Categories
мэдээ цаг-үе

Ч.Улаан: ”Эрдэнэт”-ийн өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлбөл эдийн засгийн гэмт хэрэг болно

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХын гишүүн Ч.Улаантай ярилцлаа.


-“Эрдэнэт” үйлдвэрийн асуудалд та байр сууриа илэрхийлэхгүй юу. “Стандарт” банкнаас авсан өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлнө гэх юм?

-Татвар төлөгчдийн мөнгөөр “Эрдэнэт” дээр яригдаж байгаа өр авлагыг барагдуулах ёсгүй. Ер нь Монгол Улс хариуцлага хүлээх ёсгүй байсан. Харин “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой ийм өр авлагын асуудал үүслээ гэж үзэж байна. Яг адилхан хоёр тохиолдол байгаа. Нэг нь “Улаанбаатар төмөр зам”, нөгөө нь “Эрдэнэт” үйлдвэр. “Улаанбаатар төмөр зам” хуулийн дагуу ажиллаад, баталгаа нотолгоогоо гаргаад бүх юм нь хуурамч хэрнээ хариуцлага хүлээхгүй мултраад гараад ирж чадаж байна. “Эрдэнэт” үйлдвэр дээр болохоор материалаа өгөөгүй. Хамтарч ажиллахгүй, хуулийн дагуу олгогдсон эрхээ эдлэхгүй, давж заалдахгүй дарсаар байгаад “Эрдэнэт”-ийг өрөнд унагаачихаж байна. Тэгвэл зөвхөн энэ хоёроос харахад аль үйл ажиллагаа нь Монголын эрх ашигт нийцээд байгаа юм бэ. Тэр өрийг “Эрдэнэт” үйлдвэрээс төлсөн ч бай, төсвийн мөнгөөр төлсөн ч бай энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Үүн дээр ямар ч төлбөр тооцоо хийх ёсгүй. Үйл ажиллагааны ноцтой алдаанаас болж ийм байдал үүссэн. Тэр улсуудтай хариуцлага ярих ёстой. Олон улсын эрх зүйн зохицуулалтаас харахад бид Арбитрийн шүүхийн шийдвэрийг хүлээж авахгүй байх дархлаа Монгол Улсад бий. Тэр дархлаагаа бид ашиглах ёстой. Гэтэл Арбитрийн шүүхийн шийдвэрийг яаран дааран хүлээж авч, тэр төлбөрийг татвар төлөгчдийн нуруун дээр авчирна гэж байгаа бол энэ нь эдийн засгийн гэмт хэрэг болно.

-“Эрдэнэт” үйлдвэрийг “Стандарт” банкинд барьцаалсан гарын үсэг нь хуурамч гэгдэж байгаа шүү дээ?

-Зээл авсан баримт бичигт хуурамчаар гарын үсэг үйлдэгдэж явсан гэдэг нь манай дотоодын болон Арбитрийн шүүхийн шинжээчдээр тогтоогдсон. Ганцхан манай тал жинхэнэ гарын үсэгтэй гэрээгээ үзүүлээгүй дарчихсан. Материал байхгүй юм чинь Арбитрийн шүүх тийм шийдвэр гаргасан байх. Тиймээс бид өөрсдийгөө хамгаалах ёстой.

-Яаж тэр вэ?

-Арбитрийн шүүхийн шийдвэрийг хүлээн авч болохгүй байхыг зохицуулсан олон улсын конвенц гэж байна. Тэр конвенцэд манай улс элсээд орчихсон. Энэ дагуу ажиллах юм бол олон улсын дэмжлэг хүлээж авах бүрэн боломжтой.

-Та татварын шинэчлэлийн асуудлаар бие даасан, хараат бус ажлын хэсгийг ахалж ажилласан гэл үү. Монголын татварын орчныг сайжруулахын тулд юу хийх шаардлагатай вэ?

-ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс татварын тогтолцоогоо шинэчлэх үүрэг амлалт авсан шүү дээ. Энэ хүрэээнд татварын хараат бус бие даасан ажлын хэсгийг байгуулан хөндлөнгийн санал дүгнэлт бүхий зөвлөмж гаргуулахаар тохиролцсон юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд гадны зөвлөхүүд, татвар төлөгчдийн болон бизнесийн, эрдэмтдийн гээд олон төлөөлөл оролцсон юм. Ажлын хэсэг бол хуулийн төсөл дээр ажиллах зорилго байхгүй. Харин Монголын татварын системийг боловсронгуй болгоход тулгамдсан асуудлуудад зөвлөмж гаргаж ажилласан байгаа. Жишээлбэл, татвараа төлж чадаагүй аж ахуйн нэгжүүдийн дансыг хаачихдаг. Дансаа хаалгасан аж ахуйн нэгж орлого олох ямар ч боломжгүй. Ийм байхад яаж татвараа төлөх вэ дээ. Давхар татварын байгууллага хохирно. Тиймээс энэ данс хаадаг байдлыг болих хэрэгтэй. Дансанд нь орсон орлогын зарцуулалтын эрмбэ дарааллыг тохирчих ёстой. Орлогынхоо тэдэн хувийг татвартаа төлж, тэдэн хувийг үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахад зориулах маягаар шинэ журманд орох нь зүйтэй гэж судлаачид үзэж байгаа юм. Энэ мэтчилэн энгийнээс эхлээд онолын том асуудлуудыг хамруулж дүгнэлт гаргасан юм. Ажлын хэсэг ажиллаж байхад Монгол Улсыг Европын холбооны татварын хар дансанд оруулчихсан. Тэгвэл энэ асуудлыг ажлын хэсэг зориуд анхааран судалж, Засгийн газарт зөвлөмж өгсөн. Манай улс дахиж ийм хар жагсаалтад орохгүйн тулд ямар арга хэмжээ авч, хэрхэн ажиллахыг зөвлөсөн л дөө. Тэр дагуу Засгийн газар ажиллаад манай улс хар жагсаалтаас гарсан.

-Татварын багц хуулийг хаврын чуулганаар хэлэлцэнэ. Эдийн засгийн чуулган дээр энэ төслийг танилцуулж байхад аж ахуйн нэгжүүдэд ээлтэй хууль гарах нь гэж тодотгож байсан. Гишүүнийхээ хувьд татварын реформд хэрхэн анхаарлаа хандуулж байна вэ?

-УИХ-аар хэлэлцэх явцад нь татварын зүйл заалтуудыг зайлшгүй нарийвчилж үзэх хэрэгтэй болно. Энд хэд хэдэн анхаарах асуудал байгаа. Жишээлбэл, Монголд ажиллаж байсан гадаадын хөрөнгө оруулагч орлогоо аваад гарахад нь оногдуулдаг татварыг бууруулна гэдэг саналыг Засгийн газар оруулж ирж байгаа. Үүнийг бууруулах нь зөв үү, буруу юу гэдэг тал дээр тодорхой судалгаа хийж байна. Ер нь одоо байгаа хувь хэмжээг бууруулах шаардлага байхгүй л дээ.

-Яагаад?

-Бид заавал гадны хөрөнгө оруулагчдад давуутай эрх өгч, дандаа хөнгөлөлт үзүүлж байх учиртай гэж. Бид олон улсын жишгээр санхүүгийнхээ зохицуулалтыг хийгээд явж болно шүү дээ. Хамтарч ажиллаж байгаа юм бол харилцан ашигтай байх ёстой.Баялаг нь манайд байна. Мөнгө нь танайд байна. Энэ хоёрыг нийлүүлээд тэнцүү ашиг хүртье л дээ.

-Манайд хөрөнгө оруулагчид орж ирэхгүй болохоор буулт хийгээд байх шиг…

-Яг тийм болчихоод байна. “Муу махаа гуриланд боодог. Муухай хүүхнээ торгонд боодог” гэсэн ардын үг бий шүү дээ. Ингэж хүчлээд хэрэг байна уу. Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын хаврын чуулганд хэлсэн үгэндээ “Монгол хүний эрх ашгийг хохироож, гадныханд давуу эрх олгосон хууль эрх зүйн зохицуулалтуудаа эргэж харах шаардлагатай” гэсэн. Энэ бол шударга зарчмын чиглэл өгөгдсөн гэж би хувьдаа ойлгож байгаа. Өнөөдөр яах аргагүй Монгол оронд анхаарал татсан асуудал болчихоод байна шүү дээ. Уулын буга хараад унасан морио мартана гэгчээр гадны хөрөнгө оруулагчид ирээд бүхнийг сайхан болгоно гэж ард түмнээ дорд үзэж болохгүй. Сүүлдээ улсаа өрөнд оруулна. Газрын доорх их баялгийг нь ухаж авчихаад хоосон нүх, ирээдүй хойчдоо дааж давахгүй их өр үлдээнэ шүү дээ. Ийм байж болохгүй.

-Том төслүүдийг явуулж байж эдийн засаг сайжрах юм биш үү. Таван толгойн багц төслийг ойрын хугацаанд хөдөлгөх шаардлагатай гэж байна?

-Оюу толгойн төслийг эхлүүлж байхад Монгол Улс хөгжлөөрөө дэлхийд цойлно гэж байсан шүү дээ. Гэтэл арван жилийн дараа бид эрсдэлтэй байдалд ирчихээд байна. Оюу толгойгоо ашиглуулчихаад өрөнд орж болзошгүй байна. Тиймээс механикаар асуудалд бэлэнчилж хандах нь учир дутагдалтай. Тиймээс орд газруудаа эдийн засгийн хувьд үр ашигтай эргэлтэд оруулах ёстой. Оюу толгойн алдааг давтахгүйгээр бид Таван толгойг ашиглах ёстой.

-Оюу толгойн гэрээний алдааг нь засаад төслийг цааш явуулах ёстой биз дээ?

-Тэгэлгүй яахав. Ер нь бол Оюу толгойн гэрээг хянаж сайжруулах зүйл байгаа. Анх гэрээ байгуулагдахдаа төрийн бодлого, УИХ-аас өгсөн чиглэлүүдийг тусгалгүйгээр байгуулагдсан. УИХ-аар хэлэлцээгүйгээр гэрээг ёсчилсон гэдгээс эхлээд асуудал үүснэ. Оюу толгой дээр Төрийн гурван өндөрлөгийн байр суурийг маш тодорхой харж байна. “Улс нь баялагтай байхад ард иргэд нь өртэй байж болох юм уу. Уул уурхайг ашиглах хэрэг юунд байна” гэж Төрийн тэргүүн Засгийн газраас асуусан. Ингээд Үндсэн хууль нийцээгүй, хууль тогтоомжид нийцээгүй, монгол хүний эрх ашгийг хохироосон, гадны хүнд давуу эрх олгосон хууль эрх зүйн зохицуулалтуудаа эргэж хар гэсэн. Тэгэхээр Төрийн тэргүүн энэ байдлаар цааш явж болохгүй гэдэг байр сууриа тодорхой хэлж байна. Тэгвэл Ерөнхий сайдын байр суурь ч тодорхой байгаа. Мөн л УИХ-ын индэр дээрээс хэлэхдээ “Газрын доорх баялаг ардтүмний өмч.Газрын доорх баялгийг газрын дээрх баялаг болгохын төлөө ажиллана” гэсэн. Ингээд “Рио Тинтогийн захиралыг дуудаж уулзаад Монголын талд өгөөжтэй ажилла.

Төслийнхөө үр ашгийг дээшлүүл. Зардал чирэгдлээ бууруул” гэдэг чиглэл өгсөн. Ерөнхий сайд бол энэ гэрээг сайжруулах ёстой гэдэг дээр байр суурь нэг байна. УИХ-ын байр суурь маш тодорхой байна. Ажлын хэсэг байгуулж, гурван чиглэлээр үүрэг өгсөн. Оюутолгой Монголын ард түмний эрх ашигт нийцэж байна уу гэдэгт хариулт өгнө. Монголын талд оногдож байгаа өгөөжийг нэмэгдүүл гэсэн. Гуравдугаарт, хөрөнгө оруулалтын зарцуулалтад хяналт тавь гэсэн.

-Хэрэв төслийг зогсоовол Арбитрийн шүүхэд хандана. Ингээд бүтээн байгуулалтад зарцуулсан тэр олон тэрбум ам.долларыг Монголын талаас нэхэмжилж таарах байх?

-Тэрний 34 хувийг бид төлөх болно. Гэхдээ бид мөнгөөр төлөхгүй. Эхний ээлжинд Монголын баялгийг шууд ачаад явна.

Монголын тал 2033 он хүртэл өгөөж хүртэхгүй. Ногдол ашиг авахгүй. Тэгэхээр үлдсэн хугацаанд юм үлдэх үү. Энэ байдлаас дүгнэлт хийгээд төрийн бодлого гараад яригдаад байгаа асуудлуудын хүрээнд гэрээнд өөрчлөлт оруулах ёстой.

-Сүүлийн үед баялгийн засаглал гэж их ярих болжээ. Бас Баялгийн сангийн тухай хуулийг оруулж ирэх бололтой. Хэрэв манай улс баялгийн сантай болчихвол ирээдүй хойч үедээ үлдээх хөрөнгөтэй болно гээд гэгээтэй зураглалууд яриад байна. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Баялгийн сантай болчихвол сайхан л даа. Энэ бол ирээдүйд зорих зүйл мөн. Гэхдээ өнөөгийнхөө нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж үзэх хэрэгтэй. Манайх баялгийн санг хэд хэдэн удаа байгуулж байсан. Жишээлбэл, зэсэн дээр гэнэтийн үнийн албан татвар тавиад л түүнээс орж ирсэн орлогын нэг хэсгийг зарцуулалгүйгээр тусад нь хуримтлуулаад “Монгол Улсыг хөгжүүлэх сан” гэж байгуулсан. Цаанаа гурав, дөрвөн зуун тэрбум төгрөгийн эх үүсвэртэй болоод ирсэн. Тэр хөрөнгөөрөө эрчим хүчний шугам бариад дуусгачихсан. Дараа нь Монгол Улсын төсвийн тогтвортой байдлын тухай хууль батлаад хуримтлалын сан байгуулсан. Энэ сандаа хэдэн төгрөг хуримтлуулаад нөөцтэй болж байтал 2016 оны үед төсвийн нөхцөл байдал хүндэрлээ гээд хуваагаад идчихсэн шүү дээ. Тэгэхээр бид санг бол хөрөнгө цуглуулаад зарцуулдаг байдлаар ойлгож ирсэн байна. Бас байгалийн баялгаасаа ашиглана гээд Хүний хөгжил санг байгуулсан.

Сүүлдээ энэ сан өөрийн орлогогүй болоод өрөнд орсон. Эх үүсвэр нь бүрдээгүй сангаас ард түмэнд мөнгө тараагаад “өрийн сан” болоод хувирчихсан. Тиймээс бид санг байгуулж чадахгүй байна. Ирээдүйд үр өгөөжөө өгдөг сантай болох нь бидний зорилго мөн. Тиймээс өнгөрсөн парламентын хугацаанд Ерөнхийлөгч санаачлаад, Засгийн газар хамтарч ажиллаад Ирээдүйн өв сангийн тухай хуулийг баталсан.

Тэр сангаар байгалийн баялгаас олж байгаа орлогыг хуримтлуулаад ирээдүйдээ ашиглах энэ хууль хэрэгжиж эхэлж байна. Энэ сангийн онцлог нь өмнөх шигээ сангийн хөрөнгөө идэхгүй. Сандаа оновчтой хөрөнгө оруулалт хийгээд, оновчтой байршуулаад тэрнээс олсон ашиг орлогоосоо ард түмэндээ хувь хишиг хүртээнэ. Яриад байгаа Сингапурын сан, Норвегийн сан, Кувейтийн сантай адил гэсэн үг. Тэгвэл одоо дахиад баялгийн сан байгуулна гээд яриад эхэлээ. Сангууд байгуулж болно. Гэхдээ эдгээрийгээ хооронд нь уялдаатай авч үзэх хэрэгтэй. Сан байгуулчихаад тэндээ мөнгө хийгээд байдаг. Тэгсэн хэрнээ гаднаас өндөр хүүтэй зээл аваад байвал энэ сан үр өгөөжөө өгөх үү. Энэ мэтчилэн тал талаас нь судлах ёстой.


Categories
мэдээ цаг-үе

Ү.Хүрэлбаатар: Л.Чинбат бол МҮБХ-ны албан ёсны тэргүүн

Монголын Үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн Үржингийн Хүрэлбаатартай ярилцлаа.


-Уг нь монгол бөх бол монголчууд, монгол эрсийн цог заль, хийморийг бадраадаг сайхан салбар. Гэтэл МҮБХ-ны удирдлагын төлөө дархан аваргааасаа эхлүүлээд УИХ-ын гишүүд, яруу найрагч, бизнесмэн гээд л салбар салбарын хүмүүс олон жилийн турш хэрүүл тэмцэл хийж “Танайхан, манайхан”-даа тулж байгаа нь бөхийн хорхойтон, ард түмэнд таатай санагдахгүй байгаа бололтой?

-Бидэнд ч гэсэн таатай санагдахгүй байгаа. Нийгмийн сэтгэлзүйгээр тоглоом хийгээд, бөхчүүдийн дунд үл ойлголцол бий болгоод байх нь хэн нэгэн хүнд ашигтай байх шиг байна. Тэр үүднээсээ маргаантай байгаа юм шиг байдал харагдаад байгаа болохоос биш угаасаа энд маргаан байхгүй болчихсон юм. Өөрөөр хэлбэл аливаа маргааны эцсийн дүгнэлтийг шүүх л хийдэг. Монгол Улсын гурван шатны шүүхээр МҮБХ-ны маргаантай байгаа гэдэг зүйлийг аль хэдийнээ шийдчихсэн юм. Монголын шүүх энэ маргааныг нэг талд нь гаргаад тавьчихсан. Ингээд шийдчихээд байхад хэрэгжилт дээр нь асуудал гаргаад байна шүү дээ. Шийдвэрийг нь зориуд хэрэгжүүлэхгүй тийм байдал үүсгээд байгаа нь гайхал төрүүлж байгаа юм. Би саяхан болсон явдлаас эхэлж ярья л даа. 2018 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Бөхийн өргөөн дээр дуулиантай юм болж TV5 телевизээр цацагдсан даа.

-Шүүхийн шийдвэрийнхэн МҮБХ-ны хаалгыг өшиглөлөө. Улсын гарьд Н.Ганбаатар нүцгэллээ гэдэг үйл явдлыг хэлж байна уу?

-Нийслэлийн Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газраас МҮБХ-нд шүүхийн шийдвэрийг танилцуулах ажиллагаа явагдсан. Тэр шийдвэр нь гуравдугаар сарын 24-нд хуралдах гээд байгаа VIII “Их эе” гэдэг чинь хууль бус, хууль бус гэдгийг нь нотолсон шүүгчийн захирамж тогтоол гарчихаад байна. Тийм учраас уг хурлыг хийж болохгүй гэсэн агуулгатай захирамж. Мөн МҮБХ-ны тамга тэмдгийг бүрэн эрх нь дуусгавар болсон Р.Нямдорж гэдэг хүнийг ашиглахыг хориглосон шүүхийн шийдвэр. Ийм хоёр захирамж, шийдвэрийг танилцуулах гэж очсон. Хүлээж аваагүй. Сүүлд нь хаалга үүдийг нь эвдээд бүрэн эрхийнхээ хүрээнд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албан бичгийг танилцуулсан.

Гэтэл холбогдох байгууллага нь очиж ингэж танилцуулаад байхад олон түмэн харсан даа, дэд тэргүүн Д.Данзан “Наад шийдвэрийг чинь даваа гаригт авна аа. Наана нь авах боломжгүй” гэж хэлсэн. Тэгж хэлэнгүүтээ баасан гаригт нь мөнөөх шүүхийн шийдвэрээр хориглосон Их Эе гэх хурлаа хийчихсэн. Шүүхийн албадан хэрэгжүүлэх үйл ажиллагааг санаатай, зохион байгуулалттайгаар эсэргүүцэж, Монгол Улсын гурван шатны шүүхийн шийдвэрийг уландаа гишгэж хурлаа хийж байна. Үүнийг олон нийт юу гэж харж байна вэ гэхээр энэ асуудал бас л маргаантай, шүүх нэг талд нь шийдээгүй юм байна гэж ойлгоод байна. Гэтэл шүүх аль хэдийнэ маргааныг эцэслээд цэгцэлчихсэн. Өнөөдрийн (өчигдөр) байдлаар гэхэд Цэцдийн зөвлөл гэх эрх зүйн чадамжгүй хурлыг хийж тэр нь орон даяар цацагдаж байна. Шүүхийн шийдвэрийг дахиад л зөрчлөө. Хуулийг үл хэрэгжүүлдэг эрх дархтай хүн гэж байх ёсгүй.

-Р.Нямдоржийн эсрэг талынхан, Л.Чинбатын хүмүүс гэхчлэн “цоллох” юм?

-Манай тал, танай тал гэж яримааргүй байгаа юм. Олон нийтэд хоёр тал болгож харагдуулаад байгаа нь хэдхэн хүний л тархи угаалт юм л даа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаныхан албан ёсоор хуралдуулахгүй байх гэх шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн хууль бусаар хуралдсан тэр хурлын талаар энд жаахан тодруулж ярих шаардлагатай байна.

Энэ оны гуравдугаар сарын 14-ний өдөр гарсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид асуудлыг яаж шийдэв гэхээр “Хариуцагч Р.Нямдорж нэхэмжлэгч “Монголын үндэсний бөхийн холбоо” ТББ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга тэмдгийг ашиглахгүй байхыг даалгаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсугай” гэсэн байгаа юм. Үүнийг гардуулах гэсэн чинь тийм эсэргүүцэлтэй тулсан. Бас нэг гол шийдвэр нь энэ байна (Харуулав.сурв). Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны гуравдугаар сарын 20-ны захирамжаар “МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн 2017 оны зургадугаар сарын 22-ны өдрийн хурлын “Их эе”-ийн хурал зарласан тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай агуулгатай байх тул уг тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдох тодорхой ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй” гэж хариуцагч МҮБХ-нд даалгасан шийдвэр гаргасан. Энэ нь сая гуравдугаар сарын 24-нд болсон хурлыг хориглосон заалт байгаа байхгүй юу. Энэ хоёрыг л гардуулах гэж очсон хэрэг. Гардуулсан, хүлээн авсан. Тэгсэн мөртлөө хурлаа хийсэн.

-Тэгэхээр одоо сонгогдоод байгаа тэргүүн, хийгээд байгаа хурал нь хууль бус байх нь?

-Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга Р.Содхүүд мэдэгдэл хүргүүлсэн. Уг мэдэгдэлд дурдсанаар Шүүхийн шийдвэрийг үл тоон тохуурхан хуралдсан хууль бус хурлаас гарсан шийдвэрийг Улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэхгүй байхыг даалгасан.

Тиймээс сая хуралдаж Б.Бат-Эрдэнийг сонгосон хурал, одоо (өчигдөр) хуралдаж байгаа Цэцдийн зөвлөлийн хурлаас гарсан бүх шийдвэр хүчингүй гэсэн үг. Ингээд яриад эхлэхээр юм их нарийн хөвөрнө. Шүүхийн шийдвэр гарсан гэдгийг Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх газраас албан ёсоор очиж гардуулаад байхад хүлээж авахгүй эсэргүүцсэн. Ингэж болох уу. Жирийн иргэн ингэсэн бол тэр дор нь гавлаад л авч явах байх. Төрийн нэрийн өмнөөс шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж буй төрийн байгууллагыг ингэж доромжилж болохгүй. Үүнийг тус газрынхан зүгээр орхиогүй. Дахин мэдэгдэл явуулсан. “Гуравдугаар сарын 24-нд хуралдуулсан байх тул уг хурлын шийдвэрийг үндэслэн хуулийн этгээд бүртгэлд өөрчлөлт оруулахгүй байхыг мэдэгдье” гэсэн. Өөрөөр хэлбэл Б.Бат-Эрдэнэ тэргүүн болсон гэх мэт энэ хурлаас гарсан бүх шийдвэр хүчингүй. Тэгэхэд өнөөдөр яаж байна. Дахиад л шүүхийн шийдвэрийг дэвсэллээ.

-Цэцдийн зөвлөл хуралдаж байна.

-Яг одоо (өчигдөр) Цэцдийн зөвлөлийг хуралдуулж байна. Шүүхийн шийдвэрийг гардуулах үеэр танхайрсан учир Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн II хэлтэст зөрчил шалгуулах тухай хүсэлт гаргасан. “2018 оны гуравдугаар сарын 22-ны өдөр мэдэгдэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад иргэн Нямдоржийн Ганбаатар, хуулийн этгээдийн менежер гэх С.Гантөр нар нь шийдвэр гүйцэтгэгчид хүч хэрэглэн эсэргүүцэл үзүүлж, шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудсыг урж, гадуур хувцсаа тайлж хэрүүл маргаан үүсгэн, бусдыг өдөөн хатгаж, амгалан тайван байдал алдагдуулж, нийтийн эмх замбараагүй байдал үүсгэн, хэв журмыг зөрчсөн үйлдэл гаргасан тул Зөрчлийн хуулийн тодорхой заалтуудаар шалган шийдвэрлэхийг хүсье” гэж бичиг явуулсан байна. Мөн тус газраас “Иргэн Р.Нямдорж, Д.Данзан нар нь мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулан хууль сахиулагчийн үйл ажиллагааг эсэргүүцсэн үйлдэл, эс үйлдэхгүйг гаргасан учир Эрүүгийн хуулийн тодорхой заалтуудаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж өгөх”-ийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн II хэлтсээс хүссэн бичгээ явуулчихаад байгаа. Р. Нямдоржийн төрсөн дүү нь Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа. Одоо уг асуудалд хэрхэн хандахыг ард түмэн хараарай.

-Сая таны нэр дурдсан хүмүүс одоо цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа юм байна?

-Шалгагдаад долоо, найм хонож байгаа. Тэгсэн хэрнээ өнөөдөр хурал хийгээд зогсоцгоож байна. Бидний хувьд маргаан яриад, хоёр тал болоод талцаад байгаа юм байхгүй. Тухайн үед маргаан байсан. Маргааныг Монгол Улсын гурван шатны шүүх аль хэдийнээ шийдчихсэн. Р.Нямдоржийн яриад байдаг “Би найман хүний илүү саналаар ялсан” гэдэг чинь аль дивангаравын үед буюу 2003 онд шүүхээр тогтоогдахгүй байна гээд шийдчихсэн зүйл. Хоёр тал шүүх дээр өөр өөрсдийн байр суурийг ярихад Р.Нямдорж бүр 2003 онд ярьж байсан юмаа одоо ч ярьсаар байгаа. Өөр ярих зүйл түүнд байхгүй л дээ. “Шүүхийн шийдвэр буруу. Тийм учраас би хэрэгжүүлэхгүй” гэж тэр байнга хэлдэг. Улсын дээд шүүхийн шийдвэрийг иргэн хүн, нэг төрийн бус байгууллагын хүн ингэж дураар тайлбарлаж болохгүй. Тэр тусмаа өөрийгөө хуульч гэж ярьдаг Р. Нямдорж бүр болохгүй. Энэ чинь зориудын үйлдэл болоод явчихаж байна. Ийм танхай байж болдог юм уу.

Монгол Улсын төрийн байгууллага ажлаа хийж байна. Тухайлбал Монгол Улсын гурван шатны шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улсын бүртгэлийн газраас байцаагчийн дүгнэлт гаргаад Р.Нямдоржийн хэрэглэж байсан, шүүхээр хүчингүй болсон, хууль бусаар ашиглаж байгаа Улсын бүртгэлийн гэрчилгээ, тэмдгийг хүчингүй болгож шийдсэн.

-Хэзээ?

-Энэ сарын 3-нд. Мөн тэр өдөр Улсын бүртгэлийн гэрчилгээг шинээр болгож хууль ёсны хурлаас сонгогдсон тэргүүний мэдээллийн баталгаажуулсан. Уг гэрчилгээн дээр Лхагва овогтой Чинбатыг тэргүүн болохыг Улсын бүртгэлийн байгууллага тодорхойлчихсон. Асуудал ингэж бүр шийдэгдчихсэн байгаа биз дээ.

-Хууль бус гэдгийг нь гурван шатны шүүхээр тогтоочихоод байхад хууль бус тэргүүн, хууль бус хурал болж, хууль бус тамга тэмдэг дарж байна гэх гээд байна уу, та?

-Энд нэг ноцтой юм байгаа юм. Хууль баталдаг, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг Улсын Их Хурлын гишүүн ийм илэрхий, шүүхийн шийдвэрийн эсрэг хуралд оролцоод, хурлыг удирдаад, өөрөө Тэргүүнээр сонгогдчихоод явж байгаа нь анхаарал татаж байна. Наанаа нанжин хээтэй, цаанаа шалбааган хээтэй байж болохгүй шүү дээ. Шүүхийн шийдвэрээр хүчингүй гэсэн шүүгчийн тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эрх бүхий байгууллага хүлээлгэн өгөөд байхад тэр нь ихээхэн дуулиан тарьж Шийдвэр гүйцэтгэлийнхэн хаалга үүдийг нь эвдээд шийдвэрээ өгч авалцах гэж бөөн асуудал үүсч түүнийг нь орон даяар харж байхад, Р.Нямдоржийн хүүхэд нь цамнаж хувийн хөрөнгөө хамгаалж байгаа юм шиг танхайрч байхад Б.Бат-Эрдэнэ түүнийг олж хараагүй, мэдээгүй байна гэж лав байхгүй. Монгол Улсад хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг УИХ-ын гишүүн, дөрвөн удаа сонгогдож Улсын ерөнхийлөгчид хүртэл нэр дэвшиж байсан Б. Бат-Эрдэнэ ингэж увайгүй аашилна чинээ хэн бодох билээ. Гэтэл улайрсан бух шиг хөндөлсөөд л байгаа биз дээ. Үүний цаана ямар эрх ашиг байна вэ?

-Энэ маргаан их л эртнээс эхтэй дээ. Хэзээнээс эхэллээ дээ?

-Энэ чинь бүр 2002 онд МҮБХ-ны IV “Их эе” гэж болсон юм. Тэр хурлыг дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ аварга, А.Сүхбат аварга, Ерөнхий аудитороор сүүлд ажиллаж байсан А.Зангад, мөн миний бие гэсэн таван хүн хурлын Тэргүүлэгчээр ажилласан юм. Их Эе хуралдагаа раа хуралдсан. Харин сүүлийн ганц асуудал дээр будлиан гарсан. Тэр нь тэргүүнийг сонгох асуудал байсан. Сүхбаатар, Нямдорж хоёр өрсөлдсөн. Би хүртэл нэр дэвшчихсэн байсан. Нэгэнт ам нээснийх энд нэг зүйлийг хэлчихье. МҮБХ-ны тэргүүнд хэд хэдэн хүн нэр дэвшсэн юм. Намайг ас нэр дэвшүүлсэн байсан. Ингээд хурал завсарласан. Завсарлагаанаар Р.Нямдорж надаас гуйсан юм “Сүхбаатарыг сөрөг талынхан оруулаад ирлээ. Эд нар нэлээд санал авах юм байна. Чи бид өрсөлдвөл санал хуваагдаж Сүхбаатар гарч ирэх нь ээ. Чи нэрээ татчих” гэсэн. Би ч нэрээ татсан. Сүхбаатар, Нямдорж хоёр өрсөлдсөн. Тооллогын комиссын даргаар улсын заан Ж.Ганболд ажиллаж байсан. Тооллогын талаар маргаан гарсан юм. Тэгээд тооллогын комиссын тогтоолыг баталж чадаагүй юм. Ингээд хурал тарчихсан. Р.Нямдорж “Би найман хүний илүү саналаар ялсан. Тиймээс тэргүүнээр сонгогдсоныг минь тогтоож өгнө үү” гэж шүүхэд хандсан. Тэгээд гурван шатны шүүхээр явсан ч ялагдсан. Ингээд 2003 оны долдугаар сарын 1-нд Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүхээс тогтоол гаргасан. Үүнд Р.Нямдоржийн хүсэлт тогтоогдохгүй байна. Тиймээс МҮБХ-ны тэргүүнийг сонгох асуудлаар “Их эе”-ийг 2003 оны гуравдугаар улиралд багтаан зохион байгуулахыг Цэцдийн зөвлөлд үүрэг болгосон. Зүй нь бол Цэцдийн зөвлөл Тэргүүнийг сонгох асуудлаар хуралдаад ээлжит бус “Их эе”-ээ зарлаад л тэргүүнээ сонгочих ёстой байсан. Р.Нямдорж Цэцдийн зөвлөлийг хуралдуулахгүй байсан. Явсаар байгаад 2014 онд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Цэцдийн зөвлөлийг албадуулж хуралдуулж ээлжит бус Их эеийг хуралдуулах ажлын хэсгийг томилсон. Тэр ажлын хэсгийн ахлагчаар миний бие томилогдсон юм аа.

-Нэг маргаан бүхэл бүтэн арваад жил үргэлжилжээ?

-Энэ бол шуудхан хэлэхэд Р. Нямдорж, Д. Данзан хоёрын амьдрах арга. Шүүхийн шийдвэрийг үл хэрэгсэж, сая самарсан шиг маргаан үүсгээд л хаячихдаг. Түүнийг нь гурван шатны хурлаар шийдвэрлэх гээд гурван жил болчихдог. Түүнээс ч илүү удна. Энэ хэнд ашигтай вэ гэвэл Р. Нямдорж, түүнийг тойрон хүрээлэгчдэд л ашигтай. Тухайлбал Шүүхийн шийдвэрээр албадаж хуралдуулсан Цэцдийн зөвлөлийн хурлыг бас л үймүүлэх гэж оролдсон. Тэр нь хэдэн жилийн ажил болсон. 2016 онд хуралдах гэсэн чинь бас хуралдуулахгүй, ирц бүрдүүлэхгүй дахиад л маргаан үүсгэсэн. Энэ мэт маргаан үүсгэсээр байгаад 2017 онтой золгочихож байгаа юм. 2017 оны тавдугаар сарын 28-ны өдөр арайхийж “Их эе” хуралдаад тэр хурлаас Л.Чинбат тэргүүнээр сонгогдсон.

-Шүүх шийдвэрээ гаргачихлаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэрийг танилцуулчихлаа. Одоо хууль хяналтын байгууллагын дараагийн авах ажиллагаа юу байх юм. Одоо яах вэ?

-Шүүхийн шийдвэр гарчихлаа. Гэрчилгээ нь хүртэл бидэнд ирчихээд байна. Асуудал нэгэнт шийдэгдчихсэн. Хуучин тамга, гэрчилгээ хүчингүй болчихсон. Тэгээд ч хэрэглэхийг нь хориглосон шүүхийн шийдвэр гарчихсан. Бүгд л хуулийн дагуу шийдвэрлэгдсэн зүйл. Бид бол хуулийн дагуу л явж байгаа. Одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажил л үлдэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан ажлаа хийх гэж үзэж байна. Хаалга үүдийг нь эвдэн байж орж шүүхийн шийдвэрийг танилцуулсан. Гэхдээ энэ бүхэнд нөлөө, дарамт байсаар байна. Шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг удаашруулаад байгаа нь Б.Бат-Эрдэнэ гишүүнтэй холбоотой байж гэх хардлага бодитой болж байх шиг байна.

-Та нар одоо юу хийх вэ?

-Шүүхийн шийдвэрийг харж байна. Гурван шатны шүүхийн шийдвэр нэгэнт гарчихсан. Үүнийг хэрэгжүүлэх л ёстой. Л.Чинбат бол МҮБХ-ны албан ёсны тэргүүн. Энэ хүнийг ажлаа хийх боломжийг нь хангаж өгөх ёстой. Элдэв гүтгэлэг дайралт тамтгаа алдлаа. Намайг бол яахав, юу ч гэж доромжилж гутааж болно. Харин Монгол Улсын хөдөлмөрийн баатар, нэр цэвэр Л. Чинбатыг гутааж болохгүй. Алдас болно. Түүнд тамга тэмдгийг нь өгөхгүй хичнээн хугацаа өнгөрөв дөө. Даан ч хайран цаг хугацаа. Үүн дээр маргаан гараад удлаа. Одоо бол асуудал өөр болж байна. МҮБХ-ны тамга тэмдэг, Улсын бүртгэлийн гэрчилгээ шинээр олгогдчихлоо.

Хэн нь хууль зөрчөөд байна вэ, хэн нь буруу зүйл хийгээд байна вэ гэдэг нь ил тод л харагдаж байгаа биз. Би өнөөдөр нэг юмыг хариуцлагатай хэлмээр байна, Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ хоёрт. Р.Нямдорж өөрөө хуульч хүн. Дээд шүүхийн шийдвэр гарсан өдрөөсөө хүчинтэй гэж Үндсэн хуульд заачихсан байгаа. Дээд шүүхийн шийдвэрийг буруу гэж тайлбарлаад байгаа нь хуульч хүний хувьд хэр ёс зүйтэй үйлдэл вэ. Шууд хэлэхэд Р.Нямдоржийн ард Б.Бат-Эрдэнэ аварга ямагт байсан. Өнөөдөр харин Б.Бат-Эрдэнэ ил гарсан. Хууль тогтоогч, УИХ-ын гишүүн, дөрөв дэх удаагаа сонгогдсон, Хууль зүйн байнгын хорооны дарга байсан хүн өнөөдөр хуулиа зөрчөөд явж байна. Тэр хүн дархан аварга цолоо хуулийн дархан аварга гэж андуураагүй байлтай. Хуулийн өмнө тэр бид хоёр адилхан эрхтэй иргэд. Шүүхээс энэ хурал чинь хууль бус шүү гэж нотлоод байхад хоёр ч удаа дахин дахин хурал хийж орон даяар цацаад байгаа нь энэ хоёр хүний арга барил нэг, алганы ар, өвөр шиг адилхан байна л гэсэн үг. Тийм учраас Р.Нямдоржийг Б.Бат-Эрдэнээр сольсон нь зөвхөн дээлээ л сольж байгаа юм. Тийм болохоор бодлого нь хэвээрээ, бүтэц нь хэвээрээ. Магадгүй тодорхой ашиг сонирхол, эдийн засаг, мөнгө санхүүгийн сүлжээ байхыг үгүйсгэх арга байхгүй. Бид хууль зүйн дагуу асуудлыг тавьж байна. Хууль асуудлыг шийдчихсэн. Харин тэдэнд нийгмийн сэтгэл зүйгээр багахан тоглоорой, юманд цаг хугацаа гэж байдаг юм шүү гэж хэлмээр байна.

Categories
мэдээ цаг-үе

Л.Ариунболд: Хүлээлтээс давсан стандартыг бүтээж амжилт олно

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

“Монгол Базальт” компанийн ерөнхий захирал Л.Ариунболдтой ярилцлаа.


-Компаниа яагаад “Монгол Базальт” гэж нэрлэсэн бэ?

-Базальт гэдэг нь Монголд байдаг уулын хар чулуу. Базальтаар дулаалгын хөвөн, дулаан тусгаарлагч зэргийг хийж байна. Тиймээс компаниа базальт гэж нэрлэсэн юм. Миний хийдэг бизнес бол цахиурын эрдэст суурилсан, эрдэс түүхий эдийг боловсруулах технологи. Анх 1990 онд хувийн бизнесээ эхлэхдээ машины шил үйлдвэрлэж байлаа. Тухайн үед зам бартаа ихтэй, Оросоос бараа орж ирэхгүй байсан болоод ч тэрүү, Монголд явж буй бараг бүх машины шил хагархай, скочоор шилээ наачихдаг байв. Шилнийхээ 50-иас доошгүй хувийг скочдоогүй бол улсын үзлэгт тэнцүүлдэг байсан. 1990-1997 он хүртэл Монголын тээврийн салбарын бүх машины шилийг хийж өгсөн байдаг. Харин түүний дараагийн том бизнесийн төсөл бол базальт. Базальтаас дулаалгын хөвөн гаргах хуучны технологи нь хөгжөөд нэлээд боловсронгуй болсон. Харин физикийн хуулиар боловсруулалт нь хэвээрээ.

-Базальтын бизнесийн санаагаа хэрхэн яаж олж байв?

-Германд чулууны үзэсгэлэн үзэж яваад, энэ талын бизнес хийдэг нэг хүнтэй танилцсан. Тэр маань Дани улсын иргэн байлаа. Угаасаа дэлхийд алдартай “Рокбүүл” чулуун хөвөнгийн үйлдвэрийг Дани улс нээсэн байдаг. Данийн бэлэг тэмдэг нь Рокбүүл юм. Судалж, үзээд энэ бизнесийг эхлүүлэхээр, зориг шулуудаж, ажилдаа орсон. Хэрэв би их мөнгө олъё гэсэн бол хөөсөнцрийн үйлдвэр ч юмуу, арай өөр чиглэлийн бизнес хийх байлаа. Анхнаасаа л боловсруулах технологи руу орчихсон болохоор тэр чигээрээ л энэ салбарт зүтгэе гэж бодсон. Энэхүү дулаалгын хөвөнг барилгын салбарт ашигласнаар, эрчим хүчийг 60 гаруй хувиар хэмнэнэ. Дулаахан байр барьж байж насан туршдаа зарцуулах эрчим хүч, цахилгааны мөнгөө хэмнэх ёстой гэсэн сэтгэлгээ манай улсад хараахан суугаагүй байна. Одоог хүртэл манайхан хуучин социализмын үед барьсан угсармал орон сууцаа дулаалж чадахгүй л байгаа.

Нэг удаа сайн дулаалчихсан байхад эрчим хүч, хэмнээд тухайн гэр бүлд, эх орны эдийн засагт асар их үр өгөөж өгдөг байхгүй юу. Одоогоор манайхан утааны тухай л ярьж байна. Үүнийхээ оронд дулаалгын асуудал, эрчим хүч хэмнэх соёлд сурах шаардлагатай байгаа юм. Барилгын компаниудын соёл, норм, норматив, концесс гэдгийг ч холбогдох байгууллагуудаас тогтоож өгөх хэрэгтэй. Манай герман найз надад хэлэхдээ “Барилгатай холбоотой бусад бүх салбарууд чинь зэрэг хөгжиж хууль дүрмээр зохицуулагдаж байж чиний бизнес хөгжинө. Манай Европт ч гэсэн энэ бизнес муу байсан. Гэтэл том метро шатаад л, нисэх онгоцны буудалд гал гарч, кино театр шатаж хэдэн мянган хүн үхээд их аюул болсны дараа европын холбоо хууль гаргаад, химийн гаралттай шатамхай материалаар хийсэн дулаалгыг хүн ам олноор цугладаг үйлчилгээний газруудад хэрэглэхийг хориглосон. Үүний дараа харин борлуулт нэмэгдэж, захиалгаа дийлэхгүй хэмжээнд хүрсэн. Галд шатдаггүй, дулаан алдалтгүй дулаалгын материалыг барилгад ашиглах ёстойг тухайн улс орон ухаарах хүртэл хугацаа орно” гэж ярьж байсан. Би ч бас найз шигээ хэцүү замыг туулаад явж байна. Химийн гаралттай дулаан алдагдалтай шатамхай дулаалгыг уг нь манайх шиг хасах 20 хэм хүртэл хүйтэрдэг улсад хэрэглэдэггүй юм. Гэхдээ нэг үеэ бодвол манай улс хөгжиж байна, гадны томоохон төслүүд хэрэгжиж байгаа. Шангерилла төсөл, Оюу толгойн шинэ онгоцны буудлын барилгын дулаалгад манай бүтээгдэхүүнийг ашигласан. Ривер гарден гэх мэт сүүлийн үеийн чанартай барилгууд манай бүтээгдэхүүнээр дулаалгаа шийдэж, худалдан авагчид ч үүнд нь сэтгэл хангалуун байгаа, энэ хэрээр тухайн компанийнх нь нэр хүнд өсч байна. Монголд манай бүтээгдэхүүнээс өөр галд шатдаггүй нэг ч дулаалга байхгүй шүү дээ. Шилэн хөвөн хөөсөнцөр, позитрон бүгд шатна. Үүнийг ойлгуулахын тулд өнгөрсөн өвөл би биечлэн найман мянган хүнд, онлайн бичлэг, зурагтаар 150 мянган хүнд сургалт явууллаа. Та нар агаарын бохирдолдоо санаа зовдоггүй байлаа гэхэд, базальтын дулаалга ашигласнаар 200 мянган төгрөгийн нүүрс түлдэг байсан бол 120 мянгыг хэмнэж 80 мянган төгрөгөөр л нүүрс авна гэдгийг тайлбарласан. Мөн үүнээс гадна мөнгөөр илэрхийлэгдэхгүй маш их боломж гарч байгаа юм. Шөнө ч босч гал түлэх. Үнс нүүрсний тортог, түлэх нүүрс авахаас эхлээд тухайн гэр бүлд бөөн хэрүүл болдог гэж байна. Үүнээс болж хэдэн ч гэр бүл салсныг мэдэхгүй шүү дээ. Ахуй амьдралдаа ч идэвхгүй маргааш хөө болчих юм чинь өнөөдөр хөшиг угааж яахав, тортог болчихын хооронд усанд ороод ч хэрэггүй гэсэн бодолтой байдаг гэнэ. Айлын эзэгтэй галаа түлсээр байгаад завгүй, сэтгэл зүйн, амьдралын дарамтанд байна. Энэ өвөл бид гэр хорооллын айлуудын байшинг үнэгүй дулаалж туршиж үзлээ. Тэгээд нэг сарын дараа очиход гэр нь дулаахан учраас олон дахин гал түлэх шаардлагагүй, цэвэр цэмцгэр болчихсон, эхнэр нь завтай, гэртээ юм оёдог, ажилд ордог юм билүү гэчихсэн, гэрт гардаг хэрүүл байхгүй болсон гэж байна. Би инженер хүн учраас энэ айлыг дулаахан байлгая гэж бодсноос тийм их өөрчлөлт гарна гэж тооцоолоогүй юм. Үнэхээр төсөөлөөгүй өөрчлөлт гарч байна лээ. Дулаан алдалтаас болоод ямар их стресс дарамт үүсдэгийг тэгж харлаа.

-Хашаандаа усанд орох шүршүүр зэргийг хялбархан шийдэх арга байна уу?

-Тухайн гэр бүлийнх нь ашиг орлогод тохирсон боловсон бие засах газар, хашаан дотор нь мини цэвэрлэх байгууламж хийгээд өгчих боломж бас бий. Жорлонг нь өвөл хөлдөөхгүйн тулд гадна талаар нь базальтаар дулаалчихна. Ийм жорлон суурилуулдаг гурван жилийн баталгаа өгдөг компаниуд ч Монголд байна. Хорооны дарга хэсгийн ахлагч, дүүргийн засаг дарга нар чинь хотын том дарга нараас ч илүү хүмүүсийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй юм байна. Бүтэн сайны нэг өдөр хороон дээр ирээд та иргэдэд сургалт явуулаад өгөөч гэж дуудаад, би амралтын өдөр гэлтгүй хүний төлөө та нар оч гээд инженерүүдээ явуулсан. Утаанаас салах, дулаахан өвөлжихийн тулд гэр хорооллын айл өрхүүд тэгж их санаа сэтгэл гаргаж байна. Одоо тэдэнд төрийн дэмжлэг хэрэгтэй байгаа юм. Ядаж л байшингаа дулаалах бага хүүтэй зээл шийдээд өгчих хэрэгтэй. Хэсэг хороодын дарга нар ярилцлага өгөхдөө Монгол базальттай хамтарч ажиллаа гэж хэлж чаддаггүй, хувийн хэвшилтэйгээ хамтарсан гэдэг. Хэрэв Монгол Базальт гэж яривал дээрээс том дарга нар нь яагаад монгол базальтыг онцлоод байна, яагаад хамтарч байгаа юм гэж дарамталдаг гэж байна. Хотын дарга нь юм уу, Засгийн газар нь юм уу нарийн учрыг олж мэдсэнгүй. Надтай ажиллахгүй тэгээд, хужаагийн компанитай хамтарч ажиллах болж байна уу. Манай компани нэг айлын дундаж байшинг бүрэн дулаалаад, пасадыг нь хүртэл шинэчлээд, дулаан алдалтгүй болгоход нийтдээ 12 сая төгрөг л орно. Харин Хасбанк биднийг, иргэдийг дэмжиж иргэдэд найман хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн. Хаан банк мөн хямд зээл гаргахаар ажиллаж байгаа.

-Танай компани 3D байшин барина гэж байсан. Хэзээнээс ашиглалтад орох вэ?

-Сүүлийн үед манайх тааз руу шүршдэг дулаалгын базальт гаргасан. Үүний дараагийн төсөл маань 3D байшин. Угаас судалгаанд оролцогчдын 72 хувь нь хашаандаа тохитой сайхан амьдармаар байна гэсэн байна. Дэлхийн улсууд аль хэзээнээс 3D байшингууд барьсаар байгаа. Хойд урд хоёр хөрш маань байшингийн бэлдэцийг принтерээр хэвлээд газар дээр нь өрөөд өрөөд барьчихаж байна. ОХУ, Хятад бол улсын бодлогоор бага орлоготой иргэд, хөдөөгийн тосгоны айл өрхүүд, оюутнуудад зориулаад хямд өртөгөөр, боломжит зээлээр ийм 3D байшин барьж өгч байна. Энэ нь хөдөлмөр зарцуулалт багатай, түүхий эдээ 100 хувь Монголоосоо авах боломжтой. Ийм шинэ технологийн байшин барихаар төслийн ажилдаа орсон байгаа. Эхний байшин зургадугаар сард ашиглалтад орчихно. Байшингийн нийт орцынх нь 40 хувь нь базальт байна. ОХУ-аас ноу хауг нь хэдэн төгрөгөөр худалдаж аваад эх орондоо ийм ажил хийхээс өөр аргагүй байгаа юм. Монголынхоо компаниудтай 3D байшин барих тухай ярихаар хямд байх учраас барилгын материал нь хямд байх шаардлагатай, чанартай материалаар хямд сайн байшин барих боломжгүй гээд байсан юм.

-Байшингийн нэг метр квадрат нь хэдэн төгрөг байх вэ?

-Улс хувийн хэвшил, иргэдийнхээ амьдрах орон байрт анхаарахгүй байж төр хувийн хэвшлийн гурван тулгуурт эдийн засаг гээд яриад байх юм. Улстөрчид гоё юм яриад л байдаг, ярьж байгаа зүйлээ ерөөсөө ажил хэрэг болгохгүй юм. Дэлхийд ийм байшин бариад байхад би амиа бодоод хөвөнгөө хийгээд суугаад байж болохгүй байна. Урьдчилсан байдлаар тооцоход нэг метр квадрат нь 800 мянган төгрөгт багтаж байгаа. Энэ бол урьдчилсан төсөл. Дэд бүтэц бохирын үнэ нь ороогүй. Хоёрт, хувийн компани өөрийнхөө мөнгөөр, өөрөө энэ төслийг хийж байна ш дээ. Үнэхээр орос хятад шиг иргэдээ дэмжээд бүгдийг нь ийм байшинтай болгодог бол маш олон асуудлыг шийднэ.

-Монголд танайхаас өөр уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа компаниуд хэд байгаа билээ?

-Цемент хөнгөн бетон, тоосго үйлдвэрлэж байна. 1970-1980 онд Орос ах нарын л тусламжтайгаар баригдаж байсан үйлдвэрүүд. Яг 1990 оноос хойш газарт байгаа түүхий эдийг шинээр эцсийн бүтээгдэхүүн болгож нээлт хийсэн компани бол ховорхон л гэж боддог. Манай компани бол эрчим хүчний хэрэглээг бууруулах, хүлэмжийн хий, агаарын бохирдлыг бууруулах ач холбогдолтой. Ойрын ашиг хараагүй, алсын үр өгөөж харж, ажилдаа дурлаж эхлүүлсэн. Өдөр бүр суралцаж, судалж сайжруулахыг зорьж байна. Би химийн хүн учраас эрүүл байхын тулд хамгийн сайн агаартай газар унтах, хамгийн сайн чанарын ус уухыг эрхэмлэдэг. Эрүүл мэнддээ ингэж л анхаарч байна. Түүнээс хүнд гоё харагдахын тулд хоёр цаг фитнесст гүйснээс хоёр цаг судалгааны ажлаа хийсэн нь дээр гэж боддог.

-Та “Шарк танк” нэвтрүүлэгт оролцсон. Энэ нэвтрүүлгийн ач холбогдол ямар байв. Хичнээн хөрөнгө оруулалт хийсэн бэ?

-“Шарк танк” бол дэлхийн том контент. Бизнесийнхнийг илэрхийлсэн телевизийн контент тун ховор. “Монгол HD” телевиз хамгийн анхны Шаркаар урьж оролцуулсанд баярлаж байгаа. Энэ нэвтрүүлэг надад их таалагдсан. Би өөрийнхөө 20-30 жилийн хөдөлмөр, мэдсэн сурсан мэдлэг чадвараа жижиг дунд бизнес эхэлж байгаа хүмүүст хувцаалцсан. Хүн болгон л өөр өөрийнхөө боловсролоор, мэдээллийн сан оюун дээр л тулгуурлаж, хүмүүсийг шүүсэн. Би 30-аад жил техник, технологи инноваци зохион бүтээхэд суралцсан хүн. Шарк танкад оролцсон Барилгачин групп, Никел Ганбаа зэрэг хүмүүстэй хамтарч байна. Гэхдээ миний зарчим бол бусад хүмүүсийн маш сайн хийж чадаж байгаа зүйлийг хийх хэрэггүй гэсэн бодолтой. Ганбаа бол авьяаслаг залуу. Дугуй бол хотожсон нийгэмдээ соёл болж байна. Тренд болж байна. Би үр дүн нь урт хугацаандаа хөгжлийг хийх санхүүгийн менежмент хийх дуртай. Түүнээс биш өнөөдөр 2 төгрөг оруулаад маргааш 4 төгрөг болгох зүйл сонин биш. Би 30 жил барьсан зарчмаараа явж байна.

-Сүүлийн үед залуус гадагшаа их гарах боллоо. Монголд ажлын байр олддоггүй. Яаж ажлын байрыг бий болгох вэ?

-Залуучууд гадагшаа явах буруу биш. Эхний ээлжинд тэд сайн цалин авахын төлөө явж байна. Хувийн хэвшил борлуулалтаа өсгөөд, цалингаа нэмэгдүүлье гэхээр яг адилхан тийм бүтээгдэхүүнийг хужаагаас хямдхан оруулаад ирдэг. Хувийн хэвшлээ тасралтгүй хөгжүүлж байж л залуучуудаа гадагш явахыг нь болиулна шүү дээ. Эрдэнэт хивсийг ялгахын аргагүй дуурайлгаад Нарантуул зах дээр зараад эхлэхээр яаж өрсөлдөх юм бэ. Манай базальтыг дуурайлгаад, хятадын хүнд хог хаягдлаар хийчихсэн, Монголд зарж байна. Хужаагаас үнстэй хольчихсон хямд цемент орж ирсээр байна. Эрх баригчид хувийн хэвшлээ, үндэсний үйлдвэрлэлээ юугаар ч хамгаалахгүй байна. Ядаж бодлогоор, татвараар, хямд зээлээр дэмжээд, хамгаалаад өгөх хэрэгтэй. Биднийг зөнд нь хаяаад хужаа нартай өрсөлдүүлж байна. Нэг айл, улс гэдэг чинь бусдынхаа бизнесийг дэмжиж хамгаалж байж хөгждөг жамтай шүү дээ. Манайх орос руу бүтээгдэхүүнээ гаргаж чадахгүй байна. Орос зах зээлээ тэгж хамгаалж байгаа юм. Гаднаас орж ирж буй ижил бараа бүтээгдэхүүнийхээ татварыг нэмж чаддаггүй юм гэхэд, гарал үүслийн гэрчилгээн дээр нь хяналт тавих хэрэгтэй шүү дээ. Үнэхээр хаягдлаар хийсэн юм уу, яг базальтаар хийсэн үү гэдгийг тодруулах ёстой. Ийм системтэй байхад залуучууд гадагш гарахгүй яах юм бэ. Төрийнхөн хүртэл эх орны үйлдвэрээ дэмжихгүй, цагдаа цэргийн хувцсаа Орос, Түрк руу захьчихаж байна. Германчууд дэлхийн хоёрдугаар дайнаас хойш муу чанаргүй ч байсан дотоодынхоо үйлдвэрийн бүтээгдэхүүнийг авсаар байгаад л хөгжчихсөн юм. Бид голоод авахгүй бол хэн авах юм бэ. Дотоодынхоо бүтээгдэхүүнийг авдаг соёл, ухамсар ёс суртахуунтай болцгоох хэрэгтэй. Энэ хэвээрээ байвал манай улс хэзээ ч хөгжихгүй. Жилийн хүү доод тал нь хоёр хувьтай байж байж дотоодын бизнесүүд хөгжинө. Манайх шиг компанид таван жилийн хугацаатай таван хувийн хүүтэй зээл олгохгүй л бол дэвшихгүй гэдгийг эрх баригчид ч мэдэж байгаа, банкныхан ч мэднэ. Тэгсэн хэрнээ бодлого гаргахгүй, юу ч хийхгүй байна. Ажил хийхээр цалин бага, бизнес эрхлэх орчин боломж байхгүй ийм нөхцөлд залуус гадагш явахгүй яах юм бэ. Эдийн засгаа сайжрахаар буцаад л хүрээд ирнэ. Харин тэднийг ирэх орчныг бүрдүүлэх хэрэгтэй.

-Залуучууд нэг ажилдаа тогтож ажилладаггүй, нэгээс нөгөөд шилждэг. Аливааг эрэлхийлээд байдаг, тогтворгүй гэж шүүмжлэх хүмүүс бий. Үүнийг та юу гэж боддог вэ?

-Энэ бол боловсролтой холбоотой. Ер нь мэдлэг боловсролтой иргэнтэй байх нь л манай улсын өрсөлдөх чадвар, цэцэрлэг сургуулийн боловсролд нэлээд анхаарах шаардлагатай. Янз бүрийн сургалтын хөтөлбөрүүдийг туршиж монгол хүүхдүүдээр тоглож болохгүй. Улаанбаатарын хүүхдүүдийн сурах хөгжих загвар нэг өөр. Суманд байгаа малчин айлын хүүхдийн сургууль соёлын загвар өөр гэдгийг бодож хийх хэрэгтэй. Мөн тухайн компани нь сайн ажилтныхаа мэдлэг оюуныг нь үнэлж чадахгүй, сайн цалин өгөөгүйгээс чадварлаг ажилтнаа алддаг. Гэхдээ нэг талаараа чадамжаа сайжруулж чаддаггүй залуус ажлын байраа олон сольдог. Өөрийгөө хөгжүүлдэггүй, тухайн компанийн соёл, бусад стандартуудыг дагаж мөрдөж чаддаггүй хүмүүс бас нэг ажлын байранд тогтворгүй байдаг. Монголын хувийн компанийн захирлууд чадварлаг ажилтнаа үнэлдэг болчихож. Байр, машин өгдөг, гадаадад ажиллуулдаг болчихоод байгааг бид зурагтаар үзэж байна. Ийм байхад компанидаа эдийн засгийн өндөр өгөөжтэй үнэтэй хүн болохын тулд өөрийгөө хөгжүүлэх, дайчлах, цаг завыг зарцуулах хэрэгтэй. Алибабаг үндэслэгч Жек Ма хэлэхдээ “Хүн ажлын цагаар өөрийгөө хөгжүүлж чаддаггүй юм. Ажил тараад орой унтах хүртэл юу хийж байгаагаас шалтгаалаад, ямар амжилт гаргах нь тодорхойлогддог” гэсэн байдаг. Дэлхий биднийг унтаж байхад хөгжөөд байна. Хэл сурах, өөрийгөө хөгжүүлэх, үнэ цэнэ бүтээмжтэй ажиллах шаардлага тулгарч байна. Хуучин шиг өдөр, шөнөгүй хүрздээд байхаар сайн ажилтан биш, чадварлаг өндөр бүтээмжтэй, хувьсах чадвар сайтай, мэдрэмжтэй хүн чухал болоод байна. Энэ болгон чинь дөрвөн жилийн боловсролоос олдохгүй шүү дээ. Өөрөөр нь тэр компани дутдаг чадамжтай ажилтан болохын төлөө залуус өөрсдийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Үнэхээр сайн бүтээмж гаргаж, тухайн компанид үр өгөөжтэй хичээж байгаа ажилтнаа үнэлэхгүй, цалинг нь нэмэхгүй, тийм мэдрэмжгүй бол захирал байгаад хэрэггүй шүү дээ. Гэхдээ өнөөгийн зах зээл хүслээс давсан чанарыг бий болгохыг шаардаж байна. Хүлээлтээс давсан стандартыг бүтээж байж амжилт олно.


Categories
мэдээ цаг-үе

Хоёронтоо гэрэлтсэн…

Би түүний бишрэн шүтэгч, хайрлан дагалдагчийн нэг байсангүй. Гэхдээ түүнийг хүндэтгэн хүлээн зөвшөөрөгч байсаан. Тийм болохоор түүнийг таньдаг байх нь нэр төрийн хэрэг гэж үздэг ч нөхөрлөн дотносвоос амьд явсны хэрэг бүтнэ гэж бас бодон ойртож дотносохыг мэрийдэггүй байлаа. Ер нь бурхан байж байх нь л чухал болохоос тэрэнтэй хамт байж харагдах нь чухал биш гэдэг логик гэх үү дээ.

Бүхий л монголчуудынхаа нэгэн адил түүнийг би танихаас гадна, тэрбээр намайг таньдаг, тааралдахдаа “чи өнөө шог могоо хийгээл…” гэж мэндэлдэг байсан нь миний сэтгэлийг бүрнээ дүүргэх бөлгөө. Өөрт маань хангалттай бөгөөд нэр төрийн хэрэг байсан харилцаа маань энэ бөгөөд надад “бурхан намайг биечлэн таньдаг” байх хэрийн бахархал төрүүлдэг асан.

Түүнийг үндэсний бөхийн их аварга, монгол наадмын хаан явсан үеэр нь олон хүн дурсаж байгаа. Мэдээж тэр эргэлзээн үгүй монгол бөхийн нэгэн гайхамшиг байсан.

Харин түүнийг би монгол үндэстний сэргэн мандалтын бэлгэдэл болон хоёронтоо гэрэлтсэнээр нь дурсан сананам.

ХХ зууны эхнээс бадрааж эхэлсэн монгол орны тусгаар тогтнол, сэргэн мандлын үйл хэрэг 1960-аад онд амьд биелэлээ олсон юм. Сэргэж байгаа үндэстэн андашгүй, залуус нь гоё, нүүрэндээ итгэлтэй болоод эхэлдэг юм. Монголчууд яг тэгж эхэлжээ.

Хорь гучаад оны аллага хядлагын шарх илааршиж, хүн ам эрүүлжин, нийтээр бичиг үсэг тайлагдаж үндэстний нүүр царай өөрчлөгдлөө. Гамшиг дүүрэн зудыг даваад ногоотой залгаж, мал сүргийнх нь үс зүс сэргэж, юу болоод өнгөрснийг мартагнуулж, хүний сэтгэлд морь бөх бодогдоод эхэлдэг үе шиг л цаг ирсэн хэрэг.

Дэлхийн коммунист дэглэмийг түр гэсгээсэн “Хрушевийн дулаарал” ч нөлөөлсөн байдаг.

Монголчууд улс гэдгээ мэдэрч, сэргэн мандах зөн нь сэрлээ. Зуун зууны тэртээх их гүрний үеийнх нь бяр амтагдах шиг болсон юм. Утга зохиол, урлаг хүртэл сэргэн амилж, ХХ зууны топ зохиолч, уран бүтээлчид энэ зурвас дээр амилсан.Өнөөгийн монгол дууны оргилыг тодорхойлдог “Жар далаад оны нийтийн дуу” гэдэг нэршил ч үүнтэй холбоотой.

Энэ мандал бадралын оргил нь 1968 онд Мехикогийн олимпоос монголчуудын авсан анхны олимпийн медаль болох мөнгөн медаль байлаа. Түүнийг улс үндэстнийхээ өмнөөс энгэртээ зүүсэн хүн бол Ж.Мөнхбат. Энэ медаль нь монголчуудад шинэ урам өгч “Түмний нэг” киноны Чимид хархүүгийн “Манайх чинь улс шиг улс мөн үү” гэсэн асуултад “тийм ээ” гэсэн хариулт өгсөн юмаа. (1961 онд БНМАУ-ыг дэлхий дахин хүлээн зөвшөөрч НҮБ-д элсүүлсэн жил тэрээр үндэсний бөхийн заан цол хүртэж байсан аж).

Монгол байсныг, монгол байгааг, монгол гэж байхыг хорвоо дэлхий эргэн санасан нь энэ. Ардын хувьсгал, хөрөнгө хураалт, нийгэмчлэл гээд олон ээдрээн дунд эргэлзээ болж хувирсан тусгаар тогтнол, үндэсний сэргэн мандлын үзэл санаа “НҮБ-д элссэн ба Олимпийн медаль”-иар эргэн амилсан хэрэг. Хүн төрөлхтөн хоёрхон талбар дээр л бие биенийхээ оршин тогтнолыг хүлээн зөвшөөрдөг байсан нь их улс төр ба их спорт бөлгөө. Монголчууд НҮБ-д элсч, олимпид оролцон медаль авч эхэлсэн нь энэ хоёр зөвшөөрлийн баталгаа байсан хэрэг. Энэ баталгааны нэгийг энгэртээ зүүж ирсэн хүн бол анхны олимпийн медальтан Ж.Мөнхбат аварга байлаа.

Харамсалтай нь, социализм эргэн хүйтрэхэд үндэсний сэргэн мандлын үзэл санааны гал царцан хөшиж эхэлсэн бөгөөд тэрхүү улс төрийн намар нь “сэхээтний төөрөгдөл”, “ намын эсрэг бүлэг” хэмээх операциуд болон үргэлжилсэн билээ.

Хөшин царцсан үндэсний мандал бадралын үзэл санаа 1980-аад оны сүүлчээр гэсэн дүрэлзэж эхэллээ. Монголчууд ардчилсан хувьсгалын босгон дээр ирлээ. Нийгмээ дорвитой өөрчлөх үзэл санаа хавтгайдаа байсан юм, уг нь. Даанч жараад оны улс төрийн дулаарлыг царцаасан хүйтрэлт, хувьсгалт хүчирхийллийн аниагүй шарх нь олон түмнийг айлгаж байлаа. Тийм учраас хүмүүс ардчиллын залууст итгэж ядан, түүнээсээ болоод дэмжиж ядан байсан цаг.

Гэтэл 1990 оны нэгдүгээр сарын тэсгим хүйтэн өдөр ардчилал нэхсэн залуусын цуглааны индэрт олны танил нэгэн эрхэм хүн санаандгүй гарч ирлээ. Тэр хүн бол тэртээ жараад онд анхны олимпийн медалийг эх орондоо авчирч, үндэсний мандал бадралын галыг асаалцаж байсан Ж.Мөнхбат аварга байлаа.

Цуглаанд жирийн иргэний хувьд оролцож явсан тэрээр “Ардчилсан холбооны энэ залууст байр өгөх хэрэгтэй” гэж хэлээд буусан юм. Энэ нь Ардчилсан холбоог оофистой болгох төдий санаа биш, түүний оршин тогтнолыг хүлээн зөвшөөрөх, олон үзэл санаа монгол газар зэрэгцэн оршихтой эвлэрэхийг эрх баригч дэглэмээс шаардсан хэрэг байлаа.

Үндэстний бахархал болсон хүнийх нь энэ үг монголчуудад итгэл өглөө. Ард түмэн шинэ цагийн үйл хэргийг айлгүйгээр дэмжих иргэний зоригийг тэндээс олж “Мөөеө аварга дэмжиж байгаа юм чинь, ардчиллынхныг дэмжихэд айх юмгүй юм байна” гэж олон хүний санаа шулуудсан гэдэг.

Тэрээр ийнхүү, хорь гаруй жилийн дараа үндэстнийхээ итгэл найдварыг дахин сэрээж, шинэ цаг үеийг дуудалцсан нь энэ.

Харин тэрээр саяхан хорвоогийн мөнх бусыг үзүүлэн оджээ.

Олон хүн түүнийг нас барсанд гашуудан дурсаж байгаа. Харин би түүнийг монголын хээр талд төрсөн явдлыг, үндэстний сүлд хийморь болон амьдарсан явдлыг нь хүндэтгэж суунам.

Хөх тэнгэр өнгийж, хөрс газар цэлийсээр байгаа цагт, үндэстний цог хийморь болсон гайхамшигт хөвүүд, охид мэндэлсээр байх буй заа…

Categories
мэдээ нийгэм

Нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Хоёронтоо гэрэлтсэн…” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гарагийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Азийн хөгжлийн банк Монголын эдийн засгийг өөдрөгөөр үнэлж байна” хэмээн өгүүлжээ.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Хуулийнхан шахалт, дарамтгүй үнэн зөв шийдвэр гаргахад нь монголчууд нэмэр болоосой” хэмээн “Улс төр” нүүрт ярьсан байна.

Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Хоёронтоо гэрэлтсэн…” нийтлэлийг хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-ы “Баримт, үйл явдал” нүүрт “С.Баярыг суллаж, Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан гэв” хэмээн өгүүлжээ.

Гэрлийн квант энергийн төхөөрөмжийг зохион бүтээгч Х.Сайто “Миний хийсэн төхөөрөмж монголчуудыг эрүүлжүүлж, насыг уртасгана” хэмээн ярьсныг “Цаг, үе” нүүрээс хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-ы “Хүмүүс” нүүрт “ МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тамир “Би ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчихсөн байгаа” хэмээн ярьсан байна.

“Спорт нүүрт” Монголын шайбтай хоккейн шигшээ багийн хаалгач Б.Мөнхболд “Монголын баг битүү ордон байхгүй учраас ДАШТ-д өрсөлдөх боломжгүй байгаа” хэмээн ярьжээ.

“Эрүүл мэнд” нүүрээс Хөхний эрүүл мэндийн төвийн төслийн удирдагч, анагаах ухааны доктор Б.Эрдэнэбулган “Хөхний эрүүл мэндийн төв бүхий л оношилгоо, шинжилгээг хийж байна” хэмээн ярьсныг хүлээн авч уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол, Хятадын бизнес эрхлэгчид 4.6 тэрбум ам.долларын гэрээ, хэлцэл байгууллаа

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болсон Монгол, Хятадын бизнес форумын үеэр хоёр улсын бизнес эрхлэгчид 4.6 тэрбум ам.долларын санхүүжилт бүхий 36 гэрээ, хэлцэл байгууллаа.

Хоёр орны аж ахуйн нэгжүүд байгаль орчин, уул уурхай, усан хангамж, гэр хорооллын дахин төлөвлөлт, худалдаа, зочид буудал, барилга, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, төмөр зам, эрчим хүч, банк, санхүү, аялал жуулчлал зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм. Тухайлбал Бөөрөлжүүтийн Дулааны цахилгааны станцийн төсөлд “Бодь Интернешнл” ХХК, “China State Consruction Engineering” компанитай хамтран ажиллах 450 орчим сая ам.долларын өртөг бүхий гэрээнд гарын үсэг зурлаа.

2017 оны эцсийн байдлаар хоёр орны гадаад худалдааны хэмжээ 6.7 тэрбум долларт хүрээд байна. Энэ нь 2016 оноос 36 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд Монгол Улсын нийт гадаад худалдааны 63 хувийг эзэлж байна.

Хоёр улс 2020 он гэхэд гадаад худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хамтран дэвшүүлээд байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.




Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол, Хятадын бизнес форумд оролцов

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд хоёр орны бизнес эрхлэгчдийн форум болж, хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурлаа.

Форумын нээлтэд Ерөнхий сайд оролцон үг хэллээ. Тэрээр хоёр улс эдийн засгийн харилцаагаа улам гүнзгийрүүлэх нөөц боломж байгааг тэмдэглэв. БНХАУ-тай хийж байгаа худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх, экспортын барааны нэр төрлийг олшруулах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн гаралтай, органик хүнсний бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийг зорьж байгааг хэллээ. Цаашид зөвхөн уул уурхайн гэлтгүй бусад салбарт хөрөнгө оруулалт, байгаль орчинд ээлтэй, эрчим хүч хэмнэх дэвшилтэт технологи, инноваци нутагшуулахыг зорьж байгааг тэмдэглэв.

Хоёр улсын бизнес эрхлэгчид төр, засгийн бодлогыг дэмжиж, хөгжлийн хэтийн төлөв, ард иргэдийн найрсаг харилцааны эрх ашгийг харгалзан өргөн хүрээнд, харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа.

Хятадын олон улсын худалдааг дэмжих хорооны дарга Жян Зөнвэй хэлсэн үгэндээ “Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ёстой. Монгол Улсад үйлдвэржилтийн эрэлт хэрэгцээ их байгаа. Манай улс энэ чиглэлд туршлагатай бөгөөд хамтран ажиллах боломжтой” гэлээ.

“Монгол Улс гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад ижил тэгш боломж олгож байгаа. Өөрөөр хэлбэл ямарваа нэг байдлаар ялгаварлахгүй. Татварын бодлогоор ч дэмжинэ” гэж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлэв.

Энэ удаагийн форумд хоёр улсын 600 гаруй бизнес эрхлэгч оролцож байгаа бөгөөд хүнс, хөдөө аж ахуй, хил орчмын эдийн засгийн хамтын ажиллагаа, уул уурхай, хүнд үйлдвэр, дэд бүтэц, барилгын салбарын хамтын ажиллагаа сэдвээр харилцан саналаа солилцож байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Баярыг сулласан бололтой

с.баяр зурган илэрцүүд

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас баривчлан шалгаж байгаа талаар холбогдох албаныхан мэдээлсэн. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж байгаагаар Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэн нэг сар хорихоор болсон бөгөөд түүнийг хорих эсэх шүүх хурал маргааш болох байсан ч өмнө нь ийн шийдсэн бололтой. Харин С.Баярыг сулласан гэсэн мэдээлэл байна.

Categories
мэдээ спорт

Люк Мбах Моутэ бэртэл авлаа

Мба а Муте зурган илэрцүүдӨнөөдөр NBA-ны талбайд зургаан тоглолт боллоо. Ихэнх нь арваас дээш онооны зөрүүгээр өндөрлөв. NBA-ны улирлын сүүлчийн тоглолтууд багуудын хувьд хожигдох эрхгүй тоглолтууд байдаг билээ.

Энэ өдрийн тоглолтын Houston Rockets- Los Angeles Lakers багуудын тоглолтын тоймыг хүргэе.

Эхний үед багуудын хамгаалалт, довтолгоо жигд байж 20:14-өөр өндөрлөсөн. Хоёрдугаар үед хоёр багийн довтолгоо ширүүсч тоглолт эрчимтэй өрнөж эхэллээ. Энэ үеийн цаг дуусахаас 6:59 секунтэд Houston Rockets багийн тоглогч Люк Мбах Моутэ довтолгоо гүйцэтгэж байхдаа бэртэл аван тоглолтыг орхив. Эхний хагасын сүүлийн ес дэх секунтэд Houston-ны хамгаалагч Жэмес Харден Slam dunk-ын үзүүлбэрээр оноог 54:48 болгон өндөрлүүлсэн юм. Гуравдугаар үед Lakers-үүдийн хамгаалалт довтолгоо сайн байж 73:75-аар тэргүүллийг аван дуусгасан. Харин эцсийн шийд гарах дөрөвдүгээр үеийн тоглолтод Houston-ныхон илүүрхэж, үзүүштэй тоглолт үзүүлж 105:99-өөр хожлоо. Энэ тоглолтод ЖэмесХарден 21 оноо, 4 самбараас авалт, 10 оновчтой дамжуулалт, 1 бөмбөг таслалт хийж багтаа тусалсан. Эсрэг багаас Жош Харт 20 оноо, 7 самбараас авалт, 2 бөмбөг таслалтаар тэргүүллээ.

Charlotte hornets 119-93 Indiana pacers (Kaminsky 24, 7, 1)

Philadelphia 76ers 121-113 Atlanta Hawks (J.J Redick 28, 4, 5)

Boston Celtics 101-113 Washington Wizards (Jaylen Brown 27, 1, 2)

Phoenix Suns 124-97 Dallas Mavericks (Alec Peters 36, 9, 2, 1)

Golden State Warriors 79-119 Utah Jazz (Donovan Mitchell 22, 3, 1, 2)

С.ОТГОНБАЯР

Categories
мэдээ нийгэм

Төв цэвэрлэх байгууламжид хэт авиан тоног төхөөрөмжийг суурилууллаа

Төв цэвэрлэх байгууламжаас хоногт дунджаар 1200-1500м3 лаг ялгардаг. Тус ялгарсан лагийг халдваргүйжүүлэх, үнэргүйжүүлэх төслийн хүрээнд биологийн задралыг бий болгож өвчин үүсгэгч нянг устгах, халдваргүйжүүлэх, үнэр саармагжуулах зориулалттай ХБНГУ-ын “Ультрасоник” компанийн “Тюбэреактор” загварын хэт авиан тоног төхөөрөмжийг суурилуулж, туршилт тохируулгын ажил хийгдэж байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр өнөөдөр хэт авиан тоног төхөөрөмжийн ажиллагаа хэр байгаатай газар дээр нь очиж танилцлаа.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 5 дугаар захирамж, Засгийн газрын 7 дугаар тэмдэглэл, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/135 дугаар захирамжийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хяналт тавин Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг боловсруулах, дамжлага нэмэх, технологийн үйл ажиллагааг дэмжиж засвар шинэчлэлт, тоног төхөөрөмж шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэж байгаа юм. Энэ ажлын хүрээнд лагийн 44 карт бүхий 15 га талбайд үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх, боловсруулах, цэвэрлэх байгууламжаас Туул гол хүртэлх 12 га талбай суваг, олон жил хуримтлагдсан голын бохирдлыг арилгах, үнэрийг дарах, Төв цэвэрлэх байгууламжийн урд ТЭЦ-ийн үнсэн сангийн баруун талын 50 га талбай бүхий олон жил тогтсон хиймэл нуурыг цэнгэгжүүлэх, технологийн үйл ажиллагааг дэмжих, засвар хийж, тоног төхөөрөмж шинэчлэх зэрэг ажлыг 2016 оноос хийж хэрэгжүүлсээр байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.