдэд биечлэн очихоор бол:

Д/д

Байршил

Цагийн хуваарь

1

Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/

Даваа ~ Баасан: 08:30 – 17:30
Бямба, Ням : Амарна

2

АТҮТ /цирк салбар, таван ган салбар/

3

НҮНТ /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/

4

Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/

Даваа ~ Баасан: 08:30 – 20:30
Бямба, Ням: 09:00 – 17:30

5

Нисдэг машин худалдааны төв

Даваа ~ Баасан: 08:30 – 17:30
Бямба, Ням : Амарна

Categories
мэдээ спорт

“Уулын марафон гүйлт-2018” тэмцээн өрсөлдөөнтэй боллоо

Уулын спортын мастер, Монголын үндэсний скайраннингийн холбооны тэргүүн С.Сүрэнжав /Сэнгүү/ агсны нэрэмжит “Уулын марафон гүйлт-2018” тэмцээн болж өндөрлөлөө. Уулын спортыг хөгжүүлэх, суртачлах түүний дотроос (скайранинг) уулын гүйлтийн төрлийг түгээн дэлгэрүүлэх олон зорилго агуулсан тус тэмцээнд ахлагч аялагчдын арав гаруй клуб холбоод оролцож эрэгтэй 110, эмэгтэй 49 тамирчин өрсөлдлөө.

Тэмцээнд оролцогчид Богдхан уул (Ханбогд амралт)- Дугуй цагаан- Баруун ширээт- Богдхан уул (Ханбогд амралт) гэсэн замаар есөн км замыг туулан бариалсан юм. Тэмцээний хамгийн залуу тамирчин 20 настай, хамгийн ахмад нь 66 настай байсан.

Эрэгтэй төрөлд: “Эко аялал клуб”-ын гишүүн, 150-р анги /элитийн бателион/-ийн алба хаагч С.Чинбат 55 минутаар нэгдүгээр байр

Аврагч спорт хорооны тамирчин Н.Тэмүүжин 56 минутын амжилтаар хоёрдугаар байр

“Тэгри” клубын тамирчин Б.Ням-Очир 57 минутаар гуравдугаар байрыг тус тус эзлэв.

Эмэгтэй төрөлд: нэгдүгээр байрыг “Тэнгэр” уулчдын клубын тамирчин Н.Даваажаргал

Хоёрдугаар байрыг “Аялалд нэгдэгсэд” клубын тамирчин Б.Батцоож

Гуравдугаар байрыг “Хамтдаа алхцгаая” клубын тамирчин Х.Нямсүрэн нар бариалсан юм.

Скайраннинг буюу ууланд уралдаж гүйх спортыг анх Италийн уулчин Марио Жакометти гаргасан байдаг. 1990-ээд оны эхэн үед Жакеметти болон түүний нөхөд Альпийн нурууны ноён оргил Монбланы сонгодог замаар уралдаж энэхүү спортын эхлэлийг тавьсан. Харин Монгол улсад скайраннингийн холбоог уулын спортын мастер Н.Сүрэнжав анхлан санаачилж энэ төрлийн тэмцээнийг зохиож эхэлсэн түүхтэй. Энэхүү тэмцээнийг түүний үүсгэн байгуулсан “Монголын скайраннингийн холбоо” өөрийх нь нэрэмжит болгосон юм. Цаашид тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохиохоор болжээ.

Categories
мэдээ нийгэм

Хан-Уул дүүргийн бяцхан гимнастикчид өрсөлдлөө

Хан-Уул дүүргийн аварга шалгаруулах цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 2018 оны 04 дүгээр сарын 09 ны өдөр дүүргийн спорт хорооны зааланд боллоо. Тэмцээнд дүүргийн 20 цэцэрлэгийн 600 хүүхэд ур чадвар,авхаалж самбаа сорин өрсөлдсөнөөс нэгдүгээр байрт 223-р цэцэрлэг,хоёрдугаар байрт 41-р цэцэрлэг, гуравдугаар байрт 243-р цэцэрлэг тус тус шалгарч нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд орох эрхээ авлаа.Мөн шилдэг хувцаслалттай багаар 35-р цэцэрлэг,шилдэг зохиомжтой багаар 65-р цэцэрлэгүүд шалгарлаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Биеийн тамир спорт хорооны дарга Д.Жаргалсайхан,Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо нар оролцож бяцхан тамирчдад спортын өндөр амжилт хүссэн юм.


Categories
мэдээ соёл-урлаг

Хүүхэлдэйн киног экспортолъё

Чингис хаан бүрэн хэмжээний анимэйшн зурган илэрцүүдХоёр их гүрний дунд хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг байгаа манай орны эдийн засагт чухал нөлөө үзүүлэхүйц салбар бол хүүхэлдэйн кино юм. Хүүхэд төрж байгаа цагт хүүхэлдэйн кино мөнхийн эрэлттэй байж таарна. Компьютерийн хэрэглээ, сэтгэх чадвараараа эрс ялгардаг гэж өөрсдийгөө омойтон хөөргөх дуртай бидний хувьд хүүхэлдэйн киноны үндэсний контентыг “Боролдойн цаг”-аар төсөөлдөг байлаа. 20-30 настнуудын сэтгэлд томоохон орон зай үлдээсэн “Боролдойн цаг”аа шинэ шатанд гаргаж экспорт хийж, эдийн засгийг солонгоруулах нэг цацраг болгох боломж бий. Хэдийгээр Монгол Улсын хүүхэлдэйн киноны салбарт дэвшил бус уналт үргэлжилсэн 28 жил үргэлжилж байгаа ч үүнд цэг тавьцгааж, шинэ салбараа дэмжье. Хүүхэлдэйн кино олон хүний хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардсан ажил гэдгийг бид мэднэ. Энэ бүхнийг эдийн засгаар тооцвол шинэ контентуудыг хийж хэд нугалсан ашиг олж болохоор. Бидний үр хүүхдүүд “Walt Dis­ney” компанийн хүүхэлдэйн киног бүлтийтэл үзэж байна. Олон улсын жишигт нийцсэн хүүхэлдэйн кино хийчихсэн байхад бидэнд төмөр зам, далайд гарцгүй байх нь чухал биш. Хүүхэлдэйн кино дэлхий нийтийн хэл. Энэ хэлээр дэлхийн дээр нэг тэрбум гаруй хүүхэд хүмүүжиж байна гээд бод. Ийм орон зайд нэг алхам хийвэл яасан юм бэ.

Монголын хүүхэлдэйн киноны салбарт хүч үзэж явсан хүмүүс нийгмийн ороо бусгаа байдлаас болж амьдрахын эрхээр ганзага үүрэх нь үүрч өөрсдийн зам мөрийг хөөснөөр энэ орон зайд импортын хүүхэлдэйн кинонууд мандаж байна. Ядаж л “Маша Миша” шиг хүүхэлдэйн кино хийчих хэмжээний авьяас манай залууст бий. Зурагтын дэлгэцээр нэг өвгөн өмнөө хэдэн хүүхэд суулгаж байгаад өнөө л эрт урьдын цагт гэсээр номын хуудасны зураг эргүүлэх маягтай ярьж суудаг. 21 дүгээр зууны хүүхдүүд үндэсний контентоор үнэндээ цангаж байна шүү дээ. Биднийг үлгэр ярьсаар суутал дэлхийн хүүхэлдэйн киноны хөгжил бүр цаашаа шинэ тэсрэлтийн шат руугаа дөхөж байна гэх юм.

Бид чадахгүй гэвэл чадахгүй чигээрээ үлгэрээ ярьсаар дуусна. Монголчууд зэс, нүүрсээ урд хөрш үсрээд цаашаа Япон руу экспортолно. Бидний бизнес энэ хүрээд зогсож байгааг анзаарч байгаа биз. АНУ, Япон, БНСУ, БНХАУ хүүхэлдэйн киноны шинэ дэвшлийг дэлхийд гаргаж тэрбум гаруй хүүхдийг бүлтийтэл нь зурагтных нь өмнө уяж чадаж байна.

Тэгвэл дэлхийд алдартай “Walt Disney” компаний формат чанарт бүрэн нийцсэн “Чингис хаан” хэмээх анимэйшнийг “Ocean Pictures” студийнхэн долоон жилийн хөдөлмөрөө зарцуулан бүтээжээ. Трейлер нь зурагтаар цацагдангуут хүүхдүүдийн түүнд шимтэн дурлаж байгааг анзаарсан биз дээ. Кино уран бүтээлчдийн зүгээс “Чингис хааныхаа жинхэнэ түүхээр бичиж найруулсан анхны уран бүтээл” гэж үүнийгээ тайлбарлаж байна лээ. Кино багийнхан өнгөрөгч сарын 31нд кино театруудаар албан ёсоор гаргаад эхэлжээ. Анимейшн бүтээгчид “Монголын нууц товчоо”нд гардаг бүхий л газраар нь очиж хоёр жилийн хугацаанд судалгаа хийсний дүнд дэлхийд өрсөлдөх бүрэн хэмжээний “Чингис хаан”аа өлгийдөн авчээ. Нэг үгээр хэлбэл “Чингисийн удам” гээж өвчүүгээ дэлдэх дуртай бидний хувьд үр хүүхэддээ “Чингис хаан”ыхаа тухай мэдлэг олгоход том тус болно. Ном уншдаггүй гэж шүүмжлүүлэх болсон шинэ цагийн хүүхдүүдийг ядаж ингэж эх түүхтэй нь танилцуулмаар юм даа. Уг хүүхэлдэйн киноны талаар гадны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Монголын түүхийн талаарх хамгийн үнэн, гайхалтай бүтээл. Дэлхийн зах зээл тэдэнд нээлттэй байна” хэмээн онцолж байна. Энэ чинь инноваци шүү дээ. Энэ чинь л хөгжлийн шинэ шийдэл юм шүү дээ.

Чингис хаан бүрэн хэмжээний анимэйшн зурган илэрцүүдУг анимейншний Ерөнхий найруулагч Б.Тэнгис “Чингис хаан бүрэн хэмжээний анимэйшнийг үзсэнээр Монголын нууц товчооны эхний найман бүлгийн агуулга, бодит түүхийг сурч, мэдэж авах боломжтой. “Чингис хаан” анимейшн нь Монголын ирээдүй хойч үе, хүүхэд залууст асар том оюуны хөрөнгө оруулалт болох төдийгүй дэлхийд Монгол Улсынхаа нэрийг таниулах сурталчлах томоохон контент болж байгаа юм” хэмээн мэдэгджээ. Анимейшний нэг секундын дүрсэнд хамгийн багадаа 25 кадр байдаг гэдгийг мэргэжлийнх нь хүмүүс ярьдаг. “Нэг цаг 30 минут үргэлжлэх уг бүтээлийг долоон жилийн турш бүтээлээ. “Walt Disney” жилд хэд хэдийг хийж байна” хэмээн шүүмжлэх нэгэн ч байна. “Ocean Pictures” студи гарын таван хуруунд багтах зураачтай бол дэлхийд өрсөлддөг “Walt Disney” 500 гаруй зураачтай юм билээ.

Тэгвэл энэ талаар Төрийн соёрхолт, түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар “Монгол шиг ийм түүх бүтээсэн ард түмэн дэлхийн түүхэнд ховорхон. Энэ их агуу түүхийг эзэмшдэг монголчууд өөрсдийнхөө түүхийг сайн сурталчлах ёстой. Энэ тал бидэнд жаахан дутагддаг. Нууц товчоо хүнд ном. Хүн болгон ойлгож уншиж чадахгүй, тайлбар хэрэгтэй. Нууц товчоог хүчээр уншуулж байна. Түүхэндээ хайртай болоход нөлөөлөх хамгийн чухал ажил бол кино урлаг. Зөвхөн Монголын биш дэлхийн стандарт шаардлагыг хангасан түүхэн анимейшнийг хийнэ гэдэг бол гайхалтай сайхан үйл явдал. “Чингис хаан” анимейшн Монголын 60, 70-аад орчим жилийн түүхийг харуулсан.

Энэ бол Монгол Улс боссон түүх юм. Монголын нууц товчоог ухвал хэдэн арван мянган анимейшн гарна. Монголчууд өөрсдийгөө их голдог хүмүүс. Өөрсдөдөө итгэдэггүй чанараас болж түүхэн кино бүтээхэд хугацаа алдаж байна” хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн байна лээ. Газрын баялгаа 20 жил ухлаа. Одоо эх түүхээ ухъя. Нүүрс, зэс, алтнаас ч илүү үнэлэгдэх энэ боломжоо нээж, анимейшнээ экспортлох юм биш үү. Үүнийгээ дагаад үндэсний контентын чанар сайжирна. Өрсөлдөөн бий болно. Соёл урлагийн салбарт нэг алхам хийгдэх бус уу.


Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэ: Ардчилсан намын гишүүдийг улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэхийг зөвшөөрөхгүй

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.


-Улс төрийн голлох хүчин Ардчилсан нам өнгөрөгч амралтын өдрүүдээр 28 жилийнхээ ойг тэмдэглэлээ. Энэ хугацаанд Ардчилсан нам Монголын түүхэнд болон Монголын нийгэмд ямар өөрчлөлт шинэчлэл, үнэт зүйлийг бий болгосон бэ?

-Яг энэ талаар ярина гэвэл нэлээд цаг хугацаа шаардах болно. Товчхондоо хэлэхэд Монголын нийгмийн нэг тогтолцоог нөгөө тогтолцоогоор сольж, түүхэн том том хувьсгалыг хийж чадсан ийм л нам. Нэг үгээр хэлбэл нэг намын дарангуйлал тогтсон, дарангуйллын хар сүүдэр бий болсон 90 жилийн хугацаанд Монголын ард түмнийг дураараа захирч байсан. Энэ нийгмийн тогтолцоог нураасан. Социализм, коммунизмын хар сүүдрийг хага татан хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн өнөөгийн нийгмийн суурийг бий болгосон. Үүгээрээ Ардчилсан намын Монголын ардчиллын анхдагч туг, ардчилсан хувьсгалыг анхлан эхлүүлсэн манлайлагч. Ардчилсан нам байгуулагдаад өнөөдрийг хүрсэн 28 жил бол түүхийн хугацаагаар авч үзвэл бага мэт боловч хүний амьдралтай харьцуулахад багагүй хугацаа л даа. Тиймээс нийгмийн тогтолцоог шинэчилж чадсан томоохон гавьяа Ардчилсан намынх. Ноднингийн тооллогоор саналын эрхтэй 180 мянган гишүүнээ бүртгэж авсан. Гадаад, дотоодод ажилтай байсан гээд бүртгүүлж амжаагүй олон хүн цаана нь үлдсэн. Намар нийт гишүүдийн тооллого дахин явагдана. Хэдэн мянгаар тоологдох гишүүдийг нэгтгэж чадсан улс төрийн хүчирхэг улс төрийн нам болж төлөвшиж чадсан нь түүхэн ололт.

-Хүнээр төлөөлүүлэхэд Ардчилсан нам 28 нас хүрсэн бол эрийн цээнд хүрлээ гэж ойлгож болохоор байна. Танай намд цаашид улс төр болон нийгэмд ямар зарчим баримтлах вэ?

-Монголд улс төрийн намууд төлөвшлийн шатандаа явна. Манай ард түмэн ухаантай. Тиймээс дөнгөж төлөвшиж байгаа намуудаас хэтэрхий их зүйлийг шаадаж байна л даа. Төлөвших явцдаа алдаж, онож байгаа үйл явдал бий. Өнөөдөр бие даасан, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, улс төрийн төлөвшлөө бий болгож чадсан улс төрийн нам хараахан төрөөгүй байна.

Өөрсдийгөө 90 жилийн түүхтэй гэж ярьдаг өнөөгийн эрх баригчид үндсэндээ коммунист арга барилаасаа татгалзаж шинэ ардчилал, шударга ёс, шинэ нөхцөлд нийцүүлэн намынхаа үзэл баримтлалыг шинэчлэн социал демократ чиг баримжаа авсан. Ардчилсан нам МАН шиг өмнө нь байгаагүй. Шинээр барууны буюу лебериал үзэл баримтлалаа тунхаглан гарч ирсэн. Ардчилсан нам шинэ төлөвшлийнхөө шатанд гарч, боловсон хүчнээ бэлтгэх, үзэл баримтлалаа зөв тодорхойлох асуудал намын гол зорилго болсон.

Бид өмнөө тавьсан зорилгоо товчхон илэрхийлэх юм бол бодлогод суурилсан Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлж чадах хүчирхэг улс төрийн нам болно. Ингэхийн тулд гишүүд болон иргэдийнхээ оролцоог хангасан нээлттэй нам байх зарчмыг баримталж байна.

-Ардчилсан нам дарга нарын нам болсон гэдэг. Анхан шатандаа ажиллаж чадаж байна уу. Сонгуулийн үеэр анхан шатныхан амь орж бусад үед таг чиг болдог гэсэн шүүмжлэл бий?

-Ардчилсан нам 1990 онд анх гишүүд дээрээ тулж өндийсөн нам. Явцын дунд гишүүд, сонгогчдоосоо хөндийрсөн тал байсан. 2016 оны УИХ болон орон нутгийн сонгуулиар ард түмэн Ардчилсан намд маш том анхааруулга өгч “Та нар болоогүй байна. Намаа шинэчил. Нээлттэй нам бол. Гишүүд рүүгээ хандаж ажилла. Дотоод бүтэц зохион байгуулалтаа хий. Шинэчлэл хий” гэдэг даалгавар өгсөн. 2016 оны арванхоёрдугаар сард намын зургадугаар Их хурлаа хуралдуулж намын дүрэмдээ шинэчлэл хийн гишүүдийн оролцоо, бодлого дээр суурилсан нам болох шинэчлэл рүүгээ алхсан. Жил гаруйн хугацаанд шинэчлэлийн аяныг явуулж байна л даа. Үндсэндээ намын томоохон улс төрийн шийдвэрийг бүх гишүүдийн оролцоотойгоор шийддэг зарчим руу шилжсэн. Энэ нь зөв байсан гэдгийг цаг хугацаа харуулж байгаа юм. Намын зургадугаар Их хурлаас хойш намын бүх удирдлагуудыг бүх гишүүдийн оролцоотойгоор үндсэндээ шинэчиллээ. Намын анхан, дунд шатны удирдлагуудаас гадна намын удирдах бүрэлдэхүүний 80 гаруй хувийг шинэчилсэн. Намын удирдах бүрэлдэхүүнд эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог эрс нэмэгдүүлсэн. Аливаа шийдвэрийг намын бүх гишүүдийн санал асуулгаар шийддэг зарчим руу шилжсэн. Энэ нь Ардчилсан намын маш том ололт. Хамгийн сүүлийн жишээ 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг Ардчилсан намын 180 гаруй мянган гишүүний санал хураалтаар сонгосон. Таван нэр дэвшигчээс өнөөгийн Ерөнхийлөгчийг манай намын гишүүдийн олонх дэмжсэн. Намын гишүүдийн сонголт зөв байжээ гэдгийг цаг хугацаа харуулсан л даа. Үүний дүнд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулсан. Гишүүдийн оролцоо чухал гэдгийг харуулсан том алхам болсныг харуулсан бол нөгөө талдаа ард түмэн Ардчилсан нам шинэчлэгдэж байна гэдэг хүлээлт хэдийнээ болчихож.

-Та илтгэлдээ дурдахдаа муу муухай бүхнийг ардчилал руу чихэх хүмүүсийн тоо нэмэгдэж байна гэсэн. Энэ талаараа тодруулахгүй юу?

-“Үхэхдээ үхэр буугаа тавина” гэгчээр коммунистууд хуучны эрх мэдлээ үгүйлэн санагалздаг хэсэг бүлэг хүн нийгмийн үнэнд гүйцэгдээд ирэхээрээ дарангуйлах боломжгүй болоод ирэхээрээ улам бүр улайрч байна. Тэдний шилдэг арга нь юу гэхээр шинэ нийгмийн тогтолцоог ардчилал, хүний эрх, шударга ёс, зах зээл, үг хэлэх, хэвлэн нийтлэх гээд хүнд заяагдмал байх ёстой төрөлхийн эрх, эрх чөлөөг хумих, устгах гээд улайрч байгаа юм. Ардчилсан хувьсгал анх гарсан 1989 онд 10 настай байсан хүүхэд тухайн нийгмээ сайн ойлгохгүй шүү дээ. Өнөөдөр тэр хүүхдүүд 40 хүрчихсэн байна. Өнөөдрийн 40 настнуудаас доош хүмүүс хуучин нийгмийн талаарх төсөөлөл ч байхгүй. Дарангуйлсан нийгэм ямар байсан юм, ямар нөхцөлд амьдарч байсан юм гэдгийг төсөөлөх ч үгүй байгаа. Энэ талаар төсөөлөл ч үгүй шинэ уураг тархийг угаах, хуучин цагийг магтан дуулсан сайн сайхан байсан мэтээр шингээх гэж оролдож байна л даа. Ардчилал гарч ирснээр ийм болчихсон юм шиг ярьдаг. Хуучин бид ямар байсан юм.

-Харин ямар байсан талаараа залуустаа ойлгомжтой ярь л даа…

-Бид юун гадаад байтугай энүүхэн Төв аймаг руу явахын тулд зам явах бичиг авдаг байлаа. 45 км газар явахын тулд хороон Засаг даргаасаа зам явах авдаг, авахгүй явж байгаад баригдах юм бол 111-т 7-14 хоног шууд хорьдог байсан. Хүний эрхийг тэгж хөсөрдүүлдэг байсан юм. Хоёрдугаарт, манайх бас ч гэж гайгүй боломжийн айл байсан. Гэхдээ би хоногт ганц удаа л хоол иддэг байлаа. Өдөрт тэр үеийн нэг төгрөг 40 мөнгөний талхнаас хоёр зүсмийг элсэн чихэртэй хольж идээд, хар цай уугаад ах нарынхаараа орж боорцог эргүүлээд явдаг байсан юм шүү. Орой аав, ээж ирж бушуухан хоолоо хийгээсэй гэдэг байлаа. Өнөөдрийнх шиг идэх уух зүйлсээ сонгож шилдэг тийм байсангүй. Энэ жишээнээс үзэхэд өнөөдрийн нийгмийн хөгжил ахисан. Хэн мөнгөтэй нь аль ч улсад явж, дэлхийн 40 гаруй оронд визгүй зорчиж байна. Өнөөдөр хэн дуртайгаа шүүмжилж, хэн дуртайгаа загнах эрх чөлөөг хэн авч ирсэн бэ гээд яриад байвал олон зүйл бий. Эдгээр чинь өмнө хаалттай байсан байхгүй юу. “Үнэн” сонинд зурагтайгаа гарах нь бүү хэл сонингийн буланд тавиулахын тулд арын хаалга хэрэглэдэг байсан шүү дээ. Ийм цаг үеийг бид туулсан. Хуучин цагийг, дарангуйлагч нарыг магтан дуулж буй хүмүүс, хэдэн мянгаараа буудуулж нас барсан хүмүүсийн өмнөөс өөрсдийгөө тавьж үзээсэй.

Хойно очиж шоронгийн хүйтэн шалан дээр хэвтэж байгаад буудуулж үхсэн манай үе үеийн Ерөнхий сайдууд, нийгмийн сор болсон сэхээтнүүд үхэхдээ юу бодож амь тавьж байсан бол. Тэд монгол төр, тусгаар тогтнолын төлөө амиа зольсон. Түүнээс өмнө Манж, Хятадын дарлалаас салах гэж тэмцэж байсан өвөг дээдэс минь юу бодож Бээжинд цаазлуулж байсан бол. Ингээд бодох юм бол тусгаар тогтнол, эрх, эрх чөлөө гэдэг зүйл чинь хямдхан олдоогүй юм. Тусгаар тогтносон улсын таван Ерөнхий сайдыг хойно аваачиж буудаж алдаг юм уу. 3-4 мянгаар нь Оросын шоронд хүргээд тамалж, тарчлааж алдаг юм уу. 700 гаруй сүм хийдийг нь газрын хөрснөөс арчдаг юм уу. Үндэсний бичиг, соёлыг нь алга болгодог юм уу. Бид Чингис хаанаа ч ярьж чаддаггүй байсан. Тиймээс энэ бол юугаар ч сольшгүй тусгаар тогтнол байхгүй юу. Үүнийг харлуулна гэдэг бол бид амиа хорлосонтой ялгаагүй.

-Хувийн өмчийг нийгэмчлэх гэж зүтгэхээс эхлээд сүүлийн үед бас эвгүй дүр зургууд харагдах л боллоо. Ардчилсан нам ардчилалаа аврах уу. Цаашид ардчилалаа усалж, тордох уу..

-Ардчиллын амин сүнс нь хувь хүний эрх, эрх чөлөөнөөс гадна хувийн өмч байдаг. Үндсэн хуулиараа бид хувийн өмчийг хамгаалсан. Тэгэхээр хувийн өмчийг зүхсэн, түүн рүү дайрсан, баялаг бүтээгчдийг чичлэсэн дүр зураг гарах боллоо. Эрдэнэт дээр жишээ авъя. Эрдэнэт үйлдвэрийг 49, 51 гэсэн хувьцааг хоёр хуваачихаад хоёр өөр зүйл ярьж болохгүй. Энэ чинь нэг л үйлдвэр. 49 хувийг нь дээрэмчид авчихсан мэтээр, 51 хувийг нь алдаа байсан мэтээр ярьж байна. Дээрэмдсэн бол бүгдийг нь л дээрэмдсэн. Ямар алдаа завхрал болсон гэдгийг нь 49, 51 хувь гэж ялгалгүйгээр бүх хувьцааг нь шалгая гэдэг саналыг би хоёр жилийн өмнө гаргаж байсан. Гэтэл өнөөдөр эрх баригчид 49 хувийг луйварчид худалдаад авсан мэтээр төрд байх ёстой өмч гэж байна. 51 хувиа ярихгүй юм. Гэтэл 40 гаруй жил эрх баригчид яаж шулж, мөлжиж, 51 хувиар тоглож байсныг ард түмэн зах зухаас нь мэднэ ээ. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр хувийн өмч, халдашгүй байдлыг хамгаалах ёстой. Хувийн өмч рүү дайрдаг, үгүйсгэдэг, муу муухай мэтээр харагдуулах гэдэг эрх барьж байгаа УИХ-д байгаа нөхдүүд одоо болих хэрэгтэй. Монгол Улсын Үндсэн хууль, ардчилал руу нулимж байгаагаас өөрцгүй зүйл. Цаашид ч гэсэн хувийн өмчгийг хамгаалахын төлөө ажиллана.

-Ардчилсан нам гишүүдээ өмгөөлж хамгаалах уу. Оюу толгойтой холбоотойгоор С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг хорьж, шалгаж байна. Бүлгийн зүгээс МАН-ын С.Баяр, Д.Зоригт нарыг ч шалгах ёстой гэж байсан…

-Ардчилсан намын гишүүдийг баримт нотолгоогүй эрх чөлөөнд халдсан, улс төрийн зорилгоор хэлмэгдүүлж байгаа бол гишүүдээ хамгаалалтдаа авна. Үүний төлөө манай нам тэмцэнэ. Харин иргэнийх нь хувьд Монголын хуулийн байгууллага шалгаж, хянаж байгаа бол Ардчилсан нам оролцохгүй. Энэ нь төрт ёсоо дээдлэх зарчим. Хуулийн дагуу шалгаж байгаа процесс нэг өөр. Хэлмэгдүүлж, улс төрийн зорилгоор асуудалд хандаж байгаа бол өөрөөр ярина. Ардчилсан намын бүлгээс шалгавал бүгдийг нь шалгаарай, битгий нам, улс төрөөр нь ялгаарай. Өнөөдөр яагаад АН-ын угшилтай хүмүүсийг шалгаад бусад хүмүүс нь яагаад сул яваад байна вэ. Шалгах гэж байгаа бол бүгдийг нь шалга, үгүй бол улс төржсөн хандлагаа зогсоо гэдэг анхааруулгаа өгсөн. Бид асуудалд хүлээцтэй хандаж байгаа. Бид өөрсдийн байр сууриа хамгаална. Ардчилсан намын гишүүдийг улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэхийг зөвшөөрөхгүй.

-Танай нам бодлогын нам болох алхмуудаа хийж чадсан уу. З.Энхболд дарга “Фракцгүй Ардчилсан нам болно” гэж байсан. Та бодлогын нам болно гэсэн. Аль аль нь хэрэгжиж эхэлсэн үү?

-Ардчилсан намд ямар ч фракц байхгүй. Хуучин Ардчилсан намын тийм ч бүлэг, фракц гэж хуваагддаг байсан бол тэр зүйл үгүй болсон. Ардчилсан нам нэг удирдлагатай, нэгдмэл байгаа. Зарим намын удирдлагуудтай холбоотой намын Үндсэн дүрмийн өөрчлөлттэй холбоотой маргаанууд бий. Айл гэрт ч гэсэн маргаан байдаг биз дээ. Түүнээс биш бүлэг, фракц үзэл бодлын зөрчил гээд байх зүйл алга.

Ардчилсан нам бодлогын нам болох сууриа тавьсан. 2018 он гараад Бодлогын зөвлөлөө байгуулсан. Бодлогын 16 салбар зөвлөлөө байгуулсан байгаа. Энэ нь бодлогын ерөнхий зөвлөл дээрээ зангидагдаж байна. Эрх баригчдын байгуулсан Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтын чиглэлээр 16 салбар зөвлөл байгуулсан л даа. ҮБХ-ны 410 гишүүн маань салбар зөвлөлүүддээ хуваагдаж ажиллаж эхэлсэн. Одоо бодлогод суурилсан, бодлого хэлэлцсэн нам болж эхэлсэн. Гишүүд маань бүлэг, фракц гэхээсээ илүү өөрсдийн сонирхол хүсэл, чадвараа хаана илүү нээж чадах вэ гэдгээ бодолцон судалгаа, дүгнэлт гаргах тал дээр ажиллаж эхэлсэн. Ардчилсан нам бодлогын маш том сууриа тавьж эхэлж байна.


Categories
мэдээ улс-төр

Байнгын хороодын хуралдаантай

Байнгын хороодын хуралдаантай зурган илэрцүүд

Өнөөдөр УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болох ба Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 02-р дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэх юм.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэлж, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийнэ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 14 цагаас хуралдах бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийхээр товложээ. Мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайлан, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайланг тус тус сонсоно.

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Улаанбаатар хотын хатуу хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөж, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 10-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00 цагт Нийслэлийн засаг захиргааны V байранд Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын Биеийн тамир, спортын хамтлагийн ахлагч, арга зүйчдэд зориулсан сургалт зохион байгуулна.

09.00 цагт АШУҮИС-ийн Оуютны соёлын төвд Хүний гавъяат эмч, академич, доктор, профессор Н.Төмөрбаатарын 70 насны ойд зориулсан “Монголын анагаахын мэргэд” боть номын нээлт болно.

09.00 цагт АТГ-ын Олон нийтийн төвд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Улсын дээд шүүх, УЕПГ, ХЗДХЯ, ТЕГ, ЦЕГ, МУИС-ийн Хууль зүйн сургууль, ХСИС-иас “Эрүүгийн хэрэг дэх эрх зүйн харилцан туслалцаа-Хамтын ажиллагаа” хэлэлцүүлэг зохион байгуулна.

11.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Загдын Түмэнжаргалын 65 насны ойд зориулсан “Монголын тал нутаг” тоглолтын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Мэдээлэл технологийн үндэсний паркийн захирал Ч.Содномдамбын хууль бус үйлдлийн тухай тус байгууллагын үйлдвэрчний эвлэлийн хорооноос мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

10.00 цагт Нээлттэй сонсголын танхимд Өргөдлийн байнгын хорооноос Туул голын бохирдлыг бууруулах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулна.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

Categories
мэдээ цаг-үе

Т.Төрбат: Хурдан моринд хамааралтай 400 мянга орчим хүн бий, том салбар биш юм уу

Монголын Морин Спорт Уяачдын Холбооны үйл ажиллагааны талаар болоод саяхан болж өнгөрсөн “Дүнжингаравын хурд-2018” хурдан морины уралдааны талаар залуу уяач Тогмидийн Төрбаттай ярилцлаа.


-Жил бүрийн хавар болдог “Дүнжингаравын хурд” уралдаан нийгэм даяар сөрөг талаараа шүүмжлүүлдэг. Энэ жил ч гэсэн шүүмжлэлд их өртлөө. Энэхүү уралдааны талаар яриагаа эхлэх үү?

-Манай өнөөгийн нийгэмд яагаад морин уралдаанаас өөр тулгамдсан асуудал байхгүй юм шиг хүн бүр, янз бүрийн үзэл бодлоор тайлбарлаж яриад байгаа юм бэ. Үүний гол шалтгаан нь ердөө улстөртэй л холбоотой байх. Монголын Морин Спорт Уяачдын Холбоо (ММСУХ)-ны удирдлагууд нь төрийн өндөр албан тушаалтнууд, томоохон намын нөлөө бүхий улстөрчид байдаг. Жил бүрийн хавар болдог энэхүү уралдаан дөхөөд ирэхээр нийгэм даяар унаач хүүхдийн асуудлыг сөхөж, хэт нэг талыг барьсан мэдээллүүдийг цацаж, хурдан морины уралдааныг харлуулж ирсэн. Урд хөршид болон дундад Азийн улс орнуудын ижил төстэй морин уралдааны үеэр гарсан осол, гэмтэл, бэртлүүдийн бичлэгийг манайхан хольж хутган өөрийн оронд болсон мэтээр харагдуулдаг. Санаатайгаар гуйвуулан олон нийтэд цацдаг. Маш олон хүүхэд гэмтэж бэртсэн, тэр бүү хэл амь нас эрсдсэн гэх мэтээр тоо баримтыг бодит байдлаас ташаагаар мэдээлдэг. Энэ мэт худал мэдээллүүдийг манай уяачид болон уяачдын холбооны зохион байгуулсан уралдаан мэт ард түмэнд ойлгуулсаар ирлээ. Сүүлийн жилүүдэд бүр ч ихэссэн. Улстөржсөн гэдэг нь холбооны удирдлагуудыг гол “бай”-гаа болгож байгаагаар цаад зорилго нь ойлгомжтой харагддаг. Энэ нь ММСУХ өөрөө нийт уяачдыг улс төрийн зорилгоор маш их ашиглаж ирсний үр дагавар гэж би харж байгаа. Ер нь монголчууд морь, бөх хоёртоо үнэхээр хайртай, сэтгэл зүрхэнд нь уяатай байдаг ард түмэн. Энэ сайхан цагаан сэтгэл дээр дөрөөлж улс төр хийж байгаа хэсэг бүлэг хүмүүсийн харалган үйлдэл даамжирсаар байгаа энэ байдалд хүрлээ гэж харж байна.

-Саяын уралдаанаас болж улс даяар хурдан морины уралдаан зохион байгуулахыг зургадугаар 1 хүртэл хориглолоо. Бүр хүүхдээр морь унуулахгүй асуудлыг нийгэмд тавьж байна. Үүнийг зарим уяачид өв уламжлалыг устгах бодлого гэж харж байгаа бололтой. Таны хувьд ямар бодолтой байна?

-Нэг талаасаа хүүхдүүд эрсдэлтэй нөхцөл байдалд орж байгаа нь зарим нэг тоо баримтаас харагдаж байна. Гэхдээ тоо баримт бүр яг үнэн бодит байдаггүй. “Дүнжингарав-2018” уралдааны үеэр гурван хүүхэд бэртэж, хагалгаанд орлоо гэсэн. Би хурдан морины орчинд явдаг хүн мэдпэлгүй яахав дээ. Энэ бол худлаа мэдээлэл. Нэг хүүхэд бэртэж эмнэлгийн тусламж авсан. Хэдийгээр хөнгөн бэртэл ч гэлээ уяач нь биеийн байдлыг нь харзнах зорилгоор эмнэлэгт хэвтүүлсэн нь “Эмнэлэгт нэг хүүхэд маш муу байна” гэсэн шуугиан тараах үндэслэл болчихсон. Хүү тархиндаа 2 см орчим няцралтай гэж оношилогдсон нь хэдийгээр мэргэжлийн хэллэг нь “няцралт” гэдэг ч энэ нь хүүхэд орноосоо унаад ч авч болохоор хөнгөн бэртэл юм байна лээ. Эмнэлэгт байхад нь уяачдын холбооны зүгээс эмчилгээнд нь мөнгөн тусламж үзүүлсэн байхад эсрэгээрээ хүүгийн ээжтэй манай Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хүмүүс ирж уулзан хүүгийн бие муу байгаа мэтээр ярилцлага өгөх, хүүдээ энэ тухай зааварчлах талаар ятгасан байдаг. Мөн тус газрын хуулийн хэлтсийн дарга гэх хүн уяач руу нь залгаж өдөр, цаг тулган албан өрөөндөө ирэхийг “даалган”, шаардлагатай тохиолдолд албадан ирүүлнэ хэмээн сүрдүүлсэн гэсэн. Энэ мэтчилэн төрийн болоод, төрийн бус байгууллагуудын зүгээс хамтран ажиллах биш шантаажлах, дарамтлах байдлаар ханддаг нь өөрөө уралдаанч хүүхдийн талаарх асуудалд хоёр өөр байр суурь илэрхийлдэг болгож байгаа буруу хандлага юм.

-Өнгөрсөн жилийн улсын баяр наадмын хурдан морины уралдааныг эргэж санахад эрлийз гэх нэрээр олон хурдан адууг хассан. Үүнийг нэг хэсэг нь их дэмжсэн. Гэтэл эрлийз гэх нэрийн дор олон монгол адууг хассан гэдэг. Энэ талаар ярьвал…

-Тухайн үеийн Шадар сайдын шийдвэр. “Монгол наадамд монгол адуу уралдах ёстой” гэсэн түүний тунхагийн шинжтэй шаардлагыг дахин дахин давтаад байсан нь цаанаа ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой улстөр явагдсан нь хожим бүгдэд ил болсон. Гэтэл бодит байдал дээр жирийн уяачдын монгол адуунууд их хэлмэгдсэн. Үүнээс болж жирийн олон уяачдын хөдөлмөр талаар болсон. Баяр наадмын зохион байгуулах хорооны шийдвэрээр 1,2 дахь үеийн эрлийз адууг хассан боловч үүнтэй зэрэгцээд олон сайхан монгол адуу бас хасагдсан. Гэхдээ өнөөдөр эрлийз, монгол адууны асуудал дараагийн удаад тавигдах зүйл. Үүнийг мэргэжлийн холбоо бие даагаад шийдвэрлэчих боломжтой. Ер нь уяачдын холбоо төрийн наадмыг зохион байгуулах асуудалд оролцож чаддаггүй. Хуулиараа ч оролцох боломжгүй байдаг. Цаашилбал хуулинд “эрлийз 3 насны уралдаан” гэсэн томьёолол байхгүй. Баяр наадмын зохион байгуулах хорооноос гаргасан шийдвэрээр эрлийз насыг уралдуулж, түүний амжилтаар нь улсын цол олгож байгаа нь мэдээж хууль бус үйлдэл. Ямар нэгэн шийдэл байхгүй, гарцыг нь олоогүй зүгээр л тунхагийн шинжтэй, хуулиас дээгүүр журам гаргасны үр дүн нь энэ юм. Иймэрхүү маргаанаас болж, энэ өв соёлыг улстөржүүлснээс болж сүүлийн үед ММСУХ-ны нэр хүнд ихээр унасан. Уяачид дотроо маш их маргадаг болсон. Тэрнээс болоод ямар ч уралдаан их сунжирдаг болсон. Ингэж сунжирдаг болсны үр дүн нь саяын “Дүнжингарав-2018” уралдаан юм. Цаашид холбоо өөрийн үйл ажиллагаагаа хууль эрх зүйтэй уялдуулах, морин уралдаанаа, уяачидаа, уралдаанч хүүхдүүдээ зөв томьёолж, тодорхойлох зэрэг өөрсдийн дүрэм журамтай холбоотой, морин уралдааны орчин дахь эрх зүйн актуудтай холбоотой шинэчлэлийг яаралтай эхлүүлэх шаардлагатай.

-Нийгэмд уяачдын холбооны нэр хүнд уначихсан энэ үед саяны Дүнжингаравын уралдааныг үлгэр жишээ зохион байгуулчихаж болоогүй юм болов уу?

-Хэсэг уяачдын зүгээс энэхүү уралдааныг хоёр өдөр зохион байгуулбал зүгээр юм биш үү гэсэн саналыг холбогдох хүмүүст нь хүргүүлсэн. Ер нь манай мэргэжлийн холбоо уяачдынхаа үзэл бодлыг сонсдоггүй л дээ. Ерөнхий нарийн бичгийн дарга нь уяачдыг хүлээн авч уулзаж, нааштай хандан асуудлыг цааш нь хүргүүлье гэдэг. Гэтэл уяачдын холбооны удирдах зөвлөл буюу тэргүүлэгч 45 гишүүн гол шийдвэрийг гаргадаг. Эдгээр хүмүүс энэ холбоонд буглачихсан, уяачдын санаа оноог сонсдоггүй, бусдыгаа хүндэлдэггүй, дор бүрнээ өөр өөрсдийнхөө эрх ашгийн төлөө л шийдвэр гаргаж морь уралдуулдаг болоод удаж байна. Энэ нь ч саяын Дүнжингаравын уралдаанаас харагдаж байна. Харин эдгээр хүмүүс алдаагаа ойлгож ирэх сард болох их хурлаараа бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох саналыг гаргаж байх шиг байна. Үүнийг залуучууд, залуу уяачид ялангуяа сайшааж хүлээн авч байгаа.

-Хурдан морь, унаач хүүхэд, уяач гэж юу болохыг мэдэхгүй байж хүүхдийн асуудлыг өлгөн авч, нийгэм даяар шуугиан тарьж ардын баатар болох гэдэг хэсэг хүн байна гэж уяачид ярьдаг?

-Хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдолд түүнийг олж илрүүлэх, хариуцлага хүлээлгэх, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа зайлшгүй байх ёстой зүйл. Хүүхдийг хамгаалах нь хүн бүрийн үүрэг. Энэ үүргийг уяачид маш сайн биелүүлж явдаг хүмүүс л дээ. Зарим нэг хариуцлагагүй, хойрго ханддаг хүмүүс байхыг үгүйсгэхгүй л дээ. Ер нь манай хүүхдийн эрхийн төлөө гэж явдаг төрийн болон төрийн бус байгууллагууд цаг үеийн шинжтэй асуудалд ханддаг. Тухайлбал, “Дүнжингарав” уралдаан дөхөөд ирэхээр ч юм уу, эсвэл хаврын уралдаанууд эхлэхээр нөгөө уралдаанч хүүхдийн асуудлыг ярьж эхэлдэг. За тэгээд зун, намрын цагаар нөгөө хүмүүс маань таг чиг болчихно. Дараа жил нь тэс өөр хүмүүс гэнэт гараад ирнэ. Яг үнэндээ зохион байгуулалтгүй наадамд бол улирал харгалзахгүйгээр хүүхдүүд мориноос унах магадлалтай. Унасан болгон нь бэртээд байдаг ч юм биш л дээ бас. Хальтиргаа гэдэг зүйл бороотой, шавартайд ч байдаг. Бас хаврын уралдаанд хүүхдүүд даардаг гэдэг бол ташаа мэдээлэл. Гэх мэтчилэн нөхцөл байдлыг бодитой судалж тууштай үйл ажиллагаа явуулж байгаа субъект одоогоор алга байна. Өнгөрсөн жил энэ асуудлыг нийгэмд гарган ирж тавьсан хүмүүс энэ жил чимээгүй болчихож байна. Энэ жил өмнө энэ асуудлыг ярьж байгаагүй өөр шинэ хүмүүс гараад ирж байгаа юм. Энэ хүмүүс ирэх жил бас таг чиг алга болно. Нэг иймэрхүү сонин үзэгдэл бий болчихоод байгаа. Жил болгон ийм байдал ажиглагддаг. Тэгэхээр уяачид энэ хүмүүсийг ямар нэгэн зорилгоо биелүүлчихээд алга болоод байна гэж харддаг. Эндээс харахад хүүхдийн эрх ашгийн төлөө энэ хүмүүс үнэхээр дуугарч байна уу гэдэг дээр эргэлзээ төрдөг. Ямар нэг эрх ашгийн төлөө энэ цаг үеийг далимдуулж нийгэмд тодорч гарч ирчихээд ирэх жил нь алга болдог, өөрсдөө ийм тууштай биш байгаа нь олон нийтэд сэжиг төрүүлж байна. Ийм хүмүүс хүүхдийн эрхийн төлөө үнэн тэмцэгчид байж чадах уу. Бас л хүүхэд гэсэн нэрээр улстөрийн эсвэл хувийн эрх ашгийн тоглолт хийж байна уу. Ер нь хүүхдийн эрх унаач хүүхдийн асуудал дээр ч яригдах зүйл биш. Бид гэрээсээ гараад л хүүхдийн эрх хэрхэн зөрчигдөж байгааг өнөөгийн нийгмээс харж болно. Тэр бүрийг энэ хүмүүс ерөөсөө ярьдаггүй шүү дээ. Морины хүүхэд бол хамгийн амархан бөгөөд тэдний хувьд их үр дүнтэй сэдэв нь бололтой. Тэд энэ асуудлыг ярьснаараа нийгэмд өөрийгөө таниулдаг гол аргатай.

-Зам тээврийн ослоор ч гэх үү, бусад хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудал хурдан морь унаач хүүхдийн асуудлаас хэр бага байдаг юм бол…?

-Наад зах нь нэг жилд хүүхдүүд ахуйн хүрээний түлэгдэлт буюу халуун тогоонд түлэгдэж амь насаа алдсан хорь гаруй тохиолдол байдаг юм билээ. Үүний эсрэг энэ хүүхдийн эрхийн төлөө тэмцдэг байгууллагууд ямар нэгэн ухуулга, сурталчилгааны ажлыг хийснийг би лав санахгүй байна. Унаач хүүхдийн асуудлаар дуугардаг шигээ энэ мэт бусад асуудал дээр хүчтэй, идэвхтэй оролц л доо. Гэтэл саяын тэр эмнэлэгт хэвтсэн хүүхдийн сургаар ямар ч их шуугиан дэгдээв. Тэр хүү манай хөрш айлын жаал. Өмнө нь улс, бүсийн наадмуудаас айраг, түрүү авч байсан туршлагатай хүүхэд. Тухайн үед морь дагаж явсан олон машины тоос, шахалтаас болж мориноосоо унасан байна лээ. Энэ хурдан морийг машинаар дагадаг үзэгдлийг хориглох л ёстой. Гэхдээ энэ бол уяачид тогоон дотроо ярих ёстой асуудал. Үүнийг мэргэжлийн холбоо хийх ёстой.

-Хурдан морины уралдааныг уламжлалаас гадна том эдийн засаг гэдэг талаас нь манайхан ерөөсөө хардаггүй. Та цөөнгүй жил морь уяж, уралдуулсан, басчиг эдийн засгийн эргэлтэд оруулдаг хүн. Наадмаас наадмын хооронд нэг адуунд хичнээн хэмжээний хөрөнгө зарж байна. Үүнд эдийн засгийн тооцоо гаргаж болох уу?

-Эдийн засгийн тооцоо гаргаж болно. Уяачдын хувьд намар хадлан тэжээл бэлдэх, уяа морьдоо унаж эдлэх, арваннэгдүгээр сард тэжээлд оруулах гэх мэт жилийн турш байнгын хөдөлмөрлөж байдаг. Тэр үеэс зуны наадам хүртэл нэг бага насны адууг, тухайлбал даагыг уяж, уралдуулахын тулд 2-3 орчим сая төгрөг зарцуулдаг. Мэдээж уяан дээрээ ганцхан адуутай уяач гэж бараг үгүй. Ер нь бол морин уралдаан сүүлийн үед маш сайн мэргэшиж байгаа. Морь уяна гэдэг ерөөсөө багийн ажиллагаа болчихсон. Уяач, унаач хүүхэд, туслах ажилтан гэх мэт. Эдгээр хүмүүс жилийн дөрвөн улиралд тасралтгүй ажилтай, орлоготой болсон. Сүүлийн үед зөвхөн зун улсын баяраар л ганцхан уралдаж байя гэж хэсэг хүмүүс яриад байх болж. Хэдийгээр баяр цэнгэл, наадам ч гэлээ манай уламжлалт морин уралдаан спортын шинжийг агуулдаг. Хол зайд боломжит өндөр хурд, тэсвэрийг зэрэг шаардсан зорилготой. Нэгэнт уралдаан л юм чинь нэг ёсны спортын өрсөлдөөн шүү дээ. Бүгд л амжилт үзүүлэх, түрүүлгэж айрагдуулах зорилготой, Наадмаар ямар морь айрагдаж, түрүүлэх магадлалтай вэ гэхээр жилийн турш байнгын бэлтгэлтэй байсан адуу л өндөр амжилт үзүүлэх тодорхой. Тэгэхээр энэ хаврын уралдааныг үгүйсгэх ямар ч боломжгүй юм. Дахин хэлэхэд морины уралдаан гэдэг өв уламжлалаас гадна спортлог шинжтэй зүйл. Тэгэхээр байнгын бэлтгэлтэй, уяатай байхыг шаардана. Тэгэхээр тэрхүү хурдан морьдыг нь уях, тэжээж арчлах, дасгал сургуулилт хийх, эрүүл мэндийг нь анхааарах зэрэг олон ажлыг жилийн дөрвөн улирлын турш тасралтгүй хийх ажиллах хүчин хэрэгтэй. Ингэснээрээ байнгын ажлын байр бий болчихно. Энэ талаараа ярих юм бол үндэсний морин уралдаан гэдэг эдийн засгийн, худалдааны эргэлтийн, жижиг дунд үйлдвэрлэлийн хувьд том салбар болж байгаа юм. Үүнийг манайхан ерөөсөө хүлээн зөвшөөрдөггүй. Ийм том эдийн засаг, хдалдааны эргэлт яригдаж байхад аль болох л үүнийг устгана, хориглоно гэсэн шийдвэр гаргадаг. Үүнийг дагаад маш олон хүн ажилгүй, орлогогүй болно. Ер нь аливаа зүйлийг хориглоно гэдэг нийгэмд буруу жишиг тогтоодог. Хориглохоосоо илүүтэйгээр гарц, шийдлийг нь олох нь чухал. Өөрөөр хэлбэл ямар нэгэн зүйл хаагдмал, нуугдмал болох тусмаа эрсдэл их гардаг. Тийм болохоор аливаа зүйлийг маш тодорхой, олон нийтэд ил болгох учиртай. Жилд тэдэн уралдаан тийм тийм газар зохион байгуулагдана. Уяачид ийм ийм шалгуур, зохион байгуулалтаар ингэж оролцоно гээд тодорхой заагаад өндөр зохион байгуулалтай болгочих юм бол хаа хаанаа эрсдэл дагуулахгүй уламжлал, өв соёлоо хадгалсаар л байна гэдгийг холбогдох эрх мэдэлтнүүд ойлгох хэрэгтэй. Энэ ажлыг мэргэжлийн холбоо удирдлагаар хангаад, санаачилж зохион байгуулах ёстой. Төр засгийн зүгээс иймэрхүү зүйлд оролцоод байх хэрэггүй. Харин хяналт, нөхцөлийг нь бүрдүүлж, хамгаалалтай явуулахад л оролцох ёстой. Ийм л энгийн зарчимаар болчих зүйлийг улстөржүүлээд, асуудлыг өөр дээрээ авчирч наах шаардлага манай төр засгийнханд ерөөсөө байхгүй шүү дээ. Засгийн газар уралдааны тов баталдаг, хүмүүсийг цолоор хуурдаг, түүний араас улайрах нөхцөлийг бүрдүүлдэг нь өөрөө буруу тогтолцоо. Морины уралдаан гэдгийг төр засгийн түвшинд ярьж, нийгмийн тулгамдсан асуудал мэтээр ойлгох хэрэггүй юм. Мэргэжлийн холбоо нь зөв удирдаад, уяачид нь ёс зүйтэй, боловсролтой, сахилга баттай оролцоод явахад л болох зүйл.

-Хурдан морины уралдааныг эдийн засаг талаас нь ойлгоосой гэсэн бодолтой хүмүүсийн нэг нь бий л дээ. Сүхбаатар аймгийн Асгат сумынхан нэг жилд зөвхөн хурдан морины наймаагаар 500 сая төгрөгийн орлого олжээ гэсэн тоо бий?

-Сүхбаатар аймгийн “Жавхлант шарга” уяачдын холбооны дэд тэргүүн надад хэлж байсан юм. “Жавхлант шарга” уралдааны үеэр нэг тэрбум орчим төгрөгийн наймаа жил бүр л явагддаг гэж. Сүхбаатар аймгийнхны амьдрал ахуйд эерэг нөлөөтэй нэг хүчин зүйл нь хурдан морины наймаа л даа. Гэхдээ сүүлийн жилүүдэд хурд бол хаана ч төрдөг болсон байна. Үүнийг дагаад хурдан морины наймаа Сүхбаатар ч гэлтгүй хаа сайгүй л хийгдэж байна. Орон нутгийн иргэдийн амьдрал, амьжиргаанд маш том боломж болж байгаа нь сайн хэрэг шүү дээ. Энэхүү худалдаанаас жирийн малчдын амьдрал эрс сайжирсан, эдийн засгийн хувьд биеэ даасан жишээ олон байдаг. Тэр ч бүү хэл унаач хүүхдээ урамшуулах замаар ар гэрт нь дэмжлэг болсон, байр орон сууц өгсөн гэх хүртэл адууны буянаар үйлдэгдсэн сайхан жишээ их. Тэр бүрийг уяачид зарлаад яриад байдаггүй. Би хувьдаа морины хүүхдүүдийг хөдөлмөр эрхэлж байна гэж үздэггүй. Тэд өөрсдийн дур сонирхлоороо хурдан морь унадаг. Хэрвээ дургүй бол унуулдаггүй учир энэ хөдөлмөр биш юм. Уяачдын зүгээс харин хүүхдүүдээ сайн урамшуулдаг болсон нь жил ирэх бүр л мэдрэгдэж байна. Нэг ийм үзэгдэл сүүлийн үед их харагдах болсон. Өвөрмонголд морин уралдаан их явагддаг. Бүр төр засгаас нь уяачдадаа урамшуулдаг, уралдаан тэмцээнүүдийн бай шагналыг нь даадаг. Тэр ч утгаараа Өвөрмонголын жирийн уяачид нь адууны соёлыг түгээж, хувьдаа морин тойруулгатай, хурдан адууны аж ахуйг утгаар нь эрхэлдэг болтлоо хөгжчихөөд байна. Үржлийн сайн азарга авахад ч хүртэл төр засгаас нь дэмжиж, зээл олгож, хөрөнгө мөнгө өгч байна. Хурдан морины уралдаан нь эрчимтэй хөгжиж буй тэр газарт ажиллаж, хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс нь ар монголчууд буюу манайхан байх нь элбэг болсон. Солонгост очиж ажиллана гэдэг шиг. Моринд дуртай, адуунд хайртай манай залуучууд урд хөрш рүү их явж байна. Мөн хурдан морины уралдаанч хүүхдүүд очиж морь унах нь элбэг болсон. Тэдэнд сард 1,5 сая орчим төгрөгийн цалин өгдөг гэж сонссон. Ийм нөхцөлд манайхан уралдаанаа хорьсноор манай адуучид, унаач хүүхдүүд урд зүг рүү хошуурах нэг шалтгаан бүрэлдэж байна. Энэ утгаараа нөгөө л нэг өв соёлыг устгах бодлого бас яваад байна уу гэсэн хардлага төрдөг. Манай оронд үндэсний их өв болсон энэхүү спортыг устгах бодлого явагдаад байдаг, гэтэл өвөрмонголд энэхүү өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх бодлого явагдаж байна. Энэ маягаараа тэд манай эрийн гурван наадмыг өмчлөөд, соёлын өвөөр бүртгүүлээд явж байхыг үгүйсгэх аргагүй болчихлоо. Нөгөө талаас манай хурдан морины уралдаан нь том эдийн засаг, нийгмийн нэгэн том салбар гэдгийг хүмүүс ойлгохгүй байна. Хурдан моринд ямар нэгэн байдлаар хамааралтай 400 мянга орчим хүн байна гэсэн статистик гарсан. Монголын нийт хүн ам гурван сая гаруй шүү дээ. Энэ нэг томоохон салбар биш үү. Том эдийн засаг биш юм уу. Монголчууд бидэнд юуны өмнө эдийн засгаа сэргээх, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх л хамгийн чухал байна шүү дээ. Гэтэл болж бүтэж яваа эдийн засгийн нэг том салбараа яагаад унагах гээд, устгах гээд байгаа юм бэ.

-Ирэх тавдугаар сард Уяачдын холбооны их хурал хуралдана. Та оролцоно биз дээ?

-Хуралд төлөөлөгчөөр оролцоно. Миний хувьд холбооны хуучин удирдлагуудыг учиргүй зүхдэг хүн биш л дээ. Харин ч тэдний хийсэн бүхэнд талархаж явдаг. Бид нэгнийхээ хийсэн ажлыг шүүмжлэх, үгүйсгэх, муулах бус хойшдын ажилдаа анхаарч, тэдний туршлагыг ашиглах ёстой. Энэ холбоог авч явах залуус нь өнөөдөр байгаа түвшнээс нь илүү өндөрт гаргаж, морин уралдааныг хөгжүүлээсэй гэж боддог. Хурдан морины орчинд өндөр боловсролтой маш олон залуус бий. Барууны том сургуулиудад боловсрол эзэмшсэн, санхүүгийн хувьд аль эрт бие даачихсан, гадагшаа харилцаа холбоо сайтай, өөрийн бодолтой, зорилготой. Шинэ удирдлагууд нь тэднийгээ зөв зохион байгуулах хэрэгтэй. Дээр нь нэмж хэлэхэд ах нар маань бас дүү нартаа зөв үлгэр дууриал болж яваасай гэж боддог. Зарим талаар маш буруу үлгэр дууриал болчихсон ах нар морины орчинд бий шүү дээ.


Categories
мэдээ цаг-үе

Ц.Амар: Монголд массыг хамарсан бүтээн байгуулалт байхгүй нь алдаа болж байна

Аюулгүй байдлын судлалын хүрээлэнгийн судлаач Ц.Амартай ярилцлаа.


-Өнөөдөр манай улсын эдийн засгийн аюулгүй байдал ямар байна вэ?

-Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш манай улсад гурван удаа эдийн засгийн хямрал болсон. Шилжилтийн үеийн эдийн засгийн хямрал нүүрлэсний дараа нь түүхий эдээс хамааралтай дэлхийн эдийн засгийн хямралд өртөв. Сүүлд валютын зээлийн хямралаас үүдэлтэйгээр 2016 онд эдийн засаг хүндэрсэн. Энэ хямралууд болонгуут эдийн засгийн аюулгүй байдал хөндөгддөг. Манай улс Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа Эдийн засгийн аюулгүй байдлыг хамгийн түрүүнд дурдсан байгаа. Юун түрүүнд ДНБ-ийн жилийн өсөлт таван хувиас дээш байлгана, ДНБ-д эзлэх улсын нэгдсэн төсвийн алдагдал хоёр хувиас хэтрэхгүй байна гэх зэргээр суурь үзүүлэлт бий. Мөн аж үйлдвэрийн салбарын боловсруулах үйлдвэрийн жин 60-аас дээш хувьтай байна гэх зэргээр эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг дурдсан байгаа. Ер нь энэхүү бодлогын баримт бичиг 2010 онд гарсан бол дараа жил нь эдийн засаг 17.3 хувиар өссөн. Тэрнээс хойш явсаар 2015 оноос хойш ДНБ 2.5 хувиар өсөөд эдийн засгийн аюулгүй байдлын шалгуур үзүүлэлтдээ хүрч чадахаа больж байна шүү гэдэг мессэжийг өгсөн юм.

-Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг Засгийн газраас зарлалаа. Монгол Улсын хөгжлийн нэг багана нь Олон тулгуурт эдийн засаг байна гэж үзжээ. Энэ бодлого хэрэгжсэнээр манай улсын эдийн засаг ямар болно гэж харж байна вэ?

-Монгол Улсын эдийн засгийн тулгуур гадаадын хөрөнгө оруулалт, түүхий эдийн үнээс хамааралтай экспорт, төсвийн бүрдэлтээс хамаарсан эдийн засгийн суурьтай. Улс зах зээл дээр ямар хэмжээнд мөнгө нийлүүлж, ямар бодлого баримтална тэрнээс үүдэж эдийн засаг сайжирна. Төсвийг бүрдүүлэхдээ засгийн газар маань бонд гаргаж, зээл авч байна. Төсвийн алдагдал 2011 оноос дандаа алдагдалтай байсан. Энэ алдагдлыг ДНБ-ий хоёр хувьд барина гэсэн байдаг. Гэтэл төсвийн алдагдал маань 2013 онд -1.2 хувьд болсон. Төсвийг алдагдалгүй батална гэдэг ойлголт Засгийн газрын түүхэнд байсангүй. Магадгүй бид төсвөө алдагдалгүй болчихвол Төв банк мөнгөний бодлогын хүүгээрээ дамжуулж эдийн засгаа удирдах боломжтой. Гэвч эдийн засгийн маань суурь ухагдахуун Засгийн газар хамгийн том ажил олгогч болоод байгаад байна. Саяхан Гурван тулгуурт хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг дээр Монгол Улс 189 мянган төрийн албан хаагчтай байна гэж Ерөнхийлөгч хэлсэн. Засгийн газар өөрөө ажил олгогч болоод эхлэнгүүт бизнесийн салбар, компанийн засаглал, чөлөөт эдийн засгийг хөгжүүлэх боломжгүй болоод байгаа юм. Ингэхээр эдийн засгийн аюулгүй байдалд аж үйлдвэрийн салбар байхгүй болж байгаа нь гол үндэс болж байна. ДНБ-ийг салбараар ангилбал хөдөө аж ахуйн салбар 1996 он хүртэл тогтвортой өссөн байдаг. Тэрнээс хойш энэ салбар аажмаар буураад эхэлсэн. Энэ нь юу вэ гэвэл бид хоёр хөрштэйгөө заавал ярина. Хятадын хөдөө аж ахуй дахь нөлөөлөл улам нэмэгдээд эхэлсэн. Ченжүүдээр дамжуулаад түүхий ноосоо урд хөрш рүү гаргадаг болсон систем рүү орсон гэдгийг статистикаас харж болно. 1995 оноос аж үйлдвэржилтийн салбарын хөгжил зогсонги байдалд орсон. Харин уул уурхай 2000 оноос хойш давтамжтай өссөн. Улмаар 2007 оноос өсөлтийн үедээ ирсэн. Уул уурхай бол үнээс хамааралтай. Манайх уул уурхайн бүтээгдэхүүнээ нэмүү өртөг шингээхгүйгээр экспортолдог онцлогтой улс болоод байна л даа. Үүндээ гуравдагч хөршийн бодлогыг ярьдаг гол суурь үндэс байдаг. Гэтэл бид Эдийн засгийн аюулгүй зөвлөлийн үзэл баримтлал дээрээ аж үйлдвэрийн салбарын боловсруулах үйлдвэрийг өндөр хэмжээнд эзлүүлдэг болгоно гэж яриад байгаа. Гэтэл эдийн засаг маань салбараар ангилбал сүүлийн 2006, 2007 оноос хойш хэрэглээ ба үйлчилгээнд суурилсан эдийн засагтай болжээ. Бид үйлдвэрлэгч биш хэрэглэгч улс болсон байна. Жишээлбэл, Шинэ Зеландын эдийн засгийг нь бүрдүүлдэг гол хүчин зүйл бол хөдөө аж ахуйн салбар байна. Япон, Солонгос гэхэд технологижсон үйлдвэржилт дээр явж байна. Хятад улс суурь үйлдвэржилт болон технологийн үйлдвэржилтийг хослуулсан эдийн засагтай байна. Гэтэл Монгол Улсын ДНБ-ий эзэлж байгаа гол үзүүлэлт нь үйлчилгээний салбар байна. Үүнд банк, даатгал, хоолны салбар, зочид буудал, үзвэр үйлчилгээ гээд энэ салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Улс орондоо үйлдвэрлэх биш, үйлчилгээ үзүүлж валютын урсгалаа гадагш чиглүүлсэн бодлого явуулж байна. Бид Хятадад хямд өртгөөр боссон бараа бүтээгдэхүүнийг импортлоод үүн дээрээ тодорхой ашгийн хувиа нэмдэг байдал 90 оноос хойш явж ирсэн. Гэтэл үйлчилгээнд суурилсан АНУ-тай дүйцэж эхлэхээр болжээ. АНУ бол ДНБ-ийхээ 70 орчим хувийг үйлчилгээ ба хэрэглээнд суурилсан эдийн засгаар бүрдүүлдэг юм. Их гүрэн гэдэг бол үйлдвэржилтийн бодлого нь шигтгэгдчихсэн, үндэстэн дамнасан корпорациуд нь төлөвшчихсөн байдаг. Гэтэл Монгол Улс маань эдийн засгийн аюулгүй байдлаа бодвол үйлдвэржсэн, хөдөө аж ахуй руу чиглэсэн, аж үйлдвэр, уул уурхайн салбар гээд төрөлжүүлж хөгжүүлэх ёстой.

-Аялал жуулчлалыг эдийн засгийн хөгжлийн нэг тулгуур гэж үзээд байгаа. Энэ талаар юу хэлэх вэ?

-Манайхан эдийн засгаа солонгоруулна гэхээрээ аялал жуулчлалыг их ярьдаг. Аялал жуулчлал маань өөрөө үйлчилгээнд суурилсан эдийн засаг. Би үйлчилгээ үзүүлснийхээ төлөө хөлс авдаг. Тэгэхээр энэ эдийн засаг руугаа хэтэрхий налсан байна уу гэж бодогдлоо. Энэ удаагийн Гурван тулгуурт хөгжлийн бодлого дээр сайшаах зүйл харагдсан. Бид хоёр хөршөө бодлогодоо оруулдаггүй онцлогтой байсан. Тэгвэл Гурван тулгуурт хөгжлийн бодлого дээр хоёр хөршөө сайн судалсан байна лээ.

-Гуравдагч хөршийн бодлого баримталдаг манай улс Япон, Солонгостой эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан. Энэ нь эдийн засгийн хөгжилд хэр түлхэц болдог юм бэ?

-Бид гуравдагч хөршөөрөө АНУ, Япон, Солонгос гээд тодорхой заагаад өгдөг. Тэдэнтэйгээ эдийн засгийн түншлэлийн чөлөөт хэлэлцээр байгуулчихсан. Гэтэл манай худалдааны гол гарц нь хоёр хөрш байна. ОХУ-аас шатахуун импортолж, БНХАУ руу нүүрсээ гаргаж байгаа. Тэгэхээр бид хоёр хөршийнхөө томоохон геополитикийн орчныг судлах шаардлагатай. Ямар эдийн засгийн том хөдөлгөөн рүү орж ирэв гэдгийг анхаарах шаардлагатай болчихож байгаа юм. Тэгэхгүйгээр Япон, Солонгос, АНУ-ын эдийн засгийн бодлого юу байна вэ гэх юм бол худалдааны хувьд алдагдалтай байна л даа. Тэдгээр улсуудаас импортын бүтээгдэхүүн түлхүү авдаг болохоос биш, экспортолж гаргадаг бүтээгдэхүүн гэвэл төдийлөн өндөр өртөгтэй, дүн тоо хэмжээ нь их биш. Оросоос гэхэд нефтийн бүтээгдэхүүн гол импортолж байна. Хятад руу нүүрсээ гаргаж байна. Ингээд харахаар бид дэлхийн зах зээлийн түүхий эдийн цаашдын чиг хандлагыг Гурван тулгуурт хөгжлийн бодлоготойгоо жинхэнэ холбож өгөх байсан юм.

-Энэ хөгжлийн бодлогын хүрээнд татварын орчныг шинэчилж байгаа юм билээ?

-Татварын орчныг сайжруулна гэхээсээ илүүтэйгээр хөрөнгө оруулалтын нөхцөл байдал сэргэчихжээ. 2016 оноос хойш улс орнууд өөрсдийнхөө дэд бүтцийг хөгжүүлэх стратегийг барьж эхлүүлсэн юм. Хятад гэхэд 13 дугаар таван жилийн төлөвлөгөөндөө дотоодын дэд бүтцээ хөгжүүлэх “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд коридорын орнуудынхаа дэд бүтцийг сайжруулах гэсэн бодлогыг баримталсан. АНУ-д Д.Трамп гарч ирээд дотоодын дэд бүтцийг сайжруулахын тулд 500 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийнэ гэлээ. Дотоодынхоо бүтээн байгуулалт руугаа чиглэсэн бодлогыг улс орнууд зарласан нь нүүрсний үнийг тогтвортой өсгөх хандлага руу оруулсан байдаг. Энэ нь түүхий эдийн зах зээл рүү шилжих зам руу орно.

Ер нь компаниуддаа нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэснийх нь төлөө татаас өгөлгүйгээр өрсөлдөөнт хэлбэр рүү оруулж өгөх харэгтэй. Эсрэгээрээ тэднийхээ татварын бодлого дээр хөнгөлж өгөх зэрэг илүү ойлгомжтой бодлогыг хэрэгжүүлэх ёстой гэж харж байна.Ингэж чадвал Эдийн засгийн аюулгүй байдлыг бодлогын хэсэг дээр дурдсанчлан аж үйлдвэрийн боловсруулах үйлдвэрийн жингийн хувиа 60 хувь хүртэл нэмэх боломжтой. Мөн Гурван тулгуурт хөгжлийн бодлогод инфляцийг 10 хувиас доош түвшинд байлгана, түүхий эдийн нийт экспортын эзлэх хувийг 30 хувь хүртэл төрөлжүүлнэ, эрчим хүчний хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээрээ 100 хувь хангана гэсэн тоо баримтууд аюулгүй байдлын хамгаалалтдаа хүргэнэ. Гэхдээ аюулгүй байдалдаа хүргэнэ гээд байвал эдийн засаг маань тэлэх боломжгүй. Эсвэл хэтэрхий их тэлээд байвал эдийн засгийн аюулгүй байдлаа алдах талтай.

-Гурван тулгуурт хөгжлийн бодлогын хүрээнд эдийн засгаа сайжруулахын тулд юуг анхаарах ёстой вэ?

-Эдийн засгийн хөгжлийн тулгууртаа эдийн засгийн коридорыг сайн оруулах ёстой. Монгол, Хятад, Орос гэсэн гурван улсын эдийн засгийн коридорыг тэргүүн эгнээнд бий болгоно гээд урд хөрш 13 дугаар таван жилийн төлөвлөгөөндөө зорилт тавьсан. Энэ нь Хятадын хувьд хамгийн эрсдэл багатай гэж байгаа. Дэд бүтцээ шийдээд өгчихвөл компанийн засаглал илүү хөгжинө.

-Хөгжлийн бодлогодоо 263 мянган ажлын байр шинээр бий болгоно гэсэн байна лээ?

-Эдийн засгийн аюулгүй байдал дээрээ ажилгүйдлийн түвшинг 30-аас дээш хувь байлгаж болохгүй гэж заасан байгаа. Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтраад 2016 онд манай улсын ядуурлын түвшингийн судалгааг гаргасан байдаг. Өнөөдөр ажилгүйдлийн түвшин гуравны нэгдээ хүрчээ. Бодлогын бичиг баримт дээр 30 хувиас доош байлгана гэснийгээ давах гэж байна. Бид үйлчилгээ ба хэрэглээнд суурилсан эдийн засгаасаа татгалзаад хөдөө аж ахуй, уул уурхайг дэмжсэн бодлого руугаа илүү орох юм бол 263 мянган ажлын байр бий болгож чадна. Үүний тулд МСҮТ дээр суурилсан инженерүүдээ бэлдвэл эдийн засгийн дархлаа маань бэхжих боломжтой болно.

-Хятад улс дөрвөн жилийн дараа 1.4 тэрбум хүнээ ядуурлаас гаргана гэж зарласан. Харин манай улс Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг хэрэгжүүлснээр хэдий хугацааны дараа ядуурлаас гарах бол?

-Ер нь Хятадын ядуурлаас гарч байгаа гол үндэс нь дотоодынхоо үйлдвэржилтийг дэмжсэнтэй холбоотой. Тосгодуудынхаа бүтээн байгуулалтыг дэмжсэн байдлаар 12 дугаар таван жилийн төлөвлөгөө явсан. Харин 13 дугаар таван жилийн төлөвлөгөө бол дэд бүтцийг сайжруулах юм. Энэ бодлогын баримт бичгийг хараад байхад ажиллах хүчний экспорт руу чиглэж байна. Гэтэл манайх ажиллах хүчин дотооддоо бэлэн байгаад байдаг. Үйлдвэржилт юм уу, массыг хамарсан бүтээн байгуулалтууд, системийн хөгжил байхгүй нь алдаа болж байна.

-Ер нь эдийн засаг улс төртэй шууд хамааралтай. Одоогийн Засгийн газрын гаргасан бодлогыг дараагийн засаг нь өөрчлөх юм уу гацаах байдал ажиглагддаг. Энэ нь эдийн засагт хэр хортой вэ?

-Ер нь гадаадын хөрөнгө оруулагчид манайхыг гайхдаг л даа. “Засгийн газар дунджаар 1.7 жилийн насжилттай. Хөрөнгө оруулалтын тогтворгүй орчныг бий болгож байна” гэдэг. Засгийн газар нь тийм байж болно. Гэхдээ төрийн алба нь тогтвортой байх ёстой. Японд Ерөнхий сайд нь солигдож л байдаг. Харин төрийн алба тогтвортой байдаг. Тиймээс засаглалын хувьд тогтвортой байх нь гадны хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгах нэг үндэс юм. 2011 онд манайд 4.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн. Ингээд 2012, 2013 онд гадны хөрөнгө оруулалт чөлөөтэй нэмэгдэж байсан. Энэ нь Оюу толгойн гэрээ хэлэлцээр зурагдаад хөрөнгө оруулалтын бодлого нь зөв байсантай холбоотой юм.

-Эдийн засгийн тагнуулыг хүмүүс эерэгээр тайлбарлаад байх юм?

-Ер нь янз бүрээр хардаг л даа. Зарим нь судалгаа хийж байгаа хүмүүсийг тагнуул гэдэг. Харин зарим улс шинжлэх ухаан технологийнх нь нууцыг хулгайлахыг тагнуул гэх зэргээр улс орон өөр өөрийн өнцөгтэй. Эдийн засгийн тагнуул гэхээсээ илүү Монголын эдийн засгийн бодлого нь ийм шүү гэсэн тогтолцооны алдаагаа зөв гаргаад ирвэл бид олон улсад нээлттэй, чөлөөтэй, ардчилсан засаглалтай байна гэдгээ тодотгоно. Одоо манай улс банкны эдийн засагт суурилсан эдийн засагтай. Аажмаар иргэд банкинд мөнгөө хадгалуулахаасаа татгалзаж байна. Өөрөөр хэлбэл, иргэд хөрөнгө оруулагчид болж байна л даа. Санхүүгийн салбарын мэдлэг нь сайжирч байна гэсэн үг. Энэ бол эерэг мессэж. Гэхдээ бид улс төрийн тогтвортой байдлыг бий болговол эдийн засгийн аюулгүй байдалд суурь эерэг тал болно. Тиймээс үүн рүү чиглэсэн бодлогыг бий болгох нь зүйтэй.