Categories
мэдээ нийгэм

“Манай хороо-Миний гудамж” аянд идэвхтэй оролцохыг уриалж байна

2018 оныг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/44 тушаалаар “Манай хороо-Миний гудамж” аяныг зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүн, удирдамж, үйл ажиллагааны зардлыг тус тус баталсан билээ.

Энэхүү аян нь 2018 оны гуравдугаар сарын 1-нээс ирэх аравдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд ерөнхий зохион байгуулагчаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, хамтран зохион байгуулагчаар Нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Нийслэлийн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар оролцож байна. Аянд нийслэлийн 9 дүүрэг, 152 хороо, хотод үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, айл өрх, хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд хамрагдах юм. Дүүргийн дэд ажлын хэсгээс иргэдийн амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тохилог орчинг бий болгосон байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд удирдамжийн дагуу “САЙН” тусгай тэмдэглэгээ, орчноо тохижуулаагүй дэд ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд “МУУ” тусгай тэмдэглэгээг олон нийтэд ил харагдах газарт нааж ажиллах юм.

Аяны хүрээнд:

  1. Шилдэг тохижилттой дүүрэг 1, 2, 3-р байр
  2. Шилдэг тохижилттой байгууллага, аж ахуйн нэгж /орон сууцны хороо/ 1, 2, 3-р, байр тусай 5
  3. Шилдэг тохижилттой байгууллага, аж ахуйн нэгж /гэр хороо/ 1, 2, 3-р, тусгай байр 5 байгууллага
  4. Шилдэг тохижилттой хороо /орон сууцны хороо/ 1, 2, 3-р, тусгай байр 3 байгууллага
  5. Шилдэг тохижилттой хороо /гэр хороо/ 1, 2, 3-р, тусгай байр 3 хороо
  6. Шилдэг тохижилттой өрх /гэр хороо/ 1, 2, 3-р, тусгай байр 3 хороо
  7. Шилдэг хог хаягдлын үйлчилгээний байгууллага 1, 2, 3-р, 100 өрхөд жимсний мод гэсэн үзүүлэлтээр шалгаруулан байр эзлүүлж, мөнгөн шагнал, гадаадад аялах эрхийн бичиг, жимсний модоор урамшуулан шагнах юм. Шагналыг Нийслэлийн 379 жилийн ойн баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хөтөлбөрийн хүрээнд гардуулна.

Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, айл өрхийг энэхүү аянд идэвхитэй оролцохыг уриалж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.



Categories
мэдээ цаг-үе

Цоодолын Хулан: “Хулангийн үдэш” маань эв нэгдлийн баяр юм

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Ерөнхийлөгчийн Шашин, соёлын бодлого хариуцсан зөвлөх, “Болор цом”-ын хошой тэргүүн шагналт яруу найрагч Цоодолын Хулантай уулзаж ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх гэдэг, их завгүй ажил алба эрхэлдэг бололтой юм байна. “Хулангийн үдэш” уран бүтээлийн цэнгүүнээ тэр их ажлынхаа хажуугаар олон түмэндээ толилуулах гэж байгаа гэл үү?

-Хүний хийж байгаа ажил өөрийнх нь дадлага туршлага, эзэмшсэн мэдлэг боловсрол, итгэл үнэмшлийн голдрил сувгаар урсаж байвал үр бүтээлтэй. Хийе хэрэгжүүлье гэж зорьж байсан, битүүхэндээ зовж шаналдаг үйлс зорилго маань энэ улс төрийн албан тушаалтай хувь заяаны эрхээр холбоотой болчихлоо л доо, нэг үгээр хэлбэл би “тогоондоо” л байгаа. Гагцхүү, өргөн “фронтоор” л харах, ажиллах ёстой болдог юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгч бол бүх ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч. Өнөөдөр бүх ард түмний эв нэгдэл хангалттай биш байна гэвэл олон хүн үгүй гэхгүй ээ. Оюун санааны эв нэгдэл, эх хэлний нэгдмэл байдал, өв соёл, түүх, язгуур уламжлалаа ойлгох ард иргэдийн оюун боловсролд нэлээд их өөрчлөлт гарчээ. Яагаад гэхээр бид ардчиллын гэх он жилд, гадаадаас хараат болж, урхинд нь толгойгоо шургуулаад өгчихсөн улс төрийн намуудын золиос болсоор ирж. Гадаадын зээл тусламжийн өгөөшинд хүн ардынхаа боловсрол, үндсэрхэг хөрс, сэтгэлгээний уламжлалыг хөсөр хаяж өгч, “тархи угаалт”-ын үзэл суртал, даяаршил нэрт золбиншлын элементүүдийг тээвэрлэн оруулж иржээ. Айлуудын хойморт зурагтаар хүчирхийлэл, садар самуун, дон адыг сурталчлан дэлгэрүүлсэн кино сэлт өдөр шөнөгүй гарч байгаа нь л гэхэд үүний нэг илрэл. Яриа, бичгийн эх хэлээ иргэд тэр бүр дээдлэхгүй байгааг цахимаас харж болно. Үндэсний брэндүүд бий болж байгаа ч сэтгэлгээний хэв маяг харьжиж байна. Боловсролын нэгдсэн хөтөлбөргүйгээ ярьсаар хоёр арваныг үдлээ. Нэг л их уул уурхай, мөнгө, улс төр гэж хэрэлдсээр эдийн засгийн салбартаа төдийгүй, оюун санааны хагарал, хоосролд ортлоо хохирчээ. Капиталын баялгаар биш, оюун санааны байдлаар хүмүүсийг давхраажуулах гэж үзвэл, мэдэмхийрч хийрхсэн нэг хэсэг, эвлэрэн дагалдсан нэг хэсэг, бүр юм бүхнийг, хүн бүрийг үгүйсгэдэг зэрлэгшсэн нэг зузаахан давхарга Монголд бий болоо юу даа. Учиргүй баяжсан, яавал яаг эд нар гэсэн үл тоогсод ч байна. Үүссэн энэ хар ангалын ан цавыг нь яаж нийлүүлж, монгол хүн бие биенээ хүндэлдэг, Монголын төр иргэнээ дээдэлдэг, иргэн нь төрдөө итгэдэг үнэмшдэг болгох вэ. Соёл, шашныхаа салбарыг маш түлхүү дэмжих ёстой. Ходоод хонхолзож байсан үедээ ч монгол хүн ёсоо дээдэлдэг, төрлөө таньдаг байсан түүхтэй шүү. Энэ салбар бол юун уул уурхай, тэрнээс чинь хэд дахин нандин, алдаж асгаж болохгүй үнэт зүйл юм. Энэ ажлынхаа завсраар дөрөв дэх удаа болох гэж буй “Хулангийн үдэш”-ээ дөрвөн жил завсарласны эцэст энэ сарын 6-ны өдөр 16 цагаас Соёлын төв өргөөнд хийхээр төлөвлөөд байна. Яруу найраг бол тэр чигээрээ үзэл санаа, тэгэхээр “зөвлөх” Хулангийн үндсэн ажлын нэгээхэн хэсэг гэж ойлгож ч болно.

-Төрийн ордонд болсон Соёл урлагийн ажилтнуудын зөвлөгөөн дээр Ерөнхийлөгч Х.Баттулгын илгээлт нийгэмд нэлээд хүрсэн. Соёл урлагийн салбар бол зөвхөн соёл урлагийн салбар биш. Энэ бол үндэстний дархлаа, аюулгүйн баталгаа, нийт хүн амын соёл, боловсрол,монгол ёс жудгаа дээдлэх гэх мэт өргөн хүрээнд авч үзэх сайн илгээлт болсон байсан. Мэдээж та энэ илгээлтийг бичилцсэн байх?

-Соёл, шашны бодлого гэхээр олон л зүйл багтана. Соёл гэхэд соёл урлагийн тайз ч гэх юм уу хязгаарлагдахгүй. Монголчуудын олон зуун мянган жилд бүтээж бий болгосон өв уламжлал, ёс заншил, харилцааны дадлуудаа мартлаа. Ахмад настнаа хүндэтгэх, өөрөөсөө дүү хүмүүст ээл элбэрлээ үзүүлж үг хэлэх сургах гээд он цагийн хэлхээст гажиж мартагдсан зүйлс маань ч яах аргагүй соёл шүү дээ. Улс төрийн албан тушаалтан худлаа хэлэхгүй байх, УИХ-ын гишүүн хэлсэн үгийнхээ төлөө, хийсэн гэмт хэргийнхээ төлөө хариуцлага хүлээх бол бүүр том соёл. Энэ олон соёл юунаас бий болдог вэ гэхээр сэтгэлийн соёл, сэтгэлийн боловсролоос шалтгаална. Гучаад жилийн өмнө хаалттай нийгмээс гарч ирэхдээ хүн бүхэн дэлхий рүү чиглэж, гадаад соёл, шашин, боловсрол руу хошуурдаг болсон. Гадаад явж гаатай бохь зажлахыг, дэлхийн хүн төрөлхтөний сайн муу хөгжлийг оруулаад ирвэл болчихно, зуунтайгаа мөр зэрэгцэнэ гэж боддог байлаа. Гэтэл өнөөдөр монголчууд дэлхийн масс соёлын интервенци буюу дэлхийн ахуйн соёлын түрэмгийлэлд хэтэрхий их автсан байна. Эргээд бид гадагшаа сагах биш дотогшоо хумих руу тэмүүлэх нь чухал болсон харагдах юм. Оросын нэрт найруулагч Никита Михальков “Созерцание более важна, чем деятельность” гэж хэлснийг би орчуулах гэж бодоод л явсан юм. “Таран үймэх биш хуран үйлдэх нь илүү чухал” гэсэн санаа юм л даа. Сэтгэлээ яаж алдчихгүй тогтоох вэ, шуналаас яаж татаж авах вэ, мэдээллийн их урсгалд яаж сэтгэлээ живүүлчихгүй байх вэ, дэлхий нийтийг нөмөрчихсөн масс соёлд яавал үндэстнээрээ живэхгүй байх вэ гэсэн асуудал өмнө тулгарч байна. Монгол үндэстэн өөрийгөө авч үлдэх үү гэдэг түүхэн сонголтод тулсан энэ үед, үүний төлөө явах ёстой гэсэн санаа Ерөнхийлөгчийн илгээлтэд шингэсэн байсан.

-Анхны “Хулангийн үдэш” 2007 онд болж байсан. Улсын цирк үзэгчдээр битүү дүүрэн, хоёр цагийн арга хэмжээ таван цаг болтлоо үргэлжилж байлаа. “Хулангийн үдэш”-үүд өөрийн гэсэн онцлогтой байдаг. Тэр нь юу вэ гэвэл хамгийн олон төрийн тэргүүн, УИХ-ын дарга нар зэрэгцээд цэцэг барьж, суудал эзэлж олон цагаар сууж шүлэг, үзэл бодол, шүлэг сонсдог. “Хулангийн үдэш” утга зохиолд үзэгдэл шиг болсон. 2007, 2009, 2013 онд сонгуулийн өмнө сэхээтнүүд улс төрийн чиг баримжаагаа авах гэж ирдэг наадам болсон. Хамгийн гол улстөржиж намжих биш монголчуудын улс төрийн эв эеийг бэлгэдэж тухайн үед идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан улс төрийн 15 намын төлөөлөл зөвхөн “Хулангийн үдэш” дээр нэгдэж цугларч байсныг би санаж байна?

-Тийм ээ, “Хулангийн үдэш” бол эв нэгдлийн баяр юм. Яагаад эв эеийн баяр байдаг вэ гэхээр “Хулангийн үдэш” улс үндэстнээ үгийн цэц урнаар хүмүүжүүлэх ёстой үнэн үгт яруу найрагчдыг тайзнаа урьж гаргадаг цорын ганц баяр наадам болж хувирсан. Энэ бол ганцхан Хулангийн үдэш биш нийт яруу найрагчдын баяр болсон. Мөнгөн санчигтай буурал яруу найрагчдын хэлдэг үгийг тоодог хүн өнөө байхгүй болох вий гэхээс би айдаг. Монголчуудыг яруу найрагт дуртай л ард түмэн гэдэг. Гэтэл дараа үе минь тийм байж чадаж байна уу, үгүй юу. Хэтэрхийеэ үлэмж тансаг эх хэлээ мэдэхээ байчихсан, зөв бичгийн дүрмийг мартчихсан энэ хүүхдүүд маань шүлэг уншиж гэмээнэ уншсанаа ойлгож чадаж байна уу, үгүй юу. Томчууд хүртэл эх хэлээрээ яриад байгаа хэрнээ хоорондоо хараал тавиад, ойлголцохоо больсон. Цахим ертөнцөд нэгнийгээ ямар муухайгаар бичиж байна вэ. Монголчууд л хоорондоо эвлэж амьдрахгүй бол болохоо байчихсан энэ үед “Хулангийн үдэш” монголчуудынхаа эв нэгдлийн төлөө дуугарах өчүүхэн уриа нь байх болно. Тэнгэр дуугарах шиг сүртэй биш ч, огт дуугарахгүйгээс дээр шүү дээ.

-“Хулангийн үдэш”-т олон жил хэвтэрт байсан төрийн шагналт зохиолч, яруу найрагч Пүрэвжавын Пүрэвсүрэнг тэргэнцэртэй авчран уншигчидтай нь уулзуулж байсан уярам түүх бий. Энэ жил П.Бадарч гуайн лагшин жаахан ядранги л байгаа байх. Буурал найрагчдаас хэн хэн шүлгээ унших вэ?

-Монголын утга зохиолд гарзтай хүнд хэцүү жил тохиолоо. Үгсийн цэцэрлэгт бүтээж туурвиж явсан олон сайхан зохиолч, яруу найрагчид маань нарт хорвоог орхилоо. Соёлын гавьяат зүтгэлтэн Санжийн Пүрэв зохиолч маань бурхны оронд одлоо. Их гүүш Хасбаатарын Мэргэн ах минь тэнгэрт одчихлоо. Зохиолч Х.Зандраабайды хэвтэрт, ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуай маань дээр доор л байна. П.Бадарч гуай маань нэлээд хүнд хоёр жилийг ардаа орхилоо. Нэрт шог зохиолч И.Цэрэнжамц гуай маань хоёр хөлөө тайруулчихсан, агуу их шог зохиолч маш шог амьдралыг туулж байна. Монголын хошин урлагийн төрөл ерээд онд И.Цэрэнжамц, Ж.Барамсай нарын зохиол туурвил дээр боссон. Тиймээс манай хошин урлагийн алдартнууд нэг юм бодож байгаа байх. “Хулангийн үдэш”-ээ өнгөрөөгөөд хавраас И.Цэрэнжамц гуайнхаа уран бүтээлийн үдэшлэгийг гардан хийж өгнө гэж амласан байгаа. Энэ амласан үгэндээ би хүрнэ. МЗЭ-ийн байгууллагатай ярьж тохирсон. “Хулангийн үдэш”-т мэдээж миний аав, төрийн шагналт, ардын уран зохиолч Д.Цоодол ирнэ, П Бадарч гуай маань ёстой яаж ийгээд ирнэ гэж хөөрөөд байна гэсэн. Азийн тэргүүн найрагч Дамдинсүрэнгийн Урианхай, ардын уран зохиолч Тангадын Галсан гээд өнөөхөндөө эрвийж сэрвийж үе цагаа авч яваа хэдэн хөгшчүүлээс маань ирдгээрээ ирнэ. Үеийнхэн маань, дүү үеийн яруу найрагчид ирж шүлгээ уншина.

-Та номоо олон тоогоор хэвлэдэг байх. Харин уншигчид болохоор “Хулан найрагчийн ном олдохгүй юм” гэлцэх юм?

-Би өөрөө их арчаатай хүн биш юм байна, Цэнгэл ээ. Хүмүүс гаднаас хараад “Сүрхий арчаатай хүн биз” гэж боддог байх. Тийм биш юм байна. Надад одоо хүртэл олигтой зургийн цомог ч алга. Авахуулсан зургууд маань хаа сайгүй л хэсэж явдаг. Бичсэн номуудыг маань манай гэрт найз нөхөд маань ирвэл “хулгайлаад” аваад явчихна, эсвэл хаа нэг газарт уулзалтад оролцохдоо хүн гуйвал өгчихдөг. Харьцангуй олон тоогоор, бараг арваад мянган ширхгээр хэвлэгдсэн “Зүгээр л нэг амьдрах сан” ном маань л гэхэд өнөөдөр хүртэл эрэлт хэрэгцээтэй хэвээр байна. Би номнуудаасаа тэгтлээ мөнгө олоод байдаггүй. Номоо хэвлүүлье гэж хөөцөлдөлгүй дараагийн ажилдаа дарагдаад явдаг. Одоо өөрийн уран бүтээлээ хийгээд явах цаг зав бүүр ч хомсхон болсон. Яруу найраг, шүлгээ бичихээс илүү соёл, шашны салбараа яавал өөд нь татчих вэ гэж нэлээд хэдэн хуулийн төсөл дээр хүмүүстэй хамтран ажиллаж байна. Ялангуяа өвдөж зовох үед нь тэтгэх дэм болох сантай болгомоор байна. За, шашин гэвэл бүүр их асуудал байна аа. Шашны чиглэлээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарч, эрдэмтэд судлаачидтайгаа ажиллаж байна.

-Ерөнхийлөгч эв нэгдлийн бэлгэдэл гээд ёстой л билэгдэл төдийг нь илэрхийлэх үг шиг бодогддог. Гэтэл энэ улс орон шашны хувьд гэхэд шуудайд хийсэн үхрийн эвэр шиг болчихоод байх шиг санагдах юм. Шашны асуудал хариуцсан зөвлөх үүнийг анзаарч л байдаг байлгүй?

-Монгол Улсын оюун санааны эв нэгдлийн нэгэн илэрц бол шашнаараа харагддаг. Бид саяхан нэг судалгаа хийлгэлээ. Манайд язгуур шашин Буддын хийдээсээ хоёр дахин илүү Христийн сүм хийдүүдтэй болсон байна. Мормон, Мүүнийн гээд олон урсгал орж ирснээр монголчууд шашны цул бат эв нэгдлээ алдаад, гадныханд тавиад туучихаж. ТББ-ын нэрээр л бүртгүүлээд орж ирэх намхан босготой гадаадын шашныхан Монгол Улсын хуулийг хэрэгжүүлж байна уу, үгүй юу. Ядуурал, боловсролын гажуудлыг далимдуулаад оюун санааны эв нэгдлийг хагалан бутаргаад байна уу, үгүй юу. Баримтууд байгаа шүү, олдсоор байна. Бид ч дэмий л олон жил судалж, шогширч суухын оронд дорвитой хуулиа хурдан санаачилж батлахсан. Монгол хүнийг яагаад нэгэнтэй нь хэрэлдүүлээд байна вэ, яагаад үр хүүхдийг маань өдрийн хоол, нэг удаагийн хичээлийн хэрэгсэл өгөх маягаар урхидаад байна вэ. Гаднын шашны нөлөөнд орсон байж магад хүүхдүүд маань яагаад гараа алдлаад өндрөөс унаж үхээд байна вэ. Монгол Улсын Ерөнхий прокурорын 2017 оны тайланд жилд 120 гаруй хүүхэд амиа хорлодог тоо орсон. Тавхан жилийн дотор зургаан зуу гаруй хүүхэд амиа алдсан байна. Харийн шашны гаж нөлөө байгааг бид үгүйсгэж болохгүй, тодосгон мөрдөх, хавчин гаргах ч ёстой. Монгол Улсын “Үндсэн хууль”-нд хүн бүхэн шашин шүтэх эрхтэй ч шашнаар далимдуулж хүүхэд залуусын маань оюун санааг хордуулж буй гаднын харгис халдлагаас төр өөрийн гэсэн хамгаалах механизм, дархлааг бий болгох ёстой. Энэ бүхэн рүү ороод явчихаар дан ганц өөрийнхөө уран бүтээлийг бодоод явна гэдэг худлаа болох юм.

Л.Батцэнгэл

Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэ: “Эрдэнэт” дээр дүлий дүмбэ оргиж суусан хүмүүс өнөөдөр их чанга дуугаар ярьж байгааг гайхаж л сууна

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-УИХ-ын чуулган завсарлаад байна. Энэ хугацаанд ямар ажил амжуулж байна вэ?

-Би УИХ-ын чуулган завсарлахаас өмнө АНУ-ын Бүгд найрамдах нам, Бүгд найрамдахчуудын хүрээлэнгийн урилгаар тус улсад айлчлаад ирсэн. Ардчилсан намын даргын хувиар тус хүрээлэнгийн ерөнхийлөгч болон Конгрессын таван гишүүнтэй уулзаж, ойрын үед хамтран хэрэгжүүлэх ажлынхаа талаар хэлэлцлээ. Бид 2018, 2019 оныг гишүүдээ чадавхижуулах, боловсрол мэргэжлийн түвшинг нь ахиулах ажлын жил болгон зарласан. Энэ хүрээндээ нэлээн өргөн хүрээтэй ажил хийхээр төлөвлөөд байгаагийн нэг хэсэг нь гадаад харилцаагаа хөгжүүлэх, бусад орны ардчилагчидтай илүү олон талт чиглэлээр хамтран ажиллах юм. Энэ дагуу хамтарсан сургалт, судалгаа, туршлага солилцох гэх мэт чамгүй олон ажил хэрэгжүүлэхээр тохирлоо.

-Мөн Олон улсын ардчилсан холбооны их хуралд оролцож байна гэсэн мэдээлэл гарч байсан. Ямар учиртай хурал байсан бэ?

-Олон улсын ардчилсан холбооны хурал өнгөрсөн нэгдүгээр сард Энэтхэг улсад зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилж, хоёрдугаар сарын 18-22-ны өдрүүдэд Испанийн нийслэл Мадрид хотноо болж өндөрлөлөө. Уг хуралд миний бие болоод Ардчилсан намын албаны бусад хүмүүс оролцсон. Энд нэг зүйлийг зориуд онцлоход Олон улсын ардчилсан холбооны дэд ерөнхийлөгчөөр Ардчилсан намын Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар сонгогдлоо. Ерөнхийлөгчөөр нь Канадын Ерөнхий сайдаар есөн жил ажилласан Харберт гэж хүн сонгогдсон байгаа. Манай Ц.Сүхбаатар даргын хувьд өмнө нь Ерөнхийлөгчийн зөвлөх, Англи, БНХАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Хууль зүйн дэд сайд зэрэг хариуцлагатай алба хашиж явсан туршлагатай улстөрч, дипломатч хүн. Энэхүү үйл явдал нь Монголын ардчиллыг дэлхий нийт үнэлж байгаагийн нэг хэлбэр гэж хүлээн авсан.

Учир нь, Олон улсын ардчилсан холбоо дэлхийн 140 орныг эгнээндээ нэгтгэсэн хүчирхэг байгууллага. Үүнээс 127 нь ардчиллын төлөөх улс төрийн намууд байдаг бол бусад нь ардчиллын үйл явцыг судалдаг, дэмждэг олон нийтийн байгууллагуудын төлөөлөл байдаг юм.

Айлчлалынхаа хүрээнд Францын Бүгд найрамдах намын удирдлагууд, Германы Конрад-Аденауэрын сангийнхантай уулзаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцоод авлаа. 2019 онд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохионо. Мөн энэ онд Конрад-Аденауэрын сан Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлсний 25 жилийн ой тохиож байгаа. Эдгээр ойг хамтад нь тэмдэглэн өнгөрүүлэх, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа дүгнэх, цаашдын үйл ажиллагааныхаа чиглэлийг тодорхойлох онол парактикийн бага хурал зохион байгуулах, АНУ, Франц, Германы ардчилагчидтай хамтран гадаад дотооддоо хамтарсан сургалт зохион байгуулах гэх мэт ажлуудыг хийхээр ярилцаж тохироод ирлээ. Удахгүй эхнээсээ ажил хэрэг болоод явна.

-Намын даргын хувиар гадаадад явж байгаад иржээ. УИХ-ын гишүүнийхээ үүргийг хэрхэн биелүүлсэн бол?

-УИХ-ын гишүүний хувиар ч зүгээр суусангүй ээ. Өнгөрсөн намрын чуулганы үеэр сөрөг хүчин маш идэвхтэй ажилласан. Хэдийгээр бид УИХ-д есөн суудалтай боловч 2016 оны УИХ, НИТХ-ын сонгуулиар нийт сонгогчдын 40 гаруй хувь нь бидэнд итгэл хүлээлгэж саналаа өгсөн байгаа. Энэ утгаараа сөрөг хүчин ард түмний зүгээс маш том дэмжлэгэтэй гэж хэлж болно. Үүнийгээ 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар хангалттай харуулж чадсан гэж бодож байгаа. Мөн өнгөрсөн хоёрдугаар сарын 1-ний өдөр Ардчилсан намаас зохион байгуулсан “Бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал”-д намын гишүүд дэмжигчид төдийгүй ард иргэд ч идэвхтэй оролцсон шүү дээ.

-Тухайн үед жагсагчдыг автобусаар зөөж байна гэх шүүмжлэл гарсан. Үнэхээр автобусаар зөөсөн юм уу?

-Ер нь аливаа олон нийтийг хамарсан арга хэмжээ, жагсаал цуглааныг зохион байгуулагчид иргэдийн аюулгүй байдлыг нэн түрүүнд анхаарах ёстой. Хоёрдугаарт, аливаа өдөөн хатгалга, бусдыг турхирсан үйлдлээс сэрэмжлэх хэрэгтэй. Зориуд жагсаал цуглааныг үймүүлэх, иргэдийг хууль бус үйлдэлд өдөөн хатгах үзэгдэл цөөнгүй гардаг шүү дээ. Бид “Бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал”-ын ерөнхий зохион байгуулагчийн хувиар гишүүд, дэмжигчидээ бүртгэхээс эхлүүлээд олон талын аюулгүйн арга хэмжээ авсан. Эндээс харахад эсэргүүцлээ илэрхийлж, жагсаалд оролцох хүсэлтээ илэрхийлсэн маш олон хүн байсан. Бидний тооцоогоор төв талбай дээр 30-40 мянган хүн цуглахаар байсан. Энэ дунд насаараа ардчиллын үйл хэрэгт зүтгэж байгаа ахмад гишүүдээс эхлүүлээд залуучуудын идэвхи, оролцоо маш өндөр байгаа нь анзаарагдсан. Дүн өвлийн хүйтэнд ахмадуудаа хаа байсан Офицер, Шар хад, Сонгинохайрхан, Хайлааст, Чингэлтэйгээс алхуулаад байж болохгүй шүү дээ. Адаглаад гудамж талбайнхаа цасыг олигтойхон цэвэрлэчихэж чадахгүй байгаа хотын удирдлагуудын буруутай үйл ажиллагаанаас болж халтирч унаад гэмтэх асуудал ч гарч болно. Тиймээс шаардлагатай зарим арга хэмжээ авсныг гуйвуулж байгаа хэрэг.

-Эсэргүүцлийн арга хэмжээ ингээд дуусчихсан гэж ойлгож болох уу. Дулаан оруулж байгаад дахин жагсаал хийнэ гэсэн зүйл яригдах юм?

-Эхэлж байна гэвэл зохилтой. Бид УИХ, Засгийн газарт тавьсан шаардлагадаа товч тодорхой дурдсан байгаа. Ард иргэдийн нуруун дээр ачаа болж байгаа есөн төрлийн татварыг цуцалтал тэмцлээ зогсоохгүй. Үндсэн хуульд Үндсэн хуулийн бус аргаар гар хүрэх гэж байгаатай тууштай тэмцэнэ. Тэгээд ч энэ Их хурал мордохын хазгай гэгч болсон. 60 тэрбумын асуудал бол маш ноцтой. Тийм учраас өнөөдөр эрх баригч МАН хэдийгээр УИХ-д 65 суудалтай үнэмлэхүй олонх ч Үндсэн хуульд гар хүрэх ёс зүйн чадамжгүй. Урин цаг ирж утаа арилж байгаа нь асуудлыг шийдчихлээ гэсэн үг биш. Засгийн газар нүүрс, зуухнаар оролдож аргацаах биш бодитой шийдэл, хөтөлбөртэй болох хэрэгтэй байна. Үүн дээр “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн асуудал, шатахууны үнийн өсөлт, түүнийг дагасан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн асуудал нэмэгдэж байна. Цаг хугацаа биднийг хүлээхгүйгээр урагшилж байна. Тэгэх тусам бидэнд ашиггүй нөхцөл байдлууд үүссээр байна. Үүний эсрэг Засгийн газар, УИХ бодитой шуурхай арга хэмжээ авах ёстой. Харамсалтай нь, өнөөдөр тэгж чадахгүй байна.

-Сөрөг хүчин ч үүнд оролцох ёстой байх, тийм үү. Танай намыг гарц шийдэл хайлгүй зөвхөн шүүмжилж байна гээд байгаа л даа?

-Бид сөрөг хүчний хувиар анхнаасаа л эрх баригчдын алдаатай бодлогыг засаж, зөвийг нь дэмжээд явна гэсэн байр суурьтай байсан. Түүнийгээ ч удаа дараа илэрхийлсэн. Гэвч дэмжээд хамтраад явуулах зөв бодлого хомс байна. Асар их алдаа дутагдал, төрийн үүрэх ёстой ачааг ард иргэддээ үүрүүлсэн ядмагхан шийдвэрүүд олныг гаргалаа. Үүнийг засаж залруулахын төлөө Ардчилсан нам, УИХ дахь Ардчилсан намын бүлэг тууштай ажиллаж байна. Цаашдаа ч ажиллах болно.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Стандарт банкны зээлийн барьцаанд тавьсан асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Энэ асуудал дээр таны байр суурь ямар байна вэ?

-Би хоёр жил орчмын өмнөөс л “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой янз бүрийн шахаа, хууль бус арилжаа наймааны асуудал яваад байна шүү гэж анхааруулсан. Тэр бүү хэл нөлөө бүхий төрийн өндөр албан тушаалтны хүү, танил талтай холбоотой шахааны асуудлыг баримтаар дэлгэж тавьсан. “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг гадаадын банкинд зээлийн барьцаанд тавиад туучихсан юм биш үү. Английн Арбитрийн шүүх дээр шийдвэр нь гарсан сураг дуулдаад байна. Энэ асуудал дээр анхаараач ээ. “Эрдэнэт” үйлдвэрийн 49, 51 хувийг хамтад нь шалгах ажлын хэсэг байгуулъя гэж УИХ-ын чуулган дээр удаа дараа горимын санал гаргаад дэмжигдээгүй. Тухайн үед “Эрдэнэт” дээр дүлий дүмбэ оргиж суусан хүмүүс өнөөдөр их чанга дуугаар энэ асуудлыг ярьж байгааг гайхаж л сууна. Ер нь эцсийн дүндээ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудал явж явж бидний дотоод асуудал байж. Аль нэг компани авна уу, төр засаг нь авна уу эцсийн дүндээ Монголдоо л үлдэх баялаг. Харин 51 хувийн асуудлыг зориуд орхигдуулж 49 хувийг улстөржүүлж байсны цаана үндэсний аюулгүй байдалд харш маш том хуйвалдаан явж байсан нь ил болж байна. Жилийн өмнө УИХ-аас 49, 51 хувийг хамтад нь шалгах ажлын хэсэг гаргая гэж байхад миний үгийг сонссон бол адаглаад маш их хэмжээний хүү, алданги төлөхгүй хэмжээнд асуудлыг шийдэж болохоор байлаа.

-Чуулган завсарлачихсан байна. Одоо УИХ-аас ажлын хэсэг гаргаж шалгахад оройтсон уу. Ер нь энэ асуудалд хариуцлага хүлээх хүмүүс нь олдох болов уу. Гарын үсэг зурсан гээд л нэрс байх юм?

-Аливаа асуудлыг шалгахад оройтно гэж байхгүй. Шалгах ёстой бол шалгах л ёстой. Хэн нь ямар үйлдэл хийсэн юм. Өнөөдөр нэр нь сонсогдоод байгаа тэр хүмүүс үнэхээр гэм буруутай юм уу, үгүй юм уу гэдгийг шалгах ёстой. Тэр хүмүүс ч өөрсдөө сайн дураараа шалгуулах хэрэгтэй. Түүнээс бие бие рүүгээ чулуу шидэж, худлаа улс төржүүлээд байж болохгүй. Эсвэл үүнийг ямар нэг шашин ном, хүний хувь тавилан, үйлийн үрийн асуудал болгож маазруулаад байж болохгүй л дээ. Тэр шашин номын асуудал нь тусдаа, төрийн ажил нь тусдаа явах ёстой.

-Таныхаар бол ямар хүмүүс хариуцлага хүлээх ёстой?

-Ний нуугүй хэлэхэд, тухайн үед хэн төр засгийн эрхийг барьж байсан юм. Хэнд “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь дээр шийдвэр гаргах эрх мэдэл нь байсан юм. Бүгд л тодорхой байгаа шүү дээ. Ийм байхад асуудлыг өөр тийш нь хазайлгаж, хаа хамаагүй асуудал руу чиглүүлж олон нийтийн анхаарлыг сарниулах оролдлого хийгээд байх нь утгагүй. Эрх бүхий хүмүүс зориудаар ийм үйлдэл хийж байгаад харамсч байна. Энэ хооронд нь тэр идсэн уусан, завшсан хүмүүс нь цаг хожоод, ул мөрөө баллаад хэргээс мултраад явлаа шүү дээ. Хуулийн байгууллага энэ асуудал дээр маш хариуцлагатай хандах хэрэгтэй.

-Таны харж байгаагаар энэ асуудал хэрхэн шийдэгдэх бол?

-Өнөөдөр дан ганц “Эрдэнэт”-ийн 51 хувийн асуудал дээр ч биш эрх барьж байгаа хүмүүсийн үйл ажиллагаанд бүрэн дүүрэн дүгнэлт хийх цаг нь болсон байна. Сүүлийн үед гадаад өр, зээл тамтгаа алдлаа. Юун нөгөө биднийг гоочлоод байсан Чингис бондын 1.5 тэрбум доллар. 2016 онд 22.5 тэрбум долларын гадаад өртэй байсан улс хоёрхон жилийн дотор 26-27 тэрбум долларын өртэй болсон байна. Үндсэндээ 1.7 жилийн дотор тавьсан өрийн хэмжээ нь Чингис бондын хэмжээнээс даваад явчихлаа. Тэгээд ямар ч бүтээн байгуулалт байхгүй, ямар ч хөрөнгө оруулалт байхгүй. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн санхүүжилт ч байхгүй. Тэр их мөнгийг юунд зарсан нь мэдэгдэхгүй алга болчихлоо. Энэ их хэмжээний гадаад өр зээлийг ямар зорилгоор авсан юм. Юунд зарцуулсан юм бэ. Тэр бүхэн тодорхойгүй байна. Тиймээс эрх баригчид энэ асуудлаар ард түмэндээ тайлангаа тавих цаг нь болсон. Энэ ойлгомжгүй, нууц далд аргаар явж байгаа асуудлууд чинь эргээд улс үндэстний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрлээ шүү дээ.

Эсрэгээрээ 2012-2016 онд Ардчилсан нам эрх барьж байхдаа авсан Чингис бондын 1.5 тэрбум долларын тайлан бүгдэд ил байгаа. Хаана хэнд ямар санхүүжилт өгөв, урт богино хугацааны зээлээр ямар бизнесийг дэмжив. Зээл авсан аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид түүгээр нь юу хийсэн юм. Хэн нь зээлээ эргэн төлөв, хэн нь төлөөгүй байна гэх мэт бүх зүйл нь ил байгаа. Тиймээс бид Чингис бондын зарцуулалтын тайланг нэгд нэгэнгүй дахин ард түмэндээ дахин тайлагная гэж бодож байгаа. Нөгөө талаас Ардын нам ч сүүлийн хоёр жилд авсан их өр, зээлээрээ юу хийснээ тайлагнаг. Эндээс ард түмэн хэн нь юу хийснийг хараг, мэдэж аваг. Жишээ нь, та энэ их өр, зээлээр МАН ямар бүтээн байгуулалт хийв, хаана хөрөнгө оруулсныг мэдэж байгаа юу

-Танай намын авсан зээлийг төлөх гэж үйлээ үзэж байна гэдэг. Улс мөнгөгүй болохоор хийж бүтээсэн ажил нэг их гараагүй байх…

-Ийм л байна шүү дээ. Энэ их мөнгийг хаанаас аваад юунд зарцуулав гэдэг нь тодорхойгүй. Хүнд хэлэхгүйгээр хүний өмнөөс зээл аваад түүнийгээ юунд зарцуулсныгаа нууж байвал энэ хулгай, залиланд тооцогдоно. Үгүй ядаж эдийн засгаа зөв голдрилоор нь авч явж, ард иргэдийнхээ нуруун дээрх ачааг хөнгөлмөөр. Гэтэл яав. 2012-2016 онд ард түмэн мах, гурил, бензиний үнийг мартсан байсан. Нөгөө муу хэлээд байсан Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн л ач шүү дээ. Одоо өөрсдөө яаж байна. Бензиний үнээ ч зохицуулчихаж чадахгүй. Махны үнэ хэд хүрчихэв. Өргөн хэрэглээний барааны үнэ өслөө. Инфляц хоёр оронтой тоо давчихлаа. Гайхуулаад байгаа эдийн засгийн өсөлтөө инфляцын өсөлтөд идүүлээд байгаагаа ярихгүй байна. Ийм л юм болоод байна даа.

-Таны санаачлаад байгаа Банкны зээлийн хүүгийн дээд хэмжээг хязгаарлах, мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл ямар шатандаа явж байгаа вэ?

-Ерөнхийдөө сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд судалгаа, шинжилгээ, хуулийн төсөл боловсруулах, олон нийтийн санал бодлыг тусгах гэсэн чиглэлээр ажил өрнөлөө. Чуулганы завсарлахын өмнөхөн Засгийн газрын саналыг авахаар хүргүүлсэн байгаа. Хуулийн дагуу 30 хоногийн дотор Засгийн газар хариу өгөх ёстой. Засаг хариугаа өгсний дараа хуулийн төслөө өргөн барих товоо тогтоолгоно. Миний төлөвлөж байгаагаар хаврын чуулган эхлэхээс өмнө өргөн барина. Ер нь эдийн засгийг хөгжүүлэх, баялаг бүтээх, ялангуяа баялаг бүтээж байгаа хэсгийг дэмжихэд энэ хууль үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байгаа. Өнөөдөр Монгол Улсад хөрөнгийн зах зээл олигтой хөгжиж чадахгүй байна. Үүний нэг чөдөр тушаа нь өнөөгийн банкны тогтолцоо. Иргэдийн мөнгөн урсгал, хуримтлал банкууд дээр гацаж байгаа явдал. Өндөр хүүтэй хадгаламж, түүнээс өндөр хүүтэй зээлийн хүү хөрөнгийн зах зээлийг хөгжихөд асар том саад тушаа болж байна. Нөгөө талаас банк санхүүгийн байгууллагуудын зарим нь үндсэндээ мөнгө хүүлэгч болж хувирсан. Энэ бүх гажуудлыг эрх зүйн хувьд засч залруулах, бодит байдал дээр үүсээд байгааг гаж тогтолцоог даруйхан засах хэрэгтэй. Цаг алдаж болохгүй.


Categories
мэдээ цаг-үе

О.Сэргэлэн: Манай улсын элэг шилжүүлэн суулгасан хагалгаа 95 хувийн амжилттай явж байна

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, Монгол Улсын хүний гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор О.Сэргэлэнтэй ярилцлаа.


-Ээлжит элэг шилжүүлэн суулгах хагалгааг нэгэн эмэгтэйд хийж байна. Энэ талаар тодруулах гэсэн юм?

-Манай улсад элэг шилжүүлэн суулгаснаас хойш өнөөдөр (өчигдөр) 43 дахь хүний хагалгаа явагдаж байна. Тодруулбал, эмэгтэй 32 настай, А гэх иргэн нь элэгний B, C вирус болон элэгний хатууралтай, улаан хоолойн судас өргөссөний улмаас цус алдсан. Ингээд хагалгаанд орж, уг иргэний 43 настай нагац ах нь донор болж, элэгнийхээ талыг өгч байгаа юм.

-Эмэгтэйн өвчин эрт оношлогдоогүй юм уу?

-Өвчтөн нь өөрийгөө элэгний вирустэй гэдгээ огт мэдээгүй явсан юм билээ. Улаан хоолойны судас нь өргөссөний улмаас цус алдсан гэсэн. Тэгээд эмч дээр ирээд “элэгний хатууралтай” гэдгээ мэдсэн. Жил гаруй болж, нагац ахынх нь элэг тохирно гэсэн нарийн шинжилгээнүүдийн үр дүнд хагалгаанд орж байна. Вирусын халдвараар дамжсан. Гэхдээ ямар замаар, хэрхэн халдсан гэдгээ мэдэхгүй байна лээ.

-Хагалгаа хэдэн цагт эхэлж, хэрхэн үргэлжилж байгаа юм бол?

-Энэ сарын 26-ны шөнө 5:30 цагаас өвчтнөө хүлээн авч, мэс заслын өрөөнд оруулсан. 6:00 цагт мэдээгүйжүүлгийн ажил эхэлсэн. 7:30 цагт арьсны цөслөг гэх ажиллагаа эхэлсэн. 8:30 цагт хэвлийг нь нээж, элгээ чөлөөлөх ажил явагддаг. Элэгний хатууралтай байдлыг чөлөөлдөг юм. Энэ нь хамгийн хэцүү үе шат. Би энэ хэсэгт ажилладаг. Аль болох цус алдуулахгүйн тулд нямбай хийх хэрэгтэй. Одоогийн байдлаар бид нэг ч цус юүлээгүй явж байгаа. Элэгний үүд хэсгийг чөлөөлөхөд цус алдаагүй. Өвчтэй элгээ аваад оронд нь донорынхоо элгийг тусгай ширээн дээрх мэс заслаар судасыг нь өргөсгөх ажил бий. Дараа нь элэг шилжүүлэн суулгах ажиллагаа явагддаг. Үндсэндээ венийн гурав дөрвөн судас холбож оёсноор дуусдаг юм. Дунджаар элэг шилжүүлэн суулгах хагалгаа 15-16 цаг үргэлжилдэг.

-Донор болж байгаа хүний элэг нь тохирно гэдгийг хэрхэн шинжилдэг вэ?

-Хамгийн эхэнд цусны бүлэг таарах ёстой. Нарийн шинжилгээний үр дүнд тохирно гэж гарсан. Ингээд л хагалгаа хийж байгаа юм. Тодорхой шалгуурууд бий. Тухайлбал, донор нь цусаар дамжих халдваргүй байх ёстой. Элэг нь өөхжилтгүй, анатомын хувьд шилжүүлэн суулгах боломжтой байх ёстой. Хагалгаа болохоос өмнө бид маш олон хуралдаж, дүн шинжилгээ хийдэг. Хэмжилт хийж, “яг болно” гэсэн тохиолдолд хагалгаанд орох шийдвэрийг гаргадаг. Донорын тухай хуулинд хагалгаанд орох гэж буй хүний гэр бүл, төрөл төрөгсөд, ах дүү, хамаатан садан нь эрхтнээ шилжүүлэн суулгах боломжтой гэж заасан байдаг. Үүний дагуу ажилладаг. Ямар нэг холбоотой байх ёстой. Ингэхгүй бол ард нь эрхтний наймаа явж байх магадлал өндөр.

Өнгөрсөн оны сүүлээс эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг улсын төсөвт оруулсан. Үүнтэй холбоотойгоор маш олон хүний амь аврагдаж байна.

Өнгөрсөн 11, 12, нэгдүгээр сард найман хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийсэн. Өөрөөр хэлбэл, мөнгөтэй ч бай, мөнгөгүй ч бай хувь хүн эмчлүүлэх эрхээ эдлэх бүрэн боломжтой болсон. Даатгалтай холбоотой хэдэн төгрөг төлнө. Бусад нь үнэгүй болсон. Улсын нэгдүгээр эмнэлэгт элгийг үнэгүй шилжүүлэн суулгаж байгаа. Энэ онд 24 хүнд элэг шилжүүлэн суулгах төсөв өгсөн. Одоогийн байдлаар дөрвөн хүнд элэг шилжүүлэн суулгаад байна.

-Элэг шилжүүлэн суулгуулсан хүн, донор хоёр хагалгааны дараа хэрхэн эмчилгээ хийлгэдэг юм бэ?

-Элэг шилжүүлэн суулгуулсан хүн, донор хоёр хоёулаа эмчийн хяналтад байна. Манай эрхтэн шилжүүлэн суулгах тасагт 24 цагийн хяналтад эмчлүүлнэ. Донор бол харьцангуй гайгүй, долоо хоногийн дараа эмнэлгээс гарна. Гэхдээ жилийн турш манай эмнэлгийн хяналтад байна. Элэг шилжүүлэн суулгуулсан хүн маань насан туршдаа эмнэлгийн хяналтад байдаг. Гэхдээ эхний гурван сард нарийн тусгай хяналтад байх ёстой. Жилийн дараа эм уугаад эрүүл хүн болчихно. Ажлын бүтээмж сайтай, үр хүүхэд төрүүлж, эрүүл хүн шиг болдог. Өдөрт нэг эм ууна.

-43 хүн элэг шилжүүлэн суулгах хагалгаанд оржээ. Эдгээр хүмүүсийн биеийн байдал одоо ямар байгаа вэ?

-43 хүн ямар өвчлөлийн улмаас хагалгаанд орсон бэ гэдгийг эхлээд хэлье. Дунджаар 38, 39 насныхан хагалгаанд орох болсон. Хамгийн өндөр настай нь 60-тай, хамгийн бага нь нэг ой гурван сартай хүүхэд орсон. Элэгний хавдартай есөн хүн, элэг нь төрөлхийн цөсний замын битүүрэлтэй гурван хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа. Мөн элэгний C вирустэй таван хүнд элэг шилжүүлэн суулгасан. Цөсний замын гаралтай элэгний хатууралтай гурван хүнд элэг шилжүүлсэн. Бусад нь B, D вирусын гаралтай байсан. Ихэнх нь одоо эмнэлэг, эмчийн хяналтад сайн байгаа. Хагалгааны дараах нөхцөл байдал их чухал байдаг. Хариуцлага алдаж огт болохгүй. Ер нь бол хүмүүсийн маань биеийн байдал сайн байгаа гэж хэлж болно. Хүүхдүүд хичээлдээ явж, бүгд эмчийнхээ зааврын дагуу хоолны дэглэмээ барьж, эхнээсээ цоо эрүүл гэж хэлж болох тийм хэмнэлд орсон байгаа. Тухайлбал, анхны элэг шилжүүлэн суулгасан есөн хүн маань бусдын адил ажил төрлөө эрхлээд явж байна. Энэ нь эмч хүний хувьд хамгийн сайхан, хүндтэй үйл хэрэг байдаг юм. Жишээ нь, тэд нарын маань зүгээс бид нарт зориулж “Дэлхийд данстай амьдралын эмч, Дэндүү энгүүн авралын бурхан, Даруухан цагаан гоёлтой, Эмч бурхан тандаа мөргөмүү” гэсэн үгтэй дурсамж өгч эрүүл энх болсон гэдгээ илэрхийлсэн нь эмч бид нарт маш их баяр хөөрийг бэлэглэсэн. Эмч хүний хамгийн том бахархал энэ л байдаг. Шөнө өвчтөнөө зүүдлэн, хичээн чармайж зүтгэсний хүчинд хөл дээрээ босож, эрүүл саруул алхаж явахыг нь харах шиг сайхан юм хаа байхав дээ.

-Манай улсад элэг шилжүүлэн суулгах хагалгаа амжилттай болж буй нь юутай холбоотой вэ?

-Манай улсын нэгдүгээр төвийн элэг шилжүүлэн суулгах баг бие дааж ажиллаж байгаа. БНСУ-ын “Асан” анагаах ухааны төв амьд донороос элэг шилжүүлэн суулгачихсан эмчилгээгээр дэлхийд нэг номерт ордог. Мөн дэлхийд хүндрэл, нас баралт хамгийн бага. Тус анагаах ухааны төвтэй 2010 оноос хойш гэрээтэй ажиллаж, манай баг хамт олон, бүх эмч нар, сувилагч маань суралцаад явж байна. Одоо ч сургалт үргэлжилж байгаа. Солонгосын багийнхан жилд хоёр удаа ирж, бид нартай хамтарч мэс засал хийнэ. Бид жилд нэг удаа очиж, дадлагаждаг. Тус төвийн бүхий л удирдамжийн дагуу мэс заслын ажиллагаа явагддаг. Тэнд байдаг бүхий л эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж манайд бий. Элэг шилжүүлэн суулгаж эхэлж байгаа орон 50 хувь нь үр дүнтэй байвал тухайн орныг амжилттай байна гэж үздэг. Тэгвэл манай улсын элэг шилжүүлэн суулгасан амжилт бол 95 хувьтай гэж гарсан. Сайн зааж зөвлөх багш нар, тус төвийн удирдамжийн дагуу хичээж байгаа учраас амжилттай яваа юм. “Асан” анагаах ухааны төвийн элэг шилжүүлэн суулгасны нэг болон таван жилийн, гурван сарын үзүүлэлт монголд хийсэн үзүүлэлттэй яг адилхан явж байдаг. Иймээс манай улс дэлхийд элэг шилжүүлэн суулгасан 46 дахь орон болж бүртгэгдсэн. Хөгжиж буй орнуудаас элэг шилжүүлэн суулгадаг хоёрхон орны нэг болсон байна. Монголын анагаах ухаандаа монголчууд минь итгэх цаг болжээ. Энэ дашрамд хэлэхэд монголчууд өөрсдийгөө эмнэлэгт үзүүлж, эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй байна. Хяналт муу байдгаас хагалгаанд орох болчихдог. Тиймээс эрүүл мэнддээ алхам бүртээ анхаарч, агаар салхинд гарч байх хэрэгтэй юм. Өөрсдөөс шалтгаалах энгийн алхмыг тогтмол хийж хэвших хэрэгтэй шүү.


Categories
мэдээ цаг-үе

Эрдэнэбатхааны Оюуны тэгш ойн жилийг “Би эндээс явахгүй” жүжгээр нь эхлүүллээ

Э.Оюун ардын жүжигчин Цагааны Цэгмидийн хамт

Монгол Улсын Гэгээрлийн сайд Эрдэнэбатхааныд 1918 онд нэгэн охин төрсөн нь хожмоо төрийн шагналт, ардын жүжигчин, зохиолч, орчуулагч, эрдэмтэн, урлаг судлаач, театрын найруулагч хэмээх олон алдрын эзэн болсон Э.Оюун байлаа. Түүний мэндэлсний зуун жилийн ой энэ онд тохиож байна. Тэрээр Монголын урлаг соёлын амьдралд соён гэгээрүүлэх үр жимс тарьж “Шарай голын гурван хаан”, “Амарсанаа”, “Отелло ван” зэрэг олон дуурь, жүжиг найруулж, Оросын их зохиолч Н.В.Гоголийн зохиолууд болон Английн бичгийн их хүмүүн суут В.Шексперийн “Лир ван”, Софоклын “Эдип хаан” зэрэг дэлхийн сонгодог бүтээлүүдийг дуун хөрвүүлж, “Талын баатрууд”, “Ах дүүс”, “Гарва”, “Хайр” зэрэг олон зохиол туурвисан бичиг номын их хүмүүн байлаа. Э.Оюун гуай багадаа эцгээсээ хагацсан хүн. Тиймдээ ч элэг зүрхний хайртай ааваа үгүйлэн “Эцэг минь амьд сэрүүн байх шиг байна. Хаа байгаа нь бүүр түүр мэдэгдээд байна. Нэг тийм шар охинтой байсан юмсан. Тэр минь овоо хүн болсон шиг байна. Тэгэх л ёстой охин байсан даа. Түүнийхээ барааг харах учир байна уу, үгүй юу. Үгүй тэгээд түүнтэйгээ уулзвал одоо намайг таних болов уу, үгүй болов уу гэж ярьж байна гэнэ. Энэ дээгүүрх хүмүүст аавын минь тухай юм уу, нэг бичиг ирсэн мэдээ байна” гэж хагацлын манан дундуур цээжний махаа барж горь хүслийн харцаа хандуулсаар байсан. Оюуны эх Цэцгээ гэж сайхан буурал байжээ.

Нийслэл хүрээнд эцгийнхээ гучин насан дээр төрсөн тэрээр Улаанбаатарт бага сургуульд дөрвөн жил суралцан, 1932-1934 онд дунд сургуульд гурван жил сураад 1934 онд 16 насандаа Улаан-Үд хотын Ажилчны сургууль Рабфакт дөрвөн жил сурахаар яваад дөрвөн жилийн хичээлийг ганцхан жилд багтаан сурчээ.

1935 онд 17 настайдаа сургуулиа төгсөж ирүүт Ардыг Гэгээруулэх Яаманд орчуулагчаар ажиллах болсон байна. Улмаар арван долоохон настай авьяас билэгт охин Бөмбөгөр театрт жүжигчнээр орж 1936 онд 18 насандаа “Уяхан зүрх уруу татав” анхны өгүүллэгээ “Үнэн” сонинд хэвлүүлсэн нь Монгол шинэ тулгар төрийн тэргүүлэх сэхээтэн төрийн зүтгэлтэн аавынх нь нөлөө байсныг ч үгүйсгэх аргагүй юм. Тэрбээр 1936-1952 онуудад Улсын академик театрт найруулагч, удирдагчаар ажиллахдаа олон арван жүжиг найруулж, туурвисан билээ. Түүнийг 19-хөн настай байхад 1937 оны их хэлмэгдүүлэлт эхэлж эцэг Эрдэнэбатхаан нь хилс хэргээр шоронд орж, улмаар ор сураггүй алга болжээ. Э.Оюун 1942 онд “Гавьяат жүжигчин”, 1945 онд “Ардын жүжигчин”, “Ах дүү нар” хэмээх жүжиг туурвин тайзнаа тоглуулж түмэн олноо сэтгэлийн цэнгэл эдлүүлсэн тул Э.Оюунд 1946 онд БНМАУ-ын төрийн шагнал олгожээ. Энэ үед тэрээр дөнгөж хорин наймхан настай байв. “Учрал” өгүүллэгийн түүврээрээ 1978 онд МЗЭ-ийн шагнал авсан зохиолч байлаа.

Түүний “Хил дээр” (1939, орчуулсан), “Залуу эх Замбага” (1941, Г.Увароватай хамтарсан), “Мандухай сэцэн хатан” (1942) болон “Буурал бүсгүй” (1943, А.Рабиновичтай хамтарсан), “Цогийн идэр нас” (1945), “Зам” (1947), “Цолмон” (1949), “Тэр талд” (1949, 1970), “Эмч нар” (1953), “Страконецийн хөөрөгт цоорч” (1957), “Тамирын бэр” (1963), “Лир ван” (1964), “Төрсөн өдрийн баяр” (1965), “Шинэ байшинд” (1965), “Гарын таван хуруу” (1967), “Ээдрээ” (1968. Л.Вангантай хамтарсан), “Зам нийлэх үү” (1969), “Өрсөлдөөн” (1970), “Арын албаныхан” (1971), “Нүд” (1973) жүжгийг тайзнаа найруулан тавьсан. “Дэнсмаа” (1938), “Шинэ хүн” (1939), “Хот айл” (1942, найруулсан), “Талын баатар” (1943, 1983), “Амарсанаа” (1944, найруулсан), “Арвижихын гэр бүл” (1948, Ш.Нацагдорж, Д.Намдаг нартай хамтарсан, найруулсан), “Ах дүү нар” (1945, найруулсан), “Нөхдийн уулзалт” (1946, найруулсан), “Бумбат Эрдэнэ” (1977, С.Удвалтай хамтарсан), “Ширүүн тулааны өмнөхөн” (1981) зэрэг бүтээл нь УДЭТ-ын тайзнаа тавигдаж үзэгчдэд хүрсэн. Мөн Булган, Дорнод, Ховд, Өмнөговь, Завхан, Дархан зэрэг олон аймаг, хотын театрын тайзнаа түүний зохиол бүтээл “амилжээ”. Монголын театрын урын санд Э.Оюуны орчуулсан олон бүтээл бий.

Үүнд, “Байцаагч түшмэл” (1936), “Хонины булаг” (1937), “Хуягт галт тэрэг” (1937), “Хоёр эзний ганц зарц” (1938), “Скапены дамшиглал” (1939, 1959), “Нүүрэлдэлгээ” (1941), “Жаргал” (1943), “Платон Кречет” (1947), “Алтан ай” (1949), “Хүний чарганд битгий суу” (1949), “Лениний гэр бүл” (1951), “Мердановын гэр бүл” (1954), “Страконецийн хөөрөгт цоорч” (1957), “Сэтгэлийг шинэтгэсэн нь” (1959), “Эрхүүд болсон явдал” (1962), “Хар санаа, хайр сэтгэл” (1963, 2004), “Лир ван” (1964), “Овод” (1967), “Буутай хүн”, “Любовь Яровая” (1969), “Анхны тулаан” (1970), “Цаг өөр болжээ” (1974), “Егор Булычевынхан” (1975), “Нора” (1984), “Галилейн амьдрал” (1988), “Нийгмийн санаа” (1990) зэрэг жүжгүүдийг орчуулсан нь УДЭТ-ын тайзнаа тавигджээ. Э.Оюуны “Монголын театрын түүхэн замнал” /1989/ ном театрын түүх судлалын томоохон бүтээл болсон билээ.

УДБЭТ-ын тайзнаа тавигдаж, урын санд бүртгэгдсэн бүтээлүүдээс нь дурдвал “Буурал бүсгүй” хөгжимт драм, 1951 онд “Жаргалын зам” дуурийг найруулан тавьж “Евгений Онегин”, “Лусын дагина”, “Чио Чио Сан”, “Травиата”, “Богема”, “Октябрь”, “Игорь Ван” зэрэг 20 шахам дуурийн цомнолыг орчуулжээ. Багын эрдэмд шамдсан бичгийн хүмүүн тэрээр МУИС-ийн монгол хэл, уран зохиолын ангид 1952-1957 онд суралцан төгссөн байдаг. Э.Оюун ЗХУ-д эрдмийн зэрэг хамгаалсан, урлаг судлалын ухааны доктор хүн. 1957-1960 онд Москва хотноо А.В.Луначарскийн нэрэмжит ТУДС-д аспирантурт суралцаж “Монголын ардын урлаг дах театрын үндсүүд” сэдвээр эрдэм судлалын ажил хийжээ. Улмаар 1960-1962 онд Кино үйлдвэрт, 1962-1963 онд МАХН-ын Төв Хорооны Соёл урлагийн газрын дарга, 1963-1975 онд Улсын академик театрт найруулагч, удирдагч,1966-1976 онд МАХН-ын Төв Хорооны гишүүн, 1968-1969 онд Дуурь бүжгийн театрт, 1975-1987 онд Урлагийн ажилтны холбооны даргаар ажиллажээ. Шинэ Монголын урлаг соёл, утга зохиолын төлөө нэгэн биеийн алжаалыг умартан зүтгэсэн эл хүндэт буурал 2001 оны зургаадугаар сарын 21-нд 83 насандаа бурхан болжээ. Э.Оюун гуайн мэндэлсний 100 жилийн ойд зориулан түүний 1958 онд туурвисан “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжгийг төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулгаар УДЭТ-т өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 10-ныг дуустал тавих болсон талаар өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр УДЭТ-ын дарга, урлагийн гавьяат зүтгэлтэн, жүжгийн продюсер Д.Цэрэнсамбуу, уран сайхны удирдагч Монгол Улсын төрийн соёрхолт, ардын жүжигчин Н.Сувд нар мэдэгдсэн. Энэ жүжгийг театрынхаа төсвөөс 90 сая төгрөг гарган тайзнаа амилуулж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газар, БСШУЯ-наас тусалж дэмжих байх гэдгийг ч тэд уламжилж байсан.

Э.Оюун гуайн овгийг Эрдэнэбатын, Эрдэнэбатхааны гэж хоёр янзаар бичсээр байгаа нь анзаарагддаг. Тэгвэл түүний нэр нь Эрдэнэ, овог нь Батхаан ажгу. Монгол Улсад ардын хувьсгал ялсан 1921 оны гуравдугаар сарын 24-нд Монгол Улсын Засгийн газрын нарын бичгийн анхны даргаар томилогдож, 1924-1928 он хүртэл Ардыг гэгээрүүлэх яамны сайдаар ажиллаж байхдаа Ардын засгийн анхны дунд сургуулийн (1923 онд 8 жилийн анхны сургууль) 35 сурагчийг Герман, Франц улсад явуулах тушаалыг гарган удирдан авч явсан байдаг. Эдний дундаас их зохиолч Д.Нацагдорж, төрийн хошой шагналт зохиолч Донровын Намдаг, нэрт соён гэгээрүүлэгч О.Намнандорж, зохиолч Т.Нацагдорж, Н.Наваан-Юндэн, ардын зураач Л.Намхайцэрэн нар хожим бүгд Монголын шинэ цагийн гайхамшигт сэхээтнүүд болцгоосон билээ. ЭрдэнэБатхаан Германы тагнуул гэх хилс хэргээр 1930 онд Ленинградад цөлөгдөн, 1937 онд баригдаж сураггүй болсон гэдэг.

Тэрээр Италид аж төрж байсан социалист реализмыг үндэслэгч их зохиолч Максим Горькийд захиа бичин уран зохиол, орчуулгын чиглэлээр “Идэвхтэй зарчмыг баримтлах хэрэгтэй” гэсэн хариу захиа авч байсан түүхэн том сэхээтэн. Эрдэнэбатхаан бол Монгол Улсаа соён гэгээрүүлэх их үйлсэд өөрийн оюун ухаан, хүч чадлаа зориулсан, хойч үе маань хэзээ ч мартаж үл болох алдартан билээ. Тэрбээр Монгол ардын намын төлөөлөгчдийг хувьсгалын удирдагч В.И.Ленинтэй уулзахад хэлмэрчилж, ЗХУ-д оюутан суралцуулах их үйлсийг санаачлан Монголын ард түмний өмнө асар их гавьяа байгуулсан юм. Ид хийж бүтээх идэр насандаа харийн хүйтэн шоронд халуун амиа алдсан эл хүн гурван охин, хоёр хүүтэй байсан бөгөөд бүгд эх орондоо нэр цуутай алдартнууд болжээ. Эрдэмтэн зохиолч Э.Оюун театрын урлагийн хатан ээж гэгддэг бол сурган хүмүүжүүлэгч Э.Раднаа, малын эмч Э.Зандармаа, инженер Э.Агваандорж, багш Э.Карма нар нь бүгд Монгол Улсынхаа хөгжилд нэр нөлөө бүхий байр сууриа эзэлсэн хүмүүс болон өссөн байдаг.

Эрдэнэбатхааны отгон хүү Э.Агваандорж “Миний аав Эрдэнэбатхаан бол буриад хүн шүү дээ. 1888 онд одоогийн Усть-Ордын Буриадын өөртөө засах улсын Бохан районд байсан Тараст төрсөн юм билээ. Аав нь 20 настайдаа Эрхүү хотын гимназийг төгсөөд тэндээ маш цөөхөн жил багшилж байжээ. Учир нь юм юманд оролцсон овсгоо самбаатай хүн байсан болохоор нь ч тэр юм уу “Найдваргүй этгээд” хувьсгалын үйл хэрэг элдэв зүйлд оролцдог гэж үзээд Эрхүү мужаас хөөсөн гэдэг юм. Би мэдээ орсон цагаасаа аавтайгаа хамт байгаагүй. Ээжийнхээ ярианаас л аавыгаа сайн мэддэг болсон. Хожим юм ухаарахтайгаа болсноор ном зохиол, түүх шастираас эх орноо хөл дээр нь босгох гэж хэчнээн их зүтгэж яваад хэлмэгдсэнийг нь бодохоор маш их харуусаж зүрхэндээ уйлсаар өдий хүрлээ. Аавыг Галуут нуур орчимд л цөлсөн гэдэг. Энэ үед нутгийн хүн Цэвээн Жамсранов тэнд тааралдаж л дээ.

-Чи энд цөлөгдчихсөн гээд л зүгээр суугаад байсны хэрэггүй. Цаана чинь Монголд автомат засаг сэргэчихсэн чам шиг бичиг үсэгтэй хүн их хэрэгтэй болоод байна. Тэнд очиж сургуульд багшил гэж гэнэ. Авчрахаасаа өмнө чи гэр бүлтэй юү гэж асуужээ. Үерхдэг бүсгүй бий гэж л дээ. Түүнийгээ олж ир гэсэн байна. Аав Бохандаа эргэж очиж хуримаа хийж гэр бүл болоод Монголд ирж Автоматын үеийн сургуульд газарзүй, түүхийн багшаар ажиллаж байсан юм билээ. Тэгж байтал хүрээнд нууц бүлгэм үүсч эхэлсэн байна. Ээжийн яриагаар бол Догсом, Лосол, Бодоо, Сүхбаатар нартай маш дотно харьцаатай байсан гэдэг. Тэр үед Бодоогийнд Чойбалсан нэг хэсэг амьдарч байсан юм билээ. Манай аавын нэрийг Никит гэдэг байж л дээ. Д.Сүхбаатар аавыг нэрээ соль Эрдэнэ гэдэг нэртэй бол гэснээр аавынхаа Батыг нэмээд Эрдэнэбатхаан болсон юм гэдэг. Цагийн байдал түгшүүртэй байсан үе юм даа. Тэр үед Барон Унгерний цэргүүд Оросын Буриадуудыг цэрэгтээ элсүүлж эсвэл хядаж байсан үе. Энэ үед Лосол аавыг “Чи наад орос хувцсаа соль” гээд лам дээл өмсүүлсэн гэж ээж минь хуучилдагсан. Лосол, Догсом, Бодоо нар бол бүгд л хийдэд шавилж байсан шашны номтой лам хүмүүс шүү дээ. Ардын хувьсгалаас өмнөхөн Оросын нэрт эрдэмтэн Майскийн шинжилгээний ангид нэг хэсэг орчуулагчаар ажиллаж байсан байгаа юм. Харин аав бол хэлний боловсролд гаргууд хүн байсан гэсэн. Оросуудтай оросоор, буриадуудтай буриадаар, халхуудтай халхаар маш цэвэрхэн ярьдаг байж. Нэг өдөр Догсом орхимжтой лам дээл малгай авчирч өгөөд “Чи Чингэлтэй уулын энгэрт очоод байж бай” гээд араас нь морьтой ирж бүгдээрээ уул хяралж Мухарын даваагаар даваад Сөгнөгөрөөр дайрч дандаа уулаар явсаар Хиагтад очжээ. Тэнд МАН-ын анхдугаар хуралд оролцож түр Засгийн газар байгуулалцаж, нарийн бичгийн даргын ажил хийсэн юм. Ингэж хувьсгалын үйл хэрэгт оролцож улс эх орондоо хүчээ өгсөн юм билээ. 1921 оны 11дүгээр сарын 5-нд МАН-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж В.И.Ленинтэй уулзахад хамгийн анх орчуулагчаар ажилласан хүн бол аав минь юм. Ленин, “Оросоор маш гайхалтай ярьж байна. Хаана сурсан юм бэ? Үүнээс хойш та Орос Монголын ард түмний гүүр болж яваарай гэж хэлсэн гэдэг” гэж эцгийнхээ талаар дурсжээ. Их зохиолч М.Горький Эрдэнэбатхааныг “Камень мудрости” буюу “Цэцэн бодлын чулуу” хэмээн нэрлэсэн байдаг.

Categories
мэдээ цаг-үе

Цусны улстөржсөн шинжилгээ

Монголчууд бие биенээ гарал үүсэл, эрлийз, хурлийзаар нь доромжилдог болоод удлаа. Сүүлийн арав гаруй жил бидний дунд цус, ген, удмаар ялгаварлах, үзэн ядах үзэл хүчтэй дэлгэрч “Цусны шинжээчид” хүртэл бий болчихсон. Хараанд нь өртсөн хүнийхээ удам судрыг онгичиж ямар үндэстний цус холилдсон бэ, эрлийз үү, хурлийз уу гэдгийг дор нь “шинжлээд” газрын гаваар ортол нь доромжилж тарчлаадаг. Цусны шинжээчид захиалгатай бүлэглэл байсан бол яван явсаар хүрээ нь томроод нийгмийн үзэгдэл болчихоод байна. Энэ бол жижиг оронд л байдаг зовлон. Том гүрнүүд ингэж дотроо талцаж, нэгнийхээ судсаар ямар цус гүйж байгааг, удам судар, эмээ, өвөө нь ямар хүмүүс байсныг ер тоодоггүй. Тэдэнд энэ талаар хөөцөлдөөд байх зав ч байдаггүй юм. Бага ястануудын тухай яриа бараг байхгүй. “Эд бидний нэг хэсэг. Бид хамтдаа байж л нэг бүхэл, цул болж нэгддэг” гэдэг үзлээр хүндэтгэлтэй хандаж, яс үндсийг нь огт сөхдөггүй. Ийм л байж том гүрэн гэгддэг.

Харин манай улсын хувьд хоёр том гүрний хооронд оршдог болохоор геополитекийн тоглоомд өртчихөөд байдаг тал бий. Тэр тоглоомд нь ээрэгдээд үнэмшчихдэг. Геополитикийн нэг ноцтой тоглоом байдаг нь цусны шинжилгээ. Уг тоглоомоор монголчууд нэг нэгнийхээ цусыг шинжлээд эхэлсэн дэг. Оросын нөлөөгөөр яагаад ч юм Хятадыг үзэн яддаг болцгоосон. Хятад хүнтэй холбоотой юм бүхнийг маш эмзэгээр тусган авч, үл итгэсэн байр сууринаас хандаж цэрвэдэг. Энэ нь даамжирсаар өвчнөөр бол үгдэрч сүүлдээ үндэстний онцлог болоод хувирчихлаа. Аливаа үндэстэн өөр өөрийн гэсэн онцлогтой. Япончууд зарчимч, хөдөлмөрч, бразилчууд хөлбөмбөгч, итали эрчүүд боловсон, соёлтой, германчууд шар айргаараа алдартай гэж онцолдог бол монголчуудыг “Хятадуудад үнэн голоосоо дургүй” гэж ярьдаг болох нь. Биднийг гадаад ертөнц ийм үүднээс хүлээж авах нөхцөл нь бүрдчихээд байна. Манайд хүчээ аваад байгаа энэ “Цусны шинжилгээ” бол аль 1800-гаад оны сүүл 1990 оны эхээр соёлт хүн төрөлхтний дунд гарч ирээд алга болсон үзэгдэл төдий. Одоо ийм үзэл гаргавал бүдүүлэгт тооцогдоно. Цусны шинжилгээгээр “Хятадын хольцтой, хятадын эрлийзүүд муу” л гэдэг болохоос орос, америкийн эрлийзүүд муу гэж ярьж, хэлж, бичиж байсныг сонсоогүй л юм байна.

Нийгмийг задалж, иргэдийг талцуулж байгаа энэ сайн дурын цус шинжээчид, үндэсний үзэлтнүүдийн өмнөөс үнэндээ ичдэг болоод байна шүү. Алив нэг сайн сайхан хүн байвал амьд, үхсэн нь хамаагүй шууд л босгож ирээд “Монгол цустай. Монгол удмынх. Бидний нэг” гэж “тогтоочихдог”. Октябрын хувьсгалын удирдагч асан В.И.Ленинийг монгол цустай, халимаг гаралтай хүн байсан гэдэг ярианаас манай “Цусны шинжээчид”-ийн “ажил” эхэлж. В.И.Ленинээр эхэлсэн шинжилгээ нь яван явсаар одоогийн ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг монгол хүн гэж зүтгэдэг. Түүний удам судрыг манай цусны шинжээчид шинжилж тогтоогоод “Монгол цустай, тува эр” гэж зарлаад үндсэрхэг үзэлтэй “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт орох ёстой хүн гэж зулгуйдсан. Цус шинжээчид дэндүү зулгуйч. Сайн яваа хүний өмнө сөхрөөд л мөргөөд л. Өмнөд Монголын дуучин Тэнгэр, морин хуурч Чибулагийг магтан дуулж “Монголоо гэж зүрх нь хайлдаг жинхэнэ монгол. Монголоо мартаагүй яваа нь ямар сайхан юм” гэж “долоодог”. Тэд Өмнөд Монголынх юм чинь Өмнөд Монголын л иргэн байж таарна шүү дээ. Ер нь тэгээд тэр хүмүүс бидэнд ямар хамаатай юм. Тэд тэндээ ажиллаж амьдарч дассан, бид эндээ амьдарч болоод л байна. Мөрөөрөө яваа хүмүүсийг энд авчирч зулгуйдаж гүйх юм.

Шойгу гээд байгаа тэр тува хүн үнэндээ Монгол Улсын иргэн биш шүү дээ. Бас л Тэнгэр, Чибулаг Өмнөд Монголдоо уран бүтээлээ туурвиад явж байгаа шиг ОХУ-даа, эх орондоо ажиллаж хөдөлмөрлөөд л явж байгаа цэргийн хүн юм билээ, Шойгу чинь. Ингэж энд тэнд байгаа хүмүүсийн хормойноос зууралдаж, татаж чангааж “Чи л жинхэнэ монгол” гэж аягладаг цусны шинжээчдийн зулгуйдалт хэрээс хэтрэх байтугай, нүүр хийх газаргүй болтол ичээж байна.

БНСУ-д зохиогдож байгаа “Пёнчан 2018” өвлийн олимпийн уран гулгалтын богино үзүүлбэрийн төрөлд түрүүлж олимпийн аваргын медаль зүүсэн Алина Загитова гэх 15 настай орос охиныг манай цус шинжээчид “Манай татар охин Орост анхны алтан медалийг нь авчирч өглөө”, “Монголын сарнай Пёнчаны мөсөн талбайд дэлгэрлээ”, “Татар охин дэлхийг бишрүүллээ” гэх мэтээр хашгиралдав. Алина Загитова гэх тэр охин чинь ОХУ-ын иргэн, тус улсын уран гулгалтын улсын шигшээ багийн тамирчин гэхээр бидэнд, монголчуудад огт хамаагүй л хүүхэд байгаа биз дээ. Дэлхий нийт “ОХУ-ын тамирчин Алина Загитова эх орондоо “Пёнчан 2018”-ын анхны алтан медалийг авчирлаа” гэж л мэдээлсэн болохоос “Алина татар юм байна. Бүр монгол юм байна” гэж хэлээгүй, бичээгүй. Монголд өөрийг нь “Татар охин, монгол Алина мундаг байлаа” гэж магтаж байгааг мэдэхгүй шүү дээ, Загитова. Тэмцээнээс тэмцээний хооронд өндөр бэлтгэлжилттэй явдаг мэргэжлийн ирээдүйтэй тамирчинд Монголыг сонирхох байтугай, Монгол гэж орон байдгийг мэдэхгүй ч явж байгаа юм билүү, хэн мэдлээ. Татар, татар л гээд байдаг. Татар гэдэг нэр хамгийн их хадгалагдаж үлдсэн газар бол Алтан ордны улсын бүрэлдэхүүнд багтаж байсан нутгууд гэдэг юм билээ. XV зууны үеэс Казань, Крым, Сибирийн татар гэсэн нэрүүд түүх сударт тэмдэглэгдэх болсон бөгөөд татар нэр зүүсэн эдгээр нутгийн ард иргэдийн дийлэнх нь булгар, фин-угор, кипчак аймгуудын үрс сад, түрэг хэлтнүүд байдгийг судлаачид тогтоосон байдаг. Ингэхээр өөрсдийнхөө түүхийг сайн мэдэхгүй байж хаа холын хүмүүсийн үүх түүхийг ч судлахгүйгээр шууд л татар гэж дуулдвал “Тэр чинь монгол” гэж туйлширдаг нь цус шинжээчдийн л хуумгай явдал. Тэр Загитова гэдэг охин бидэнд бас л хамаагүй. Өөрийн гэсэн оронтой, харьяалагддаг улстай орос хүн. Цус шинжээчдийн таамаглаж байгаагаар Загитовагийн цусны ядаж аравны нэг нь монгол цус байж болох юм л даа. Тэглээ гээд тэр охин монгол болчихгүй, монголчууд магтлаа гээд хүрээд ирэхгүй, манай цус шинжээчдийг огт анзаарахгүй байгаа. Ингэхээр намгийн мэлхий намагтаа ваагладаг гэгчээр “цус шинжээчид”-ийн элдэв дүгнэлт энэ хавьдаа л шингэж байгаа нь яамай даа. Мэлхийний вааглах дуу тэнгэрт дэвж яваа бүргэдэд сонсогдоггүй нь сайхан.

Цус шинжээчдийн туйлшрал элдэв тамирчид, урлагийн авьяастнуудаар хязгаарлагдахгүй. Хаа хамаагүй улс, үндэстэн, хазара монгол, тийм ч, ийм ч монгол гэж саймширч, зулгуйддаг мөртлөө Монголдоо байгаа, Монгол Улсын иргэнийг хольцтой, эрлийз хурлийзаар нь гоочилж, ялангуяа төрийн зүтгэлтэн байвал улсынхаа нэг номерын дайсан мэтээр ярьж, хүлээн авч чаддаггүй. Манай улстөрчдийн дунд Да.Ганболд, М.Энхсайханаас эхлүүлээд хятадын эрлийз, хурлийзаар дуудуулдаг хүмүүс бий. Тэд цус шинжээчдийн дайралтад “Жингэр нохой хуцаж л байг, жингийн цуваа явдгаараа л явна” гэсэн шиг бүр дөжирцгөөсөн. Сүүлдээ УИХ-ын дарга М.Энхболдыг хятадын эрлийз, хятадын зээ гэх мэтээр гоочилж үзэхээ байлаа. Энэ хүний үйлийг нь үзэж байна. Олон нийт “Алъя, талъя” гэж орилолдоход цус шинжээчид шуугианыг улам дэврээж “М.Энхболдыг дүүжилбэл таарна” гэж турхирах.

Тэгж яривал тэр Загитовагийн дэргэд М.Энхболд харин ч 100 хувь монгол байх шүү. Цус шинжээчдийн үздэгээр Загитова охины цусны аравны нэг нь монгол бол М.Энхболдын цусны аравны ес нь монгол байж таарна биз дээ. Дээр нь энэ хүн Монгол Улсын иргэн, монгол хүн. Төрийн зүтгэлтэн, нам төрийн үйл хэрэгт олон жил зүтгэн, зүхүүлэн яваа. Сайн, муу ажилласныг нь дүгнэж мэдэхгүй л дээ. Монгол нутагтаа, Монгол Улсын иргэн ингэж ажиллаж амьдарч байхад элдвээр доромжилж харьцдаг мөртлөө хаа хамаагүй, хамааралгүй хүмүүсийг “Чи Монгол шүү” гэж зулгуйдан, долигонон нэр нүүрээ барах нь харин ч эмгэнэл. Цус шинжээчид ингэж л хүнийг алаг үздэг.

Монголын нутаг, Монгол Улсад эрлийзүүд хэзээнээс байж л байсан. Хамтдаа амьдарсаар л ирсэн. Эмээ нь хятад, эсвэл эмээ нь эрлийз, хурлийз байлаа гээд үр хүүхэд нь нийгэмд хавчигдан гадуурхагдана гэдэг хүний ёсноос гажсан хэрэг. Гэлээ ч монголчууд эцгийнхээ цусыг дагадаг. Эцэг нь монгол юм чинь монгол л хүн. Цус, генийн нарийн холбоо, учир жанцанг мэдэхгүй байж удам сударт нь өөр зүгийн нэртэй нэг л хүн байвал тэр удмыг тэр чигээр нь эрлийзүүд болгочихдог. Эсвэл хилтэй ойр амьдарч байгаа аймаг сумдынхныг бас л цусны хувьд хольцтой гэж сэрдэнэ. “Цус шинжээчид”-ийн энэ явцуу таамаг, бодлын эцсийн зорилго бол ердөө л улстөрийн өрсөлдөгч хэмээн харж байгаа хүнээ улс төрийн тавцангаас арчих. Дахиж гарч ирэхгүй болтол нь дарахын тулд удам угсаа, төрөл, садан, үүх түүх, ургийн бичгийн гээд аль нандин, үнэт зүйлсийг нь ухаж төнхдөг. Ийм явуургүй, хүний ёсноос гажсан үйлдлээ одоо болих хэрэгтэй. Эрлийз, хурлийз гэдэг энэ яриаг байнга сонссоор байгаад сүүлдээ үнэмших хүн байхгүй боллоо. Хэн нэгэнтэй хэрэлдэж, муудалцаад дийлж чадахгүй болохоороо “Чи муу хужаа” гэдэг. Энэ бол тухайн хүнээ доромжилж байгаа дээд хэмжээний доромжлол гэж үздэг. Үнэндээ тэр хүн хятад цустай, монгол цустай байлаа ч удам судрыг нь, өвөг дээдсийнх нь ясыг өндөлзүүлэн байж доромжлох нь туйлын зохимжгүй. Хэн нэгнийг муулах болвол эрлийз, хурлийзаар нь дууддаг туйлшралаа болих хэрэгтэй. Цус шинжээчдийн улстөржсөн ярианд жирийн иргэд итгэж, дагаж хөөрцөглөдөг нь цусны ултөржсөн шинжилгээг бат бөх байлгаад байгаа юм, нийгэмд. Ийм үл бүтэх хэсэг, буруу үзэлтнүүд байдаг гэдгийг ялгаад салгаад ойлгочихвол ч тэднийг дагаж дэрвэхгүй л дээ.

Хүн төрөлхтөн цаг хором бүрээр хөгжиж, техник технологи, шинжлэх ухааны дэвшил, ололт амжилтыг өдөр бүр хүртэж, улс үндэстнүүд глобалчлагдахын хэрээр удам угсаа, цус нөж ярихаас татгалзаж байна. Ер нь арьсны өнгө, угсаа гарвалын тухай яриаг хаягдсан тосгоны цус ойртсон хүмүүс л гаргадаг гэдэг өнгө аясаар ханддаг. Манай цус шинжээчдийн ойлголтоор хар, бор арьстай хүүхдүүд, залуусыг африк гаралтай, хольцтой байна гээд гудамж талбайгаар явуулахгүй, эх орноос нь хөөх ёстой болж байна л даа. Тэр хаа холын, бидэнд огтоос хамаагүй Загитоваг магтан сайшааж “Мөсөн дээрх монгол сарнай” хэмээн худал долигонох атлаа дэргэдээ байгаа, Монголдоо байгаа, Монгол Улсын иргэн М.Энхболдыг алаг үзэж, удам судрыг нь гутаан доромжлох нь нэн гунигтай.

“Цус шинжээчид” энэ мэт явуургүй, хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдлүүдээ зогсоож чаддаггүй юмаа гэхэд тэдний монголчуудыг эвдрэлцүүлэх гэсэн, хагаралдуулах гэсэн цусны улстөржсөн шинжилгээний “хариу”-нуудад Монголын иргэд үнэмшихгүй байхад л болно. Тэглээ ч улс орон минь хөгжихийн хэрээр иймэрхүү цусны шинжээчдийн “орон тоо” хумигдаж нийгмээс хүссэн хүсээгүй өөрсдөө арчигдана.


Categories
мэдээ нийгэм

Салхины эх одтой, улаагчин тахиа өдөр

Аргын тооллын гуравдугаар сарын 6, Ангараг гариг. Билгийн тооллын 20, Салхины эх одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 7:23 цагт мандан, 18:40 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм

М.Мөнхцэцэгийн “Эрдэнэтийн луйвар бол хувалзуудаас салах боломж юм” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Татварын хуулийн шинэчлэлээр аж ахуйн нэгжүүдийг дэмжинэ” сурвалжилгыг тэргүүн нүүрнээс хараарай.

Алдсан гар утасныхаа IMEI кодыг www.smartdevice.mn сайтад бүртгүүлсэн бол буцааж болох боломжтой гэнэ. Энэ талаарх сурвалжилга нэгдүгээр нүүрэнд орсныг онцлон уншаарай.

АН-ын дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргалтай ярилцсаныг улс төрийн хоёрдугаар нүүрнээс хараарай.Тэрээр “АН-ын ҮБХ-ны 123 хүн ротацид орж байна” хэмээжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд М.Мөнхцэцэгийн “Эрдэнэтийн луйвар бол хувалзуудаас салах боломж юм” нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

“Гэр хорооллын иргэд чуулна” гэх мэдээ мэдээллийг улс төрийн дөрөвдүгээр нүүрнээс уншаарай.

“Хөх сувд-2018” мөсний баяр Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Модот буланд өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон. Үүний талаарх “Мөсний баярын үеэр хүний амь хохирчээ” сурвалжилгыг цаг үе, үйл явдал нүүрнээс үзээрэй.

“Чулуут сумын Засаг дарга асан Л.Ганбаатарыг 14 настай хүү нь буудаж амь насыг нь хөнөөжээ” сурвалжилга долоодугаар нүүрэнд хэвлэгдсэнийг хүлээн аваарай.

Сүхбаатар дүүргийн тавдугаар хорооны иргэн алдарт эхийн нэгдүгээр одонт, Алтан гадас одонт Л.Цогбадрахтай ярилцсаныг XI нүүрнээс хараарай. Тэрээр “Нөхөр бид хоёр таван хүү өсгөхдөө нэг ч удаа ширүүн үг хэлж, зэмлэж үзээгүй” гэжээ.

Танин мэдэхүй нүүрэнд “Ирээдүйд хэрэглээнээс хасагдах мэргэжлүүд” сурвалжилга хэвлэгджээ.

СТА, хөгжмийн зохиолч, дуучин Н.Баасандоржтой ярилцсаныг уран бүтээлч нүүрнээс үзээрэй. Тэрээр “Ээж минь нутагтаа шагшигдсан дуучин хүн байсан” хэмээн онцлон хэлжээ.

Энэ жил Завхан аймагтболсон онцлох үйл явдлын талаарх мэдээ мэдээллийг XVI нүүрнээс унших боломжтой.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАТ

Categories
мэдээ нийгэм

Баянгол дүүргийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн “Хамтдаа хөгжье” уулзалт болов

Баянгол дүүргийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн “Хамтдаа хөгжье” уулзалт, зөвлөгөөн боллоо. Дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвтэй хамтран зохион байгуулжээ. Уг уулзалтад дүүргийн бизнес эрхлэгч 140 гаруй эмэгтэй оролцлоо. Уулзалтын үеэр бүсгүйчүүд бизнес эрхлэхэд тулгардаг зовлон, жаргалаа нээлттэй хуваалцаж байлаа. Тухайлбал, банкны зээлийн хүү. Зээлийн хүү, алданги, нэмэгдүүлсэн хүү төлөөд дараа нь үндсэн зээлээ төлдөг. Алданги, нэмэгдүүлсэн хүүг зогсоож өгөөч гэсэн санал хүсэлтийг олон хүн хэлж байв.

Ажилчдынхаа цалинг өгөхийн тулд өөрт байгаа ээмэг, бөгжөө ломбардад тавиад дараагийн цалингаас өмнө амжиж аваад дахиад тавьдаг. Бидний хүч мөхөстөж байна гэв. Мөн тэд гадаад орнуудтай харилцаа холбоо тогтоож, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах улмаар өөр хоорондоо туршлага судлах боломж зэргийг бүрдүүлж өгөхийг хүслээ. Анх удаа зохион байгуулагдсан энэхүү уулзалт, зөвлөгөөнд оролцсон эмэгтэйчүүд дүүргийн Засаг дарга болон дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийнхөнд талархаж буйгаа илэрхийлж, цаашид энэ төрлийн олон арга хэмжээ зохион байгуулж ажиллахыг хүсэв.

Categories
мэдээ нийгэм

Хүннүгийн үеийн тамганы зураг илрүүлжээ

Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутаг дахь Суман голын ойролцоох хаднаас Хүннүгийн үеийн тамга бүхий зураг илрүүлжээ. Түүхийн ухааны доктор Ц.Төрбат хаданд сийлсэн зургийн он цагийг Хүннүгийн үeд хамааруулсан байна.

Энэхүү гайхалтай дурсгалын талаар доктор Ц.Төрбат “Хаданд Хүннүгийн хаан ургийн тамганы дардсыг сийлсэн болов уу гэж тооцоолж байна. Хүннүгийн хааны тамгатай холбоотой зургаан дурсгал Монголын нутгаас олдож байсан. Тариат сумын иргэн С.Лхагвадондов гуай бидэнд газарчилж өглөө. Нутгийн иргэдэд баярлалаа” хэмээсэн юм.