Categories
мэдээ цаг-үе

Хүн уураг тархиа 100 хувь ашигладаг

315 мянган жилийн өмнөх homo sapiens хүний тархийг, өнөөдрийн хүний тархитай харьцуулан судлахад хэмжээгээрээ ойролцоо байжээ. Антропологич Симон Небаур 35-100 мянган жилийн тэртээгээс хүний тархи дух хэсгээсээ үл мэдэг хумигдаж эхэлснийг тогтоожээ.

Эрдэмтэд хүний уураг тархийг дахин судалж тархитай холбоотой хуучин мэдээллүүдийг няцаажээ. Альцгеймер буюу тэнэгрэл өвчин нь ихэвчлэн настай хүмүүст илэрдэг өвчин гэж үздэг. Уг өвчний шинж тэмдэг нь 40 наснаас хойш илэрч 70 нас гарснаас хойш гурван хүн тутмын нэг нь альцгеймерт өртдөг гэдэг судалгаа байдаг. Гэтэл хүний тархи хугацаатай, цаг нь болохоор муудаад хэрэггүй болж, эзнээ тэнэг болгодоггүйг судалгаагаар тогтоожээ. Альцгеймер нь цэвэр уураг тархины үйл явцтай холбоотой өвчин биш юм байна. Стресс, бухимдал, амьдралын буруу хэвшил зэрэг нь тархины зарим эд эс, судсыг гэмтээдэг нь ой санамжаа алдах эрсдлийг нэмэгдүүлдэг аж. Хэрэвзээ тархиа хайрлаж, архи, тамхи, эмийн зохисгүй хэрэглээ, стресс бухимдлаа зохицуулж чадвал хүн хичнээн урт наславч уураг тархи нь 45 настай хүнийх шиг цоо эрүүл ажиллах боломжтой юм байна. Настай хүмүүсийн биеийн хөдөлгөөнөөс эхлүүлээд хэл яриа нь удааширч залуу хүнээс болхи болдог. Энэ нь биеийн байдалтай л холбоотой болохоос биш тархи нь ажиллахаа больж, сэтгэх чадвараа алдсан гэж үзэж болохгүйг альцгеймерийн судалгаагаар мэргэшсэн мэргэжилтэн Дэвид Миллер дурдаад “Альцгеймерээс урьдчилан сэргийлэхийн тулд тохиромжтой наснаасаа ууж хэрэглэх эмийг хүмүүст зөвлөх болно. Туршилтын үр дүн өндөр байгаа” гэжээ.

Хүн төрөлхтний хувьд уураг тархитай холбоотой хэвшсэн гэмээр ойлголтууд байдаг. Хүн бүхий л амьдралынхаа туршид тархиныхаа аравхан хувийг ашигладаг бол Эйнштейн мэтийн суутнууд 20 хувийг нь ашигладаг. Хүний тархи хөгшрөх тусам муудаж, мартамхай болж зөнөглөдөг гэцгээдэг.

АНУ-ын тархи судлалын эрдэмтдийн хийсэн судалгаа болон бусад орны эрдэмтдийн сүүлийн үед энэ талаарх хийсэн судалгаанууд өөр зүйлийг өгүүлээд байгаа юм.

Хүний ой санамж 27 наснаас муудаж эхэлдэг гэдэг. 45 нас хүртэл муудахгүй ч ихэнх хүмүүс 20 наснаасаа мэдрэлийн эсүүдээ үхүүлдэг. Хэрвээ мэдрэлийн эсээ үхүүлэхгүй бол альцгеймерийн өвчинд нэрвэгдэнэ гэсэн ойлголт үгүй. Тэглээ ч АНУ-ын эрдэмтдийн шинээр гаргаж байгаа эмийг 45 наснаасаа уувал 70 нас хүрсэн хойноо зөнөглөнө, тэнэгэрнэ гэсэн асуудал байхгүй болж байгаа юм.

Хүний тархи хэвийн ажиллавал 50 хүртэл жил өөрийн нөөц бололцоогоор ажиллах хүчин чадалтай. Биеийн дасгал хөдөлгөөн, спорт нь тархийг хэвийн ажиллахад тусалдаг юм байна. Тогтмол хөдөлгөөн нь тархины эд эсүүдийг сэргээж, хөдөлгөж, хүчилтөрөгч, глюкозын хүртээмжийг сайжруулдаг аж. Насаараа спорт хөөсөн, өндөр настай тамирчид дунд тархины элдэв эмгэг, тархины судасны хатуурал, тэнэгрэл, зөнөгрөл, шизофренитэй хүмүүс бараг байдаггүй нь нотлогджээ.

Тархиа амралтгүй байнга ажиллуулж ачаалал өгч байх тусмаа сэтгэх чадвар нэмэгддэг гэдэг нь худлаа юм байна. Тархийг хамгийн ихээр ядраадаг мэргэжилд нягтлан бодогч, номын санч, жолооч мэргэжлийг оруулдаг аж.

Мөн тархийг хэвийн ажиллахад саад болж, тархины үйл ажиллагааг хямраадаг зан үйл олон бий. Өглөөний цай уухгүй байх нь тархийг тэжээлийн дутагдалд хүргэдэг гэнэ. Түүнчлэн хэтрүүлэн идэх, тамхи татах, чихэртэй зүйл их хэрэглэх, агаарын бохирдол, нойрны дутагдал, толгойгоо хөнжлөөр битүүлж унтах, өвчтэй байхдаа ажиллах эсвэл сурах, бага бодох, ховор ярих нь тархийг үхүүлдэг гэж хэлж болно. Огт юм бодохгүй байх нь тархийг агшааж, хатингаршилд хүргэдэг бол хүнтэй оюунлаг, ухаалаг харилцан яриа өрнүүлэх нь тархины үйл ажиллагааг дэмждэг юм байна.

Хүний уураг тархи

АНУ-ын Вашингтоны их сургуулийн эрдэмтэн багш нар, тэр дундаа доктор Матт Чадлер энгийн хүн уураг тархиныхаа арав хүрэхгүй хувийг ашигладаг гэдгийг эрс эсэргүүцдэг хүмүүсийн нэг.

Сэтгэл судлаач Виллям Жеймс 1908 онд бичсэн “Хүний энерги” зохиолдоо “Хүн оюун ухаан болон хүч чадлынхаа багахан хэсгийг ашигладаг” гэдгийг хэн нэгэн нь тархитай холбоотой хэмээн ойлгоод “Хүн тархиныхаа дөнгөж 10-хан хувийг ашигладаг” гэх буруу ташаа зүйлийг түгээжээ. Гэтэл 1920 онд хулгана дээр туршилт хийж тархинаас нь зарим хэсгийг нь авахад үйлдэл хийж байсан бөгөөд үүнээс үүдэж хүний тархинаас хэсэгхэнийг авсан ч онцын өөрчлөлт гаргахгүй гэдэг номлол олон жил явсан юм. Үүнийг нотлох бодит түүхүүд олон байдаг юм байна. Осол гэмтлээс болж тархиныхаа зарим хэсгийг авахуулсан хүмүүс та бидний дунд ажиллаж хөдөлмөрлөөд явдаг.

Харин шинжлэх ухаан үүнийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд мэс заслын эмч нар тархинд өчүүхэн ч гэмтэл учруулахгүйн тулд маш их болгоомжтой ажилладаг. Хэрвээ ямар нэг алдаа гарвал өвчтөний амь нас хохирч, эсвэл тахир дутуу болох аюултай гэж үздэг. АНУ-д 1990-2000 онд “Уураг тархины арван жил” өрнөж ард иргэдээсээ эхлүүлээд эрдэмтэн мэргэд нь тархи судлал руу анхаарсан байдаг.

Хүн тархиныхаа 10-хан хувийг ашигладаг бол үлдсэн 90-ийг нь гаргаад хаячихаж болдоггүй юм уу. Тэр ашиглагдахгүй байгаа 90 хувь нь хөдөлгөөнгүй, идэвхижилгүй байсаар эргээд сөрөг нөлөө үзүүлэхгүй юу гэсэн олон асуулт олон арван жилийн турш эрдэмтдийг сандаргаж байсан юм. Хүний тархи 1400-1500 грамм гэж үзвэл 10 хувь нь дунджаар 145 грамм болно. Гэтэл хүн тархиныхаа нэг байтугай хувийг л авахуулахад сааждаг. Мэдрэлийн хэдхэн эсээ гэмтээхэд л мэдрэлийн системийн тэнцвэр алдагддаг.

Эйнштейний тархи бусад хүмүүсийнхээс хэмжээний хувьд харьцангуй бага байжээ. Хүн гоц ухаантай байх эсэх нь тархины эсийн хоорондын холбоосоос хамааралтай юм байна. Энэ нь л тухайн хүнийг ер бусын авьяас билигтэй байх эсэхийг шийддэг гэсэн үг. Дэлхийн ихэнх эрдэмтэд хүн тархиныхаа 10-хан хувийг ашигладаг гэдгийг нэгэн дуугаар эсэргүүцдэг бөгөөд “Ийм цуу ярианд итгэхээсээ урьтаад эхлээд тархины багтаамж, хүчин чадлыг бүрэн судлах ёстой.

Гэтэл хүний уураг тархийг өнөөдөр ч гэсэн бүрэн судлаагүй байна” гэжээ. Иймээс хүн уураг тархиа 100 хувь ашиглаад зогсохгүй, байнгын зөв ачаалал өгвөл мөнхийн хөдөлгүүр шиг байх болно гэсэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Г.Машбат: Баяр болгоны дараа бүх нийтээр цөсөө угаадаг болох хэрэгтэй

– МОНГОЛЧУУД ОЮУНЫ БИШ, ХОДООДНЫ БАЯР ХИЙГЭЭД БАЙНА –

“Ачуут гол” уламжлалт анагаах ухааны эмнэлгийн ерөнхий эмч Г.Машбаттай ярилцлаа.


-Сар шинийн баяр болоод, хүн бүр л мах, бууз, салат ихээр идэж, ундаа, архи ууж байна. Энэ нь хэр зохистой хооллолт вэ?

-Сар шинэ бол бэлгэдлийн баяр. Ах дүү найз нөхөд, эмээ өвөө, аав ээж ахан дүүстэйгээ учран золгож, бие биенээ эсэн мэнд, энх тунх сайн явааг хардаг, мэнд усаа мэдэлцдэг уламжлалтай. Гэтэл сүүлийн үед энэ баяр утгаа алдаад байна. Мал аж ахуйтай хөдөө нутгийн нүүдэлчин ард зундаа сүү цагаан идээгээрээ ундаалаад, өвөлдөө идшээ хийгээд, цагаан сараар ууцны мах, буузаа идээд баярлахад тохирдог байсан. Гэтэл биеийн хүчний ажил хийдэггүй, хөдөлгөөн багатай, нэг байшингаас гараад, нөгөө байшинд ороод суучихдаг, ажилдаа машинаар явдаг, ажил дээрээ өдөржин суудаг болсон хотын хүмүүст мах их идэх нь тохирохгүй байна. Тэр тусмаа суурин иргэншлийн хүмүүс сар шинийн баяраар хэт их мах, махан хоол хүнс хэрэглэж байгаа нь биеэ хордуулж буй хэрэг. Бараг гурав, дөрвөн сарын хугацаанд бага багаар авах ёстой уургаа, хоёр гурван өдөрт идчихээр, уургийн илүүдэл үүсээд бие хордож байгаа юм. Монголчуудын хамаг өвчлөл, нас баралт энэ мэт буруу хооллолтоос үүдэлтэй.

-Хоорондоо үл зохицох харшилдаг хүнс гэж бий юу. Халуун хоол идээд, хүйтэн ундаа, айраг уудаг, хоол идээд салат иддэг нь хэр зохимжтой вэ?

-Хоорондоо үл зохицох, шингэхэд бэрх идээ ундаа гэж бий. Сар шинийн баяраар үл зохицох идээ ундаа их хэрэглэж байна. Уламжлалт анагаах ухаанд зөв хооллох арав гаруй зарчим бий. Цагаан сараар энэ зарчмуудыг зөрчиж байна. Мах, бууз нь хүнд хэлбэрийн бүхэл хоолонд орох учраас шингэхэд бэрхтэй идээ ундаа гэж уламжлалт анагаах ухаанд нэрлэдэг. Ходоодны үйл ажиллагааг муутгадаг үндсэн хүчин зүйл гэсэн үг. Мөн үл зохицох хоолнууд ходоодонд ороод найрагдаад, хор болж байгаа юм. Жишээлбэл, халуун бууз идчихээд, араас нь хөргөгчнөөс гаргаж ирсэн хүйтэн зууш салат идэх буруу. Ходоод халуун хоолыг боловсруулж байтал гаднаас хүйтэн салат ходоодонд ороод ирэхээр шингээлтийг бууруулдаг. Хоол ходоодонд удаан шингэхээр агааргүй орчинд илжрэл, ялзрал явагдана. Энэ ялзрал нь цусанд шимэгдэж орно. Халуун хоолны араас, хүйтэн архи, ундаа, айраг уух ч буруу. Халуун хүйтэн ундыг хольж уудаггүй. Мөн идэр залуу хүн зун намрын цагт хонины мах, гүүний айраг уувал хор болно гэж эртнээс хориглодог байсан уламжлалтай. Үүнийг ч одоо мэдэхгүй болсон байна. Сүү цагаан идээ дэлгэрээд ирэхээр монголчууд гүүний саам, тараг сүүний сар гэж үзээд сүү ууж ходоод, цөсөө цэвэрлэдэг байсан юм.

-Махан хоолны араас архи уухаар ходоодонд ямар процесс явагддаг вэ?

-Архи ходоодны хүчлийг ихэсгэнэ. Ингээд улаан хоолой ходоодны салст бүрхүүл асар их гэмтдэг. Халуун хоолны араас архи ууж ходоодыг олон дахин цочроогоод ирэхээр, ходоодонд улайлт шарх, шархлаа үүсэх суурь тавигдаж байна. Энэ мэтээр монголчууд баяр ёслол болгоноор идэж буй хүнсээрээ өөрсдийгөө өвчлүүлээд байх юм. Оюун ухааны, бэлгэдлийн ерөөлөө өргөдөг баярыг ходоодны баяр болгоод байна. Ерөөсөө л олон баяр хийж, баяр болгоноор өвчнийхөө эх үүсвэрийг тавиад байгаа юм. Буруу хооллолт зүрх судас, сахар, элэг цөс гэх мэт бүх төрлийн өвчний эх үүсвэр байдаг.

-Баяр болгоноор өвчлөл үүсдэг нь эмнэлгийн оочер дарааллаас хүртэл мэдэгдэж байгаа юу?

-Цагаан сар, улсын баяр наадам, шинэ жилийн дараа архины, хоолны хордлого ядаргаа, хууч өвчин сэдэрч эмнэлгүүдийн ачааллыг эрс нэмэгдүүлдэг. Уг нь баяр болохоос дайн биш шүү дээ. Гэтэл баяр бүрийн дараа, хордлого гэмтэл, бэртэл, аваар ослын тоо нэмэгддэг. Баярын буруу хооллолт суурь өвчтэй хүмүүсийн хуучийг хөдөлгөдөг. Монголчууд оюун ухааны баяр хийх ёстой байтал ходоодны баяр хийдэг. Ходоодны баяр хийгээд байдаг тул баяр их байх тусам монгол хүний дундаж наслалтыг багасгаж байгаа юм. Ерөөсөө л нас баралтын гол шалтгааны суурийг тавьдаг зүйл бол буруу хооллолт.

-Тэгэхээр сар шинийн баяраар ямар хоол хүнс хэрэглэх нь зохимжтой вэ?

-Цагаан сараар маш бага идэх, өөртөө тааруулж хооллох хэрэгтэй. Халуун хоолны араас хүйтэн зүйл уувал найруулсан хор мэт зүйл болдог гэдгийг сайн санаж байх хэрэгтэй. Адуу, үхэр, хонины махны араас хүйтэн зууш салат, салатны араас барашиг, пиво, архи уух ч бүгд хориотой. Салатны майонез ходоодонд ороод айрагтай холилдохоороо ээдэж аюултай хор болдог юм шүү. Майонез, сүүтэй цай ч ялгаагүй.

-Ингэж буруу хооллочихсон бол дараа нь яаж ходоод гэдсээ эрүүлжүүлэх вэ?

-Нэгдүгээрт Эрүүл мэндийн яам, төрөөс иргэдийг эрүүл мэндийн боловсролтой болгоход онцгой анхаарах хэрэгтэй байна. Өвчин их байгаагаас үүдэлтэй эдийн засгийн хямрал ч их болж байна. Хүмүүсээ эрүүлжүүлээгүй байж улсаа хөгжүүлнэ гэж ярих утгагүй. Эрүүл хүмүүс энэ улсыг хөгжүүлнэ. Иргэд нь эрүүл болоод ирэхээр эдийн засаг ч сайжирна. Хоёрдугаарт, их идсэн баяруудын дараа цөсөө угааж хэвших хэрэгтэй. Улс даяр цөсөө угаадаг өдөртэй болох ёстой юм. 2004 оноос хойш би Эрүүл мэндийн яам, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нарт бүгдэд нь захидал явуулж байсан. Улс даяар цөс угаадаг өдөртэй болгож өгөөч ээ гэж гуйсан юм. Цусаа өгөх өдөр, ДОХ-ын эсрэг өдөр гэдэг шиг цөс угаах өдөртэй болчихвол өвчлөл буурна. Монгол хүн болгон цөс угаах аргад суралцаж, цөсөө угааж заншвал монгол хүний дундаж наслалт гурваас таван жилээр уртасна.

-Цөсөө ямар аргаар угаах вэ?

-Эхлээд заавал эход харуулах шаардлагатай. Чулуутай бол цөс угааж болохгүй. Цөсний чулуу үүсэхээс сэргийлдэг гол арга нь угаах. Цөсөө угаагаад байвал чулуу үүсэхгүй байх 100 хувийн боломжтой гэсэн үг. Цөс угаах олон арга бий. Эмнэлгээс зориулалтын угаах бэлдмэл авч уух, шар сүүгээр угаах, рашаан ууж гүйлгэх гэх мэт. Цөс угаахад гэдэс ходоод бүгд угаагдаж, өөх тосны үлдэгдэл цэвэрлэгддэг. Нүүрээ угаадаг, усанд ордог шигээ тогтмол цөсөө угааж сурах шаардлагатай байна. Улиралдаа дор хаяж нэг хоёр удаа угаана. Баяр болгоны дараа бас угаах хэрэгтэй. Зуны улиралд цагаан идээ идэж ходоод хоол боловсруулах эрхтнээ амраах нь зөв. Энэ уламжлал алдагдсан байна. Дөрвөн улирал мах идээд байгаа нь сахар, зүрх судасны өвчний гол суурь болоод байгаа юм. Идсэн хоол хүнсээ хөдөлгөөн хийж шатааж байх ёстой. Огт шатаахгүй, хөдөлгөөн багатай байгаагаас болоод өвчлөөд байна. Мөн газтай ундаа их ууснаас болж, сахарын өвчин дэлгэрч байгаа.

-Хүмүүс цагаан сараар их мах идсэн одоо мацаг барина гэх юм. Хавар мацаг барьж болдог юм уу?

-Хүйтнээс халуун руу шилждэг завсрын улирал учраас хавар мацаг барьдаггүй. Мөн намар мацаг барихыг ч хорьдог. Настнууд ядарч, хүүхдүүд хүртэл тэжээлээр дутагддаг хатуу үе бол хавар цаг. Тиймээс монголчууд хавардаа борцоо идээд, зундаа сүү цагаан идээгээ идэж цаг улиралдаа тохируулан хооллодог байсан. Өвчнийг уламжлалт ангаах ухаанд эм, засал, идээ ундаа, явдал мөр гэх дөрвөн үндсэн аргаар л эмчилдэг юм. Тэгэхээр эрүүл байхад хоол хүнс маш чухал үүрэгтэй.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ө.Энхтүвшин: ОХУ-аас авах хөнгөлөлттэй зээлээр цахилгаан станцууд болон УБТЗ-ын хүчин чадлыг сайжруулна

Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын 21 дүгээр хуралдаан хоёрдугаар сарын 26-28-ндхуралдаж, Монгол Улсын Шадар сайд, ЗГХК-ын Монголын хэсгийн дарга Ө.ЭнхтүвшинМосква хотоос буцахын өмнө ОХУ-ын Засгийн газрын тэргүүний орлогч А.В.Дворковичтай уулзаж ярилцав. Шадар сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын алба нэгт сайдтай уулзахдаа Монгол, Оросын ЗГХК-ын хуралдаанаар хэлэлцэж тохирсон асуудлууд болон цаашид хэрэгжүүлэх ажлынхаа талаар санал солилцжээ.

Энэ удаагийн ЗГХК-ын хуралдааны үр дүнгийн талаар комиссын Монголын хэсгийн дарга, Шадар сайд Ө.Энхтүвшинтэй ярилцлаа.

-Манай Засгийн газрын зүгээс Монгол, Оросын ЗГХК-ын хуралдаанаас хүлээсэн үр дүнгээ биелүүлэв үү?

-Монголын тал өмнөө тавьсанзорилтуудаа ерөнхийд нь хэрэгжүүлсэн чухал ач холбогдолтой хуралдаан боллоо. Амжилттай алхмууд хийгдсэн, зогсонги, ойлгомжгүй байдалд 20-30 жил болоод байсан асуудлуудад гарц, шийдлийг хамтдаа хайсан хурал болсон гэж дүгнэж болно. Мэдээж хэрэг маргаантай, саналын зөрүүтэй зарим асуудалч бий. Тэдгээрийг бүгдийг нь нэг удаагийн хуралдаанаар шийдэх боломжгүй юм. 21 дүгээр хуралдааныг анх 2017 оны аравдугаар сарын 20-ндявуулахаар төлөвлөсөн боловч товлосон хугацаанд Монгол Улсын Засгийн газар шинээр байгуулагдаад удаагүй буюу ердөө нэг хонож байсан учир хуралдааны бэлтгэл ажлыг сайтар хангахын тулд түр хойшлуулсан. Аливаа яриа хэлэлцээ, хуралдааны үр дүн бэлтгэл ажлаас шууд хамаардаг шүү дээ. Тиймээс бид хуралдааны бэлтгэлд түлхүү анхаарсан, тэр хэрээр сайн базаасан гэж үзэж байна. Энэ удаагийн ЗГХК-ын хуралдаанд Монголын талаас гурван сайд, таван яамны дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нар оролцсон өргөн бүрэлдэхүүнийг Оросын тал ажил хэрэгчээр хүлээж авсан. ЗГХК-ын нэгдсэн хуралдааны өмнөгурав, дөрвөн жил хуралдаагүй байсан Дэд комиссууд ширээний ард сууж байр сууриа нэгтгэж чадсан. Монгол Улсын ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нар ОХУ-ын Засгийн газрын сайдуудтай хийсэн хоёр талын уулзалтууд амжилттай болсон. ЗГХК-ын Ажлын хэсгүүд, шинжээчдийн баг маш сайн ажилласныг онцлох нь зүйтэй. Дэд комиссууд, Ажлын хэсгүүд дээр ярилцаж тохирсон асуудлаа хоёр тал ЗГХК-ын төгсгөлийн баримт бичиг протоколд тусгаж, гарын үсэг зурлаа.

-Оросын Засгийн газар Монгол Улсад хөнгөлөлттэй зээл олгохоо илэрхийлээд байна. ЗГХК зээлийг ямар салбар, төсөлд зарцуулахаар тохирсон бэ?

-Монгол Улсын Засгийн газар зээлийг эрчим хүч, төмөр замын салбарт авах сонирхолтой байгаагаа комиссын хуралдааны үеэр илэрхийлсэн. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээрМонгол Улсын Засгийн газар дорвитой арга хэмжээ авах хүрээнд тус хөнгөлөлттэй зээлийг III цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх, IV цахилгаан станцын 1-4 дүгээр трубиныг шинэчлэх, түүнчлэн ОХУ-аас авах зээлийн тодорхой хэсгийг УБТЗ-ын үндсэн сүлжээг сайжруулж, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байна.

-Зээлийн хэмжээ тодорхой болсон уу. Та дөнгөж сая ОХУ-ын Шадар сайд А.В.Дворковичтай уулзахдаа зээлийн хэмжээг сонирхов уу?

-Зээлийн хэмжээний талаар ярихад хараахан эртэднэ. Хоёр талсудалгаа хийх шаардлагатай учир одоогоор зээлийн хэмжээ тодорхой бус байна. Манай Засгийн газрын ОУВС-тай хийсэн санхүүжилтийн хөтөлбөр, өрийн босго, нөхцөл, хугацаа зэрэг асуудал дээр хоёр улсын Сангийн яам хамтарсан судалгаа хийхээр тохиролцлоо.

-ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны тоог 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн 500-д хүргэхээр боллоо. Ямар мэргэжлээр суралцагчдыг нэмэх бол?

-ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад нэг жилд элсэн суралцах монгол оюутны тоо 500 болж байгаатай холбогдуулан Оросын тал юуны өмнө суралцуулахаар илгээх оюутнуудын орос хэлний мэдлэгт онцгой анхаарал хандуулах хэрэгтэйг хэлж байна. Манай зүгээс Монгол Улсад нэн шаардлагатай байгаа байгалийн шинжлэл, инженер, технологи, хөдөө аж ахуйн нарийн мэргэжилтнүүдийг ОХУ-д бэлтгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Энэ удаагийн ЗГХК-ын хуралдааны үеэр шинжлэх ухааны салбарт хийгдсэн өөр нэг алхам бол Монгол Улсад Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулахад хамтран ажиллах тухай Монгол Улсын Цөмийн энергийн комисс, ОХУ-ын атомын энергийн “Росатом” улсын корпораци хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан явдал байлаа. Энэ нь хоёр тал хамтарч судалгааны ажлаа үргэлжлүүлэх агуулгатай баримт бичиг юм.

-Монгол Улс дахь ОХУ-ын үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ямар нэг шийдэл гарсан уу?

-Монгол Улсын нутаг дэвсгэрт буй Оросын үл хөдлөх хөрөнгө, түүний бүртгэл, гэрчилгээтэй холбоотой асуудал бараг 30 гаруй жил яригдаж шийдлээ хүлээж байна. Энэ асуудлыг шийдвэрлэх гарцыг олсон гэж ойлгож болно. Тиймээс одоо ажил хэрэг болгох үлдлээ. Өнгөрсөн онд Улаанбаатар хотноо хамтарсан ажлын хэсгийн уулзалт болж, шинжээчдийн түвшинд холбогдох гэрээ хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулж Засгийн газар хооронд солилцох ноотны төслийг Оросын талтай эцэслэн тохиролцсон. Монголын тал энэ асуудлыг хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрт заасан зарчмын дагуу шийдэх болно.

-Монгол, Оросын худалдааны эргэлт 1.3 тэрбум ам.доллараар хэмжигдэх болсон ч үүний гуравхан хувийг Монголын экспорт эзэлж байна. ОХУ руу гаргах экспортоо нэмэгдүүлэх ямар боломж манайд байна вэ?

-1.3 тэрбум доллар гэдэг маань зөвхөн 2017 оны үзүүлэлт шүү дээ. Өсөн нэмэгдэж байгаа энэ эргэлтэд харамсалтай нь Монголын экспорт дөнгөж гуравхан хувийг эзэлж байгаагаас харахад худалдааны тэнцвэрт байдал асар ихээр алдагдсан гэдгийг зөвхөн Монгол төдийгүй Оросын тал ч тэмдэглэсэн. Монгол Улс ОХУ-д мах, махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, арьс шир зэрэг уламжлалт бүтээгдэхүүнээ нийлүүлж экспортоо нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Боломж бол бий. Үүний тулд хоёр асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Нэгдүгээрт, малын өвчлөлийг бууруулах. Бид ОХУ-аас малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 7.2 сая тун вакцин авахаар ярьж тохирлоо. Вакцины хэмжээг цаашид нэмэгдүүлэх боломжийг ч судалж байна. Хоёрдугаарт, Евро-Азийн эдийг засгийн холбооноос дэмжлэг авах. Тус холбоонд ОХУ-аас гадна Армен, Беларусь, Казахстан, Киргиз улс багтдаг. 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн шинэ журмын дагуу ОХУ-д экспорт хийхийн тулд бид ОХУ-аас гадна тус холбооны гишүүн орнуудын дэмжлэгийг авах шаардлагатай болсон.

-Монгол Улс ЕАЭЗХ-той чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахад Оросын лобби хүчтэй дэмжлэг болох нь гарцаагүй?

-ОХУ-ын Засгийн газрын Шадар сайд А.В.Дворковичтай уулзахдаа Евро-Азийн эдийн засгийн холбооны Чөлөөт худалдааны хэлэлцээрт элсэн орох Монгол Улсын хүсэлтийг дэмжиж, бусад гишүүн орны шийдвэрт нөлөөлж өгөхийг хүсэж байгаагаа дахин хэллээ. А.В.Дворкович Оросын тал дэмжих боломжтой гэдгийг албан ёсоор илэрхийлсэн. Энэ асуудал өмнөх Засгийн газрын үед ч мөн яригдаж байсан. Нааштайгаар шийдвэрлэгдвэл Монгол, Оросын худалдааны эргэлт, тэр дундаа манай экспортыг нэмэгдүүлэх онцгой ач тустай.

-“Эрдэнэт үйлдвэр” дэх хувь эзэмшлээ шилжүүлснээр ОХУ-ын Монгол дахь томоохон хөрөнгө оруулалтын хэмжээ эрс буурсан. Оросын бизнес эрхлэгчдийн хувьд Монголын ямар салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байгаа бол?

-ОХУ-аас Монгол Улс дахь хөрөнгө оруулалтын хэмжээ багасаж буй нь мэдээж эерэг сэтгэгдэл төрүүлэх үзүүлэлт биш. Тиймээс Оросын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тал дээр санаачилгатай ажиллах шаардлагатайг хоёр тал хоёул илэрхийлж байгаа. Тэд манай аль салбарт хөрөнгө оруулахаар сонирхох нь чиглэл чиглэлийн яриа хэлэлцээний шатанд цаашид тодорхой болно.

Categories
мэдээ нийгэм

“ХҮМҮҮСТ АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” сайн дурын аянд Та ч бас нэгдээрэй

Өнөөдөр буюу 2018 оны 3-р сарын 2 нд “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-ийн байранд “Цусаа бэлэглэе өдөрлөг” амжилттай зохион байгуулагдаж, хүндэт доноруудаа алдаршуулах арга хэмжээ болж өнгөрлөө.

Тус арга хэмжээг банк, санхүүгийн зах зээлд тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банк, Монголын сагсан бөмбөгийн холбоо, Багш нарын холбоодууд Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгуулсан юм.

ХХБанкны хувьд эрдэнэт хүний амь насыг аврах эцсийн найдвар болсон цусаа хандивлах үйлст хувь нэмрээ оруулж, авлагагүй сайн дурын цусны донорын эгнээг өргөжүүлэх, хүмүүнлэгийн үйлсийг олон нийтэд сурталчилан уриалах зорилгоор энэхүү арга хэмжээнд нэгдсэн ба хүний амь аврахын төлөө тогтмол цусаа хандивладаг, буянт доноруудыг урамшуулж, банкныхаа гарын бэлгийг бэлэглэж, нийгэмдээ ээлтэй сайн үйлсийн аянд манлайлан оролцлоо.

Аливаа улсын хүн амын 3-5% нь цусны донор байхад улсынхаа цусны хэрэгцээг хангаж чадна гэж үздэг бөгөөд манай улсын хувьд энэхүү хэмжээ нь 1.8 хувьтай байгаа нь хангалтгүй үзүүлэлт тул ХХБ-ны зүгээс нийт харилцагчид, бизнесийн хамтрагчид, банк санхүүгийн зах зээлд мөр зэрэгцэн зүтгэдэг банк, санхүүгийн байгууллагуудыг хамт олноороо цусаа хандивлах үйлст нэгдэхийг уриалж байна. Таны нэг удаа өгсөн цус нь үхэлтэй тэмцэж буй 3-н хүний амь насыг авардаг тул Та ч бас нэгдээрэй.

Categories
мэдээ нийгэм

Агаарын такси хэрэглээнд нэвтрүүлнэ

gadaad

“Boeing” компани нисдэг таксины анхны загварыг танилцуулжээ. Тус компанийн зүгээс агаарын такси удахгүй хэрэглээнд нэвтэрнэ хэмээн онцолжээ. Мөн ойрын арван жилийн хугацаанд өөрөө удирдлагатай агаарын таксиг хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгааг тус компанийн удирдлагууд мэдээлсэн байна. Гэвч агаарын таксиг хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд агаарын замын хөдөлгөөний асуудал хөндөгдөх тул үүнд тохирсон шинэ дүрэм, аюулгүй байдлын журмыг зохицуулах шаардлагатайг мэргэжилтнүүд онцолсон байна.

Categories
мэдээ нийгэм

Ашиглалтын шаардлага хангахгүй 173 том оврын автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнээс хаслаа

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас Улаанбаатар хотын агаарыг бохирдуулагч эх үүсвэрүүдэд хяналт шалгалт явуулж байна. Хяналт шалгалтын явцад нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд нь 2005 онд үйлдвэрлэгдсэн том оврын автобусуудыг үйлчилгээнд ашиглаж, автотээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт, шаардлагыг хангахгүй байгаа зөрчил илэрлээ.

Нийслэлийн Тээврийн газрын “Бүртгэлийн сан”-д бүртгэлтэй, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний 15 аж ахуйн нэгжийн 173 их багтаамжийн автобус нь “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага” MNS5012:2011 улсын стандартын 7.4 /Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд үйлдвэрлэснээс хойш 12-оос дээш жил ашигласан тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглоно./-т заасан шаардлагыг хангаагүй байна. Тус автобусууд үйлдвэрлэгдсэнээс хойш 13 жил ашиглагдсан тул нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглахыг зогсоох тухай улсын ахлах байцаагчийн акт гаргалаа.

Улсын ахлах байцаагчийн актыг хэрэгжүүлж, автобусуудыг “Бүртгэлийн сан”-гаас хасч, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглахыг зогсоох талаар Нийслэлийн Тээврийн газарт, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар Замын Цагдаагийн албанд албан бичиг тус тус хүргүүлсэн бөгөөд холбогдох арга хэмжээг авч ажилласан талаар дээрх байгууллагуудаас хариу ирүүлж, хамтран ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

“Мөсний баяр”-т очиж буй иргэдийг зөвшөөрөгдсөн маршрутаар зорчихыг анхааруулав

Холбоотой Зураг

Жил бүр болдог Хөвсгөлийн мөсний баяр болж байна. Энэхүү баяр нь олон аялагч, жуулчдын анхаарлыг татдаг билээ. Үүнтэй холбоотой холбогдох албанаас иргэдийг Хөвсгөл нууран дээгүүр болгоомжтой зорчихыг анхаарууллаа. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл нуурын мөс хангалттай хөлдсөн байна. Гэвч маш нимгэн хөлддөг өрх гардаг газрууд байдаг тул “Мөсний баяр”-т очиж буй иргэдийг зөвшөөрөгдсөн маршрутаар зорчихыг зохион байгуулах комиссоос анхааруулав.

Тус аймгийн хууль хяналтын байгууллагын болон холбогдох албаныхан иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс зорчих боломжгүй газруудад тусгай тэмдэг, тэмдэглэгээ тавин ажиллаж буй аж. Баяр тэмдэглэж буй газарт мөсний зузаан 1.8 м хөлдсөнийг хэмжилтээр тогтоожээ. Өмнөх жилүүдэд хамгийн зузаан нь 1.2 м хөлддөг байсан бол энэ жил олон жилийн дунджаас 40-50 см-ээр зузаан байгаа аж.

Categories
мэдээ спорт

Лэйкэрсийн шинэ цэрэг Азьяа Томас багаа ялалтад хөтлөв

Лос Анжелес Лэйкерс Миами Хитийн талбайд зочлон тоглов. Тус тоглолтод Лэйкэрсийн шинэ цэрэг Азьяа Томас 29 оноо, 6 о.дам, 4 самбараас бөмбөг авалт авч зургаан холын зайн шидэлт амжилттай болгосон. Харин Жулиус Рэндл 25 оноо, 6 самбараас бөмбөг авалтаар тусаллаа. Харин талбайн эздээс Двэйн Вэйд 25 оноо авч багаа тэргүүлсэн юм.

Тоглолтонд Лос Анжелес Лэйкерс 131-113 харьцаатайгаар Миами Хит багийг талбайд нь 18 онооны зөрүүтэй буулган авлаа. Тэд бүх оддын тоглолтоос хойш 4-0 амжилттай байна.

Лос Анжелос Лэйкэрс

Азьяа Томас – 29 оноо, 6 о.дам, 4 самбар 11-20 довтолгоо 6-11 холын шидэлт
Жулиус Рэндл – 25 оноо 6 самбар 2 о.дам 8-13 довтолгоо.
Брэндон Инграм – 19 оноо 5 самбар 5 о.дам 8-14 довтолгоо
Кайл Кузма – 16 оноо 6 самбар 2 о.дам
Кентавиус Поп – 18 оноо 4 самбар
Лонзо Бол – 8 оноо 6 самбар 7 о.дам 6 б.тас

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ спорт

Манчестер сити премьер лигийг тэргүүлж байна

Leroy Sane celebrates goal for Manchester CityАнглийн премьер лигийн 28 дугаар тойргийн сүүлийн тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Лигийг тэргүүлэгч Манчестер сити “Этихад” цэнгэлдэхдээ Лондоны Арсеналыг хшлээн авч 3:0-ээр ялалт байгууллаа.

Тоглолтын 9 дэх минутанд Манчестер ситигээс Бернардо Силва гоолдож багтаа тэргүүлэл авчирсан бол 28 дахь хоромд Испани хагас хамгаалагч Давид Силва гоол оруулж багийнхаа тэргүүллийг баталгаажуулсан. Лигийг тэрүүлэгчдийн гоол үүгээр дуусаагүй бөгөөд 33 дахь минтанд Ларе Сане багийнхаа гурав дахь гоолыг бүртгүүлсэн юм. Нэгдүгээр үед гурван гоол оруулсан Манчестер сити шийдвэрлэх үед ноцтой алдаа гаргалгүй тоглолтыг өндөрлүүлж 75 дахь оноогоо халааслажээ. Тэдний Манчестер Юнайтед 59 оноотой нэхэж байна.

О.ДАШНЯМ


Categories
мэдээ улс-төр

Энэ онд сургууль цэцэрлэгүүдийг барих болон өргөтгөхөд 73.5 тэрбум төгрөг зарцуулна

ЗурагУИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр намрын чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг байнгын хорооны гол анхаарлын төвд цэцэрлэг сургуулиудын өмнө тулгамдаж буй асуудлууд байнга байсаар ирснийг тэмдэглээд “Энэ оны төсвийг батлалцахдаа боловсролын салбарыг хөгжлийг дэмжсэн хөрөнгийг илүүтэй суулгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, сургууль цэцэрлэгийг шинээр барих болон өргөтгөхөд 73.5 тэрбум төгрөг суулгаснаас 86 цэцэрлэг 29 сургуулийг шинээр барьж, 16 цэцэрлэгийг өргөтгөхөөр болсон. Хамгийн гол нь гурван ээлжээр хичээллэж буй явдлыг таслан зогсооход анхаарч ажиллаж байна” хэмээв. Харин УИХ-ын гишүүн Н.Учралхэлэхдээ, “Залуучуудын хөгжлийн тухай хууль энэ оноос хэрэгжиж байгаа ба энэ хүрээнд нийт 21 эрх зүйн баримт бичгийг боловсруулан гаргах ёстой. Энэ чиглэлд анхаарал хандуулж ажиллаж байна. Одоогийн байдлаар нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт Залуучуудын хөгжлийг дэмжих төвүүд байгуулагдлаа. Тэдгээр төвүүд ажиллаж эхэлснээр залууст хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, боловсрол зэрэг таван төрлийн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ цаашид гарааны бизнес дэмжих үйл ажиллагаа үзүүлдэг болно. Мөн шинэ санаа санаачилгад хөрөнгө оруулдаг болох, гарааны компаниудад шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх, тэдгээрийн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг ажлыг хийж байна” гэв.

УИХ-ын гишүүн Д.Гантулга намрын чуулганы хугацаанд баталсан Донорын тухай хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн бөгөөд хууль батлагдсанаар үүдэл эсний банк байгуулсан. Ингэснээр цусны хавдар, чихрийн шижин, цус багадалт, удамшлын зэрэг 280 гаруй өвчнийг эмчлэх боломж бүрдсэн. Нөгөөтэйгүүр эс эд эрхтний сурталчилгаа хийхийг хориглосноор энэ төрлийн наймаанаас сэргийлж чадсан. Түүнчлэн хүүхдийг донор болгох ганцхан заалт туссан ба хүүхдийн ясны хэм, чөмөг эргэн төлждөг тул донор болгож болохоор заасан. Тодруулбал, хүүхдээс ясны хэм, чөмөг, хүйн цус авахдаа 14 хүртэлх настай бол эцэг эх, асран хамгаалагчийн, 14-өөс дээш настай бол өөрийнх нь болон эцэг эхийн зөвшөөрлийг бичгээр урьдчилан авахаар тусгасан” гэлээ.

Тус өнгөрсөн хугацаанд байнгын хороо 16 удаа хуралдаж, 11 хууль, УИХ-ын таван тогтоол, байнгын хорооны 10 тогтоол, хяналт шалгалтын дөрвөн тайлан болон бусад асуудлыг хэлэлцсэн бөгөөд хууль тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг 57 удаа хуралдуулсан аж.