Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд 150 ажлын байранд шууд сонгон шалгаруулалт явагдаж байна

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар “Хурд интернэшнл” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд НОВОТЕЛ УЛААНБААТАР зочид буудлын хүний нөөц бүрдүүлэх ажлын байрны нээлттэй өдөрлөгийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбар дахь нийслэлийн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-д 09:00-17:00 цагт зохион байгуулж байна.

Дэлхийн нийтэд 3700 гаруй салбарт Софител, Ибис зэрэг олон улсад нэр хүндтэй зочид буудлыг эгнээндээ нэгтгэсэн Францын “Аккор” групп энэ оны тавдугаар сараас Улаанбаатар хотноо “Новотел Улаанбаатар” зочид буудлыг нээхээр бэлтгэл ажлаа хангаж буй юм. Таван одтой, 16 давхар 192 өрөө бүхий энэхүү зочид буудалд ахлах болон туслах тогооч, харуул хамгаалалт, санхүү, маркетинг, нярав зэрэг 40 мэргэжлийн 150 ажилтан шаардлагатай аж.

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга П.Батхүлэг “Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн дагуу Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас “Нэг өрх-Нэг ажлын байр” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Дэд хөтөлбөрийн нэг хэсэг болох “Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийг байгуулж, иргэдэд нэг дүгээр сарын 30-ны өдрөөс хойш үйлчилж эхлээд байна. Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг байгуулсанаар аж ахуй нэгжээс нээлттэй ажлын байрны захиалгууд ирж, тухайн байгууллагын хүний нөөцийн мэргэжилтэн болон ахлах албан тушаалтнууд манай төв дээр анкет бөглөсөн иргэдтэй шууд ярилцлаганд орох боломжтой болсон. Хамгийн анх Батбайгаль ХХК-ий захиалгыг авч хүний нөөцийг бүрдүүлэхэд нь хамтран ажилласан бол өнөөдөр Новотел Улаанбаатар зочид буудлын хүний нөөцийг нь бүрдүүлэхэд хамтран ажиллаж байна. Өнөөдрийн арга хэмжээнд иргэд их идэвхитэй оролцож, анкетаа бүрдүүлж, ярилцлаганд шууд орж байна. Хамгийн гол нь ажил хайгч иргэд маань тухайн байгууллагын шалгуурыг хангах нь чухал. Ажлын ярилцлаганд тэнцээгүй ажил хайгч иргэдийг бид бүртгэлжүүлж, сургалтанд хамруулж, дахин ажлын байранд зуучлах үйлчилгээг үзүүлэхээс гадна сэтгэл зүйн зөвөлгөө энэ төвдөө өгч ажиллаж байна. Одоогоор манай төвд 100 гаруй ажлын байрны захиалга ирсэн.” Хэмээлээ.

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Н.Ганзориг “Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв маань байгуулагдаад багахан хугацааг өнгөрүүлсэн ч тодорхой хэмжээний ажлын байрны захиалгыг авч иргэдэд үйлчилж байна. Өнөөдрөөс Новотел Улаанбаатар компаниас 40 гаруй мэргэжлээс 150 нээлттэй ажлын байрны захиалга ирж, иргэдийг бүртгэж, ярилцлаганд шууд оруулж байна. Тус компани ирэх тав дугаар сараас эхлэн Монгол улсад үйл ажиллагаагаа явуулахаар бэлтгэл ажилдаа орсон бөгөөд өнөөдөр ийнхүү хүний нөөцөө бүрдүүлэх тал дээр хамтран ажиллаж байна.

Өнгөрсөн онд Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар 11908 иргэнийг ажилд зуучилсан бол энэ онд 15000 иргэнийг ажилд зууцлах зорилт тавин ажиллаж байна” хэмээлээ.

Тус өдөрлөг энэ сарын 3-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Ажлын байрыг сонирхсон хүмүүст дараах ерөнхий шаардлагыг тавьж байгаа ажээ. Үүнд:

  • Тухайн албан тушаалын холбогдох мэргэжлээр бакалавр зэрэгтэй /Зочид буудлын менежмент, Аялал жуулчлалын менежмент… гэх мэт /
  • Мэргэжлээрээ 3-с дээш жил ажилласан туршлагатай
  • Англи хэлний аман болон бичгийн дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Харилцааны өндөр соёлтой, ёс зүйтэй, зөв хандлагатай
  • Манлайлах, асуудал шийдвэрлэх, хурдтай, бүтээлч, хамт олны дунд эерэг уур амьсгал бүрдүүлэх чадвартай
  • Үйлчилгээний байгууллагад тэр дундаа томоохон зочид буудлуудад ажиллаж байсан туршлагатай
  • Компютерийн хэрэглээний болон бусад шаардлагатай программ дээр ажиллах чадвартай /Opera, Micros, Fedelio, … гэх мэт/
  • Тогтвор суурьшилтай ажиллах
  • Цаашид энэ салбарт өсөн дэвжиж, карьер ахиулах хүсэлтэй ажил горилогчдыг ажлын байрны нээлтэй өдөрлөгийн үйл ажиллагаанд оролцохыг урьж байна.

Иргэн та Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвтэй 7777-1896, 9101-1896 утсаар холбогдож, нэмэлт мэдээллийг авч болох юм байна гэж нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Пневмококкийн эсрэг 13 цэнт вакциныг шинээр зургаан дүүрэгт нэвтрүүлж эхэллээ

Дэлхийд жил бүр 0-5 хүртэлх насны хүүхдийн дунд уушгины хатгалгааны шалтгаантай нас баралт 1.8 сая бүртгэгдэж байгаагийн 541.000 нь Стрептококк пневмони хэмээх нянгийн халдвараас шалтгаантай байна. Монгол Улсад эрүүл хүүхдийн дунд хийгдэж буй нян тээгчийн судалгаагаар 12-23 сартай хүүхдийн талаас илүү хувьд /61%/ нь, хоёр хүртлэх сартай 3 хүүхдийн 1 нь Стрептококк пневмони нянг тээж байгааг тус, тус илрүүлсэн байна. Пневмококкийн эсрэг 13 цэнт вакцин нь Стрептококк пневмони нянгаар үүсгэгдэх уушгины хатгалгаа, дунд чихний үрэвслээс сэргийлэх чухал ач холбогдолтой юм. 2014 оны байдлаар 95 улс орон уг вакциныг нэвтрүүлэн хэрэглэж байна.

Монголд Улсад пневмококкийн эсрэг 13 цэнт вакцинаар 2016 оноос Сонгинохайрхан, Сүхбаатар, 2017 оноос Баянзүрх дүүрэгт 2 сартайгаас 2 хүртлэх настай хүүхдүүдийг үе шаттайгаар дархлаажуулж эхэлсэн юм. Тэгвэл өдгөө Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/20 дугаар тушааын дагуу 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийслэлийн Баянгол, Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт 2 сартай хүүхдүүдийг товлолын дагуу пневмококкийн эсрэг 13 цэнт вакцинаар дархлаажуулж эхэллээ. Эхний тунг 2 сартай, хоёр дахь тунг 4 сартай, гурав дахь тунг 9 сартай хүүхдэд тус, тус хийнэ.

Пневмококкийн эсрэг 13 цэнт вакциныг дүүргийн болон Өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетэд хийж байна гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Бичил уурхайн мэдлэгийн төвийн цахим платформ үүдээ нээлээ

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй Тогтвортой бичил уурхай төслийнхүрээнд “Бичил уурхайн Мэдлэгийн төв”-ийн цахим платформыг бий болгож, нээлтээ хийлээ. Монгол Улс уул уурхай хөгжсөн орнууд дунд нэлээд дээгүүрт ордог. Бичил уурхайчид хоорондоо туршлага, мэдлэг мэдээллээ солилцох, бусад улс оронд болж байгаа уул уурхайн амжилтаас суралцах зорилгоор энэхүү төвийг нээжээ.

Нээлтийн арга хэмжээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд, хувийн хэвшил, бичил уурхайчдын төлөөлөл оролцлоо.

Арга хэмжээг нээж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал хэлэхдээ “Монгол Улсад Засгийн газар бичил уурхайн эрх зүйн орчныг бүрдүүлэх, хуулийн хүрээнд зохицуулах талаар 2017 онд Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг шинэчлэн баталсан.

Бичил уурхайчдыг албажуулах, зохион байгуулалтад оруулах ажлуудыг хийгээд явж байна. Эхний ээлжинд гаргасан шороогоо буцаад булчих хэрэгтэй. Энэ бол байгаль орчныг хамгаалах анхны алхам. Мэдээж алт олборлогчид маань ёс зүйн асуудлыг маш сайн ойлгосон байх ёстой. Тиймээс гаргаж байгаа дүрэм журмуудыг чанд баримталж ажиллах ёстой” гэлээ.

“Тогтвортой бичил уурхай төсөл нь Монгол Улсын бичил уурхайн салбарт тулгамдаж байгаа сорилтуудыг даван туулах, олон улсын бичил уурхайн жишигт нийцүүлэх, бичил уурхайн сайн туршлагуудыг түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэн. Төслийн хамтрагч байгууллагуудын мэдлэг, туршлага дээр үндэслэн Бичил уурхайн мэдлэгийн төвийн цахим платформ өнөөдөр нээлтээ хийж улмаар УУХҮЯ-нд хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна” гэж Швэйцарийн хөгжлийн агентлагийн дэд захирал Илариа Дали хэллээ.

Бичил уурхайн Мэдлэгийн төв нь цахим платформ дээр суурилсан мэдээллийн суурь бааз бөгөөд бичил уурхайтай холбоотой мэдээ, мэдээллийг олж авах, суралцах, харилцан солилцохоос гадна олон улсын бичил уурхайн мэдлэг, мэдээлэлтэй танилцах, холбох гүүр болно хэмээн нээлтэнд оролцогчид үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуулийн цэцийн хуралдаан хойшиллоо

цэц зурган илэрцүүд

Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар захирамжаар Хөвсгөл аймгийн Засаг даргаар Л.Ганболдыг томилсон нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг өнөөдрийн Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар хэлэлцэхээр товлосон байв.

Гэвч дээрх асуудлаар Цэцэд хандсан нэр бүхий иргэн хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй, мөн хуралдаанд өөрөө заавал биечлэн оролцох хүсэлттэй байгаагаа Үндсэн хуулийн цэцэд албан ёсоор мэдэгдсэн байна. Үндсэн хуулийн цэц ийнхүү хүсэлтийг үндэслэн хуралдааныг хойшлуулах тухай шийдвэр гаргажээ.

Categories
мэдээ цаг-үе

Н.Цэрэнбат: Түүхий нүүрсний хэрэглээг зогсоосноор агаарын бохирдол хоёр дахин буурна

Ирэх оны тавдугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ. Уг асуудлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаас тодрууллаа.


-Засгийн газраас Улаанбаатар хотод нүүрс оруулж ирэхгүй байх тогтоол баталсан байна. Энэ тогтоол гарснаар яг ямар хөдөлгөөн хийгдэх вэ?

-Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах талаар хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд томоохон шийдвэр гаргалаа. Энэ нь 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт түүхий нүүрсийг иргэн, аж ахуйн нэгж хэрэглэхийг хориглосон тогтоол гарсан. Уг тогтоол хэрэгжиж эхлэхээсээ 14 сарын өмнө гарч байгаа нь иргэд, аж ахуйн нэгжүүдийг цаашид түүхий нүүрс хэрэглэхгүй байх, үүний бэлтгэл болж дулааны алдагдлыг шат шатандаа бууруулах ажлыг эртнээс хийлгэх үүднээс хугацаа өгсөн Засгийн газрын тогтоол л доо. Тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд сайжруулсан түлшний эрэлт, нийлүүлэлт хийгээд үнийн тэнцвэртэй байдлыг хангахын тулд Эрчим хүчний сайд, Сангийн сайд нартай хамтран эргээд долоодугаар сард Засгийн газарт танилцуулахаар болсон.

-Түүхий нүүрсийг Улаанбаатарт оруулахгүйгээр хориглолоо гэж бодъё. Гарах үр дүнгийнх нь талаар ярихгүй юу?

-Нэгдүгээрт, түүхий нүүрсийг хориглосноор Монгол Улсын хэмжээнд байгаа МNS:56792014 дугаартай сайжруулсан түлшний стандартыг мөрдөж ажиллана. Ингэснээр агаарын бохирдол буурна. Мөн түүхий нүүрсний хэрэглээ хоёр дахин багасах давуу талтай. Цаашид төв суурин газарт байгаа иргэдийн түүхий нүүрсний хэрэглээг бууруулах тал дээр Засгийн газар анхаарч ажиллана.

-Нүүрсийг Улаанбаатарт оруулахаа болилоо гэж бодъё. Гэтэл сайжруулсан түлш нь өөрөө нүүрснээсээ давсан үнэтэй байвал яах вэ. Үүнийг бодолцсон уу. Нүүрснээс үнэтэй байвал иргэд эсэргүүцнэ?

-Засгийн газраас түүхий нүүрстэй эн тэнцүү буюу хямд байлгах бодлого барьж ажиллаж байна.

-Борлуулах цэгийг нь яаж тодорхойлох вэ. Шалгуур бий юу?

-Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо гуравдугаар сард хуралдаад цаашид сайжруулсан түлшийг нийлүүлэх болон борлуулах бусад арга хэмжээ нь батлагдана.

-Өмнө нь бондын мөнгөөр сайжруулсан түлш үйлдвэрлээд үр дүнгээ өгөөгүй. Үйлдвэрүүд нь дампуурсан. Өнөө хүмүүс нь ч хариуцлага хүлээлгүй өнгөрсөн гэдэг. Энэ удаа дахин сайжруулсан түлш үйлдвэрлэх компаниудыг байгуулах юм уу?

-Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо арванхоёрдугаар сард хуралдсанаас хойш миний бие сайжруулсан түлш үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдтэй уулзсан. Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Захирагчийн ажлын алба хамтраад Монгол шахмал түлш гэдэг нэгдлийг аж ахуйн нэгжүүд нэгдэн байгуулсан. Цаашид сайжруулсан түлшний квотыг сайжруулсан түлш үйлдвэрлэгчдэд гэрээгээр өгнө. Гэрээний үүргээ биелүүлсэн бол цаашид гэрээ үйлчилнэ. Үүргээ биелүүлээгүй бол гэрээ цуцлагдах юм.

-14 сарын өмнө засаг тогтоол гаргалаа. Гэхдээ манай иргэд яг түүхий нүүрсийг хориглож эхлэнгүүт эсэргүүцнэ дээ. Цагийг нь тулгаж байж сэхээрдэг нэг тийм зан бий. Үүнийг тооцсон уу?

-Аливаа шийдвэр гарахад цаг хугацааны хувьд болоогүй байна гэдэг. Гарсан шийдвэр хэрэгжихэд санхүүгийн эх үүсвэр дутмагаас болоод хэрэгждэггүй. Агаар орчныг бохирдлыг бууруулах үндэсний хороо, Агаарын бохирдлын эсрэг сан байгуулаад 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр санхүүжилт нь баталгаажсан учраас ажил хэрэг болно.

-Аж ахуйн нэгжүүд тэгээд сайжруулсан түлшээр бүрэн хангаж чадах юм уу. Хоёр гурван сар өгчихөөд дууссан гэх вий дээ?

-Улаанбаатар хотын иргэд өвөлдөө 540-600 мянган тонн сайжруулсан түлш хэрэглэнэ гэж тооцож байгаа. Одоо бэлэн байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа нь жигдэрч, тэдний ажлын чадавхийн хэмжээ энэ сарын сүүлээр тодорхой болно. Энэ оны өвөл гэхэд бэлтгэл ажил хийгдэнэ. Эдгээрийг цэгцлэхэд нэг бүтэн өвлийн сарууд байгаа учраас энэ бүхний ард гарна гэж Засгийн газар үзэж байгаа.

-Сайжруулсан түлшээс гадна агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ямар арга хэмжээ авах вэ?

-Цахилгааны шөнийн тарифийн бодлого шийдвэр үргэлжилнэ. 21 мянган айлыг холбохоор Эрчим хүчний яам тусгайлан хариуцаж байгаа. Нам даралтын зуухуудыг нэгдсэн халаалтад холбох ажил үргэлжилээд явна. Агаарын бохирдлын 80 хувийг бий болгож байгаа агаарын бохирдлын эх үүсгэвэр болсон түүхий нүүрсний хэрэглээг зогсоосноор агаарын бохирдол хоёр дахин буурна. Энэ хүрээнд тусгайлан Агаарын чанарын албаа чадавхижуулах, лабораториа шинэчлэх ажлууд хийгдэнэ.

-Санхүүгийн эх үүсвэрийг нь ярихгүй юу?

-Өнгөрсөн жилүүдийн дунджийг харахад жилд 28-30 тэрбум төгрөг агаарын бохирдлын төлбөр гэж Агаарын бохирдлыг бууруулах санд орох боломж бий. 30 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтын эх үүсвэртэй болж байгаа. Энэ мөнгө ганцхан Улаанбаатарт биш улсын хэмжээнд зарцуулагдах юм.

-2019 оны тавдугаар сар хүртэл иргэд түүхий нүүрсээ хэрэглэх юм уу?

-Тэгнэ.

-Иргэд сайжруулсан түлш хэрэглэнэ гэхээр одоо байгаа зуухнуудаа шинэчлэх шаардлагатай юу?

-Зуухуудаа шинэчлэх шаардлагагүй.

-Түүхий нүүрсийг хориглолоо гэхээр нууцаар нүүрс оруулж шагийн үнэд орох вий дээ?

-Шагийн гэх мэт ийм зүйлийг бий болгохгүйн тулд сайжруулсан түлшийг түүхий нүүрстэй үнэ ижил, мөн бага байхаар бодлогоо барьж ажиллаж байна.

-Сайржуулсан түлшний үнэ өндөр байгааг үйлдвэрлэгчид юу гэж тайлбарлаж байгаа бол?

-Агаарын болон Агаарын төлбөрийн тухай хуулиуд дээр УИХ-ын гишүүд, иргэд асууж байсан. Сайжруулсан түлш тогтсон бизнес биш, жилийн жилд сайжруулсан түлш хэрэглэх захиргааны болон эрхзүйн хэм хэмжээ байгаагүйгээс болж сайжруулсан түлш түүхий нүүрснээс үнэтэй байсан. Аж ахуйн нэгжүүд татаасаар явдаг байлаа. Тиймээс бид аль болох төр засагт хохирол багатай, иргэдийн амьдралд боломжийн байхаар ажиллаж байна.

-Аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгох юм уу?

-Хоёр зүйл яригдаж байгаа. Аж ахуйн нэгжүүд урьдчилгаа төлбөрөө аваад үйлдвэрлэлээ хийе гэж байгаа юм. Засгаас хөнгөлөлттэй зээлийг нүүрсээрээ эргүүлэн төлөх нөхцөл дээр нь дэмжлэг үзүүлэх тал дээр хуулийнхантай ярьж, судалж байна.


Categories
мэдээ цаг-үе

Бид сайн багшийн шавь нар

1998 оны налгар намрын нэгэн өдөр аавынхаа алаг морийг унан, ахыгаа даган Хөвсгөл аймгийн Хатгал сумын 10-н жилийн сургуулийг зорин шогшуулж явлаа. Шинэ сургуулийн тавдугаар ангид орохоор зорьж яваа нь тэр билээ. Хир суугаагүй цайлган бодолдоо элдвийг эргэцүүлэн явсан минь саяхан мэт санагдана. “Сургууль маань ямар бол, таних нэг ч хүүхэдгүй яана даа” гэж бодож явсан сан…

Хичээл ч эхэллээ. Би нэлээд бишүүрхэн ангийнхнаасаа дөлөн зогсож байтал ангийн маань Ч.Бямбасүрэн “Хөөе охион нааш ир, танилцъя” хэмээн дуудаж, анх нүүр хагарч, ангийнхантай танилцан, яриа өрнүүлж байлаа. Ингэж л би насан туршдаа нэгнээ гэх халуун сэтгэлтэй, элгэмсүү, дотно найзуудтайгаа учирсан юм даа.

Бид дэндүү эрч хүчтэй, үнэхээр л өрөмний өт шиг л нөхдүүд байсан юм. Зургаан жил хамт суралцана гэдэг чинь олон сайхан дурсамжийг хамтдаа урлаж, хожим хаана ч явсан сэтгэл тэжээж, хөглөж байдаг бололтой. Манай Бороо гэхээс эхлээд, нээрэн Баатар нэг удаа, ингэхэд Зулаад хэн хэн захиа өгч байсан юм бэ? гээд л бидний яриа хөвөрч өгнө шүү дээ.

Ангиараа онц сурдаг байсан гэж худлаа хэлэхгүй ээ. Гэхдээ л бид их авьяастай хүүхдүүд байжээ. Сургуулийн урлагийн үзлэгт их хичээл зүтгэл, цаг зав гарган бэлддэг байв. Нэг удаа Д.Нацагдоржийн “Цагаан сар ба хар нулимс” өгүүллэгээр дүрийн тоглолт бэлдээд шүүгч, үзэгч хүүхдүүдэд үзүүлэх болов оо. “Толгой өвдөөд салхинд зогссон билээ авгай минь” гэх гээд “Авгай өвдөөд салхинд зогссон билээ толгой минь” гэж хэлээд хөглөж байсан ч амжилттай л даваад гарсан даа.

Б.Баттөгс, Ч.Баярмаа, Ө.Хулан, С.Гэрэлцэцэг, В.Энхбаатар, Ч.Түмэн-Өлзий, Б.Борбаатар, Ц.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй манай ангийн “Цагаан сарнай” бүжгийн хамтлаг их алдартай байсан шүү. Олон ч тоглолтонд орсон доо.

Хаврын улсын шалгалтын өмнөх өдөр Бямбасүрэн, Энхжаргал, Бямбахишиг гурав Цахир толгой гарч, хичээлэээ уншаад овоонд мөргөөд бууж байж билээ. Бодвол шалгалтаа онц өгмөөр байна гэж л мөргөө байлгүй гэж дурсан ярьсныг саяхан сонсож билээ. Бид ийм л нандин, хэзээ ч мартагдахгүй олон мянган дурсамжтай улс.

Ангийнхан маань дунд ангийн анги удирдсан багш нараа үргэлж л дурсан санаж, тэднийхээ ач буяныг санаж, үг сургаал, үлгэр дуурайллыг нь одоо хүртэл санасаар явдаг нь тэдний минь чин сэтгэлийн илэрхийлэл юм болов уу даа. 5, 6-р ангид Наранцогтын Дашцэрмаа багш манай ангийг дааж байсан төдийгүй бидэнд математикийн хичээл заадаг байв. Давхраатай алаг нүдтэй, яггүй зарчимч багш минь биднийг дандаа хурцалж, бие даан суралцах, хэнээс ч дутахгүй чармайж байж аливаа амжилт ирдэг гэдгийг сургаж байсан байжээ. Ёстой л “Хайр нь дотроо, хал нь гадна аа” гэдэг үг таармаар тийм л мундаг багш байсан даа. Багш маань Хөвсгөл аймгийн төвийн сургууль руу шилжин бид шинэ анги даасан багштай болов оо. Манай сургуулийн орос хэлний багш, ёстой л бүх сэтгэл зүрх, хамаг амьдрал, залуу насаа түмний хүүхдийн сайн сайхны төлөө харамгүй зориулсан Намдагийн Бадамгарав хэмээх эгэл энгийн, эрхэмсэг даруу багшийн шавь болсон нь манай ангийнхны хувьд зөвхөн орос хэл сурах биш амьдралын ухаан, чин үнэн, энэрэнгүй хүнлэг сэтгэл, хүн байхын утга учрыг танихад том олз болж ээ.

Хүн бүр л өөрт нь хамгийн их зав, сэтгэл гаргаж чадаж байгаа хүнийг дуурайж, түүний үг үйлдэл бүрийг дуурайдаг бололтой. Манай анги гэж ярих бүрт Н.Бадамгарав багшийгаа дурсахгүй байхын аргагүй мэт санагддаг.

Ангиа цэвэрлэхээс эхлээд сургуулийн хашаанд хүнсний ногоо, мод тарих, ангийн зугаалганд явах гээд л алхам бүрт л амьдралын ухаан, хүний хоорондын элэгсэг сайхан харилцааг заан сургасаар л байсныг хожим л ойлгодог юм байна.

Охид хөвгүүд гэлтгүй л сахилгагүй зан гаргаж, багшийгаа мөн ч их зовоож байж дээ гээд л бид нар одоо уулзахаараа ярьцгаадаг юм. Миний ч мэдэхгүй олон зүйл өрнөж байсан нь хачин шүү. Орос хэлний сонгонд орохгүй гээд ангийн ард байрладаг ханын шүүгээнд хөвгүүд нуугдан, зарим охид маань коридорын харанхуй хонгилд нуугдаж байсан гээд Та бод доо. Аав ээжийнхээ өөдөөс үг сөрөх, хүүхдүүтэй муудалцан зүггүйтэх, бүтэлгүй дурлан уйтгарлах, нийлж хичээлээ таслах бүрт багш минь л бидний төлөө гүйж явдаг. Тэр бүхнийг хүүхдүүд биднийхээ л ирээдүй, сайн сайхны төлөө гэдгийг нь ухаарахгүй бид гэнэн, тэнэг байж дээ.

Биднийг ажил амьдралтайгаа золгосны дараа багшийн минь хань хүндээр өвдөн Улаанбаатар хотод эмчлүүлэхээр ирсэн байхад нь манай ангийнхан уулзаж, өчүүхэн ч гэсэн сэтгэлийн дэм үзүүлсэн өдрийг би одоо болтол санадаг. Тэр өдөр багшийгаа их өрөвдөж билээ. Тийм ээ, миний багшийн ханиа эдгээх гэсэн чин итгэл нүдэнд нь тодрон байгааг хараад тэр хүний уужим их тэвчээр, сэтгэлийн тэнхээг бахдаж билээ. Ийм ч учраас тэр хоёр минь хамтдаа өтлөн, бидэндээ үг сургаалиа хайрласаар байгаа юм.

2015 онд сургуулиа төгссөний 10 жилийн ой болж бид бүгд биш ч ихэнх нь бага ангийн багш Б.Оюунцэцэг болон Н.Бадамгарав багш нартайгаа уулзан, хүндэтгэл үзүүлэхэд хоёр багш минь бидий ажил амьдралыг ихэд сонирхон, халуун дулаан, өнөө л дурсамж дүүрэн яриа өрнүүлэн бидний мартсаныг сануулж, мөн л их ухаарал өгсөн дөө. Бидний олон жилийн өмнө бүтээж, урлаж байсан ханын сонинг хүртэл нандигнан хадгалж байдаг нь үнэхээр сайхан санагдсан шүү.

Хатгалын 10 жилийн сургууль, энэ эрхэм хүмүүс үгүйсэн бол бид хэн байхсан билээ гэж бодохоор тэднээрээ бахархахгүй байхын аргагүй. Ясны багш хүн гэж тэднийг минь л хэлэх байх даа. Мөн багш минь туйлын хөдөлмөр ч хүн дээ. Биднийг очих сургаар хэдий сумын төвд амьдардаг ч өтгөн сайхан сүүтэй цайгаа чанаж, шинэхэн өрөм таваглан, элгэн тараг бүрчихсэн ёстой л халгиж, цалгиж байсан даа. Багш минь биднийг харж баярлаад л… Хөл нь газар хүрэхгүй баярлана гэж монголчууд ярьдаг даа.

Ийм ч учраас бид багштайгаа ойр ойрхон л уулзаж байх юм шүү гэж ярьцгаалаа бид. Бид 2003 онд хорин гуравуулаа 10-р ангиа дурсамж, дурдатгал, инээд хөөр дүүрэн, хөнгөн гунигтай төгсөж байсан нь саяхан мэт санагдавч аль хэдийн 15-н жил улиран оджээ. Энэ хугацаанд жил бүр л уулзан, сайн сайхан дурсамжаа дэлгэн, халуун дулаан яриа хөөрөө өрнүүлж, тус дэм хэрэгтэй нэгэндээ туслан, бүгдийнх нь л баяр болоод гунигийг хуваалцан үргэлж холбоотой байдаг нь Н.Бадамгарав багшийн минь л сайн хүмүүжүүлсний нөлөө юм.

Манай ангийнхан нийгмийн бүхий л салбарт амжилттай ажиллан, нутаг усныхаа нэрийг өндөрт өргөн, багш нарынхаа итгэлийг дааж, амьдралын төлөө зүтгэж, утга учиртайхан амьдарцгааж байна. Шуугилдаж уулзаад хоргодож буцдаг миний ангийнхныг далай ээжийн цэнхэр мандал өнөд ивээж, тэдний минь амьдрал тэгш дүүрэн байх болтугай.

Дурсамж бичсэн: П.ОТГОНБАЯР /”Хобби” сургуулийн багш/

Categories
мэдээ цаг-үе

Архичны гэр бүлд төрж өссөн хүүхэд сэтгэхүй, хүмүүжлийн доголдолтой болдог

Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суух гурван настай, эрэгтэй Б архи уусан хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 20-ноос 21-нд шилжих шөнө тус суманд оршин суух С гэх иргэн гэртээ зочид ирэхэд архи уусан гэнэ. Ингээд олон хүн бужигнаж, бага насны хүүхдэдээ анхаарал хандуулаагүйгээс болж, гурван настай хүү нь “Нутаг” гэх архины шилэнд байсан үлдэгдлийг уужээ. Гурван настай хүү ухаангүй хэвтэж байхад нь арван настай эгч нь анх харж, эцэг эхдээ дуулгасан байна. Гэвч эцэг эх нь биеэ удирдах чадваргүй болтлоо согтсон байсан ч хүүгээ ухаангүй болсон учраас эмнэлэгт нэн даруй хүргэжээ. Эмч нар яаралтай арга хэмжээ авч, хүүхдийн ходоодыг угааж, холбогдох бусад эмчилгээг хийсэн гэв. Тухайн үед хүүгийн эцэг эх нь “Хүүгээ ухаангүй болчихлоо” гэж их сандарсан гэнэ. Харин бага насны хүүхэд архи уухад шууд унтах хэмжээнд очдог гэдгийг эмч нар сануулжээ. Одоогоор хүүгийн биеийн байдал хэвийн, эмчилгээний үр дүнд сэргэсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ. Хэргийг цагдаагийн байгууллага зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа аж.

ЖИРЭМСЭН ЭХ СОГТУУРУУЛАХ УНДАА УУХ БҮРТ УРАГТ НӨЛӨӨЛЖ, ЭРҮҮЛ БУС ХҮҮХЭД ТӨРДӨГ ГЭВ

Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн эмнэлгээс тархи, мэдрэлийн системд архи хэрхэн нөлөөлдөг талаар судалгаа хийжээ. Тодруулбал, Ерөнхий боловсролын сургуулийн 12-17 насны 7000 хүүхдийн дунд явуулсан судалгаагаар 6.1 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэх буюу “Тасартлаа ууж үзсэн” гэж хариулжээ. Мөн ихэнх хувь нь “11 насандаа архийг анх хэрэглэж үзсэн” гэсэн байна. Судлаачид архи хүний удмын санд дөрвөн төрлөөр нөлөөлдгийг баталжээ. Эцэг, эхийн бэлгийн эсийг гэмтээх, жирэмсэн эх согтууруулах ундаа хэрэглэвэл ургийн хөгжлийн явц гаждаг. Ялангуяа үр тогтсоноос хойш 57 хоногийн хооронд үр хөврөлийн эрхтэн хөгждөг бөгөөд энэ хугацаанд согтууруулах төрлийн ундаа хэрэглэвэл төрөлхийн согогтой хүүхэд төрдөг нь судалгаагаар батлагдсан гэнэ. Мөн хөхүүл эмэгтэй архи хэрэглэвэл хөхний сүүгээр дамжин, хүүхдийн сэтгэц, оюун ухаанд нөлөөлнө. Сүүлийн хэлбэр нь нийгмийн хүчин зүйлээс шалтгаалдаг аж. Учир нь архичны гэр бүлд төрж, өссөн хүүхэд сэтгэхүй болон хүмүүжлийн доголдолтой болох нь элбэг. Жирэмсэн эх согтууруулах ундаа уух бүрт уусан архины 60-70 хувь нь урагт нөлөөлж, эрүүл бус хүүхэд төрөх үндэс болдог байна.

Архи согтууруулах ундааны тархины үйл ажиллагаанд үзүүлэх нөлөө нь дараах шинжээс харагддаг гэв. Тухайлбал, явж чадахгүй болох, аливаа зүйл бүдэг харагдах, яриа дультраатах, цаг хугацааг анзаарахгүй байх, ой тогтоолт муудах зэрэг нь архи тархинд нөлөөлж буйн илрэл юм. Эдгээр шинжийн зарим нь зөвхөн нэгээс хоёр хундага архи уухад илрэх бөгөөд архи уухаа зогсоовол хурдан засардаг. Гэхдээ удаан хугацаагаар их хэмжээний архи ууж байсан хүн хэдий эрүүлжсэн ч тархины дутагдал шинж нь арилдаггүй байна.

Бага хэмжээгээр архи уусны дараа ч оюун ухааны хомсдолд амархан ажиглагдахуйц нөлөөлдөг гэв. Ходоод хоосон үед их хэмжээний архийг нэг дор уух үед “тасрах” буюу тухайн үеийн процесс мөчийг ер санахгүй байдаг. Сүүлийн үед “тасрах” тохиолдол нийгэмд түгээмэл болсон. Тухайн хүн хамт олонтойгоо ууж буй тохиолдол элбэг байдаг. Энэ үед иргэдийн наснаас үл хамааран архины хамааралтай юу, үгүй юу зэргийг харгалзахгүйгээр архи согтууруулах ундаа хэрэглэдэг. Ийм тохиолдолд огцом хордлогод орсноос болж янз бүрийн өвчин эмгэгтэй болж, гэмт хэргийн золиос болох нь ч бий. Тухайлбал, оюутан сурагчид “тасарсан” үедээ аймшигт эрсдлийг дагуулдаг.

Зэрлэг авир гаргах, хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орох, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсны улмаас осол гаргадаг. Тэр дундаа монголчууд бага насны хүүхдүүдийн хажууд хараа хяналтгүйгээр архи согтууруулах ундаа хэрэглэж, заримдаа гурав, дөрөв, таван настай хүүхдүүдийг “Амсаад үз” гэдэг. Энэ нь маш буруу гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа. Бага насны хүүхдийн бие эрхтнүүд нь дөнгөж нөхөн төлжиж буй учраас архи согтууруулах ундаа шууд сөрөг нөлөө үзүүлдэг аж. Иймээс шууд унтуулах эсвэл ухаан алдах, их хэмжээгээр уулгавал амь насанд нь аюул учруулдаг байна.

Мөн их, дээд сургууль, коллежийн оюутнууд архийг их хэмжээгээр уудаг, “тасарсан” тохиолдол өндөр байгаа учраас эрсдэл ихтэй байгаа юм. Их хэмжээгээр уух гэдэг нь насанд хүрсэн эрэгтэй хүн хоёр цагийн дотор тав болон түүнээс илүү хундага, эмэгтэй хүн дөрөв болон түүнээс илүү хундага архи уухыг хэлдэг гэнэ. Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхдүүддээ архи согтууруулах ундаа хэрэглүүлэхгүй байх, сурагч, оюутнуудад тавих хараа хяналтаа сайжруулахыг санууллаа.

Categories
мэдээ спорт

Азийн аваргаас эхний өдөр нэг алт, гурван мөнгөн медаль хүртлээ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Киргизстаны нийслэл Бишкек хотод өчигдөр эхэллээ. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн барилдаанууд явагдаж аваргуудаа тодруулсан юм.

Монгол Улсаа төлөөлж 68 кг-ын жинд Азийн аваргын мөнгөн медальт Шархүүгийн Түмэнцэцэг хагас шигшээд шалгарч тэмцээнийг зохион байгуулагч орны тамирчин Меерим Жуманазароваг 2:2-оор ялсан. Харин алтан медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын Зөү Фенд 10:0-ээр ялагдаж мөнгөн медаль зүүлээ.

50 кг-ын жинд өрсөлдсөн “Хангарьд” клубийн тамирчин, ОУХМ Эрдэнэсүхийн Нарангэрэл хүрэл медаль хүртэв. Тэрбээр шөвгийн наймд Вьетнамын Ти Хуан Нгиенийг оноогоор цэвэр ялсан ч хагас шигшээд БНХАУ-ын Лей Чунд ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд хариуцлагатай барилдаанд Узбекистаны бөх Актенге Кеунимаеваг 8:2-оор илүүрхлээ. Э.Нарангэрэл өмнө нь Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан юм.

Эмэгтэйчүүдийн 55 кг-д Залуучуудын дэлхийн аварга, “Хилчин” спорт хорооны тамирчин Эрхэмбаярын Даваачимэг тивийн аваргаас хоёр дахь хүрэл медалиа зүүв. Тэрбээр хэсгийн аваргын төлөөх барилдаанд Энэтхэгийн Лалита Лалитаг 6:0-ээр хожсон ч хагас шигшээд Японы бөх Саки Игарашид 0:3-аар хожигдсон. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны Назгул Нураханыг 14:4-өө дутуу гаргасан юм.

59 кг-ын жинд хүч үзсэн олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор хүрэл медалийн төлөөх барилдаанд Тайландын бөх Пимсупак Айнпенийг 10:0 –ээр ялсан бол 76кг-ын жинд хүрэл медалийн төлөө барилдсан насанд хүрэгчдийн улсын аварга А.Чанцалнямаа Казахстаны бөх Элмира Сыздиковад 11:1-ээр хожигдож тавдугаар байр эзлэлээ.

Өнөөдөр 53 кг-д Э.Сумъяа, 57 кг-д А.Батцэцэг, 62 кг-д гавьяат тамирчин П.Орхон, 65 кг-д Э.Цэвэгмэд, 72 кг-д О.Насанбурмаа нар дэвжээнд гарна.

О.Дашням

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Хууль, хяналтынхан даргын тушаалаар биш хуулийн дагуу л шийдвэр гаргах ёстой

УИХ-ын гишүүн Д.Гантулга өнгөрсөн оны зургадугаар сард хүчингийн хэрэгт холбогдон шалгагдаж эхэлсэн. Хэргийг харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газар шалгаж, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн УИХ-ын гишүүн Д.Гантулгыг буруугүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн нотлох баримтыг Шүүх шинжилгээний хүрээлэнгийнхэн устгаж, хуурамч дүгнэлт гаргасан байна гэж үзэн дахин шалгуулахаар хохирогчийн талаас Сүхбаатар дүүргийн цагдаа, прокурорт хандсан. Сүхбаатар дүүргийн прокурор, цагдаагийнхан шинжээчдийн гаргасан дүгнэлтийг үнэн зөв байна гээд гаргачихав. Хохирогчийн тал дахин ерөнхий прокурорт хандсанаар хэргийг сэргээн шалгаж эхэлсэн юм. Ингээд Шүүх шинжилгээний хүрээлэнгээс шинээр шинжээч томилтол гишүүн Д.Гантулгын ДНК нотлох баримтуудтай таарч байна гэсэн дүгнэлт гарлаа. Тухайлбал, нэг байгууллага хэдхэн сарын дотор хоёр өөр дүгнэлт нэг хэрэг дээр гаргасан. Зарим мэдээллээр Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн нэр бүхий шинжээчийг уг хэрэг дээр ажиллуулж, УИХ-ын гишүүнийг буруугүй гэж нотлох дүгнэлтийг зориуд гаргахын тулд өөр байр суурьтай шинжээчийг тэр үеийг тааруулж байгаад амралтанд явуулсан гэх. Ямартай ч сүүлийн гаргасан дүгнэлтээр гишүүн Д.Гантулгад эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан зохих байгууллага мэдүүлэг авахаар дуудсан ч эрхэм гишүүн дуудсан цагт ирэхгүй шалтаг шалтгаан тоочсоор байгаа аж. Мөн хэрэгт Шүүх шинжилгээний байгууллагын хэд хэдэн хүнийг холбогдуулан шалгаж байгаа. Энэ байдлаас харахад хэрэг ер нь зөв шийдэгддэг болов уу гэсэн эргэлзээ төрж байгаа биз.

Өнгөрсөн онд 13 настай охиныг зочид буудалд хүчирхийлж амь насыг нь хөнөөсөн гэх хэрэг ч олны анхаарал татаж байгаа. Охинд архи их хэмжээгээр уулгаж, хүчирхийлэн үхэлд хүргэсэн гэх хэргийг ч мөн л хуулийнхан өөрсдөө яаран дүгнэлт хийж олон нийтэд өөрөөр мэдээлсэн. Тухайлбал, охиныг сайн дураараа архи ууж, насанд хүрсэн хүмүүстэй бэлгийн харьцаанд орж, хэтрүүлэн хэрэглэсэн архи нь үхэлд хүргэсэн мэтээр эхний мэдээллийг өгсөн.

Г.Номуундарь охины олон нийтэд хүргэсэн лайвыг үндэслэн хар тамхи болон хүчирхийллийн хэрэг шалгагдаж байгаа. Гэвч прокурор тухайн үедээ шүүхийн шийдвэр гараагүй байхад яаран олон нийтэд хохирогч гэгдэх нэг охиныг нь хүчирхийлэлд өртөөгүй гэж шууд зарласан. Хууль хяналтынхан мэдээлэл авах гэхэд бөөн хүнд суртал гаргадаг хэрнээ өөрсдийн зорилтот мэдээллээ яаран нэг талаас нь дүгнэн нийтэд хүргэсний дараа нөхцөл байдал өөр байсан нь ил болдог энэ мэт тохиолдол бишгүй гардаг.

Долдугаар сарын нэгний хэргийг олон хүн санаж байгаа. Хүний эрхийг ноцтой зөрчсөн, таван хүний амь насыг авч одсон энэ аймшигт хэргийн олон зүйл таавар хэвээр үлдсэн. Үүрэг өгсөн хүн яг хэн байсан нь одоо хүртэл тодорхой биш. Буудсан хүн нь олдоогүй. Тухайн үеийн цагдаагийн удирдлагад байсан зарим хурандаа, чулуу нүүлгэсэн гэж хүүхэд залуус хэдэн зуугаараа ял авснаар энэ хэрэг дууссан. Хэн нэгэн улстөрч ямар ч хариуцлага үүрээгүй өнгөрснийг бид санаж байна.

Мөн олны анхааралд өртсөн нэг хэрэг бол С.Зоригийн хэрэг. Түүний амь насыг бүрэлгэсэн гэх хэдэн хүнд ял өгсөн боловч одоо болтол захиалагчийг зарлаагүй байгаа. Үе үеийн эрх баригчид шинээр ажлын хэсэг байгуулж, удахгүй алуурчдыг болон, захиалагчийг зарлана гэдэг ч он улирсаар саяхан шийдэгдсэн. Гэвч олон хүн жинхэнэ захиалагч хэн бэ, ял авсан хүмүүс алуурчид мөн үү гэдэгт эргэлзсээр байгаа. Алуурчид нь тодорсон бол хэргийн захиалагч тодорхой л баймаар юм. Хэргийн чухам юу нь нууц юм бол. Захиалагчийг нуух ямар шалтгаан байна.

Олны анхааралд өртсөн хэргүүдээс цөөхнийг дурдахад ийм эргэлзээтэй, зарим нь шүүхийн шинжилгээний дүн ингэж зөрүүтэй гараад байхаар иргэд хэнд итгэх юм. Энэ мэтээс харахад манай цагдаа, шүүх, прокурор, шүүхийн шинжилгээний байгууллага улстөрчдийн эсвэл нөлөө бүхий, эрх мэдэлтэй, мөнгөтэй хүнд үйлчилж, нөлөөнд автдаг уу, аль нэг хэрэгт хөндлөнгөөс нөлөөлдөг үү гэсэн асуулт гарч ирж байгаа. Мэдээж хуулийнхан тэрний үгэнд ороод ингэлээ, эсвэл тэг ингэ гэж тэр улстөрч захиалсан гэж хэлэхгүй. Захиалагч нь ч албан бичиг өгч хэрэгт нөлөөлөхгүй. Албан бусаар, нууцхан далд, гэрчгүй л уулзаж ярилцдаг биз. Болж байгаа үйл явдлын өрнөлөөс хүмүүс өөр өөрийнхөөрөө дүгнэж, эргэлздэг, хэвлэл, мэдээлэл өөрийн өөрийнхөөрөө олсон мэдээллээ түгээдэг. Ямар ч байсан нотолж чадахгүй ч эргэлзсээр үлдсэн энэ мэт олон хэрэг бий.

Энэ бүхний дараа шүүх, прокурор, цагдаагийнхны нэр хүнд унадаг. Улс төрийн нөлөөлөл орсон, хэргийг үнэн зөв шийдсэн гэж үздэггүйтэй холбоотой. Хүн бүхэн шударга биш шийдлээ гэж гадарлаад байдаг. Нотлоход хэцүү. Гардан гүйцэтгэсэн хуулийн зарим хүн нэр төр, алба ажлаараа хохироод үлдэх нь бий. Хамгийн аюултай нь хүмүүс хуулийг сахих, түүнд итгэх итгэл буурдаг. Буруутгая гэвэл буруугүйг ч буруутан болгож, гэмгүй болгоё гэвэл буруутныг ч цэвэр ариухан амьтан болгочихож байгаа учраас. Бүгд аргалах, аргацаах, үнэнийг худал болгох, худлыг үнэн болгох нь ядах юмгүй мэт ойлгоод эхэлнэ. Одоо үүнийгээ болимоор байгаа юм. Нийгэмд шударга ёсны хэмжүүр тогтоох ёстой хүмүүс бол хуулийнхан. Тэдний шийдвэр шударга байж л шударга ёс тогтоно.

Хэвлэл мэдээлэл ямар нэг хэргийн талаар мэдээлэл хүргэхэд шүүхийн шийдвэр гарахаас өмнө тухайн хэвлэлийг болон сэтгүүлчийг яллах нь бий. Гэвч хэсэг хуцгацааны дараа сэтгүүлчийн хөндсөн сэдэв үнэн болох нь бий. Харамсалтай нь нэгэнт сэтгүүлч буруутгагдсан бол дараа нь гэмт хэрэгтэн буруутай нь тогтоогдсон ч сэтгүүлчийн нэр хүнд авсан ялын талаар хэн ч сөхдөггүй.

Олон жилийн өмнө манай сонины сэтгүүлч Г.Дашрэнцэнгийн Гаалийн ерөнхий газрын удирдлагуудын авлига, хээл хахуультай холбоотой бичсэн баримтат нийтлэлийн эсрэг нэр дурдагдсан хүмүүс зарга үүсгэж шүүхийн шийдвэр Өдрийн сонины эсрэг гарч мөнгөн торгууль оноосон. Төд удалгүй сэтгүүлчийг буруутгаад шүүхэд гомдол гаргаж байсан албан тушаалтан авлига авсан нь тогтоогдоод шоронд ял эдэлсэн. Угтаа шүүхийн шийдвэрээс өмнө сэтгүүлч баримтад тулгуурлан мэдээллийг олон нийтэд хүргэсэн ч ийнхүү буруутаад л өнгөрсөн. Жинхэнэ хэргийг мөрдөж шалгаад шүүхийн шийдвэр гарахаас өмнө сэтгүүлчийг буруутгааад гүтгэсэн хэргээр яллачихаж байгаа юм. Одоо ч ийм явдал тохиолддог.

Энэ мэтээр дуулиант хэргийн талаар хэвлэлийнхэн мэдээлэл хүргэхээр нийтлэл мэдээлэлд нэр дурдагдсан хүн өөрийгөө хамгаалж, нэр төрөө сэргээлгэнэ, гүтгэлээ гээд л шүүхэд ханддаг. Нотлох баримтаа авчир гэдэг. Нэгэнт шүүхийн шийдвэр гараагүй шалгагдаж байгаа болохоор тэрийг нь авчирч өгч чадахгүй л бол тухайн хэвлэл шууд л буруутаж байгаа юм. Ингээд хэргийн эзнийг шалгагдаж шийтгүүлэхээс өмнө сэтгүүлч аль хэдийнээ буруутан болоод шийтгүүлчихдэг. Энэ бүхнийг аажуу уужуу харж шийддэг болмоор байна. Үнэн хэрэгтээ сэтгүүлчид ч гэсэн дотоод итгэл үнэмшил гэж бий. Олсон мэдсэн баримт сэлтдээ тулгуурлан мэдээ материалаа нийтэд хүргээд буруутан болоод байвал хэн үнэний төлөө явах болж байна. Үүнд таарсан хууль, эрх зүйн орчин дутмаг.

Хүчирхийллийн хэрэг ч мөн адил гэрчгүй л бол ихэнх тохиолдолд хохирогчийг гүжирдээд, эсвэл тохиролцсон болоод өнгөрөх тохиолдол их. Шүүх хуулийнханд шүтдэг дарга, албанд тушаалд хүргэсэн хүн, танай, манай нам, танил тал гэсэн ойлголт байх ёсгүй. Ингэвэл хууль дээдлэх, хуулиа сахих ёсонд хор хөнөөлтэй. Мөн шүүхэд хэрэглэгддэг процессын хуулиудад хэргийн оролцогчийн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр шүүх өөрийн дотоод итгэл үнэмшлээр шийднэ гэсэн заалт байдаг. Зарим тохиолдолд шүүгчид өөрийг нь томилсон даргад, эсвэл улс төрийн нөхцөл байдалд тааруулан тэр дотоод итгэл үнэмшлээрээ хандаад байдаг юм биш биз. Хууль, хяналтынхан даргын тушаалаар биш, хуулийн дагуу л шийдвэр гаргах ёстой.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим ялимгүй цас орно

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-23 градус, бусад хэсгээр 14-16 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 8-13 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, шөнөдөө Арц-Богдын өвөр хоолойгоор, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.