Categories
гадаад мэдээ

Бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой дуулиан шуугианд холбогдсон нэрт продюсер Харви Вайнштейны хөшөөг босгожээ

Бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой дуулиан шуугианд холбогдсон нэрт продюсер Харви Вайнштейны гэрийнхээ халаадтайгаа орон дээр сууж байгаагаар дүрсэлсэн хөшөөг Оскарын шагнал гардуулах ёслол болохоос хэдхэн өдрийн өмнө Холливудад босгожээ. Уг хөшөөг алтан бүрмэл өнгөөр будсан байна.

Тус уран баримлыг зохион бүтээгчдийн нэг Жинжер Монро хэлэхдээ “Орон дээр сууж байгаа Х.Вайнштены хөшөө нь эдгээр хүчирхэг хүмүүсийн Холливудад ашигладаг аргуудыг илэрхийлж байгаа юм. Тэдэнд хүмүүст киноны дүр өгөх эрх мэдэл болон мөнгө байдаг. Үүнийгээ тэд бэлгийн таашаал авахад ашигладаг бөгөөд хүмүүст дүр өгөхдөө ашигладаг арга замаас өөрөөр бэлгийн таашаал авах илүү дээр арга зам тэдэнд байдаггүй” гэжээ.

Ж.Монро мөн 2016 оны наймдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын нүцгэн хөшөөг тус улсын хэд хэдэн хотод босгож байжээ.

Холливудын нэрт продюсер Харви Вайнштейн 30 жилийн туршид өөрийн хамтран ажилладаг байсан хүмүүстээ бэлгийн дарамт үзүүлж байсан тухай нийтлэлийг өнгөрсөн оны 10 дугаар сард “Нью Йорк Таймс” сонин олон нийтэд дэлгэснээс хойш 80 гаруй эмэгтэй, тэдний дотор алдарт жүжигчин Анжелина Жоли, Гвинет Пэлтроу, Эшли Жудд нар түүний бэлгийн дарамтад өртөж байснаа мэдэгдсэн билээ. Харин Х.Вайнштейн үүнийг үгүйсгэж, харилцан зөвшөөрөлцсөний үндсэн дээр бэлгийн харилцаанд ордог байсан хэмээн мэдэгдээд байсан юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын сайд, ЗГХЭГ -ын дарга Г.Занданшатар АТ-т ажиллалаа

Монгол Улсын сайд, ЗГХЭГ -ын дарга Г.Занданшатар АТГ- т ажиллаж, Авлигатай тэмцэх тухай Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл сонслоо.

Мэдээлэл солилцох уулзалтад 13 яамны Төрийн нарийн бичгийн дарга болон бусад албан тушаалтан оролцлоо.

Энэ үеэр АТГ-ын дарга тэргүүн, комиссар Х.Энхжаргал Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар АТГ-аас өгсөн зөвлөмжийн хэрэгжилттэй танилцах Ажлын удирдамжийг сайд Г.Занданшатар болон Төрийн нарийн бичгийн дарга нарт гардуулав.

АТГ-аас “Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд 2017 онд төрийн бүх шатны байгууллага, төрийн өмчийн компани аж ахуйн нэгжид хяналт, шалгалт явуулж авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж тайлан гаргасан байна.

Шалгалтаар төрийн байгууллагуудад Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Худалдан авах ажиллагааны тухай, Төрийн албаны тухай хуулиудыг зөрчиж томилгоо хийсэн, эрх мэдлээ урвуулан ашигласан, хууль бус төлбөр хураамж бий болгосон, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан зэрэг зөрчил илэрчээ.

Нийт 13 яам, 26 агентлаг, 21 аймгийн 98 сум, 99 төрийн өмчит аж ахуйн нэгжид шалгалт явуулж Монгол Улсад төрийн бүхий л шатанд авлигын нөхцөл байдал “Хүнд” байна гэсэн дүгнэлт гаргасан байна.

Шалгалтын тайланг Үндэсний Аудитын газар болон Төрийн албаны зөвлөлөөр хэлэлцүүлж, дахин хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхааруулж зөвлөмж боловсруулан бүх яамны сайд нарт хүргүүлээд байсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Монголын зөгийн аж ахуйн кластер” старт-ап бизнес уулзалт болно

“Монголын зөгийчдийн нийгэмлэг”, “Аравт бизнес нэгдэл” ТББ хамтран “Монголын зөгийн аж ахуйн кластер” старт-ап бизнес уулзалтыг зохион байгуулах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

“Монголын зөгийчдийн нийгэмлэг”-ийн зөвлөх М.Нарантуяа “Өнгөрсөн есөн сард Дэлхийн зөгийчдийн нийгэмлэгээс зохион байгуулсан уулзалтад “Монголын зөгийчдийн нийгэмлэг”-ийн төлөөлөл оролцсон. Зөгийн балыг савлаад хадгалах явцад маш олон өөрчлөлтүүд явагдаж байдаг.Хэрэглэгчид энэ амралтын өдрөөр тус уулзалтад ирснээр зөгийн балтай холбоотой танин мэдэхүйн заавар зөвлөгөөг мэргэжлийн хүмүүсээс авах боломжтой.Зөгийн аж ахуй байгаль экологид ээлтэй. Энэ аж ахуйг төрийн зүгээс бодлогоор дэмжиж өгөөсэй гэж хүсэж байна” гэлээ.

“Монголын зөгийчдийн нийгэмлэг”-ийн зөвлөх Х.Отгонбилэг “Өнөө үед балт зөгийг үржүүлэх түүний бүтээгдэхүүнийг ашиглах талаар дэлхий даяар анхаарч байгаа.1959 оноос Монгол оронд орчин үеийн олон давхраат зөгийн аж ахуйг эрхлэх болсон.Сүүлийн үед зөгийн аж ахуй сэргэх шатандаа ороод байна.Увс, Ховд, Архангай зэрэг аймагт 50 орчим цэгт 16 мянган бүлэг зөгийг үржүүлж, 250-300 мянган тонн орчим зөгийн балыг бэлтгэж байна. Монгол орны балт ургамлууд эмийн өндөр ач холбогдолтой. Уулзалтын үеэр байгалийн гаралтай зөгийн балыг худалдаална. Түүнчлэн зөгийн аж ахуйд ажиллах сонирхолтой хүмүүсийг ажлын байранд зуучилна.Шингэрүүлсэн сироп хэлбэртэй хуурамч 3,000 мянган тонн зөгийн бал гадаадаас манай улсад хилээр орж ирж байна” гэв.

Дашрамд сонирхуулахад “Монголын зөгийн аж ахуйн кластер” старт-ап бизнес уулзалт гуравдугаар сарын 3, 4 буюу энэ амралтын өдрүүдэд ХУД, ажилчдын гудамж, “Star Window” ХХК-ийн / Дулааны III цахилгаан станцын зүүн талд “Гоё тараг” үйлдвэрийн хойд/ байранд 09:00-18:00 цаг хүртэл болно.

Categories
мэдээ нийгэм

Банкны ажилтнуудыг чадавхижуулах замаар иргэдийн санхүүгийн мэдлэгийг тэлнэ

Зураг“Монгол Улсад банкны ажилтныг мэргэшүүлэх онол,практик хослуулсан сургалт болон Дэлхийн хуримтлалын өдрийг нэвтрүүлэх төсөл”-ийн хаалтын ажиллагааг Монголбанкинд зохион байгуулав.

Дээрх төслийн хүрээнд сургалтанд амжилттай хамрагдсан 11 арилжааны банкны 41 ажилтанд сертификат гардууллаа.

Монголбанк, ХБНГУ-ын Хадгаламжийн банкны Олон улсын хамтын ажиллагааны сан, Монголын банкны холбоо хамтран дээрх төслийг жилийн хугацаанд хэрэгжүүлжээ.

Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат хэлэхдээ, “Иргэд өөрсдийн хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгоход санхүүгийн суурь мэдлэг чухал. Тиймээс иргэдтэй шууд харилцах банкны ажилтныг чадавхижуулах замаар олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэхэд эл төсөл хувь нэмрээ оруулсан”гэв.

Голомт банкны харилцааны менежер Т.Марал-эрдэнэ “Эл төслийн хүрээнд банкны ажилтныг мэргэшүүлэх онол,практик хослуулсан сургалт долоон сар үргэлжилж, өнөөдөр сертификатаа гардлаа. Банкны ажилтнууд иргэд олон нийтэд хэрхэн үр дүнтэй зөвлөгөө өгч ажиллах талаар маш үр дүнтэй сургалт болсон. Сургалтын хүрээнд зээлийн талаар болон харилцагчиддаа хэрхэн зөвлөх, харилцах данс, төлбөр тооцоог гаргах чиглэлээрх Германы туршлагаас судаллаа. Иргэдийн хувьд санхүүгийн боловсрол тааруу байдгаас хуримтлал тэр бүр хийдэггүй. Тиймээс банкны ажилтнууд хуримтлал хийхэд хамгийн гол зөвлөгч нь байх ёстой юм байна гэдгийг ойлгож авсан” хэмээлээ.

1924 оноос хойш жил бүрийн 10 дугаар сарын 31-ний өдөр “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг тэмдэглэх болжээ. Энэ өдрийн хүрээнд банк санхүүгийн байгууллагууд иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, ирээдүйдээ зориулан хуримтлал бий болгохын ач тусыг сурталчилан таниулж иржээ.

Манай улсын хувьд анх 2012 онд Монголын Банкны Холбоо энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх санаачлагыг гаргаж, нийт иргэдээ банкинд хадгаламж нээлгэх, хуримтлалаа нэмэгдүүлэхэд зөвлөмж өгч, уриалга гаргаж иржээ. Өнгөрсөн жилээс эхлэн тус өдрийг Монголын Банкны Холбоо, Хадгаламжийн Даатгалын Корпораци болон гишүүн банкууд, санхүүгийн бодлого боловсруулагчид хамтарч хэрэгжүүлж эхэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Шударга ёсны сургалтыг жүжигчилсэн хэлбэрээр явуулж байна

Авлигатай тэмцэх газар авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийн хүрээнд хүүхэд багачуудад гэр бүл, боловсролын байгууллагаар нь дамжуулан шударга ёсны үзэл, хандлагыг бага наснаас нь төлөвшүүлэх зорилгоор Монголын Сурагчдын холбоо төрийн бус байгууллагатай хамтран олон ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн нийслэлийн 9 дүүргийн 20 гаруй сургуулийн бага ангийн сурагчдад авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, шударга ёсыг эрхэмлэх дадлыг хэвшүүлэх зорилготой сургалтыг “Туулай хүүгийн адал явдал” зохиолоор жүжигчилсэн хэлбэрээр явуулж эхлээд байна. Монголын Сурагчдын холбоо төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй энэ ажлыг Улаанбаатар хотоос гадна Дорнод, Орхон, Хөвсгөл, Өмнөговь аймагт зохион байгуулна.

Цаашид “Туулай хүүгийн адал явдал” зохиолыг баяжуулж, энэ сургалтад эцэг, эх, боловсролын байгууллага буюу багш, сурган хүмүүжүүлэгчдийг түлхүү татан оролцуулахаар төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Цогцолбор тэмцээн самбо бөхөөр эхэллээ

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын 2018 оны цогцолбор тэмцээний нээлт Хүч спорт хорооны зааланд самбо бөхийн тэмцээнээр эхэллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Иргэд эвээ бэхжүүлж, хариуцлагаа эрхэмлэхийг хүсэж байна

УИХ-ын дарга М.Энхболд Төв аймгийн зүүн бүсийн сумдад ажиллах томилолтынхоо үеэр Баяндэлгэр, Баян суманд очиж, иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр тэрбээр УИХ-ын үйл ажиллагаа, батлан гаргасан хууль тогтоомжийн талаар танилцуулж, хуулийн хэрэгжилтийн талаар иргэдийн санал бодлыг сонслоо. Түүнчлэн улсын нийгэм, эдийн засгийн байдал, төр засгаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, түүний үр дүнгийн талаар мэдээллээ.

Иргэд эдийн засгийн хүндрэлээс гарах талаарх төр, засгийн хүчин чармайлтыг ойлгон дэмжиж байгаагаа илэрхийлж, бий болсон эдийн засгийн өсөлтийг айл гэр, иргэдийн амьжиргааг сайжруулах, ажлын байр бий болгох, ажилгүйдлийг багасгах, үйлдвэрлэлийг дэмжих, тэтгэвэр тэтгэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэхэд чиглүүлэх нь зүйтэй гэсэн саналыг хэлж байна.

Тэдний ярианы гол сэдэв нь сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, ялангуяа төрийн албан хаагчдын ёс зүйг чанд сахиулахад чиглэж байлаа.

УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсын Засгийн газраас 2017 оныг сахилга хариуцлагын жил болгон зарласантай холбогдуулан нэг иргэнээсээ эхлээд нийт улсын хэмжээнгд хариуцлагыг эрхэмлэхийн чухлыг тэмдэглэв. Тэрбээр “УИХ энэ асуудалд онцгой анхаарч байгаа. Ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх асуудлыг дээд төвшнөөсөө эхлэн сайжруулж, үлгэрлэх ёстой гэж бид үзэж байна. Ирэх хаврын чуулганаар УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал ч энэ хүрээг хамарч байгаа” гэсэн тайлбарыг өгч байлаа.

Хөдөөгийн иргэд орон нутагт улстөржилтийг багасгах нь нэн чухал байгааг онцолж байна. Бүх шатанд улстөржилтийг хойш тавьж, төр засгаа үймүүлэх, бужигнуулах сонирхлоо орхиж, нэгэн сэтгэлээр нийт улс орныхоо төлөө нэгдэн зүтгэх цаг ирсэн гэдгийг тэд сануулж байв. Тиймээс “Эв нэгдлийн тухай” хууль санаачлан батлуулсан ч болохгүй гэх газаргүй гэж хэлж байна.

Иргэд мал аж ахуй, газар тариаланд түшиглэсэн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрийн дэмжлэг чухал. Дэмжлэг эзэндээ хүрч чадвал бид бэлэн юм нэхэхээс илүү өөрсдөө бүтээх, босгох эрмэлзэл дүүрэн байна гэж онцоллоо.

Түүнчлэн уул уурхайн хайгуул, ашиглалтын лицензийг аймаг, сумын иргэдийн саналыг харгалзахгүйгээр хүч түрэн олгож байгаагаас бэлчээр хомсдож, малчид нутаглах нутаггүй болоход хүрч байгааг Баян сумынхан шүүмжилж байна.

Хөрөнгө санхүүгийн боломж муу байгаа ч УИХ, Засгийн газраас хөдөөгийн иргэдийн боловсрол, эрүүл мэнд, соёлыг дээшлүүлэх, өсвөр үеийг сурч хүмүүжих, өв тэгш бие бялдартай болгон өсгөж хүмүүжүүлэхэд зориулсан бүтээн байгуулалтыг боломжийн хэрээр өрнүүлж байгаад иргэд ам сайтай байна.

Төв аймгийн хэмжээнд 2018 оны улсын төсөвт 230 гаруй тэрбум төгрөгөөр 30 шахам объект барьж байгуулахаар тусгажээ. Түүний нэг нь Баяндэлгэр суманд баригдах Соёл, спортын төв юм. Тус суманд 1968 оноос хойш ийм хэмжээний бүтээн байгуулалт хийгдээгүй тул шинэ байгууламжаа богино хугацаанд, чанартай гүйцэтгэж, ашиглалтад оруулах ажилд сумын иргэд хүртэл оролцоход бэлэн байгаагаа илэрхийлж байв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



Categories
мэдээ нийгэм

Эмэгтэйчүүдийн баяраар хагас нүцгэн жагсаал болно

хагас нүцгэн жагсаал зурган илэрцүүд

Өнгөрсөн жилийн гуравдугаар сарын 8-нд гурван эмэгтэй өөрсдийн эрхээ хамгаалуулахаар Сүхбаатарын талбайд хагас нүцгэн жагссан. Энэ жил Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын дэргэдэх Ээжүүдийн холбооноос “Бидэнд баярлах шалтгаан алга-2” цуглааныг зохион байгуулж хагас нүцгэн жагсах юм байна.

Цуглааны зорилго нь гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, мөнгө хүүлэлт зэргийг таслан зогсооход чиглэх аж. Сүүлийн жилүүдэд өсвөр болон бага насны хүүхдүүдийг хүчирхийлэх хэрэг их гарах болсон. Үүнийг мөн давхар эсэргүүцэж жагсахаар болжээ. Энэ өдрийн цуглаан орой 20.00 цагт хүчирхийлэлд өртөж амь насаа алдсан эмэгтэйчүүдэд болон хүүхдүүдэд зориулж 100 зул өргөснөөр өндөрлөнө.

Categories
мэдээ нийгэм

“Хуулийн хэрэгжилт” нэгдсэн арга хэмжээ эхэллээ

“Хуулийн хэрэгжилт” нэгдсэн арга хэмжээний нээлт, хууль сурталчлах өдөрлөгийг “Хүрээ” мэдээлэл холбооны технологийн дээд сургууль дээр зохион байгууллаа.

Арга хэмжээнд Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс, тус сургуулийн удирдлагууд оролцож оюутнуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөө, арга зүй, хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгсөн байна.

Энэ үеэр оюутан сурагчдад “Нэг л алдвал” баримтат киног үзүүлж, “Зөрчлийн тухай хууль”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”, “Тамхины хяналтын тухай хууль” сургалт мэдээлэл хийж, “Хүрээ” дээд сургуулийн сургалтын алба, оюутан сурагчдаас хуулийн хэрэгжилтийг хангах талаар уриаллаа.

Categories
мэдээ нийгэм

Жижиг дунд бизнест санхүүгийн болон техникийн туслалцаа, зөвлөх үйлчилгээ үзүүлж байна

Европын холбооны Азийн хөрөнгө оруулалтын сангаас санхүүжиж буй Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн удирдах зөвлөлийн хурал өнөөдөр/2018.03.01/ ХХААХҮЯ-ны хурлын танхимд боллоо. Удирдах зөвлөлийн хуралд Европын холбоо, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны төлөөлөл, жижиг, дунд бизнес эрхлэгчид оролцлоо. Европын сэргээн босголт, хөгжлийн банк нь Жижиг, дунд бизнесийг дэмжих санаачилгын хүрээнд Монгол Улсад 2001 оноос санхүүжилт олгох, техникийн туслалцаа үзүүлэх, бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлж, хамтран ажиллаж байна. Тэр дундаа энэхүү Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх хөтөлбөр 2016 оноос хэрэгжиж байгаа бөгөөд манай жижиг, дунд бизнес эрхлэгчдэд 20 сая ам.доллар хүртэлх, 5 жилийн хугацаатай зээлийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас шууд болон Хаан, Хас банкнуудаар дамжуулан олгож байгаа юм.

Удирдах зөвлөлийн хурлаар хөтөлбөрийн 2017 оны тайлан, 2018 оны төлөвлөгөөг хэлэлцсэн юм. Хурлын явцад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Ноолуур хөтөлбөр”, “Үйлдвэржилт 21:100 үндэсний хөтөлбөр”-үүдийг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллах боломжтой талаар Европын холбоо, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөгчидтэй санал бодлоо солилцлоо. Мөн энэ үеэр Эрсдэл хуваалцах санхүүгийн бүтээгдэхүүнийг 2 арилжааны банк, нэг банк бус санхүүгийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаагаа мэдээлсэн.

Европын холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар, хэргийг түр хамаарагч Марко Ферри хэлэхдээ, “Европын сэргээн босголт, хөгжлийн банк Монголын ЖДҮ-ийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд төсөл хөтөлбөрөө чиглүүлж байна. ЖДҮ-үүд санхүүжилт авах хүсэл эрмэлзлэлтэй байдаг ч банкны босгыг тавьж чаддаггүй, үйл ажиллагаа нь жигдрээгүй байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд бид санхүүгийн дэмжлэг, техникийн туслалцаа, зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. Мөн Монголын бүтээгдэхүүнүүдийг европын стандартад нийцүүлэх үүднээс Стандартчлал, хэмжил зүйн газартай хамтран ажиллаж, Стандартчлал, тохирлын үнэлгээний тухай хуулийг шинэчиллээ. Түүнчлэн Гадаад харилцааны яамтай хамтран экспортыг дэмжих чиглэлд төсөл хэрэгжүүлж байна” гэлээ. Мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ирина Кравчинко, “Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зүгээс олон төрлийн санхүүжилтийн хэлбэрийг санал болгодог. Бид өнгөрөгч онд Монголын 10 компанид шууд зээл олгосон. Мөн Хаан банк, Хас банк, Хас лизинг, Транскапитал ББСБ-тай хамтран ЖДҮ-дэд зориулсан зээлийн шугам нээгээд байна. Түүнчлэн эрсдэл хуваалцах санхүүгийн үйлчилгээний хүрээнд нэг зээлийн гэрээ үзэглэсэн” гэв.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас одоогийн байдлаар Монгол Улсад зөвлөх үйлчилгээний чиглэлээр 115 төсөл хэрэгжүүлээд байна. Үүнээс 104 жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд дотоодын зөвлөх, 11 компанид олон улсын зөвлөх үйлчилгээ үзүүлжээ. Тэдгээрийн 53 хувь нь жижиг, 24 хувь нь бичил, 23 хувь нь дунд аж ахуйн нэгжүүд байсан байна. Салбараар нь авч үзвэл хүнс, барилга, эрүүл мэнд, бөөний болон жижиглэн худалдаа, тээвэр зуучлалын компаниуд зонхилж байна. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг сонгон шалгаруулахдаа, үйл ажиллагаа явуулаад 2 ба түүнээс дээш жил болсон, жилийн борлуулалтын орлого нь 50 сая евро, компанийн актив 43 сая евро байх шаардлага тавьж байна. Ийнхүү зөвлөх үйлчилгээ үзүүлснээр эдгээр компанийн борлуулалт дунджаар 55,5 хувиар өсөж, 280 ажлын байр шинээр бий болжээ. Өнөөдөр болсон хурлын үеэр Жүр үр, Хаадын гэр зэрэг зөвлөх үйлчилгээ авсан компаниуд хэрэгжилт, үр дүнгийнхээ талаар танилцуулсан юм. Мөн эдгээр болон бусад компани бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ үзэсгэлэн гаргасан байлаа.

Хаадын гэр ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Батболд, “Манай компани дээр маркетингийн зөвлөх үйлчилгээний баг жил гаруй хугацаанд ажилласан. Үүний үр дүнд ажилчдын тоо 40-50 хувиар, жилийн борлуулалтын орлого 30-40 хувиар нэмэгдсэн. Мөн бүтээгдэхүүний загвар сайжирч, дотоодын зах зээлд илүү танигдсан. Одоо гадаад зах зээл гарахаар төлөвлөж байна хэмээн төслийн үр дүнгийн талаар ярилаа.

Цаашид Европын холбоо, Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх төслөө үргэлжлүүлэн хэрэгжүүлж, дотоодын компаниудад зөвлөх үйлчилгээ үзүүлэх цар хүрээгээ өргөжүүлнэ гэдгээ энэ үеэр мэдэгдсэн. Түүнчлэн Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль эрх зүйн орчныг шинэчилж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг чадавхжуулах төлөвлөгөөтэй байгаагаа Удирдах зөвлөлийн хурлын үеэр мэдээллээ.